Categories
мэдээ соёл-урлаг

Тувагийн алдарт “Ят-Ха” хамтлагийн тоглолт болно

“Ят-Ха” хамтлагийнхан Монголд анх удаа зохион байгуулах тоглолтынхоо талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ сарын 24 буюу ням гаригийн 19.00 цагт “On’Off Production Music House”-д болох энэхүү тоглолтыг Дэлхиийн хөөмийн холбоо санаачлан “On’Off Production” болон “Bro’s records”-той хамтран зохион байгуулж байгаа ажээ.

Фольк рок чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Ят-Ха” хамтлаг 1992 онд байгуулагдсан бөгөөд Тувагийн алдартай хамтлагийн нэг юм. Тус хамтлаг үндэсний язгуур урлагийг орчин үеийн этно, панк рок хэлбэрт оруулан тоглож олон улсад нэрд гарчээ. “Ят-Ха” хамтлаг тува, урианхай түмний уламжлалт язгуур урлагийг олон оронд хүргэхэд хамгийн их нөлөө үзүүлсэн байна. Тухайлбал тус хамтлагаас “Хун Хуур Тү”, “Алаш” зэрэг баруунд нэрд гарсан хамтлаг, уран бүтээлчид төрөн гарчээ.

“Ят-Ха” хамтлагийнхан 1990-ээд оны сүүл үеэс Европ болон бусад тивд аялан тоглож, алдарт  ”Irish” хамтлаг болон “Грэмми” шагналыг долоон удаа хүртэж байжээ. Мөн “The Chieftans” хамтлагтай Америкийн олон хотуудад уригдан тоглож байжээ. Түүнчлэн Алма-Атыд болдог “Voise of Asia” наадмы тусгай байр, “Rock-Pereteria” наадмын шилдэг хамтлагийн шагналыг хүртэж, OХУ-ын “Golden Music” наадмын шилдэг дуучны шагнал зэрэг олон нэр хүндтэй шагнал хүртжээ. Тус хамтлагийнхан одоогоор 14 цомог гаргасан байна.

Дэлхийн хөөмийн холбооноос монгол угсаатан, нүүдэлчин ард түмний язгуур урлаг, хөөмийг түгээн дэлгэрүүлэх, хөөмийн голомт Монгол Улсад тоглолтыг нь зохион байгуулахаар төсөл хэрэгжүүлж байгаа ажээ. “Ят-Ха” хамтлагийн Монголд хийх тоглолт уг төслийн нэг хэсэг гэдгийг тус холбооны тэргүүн, “Hosoo & TransMongolia” хамтлагийн ахлагч Д.Хосбаяр онцоллоо. “Ят-Ха” хамтлагийн тоглолтод манай улсын “Дэлхий” хамтлаг оролцож ая дуугаа өргөх юм байна. Ийнхүү эртний уламжлалт уриа дуудлага бөөгийн сүр хүч, хөөмий, икэл хөгжмийн уянга орчин цагийн рок хөгжимтэй хэрхэн хоршин уусахыг ням гаригийн орой сонсч, мэдрэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

“Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн Сүхбаатарын талбайд болно

“Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн болно

Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөр, Нийгэм эдийн засгийн 2017 оны зорилтын хүрээнд агаарын чанарыг сайжруулах бүсэд авч хэрэгжүүлж буй ажлаа олон нийтэд танилцуулах, өвлийн улирлын бэлтгэл ажил хангах зорилгоор “Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи ” үзэсгэлэн зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ энэ сарын 28-30-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох юм.

Жил бүр болдог энэхүү үзэсгэлэнд орчны бохирдлыг бууруулах байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, гэр болон байшингийн дулаалга, сэргээгдэх эрчим хүч, сайжруулсан болон био түлш, агаар цэвэршүүлэгч зэрэг бүтээгдэхүүнүүдийг оруулж ирдэг эсвэл зохион бүтээсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд оролцох боломжтой. Тиймээс уг үзэсгэлэнд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгуулага, иргэд саналаа нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газарт ирүүлнэ үү гэж нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Чопперчид хотоор парад хийж байна

Өнөөдөр талбай дээр чопперчид намрын хаалтаа хийж цугларав. Мотороо хүржигнүүлэн элдэв гоёл чимэг зүүсгэлээ гялалзуулан давхилдах сүрлэг чопперчин залуус нийслэлчүүд бидний хувьд харь үзэгдэл байхаа болиод удлаа. Өмнө нь хэсэг бүлгээрээ давхилддаг байсан бол тэд 5 жилийн өмнөөс холбоо болон өргөжиж 2 жилийн өмнөөс дэлхийд данстай MC club болсон гэнэ.

