Categories
мэдээ цаг-үе

Угтаалцайдам сумын кварцын чулуун ордыг ашиглах зөвшөөрлийг Засаг дарга Н.Гантулга, ИТХ-ын дарга Р.Батбаяр нар хууль зөрчин олгосон уу

Төв аймгийн Угтаалцайдам сумын Хар чулуут багийн нутаг дэвсгэр Бор өндөр уулын өвөр бэлээс кварцын чулууны орд илэрсэн. Кварцын чулуу нь дэлхийн зах зээлд маш их эрэлттэй, өндөр үнээр худалдаалагддаг байна. Өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр “Бор өндрийн хишиг” гэх нэртэй бичил уурхайн нөхөрлөл дээрх орд газрыг ухаж эхэлсэн аж. Үүнийг Угтаалцайдам сумын иргэд эсэргүүцээд байгаа. Иргэд тус сумын Засаг дарга Н.Гантулга, ИТХ-ын дарга Р.Батбаяр нар хууль бус шийдвэр гаргаж, байгаль орчинд их хэмжээний хохирол учруулж байгаа талаар мэдэгдсэн.

Угтаалцайдам сумын удирдлагууд болон иргэдийн дунд үл ойлголцох байдал бий болж, холбогдох хууль хяналтын байгууллагууд хяналт, шалгалтын ажлууд хийж эхэлжээ. Дэлхийд нэн ховор чулуу гэгдэх кварцын чулуун орд газрыг ухах зөвшөөрлийг сумын Засаг дарга Н.Гантулга, ИТХ-ын дарга Р.Батбаяр нар хууль зөрчин олгосон гэх мэдээллийн мөрөөр манай сонины сурвалжлах баг Угтаалцайдам сумыг энэ сарын 11-нд зорилоо. Угтаалцайдам сумын иргэд хоёр талцсан байдалтай байна лээ. “Манай сумын дарга нар газар нутгаа худалдаж, авлига авч байна. Засаг дарга Н.Гантулга, ИТХ-ын дарга Р.Батбаяр нар манай сумын хүүхдүүд. Гэтэл мөнгөний төлөө газар нутгаа ухаж сэндийчин, овоолсон шороо болгож, зэргэлдээх Заамар сумын эмгэнэлийг давтаж байна.

Тэр чулууны орд газрын доор Заамар сумын их алтны судал таарч байгаа гэнэ. Алтны судлыг ухах гэж л улайрч байна” гээд л сумынхаа дарга нарыг муу хэлж байна. Харин нөгөө хэсэг нь “Манай сумынхан сүржигнээд байгаа болохоос гурван га газрыг ухах юм байна лээ. Бүр ил уурхай ч биш далд уурхай. Төв аймгийн Баянчандмань сумын далд уурхай шиг л уурхай юм гэсэн. Кварцын чулууг ухаад Европын улс орнуудад худалдаалах юм бол маш их хэмжээний ашиг олох аж. “Бор өндрийн хишиг” нөхөрлөл манай суманд сургууль, эмнэлэг, Засаг даргын тамгын газрын их засвар хийж, шинээр гурилын үйлдвэр, цэцэрлэг, Баянцогт сумтай 45 километр зам тавих гээд улсын шийдэж өгөлгүй өдий хүрч байгаа зүйлсийг хоёр жилийн дотор шийдэж өгөх гэрээ хийсэн.

Бидний хэт их сүржигнэж хийрхэж байгаагаас болоод сум орон нутаг хөгжихгүй байгаа юм” хэмээн ярьцгааж байв. Намрын их ажил өрнөсөн Угтаалцайдам суманд “Уурхайг ухуулах нь зөв, ухуулахгүй байсан нь дээр” гэсэн зүйлс хүн бүрийн ярианы гол сэдэв болжээ.

ОРОСУУД АНХ КВАРЦЫН ЧУЛУУН ОРД ГАЗРЫГ ИЛРҮҮЛСЭН ГЭНЭ

Кварцын чулуун орд илрээд байгаа Угтаалцайдам сумын Хар чулуут багийн нутаг дэвсгэр Бор өндөр ууланд очлоо. “Бор өндрийн хишиг” нөхөрлөлийнхөн нутгийн иргэдийн эсэргүүцэл, тэмцэлтэй тулгарч, хөрс хуулалтаа эхлүүлээд ажлаа зогсоосон байдалтай байв. Техник, тоног төхөөрөмжүүдээ эргүүлэн Улаанбаатар хот руу татжээ. Хамгаалалтын албаны хоёр залуу дөрвөн гэр манаж байв. Тэд “Бид ажлаа хийж байна. Энэ газрыг ухах үгүйг мэдэхгүй байна. Нутгийн иргэд эсэргүүцснээс болоод үйл ажиллагааг нь зогсоочихсон юм билээ. Бид дөрвөн гэр харах ажилтай сууцгааж байна” гэхээс өөр зүйл ярьсангүй. Бор өндөр гэх хад ихтэй уулын орой хэсгийг эмтэлж ухжээ. Уулын оройг ухаж хуулсан шороогоор зам зассан байв. Кварцын чулуун орд нь ухсан газраас 20 гаруй метрийн гүнд байгаа гэнэ. Одоогоос 30 гаруй жилийн өмнө Оросын геологичид дээрх газарт болор, кварцын чулууны орд газар байгааг олж илрүүлсэн гэнэ. Ингэхдээ энэ уул доошоо 100 метр хүртэл бүхэлдээ кварцын орд чулуу байна. Маш их баялаг орд газар хэмээн тогтоосон байдаг аж. Бор өндөр уул бүхэлдээ өөхөн цагаан чулуутай аж. Нутгийн иргэд цагаан чулууг дундуур нь хага цохиж үзэхээр гялтганасан шаргал судал байдаг гэж нутгийнхан ярьж байв.

Дээрх орд газрыг цаашид ухах үгүйг Төв аймгийн Засаг дарга, ИТХ-ын хурлаар шийдэхээр болжээ. Хурлын шийдвэр гартал “Бор өндрийн хишиг” нөхөрлөлийн ажлыг зогсоосон байна. Хэрэв дээрх газрыг ухуулахгүй гэх шийдвэр гарвал, нөхөн сэргээлтийн ажлыг хийгдэх асуудал яригдах ажээ. Тус сумын иргэдийн төлөөлөл нийслэлд очиж “Дарга нараа хууль зөрчиж байгаа талаар болон тус орд газарт алт олборлох гэж байна гэх мэдээлэл хийсэн. Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Улаанбаатар хотоос алтны нинжа нар ирцгээсэн байна. Нинжа нар хүрз, лоом, жоотуугаар энд тэнд газар ухах гэж оролдсон байна. Алт гарсан газар байхгүй болохоор нинжа нар хоёр өдөр зогсож байгаад явцгаажээ.

Г.АЛТАНГЭРЭЛ: “БОР ӨНДРИЙН ХИШИГ” НӨХӨРЛӨЛД ЗАСАГ ДАРГА Н.ГАНТУЛГЫН ҮЕЭЛ, ИТХ-ЫН ДАРГА Р.БАТБАЯРЫН ЭХНЭРИЙН ДҮҮ НЬ БАЙГАА

Угтаалцайдам сумын иргэдийн төлөөлөл “Эх нутгаа хамгаалъя” гэх нэртэй төрийн бус байгууллага байгуулжээ. Дээрх төрийн бус байгууллагын тэргүүнээр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан Г.Алтангэрэлийг сонгожээ. “Эх нутгаа хамгаалъя” гэх нэртэй төрийн бус байгууллагын гишүүд Засаг дарга Н.Гантулга, ИТХ-ын дарга Р.Батбаяр нарын хууль зөрчсөн. “Бор өндрийн хишиг” нөхөрлөлийнхөн дарга нарт авлига өгсөн байж болзошгүй хэмээн үзэж, АТГ, Ашигт малтмалын ерөнхий газар, Төв аймгийн Засаг даргын тамгын газарт өргөдөл гомдол гаргасан байна.

Энэ талаар “Эх нутгаа хамгаалъя” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Алтангэрэлтэй ярилцлаа.


-Та бүхэн ямар шалтгаанаар Хар чулуут багийн нутаг дэвсгэр Бор өндөр ууланд кварцын чулуу олборлож байгааг эсэргүүцэж байгаа юм бэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Угтаалцайдам сумын иргэдийн зүгээс кварцын чулуун орд газарт олборлолт хийж байгаа “Бор өндрийн хишиг” нөхөрлөлийн үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа нь тодорхой хэдхэн шалтгаан бий. Засаг дарга Н.Гантулга, ИТХ-ын дарга Р.Батбаяр нарт дургүйдээ ингэж ярьж байгаа юм биш. Хууль зөрчсөн асуудал байгаа болохоор бид эсэргүүцэж байгаа юм. Нутгийн иргэд яагаад кварцын чулуун орд газрыг ашиглах гэж байгаа “Бор өндрийн хишиг” нөхөрлөлийн уурхайг эсэргүүцээд байгаа талаар тодорхой мэдээлэл өгч болно. “Бор өндрийн хишиг” нөхөрлөл манай сумын нутаг дэвсгэрт бичил уурхай эрхлэх гэж байгааг хэн ч мэдээгүй байсан. Гэтэл манай сумын Засаг дарга Н.Гантулга ИХТ-дийг огт хуралдуулахгүйгээр тогтоол гаргасан байдаг. Нутгийн иргэдэд бичил уурхай эрхлэх гэж байгаа талаар огт танилцуулаагүй. Тэгсэн мөртлөө ИТХ-ыг 2017 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хуралдаж, бичил уурхай явуулахыг зөвшөөрсөн шийдвэр гарсан мэтээр тогтоол гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл ИТХ-аар огт яригдаагүй зүйлсийг ярьж, хэлэлцэн зөвшөөрч, дэмжсэн гэх утга бүхий 02 дугаартай хуурамч тогтоол үйлдэж гаргасан байдаг. Хуурамч тогтоолоо Ашигт малтмал, газрын тосны газарт өгсөн байдаг.

