Categories
мэдээ цаг-үе

Улсын начин Г.ГАНЖАД: Өсөхөө аварга “Хөлийн цэцүүд чамайг давсан гэсэн. Баяр хүргэе” гээд үнсэхэд сэтгэл уужрах шиг л болсон

Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмаар улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамбаар тав давж, Монгол Улсын начин хэмээх эрхэм цолыг хүртсэн Төв аймгийн Сүмбэр сумын уугуул, улсын начин ГалсанОчирын Ганжадтай ярилцлаа.


-Юуны өмнө таны төрж өссөн нутаг уснаас тань яриагаа эхэлье. Та хэдэн онд хаана төрсөн бэ?

-Хүн өсөж, төрсөн нутгаа дээдэлж, зон олноороо бахархаж явах сайхан. Би 1987 онд Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн. Манай аав, ээж хоёр маань Завханы хүмүүс л дээ. Ааваараа бол Завханых л гэнэ. Гэхдээ анх Сүмбэр нутгаараа харьяалагдаж, зарлуулж гарч ирсэн болохоор энэ сайхан нутгаараа цоллуулж явахыг хүсдэг ээ.

-Таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ. Багын л барилдаж ноцолддог байсан болов уу?

-Мэдээж хэрэг эрэгтэй хүүхэд болж төрснийх үеийнхэнтэйгээ, ах нартайгаа барилдаж, ноцолдож өссөн. Эмээ маань л намайг хүн болгож, өсгөсөн дөө. Учир нь манайх сумын төвд. Харин эмээгийнх маань хөдөө. Тийм болохоор байнга л эмээгийнд байдаг байлаа. Зун болгон эмээгийндээ сургуулийнхаа амралтаар очиж, бусад хүүхдүүдийн адил морь унаж, хонь хариулдаг л байсан.

-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ?

-Миний аав, ээж хоёр маань таван сайхан хүүхэд төрүүлж, өсгөсөн буянтай хүмүүс ээ. Би дээрээ эрдэнэ мэт ганц эгчтэй хүн. Харин доороо хоёр эрэгтэй, нэг охин дүүтэй.

-Танай гэр бүлээс тантай адил бөхийн спортоор хичээллэдэг хүн бий юу?

-Надаас өөр байхгүй ээ.

-Тэгвэл таны удамд…

-Манай аав, ээж хоёрын талд мундаг сайхан барилдаж, ус нутагтаа нэртэй цуутай бөхчүүд байсан. Аавын маань аав Завхан аймгийн Баянтэс сумын харьяат Уснахиа хэмээх сумын заан цолтой мундаг хүн байсан. Сум орон нутгаасаа гарч барилдаж байгаагүй ч төрсөн нутагтаа олон жил их сайн барилдсан хүн байсан юм билээ. Миний аав мөн сумын заан цолтой хүн л дээ. Ээжийн удам ч гэсэн барилддаг улсууд бий л дээ. Ер нь хоёр талаасаа л бөхийн удамтай хүн л дээ би.

-Үндэсний бөхөөр хэзээнээс хичээллэж эхэлсэн юм бэ?

-Дунд сургуулиа төгсөөд, 2005 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуульд уран барилдаант улсын начин Адъяахүү багшийнхаа шавь нь болж, энэхүү үндэсний спортод хөл тавьсан даа. Тэр цагаас эхэлж заал танхим, орон нутгийн барилдаануудад барилдаж эхэлсэн. Тухайн үед “Аварга” сургууль үндэсний бөхийн анхныхаа ангийг нээж байсан юм. Манай ангиас өдгөө улсын цолонд хүрсэн нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат улсын начин Сангисүрэн нөгөөх нь би болж байна. Өнөө цагт барилдаж буй шилдэг аймгийн цолтонгууд манай ангид бий л дээ. Өнөө жил Өмнөговь аймгийн наадамд түрүүлсэн аймгийн хурц арслан Дарханбат, Ховдын Тайван, Хөвсгөлийн Баттүвшин, Өвөрхангайн Наранбаатар, Архангайн Бат-Эрдэнэ, Хэнтийн Ганцоож нарын аймгийн цолтонгууд их ээ. Энэ хүчтэй, хийморьтой ангиараа бахархаж суудаг даа. Сургуулиа төгсчихөөд нутгийнхаа бөхчүүдтэй хамт бэлтгэл сургуулилт хийж байна.

-Улсын баяр наадамд анх хэдэн онд зодоглож байв?

