Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Ховд аймагт ажиллалаа

30faa836a61039ffbed92b0b252afe8b.jpegАрдчилсан намын дарга С.Эрдэнэ, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Үүрийнтуяа болон албаны бусад хүмүүс Ховд аймагт ажиллалаа. Намын шинэчлэлийн ажлын хүрээнд гишүүд, дэмжигчдийнхээ оролцоог дээшлүүлэх, урамшуулах зорилгоор 21 аймгаа тойрон ажиллаж байгаа Ардчилсан намын удирдлагууд энэ удаа Ховд, Баян-Өлгий, Увс аймагт ажиллах учиртай.

Эхний аймаг болох Ховд аймгийн Ардчилсан намын хувьд 10 мянга гаруй гишүүнтэй бөгөөд нийт гишүүд, дэмжигчдийнхээ дунд урлаг, спортын их наадам зохион байгуулж шилдгүүдээ шалгаруулж урамшууллаа. Энэ үеэр зарим хүнд Төрийн дээд шагнал одон, медаль болон Ардчилсан намын шагналаар шагнасныг намын дарга С.Эрдэнэ гардуулж өгөв. Мөн Ардчилсан намаас зохион байгуулж байгаа хүмүүнлэгийн ажлын хүрээнд Ховд аймгийн Ардчилсан намд иж бүрэн гурван гэр бэлэглэж, гишүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулахыг хүслээ.

Ардчилсан намын дарга С.Эрдэнийн ажиллах дараагийн аймаг Баян-Өлгий аймаг юм.

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүрэгт гурван ЕБС-ийн багш нар сануулах ажил хаялт зарлажээ

Налайх дүүрэг ерөнхий боловсролын таван сургуультай бөгөөд одоогоор Голомт цогцолбор, Эрдэм-Оргил, Чандмань цогцолбор (103-р сургууль)-ын багш нар сануулах ажил хаялт зарлажээ. Голомт цогцолбор нь нийт 98 багш, 2730 гаруй сурагчидтай аж.

Голомт цогцолбор сургуулийн нэрээ хэлэхийг хүсээгүй багш хэлэхдээ “Бид өнөө өглөө 8:00 цагаас оройн 17:00 цаг хүртэл сануулах ажил хаялт зарлаж байна. Одоогийн байдлаар бидний тавьсан шаардлагад албан ёсны хариу алга. Маргаашнаас сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдана. Цаашид байнгын ажил хаялт зарлах талаар албан ёсны эх сурвалж байхгүй байна. Дараагийн албан ёсны ажил хаялт энэ сарын 26-нд болно. Багш нар сарын 600 мянган төгрөгний цалин авдаг үүнээсээ нийгмийн даатгал энэ тэр гээд шимтгэл хасагдаад, гарт бэлэн 500 мянган төгрөг ирдэг. Гэвч одоогийн нийгэмд 500 мянган төгрөг амьдралд хүрэлцэхгүй байна. Багш нар маань ихэнх нь банкинд зээлтэй, зээл рүү гурав, дөрвөн зуун мянгыг нь татаад авах жишээтэй” гэв.

Багш нарын тавиад байгаа гурван үндсэн шаардлага нь:

Нэгдүгээрт, сургуулийн өмнөх болон ЕБС-ийн багш нарын үндсэн цалингийн доод хэмжээг2017 оны есдүгээр сард багтаан 1.6 сая төгрөгт хүргэж нэмэх.

Хоёрдугаарт, багш мэргэжлийн нийгмийн үүрэг, хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой тооцож, багшийг төрийн жинхэнэ албан тушаалын ангилалд оруулж, эрх зүйн орчинг шинэчлэн бүрдүүлэх.

Гуравдугаарт, боловсролын чанарыг дэлхийнжишигт хүргэхзорилгоор багшийн цалинг дор хаяж 3,500 ам.долларт дүйцэх хэмжээнд 2020 гэхэд хүргэх юм байна.

Б.ҮРЖИГ

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэнийг хүлээн авч уулзав.

Хатагтай Ёланда Фернандез Ломмэн 2016 оноос Монгол дахь суурин төлөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд 2001 оноос Монгол Улстай холбоотой ажилласан. 2001 оноос хойш Монгол асар хурдацтай хөгжиж буйг тэмдэглэв. Мөн өмнөх суурин төлөөлөгчидтэй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн болон Засгийн газрын гишүүн байхдаа үр дүнтэй хамтран ажилладаг байсан гэдгийг тэмдэглэлээ.

