Categories
мэдээ цаг-үе

Нутгаа орхиж хот бараадаагүй “Эгэл баатрууд”-тай нэг ангийнхан

Ховд аймгийн Үенч сумын бага сургуульд 1961 онд элсэн орж байсан нэгэн анги хамт олныг энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд онцолж байна. Үенч сумын бага сургуульд эдний анги 1961 онд ороход 1а, 1б гэсэн хоёр бүлэг байж. Тухайн үед Хивзэнгийн Загд, Шалайн Муужгай гэж хоёр багш нэгдүгээр ангийн хоёр бүлгийг хүлээн авчээ. Ангийн Н.Батсуурь ярихдаа “Бидний үеийн хөдөөний хүүхдүүд дотор сургуульд орохоосоо өмнө уншиж, бичиж сурсан хүүхэд байгаагүй. Бүгд л нэгдүгээр ангид юу ч мэдэхгүй орж ирцгээсэн. Тэр үед эрэгтэй хүүхэд хөх даалимбан хөвөнтэй тэрлэгтэй, охидууд нь ногоон даалимбан хөвөнтэй тэрлэгтэй сургуульд орж байлаа. Сумын сургууль нэг давхар навтгар шавар байшинд хичээллэдэг байсан юм. Хичээлийн дэвтэр ном их ховор. Сурагч цүнх ч ховор байсан” гэв. Тэр үеийн хөвгүүд охидуудын даавуун цүнхэн дээр улаан таван хошуу оёдог байжээ. Үзэгний тухай ойлголт бараг байхгүй. Нэгдүгээр анги төгстөлөө дан харандаагаар бичдэг байсан. Хортой харандаагаар тооны болон хэлбичгийн хичээл бичдэг байсан санагдаж байна гэж ангийн хүүхдүүд бие биеэсээ ам уралдан хуучилж байлаа. Хоёрдугаар ангиас л дүрдэг үзгээр бичиж эхэлсэн гэнэ. Сурагч чернилийг найруулж бичнэ. Жижигхэн цаастай нунтаг чернилийг (одооны хоолны приправ шиг) шилэн саванд хийж, усаар найруулж бичдэг байж. “Чернилийн сав олдохгүй. Өвөл болохоор нөгөө шилэн савтай чернил чинь хөлдчихнө маш хэцүү. Тэр савтай чернилээ халуун амьсгаагаар үлээж гэсгээнэ. Ингэж байж дүрж бичнэ. Чернилтэй саваа мартчих юм бол маш хэцүү хүүхдүүдийн чернилний сав руу сэмхэн гэтнэ шүү дээ. Хүүхдүүд чернилээ харамлаад дүрүүлэхгүй. Үзэгнийхээ хошууг нарийхан зэс утсаар ороогоод чернилэнд дүрвэл нэлээд хугацаанд бичүүлнэ. Бид нарыг тавдугаар ангид орох үеэс авторучкан үзэг нэвтэрч эхэлсэн. Тэгэхдээ л хүүхдүүд дүрдэг үзэгтэйгээ байж л байсан. Жолооч нарын хүүхдүүд л хамгийн түрүүнд авторучкан үзэг ширэн цүнх үүрдэг болж билээ. Хөдөөний малчдын хүүхдүүд бол тэр талаар санахын ч хэрэг байхгүй” гэж Н.Батсуурь гуай ярилаа. Тэрээр Орос хэлний багш, Хөнгөн үйлдвэрийн инженер механикийн чиглэлээр ажиллажээ.

Эдний ангийнхан сургуульд сурч байх үед гэрээ их санана, сургуулиас оргоно гэдэг асуудал байсан гэнэ. Дотуур байр олдохгүй. Таньдаг хамаатан садандаа зарагдаж, айлаар л хоноглодог байсан аж. Айлд байгаа хүүхдүүд өлсөнө, бөөстөнө. Дотуур байранд ч ялгаагүй. Дотуур байранд байгаа ахлах ангийн хүүхдүүд гал зуухаар эргэлдэж, гэдсээ цатгачихна, доод ангийн хүүхдүүдэд тийм алтан боломж олдохгүй. Айл л хэснэ. Тэгж байж гэдсээ дүүргэнэ. Тэсвэр тэвчээр шаардсан асуудал их байж дээ гэж ангийнхан бага насаа дурсан ярилаа. Бага ангид байхад багш нар нь үймүүлсэн хүүхдүүдийг укаасагддаг байж. Ингээд толгойн дээрээ булдруутай явдаг л байсан. Муу юм болоогүй. Хэрвээ одоо ийм үйлдэл гаргавал багшид нэлээн хариуцлага үүрүүлэх байх даа. Ер нь хүүхдийг хатуухан зан үйлээр сургах муу биш шүү дээ. Барууны сургалтын зан үйл орж ирээд хүүхдүүдийг үнэхээр эвдэж байна. Бид багш нартаа загнуулж, шийтгүүлснээр улам л зарчимч, хатуужилтай, үг даадаг, хариуцлагатай болж хүмүүжсэн шүү хэмээн хуучилсан юм.

Ангийн А.Харнүдэн нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй гэнэ. Тэрбээр 1968 онд хоёр анги долдугаар анги төгсч, зарим нь ТМС, зарим нь техникумд хуваарилагдаж суралцахаар явсан. 1969 онд ганц наймдугаар анги төгссөнөөс ихэнх нь Улаанбаатарын Санхүү эдийн засгийн техникум, Говь-Алтайн Анагаах ухааны дунд сургууль, Ховдын багшийн сургууль, Архангайн багшийн сургуульд хуваарилагдсан даа” гэлээ. Мөн тэрээр Д.Баатаржав бид хоёр Улаанбаатарын Санхүү эдийн засгийн техникумын хуваарь аваад ирж байлаа. М.Цэндхүү Ховдын Багшийн сургуульд, Ч.Бадамдорж ГовьАлтайн Анагаахын дунд сургуульд суралцахаар хуваарь авцгааж байсан юм. Наймдугаар ангиас долоо, найман хүүхэд л Булганы арван жилийн сургуулийн есдүгээр ангид суралцахаар хуваарилагдаж байсан. Тухайн үед олон дахин шигшиж байж сургуульд явуулдаг байсан. Одоо ч ийм шигших нөхцөл байдал багасчээ. Хүүхэд бүхэн л их дээд сургуульд сурах болжээ. Тэгээд сурч чадаж байгаа эсэх нь ер мэдэгдэхгүй юм. Сургууль боловсролын асуудалд манай төр засаг анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол төгссөн мэрэгжилтэн нь хаа нэгтээ пүүс компанид очиж ажил хийх гэхээр тэнцдэггүй болж. Бид өөрсдийгөө магтаж байгаа юм биш гэж байв.

Ховд аймгийн Үенч сумын найман жилийн дунд сургуульд суралцаж байхад олон сайхан багш нар хичээл зааж байжээ. Энгүй их ачтан багш нараа дурсахгүй байхын аргагүй. Математикийн хичээлийг Ш.Цэвлээ багш, уранзохиолын хичээлийг С.Банзрагч, орос хэлийг Б.Дэчин багш нар заадаг байсан гэнэ. Ялангуяа Ш.Цэвлээ багшийг тодруулж дурсаж яримаар байна гэв. Ш.Цэвлээ багш ямар ч дээд, дунд сургууль төгсөөгүй, Улаанбаатар хотод багш нарыг бэлтгэх нэг жилийн дээд курс л төгссөн аж. Ш.Цэвлээ багш гарын ур дүйтэй, үзүүлэн сургалтын материалыг өөрөө хийчихдэг. Математикийн хичээлийн томьёо физикийн хичээлийн агуулга ухагдахууныг гаргуун ойлгуулдаг байжээ.

Ангийн И.Баатар хэлэхдээ “А.Харнүдэнгийн ярьсан дээр нэг зүйлийг тодруулж хэлье. Тэрээр Үенч сумын сургуулийн наймдугаар ангийг 1969 онд төгсөөд Ховдын Булган сумын арван жилийн есдүгээр ангид суралцахаар хуваарилагдсан. 1971 онд аравдугаар ангиа төгсөөд УБДСийн математикийн ангийн хуваарьт конкурс өгсөн. Ингээд өрсөлдөж хуваарь авч УБДСийн математикийн ангид суралцсан юм. 1975 онд сургуулиа төгсөөд Ховдын төвийн арван жилийн сургуульд математикийн багшаар хуваарилагдаж очсон” гэж байлаа. Математикийн хичээлд сайн байсны ач гавьяа бол Ш.Цэвлээ багшийн заах арга ур чадвар гэнэ. Зааж буй хичээлийнхээ агуулгыг өөрөө гайхалтай сайн мэддэг байж. Ш.Цэвлээ багш тухайн үедээ гадаад дотоод дээд сургууль төгссөн багш нартай цуг ерөнхий боловсролын сургуулийн математикийн ангийн багш нарын аттестатчилалд оржээ. Ингэж шалгалт өгөөд хамгийн түрүүнд бодчихоод гараад ирдэг байсан гэнэ.

Р.Тариа, Н.Дамбий багш нарыг дурсах хэрэгтэй гэнэ. Н.Дамбий багш 1930 оноос Эрхүүгийн “Рабфак”-т Цэдэнбал даргатай цуг суралцаж төгсч байж. 1940 онд Үенч сумын бага сургууль байгуулагдахад анхных нь захирлаар томилогдон 1940-1948 он хүртэл ажилласан түүхийн бичээс байдаг ажээ. Эдний ангийнхныг долоо наймдугаар анги төгсөхөд Н.Дамбий багш дархны хичээл ордог байсан гэнэ. Тэр Махор тамхийг ёстой нэг уугиулж өгнө дөө хэмээн сонирхууллаа. Н.Дамбий багшийн тухай нэг товчхон түүх ярья хэмээв. Дамбий багш, Монголын багш нарын их хуралд очсон юм байна. Төрийн ордны гадна талбайд Багш нарын их хурлын төлөөлөгч нар Цэдэнбал даргатай зургаа авахуулж байх хооронд Дамбий багш ханиасан гэнэ. Тэгсэн чинь Цэдэнбал дарга:

Дамбий ханиаж байна. Хөөе Дамбий чи хаана байна гэсэн юм гэнэ лээ. Дамбий багш хөхүүлээд их содон ханиана л даа уртаар амьсгаа аваад хөхүүлж ханиадаг байсан санагдаад байна. Тэгэхээр Дамбий багш бүр багаасаа тамхи татсан болж таарах гээд байна. Дамбий багшийн дархны хичээл бушуухан ороосой гэж хүлээдэг байж билээ. Өөрөө ч их сайхан уужуу дотортой хүн байсан даа. Хүүхэд загнахгүй дандаа хөөрхийлж эрхлүүлнэ. Надад багш их сайн байсан. Учир нь дархны хичээлд би сайн байсан юм. Өөрөө олон хүүхэдтэй, охин Орломжав нь манай ангид сурдаг байлаа. Д.Орломжав одоо Эрдэнэтэд амьдарч байгаа.

