Categories
мэдээ нийгэм

НИТХ даваа гарагт хуралдаж даргаа сонгоно

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал ирэх даваа гарагт буюу 10 дугаар сарын 2-ны өдөр хуралдана. Тус хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Хятадын авто замын боомт дөрвөн өдөр амарна

Image result for Хятадын авто замын боомт

Жил бүрийн аравдугаар сарын 1-8-ний өдрүүдэд БНХАУ-д ургацын баяр болдогтой холбоотойгоор хилийн боомтууд амардаг байна. Ирэх сарын 1- 4-ний өдрүүдэд Хятад, Монголын авто боомтууд амрах бөгөөд авто замаар хийдэг тээвэрлэлт түр зогсох юм.

Монгол улс, БНХАУ-ын дотоодын хууль тогтоомжид заасан дараах баяр, амралтын өдрүүдэд монгол, хятадын хилийн авто замын боомтууд амардаг аж.

– Шинэ жил – 01 дүгээр сарын 01-ний өдөр

– Цагаан сар – шинийн 1, 2, 3 /Хятадын цагаан сар 02 дугаар сарын 08-10, Монголын цагаан сар 02 дугаар сарын 09-11/ -ны өдрүүд буюу 08-11-ний өдрүүд

– Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр – 03 дугаар сарын 08-ны өдөр

– Ханш нээх өдөр – 04 дүгээр сарын 04-ний өдөр

– Олон улсын хөдөлмөрчдийн баяр – 05 дугаар сарын 01-ний өдөр

– Хүүхдийн баяр – 06 дугаар сарын 01-ний өдөр

– Луут завины баяр – 06 дугаар сарын 09-ний өдөр

– Монгол Улсын Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр – 07 дугаар сарын 11-15-ны өдрүүд

– Намрын баяр – 09 дүгээр сарын 15-ны өдөр

– БНХАУ-ын Үндэсний баяр – 10 дугаар сарын 01-04-ны өдөр

– Их эзэн Чингэс хааны өдөр – /өвлийн тэргүүн сарын шинийн 1/ 10 дугаар сарын 31-ний өдөр

– Монгол Улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр – 12 дугаар сарын 29-ний өдөр амарна.

Б.ҮРЖИГ

Categories
мэдээ цаг-үе

А.Гэрэлцэцэг: Одоо хувийн амьдралдаа анхаарал хандуулна

“Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэгтэй ярилцлаа.


-“Маск” продакшн тун удахгүй шинэхэн шоу тоглолтоороо үзэгчдэдээ бэлэг барихаар болсон сурагтай. Хэдийгээр үзэгчдийн хүртээл болох вэ?

-Монголын хошин урлагийн “Маск” продакшн нэг жил хоёр сарын дараа цоо шинэ шоу тоглолтоороо үзэгчидтэйгээ уулзахаар бэлтгэлээ базааж байна. “Тусгаар тогтносон инээд” хэмээх шоу тоглолтоо үзэгчдэдээ хүргэх юм. Үзэгчдийн маань зүгээс “Хүлээгээд байна, хурдлаач ээ”, “Яагаад шоу тоглолтоо хийхгүй байгаа юм. Аятайхан юм үзмээр байхад” гэх зэргээр загнах ч шинжтэй сэтгэгдлээ илэрхийлж байна. (инээв) Аргагүй л дээ. Бүтэн нэг жил гаруй үзэгчидтэйгээ уулзсангүй.

-Яагаад хэсэг хугацаанд шоу тоглолт хийсэнгүй вэ?

-Ер нь л бусад продакшнуудыг бодоход шоу тоглолт их цөөхөн тавьдаг л даа. Жилдээ хоёр, бүр их байлаа гэхэд гурван удаа л шоу тоглолт хийдэг юм.

-Хувийн уран бүтээлдээ хэр их анхаарч байна вэ. Шинэ уран бүтээл дээр ажиллаж байна уу?

-Энэ зун Боловсрол телевизийн “Hulegu pictures”-тэй хамтран “Ээжүүд” хэмээх олон ангит уран сайхны кинонд тоглолоо. Зураг авалт энэ оны хоёрдугаар сараас эхлээд баяр наадмын өмнөхөн дууслаа. Манай хамтлагийн жүжигчин Ш.Жавхлан, УДЭТ-ийн жүжигчин Н.Баярмаа бид гурав ээжийн дүрийг бүтээсэн. Миний хувьд анх ээж болж байгаа эмэгтэйн дүрд тоглосон юм. Манай эгч Алдарт эхийн одонтой, өнөр өтгөн сайхан гэр бүлтэй хүн бий. Ээж хүний дүрийг бүтээхийн тулд эгчээсээ их судалсан л даа. Их хөөрхөн кино болсон. Аравдугаар сараас эхлэн үзэгчдэд хүрнэ байх. Киноныхоо зураг авалтыг дуусгаад тун удалгүй эргэн ажилдаа орсон доо.

Ер нь би ажлын байдлаасаа болоод дэлгэцийн уран бүтээлд төдийлөн тоглоод байдаггүй. Намайг хүмүүс дэлгэцийн уран бүтээлд их тоглочихсон гэж бодоод байдаг. Би хоёр жилийн өмнө л “247 градус” хэмээх уран сайхны кинонд гол дүрд тоглосон. Ер нь дэлгэцийн бүтээлд тоглох их хүнд. Яг тэр киногоороо амьдарч байж л хийх хэрэгтэй юм билээ.

Image result for а.гэрэлцэцэг-Та “Гарын таван хуруу” киноны Шагдарын дүрээрээ алдаршсан гавьяат жүжигчин Л.Лхасүрэн гуайн шавь гэсэн байх аа?

