Categories
мэдээ спорт

Монгол, Якутын бөхчүүд халз барилдана

Өнөөдөр Монгол, Якутын чөлөөт бөхийн баг тамирчдын дунд нөхөрсөг халз барилдааныг Саха Якут улсад зохион байгуулна.

Халз барилдаанд манай улсаас 57 кг-д З.Занабазар, 61 кг-д А.Мөнх-Эрдэнэ, 65 кг-д Т.Тулга, 70 кг-д Э.Тэмүүлэн, 74 кг-д З.Сумъяабазар, 86 кг-д Б.Нямбаяр, 97 кг-д Б.Одсүрэн, 125 кг-д М.Лхагвагэрэл нар гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын удирдлага дор хүчээ сорино.

Харин Якутаас Иван Дмитриев, Егор Старостин дасгалжуулагчтай 57 кг-д Николай Охлопков, 61 кг-д Егор Пономарев, Ньургун Александров /нөөц/, 65 кг-д Иван Ефремов, Константин Власов /нөөц/, 70 кг-д Виктор Степанов, 74 кг-д Дьулустаан Сивцев, 86 кг-д Максим Толмачев, 97 кг-д Никита Валеев, 125 кг-д Ион Болтунов гэсэн бөхчүүд барилдах юм.Халз барилдааныг Биеийн тамир спортын нэрт зүтгэлтэн, багш, сурган хүмүүжүүлэгч Константин Постниковын нэрэмжит болгон зохион байгуулна.
Монголын чөлөөт бөхийн эрэгтэй бөхчүүд нэрт дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит олон улсын тэмцээнд оролцохоор ОХУ-ын Саха Якутад очсон бөгөөд энэ улсын бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийж байгаа юм.

Categories
мэдээ спорт

Ази тивийн шатрын аварга цол Ц.Түмэнбаяр авлаа

Ази тивийн “Сонсголын бэрхшээлтэй” иргэдийн шатрын спортын төрөлд манай тамирчин Цэрэнжавын Түмэнбаяр Ази тивийн аварга цол хүртжээ.

Киргизийн Бишкек хотноо болсон “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах” шатрын анхдугаар тэмцээнд 13 орны 110 шатарчин сонсгол, хараа, тулгуур эрхтэний бэрхшээлтэй гэсэн гурван төрөлд өрсөлдсөн байна.Ц.Түмэнбаярын өрсөлдсөн төрөлд 46 шатарчин оюун ухаанаа уралдуулжээ.

Мөн “Тулгуур эрхтний бэрхшээлтэй” шатарчдын эмэгтэй төрөлд Мижгээгийн Хишигбаяр хүрэл мeдаль хүртсэн байна.Манай улсаас нийт таван шатарчин энэ удаагийн тэмцээнд оролцжээ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Сандуйг оймсоор “бөмбөгдөв”

НИТХ-ын XI эхлэхээс өмнөхөн хурлын танхимд нэгэн иргэн дайран орж ирж, Ц.Сандуй руу оймс шидэн, эсэргүүцлээ илэрхийллээ. Төлөөлөгчдийн ирц хараахан бүрдээгүй, халаагаа өгөх Ц.Сандуй дарга суудалдаа сууж байхад ийм хэрэг манджээ. Тэрбээр 5-6 ширхэг боодолтой оймс шидсэн агаад МАХН-ын бага чуулганы гишүүн гэж зарим төлөөлөгч таньсан байна.

Хуралдаанаар НИТХ-ын шинэ даргыг томилох асуудлыг хэлэлцэх юм.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сараас нийтийн тээврийн автобусуудад хорт утаа шүүх төхөөрөмж суурилуулна

Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан Японы техник технологийг хувийн салбарт нэвтрүүлэх чиглэлээр Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны дизель хөдөлгүүрээс ялгарах хөө тортогийг бууруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар болон Комотек корпораци нартай хамтран ажиллах Санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

PM буюу агаар бохирдуулагч тоосонцрын асуудал нийслэл хотод тулгараад байгаа шийдвэрлэх ёстой гол асуудлын нэг. Нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж буй автобуснууд тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утааны дийлэнх хувийг эзэлж байгаа юм. Энэ нь хүний амьсгалах түвшинд ялгардагаараа хор хохиролтой гэдгийг албаныхан хэлж байна.

Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон ЖАЙКА-ийн төлөөллүүд өмнө нь хэд хэдэн удаагийн уулзалт, хэлэлцүүлгээр санал солилцож, үйл ажиллагаа, арга хэмжээний талаар нарийвчлан судалсан байна. Үүний үр дүнд дизель автобусны хөө тортогын ялгаралтыг бууруулахын тулд тус байгууллагаас буцалтгүй тусламжийн шугамаар энэхүү технологийг нэвтрүүлэхээр болжээ. Төхөөрөмж нь Улаанбаатар хотод хийгдсэн туршилтаар РМ хөө болон хүхэр ихтэй түлшний тортогийг 80-аас дээш хувиар бууруулж байсан нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд хүйтний улиралд тэсвэртэй, элэгдэл багатай, олон жилийн туршид ашиглах боломжтой зэргээрээ давуу талтай аж.

Ирэх сараас эхний ээлжинд 20-30 нийтийн тээврийн автобусанд суурилуулж, цаашид үе шаттайгаар хэрэгжүүлж төрийн өмчит компанийн автобуснуудад нэвтрүүлэхээс гадна энэ төрлийн төхөөрөмжийг эх орондоо үйлдвэрлэх боломжийг судалж үзэхээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх сургалт өнөөдөр эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт өнөөдөр эхэллээ. Шүүхийн шинэтгэлийн мэдээллийг хуульч шүүгчдээс илүүтэй сэтгүүлчид ард иргэдэд хамгийн түрүүнд мэдээлэл хүргэх, эрх зүйн боловсролд нь хувь нэмэр оруулдаг билээ. Иймээс уг мэдээллийг хүргэхдээ ямар нэгэн алдаа гаргахгүй, зөв үнэн бодит мэдээллийг хүргэхэд түлхэц болох үүднээс сургалтыг зохион байгуулдаг. Сургалт нь хоёр өдрийн турш үргэлжилдэг бөгөөд шүүхийн салбарын толгой хуульчид мэдээлэл өгдөгөөрөө онцлог билээ. Энэ удаагийн сургалтад телевиз, сонин, радио, мэдээллийн сайт зэрэг 40 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч нар оролцох юм.

Дөрөв дэх удаагийн сургалтаар:

  • Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үндэслэл шаардлага,
  • Шүүхийн тогтолцоо: Үндсэн хуулийн шүүхийн эзлэх байр суурь, онцлог
  • Шүүгчийн хараат бус байдал,
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шинэчлэлт,
  • Эрүүгийн хуулийн үзэл баримтлал,
  • Зөрчлийн тухай хуулийн үндсэн зохицуулалт,
  • Эрүүгийн хуулийн хэрэгжилт,
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт зэрэг сэдвээр Н.Лүндэндорж тэргүүтэй хууль зүйн ухааны доктор, профессорууд, шүүгчид мэдээлэл өгөх аж.

Сургалтын зорилго нь хэвлэлээр дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэх, эрхзүйн боловсролд хувь нэмэр оруулах зорилгоор зохион байгуулдаг.

Б.ҮРЖИГ

Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүргийн “Хоггүй хороо” аян нээлтээ хийлээ

Хан-Уул дүүргийн засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтыг тусгасан. Тус зорилтынхоо хүрээнд нийслэлийн өнгийн тодорхойлогч Хан-Уул дүүрэг нь “ЭКО ДҮҮРЭГ” болох зорилт тавин амжилттай хэрэгжээд явж буй.

Өнгөрсөн хавар “Хоггүй – Хан-Уул” аян эхлүүлж “Эко дүүрэг” нэрийн хуудастай болсон Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар энэ удаад “Хоггүй хороо” хоёр сарын аяны нээлтээ өнөөдөр хийлээ. Тус аяныг эхлүүлсэнээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хоггүй цэвэр орчин нөхцөл бүрдүүлэх, орчны болон агаарын бохирдлыг арилгах, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хог хаягдал цэвэрлэх, ачиж тээвэрлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготойгоор энэхүү аяныг эхлүүлээд байна.