Н.Дамбий багш насан өөд болтлоо Эрдэнэтийн Хялганат Хороонд хүргэн, охин, зээ нарынхаа хамт ажиллаж амьдарч байсан хэмээн Н.Батсуурь ярилаа.

Харин ангийн Н.Баатаржав санхүүч мэргэжилтэй. Тэрбээр Батсуурийн яриаг тасалчихлаа. Нэг зүйлийг энд бүр тодруулж хэлье. 2016 онд 55 жилийн дараа манай 1961 оны нэг ангийнхан Хараа голын захад Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат агрономич, Шийрэвийн Мардааны урилгаар цугларлаа. Насан өөд болж, бурхны орон руу явсныгаа эс тооцвол манай хоёр ангийнхан 90 хувьтай цугласан шүү. 55 жилийн дараа Улаанбаатар хот анх удаа орж ирж байгаа хүн ч байлаа. Чи хэн бэ… чи хэн бэ гэцгээгээд л байдаг юм байна. Долоо, найм, аравдугаар анги төгсчихөөд гадагшаа дотогшоо явсан нь биесээ таньж байна. Учир нь байнга биш ч гэсэн хааяа нэг уулздаг болохоор. Дөвөрдүгээр ангиас ч юм уу эсвэл нэг хоёрдугаар ангиасаа хөдөө мал дээр гарчихаад нутаг орноосоо хол яваагүй нь мартагдсан байсан. Одоо манай анги ирэх жил 2018 онд долдугаар анги төгссөнийхөө 50 жилийн ойгоор нутагтаа уулзахаар тохирсон. Ер нь нас ахих тусам багын найзууд их бодогдож, нутгаа их санадаг юм байна хэмээн тэрбээр онцлов.

М.Цэндхүү бага ангийн багш аж. “Ангийнхаа найзуудын хэлсэн ярьсан дээр нэг зүйлийг нэмээд хэлчихье. Биднийг бага дунд сургуульд байхад зуны даалгавар гэж багш нар өгдөг байлаа. Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй 50 зурам, хоёр тарваганы арьс. Тэр даалгаврыг заавал биелүүлнэ. Алтай сумаас Үенчид ирж суралцаж байгаа хүүхдүүд ч ялгаагүй намар хичээлд ирэхдээ хоёр шуудай өвсөө мориндоо ганзагалаад ирнэ. Энэ даалгавар биднийг хөдөлмөрч хичээнгүй болгоход их тус дэм болсон. Зунжингаа мал хариулаад л, намар хичээлдээ ирэхдээ хацар нь сайртчихсан бор банди нар, охидууд ирдэг байв” хэмээлээ.

Ангийн Яруу найрагч Н.Батсуурь ярихдаа “Би 15, 16 нас хүртлээ зун гутал өмсөж үзээгүй. Хөлийн ул бакалан гутлын ул шиг болчихсон байдаг байж дээ. Хайрцагны хадаасан дээр гишгэхэд нуга гишгэдэг байсан юм шиг байна лээ. (Инээв). Манай Аржаргалан зуны долоон сард уулаараа цас орчихсон байдаг. Цасан дунд хөл нүцгэн л гүйнэ шүү дээ. Тэрний ач гавьяа юм байлгүй. Би барагтай бол хамрын ханиад хүрдэггүй. Үенч сумаас төрж гарсан Монгол улсын хоёр хөдөлмөрийн баатар манай ангийнх. Хоньчин баатар Думаа маань хэдэн жилийн өмнө бурхны орноо явчихлаа. Жилээс жилд цөөрдөг л юм байна хорвоогийн жам юм хойно. Манай нутаг чинь Улаанбаатараас дэндүү хол. 1600 км гэдэг чинь хоёр хоног автобусаар тасралтгүй явж байж хүрдэг газар. Манай торгууд, захчин ард түмэн дэндүү ажилсаг. Баруун хязгаарыг олон зуун жилийн гадны халдлага, дээрэм, тонуул, дайн байлдааны хөлд сөхрөлгүй авч үлдсэн ард түмний үр хүүхдүүд юм шүү бид чинь” гэж байв. Эдний ангийн дарга нь И.Баатар гэдэг залуу байж. Тухайн үедээ зарчимч, удирдах чадвартай, онц сурдаг нэгэн байж.

Энэ дашрамд Ховд аймгийн Үенч суманд нутгаа харан сууж буй “Эх оронч” ангийнхандаа мэнд хүргэе. Та нар бол нутгаа орхиж хот бараадаагүй “Эгэл баатрууд” юм шүү гэж дурсамжаа хуваалцав.

Categories
мэдээ цаг-үе

Б.Номинтүшиг: “Балдорж сан” энэ хугацаанд 600 гаруй сая төгрөгийг зарцуулсан

Сэтгүүл зүйн шилдгийн шилдэг бүтээлийг шалгаруулдаг “БАЛДОРЖ” шагнал гардуулах ёслол хэдхэн хоногийн өмнө ес дэх удаагаа боллоо. Энэхүү шагнал гардуулах ёслолыг “Балдорж” сангаас жил бүрийн намар зохион байгуулдаг уламжлалтай. Ингээд “Балдорж” сангийн тэргүүн, “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Б.Номинтүшигтэй ярилцлаа.


-Сэтгүүл зүйн шилдэг бүтээлийг шалгаруулдаг “БАЛДОРЖ” шагнал гардуулах ёслол ес дэх удаагаа болж шилдгүүдээ тодрууллаа. Энэ удаагийн шагнал гардуулах ёслолын онцлог нь юу байв. Хичнээн сэтгүүлчид шалгаруулалтад материалаа ирүүлсэн бол?

-Энэ удаагийн “БАЛДОРЖ” шагнал гардуулах ёслолд 250 гаруй сэтгүүлч материалаа ирүүлсэн. “БАЛДОРЖ” шагналыг гардуулдах ёслолд тухайн үеийн Ерөнхийлөгч хүрэлцэн ирдэг сайхан уламжлалыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бий болгосон. Харин энэхүү уламжлалыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үргэлжлүүлсэн нь их сайхан хэрэг байлаа. Аавыг минь болоод “Балдорж сан”, сэтгүүл зүйн салбар, сэтгүүлчдийг хүндэтгэж ирж байгаа үе, үеийн төрийн тэргүүнүүддээ би туйлаас их баярладаг. Гэхдээ энэ зөвхөн манай сан болон аавын минь ач гавьяа биш юм.

Үүнд бүх сэтгүүлчдийн хувь нэмэр бий. Сэтгүүлчийн ажил бол маш хэцүү, хүнд хөдөлмөр байдаг. Жүжигчин хүн мэргэжилдээ хайртай учраас ямар ч дүр байсан түүнийг бүтээж, хүнд бэрхийг туулж чаддаг. Түүнтэй адил сэтгүүлч хүн өөрийн үүргээ ухамсарласан басхүү мэргэжилдээ хайртай учраас л сайн муу хэлэгдэж, хатуу бэрхийг туулсан ч энэ салбартаа зүтгэсээр л байдаг. Тэгэхээр жилдээ нэг удаа бүхий л сэтгүүлчдийг хүндэлж Монгол Улсын үе үеийн төрийн тэргүүнүүд цугладаг гэж би ойлгодог юм. Ямартай ч бид энэ жилээс Канадын Элчин сайдын яамтай хамтран шагнал гардуулдаг болсноороо онцлог байлаа. Энэ маань цаашид ч гэсэн үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.

-“Балдорж” сангаас сэтгүүлчдийн бүтээлд ямар шалгуур тавьдаг бол?

-Хүмүүс “БАЛДОРЖ” шагналыг Монголын “Пулитцер” гэдэг. Тиймдээ ч бид сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулдаг олон улсын байгууллагуудын жишигт нийцүүлэхийн тулд судалгаа хийсэн л дээ. Харин тэдгээр байгууллагууд ямар шалгуур тавьдаг тухайгаа огт зарладаггүй юм билээ. Бидний хувьд ч гэсэн яг ийм бодлогоор ажилладаг. Харин бид хэн нэгэн хүн, аливаа нэг редакцийн талд орохгүй, мөн нийгэмд хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг шүүгчээр сонгодог. Шүүгчдийн хувьд үнэлэлт дүгнэлт өгч, бас хоорондоо зөвлөлдсөний үндсэн дээр дүнгээ гаргадаг.

Харин ямар шалгуураар шүүлтээ хийдэг эсэх нь шүүгчдийн нууц байдаг. Түүнчлэн манай “Балдорж” сангаас сэтгүүлчдийн материалд ямар нэгэн сэдвийг онцолж үздэггүй. Яахав аав маань байгаль орчноор бичдэг байсан учраас хүмүүс энэ талын сэдвийг илүү анзаарч байна уу гэж хараад байх шиг санагддаг. Энэ бол өрөөсгөл ойлголт гэдгийг хэлэх байна.

Ямартай ч “Балдорж сан” энэ хугацаанд 600 гаруй сая төгрөгийг зарцуулсан байна. Харин энэхүү шагналын ихэнх хувийг Улаанбаатар хотын банкны хамт олон гаргадаг. Үүгээр ч зогсохгүй энэхүү банкны хамт олон маань шилдгээр шалгарсан сэтгүүлч бүрийг гадаадад амрах эрхийг олгодог байгаа. Энэ мэтчилэн дэмжиж ажилладаг бизнесийн байгууллагууд бий.

Мөн “Балдорж” сангаас тэр сэтгүүлчийн, энэ материалыг авъя гэдэггүй. Сэтгүүлчид маань өөрсдөө сонгож явуулдаг. Тэгэхээр сэтгүүлчдийн минь хувь нэмэр маш их гэдгийг онцлох байна. Түүнчлэн энэ удаагийн “БАЛДОРЖ” шагнал гардуулах ёслолыг хэд, хэдэн телевиз шууд дамжуулсан. Мөн “Өдрийн сонин” болоод бусад хэвлэлүүд маань маш сайхнаар мэдээлж, түгээж өгсөн. Энэ бол манай хэвлэл, мэдээллийн байгууллагуудын энэ үйл ажиллагаанд оруулж байгаа дэмжлэг гэж би ойлгож байгаа.