Түүнчлэн замын хөдөлгөөнд соёлтой оролцох, холбогдох дүрэм журмыг хэрэгжүүлэх зорилгоор 5 жилийн өмнөөс Замын цагдаагийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу чопперчид тусгай үнэмлэхтэй болж, хэн гэдэг ямар мотоциклчин явж байгааг нь энгэртээ өөрийн овог нэр, ар нуруундаа таних тэмдэг лого байрлуулсан хантааз зэргээр таньдаг болсон байна.

“Chinggis MC”мото клубын дэд тэргүүн Алекс хэлэхдээ “Энэ жилийн намрын хаалтанд 7 клубын 300 гаруй чопперчид оролцолоо. Бид үргэлжлүүлээд хотоор парад хийж явна. Хаалтын үйл ажиллагаанд Хятад, Оросоос хүмүүс ирж оролцож байгаагаараа онцлог болж байна.” гэв.

Categories
мэдээ нийгэм

Нарангаас Орбит хүртэлх замын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна

Нарангаас Орбит хүртэлх замын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо, Нарангаас Орбит хүртэлх 1.3 км авто замын ажил үргэлжилж байна.

Авто замын урт нь 1,3км, зорчих хэсгийн өргөн нь 7м, хоёр талаараа 1,5м өргөн явган хүний замтай, иж бүрэн гэрэлтүүлэгтэй байх юм.

Гүйцэтгэгчээр “Трүй Рөүд” ХХК шалгарсан бөгөөд 2017 оны зургадугаар сарын 27-оос 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр 1 407 971 748 төгрөгийн гэрээ байгуулжээ.

Өнөөдрийн байдлаар ажлын явц 55 хувийн гүйцэтгэлтэй байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Содномдорж арслангийн цолны мялаалга боллоо

ФОТО: Ц.Содномдорж арслангийн цолны мялаалга боллоо

Энэ жилийн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Ц.Содномдорж түрүүлж, Хөвсгөл нутгаас 10 жилийн дараа дахин арслан төрсөн билээ. Монгол Улсын арслан Ц.Содномдоржийн цолны мялаалга өнгөрсөн долдугаар сард түүний төрсөн нутаг Тосонцэнгэл суманд болсон бол өнгөрөгч пүрэв гарагт Улаанбаатар хотод боллоо.

Түүний цолны мялаалга ёслолд дархан аварга Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, аварга С.Мөнхбат нарын бөхчүүдээс гадна түүний гэр бүл, төрөл төрөгсөд, нутгийн зон олон нь өргөнөөр ирсэн байна.

Энэхүү ёслолд шинэхэн арслангаа Хөвсгөл нутгийн дөрөв дэх аварга болохыг ерөөж “Монос” группээс “King tower”-т дөрвөн өрөө байр, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Цэлмэг” хотонд гурван өрөө байр, “Инсада холдинг” компаниас гурван өрөө байр бэлэглэжээ.

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дадлага сургуулилт хийлээ

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дадлага сургуулилт хийлээНийслэл, дүүрэгт байгалийн голомтот болон мал амьтнаас хүнд дамждаг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах албадын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дадлага сургуулилт”-ыг энэ сарын 15-нд Багахангай дүүрэгт зохион байгууллаа.

Тус дадлага сургуулилтад мэргэжлийн чиг үүргийн дагуу НОБГ-ын хурандаа А.Дашням, Э.Эрдэнэбаатар, НЭМГ-ын мэргэжилтэн Ж.Энхцэцэг, Э.Навчаа, НЦГ-ын ахмад Н.Ганбаяр, дүүргийн онцгой комиссын дарга С.Эрдэнэбаяр тэргүүтэй гишүүд болон дүүргийн Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын тасаг, цагдаагийн тасаг, Нийслэлийн зоонозын өвчин судлалын төвийнхөн оролцлоо.

Энэ хүрээнд тарваган тахлын шинж тэмдэг илэрсэн үед авах арга хэмжээ, ариутгал халдваргүйжүүлэлт, эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр хоёр төрлийн сургуулилт хийсэн байна. Тухайлбал автомашинаар тарваганы мах тээвэрлэж яваа тохиолдлыг илрүүлсэн үед мэргэжлийн байгууллагуууд хэрхэн хамтарч ажиллах. Мөн гэр хороололд тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор өвчилсөн хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, мэргэжлийн байгууллагууд хөл хорио тогтоох, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах зэрэг тал дээр дадлага сургуулилт хийжээ.

