Categories
мэдээ нийгэм

Онцгойгийнхон шүлхийн хорио цээр тогтоосон бүс нутагт ажиллаж байна

shulhiiУлсын онцгой комиссын хоёр ажлын хэсэг малын гоц халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа сумдад энэ сарын 18-наас ажиллаж буй юм. Тодруулбал, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуусан ажлын хэсэг Төв, Хэнтий, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймгийн сумдад ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар манай улсын 7 аймаг 10 сум, нийслэлийн хоёр дүүрэгт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Мөн малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутгаас малын туувар болон тээвэрлэлтийг хориглосон бөгөөд заавал үзлэг шинжилгээнд хамруулан нэвтрүүлж байна.

Үзлэг шинжилгээ, ариутгалд хамрагдалгүй тухайн бүс нутгаас гарсан малчинд нөхөн олговор олгохгүй байх юм. Түүнчлэн ОХУ-аас “Мал эрүүлжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжаар нийлүүлэгдэж буй хоёр дахь ээлжийн вакцин энэ сарын 28-нд ирэх ажээ.

Categories
мэдээ улс-төр

Ирэх сарын 2-нд УИХ-ын чуулганы нээлт болно

УИХ-ын Дэгийн тухай хуульд зааснаар намрын чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1-нд нээдэг. Намрын чуулганыг нээх өдөр ням гаригт таарч байгаа тул УИХ-ын намрын чуулганыг Ирэх сарын 2 буюу Даваа гаригт нээхээр болжээ.

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын хамгийн эхэнд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлах асуудал багтсан. Эрх барьж буй Монгол ардын нам шинэ Ерөнхий сайдаа ирэх даваа гаригт болох Бага хурлаараа тодруулах юм.

Чуулганы эхэнд мөн Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль, Төрөөс 2018 онд баримтлах Мөнгөний бодлого зэрэг томоохон хуулиудыг хэлэлцэнэ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөлд хорио цээрийн дэглэм тогтоов

shulhiiХөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Удган багийн малчин М-ийн гурван тугал халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч лабораторид шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь тогтоогджээ. Иймд тухайн өвчин гарсан газарт Эрдэнэбулган сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

Боом өвчний голомтод таван айлын 11 хүн, мянга гаруй мал байгаагаас 200 гаруйг нь вакцинжуулсан байна. Тус аймагт он гарсаар зургадугаар сард Мөрөн сум, Бүрэнтогтох суманд тус тус боом гарсан бол гурав дахь тохиолдол ийнхүү Эрдэнэбулган суманд бүртгэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс сэргийлэхийг зөвлөв

ЗурагАмьсгалын замын цочмог халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөмж хүргэж байна.

Хүйтний улирал эхэлж, сургууль цэцэрлэгийн цугларалт, хүмүүсийн хөл хөдөлгөөн, олон нийтийн газрын нягтрал нэмэгдэх тусам амьсгалын замын цочмог халдварт өвчин тархах нөхцөл бүрддэг. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрснээр өвчлөл, хүндрэл үүсгэдэг юм.

Өвчлөхөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл, дархлааг сайн байлгах явдал юм. Тиймээс аминдэмээр баялаг, чанартай хоол хүнс болон жимс, жимсгэний шүүсийг тогтмол хэрэглэх, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх, ажил амралтаа зөв зохицуулах, хангалттай амрах шаардлагатай.

Амьсгалын замын цочмог халдвар буюу томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрах. Томуугийн эсрэг дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетад очиж хийлгэх бүрэн боломжтой. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамарвал илүү ач холбогдолтой.

Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэн нөхцөлд малгай, ороолт, бээлий хэрэглэх, амны хаалт зүүх, гараа тогтмол савандаж сайн угаах, гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөөнд2 цаг тутамд цэвэр агаар оруулж, агаар сэлгэж байх, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх, амьсгалын замын цочмог халдварын шинж тэмдэг илэрвэл харьяа Өрхийн эрүүл мэндийн төвд хандаж, эмчид үзүүлэх, өвчилсөн тохиолдолд гэртээ байж эмчийн зөвлөсөн эмчилгээ, дэглэмийг мөрдөх хэрэгтэй.

Цэцэрлэг, сургуулийн багш, эмч нар болон эцэг, эхчүүд өвчтэй хүүхдийг аль болох гэрт нь тусгаарлан эмчлэх нь өвчний эдгэрэлтэнд сайнаар нөлөөлөхөөс гадна бусад хүүхдэд амьсгалын замын цочмог халдвартархахаас сэргийлэх ач холбогдолтой гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн чиглэлд гал түймэр унтраах, аврах анги 2018 онд ашиглалтанд орно

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор суурьшлын бүсүүдэд шинээр гал түймэр унтраах аврах ангиудыг байгуулж байна.