-Та энэ жилээс “Балдорж” сангийн тэргүүнээр ажиллаж эхэлсэн. Цаашид сангийнхаа хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа бол?

-Өмнө нь миний ээж сангийн тэргүүнээр ажиллаж байсан. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд ээж минь маш сайн ажилласан учраас “Балдорж сан” улам өргөжиж, бүтээлээ ирүүлэх сэтгүүлчдийн тоо ч нэмэгдсээр ирсэн байна. Тэгэхээр миний хувьд энэ сайхан ажлыг улам амжилттай үргэлжлүүлэх үүрэг хүлээж байна гэж ойлгож байгаа. Гэхдээ энэхүү сангийн тэргүүн болсон ч гэсэн сэтгүүл зүйн шилдэг бүтээлийг шалгаруулдаг “БАЛДОРЖ” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааны шүүлтэд оролцохгүй. Миний хувьд “Өнөөдөр” сонины орлогч эрхлэгчийн албыг хашдаг учраас ашиг сонирхлын зөрчилдөөн гарах вий гэдэг үүднээс энэхүү шүүлтэд оролцохгүй гэж шийдсэн л дээ. Харин шагнал гардуулах ёслолыг зохион байгуулах үйл ажиллагаанд нь л түлхүү анхаарч ажиллах юм. Ер нь зохион байгуулалтын ажил дээрээ илүү анхаарч ажиллах ёстой юм байна гэж бодож байгаа.

-“Балдорж” сангийнхаа тухай танилцуулаач?

-Аав маань 2007 онд өөд болсон л доо. Харин 2008 оны хоёрдугаар сараас эхлэн “Балдорж” сан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Гэхдээ 2009 оноос эхлэн сэтгүүлчдийн шилдэг бүтээлийг шалгаруулж байхаар болсон. Манай сангийн гол зорилго нь Монгол нутгийн хөрсөнд соёолон буй чөлөөт хэвлэлийн нахиаг арчлан хамгаалах, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх ариун үйлсийг тууштай дэмжихэд оршдог. Мөн “Балдорж” сан хоёр томоохон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тодруулбал, сэтгүүл зүйн шилдэг бүтээлийг шалгаруулдаг “БАЛДОРЖ” ёслолын ажиллагаа болон арванхоёрдугаар сард зохион байгуулагддаг онол практикийн шүүмж хурал. Шилдэг бүтээл шалгаруулах ёслолын үйл ажиллагаа нь сэтгүүлчдийг урамшуулах зорилготой. Харин энэхүү үйл ажиллагаанд хичнээн мундаг сэтгүүлчийн сайн материал боловч дахин ажиллах анализ хийх зүйлс их байдаг. Тэр утгаараа онол практикийн хурлаараа сэтгүүлчдийн материалуудад анализ хийж, дахин сайжруулахын тулд ярилцаж, мэтгэлцдэг.

-Та мөн “Өнөөдөр” сонины орлогч эрхлэгчийн албыг хашдаг шүү дээ. Сониныг залж чиглүүлэх энэхүү чухал үүргийг гүйцэтгэнэ гэдэг амаргүй болов уу?

-Би аавыгаа бурхан болсноос хойш ажил хийж эхэлсэн юм. Орчуулагч, зурагчин бас өөр байгууллагуудад ч ажиллаж байлаа. Дараа нь Английн “University of Exeter”-т бизнесийн удирдлага, олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн юм. Харин 2014 оноос “Өнөөдөр” сониныхоо вэбсайтын ерөнхий эрхлэгчээр ажиллах болсон. Улмаар эгч Б.Нандинтүшиг маань жирэмсний амралтаа авсан учир сонины ажил руугаа илүү анхаараад байна. Ерөнхийдөө уламжлалт хэвлэл, орчин үеийн сэтгүүл зүй хоёрыг зөв холбох зорилготой явж байгаа.

Сонин хэвлэл бол хэзээ ч устаж үгүй болохгүй. Харин ч хүмүүс сонин хэвлэлд илүү итгэдэг. Сонин дээр гарсан зүйлийг хүмүүс бие, биендээ хэлж, ярьдаг. Сонины сэтгүүлчдийн гаргаж ирсэн өнцөг, нийтлэл нь телевизийн нэвтрүүлэг, вебсайтын сэдэв болдог. Олон улсад ч мэдээллийн анхдагч эх үүсвэр бол сонин гэж үздэг. Тэгэхээр сонины салбар уналтад орох юм бол бусад мэдээллийн хэрэгсэлд ч хүндээр тусна. Тэгэхээр вебсайт, сонин хэвлэл хоёр бол өрсөлдөх гэхээсээ илүү бие биенийгээ дэмжиж ажиллах ёстой гэж ойлгодог.

Тийм ч боломж бий гэдгийг биетээр нь харуулахын төлөө ажиллаж байна. Гэхдээ хэр амжилттай яваагаа хэлж мэдэхгүй юм. Ер нь хэвлэл мэдээллийг хариуцаад ажиллана гэдэг амаргүй даваа л даа. Миний хувьд залуу, туршлагагүй байгаа учир бага зэрэг алдах үе байна. Саяхан болсон “БАЛДОРЖ” шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр ч гэсэн бага зэрэг туршлагагүйтсэн. Гэхдээ надад хамгийн сайн баг байдаг. Энэ баг аавыг минь бурхан болсноос хойшхи энэ арван жилийн хугацаанд бидний бүхий л зүйлд тус дэм болж, аливааг хөнгөвчилж өгч байгаад маш их баярлаж явдаг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэн Ерөнхий сайд болох магадлалтай вэ?

Засгийн газар огцроод даруй хагас сарын хугацаа өнгөрсөн ч дараагийн Ерөнхий сайд хэн болох нь оньсого таавар мэт байсаар байна. УИХ дахь МАН-ын бүх гишүүд амаа хамхиад зугтжээ. Тэд Ерөнхий сайд хэн болохыг Намын бага хурлаар шийднэ гэсэн нэг л хариу хэлцгээж байна. Бодвол Бага хурлын бэлтгэл хангахаар өөр өөрийн нутаг руугаа явцгаасан биз. Хэнийг хэний төлөө санал өгүүлэхийг ятгаж сэнхрүүлэх ажил хийж яваа байлгүй. Сүүлийн үед өрнөж буй үйл явдал, хэвлэл мэдээллээр гарч буй мэдээлэл болон зарим нэгэн эх сурвалжийн өгүүлж буйг багцлан тоймлож хэн Ерөнхий сайд болох магадлалтай вэ гэдгийг тодруулах гээд үзье. МАН доторх фракцуудаас зориуд түгээж буй мэдээлэл, хэвлэлийн таамаг зэргээс харвал Ерөнхий сайд болохоор горилогсод чамгүй олон ажээ. Бүгд л дотроо “Тэр болж байхад би яагаад чадахгүй билээ” гэсэн бодол тээгээстэй. Гэхдээ хүн болгоны санаан зоргоор бүтнэ гэж юу байх. Хувь хүний нэр төр, зангараг, мэдлэг боловсролоос гадна нам дотроо хэний дэмжлэг авдаг, тухайн фракц нь хэр нэр нөлөөтэй болон бусадтайгаа хэрхэн тохирч чадах вэ гэдэг нь хамгийн том шалгуур билээ.

1. Ө.ЭНХТҮВШИН. Ерөнхий сайдад нэр дэвшихээ тэрбээр өчигдөр албан ёсоор зарлалаа. Уг мэдэгдэлдээ “Төрийн ажлын туршлагадаа үндэслэн, басхүү ахмад хүний хувьд нэг зүйлийг би шууд хэлье. Бүрэн хүмүүжээгүй, биеэ баттай засаагүй, үзэл бодол нь төлөвшөөгүй хүнд эрх мэдлийг атгуулах нь нялхаст шүдэнз бариулахтай адил зовлон болдгийг бид 20 гаруй жилийн туршид хангалттай харлаа, амслаа. Энэ удаа насны үеэр нь бус, уг хүний үйлдэл, зам мөрийг харж сонголт хийх учиртай гэж үзэж байна” хэмээн онцолсон нь яах аргагүй өрсөлдөгчдөдөө хаягласан үг.

МАН-ын дарга байсан тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд намаа унагасан хэмээн даргын албаа сайн дураараа өгч байсан удаатай. Парламентад таван удаа сонгогдсон, намдаа нэр хүндтэй, чадварлаг боловсон хүчний нэг яах аргагүй мөн. Чуулганы хуралдаан дээр “Юманд эрэмбэ дараа, ээлж дугаар гэж бий” хэмээн хэлж байсан хүн. Тийм болохоор одоо өөрийнх нь ээлж, эрэмбэ дараалал болсон гэж үзэж буй байх. Намын дарга болохоосоо өмнө жигүүр удирдаж байсан Ө.Энхтүвшингийн хувьд хүчтэй эсэргүүцэл бага харагддаг. Засгийн газар унагахад дэмжиж гарын үсэг зураагүй нь ч түүнд бодлого, зорилго байсныг илтгэнэ. Сүүлд гарсан мэдээллээр Ө.Энхтүвшинг хотын фракцынхан дэмжих бөгөөд хэрэв Ерөнхий сайд болсон тохиолдолд Засгийн газрын талыг хотын фракцаас бүрдүүлнэ гэсэн тохироо хийсэн хэмээжээ. У.Хүрэлсүх, Сү.Батболд нарын фракцаас Ерөнхий сайдад нэр дэвшигчид яг ялна гэсэн хатуу итгэл байхгүй, элдэв янзын тохироо энэ тэрээ тултал нь хийж чадаагүй бол Ө.Энхтүвшинд эсэргүүцэл бага ирнэ. Ялангуяа нэр хүнд өндөр, шударга, нэг бүлэглэлийг улайран дэмждэггүй тэрбээр фракцуудын зөрчилдөөн дундаас гараад ирэх боломжтой юм.