Мөн хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдэд сурталчлан таниулах, хогийг ангилан ялгах, хороодын үйл ажиллагааг дэмжих зорилготой билээ. Хоёр сар үргэлжлэх “Хоггүй хороо” аян нь Хан-Уул дүүргийн 16-н хороодын дунд болзолт уралдаан зарласан бөгөөд энэхүү аяны үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай манлайлан оролцсон 3 хороог шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм.

Иймд “Хоггүй хороо” хоёр сарын аяны үйл ажиллагаанд дүүргийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, сургууль, цэцэрлэг идэвхитэй оролцохыг зохион байгуулагч нарын зүгээс уриаллаа.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн хамгийн баян эмэгтэй нас баржээ

ЗурагФранцын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Лореаль” компанийн эзэн Лилиан Беттанкур 94 насандаа нас барсан тухай түүний ар гэрийнхэн мэдэгдсэнийг Их Британийн “Би-Би-Си” телевиз уламжилжээ.

Түүний ар гэрийнхний мэдэгдсэнээр, Л.Беттанкур энэ долоо хоногийн лхагва гарагийн шөнө “амар тайван”-аар амьсгал хураасан байна.

2017 оны тооцоогоор, хатагтай Л.Беттанкур нь 33 тэрбум еврогийн хөрөнгөтэйгөөр “дэлхийн хамгийн баян эмэгтэй” гэгдэж байв.

Тэрбээр 2012 онд компанийнхаа ТУЗ-өөс гарснаасаа хойш олон нийтийн арга хэмжээнд төдийлөн оролцохоо байсан бөгөөд түүнийг сэтгэцийн олдмол өвчин туссан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байсан юм.

“Лореаль” компанийн ерөнхий захирал Жан-Поль Агон өчигдөр мэдэгдэл хийхдээ “Хатагтай Л.Беттанкур нь компани, ажилтнууддаа байнга анхаарал тавьдаг гайхамшигтай хүн байсан. Энэ компанийн амжилт түүнтэй салшгүй холбоотой. Биднийг энэ үзэсгэлэнт эмэгтэй үүрд орхин бурхны оронд заларлаа. Бидний сэтгэлд түүний гэгээн дүр төрх, эелдэг найрсаг зан чанар үүрд хоногшин үлдэх болно” гэжээ.

“Лореаль”-ийн вант улс

Хатагтай Л.Беттанкурын хөрөнгө, үүний дотор “Лореаль”-ийн хувьцаа нь түүний охин Франсуа Беттенкур-Мейерст очжээ.

Хоёр зээ охиных нь нэг болох Жан-Виктор Мейерс эмээгээ залгамжлан “Лореаль”-ийн ТУЗ-д орсон байна.

Л.Беттанкурын эцэг Эжен Шуллер 1909 онд үсний будагны компани үүсгэн байгуулж байсан нь өнөөдөр дэлхийд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Лореаль” компани болж өргөжөөд байна.

Categories
мэдээ нийгэм

“Өндөр дов”-ын хяналтын цэг ажиллаж эхэллээ

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт “Өндөр дов”-ын хяналтын цэг ажиллаж эхэллээ. Тус байнгын ажиллагаатай хяналтын цэгийн нээлт 2017.09.21-нд болж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж, ЗЦА-ны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул, Төв аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганзориг нар оролцлоо.

Энэхүү хяналтын цэгийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан бөгөөд иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажилд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж буй нь онцлогтой юм.

Энэ чиглэлийн хатуу хучилттай авто замаар хоногт 4-6 мянган тээврийн хэрэгсэл зорчдог, тэдгээрийн олонх нь ачааны автомашин байдаг аж. Улаанбаатар-Хөшигийн хөндий болон Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь аймгаас Улаанбаатар, нийслэлээс тус аймгуудыг зорьсон тээврийн хэрэгслүүд дайран өнгөрдөг.
Хот хоорондын замд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ сарын 11-ний өдрөөс эхлэн улсын чанартай автозамд байрлах 13, орон нутгийн 19 хяналтын цэг 24 цагийн байнгын ажиллагаатай болгож, үйл ажиллагааг нь эрчимжүүлж эхэлсэн.

