Categories
мэдээ цаг-үе

Ч.Зундуй-Осор: Аймаг, сумдад цахилгаан, дулааны мини станц барих бүрэн боломжтой

Ухаа худгийн дулаан,цахилгааны мини станц

“Энержи ресурс” компани Ухаа худагт 18 мвт-ийн хүчин чадалтай цахилгаан станцыг ашиглалтад оруулаад хэдэн жил болж байна. Энэ цахилгаан станцыг “MCS интернейшнл”, “МегаВатт” компаниудын хамтарсан консерциум барьжээ. Энэ нь манай дотоодын хувийн компаниудын барьсан томоохон технологийн бүтээн байгуулалт юм. Тус цахилгаан станц нь Монголын хувийн компани тендер зарлаж, тус компаниуд төслийг хэрэгжүүлсэн анхны томоохон бүтээн байгуулалт юм. Энэ талаар “МегаВатт” ХХК-ний Ерөнхий захирал Ч.Зундуй-Осортой ярилцлаа.


-Ухаа худагийн цахилгаан станцыг барьсан түүхээ сонирхуулахгүй юу?

-Ухаа худагийн 12 мвт-ын ДЦС барих тендерийг “Энержи ресурс” компани зарласан. Тухайн үед Хятадын компаниуд авчих магадлал өндөр байсан болохоор бид нэлээд чамбай бэлтгэлтэй орж ялалт байгуулсан. Гэхдээ анх 12 мвт-ын хүчин чадалтай байсан станцын хүчин чадлыг нэмэгдүүлж 18 мвт болгосон. Учир нь уул уурхайн тоног төхөөрөмж ажиллаж эхлэхдээ гэнэтийн маш өндөр ачаалал авдаг тул нэмэлт эрчим хүч шаардлагатай болсон

-Ямар хугацаанд барьсан бэ?

-Нэг жил зургаан сар хугацаанд барьж хүлээлгэн өгсөн.

-Үнэ?

-25.1 сая доллар.

-Энэ станц ямар байгууллагуудыг цахилгаан, дулаанаар хангаж байна?

-Нүүрс угаах үйлдвэр, Өмнөговийн дулаан, цахилгааныг хангахад хамтарч, ойрын сумуудыг хангаж байна.

-Станцад ямар хугацааны баталгаа өгсөн бэ?

-Өмнөх станцууд 50-60 жилийн баталгаатай байсан. Харин орчин үеийн станцууд 80-100 жилийн баталгаатай болсон.

-Танай барьсан станц өмнөхөөс ямар давуу талтай вэ?

-Хүний хүчин зүйлээс хамаарал багатай. Автоматчлал ихтэй. Нүүрсээр ажиллана. Нүүрс тээвэрлэх зардал гэж байхгүй. Өмнөх цахилгаан станцуудаас урсгал зардал нь багаар тооцоход 30 хувийн хэмнэлттэй.

-Цахилгааны үнэ ямар байгаа бол?

-Нарийн мэдэхгүй байна. Гэхдээ 50 орчим төгрөг болов уу гэж бодож байна. Борлуулалт төрөөс тогтоосон үнээрээ явж байгаа байх.

-Баруун аймгууд жилд 100 шахам сая доллар зарж цахилгаан импортолдог байхад та нар цахилгаан станц бариад дотоодоос цахилгаанаар хангаж чадахгүй юу?

-Харин тэрийг чинь хөөцөлдөөд олон жил болж байна. Бидэнд хангалттай хүчин чадал байна. Арваад жилийн өмнөөс энд, тэнд станц барина гээд шав тавьж эхэлсэн, өнөөг хүртэл нэг ч станц бариагүй.

-БНСУ-аас авсан зээлээр арван аймгийн төвд дулааны станц барих сураг байна. Энэ зөв шийдэл үү?

-Манайхан дулааны, цахилгааны станцыг хольж ойлгоод байдаг. Дулааны цахилгаан станц гэдэг нь дулаан, цахилгааныг хамт үйлдвэрлэдэг. Дулааных дангаараа дулаан, цахилгааных зөвхөн цахилгаан үйлдвэрлэнэ. Солонгосын зээлээр зөвхөн дулааны станц барина. Нэг аймгийн төвийг дулаан, цахилгаанаар хангах станцыг бид 15 сая доллараар барьж чадна. Гэтэл 13 сая доллараар зөвхөн дулааны станц барих нь буруу шийдэл. Жишээ нь, аль нэг аймаг нүүрсээ шийдээд л ийм станц барьчихад хэнээс ч хараат бус болно. Ийм станц барьчихад сум ч гэр хороололгүйгээр дулаан, цахилгаантай амьдрах боломж бий. БНСУ-ын өмнө нь байсан 200 сая, сая нэмэгдсэн 500 сая доллараар зөвхөн дулааны станц барина гэж байгаа юм. Одоогийн бидний уурын зуух гээд байгаа юм чинь 19-р зууны эхээр гарсан зүйл. Хамгийн бүдүүлэг хоцрогдсон технологи. Нүүрс түлж л байгаа юм чинь дулаан, цахилгаанаа зэрэг үйлдвэрлэх ёстой.

-Амгалангийн дулааны станцыг цахилгаан үйлдвэрлэдэг болгож болох уу

-Тийм яриа байдаг. Гэхдээ энэ бараг боломжгүй зүйл.

-Танай мини цахилгаан, дулааны станцын давуу тал нь юу вэ?

-Жишээлбэл, Баянхонгор аймагт мини цахилгаан барьчихвал хөрөнгө оруулалтаа 5-7 жилийн дотор нөхнө. Тэнд нүүрс ойрхон учраас цахилгааны өртөг бага. Тэр тусмаа л хурдан хөрөнгө оруулалтаа нөхнө. Одоо Амгалангийн дулааны станц нэг килокалори дулааныг 25 мянган төгрөгөөр үйлдвэрлээд 12 мянган төгрөгөөр борлуулж байна. Энэ тохиолдолд дан дулааны станц хөрөнгө оруулалтаа хэзээч нөхөхгүй.