2. У.ХҮРЭЛСҮХ. Ерөнхий сайд болно гэж горилогсдоос түүнийг хамгийн магадлалтай хэмээн яригдаж байгаа ч саад тотгор чамгүй их бий. “Би байгаа цагт Хүрэлсүхийг намын дарга болгохгүй” гэж М.Энхболд хэлсэн хэмээх үнэн худал нь мэдэгдэхгүй яриа байдаг. Ямартаа ч Засаг унагахгүй хэмээн кноп дарсан 32 дээр санал хураалтад байгаагүй гурван гишүүн нэмэгдэж түүний эсрэг санал өгнө. Сү.Батболдын фракцынхантай яриа тохироогоо сайн хийж чадахгүй бол Ерөнхий сайд болох хамгийн магадлал өндөртай хэмээн харагдаж байвч цагаа тулахаар У.Хүрэлсүхийг дэмжих хүч сул гэж улстөрийн хүрээнийхэн ярьж байна. Ерөнхий сайд болсон ч нэг их удахгүй гэх. Тэрбээр одоо бага хуралдаа найдлага тавьж, хамаг хүчээ дайчилж байгаа байх. Учир нь намын гишүүд дотроо нэр хүнд дажгүй сайн яваа. Мөн өнгөрсөн бүтэн жилийн турш хөдөөгүүр хэрэн хэсч уулзалт хийсэн нь жирийн гишүүдийнхээ итгэлийг олоход чиглэгдсэн. Ингэж явсан нь хэр үр дүнтэй эсэх нь одоо харагдах байх. Одоо У.Хүрэлсүх шиг хүн намыг удирдаж, нэр хүндийг нь өсгөх ёстой гэж олон хүн үздэг, дэмждэг.

3. Н.ЭНХБОЛД. Мэдлэг, туршлага, парламентад сонгогдсон байдал зэргээрээ яалт ч үгүй намдаа жин дарах хүний нэг. Ямар нэгэн хэл ам, хэрүүл шуугианаас ангид байж чаддаг. С.Баяртай найз нөхөд гэдэг тэрбээр Ерөнхий сайдын ажлыг чадмаг хийх мэдлэг туршлагатай. Магадгүй засаг огцруулахад гарын үсэг зураагүй нь ч үүнтэй холбоотой байх. Харин тэрбээр нам дотроо дэмжлэг бага харагддаг. Засаг унагах гарын үсэг зурсан гишүүд болон хотын фракцынхан түүний эсрэг санал өгнө гээд бодохоор дэмжлэг авах магадлал тун бага юм.

Related image4. Ч.ХҮРЭЛБААТАР. МАНын бэлтгэгдсэн боловсон хүчний нэг. Түүнийг Сү.Батболдын фракц гэдэг. Сү.Батболдын хувьд намын дарга, Ерөнхий сайд байсан энэ намын том төлөөллийн нэг. Гэхдээ эдний фракцынхан намдаа эзлэх жин бага. Эднийг хэвлэлээр баян тарган гэж их шүүмжилдэг. Уул уурхай, оффшорын асуудлаар хэл аманд байнга л ордог. Ч.Хүрэлбаатарыг Сү.Батболд гэж хараад намынхан нь дэмжихгүй байх магадлалтай. Гэхдээ фракц болгонд байх нутгийн гэх фактор үйлчилж мэднэ. Н.Энхболд, Ч.Хүрэлбаатар хоёр өрсөлдсөн тохиолдолд нэг нь нөгөөдөө найр тавьж нэрээ татах хэмжээний ойрын найз нөхөд гэдэг.

Сү.Батболдын гэгдэх фракцад Д.Цогтбаатар гээд мэдлэг чадвар, боловсрол өндөртэй залуу бий. Намын дарга, Ерөнхий сайдын албыг чадмаг хийгээд явчих залуу гэж түүнийг масс үнэлдэг. Гэхдээ түүний нэр энэ удаагийн Ерөнхий сайдын алба горилогсод дунд байхгүй. Дашрамд хэлэхэд, Засгийн газар унагахад Сү.Батболдыг гарын үсэг зурсанд олон хүн гайхшран хүлээж авсан. Өөрөө Ерөнхий сайд байсан, жаргал зовлонг нь хамгийн их ойлгох ёстой хүн байтал унагах гарын үсэг зурсанд одоо ч хүмүүс дургүйцсээр байдаг юм билээ.

Image result for Ж.ЭНХБАЯР5. Ж.ЭНХБАЯР. Намын шинэчлэл, шударга ёс ярьж засаг унагах санал санаачилга өрнүүлсэн залуу гишүүдийн төлөөлөл. Ж.Энхбаярыг хотын фракц буюу М.Энхболдын хүмүүс бүгд эсэргүүцнэ. Сү.Батболдынхон дундыг барина. Тиймээс хэрхэн тохироо хийсэн эсэхээс хэр санал авах нь хамаарна. “Бидний үе ирсэн” гэж ярьдаг түүнд Ерөнхий сайдын суудал ойрхон харагдаж болох ч энэ удаа нэр дэвшихгүй, бүр сайд ч болохгүй гэж ярьсан сурагтай. Тэгвэл У.Хүрэлсүхийг дэмжин ажиллах нь тодорхой. Тэрбээр 2020 оноос арай буурь суурьтайхан хөдлөх төлөвлөгөө боловсруулсан шигээ алхаж яваа гэх.

6. Ц.НЯМДОРЖ. Хэдийгээр Ц.Нямдоржийг Ерөнхий сайд болно гэсэн мэдээлэл мэр сэр гарч буй ч өөрөө нэр дэвшихгүй байх. Түүнд өнөөдрийн энэ албан тушаалаас илүү арай холыг харсан нүүдэл буй гэлцдэг. Хурц шударга үгтэй, фракц энэ тэрд харьяалагдаад байдаггүй тэрбээр намдаа төдийгүй олон түмний дунд ч нэр хүндтэй. Гэхдээ намын зарим залуу гишүүд түүнийг яг ярьж байгаа шигээ шударга хүн мөн эсэхэд эргэлздэг гэнэ лээ.

Related image7. Д.ХАЯНХЯРВАА. Түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшинэ гэж байсан ч өөрөө үгүйсгэсэн.

Одоогоор Ерөнхий сайдад яригдаж буй нь дээрх хүмүүс. Эднээс хамгийн магадлал өндөртэй хоёр нь У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин нар. Аль аль нь санал өгөх хүмүүсээ багцлан ярьж тохирсон бөгөөд тоогоо бодоод гаргачихсан гэх. Тоогоо бодоод гэдэг нь Бага хурлын 330 гишүүний хэдийг нь өөрийн талдаа татсан гэдгээ тооцсон гэсэн үг.

Ямартаа ч өчигдөр орой Ө.Энхтүвшин Ерөнхий сайдад нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдлээ. Түүнийг хотын фракц буюу М.Энхболд дэмжиж байгаа, Ерөнхий сайд болсон тохиолдолд танхимаа яаж бүрдүүлэх тохироогоо хийсэн гэх яриа ортой бололтой. Тэрбээр нөгөө талд буй У.Хүрэлсүх тэргүүтэй залууст “Надад туршлага байна. Үзэл бодол нь төлөвшөөгүй хүнд эрх мэдлийг атгуулах нь нялхаст шүдэнз бариулахтай адил зовлон болдог” хэмээн анхааруулаад авав. МАН-ын Бага хуралд М.Энхболдын хотын фракц илүү жин дардаг, нэр нөлөөтэй гэдэг. Тэр үнэн бол Ө.Энхтүвшин Ерөнхий сайд болох магадлал нэмэгдэнэ гэсэн үг.

М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр уулзаж байгаа мэдээлэл хэвлэлд хэд хэд гарсан. Тэдний харилцаа өөрчлөгдөж, шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, цаашлаад намын даргын талаар ярилцаж тохирсон гэх мэдээлэл бий. Ингэх ч шалтгаан байна. Үүнд Т.Бадамжунай гэх хүний үүрэг оролцоо их бий гэдэг. Нэгэн цагт У.Хүрэлсүх, Т.Бадамжунай нар улсын мөнгө идсэн уусан хэрэгт эрүү үүсгэн шалгагдаж байсан түүхтэй. Тэр үед зовлон нэгт хоёр ах дүүс шиг болсон гэдэг. Т.Бадамжунайг хэзээнээс М.Энхболдын баруун гарын хүн гэдэг. Тиймээс М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын харилцаа Т.Бадамжунайн тусламжтайгаар сайжирсан гэх яриа байна. Мөнхийн дайсан гэж байдаггүй. Мөнхийн эрх ашиг гэж бий гэдэг. Тэрсэлдэж, бие биенээ үзэн ядаж байсан хүмүүс ямар эрх ашиг нэгтгэгдэн яриа тохироо хийсэн эсэхийг цаг хугацаа харуулах буй за. Мөн Засаг унагах хүртлээ тохиролцож ярьж чадаагүй хүмүүс одоо нэг зүгт харна гэж байхгүй. Эцсээ хүртэл өөр өөрийн үзэлдээ үнэнч байх хүмүүс ч гэдэг. Дээр дурдагдсан хүмүүсээс гадна огт нэр гараагүй шинэ хүн гаргаж ирэх боломжтой ч төдийлөн оновчтой хувилбар биш юм.

Энэ удаа ил өрнөж буй үйл явдал, мэдээ мэдээдэлд анализ таамаглал хийлээ. Хөшигний цаана хэн хэнтэй уулзаж, ямар яриа тохироо хийсэн нь цаашид өрнөх үйл явдлуудаас тодорхой болох биз ээ.

Эцэст нь хэлэхэд, ямар ч хүн Ерөнхий сайд боллоо гэхэд бодлогын зоригтой өөрчлөлт хийхгүй бол удаан тогтохгүй. Ингэхдээ эдийн засгийн ямар ямар бүлэглэлийн эрх ашгийг хөндөх вэ гэдгээс бас шалтгаална. Мөн Ерөнхийлөгчтэй нийлээд намаа хөөдөөд хаячихгүй хүн байх хэрэгтэй. Энэ бүх эрх ашгийг нэгтгэж чадах хүн Ерөнхий сайд болж бодлогын өөрчлөлт, шинэчлэл хийхгүй бол Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хувь заяа давтагдана. Өнгөрсөн үйл явдлаас харж байхад намууд дураараа дургиж, аль нэг бүлэглэл, эрх ашгийн төлөө илэрхий зүтгээд байвал ард түмэн УИХ-ыг тараах хүртэл сэтгэлзүйн бэлтгэлтэй болжээ. Тийм учраас шинэ Ерөнхий сайд ард олны сэтгэлд нийцсэн, тэднийг тайвшруулахуйц хэмжээний хүн байх ёстой. Үүнийг тоохгүй байж болохгүй. Намыг сохроор дагадаг байсан ард түмэн өөрчлөгдсөн. Бидний төлөө юу хийх вэ гэдгийг гярхай ажиглан харж, үнэлэлт дүгнэлт өгч, хариуцлага тооцдог ард түмэнтэй шүү гэдгээ эрх баригчид мартах учиргүй.