-Өнөө жил тав дахь жилдээ барилдаж байна. Анх 2012 онд аймгийн арслан болчихоод улсад ирж барилдаад хоёрын даваанд Өмнөговь аймгийн харьяат бөх улсын начин Сумъяад өвдөг шороодож байв. Дараа жилийнх нь наадмаар хоёр давж, гурвын даваанд Бямбажав харцагад унасан. 2014 онд гурав давж, дөрвийн даваанд Доржсамбуу гарьдад өвдөг шороодсон юм. Өнгөрсөн жил хоёрын даваанд уначихаад бэлтгэл сургуулилтаа сайн хийж, алдаанаасаа суралцаж ирэх жилийнхээ наадмаар зодоглоно гэж бодсон. Ингээд өнөө жил тав давж, өөрийнхөө хүссэн цолондоо хүрч, сайхан наадсан.

-Өнөө жилийн баяр наадмын гол шуугиан нь яах аргагүй Санжаадамба аварга та хоёрын барилдаан байлаа. Энэхүү барилдааны тухайд ярихгүй юу?

-Наадмын дараа интернэт сүлжээгээр сайн, муу олон ч шүүмжлэл хүртлээ. Олны дунд сайн, муугаа дуудуулах хэцүү л юм билээ. Миний хувьд өнөө жил хүчит аваргатай үнэхээр одтой, хийморьтой л барилдлаа. Энэ том аваргаар тав давж улсын цолонд хүрнэ гэдэг бахархмаар сайхан л санагдсан. Бид хоёрын барилдааныг би биш хөлийн цэцүүд шийдвэр гаргаж, намайг давсан гэж үзсэн. Тийм болохоор би яах ч билээ. Наадмын өмнө бэлтгэл сургуулилт хийж байхад Монголын Үндэсний бөхийн холбооноос “Энэ жил барилдааныг камерын бичлэгээс удаашруулан үзэж, ямар нэгэн шийдвэр гаргахгүй шүү” гэж анхааруулан хэлж л байсан. Бичлэг үзэж шүүхгүй гэсэн дүрмээ баримтлаад л шийдсэн.

Ер нь камерын бичлэг шийдвэр гаргахад үндэслэл болж чадахгүй л юм билээ л дээ. Яг ижил түвшинд олон талаас барилдааны дүрсийг нь авч байж л шүүх боломжтой юм билээ. Тэр утгаараа холбогдох хүмүүс нь шийдвэр гаргасан байх. Миний хувьд хөлийн цэцийн шийдвэрийг л дагасан. Хөлийн цэцүүд дахин барилдуулна гэсэн бол би дахиад л барилдах байлаа. Эсвэл намайг унасан гэвэл би элэг бүсээ тайлаад тахимаа өгөх л байсан. Эцсийн шийдвэрийг би биш бид хоёрын барилдааныг дэргэдээс үзсэн хөлийн цэцүүдийн л шийдвэр шүү дээ. Би дүрмээрээ л барилдсан. Нэг нь цолоо ахиулах, нөгөө нь цолонд хүрэхийн төлөө сайхан л барилдсан гэж бодож байна.

-Тавын даваанд таны засуулаар ямар хүн ажиллаж байсан юм бол?

-Тэрийг одоо сайн санахгүй юм.

-Та ер нь аваргад амлуулна гэж бодож байв уу?

-Яг Санжаа аваргыг авна ч гэж нэг их бодоогүй шүү. Гэхдээ дээгүүр л очих байх, хэн нь ч авсан зоригтой сайхан барилдана гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан л даа.

-Наадмаас хойш Санжаадамба аваргатай нүүр тулж уулзав уу?

-Яг ч нүүр тулж уулзаагүй. Ер нь л таараагүй шүү. Би чинь “Алдар” спорт хорооны бөх. Наадмын дараа шинээр улсын цол хүртсэн бөхчүүдээ Г.Өсөхбаяр аварга тэргүүтэй “Алдар” спорт хорооныхон маань хүлээн авч уулзсан юм. Тэр үеэр Өсөхөө аварга “Нэгэнт хөлийн цэцүүд чамайг давсан гэж үзсэн учир өөр юу ярих билээ. Баяр хүргэе” гээд үнсэхэд сэтгэл уужрах шиг л болсон шүү. Санжаадамба аварга бол том аварга шүү дээ. Миний хувьд үргэлж л хүндэлж явдаг бөхчүүдийн нэг.

-Улсын цолонд хүрчихээд төрийнхөө есөн хөлт цагаан тугнаасаа адис авчихаад буцахад ямар санагдах юм?

-Ёстой сайхан. Үгээр хэлэх аргагүй л юм билээ. Тухайн үед нэг л зүйл бодогдсон. Манай аав бурхан болчихсон л доо. Тэгээд аавыгаа л их бодсон. Тав давчихаад есөн хөлт цагаан тугаа тойрох мөчид аав минь бодогдож, нулимс унагасан. Өмнө сумын заанаас шууд аймгийн арслан цол хүртэхэд ч гэсэн аавыгаа бодож, уйлж л байлаа. Цаашаа улам сайн барилдаж, цолоо ахиулах болно.