Тухайлбал нийслэлийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 19-р хороо Хуурай мухрын зуслангийн чиглэлд гал түймэр унтраах, аврах анги байгуулахаар барилгын ажлыг эхлүүлээд байна.

Барилгын ажлын гүйцэтгэлтэй нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Баттулга нар танилцлаа.

Жи Си Ай ХХК хариуцан барилгын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор гүйцэтгэл таван хувьтай явагдаж байгаа талаар хэлж байлаа.

Гал түймэр унтраах, аврах шинэ ангийн барилга нийт 2,7 тэрбум төгрөгийн өртөгөөр баригдаж 2018 оны IV улиралд ашиглалтанд орно гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

12345

Categories
мэдээ спорт

ОУХМ М.Анхцэцэг алтан медаль хүртэв

‘Ашгабат-2017’ Азийн танхимын болон тулааны спортын наадмын хүндийг өргөлтийн төрөлд өрсөлдсөн ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг аваргын алтан медаль хүртэв. Тэрбээр эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд оролцсон бөгөөд нийлбэр дүнгээр 235 кг өргөж, түрүүлсэн байна. Харин Узбекстаны тамирчин Отакузиева Омадой 231 кг, Японы Камияа Аюүми 224 кг өргөсөн амжилтаар мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.

Шагналыг Азийн олимпийн зөвлөлийн мэдээлэл статистикийн байнгын хорооны дарга, МҮОХ-ны ерөнхийлөгч, Монголын хүндийг өргөлтийн холбооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн гардуулав.

Туркменистан улсын нийслэл Ашгабат хотноо болж буй наадам есдүгээр сарын 27-нд өндөрлөнө. Монголын баг тамирчид энэ удаагийн наадамд туркмен уламжлалт барилдаан, кураш, бүстэй барилдаан, жюү жицү, самбо, биллиард, чөлөөт бөх, электрон спорт, хүндийг өргөлт, муайтай бокс, кикбокс, бүжиг, сагсан бөмбөгийн төрлүүдэд оролцож байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Х.Баттулга: Бид хүнсний ногоогоо гадаадаас авалгүй дотооддоо бүгдийг 100 хувь хангаж, мөн экспортод гаргах бүрэн боломжтой улс орон

presidentМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүнсний хэрэглээгээ дотоодоосоо 100 хувь хангадаг болох зорилт дэвшүүлж, Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ 9 дүгээр сарын 12-ны өдөр Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулганыг зохион байгуулсан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Мишээл экспо төвд “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриан дор зохион байгуулагдаж буй “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд зочилж, үндэсний хүнс үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг үзэж сонирхон, нийслэлчүүддээ дотоодынхоо хүнс, төмс, хүнсний ногоо, зөгийн бал, жимс жимсгэнийг хэрэглэхийг уриалж, худалдан авалт хийсэн юм.

Төрийн тэргүүн “Хос ивээл” компанийн хиам, боловсруулсан махан бүтээгдэхүүн, “Мөрөн хүнс” компанийн даршилсан ногоо, үхрийн хатааж нунтагласан мах, Төв аймгийн Зуунмод сумын “Атрын шим” компанийн хүнсний ногоо, Хөвсгөлийн “Их тайга” компанийн эмийн ургамлаар үйлдвэрлэсэн цай, эрүүл мэндийн цуврал бүтээгдэхүүн, “Топиус” компанийн эмийн ургамлын бэлдмэлүүд, “Өв сүү” хоршооны цагаан идээ, нийслэлийн зарим иргэдийн хашаандаа ургуулж буй хүнсний ногоо, модны суулгац, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн П.Дашбазарын сур элдэж хийсэн хазаар, ногт, суран эдлэл зэрэг олон үйлдвэрлэгчдийн хийж бүтээсэн, ургуулж тариалсан, малын ашиг шимээс гарган авсан бүтээгдэхүүнүүдтэй танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үүний дараа сэтгүүлчдэд өгсөн товч ярилцлагадаа “Монгол орон бол газар нутаг томтой, сайхан эрүүл хөрстэй. Бид хүнсний ногоогоо гадаадаас авалгүй дотооддоо бүгдийг 100 хувь хангаж, мөн экспортод гаргах бүрэн боломжтой улс орон.