Categories
мэдээ нийгэм

НИТХ-ын ээлжит XI хуралдаан өнөөдөр 10.00 цагаас Хангарьд ордонд эхэлнэ

НИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаан өнөөдөр 10.00 цагаас Хангарьд ордонд хуралдахаар тов зарлаад байна.

Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинэ даргаа тодруулах юм. Учир нь Ц.Сандуй НИТХ-ын даргын болон Нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл өгсөн. Үүнтэй холбогдуулж нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдаж, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨҮГ-ын захирал Г.Төмөрбаатар нарыг НИТХ-ын даргад нэр дэвшүүлэхээр болсон.

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар дээрх гурван нэр дэвшигчийг хэлэлцсэн ч гурвууланг нь дэмжин, НИТХ-ын хуралдаанаар санал хураалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд буй юм.

Categories
мэдээ нийгэм

Нийлэг хальсан хүлэмжийг дөрвөн жилийн хугацаатай хүүгүй зээлээр олгож эхэллээ

Солонгос болон Хятад улсад үйлдвэрлэсэн нийлэг хальсан хүлэмжийг 30 хувийн урьдчилгаатай, дөрвөн жилийн хугацаатай хүүгүй зээлээр олгож эхэлжээ. Энэ талаар ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн “Энэхүү 720 иж бүрдэл хүлэмжийг иргэд, аж ахуй нэгжид олгосноор хүлэмжийн талбай 68.8 мянган м2 талбайгаар, шинэ ургацын жимс, нарийн ногооны үйлдвэрлэл 800 тонноор нэмэгдэж, орон нутагт олон ажлын байр бий болох юм. Эдгээр хүлэмжүүд нь Монгол орны нөхцөлд ашиглагдаж туршигдсан, барьж ашиглахад хялбар, эдэлгээний хугацаа урттай, өртгөө богино хугацаанд нөхдөг зэрэг олон талын ач холбогдолтой. Бид цаашид өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн хүнсний ногооны нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн жилийн турш шинэ ургацын ногооны тогтвортой хангамжийг бий болгоход анхаарч ажиллах болно” гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээс МАН-ын журмын нөхдөдөө илгээх захидал

Монгол Улс өнөөдөр нэн эгзэгтэй цаг үеийн өмнө тулж ирлээ. Иргэдийнхээ орлогыг яаж нэмэгдүүлж, ирэх өвөл 80 гаруй сая малаа яаж авч гарах вэ?, том төслүүдээ хэрхэн хөдөлгөж, дутагдах гурилын хэрэгцээгээ хаанаас нөхөх вэ?, хоёрхон сарын дараа төлөх 680 орчим сая долларын гадаад өрөө яаж барагдуулах вэ?, цалин, тэтгэвэр нэмэх шаардлагыг хэрхэн шийдвэрлэх вэ? зэрэг тулгамдсан асуудлууд ар, араасаа хөвөрч байна.

Ийм цаг үед МАН Бага хурлаа хуралдуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна. Манай нам ямагт улс орныхоо нэгдмэл эрх ашгийн төлөө нэгэн зорилго дор нэгдэж чаддаг түүхэн уламжлалаа энэ удаа ч хадгална гэдэгт миний бие эргэлзэхгүй байна.

Гэвч дотоод нөхцөл байдал амаргүй байгаа. МАН өнөөдрийг хүртэл түүхэндээ ингэж тал талд хуваагдан, сөргөлдөж байсангүй. Эрүүл өрсөлдөөн байх ёстой ч, бүлэглэн талцаж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр байр сууриа тулгасан түүх манай намд байхгүй. Цаашид ч байх ёсгүй юм. Яагаад гэвэл, Монгол Улсын Ерөнхий сайд аль нэгэн бүлэг, фракцын төлөөлөл байх учиргүй. МАН том нам мөн боловч, ард түмнийхээ дунд бол цөөнх. Иймд Монгол Улс, нийт ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалж чадах, тэдний итгэлийг хүлээх нэгнээ Ерөнхий сайдад нэр дэвшигчээр тодруулах учиртайг гүнээ ухамсарлах үүрэгтэй.

Цаг үеийн ээдрээтэй нөхцөл байдал нь Ерөнхий сайдаа тодруулж ирсэн МАН-ын уламжлалыг энэ удаа өөрчилж, өрсөлдөөний зарчмыг сонгох бололтой. Намын удирдлага, гишүүдийн санаа бодол ч тийм байна.

Иймд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин миний бие Монгол Улсын Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж, МАН-ын Удирдах Зөвлөл, Бага Хурлын түвшинд өрсөлдөхөө журмын нөхдөдөө мэдэгдэж байна.

Төр засаг, намын өмнө ийм амаргүй цаг үе тулж ирчихээд байхад, 20 гаруй жил төрд зүтгэж, УИХ-д тавантаа сонгогдож, МАН-ын даргаар ажиллаж байсан миний бие гаднын зочин мэт гар хумхин хөндлөнгөөс хараад суух эрхгүй гэж өөрийгөө хурцаллаа.

Монголын ард түмэн, журмын нөхөд Та бүхэндээ амлаж чадах, надад байгаа баялаг бол худалдагдахгүй зан чанар, хувирахгүй ёс суртахуун, шударга зарчим, төрийн ажлын туршлага, алдаанаасаа суралцсан сургамж ухаарал, энэ бүхнээ нотолж, өнөөдрийг хүртэл явж ирсэн сүүдэргүй зам мөр минь байна.

Улс орны эрх ашиг, зарчмаасаа урвасан, аль нэгэн бүлэглэл фракцын малгай дор багтсан, хууль бус үйлдэлд нэр холбогдсон түүх надад байхгүй ээ. Цаашдаа ч амьдралынхаа үдэлтийн цэгийг хатгах хүртэл энэхүү “баялаг”-аа эрхэмлэн үнэнч явах болно.

Төрийн ажлын туршлагадаа үндэслэн, басхүү ахмад хүний хувьд нэг зүйлийг би шууд хэлье. Бүрэн хүмүүжээгүй, биеэ баттай засаагүй, үзэл бодол нь төлөвшөөгүй хүнд эрх мэдлийг атгуулах нь нялхаст шүдэнз бариулахтай адил зовлон болдгийг бид 20 гаруй жилийн туршид хангалттай харлаа, амслаа. Энэ удаа насны үеэр нь бус, уг хүний үйлдэл, зам мөрийг харж сонголт хийх учиртай гэж үзэж байна.

Хамгийн чухал нь голын эх булингаргүй байх ёстой. Харьяалах сонирхлын бүлэггүй, сэвтсэн нэр хаяггүй, зарчимч, шударга нэгнээ онож Ерөнхий сайдаар тодруулах нь ард түмнийхээ төлөө чин шударгаар сайн ажиллах чадварлаг баг бүхий засгийн газрыг байгуулахын эх юм. 2012 оноос хойш Монголын төрийг өмчийг нь идэж, завших гэж дайрдаг атлаа, хэн ч “сав суулгыг нь цэвэрлэх”-ийг хүсдэггүй, яг л “цайны газрын угаалгын өрөө” шиг болгожээ. Хэрэв би Ерөнхий сайдаар томилогдвол Монголын төрийн “гал тогоо”-г цэгцлэх, цэвэрлэх ажлыг эрчимжүүлнэ.

Ард түмэн өнөөдөр шударга ёсоор ангаж, улс төрийн ариун ёс суртахуунаар цангаж байна. ийм үед төрийн зүтгэлтний зүрх нь толгойдоо цохилж байх ёстой.Төрийн албан тушаалтны тархи нь хэтэвчиндээ багтаж, хувийн сонирхолдоо захирагдаж хэрхэвч болохгүй. Хэрэв, би Монгол улсын Ерөнхий сайдаар томилогдвол, төрийн албаны бүх түвшинд шударга бус бүхнээс ангид байх зарчмыг чанд мөрдөнө. Байгалийн баялгийн ч, улсын төсвийн орлогын ч өрмийг улстөрчид, эдийн засгийн цөөн бүлэглэл олон жил хамлаа. Ард түмнээ харин хусман дээр нь “зодолдуулчихаад” эдийн засгийн өндөр статистик ярьж суух зориг, сэтгэл надад байхгүй. Би Ерөнхий сайдаар томилогдвол, эдийн засгийн эерэг тоо бүрийн хаялгыг айл болгоны хаалгаар оруулж, ажлынхаа үр дүнг иргэдийн халаасанд тэмтрэгдэж буй мөнгөн дүнгээр хэмжүүлдэг Засгийн газар байхын төлөө хичээж ажиллана.

Улс төрчид олон жил ард түмнээ элэг барилаа. Ард түмэн хонины номхон морь, нохойд барьдаг “мод” биш ээ. Одоо ард түмнээ улсынхаа хойморт буюу залах ёстой газар нь залах ёстой. Хэрвээ МаН парламентад 65-уулаа сууж засаглачихаад, ард түмнийхээ магнайг тэнийлгэж чадахгүй бол манай намд 2020 оны сонгуулийн ялалт байхгүй, дөрвөн жилийн дараа тэмдэглэх 100 жилийн ойгоор манай гудамжинд галын наадам болохгүй гэдгийг хатуу ойлгоцгооё. Иймд ээлжилж засаг барьсан МАН, АН нь зоосны хоёр тал, харин ард түмэн нь зоосны ирмэг мэт явсан он жилүүдэд цэг тавьсан Ерөнхий сайд байхын төлөө би зүтгэх болно.

Монголчууд бидэнд өнөөдөр эв нэгдэл, хамтарч бүтээх сэтгэл дутагдаж байна. Олонх нь “хийж, бүтээх” гэдэг, сөрөг хүчин нь “нураадаг, гутаадаг” тайзны улс төр одоо хэрэггүй. ард түмний баялаг, татварын орлогоор хүүдэгнэж тансагласан урт найрыг одоо дуусгая! Бид зарим үйл явдал, зарчмын асуудал дээр тооны олноор хүч түрж ч болохгүй!