-Төв аймаг бол Монгол бөхийн өлгий болсон нутаг шүү дээ. Харин танай сумаас улсын алдар цолтой бөх бий юу?

-Манай нутгаас төрөн гарсан улсын алдар цолтой домог болсон бөхчүүд их ээ. Төв аймаг 27 сумтай. Үүнээс есөн сумаас улсын цолтой бөх төрөөгүй байж. Өнөө жил би улсын начин цол хүртсэнээр энэ тоо найм болсон л доо. Өнөө жил манай сумын 40 жилийн ой тохиолоо. Энэхүү түүхэн ойгоо манай нутгийнхан үнэхээр сайхан тэмдэглэлээ. Нийт нутгийн зон олон болоод монголын ард түмэндээ баярлаж, талархаж явдагаа илэрхийлье ээ.

-Улсын цолтой залуу бөхийн хувьд найраа, допинг гэх асуудлын талаар ямар бодолтой байдаг вэ?

-Бөх хэмээх өв соёлыг өнөө цагт гутааж байгаа зүйл нь найраа, допинг юм болов уу л гэж боддог. Миний хувьд эдгээр зүйлээс хол явдаг хүн. Тамирчин хүнд үнэхээр хортой зүйл шүү дээ. Тиймээс залуучууд маань ухамсартай л хандах учиртай.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу. Таны хүүхдүүдээс барилдах эвсэлтэй ч гэх үү ирээдүйд бөх болчихмоор хүүхэд анзаарагдаж байна уу?

-Би одоо гурван хүүтэй. Дөрөв дэх хүүхдээ өлгийдөж авах гээд л байна. Эхнэр маань охин, хүү гэдгийг нь хэлэхгүй л байгаа. (инээв) Манай эхнэр Завханых. Гэхдээ Сэлэнгэд өссөн хүн. Манай хадам аав ч бас сумын цолтой бөх хүн байсан л даа.

-Таны цаашдын зорилго юу байна?

-Мэдээж хэрэг бэлтгэл сургуулилтаа сайн хийж, цолоо ахиулан барилдах бодолтой байна. Юун түрүүнд энэ хүндтэй цолоо батлахын төлөө зорино. Ард түмнийхээ хүндэтгэл, хайр буяныг дааж, улам илүү л хичээж, өшөө өндөр цолонд хүрэх юмсан л гэсэн бодолтой, зорилготой байна.Миний амжилттай байнга цуг байдаг Сугаррагчаа захирагчтай Зэвсэгт хүчний 311 дүгээр анги хамт олондоо баярлаж явдаг. Мөн Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээний хамт олондоо талархаж байна. Тусалж дэмждэг бүх л хүмүүстээ баярладаг шүү.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь бүлгээрээ хэлэлцэж НИТХ-ын дарга тодорно

НИТХ-ын даргыг сонгох асуудлыг УИХ дахь бүлгийн хурал дээрээ шийдэхээр болжээ. Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Сүхбаатар дүүргийн засаг дарга байсан Г.Төмөрбаатар болон Д.Баярсайхан нар НИТХ-ын даргад өрсөлдөж байгаа. Ийн МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар НИТХ-д нэр дэшсэн гурван эрхмийг хэлэлцсэн ч МАН-ын бүлгийн хурлаараа хэнийг сонгохоо хэлэлцсэн нь зүйтэй гэж үзлээ.


Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Эмнести Интернэшнл” байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өнөөдөр (2017.09.21) “Эмнести Интернэшнл” байгууллагын Олон улсын үйл ажиллагаа хариуцсан ерөнхий захирал Минар Пимпл болон тус байгууллагын Зүүн Азийн бүс нутгийг хариуцсан захирал Николас Бикүелен нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд ноён Минар Пимпл хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт талархал илэрхийлээд гурван асуудлаар ярилцахаар ирсэнээ дуулгасан юм. Энэ үеэр “Эмнести Интернэшнл” байгууллагаас жил бүр гаргадаг “Дэлхий дахины хүний эрхийн байдал 2016” судалгааны тайлангаа Д.Цогтбаатарт гардуулж өглөө.

