Categories
мэдээ нийгэм

Мянгат малчид хөдөө 10 мянган ажлын байр бий болгох санал гаргалаа

Хөдөө 10000 мянган ажлын байр бий болгох боломжийн талаар улс төр менежментийн академийн захирал Д.Уламбаяр, “Алтан гэр” хөдөлмөрийн биржийн захирал П.Ариунаа, Төв аймгийн Баянчандмань сумын Монгол Улсын сайн малчин П.Олонбат, Төв аймгийн Эрдэнэсант сумын мянгат малчин Д.Гомбо-Очир нар мэдээлэл хийлээ. Тэд “Монголын маань мал сүрэг 61,5 сая билээ.Улс орны эдийн засаг хүндэрч, өр зээлэнд баригдаж, ард иргэд маань ажилгүйдэл ядууралд автаж байгаа энэ хүнд цаг үед мянгат малчид бид улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, ажилгүйдэл ядуурлыг бууруулахад өөрсдийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаа юм. Сүүлийн жилүүдэд Монгол малын мах, арьс шир, ноос ноолуурыг дэлхийн зах зээлд сонирхож байна. Арабууд хонь, япончууд адуу, вьетнамчууд ямаа, орос, хятадууд үхэр, хонийг их хэмжээгээр авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр байгаа билээ. Гэтэл эрэлт хэрэгцээг хангах мах, үйлдвэрлэл, хүчин чадал бидэнд алга байна. Бидэнд энэ ажлыг дэмжих, оролцох хүсэл зориг байна. Улаанбаатар хотод байгаа ажилгүй, амьдралын хүнд нөхцөлд байгаа айл өрхүүдээс мянгат малчин айл бүр нэгээс хоёр айлыг хариуцаж авахыг уриалж байна. Арван мянган ажлын байр бий болгох хөдөлгөөн, “Сэтгэлтэй ажилтан” хөтөлбөртэй хамтран ажиллаж хөдөө орон нутагт ажиллах хүсэл зорилготой хүмүүсийн бүртгэлийг эхлүүлсэн” гэв.

Мянгат малчин Д.Гомбо-Очироос энэ талаар тодруулаа.

-Мянгат малчиддаа та бүхэн уриалж байна. Энэ ажлыг та өөрийн хотондоо хэрэгжүүлсэн үү?

-Хэрэгжүүлж байсан туршлага надад бий. Арваад залуу айлыг дэмжиж байсан. Өмч хувьчлалаар үйлдвэрийн хэрэгсэлээсээ салсан хүмүүсийг дэргэдээ авч, малжуулсан. Одоо тэдэн дундаас мянгат малчин болсон айл ч байгаа.

-Мал маллая гээд зориод ирж байгаа хүмүүст хэдэн төгрөгний цалин, хангамж олгох вэ?

-Бид сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнээс багагүй цалин өгье. Малжуулах боломж ч байгаа. Хоол хүнс, унаа, хүүхдийн сургалтын төлбөр зэргийг нь бүрэн даая. Хэдэн жилийн дараа Улаанбаатар хотод орон сууцжуулах боломж ч харагдаж байна. Энэ талаараа гэрээ хэлэлцээр байгуулаад түүнийгээ батлуулаад хамтарч ажиллах юм.

-Нэг мянгат малчин айлд хэдэн туслах малчин хэрэгтэй байдаг вэ?

-Социализмын үед бол нэг өрх айл төчнөөн мал хариулна гэж хуваариладаг байсан. Одоо бол хоёр, гурван мянган малаа хоёулаа хариулаад явж байгаа олон мянгат малчин байна. Ер нь бол нэг мянгат малчин айлд хамжаа нэг өрх гэр заавал шаардлагатай байдаг. Хөдөө айлын мал маллахыг айлын зарц гэж зарим нь боддог. Тийм юм байхгүй. Зуучлалаар ажлын байранд очоод, гэрээ хийгээд ажиллаж байна гэсэн үг.

-Та сая гэрээ гэлээ. Та нар малчидтайгаа гэрээ хийж ажлуулах уу?