Дадлага сургуулилтын төгсгөлд НОБГ-ын хурандаа А.Дашням, НЭМГ-ын мэргэжилтэн Ж.Энхцэцэг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч У.Жавхлант, НЦГ-ын ахмад Н.Ганбаяр нар мэргэжлийн заавар зөвлөмж, санал дүгнэлт өгч ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

Тарвага агнуурыг 3 жилийн хугацаатай хориглов

Тарвага агнуурыг 3 жилийн хугацаатай хоригловБайгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол тушаалаар ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд хориглолоо. Монгол Улсын нийгэм, эдийн засаг зах зээлийн тогтолцоонд шилжсэн 1990 оноос хойш тарваганы нөөц эрс хомстож, 15 сая орчим толгой байсан монгол тарвага 2001 оны судалгаагаар 5 сая болтлоо цөөрсөн гэх харамсалтай тоо баримт гарч байжээ. Улмаар 2005, 2006, 2014 онуудад Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нарын тушаалаар тарвага агнуурыг 3 жилийн хугацаагаар бүрэн хориглох арга хэмжээ авсан нь зарим аймагт хийсэн судалгаагаар тодорхой үр дүнгээ өгсөн байна. Устаж үгүй болсон нутагт тарвага цөөн тоогоор үзэгдэх, зарим газарт тоо толгой өсөж байгаа тухай мэдээллийг орон нутгаас ирүүлж байгаа юм. Түүнчлэн 2010 оноос тарвага сэргээн нутагшуулах ажлыг төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран идэвхтэй хийх болсон. Зөвхөн энэ онд Төв, Хэнтий аймгийн нутагт 200 орчим тарвагыг сэргээн нутагшуулсан нь үр дүнгээ өгч эхэлсэн талаар салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Хэдийгээр орон нутгийн удирдлагуудын зүгээс монгол тарваганы тоо толгой өссөн талаар мэдээлэл ирүүлэх болсон ч цаашид нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор агнуурыг хориглох арга хэмжээг бүх нутаг дэвсгэрт үргэлжлүүлэн авахаар шийдвэрлэлээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит бус чуулганаар Богд хан төмөр зам төслийг хэрэгжүүлэхээр боллоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭВ

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон эдгээр төсөлтэй холбогдуулан боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Мөн ирэх оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүд болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцлээ.

БОГД ХАН ТӨМӨР ЗАМ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Богдхан төмөр зам төслийг концессын “Зураг төсөл боловсруулах – барих – ашиглах – шилжүүлэх” нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ хүрээнд хотын дундуур дайран өнгөрч байгаа 35 км төмөр замыг ашиглан зорчигч тээврийн галт тэрэгний үйлчилгээ нэвтрүүлэх юм. Ингэснээр иргэд хотын нэг захаас нөгөө захад хүрэхэд 15 минут зарцуулж, энэ хэрээр замын түгжрэл багасна гэсэн судалгаа гарсан байна.

”Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2017 оны 70 дугаар тогтоол, УИХ-ын 2016 оны “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр батлах тухай” 71 дүгээр тогтоолд Богд хан төмөр замын төслийг хэрэгжүүлэх, барилгын ажлыг нь эхлүүлэх тухай заасан юм.

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫГ БАТЛАВ

“Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ыг хэлэлцэн баталлаа. Энэ хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Үндсэн чиглэлд тусган, улс, орон нутгийн төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, хандив, тусламжаар санхүүжүүлэхээр боллоо.

Бодлогод шинжлэх ухаан, технологийн салбар дахь оюуны болон материаллаг нөөцийг бүрэн ашиглах, бүтээлч, цогц үйл ажиллагааг хангах зорилт дэвшүүлсэн байна. Мөн тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, мэдлэгт суурилсан эдийн засгийн салбаруудыг өргөжүүлэн хөгжүүлэхэд шинжлэх ухааны үүрэг, оролцоог нэмэгдүүлэхийг зорьжээ.

Бодлогыг 2017-2020 он, 2021-2025 он гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Эхний шатанд энэ салбарын бодлого, хууль эрхзүйн орчин, бүтэц, удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгож, дэд бүтцийг нь сайжруулан, санхүүжилтийг нэмэгдүүлж, шинжлэх ухааны паркийн дэд бүтэц байгуулж эхэлнэ.