Дээрх газраас хариу ирэхгүй болохоор зургадугаар сард Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргалаар Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлт гаргуулж өгсөн байдаг юм билээ. Зургаан сарын сүүлчээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга н.Мөнх-Очир гэдэг хүний гарын үсэг тамгатай, бичил уурхай ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гаргуулсан байдаг. Энэ бүгдийг зөвхөн манай сумын дарга нар мэдэж байсан болохоос жирийн иргэд бид огт мэдээгүй явж байсан. Тэгсэн өнгөрсөн долдугаар сарын 17-нд сумын ИТХ-ын гуравдугаар хуралдаан болсон. Дээрх хуралдааны төгсгөлд гэнэтхэн бусад асуудал хэлэлцэнэ гэсэн байдаг. Бусад гэсэн асуудалд бичил уурхайн талаар санал оруулж ирсэн гэсэн. Н.Гантулга дарга “Бор өндрийн хишиг” нөхөрлөлийнхөн манай суманд бичил уурхай эрхлэхээр шийдвэр гарсан. Аймгийн Засаг дарга, Ашигт малтмал, газрын тосны газар зөвшөөрсөн. Та бүхэн одоо энэ хурлаар дэмжээд, зөвшөөр” гэх утгатай зүйлсийг ярьсан байдаг. Манай суманд маш олон бүтээн байгуулалтыг хийнэ гэж хэлсэн байна лээ. Таван жилийн хугацаанд олборлолт хийгдэнэ. Сум орон нутаг хөгжих гээд байна гэж хэлсэн байдаг. Ингээд сумын ИТХ-аар дэмжих шийдвэр гаргасан. Үүний дагуу Засаг дарга Н.Гантулга, “Бор өндрийн хишиг” нөхөрлөлийн тэргүүн М.Төгсболд гэх хүнтэй хамтран ажиллах нийгмийн хариуцлагын гэрээ хийсэн байдаг. Гэрээ хийгдсэний дараа Бор өндөр уулыг ухаж эхэлсэн. Ийм зүйл болж өнгөрсөн байдаг. Бичил уурхай ашиглах зөвшөөрөл олгохдоо хууль зөрчсөн байдаг. Яагаад зөвшөөрөл олгосон талаар лавшруулаад сонирхох юм бол ашиг сонирхлын маш тод зөрчилтэй нь тодорхой болсон.

-Ашиг сонирхлын ямар зөрчилтэй юм бэ. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Уурхай эрхлэх ашигт малтмалын тухай хуулийн дөрөвдүгээр заалтын 4.1 гэх заалтыг зөрчсөн байдаг. “Бор өндрийн хишиг” бичил уурхай эрхлэх нөхөрлөл нь таван хүний бүрэлдэхүүнтэй байгууллагдсан. Бичил уурхайн нөхөрлөл гэдэг нь онгон дагшин байгаль огт ухаж, олборлолт хийдэггүй. Хуулиараа ч хориглосон байдаг. Нөхөрлөл бичил уурхайчид уурхайн ашиглаж байсан үлдэц бүхий эдийн засгийн үлдэц багатай газрыг ашиглах ёстой. Хэрэв шинэ газарт бичил уурхай ажиллуулах гэж байгаа бол Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор аймгийн удирдлага шийдвэр гаргаж уурхайн олборлолт хийж болно гэсэн заалт бий. Энэ заалтыг шууд зөрчсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл Н.Гантулга өөрийнхөө албан тушаалыг хэтрүүлэн ашиглаж хууль бус зүйл хийж байна гэж бид бүхэн үзэж байгаа. Өөр нэг ноцтой асуудал нь “Бор өндрийн хишиг” бичил уурхайн нөхөрлөлд таван гишүүн бий. Хоёр хүн нь энэ оны долдугаар сард манай суманд шилжиж ирсэн байдаг. М.Төгсболд гээд “Бор өндрийн хишиг” бичил уурхайн дарга нь Улаанбаатар хотод амьдардаг. Манай суманд нэг ч хамаатан садан байхгүй хүн. Э.Энхбаяр гэж хүн мөн л Улаанбаатар хотынх. Гурав хүн нь Засаг дарга Н.Гантулгын үеэл Б.Ганбат гэж хүн байгаа. Харин дөрөв дэх хүн нь ИТХ-ын дарга Р.Батбаярын эхнэрийн дүү Д.Нямлхагва байна. Мөн малчин Ш.Бямбасүрэн гэж залуугийн бүрэлдэхүүнтэй нөхөрлөл. Нөхөрлөлийн гишүүдээс л бүх зүйлс тодорхой харагдаж байгаа биз дээ. Ашиг сонирхлын зөрчилтэй гээд яриад байгаа минь ч үүнтэй холбоотой.

Та бүхэн АТГЗасаг дарга Н.Гантулга, ИТХ-ын дарга Р.Батбаяр нарыг ямар үндэслэлээр шалгуулж байгаа юм бэ?

-Угтаалцайдам сумын иргэдийн дунд Засаг дарга Н.Гантулга, ИТХ-ын дарга Р.Батбаяр “Бор өндрийн хишиг” бичил уурхайн нөхөрлөлөөс маш их хэмжээний мөнгө авсан гэх яриа гараад байгаа. Үүнийг бид шалгуулах хүсэлтээ өгсөн. Мөн бичил уурхай манай сумыг хөгжүүлж маш их бүтээн байгуулалт хийнэ гэдэгт иргэд бид эргэлзэж байгаа. Монголын топ компаниуд уул уурхай олборлолт хийж байгаа сумандаа “Бор өндрийн хишиг” бичил уурхайн нөхөрлөлийн амлаад байгаа зүйлсийг хийж өгөөгүй байдаг. Гэтэл жижигхэн бичил уурхайн нөхөрлөл 45 километр зам тавьж, цэцэрлэг барьж, гурилын үйлдвэр барьж өгнө гээд байгаа нь худлаа гэж үзэж байна. Нутгийн иргэдийг хуурч мэхлэн хамаг баялгийг нь цөлмөж аваад зугтаах гэж байна гэв.

Төв аймгийн Угтаалцайдам суманд гараад байгаа кварцын чулуун ордын нөөцийн судалгааг гаргасан байдаг аж. Одоогоор 20 орчим мянган тонн кварцын чулуу олборлох боломжтой байгаа гэнэ. Тэгвэл кварцын чулууг дэлхийн зах зээлд өндөр үнээр худалдаалдаг аж. Кварцыг радио, хэт богино дууны техник, гоёлд өргөн хэрэглэдэг байна. Тонн кварц дэлхийн зах зээл дээр 2000-2500 ам.долларын үнэд хүрдэг байна. Тэгвэл Угтаалцайдам сумын Бор өндрийн уулын бэлээс гарч байгаа кварц нь тунгалаг кварц аж. Тунгалаг кварц ховор чулуунд тооцогддог. “Бор өндрийн хишиг” бичил уурхайн нөхөрлөлийн нутгийн иргэдэд өгсөн мэдээллээр кварцын болор чулууг газар дээр нь 3-3.5 сая төгрөгөөр худалдаалах юм. 20 мянган тонн чулуу олборлоход нэлээд ашиг хүртэх боломж байна. Тиймээс манай нөхөрлөл өөрсдөө ашиг хүртэхээс гадна нийт орлогынхоо 60 хувийг Угтаалцайдам сумын хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулж, иргэдэд хувь хүртээнэ хэмээн мэдэгджээ.

Р.БАТБАЯР: БИД СУМАА ХӨГЖҮҮЛЭХ ГЭЖ БИЧИЛ УУРХАЙГ ДЭМЖСЭН. ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЗҮЙЛ ОГТ БАЙХГҮЙ

“Бор өндрийн хишиг” бичил уурхайд кварцын чулуу олборлох зөвшөөрлийг Угтаалцайдам сумын Засаг даргын Тамгын газар, Иргэдийн хурлын төлөөлөгчид олгож байгаа. Хууль зөрчиж зөвшөөрөл олгосон уу гэдгийг тус сумын ИТХ-ын дарга Р.Батбаяраас тодрууллаа.

-Угтаалцайдам сумын Засаг дарга Н.Гантулга, ИТХ-ын дарга Р.Батбаяр нар хууль зөрчин “Бор өндрийн хишиг” бичил уурхайг дэмжсэн гэх асуудал яригдаад байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Сүүлийн үед манай сумын нэр бүхий иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу ташаа мэдээлэл өгч байна. Ор үндэсгүй худлаа мэдээлэлд бид бүхэн өнөөдрийг хүртэл ямар нэгэн албан ёсны хариулт өгөөгүй. Учир нь хууль хяналтын байгууллага үнэн зөвийг олж тогтоосны дараа албан ёсны тайлбар өгөх нь зүйтэй болов уу гэж үзсэн юм. Угтаалцайдам сумын Хар чулуут багийн нутаг дэвсгэр Бор өндөр ууланд кварцын чулууны орд хэрхэн илэрсэн, “Бор өндрийн хишиг” бичил уурхайн нөхөрлөлд олборлолт хийх зөвшөөрлийг ямар шалтгаанаар олгосон бэ гэдгийг одоо хэлмээр байна. Манай сумын ИТХ-ын ээлжит хурал 2017 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр болсон. Хуралдаанаар “Бор өндрийн хишиг” бичил уурхай манай суманд үйл ажиллагаа явуулснаар 2017 онд сумын Засаг даргын Тамгын газрын барилгын засвар, Эрүүл мэндийн төвийн өргөтгөл барих, Ерөнхий боловсролын сургуульд их засвар хийж, ахмадын өргөө барьж өгнө гэсэн. Мөн 2018-2020 онд Гурилын үйлдвэр барих, шинээр цэцэрлэг, малчдад зориулж баг бүрт жилд нэг худаг гаргаж өгөх, хуучин 12 айлын орон сууцыг засварлах, спорт цогцолбор барьж өгөх, Баянхангай сумаас Угтаалцайдам хүртэл 45 километр хатуу хучилттай зам тавих, цэвэр, бохир, усны нэгдсэн шугамтай болгох гээд маш олон бүтээн байгуулалт хийж өгье. Дээрээс нь нийт орлогынхоо 25 хувийг нутгийн иргэдэд хишиг болгон жилдээ иргэн бүрт 500 мянган төгрөг, ашиг хүртээд эхлэхээр сая төгрөг бэлэн тарааж байх эдийн засгийн үндэслэл бүхий судалгаа, шинжилгээг танилцуулсан. Энэ бүгдийг ИТХ-аар хэлэлцээд улсын төсвөөр хийгдэж чадахгүй байгаа томоохон ажлуудыг хийж өгнө гэдэг зүйл дээр тогтож хуралдсан. Ингээд бичил уурхайг сум орон нутгийн зүгээс дэмжиж ажиллах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн. Биднийг хуралдаан огт хийгээгүй. Бүр хуурамч тогтоол үйлдэж хууль зөрчсөн гэж яриад байгаа. Энэ асуудалд албан ёсоор хариулт өгөхөд хууль зөрчсөн зүйл огт байхгүй. Бүх зүйл хуулийн дагуу болж өнгөрсөн гэдгийг хэлмээр байна. Хуралдаанаар төлөөлөгчид холбогдох хүмүүсээс кварцын чулууны үнэ ханш, хэдэн га газарт уул уурхайн олборлолт хийх гэж байгааг нэн түрүүнд асууж тодруулсан. 3.5 га газарт эзэмшил талбайгаар авч, 0.5 га газарт олборлолт хийж, ухах юм байна. Газар ухах хэмжээ бага байсан учир эргээд нөхөн сэргээлт хийх бүрэн боломжтой юм байна гэж үзээд бид дэмжсэн. Ерөөсөө л болж өнгөрсөн асуудал ийм. Өнгөрсөн долдугаар сарын 17-нд сумын ИТХ-ын гуравдугаар хуралдаан болсон. Энэ хуралдаан дээр мөн л “Бор өндрийн хишиг” бичил уурхайн асуудал яригдсан. Засгийн газрын 151 дүгээр тогтоолтой холбоотойгоор гаргасан шийдвэрээ дахин нягталж харсан. Бидний зүгээс сум орон нутгийг хөгжүүлж, иргэдээ амар тайван амьдруулахын төлөө иргэдээсээ санал авч сонгогдсон хүмүүс. Тиймээс нутгаа хөгжүүлэх гарцыг үргэлж хайж эрэлхийлж байгаа. Энэ үндсэн дээр бид бүхэн зөвшилцөлд хүрч чадсан. Энэ шийдвэрээ буруу зүйл гэж огт бодохгүй байна. Гол нь нутгийн иргэд буруу мэдээлэлтэй байгаагаас үүдэн үл ойлголцох байдал бий болоод байна.