-100 гаруй сая доллараар боссон Амгалангийн дулааны станц хөрөнгө оруулалтаа хэзээ ч нөхөхгүй гэсэн үг үү?

-Нөхөхгүй. Одоо ч алдагдалтай ажиллаж байгаа. Хүчин чадлынхаа тал хувийг ашиглаж байна.

-Амгалангийн дулааны станцын алдагдлыг хаанаас нөхөж байна?

-4-р цахилгаан, дулааны станцын ашгаас нөхөж байгаа.

-Сумын төвийг дулаан, цахилгаанаар хангахад хэр хэмжээний хөрөнгө зарах вэ?

-Тийм хэмжээний цахилгаан, дулааны станц барихад сая орчим долларт багтана.

– 2.5 тэрбум төгрөг суманд арай их мөнгө байх даа.

-Тийм ч их мөнгө биш. Жилд ганц хоёрхон удаа ашигладаг сумын клуб барихад тэрбум тэрбумаар цацдаг. Тэгвэл бидний барьдаг цахилгаан, дулааны станц зөвхөн нүүрс түлээд л цахилгаан, дулаанаа үйлдвэрлэчихнэ.

-Сумын гэр хорооллыг дулаанаар хангах уу?

-Хангана. Аливаа дулаан, цахилгааны станцыг тодорхой хэмжээний нөөцтэй барьдаг. Бидний сая долларын цахилгаан, дулааны станц 30 орчим хувийн нөөцтэй байх юм.

-Танай компанид цахилгаан станц бариулах талаар хандсан аймаг, сумын засаг дарга байна уу?

-Байхгүй.

-Хэрэв мөнгөө босгоод танай компанид хандвал сумын цахилгаан, дулааны станцыг ямар хугацаанд барих вэ?

-Зургаан сараас нэг жилийн хугацаанд барьчихна.

-Танайх суманд дулаан, цахилгааны станц уррьдчилж барьж өгөөд дараа нь мөнгөө авч болохгүй юу?

-Болно. Гэхдээ бас асуудалтай. Зээлийг сарын хоёр хувийн хүүтэй авна. Жилийн 24 хувь гэсэн үг. Богино хугацаагаар өгнө. Хоёр тэрбумын зээл авахын тулд дөрвөн тэрбумын барьцаа нэхнэ. Ер нь зээлээр бид бариад өгчихнө гэдэг хүнд л дээ. Нэг жилийн хугацаатай бол үзээд алдах л ажил. Гэхдээ мөнгө нь орж ирэхгүй бол хүүнд дарагдана.

-Баруун аймгийн дарга нар мини станцыг сонирхохгүй байна уу?

-Сонирхохгүй байгаа юм. Сонирхохгүй гэхээсээ илүү ойлгохгүй байгаа юм. Манайхны цахилгаан, дулааны тухай ойлголт нь маш буруу байдаг.

-Яагаад?

-Улаанбаатараас утас татаад цахилгаан авна. Аймаг сумандаа уурын зуух бариад дулаанаар хангана гэсэн маш бүдүүлэг сэтгэлгээтэй. Гэтэл нүүрс байхад л хангалттай өөрсдийгөө дулаан, цахилгаанаар хангах боломж байна шүү дээ.

-Улаанбаатараас цахилгаан авах нь буруу гэж үү?

-Маш их алдагдал хүлээж байгаа юм. Алсын аймгуудын шугамын алдагдал 20 хувь байдаг. Хөвсгөл, Баянхонгор аймгийн шугамын алдагдал бараг 23 хувь хүрдэг. Нийслэлд маш их зардал гаргаж үйлдвэрлэсэн цахилгааны хорин хувь нь агаарт замхарч байгаа юм. Энэ их алдагдалд зарцуулж байгаа мөнгөөрөө цахилгаан станц барьчих сэтгэлгээтэй дарга өнөөдөр байхгүй байна.

-Аймаг, суманд станц барихаар алдагдалтай болохгүй юу?

-Харин ч эсрэгээрээ цахилгаан үйлдвэрлэл ашигтай байдаг. Аймаг сумын төсөв бүрдэхэд маш их нэмэр болно. Өмнөд Африкийн бүгд найрамдах улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд аравт ордог. Цахилгаан үнэгүй ганц улс байгаа юм.

-Яаж үнэгүй цахилгаан үйлдвэрлээд байна?

-Иргэддээ үнэгүй өгдөг. Албан байгууллагадаа тодорхой үнээр өгдөг. Нүүрснээс дизель түлш гаргадаг герман технологи байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр германчууд нүүрснээс түлш гаргаж онгоц, танкандаа хэрэглэж байсан. Тэр технологийг Өмнөд Африкт маш сайн хэрэгжүүлсэн учраас хямд цахилгаан үйлдвэрлэдэг.

-Манай нүүрснээс түлш гарах уу?

-Гарна. Дэлхийд нүүрснээс түлш гаргадаг арав гаруй технологи бий.

-Та нар нүүрснээс түлш гаргаж чадах уу?

-Чадна. Бидэнд бүх технологиудын судалгаа байна.

-Түлшний үйлдвэр барих уу?

-Нөгөө л мөнгөний асуудал үүснэ.

-Та нар Таван толгойн цахилгаан станцыг барих боломжтой юу?

-Боломжтой. Таван толгойн цахилгаан станц 450 мегаватт. Үүнээс 200 мегаваттыг Оюу толгой хэрэглэнэ. Үлдсэн нөөцийг тухайн бүс нутагтаа хэрэглэх тооцоо хийсэн.

-Ийм станцыг барихад хэр их мөнгө орох бол?