-Тэгэлгүй яахав. Гурвалсан гэрээ хийдэг. Энэ гэрээнд тухайн хүний ёс суртахуун, газар нутагтайгаа яаж харьцах, юу хийх , яахав гэх мэт зүйлүүд заасан байгаа. Ирж ажиллах хүмүүс маань гэрээт малчин гэсэн үг. Хэзээ, хаанаас ирэх нь мэдэгдэхгүй гадаадын хөрөнгө оруулагчдаас аврал горьдож суухаар элэг нэгт ахан дүүсээ, малчдаа, мал сүргээ дэмжиж, эргэлтэнд оруулж, ажилгүйдэл ядуурлаа бууруулах, улс орныхоо эдийн засгийг өөд татах талаар бүгдээрээ эрвийх дэрвийхээрээ ажиллая, зүтгэе гэв.

Дашрамд дуулгахад уг ажилд “Алтан гэр” хөдөлмөрийн биржээр дамжуулан бүртгүүлэх бөгөөд уг хөдөлмөрийн бирж нь Улаанбаатар их дэлгүүрийн замын хойно “Peace tower”-ийн 12 давхарт 1207 тоотод байрладаг аж.

Б.ҮРЖИГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын уран зохиолч Д.Цоодол: Баяр баярын дундаас номын баяр л сайхан санагддаг

Өнөөдөр Сүхбаатарын талбайд номын 5-90 хувийн хямдралтай худалдаа “Номын баярын өдөр”-ийн хүрээнд болж байна. Энэ жил 22 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг номын баярт Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийтийн номын сан, хэвлэлийн газраас бүрдсэн 70 гаруй байгууллага оролцож байна. Энэхүү баярт зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, төрөлжсөн үзэсгэлэн, явуулын номын санг үзэхээс гадна гэр бүлийн уншлагыг дэмжсэн сурталчилгаа, уулзалт, ярилцлагад оролцох боломжтой юм. Зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд “Манай баярт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирж зохиолч, уран бүтээлчидтэй уулзана гэдгээ мэдэгдсэн. Оролцогчид маань ерөнхийлөгчид уламжлах санаагаа бэлдээд, хүлээж байна. Номын салбарт хөгжил хэрэгтэй байгаа. Тухайлбал татвараас чөлөөлөх хэрэгтэй байна. Тэгвэл номын үнэ илүү хямдарч, эрх зүйн орчин сайжирна. Татвараас чөлөөлөөд, цэгцлээд өгчихвөл номын агуулгад анхаарал тавих, хариуцлага шаардах боломжтой болно” гэв. “Номын баярын өдөр” өнөөдөр 19.00 цаг хүртэл, маргааш 10.00-19.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд үргэлжилэх юм.

Төв талбайн урд дөрвөлжлөн барьсан цагаан асрууд дотор дээрх албан байгууллага, хувь хүмүүс, зохиолчид өөрийн хуучин болоод шинэ номоо худалдаанд гаргаж байв. Иргэд ч энэхүү арга хэмжээнд өргөнөөр оролцож байгаа нь асар бүрт ном сонирхон унших битүү хүмүүсээс ажиглагдаж байлаа.

Г.Эрдэнэбат: ТАНЫ ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙН ХУВЬ ЗАЯА, САЙН САЙХАН АМЬДРАХ БОЛОМЖ НЬ УНШСАН НОМООР ТОДОРХОЙЛОГДОНО

Энэ үеэр Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбатаас “Номын баярын өдөр”-ийн талаарх сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр “Өнөөдөр их сайхан өдөр байна. Энэхүү номын баярыг сар бүр зохион байгуулж баймаар санагдлаа. Энэ бол нийгмийг соён гэгээрүүлэх маш зөв бодлого. Цаашдаа цар хүрээ нь өргөжиж, улам өргөн хүрээнд, бүх нийтийг хамарсан үйл явдал болоосой хэмээн бодож байна. Маргааш ч үргэлжлэх юм байна. Ер нь хүүхэд, залуучуудыг ном уншуулах гэж битгий албад гэж хэлмээр байна. Сургууль, гэрийн орчинд эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч нар ном унших ёстой, заавал унш хэмээн тулгаж, албадан уншуулдаг. Энэ бол их буруу. Харин гэр, сургуулийн орчинд тухайн хүүхдэд унших ёстой, мэдэх ёстой номуудыг нь нүдэнд нь байнга өртүүлж, харагдуулах хэрэгтэй. Номыг хүн дурлаж, уншдаг болохоос албадлагаар унших ёсгүй. Мөн сургуулийн багш нар, эцэг, эхчүүд ном уншдаг хүүхдийг шагнаж, сэтгэлийн урам өгж, урамшуулж байвал их зүгээр. Таны хүүхдийн ирээдүйн хувь заяа, сайн сайхан амьдрах боломж нь уншсан номоор хэмжигдэнэ шүү” хэмээв.