Ийнхүү орон нутгийн замд байнгын хяналтын пост ажилласнаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад үр дүнтэй юм. Хяналтын постуудын үйл ажиллагааг ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвд цахим сүлжээгээр хянаж, мэдээллийг шуурхай дамжуулан, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх үйл ажиллагаа, ач холбогдол

Орчин үеийн анагаах ухаанд аливаа өвчнийг эмчлэх, хянах, урьдчилан сэргийлэхэд ихээхэн дэвшил гарч байгаагийн зэрэгцээ эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлогооны бүтээгдэхүүнтэй холбоотой гаж нөлөөний тохиолдол ихэсч, түүнээс шалтгаалсан өвчлөл, эндэгдлийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна.

Иймд хүн амын оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэд аюулгүй эм биобэлдмэл хэрэглэх нөхцлийг бүрдүүлэх, эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх болон бүртгэлийн дараах аюулгүй байдлыг хянах үйл ажиллагааг тогтмолжуулах асуудал нэн чухал бөгөөд Монгол улсад эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх тогтолцоог 2005 оноос бүрдүүлж, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, ЭМС-ын 2013 оны 415 дугаар тушаалаар тус тус зохицуулан хэрэгжүүлж байна.

Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн байгууллагуудаас мэдээлсэн эмийн гаж нөлөөний мэдээллийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа хэдий ч эмийн гаж нөлөөг мэдээлэх хуудас чанарын шаардлага хангахгүй, гаж нөлөөг үнэлэхэд зайлшгүй шаардлагатай мэдээллүүдийг дутуу бөглөсөн байдал нийтлэг байна.

Иймд эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх, ач холбогдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлж, ноцтой гаж нөлөөний дохио илрүүлэх арга зүйгээр хангах, улмаар эмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх үйл ажиллагаанд тэдний оролцоог идэвхижүүлэх зорилгоор 2017 оны 09 сарын 21-ны өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эм, эмнэлгийн хэрэгслийн алба “Эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх үйл ажиллагаа, ач холбогдол” сэдвээр төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, амаржих газар болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар

Монгол улсад эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх талаар гарсан тушаал шийдвэр;

Эмийн гаж нөлөөний талаар ерөнхий ойлголт, гаж нөлөөний хэлбэрүүд, эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх шаардлага болон ач холбогдол;

Эмийн гаж нөлөөг таних, илрүүлэх, үнэлэх арга;

Эмийн гаж нөлөөг хэнд, хаана, хэзээ, хэрхэн мэдээлэх тухай;

Эмийн эмчилгээний алдаа зэрэг сэдвээр мэдээлэл хүргэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Улсын засуул Т.Хэнбат: Үнэндээ Ганжадын тохойг би ч хараагүй, Санжаадамба ч анзаараагүй

Өнөө жилийн баяр наадмын тавын даваанд улсын аварга Ч.Санжаадамба тухайн үед аймгийн арслан цолтой байсан Г.Ганжад нарын барилдаан маргаантай болж, Хөлийн цэц, засуул нарын шийдвэрээр Г.Ганжадыг давсан хэмээн үзсэн. Тэр үед Ч.Санжаадамба аваргын засуулаар ажилласан улсын засуул Түвдэнгийн Хэнбаттай ярилцлаа.


-Юуны өмнө уншигчдадаа өөрийгөө танилцуулахгүй юу. Та аль нутгийн хүн бэ?

-Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат хүн. Багаасаа л бөхөд хорхойтой, домог болсон бөхчүүдийн барилдаан, засуул нарын цол дуудахыг нь сонсох дуртай л хүүхэд байв. Тийм ч болохоор хожим үндэсний бөхийн засуулаар өөрийн сонирхлоор дурлан ажиллах гол шалтгаан болсон юм болов уу.

