Categories
мэдээ нийгэм

“Эрүүл мэндийн төвүүд, Клиникийн эмнэлгийн архитектур төлөвлөлт, хэтийн төлөв” сэдэвт зөвлөгөөн боллоо

Эрүүл мэндийн яам, Монголын Архитекторуудын Эвлэл, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Барилга, хот байгуулалтын яамтай хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД, КЛИНИКИЙН ЭМНЭЛГИЙН АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТ, ХЭТИЙН ТӨЛӨВ” сэдэвт зөвлөгөөнийг 2017 оны 09 дүгээр сарын 20- ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнд Монгол, Япон улсын эмнэлгийн барилгын архитекторууд болон манай Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүд хамтран өөрийн орны Эмнэлгийн барилгын зураг, төсвийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл солилцож, харилцан туршлага судлах боломж олдож байгаагаараа онцлог юм..

Сайд А.Цогцэцэг зөвлөгөөний нээлтэнд оролцож үг хэлэхдээ: Эрүүл мэндийн салбарт Дэвшилтэд техник, тоног төхөөрөмж нэвтрэхийн хирээр Эмнэлгийн барилга байгууламжид тавигдах стандарт шаардлага улам бүр нэмэгдэж, Олон улсын жишигт нийцүүлэх хэрэгцээ шаардлага урган гарсаар байна. Эмнэлгийн барилга байгууламж нь газардуулга, агааржуулалт, хийн хангамж зэргийн нэгдсэн систем, цахилгааны 1,2,3 –р зэргийн нөөц эх үүсгэвэр зэргээс эхлээд сувилагч дуудлагын систем, хаалга, үүд, шат хүртэл өвчтөн болон эмнэлгийн мэргэжилтэнд эрсдэлгүй, ая тухтай, аюулгүй орчинг бүрдүүлж байх шаардлагатай байдаг. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого” -д Эмнэлгийн барилгын дэд бүтцийн стандарттай болох, инженер мэргэжилтэнг гадны хөгжингүй оронд сургах зорилтыг тусган ажиллаж байна. Тус зөвлөгөөн нь цаг үеэ олж, бидний тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцаж байгаад туйлын баяртай байна. Өнөөдөр төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын ихэнх хувь нь 1990 -ээд оноос өмнөх барилга, байгууламжид үйл ажиллагаагаа явуулж, стандартын шаардлага хангахгүй байна. Иймд зөвлөгөөний үеэр Монгол Улсад барьж буй эмнэлгийн барилгын зураг төслийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Олон улсын хэтийн төлөв, хөгжил дэвшлийн талаар санал солилцох, дэд бүтэц, барилга байгууламжийн болон эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох нөхцөл бололцоог бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн шинэчилсэн журмыг гардуулав

ЗурагМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн шинэчилсэн журмыг тус зөвлөлийн дарга Г.Баасан болон зөвлөлийн гишүүдэд өнөөдөр гардуулан өгөв.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 9 дүгээр сарын 20-нд буюу өчигдөр 30 дугаар зарлиг гаргаж Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн ажиллах журмыг шинэчилж баталлаа.

Хуучин журамтай харьцуулахад нэлээд өөрчлөлт орсон. Түүний хувийг Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан, зөвлөлийн төлөөлөлд гардуулж байна. Журамд заасан зүйлүүдийг хэрэгжүүлэн ажиллаж, олон нийтийн зүгээс тавих хяналтыг үр дүнтэй тавина гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч итгэж байгаа” гэлээ. Энэ хяналт бол төрийн хяналт биш, иргэд, олон нийтийн хяналт байх ёстой гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд онцгойлон сануулж хэлсэн юм.

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “Олон нийтийн хяналт бол хамгийн дээд хүч байдаг. Үүнийг харуулахын тулд чин сэтгэлээсээ хариуцлагаатай ажиллах зорилт тавьж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна

Хөдөө орон нутагт цас орж, замын гадаргууд хальтиргаа гулгаа үүссэн, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул анхаарал болгоомжтой зорчихыг Авто тээврийн үндэсний төвөөс зөвлөж байна!!!

Categories
мэдээ цаг-үе

Л.Ган-Эрдэнэ: Бид оддын өвчнөөр өвчлөөд бие биетэйгээ дуугарахгүй явж байсан үе бий

Монгол Улсын ардын жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаагийн нэрэмжит Монголын хөгжмийн ууган сургууль болох Монгол Улсын Консерватори байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тэртээ 1937 онд Уран сайхны сургууль нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн тус сургууль нь сургалтын агуулга, хөтөлбөр, чанараараа олон улсын жишигт хүрсэн Хөгжмийн дээд сургууль буюу Консерватори болоод байгаа юм. Харин тус сургуулийн 80 жилийн ойд зориулж тус сургуулийг төгссөн үе үеийн рок попын уран бүтээлчид “Миний хөгжим бүжиг” тоглолт зохион байгуулахаар болжээ. Энэ сарын 15-ны өдөр “UB PALACE”-ын концертын их танхимд болох тус тоглолтод “Соёл Эрдэнэ”, “Титэм”, “Хар сарнай”, “Камертон”, “Сүнс”, “Киви”, “Спайк”, “Гурван охин” хамтлаг Б.Маралжингоо, С.Сэрчмаа, Б.Чинбат гэх мэт уран бүтээлчид ая дуугаа өргөх аж. Ингээд “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэтай ярилцлаа.

-“Камертон” хамтлагийн уран бүтээлчид яах аргагүй Монгол Улсын Консерваториас урган гарсан үндэс мөчир шүү дээ. Сургуулийнхаа ойд ямар уран бүтээлээр оролцохоор зэхэж байгаа бол?

-“Камертон” хамтлаг тасралтгүй 22 жилийн турш үзэгч, сонсогчдынхоо сонорыг мялаасаар иржээ. Энэ хугацаанд манай хамтлагийнхан Төрийн соёрхолт, “Алтан гадас” одон, Монгол Улсын соёлын тэргүүн зэрэг эрхэм хүндтэй шагналаар энгэрээ мялаасан байна. Энэ бол яалт ч үгүй Хөгжим бүжгийн коллеж буюу Монгол Улсын Консерваторийн маань эрдэмтэн багш нарын ач гавьяа юм. Мөн сургуулийн орчин, хамт олны минь хичээл зүтгэл, хөдөлмөрөөр бид энэ зэрэгтэй явж байгаа. Харин энэ сайхан сургууль маань байгуулагдаад хэдийнэ 80 жилийн түүхийг бичжээ. Тиймээс хамтлагийнхаа нэрийн өмнөөс сургуулийн нийт хамт олон, үе үеийн төгсөгчдөд ойн мэндийг хүргэе. Мэдээж манай “Камертон” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ сургуулийнхаа ойн тоглолтод оролцоно. Харин ямар уран бүтээлээр үзэгчдэдээ бэлэг барихаа хараахан шийдээгүй байна. Ямартай ч бид сургуулийнхаа ойд зориулсан “Миний хөгжим бүжиг” тоглолтоо үзэгчдийг байлдан дагуулсан, чанартай хийхийг хичээж байгаа. Энэхүү тоглолтод оролцох үе үеийн рок попын төлөөлөгчид маань ч мөн адил тийм хүсэл, тэмүүлэлтэй байгаа нь дамжиггүй. Хэдий сургуулийн төгсөгчид ч гэсэн бид нар өрсөлдөгчид. Тэгэхээр сургуулийнхаа ойд хамтлаг, дуучид ямар дуу, хуур өргөх нь гэнэтийн байвал сонин шүү дээ.