Ардын уран зохиолч Тангадын Галсан: АЛИВАА УЛС,
ГҮРНИЙ МАНДАН ХӨГЖИХ, БУУРАН ДОРОЙТОХЫГ НОМООР ШИНЖИЖ БОЛДОГ

Мөн энэ үеэр “Номын баяр”-т зориулсан урлагийн тоглолт болсон билээ. Энэхүү тоглолтыг үзэн сонирхож буй ардын уран зохиолч Тангадын Галсан гуайн сэтгэгдлийг сонссон юм. Тэрбээр “Аливаа улс, гүрний мандан хөгжих, бууран доройтохыг номоор шинжиж болдог. ЗХУ бутарсны дараа хуучин Сталинград өнөөгийн Болгарт очиход ард түмнийх нь амьдрал их л доройтсон байлаа. Оюун ухаан хаана байна тэр улс л манддаг. Манайх оюун байхгүй толгой учир “Оюу толгой”-г, тархи байхгүй толгой учир “Тавантолгой”-гоо алдсан. Хүмүүс ялгардаг болчихжээ. Нэг хэсэг нь номоор амьдарч, нөгөө хэсэг нь нам хөөцөлдөг болж. Гэхдээ өнөөдөр номын баяр хийж байгаа учраас миний Монгол сайхан мандан цэцэглэх нь гэж бодож сууна даа.

Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол: Баяр баярын дундаас номын баяр л их сайхан санагддаг

Энэхүү номын баярт “Өдрийн сонин”-ынхон өргөнөөр оролцож, сэтгүүлч нар ном, товхимлоо дэлгэлээ. Тухайлбал, “Өдрийн сонин”-ы албаны дарга, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Норовын Гантулгын “Сэтгэлгээний шилэн хананд”, “Голын цаана”, сэтгүүлч Д.Гансаруулын “Цоохор майлзын түүх” хэмээх яруу найргийн ном, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамьяны “Сөрөг”, “Сөрж, сөхөрч туулсан хорвоо” хэмээх номуудыг эндээс худалдан авах боломжтой. Түүнчлэн нэрт нийтлэлч Ж.Гангаа агсны “Цагаан гэгээ” хэмээх уран бүтээлийг эндээс аваарай. “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгч, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Мягмарсүрэнгийн “Барын зулзага бамбар буюу амьтдын тухай өгүүллэгүүд” хэмээх номыг жил бүр энэхүү баярын үеэр уншигчид эрж, хайсаар манай сонины асарт ирдэг билээ.

“Өдрийн сонин”-ыхон энэ үеэр шинэхэн дугаараа уншигчдадаа үнэгүй тараадаг уламжлалтай. Энэ өдөр ч гэсэн ном, сониноо өрж амжаагүй байтал сонины шинэхэн дугаарыг унших гэсэн уншигчид цугларч байлаа. Энэ үеэр манай сонины асарт Төрийн соёрхолт, ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол гуай морилон саатсан юм. Манай сонины байнгын уншигч эл эрхэм хүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Сайн байна уу, та. Сайхан намаржиж байна уу. Өнөөдрийн энэхүү номын баярын талаарх сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Өнөөдрийн энэхүү номын баяр сайхан болж байна. Уншигчид маань ч их ирсэн нь харагдлаа. Ахмад зохиолчтойгоо уулздаг болохоор ч тэр үү, ер нь ховордсон зүйл хүнд сайхан санагддаг болохоор баяр баярын дундаас “Номын баяр” л их сайхан санагддаг юм. Би хөдөөнөөс жил бүр найз нөхөдтэйгээ уулзахаар энэхүү баярт ирдэг юм.