-Иргэд бичил уурхай суманд хэзээ ч ийм их хөрөнгө оруулалт хийж чадахгүй гэж үзээд байгаа. Өмнө нь бичил уурхай суманд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тохиолдол байхгүй юм билээ?

-Гол нь тооцоо судалгаа чухал шүү дээ. Угтаалцайдам суманд нийт орлогынхоо 60 хувийг өгдөг жишиг уурхай бий болгохыг зорьж байгаа юм. Энэ дагуу ч Засаг дарга Н.Гантулга, ““Бор өндрийн хишиг” бичил уурхайн захирал М.Төгсболд нар хамтран ажиллах гэрээ хийсэн байдаг. Ашигт малтмалын газар, Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас олборлолт хийхийг зөвшөөрсөн. Ингээд л үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Гэтэл нутгийн иргэд олборлолт хийж эхлэх үед эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн. Нутгийн зөвлөл албан шаардлага өгсний дагуу сумын Засаг дарга Н.Гантулга “Бор өндрийн хишиг” бичил уурхайн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан. Ийм л зүйл болсон. Миний бие төрж өссөн нутгаа, байгалийн баялгаа зарж, борлуулсан зүйл огт байхгүй. Зөвхөн нутгаа хөгжүүлэхийн төлөө ийм шийдвэр гаргасан гэв.

ЗАСАГ ДАРГА Н.ГАНТУЛГА ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ

Угтаалцайдам сумын Засаг дарга Н.Гантулга өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн байна. Энэ талаар сумын Засаг даргын орлогч Б.Мөнхбаяр “Засаг дарга Н.Гантулга өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн байгаа. Тэрбээр ажлаа өгөх шалтгаанаа 2016 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл сумынхаа төвийн сайжруулсан замыг хусч индүүдэж, засварлах, үйлчилгээний төвүүд дунд 400 метр урт бетонон зам, БНСУ-ын Сөүл хотын Сүншил их сургуулийн оюутнууд хоёр жил дарааллан нарны эрчим хүчээр асдаг гэрэлтүүлгийг үнэ төлбөргүй тавьж суурилуулсан, Соёлын төвийн өргөтгөлийг сэргээн засварлах, 75 хүүхдийн “Сонинхангайн багачууд” цэцэрлэгийг ашиглалтад оруулж 80 гаруй хүүхэд хүлээн авч байгаа. “Элсэн цагаан” ХХК хувьдаа хууль бусаар дур мэдэн ашиглаж байсан төрийн өмчийн барилгыг эргүүлэн авч халуун ус, саун, үсчний зориулалтаар орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэн ашиглалтад оруулсан. Мөн 2017 онд газрын дуудлага худалдаа зохион байгуулж 130 гаруй сая төгрөг төвлөрүүлж сумын төвийн бүрэн гэрэлтүүлэг, нийтэд үйлчилдэг ковш 920 трактор, 30×60 харьцаатай хөл бөмбөгийн талбай, 400м2 гүйлтийн зам талбай, Соёлын төвийн худалдааны зах лангуу, эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, УИХ-ын гишүүнтэй хамтран Талын уул баг дээр 0-тоЫ1е-ийн сүлжээ станцыг тавьж сумын иргэдийг бүхэлд нь үүрэн телефоноор хангах ажлыг хийж байна мөн хувийн хэвшилтэй хамтран шинээр шатахуун түгээх станц барьсан зэрэг ажлуудыг зохион байгуулан ажиллалаа. Гэтэл миний хийсэн ажлуудыг үгүйсгэж намайг харлуулах үйл ажиллагаа удаа дараа явагдаж байна. Урьд нь 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр мөн 2016 орон нутгийн сонгуулийн сурталчилгаа хаах өдөр ингэж миний нэр төрд халдах, гүтгэх доромжлох ажлуудыг зохион байгуулалттай хийж байгаад харамсаж байна. Энэ удаад ч мөн давтагдаж байна. Энэ болгоныг хууль хяналтын байгууллагаар өөрийн хүсэлтээр шалгуулан үнэн зөвийг тогтоолгон нэр төрөө сэргээлгэх ажлыг явуулах болно. Иймд өнөөдрөөс эхлэн албан ёсоор үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтэй байна” гэж мэдэгдээд ажлаа өгсөн. Угтаалцайдам сумын Засаг даргын Тамгын газраас бичил уурхайд ямар нэгэн хувийн эрх ашгийн үүднээс чулуу олборлох зөвшөөрөл олгосон зүйл байхгүй” гэв.

Төв аймгийн Угтаалцайдам суманд намрын их ажил ундарсан өдрүүдэд ийм л асуудал босч ирээд байна. Нутгийн иргэд кварцын чулуу ухуулах нь зөв буруу, орон нутагт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх худал амлалтаар иргэдийг төөрөгдүүлж, байгалийн баялгийг цөлмөх гэж байна хэмээн хоорондоо талцаж, сумынхаа дарга нарыг хууль хяналтын байгууллагад шалгуулж эхлээд байна. Хууль хяналтын байгууллага Засаг дарга Н.Гантулга, ИТХ-ын дарга Р.Батбаяр нар хууль зөрчсөн үү, үгүй юү гэдгийг удахгүй эцэслэн тогтоох биз ээ.


Categories
мэдээ цаг-үе

Улсын арслан Л.Сосорбарам: Монгол бөхийн гадаад байдлыг их сайхан хөгжүүлсэн, одоо дотор тал буюу бөхчүүдийн ёс, жудгийг засах хэрэгтэй

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн гишүүн, хүчит арслан Лувсанчимэдийн Сосорбарамтай ярилцлаа.


-Таныг ид үед Монголын домог болсон их аваргууд, арслан, заанууд барилдаж байсан. Тэр дундаас олон түмний дунд төдийлөн яригддаггүй хэрнээ тухайн үедээ монгол бөхийн гайхамшиг болж байсан хүчтэнүүдийн тухай дурсахгүй юу?

-Би ч ер нь их огцом гарч ирсэн хүн шүү дээ. Ингэж гарч ирсэн бөхийг том цолтнууд төдийлөн амладаггүй байсан. Хорин нэгтэй залуу ид гарч ирж байхад Түвдэндорж аварга дөч гарчихсан бөх байлаа. Намайг ер нь л авдаггүй байсан. Түвдэндорж аварга мундаг хүн л дээ. Араас нь харвал бөгтгөр, урдаасаа гэдгэр, хажуугаас нь харвал урагшаа түрсэн гүдгэр цээжтэй бөх байсан юм. Их өргөн цээжтэй. Домог болсон олон аваргуудтай ид үед байхад нь барилдаж явсан. Үйлдвэрчдийн эвлэлийн хоёрдугаар их наадам гэж 1962 билүү жаран гурван онд болсон юм. Тэр наадамд Дамдин аваргатай үзүүр, түрүүнд үлдлээ. Тэр үед чинь Дамдин аварга гэж орсон буур шиг амьтан л байсан шүү дээ. Ингээд барилдлаа. Өрж эхлээд л над руу дайрч, янз бүрийн мэх хийж байна. Арай гэж тогтоочихоод сэнжигнийх нь барьцыг халаад тавиулчихсан чинь гараа үлээгээд л цаашаа хэд алхав. Тэгэхээр нь жаахан зориг орлоо шүү. За Дамдин аварга надаас бас бэргэж байна. Би ч бас сүрхий халдаг л байлаа. Дахиад дайраад ороод ирэхээр нь хоёр улаан сугаар нь тэвэрч аваад татчих юм бодоод мэх хийх гэтэл хоёр гараа ганцхан суга татангуутаа намайг тахимдаж хаячихаад дэвээд явчихлаа. Тэр үед Дамдин аварга миний шинэ далбааг хоёр сугаар нь зад татаж билээ. Дамдин аваргатай тулахад хад чулуу л гэсэн үг. Хүн байна даа нааш цаашаа хөдлөнө биз дээ. Ерөөсөө тийм юм байхгүй. Очоод тулна, залгаад хөдөлгөх гэтэл бат л зогсдог. Мижиддорж арслан Дамдин аварга хоёр их сайн найзууд. Улсын баяр наадмаар Дамдин аварга Мижиддорж арсланг есөн удаа авсан юм. Наадмын өмнөх бэлтгэлээ ч хамт хийнэ. Мижиддорж арслан амнаасаа болоод л авахуулдаг байсан даа. Нэг жил наадмын бэлтгэл хамт хийж байхдаа Дамдин аваргыг хаясан юм билээ. Тэгээд Мижиддорж арслан “Чи ч энэ жил олигтой барилдах юм уу даа. Ер нь их сул байна шүү. Миний өрөөсөн хөлийг даахаа больсон байна. Ийм байж намайг давахгүй шүү” гэж л дээ. Дамдин аварга “Тэгвэл чамайг өнөө жил авчих уу” гэдэг байж. Тэгээд л наадам болохоор Мижиддорж арсланг амлан авч барилддаг байсан гэдэг. Хамгийн сүүлийн буюу ес дэх удаагаа Дамдин аваргад амлуулан барилджээ. Тэгсэн Мижиддорж арслан “Чи элэг бүсдээ хүргүүлчихвэл юу ч биш л дээ” гэж. Тэгэхээр нь Дамдин аварга элэг бүсний барьцыг нь өгсөн гэнэ. Тэгсэн ч Дамдин аварга давж. Барилдааны дараа Мижиддорж арслан “Муу нохой чинь гар хугалчих шахлаа” хэмээн гомдоллон ярьж байсан гэдэг. Энэ хоёр чинь хоорондоо их муудалцаж, зодолдоно. Тэгснээ маргааш нь хамт ууж, инээж ханиагаад л явна. Дамдин аварга гэж ийм л мундаг тэнхээтэй, жудагтай, ааш зан, яриа хөөрөө их сайхантай хүн байлаа.