-Тийм өрсөлдөөн байгаа учраас чанартай, сайн хамтлаг дуучид олонтаа төрөн гарсан байдаг байх…

-Тийм шүү. Бүр нэгдүгээр ангиасаа эхлээд л найзтайгаа өрсөлдөөд явчихдаг. Тийм учраас найзуудыгаа өрсөлдөгч гэдэг нүдээр хардаг.

-Тэгвэл таны хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байв?

-Би өрсөлдөгчгүй. (инээв) Учир нь би сайн сурагч байсан л даа. Гэхдээ нэг дутагдал нь залхуу. Аливаа зүйлийг тулгаж хийдэг. Хичээлээ, хөгжмөө давтаад байгаа хэрнээ муу дүн авдаг хүүхэд байдаг. Миний хувьд давтахгүй хэрнээ шалгалтаа сайн өгчихдөг л байсан. Би Хөгжим бүжгийн коллежийн хийлийн ангийг төгссөн л дөө. Мэргэжлийн дуучин биш хөгжимчин хүн юм. Манай ангид маш сайн хийл тоглодог хүүхдүүд цөөнгүй байсан шүү. Тэдэнтэйгээ их өрсөлддөг байж билээ. Тухайн үед цаг зав тун бага. Ерөнхий боловсрол, мэргэжлийн хичээл ордог болохоор арга ч үгүй биз. Өглөө гараад л орой ирдэг байж билээ. Ер нь Хөгжим бүжгийн коллеж маань хүүхдүүдэд цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, цаг сайн барих тухай маш сайн зааж, үлгэрлэж чаддаг. Энэ нь миний амьдралд маш их ач тусаа өгсөн. Мөн хүүхдийн чөлөөтэй сэтгэн бодох чадварыг дээшлүүлэх, хүнлэг сайхан сэтгэлтэй болоход хувь нэмрээ оруулж чаддаг гэдэгт би бүрэн итгэлтэй байдаг юм. Дээрээс нь нэгдүгээр ангид орохдоо л тухайн хүүхэд мэргэжлээ сонгоод орчихдог. Тэгэхээр олон давуу талтай л даа. Инженер, багш, химич болох уу гэж эргэлзэхгүйгээр зөвхөн сонгож орсон мэргэжилдээ л зорьж, тэмүүлж, сайн байхын тулд мэрийдэг юм. Энэ бүх зүйлс багш нартай минь салшгүй холбоотой. Үнэхээр чадварлаг багш нар олон бий. Би Баярсайхан багшийн шавь л даа. Ер нь л их чанга хүн шүү. Одоо ч харахаар айдаг юм.

-Харин “Камертон” хамтлагийн гишүүдийг дуучин болоход хөгжмийн зохиолч Л.Тайванбатын үүрэг чамгүй их байсан. Энэ тухайд?

-Бид чинь хөгжимчин хүмүүс. Харин хамгийн том зорилго болоод бэрхшээл маань сайн дуучин болох байсан. Хоёр жилийн турш л өглөөнөөс орой хүртэл бэлтгэл хийсэн дээ. Түүнээс хойш алхам, алхмаар сайжирсан. Миний хувьд өөрийнхөө хоолойг хийл хөгжим л гэж бодсон л доо. Хөгжим тоглох, дуулахын адил зүйл нь зүрх сэтгэлээ зориулах. Нот хараад дуулах, зүрх сэтгэлээсээ дуулах хоёр тэс ондоо байдаг. Бид зүрх сэтгэлээсээ дуулж чадсан учраас үзэгч, сонсогчдын минь ч гэсэн зүрхэнд хүрч чадсан юм болов уу гэж боддог юм. Мэдээж Л.Тайванбат ахын минь хувь нэмэр маш их. Энэ хүн миний төрсөн ах л даа. Тиймдээ ч бидэнд их ойр, дотно байдаг байлаа. Нууж, хаахгүйгээр бидэнд зөвлөнө. Энэ хүний хийсэн, ажилласан олон сайхан уран бүтээлүүд байдаг. Одоо ч гэсэн хийсээр л байгаа. Бидний хувьд Тайвнаа ахыгаа маш их хүндэлж явдаг. Энэ хүний ачаар л бид өдий зэрэгтэй явж байна.

-Зааж, сургахын зэрэгцээ зэмлэх үе ч байсан биз?

-Оддын өвчин гэж хэлдэг л дээ. Энэ өвчнөөр бид дөрөв өвчилсөн. Сүүлдээ бүр дөрвөн биендээ ч оддын өвчнөө гаргасан. Бие биетэйгээ дуугарахгүй явж байсан ч үе бий. Тэгтлээ л од болж байлаа шүү дээ. Харин тэр үед бидэнд гар хүрдэг, зөвлөгөө өгдөг хүн нь Тайвнаа ах. Тайвнаа ахаас өөр хэний ч үгийг сонсохгүй. Бүр хэний ч үгийг шүү. Ерөнхийлөгч хэлсэн ч тоохооргүй байсан байх. Хүн тийм л болчихдог юм билээ. Хүнтэй дуугарахгүй дээгүүр хараад өнгөрнө. Дараа нь тэр бүхнийг нь Тайвнаа ах л засаж, залруулна. “Яахав дээ. Жоохон хүүхдүүд юм чинь. Одоохондоо юугаа ч мэдэхгүй байна. Удахгүй зүгээр болчихно” гэх зэргээр хүнийг аргалж, аргаддаг байсан байгаа юм л даа. Бид нар тэрийг мэдэхгүй. Эргээд өөрсдийгөө бодохоор инээдтэй санагддаг шүү.

-“Камертон” хамтлаг хамгийн сүүлд “Хязгааргүй” хэмээх цомгоо гаргасан байх аа…

-Тийм шүү. “Камертон” хамтлаг маань шинэхэн цомгоо өлгийдөн аваад байна. Харин энэхүү “Хязгааргүй” хэмээх цомогт маань багтсан хоёр дуугаа саяхан дүрсжүүллээ. Мөн тун удахгүй дахин хоёр дуугаа дүрсжүүлэхээр зураг авалтдаа ороод явж байна даа. Сонирхуулахад, би нэг зүйлийг сайн ойлгоод байгаа юм. Юу вэ гэхээр хамтлагийн маань дуунууд Youtube сувагт маш их хандалт авсан байдаг л даа. Зарим нь бүр давтагдсан тоогоор таван сая орчим хандалт байх жишээтэй. Гэсэн ч “Би чамд хайртай”, “Хайрлая чамайгаа”, “18 нас” гэх мэтчилэн хит дуунуудыг минь хэзээ ч гүйцдэггүй. Ер нь хандалт сайтай байгаа дууг тайзан дээр гараад дуулахаар үнэхээр хандалттай байсан эсэх нь эргэлзээтэй болоод ирдэг л дээ. Бид нар ч сүүлдээ үнэхээр цахим орчинд хандалттай ч тайзан дээр дуулагдах болоогүй байна гэдгийг мэдэрдэг болчихсон. Тэгэхээр би Youtube сувагт итгэдэггүй юм.