-Өнөөдөр дулаахан сайхан өдөр байна. Номын баярт ирсэн хүмүүсийг ажиглахад бүгд л нүүрний баясгалантай, мишээн алхаж байна. Ном гэдэг үнэхээр гэгээлэг зүйл юм аа?

-Тэгэлгүй дээ. Ном бол хүнд мэдлэг өгөхөөс илүүтэй хүний ёс суртахуун, хүмүүжлийг суулгаж өгдөг, цаасан эцэг, эх юм шүү дээ. Өнөөдөр сайхан өдөр байна. Энэ номын баярыг цаашид улам өргөжүүлж хүн бүр үүнд оролцдог болоосой. Энэ баярт зохиолч бүр өөрийн гэсэн уран бүтээлээ танилцуулж ард иргэддээ хүргэдэг. Зохиолчид хоосон ирдэггүй л дээ. Өмнөх номын баярт ирэхэд манай Д.Цэнджав, Г.Аким, Г.Мэнд-Ооёо хэмээх зохиолчдын номыг эрж хайдаг хүмүүс их ирчихсэн л байсан.

-Номын баяр зохион байгуулж байгаа нь жинхэнэ утгаараа Аз жаргалтай Улаанбаатар гэдэг нь юм биш үү?

-Энэхүү номын худалдааг цаашлаад номын наадам болох юм билээ гэж улсууд ярьж байна лээ. “Аз жаргалтай Улаанбаатар”-ын бас нэгэн уур амьсгал энэ өдөр өрнөж байна л даа.

-Өнөөгийн нийгэмд интернет сүлжээг өргөнөөр ашиглаж байгаа болохоор ном унших залуучууд ховордсон хэмээн ярьдаг. Таны бодлоор залуучууд хэр их ном уншиж байна вэ?

-Зарим хүмүүс “Ном уншихаа больсон шүү дээ. Та нар минь ном бичих хэрэг байна уу даа” гэж ярьдаг. Өнөөгийн залуучууд, хүмүүс ном уншихгүй байгаа гэдэг бол худлаа. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Яахав интернет, фэйсфүүк гээд олон зүйл байгаа ч ном бол хэзээ ч хоцрогдохгүй, мэдлэгийн үнэт уурхай. Хүмүүс номоо уншсаар л байгаа. Номтойгоо үлдсэн хүн их олон шүү. Тийм болохоор бид энэхүү арга хэмжээ, баярт нь оролцдог байлгүй. Манайх ч эндээс жоохон зайтай л даа. Бяцхан хөдөө маягийн газарт амьдардаг юм. Бэлх, хуучин Сэлбэ шүү дээ. Манай тэнд одоогоор номын үйлчилгээ байхгүй байгаа. Тэгэхээр тийм газраас над шиг нас өндөрт гарсан зохиолч энэхүү баярт оролцох гээд, хэдэн өвгөн нөхөдтэйгээ уулзах гээд ирж байгаа нь яриа юу байхав.

-Таны хувьд энэхүү номын баярт зориулан ямар ном, уран бүтээлийнхээ дээжээс уншигч түмэндээ дэлгэх гэж байна вэ?

-Би энэ хавар нэг ном гаргасан юм. “Олон улсын зохиолчдын түүвэр” хэмээх номоо бэлэглэж номын баярт оролцож байгаа. Энэхүү номонд маань арван хэдэн орны гучаад зохиолчдын жар гаруй уран бүтээлийн дээжис орсон, ийм бүтээл л дээ. Би ямар зарж, чадах биш, хүмүүст бэлэглээд одоо бараг дуусч байна даа.

-Таны сүүлийн үеийн уран бүтээл юу байна вэ?

-Өвгөн болсон ч яс, махтай минь хамт юм бичих сонирхол төрчихсөн болохоор үүнийгээ орхиж чадахгүй л байна. Улам л бичмээр санагдах юм. Гэхдээ аргагүй л дээ. Миний мэдэх, хийж чадах л зүйл тэр юм чинь өөр юу хийх билээ. Би нутгийнхаа тухай юм бичих дуртай. Тийм болохоор төрж, өссөн нутаг Бүрэнгийнхээ тухай “Талын булгийн Вант улс” хэмээх номоо бичиж дуусгасан. Одоогоор хэвлэгдээгүй ч, мөдхөн хэвлэгдэх байх аа. Тэр номоороо дараа уулзах байхаа.