-Хэзээнээс үндэсний бөхийн засуулаар ажиллаж эхэлсэн бэ?

-Анх 2008 онд Монголын үндэсний бөхийн холбоонд орж, улсын тонж манлай засуул Цогзол, улсын ахлах засуул Пүрэв гуай нарын удирдлага дор засуул болох анхныхаа гарааг эхэлж байлаа. Миний багш болсон эрхэм хүмүүс ээ. Энэ хоёр хүн л надад их зүйлийг хэлж, зааж сургадаг байсан. Одоо ч үлгэр дууриалал авч, хүндэлж явдаг аа.

-Засуул хоёр бөхийн барилдааныг шүүхээс гадна бөхийн цол дуудах хэмээх гайхамшигт өв соёлыг түгээдэг хүмүүс шүү дээ.

-Тэгэлгүй яахав. Миний хувьд сүүлийн зургаан жил улсын баяр наадамд хүчит бөхчүүдийн цолыг дуудаж байна. Зарим хүмүүс дуучин хүн л бөхийн цол дуудчихна гэж эндүүрдэг. Бөхийн цол дуудна гэдэг бол дуу дуулахаас өөр зүйл. Дууг нэг бус өнгөөр, янз бүрийн хэмнэлд оруулж дуулдаг. Харин бөхийн цол дуудна гэдэг бол нэг өнгөөр дуугарах боловч, дээшээ, доошоо, буулгах, өсгөх түрэх зэргээр уянгалуулан дууддаг онцлогтой. Гэхдээ манай засуул нарын ихэнх нь дуучид байдаг. Тэр дундаа уртын дуучид цол дуудахдаа илүү. Хоолойны өнгө, амьсгаа авалт зэрэг нь тохирдог гэх үү дээ. Мэргэжлийн хүн биш учир хэлж мэдэхгүй юм. Ер нь цол дуудна гэдэг төрөлхийн авьяастай хүний л ажил. Хичнээн сайн дуулдаг байлаа гээд цол дуудаж чадахгүй л дээ. Би гавьяат жүжигчин Ганзориг гуайтай уулзаж байхдаа “Та ийм сайхан хоолойтой, мундаг сайн дуулдаг байж бөхийн цол дуудаж болохгүй юу” гэтэл “За тэр чинь ёстой хэцүү юм билээ. Цол дууддаг хүн тусдаа төрдөг байх. Би лав чадахгүй” гээд дуу алдаж байсан шүү. Ийм мундаг дуучин ингэж хэлэхийг бодохоор цол дуудна гэдэг хэн хүн хийгээд байдаггүй зүйл юм шиг ээ.

-Засуул хүний ёс зүй, баримтлах ёстой чиг шугам нь юу бол?

-Хамгийн чухал нь энэ бөх манай нутгийнх, тийм болохоор нөгөө бөхийг дэмжихгүй ээ гэдэг сэтгэлээр ажиллаж болохгүй. Мөн олон түмний өмнө биеэ зөв авч явах учиртай. Хүнийг засах гэж буй хүн өөрийгөө хамгийн түрүүнд засч, зүлэг ногоон дэвжээнээ гишгэх хэрэгтэй л дээ. Ерөөсөө л шударга л байх учиртай. Холбооноос тогтоосон дүрэм журам бий. Үүнийг баримтлан ажиллах нь зүйтэй. Засуул хүн хоёр бөхийн хэн нь давсан, аль бөх нь түрүүлж унасан талаарх саналаа Хөлийн цэцүүдэд хэлдэг. Улмаар барилдааны шийдвэрийг Хөлийн цэцүүд Ерөнхий цэцэд уламжилж, Ерөнхий цэц олонхийн саналаар эцэслэн шийдвэрлэдэг дүрэмтэй.