-Та Түвдэндорж, Чимэд-Очир аваргуудын талаарх дурсамж түүхийг их мэднэ. Түвдэндорж аваргын тухайд…

-Түвдэндорж аварга ч энгүй хүчтэй, цаанаасаа л тусгай төрчихсөн хүн л дээ. Нэг жилийн наадмаар Мөнхбат, Баянмөнх аваргуудыг удаан барилдсан гээд хасч байсан даа. Тэр жилийн наадмын маргааш түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд бай шагналаа гардан авч байх үед Түвдэндорж аварга улаан “яавтай” ирж явна. Бид хоёр хоорондоо их маазарна. Тэгсэн Түвдэндорж аварга “Энэ хоёр (Хоёр Мөнх) төрийн наадам удаагаад” л гэж байна. Тэгэхээр нь би тоглоод “Та бол ингэж уддаггүй байсан биз” гэсэн чинь “Шудраад өнгөрөхгүй яах юм” гэж байна. Тэгэхээр нь “Аан тийм үү. Та манай Дэлгэрхааны мохой Норов гэдэг хүнийг хонон өнжин шударсан (удаан барилдсан) гэл үү” гэтэл Түвдэндорж аварга их ууртай “Үхсэн, тэр чинь аль эрт балрын явдал” гэж билээ(инээв). Аваргатай барилдсан манай нутгийн мохой Норов гэдэг хүнийг би мэднэ л дээ. Их л бяртай, хүчтэй бөх хүн байсан юм. Тэр хүнтэй л аварга хонон өнжин барилдсан гэдэг.

-Танд хамгийн харамсалтай ч гэх үү, хамгийн их сургамж авсан барилдаан гэвэл…

-Би ч ер нь их багаасаа барилдсан. Хүүхэд байхын л үеийнхэнтэйгээ ноцолдож, хувцас хунараа урж, тасдана. Бүтэн сугатай дээл өмсөнө гэж байхгүй шүү дээ. Сургамж авсан барилдаан их ээ. Би наймдугаар ангийн хүүхэд байв уу даа. Төв аймгийн Баянбараат, Баянцагаан сум нийлчихсэн байлаа. Тэр суманд очиж анх удаа зодоглож цэргийн заан Юндэн гэх бөхийг давж түрүүлж байв. Дараа нь Угтаалын наадам болох сургаар хүргэн ахаа гуйж байгаад хамт морьтой явлаа. Тэр наадамд дөрөвт үлдчихлээ. Түрүү, үзүүрт Дэрэн сумын Жамц хэмээх бөхтэй үлдлээ. Барилдаан болох гэж байхад тэр бөх алга болчихов. Тэгсэн наадамчид “Баянцагаанд түрүүлээд ирсэн Сосорбарамаас Жамц айгаад алга болчихлоо” гэж ярьцгааж байна. Үнэхээр айж дээ гэж би бодов. Тэгсэн нээх том биетэй хар нөхөр зодог шуудгаа өмсөөд гараад ирлээ шүү. Нөгөө нөхөртэй чинь үзлээ. Би нэг хөлд ордог ухаантай. “Том биетэй хүнийг хөлд нь орж, хүчтэй унагавал их сүртэй байдаг юм гэсэн. Тэгж хаянаа” гэж бодоод орох гээд ухасхийснээ болиод сугадаж аваад давуулах гэтэл дор нь орчихлоо. Тэгээд тэр наадамд үзүүрлэсэн юм. Энэ л их сургамж болсон доо. Би одоо шавь нартаа хэлдэг. Бөх хүнд хоёр мундаг алдаа байдаг. Нэгдүгээрт бардаж байгаад унах, хоёрдугаарт айж байгаад унах. Айсан хүн мэхээ дандаа дутуу хийдэг. Бардсан хүн сагсуурч байгаад учраа бөхдөө хөнгөхөн “зууш” болдог юм. Бөх хүн ерөөсөө дөлгөөн, тайван, хараатай, ухаантайхан барилдах хэрэгтэй.

-Таны үед монгол бөхийн ёс жудаг, эрэмбэ дараа, нэгнийгээ хүндэтгэнэ гэдэг жинхэнэ утгаараа оршиж байсан. Цагийн эрхээр бөхийн ёс жудаг элэгдэх боллоо хэмээн ахмадууд ярьдаг. Таны хувьд өнөөгийн монгол бөх эртний ёс уламжлалаасаа хэр алсарсан гэж бодож байна?

-Монгол бөх бол монголчуудын шүтээн болсон өв соёл. Ахмад бөхийн хувьд залуус дүү нартаа энэ тухай их ярьдаг. Эцэг эхээс заяасан бие галбир, бяр чадлаараа бөх болж болно. Үүнийг зөв авч явах л учиртай. Монгол бөхийн ёс жудаг гэдэг бол монгол эр хүний ёс суртахуун юм. Үүнийг л залуучууд маань сайн ойлгох хэрэгтэй. Монгол бөхийн ёс жудаг гэдэг бол ахмад болон том цолтой бөхчүүдээ хүндэтгэж, эрэмбээ мэдэж байх хэрэгтэй. Хамгийн чухал нь цолтноо хүндэтгэх явдал юм. Энэ нь сүүлийн үед буюу зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш жаахан алдагдах гээд байна. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг нэг бөх алдаа гаргалаа гэхэд бөхчүүд ингэлээ, тэглээ л гэж ярина. Тийм болохоор бөх гэдэг нэр алдрыг дээдэлж, өндөрт өргөн явах учиртай.

-Нөгөө талаас бөхийн ёс жудаг алдагдаж, бөхчүүд зүй бус авир гаргах болсон нь бөхийн бай шагналаас боллоо гэж зарим нь хэлдэг дээ. Та үүнтэй санал нийлэх үү?

-Ээ, яг даа. Манай Дагвасүрэн арслан амьд сэрүүн байхдаа бөхийн бай, шагналын талаар нэг нийтлэл бичсэн юм. Тэрийг би цаг үеэ олсон их үнэн зүйл бичлээ гэж тухайн үед уншиж байлаа. “Хоёр давааны дундах даваанаас болж эр хүний жудаг алдах ёсгүй” ч билүү иймэрхүү гарчигтай нийтлэл бичсэн санагдана. Бидний үед түрүүлсэн бөхийг хоёр, гурван төгрөгөөр байлдаг байв. Одоо ч сая, саяар нь хэлдэг болж. Улсын баяр наадамд 15 сая төгрөг өгч байхад захын нэг компанийн ойн баяраар л түрүүлсэн бөхөд хорь, гучин сая төгрөг өгч байна. Үүнээс л болж бөхийн ёс жудаг, эр хүний ноён нуруу хугарч байна уу даа. Энийг анхаарах ёстой.

-Та олон жил Үндэсний бөхийн хөлийн цэцээр ажилласан хүн. Сүүлийн үеийн барилдаанууд маргаан их дагуулах болсон. Ялангуяа улсын баяр наадмаар…

-Энэ ажил миний хийдэг ажил биш юм билээ. Одоо ч хоёр бөх унасан ч дэвдэг болсон. Очоод хэлэхээр миний өөдөөс элдэв бусын юм хэлж, хөгшин зөнөгөөр нь дуудахгүй л юм. Гэхдээ л гаргаж байгаа үйл хөдлөл нь их дургүй, төвөгшөөсөн янзтай. Манай Үндэсний бөхийн холбоо монгол бөхийн гадаад байдлыг их сайхан болгосон, хөгжүүлсэн. Малгай, дээл, зодог шуудаг, залаа гээд… Одоо дотор тал буюу бөхчүүдийн ёс, жудгийг засах хэрэгттэй. Мөн жалга довны үзэл их гаргах болсон. Энэ бол маш том аюул. Монголчууд эрт дээр үеэсээ эвтэй байхдаа хүчтэй, их гүрэн болж байсан. Хоорондоо эвдрэлцэж, талцсанаасаа болж бутарсан, сүйрсэн. Яг энэ систем, өнөө цагт монгол бөхөөр жалга довны үзэл гаргах байдлаар илэрч байна. Үүнийг цаашид хаа, хаанаа анхаарч, бие биенээ ялгаварлах, талцах үзлийг арилгах хэрэгтэй. Энэ бол өргөн хүрээндээ үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Хэдэн бөхчүүдийн биш төр улсын хэмжээнд очиж болохоор том аюул шүү. Монгол бөхийн дэг жаяг алдагдана гэдэг бидний хойч ирээдүйд үнэхээр хор хөнөөлтэй, муу зүйл. Энэ бүгд өнөөгийн Монголын нийгмийн байдлаас их шалтгаалж байх шиг байна.

-Өнөө жилийн наадмын тухайд ярихгүй юу. Аварга, арслангууд өндөр даваанд барилдалгүй элэг бүсээ тайлсан. Үүнийг Сэрээтэр харцага их шүүмжилж байсан. Мөн тавын даваанд аварга Санжаадамба, улсын начин болсон Ганжад нарын барилдаан гээд ярих зүйл ихтэй наадам боллоо?

-Жил бүрийн наадам сайхан болдог. Энэ жилийн наадам ч гэсэн сайхан болсон. Гэхдээ ганц, хоёр хүн дээр л асуудал гараад байгаа юм. Тавын даваанд аварга, аймгийн арслан хоёрын барилдаан дүрмээрээ л шийдэгдсэн. Тэр дэлгэцээр маргаантай барилдааныг үзүүлэх буруу л даа. Санжаадамба, Ганжад нарыг найман шүүгч шүүсэн. Олонхийн саналаар барилдааныг Ганжадын талд шийдвэрлэсэн. Дүрмээ л барих учиртай.

-Үндэсний бөхийн хөлийн цэцийг ахмад бөхчүүдээр бус нүд сайтай, залуу хүмүүсээр хийлгэх хэрэгтэй гэсэн саналыг иргэдийн зүгээс гаргадаг?

-Олон жил хөлийн цэц хийсэн дээ. Одоо ч больсон. Нэгдүгээрт халуун наранд суугаад байх хэцүү юм. Хоёрдугаарт их хариуцлагатай ажил. Олон түмэн хоёр бөхийн барилдааныг үзээд л сууж байгаа. Хөлийн цэц буруу шийдвэр гаргавал үзэгчид эсэргүүцэх нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр аль нэг бөхийн талд шийдвэр гаргахад нутгийнхаа бөхийн талд орлоо, буруу харлаа гэж шүүмжилдэг. Их л хэл амтай ажил. Манай нутагт хуучин хөлийн цэцийг хөлийн сайд гэж хэлдэг байлаа. Хөлийн цэцээр хуучин барилдаж байсан бөх хүнийг ажиллуулах хэрэгтэй. Багачууд, хүүхдийн барилдаанд бол нүдний хараа гэх мэт зүйл чухал. Харин томчуудын барилдаан бол өөр шүү дээ. Тийм ч учраас өмнө нь барилдаж байсан хүн хөлийн цэц хийснээр тухайн хоёр бөхийн аль нь түрүүлж унасан, хэн нь давсныг мэдэрдэг юм. Харин барилдаж байгаагүй хүн хөлийн цэц хийвэл үүнийг мэдрэхгүй. Иймд барилдаж байсан туршлагатай бөхчүүдээр хөлийн цэц хийлгээд байгаа юм. Ахмад бөхчүүд хөлийн цэц хийж байгаа нь эртний уламжлал. Хүний нүдний хараа гэдэг их сонин. Шууд хараад тэр бөх уначихлаа, давчихлаа гэж хэлэхэд хэцүү. Үүнд барилдаж байсан хүний мэдрэмж чухал. Би хөлийн цэц хийж байхдаа “Хөөе тэр цэнхэр далбаатай нь давлаа, улаан далбаатай нь уналаа” гэж бөхчүүдийн далбааны өнгөөр нь дууддаг байсан. Тэр их зүгээр. Тэгэхгүй бол тэр аварга давсан, тэр заан унасан гэж нэр устай нь хэлэхээр шийдвэр гаргахад нөлөөлдөг юм болов уу гэж боддог. Өөр нэг зүйл нь даваа бүрийг цол, эрэмбээр нь амлуулж барилдуулах хэрэгтэй. Яах гэж цол өгч байгаа юм. Бөх хүн даваа бүрт өөрийнхөө эрхээр, цолныхоо эрэмбээр бөхөө амлахгүй байна гэхээр тухайн бөхийн эрх зөрчигдөж байгаа мэт санагддаг. Энэ бол миний л бодол шүү.