-Тийм шүү. Би 2000 онд СУИС-ийн кино, драмын ангид элсэн орсон юм. Ингэж л Л.Лхасүрэн багшийнхаа шавь болж байлаа. Эргээд бодоход байгаа цагт нь их юм сурч, хэлсэн бүгдийг нь тогтоож авч байх минь яав даа. Эргэж олдохгүй үнэтэй цаг хугацаа байж дээ гэж халаглах үе байдаг юм. Манай багш намайг дөрвөн жил сурахад найман удаа ангиасаа хасаж байсан. Би ч тухайн үедээ ойлгохгүй уурлаж бухимдаад л. Багш надад дургүйдээ л ингэж байна гээд их гоморхоно. Харин ээжид минь “Танай охин бол урлагийн хүн мөн. Харин их хэнэггүй” гэж хэлсэн байсан. Надад ч нэгэнтээ “Миний охин урлагийн хүн болох нь болно. Гэхдээ чамд хэнэггүй зан байдаг. Түүнийгээ л их анхаарч яваарай” гэж захиж байсан. Яг үнэндээ миний хэнэггүй занг л засах гээд ангиасаа хасаад байсан юм билээ. Асар хэнэггүй хүнийг аливаад идэвхтэй, анзааргатай болгох гэж л сургаж байж дээ. Багш хүний ухаан гэдэг тийм л холч, нарийн байдаг юм байна л даа. Ер нь багш хүн гэдэг зөвхөн хичээл заагаад зогсохгүй, хүн бүрийн онцлогт тааруулж урлагийн хүн болгон төлөвшүүлдэг байх нь. Өнөөдөр мандаж яваа сайн жүжигчид багшийн минь л тэр их ухаанаар хүмүүжсэн байдаг шүү.

-Та яагаад хошин урлагийг сонгох болсон юм бэ?

-Би өөрөө ч сонгосон юм биш л дээ. Дөрөвдүгээр курст байхад “Шинэ үе” продакшны захирал Бооёо ах маань оюутнуудын дунд уралдаан зарласан. Харин шалгарсан хүүхдүүдийг нь продакшндаа авахаар болсон юм. Тэр уралдаанд би Эдуард Разинскийн зохиол “Эрчүүдийг үзэн ядна” хэмээх жүжгийн гол дүрд тоглосон. Улмаар уралдааны шагналт байрт шалгаран “Шинэ үе” продакшны зүгээс “Манай продакшнд орооч” гэсэн саналыг хүлээн авч байсан юм. Ингэж л хошин урлагийн жүжигчин болж байлаа. Дөнгөж төгссөн оюутанд ажлын байртай болох санал ирэх шиг сайхан зүйл юу байхав. Бөөн баяр болоод л орсон. Тэр цагаас хойш л энэ салбартаа үнэнчээр явж байна даа. Хэдэн нас ч хүрсэн энэ ажлаа хийгээд л явна гэж боддог шүү.

-Харин “Маск” продакшныг байгуулагдахад үндсэн жүжигчнээр нь орж байсан байх аа?

-“Шинэ үе”-д ажиллаж байгаад “Өнгөт инээд” продакшнд хоёр жил ажилласан юм. Харин “Өнгөт инээд”-ээс ах нар маань “Маск” продакшныг байгуулан өрх тусгаарлахад үндсэн жүжигчнээр нь орж байлаа. Энэ хамт олонтойгоо 12 жилийн турш уран бүтээлээ туурвисаар байна. Манай продакшнд үнэхээр хүн чанартай хүмүүс байдаг. Дарга, цэргийн ялгаа гэж байхгүй. Бие биетэйгээ хүнлэг болоод ах захтай ханддаг. Нэгэн гэр бүл шиг байж чаддагт нь би их баярлаж, талархдаг. Гайхалтай хамт олон. Хамтаараа лаг байна гэдгийг хэрэгжүүлж яваа хамтлаг даа.

Мөн манайх шинэ залуу үеэ их дэмжиж ажилладаг. Өсөж дэвжихэд нь боломж олгодог гэсэн үг. Одоо ч гэсэн залуу уран бүтээлчдээ уран бүтээлдээ оролцуулсан байгаа. Тун удахгүй үзэгчдэд маань харагдаад эхэлнэ байх.

Related image-Энэ зун танай продакшн хоёр ч богино хэмжээний уран сайхны кино хийсэн. Ер нь бүрэн хэмжээний кино хийх төлөвлөгөө бий юү?

-Манай продакшн “Хайр, харуусал” хэмээх уран сайхны кино хийсэн. Энэ уран бүтээл маань үзэгчдэд маш сайн хүрсэн. Үзэгчдээс дахиад уран сайхны кино хийгээчээ гэсэн хүсэлт ч их ирсэн. Тиймээс бид түүний эхлэл болгож “Энэ миний наадам”, “Өөрийгөө тоодоггүй хүн” гээд богино хэмжээний кино руу орсон байгаа.

-“Маск” продакшны үзэгчдэд чамгүй хүрсэн бүтээлүүдийн нэг бол “Дорноговийн Симба” хэмээх жүжиг байдаг. Энэхүү жүжиг нь таны анхны бүтээлүүдийн нэг байсан болов уу?

-Тэгэлгүй яахав. Миний анхны дүрүүдийн нэг яах аргагүй мөн. “Дорноговь Симба” жүжгийг тавихаар болоход би хамтлагийнхаа ах нараас “Энэ жүжигт ямар нэгэн байдлаар тогломоор байна. Намайг тоглуулаад үзээч” гэж гуйсан юм. Яагаад ч юм санаанд багтаад байсан л даа. Харин хамтлагийнхан маань “Энэ охин идэвхтэй байна. Дүр авч үзээгүй, залуу хүн гэхэд тайзан дээр зориглоод гарч үзье гэж байгаа юм чинь дэмжинэ” гээд л намайг тоглуулсан. Сайн, муу тоглочих болов уу гэсэн айдас ч байхгүй. Ёстой л нөгөө “Галзуу барын аманд гараа хийж үзэхэд ч бэлэн” тийм л үе минь байсан. Хийгээд л үзье гэсэн зориг, зүрх дүүрэн байж.