-“Засуул хүн залуу бөхчүүдэд багш нь, задарсан бөхчүүдэд аав нь мэт үнэтэй зөвлөгөө хэлж, сургаж, барилдааныг нь чиглүүлж өгдөг” хэмээн Цогзол гуай хэлсэн удаатай. Бөхийг засахаас улбаалж, эр хүний ёс суртахуун, жудаг гэж юу болохыг бөхчүүдэд хэлж өгөх үүрэгтэй эрхэм хүмүүс ээ…

-Үнэхээр үнэн. Барилдах гээд гарч ирж байгаа бөхчүүдэд урам өгч, учраа бөхийнх нь сул талыг хэлж, зоригийг нь хурцалдаг хүмүүс л дээ. Тэр утгаараа засуул бөхчүүдийг сайн судалсан байх учиртай. Бөхчүүд гарч ирээд “Ах аа, энэ бөхийн тал нь юу билээ, яаж барилдвал, ямар мэх хийвэл давчих бол” гэж асуудаг. Тэр болгонд нь хамгийн зөв зүйлийг хэлж, боломж байгаа гэдгийг нь ойлгуулах нь зүйтэй.

-Ард түмэн өнөө цагийн бөхчүүдийн гаргаж буй ааш авир, барилдаанд их шүүмжлэлтэй ханддаг болсон. Мөн засуулын тавьж буй шаардлагыг биелүүлэхгүй, урдаас нь янз бүрээр хэлэх, барьцаа авч барилдахгүй цаг удах зэрэг шүүмжлэх зүйл их л дээ. Засуулаар ажиллах хэр хүндрэлтэй вэ?

-Мянга гаруй бөх наадмын талбайд гарч барилдана. Эдгээр бөхчүүдийг 32 засуул хэн нь хэнтэй барилдах, аль нь түрүүлж давсан, унасан гэдгийг нь харах, нэг засуулын мөрнөөс хичнээн бөх гардаг эсэхийг тооцвол хэцүү ажил шүү. Зарим нь унасан ч улаан цагаан унаагүй гэж мэлзэнэ. Урдаас янз бүрээр хэлнэ. Одооны залуус ухамсар муутай болсон. Тэр бүрийн учрыг олж, халуун наранд хоёр өдөр зогсоно гэж бодохоор хэцүү байгаа биз. Гэхдээ яалт ч үгүй бөхөд дуртай, хайртай болохоор, үндэснийхээ өв соёлыг тээж яваа гэдгээрээ бахархдаг учраас л хийж байгаа хэрэг. Хэцүү бүрийг яривал их зүйл байдаг. Гэхдээ тэр бүрчлэн зовлонгоо хэлээд байдаггүй хүмүүс бол засуул нар.

-Засуулын өмнөөс ёс бусаар хэлэх, тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй байгаа бөхийг тухайн барилдаанаас хасах эрх мэдлийг засуулд олгочихвол бөхчүүдийн дутагдалтай байдал засрах болов уу. Таны хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа бөхчүүдийг тухайн барилдаанаас хасах эрхийг засуулд олгоно гэдэг чинь их зөв санаа байна. Засуул Хөлийн цэцдийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, өөдөөс нь янз бүрээр хэлдэг бөхөд нэг удаа сануулна, хоёр удаа анхааруулна. Тэгээд болохгүй бол барилдаанаас хасахад буруугүй л юм. Бид бөхчүүдээ их хайрладаг, хүндэлдэг болохоор тэр бөх тийм зүйл хэлсэн гээд яриад явдаггүй л дээ. Энэ бас буруу юм байна. Бөхчүүдийн гаргаж буй үйлдэл, алдааг нь хэлж байж л нөгөө бөх хүний, монгол эр хүний жудаг гэдэг зүйлийг ярих учиртай юм байна. Одоо ч бидний үгэнд байтугай багш, дасгалжуулагч, эцэг, эхийнхээ үгэнд ордог бөх цөөрч. Энэ бүх дутагдалтай зүйлээ засуул нар ч бөхчүүд ч анхаарч, хэн хэндээ хэлж баймаар санагдана.

-Сүүлийн жилүүдэд улсын баяр наадам ч гэлтгүй барилдаан болгоноор бөх-чүүд, засуул нарын дунд маргаан гарах болжээ. Хоёр бөхийн барилдааныг зөв шийдвэрлэх, маргаан гаргахгүйн тулд яах ёстой юм бол?