-Орос, Хятадын жишгээр бол тэрбум орчим доллар хэрэгтэй.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ цаг-үе

М.Гантуяа: Шашны байгууллагууд улс төрийн байр суурь олж авах гэсэн оролдлого газар авах хандлагатай болжээ

– ШАШИН, УЛС ТӨР ХОЁР БОЛ УГТАА ТУСДАА БАЙХ ЁСТОЙ НИЙГМИЙН ҮЗЭГДЛҮҮД. ГЭТЭЛ ШАШНЫ БАЙГУУЛЛАГУУДАД ТАВИХ ТӨРИЙН ХЯНАЛТ СУЛАРСНААС ТЭД ХҮЧИН БОЛОХ ТАЛТАЙ –

МУИС-ийн профессор, Философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор М.Гантуяатай ярилцлаа.

-Буддын шашин манай улсад ямар замаар орж ирсэн юм бэ. Түүхчид янз бүрээр л тайлбарладаг шүү дээ?

-Буддын шашин Монголд гурван удаа орж ирсэн гэх буюу гурвантаа дэлгэрсэн гэдэг. Эхний удаа бүр Хүннүгийн үеэс Дундад Азиар буюу одоогийн Пакистан, Афганистаны нутгаар торгоны замыг дамжиж, нүүдлийн болон суурин иргэдийн хоорондох гадаад худалдааг дагаж Энэтхэгээс орж ирсэн. Дараа нь XIII зуунд монголчууд Түвдийг эзлэх үеэр Түвд рүү довтолсон Монголын Годан ноёнтой тэр үеийн Түвдэд илүү хүч нөлөөтэй байсан Бурханы шашны Сажийн ёсныхон номын харилцаа тогтоосон нь Юань гүрнийг байгуулсан Хубилай хааны Хятад газар дахь төр-шашны (хоёр ёсны) бодлогод хүчтэй нөлөөлсөн. Хамгийн сүүлд XIV зууны сүүлчээс Богд Зонхавын үндэслэсэн Шарын буюу Гэлүгбын шашин Түвдэд голлох шашин болж, улмаар XVII зууны эхнээс Монголд хүчтэй дэлгэрч, ХХ зууны эхэн гэхэд нийт монголчууд Гэлүгбын шашинтай болсон байдаг.

-Тэгэхээр бид харийн шашныг авсан юм байна. Гэтэл тэр хутагт хувилгаад нь яагаад Монголоос төрөөд байдаг юм бэ. Богд тодруулна гэхээр яагаад улс төртэй холбогддог юм бол. Аравдугаар Богд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Их хурлын дарга М.Энхболд, гишүүн асан Г.Батхүү зэрэг томчуудын хүүхдээс тодорно гэж айлдсан гэсэн мессэж нэг хэсэг ниссэн шүү дээ. Ер нь хутагт, хувилгаадын хойд дүрийг тодруулна гэдэг зуун хувь үнэний баталгаатай байж чадах уу?

-Хутагт хувилгаад төрүүлэх ёсыг монголчууд өөрсдөө эх нутагтаа дэлгэрүүлсэн гэж хэлж болно. Бурханы шашны гүн ухаан нь монголчуудын нүүдлийн гүн ухаантай маш их авцалддаг. Өөрөөр хэлбэл, байгалиас нийгмээ тусгаарлах тусам хөгждөг суурин иргэншилтэй харьцуулахад байгаль ертөнцтэй нягт харилцаатай оршин тогтнодог нүүдлийн соёлын хүрээнд хүмүүс байгаль эх, тэнгэр эцгээс шууд (ном судраар дамжуулж биш, ертөнцийг шууд ажиглаж) суралцдаг учраас орчлонгийн бүхий л төрөлхтнийг өөр хоорондоо шүтэн барилдаж оршдог гэж үздэг бурханы гүн ухааныг монголчууд анхнаасаа харь суртал гэж ертөнцийг үзэх үзлийнхээ хувьд гадуурхах үндэс байгаагүй юм. Ертөнцийн тоолж баршгүй тэр олон төрөлхтөн нэгэнт шүтэн барилдаж, харилцан хамаарч оршдог гэсэн үзлээс газар, газар төрсөн тэр олон “дээд төрөлхтөн” хүмүүс ч өөр хоорондоо үйлийн хамааралтай. Тиймээс ч Монголд төрж байгаа онцгой хүмүүс тэдэнтэй өмнө хойд төрлийн холбоотой гэсэн үзэл дэлгэрч XVI зууны сүүлч, XVII зууны эхэн үеийн Монголын түүх бичлэгт, тухайлбал “Монголын нууц товчоо”-ны түүхийг урагш, хойш залгуулан бичих үйл хэрэгт нэвт шингэсэн байдаг гэдгийг тэр үеийн түүхэн сурвалжууд гэрчилдэг. Нөгөө талаар, Монголд төрсөн онцгой хүмүүсийг Энэтхэг, Түвдийн их мэргэд, хутагт хувилгаадын урьд хойд насны төрөлтэй холбох нь өөр хоорондоо эвлэлдэж, алтан ургаа залгаж, их гүрнээ байгуулж чадахгүй болсон бутралын үеийн монголчуудыг төрлийн холбоогоор нь гэхээсээ үйлийн барилдлагаар нь нэг нэгнээ дээдлэх сүсэг бишрэлээр нэгтгэх оролдлого байсан гэж хэлж болно. Тийм ч учраас халх Монголын нутагт сүүлчийн нэгдмэл байдлыг гурван хэсэгт боловч тогтоогоод байсан Засагт хан, Түшээт хан, Сэцэн хан гурав нэгдмэл санаагаар Өндөр гэгээнийг Монголын шашны тэргүүнээр тодруулсан нь угтаа алтан ургийн хаадын байгуулсан нэгдмэл Монгол төр улсыг шашны замаар байгуулах далд санаа өвөрлөсөн хэрэг юм. Тэгээд өнөөдөр Богд тодруулахыг бас л тэр утгаар ойлгож, хэн нэгэн улс төрч Монголын төрийн толгойд шашны замаар гарах вий гэсэн болгоомжлол байдаг байх л даа.

-Шашин бол үндэстнийг мөхөөх аюултай гэж хар тамхитай адилтгасан ч байдаг. Аливаа шашин шүтлэгийн эерэг болон сөрөг талыг шинжлэх ухаанчаар тайлбарлахгүй юу?