-Маргааш энэхүү баяр үргэлжлэн явагдана. Таны хувьд маргааш хүрэлцэн ирэх үү?

-За даа хэлж мэдэхгүй юм. Нөхцөл байдлаасаа л болно доо. “Бяцхан” хөдөө байгаа хүн чинь байдлаасаа л болъё. Өчигдөр орой энэ баярт ирж чадахгүй байх гэж бодож байсан л даа. Тэгсэн өглөө нар тал мандаад, дулаарчихсан байхаар нь хүрээд ирлээ. Тийм болохоор маргааш байдлаасаа л болно доо.

Э.МӨНХТҮВШИН

С.ОЮУНЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцрууллаа

НИТХ-ын дарга Ц.Сандуйг ажлаас нь чөлөөлөхийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад нийт төлөөлөгчдийн 81.82 хувь нь дэмжлээ.

Халаагаа өгч байгаа Ц.Сандуй хэлэхдээ “60 тэрбумын асуудлыг ХУД-ийн шүүх болон прокурор хэрэгсэхгүй болгосон. Төрийн албыг наймаалцаж 60 тэрбумыг босгоогүй. Намын нөхөд минь эрх мэдэлд шунаж далдуур явуулга явууллаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд хариуцлага хүлээж огцорч байна” гэсэн юм.

НИТХ шинэ даргаа сонгох асуудлаар үргэлжлүүлэн хэлэлцлээ. Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар нар нэрээ татсан тул Д.Баярсайханыг дэвшүүлж байгаагаа НИТХ дахь МАН-ын бүлгээс мэдэгдэв. Харин заалнаас С.Амарсайханыг дэвшүүлэв. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан НИТХ дахь АН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авлаа.

С.Амарсайхан “Нийслэлийн тогтвортой хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, нээлттэй ил тод ажиллана. Гүйцэтгэх удирдлагын хариуцлага, ёсзүйг дээдлэн ажиллана” гэв. Харин Д.Баярсайхан “Нам эмэгтэй төлөөлөгчдөө итгэл үзүүлж нэр дэвших боломж олголоо” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Гадаад хэргийн сайд нарын ээлжит уулзалт Нью-Йорк хотноо болов

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы хүрээнд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Гадаад хэргийн сайд нарын ээлжит уулзалт Нью-Йорк хотноо 9 дүгээр сарын 20-ны өдөр болов.

“Венийн үйл ажиллагааны хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь” сэдвийн хүрээнд болсон энэ удаагийн уулзалтад Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил оролцож, “Далайд гарцгүй хөгжиж орнуудын Олон улсын судалгааны төв”-ийн үйл ажиллагааны талаар үндсэн илтгэл танилцуулав.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мухамед, АНУ-ын Колумбын Их сургуулийн “Ертөнц” хүрээлэнгийн захирал, профессор Жэфри Сакс, НҮБ-ын орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Ф.К.Утойкаману, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Захирагчийн орлогч Т.Гетту нар тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудын эрх ашгийг хамгаалах асуудлаар илтгэл тавив.

Монгол Улс 2006 онд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг Улаанбаатар хотноо анх удаа байгуулах санал гаргаж, НҮБ, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүрэн дэмжлэгийг авснаар энэхүү судалгааны төв 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс олон улсын байгууллагын статустайгаар үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. Санаачлагч орны хувьд, тус олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааны талаар Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил гишүүн орнуудад дэлгэрэнгүй танилцуулав.

Сайд нарын уулзалтаар төлөөлөгчид “Венийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн үндэсний хэрэгжилтээсээ танилцуулан, ололт амжилт, сорилт бэрхшээлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, хөгжлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг уялдуулах, хамтын хүчин чармайлтыг нэмэгдүүлэх асуудлаар санал бодлоо солилцов.

Уулзалтаар далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Сайд нарын тунхаглалыг батлав.