Тэрбээр “Монгол Улс цаазаар авах ялыг халж бүс нутагтаа үлгэр жишээ орны тоонд багтсан нь маш чухал. Энэ ч үүднээсээ цаазаар авах ялыг гүйцэтгэсээр байгаа орнуудад туршлагаасаа хуваалцах, тэдэнд зөвлөгөө өгөх боломжтой гэж бодож байна. Нөгөөтэйгүүр манай байгууллага ихээхэн өөрчлөгдөж байгаа. Бидний хамтын ажиллагаа зөвхөн судалгаа гаргаж, зөвлөгөө өгөөд зогсох биш илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтойг дуулгах гэсэн юм. Монгол Улсын тухайд чанартай боловсрол олгох, эрүүл мэндэд анхаарах, ядуурлыг бууруулах, баялгын тэгш хуваарилалтыг бий болгох, иргэдийн хуулийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, орон сууцаар хангах зэрэг өргөн хүрээний асуудлууд тулгарч байгааг дурдах хэрэгтэй. Эдгээрийг шийдвэрлэх арга зам, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгоход Засгийн газрын үүрэг оролцоо маш чухал юм” хэмээв.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Зөвхөн нэг судалгаанд суурилж хөгжлийн бодлогыг тодорхойлж болохгүй, олон талаас нь судалж байж чанартай бодлого төрнө. Манай улс олон саад бэрхшээлтэй тулгардаг ч ололттой зүйлс ч бий. Бид асуудлыг хойшлуулаад байвал асуудал хэвээрээ л байна. Иймээс цаг алдалгүй асуудалтай нүүр тулж ажиллах нь чухал. Ер нь Монгол Улс туршилтын үедээ явж байна. Үүнийг даван гарахад та бүхний хийж хэрэгжүүлэх ажил чухал учраас цаашдаа хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж ажиллаасай гэж хүсч байна” гэлээ.

Дараа нь талууд бусад асуудлаар ярилцаж, санал бодлоо солилцсоноор уулзалт өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Үндэсний номын баярын өдөр” 22-23-нд болно

Зураг“Ulaanbaatar Book Fair” номын баяр энэ сарын 22-23-нд Сүхбаатарын талбайд болно. 20 дахь удаагийн номын баярын үеэр хэвлэлийн газрууд, номын дэлгүүрүүд бүх номоо 5-90 хувь хямдруулах бөгөөд хуучин номын асраас олдоц муутай ховор номуудыг ч авах боломжтой.

“Интерном”, “Аз хур”, “Монсудар”, “Тагтаа”, “Непко”, “Мир”, ”Импати ХХК”, ”Books in English”, “Болор судар” зэрэг асруудаас гадна нэрт зохиолчид, хуучин номын худалдаа эрхлэгчид зэрэг Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг бүхий л газрууд талбайд чуулах юм. Энэ үеэр уншигч та бүхэн “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, нийтлэлчдийн зохиол бүтээлтэй танилцаарай.
Номын баярын үеэр уншигчдад хүрэх, хараахан худалдаанд гараагүй шинэ номууд болон тус баярын үеэр худалдан авах боломжтой шинэ соргог номын мэдээллийг уншигчдадаа хүргэж байна.

ПИГИЙН АМЬДРАЛ

Дэлхий дахины дөчин хэлэнд орчуулагдаж, 10 сая хувь борлогдсон “Пигийн амьдрал” хэмээх гайхалтай романыг манай орны уншигчид киногоор нь илүүтэй мэдэх биз ээ. Тэгвэл “Тагтаа паблишинг”-ийн хамт олон орчин үеийн утга зохиолын сор бүтээлүүдийн нэг болох уг романыг зохиогчоос авсан албан ёсны эрхтэйгээр Канадын “Westwood Creative Artists” хэвлэлийн агентлагтай хамтран монгол уншигчдадаа өргөн барьж байна.

Энэхүү номыг залуу орчуулагч Батсайханы Сувддулам уран яруу, утга төгөлдөр орчуулан монгол уншигчдын гарт хүргэж байгаа гэнэ.

Зохиолч Янн Мартел 1963 онд Канадад төржээ. “Пигийн амьдрал” роман нь 2002 онд англи хэлт утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал болох Мэн Бүүкэрийн шагналыг (Man Booker Prize) хүртэж, Нью Йорк Таймсын шилдэг борлуулалттай номын жагсаалтыг жаран нэгэн долоо хоног тэргүүлсэн байна. 2012 онд “Пигийн амьдрал” романаар хятадын нэрт найруулагч Ан Ли ижил нэрт кино хийж, Оскарын хэд хэдэн төрөлд шагнал хүртсэн байна.

СҮҮДЭРТ ГЭТЭХ АЛБИН
Японы адал явдалт зохиолын хаан Эдогава Рампогийн “Сүүдэрт гэтэх албин” орчуулагч Д.Дашмөнхийн монголчилсноор хэвлэгдэн гарчээ. Энэ бол түүний хамгийн алдартай зохиолуудын нэг бөгөөд тус туужаас сэдэвлэн хэд хэдэн кино бүтээгджээ.

“Түүний зохиолуудыг гажиг сэтгэхүй, хэвийн бус гэмээр секс элемэнтүүд, ухамсраас гадуур орших бодит байдал, айдас хүйдэс төрүүлэх далд ухамсрын үйлдэл, ургуулан бодох тусам биелчихэж болмоор, биелэх тусмаа цочирдон ухаан алдмаар аймшигтай явдлуудын товчоо гэж хэлье л дээ” хэмээн орчуулагч өгүүлсэн юм.