-Хошин урлагт жүжиглэж эхэлсэн цагаасаа эхлээд туршлага хуримтлуулсаар яваа нь дамжиггүй. Басхүү өөрийн гэсэн арга барилтай болсон байх?

-Одоо ч би арга барилаа мэддэггүй. Учир нь жүжигчин хүн гарч ирж байгаа шинэ дүр, сэдэв бүхэндээ тохируулж яаж хийх вэ гэж бодож, сэтгэж, хувирч байдаг. Тэгэхээр одоо би болчихлоо, энэ л миний арга барил юм байна. Одоо ямар ч дүр ирсэн би гайхалтай бүтээж чадна гэдэг жүжигчин ховор байдаг байх. Ингэж ярих ч хүн ховор болов уу. Тиймдээ ч жүжигчин хүн өдөр болгон шинийг эрэлхийлдэг. Аливааг их анхаарч явдаг. Хүн өлсөж цангаж, бүр үхэж байгааг хүртэл сайтар анзаарна. Харин оноогдсон дүр бүхэн дээрээ дөнгөж сурсан мэт л ажиллах хэрэгтэй байдаг.

-Та маш сайхан дуулдаг. Ер нь гэр бүлд нь авьяаслаг хүмүүс их биз?

-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Хамаатан саданд ч байхгүй. Миний нагац өвөө маань л их сайхан дуулж, бүжиглэдэг хүн байсан гэдэг юм. Би ч сайн мэдэхгүй л дээ. Тэгэхээр өвөөгөөс минь л багахан авьяас өвлөгдсөн юм болов уу.

-Та “Никитон” хамтлагийн “Нандин шүтээн” хэмээх дууны клипийн эротик хэсэгт тоглосон. Одоог хүртэл хүмүүс энэ дууг шимтэн сонссоор байдаг.

-Би оюутан байсан юм. Тухайн клипийг хийж байгаа студиэс тэрхүү клипт тоглох санал тавьсан. Жоохон хүүхэд байсан болохоор яг ямар хэсэгт тоглож байгаагаа ч сайн ойлгоогүй. Харин энэ дүрдээ сайн л тоглох ёстой гэсэн бодолтой байсан юмдаг. Тухайн үед хувцсыг чинь тайлж байгаа юм шиг авна шүү гэсэн болохоос тайлчихсан байгаагийнх нь дараах хэсэг нь гарна гэж мэдээгүй шүү. Энэхүү клипт тоглосны дараагаас эротик кинонд тоглох санал байнга ирдэг байлаа. Би тэр болгонд үргэлж хойшлуулдаг, тоглох хүсэлгүй байгаагаа хэлдэг байсан.

-Та найз залуутай болсон уу. Ер нь гэр бүл төлөвлөлтийн тухайд ямар бодолтой яваа бол?

-Урлаг бол их хатуу л даа. Өгөх өгөөж нь их байлаа ч гэсэн хатуу мэргэжил. Тиймдээ ч зөвхөн урлагт сэтгэл зүрхээ өгөөд явж байгаа хүний хувийн амьдрал хожимдох тал байдаг. Гэхдээ одоо бол би хувийн амьдралдаа анхаарал хандуулна.

-Урлагийн хүний амьдрал олны өмнө үргэлж ил тод байдаг. Заримдаа үүнээс залхах үе байдаг уу?

-Би өөрийнхөө амьдралыг дэлгээд байдаггүй л дээ. Хувийн амьдралаа дэлгэх маш дургүй. Нууцлагдмал байдаг болоод ч тэр үү хүмүүс өөрийнхөө бодлоор янз бүрийн хүнтэй нийлүүлж, салгаж, явалдуулсан байдаг юм. Миний өмнөөс амьдрал зохиогоод л биччихдэг. Гэсэн ч би хувийн амьдралаа дэлгэсэн ном шиг байлгахыг хүсдэггүй. Хэдий урлагийн хүний амьдрал ил тод байдаг ч хязгаарлах ёстой зүйл гэж бас байх ёстой гэж боддог.


Categories
мэдээ цаг-үе

Харанхуй, хэцүү замаар өдөр бүр алхдаг ч харьж яваа гэхээр л сайхан байдаг

2017 .09.27 20 цаг 17 минут.

Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 20 сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Өнгөрсөн жил энэ тоо 31 байжээ. Гурван ээлжээр хичээллэх нь хаана хаанаа асуудалтай. Ялангуяа хотын захын гэр хороолол дахь бага ангийн хүүхдүүд нар жаргасан хойно хичээлээ тараад гэр рүүгээ харина гэдэг маш эрсдэлтэй. Нохой шувуунаас эхлүүлээд согтуу хөлчүү хүмүүс, элдэв янзын этгээдүүдийн гарт өртөж мэднэ.

Гэрэлтүүлэггүй урт, өгсүүр, замбараагүй гудмаар номтой цүнхээ үүрч хэдэн км алхана гэдэг хэцүү. Өвөл хаяанд ирчихсэн энэ өдрүүдэд нар эрт жаргаж, нийслэл маань төв хэсгээрээ, нүдэнд үзэгдэх газрууддаа л гэрэл чийдэнгээ асаадгаас биш хотын захын хороолол, уул бэл, салаа, аманд гэрлийн шон байтугай шонгийн мод ч байхгүй. Дээрээс нь утаа нэмэгдээд багачуул маань гэр рүүгээ явах гэж түмэн бартаа саад туулна. Нийслэлийн хүн ам ихтэй дүүргүүдийн нэг нь Сонгинохайрхан. Тус дүүрэгт одоогоор найман сургууль гурван ээлжээр хичээллэж байна.