-Та Үндэсний бөхийн холбооны Цэцийн зөвлөлийн гишүүн. Танай холбоог тойрсон маргаан сүүлийн хорь гаруй жил яригдлаа. Ирэх онд МҮБХ ээлжит “Их Эе”-ийг хуралдуулна гэсэн.

-Эрт л энэ маргааныг шийдье гэсэн саналыг оруулж байсан ч дэмжигдээгүй юм. Уг нь миний бодлоор хоёр талын улсууд ижил түвшинд, тэрхүү их хурлаараа шударгаар өрсөлдөх хэрэгтэй юм. Улстөрийн намууд шиг. Манайд чинь АН, МАН гээд хоёр том нам байна шүү дээ. Сонгуулиар УИХ-д аль нам суудал авсан нь Засгийн газраа байгуулж, улс эх орноо жолооддог шиг л аль их хүнтэй тал нь бөхийн холбоог удирдчихмаар байгаа юм. Энэ саналыг би хэд дахин хүргүүлж байсан. Даанч хүлээж авдаггүй юм. Уг нь шийдэхэд их амархан санагддаг. Болдоггүй л юм байлгүй дээ. Одоо эв эеэ ололцох хэрэгтэй.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Багш нарын цалин гэдэг таны хүүхдийн ирээдүйн цалин юм

Багш нар ажил хаялт зарлажээ. Цалин бага гэж үзэн эсэргүүцлээ илэрхийлэн өчигдөр зарим сургуулийн хичээл орсонгүй. Үнэндээ багш нарын цалин бол хүнд хэлэхээс ч ичмээр бага. Бага цалинтай багшаас сайн үр дүн хүлээхэд бэрх. Цалиндаа таарсан муу сургалт явагддаг. Манай улсын боловсролын хамгийн сул зүйл бол багш нарын үнэлгээний асуудал. Тийм ч учраас ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанарт ахиц гардаггүй. Багшийн ажил гэдэг бол шавь нартаа оюун ухаанаа чилээн сэтгэл зүтгэлээ гарган байж үр дүнгээ өгдөг амаргүй ажил. Улсын хөгжлийн гол түлхүүр гэгддэг багш нарынхаа хөдөлмөрийг бодитойгоор үнэлсэн улс хөгждөг. Яагаад вэ гэвэл багш хүн цоо шинэ хүнийг бүтээдэг. Аливаа хүн болох суурийг боловсрол олгодог. Сургуулийн нас бол хүний хөгжлийн хамгийн эрчимтэй, хүний төлөвшлийн суурь чухал үе. Бага насандаа сураагүй хүүхэд цаашдаа ч сурах нь хол. Нэгэнт сайн дүнтэй суралцаж чадаагүй бол мэргэшсэн мэргэжилтэн болж чадахгүй. Сайн мэргэжилтэн болж чадаагүйгээсээ бага цалин хүртэх ёстой болдог. Хэрвээ хүүхэд байхаасаа сайн суралцаж чадсан бол хожмоо чадварлаг боловсон хүчин болж өндөр цалин авдаг нь хууль. Багш нарын цалин явж явж таны, бидний хүүхдийн ирээдүйн цалин юм. Ингэж хүний амьдралын чиг шугамыг багш нар маань шууд заадаг. Аливаа улсын хөгжил хүнээсээ хамаарч, хүний хөгжил багшаас шалтгаалдаг гэж үздэг. Шавийн эрдэм багшаасаа ч гэдэг үг бий. Багшдаа суурилсан боловсрол хөгжинө гэх мөртлөө багш нарынхаа цалин хангамжид гар сунгаж ирээгүйнхээ горыг монголчууд бид амсдаг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Одонтуяа: Хийхээр төлөвлөсөн олон ажлаараа одонгоо угаана даа

Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяатай ярилцлаа.


-Баянгол дүүрэг анхны одонтой дүүрэг боллоо. Одонгийнхоо найрыг яаж хийх вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар манай дүүрэг Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хэмээх нэр хүндтэй шагналыг хүртлээ. Энэ сарын 16 -нд “UB palace”-д Баянголчууд төрийн дээд одонгоо гардан авлаа. Тэр өдөр тугаа залах парад зохион байгуулж, дүүргийнхээ иргэдийг урьсан. Иргэд маань маш их баярлаж байна. Орой нь манай дүүргийн үе үеийн засаг дарга нар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Тамгын газарт ажиллаж байсан ахмадууд олон олон хүндтэй зочдыг урьж хүндэтгэл үзүүлсэн. Хуучны дурсамжит зураг, баримтат кино үзэж өөрсдийн хийсэн бүтээснээрээ их бахархаж байсан. Хүн ер нь дурсах, дуурсагдахын хооронд амьдардаг гэдэг. Хийхээр төлөвлөсөн олон ажлаараа одонгоо угаадаг байх даа (инээв). Энэ дүүргийн Засаг дарга болохдоо л их дэврүүн хүсэл мөрөөдөл тээж ирсэн. Олон жил шийдэж чадахгүй байгаа ажлыг цэгцэлчихье гэж. Шинээр баригдсан олон сайхан барилгадаа иргэдийнхээ олон жил хүсэн мөрөөдсөн үйлчилгээг явуулах хэрэгтэй. Би хүмүүстээ байнга хэлээд байгаа. Сайхан байшинтай байх яахав, сайхан үйлчилгээтэй болох ёстой гэж.Цаг хугацаа хурдан өнгөрч байна. Маш хурдтай ажиллах хэрэгтэй. Тэргүүний дүүрэг боллоо гээд зүгээр суух цаг биш.

-Одонтой дүүргийн иргэд өөдрөг хүсэл тэмүүлэлтэй болсон байх. Нийслэлчүүдийн хувьд ч одон авсан дүүрэг онцгойрч ялгарах байх гэсэн хүлээлт байгаа. Харин та бүхний зүгээс ямар ажлуудыг хийх вэ?

-Эрдэнэ дарга өмнөх жилүүдэд “За хоёулаа дүүргийн Эрүүл мэндийн асуудлыг нэг шийдсэн шиг шийднэ гэдэг байсан. Том том зорилтуудыг зоригтой эхлүүлдэг хүн шүү дээ. Ер нь Ардчилсан намынхан боломжиндоо биш зорилгодоо тулгуурлаж ажилладаг хүмүүс шүү дээ. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтад санаа зовохооргүй боллоо. Өнгөрсөн 5 жилд том, жижиг 14 эмнэлэг барьсан байна. Зам, дэд бүтцийн хувьд том уулзваруудаа бүрэн шинэчилсэн ч хороолол дундах замууд их муудсан байна. Санаснаар бол битүү камержуулмаар байна. Олон жил хотын үзэмжийг гутааж байгаа контейнеруудыг цэвэрлэмээр байна гээд олон зорилт байна. Бүгдийг хэрэгжүүлж чадахгүй ч нэлээд асуудлыг зоригтой эхэлж байгаа. Иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх асуудлыг нэгдүгээрт тавина.Тэр хүрээнд соёл амралтын газар, худалдааны гудамж зэргийг тохижуулж, орчин үеийн дүүрэг болгомоор байна.

-Шөнийн гудамжийг байгуулах төлөвлөгөө бий юу.

-Манай дүүрэгт хэд хэдэн газарт шөнийн гудамж байгуулах боломж байгаа. Гурав, дөрөвдүгээр хорооллын үндсэн гудамж бол хамгийн хөл хөдөлгөөнтэй газар. Эхний ээлжинд энэ гудамжаа тохижуулъя гэж төлөвлөж байна. Нийслэлийн ерөнхий төлөвлөлтөөр хорооллын дундуур BRT буюу ил метро шиг тусгай зориулалтын автобус явна. Тэгэхээр голын хэсгүүд өөрчлөгдөнө гэсэн үг. Энэ гудамжаа тохижуулж чадах юм бол өдөр ч, шөнө ч худалдааны гол гудамж болно. Тэнд бүх төрлийн шоу арга хэмжээ явагдаж, дуу хуур, хөгжим эгшиглэж, олон орны амтат хоолоор үйлчилдэг, залуучууд нь сайхан чөлөөт цагаа өнгөрөөдөг газар болгох юмсан гэж мөрөөддөг, бас төмөр замын цэцэрлэгт хүрээлэнгээ тохижуулж, амралт зугаалгын бүс болгохоор Төмөр замын удирдлагуудтай ярилцсан. Одоо зураг төслийг нь хийж байгаа.Төмөр замын цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын шар байшингууд бүгд дахин төлөвлөлтөд орох юм. Энэ гудамжийг амралтын өдрүүдэд хаагаад машингүй гудамж болгож иргэд нь алхдаг, дугуй унадаг, гадаа сайхан сууж хоол, унд иддэг тийм орчныг бүрдүүлэх юмсан гэж боддог. Гэвч нэн түрүүнд тэнд амьдардаг иргэдийн эрх ашгийг бодолцохгүй бол бас ажил явахгүй. Одоо хотын төвд байгаа шөнийн гэрэлт гудамжны сайн, муу талыг судалж л байна.

-Гэр хороолол руу ийм худалдаа, үйлчилгээ төвлөрсөн гудамжуудыг байгуулж болох уу?

-Гэр хорооллоо хичнээн гоёж, сайхан болгоё гэсэн ч дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй, хөрсний бохирдол ихтэй гээд бодохоор орчин үеийн хотын айл шиг болохгүй шүү дээ. Нэн түрүүнд гэр хорооллынхоо дахин төлөвлөлтөд анхаарч байгаа. Хуучин хувцсыг хичнээн сайхан нөхөөд шинэ хувцас өмссөн юм шиг сэтгэл сэргэх үү? Одоо чинь 21-р зуун биздээ. Өнгөрсөн жилүүдэд олон зуух тараагаад агаарын бохирдлыг бууруулахад үр дүнгээ өгөөгүй гээд л шүүмжлүүлж байгаа тийм болохоор аль болох олон айлыг орон сууцжуулах хэрэгтэй, харин хөнгөлөлттэй зээлийг нь л шийдэж өгөхөд төр анхаарвал болно. Нэг хүндрэлтэй зүйл нь улсын болон нийслэлийн төсөв эрс багассан. Өмнөх жилүүд шиг олон бүтээн байгуулалт өрнүүлж чадахгүй л байна.Тиймээс олон улсын байгууллагууд, гадаадын түншүүдтэй идэвхтэй хамтран ажиллаж, цэцэрлэг, хороогоо тохижуулах ажлуудыг нэлээд хийж байгаа.