-Шашныг хар тамхитай адилтгасан Марксын сургаалын утга нь гэвэл, ядарсан зүдэрсэн хүмүүсийн амьдралд бодит материаллаг тусламж үзүүлж чадахгүй болсон тохиолдолд сэтгэл санааг нь тайтгаруулж амьдралд хоосон найдвар төрүүлдэг гэдгээр нь тэгж хэлсэн хэрэг юм. Ромын эзэнт улсын үед хүн гэдэг бүх эрх мэдлээ алдаж, тэмцэх ч чадваргүй болсон боолчуудын хувьд “Ертөнцийн эзэн тусална” гэсэн Христийн сургаал үнэхээр тайтгарал болж түгэн дэлгэрсэн, одоо ч дэлгэрсээр байна. Орчин үед “шашин судлал” хэмээх нийгэм-хүмүүнлэгийн ухааны нэгэн салбар ухаан шашныг тал бүрээс нь судалж, мөн чанарыг нь тал бүрээс нь тайлж байна. Шашин судлалын доторх нэгэн салбар судлагдахуун нь шашны сэтгэл судлал юм. Энэ хүрээнд шашин хэрхэн хүмүүсийн сэтгэл санааг тайтгаруулдаг тухай асуудлыг шинжлэх ухаанчаар илрүүлэн тайлбарладаг. Хүмүүс болон нийгэм нь цаг үргэлж саад тотгор, зөрчил тэмцэл, зовлон бэрхшээлтэй тулгарч байдаг. Гэтэл хүн төрөлхтөний бий болгосон боловсрол мэдлэг, шинжлэх ухааны нээлтүүд нь тэр бүхэнд бэлэн хариулт өгч тусалж чаддаггүй. Учир нь орчлон хязгааргүй, тэрхүү хязгааргүй орчлонд хүн төрөлхтөний мэддэг зүйлээс мэдэхгүй зүйл нь мянга, мянга дахин илүү байгаа. Гэсэн ч тэр үл мэдэх хүрээтэй хүмүүс байнга харьцсаар ирсэн, харьцсаар л байх болно. Тэр харьцаа нь мэдлэгт биш, сүсэр бишрэлд тулгуурлана. Тэрхүү үл мэдэх хүчийг амьд гэж үзэж аргадах харилцаа нь шашны харилцаа болдог. Энэ бол угтаа сэтгэлээ тайтгаруулж байгаа хэрэг бөгөөд амьдралд урам зориг авах сэтгэлийн хүч ч болж болно. Сүсэг бишрэлдээ найдах мухар сүсэг ч болж болно. Ер нь аливаа шашин, ялангуяа бурханы шашин сэтгэлийн хүчийг материаллаг тусламжаас илүүд үздэг шүү дээ.

-Түвдийн шашныг ажиглаад байхад нас барсан хүнээс их цээрлэж, сэжиглэдэг. Төрүүлсэн аав, ээж нь хорвоогийн мөнх бусыг үзсэн байхад хүртэл амьд үлдсэн хүмүүс нь эмээдэг. “Сүнс нь явахгүй байна. Хэн нэгэнд сүнс нь хоргодчихоод авч явах гээд байна” гэх зэргээр айж, янз бүрийн арга дом хэрэглэх юм. Жишээлбэл, 18 настай охины дунд чөмгөөр лүйжин тавиул ч гэх шиг. Энэ бол мунхаг харанхуйн тод жишээ мөн биз дээ. Хүн төрж, үхэх байгалийн энэ жам ёсыг шашин хүлээн зөвшөөрөхгүй байгаатай адил санагдах юм?

-Хүн нас барахад түүний сүнс үлддэг гэсэн үзэл аль ч шашинд бий. Бурханы шашинд там, бирд, адгуус гурвыг доод төрөлхтөн, хүн, тэнгэр, бурхадыг дээд төрөлхтөн гэж үздэг. Энэ насны үйлээсээ хамаарч сүнс нь аль нэг төрөлд эргэж төрнө гэх бөгөөд хойноос нь гүйцэтгэх зан үйлээс хамаарч хурдан удаан хугацаанд төрлөө олох тухай номлодог. Төрлөө олохгүй байх нь муу сүнсний дүрээр хүмүүсийн дунд байсаар байх нөхцлийг бүрдүүлнэ гэнэ. Иймээс төрлийг нь олуулах, үлдэгсдийг нь тайтгаруулах янз бүрийн зан үйл байх бөгөөд зан үйл болгон утга учиртай байдаг. Энэ нь зөвхөн бурханы шашинд төдийгүй бөө мөргөлд ч байдаг зан үйл. Бөө мөргөлийн хатуу тахилгат зан үйлийг бурханы шашны зөөлөн зан үйлээр сольсон гэдэг. Хэдий ийм боловч бөө мөргөлөөс бурханы шашны зан үйлд нэвтэрсэн, харилцан ууссан шинжүүд их бий.

-Уул овоо, газар лус тахих нь мухар сүсгийн зан үйл мөн үү?