-Та ганцаарчилсан уран бүтээлдээ хэдийнэ ханцуй шамлан орж хэд, хэдэн цомгоо гаргаад амжсан. Харин сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Би уянгын дууг сонсох бас дуулах их дуртай. Тэгэхээр цаашид уянгын дуу дуулах бодолтой байна. Тэр дундаа монгол аялгуутай уянгын дуу их сайхан санагдаад байгаа. Уул нь энэ одоохондоо нууц байх ёстой юм шүү дээ. (инээв)

-Хамтлагийн тань гишүүн Г.Мэнд-Амар “Яг түүн шиг” шоунд оролцсон. Энэ шоунд оролцож байсан хүний хувьд ямар үнэлэлт, дүгнэлт өгч байв даа?

-Манай Мээдээ маань яах аргагүй чадварлаг оролцогчдын нэг байсан. Бид маш их дэмжиж байлаа. Гэхдээ шүүгч нар жаахан дараад байна уу даа гэж анзаарсан. Яахав Мээдээ маань их юм үзсэн, өчнөөн шагнал урамшуулал хүртэж байсан болохоор дараад байсан байж болох юм. Гэхдээ тэмцээн бол тэмцээн шүү дээ. Миний бодлоор хоёр ч дугаарт түрүүлчихсэн байсан юм бишүү гэж бодогдсон. Би ч бас өөрийнхөө “Gangnam style” дууг дуулснаа хараад түрүүлэхээр л байж дээ гэж харсан шүү.

Нээрээ хүмүүс “Камертон”-ыхон Мээдээг дараад байсан юм бишүү” гэх нь цөөнгүй байсан. Манай Мээдээ бол амьд хөгжмөөр ярих юм бол контур басс шүү дээ. Ийм хоолойтой хүн угаасаа л Монголд гарын таван хуруунд багтахаар байдаг. Ийм дуучинтай учраас манай “Камертон” хамтлаг азтай юм байхгүй юу. Хэрвээ Мээдээгүйгээр манай хамтлагийнхан дуулах юм бол гурван охин гарч ирээд л дуулж байгаа юм шиг сонсогдоно. Тийм шингэн болчихдог. Мээдээ ороод ирэнгүүт л эрчүүд дуулж байгаа юм шиг сонсогдоно шүү дээ.

-Ингэхэд таны онцлог зан чанар юу вэ?

-Би юуг ч нууж, далдлах дургүй. Сайхан бол сайхан, муухай бол муухай гээд л хэлчихдэг. Юу гэж бодох нь тэр хүний дур. Би хүнд ая тал засаж чаддаггүй. Энэ миний хамгийн том дутагдал. Бас нэг талаараа давуу тал ч байж болох юм.

Categories
мэдээ цаг-үе

Богдын Сэрүүн дэнж буюу Зуунмод хот

Зуунмод хот Манзуширын хийд талаас ингэж харагддаг.

Хүмүүс Төв аймгийн Зуунмод сум гэж ярьцгаадаг. Харин Зуунмодод нь оршин суугаа иргэд нь Зуунмод хот гэж ярих дуртай. Сум гэхээр бүхэл бүтэн аймгийн төвийг тэгж доош нь хийгээд байхдаа яадаг байна аа гэж дургүй байдаг юм.

Зуунмод үүсэн байгуулагдсан түүх нь Манзуширын хийдтэй салшгүй холбоотой.

1733 онд Манзуширын хийд байгуулагдсан цагаасаа тухайн үедээ л мандан бадарч он жил улирах тусам сүм дуган нэмэгдсээр ойр хавьдаа л томд тооцогдох шашны гол газар болсон байдаг. Хэдэн мянган лам цуглан хурал хурдаг байж. Ид цэцэглэж хүчээ авч байсан Манзуширын хийдийг 1937 онд нурааж буулгасан бөгөөд одоо тууриуд нь буй.

Бага хурлын Тэргүүлэгчдийн 1942 оны тогтоолоор Төв аймгийг Улаанбаатар хотоос Зуунмодны амны Сэрүүн дэнжид төвлөрүүлэх шийдвэр гаргасан бөгөөд Зосын давааны ард байрлаж байсан Сэргэлэн сумын төвийг нүүлгэн ирүүлж Засаг захиргааны харьяалал бий болгосноор Зуунмод хот үүсч хөгжих эхлэл тавигдсан гэж түүхэн сурвалжид бичжээ.

Манзушир хийд бол зуунмодчуудын бахархал. Хөдөө гадаанаас ирсэн зочид гийчдээ дагуулж очдог гол газар нь, мөн амралтын өдрүүд, зуны сайхан өдрүүдэд зугаалж, агаар салхинд гардаг ганц газар нь Манзуширын хийд, Зуунмодны ам. Хүүхэд байхдаа Зуунмод хот, Манзуширын хийд, Дондогдуламын рашаан, Бөхөгийн хөндий, Хөшигийн хөндий, Самдан баатар, Д.Нацагдорж, Мөнх алдарын талбай гээд л аймагтайгаа, хоттойгоо холбоотой үүх түүхийг нэг нэгнээсээ дуулж мэдээд өөр нэгэнд дамжуулж ярьцгаадаг байлаа. Зуунмодын сурагчид намар хичээл эхэлсний дараа эсвэл хавар улсын шалгалтын өмнө хойшоогоо Богд уул руу зугаалгаар гарцгаана. Зуунмод хотын төвөөс Манзуширын хийд хүртэл найман км. Далан давхар хэмээх гамбир, элсэн чихэр, маслотай талх, чихэртэй хар цай сэлтээ үүргэвчиндээ хийчихээд л ангиараа хойшоо гараад алхчихна даа. Зуунмодны амаар өгсөөд Манзушир руу орох гэхээр “Тасалбар ав” гэнэ. Бидэнд ямар мөнгө төгрөг байх вэ дээ. Хөөгдөн туугдан байж уул хадаар зугтаан Манзуширын хийд рүү очиж чадна. Гэхдээ байнга ингэж ой хамгаалагчтай хэрэлдэхгүйн тулд баруун талынх нь Айргийн амаар өгсөнө. Уг амаар оруут л ойн цэнгэг агаар цээж дүүргээд хөвч биш их далайд ороод ирсэн мэт толгой дээр моддын навчис давалгаалан шуугина. Дөрөвдүгээр сарын эхээр ойд хүйтэн. Ялангуяа шил газартаа цас, мөстэй. Гэсэн ч хавар эртийн яргуй, цэцэг гарчихсан л байдаг. Ингэж явахдаа хүүхдүүд хэнээс ч юм дуулсан аймшгийн явдал, болсон явдал ярьцгаана. Тойрч суугаад нэгнээ анхааралтай сонсоно. “Энэ Самдан баатар гэдэг чинь манай аймгийн хүү байсан юм билээ. Цэрэгт татагдаад самурайнуудтай тулалдаж галын шугаманд байлдаж байтал хажууд нь байсан нөхөд нь бүгд үрэгдчихсэн гэсэн. Тэгээд яахав ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг Самдан чинь сумаа барагдтал шүршээд л байж. Сум нь дуусаад аргаа бараад ам нь улайссан буугаа барьж аваад арван хэдэн самурайг буугаар цохиод цааш харуулаад өөрөө ч нас барчихсан байсан гэсэн. Тэгээд буу нь гартай нь түлэгдээд наалдчихсан байсан болохоор буутай нь оршуулсан юм билээ. Ингээд энэ хүний хөшөөг сургуулийн хажууд босгосон нь тэр” гэж нэг нь яриут “Үгүй ээ. Арав биш, хорин самурайг буугаар цохиж алсан гэсэн” гэж мэтгэнэ. Сүүлдээ домогт баатраас болж муудалцахдаа тулж “Чи юу юм, дуугай бай” гэдэгтээ тулснаар түүхэн баатрын тухай яриа өндөрлөнө. Ингээд модод дундуур алхаад бух хар, мөлгөр хадаар дамжиж уруудсаар Манзуширын хийд рүү дээд талаас нь буугаад ирдэг юм. Манзуширын хийдийн туурины хажууханд томоос том тогоо бий. Тогооны дэргэд ирээд бас л хэн нэг нь мэдэмхийрэн “Энэ тогоонд чинь зуун ламын хоолыг хийдэг байсан гэдэг. Ёроол руу нь зоос шидвэл баяждаг” гээд л яриад эхлэхээр өөр нэг нь “Үгүй за, энд чинь 1000 ламын хоолыг хийдэг байсан гэсэн. Бүтэн үхрийн махыг чанадаг байсан” гэнэ. Тэгэнгүүт хэн нэг нь “Хэзээ лам нар мах иддэг байсан юм. Битгий худлаа ярь” гэх. Ингээд л дахиад бөөн хэрүүл. Хэрүүл ч гэх юм уу, юу ч юм. Тиймэрхүү яриа болоод өнгөрнө. Ингээд хийдээс уруудаад Зуунмодны аманд орж ирнэ. Мөн л өөр хоорондоо цэц хаялцаж эхэлнэ дээ.