Азийн хөгжлийн банк нь Монгол Улстай хамтран ажиллах шинэ стратеги боловсруулж байгаа юм байна. Уг стратеги нь хэд хэдэн тэргүүлэх чиглэлтэй бөгөөд эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байрыг олноор нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү үр дүнтэй хүргэх зэрэгт нэн түрүүнд анхаарч буйг Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн хэллээ.

Мөн хөдөөгийн хөгжлийг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, ХАА-н боловсруулах салбарыг дэмжин хөгжүүлэх, иргэдийн орлогыг дээшлүүлэх, боловсрол, эрүүл мэндийн салбарыг шинэчлэн хөгжүүлэх зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, ингэхдээ уламжлалт аргаар зөвхөн эмнэл зүйн талаас дэмжих бус, ажлын байр, хэвийн ажиллаж амьдрах боломжоор хангах зорилго бүхий төслийг Монгол Улсад анх удаа хэрэгжүүлэхээр болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн хөгжлийн банк нь Монгол Улс шилжилтийн үеийг даван туулахад ихээхэн тусламж дэмжлэг үзүүлснийг тэмдэглээд түүнийг Зам, тээврийн сайд байх үед Улаанбаатарыг 21 аймагтай холбох хатуу хучилттай замын зургийг Азийн хөгжлийн банктай хамтран хийж, сүүлийн 3-4 жилд авто замууд эрчимтэй баригдан хөдөө орон нутаг, нийслэлийн хооронд зорчиход илүү хялбар болсон хэмээлээ.

Мөн Монгол Улс эдийн засгийн хувьд нэг зах зээлээс хараат байдлаа өөрчилж, Зүүн Азийн орнууд руу зах зээлийн гарц нээх талаар Владивостокт болсон Дорнын эдийн засгийн чуулганы үеэр зарим улс орны удирдагчидтай үр дүнтэй уулзалт яриа хийсэн тухайгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэмдэглэлээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Конрад Аденауэрийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Конрад Аденауэрийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Даниэль Шмүкингийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр засаглалыг тогтвортой байлгах чиглэлд талууд аль аль нь санал нэгтэй байгаа талаараа санал солилцож ярилцав.

Конрад Аденауэрийн сан нь Монгол Улсад 1993 оноос суурин төлөөлөгчөө ажиллуулж, 1990 оноос хойш Монголд ардчилал хөгжүүлэх, улс төрийн намуудыг төлөвшүүлэх зэрэгт идэвхтэй хамтран ажиллаж байсан анхны сан гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр дурдлаа.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар–Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2км хурдны авто замын газар чөлөөлөлт 100 хувь хийгдлээ

Улаанбаатар–Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2км хурдны авто замын трасст нийт 108 нэгж талбарын 57.8га талбай өртсөн ба үүнээс Нийслэлийн Засаг даргын захирамжтай 14 нэгж талбарын 21.1 га, Дүүргийн Засаг даргын захирамжтай 94 нэгж талбарын 36.7 га талбай өртсөнийг 100 хувь чөлөөлж дууслаа.

Судалгаагаар иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр газар өмчлүүлэхээр баталсан Гавьжийн шандын байршил давхацсаныг НИТХТ-ийн 13 дугаар тогтоолоор хасч өөрчлөлт оруулсан.

Мөн “Мод тарих үндэсний өдрийг зарлах тухай”-зарлигийн дагуу БОНХГ-т эзэмшүүлсэн “Ногоон хэрэм” төслийн хурдны авто замын трасстай давхацсан хэсгийг трассаас гарган мэдээллийн санд өөрчлөлтийг бүртгэсэн.

Монгол Улсын Ерөнхий Сайдын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 107 дугаар захирамж, Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 487 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/541 дүгээр захирамж, Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 228 дугаар тушаал, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний “Он дамжин хэрэгжих бүтээн байгуулалтын ажлууд”-ын 3 дах заалтыг үндэслэн гүйцэтгэгчээр нийт авто замын 70 хувийг БНХАУ-ын Чайна Тиэсижү Сивил Инженеринг групп хийхээр шалгарч, үлдсэн 30 хувийг “Арж капитал” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Бадрах ойл” ХХК нар гүйцэтгэхээр Зам, тээврийн яамтай гэрээ байгуулсан.