Categories
гадаад мэдээ

Зочид буудалд гал гарч, хоёр хүн амиа алджээ

ОХУ-ын өмнөд хэсгийн Ростов-на-Дон хотноо байрлах зочид буудалд гал гарсан талаар “www.rt.com” сайт мэдээллээ.

Галын улмаас хоёр хүн амиа алдаж, олон хүн эд материалын хохирол амссан хэмээн албаныхан мэдээлэв. Уг арван давхар барилгын таван давхраас эхлэн гал гарчээ. 100 гаруй гал сөнөөгчид галыг унтраахаар ажиллаж байна. Барилга дотор 400 гаруй хүн байсан бөгөөд тэдний 61 нь хүүхэд гэнэ.

Гал гарч буй барилгаас холгүй зогсч байсан дөрвөн машин шатжээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны шаардлагын хариуг хүргүүллэ

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Эрүүл мэндийн яаманд:

1. Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт (тариф)-ын хэлэлцээрийн 3.4 дэх заалт буюу эрүүл мэндийн салбарын ажиллагсадын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх саналыг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээрт хамтран хүргүүлж, салбарын төсөвт тусгаж шийдвэрлүүлэх;

2. Эрсдэлтэй, халдвартай нөхцөлд байнга ажилладаг сүрьеэгийн эмч, ажилтнуудыг тогтвор, суурьшилтай ажиллуулах, ажиллах хүчийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоолоор авч байгаа үндсэн цалинг 2017 оны 3 дугаар улирлаас эхлэн 25 хувиар нэмэгдүүлж олгох;

3. Эрхэлсэн ажлаа мэргэжлийн түвшинд гүйцэтгэдэг буюу өндөр өртөгтэ й мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмч, мэргэжилтэн, ажилтнуудад 2017 оны 3 дугаар улирлаас эхлэн ур чадварын нэмэгдлийг холбогдох журамд заасан хувиар, мөн сар бүрийн үр дүнгийн урамшууллыг улиралд нэг удаа 1 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр олгох асуудлыг шийдвэрлэх;

4. Хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах тухай Эрүүл мэндийн сайдын тушаалыг 9 дүгээр сарын 20-ны дотор батлуулах гэсэн шаардлагыг ирүүлсэн.

Эрүүл мэндийн яамнаас Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос ирүүлсэн шаардлагын хариуд:

1.Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт (тариф)-ын хэлэлцээрт туссаны дагуу ажиллагсадын цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх саналыг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээрт тусгуулахаар Эрүүл мэндийн сайдын 2017 оны 09 дүгэээр сарын 19-ний өдрийн 1а/3442 тоот албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүллээ.

2.Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам батлах тухай” Засгийн газрын 2012 оны 150 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, сүрьеэгийн эмч, мэргэжилтэн, ажилтнуудад үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх нэмэгдлийг тухайн албан тушаал хашиж байх хугацаанд нь сар бүр олгохоор боллоо.

3.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 07 дугаар тогтоолоор өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардлагатай зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн 75 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлж байгаа. Харин үлдсэн 25 хувийг иргэн өөрөө төлж байгаа бөгөөд иргэний төлсөн төлбөр нь тухайн эмнэлгийн төлбөртэй тусламж үйлчилгээний орлого болдог. Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 264/А/293 дугаар хамтарсан тушаалын 2.7-д заасны дагуу энэхүү орлогыг үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой гарч байгаа шууд зардал болон байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулахаар болсон. Иймээс өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлсэн эмч, ажилтнууд үр дүнгийн урамшуулал авах бүрэн боломжтой бөгөөд эрүүл мэндийн байгууллага өөрөө шийдэн олгох эрх зүйн орчин нь дээр дурьдсан хамтарсан тушаалаар нээгдсэн болно гэж хариуг хүргүүллээ