-Энд нээрээ 100 ширхэг мод байдаг болов уу?

-Юу гэж дээ, хараажаар яавч 100 мод байхгүй. Ямар ч байсан 500, 600 мод байгаа. Худлаа гэвэл тоол.

-Энд чинь дээр үед аймаар тулалдаан болж байсан гэсэн. Та нар дуулаагүй юу. Зуунмодны тулалдаан гэж.

-Тэр чинь Тэрэлжид байдаг Зуунмод гэдэг газар болсон гэсэн ш дээ.

-Зуун ширхэг модтой байсан болохоор Зуунмод гэж нэрлээд урсч байгаа голыг нь Зуунмод, тэгээд хотыг нь ч бас Зуунмод гэдэг болж дээ, тийм ээ.

-Энэ Зуунмодонд самар байгаа болов уу?

-Хэзээ хавар самар ургаж байсан юм.

-Зүгээр л самрын мод байна уу гэж асуусан юм?

Хүүхдүүд төрөлх Зуунмод хотынхоо талаар сонссон мэдээ, сэлт, үүх түүхийг аялал, зугаалгын үеэр иймэрхүү л маягаар нэгэндээ ярина, нөгөөх нь илүү мэддэг болж мэтгэх гэж үзнэ.

Хичээл тараад гол руу гүйгээд оччихно. Харин 2000 он гараад Зуунмодны гол ширгэсэн л дээ. Хур ихтэй жил эсвэл үер буусан үед л урсч байгаа харагддаг. Ган олон жил дараалсныг “Өндөр довын наана байдаг тоосгоны үйлдвэрийн хятадууд гахайн толгой шатаагаад газар булчихсан гэсэн. Тэрнээс хойш манай Зуунмодод хур буухаа больсон” гэж хардацгаана. Зуунмод хотын төвийн хойд хэсгийг Энхтайван, голын цаадхыг Дэнж, зүүн урд талыг Тавдугаар хороо буюу Нацагдорж, төв зам дагуух урд хэсгийг Усны аж ахуй, баруун талыг Номт баг гэнэ. Сэргэлэн сум руу явдаг замын зүүн гар талд салсан зам нь Баянхошуу багт хөтөлнө. Зуунмод хот бол авсаархан, элдэв янзын зүйл байхгүй, зохион байгуулалт нь тун чиг ойлгомжтой газар л даа. Хоттой ойр болохоор иргэд нь хотоос хүнс хоолоо зэхчихнэ. Хувцас хунар ахуйн бүхий л юмаа хотоос аваад ирдэг болохоор худалдаа наймаа төдийлөн дэлгэр биш. Сүүлийн үед зам харилцаа нь сайжирчихсан болохоор хотоос Зуунмодод очиж ажлаа хийчихээд орой нь хот руу буцчихдаг хүмүүс их болсон. Үүнтэй адил Зуунмодоос Улаанбаатар хот руу ажил, хичээлдээ явдаг хүмүүс олон болсон шүү. Тийм болохоор Зуунмод хот зарим талаараа хоцрогдмол, хаягдсан мэт. Уг нь хотын хаяанд, урдхан талд нь байгаа сан. Гэтэл хөгжил дэвшил нь их удаан. Зуунмодод анх ирсэн хүмүүс. “Ямар сонин тайван газар вэ. Их жижигхэн юм аа. Хүмүүс нь тайван, хүмүүсийнх нь байгаа байдал яг л хөдөөнийх. Хүн амьтан ч сийрэг” гэнэ. Аливаа хот, сууринг авардаг ганц зүйл бол үйлдвэрлэл. Сүүлийн жилүүдэд энэ тал дээр дээр дооргүй л анхаарч өрхийн үйлдвэрлэл, газар тариаланг ихэд дэмжиж, хувиараа юм хийх гэсэн иргэдээ дэмжихийг хичээдэг ч тэгсхийгээд л намжчихдаг. Төрийн албан байгууллагын ажилтнууд, хэдэн настан, хүүхэд багачуул гудамж талбайгаар нь хөлхөж харагдах бол ид ажиллах насны залуус нь Улаанбаатар хотыг бараадаад явчихдаг болохоор Зуунмод хот ерөнхийдөө хоцрогдоод байгаа. Харин Майдар гэж том төсөл хэрэгжвэл бид ч гялайх нь дээ. Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орвол манай залуус ч тэтгэвэрт гартлаа санаа зовох зүйлгүй болно доо гэсэн мөрөөдөл төдий итгэл найдвараар л энэ хотынхон амьдарч байна.

1930-аад оны эхэн Манзуширын хийд. Лам нар.

Зуунмод хот бол Улаанбаатар хоттой 45 км хатуу хучилттай авто замаар холбогдсон, эрчим хүч, зам барилга зэрэг дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, үйлдвэрлэл технологийн парк, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал, 100 мянган хүнтэй “Шинэ Зуунмод хот” төсөл хөтөлбөр, 2011-2023 оны “Зуунмод хотын хөгжлийн хөтөлбөр”, “Улаанбаатар-Зуунмод-Хөшигийн хөндий, Налайхын” хурдны авто зам зэрэг шинэ бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн эрин зуунтай золгох эхлэл тавигдаад байна гэж албаны хүмүүс нь ярьдаг. Зуунмодын ажилгүй иргэдийг ажлын байраар хангаад амьжиргааг нь аваад явчих томоохон хэмжээний үйлдвэр, компани байхгүй. Байлаа ч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн сэлтээ Улаанбаатар руу зөөчихдөг. Иргэд нь газар ойр болохоор цалин хөлсөө хамж аваад л хот руу ороод ирдэг. Үнэндээ Зуунмодод гялалзаж гялтайж олон хүнийг татсан үйлчилгээний газар гэж үгүй. Нутгийнхаа буурийг сахисан хэдэн залуус л бизнес, хоршоо гэж хэд хэдэн юм ажиллуулдаг нь гойд их ашиггүй ч байж л байдаг.