25 дугаар хорооны Зүүн салаан дахь 104 дүгээр сургуульд 44 бүлэгт 1760 сурагч сурч байна. Гуравдугаар ээлжийн хичээл нь 15 цаг 30 минутаас эхэлж 20 цаг 05 минут хүртэл үргэлжилнэ. Энэ ээлжинд дөрөв, тавдугаар ангийн найман бүлэгт 350 гаруй сурагч хичээллэж байна. Тэд 9-10 насныхан.

104 дүгээр сургууль 2006 онд байгуулагдсан бөгөөд 2008 оноос л гурван ээлжээр хичээллэх болжээ. Сургуулийн захирал Д.Энхжаргал “Манай сургуулийн өргөтгөл удахгүй ашиглалтад орно. Бид чинь халагдах цэрэг хоног тоолон хүлээдэг гэдэг шиг хурдхан л шинэ байр маань ашиглалтад ороосой гэж хүлээх болсон. 2017 ондоо багтаагаад барилгын ажил нь дуусна. Манай 25 дугаар хороо харьцангуй эмх замбараатай, хог шороогүй газар. Харин хөдөө орон нутгаас шилжин суурьшигчид их байдаг. Сургуульд маань тавиул хүүхдүүд их шүү. Мөн аав ээж нь Солонгос, гадны орнуудад ажилладаг, өвөө эмээ дээрээ хүмүүждэг хүүхдүүд их байдаг юм” гэлээ. Сургуулийн бага ангийн сургалтын менежер Д.Чимэдлхам “Өргөтгөл ашиглалтад ороод хоёр ээлжээр хичээллэдэг болчихвол хүүхдүүд чөлөөт цагаараа олон төрлийн секц дугуйлангуудад хамрагдах боломжтой болно” гээд эцэг эхчүүдийн хүүхдэдээ тавих анхаарал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа гэдгийг нэмж хэллээ. Гурав хүртэлх ангийн сурагчдыг заавал эцэг эхийнх нь гарт өгдөг гэнэ. Намар хичээл эхлэхэд л гурвалсан гэрээ хийж энэ талаар сайн ярилцдаг аж. Мөн эцэг эхчүүдтэй холбогдох утасны дугаарыг нь улирал тутам шинэчилж тэмдэглэж авдаг юм байна. Өнгөрсөн жил хүүхдээ сургуулиас нь ирж авахгүй удсан тохиолдол нэг бус удаа гарсан бөгөөд сургуулийн нийгмийн ажилтан Ц.Мөнхжаргал орой 21 цагийн үед гэрт нь хүргэж өгсөн тухайгаа ярьсан юм.

Гуравдугаар ээлжийн сүүлийн хичээл 20 цаг 05 минутад завсарладаг. Дөрвийн “В” ангийнхан хичээлээ дуусгаад ангиасаа жагсаалаар гарч өлгүүр дээр очлоо. Ангийн багш С.Мөнхжаргал нь ангийнхнаа гаргаж өгөв. “Сондор хаачсан бэ” гэвэл ангийнхан нь “Ах нь ирээд аваад явчихсан” гэвэл “Ах нь мөн байсан уу” хэмээн асуухад бүгд нэгэн дуугаар “Мөн мөн, ах нь байсан” гэж хариулав. Дөрвийн “В” ангийн Д.Золзаяагийн гэр сургуулиас нь нэлээд зайтай. Гуравдугар анги хүртэл эмээ нь сургуульд нь хүргэж орой авдаг байжээ. Харин өнөө жилээс сургуульдаа өөрөө ирж, очдог болж.

Түүнтэй хамт гэр рүү нь явлаа. Автобус ирэхгүй хүлээсэн тохиолдолд цагийн дараа гэртээ очдог гэж байлаа. Таван буудал газар, гурван км-ын зайтай юм байна, гэр нь сургуулиас нь. Охин автобусаар ирж очно. Ангийнхаа Хонгорзул, Эрдэнэсувдтай хааяа зам нийлнэ. Д.Золзаяа автобусны буудал дөхөх үед гар утсаа гаргаж ирж ээж рүүгээ очиж байгаагаа дуулгана. Бусад үед гар утсаа ер гаргадаггүй гэнэ. Ээж маань “Автобусанд суугаад залгаарай. Ээж нь буудал дээр тосоод байж байя. Болгоомжтой яваарай“ гэж дандаа хэлдэг гэлээ. Уржигдар гудам руугаа ороод өгсч байтал айлын нохой хуцаж дайрахаар нь айгаад тэр чигтээ гүйж байгаад уначихсан гэлээ. Төв зам дагуух гэрэлтүүлгийн шон хол зайтай учир хотын төвийн гудам шиг тийм ч цэлгэр биш аж. Сүүмгэр. Автобусны буудал дээр буугаад дэлгүүртэй гудам руу орлоо. Энд тэнд айлуудын ноход хуцалдаж, нүүрсний өтгөн утаа сүүмэгнэнэ. Намар оройн хүйтэн жавар нуруу бөөр хайрч, жиндүү. Д.Золзаяа ууттай углаашаа гартаа бариад бөгтөсхийн өгсч эхэллээ. Өнөө уржигдар өөр рүү нь нохой нь дайрсан гэх айлын хаалга руу заагаад “Энэ айлын нохой шүү дээ. Манай гудамж тас харанхуй болохоор айлуудын цонх, тоононы гэрлээр баримжаалаад гэр рүүгээ явдаг. Манайх тээр тэнд байгаа айл” гээд гудамжны үзүүрийн буюу нэлээд өгсүүр дээр барьсан хашаа руу заалаа. Д.Золзаяа мөн л сургуулийнхаа шинэ өргөтгөлийг хурдан дуусаасай гэж хүсч буй нь илт. “Уг нь есдүгээр сарын эхээр ашиглалтад орно гэж байсан. Амжаагүй гэсэн. Аравдугаар сарын эхээр гэсэн бас амжихгүй байгаа гэсэн. Хэрвээ шинэ сургуультай болчихвол дүү нь гэртээ эрт ирнэ. Бас чөлөөт цагаараа дугуйланд сурна” гэв. Д.Золзаяа орой гэртээ 20-21 цагийн үед ирээд хоолоо идээд л шууд унтаад өгнө. Өглөө нь босч гэрийн даалгавраа хийдэг аж. Өвлийн ид хүйтэн, тэсгим жавраар дээш мацна гэдэг хүнд ажил бололтой. Хүч муутай жижиг тэрэг дээш гарч чадахааргүй аж. Нэлээд огцом. Харанхуй гудам. Ноход хуцалдана. Эргэж харвал Зүүн салааны энэ хэсэгт зам дагуух хэдэн гэрлийн шонг эс тооцвол олигтой гэрэлтүүлэг алга. Гаднаа гэрэлтэй айл ч алга. Д.Золзаяа дээш мацах зуураа “Би нохойноос их айдаг юм” гэв. Сониноор дамжуулж хэнд юу гэж хэлмээр байна вэ гэж асуувал “Эцэг эхчүүдээ хүүхдүүдээ аваарай, сургуулиас нь” гэж хэлснээ залгуулаад “Гудамж маань гэрэлтэй болчихвол их гоё байна. Харанхуй гудмаар явж байхад янз бүрийн юм боддоггүй ч хаанаас ямар нохой гарч ирэх бол гэж боддог юм. Гар утасныхаа гэрлийг тусгаад явбал хүн дээрэмдчих байх гээд гаргадаггүй. Гэхдээ гэрийнхээ барааг харангуут зориг ороод дээш гүйчихдэг. Гэр маань сургуулиас хол ч гэсэн ийм гудамжаар явсаар байгаад гэртээ ирсээр байгаад сурчихсаан. Хүүхдүүд танайх их хол, уулан дээр гээд л байдаг. Би ийм замаар явсаар байгаад сурчихсан. Хамгийн сайхан зам гэртээ харих зам гэдэг биз дээ, тийм ээ” хэмээн хэвлүүхэн өгүүлэв. Д.Золзаяа гэр рүүгээ гүйгээд орчихов. Уулын цаанаас их хотын их гэрэл сүүтийж цагаан туяа татуулах аж. Харин бидний зогсч байгаа газар таг харанхуй. Нэгнээ түшээд доош уруудсаар нохой хуцалдах гудмыг туулж төв зам руу, автобусны буудал дээр ирэв.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн захирал Г.Төмөрбаатар 20 сая төгрөгийн үнэтэй сэлбэгийг 49 сая төгрөгөөр худалдан авдаг байжээ