-Ер нь засуул, бөхчүүд гээд аль алинаас нь болж л байгаа. Зарим тохиолдол засуул муу ажилласан, буруу шийдвэр гаргасныг үгүйсгэхгүй. Мөн улаан цагаан хоёр засуулын өмнө уначихаад “Би унаагүй ээ” гээд мэлзэх, маргалдах бөхчүүд ч их ээ. Ер нь барилдаан гэдэг гэнэт маш хурдан хугацаанд болж өнгөрдөг үйл явдал шүү дээ. Хүний нүд гүйцэж харах боломжгүй барилдаан ч их болно. Үндэсний бөхийн холбоо энэ асуудлыг шийдэх цаг болсон. Орчин үед техник технологи их хөгжиж байна. Тийм болохоор цол олгох ч юм уу дээгүүр давааны барилдаанд маргаан гарвал камерийн бичлэг харчихад гэмгүй л дээ. Нэг хоёрын даваанд тэр олон бөхчүүдийн барилдааныг камерын бичлэг харж шийдэх боломжгүй хэмээн бөхийн холбооноос дургүйцдэг. Энэ үнэн л дээ. Тийм болохоор тавын даваанаас дээш бичлэг хараад шийдвэр гаргадаг болчихвол зүгээр санагддаг. Дээгүүр даваанд бөхчүүд ч цөөрчихнө шүү дээ.

-Өнөө жилийн наадмын гол шуугиан нь Санжаадамба, Ганжад нарын барилдаан байлаа. Тухайн үед хоёр бөхийн халуун амьсгалыг нь сонсож, барилдааныг нь нүд салгалгүй харж байсан хоёр засуулын нэг нь та. Энэ хоёр бөхийн барилдаан шударга болсон уу?

-Тавын даваанд Санжаадамба аваргын цолыг нь дуудаж, мөрнөөсөө гаргасан хүн нь бий. Харин Ганжадын засуулаар Гантогоо ажиллаж байлаа. Би Санжаадамба аваргын талд барилдааныг нь хараад зогсож байсан шүү дээ. Тэр өнцгөөс харахад Санжаадамба аварга түрүүлээд дор нь орчихсон. Санжаадамба аварга Ганжадыг шуудагнаас нь өргөөд тавих үед Ганжад зөрүүлээд хутгаад эргэчихсэн. Тэр үед яалт ч үгүй Санжаадамба аварга түрүүлээд дор нь орчихсон харагдсан. Ингээд барилдаан болж өнгөрсний дараа Санжаадамба “Яасан бэ, юу болчих воо” гэж асуухад нь “Миний дүү дор нь орчихлоо” л гэсэн. Үнэндээ тэр Ганжадын тохойг би ч хараагүй, Санжаадамба ч анзаараагүй. Хөлийн цэцүүд ч Санжаадамба түрүүлээд уначихлаа хэмээн ярьж байсан гэсэн. Ингээд аварга маань элэг бүсээ яг тайлах гэж байтал гэнэт дэлгэцээр хоёр бөхийн барилдааныг удаашруулж үзүүлсэн л дээ. Ямар ч маргаан гарахааргүй барилдаан дэлгэцний бичлэгээс болоод бөөн юм болсон. Уг нь наадмын өмнө Бөхийн холбооныхон бөхчүүд, засуул, шууд дамжуулах телевизийнхэнтэй уулзаж, ямар нэгэн маргаантай барилдааныг олон нийтэд түгээхгүй ээ, бичлэг харж барилдааныг шүүхгүй гэж анхааруулж хэлж л байсан. Гэтэл хэн нэгэн нь гар утасныхаа бичлэгийг Санжаадамба аваргад үзүүлсэн. Тухайн үед “Нэгэнт дэлгэцээр харж, барилдааныг шүүхгүй гэсэн дүрэмтэй байж яагаад дэлгэцээр гаргачихаж байгаа юм. Энэ чинь миний нэр төрийг сэвтээж байна” гэж наадмын комисст хандан хэлсэн л дээ. Тэгсэн чинь “Хэн ингээд дэлгэцээр гаргуулчихаж байгаа юм, мэдэхгүй байна. Бид бол гаргаагүй” гэсэн. Ингээд л миний засуулын нэр төр сэвтэж байгаа юм шүү дээ. Уулзсан хүн бүр “Чи л Санжаадамба аваргыг унагасан” гэж хэлдэг болсон. Хэрвээ камерын бичлэг харна гэж хэлсэн бол, мөн тийм дүрэмтэй байсан бол би эхлээд бичлэгээ харчихъя. Дараа нь саналаа хэлье л гэх байсан.