Зуунмодын төв дэх таксины зогсоолын арын хуушуур, замын урдах банштай цайны газар бол эндхийн брэнд л дээ. Ээж хад, Манзуширын хийд рүү явж байгаа зам зуурын улс, зугаалагчид энэ хоёр цайны газрыг анддаггүй. Бас аймгийн музей нь тогтмол ажилладаг болохоор хэзээд ч орсон нээлттэй. Хүүхэд, багачуул аймгийнхаа болоод эх орныхоо түүх, байгалийн талаарх мэдээллийг эндээс л авдаг гэж болно. Аймаг өөрийн гэсэн телевиз, сонин, fm радиотой. Уг нь Төв аймгийн, Зуунмод хотын гэх тодотгол зүйлсийг гаргаж ирэх гэж хэн хэнгүй л зүтгэдэг. Ид хийж бүтээх насны залуусаа, өндөр боловсрол эзэмшсэн хүмүүсийг тогтоох, авч үлдэх зүйлгүйдээ л Зуунмод хот маань ийн даруухан харагддаг байх. Түүнээс биш хотуудад байдаг бүхий л юм байж л байна. Ямар нэгэн алдартан төрвөл аймгийн бусад сумд нь аав, ээжийнх нь уг гарвалаар “булаагаад” авчихна. Шанаган тав, шавхруу нь гурвынхан гэж бусад газрынхан жаахан дооёолох маягтай хэлдэг ч үнэндээ Зуунмодод Монгол Улсын газар газраас ирсэн иргэд амьдран сууж байна. Энд зах зээлийн зарчим л үйлчилдэг. Үгүй яахав, явган яриа нь явсаар их л харамч улсууд суудаг газар гэсэн бодол төрүүлчихсэн болохоос биш үнэндээ энд чинь харин ч өгөөмөр, тайван, элдэв янзын зангүй даруухан улсууд суудаг хот л доо. Эргэн тойронд нь том том бүтээн байгуулалтууд өрнөхийн хэрээр хотынхоо өнгө зүсийг тордож тэр их зах зээлд хөлөө дүрэх гээд л зүтгэж яваа ард түмэн.

Зуунмод зундаа аагим шаттал халахгүй. Дэргэдээ голтой, хойноо ойтой, уг нь. Дороо мөнх цэвдэгтэй учир өвөлдөө жиндүү. Салхины ам таарсан учир утаа униар тогтохгүй. Агаар нь сайхан. Тиймдээ ч Богд хаан, хатан Дондогдуламынхаа хамт Зуунмодод зусах гэж ирдэг байсан тухай нутгийн настайчуул ярьж байсныг сонссон л доо. Хойшоо Айргийн ам руу өгсч байхад нэг рашаан бий. Тэр рашааныг Дондогдуламын рашаан гэдэг. Тэгэхээр Богд хаан, хатантайгаа Зуунмодод зусч байхдаа тэр рашаанаас хүртчихээд хойшоо Манзуширын хийд гардаг ч байсан байж мэднэ л дээ.

Хотоос шинэ кино, дуучдын тоглолт ирнэ. Хэн ирснээс, ямар кино ирснээс хамаарч үзэгчдийн суудал дүүрэх эсэх нь хамаарна. Жавхлан, Баясгалан, Поп Сараа нарын акулууд ирвэл театрын суудал дүүрч, хаалга нь хаагдахгүй болтлоо чихнэ. Дээхнэ үед “Гала” хамтлаг ирж тоглолт хийх гээд хөшгөө нээтэл дөрөв тавхан үзэгч сууж байсан гэдэг. Бас “Халтар царайт” киноны жүжигчдээс Санта манай Зуунмодод хөл тавьж байсан удаатай. Харин Санта “Хоёр бөхтэй тэмээг чинь унаж үзье” гэж зуунмодчуудаас гуйтал тэр шөнөжингөө малчин залуус маань ийш тийш харайлгаж, сураг тавиад тэмээ олж чадаагүйдээ их л урамгүйхэн үлдэж билээ. Зуунмодныхон нийслэлийн дэргэд амьдардаг ч тийм цагаахан, сайхан сэтгэлтэй улс.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ нийгэм

Махны үнэ “Хархорин” захад хамгийн хямд байна

“Хархорин” захад махны үнэ хамгийн хямд байна

Нийслэлийн статистикийн газраас долоо хоног тутамд, хүнсний захаар худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний үнийг, өнгөрсөн долоо хоногийн үнийн дүнтэй харьцуулсан судалгааг гаргадаг. Тэгэвл энэ долоо хоногийн хүнсний бүтээгдэхүүний үнийг танилцуулж байна.

Махны үнэ

Хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6155 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7255 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 15 төгрөгөөр буурч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа. Ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5700 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7800 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 15 төгрөгөөр, хонины цул махны үнэ 0.4 хувиар буюу 25 төгрөгөөр тус тус буурчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 4600 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 6500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

Хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 819-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөгийн үнэ ханштай байв. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1220 төгрөгийн үнэтэй байна.

Төмс, хүнсний ногоо

Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 2.7 хувиар буюу 35 төгрөгөөр, лууван 0.7 хувиар буюу 15 төгрөгөөр, хятад сонгино 1.8 хувиар буюу 25 төгрөгөөр буурчээ.

Categories
мэдээ цаг-үе

А.Ооноо: Монгол үндэстнээс Монгол Улс л цэврээрээ байна

А.Ооноо Өмнөд монголын Ордос нутагт төрсөн. 1989 оноос Японы иргэн болсон. Одоо Японы Шизиока их сургуульд багшилж байна. Мэргэжил ХХ зууны түүх судлаач. Тэрбээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдөрт зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцохоор ирээд байхад нь уулзаж ярилцлаа.


-Өвөрмонгол хүн яагаад, хэзээ Японы Шизиокагын их сургуульд очив?

-1989 онд Япон руу гарч, доктор цол хамгаалаад Япондоо суурьшсан. Өмнө нь 1945 оны чөлөөлөх дайн хүртэл Өвөр монгол Японы колони байсан түүхийг хүмүүс мэднэ.

-Колони байхад Япон руу монгол хүн олон гарсан уу?

-Япон хэл мэддэг олон Монгол хүн гарсан, ер нь харилцаа холбоо нь ч их сайн байсан.

-Японд сурахаар очсон уу?

-Тиймээ, Өвөрмонголд их сургуулиа төгсчихөөд, Японд монгол түүх судлалаар сурахаар явсан. 1989 онд Япон яваад, тэндхийн иргэншилтэй болсон. Манай эхнэр Япон хүн байдаг.

-1989 онд Тянь Мины талбай дээр асуудал гарсан, түүнтэй холбоотой юу?

-Түүнтэй холбоогүй, би дөрөвдүгээр сард явсан. Тэр үйл явдал зургадугаар сарын 4-нд болсон үйл явдал.

-Тэрнээс өмнө бас хэд хэдэн жижиг хөдөлгөөн гарсан гэдэг байсан.

-Түүнтэй ч шууд холбоо бол байхгүй. Ер нь тэр талаар мэднэ.