-Ер нь тахилга тайлга нь угтаа бас л байгалийн хүчийг аргадаж байгаа үйлдэл юм л даа. Нүүдэлчин монголчууд эртнээс малаа дагаж бэлчээр сэлгэн байгальтай шууд харьцаж, одоогийн залуучуудын ярьдгаар “минимал” боловч нүүдлийн гар даах чанартай, гэхдээ үзэмжтэй хэрэглээг эрхэмлэж ирсэн ард түмэн. Нүүдлийн аж ахуй тэр чигтээ байгалиас хамааралтай. Тиймээс байгаль шүтлэг бол нүүдэлчин монголчуудын унаган шүтлэг гэж хэлж болно. Энэ шүтлэгээрээ монголчууд уул ус, хад чулуу, газар шороо, ан амьтан, мал сүраг, хүн ардаа бүхэлд нь нэг амьтай, нэг сэтгэлтэй гэж үздэг. Тиймээс ч уул ус, хад чулуутай маш болгоомжтой харьцаж, тэдгээрийг хүндэтгэж ирсэн ард түмэн. Өнөөгийн шинжлэх ухаанд хоёр аяганд ус хийж тавиад нэгэнд нь өглөө бүр ерөөл, нөгөөд нь хараал хэлээд байхад хэсэг хугацааны дараа нэг нь рашаан болж, нөгөө нь хор болж хувирдагийг, эсвэл хоёр алимны нэгэнд бүх хүн ерөөл, нөгөөд нь хараал хэлээд байхад нэг нь шинээрээ, нөгөө нь ялзарч эхэлж байгааг туршлагаар тогтоогоод байна. Тэгвэл монголчууд тахилга тайлгаараа уул усыг аргадаж, далд хүчийг нь засч зөөлрүүлж байгаа хэрэг юм. Харин байгалийн унаган төрхийг нь алдагдтал хадаг яндар зүүж, хоол хүнсний үлдэгдлээр булах, газар шороог нь онгичих нь байгалийг гомдоох, хилэгнүүлэх аюултай гэдэг. Мухар сүсэггүй хүн гээд л энэ бүхнийг хийгээд байж болох уу даа. Хөгжингүй орнуудад хүүхэд залуучуудаа байгальтай харьцаж сургах, байгалийг дээдэлж сургахыг чухалчилдаг үе ирээд байна шүү дээ.

-Талийгаачийн алтан савыг нээлгээд байдаг нь хэр үнэний ортой юм бол?

-Энэ нь бурханы шашны зурхайн онолоор тайлбарлагдана. Буддын зурхай гэдэг бол нэг ёсондоо хүний төрсөн цаг хугацаа, газар орныг үндэс болгож амьдралын биоритмийг нь од эрхэс, нар сарны хөдөлгөөн дунд математик аргаар тогтоох үйлдэл юм л даа. Өөрөөр хэлбэл, хүний амьдралд тохиолдох өгсөх, уруудах мөчлөгүүдийг орон газар болон цаг хугацааны уулзвар дээр, бие организм ба сэтгэл санааных нь уулзвар дээр тогтооно гэсэн үг. График үзүүлэлтээр бол өгсөх, уруудах мөчлөг бүх талаасаа тэг цэгт давхацвал хүн үхэх магадлалтай. Нас барагсдыг цагтаа, эсвэл цагаасаа өмнө хойно нас барсныг нь үүгээр тогтоодог. Гэхдээ хүн амьд байх үедээ болгоомжлох цаг хугацааг жил, сараар нь зурхайчид гаргаж цаг тооллын бичигт тусгасан байдаг шүү дээ. Харин үхэх эцсийн мөчлөгийг ёсзүйн хувьд зөвхөн нас барсны дараа л тогтооно. Үүнийг тогтоох монгол зурхайч мэргэдийн бүхэл бүтэн шинжлэх ухаан гэхээр мэдлэг уламжилж иржээ. Үүнийг залгасан өвгөн багш нарын шавь зурхайчид ч байна, худлаа цэцэрхэгчид ч бас байх шиг л санагдана. Тэднийг уламжлалт зурхайн ухаанаар шалгах шалгуур тогтоож болох байх л даа.

-Буддын шашныг нь авснаар Түвд манайд ямар гавьяа байгуулсан юм бэ. Дэлхийг цусанд будаж байж олсон хамаг алтаа Түвдийн сүм хийдийг босгоход зориулж зөөсөн гэлцдэг. Оронд нь монголчуудыг мухар сүсгээр мунхруулсан гэж шүүмжлэх хэсэг байдаг. Харин судлаачийн хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-Архивт үлдсэн эртний данс тооцооны баримт бичгүүд дээр тулгуурлан (1960-аад онд Ж.Самбуу, 1970-аад онд академич Ш.Нацагдорж зэрэг) манай түүхч, эрдэмтэд Түвдээс хутагт хувилгаад, ялангуяа Богдыг Монгол газраа залж ирүүлэх, Хятад, Түвд рүү манай шашны зүтгэлтнүүд зорчиход монгол малчин ардаас гаргуулж зарцуулсан хөрөнгө, мөнгөний тоог их нарийн гаргасан байдаг. Энэ нь явах уналга хөсөг, замын өртөө буудал, хоол хүнс, өөрт нь болон төрөл төрөгсдөд нь барих бэлэг сэлт гээд маш их эд мал, хөрөнгө зоос зарцуулсан дүн харагддаг. Ихэнх нь зарлага болсон байдаг ч тэдгээр хутагт хувилгаадын Монголын шашин-соёлд оруулсан гавьяа зүтгэлийг мартаж болохгүй. Ялангуяа урлагийн их үнэт өв бүтээл болох уран барилга, уран зураг, утга зохиол, гүн ухаан, Буддын мэдлэг ухааны ном судруудаа сурталчлан дэлгэрүүлэх нь Монгол гэсэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгах ач холбогдолтой болох юм.

-Монголчууд Далай багшийг үеийн үед шүтэж ирсэн. Гэтэл хятадууд түүнд дургүй байдаг. Сүүлд Далай ламыг ирэхэд манай хоёр орны улс төрийн харилцаанд таагүй нөхцөл байдал үүссэн. Урд хөрш ямар нэгэн байдлаар эсэргүүцлээ илэрхийлж, далд байдлаар эдийн засгийн хориг тавьж, наанадаж хил гаалиа хүртэл хаадаг талтай. Ер нь мөнхийн хөршийнхөө уур, уцаарыг хүргэн байж Далай ламыг авчрах хэрэг байдаг юм уу. Үүнд улс төр ороод байгаа бололтой харагдах юм. Нөгөөтэйгүүр хятадуудтай биднийг сөргөлдүүлэх бодлого яваад байна уу. Далай лам бол улс төр хийдэг хүн. Түвдүүд тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсээр ирсэн. Харин Монголд буддын шашныг дэлгэрүүлснээр тэдний тусгаар тогтнолыг баталгаажуулахад хэрхэн нөлөөлөх вэ?