Хоёрдахь шатанд Дотоодын нийт бүтээгдэхүүнд шинжлэх ухаан, технологийн салбарын төсвийн санхүүжилтийн эзлэх хувийг зорилтот түвшинд хүргэж, салбарын чадавх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, эдийн засгийн хөгжлийн тулгуур хүчин зүйлсийн нэг болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Ахмад настнууд эмчийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж эхэллээ

“Олон улсын ахмадын өдөр”-ийг угтан Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар, дүүргийн Эрүүл мэндийн төв болон Ахмадын эмнэлгээс хамтран нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээг зохион байгуулж байна.

Тус дүүргийн 23 хороодын ахмад настнууд энэ сарын 21-нээс эхлэн ирэх аравдугаар сарын 03-ны хооронд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамрагдах боломжтой болжээ. Уг үзлэг, шинжилгээг долоо хоногийн мягмар, пүрэв гаригт зохион байгуулж буй бөгөөд энэ хүрээнд ХӨСҮТ-тэй хамтран элэгний В,С вирус илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулах юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Цэдэвдорж: Жолооч архи, согтууруулах ундаа хэрэглэнэ гэдэг хэзээ ч тэсэрч болох бөмбөг өвөртлөж яваа хүнтэй ялгаагүй

“Сайн ачлал” жолооны сургуулийн хууль, дүрмийн багш Ц.Цэдэвдоржтой ярилцлаа.


-Та хэдэн оны жолооч вэ. Тухайн үед жолооны сургалт ямар байсан бол. Ер нь Монголд жолооны сургалт анх хэдий үеэс эхэлсэн бэ?

-Би 1982 онд автомашин барьж сурсан хүн. Тухайн үед жолоонд гурван сар суралцаж, жолооны нэг, хоёрдугаар зэрэг олгодог байсан юм. Тэрнээс өмнө зургаан сар байлаа. Тэр үеийн сургалт, багш нарын заах аргазүй үнэхээр сайн байсан. Манай улсад анх хэдэн оноос жолооч бэлтгэж байсныг мэдэхгүй юм. Гэхдээ 1970-аад оны эхээр мэргэжлийн жолооч гэж бэлтгэж байсан санагдана.

-Таны үед жолооны сургалт гурван сар явагддаг байжээ. Харин одоо 45 хоног л сурч байна. Сургалтын хоног ингэж багассан нь жолоочийн мэдэх ёстой мэдлэг,чадвар дутуу олгогдох нь тодорхой байх…

-Мэдээж хэрэг сургалт дутуу явагдаж байгаа. Ер нь жолооч хүн гурван зүйл дээр өндөр хариуцлага хүлээж байдаг. Энэ нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө. Үүнийг одооны залуучууд, жолооч нар ойлгохгүй, ухамсарлахгүй байна. Мөн хувь хүний хариуцлага, ухамсар, соёл, тэвчээрээс их зүйл хамаарна. Тэгэхээр жолооч болох хүсэлтэй, сурч буй хүмүүс эдгээр ёс зүйг мөрдөх, баримтлах ёстой. Тэгэж байж жолооч хүн элдэв эрсдэлээс өөрийгөө болоод бусдыг хамгаалах боломж бий болно. Дээр үед жолооч гэдэг хамгийн өндөр боловсрол байлаа шүү дээ. Жолооч хүнийг монголчууд ихэд хүндэтгэж харьцдаг байсан. Харин одоо жолооч гэдэг мэргэжил биш болсон, энэ бол амьдралын энгийн хэрэглээ, бүгд л автомашин жолоодож чадна гэж ярих болжээ. Энэ бол нэг талаасаа маш буруу ойлголтыг нийгэмд төрүүлж байгаа хэрэг. Жолооч гэдэг мэргэжлийн үнэлэмжийг ингэж бууруулах нь маш сөрөг үр дагавартай. Бүгд л автомашин жолооддог, энэ бол энгийн л зүйл гэсэн сэтгэлээр жолооны ард суусан хүн хариуцлагатай байх, болгоомжтой байх гэдэг зүйлийг ойлгохгүй шүү дээ. Жолооч гэдэг амьдралын хамгийн нарийн мэргэжлүүдийн нэг гэж хэлмээр байна. Үүний цаана таны болон бусдын амь нас, амьдрал явж байгаа. Энэхүү боловсролыг л ойлгох, илүү сайн судалж, суралцаад цаг, минут бүр хариуцлагатай, болгоомжтой байх учиртай.