-Япон руу явснаас хойш нутагтаа очсон уу, нутагтаа очиход ямар нэгэн асуудал гардаг уу?

-Жил бүр очдог. Очиход асуудал хааяа гардаг.

-Жишээлбэл?

-Би чинь Монголын XX зууны түүхийг голлож судалдаг. Хорьдугаар зууны монголчуудын түүх бол асуудалтай, зовлонтой түүх юм. 1945 онд Өвөрмонголын монголчууд, Монгол Улсын монголчуудтай Чойбалсан маршалын удирдлага дор нэг улс болох зорилготой байсан. Түүхийн үнэн байдлыг судлах нь бас учиртай.

-Япон руу гарснаас хойш дан Монгол судлалаар ажилласан уу?

-Тиймээ,

-1939 онд Япончууд Халхын гол дээр тулаан хийсэн. Япончууд түүнийгээ Номун хааны тулгаралт гэж ярьдаг. Энэ тулгаралтын талаар Японы хөгшчүүд мэддэг үү?

-Энэ тулгаралтыг бага байхад бага хэмжээгээр ярьдаг байсан. Манай монголчууд Халхын голын дайн гэж ярьдаг. Тулгаралт гэж заадаг нь дайны түүхийг яаж ойлгодог гэдэг үзэл санаа нь. 1990 онд Монголд ирээд улсын музейд Халхын голын дайны тухай тусгай үзэсгэлэнг үзсэн. Энэ талаар Монголын үзэл, Японы үзэл, Өвөрмонголчуудын үзэл өөр өөр байдаг. Манж монголчууд ар монголчуудтай тулалдсан тохиолдол бий.

-1939 онд анх Монголчууд Японтой тулалдсан байдаг. 1966-1976 он хүртэл Хятадад соёлын хувьсгал гарсан. Энэ үед яг юу болсон бэ?

-Миний судалснаар хоёр учир байна. Нэгд тухайн үед социалист хоёр том гүрэн байсан. БНХАУ, ЗХУ зөрчилдөж эхэлсэн. Энэ нь 1950-иад оноос эхлээд 1966 он хүртэл улам ширүүссэн. Мао Цедун Зөвлөлт улс, Монгол Улс хамтарч Хятад улс руу довтлох аюултай гэж үздэг байсан. Тухайн үед Монгол Улсад Зөвлөлтийн цэрэг арми сууж байсан нь нэг аюул. Хэрвээ Зөвлөлт, Монголын цэрэг Өвөрмонголд ороод ирвэл, Өвөрмонголын монголчууд тэдэнтэй нийлнэ гэсэн айдас байсан. Энэ тохиолдолд улсаа хамгаалж чадах уу гэсэн нэг том асуудал байсан. Үүнд жишээ байдаг. 1945 оны наймдугаар сарын 11-нд Монгол цэрэг, Зөвлөлтийн цэрэгтэй Өвөрмонголд ороод ирэхэд халуунаар хүлээн авч Монголтой нэг улс, нэг үндэстэн гэсэн зорилготой байсан. Ингэхээр 1966 онд Монгол цэрэг эргээд Зөвлөлтийн цэрэгтэй Өвөрмонголд ирвэл, Өвөрмонголчууд Дундад улсыг дагахгүй Монголыг дагана гэдгийг мэдсэн. Хоёрдугаар шалтгаан нь Өвөрмонголын өөртөө засах орны дарга Улаанхүү байсан. Улаанхүү, Мао нарын зөрчил ширүүссэн. Улаанхүү, Маогийн үгийг сонсохгүй “Би танаас илүү социализмыг мэднэ. Би Москвад суралцсан хүн, чи Дундад улсаас гарч үзээгүй хүн. Би социализмыг сайн мэднэ” гэдэг байсан. Улаанхүү Өвөрмонголдоо Зөвлөлт шиг улс байгуулах санаатай. Мао Улаанхүүд өгсөн улс нь зөвхөн автономит эрх буюу өөртөө засах орон. Үүнд нь Улаанхүү дургүй. Улаанхүү, малчин удмын эх орноо хөгжүүлнэ гэдэг. Мао Хятад үндэстнээ Өвөрмонголд оруулж ирж колончилох бодлого барьсан. Нэг нь олон улсын, нөгөө нь дотоод зөрчил. Мао соёлын хувьсгалаа эхлүүлэхэд Өвөрмонгол тайван байх ёстой.

-Соёлын хувьсгал хаанаас эхэлсэн бэ?

-Соёлын хувьсгал Өвөрмонголоос эхэлсэн. 1966 оны тавдугаар сарын 1-нд Улаанхүү Бээжинд дуудагдаж очоод хэлмэгдсэн. Тэр үед Улаанхүүг дагаж очсон Өвөрмонголын дээд ноёд, дарга нар ч хэлмэгдсэн. Тавдугаар сарын 16-нд Мао Бээжингээс зарлиг буулгаж, соёлын хувьсгалаа эхлүүлсэн. Улаанхүүг хэлмэгдүүлсэний дараагаар Бээжингээс цэрэг явуулж Өвөрмонголд цэргээ суулгачихаад соёлын хувьсгалаа эхлүүлсэн.

-Соёлын хувьсгалын үеэр Өвөрмонголоос хэдэн хүн хэлмэгдсэн, тэр дотор хэдэн хүн амиа алдсан бэ?

-Миний Англи хэл дээр гарсан ном бий. “Өвөрмонголын соёлын хувьсгалын үнэн байдал”гэдэг ном. Үүнд Дундад улсын талаас мэдээлж байгаагаар бол 27900 хүн алагдаж, 346000 хүн баривчлагдаж, (хуулиар шийтгэгдэж), 120000 хүн зэрэмдэг болсон. Энэ бол маш их тоо учир нь тухайн үеийн монголчууд 13 сая байсан. 13 сая хүнээс ийм олон хүн баригдсан. Өрх бүрээс нэг хүн баривчлагдсан, 50 хүн тутмаас нэг хүн алагдсан гэсэн үг юм. Бээжингээс гаргасан энэ тоонд хэн ч итгэхгүй. Үнэн тоо бол 1970 онд Өвөрмонгол улсын их сургуулийн багш нар судалгаа хийсэн. Бодит тоо нь бол үүнээс нэг дахин их юм.

-Та монголын улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдөрт зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцохоор ирсэн. Энэ хурал ямар зорилготой хурал вэ?

-Тиймээ, энэ маш сайхан хурал боллоо. Зөвхөн хурал биш Хамбын овооны ёслол, өчигдөр түүхийн музейны хажууд байгаа хэлмэгдэгсдийн хөшөө үзсэн, талбай дээр цэцэг өргөх ёслол зэрэгт оролцсон. Тэгэхээр монголчууд 1937 онд хэлмэгдсэн хүмүүсээ түүхэндээ тэмдэглэн оруулж, сүнсийг нь даллаж сайхан явуулсан гэж би үздэг. Энэ нь хорьдугаар зууны социализм монголчуудад өгсөн зовлонтой түүх. Монголчууд энэ түүхээ мартахгүйгээр тэмдэглэсэн байна. Миний биширдэг хэдэн газар байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн тэр их тоо. Ихэнхийг нь хөнөөсөн. Гэхдээ нэр, данстай, архивтай, ямар нутаг ус гээд бүгд Цагаан номны дөрвөн бүлэгт байгаа юм. Үнэхээр мундаг санагдсан. Өвөрмонголд ийм олон хүн хэлмэгдчихээд нэр, архив, тоо ч байхгүй. Өнөөдөр Өвөрмонголд сүүлийн хувьсгал үүсээд 40 жилийн ой болсон. 40 жилийн ой дээр сүүлийн хувьсгалыг ярьж болохгүй, судалж болохгүй, дурьдаж болохгүй. Энэ хориг сүүлийн үед улам чангарсан. Бид хэлдэг. Манай монголчууд сүнсээ далладаг заншилтай. Ийм олон хүн алагдахад хөшөө босгох эрхгүй, хэн алагдсан талаарх данс тоо гэж юу ч байхгүй. Гэхдээ үүнийг би социализмын улаан шуурга гэж боддог байсан.