-Шашин, улс төр хоёр бол угтаа тусдаа байх ёстой нийгмийн үзэгдлүүд. Гэвч сүүлийн үед, ялангуяа хуучин социалист гэгдэж байсан орнуудад шашны байгууллагуудад тавих төрийн хяналт суларснаас шашны зүгээс улс төрийн байр суурь олж авах гэсэн оролдлого нэлээд газар авах хандлагатай болсон байна. Шашны байгууллагууд улс төрийн хүчин болох боломж өөрт нь байдаг талаар эрт үеэс философичид, нийгэм болон улс төр судлаачид, шашин судлаачид янз бүрийн тайлбар дүгнэлтүүдийг хийж ирсэн юм. Ялангуяа аливаа шашин нь сүсэгтнүүдээ бусад шашин шүтэгчдээс тусгаарлахыг чармайж, номлол сургаал, зан үйл, шашны дотоод зохион байгуулалт, дэг жаягаараа тэднийг өөр хооронд нь ялгаж зааглаж байдаг. Түүгээрээ хүмүүсийн дотор шашнаар ялгаварлан гадуурхах, үзэл санааны зөрчил үүсгэх боломж бүрддэг талаар судлаачид тайлбарласан нь бий. Хүн төрөлхтөний түүхэнд нэгэн шашны дор бүх дэлхийн хүмүүсийг нэгтгэх гэсэн (дундад зууны загалмайтны, исламын гэх мэт) шашны аян дайн ч гарч байсан тохиолдол эрт эдүгээд цөөнгүй. Нөгөө талаар, гол төлөв “уламжлалт” гэгддэг шашны нэрийн дор аль нэг улс оронд үндэсний эрх чөлөөний төлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл өрнөж байсан тохиолдлуудыг ч дурдахгүй байж болохгүй.

-Түвдийн буддын шашны таван сектор Монголд орж ирж өрх тусгаарлаж байна. Зарим учир мэдэх хүн энэ таван урсгал үзэл бодлоороо нэгддэггүй, таван тийшээ харчихсан гэх юм билээ. Манайд эдгээр шашин орж ирснээр цөөхөн монголчуудыг шашин шүтлэгээр нь талцуулж, хагалган буталгах гэсэн бодлого юм биш үү гэсэн болгоомж байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Бурханы шашны урсгал чиглэлүүд нь хүмүүсийн ойлгодгоор өөр хоорондоо тэмцэлдсэн, зөрчилдсөн эсрэг талууд биш юм л даа. МУИС, ШУТИС, ХААИС гээд манай их, дээд сургуулиуд өөр өөрийн гэсэн сургалтын хөтөлбөр чиглэлтэй байдаг шиг Буддын сүм хийдүүд, ялангуяа дацан сургуулиуд нь бүгд бурхан, ном, хуврагийг шүтдэгээрээ Бурхан шашинд нэгддэг ч сүм хийд бүхэн дотоод дэг жаяг, сургалтын агуулга, уншдаг судалдаг ном зохиол, дагаж залбирдаг багш мэргэдээрээ ялгардаг. Аль нэг гол сүмээ дагасан салбар сүмүүд нэгэн урсгал болж харагдана. Гэвч манай их, дээд сургуулийн оюутнууд өөр хоорондоо зөрчилддөггүйтэй адил тэдгээр урсгал чиглэлүүд эсрэг тэсрэг биш юмаа. Нөгөө нэгэн зүйл гэвэл, нийт монголчуудын Бурхан шашны удирдагчаар Өндөр гэгээнийг анх тодруулсан үйл явцын цаана аян дайны үр дүнд биш, харин шашин шүтлэг, сэтгэл санаагаараа нэгдсэн Монголын Их гүрнийг сэргээн байгуулах, Манжийн эрхшээлээс ангид тусгаар тогтнолоо хамгаалах монголчуудын далд бодлого нуугдаж байсныг түүх өгүүлнэ. Харин өнөө үед Монголд “уламжлалт биш” гэгдэх олон шашнаас гадна уламжлалт шашны олон урсгал чиглэл гарч, тэдгээрийг дагалдагсдын дотор ялгарал, далд зөрчил үүсч байгаагийн хажуугаар дуугүй өнгөрч болмооргүй байна. Шашны байгууллага нь аль нэг улс төрийн хүчинд үйлчилдэг гэсэн марксист онолд үнэний тал бий. Тиймдээ ч 90-ээд оноос өмнө шашны байгууллагыг төр бүрэн хяналтандаа авсан нь ч үнэн. Энэ үзэл суртлын уриан дор шашны хэлмэгдүүлэлт явагдсан нь ч үнэн. Миний үзлээр шашны хэлмэгдэлтийн цаана улс төрийн гэхээсээ, эдийн засгийн учир шалтгаан байсан гэж боддог. Түүх уншаад байхад, Богд хаант засаг бол олон баян хутагт, хувилгаад, тайж, түшмэд нараар хүрээлүүлсэн баян засаг үүсч байсан бололтой. Харин Ардын засаг тэр их баялгийн эздийг устгаж байж л өөрийн эдийн засгийн хүчин чадлаа бүрдүүлсэн мэт дүр зураг харагддаг. Манжийн үед Монголд үүссэн тэр олон зуун сүм хийд бүгд Манжийн засагт татвар төлдөггүй. Лам нар нь Манжийн цэрэгт татагддаггүй байсан учраас монголчуудыг хүйсээр нь устгах гэсэн Манжийн бодлогын гадна сүм хийд бараадсан эрчүүд Монголдоо үлдэж, сүм хийдийн, ялангуяа хутагт хувилгаадын шавь ардын мал сүрэг өссөн байдаг. Шашны үйл ажиллагаанд тавьдаг эдийн засгийн ийм зохицуулалтыг бүр XIII зууны Монголын Эзэнт гүрний үеэс хэрэгжүүлж уламжилсан. Энэ уламжлалаа Манжийн үед шашны бодлого дээр авч үлдсэн нь монголчуудын манжийн эсрэг далд улс төрийн бодлого байжээ.