Конветор хувиргуур

Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн захирал Г.Төмөрбаатар төрийн албан тушаалыг урамшуулал нэрээр наймаалцдаг, хямд үнэтэй сэлбэгийг хэд дахин өндөр үнээр худалдан авч, дундаас нь ашиг хүртэж байж болзошгүй ноцтой баримтыг дэлгэж байна. Г.Төмөрбаатар захирлын хууль бус үйлдлийн талаарх ноцтой баримтын зах зухаас Монголын Тээвэр, Холбоо, Газрын Тосны Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийж, олон нийтэд хүргэсэн. НЗТН-ийн II баазын Үйлдвэрчний Холбооны тэргүүлэгч Г.Болорсүх хэвлэлийн бага хурлын үеэр Контактын шунт 100 айл барилгын материалын захад 35 мянган төгрөгийн үнэтэй зарагддаг. Гэтэл дээрх сэлбэгийг Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл 280 мянган төгрөгөөр худалдан авч байна. Мөн БНХАУ-аас 2.5 сая төгрөгөөр худалдаалагддаг цахилгаан аккумуляторыг 6.8 сая төгрөгөөр худалдан авч байгаа талаар мэдэгдсэн. Энэ талаар бид нэхэн сурвалжиллаа. Үнэхээр төрийн өмчит компанийн захирал улсын төсвийн мөнгийг хувьдаа завшиж, 20 сая төгрөгөөр худалдаж авах сэлбэгийг 49 сая төгрөгөөр худалдаж авсан уу гэх асуултын хариултыг олохыг зорьсон юм.

МӨНГӨН ТЭТГЭМЖ НЭРИЙДЛЭЭР ТӨРИЙН АЛБЫГ НАЙМААЛЦСАН УУ

Г.Төмөрбаатар гэгч Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн захирлаар томилогдож ирсэн даруйдаа өөрийнхөө багийг бүрдүүлж эхэлсэн байна. Дэд захирал, ерөнхий нягтлан, баазын дарга, хангамжийн албаны дарга, албаны дарга зэрэг удирдах алба тушаалд өөрийнхөө хүмүүсийг тавьж чадсан гэнэ. Г.Төмөрбаатар дээрх албан тушаалд өөрийнхөө ойр дотны хүмүүсийг тавихын тулд төрийн албыг наймаалцсан байж болзошгүй байгаа гэх мэдээлэл байна. Тодруулбал, Г.Төмөрбаатар Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн захирлаар томилогдож ирээд хоёр сар болоход дэд захирлаасаа эхлээд бүх удирдах албаны дарга өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдах өргөдөлөө өгсөн байх юм. Өргөдөлдөө эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгч байна гэх утга бүхий зүйлсийг бичсэн байжээ. Тэгвэл Г.Төмөрбаатар өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдсан дэд захирал М.ЦэвээнОчирт 14 сая төгрөгийн тэтгэмж олгосон аж. Ерөнхий нягтлан Д.Юнгэрт дөрвөн жил ажиллаад халагдах өргөдөл өгсөн даруйд нь 13 сая төгрөг өгсөн байна. Хангамжийн албаны дарга Г.Насанбат нэг жил ажиллаад гарахдаа 7.8 сая төгрөгийн тэтгэмж аваад гарчээ.