-Ингэхэд Баянгол дүүрэг сургууль цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийг сайжруулсан гээд мэдээлээд байдаг. Та дүүрэгтээ өрнүүлсэн бүтээн байгуулалтуудаасаа сонирхуулахгүй юу?

-Манай дүүрэг олон улсын байгууллага болох Азийн сангийн судалгаагаар дүүргүүдийн өрсөлдөх чадварын үнэлгээгээр дүүргүүдээс нэгдүгээрт шалгарсан. Нийт 150 үзүүлэлтээр дүгнэсэн юм билээ. Иргэдийн аюулгүй байдал, амьдрах орчин, засаглал, эрүүл мэнд, эдийн засаг зэрэг үндсэн таван бүлгийн 150 үзүүлэлтээр дүгнэсэн. Энд хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл бол өнгөрсөн таван жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт хийсэн хөрөнгө оруулалт. Баянгол дүүргийн эрүүл мэндийн VII төв өдөрт 700-1000 хүнд үйлчилж байна. Сүүлийн 25 жил баригдаж байгаагүй хүүхдийн эмнэлгээ бас барилаа. Саяхан ахмадын эмнэлгээ ашиглалтад орууллаа. Мөн 2012 онд “Эмүжин” эмнэлэгтэй болсон. Удахгүй мэс заслын тасаг, хүүхдийн хоёрдугаар больницийг нээнэ. Манай дүүрэг бусад дүүргийн хаана ч байхгүй эрүүл мэндийн том хөрөнгө оруулалтыг хүртэж байгаа дүүрэг болж байгаа. Хүн амынхаа тоонд харьцуулахад олон улсын жишгээр орны стандарт хангасан анхны дүүрэг болж байгаа нь тун чухал л даа.Хуучин манай иргэд, хүүхдүүд Сонгино Хайрхан Дүүргийн эмнэлгийн коридорт л хэвтдэг байсан.

Боловсролын салбарт бас нэлээд ажлууд явуулсан. Хүүхдүүдэд зориулж нийт 54 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Энэ мөнгөөр найман сургуулийг өргөтгөсөн. Бид газаргүй учраас сургуулийг өргөтгөөд дээр нь давхарлаж байна. Хоёр шинэ сургууль барилаа. Нэг сургууль нь нэг ээлжиндээ 950, нөгөөх нь 1500 хүүхэд авах хүчин чадалтай. Мөн найман цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулсан. Сургуулиа арван мянган суудлаар нэмж, 11 том уулзварыг шинэчилсэн байна. Гэр хорооллоо 100 хувь гэрэлтүүлсэн. Эндээс харахад яах аргагүй дүүргийн иргэдийн амьдрах орчин сайжирч байгаа юм.

-Иргэд нь ажилтай орлоготой байснаар энэ дүүрэг аз жаргалтай байна. Ил задгай худалдаа эрхэлдэг хүмүүсийг яаж дэмжих юм бэ. Гар дээрх худалдааг албан ёсны болгоод татварыг нь дүүрэг өөртөө төвлөрүүлж болдоггүй юм уу?

-Би хувь хүнийхээ үүднээс ч Засаг даргынхаа хувиар ч бизнесийг ихэд дэмждэг. Зөвшөөрөгдсөн газар зөвшөөрөл аваад, түрээс, татвараа төлдөг, хог хаягдлын гэрээг хийдэг, орчиндоо бохирдол үүсгэдэггүй бизнесийг бүх талаар дэмжинэ. Харин иргэдээс энэ гудамжинд байгаа ил задгай худалдааг болиулаач гэсэн хүсэлт их ирдэг боллоо. Долдугаар сарын 1-нээс Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой хүлээх хариуцлагатай холбоотой заалт чангарсан. Иргэд биднээс юу хүсээд байна вэ гэхээр чөлөөтэй алхах гудамж, амарч зугаалах орчин, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайг байгуулж өгөөч ээ гэдэг. Нөгөө талаас гудамжинд ил задгай худалдаа эрхэлж байгаа хүмүүсийн асуудлыг яаж шийдэх вэ гэдэг өөрөө амаргүй асуудал болоод байна. Манай Иргэдэд үйлчлэх төвийнхөн маань хорооллын гудамжинд ил задгай бараа зарж байгаа иргэдэд ажлын байр санал болгодог. Зарим нь ажилд ордог. Зарим нь татгалздаг. Зөвхөн бараагаа зармаар байна гэсэн хүмүүстээ бид хорооллын “АПЕКС”, “Барс” зэрэг том худалдааны төвүүдтэй яриад лангуу хямд түрээслэх боломжийг нь хангаж өгье гэдэг л дээ. Сарын түрээс нь 30-50 мянган төгрөг байхаар талбай гаргаж өгөхөөр нөгөө хүмүүс маань дотор ордоггүй зэрэг асуудлууд бий.Тэгэхээр одоогийн үйлчилж байгаа журмаар ил задгай бараа зарахыг хориглосон. Чанартай хүнсний худалдааг бол зөвшөөрдөг. Дахин нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Бид чинь 21-р зууны хотод тэр тусмаа улсын нийслэлд амьдарч байна. Гадаадын бусад хот шиг эмх цэгцтэй болмоор байна.

-Та “Хүүхдэд ээлтэй дүүрэг болно” гэж зарлаж байсан. Энэ хүрээнд ямар ажлуудыг хийх юм бэ?

-Зүгээр уриа лоозон маягаар ажлаа явуулахгүй. Бодит ажил хийж, бүтээн байгуулалтаар баталгаажуулдаг. Хүүхэд хөгжлийн соёлын төвийг барьж байгууллаа. Энд та бидний, эцэг эхчүүдийн хүсэн хүлээсэн дугуйлангууд хичээллээд эхэлчихсэн. Жүдо, шатар, тоо, бүжиг, хөгжмийн зэрэг дугуйлангууд явагдаж, хүүхэд бужигнасан халуун дулаан энергитэй газар болсон байна. Бас хүүхдийн усан спортын цогцолборыг ашиглалтад оруулсан. Дугуйн зам хийлээ. Мөн нэг ээлжиндээ 460 хүүхэд авах хүчин чадалтай зуслангаа Тэрэлжид бариад дуусах дөхөж байна. Энэ бол жилийн дөрвөн улиралд ажиллах зуслан юм. Манай монгол хүүхдүүд дэлхийн хаана ч академик боловсролоор гологддоггүй. Тоо, физик, оюун ухаанаар дандаа тэргүүн байрыг эзэлдэг. Харин хүмүүжил, төлөвшлөөр гологддог. Иймээс ”Эх орон 36” хөтөлбөрийг явуулдаг. Хүүхдийг яавал эх оронч үзэлтэй, хүмүүжилтэй, төлөвшилтэй болгох талаар сургалт хийдэг. Бид өнөөдөр нийслэлчүүдийн соёлд том үсрэлт хийхгүй бол дүүргүүд сайхан хөгжиж, орчин үеийн хот болж чадахгүй. Дээрээс нь хотын дарга Засгийн газрын гишүүн байх ёстой. Засгийн газар, Нийслэлийн бодлого нь уялдахгүй байна.

-Та НИТХ-ын төлөөлөгчөөр, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Гэтэл дүүргийн Засаг даргаар ажиллах шийдвэр гаргахад иргэд хэрхэн хүлээн авсан бэ?

-Иргэд маань дүүргээ мэддэг, дүүрэгтээ сэтгэлтэй хүн Засаг дарга болсонд баяртай байгаа л гэдэг юм. Яг үнэнийг хэлэхэд УИХ-ын эрэгтэй гишүүд л уулзахаараа, тааралдахаараа л үнэмшихгүй гайхсан байдалтай асуудаг байсан. Дүүргийн ажил маш их хэцүү ажил шүү дээ. Чи тэгээд хийх гээд байгаа юм уу гээд л. Надад юу гэж ойлгогдсон бэ гэхээр эрэгтэй улс төрчид албан тушаал буухаас жаахан ичдэг юм шиг. Би чинь ээж хүн. Ээж хүн хаана л тусламж хэрэгтэй байна, эмх цэгцгүй, хоол ундгүй, өвчтэй хүн байна тэнд л ээж нойр хоолоо хугаслаад ч хамаагүй зүтгэж л байдаг. Анх улс төрд орох шийдвэрээ гаргах гээд аавдаа хэлэхэд За охин минь улс төрч болно гэдэг чинь бусдын төлөө л бүх юмаа зориулж зүтгэхийг хэлдэг юм ш дээ. Өөрт таалагдах, таалагдахгүй гэсэн ойлголт байхгүй” гэж хэлж байсан. Одоогийн улс төрчдөөс хувийн ашиг хонжоо хайж ордог нь олон болсон нь харамсалтай. Тэгээд ч энэ дүүрэгт зайлшгүй хийж дуусгах олон ажил байсан. Дүүргийн ажил бол тэр чигээрээ бүтээлч сайхан ажил.

-Баянгол дүүргийн Засаг даргаар өмнө ажиллаж байсан Д.Оросоо яагаад УИХ-д ажиллах болсон юм бол?

-Өмнөх дөрвөн жилд Баянгол дүүрэгт Засаг даргаар ажиллаж байсан Д. Оросоо маань Үндсэн хуулийн чиглэлээр олон жил судалгаа хийсэн мэргэшсэн хуульч хүн учраас УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуулийн зөвлөхөөр ажиллах шаардлага гаргасан. Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлтөд манай нам туйлын хариуцлагатай хандахгүй бол энэ 65 яаж ч мэдэхээр байна шүү дээ. Иргэд 60 тэрбумаас хойш МАН-д итгэх итгэл байхгүй болсон. Би Оросоо даргыг гайхдаг. Өнгөрсөн дөрвөн жил 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт Баянгол дүүрэгт хийхэд яаж энэ бүгдийг амжуулж чадав гэж залуу хүн гэхэд үнэхээр сайн ажилласан. Гэтэл одоо улсын төсвөөс том хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа үе таарч байгаа ч хийх ажил бас л барагдахгүй их л байна. Өнгөрсөн 4 жилд УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийнхэн сайн баг болж богино хугацаанд хүчтэй ажилласан.

-Та дуусаагүй олон ажил байсан гэлээ. Тэгээд ажлаа аваад дуусгаж чадсан уу?

-Бид энэ жил Гэрлэх ёслолын ордонтой боллоо. Мөн өнгөрсөн зургадугаар сард 60 ортой Ахмадын эмнэлгээ ашиглалтанд оруулсан. Саяхан ажлыг нь шалгахаар очтол тал талаас ахмадууд барьж авч үнсээд л “С.Эрдэнэ дарга та нар дэндүү буянтай хүмүүс юмаа. Биднийг ийм сайхан эмнэлэгтэй болгох гэж” гээд л сүйд болцгоосон. Тэр үед юу бодогдсон бэ гэхээр хэрэгтэй зүйлийг нь хийж бүтээх, тэрийг сонсох ямар сайхан юм бэ л гэж бодсон. Аав ээж минь бурхан болсон болохоор ахмадууд үнсэхээр аав ээждээ үнсүүлсэн юм шиг болдог юм байна лээ.