Categories
мэдээ спорт

Олимпийн аварга М.Фуркад уралдааны замаа дуусгаж чадсангүй

Финландын Контиолах хотноо биатлоны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийэнэ улирлын долоо дахь уралдаан явагдлаа.

Эрэгтэйчүүдийн 10 км-ийн зайн уралдаанд нийт 104 тамирчин уралдаж ОХУ-ын шилдэг тамирчин А.Шипулин уралдлааны замаа 23:51:6 цагийн хугацаанд туулж ялагчаар тодорлоо. А.Шипулин уралдааны явцад бүх сумаа амжилттай буудсан бөгөөд энэ улирлын анхны түрүүгээ хүртэж буй нь энэ юм. Уралдааны дэд байрыг Европийн хошой аварга Латвийн тамирчин Расторгуев эзлэсэн бол гуравдугаар байрт Францын Фийон Майе шалгарчээ.

Сонирхуулахад дэлхийн цомын уралдааныг нийлбэр дүнгээр тэргүүлж буй Францийн тамирчин Мартин Фуркад уралдааны замаа дуусгаж чадаагүй юм.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ нийгэм

Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх ээлжит сургалтаа зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар “Өсвөр үе, залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох” аяны хүрээнд, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 45-р сургуулийн дунд ангийн нийт 60 гаруй сурагчдад зохион байгууллаа.

“Өсвөр үе залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох аян”-д нийслэлийн нийт иргэдээ хамрагдахыг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас уриалж байна. Сургалтад хамрагдахыг хүссэн сурагч, багш нар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын sukhochir@youth.ub.gov.mn цахим шуудангийн хаягаар холбогдоно уу гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Багш нарын хөгжлийн чиг хандлагад өөрчлөлт шаардлагатай гэв

ЗурагБСШУСЯ, НИТХ, Нийслэлийн боловсролын газар хамтран “Монгол хүн бэлтгэхэд ЕБС-ийн үүрэг оролцоо” сургалт зөвлөгөөн өнөөдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд 3000 гаруй багш оролцож байна. Манай улс дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх “PISA” шалгалтад хэрхэн бэлтгэх, олон улсын боловсролын шинэ ойлголт, Даалгаврын шинэ соёл нэвтрүүлэх талаар ХБНГУ-ын Потсдамийн их сургуулийн доктор, профессорууд илтгэл тавилаа. Мөн “Монгол хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх боломж”-ийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийв.

Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Хүний хөгжлийн асуудалд цоо шинэ байр сууринаас хандах болсонтой холбогдож сургалтын талаарх үзэл баримтлал, техник технологи, итгэл үнэмшил соёлын үнэт зүйлс ч ихээхэн өөрчлөгдөж байгаа. Хөгжлийн шинэ нөхцөл байдал нь сургууль, багш нарын хөгжлийн чиг хандлага,сурагчдын сурах хэв маягт ч зайлшгүй өөрчлөлт шаардаж байна. Тиймээс Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллдагааны хөтөлбөрт “Хүн болох багаасаа” цогц хөтөлбөрийг тусгаж, олон ажлыг хэрэгжүүлж эхлээд байна” гэлээ.

Манай улс УИХ-аар батлагдсан 2024 он хүртэлх Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын хүрээнд цөм хөтөлбөрөө батлуулж олон улсад магадлан итгэмжлүүлэх юм. Үүний дараа 2021 онд “PISA” буюу эдийн засаг хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг Олон улсын боловсролын чанарыг зэрэгжүүлэх шалгалтад орохоор болжээ. Энэ ажлын хүрээнд НИТХ-ын урилгаар ХБНГУ-ын Потсдамын их сургуулийн доктор, профессор Бернд Меиер хүрэлцэн ирсэн юм. Тэрээр өнөөдрийн зөвлөгөөнд “PISA-гийн дараах ОУ-ын боловсролын шинэ ойлголт сэдвээр илтгэл тавилаа.

“PISA” -д хамрагдснаар тухайн улсын боловсролын стандарт олон улсын стандарттай дүйж байгаа эсэхийг тодорхойлохоос гадна хамгийн сайн боловсрол эзэмшүүлж буй орнуудын боловсролын онцлог, сурагчдын сурах чадварыг харьцуулах боломжийг олгодог байна.

Categories
мэдээ нийгэм

1800-1890 утсаар бүртгэлтэй холбоотой мэдээллийг авах боломжтой

ЗурагОюуны өмч, улсын бүртгэлийн нэгдсэн лавлах 1800-1890 утсанд энэ оны нэгдүгээр сард 2894 иргэн холбогджээ. Тус лавлах утас ажлын өдрүүдэд 8:30-17:30 цагийн хооронд тогтмол ажилладаг. 2016 онд уг утсаар 61492 иргэн холбогдож мэдээлэл авсан бол 2017 онд 19122 иргэн холбогдсон аж. Иргэд дээрх лавлах утсаар холбогдож оюуны өмч, улсын бүртгэлийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай авч, санал хүсэлтээ хэлэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын “Артек” төвд монгол хүүхдүүд амарна

Зураг

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор, ОХУ-ын “Артек” төвтэй хамтарч ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол өнөөдөр БСШУСЯ-нд боллоо.

“Артек” төвийн боловсрол хариуцсан дэд захирал Денисов Антон Анатольевич энэ үеэр хэлэхдээ, “Манай төв 150 гаруй орны хүүхдүүдийг хүлээн авч амраадаг. Өнгөрсөн онд Монгол Улсаас 59 хүүхдийг хүлээн авч амраасан. Цаашдаа амрагчдын тоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргахад энэхүү хэлэлцээр ихээхэн ач холбогдолтой байх нь дамжиггүй. Манай төвд монгол хүүхдүүд очиж амарснаар орос хэл сурах боломжоор хангагдана. Түүнчлэн амарч байх хугацаандаа сурсан мэдсэн бүх зүйл нь хүүхдүүдийн ирээдүйн амьдралд чухал үүрэг гүйцэтгэх болов уу гэсэн бодолтой явдаг” гэв.