Цагтаа Эдгар Аллан По америкийн романтизмийн үлгэр жишээ болсон бол Эдогава Рампо утга зохиол дахь модернизм хийгээд постмодернизмийн их давалгааг ажралгүй давж, тэр бүү хэл түүнтэй зохицон орчин цагийн японы урлагийн бас нэг өвөрмөц өнгө төрх нь болж хувираад байгаа юм.

Бүхий л зүйлс яг зүүд шиг, орчин үеийн бүх урлагийг нэгэн дор цутгасан мэт өрөөнд төөрчихөөд гарч чадахгүй байгаа хүн шиг байдалд уншигчдыг аваачдаг. Тэнд бид хар дарсан зүүдэндээ л үзэж болмоор аймшигт аллага, солиот хүмүүсийн зугаа цэнгэл, зохиолчдын уран сэтгэмжинд төөрөлдөж гүйцээд өөрийнхөө гар хөлийг зүсч үзмээр санагдах жинхэнэ садомазохист болон хувирч эхлэхэд л Рампо уншигчаа өнөөх хонгилоос огцомхон хөөгөөд гаргачихна. Энэ л түүний төгс чанар, япон хэв маяг юм.

“САРТР” – ЗУРАГТ ХӨТӨЧ

“Тагтаа” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй философийн зурагт хөтөч цувралын эхнийхээр XX зууны хүн төрөлхтний сэтгэлгээний хамгийн том ололт болох модернизмын тухай өгүүлсэн “Модернизм – зурагт хөтөч” номыг уншигчдадаа танилцуулсан билээ. Тэгвэл цувралын дараагийнхаар XX зууны хүн төрөлхтний оюун сэтгэлгээний бас нэгэн том тунхаг болсон экзистенциалист философийг үндэслэгч Жан Поль Сартрын тухай өгүүлсэн ном хэвлэгдэн гарлаа.

“Байх ба юу ч биш”, “Огиудас”, “Үг” зэрэг олон бүтээлийн эзэн тэрбээр XX зууны хамгийн урт настай, бас ч үгүй төвөгтэй үзлийн нэг болох экзистенциализмын эцэг хэмээн хүндлэгддэг.

Энэхүү бүтээлд Сартрын ажил, амьдрал, марксист үзэл, 1968 оны оюутны хөдөлгөөн болон гуравдагч ертөнцийн орнуудын үндэсний чөлөөлөх хөдөлгөөнийг дэмжиж байсан тухай, феминист Симон дэ Бовуартай насан туршдаа тогтоосон харилцаа, жир бус хүүхэд нас нь францын нийгмийг үзэх үзэлд нь хэрхэн нөлөөлсөн тухай өгүүлдэг ажээ.

ГАЗАР ДОРООС БИЧСЭН ТЭМДЭГЛЭЛ

Достоевскийн “Газар дороос бичсэн тэмдэглэл” тууж нь бүтцийн хувьд өөр хоорондоо төдий л холбоогүй хоёр хэсгээс бүрдэнэ. Энэ хоёр хэсгийн аль алийг нь өмнө нь байгууллагад алба хашдаг байсан хэдий ч одоо Санкт Петербургийн захын нэгэн дүүрэгт газар дорх хуучирч муудсан хонгилд нийгмээс тусгаарлагдан амьдарч буй дөчин настай эр буюу “би” баатар хүүрнэж, өөрийн гутранги амьдралын үзлээ уншигчтай хуваалцана.

Зохиолын харьцангуй богино эхний бүлэг нь “Газар дор” нэртэй. Энэ бүлгийн “Би бие муутай хүн… Би хорлонтой муухай хүн. Би бас нүдэнд хүйтэн хүн” хэмээсэн эхний өгүүлбэр нь уншигч, судлаачид дунд тун зартай билээ.

Үүний дараагаар, туужийн үйл явдал уншигчийн таамаглан хүлээсэн байдлаар өрнөхгүй; харин нэгдүгээр биеийн хүүрнэгчийн өөрийн тухай, түүнтэй нэг үед амьдарч буй хүн зоны тухай, түүнчлэн 1860-аад оны Орос, Европын гэнэн итгэмтгий сэхээтнүүдийн тухай дотоод сэтгэлийн мэтгэлцээнээр үргэлжилнэ. Туужийн эхний хэсэг хүүрнэгчийн дотоод сэтгэлдээ өөртэйгөө мэтгэлцэж буй тухай арван нэгэн богино бүлгээс бүрддэг.