Дээр үед интернетээс уншиж байсан. Гадаадын нэг жижиг буудалд дэрний меню байдаг. Жуулчдад тэр нь их онцлог байдаг гэж. Тэгээд дүүргийнхээ эмнэлгүүдийг дэрний цэстэй бол гэсэн үүрэг өгсөн. Хүн дэр таарахгүй бол тухтай хэвтэж чадахгүй шүү дээ. Арвайтай, цайтай, эмийн ургамалтай дэр гээд л авсан байна лээ. Сайхан байшинтай байх нэг хэрэг, сайхан үйлчилгээтэй байх хэрэгтэй гээд л байнга харьцаа хандлагын сургалт хийдэг. Гадаадаас мэргэжилтнүүдийг их урьж авчирдаг.

Бид спорт цогцолборыг 2018 онд ашиглалтад оруулна. Нийслэлийн бусад дүүрэгт байхгүй том усан бассейн, спорт заалуудтай болно.

-Ойрын үед улс төр ширүүн байгаа. МАН дотроо хуваагдаж засгаа унагасан явдлыг улс төрчийн хувьд юу гэж үзэж байна вэ?

-Ер нь төрийн албыг наймаалцдаг энэ бүх зүйл цаашид Монголын төрд буруу жишиг тогтооно. Монгол Ардын нам оройтсон ч гэсэн шинэчлэл хийх гээд оролдож байна. Энэ бол улс төрийн намын хувьд зоригтой чухал алхам л даа.

-Таныг гишүүн байхад УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэг нийгмийн бүхий л асуудлаар дуу хоолойгоо олон түмэндээ хүргэдэг байсан. Энэ удаагийн парламент хамгийн олон эмэгтэй гишүүнтэй байгуулагдсан. Гэтэл эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн асуудлууд гарсаар байтал дуугарахгүй байна. Тэд хэтэрхий хувийн бизнес рүүгээ анхаараад байгаа юм болов уу?

-С.Зориг агсны хэлсэн алдартай үг байдаг шүү дээ. “Улсын эрх ашгийн дор намын эрх ашгаа тавь. Намын эрх ашгийн дор хувийн эрх ашгаа тавь” гэдэг. Тэгэхээр энэ хүмүүс улсынхаа эрх ашгийн дээр намынхаа эрх ашгийг тавьчихаад байх шиг байна. Бид нар дуугарвал болохгүй. Намын дарга загнана гэдэг ч юмуу. Уг нь дотроо дуугарах сэтгэл нь байгаа ч намаасаа эмээгээд чимээгүй байгаад байгаа юм болов уу л гэж боддог. Энэ парламент олон эмэгтэй гишүүнтэй болоход би хувьдаа баярлаж байсан. Өмнөх дөрвөн жилд эхлүүлсэн бидний ажлууд үргэлжлэх нь гэтэл таг шүү. Одоо манай хуучин байсан эмэгтэй гишүүд рүү иргэд яриад “Та нар байхдаа бүлэг дээрээ, чуулган дээрээ дуугараад байдаг байсан. Одоо охид, бүсгүйчүүдийн эрх ихээр зөрчигдөж байхад тэднийг өмгөөлж хамгаалах хүн байхгүй болчихлоо” гэдэг. Манай Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос ажлын хэсэг гаргасан. Бид охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эсрэг нэгдэнэ. Их хурлын гишүүн хүчингийн хэрэг хийснийг нь хэрэгсэхгүй болгочихож байна. Бага насны охидууд амиа хорлох нь нэмэгдэж байна. 13 настай охины амийг дөрвөн залуу хөнөөчихөөд байхад архины хордлого гээд эмнэлгийн дүгнэлт гаргаад сууж байна. 2 жилийн өмнө Төв аймгийн нэг сумын Засаг дарга ажилтан эмэгтэйгээ тамлан зовоолоо. Энэ мэт олон хэрэг дарагдаж байна. Тэгэхээр бид дуугарна, дуугараад зогсохгүй тэмцэнэ.Охид бүсгүйчүүдийн хүчирхийллийн эсрэг бидэнтэй дуу хоолойгоо нэгтгэх иргэд, иргэний нийгмийн байгууллагууд байвал Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоонд хандахыг уриалж байгаа шүү. Үнэхээр охид эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг хийчихээд тэрийгээ хайцаалаад нуун дарагдуулж, хөнгөн ял авах зэргийг бид хүлээн зөвшөөрөхгүй.


Categories
мэдээ нийгэм

​ Багахангай дүүрэгт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дадлага сургуулилт хийлээ

Нийслэл, дүүрэгт байгалийн голомтот болон мал амьтнаас хүнд дамждаг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах албадын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дадлага сургуулилт”-ыг энэ сарын 15-нд Багахангай дүүрэгт зохион байгууллаа.
Тус дадлага сургуулилтад мэргэжлийн чиг үүргийн дагуу НОБГ-ын хурандаа А.Дашням, Э.Эрдэнэбаатар, НЭМГ-ын мэргэжилтэн Ж.Энхцэцэг, Э.Навчаа, НЦГ-ын ахмад Н.Ганбаяр, дүүргийн онцгой комиссын дарга С.Эрдэнэбаяр тэргүүтэй гишүүд болон дүүргийн Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын тасаг, цагдаагийн тасаг, Нийслэлийн зоонозын өвчин судлалын төвийнхөн оролцлоо.

Энэ хүрээнд тарваган тахлын шинж тэмдэг илэрсэн үед авах арга хэмжээ, ариутгал халдваргүйжүүлэлт, эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр хоёр төрлийн сургуулилт хийсэн байна. Тухайлбал автомашинаар тарваганы мах тээвэрлэж яваа тохиолдлыг илрүүлсэн үед мэргэжлийн байгууллагуууд хэрхэн хамтарч ажиллах. Мөн гэр хороололд тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор өвчилсөн хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, мэргэжлийн байгууллагууд хөл хорио тогтоох, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах зэрэг тал дээр дадлага сургуулилт хийжээ.

Дадлага сургуулилтын төгсгөлд НОБГ-ын хурандаа А.Дашням, НЭМГ-ын мэргэжилтэн Ж.Энхцэцэг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч У.Жавхлант, НЦГ-ын ахмад Н.Ганбаяр нар мэргэжлийн заавар зөвлөмж, санал дүгнэлт өгч ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

​ Хэрэглэгчид дулааны шинэ шугамаа хүлээн авлаа

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Баянголын амны “Дулааны шугам”- нээлтийн үйл ажиллагаа 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар БХБЯ, ЭХЯ, хамтарч зохион байгуулсан НЗДТГ, Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газар, Барилга хөгжлийн төв ТӨААТҮГ, гүйцэтгэгч байгууллагууд “ДЦС-4” ТӨХК, “Меговатт” ХХК, “Тэргүүн инвест” ХХК , “Одконхолдинг” ХХК, “Монинжбар” ХК,”Альянс-Тех” ХХК, “Энергосервис монтаж ХХК, “Ти Си Ди” ХХК ажилласан юм.

Дулааны шинэ шугамын нээлтэд Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Эрчим хүчний яамны сайд П.Ганхүү, урилгаар УИХ-ийн гишүүн Б.Ундармаа, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Дэд бүтэц, гэр хороололын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, СХД-ийн засаг дарга Ж.Сандагсүрэн нар болон бусад албаны хүмүүс, захиалагч, ашиглагч, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч байгууллагын төлөөллүүд оролцов.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу СХД-ийн Баянголын амны орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан НИТХ-аар2012 онд баталсан.

Энэхүү ерөнхий төлөвлөгөөгөөр Сонгинохайрхан дүүргийн Баянголын амны 1-22 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах Улаанбаатар хотын баруун хэсэгт үйлдвэрийн бүсэд амралт зугаалга, зуслан, ногоон хэсэгт хамаарагдах Орбитоос Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан хүртэлх зам дагуу нийт 1200 га талбайн 450 га талбайд хотын төвлөрлийг сааруулж бие даан хөгжүүлэх зорилгоор тохилог орон сууцны хорооллууд, үйлдвэрлэл, үйлчилгээ, сургууль, цэцэрлэг зэрэг нийгэм, эдийн засгийн болон инженерийн дэд бүтэц, архитектур орон зайн цогц шийдэл бүхий хүн амыг ая тухтай эрүүл таатай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр үндсэн төлөвлөлт хийгдсэн байдаг.

Үүнд Баянголын аманд 75 600 хүн ам, 18000 айлын орон сууц, 18500 хүүхдийн сургууль, 4550 хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, худалдаа үйлчилгээний төв, бүхий соёлын төв, спорт цогцолборын барилга болон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг барилга байгууламжуудыг барихаар төлөвлөсөн юм.

Батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу 2012 оноос хойш тус нутаг дэвсгэрт тохилог орон сууцны хороолол, үйлдвэрлэл үйлчилгээ, сургууль цэцэрлэг, инженерийн шугам сүлжээ зэрэг маш олон бүтээн байгуулалт хийгдсэн.

Ерөнхий төлөвлөгөөгөөр 198 байршил дээр орон сууцны барилга байгууламж барихаар төлөвлөснөөр одоогийн байдлаар 174 байршил дээр барилга байгууламж баригдаж байна. Үүний нэг 5000 айлын орон сууц бүхий “Буман-Өлзий” хорооллын эхний ээлжийн 400 айлын орон сууцны барилга ашиглалтад орж төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдоод байна.

Эдгээр барилга байгууламжийг инженерийн шугам сүлжээний хангамж дэд бүтцийг Улсын төсвийн болон “Монгол Улсыг хөгжүүлэх” сангийн хөрөнгө оруулалтаар “Нийслэлийн шинэ хотхон, хорооллын инженерийн шугам сүлжээ” гэсэн төсөл арга хэмжээний хүрээнд 23,3 тэр бум төгрөгний санхүүжилтээр Баянголын амны дулаан хангамжийн шугам сүлжээний барилга угсралтын ажлыг 2012 оноос 4 үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн. Баянголын амны орон сууцны хороолол болон бусад обьектын дулаан хангамжинд 222 гкал/цаг дулаан зарцуулахаар төлөвлөгдсөн ба нийт 7.7 км дулааны шугамын угсралтын ажлыг хийж гүйцэтгэжээ.