-Жолоочийн хэнэггүй зан, хууль, дүрмийн мэдлэггүйгээс шалтгаалж зам тээврийн осол аваарын тоо жилээс жилд нэмэгдсэн судалгаа бий. Жолооны багш хүний хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Сүүлийн үед жолоочийн нас залуужиж, унаж явах автомашин нь хурд, хүчтэй болсон. Үүнээс шалтгаалж зам тээврийн осол мэдэгдэхүйц нэмэгдэж байна. Мөн жолооны сургалтад сурч буй иргэд хууль, дүрмийн хичээлдээ анхаарахгүй, хэнэггүй ханддагаас болж хожим харамсах зүйлд хүрч байна. 45 хоног үлгэн салган ирж сурсан болоод л төгсөж байна. Энэ бол маш буруу үзэгдэл. Мөн практик мэдээлэл байхгүй байна. Үүнийг юу гэж ойлгох уу гэхээр зам тээврийн осол, аваарын мэдээ, мэдээллийг замын цагдаагийн газраас тогтмол өгдөг. Үүнийг суралцагчид мэдэж байх хэрэгтэй. Амьдрал дээр юунаас болж зам тээврийн осол гардаг вэ гэдгийг судалсан байх шаардлагатай. Манай улсад автозамын ослоор нас барсан хүний тоо Афганистаны дайнд амь үрэгдсэн хүний тооноос дутахааргүй байдаг гэж сонссон. Хэрэв энэ үнэн бол үндэсний ноцтой аюул шүү дээ. Энх цагт жил бүр ингэж олон хүн ухамсаргүй жолоочоос болж амь үрэгдэнэ гэдэг юутай гашуудалтай вэ.

-Гадуур жолооны курс, сургуулиуд их олон болсон. Жилд маш олон хүн жолооч болж байна. Ер нь манай улсын жолооны сургалт, стандарт ямар байдаг юм бол?

-Жолооны сургалт, стандартын хувьд суралцагчдад мэдлэг, дүрэм олгох гарын авлага, сурах бичиг хангалттай байдаг. Харин хууль, дүрмийн багш нарын хувьд дутмаг. Жолооны багшаар янз бүрийн мэргэжилтэй хүмүүс ажилладаг шүү дээ. Үүнээс мөн шалтгаалдаг болов уу гэж боддог. Ер нь жолооны багш хүн сэтгэл судлаач байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл жолооч болж буй хүний нас сэтгэхүйн онцлог гэж бий. Арваннаймтай залуу, тавь гарч нас тогтсон хүний сэтгэхүй, автомашин жолоодох арга барил өөр шүү дээ. Жолооны сургуульд нас насны хүмүүс ирж суралцдаг. Мөн их, дээд сургуульд жолооны багш бэлтгэдэг мэргэжлийн анги байхгүй байна. Энэ л их дутагдалтай байна даа. Одоогоор бол жолооны багш болох хүмүүс хэд хоногийн курст сууж, төгсдөг. Тэгээд л багш болно. Мөн жолооны хууль, дүрмийн болоод автомашин барьж сургадаг багш гэж хоёр хүн бий. Жолооны сургалтыг нэг багш биш хоёр багш заадаг.

-Авто ослын гол шалтгаан нь согтуу жолооч байдаг. Үүнээс үзэхэд жолооч хүнийг хэрхэн бэлдвэл зохих юм бол.

-Ер нь жолооч болохын тулд хувь хүний хариуцлага, тэвчээр, ёс суртахуун их чухал. Замын хөдөлгөөнд оролцож буй зарим жолооч хэдхэн секунд хүлээж чадаагүйгээсээ болж, эрсдэлд орж байна. Жолооч хүн тэвчээртэй, ухамсартай байх учиртай. Жолооч архи, согтууруулах ундаа хэрэглэнэ гэдэг хэзээ ч тэсэрч болох бөмбөг өвөртлөж яваа хүнтэй ялгаагүй юм. Өөрийнхөө амь нас амьдрал, бусдын эд хөрөнгөд асар их хохирол учруулж болзошгүй хүний ухамсаргүй үйлдэл шүү дээ. Жолооч хүн гартаа руль барихаас гадна өөрийн болон бусдын амь насыг атгаж явдаг. Үүнийг л жолооч нар үргэлж санаж, ухамсарлах хэрэгтэй. Хүн өвчин туссаныхаа дараа эмчлүүлэх биш тэрхүү өвчнийг тусахаас өмнө сэргийлэх нь чухал гэж эмч нар зөвлөдөг. Үүнтэй адил хэнэггүй зангаараа жолооны сургуульд сурч жолооч болоод өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахасаа өмнө ухамсарлах хэрэгтэй юм. Автомашин хөдөлгөөд явж л байвал өөрийгөө жолооч болчихлоо гэж битгий сана. Жолооч хүн хором бүр болгоомжтой зорчих учиртай.