-Таны энэ ном ямар хүрээнд, хэдэн хувиар, хэзээ гарсан ном бэ?

-Миний ном бол “Хятадын соёлын хувьсгалын үед үй түмээр нь хоморголсон үнэн түүх” гэсэн нэртэй. Энэ номын баримтыг өөрөө арав хорин жил ардын дундаас цуглуулсан материалаараа Монголын цагаан ном шиг есөн дэвтэр ном гаргасан. Ард олон дундаас өөрийн биеэр орж аав ээж, ахмад үеэсээ сурвалжилж, мэдээ цуглуулж өөр таван ном гаргасан.

-Таны ном Япончууд дунд хэр тархсан бэ?

-Японы эрдэмтэн мэргэд, ном унших сонирхолтой хүн бүр мэддэг. Япончууд соёлын хувьсгалыг, тэр дотроо олон хүн хэлмэгдсэн гэдгийг ч мэддэг. Харин Өвөрмонголчууд яагаад хэлмэгдсэнийг мэдэхгүй. Анх энэ номыг Японоор бичсэн. Учир нь хятадууд Өвөрмонголчуудад хоёр ял тулгадаг. Нэгдүгээр ял нь 1945 оноос өмнө Японы тагнуул, 1945-1966 он хүртэл Монголын тагнуул гэдэг байсан. Иймээс бид тагнуул гэж бас хэлмэгдсэн. Японоор бичсэн гол зорилго нь зөвхөн монголчууд Хятадын улаан шуурганд хэлмэгдэж алуулсандаа биш, бид та нартай холбоотой байсан танай тагнуул гэдэг ялаар яллагдаж алуулсан гэдэг түүхийг мэдэх ёстой гэж үзсэн.

-Хэлмэгдүүлэлтийн талаар Өвөрмонголчууд ярих эрхгүй гэж байна. Ийм байхад Монгол Улстай Өвөрмонголчууд чөлөөтэй харилцаж чадах уу?

-Энэ тал дээр хэцүү зүйл байдаг. Жишээ нь энэ жил найман сарын хоёронд Си Жиньпин өөрийн биеэр Шилийн голын зүрх гэдэг газар ирж цэргийн сургуулилт үзсэн. Энэ нь Өвөрмонголчуудад ирж сүрээ үзүүлж байна гэсэн үг цаашилбал Монгол Улсын монголчуудыг сүрдүүлж байна.

-Бээжинд ярьж болохгүй юмыг Монголын сонинд ярьж болох уу, Өвөрмонголын тусгаар тогтнолын өдөр дуучин Тэнгэрийг гэрийн хорионд оруулсан нь үнэн үү?

-Ярьж болно. Би түүхчээр хорь гаруй жил ажилласан. Тэнгэр гэрийн хорионд орсон нь үнэн. Яагаад гэвэл Монголын “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцоод баяртайгаар гэртээ очоод их олон юм ярьсан. Энэ нь нэг шалтгаан. Дараагийн шалтгаан нь Тэнгэрийн хорь гаруй жил дуулсан дууны шүлэг нь үндэсний үзэлтэй. Гэвч тэр дуунд ямар ч улс төр байхгүй тал нутаг, мал сүргийн тухай байдаг. Одоо Өвөрмонголчууд мал сүрэг байхгүй, нутаг байхгүй, нутагт нь хятад хүн суусан тэр бүхнээ санаад дуулсан үндэстний үзэл сэргэнэ гэж хардсан. Тэнгэр бид хоёр нэг нутгийн хүмүүс.

-Хятад, Монголын эдийн засгийн харилцааг та юу гэж бодож байна, ямар түвшинд байгаа вэ?

-Хятадын эдийн засаг, төрийн бодлогод Монгол Улс их холбоотой. Гэхдээ үүнд Монгол Улс хэт их автаж болохгүй гэж боддог. Яагаад гэвэл эрт үеэс монголчууд нүүдлийн соёл боловсролтой, Хятадууд суурьшмал соёлтой учир хоорондоо таарахгүй. Хятадын хэтийн бодлого бол буурай улс оронг хятадууд дунд оруулж хятад болгоно гэсэн бодлого. Монголчууд үгээр явбал Өвөрмонголчууд, төвдчүүд ч нэн хэцүүднэ. Монгол үндэстнээс Монгол Улс л цэврээрээ байна. Энэ цэвэр чиг нь алдагдана. Иймээс Монгол Улс хятадын эдийн засгийн бодлогод гүн орж болохгүй.

-Явуулж байгаа бодлого нь юугаар илэрдэг вэ?

-Хятадууд хамгийн их айж сэргийлж байгаа улс гэвэл төвд биш, уйгар биш, Өвөрмонгол юм. Яагаад гэвэл ямар ч Өвөрмонгол хүн Монгол Улсад ирээд өөрсдийгөө ямар ч эрхгүйгээ мэддэг, олон улс Монгол Улсыг эзэлж чадаагүй. Түвдчүүдэд Далай лам байна. Далай лам бурхан болвол түвдийн асуудал амархан шийдвэрлэгдэнэ. Шинжаань исламын шашинтан дэлхийн исламын шашны нийгэмлэгтэй холбоотой бас амархан шийдвэрлэгдэхгүй. Гэхдээ уйгар хүн улс байгуулсан түүх байхгүй. Тэд тусгаар улс ямар сайхныг мэдэхгүй. Монгол хүн түүхээсээ хүний дээр явсан. Өвөрмонголын монголчууд муу яваа нь анх удаагийн түүх. Тиймээс монгол хүн түүхээ мартаж чадахгүй. Хятадын ерөнхийлөгч нар монголд ирдэг. Гэхдээ монголыг хайрлахын төлөө ирээгүй. Бодлогоо хэрэгжүүлэх гэж ирдэг.

-Өвөрмонголчууд хятадуудын хооронд зөрчил гардаг. Энэ зөрчил нааштайгаар шийдэгдэх арга бий юу?

-Фейсбүүк, Вичатаар хэн хэний нутаг дэвсгэрийг булааж байгааг байнга харуулдаг. Монгол залууг хятад жолооч машинаар дайрч байгааг харсан. Энэ явдал нэг сард, жилд болдог явдал биш. Өдөр бүр ийм юм болдог. Монголчууд 100 жилийн өмнө байсан зөрчил өдийг болтол шийдвэрлэгдээгүй юм байна гэдгийг ойлгож бодно. Ингэхээр Хятадууд өнөөдөр хүчтэй юм шиг үзэгдсэн ч хятадууд тийм хол явахгүй. Хятадын түүхэнд хятадууд нэгдээд хэдэн жил магадгүй хэдэн арван жил болдог ч удалгүй задардаг. Хятадын хэдэн мянган жилийн түүх ийм байсан. Хятадын баян ядуугийн зөрчил их, хятадуудад олон улсын түвшинд жинхэнэ ах дүүгийн холбоотой улс орон байхгүй. Тиймээс хятад улс удахгүй задарна. Тиймээс монголчууд хятад задарвал яахав гэдгээ эртнээс бодлого явуулж эхлэх хэрэгтэй.