Сөрөг хүчний намаас нэр дэвшиж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулгын мөрийн хөтөлбөр нь манай намынхаас өөр ч улсын эрх ашгийн үүднээс хамтран ажиллах бүх боломжийг хайх ёстой. Өөрөөр хэлбэл, төрийн ажил хуулийн хайрцаг дотор явна. УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын эрх мэдэл, үүрэг, харилцааг Үндсэн хуулиар маш тодорхой хуульчилсан. аль нэгэн институц, хэн нэгэн албан тушаалтан нь Үндсэн хуулийн энэхүү алтан хилээс давсан эрх мэдэл эдлэх, давсан харилцаа шаардахыг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Хэн нэгэнтэй тэрсэлдэх, ая тал засах, халаасанд нь явж орох ёс суртахуун надад таарахгүй. УИХ, Ерөнхийлөгч, сөрөг хүчинтэйгээ зөвхөн хуулийн дор ойлголцон ажиллах болно. Зарчим, шударга ёс дээр суурилсан ийм ойлголцол, эв нэгдэл эрх барьж буй МАН-д бүр ч их хэрэгтэй. Би МАН-аа зарим хэвлэлд зориуд бичээд байгаа шиг мафижсан бүлэглэл болсон гэдэгт огт итгэдэггүй. Тийм болох ч бололцоогүй, манайх бол нээлттэй нам. Харин сая Засгийн газрыг огцруулах үеэр хуваагдсан, одоо гүнзгийрэх шинжтэй болоод буй талцлыг нэн даруй зогсоож, урд урдаасаа алхаж маш зөв ойлголцох ёстой. МАН хүчирхэг улстөрийн хүчин байхын үндэс нь, бас үнэт зүйл нь дотоодын эв нэгдэл юм. Бидэнд хуурамч, тунхаглалын шинжтэй бус, зарчим, үнэт зүйл дээр суурилсан амьд бүтээлч эв нэгдэл хэрэгтэй. МАН хэзээ ч байгалийн баялгийг идэж шамшигдуулах гэсэн бүлэглэлийн гар хөл, гэмт үйлдлээ нуун далдах бамбай, хууль бусаар төрийн өндөр албан тушаалд хүрэх гишгүүр, нэгнээ намнах муна болох ёсгүй. Харин ч МаН өнөөдөр засаглаж байгаагийнхаа хувьд төрийн доторхи төр гэдгээ ухамсарлаж, ард түмнийхээ итгэлийг дааж, бүтэн багаараа нэгэн цул болж ажиллах ёстой. Хариуцлагаа ч үүрье. Бороо ороход “хувьтай хүн хур борооноор” гэж өөрсдийн гавьяа мэт сурталчилдаг хэрнээ, ган болохоор “бидэнд хамаагүй” гэж зугтдаг улс төрийн буруу жишгийг халж, ард түмний өгсөн бүрэн эрх мэдэлд бүтэн хариуцлагаа хүлээе!

“Төрийн хэрэг бага ч их, гэрийн хэрэг их ч, бага” гэх мэргэдийн үгийг санаж, гэрийн хэргээ энэ Монголынхоо 3 сая хүний зовлон болгохгүйгээр, их хэрэгтээ санаа тавин зүтгэцгээе!

Эцэст нь “Эрх баригчид завь мэт, харин ард түмэн их мөрөн лугаа” гэх нэгэн их хүний үгийг бас санацгаая. Их мөрөн завийг урсгаж ч, зогсоож ч, бүр хөмөрч ч чаддаг. Их мөрөндөө ихэд хол явах, үгүй нь та биднээс л хамаарна. Өнөөдөртөө бол сонголт их мөрөнд бус, МАН-ын журмын нөхөд та бидний гарт байна. Харин маргаашийн сонголтыг их мөрөн өөрөө хийнэ гэдгийг ямагт санаж явцгаая!

Хүндэтгэсэн: УИХ-ын гишүүн, МАН-ын дарга асан Ө.ЭНХТҮВШИН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Оюунтуяагийн “Хэн Ерөнхий сайд болох магадлалтай вэ” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч Д.Оюунтуяагийн “Хэн Ерөнхий сайд болох магадлалтай вэ” нийтлэл хэвлэгдлээ.

Улс төрийн нүүрт Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяагийн “Хийхээр төлөвлөсөн олон ажлаараа одонгоо угаана даа” хэмээх ярилцлага нийтлэгдсэн байна. Мөн “Багш нарын цалин гэдэг таны хүүхдийн ирээдүйн цалин юм” хэмээх нийтлэл хэвлэгджээ.

“Өдрийн сурвалжлага”-аараа багш нарын ажил хаялтын эргэн тойрондохыг сурвалжиллаа.

“Баримт, үйл явдал” нүүрт “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн захирал Г.Төмөрбаатар 20 сая төгрөгийн үнэтэй сэлбэгийг 49 сая төгрөгөөр худалдан авдаг байжээ” хэмээх сурвалжлага нийтлэгджээ.

“Долоон гавьяат, арван доктортой нэг анги” энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд зочилсон байна.

“Нохой хуцсан ч парад үргэлжилнэ” хэмээн Дэлхийн мэдээ онцолжээ.

П.Хорлоогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан дурсамж, дуртатгалыг “Удам, судар” булангаас унших боломжтой.

Маск продакшны жүжигчин А.Гэрэлцэцэгийн сонирхолтой ярилцлага 13 дугаар нүүрт хэвлэгджээ.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ


Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 24, 25-нд жинхэнэ цочир хүйтрэнэ

Image result for Нойтон цас орж, цочир хүйтэрнэӨчигдөр өдрөөс баруун аймгуудын нутгаар цаг агаарын байдал тогтворгүй болж, сэрүүсч эхэллээ. Баян-Өлгий аймагт нойтон цас орж, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар салхины хурд ширүүсчээ.

Харин өнөөдрийн байдлаар Архангай аймгийн зүүн, Өвөрхангайн хойд хэсэг, Улаанбаатар хот орчимд нойтон цастай байна. Мөн Булган, Сэлэнгэ, Төв аймаг бороотой байна. Өнөө шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар 0-5 хэм цочир хүйтэрнэ гэдгийг Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Оюунжаргал хэллээ.

Гэхдээ цаг агаарын тогтворгүй энэ байдал өнөө маргаашдаа л үргэлжилнэ. Харин “жинхэнэ” цочир хүйтрэл 24, 25-ны өдрүүдээс эхэлнэ гэдгийг тэрбээр хэлсэн юм.

Жил жилийн есдүгээр сард гэнэтийн цочир хүйтрэх үзэгдэл ажиглагддаг байна. Тиймээс малчид, тариаланчдыг шаардагдах арга хэмжээнүүдийг эртнээс авч, сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Мөнгөндалай: Эрэн сурвалжлах сэтгүүл зүй болон сонины манлайлал

Эрхэм сэтгүүлчид, хүндэт зочид оо

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе

Юуны өмнө Өдөр тутмын сонинуудын холбооны анхдугаар форумыг зохион байгуулж буй Өдөр тутмын сонинуудын холбоо, холбооны удирдлагууд, зохион байгуулагч нарт талархлаа илэрхийлье.

Өнөөдөр эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тухай ярихдаа цоо шинэ төрөл зүйл Монголд орж ирчихсэн мэт шинэ соргогоор хүлээж авах хэрэггүй юм. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж өнөөдөр л ингэж сүр бадруулан ярьж байгаа болохоос Монголын сэтгүүлчид үеийн үедээ эрэн сурвалжилсаар ирсэн. Өчигдөр өнөөдрийн ялгаа нь гэвэл нийгэм нь өөр, нөхцөл боломж арай өөр байсан төдий л юм.

Нэг намын тогтолцоотой хаалттай гэгдэх нийгмийн үед ч сэтгүүлчид эрэн сурвалжилж, зоригтой хурц нийтлэл, сурвалжлагуудыг хүргэсээр байсныг энд дурдах хэрэгтэй. Зохиолч сэтгүүлч Барамсайн “Шорон дотроос өшөө авагчид байдаг юм биш биз” нэртэй 1990-ээд оны эхээр гарч байсан прокурор Отгонбаярын хэрэг буюу, олон хүн хэлмэгдүүлж, цаазын ял оноосон байсныг сэтгүүлч илчилснээр хэлмэгдсэн хүмүүсийн хэрэг задарч шоронгоос суллагдаж байлаа. Барамсай гуайн энэ эрэн сурвалжилсан нийтлэл тухайн үеийн нийгмийг цочроосон дуулиант хэрэг юм. Мөн л 1990-ээд онд агаарын орон зайг гадныханд нууцаар түрээсэлчихсэн байсан хэрэг “Ил товчоо” сонинд нийтлэгдэж дуулиан тарьж байлаа. Ганц нам дангаар эрх барьдаг байсан хатуу үеийн Улс төрийн товчоог хуралдуулахад хүргэж байсан О.Дашбалбарын “Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэг дээр” эрэн сурвалжилсан цуврал нийтлэл, “Номон дээр гишгэсэн алдас” бүтээлүүд тухайн үеийн “Үнэн” сонинд нийтлэгдэж нийгмийг цочоож байлаа. Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн түүхэнд дээрх бүтээлүүд томоохон байр эзэлдэг. Одоогоос арав гаруй жилийн өмнө 10 мянган төгрөг хулгайлаад 10 жилийн ял авсан бүсгүйн талаар “Өдрийн сонин” нийтэлж, олон нийтэд хүргэсний үр дүнд хүний эрхийн хуульчид анхаарал хандуулан хуулийнхан цаашлаад Ерөнхийлөгчид асуудлыг тавьж эцэст нь суллагдаж байлаа.

С.Зоригийн хэргийн сэжигтэн болгож Д.Энхбатыг Францаас Европын холбооны улсуудаар дамжуулан олон улсын гэрээ контракт, хүний эрхийг ноцтой зөрчин, нууцаар авчирч хорьсон хэргийг “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Б.Долзодмаа эрэн сурвалжилж хүргэснээр энэ адармаатай хэргийг үнэн илчлэгдэж, энэ хэрэгт Д.Энхбат холбогдолгүй болохыг нь тогтоож шоронгоос суллагдсан ч удалгүй насбарсан байдаг. Тэрээр шоронгоос гарч ирээд “Өдрийн сонин”-д сүүлийнхээ ярилцлагыг өгсөн юм.

Хадгаламж банкны 14 тэрбум сох дутсан хэргийг “Өдрийн сонин” мөн л эрэн сурвалжилж нийтэд ил болгож байлаа.