Гэрээгээр авто замын газар шорооны ажил 2016 онд эхэлсэн бөгөөд 2019 оны дөрвөн сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн үеийн удирдлага, зохицуулалтын хамгийн том системийг нэвтрүүллээ

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд 2013 онд байгуулагдсан Гамшгийн шуурхай удирдлага, Зарлан мэдээллийн төв сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг бүрэн хийж, Үндэсний болон бүсийн төвүүдийг байгуулан өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ.

Нээлтийн ёслолд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд болон штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян тэргүүтэй ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд, бүсүүдийн төв болох Дорнод, Ховд, Өмнөговь, Орхон аймгуудын Засаг дарга нар, хамтран ажилладаг байгууллага, хамт олны төлөөллүүд оролцсон юм.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ “Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийг төвийг 2013 онд байгуулснаас хойш тасралтгүй шинэчлэл, сайжруулалт, өргөтгөл хийсний үр дүнд одоогийн Үндэсний болон бүсийн төвүүдийг байгуулаад байна. Бүсийн төвүүд бүрэн хэмжээгээр төхөөрөмжлөгдөхөд гамшгийн үеийн шуурхай удирдлага, зохицуулалт, зарлан мэдээлэх үйл ажиллагааг богино хугацаанд шуурхай авч хэрэгжүүлэх техникийн бүрэн боломж бүрдэнэ. Цаашид бид технологийн өндөр хөгжилтэй улс орнуудын үндэсний болон бүсийн хэмжээнд гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээлэх үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж байгаатай эн зэрэгцэн хөгжих ёстой” хэмээн онцолсон юм.

Энэ үеэр Дорнод, Өмнөговь, Орхон, Ховд аймагт байгуулсан бүсийн шуурхай, удирдлага, зарлан мэдээлэх төвүүд нээлтээ нэгэн зэрэг хийж, шууд дамжуулалтаар тус аймгийн Засаг дарга нар мэндчилгээ хүргэлээ. Мөн Онцгой байдлын албаны бүсийн төвүүдийн дарга нар цаг үеийн нөхцөл байдлын талаар илтгэв.

Зэвсэгт хүчний жанжин штаб, Эрүүл мэндийн яам, Хил хамгаалах ерөнхий газрын шуурхай удирдлагын төвүүд шууд холбогдож, цаашид тусгай чиг үүргийн байгууллагууд, зарим төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдсэн холболтод орж, харилцан мэдээлэл солилцоход техникийн бүрэн боломжтой болсныг үзүүллээ.

Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх энэхүү нэгдсэн систем сансрын холбоо, богино болон хэт богино долгионы радио холбооны сүлжээг ашиглаж байгаа юм.

Түүнчлэн газар хөдлөлтийн идэвхтэй бүсүүдэд суурилуулсан газар хөдлөлтийг мэдрэх 12 төхөөрөмжөөс хүлээн авсан мэдээг Одон орон, геофизикийн хүрээлэнд боловсруулан Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд дамжуулах бөгөөд хүчтэй газар хөдлөлт болох үед зарлан мэдээлэх систем бүхэлдээ хүний оролцоогүйгээр автоматаар ажиллаж олон нийтэд зарлан мэдээллийг богино хугацаанд хүргэхээр зохион байгуулагдсан юм.

Үүнээс гадна дөрвөн бүсийн төв болон 21 аймгийн Онцгой байдлын газруудыг Онцгой байдлын ерөнхий газартай өндөр хурдны шилэн кабелийн нэгдсэн сүлжээнд холбож мэдээ, мэдээллийг шуурхай солилцох боломжийг бүрдүүлжээ.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд анх удаа Удирдлага хяналтын хамгийн том системийг нэвтрүүлж, бүх төрлийн холбоо, мэдээллийн сүлжээ, нэгдсэн удирдлагаар хангах олон төрлийн мэдээ мэдээллийг нэгэн зэрэг хүлээн авч боловсруулах, хянах боломжийг ийнхүү бүрдүүллээ.