-Хамгийн хайртай дотны хүмүүсээ суулгачихаад хөдөө орон нутгийн замд өндөр хурдтай явдаг. Энэхүү болгоомжгүй хэнэггүй зангаасаа болж өөрийн хайртай хүмүүсээ хохироодог шүү дээ.

-Хөдөө орон нутгийн замд ч гэлтгүй ер нь авто замын хөдөлгөөнд оролцож байгаа л бол замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдыг тохируулж, анхаарал болгоомжтой явах хэрэгтэй. Таны хажууд хэн ч суусан хүний амь нас гэдэг нөхөж баршгүй зүйл шүү дээ. Сагсуурч хөөрч, биенээсээ илүү гарахын тулд автомашин унаж байгаа бол жолооны ард бүү суу. Би суралцагч нартаа хэлдэг юм. Та бүхний болгоомжгүй нэг секундын үйлдлээс болж хүний амь нас эрсддэг шүү гэж. Тэгэхээр зарим хүмүүс муу ёр гэж хэлдэг. Энэ бол тийм биш шүү дээ. Жолоо барьж яваад хэдхэн хормын болгоомжгүй үйлдлээсээ болж шоронгийн хаалга татдаг шүү. Хатуу ч гэсэн үнэн үг. Тийм учраас жолооч нар болоод жолооч болох гэж буй хүмүүс өөрийн ухамсартай л байх учиртай. Амьдрал гэдэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Амьдрал энгийн үйлдэл, дадал зуршлаас шалтгаалж сайн, муу тал руугаа алга урвахын хооронд л эргэдэг жамтай.

-Сүүлийн үед жолоочид ноогдуулах хариуцлага, хууль дүрэм чангарсан. Зарим жолооч нар дүрмээ мэдэхгүйгээсээ болж бусдад ямар нэгэн байдлаар ашиглуулдаг. Цагдаа хүрч ирээд торгоно гэхээр зөвшөөрдөг. Яг ямар дүрэм зөрчөөд ямар хариуцлага хүлээж байгаагаа мэдэхгүй жолооч нар их ээ. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Энэ үнэн л дээ. Би хуульч хүн. Үүнтэй адил хэрэг дээр өмгөөлөгч хийж байлаа. Тухайлбал, чигээрээ буюу гол замаар явж буй жолоочийг туслах замаар явж буй жолооч хажуугаас нь мөргөчихөж. Ингээд цагдаа хүрч ирээд хэн хэнээс нь мэдүүлэг авсан байгаа юм. Тэгсэн яг буруутай этгээд нь мэдүүлгээ маш зөв, эмх цэгцтэй, тодорхой өгчээ. Бас бүх бурууг хохирогч этгээд рүү чихчихсэн байж. Харин хохирогч цагдаад мэдүүлэг өгөхдөө “Би тэр үед их айж сандарсан. Юу болсныг мэдэхгүй байна” гэсэн байгаа юм. Айж сандарсан гэдэг бол хүндэтгэн үзэх шалтгаан биш л дээ. Ингээд дүрэм мэдэхгүйгээсээ болоод өөртөө хамаг буруугаа татчихаж байгаа юм. Ийм хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаж хохирогчийн буруугүй гэдгийг шинжээчийн дүгнэлтээр нотлуулж байлаа.

Энэ бол надад тохиолдсон явдал. Хууль, дүрэм мэдэхгүйгээсээ болж хохирогч нь буруутан болж, буруутан нь зөвтөн болдог тохиолдол их л дээ. Тийм болохоор жолооч болох гэж буй иргэд маань жолооны хууль, дүрмийн хичээлээ маш сайн судалж, давтах хэрэгтэй. Сургалт арга зүйн хувьд Замын цагдаагийн газраас жолооны сургуулиудад нэгдсэн сургалт, семинарыг төрөл бүрийн мэргэжлийн багш нараар хичээл заалгаж, жолооны багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл шүүгч, цагдаа, эмнэлгийн байгууллагын мэргэжилтэн, сэтгэл судлаач багш гэх мэт мэргэжлийн хүмүүсээр сургалт явуулах нь зүйтэй гэж боддог.

Э.МӨНХТҮВШИН