Саяхны жишээ хэлэхэд Балдоржийн нэрэмжит сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн гранпри шагналыг “Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах албаны сэтгүүлч Э.Хүрэлбаатар “Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэж явсаар ОХУ-ын хил давжээ” эрэн сурвалжилсан цуврал нийтлэлээрээ авсан бөгөөд чимээгүй дарагдсан энэ мэдээллийн үнэнийг сурвалжилснаар үрээ тэвэрсэн эх үхэлтэй тэмцэж байхад харсаар байж тусалж чадалгүй үхүүлчихсэн Онцгой байдлынхны техник хэрэгсэлд гурван тэрбум төгрөг нэмж төсөвт тусгуулж чадсан билээ. Сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн Балдорж шагналын эзэд ихэвчлэн сонины сэтгүүлчид, тэр дундаа тэдний сурвалжилсан эрэн сурвалжлах бүтээлүүд багтаж байгаа нь сонины сэтгүүлчдийн ур чадвартай, тэр тусмаа явж хийсэн, цаг хугацаа зориулж, баримт цуглуулан, ул суурьтай нухацтай, үр дүнтэй ажилласны жишээ юм. Судалгаанаас харахад ч хамгийн даацтай эрэн сурвалжилсан материалууд сонины редакциас л гарч байна.

Эрэн сурвалжилсан нийтлэлүүдийг захаас эхлээд дурдахад л ийм байна. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй өнөөдөр ч ажлаа хийсээр л байгаа. Гэвч хуучин хаалттай нийгмээсээ дутахгүй хэвлэл мэдээллийн амыг хаах заалтуудыг үе үеийн эрх баригчид ил далдаар хуулинд оруулсаар ирсэн. Сүүлийн үед эрх баригчид хэвлэлд улам хаалттай болж мэдээллийг нууцлах болов.

Хууль бус үйлдээ, авлига хээл хахуулийн хэргээ эрх мэдэлтнүүд нууцалдаг. Энэхүү нууцыг ил болгох нь сэтгүүлч бидний үүрэг юм. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль гарсанд хэн хүнгүй баярлаж байсан ч энэ хуулийн хэрэгжилт ямар ч хяналтгүй болж, мэдээлэл олж авах эрх улам л хумигдсар байна.

Эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж тусдаа нэг ойлголт болгон салгаж ярих нь төдийлөн оночтой бус юм. Сэтгүүл зүйн бүхий л төрөл жанрт эрэн сурвалжлах явц их, бага хэмжээгээр орж байдаг. Тэгэхээр сэтгүүл зүй тэр чигтээ эрэн сурвалжлага гэж нэг талаас хэлж болох юм. Үйл явдлын энгийн нэгэн мэдээг ч бид илүү чанартай, агуулга дүүрэн болгохын тулд эх сурвалжуудаас нэмэлт мэдээлэл цуглуулдаг шүү дээ. Өдрийн сурвалжлага бэлдэхдээ ч мөн л эрж сурч, лавлаж тодруулж, илүү мэдээлэл багтаахыг эрмэлзсээр ирсэн. Харин эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж тусад нь хэлээд байгаа ойлголт нь санаатай, санамсаргүйгээр нуусан, нийтэд хамаатай асуудлыг сөхөж, цаг хугацаа хүч хөдөлмөр, ур чадвар, эр зориг гарган, олон нийтийн анхаарлыг хандуулахуйц сэдэв рүү орохыг хэлээд байгаа юм.

Эрэн сурвалжилж явахад мэдээж эрсдэлтэй тулгардаг. Бидэнд тохиолдсон практикаас харахад цуврал сурвалжлагын эхний хэсэг олон нийтэд хүрч хэвлэлд гарч эхэлснээс хойш буюу нийтлэл сурвалжлага нэгэнт олны хүртээл болсон хойно дарамт шахалт ирэх нь илүү байдаг. Ялангуяа төрд ажиллаж байгаа, эрх мэдэлтэй хүмүүс, тэр ч бүү хэл рецедив гэмт хэрэгтнүүдээс ч айлган сүрдүүлэх, дарамтлах нь олонтаа тохиолддог. Энэ бүх эрсдэл дундуур туучин, алдаа оноотойгоо Монголын сэтгүүл зүй өнөөдөртэй золгосон билээ. Ямар нэг эрэн сурвалжилсан материал нийтлэгдсэний дараа хуулийнхан, өнөөх нийтлэлд дурдагдсан улстөрчид сэтгүүлчдээс хамгийн түрүүнд эх сурвалж шаарддаг. Эх сурвалжаа нууцлах үүрэгтэй гэсэн Олон улсын сэтгүүл зүйн хартийг л хэлэхээс өөр Монголын аль нэг хуулинд энэ талаар заалт байхгүй тул зарим тохиолдолд эх сурвалжаа хамгаалснаараа сэтгүүлч буруутан болох нь бий.

Мэдээлэл олж авах арга олон янз. Заримдаа өрсөлдөгч талуудын маргаан, нэгнийхээ мууг үзэх гэсэн санаархлаас үүдэлтэй баримт, мэдээлэл сэтгүүл зүйн эх сурвалж болох нь бий. 1972-1974 оны үед АНУ-д дуулиан тарьсан Уотергейтийн хэрэг ч эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олж авсан мэдээлэл гэхээсээ өрсөлдөгч талуудын тавьсан өгөөшөөс л үүдсэн байдаг шүү дээ. Дээрх дуулиант тэр хэрэг хэдийгээр үр дүнд хүрсэн ч эх сурвалж нь ашиг сонирхлоос үүдэлтэй байсныг дурдахгүй байхын аргагүй ээ. Ийм бэлэн орж ирсэн мэдээлэл үнэн эсэхийг, сайтар нягталж, өөр эх сурвалжуудаас баримтаа нягтлан баталгаажуулж олон нийтэд хүргэсээр ирлээ. Мэдээлэл нягтлаагүйгээс болон сэтгэлийн хөөрлөөр нэг эх сурвалжийн мэдээллийг эцсийн үнэн гэж үзэн, алдаа гаргах нь манай сэтгүүл зүйд бий. Мөн мэргэжлийн ёс зүйг зөрчин бодит үнэнийг хэт гуйвуулан нэг талд үйлчилснээр тухайн хэвлэлийн байгууллага, сэтгүүлч эрсэлд орох нь бий.

Зарим үед сэтгүүлч хэт нэг талыг барьж, захиалгаар мэдээ сурвалжлага нийтэлсэн нь тогтоогдвол нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэгчээр нийтэд нь захиалгат, худал хуурмаг мэтээр Монголын сэтгүүл зүйг тэр чигээр нь харлуулж харагдуулж байгаа нь манай сэтгүүл зүйн нэг эмгэнэл юм. Зарим тохиолдолд мэдээлэл үнэн байсан ч буруутай тал хүлээн зөвшөөрөхгүй, хэвлэл мэдээллийг буруутгаж, нийтэд сэтгүүл зүйн нэр хүндийг унагадаг. Мөн бидэнд тохиолдож буй нэг бэрхшээл бол сэтгүүл зүйн талаар ямар ч ойлголтгүй, нэг ч мэдээ бичиж үзээгүй бизнес, улс төрийн нэг мөнгөтэй нөхөр хэвлэлийн эзэн болчихдог. Мэдэхгүй юм мэдэхгүй л байдаг. Тэд төдийлөн ашиг олоод байдаггүй хэвлэлийн салбар луу ингэж олноороо орж ирж байгаа нь өөрийн бизнесийг болон нэр төрөө хамгаалах бамбай, зэвсэг болгон хэвлэл мэдээллийг ашиглаж байна. Ингэж хэвлэлийн салбарт эзэн суучихаад хэвлэл мэдээллийг өөрийгөө болон танилыгаа, хамгаалуулах хэрэгсэл болгож хувиргасан нь энэ салбарыг муухай харагдуулж байна. Мэргэжлийнхэн бид ажлаа муу хийж байгаа учраас мэргэжлийн бус хүмүүс энэ салбарыг амархан гэж хараад байна. Хэн нэгэн бизнес эрхлэгч зөвхөн өөрийн эрх ашгийг хамгаалуулаад өөрсдийнх нь эрх ашиг, фракц бүлэглэлийнх нь эрх ашиг хөндөгдөхөөр дуулиант хэргээс тойрч дөлөөд тэр тухай сэтгүүлчдийнхээ олж ирсэн мэдээ материалыг нийтлэхгүй, эсвэл бурууг зөв юм шиг өмгөөлж хамгаалсан захиалгын нийтлэл, сурвалжлагууд гаргаад байхаар манай салбар муухай харагдаж байгаа юм. Нэг ёсондоо энкубаторт байгаа юм шиг цаанаасаа ивээн тэтгэгчтэй, хөдөөх гэрийн авдрын сүүдэрт ургасан ногоо шиг болгоод байна. Тэгэж ургасан ногоо туниагүй, байгалийн ногоон өнгөө олж чадаагүй, шим шүүсгүй болчихдог. Манай сэтгүүл зүй яг тэр авдар доорх ногоо шиг шимгүй, туниагүй болж, нэр хүнд нь унасаар байгаа юм. Тийм эзэнтэй хэвлэлүүд сэтгүүлчдийнхээ зориг, зүрхийг мохоож, сэтгүүлчдийг, хэвлэл мэдээллийг нийтэд манкурт боол мэт харагдуулж байна. Өнөөдөр Монголд улстөрч, сэтгүүлч хоёр хамгийн хэл аманд өртдөг, хамгийн бузар булхайтай, муу хүмүүс болж хэлэгдэх боллоо. Бизнес эрхлэгч эзэнтэй зарим хэвлэл өөрсдийгөө захиалгагүй хэмээн орой бүр зарлах нь ч бусад хэвлэл захиалгатай шүү гэж басамжлан хэлээд байгаа мэт. Сэтгүүлчийн ажил бол хамгийн нэр хүндтэй, хамгийн хүнд хэцүү мэргэжлийн тоонд уурхайчны дараа нэрлэгддэг байлаа. Одоо харин эсрэгээрээ болсныг хэн хүнгүй л мэдэж байгаа.