46“Хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах тухай” Эрүүл мэндийн сайдын А/371 дүгээр тушаалыг батлан, хуулбарыг хавсралтаар хүргүүлж байна.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн яамны зүгээс салбарын ажилтны цалин, хөлсний тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран, танай байгууллагын төлөөллийг оролцуулан ажиллаж байна. Тухайлбал: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/107/А/230 дугаар хамтарсан тушаалаар эмнэлгийн мэргэжилтний ажлын байранд онооны аргаар үнэлгээ хийх аргачлалыг батлан, үнэлгээ хийх ажлыг амжилттай зохион байгуулж байна. Энэхүү үнэлгээний үр дүнд үндэслэн эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний ангилал зэрэглэл шинэчлэгдэх юм. Өөрөөр хэлбэл салбарын ажилтнуудын албан тушаалыг байгууллагаар нь ангилж, зэрэглэдэг байсан бол үнэлгээний үр дүнд мэргэжил, мэргэшилд тулгуурлан ангилах боломж бүрдэж байна. Одоогийн байдлаар ажлын байранд онооны аргаар хийх үнэлгээг Дорнод, Өвөрхангай аймгийн БОЭТ, Булган, Дархан-Уул аймгийн зарим эрүүл мэндийн байгууллагад амжилттай гүйцэтгээд байна гэж хариуг хүргүүллээ


Categories
мэдээ спорт

Цэргийн ДАШТ-д ОУХМ П.Орхон түрүүллээ

Литв улсын Клайпеда хотноо болж буй 32 дахь удаагийн цэргийн ДАШТ-д Алдар Спорт Хороо, Аваргууд академи, Батсол ХХК-ий тамирчин, ОУХМ П.Орхон түрүүллээ. Ингэснээр тэрбээр энэ жил оролцсон 9 тэмцээндээ бүгдэд нь түрүүлээд байгаа аж. Ганцхан сарын өмнө Францын Парис хотод болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д түрүүлсэн бүсгүй ийнхүү богино хугацааны дараа цэргийн дэлхийн аварга болж буй нь энэ юм.

Он гарсаар тэрбээр МУ-ын аварга, Иван Ярыгины алтан гран при тэмцээний аварга, Оюутны Улсын аварга, Монголиа Опен тэмцээний аварга, Польшийн нээлттэй тэмцээний аварга, Испаний Мадридын гран при тэмцээний аварга, ДАШТ-ий аварга, Цэргийн ДАШТ-ий аварга гэсэн тэмцээнүүдэд бүгдэд нь түрүүлээд байна. Мөн энэ жилийн анхны ялагдлаа тэрбээр өчигдөр л авсан юм. Тодруулбал өчигдөр аваргалсан тэмцээндээ тэрбээр БНХАУ-ын тамирчин Жиа Липинд ялагдсанаар энэ жилийн анхны ялагдлаа амссан.

Түүний жинд нийт 5 бөх байсан бөгөөд тойргоор барилдсан. Хэдийгээр БНХАУ-ын тамирчинд оноогоор ялагдсан ч гэсэн бусад өрсөлдөгчдөө цэвэр ялснаар аварга болох болзлоо хангасан юм. Өөрөөр хэлбэл энэ жил П.Орхон босоо байна.

Харин цэргийн дэлхийн аварга болсноор энэхүү оргилд хүрсэн манай улсын 6 дахь тамирчин болоод байна. Түүнээс өмнө энэ алдрыг хүртсэн эрхмүүд гэвэл Г.Мандахнаран, С.Цэрэнчимэд, Н.Лхамгармаа, О.Үйтүмэн, Г.Отгонжаргал нар юм.

П.Орхон цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар өөрийн фэйсбүүк хуудсанд “Цэргийн дэлхийн аварга гэж нээрээ дайн юмаа. Байлдаад ирсэн хүн шиг л байна дух хавдаад, нүд хөхрөөд, чих хугараад, энэ жилийг амаргүй өнгөрөөж байна даа. 9 дэх тэмцээндээ оролцоод 9 дэх түрүүгээ авлаа. #batsol ХХК, Алдар спорт хороо, Аваргууд академийн хамт олондоо, гэр бүл найзууддаа баярлалаа. Цэргийн дэлхийн аваргын зардлыг минь гаргасан Үндэсний Олимпийн хороонд баярлалаа. Арын албанд байдаг спортын анагаах ухааны албаны эмч нартаа, шигшээ багийн холбооны удирдлагууд, ажилчиддаа, спортын сэтгүүлч, телевиз, сонин, сайтын ажилчиддаа, спортдоо хайртай Монголчууддаа баярладаг шүү” хэмээн бичиж, өөрийн сэтгэгдлийг хуваалцсан байна.