Цаашид Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийг өргөжүүлэн 21 аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, салбаруудыг Удирдлага хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжөөр ханган бүрэн холбож хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

14 дүгээр сургуулийн сурагчид хичээлийн шинэ байрандаа орлоо

14 дүгээр сургуулийн сурагчид хичээлийн шинэ байрандаа орлоо

Баянзүрх дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр сургуулийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Тус сургуулийн шинэ байрны нээлтэд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон бусад албаныхан, сургуулийн удирдлагууд, багш, сурагчид оролцов.

Баянзүрх дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт байрлах Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургуулийн байр 2013 онд бие засах өрөөнүүдээсээ эхлэн нурснаар тус сургуульд сургалт явуулах боломжгүй болж багш, сурагчдаа дөрвөн сургууль руу тараан, өнөөг хүртэл хүндхэн нөхцөл байдалтай хичээллэж байсан юм. Бага болон 3-5 дугаар ангиуд “Шавь” цогцолбор сургуульд, 6, 7, 9-12 дугаар ангиуд 92, 8 дугаар анги нь 53 дугаар сургуульд хичээллэж байсан билээ. Харин тус сургуулийн 1500 хүүхдийн хүчин чадалтай шинэ байрны барилгын ажил дуусч, өнөөдөр ийнхүү нээлтээ хийв.

Тус сургуулийн байрыг ашиглалтад оруулснаар “Шавь” цогцолбор сургууль гурван ээлжээс гарч, 92, 53 дугаар сургуулийн ачаалал буурлаа.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн авто зам мөстөн, хальтиргаа гулгаа үүсчээ

Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн авто зам мөстөн, хальтиргаа гулгаа үүсчээ

Нийт нутгаар орсон хур тундас цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна. Өнөө шөнө Говь-алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр, маргааш өдөр Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Төв, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурахыг Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлж байна.

Ийнхүү цаг агаар муудаж байгаа үед хөдөө орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна. өнгөрсөн шөнө орсон бороо болон цасны улмаас Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн авто замд нойтон цас орж замын зорчих хэсэг мөстөн, хальтиргаа гулгаа үүсчээ.

Тиймээс аюулгүй байдлаа хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох мөн хөдөө орон нутгийг зорих гэж байгаа бол зуны дугуйтай замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг тус газраас зөвлөсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Байдрагийн гол, Бөөнцагаан нууранд аюул учирлаа

Байдрагийн гол, Бөөнцагаан нууранд аюул учирлаа

Баянхонгор аймгийн Галуут сумын иргэд тус суманд хууль бусаар уул уурхайн олборлолт хийх гэж байгааг эсэргүүцэж, өчигдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Баянхонгор аймгийн Байдрагийн гол сав дагуу нөхөн сэргээлт нэрийн дор алтны уурхай олноор орж, байгаль орчин, ан амьтанд хохирол учруулж, уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрхлэхэд аюул нүүрлэж байна гэв.

Тус газар үйл ажиллагаа явуулж буй уурхай нь Монгол Улсын үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль зэрэг олон хуулийг ноцтой зөрчиж байна гэж иргэд үзэж байгаа юм. Учир нь орон нутгийн удирдлага, зарим шуналдаа хөтлөгдсөн нутгийн иргэдтэй хуйвалдан багийн ИНХ-ыг хуралдсан хэмээн хууль бусаар баримт бүрдүүлэн зөвшөөрөл авсан байна. Уг хэрэгтээ хурал болоогүй байтал хуралдсан болгож, ард түмнийг зөвшөөрсөн мэтээр хуурамч тогтоол шийдвэр гаргаж, зөвшөөрөл авсан нь шударга бус байна хэмээн малчид хэллээ.

Мөн өнгөрсөн хавар Байдрагийн голд мөнгөн ус ашиглаж алт олборлосон тохиолдол ч илэрснийг хууль хяналтын байгууллагууд нуун дарагдуулж, нутгийн иргэдэд бурууг тохоод өнгөрсөн байна. Үүнд бухимдсан иргэд тухайн хэргийг сайтар шалгаж, үнэн мөрийг илрүүлэхийг хүсчээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн зургаадугаар зүйлийн нэгд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Тиймээс Үндсэн хуулиа даган мөрдөхийг давхар шаардлаа.