ЛОНХОНД БАЙСАН ШҮЛГҮҮД

“Тагтаа” хэвлэлийн газар дэлхийн уран зохиолын үнэ цэнтэй бүтээлүүдийг монгол хэлнээ орчуулан уншигчдад хүргэхээс гадна өөрийн үндэсний утга зохиолоо залуу үеийн уншигчдад сурталчлан таниулах үүднээс монголын уран зохиолын шилдэг бүтээлүүдийг сорчлон хэвлэдэг билээ. Төрийн шагналт зохиолч Далхаагийн Норовын шилдэг бүтээлүүдийг “Тэжээвэр тэргүүт шилмэл бүтээлийн чуулган” нэрийн дор эмхэтгэн хэвлүүлснийг уншигчид андахгүй.

Харин энэ удаад тэд яруу найрагч Б.Батзаяагийн “Лонхонд байсан шүлгүүд” түүврийг нэн шинэ үеийн яруу найргийн нэгэн содон өнгө, жиг сэтгэлгээ, тод хэл, яруу дуун болж чадна хэмээн итгэж уншигч олондоо хүргэж байна. Яруу найрагч Б.Батзаяа өмнө нь “Баяртай гуниг минь”, “Догдлолууд” нэртэй шүлгийн түүврүүдээ хэвлүүлсэн байна.

МИХАИЛ БАХТИН ХИЙГЭЭД АРТУР ШОПЕНГАУЭР

“Утга зохиолын судлал шинжлэл” цувралын ээлжит ботиуд уншигчидтайгаа уулзахад бэлэн болжээ. Европын роман судлалд шинэ онолыг бүтээж, уран сайхны зарчмыг шинэчлэсэнээрээ алдартай Оросын соёл, урлагийн онолч, хэл судлаач Михаил Бахтины “Эпос хийгээд роман” хэмээх манай утга зохиол судлалын салбарт ойрд хэвлэгдээгүй суурь судалгааны бүтээл 13 дахь ботид бууриа дугуйлжээ. Уран зохиолын ерөнхий онолын асуудлууд, жанрын онолын чиглэлээр хэд хэдэн ном хэвлүүлсэнээс хамгийн чухаг нь энэхүү бүтээл юм.

“Хүмүүний амьдрал утга учиргүй, оршин буй ертөнц “байж болох орчлонгийн туйлын тааруу хувилбар” гэж анхлан өгүүлж байсан Германы философич Артур Шопенгауэрын оюун санааны ертөнцөд үргэлжид хүчирхэгээр цуурайтсаар байдаг гүн ухааны дэвшилтэд бөгөөд уран хурц хэллэг бүхий үзэл санааг мэдэхгүй, мэдэрдэггүй хүн үгүй. Монгол хэлнээ гутрангуй гэгддэг үзлээс нь болоод ч тэр юм уу бараг орчуулагдаагүй байдаг. Тэгвэл түүний алдарт “Хүсэл зориг, төсөөллийн ертөнц” зохиолоос болон ёгт үлгэр, афоризм, параболууд орсон нэн сонирхолтой бичлэгийн хэлбэртэй “Маргаанд ялах урлаг” ном философич Будгалын орчуулгаар 14 дахь боть болон гарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын бяцхан моделууд олон улсын загварын шоунд онцгойров

Монголын гэрэлт ирээдүй болсон үзэсгэлэнт бяцхан охид дэлхийн загварын олимпод авьяасаа сорь байгаа билээ. Тодруулбал энэ сарын 17-23-ны өдрүүдэд Гүрж улсын нийслэл Батуми хотод зохион байгуулагдаж буй дэлхийн загварын олимп “Top Teen Model of the Planet- 2017″, мөн “Top Child Model of the Planet -2017” буюу дэлхийн хүүхдийн загварын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа юм. Авьяаслаг бяцхан үрс маань энэ сарын 14-ний өдөр Гүрж улсыг зорьсон.

Монгол Улсын багийн бүрэлдэхүүнийг “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагын тэргүүн, хатагтай Энэбишийн Оюунтунгалаг, “Мисс Монголиа” аялал жуулчлалын холбооны тэргүүн Б.Гантогоо нар ахалж яваа юм. Тэд дэлхийн бяцхан миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцох хамтын ажиллагааны гэрээ байгуулж, албан ёсоор оролцож байна. Энэ удаагийн тэмцээнд “Охидын мисс төв”-ийн “Шилдэг модель” Наранболдын Эмүжин, “Seoul LBMA STAR AGENCY TOP 7” Сугармаагийн Түмэнжаргал, “Бяцхан мисс-2016” Улсын уралдаант тэмцээний “Шилдэг оролцогч”, “Охидын мисс төв”-ийн “Шилдэг модель” Анхбаярын Маралгуа, Дорноговь аймгийн “Оны шилдэг хүүхэд”, “Охидын мисс төв”-ийн “Шилдэг модель” Гансүхийн .Уянгадарь, Эрдэнэт хотын “ТОП” загварын “ТОП” загвар модел, загвар өмсөгч Эринаагийн Охиноо Монголынхоо хацар, үзэсгэлэнт бяцхан охидын төлөөлөл болж, дэлхийн тайзнаа авьяас чадвараа сорьж буй юм.