-Хятадууд их соёлжиж байгаа мэдээ байдаг шүү дээ.

-Хятад хүн ийм зантай. Хятадад Европын улсууд, Япон зэрэг улсад суралцаад ирсэн хүн их. Гэвч хятаддаа буцаад ирвэл өөрийн соёлдоо шингээд орчихдог. Хятадын төвийн их хурал, бага хуралд ардчилсан системтэй улсад сурсан хүн арвин байдаг. Си Жиньпиний охин чинь АНУ-д сурч байсан. АНУ ямар байдгийг охин нь аавдаа хэлсэн байх ёстой. Гэсэн ч Хятад ардчилсан шугамаар явахгүй.

-Өвөрмонголчууд дунд Хятадыг эсэргүүцэх явдал байна уу?

-Дотроо байдаг гадагшаа бол гаргахгүй. Малаа, бэлчээрээ алдаж байна. Монгол хэл соёлоо хадгалсан ч хүн бий, хэлээ мартсан ч хүн бий. Хятадад 100 жил гурван үеэрээ тариа тарьсан монгол хүн байна. Гэвч одоогийн хятад тариачны хаана ч хүрэхгүй. Монгол хүнд тариа тарих авьяас байхгүй. Хятадууд дунд ядуу нь монгол байна.

Categories
мэдээ нийгэм

Өдөр тутмын сонины анхдугаар форум болж байна

Монголын өдөр тутмын сонинуудын холбооноос Өдөр тутмын сонины анхдугаар форумыг зохион байгуулж байна. “Сонины форум-2017” арга хэмжээгээр Монголын өдөр тутмын сонинуудад тулгамдаж байгаа асуудлууд, тэдгээрийн даван туулах шийдэл зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэж байгаа юм. Тухайлбал, технологид суурилсан цахим хэвлэл мэдээллийг шүтэх болсон энэ цаг үед уламжлалт медиа буюу тогтмол хэвлэл хэрхэн дасан зохицож, хөгжих шаардлагатай талаар салбарынхны санал бодлыг сонслоо.

Дэлхийн жишгээр тогтмол хэвлэл нь мэдээллийн гинжин холбооны тэргүүнд байдаг нь Монгол Улсад ч ижил байдаг. Харин энэ үнэнийг олон нийт, уншигчдад тунхаглаж, мэдлэгтэй, соёлт нийгэмд уриалах нь форумын гол зорилго гэдгийг МӨТСХ-ны ерөнхийлөгч онцолж байгаа юм. Энэ удаагийн форумд өдөр тутмын сонинуудын удирдлагууд, сэтгүүлчид болон мэдээллийн технологийн салбарын төлөөлөгчид, эрдэмтэн баг нар оролцлоо.

“Сонины форум 2017”-ийн үеэр анх удаагаа “Хууль зүйт шударга нийгмийн төлөө эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжих өдөр тутмын сонинуудын тунхаг”-ийг үзэглэв. Энэ санаачилгаар дамжуулан хэвлэл мэдээллийн салбарын дөрөв дэх засаглалын үүргийг улам бүр тодотгохыг зорьж байгаа вм. Тунхагт өдөрт тутмын сонинуудын редакциуд эрэн сурвалжлах чиглэлээр ажиллаж байгаа сэтгүүлийн хөдөлмөрийг үнэлэн, шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлэхээр заажээ. Цэвэр нийгэм, улс төрийн эрүүл орчин, нийгмийн цэвэр сэтгэлгээний суурийг тавихад дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү тунхагт нэгдэж байгаагаа Монголын өдөр тутмын сонинуудын удирдлагууд онцлов.

Форумын дараагийн нэг онцлог нь Монголын өдөр тутммын сонинууд анх удаагаа ёс зүйн тунхгаа албажуулж байна. Ёс зүйн тунхгийг албан бусаар бүхий л өдөр тутмын сонин үйл ажиллагаандаа мэдлэг болгодог. Харин энэ удаагийн форумаар дээлх тунхагт нэг үзэл бодолтойгоор нэгдэж, баталгаажууллаа. Тунхагт аливаа мэдээллийн бодит байдлыг баталгаажуулж, олон талын эх сурвалжаар нотлогдсон мэдээллийг нийтлэх шаардлагыг онцолжээ. Түүнчлэн өдөр тутмын сонины хэвлэн нийтлэх эрх чөлөө нь зөвхөн тухайн мэдээллийг үнэн бодит байдлаар хязгаарлагдахыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгохоо тусгасан байна.

Хууль зүйн шударга нийгмийн төлөө эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжих өдөр тутмын сонинуудын тунхгийг Өдөр тутмын сонинуудыг ёс зүйн тунхагтай хамтатган баталснаар сонины салбар дахь цэвэр, шударга, мэргэжлийн сэтгүүл зүйг унгигчдын өмнө дахин баталгаажуулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах сургалтыг иргэдэд илүү ойроос хүргэв

Гамшгаас хамгаалах сургалтыг иргэдэд илүү ойроос хүргэв

Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв үйл ажиллагаагаа иргэдэд илүү ойроос хүргэх зорилгоор Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас зохион байгуулсан нээлттэй хаалганы өдөрлөгт оролцон үйл ажиллагаагаа сурталчлан ажиллалаа.

Гамшгаас хамгаалах сургалт, дадлагуудыг иргэдэд биеэр мэдрүүлж, сургалт, дадлагыг бодитоор үзүүлэх, хүүхэд, багачууд, иргэдийн оролцоотойгоор зохион байгуулдаг нь тус төвийн онцлог байдаг.

Иргэд өдөрлөгийн үеэр аврах хоолойгоор хэрхэн гарах, өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламжийг хэрхэн үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг хэрхэн ашиглаж сурах зэрэг дадлагуудыг ихэд сонирхон оролцож байлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний спортын их наадам зохион байгуулахаар боллоо

zasagЗасгийн газрын хуралдаан 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаад, Үндэсний спортын YI их наадмыг энэ оны III улиралд багтаан орон даяар зохион байгуулахаар боллоо. Их наадмын анхан шатны тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулах, шигшээ тэмцээнд оролцох баг, тамирчдын зардлыг төсөвтөө тусгаж санхүүжүүлэхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгав.

Их наадамд бүх аймаг, дүүрэг, хүчний болон хууль сахиулах байгууллагын Биеийн тамир, спортын хороо зэрэг 35 байгууллагын тамирчид оролцох юм байна.

Их наадмын хүрээнд мөсний шагай, мөсөн дээрх сурын харваа, тэмцээн болон морин поло, үндэсний бөх, сур, буриад, урианхай сур, ширээний шагай, уран уургач, бугуйлч шалгаруулах тэмцээн, эмнэг булгиулах, жороо морины уралдаан, тэмээ, бүргэдийн баяр, сарлагийн уралдаан болох юм.