Тус газар малчдын хаваржаа, намаржааны гол бэлчээр Их, Бага дугуй, Агдын ам, Оруулгын ам, Нарийны ам, Ар булгийн ам гээд л голын хавцал дагуу байгалийн үзэсгэлэн бүрдсэн сайхан нутгууд байхаас гадна ховордсон ан амьтан, араатан шувууд, эмийн ургамал, харз булгууд байдаг аж. Энэ оны тавдугаар сард нэн ховордсон цоохор ирвэс хүртэл ирж нутагшсаныг ч иргэд өгүүлж байв.

Гэтэл өнгөрсөн хоёр cap гаруйн хугацаанд “Тулга жаргалант’’ ХХК ямар ч зөвшөөрөл, бичиг баримтгүйгээр байгалийн баялгийг ухаж эхэлсэн бөгөөд нутгийн иргэд тэмцсэн ч арга хэмжээ авч чадахгүй явсаар өнөөдрийг хүрчээ.

Categories
мэдээ нийгэм

Удирдлага хяналтын хамгийн том системийг нэвтрүүллээ

Удирдлага хяналтын хамгийн том системийг нэвтрүүллээ

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд 2013 онд байгуулагдсан Гамшгийн шуурхай удирдлага, Зарлан мэдээллийн төв сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг бүрэн хийж, Үндэсний болон бүсийн төвүүдийг байгуулан өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ.

Нээлтийн ёслолд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд болон штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян тэргүүтэй ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд, бүсүүдийн төв болох Дорнод, Ховд, Өмнөговь, Орхон аймгуудын Засаг дарга нар, хамтран ажилладаг байгууллага, хамт олны төлөөллүүд оролцсон юм.

Энэ үеэр Дорнод, Өмнөговь, Орхон, Ховд аймагт байрлах бүсийн шуурхай, удирдлага, зарлан мэдээлэх төвүүд нээлтээ нэгэн зэрэг хийж, шууд дамжуулалтаар тус аймгийн Засаг дарга нар мэндчилгээ хүргэлээ. Мөн Онцгой байдлын албаны бүсийн төвүүдийн дарга нар цаг үеийн нөхцөл байдлын талаар илтгэв.

Зэвсэгт хүчний жанжин штаб, Эрүүл мэндийн яам, Хил хамгаалах ерөнхий газрын шуурхай удирдлагын төвүүд шууд холбогдож, цаашид тусгай чиг үүргийн байгууллагууд, зарим төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдсэн холболтод орж, харилцан мэдээлэл солилцоход техникийн бүрэн боломжтой болсныг үзүүллээ.

Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх энэхүү нэгдсэн систем сансрын холбоо, богино болон хэт богино долгионы радио холбооны сүлжээг ашиглаж байгаа юм.

Түүнчлэн газар хөдлөлтийн идэвхтэй бүсүүдэд суурилуулсан газар хөдлөлтийг мэдрэх 12 төхөөрөмжөөс хүлээн авсан мэдээг Одон орон, геофизикийн хүрээлэнд боловсруулан Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд дамжуулах бөгөөд хүчтэй газар хөдлөлт болох үед зарлан мэдээлэх систем бүхэлдээ хүний оролцоогүйгээр автоматаар ажиллаж олон нийтэд зарлан мэдээллийг богино хугацаанд хүргэхээр зохион байгуулагдсан юм.

Үүнээс гадна дөрвөн бүсийн төв болон 21 аймгийн Онцгой байдлын газруудыг Онцгой байдлын ерөнхий газартай өндөр хурдны шилэн кабелийн нэгдсэн сүлжээнд холбож мэдээ, мэдээллийг шуурхай солилцох боломжийг бүрдүүлжээ.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд анх удаа Удирдлага хяналтын хамгийн том системийг нэвтрүүлж, бүх төрлийн холбоо, мэдээллийн сүлжээ, нэгдсэн удирдлагаар хангах олон төрлийн мэдээ мэдээллийг нэгэн зэрэг хүлээн авч боловсруулах, хянах боломжийг ийнхүү бүрдүүллээ.

Цаашид Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийг өргөжүүлэн 21 аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, салбаруудыг Удирдлага хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжөөр ханган бүрэн холбож хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.