Гэтэл 20 гаруй жил ажилласан гурван хүн өндөр насны тэтгэвэрт гарцгаажээ. Тэдэнд тус бүр таван сая төгрөгийн тэтгэмж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, нэг жил ажиллаад өөрийн хүсэлтээр гарсан хэлтсийн дарга 7.8 сая төгрөг авч байхад 20 жил ажилласан хүнд таван сая төгрөгийн тэтгэлэг олгох нь зүйд нийцэх болов уу. Энэ талаар автобус баазын ажилчид дунд дарга нар ажлаасаа гарч байгаа шалтгаан нь Г.Төмөрбаатар “Өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа гарах юм бол чамд өндөр хувьтай тэтгэлэг олгоно. Чи ажлаа өгчих” гэсэн санал тавьсан юм гэнэ лээ. Тэгээд л ажлаасаа өөрийн хүсэлтээр халагдаад байгаа юм” гэх яриа гарсан гэнэ. Энэ нь ч олон зүйлсээр нотлогдож байгаа аж. Ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаа хүмүүст мөнгөн тэтгэмж олгох ямар нэгэн хууль, тогтоол, захирамж байдаггүй аж. Хэрэв ямар нэгэн мөнгөн тэтгэмж олгох бол үйлдвэрчний эвлэлтэйгээ харилцан тохиролцож гэрээ байгуулсны үндсэн дээр олгох ёстой байдаг гэнэ. Гэтэл Г.Төмөрбаатар захирал шууд тэтгэмж олгоод эхэлжээ.

ТАВАН МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ СЭЛБЭГ 280 ТӨГРӨГ БОЛСОН НЬ

Цахилгаан тээвэр буюу троллейбусны сэлбэгийг манай улс ОХУаас худалдан авдаг байсан аж. Гэхдээ ОХУ-аас авч буй сэлбэг нэлээд өндөр үнэтэй. Мөн олдоц муутай, яаралтай сэлбэг хэрэгтэй болоход хэдэн сар хүлээгдэж байж ирдэг байсан аж. Харин урд хөршийн компаниудын үйлдвэрлэж байгаа троллейбусны сэлбэг хямд үнэтэй, захиалга өгөхөд түргэн шуурхай ирдэг байна. Ингээд “Смест” гэх нэртэй компаниас троллейбусны сэлбэг худалдан авдаг болжээ. Цахилгаан тээврийнхэн олон жилийн турш “Смест” компаниас худалдан авч байгаа аж. Өөр компанийн үйлдвэрлэж байгаа сэлбэг, монголд зорчигч тээврийн үйлчилгээнд явж байгаа троллейбусанд таардаггүй байна. Зөвхөн “Смест” компанийнх таардаг гэдгийг эх сурвалж онцолж байв. “Смест” компанийн хувьд байгуулагдсан цагаасаа хойш үйлдвэрлэж байгаа сэлбэгнийхээ үнийг нэмж байгаагүй аж. Валютын үнэ ханшны зөрүүгээс үүдэн үнэ нь бага зэргийн дээш доошоо хэлбэлзэл байдаг гэнэ. Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлд үе үеийн захирал ирдэг. Захирлууд өөр өөрийнхөө танил тал компаниудаар сэлбэг нийлүүлдэг. Ингэхдээ БНХАУын “Смест” компаниас худалдан авдаг байна. Гэтэл Г.Төмөрбаатар томилогдож ирсэн цагаасаа хэт өндөр үнэтэй сэлбэг худалдан авдаг болжээ. Тухайлбал, троллейбусны чоперыг 2013 онд 20 сая төгрөгөөр худалдан авдаг байжээ. Энэ оны эхэн сард 19.6 сая төгрөгөөр “Смест” компани худалдаалдаг байсан гэнэ. Гэтэл Г.Төмөрбаатар захирлын үед 19 сая төгрөгийн үнэтэй чоперийг 49.5 сая төгрөгөөр худалдан авах болжээ.

Гэтэл 30 мянган төгрөгийн үнэ бүхий мөнгөн контакт 150 мянга, хэдхэн сарын өмнө цахилгаан аккумлятор 2.6 сая төгрөгөөр худалдаж авдаг байсан бол 6.8 сая төгрөг болон нэмэгджээ. Уг нь таван мянган төгрөгийн үнэтэй байдаг гэнэ. Цахилгаан тээврийнхэн таван мянган төгрөгөөр 100 айл барилгын материалын зах дээрээс худалдаж аваад троллейбусандаа тавьдаг байсан аж. Гэтэл таван мянган төгрөгийн үнэтэй сэлбэгийг 280 мянган төгрөгөөр Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийнхэн худалдан авчээ. Энэ мэт 20 гаруй сэлбэг, тоног төхөөрөмжийг хэд дахин өндөр үнээр худалдан авсан байх юм.

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас хийсэн шалгалтын тайлан

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗРЫН ХИЙСЭН ШАЛГАЛТААР ХУУЛЬ ЗӨРЧСӨН НОЦТОЙ ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН БАЙНА

Г.Төмөрбаатар захирал троллейбусны сэлбэгийг зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнээр худалдан авсан гэх нэрийдлээр төрийн мөнгийг хэдэн компаниудын дансаар дамжуулан авч, хувьдаа завшиж байсан уу. Эсвэл БНХАУын “Смест” гэх компани сэлбэгийн үнээ хэд дахин нэмэгдүүлсэн үү гэдгийг олж тогтоох ёстой болжээ. Энэ талаар албаны эх сурвалжуудаас авсан мэдээллийг та бүхэндээ хүргэе. Троллейбусны сэлбэг үйлдвэрлэдэг “Смест” компани үнээ нэмсэн гэдгийг олж тогтоожээ. Гэтэл тус компанийн албан ёсны цахим хуудаст сэлбэгийн үнийн дүн огт өөрчлөгдөөгүй байсан гэнэ. Мөн тус компанийн захиралтай манай улсын зорчигч тээврийн нэгэн компанийн захирал уулзаж, Монголын троллейбусанд ашиглагдаж байгаа сэлбэгийн үнийн талаарх тамга тэмдэг бүхий саналыг гаргуулан авчээ. Мөн л хэдэн жилийн өмнөх үнээрээ зарагдаж байсан гэнэ.

Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж шалгахад Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн газарт шалгалтаар ноцтой хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Санхүүгийн шалгалтаар Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн цахилгаан тээвэрт сэлбэг нийлүүлсэн “Хул хүж”, “Тэнүүн цацрал”, Их орд финанс”, “Их орд” эко лайн, “Намуун мандал”, “Зууны булаг” компаниуд зах зээлийн ханшнаас хэт их өндөр үнээр сэлбэг нийлүүлсэн нь тогтоогджээ. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн болохыг ажлын хэсгийнхэн тогтоожээ. Г.Төмөрбаатар захирал ингэж л төрийн мөнгөөр “туйлж” байгааг олон баримт нотолж байгааг эх сурвалж онцолж байв.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ эдийн-засаг

72.958 ширхэг хувьцаа арилжжээ

2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 72,958 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ариг гал” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 13.03 хувиар өссөн бол “Монинжбар” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.45 хувиар уналаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 1,018 ширхэг үнэт цаас 100,967,460 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр “MSE ALL” индекс 1059.32 нэгж болж 0.5 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,076,491,897,158 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ спорт

Аваргуудын лиг эргэн ирлээ

Аваргуудын лигийн хэсгийн шатны 2-р тойргын тоглолтууд өнгөрөгч 27, 28-нд болж өнгөрлөө. Онцлох тоглолт нь Испаны алдарт Реал мадридын эсрэг Боруссияа дортмунд тоглож 3-1-ын харьцаатай эзэн хааны багын ялалтаар дуусав. Тус тоглолтонд Реалын жигүүрийн довтлогч Гарэт Бэйл 18 дахь минутанд эхний гоолыг оруулж, харин 49, 79 дэхь минутанд Криштиано Роналдо дубль хийж харин эсрэг багаас довтлогч Аубамэяанг 54 дэхь минутанд гоолдсон. Ийнхүү эзэн хааны баг 6 оноотой “H” хэсгийг итгэл төгс тэргүүлж байгаа бол Боруссиа дортмунд оноо авч чадалгүй сүүл мушгиж байна.

Бусад тоглолтуудын үр дүн

“A” хэсэг-ЦСКА Москва 1:4 Манчестэр Юнайтэд, Базэль 5:0 Бенфика

“B” хэсэг-Парисийн Жэрмайн 3:0 Баеирн Мьюнхэн, Андерлихт 0:3 Сэлтик

“C” хэсэг-Атлетико мадрид 1:2 Челси, Карабаг 1:2 Рома

“D” хэсэг-Спортинг 0:1 Барселона, Ювентус 2:0 Олимпиакос

“E” хэсэг-Севиллья 3:0 Марибор, Ливерпүл 1:1 Спартак Москва

“F” хэсэг-Манчестэр сити 2:0 Шахтёр Донетск, Наполи 3:1 Фэинурд

“G” хэсэг-Монако 0:3 Порто, Бэшикташ 2:0 Лэйпзик

“H” хэсэг-Апоил 0:3 Тотэнхам, Дортмунд 1:3 Реал мадрид

Б

Categories
мэдээ нийгэм

Имартын хороолол дахь салбар өнөөдөр нээлтээ хийнэ

“Имарт хороолол” дэлгүүр өнөөдөр нээлтээ хийж байна. “Алтай констракшны” Скай хапермаркет нь Солонгосын “Имарт” сүлжээ дэлгүүрийг Монголд байгуулаад нэг жилийнхээ ойн хүрээнд ийн III, IV хороололд үйлчилгээгээ тэлж байгаа ажээ. Тэнд шинэ салбар нээгдсэнээр хүн амын нягтаршил ихтэй Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн иргэд нэг цэгээс бүх төрлийн бараа бүтээгдэхүүн авч чадах юм байна. “Имарт Хороолол” салбар нь нийт 250 авто машины зогсоолтой, 3500 ам.метр талбай бүхий бүрэн барааны хайпермаркет дэлгүүртэй. Та тав тухтай орчинд гоо сайхан, эрүүл мэнд, гэр ахуй, интерьер, шинэхэн хүнс, цахилгаан бараа, боловсруулсан хүнсний тасгуудаас худалдан авалт хийх боломжтой. Үүнээс гадна олон үйлчилгээг авах юм байна. Энэ тухай тус дэлгүүрийн удирдлагууд өчигдөр хэвлэлийн бага хурлынхаа үеэр сэтгүүлчдэд танилцууллаа.

Имартын хаалгаар ормогц таныг найрсаг үйлчилгээ, халуун дулаан уур амьсгал угтна. Яг л гэртээ байгаа мэт тав тухтай орчинд сонголтоо хийх бүрэн боломжтой аж. Тус дэлгүүрийн хамт олон үйлчлүүлэгчдэдээ зориулж есөн төрлийн үнэгүй үйлчилгээг нэвтрүүлжээ. Тодруулбал, интернэт, хүүхэд хуурайлах өрөө, гар утас цэнэглэх, гишүүний карт, тээш хадгалах хэсэг зэргийг гаргажээ. Мөн үйлчлүүлэгчид худалдан авсан бараагаа савлах, баглах зориулалтын тавцантайгаас гадна автомашины үнэгүй зогсоолтой. Дэлгүүрт үйлчлүүлсэн баримтын хамт эхний хоёр цагт автомашинаа үнэгүй зогсоолд байршуулах боломжийг тус дэлгүүр санаачилжээ. Дээрээс нь том оврын цахилгаан барааг Улаанбаатар хот дотор үнэгүй хүргэх зэрэг олон шинэлэг үйлчилгээтэйг дуулгая.