-Наадмын дараа таныг олон түмэн буруу шийдвэр гаргасан хэмээн их л шүүмжилсэн. Нээрээ ч би буруу шийдвэр гаргачихсан юм болов уу гэсэн бодол танд төрж байв уу?

-Энэ барилдаан үнэхээр хурдан болж өнгөрсөн шүү дээ. Би өөрийнхөө харсан зүйлээ л хэлнэ. Өөр юу хэлэх юм. Засуул хүн өөрийн харсан зүйлээ шударга хэлж, ямар нэгэн шийдвэр гаргах хэрэгтэй биз дээ. Бөх засч байж дуугай зогсоод байна гэж байхгүй. Засуул хүн аль нэг талд нь шударгаар шийдвэр гаргах учиртай. Наадмын дараа аваргыг унагачихлаа гэх хүмүүсийн яриаг сонсоод их сэтгэлээр унасан. Нээрээ буруу санал гаргачихсан юм болов уу ч гэж бодсон. Харин сүүлд нь Баяр наадмын комиссын хүмүүс “Та бол шударга ажилласан. Буруудах зүйл байхгүй. Бид л бичлэг үзүүлж алдаа гаргалаа” хэмээн уучлалт гуйсан л даа.

-Барилдааны дараа тань руу Г.Өсөхбаяр аварга “Чи юу харж байсан юм” хэмээн бухимдалтай хэлж байсныг олон түмэн сонссон…

-Бөхчүүд засуул нартайгаа ёс зүйгүй харьцдаг, барилдааны үеэр хэн юу хэлэв гэдгийг сонсох зорилготой засуул нарын энгэрт микрофон байршуулсан. Энэ бол зөв бодлого. Харин тухайн барилдааны үеэрх бөхчүүд, засуул нарын ярьсан яриаг олон нийтэд сонсгож, хүргэнэ гэдэг нөгөө талаасаа буруу мэт санагддаг. Ер нь хоёр бөхийн барилдааныг засуул, Хөлийн цэцүүд л хянаж байх үүрэгтэй. Барилдааны шийдвэрт хөндлөнгөөс хүн оролцох дүрэм байхгүй шүү дээ.

-Та Сүхбаатар аймгийн хүн гэлээ. Өнөө цагийн шилдэг аймгийн арслангуудын нэг танай нутгийн бөх Ш.Мөнгөнбаатарыг жил бүрийн наадмаар цол авчих болов уу хэмээн ард түмэн хүлээдэг. Та ч энэ хүнийг олон барилдаанд засч байсан болов уу.

-Жил бүрийн наадмаар л Мөнгөнбаатар арсланг улсын цолонд хүрчих болов уу хэмээн хүлээн суудаг. Би Мөнгөнбаатарыг багаас нь л мэднэ л дээ. Миний аав Онгон сумын хүн. Тийм болохоор бид нэг нутгийн улсууд. Засуул хүний хувьд харж байхад Мөнгөнбаатарт сэтгэл зүйн бэлтгэл дутаад байдаг юм болов уу гэж боддог. Яг улсын баяр наадмаар шүү. Түүнээс биш бусад заал танхимын барилдаануудад бүгдийг нь хаядаг шүү дээ. Бусад үе шигээ улсын баяр наадмаар зоригтой дайчин, сэтгэл зүйн бэлтгэлтэй барилдвал улсын цолонд одоо ч хүрнэ дээ.