“Найрамдал” цогцолборын дэд захирал Б.Отгонбат, “Хэлэлцээрийг байгуулснаар монгол хүүхдүүдийг ОХУ болон цаашлаад гуравдагч орны зуслангуудад амраах, хоёр орны хамтарсан хурлыг зохион байгуулах, мөн жил бүр 2-5 бүлгийн удирдагчийг харилцан солилцох, туршлага судлуулах зэрэг ажлыг хийх юм. “Артек” зусланд гэхэд монгол хүүхдүүд 4-5 ээлжинд амрах бөгөөд хүүхдийн тоо заагаагүй. Зуны ээлж нь нийтдээ 21 хоногийн хугацаатай. Харин амрах хүүхдүүд тээврийн зардлаа өөрсдөө хариуцах бөгөөд бусад зардлыг хэлэлцээрт тусгагдсанаар хүлээн авагч тал хариуцна” хэмээн ярилаа.

Categories
мэдээ нийгэм

“Зөрчлийн тухай хууль”-ийн зурагт тайлбарыг хүргэж байна

“ЖОЛООЧ СОГТУУРУУЛАХ УНДАА, МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИС ХЭРЭГЛЭСЭН ЭСЭХИЙГ ШАЛГАЖ ТОГТООХ ЖУРАМ”-д зааснаар тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг зориулалтын багаж ашиглаж хувь хэмжээг тодорхойлно.

Alcoscan буюу согтуурлыг тогтоох багаж нь жолоочийн амьсгал дахь агууламжид согтууруулах ундааны орц байгаа эсэхийг 2-3 секундын дотор улаан, ногоон гэрлээр үзүүлдэг.

Тээврийн хэрэгслийн жолоочийг тандагч багажаар шалгахад согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй мэдээлэл гарсан тохиолдолд Стандартчилалын төв байгууллагаас баталгаажуулсан, зориулалтын багаж Драгер буюу “Согтуурал шалгах багаж” ашиглан тогтооно.

Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,05 млг/дицлитр илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.

Жолоочийн цусны найрлаганд байгаа спиртын хэмжээнээс хамаарч согтуурлын зэргийг ХӨНГӨН, ДУНД, ХҮНД гэж ангилдаг.

1 литр цусан дахь спиртийн хэмжээ

Согтуурлын зэрэг

Биед үзүүлэх нөлөө

1-1,9 промиль

Хөнгөн зэрэг

Сэтгэл санааны тогтворгүйжилт, баримжаалах чадвар алдагдана, зарим тохиолдолд нойр гэнэт хүрнэ, рефлекс доройтно

2-4,5 промиль

Дунд зэрэг

Спиртийн хордлого илэрнэ, мэдрэх чадвар огцом буурч, амь насанд аюул учирч болзошгүй

4,5-5 промиль

Хүнд зэрэг

Ихэнх тохиолдолд үхэлд хүргэдэг аюултай

Цусан дахь спиртийн хэмжээ 0,3-0,9% байхад 7 дахин,1,0-1,4% байхад 30 дахин,1,5% дээш байхын бол 120 дахин золгүй байдалд орох эрсдэл нь нэмэгддэг гэж үздэг.

Хэрэв жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1 дэх хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Categories
мэдээ нийгэм

Анхаар‼️ сэрэмжил‼️ хариуцлагатай бай‼️

Өнөөдөр буюу 2018.03.09-ний өглөө 08 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр Хонхорын замд Subaru impreza маркийн автомашин нь H.Aero city маркийн том оврын автобустай мөргөлдөж, суудлын автомашинд зорчиж явсан 20 насны орчим жолооч, зорчигч нарын нийт 3 хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан байна.

Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэлгүй зөв сонгон зорчих, мөн гүйцэж түрүүлэх үйлдлийг дараах тохиолдлуудад бүү хийгээрэй.
Үүнд:
1. Зохицуулдаг уулзвар дээр эсрэг урсгалыг сөрөхөөр бол
2. Зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр
3. Явган хүний гарц дээр
4. Төмөр замын гарам дээр буюу түүнд хүртэл 100 метрээс ойр зайд;
5. Гүйцэж түрүүлж байгаа буюу тойрон гарч байгаа, мөн зүүн гар тийш эргэх дохио өгсөн тээврийн хэрэгслийг
6. Эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт
7. Хөдөлгөөнд саад бэрхшээлтэй замд цувааг
8. Тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа тохиолдлуудад гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг хориглоно.

Categories
мэдээ нийгэм

Сайд Н.Цэрэнбат байгаль хамгаалах үйлсэд хамтран ажиллахыг уриаллаа

ЗурагУИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат байгаль хамгаалах үйлсэд хамтран ажиллахыг Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандан уриалжээ.

Тэрбээр уриалгадаа “Нийгмийн оюун санааг төлөвшүүлж, хөгжүүлэхэд чиглүүлэгч хүч болдог сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд та бүхнийг байгаль хамгаалах үйлдсэд манлайлахыг уриалж байна. Өсвөрийн байгаль хамгаалагчдыг бэлтгэх “Ногоон паспорт” санаачилгын хүрээнд хаягдал хуруу болон товчин зайны хор, уршгийг таниулсан нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн, БОАЖЯ-тай хамтран ажиллана уу. Цаашид иргэдэд экологийн боловсрол олгох замаар байгаль хамгаалах чиглэлээр телевизүүд нийт эфирийнхээ 1 хувь, сонинууд талбайнхаа 1 хувь, цахим сайтууд тусгай булан гарган нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллахыг хүсье. Эх болсон байгалиа хамгаалахыг уриалж, олон нийтийг соён гэгээрүүлэх нь хэн нэгний эрх ашгийг дээдэлсэн улс төр биш, ирээдүй хойч үеийнхээ төлөө хийж буй их үйлс юм. Тиймээс та бүхнийг уриалгыг маань дэмжиж, хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Хандлагаа өөрчилье!” хэмээсэн байна.