III, IV хорооллын эцэст байрлах “Имарт”-ын нээлт 11,00 цагт болох бөгөөд арга хэмжээнд хүрэлцэн ирсэн үйлчлүүлэгчдэд зориулж “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогч С.Гантогоо, Морин хуур чуулга, “Монголын хүүхдийн ордон”-ы авьяаслаг хүүхдүүд ая дууны мэндчилгээ дэвшүүлэх юм байна. Мөн нээлтийн үеэрээ тус дэлгүүр 80 хүртэлх хувийн цочир хямдрал зарлажээ. Дээрээс нь худалдан авсан үнийн дүнгээс хамаарч гарын бэлэгтэй юм билээ.

М.ЦЭЦЭГ


Categories
мэдээ нийгэм

ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн: Энэ удаагийн экспогоор бид уулзаад өнгөрөх бус үр дүнд хүрнэ гэдгийг хэлье

“Монгол Хятадын экспо 2017” нэгдсэн арга хэмжээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод амжилттай үргэлжилж байна. ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн Монгол Хятадын хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл боловсруулалтын чуулга уулзалтад оролцлоо. Уулзалтын өмнө ӨМӨЗО-ны Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дэд дарга Ван Чжонг Хөтэй уулзаж экспоны талаар санал солилцлоо.

ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн “Энэ удаагийн үзсэгэлэн бол өндөр ач холбогдолтой. Хоёр улсын Засгийн газраас хамтарсан ажлын хэсэг гарч бүтэн жилийн турш ажиллалаа. Өнөөдөр үзэсгэлэнгийн арга хэмжээ амжилттай явагдаж байна. Хоёр орны Засгийн газар хооронд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа, хэрэгжиж байгаа маш олон төсөл бий. Засгийн газрын төвшинд гэхэд 7-8 том төсөл бодит ажил болох хэмжээнд явж байна. Хувийн хэвшил хоорондын 20 гаруй төслөөс энэхүү үзэсгэлэнгийн үеэр тодорхой хэдэн төсөлд гарын үсэг зурна. Гарын үсэг зурж, үзэсгэлэн зохион байгуулаад зогсдог бус үр дүнд хүрнэ гэдгийг л хэлье. Махны экспорт, хоёр орны шинжлэх ухааны байгууллагын хамтын ажиллагааг хөдөө аж ахуйн салбартаа уяж үр дүнг нь хүртэх гэх мэтээр олон зүйл байна. Хятад улс бол газар тариалангийн салбарын том зах зээл. Харин Монгол Улсын тухайд хөдөө аж ахуйн цэвэр органик бүтээгдэхүүн нийлүүлж чадах цор ганц гэж хэлж болох улс. Монголын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн элсэн цөлд байгаа булгийн ус шиг эрхэм нандин, цэвэр бүтээгдэхүүн юм гэж би байнга хэлдэг. Элдэв шалтаг заах, хүндрэл бэрхшээл ярих нь бидний хамтын ажиллагаа биш. Бодитой үр дүнд л хүрнэ” гэдгийг онцлов.

Мөн “Хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтын ач холбогдол өндөр байгаа. Бид салбар бүрээр салгаж асуудлаа хэлэлцэж байна. Өвсний асуудлыг хөндлөө. Өнөөдөр бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон цаашид тавих шаардлагын асуудлыг ярилцлаа. Манай тал идэвхтэй оролцох ёстой. Өмнө хэлсэнчлэн, долоон төслийг танилцуулна. Махны экспортыг нэмэгдүүлэх, махны хяналт зэрэг төсөл байна. Газар тариалангийн салбарт шинжлэх ухааны үйлдвэрлэл нэвтрүүлэх том төсөл байгаа. Экспо болж буй энэ цагт Хятад улсын хоёр ч том эксперт ажиллаж байна. Төвийн бүсүүдэд шинжилгээ хийж үзээд сэтгэгдэл өндөр байна. Баруун бүсэд шинжилгээний ажил үргэлжилж байгаа. Эскпо дууссаны дараа бид уулзаж энэ асуудлыг эцэслэн ярилцана” гэв.

Categories
мэдээ нийгэм

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ногоон аянд нэгдэж, хүн бүр 10 ширхэг мод тарихыг уриаллаа

БОАЖ-ын яам, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байгаа “Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи” өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна. Өдөрлөгт БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол оролцож, байгаль орчинд ээлтэй, тэр дундаа агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ашиглаж болох бүтээгдэхүүн, техник, технологитой танилцсан юм.

Түүнээс гадна тэрбээр энэ үеэр дэлхийн улс орнуудаар түүчээлсээр Монгол Улсад ирсэн “Ногоон торгон тууз” дээр уриалга бичиж үлдээлээ. “Ногоон торгон тууз”-ыг “Эх дэлхийн цэвэр агаар, цэнгэг ус, ногоон төгөл” нийгэмлэгийн тэргүүн, Канад улсын иргэн Сатиш Сайха санаачилсан бөгөөд өөрийн биеэр хүрэлцэн ирсэн юм. Мөн уг үйл ажиллагаанд тус нийгэмлэгийн гишүүн мисс Б.Гантогоо болон монголын бяцхан мисс охидууд оролцлоо.

“Ногоон торгон тууз”-ын хувьд жилээс жилд эрчимжиж байгаа уур амьсгалын өөрчлөлттэй дэлхий нийтээрээ тэмцэхийг уриалдаг бөгөөд дэлхийн хэмжээний урлаг, спорт, улс төр, бизнесийн нэр хүндтэй төлөөлөл оролцон, дуу хоолойгоо илэрхийлж, мессеж, уриалгаа ногоон торгон дээр бичиж, бодит хандив тусламж оруулдаг ач холбогдолтой юм.

Тэгвэл БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол уг “Ногоон торгон тууз” дээр хүн бүр 10 ширхэг мод тарихыг уриаллаа. Тэрбээр “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ногоон аянд нэгдэж, хүн бүр 10 ширхэг мод тарихыг уриалж байна” хэмээн бичсэн юм.