Монголын авьяаслаг хүүхдүүд, бяцхан моделуудын оролцож олон улсын тэмцээнүүд эхнээсээ эхэлж, манайхан амжилттай оролцож буй баярт мэдээ ирсээр байна. Тухайлбал, Гүрж улсын Батуми хотноо зохион байгуулагдаж буй TOP TEEN/CHILD MODEL OF THE PLANET олон улсын шилдэг моделийн тэмцээнд оролцож буй Монголын бяцхан моделууд Батуми хотын их дэлгүүрт зохион байгуулагдсан ҮНДЭСНИЙ ХУВЦАСНЫ ЗАГВАРЫН ШОУНД тун амжилттай оролцон Монгол өв соёл, уламжлал ёс заншлаараа гайхуулан, ур чадвар авьяас билгээрээ бусад орны оролцогчдоос онцгойрч чаджээ.

Categories
мэдээ нийгэм

Багш нарын ажил хаялт хугацаагүй үргэлжлэнэ

“Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ны Ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа мэдээлэл хийлээ. Одоогоор улсын хэмжээнд ажил хаялт 60 хувьтай байна. Сануулах хоёр өдрийн ажил хаялт цаашид хугацаагүй үргэлжилнэ. Засгийн газраас хариу өгөхийг шаардаж байна” гэлээ.

“Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн багш А.Санжмятав “Үндсэн хуульд хүн бүр сурч боловсрох эрхтэй гэж заасан байдаг. Багшийн нийгмийн баталгааг сулруулснаар энэ эрхээ өнөөдөр эдэлж чадахгүй байна.

Нэг багш 35 хүүхэдтэй ажилладаг гэтэл өнөөдөр 70 хүрсэн байна. Багшийн цалин хангамжийн асуудлаас болж багшийн мэргэжлийн үнэ цэнэ унаж байгаа. Үүнийг эцэг эхчүүд маань ойлгож, төр засаг ирээдүйгээ бодож шийдвэртэй алхам хийгээсэй гэж тэд хүсэж байгаа юм.

Тэд 1.6 сая төгрөгийн цалинг маргааш өг гэж нэхээгүй. Ирэх жилүүдэд үе шаттайгаар нэмж өгөөч гэсэн шаардлага Засгийн газар тавиад байна. Яг одоогийн байдлаар ажил хаялт нийслэлийн ЕБС 43 хувьтай, СӨБ 28 хувьтай. Харин улсын хэмжээнд ЕБС 56 хувь, СӨБ нь 23 хувьтай байна. Нийт 654 сургуулиас 384 нь ажил хаялтад оролцож байна гэсэн мэдээлэл гарсан байгаа. Цаашид энэ тоо өсөх хандлагатай байна.

Энэ бол “Монгол Улсын ирээдүйн хөгжил, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө зохион байгуулагдаж буй ажил гэдгийг эцэг эхчүүд маань ойлгоорой” багш нар хүсэж байна.

С.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Өсвөрийн аврагчидаар 23 дугаар сургууль тодрлоо

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсаны дагуу Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Өсвөрийн аврагч -2017” тэмцээн зохион явуулжээ. “Өсвөрийн аврагч” тэмцээн нь сурагчид болзошгүй аюул, осол, гамшгийн үед өөрийгөө болон бусдын амь насыг авран хамгаалахад суралцах, дадал эзэмших, бие бялдын хөгжил, шийдвэр гаргах чадвар нэмэгдэхүүлэх гол зорилготой юм. Тэмцээнийг бүлгийн жигдрэлт, хуулийн мэдлэг, усанд нэрвэгдэгсдийг аврах, гал түймэр унтраах ажиллагаа зэрэг шалгууруудаар дүгнэж явуулсан байна. Үүнээс Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн 11 аврагч, бүлгийн 84 сурагч, 11 багшийн бүрэлдэхүүнтэй тамирчид оролцсоноос 23 дугаар сургуулийн сурагчид тэргүүн байр эзэлж, 117 дугаар сургуулийн аврагчид хоёрдугаар, 72 дугаар сургууль гуравдугаар байрыг тус тус эзэллээ.

С.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Солонгос хэлний үнэ төлбөргүй сургалт явуулж байна

ЗурагМонголын Залуучуудын холбоо /МЗХ/-ны дэргэдэх Солонгосын мэдээллийн төвөөс солонгос хэлний анхан шатны үнэ төлбөргүй сургалтыг явуулж байна.

Сургалтыг БНСУ-ын “JEONJU” их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны тэнхимийн Хэл соёл судлал хариуцсан мэргэжилтэн багш зааж байгаа аж. Сургалт долоо хоног бүрийн мягмар гарагт 18 цагаас болж байгаа ба хичээл нэг сарын турш үргэлжлэх юм.