Гэвч 2016 оны байдлаар хийгдсэн шугам сүлжээг тухайн үеийн нөхцөл байдлаас үүдэн томоохон хэрэглэгчгүйн улмаас барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаагүй, байнгын ажиллагаагүй байснаас болж эвдрэх, гэмтэх хүндрэлтэй асуудлууд гарсан аж. Ингээд 2017 оны 8 дугаар сард энэхүү шугамыг бүрэн ашиглалтад оруулахаар БХБЯ, ЭХЯ-ны сайдуудын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгууллагдан ажилласанаар шугамыг сэргээн засварлах ажлыг хийн одоо ашишлалтанд оруулан хэрэглэгчдийг төвлөрсөн дулаанд холболоо. Энэ хугацаанд шугамын сэргээн засварлахад голчлон гүйцэтгэсэн ДЦС-4-ийн хамт олон болон инженер Сампилноров ахлагчтай баг мөн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн тус шугамын томоохон хэрэглэгч Буман-Өлзий хорооллын гүйцэтгэгч ТиСиТи ХХК-ийн хамт олонд БХБЯ-ны зүгээс талархал илэрхийлж байна.

Түүнчлэн Баянголын амын хэрэглэгчдийг дулаанаар хангахаас гадна бусад инженерийн дэд бүтэцийг хамт шийдвэрлсэн болно. Үүнээс цахилгаан хангамжийн 10кВ-ын түгээх сүлжээнд 13.0 МВт орчим чадлын хэрэглээг хангах 10кВ-ын хуваарилах байгууламж 3 иж бүрдэл, 2*400 кВа чадалтай ТП 33 иж бүрдэл, 59.9 км урт 10кВ-ын кабель шугамын барилга угсралтын ажил бүрэн дууссан, төлөвлөгдөж байгаа барилгууд нийт 21362 м3/х цэвэр ус шаардагдах бөгөөд төвийн ус хангамжийн ф600 мм шугмаас насос станцаар өргөж 2*1500 хүчин чадалтай усан санруу ф300 мм 2 хос шугамаар хангахаар шугамын барилга угсралт хийгдэж нийт 11 ЦТП-д холболт хийгдсэн бөгөөд ф200-600мм-ийн голчтой 7.2 км урт ариутгах татуургын шугам барьж хотын төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбосон байна.

Энэ төсөл, инженерийн дэд бүтэц тэр дундаа дулааны шугам сүлжээ баригдсанаар СХД-ийн 1-22 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр байгаа аж ахуй нэгж байгууллага, айл өрхүүд инженерийн төвлөрсөн болон хэсэгчилсэн шугам сүлжээнд холбогдох боломж бүрдэж, иргэд эрүүл аюулгүй, ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлж улмаар хотын төвлөрөл, нягтралыг сааруулж, одоо байгаа халаалтын зуухны тоо эрс буурч, төвлөрсөн дулаанд холбогдсноор Улаанбаатар хотын утаа агаарын бохирдол багасаж, байгаль орчин, хөрсний бохирдол, цаашлаад дэлхийн дулаарлыг бууруулахад хувь нэмэр болох юм.

Categories
мэдээ нийгэм

​ Нийтийн тээврийн салбарт Варшав хоттой хамтран ажиллана

Хотын дарга С.Батболд тэргүүтэй нийслэлийн удирдлагууд энэ оны 3 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд Европын хотуудад айлчлал хийгээд ирсэн билээ. Энэхүү айлчлалын нэг зорилго нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2020 он хүртэл хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, Европын стандартыг Улаанбаатар хотод нутагшуулах ажлын хүрээнд Европын хотуудын удирдлагуудтай бодитой яриа хэлцэл хийх явдал байсан юм. Хотын даргын айлчлал Польшийн нийслэл Варшав хотоос эхэлж, Варшав хотын дарга хатагтай Ханна Гронкиэвич Валцтай уулзан хоёр хотын харилцааг шинэ шатанд гаргах хүсэлтээ илэрхийлсэн. Хотын даргын энэхүү хүсэлтийг Варшав хотын дарга уриалгахан хүлээн авч, бодит ажлуудыг хамтран хэрэгжүүлнэ гэдгээ амлаж байв.

Варшав хот нийтийн тээврийнхээ үйлчилгээ, хурд, чанарыг сайжруулах замаар авто машины түгжрэл болон түүнээс ялгарах хорт утаагаа багасгах тал дээр сүүлийн жилүүдэд маш амжилттай ажиллаж, бүс нутагтаа жишиг нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлж чадсан хот гэдгээрээ дэлхий нийтэд танигдаж чаджээ. Варшав хотын дарга хатагтай Ханна Гронкиэвич Валц Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тал дээр хамтран ажиллана гэдгээ ч айлчлалын үеэр мөн илэрхийлсэн.

Тэгвэл өнөөдөр хоёр хотын даргын айлчлалын үеэр хөндөгдсөн яриа хэлэлцээрүүд биеллээ олж Варшав хотын төлөөлөгчид Улаанбаатар хотод энэ сарын 20-23-ны өдрүүдэд айлчилж байна. Энэ удаагийн айлчлалд Варшав хотын тээврийн удирдах зөвлөлийн дарга Весвав Витек, Тээврийн газрын дарга Мэчисвав Рекснис, Тээврийн газрын хэлтсийн дарга Валдемар Ласек, Хууль эрх зүйн газрын дарга Мария Мотковска, Хууль эрх зүйн газрын орлогч Катажина Маяхжак, Хууль эрх зүйн газрын хэлтсийн дарга Роберт Скжеч нарын бүрэлдэхүүнтэй иржээ.

Варшав хотын төлөөлөгчид айлчлалын хүрээнд Нийслэлийн тээврийн газар, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйл ажиллагаа, “Улаанбаатар хотын багц дүрэм боловсруулах төсөл”-тэй танилцах юм байна. Мөн Варшав хотын Тээврийн газрын мэргэжилтнүүд Улаанбаатар хотын тээврийн газар, “Зорчигч тээврийн нэгдэл” ОНӨААТҮГ-т ирж туршлага солилцох хэлбэрээр хамтран ажиллах, Улаанбаатар хотын тээврийн мэргэжилтнүүдийг Варшав хотод урт, болон дунд хугацааны сургалтад хамруулах ажлуудыг айлчлалын үеэр шийдэх ажээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

​НИТХ-ын даргыг сонгох нууц санал хураалтаар санал тэнцжээ

НИТХ-ын шинэ даргыг нууц санал хураалтаар тодруулахаар болсон юм. 50+1 саналаар НИТХ-ын даргыг сонгохоор болж хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн билээ. Гэсэн ч санал хураалтын дүн гарахад төлөөлөгчдийн санал тэнцжээ. Нэр дэвшигчид тус бүр 22 санал авсан учраас МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан байна.

Д.Баярсайхан, С.Амарсайхан нарыг НИТХ-ийн шинэ даргад нэр дэвшүүлээд буй.

Нэр дэвшигч Д.Баярсайхан

1992 оноос хойш дүүрэг болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон.

НИТХ-ын тэргүүлэгч, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн даргаар ажилладаг.

Нэр дэвшигч С.Амарсайхан

НИТХ төлөөлөгч. “Оюуны Ундраа” группын ерөнхий захирлын албыг хашдаг.

Тэрбээр 1998-2000 онд АНУ-ын Бизнесийн Удирдлага, эрх зүйн дээд сургуулийг дүүргэсэн.

http://www.mfa.gov.mn/?p=41923#

Categories
мэдээ спорт

“Сарын шилдэг тамирчин”-ы анхны шагналыг Д.Сумъяа, П.Орхон нар хүртэнэ

Монголын үндэсний олимпийн хороо өнгөрсөн наймдугаар сараас эхлэн тодруулж буй “Сарын шилдэг тамирчин” шалгаруулалтын дүн гарч, ялагчаар Д.Сумъяа, П.Орхон нар тодорлоо.

Унгарын Будапешт хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-д түрүүлсэн “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяа болон Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон нар санал асуулгын дүнгээр сарын шилдэг тамирчид болов.

“Сарын шилдэг тамирчин” шалгаруулах олон нийтийн санал асуулгад нийт 1500 гаруй хөгжөөн дэмжигч оролцсон бөгөөд спортын чиглэлээр дагнан ажиллаж байгаа сэтгүүлчдийн саналтай нэгтгэж гаргасан дүн юм. Санал асуулгын дүнгээр өнгөрөгч сард төрсөн дэлхийн аваргууд манлайлж, анхны шилдгүүд болжээ.

Шалгаруулалтын дүн гарахтай зэрэгцэн Литвийн Клайпейда хотноо болж буй чөлөөт бөхийн армийн ДАШТ-ээс П.Орхон алтан медаль хүртэж, түрүүллээ. МҮОХ-ноос шилдгээр тодорсон тамирчдыг эх орондоо ирэхэд нь шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулах юм.

Тухайн сард Монголын спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг дүгнэх, амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, олимпийн хөдөлгөөн, спортыг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “Сарын шилдэг тамирчин” шалгаруулалтыг МҮОХ-ноос сар бүр явуулах болсон.

Есдүгээр сарын шилдэг тамирчин шалгаруулалтанд нэр дэвшигчид 10 дугаар сарын эхний долоо хоногт тодорхой болно. Санал асуулгын дүн 10 дугаар сарын гурав дахь долоо хоногт дуусч, шилдэг тамирчныг тодруулна.

Categories
мэдээ нийгэм

“Монгол Улсын гадаад сурталчилгаа – үндэсний соёл урлаг” хэлэлцүүлэг болов

Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийн хүрээнд “Монгол Улсын гадаад сурталчилгаа – Үндэсний соёл урлаг” сэдэвт ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд боллоо.

Хэлэлцүүлгийг ГХЯ, БСШУСЯ, Монголын гоо ертөнц нийгэмлэг болон соёл, урлагийн бусад байгууллагууд хамтран зохион байгуулсан ба хэлэлцүүлэгт урлаг, соёлын нэрт зүтгэлтнүүдээс гадна өнөө цагийн олон уран бүтээлчид оролцож, үндэсний соёл урлагаар дамжуулан Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулах асуудлаар санал бодлоо чөлөөтэй солилцлоо.

Хэлэлцүүлэгт оролцогсод Монгол Улсыг гадаадад эерэгээр сурталчлан таниулахад үндэсний соёл урлаг чухал үүрэгтэй болохыг тэмдэглэж, цаашдаа үндэсний урлаг, соёлыг дэлхийн түвшинд хүргэх, түүний ач холбогдлыг тодосгох асуудлаар өргөн хүрээнд санал солилцсон ба нийт хэлэлцүүлэгт оролцогсод үндэснийхээ соёл урлагаар дамжуулан Монгол Улсыг дэлхий нийтэд нэгдсэн бодлоготойгоор сурталчлах нь зүйтэйг онцоллоо.

Хэлэлцүүлгийн хүрээнд манай язгуур урлагийн гайхамшигт өв, уран бүтээлийн охь бүхнийг үлгэр туульсын баатруудаар амилуулан орчин үеийн бүжгээр холбон зохиомжилсон “Марал” мюзикл тоглолт 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт олон нийтэд нээлттэй тоглоно. Энэхүү тоглолтыг дэлхийн 40 гаруй оронд үндэсний урлаг, соёлоо сурталчлан тоглосон “Хан Богд” чуулгын уран бүтээлчид МУСТА Э.Ганхуягийн найруулгаар толилуулах юм.