Categories
мэдээ нийгэм

НИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаан эхэллээ

ЗурагНИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаан Хангарьд ордонд 12.00 цагт эхэллээ.

Хуралдааныг 10.00 цагаас товлосон ч НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдсан учир хойшлогдоод байсан. Товлосон цагаасаа хоёр цагаар хоцорсон НИТХ-ын хуралдаанд нийт 44 төлөөлөгч оролцож, ирц 97.8 хувьтай эхлээд байна.
Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллыг санал хураалгаж баталсан бөгөөд НИТХ-ын дарга Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг хүлээн авах болон НИТХ-ын шинэ даргыг сонгох үндсэн хоёр асуудал хэлэлцэх боллоо.
Хэлэлцэх асуудлын дарааллыг баталсны дараа хуралдааныг НИТХ-ын тэргүүлэгч Ж.Батсайхан удирдаж эхлүүлэв. Ингээд НИТХ-ын дарга Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Хэлэлцэж буй асуудлаар НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, хариулт авч байна.

Categories
мэдээ нийгэм

АТГ 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв

Image result for Авлигатай тэмцэх газарАвлигатай тэмцэх газар 2017 оны 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 15-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд 569 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 719 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Хянан шийдвэрлэсэн 405 мэдүүлгээс илт зөрчилтэй 1, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 366, хууль журамд заасан үндэслэлээр буцаасан 11, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 27 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна. Одоогоор ажиллагаанд 314 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ш.Гаадамбын нэрэмжит бүрэн дунд сургуулийн бага ангийн сургалтын менежерээр томилогдохоор нэр дэвшсэн О.Юмчинсүрэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын “Амгалан” цогцолбор сургуулийн сургалтын менежерээр томилогдохоор нэр дэвшсэн О.Гэрэлцэцэг, Төрийн банкны Сэлэнгэ салбарын захирлаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Зоригоо, Булган салбарын харилцааны ахлах менежерээр томилогдохоор нэр дэвшсэн Х.Буянжаргал нарын 366 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Харин Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргаар томилогдохоор нэр дэвшсэн Х-г тухайн албан тушаалд томилогдоход илт ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ спорт

Энэ жилийн сүүлийн дрифтийн тэмцээн энэ ням гаригт болно

Залуу хүн бүрийн хүслийг бадрааж цээжинд шар ус хуруулж айдас адерналин хоёрыг зэрэг ялгаруулдаг спорт бол авто спорт тэр дундаа дрифтийн спорт юм.

Монголд дрифтийн тэмцээн уралдаанууд жил бүр тогтмол зохион байгууллагддаг байсан ч энэ жилийн хувьд зам талбайн хомсдмол байдлаас шалтгаалан төдийлөн олон уралдаан тэмцээн зохиогдоогүй билээ. Тэгвэл энэ амралтын өдөр буюу 2017/09/24-нд Монголын Мэргэжлийн Спорт Автомашин Холбоо /ММСАМХ/, Монголын дрифтийн ууган клуб V6 хамтран энэ жилийн сүүлийн дрифтийн тэмцээнийг “DRIFT BATTLE” нэртэйгээр зохион байгуулахаар болсоныг дуулгахад таатай байна.. Дрифтийн спортыг шимтэн сонирхдог залуус энэ жилийн сүүлийн тэмцээнийг 09/24-ны 10:00 цагаас Авто худалдааны цогцолбор төвийн задгай талбайд очиж үзэх боломжтой юм.

Хураамжийн хувьд үзэгч: 10,000₮ төгрөгийн үнэтэй машинаас нь төлбөр авахгүй гэнэ.

Ивээн тэтгэгчээр Ариун-Очир констракшн, Beren group, SK ZIC тос тосолгоо, City car wash-ийн хамт олон ивээн тэтгэн хамтран ажиллаж байна.

Хэзээ: 2017/09/24 –нд 10:00 цагаас

Хаана: Авто худалдааны цогцолбор төвийн задгай талбайд