Хэн дуртай нь манай салбар луу, бидний мэргэжил рүү шүлсээ үсчүүлэх болов. Энэнд бид ч бас буруутай. Мөн нийгмийн болон технологийн хөгжил ч тодорхой хэмжээгээр сэтгүүл зүйн салбарын хөгжилд ч, алдаанд ч нөлөөгөө үзүүлж байна. Нийтийн сэтгүүлзүй гэх ойлголт нэгэнт хүлээн зөвшөөрөгдөж хүн болгон сэтгүүлч гэж өөрийгөө бодоход хүрлээ. Хаа нэгтээ түймэр гарч байвал тэрийг гар утсаараа зургийг нь аваад л “Энд тийм юм болж байна” гээд мэдээлчихэж байна. Байрных нь дэргэд хүн насбарчихсан байвал зургийг нь аваад нийтийн сүлжээнд цацчихаж байна. Үүнийг нийтийн сэтгүүл зүй гэж нэрлээд байгаа. Харин мэдээлэл үүгээр хязгаарлагддаггүй. Сэтгүүлч бид үүний цаад нарийн учир шалтгааныг илүү, баттай болгож, эрэн хайж, олон нийтэд хүргэдгээрээ тэднээс ялгаатай. Гэтэл зөвхөн нийтийн сүлжээнд цацагдсан мэдээллийг шууд нягтлалгүйгээр хэвлэлийнхэн олон нийтэд хүргэх нь ихэсчээ. Нийтэд цацсан мэдээллийнхээ төлөө хариуцлага үүрэхгүй, мэргэжлийн бус хүний тавьсан мэдээллийг олон нийтэд мэргэжлийн гэгдэх хүмүүс нь нягтлалгүй тавих нь алдаа юм.

Бидэнд тохиолддог, тохиолдож байгаа бэрхшээл саад, ололт амжилтын аль нь ч дэлхийн хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт ч яг адилхан тохиолддог. Мэдээлэл олж авах, эрэн сурвалжлах арга замууд ч тийм ч их эрс тэс ялгаа байхгүй ээ. Ялгаа нь ердөө л хууль эрх зүйн орчин. Монголын сэтгүүл зүй дэлхийн сэтгүүл зүйгээс тэгтэл их хоцорчихоод байгаа ч юм биш. Асуудлыг бид дэлхийтэй зүйрлэж, дэлхийгээс хайх хэрэг ер байхгүй. Өөрсдөөсөө, дотоодоосоо л хайх хэрэгтэй. Харин тэднээс сайн жишээ, сэтгүүл зүйн ажиллах боломж, эрх зүйн таатай боломжийг нутагшуулахад л анхаарах хэрэгтэй байна.

“Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах баг олон жилийн хугацаанд “Эх сурвалжийн мөрөөр үнэнийг хайсан нь” цуврал булан нээж эрэн сурвалжилсан сурвалжлагуудыг өнөөдрийг хүртэл хүргэсээр байгаа. Зарим хэвлэлийнхэн биднээс танайх энэ айхтар, эрсдэлтэй сурвалжлагуудаа бэлтгэхдээ хэр их мөнгө зориулсан бэ, бид эрэн сурвалжилсан ийм материал бэлтгэх гэхээр мөнгө хөрөнгө дутагдалтай байдаг гэж хэлэх нь бий. Үнэн хэрэгтээ улс хооронд дамжин явахгүй л бол дотооддоо болсон явцыг сурвалжлахын тулд тийм ч их мөнгө төгрөг шаардагдаад байх нь юу л бол. Үүний оронд залхууралгүй эрж сурч, чин сэтгэл, хүсэл тэмүүлэл, сэтгүүлчийн овсгоо, эр зориг, ур чадвар, эрсдлээ тооцон, дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөлгүй, шантралгүй л явах хэрэгтэй байна. Мэдээж томилолт өвөрлөн явж буй сэтгүүлчийн зардлыг редакциас төлдөг нь дэлхий нийтийн л жишиг.

Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг. Тулгараад байгаа бэрхшээлүүдээс эрх баригчид болон, энгийн иргэд биднийг гаргахгүй ээ. Сайныг хажуугаар саар гэгчээр мэргэжлийн ёс зүй алдагдах тохиолдол манай салбарт мэр сэр бий. Үүнийг ч бид өнөөдөр ярилцах ёстой болов уу. Өнөөдөр энд сонинуудын удирдлага, сонины сэтгүүлчид олон иржээ. Сэтгүүл зүйд хэвлэмэл сонин шахагдах нь гэсэн ойлголт бий болоод нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Гэвч зах зээлийн жамаар өрсөлдөх чадвараасаа шалтгаалж, хаагдсан сонин, захиалагчийн тоо цөөрч, үүдээ барихаас аргагүйд хүрсэн сонинууд бий ч, цаасан сонинг барьж уншиж таашаах, сонин уншихыг соёл гэж үзэх, мэдээллийн үнэн гэдэгт сошиалаас илүү итгэдэг хэвээрээ байгаа нь саяхны нэг судалгаагаар гарсан байсан. Энэ нь үнэн гэдгийг “Өдрийн сонин”-ы захиалгын тоо л өнөөдрийг хүртэл бууралгүйгээр, харин ч тодорхой хэмжээний өсөлттэй явж ирснээс харж болох юм. Дэлхийн цаасан сонины эрхэгчдийн санааг зовоож байсан асуудал таатай эргэж байх шиг. Сүүлийн жилд сонин уншигчдын тоо буурсан гэдэг нь худал гэдгийг дотоод, гадаадын судалгаанууд хэлээд байна. Технологийн хөгжлийн эринд хүмүүс асар их мэдээлэлд бөмбөгдүүлж, зүсэн зүйлийн мэдээллийн урсгал нийгмийн сэтгэл зүйд цутгаж байна. Сүүлийн үед маш олон сайт бий боллоо. Мэдээлийг шуурхай хүргэх тал дээр телевизийн мэдээнээс ч хурдтай байгааг үгүйсгэх аргагүй. Гэвч сайт, сошиалын мэдээллийн хурдын энэ давуу тал нь зарим талаар сул тал болдог. Мэдээллийг нарийн нягтлах, дэлгэрүүлэх, баримтыг баталгаажуулахад хугацаа хэрэгтэй байдгаас тэр юм.

Цөөн хэд нь л мэргэжлийн редакцитай, уншигчдын хандалт олон болохоос, үнэн гэдэгт нь уншигчид төдийлөн итгээд байдаггүй. Сайтын болон телевизийн мэдээллийг устгах боломжтой бол сонин баримт болж үлддэгээрээ давуу талтай. Эрэн сурвалжилна гэдэг нь агшин зуур хэдхэн минут секундэд хийчихдэг юм биш. Төлөвлөх, судлах, сурвалжлах гэсэн тодорхой үе шаттайгаар явагддаг. Сонины сэтгүүлчид энэ ажлыг хийдэг. Тэдний цаг хугацаа зарж, эрсдэл үүрэн олсон мэдээллийг харин зарим сайтууд эх сурвалж дурдалгүй, тухайн сонин хэвлэлийн газрыг дурдалгүй хэсэгчлэн болон бүтнээр нь авч нийтлэх нь их байгаа. Үүнтэй холбоотой Оюуны өмчийн асуудал ч сөхөгддөг. Энэ ч мөн л бидний ярих ёстой сэдвийн нэг болов уу. Редакцигүй, мэргэжлийн бус хүмүүс олноор нь сайт нээж, дээр хэлсэнчлэн нягтлаагүй мэдээ материал нийтэлснээр сэтгүүл зүйн нэр хүндийг унагахад тодорхой нөлөө үзүүлж байгаа. Сонины сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээ сурвалжлагыг ингэж зөвшөөрөлгүй, хагасалж, хугаслан, өөрсдийн үзэл бодлыг нэмж өөрчлөн нийтэлж, хуулийн байгууллагын өмнө очихоороо эх сурвалж тэр сонины газар гээд хэлчихдэг жишээ олон болсон. Энэ мэтчилэн, мэргэжлийн ёс зүй, мэдээлэл олж авах эрх чөлөө, хууль эрх зүйн таатай орчин, оюуны өмчийн асуудал зэрэг ярих ёстой зүйл олон байна. Мэргэжилдээ хайртайдаа л цаг наргүй, эрсдлээс үл ажран ажиллаж ирсэн сэтгүүлчдийнхээ хөдөлмөрийг энд бас талархан дурдмаар байна. Эцэст нь хэлэхэд телевизийг тэнэг хүн ч үзчихэж чадна. Харин сониныг ядаж бичиг үсэг тайлагдсан хүн уншдаг. Өөрийгөө соёлтой, оюуны талхыг амтлагч гэж бодож байгаа соёлтой уншигчид байгаа цагт сонин гэдэг байхгүй болохгүй гэдэгт итгэлтэй байна.

Анхаарал тавьсанд баярлалаа

Categories
мэдээ нийгэм

Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн эхэллээ

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдаж буй Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2017” тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд боллоо. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар, дүүргүүдийн Засаг дарга нар, цэргийн штабын дарга нар 21 аймаг, нийслэлээс шалгарсан нийт 24 багийн 300 гаруй тамирчид болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй 24 баг нь бүх аймгуудын түвшинд эхлээд сургуульдаа тэргүүн байр эзэлж, дараа нь сумандаа, аймагтаа тэргүүн байр эзэлж, шилдгээр шалгарсан, нийслэлийн хэмжээнд сургууль, дүүрэг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн, дэд, гутгаар байранд шалгарсан шилдэг багууд юм.

Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж хэлэхдээ “Энэхүү тэмцээнийг өсвөр, залуу үеийнхнийг дайчин, хөдөлмөрч уламжлалаар хүмүүжүүлэх, бие бялдрын хүмүүжил, цэргийн анхан шатны бэлтгэл сургуулилтын үр дүнг дээшлүүлэх, эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт бүх талаар бэлтгэхэд тус дөхөм болох зорилгоор ерөнхий боловсролын бүрэн дунд, техник мэргэжлийн болон тусгай мэргэжлийн сургуулиуд, үйлдвэр албан байгууллагууд, сум нэгдэл, сангийн аж ахуйд жил бүрийн 4 дүгээр сард, аймаг, хотод 5 дугаар сард зохион байгуулж, улсын хэмжээнд 3 жилд нэг удаа зохион байгуулж байсан. Үүнээс хойш хэсэг хугацаанд завсарлаж байгаад 2000 оноос аймаг, нийслэлд жил бүр зохион байгуулагдах болж, энэ оноос Батлан хамгаалахын сайдын нэрэмжит УАШ цэрэг, спортын “Дөл” цогцолбор тэмцээн өргөжин зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Энэхүү тэмцээн нь хүүхэд залуусыг сахилга хүмүүжил, хувийн зохион байгуулалт бүхий иргэн болгон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой.” гэлээ.

БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын Батлан хамгаалах бодлого, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга, хурандаа Ч.Гандирваа “Зэвсэгт хүчний анги салбарууд энэхүү сургалтын төвд 2 жилд нэг удаа Зэвсэгт хүчний марш тактикын аварга шалгаруулах тэмцээнээ хийдэг. Үүний нэг хувилбараар хүүхдүүдийн дунд явагддаг байсан тэмцээнийг энэ жил сайдын нэрэмжит, УАШТ болгон явуулж байна.” хэмээв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.