Хичээлээр солонгос хэлний анхан шатны мэдлэгийг олж авахаас гадна Солонгосын соёл, ёс заншил, уламжлалтай танилцах боломжтой. Тус сургалтад одоогоор 200 гаруй оюутан залуус хамрагдаад байгаа ба цаашид дунд болон гүнзгий шатны сургалтыг явуулахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Зориулалтын бус газарт автомашины худалдааг зогсоож газрыг чөлөөлүүлэх ажил хийгдэж байна

Улаанбаатар хотын тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхийн тулд 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг урьдчилан тодорхойлж УИХ-ын 2013 оны 02 сарын 8-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага” баталсан.

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага” хотын замын хөдөлгөөн түгжрэлийг багасгах, агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах, тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн нутаг дэвсгэрт ил задгай зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоож ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар тусгасан.

Иймд Нийслэлийн төр захиргааны байгууллагууд /НГА, НМХГ, НЦГ, НОБГ, НБОГ/ хамтран ил задгай зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж буй иргэн аж ахуйн нэгж байгууллагад шаардлага мэдэгдлийг хүргүүлэн ажиллаж байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Газрын албатай хамтран Нийслэлийн төвийн 6 дүүрэгт ил задгай автомашин худалдан борлуулж байгаа 69 иргэн аж ахуйн нэгж байгууллагад шалгалт хийж мэдэгдэл хүргүүллээ. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн газрын зориулалтыг шалгахад автомашин худалдаалах зориулалтаар газар эзэмшүүлээгүй бөгөөд иргэний ахуйн, орон сууц, аж ахуйн, үйлдвэрлэл, үйлчилгээний гэх мэт зориулалтын газарт автомашин худалдан борлуулж байна.

Ил задгай зориулалтын бус газарт автомашины худалдааг зогсоож газраа зориулалтын дагуу эзэмших шаардлага тавихад иргэд авто худалдааны цогцолборт албадан нүүлгэх гэж байгаа хэмээн буруу ойлгож ихээхэн эсэргүүцэж байна.
Гэтэл манай газраас хүргүүлсэн эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглах тухай мэдэгдэл нь авто худалдааны цогцолборт нүүлгэх асуудалтай хамааралгүй бөгөөд Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшигч, ашиглагч нь хуулиар хүлээсэн үүргийн дагуу газраа эзэмших хууль ёсны шаардлага тавьсан билээ.

Мэдэгдэл шаардлагын дагуу автомашин худалдааг зогсоож газраа зориулалтын дагуу ашиглаагүй зөрчлөө арилгасан 19 иргэн, аж ахуйн нэгж байна.
Харин мэдэгдлийн дагуу эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй 50 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаа бөгөөд “Газрын тухай” хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх /Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн/ заалт, 40.1.6 дахь /Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/ заалтуудын дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн тул газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр бэлтгэж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Харанга: “Чи”

Image result for Харанга

Үг: Х.Лхагвасүрэн

Ая: Ц.Чулуунбат

“Чи”

Сэрүүн намрын хүйтэн бороо

Сэтгэл юугий минь хөргөөд одлоо

Алаг нүдэн чиний дүрийг

Аюулхайд минь зураад арилгалаа

Навчис хаялан модод найгана аа

Чамайгаа бодсон зүрх гансарна

Хун шувууд нь нисээд буцсан

Хулст нуур шиг мэлмэрсээр үлдлээ.

Намайг өрөвдөж салхи гиншихэд

Шөнийн бороо уйлан шивэрнэ

Гунигийн дээл нөмөргөөд явсан

Намрын зүүд байж дээ чи минь.

Намрын зүүд байж дээ чи минь

Намрын зүүд байж дээ чи минь

Гээгдсэн навчис салхинд хийслээ

Чамайгаа хайрлаж чамайг дурсана

Цонхоор харагдах мод шиг дүнсийж

Цагийн аясаар намрыг үдлээ

Намайг өрөвдөж салхи гиншихэд

Шөнийн бороо уйлан шивэрнэ

Гунигийн дээл нөмөргөөд явсан

Намрын зүүд байж дээ чи минь

Намрын зүүд байж дээ чи минь

Намрын зүүд байж дээ чи минь

Навчис хаялан модод найгалаа

Чамайгаа бодсон зүрх гансарна

Хун шувууд нь нисээд буцсан

Хулст нуур шиг мэлмэрсээр үлдлээ.

Намайг өрөвдөж салхи гиншихэд

Шөнийн бороо уйлан шивэрнэ

Гунигийн дээл нөмөргөөд явсан

Намрын зүүд байж дээ чи минь

Намрын зүүд байж дээ чи минь

Намрын зүүд байж дээ чи минь

Намрын зүүд байж дээ чи минь

Намрын зүүд байж дээ чи минь