Би Монгол Улсын Ерөнхийлөгч болоод анхны үндэсний хэмжээний чуулганаа Хүнсний аюулгүй байдлын сэдвээр хийсэн. Үүнийг хүнсчид маань дэмжиж, энэ бол зөв бодлого гэж ам сайтай байна. Би Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа хүлэмжийн аж ахуй хөгжүүлэхэд зориулсан зээлийг нэлээд олон аж ахуйн нэгжид олгосон. Түүний үр дүн эхнээсээ гарч эхэлж байна. Харамсалтай нь зээлийн хугацаа их богино, гуравхан жил гаруй байгаа. Хүлэмж, зоорьт зориулсан зээлийг удаан хугацаагаар өгөх юм бол бид энэ сайхан эрүүл хөрсөн дээр дотоодын зах зээлээ хангаж, гадагш хүнсний ногоо экспортлох бүрэн боломжтой.

Өнөөдөр би “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэнг зориуд зорьж ирж шинэ ургацын ногоо, хүнсний бусад зүйлтэй танилцлаа. Хүнс бол эмзэг асуудал. Хүнс, хүнсний ногоогоо дотооддоо үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ хангах нь аюулгүй байдлын бодлоготой уялдах ёстой” гэлээ.

“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг 2006 оноос уламжлал болгон зохион байгуулж, энэ жил 12 дахь намартайгаа золгож байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон ХХААХҮЯ, Нийслэлийн ЗДТГ-ын зарим ажилтнууд ажиллав.

president

president

president

Categories
мэдээ цаг-үе

Б.Баярмаа: Би жаран Ерөнхийлөгч бэлтгэж байна гэж бодох учиртай. Ерөнхийлөгчийг бэлтгэж байгаа хүн өөрийгөө ч хөгжүүлэх хэрэгтэй болно

Буянтогтохын Баярмаа. Ховд их сургуульд сэтгэл судлалын багшаар таван жил ажиллаад, Төв Хятадын Багшийн их сургуульд Засгийн газрын тэтгэлэгээр сэтгэл судлалын чиглэлээр докторантурт суралцаж буй. Тэрбээр МУБИСийн Сэтгэл судлалын анги төгссөн. Ховдын Мөст сумынх. Түүнийг “Багш” буландаа урилаа.


-Яаж багш болсон бэ. Хүүхэд байхдаа ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байв?

-Хүүхэд байхдаа сэтгүүлч болохыг хүсч байлаа. Есдүгээр ангидаа “Өндөр босго” гэж жүжгийн уралдаанд оролцоод, түрүүлсэн юм. “Мөнгөгүй сурагчийн дүн“ гэсэн нийтлэл бичсэн юм л даа. Тэр нь “Манай багш нэг удаа реферат бич гэсэн даалгавар өглөө. Би компьютер байхгүй, гараар бичээд өгсөн чинь 70 оноо аваад, бусад хүүхдүүд компьютерээр бичээд 99, 100 авлаа” гэсэн утгатай. Түүндээ Мэдээлэл зүйн багшийнхаа нэрийг биччихсэн. Тэрнээсээ болоод “Сургуулийн нэр хүнд унагаасан” гэгдээд, сүүлдээ сургуулиа солиход хүрсэн юм. Тэр үед багш нарын зүгээс нэг хэсэг нь дургүйцэх хандлагатай болчихсон байлаа. Энэ үеэс л хүүхдэд тусалдаг, хэцүү байдалд орсон үед нь хүнийг босгож ирдэг мэргэжил эзэмшье гэж бодох болсон. Аравдугаар ангидаа “Найрамдал” зуслангийн Харшийн сүлд модны наадамд ирэхдээ сэтгэл зүйч мэргэжил байдгийг мэдэж авсан даа. Тэр жилдээ конкурсдэж энэ мэргэжлийг сонгосон юм.

-Хүүхдэд ирж болох дарамт багш, орчны нөлөө хүүхдэд яаж тусдагийг биеэрээ мэдэрсэн байх нь?

-Тийм. Анх Ховд их сургуулийн багш болоход Ж.Ванчинхүү захирал надаас “Чиний амьдралын эцсийн карьер юу вэ” гэж асууж байсан. “Монголын номер нэг хүүхдийн сэтгэл зүйч болох” гэж хариулж байлаа.

-Хөдөө багшлахаар очиход ямар мэдрэмж төрсөн бэ?

-Эхэндээ баруун бүсэд бараг л цөлөгдөж байгаа юм шиг санагдсан. Гэвч баруун бүс угсаатны соёлын маш том төв юм билээ. Очоод багшлахаасаа өмнө зүү ороох, уран хатгамлын чиглэлээр сургалт явуулдаг Одонтуяа гэж эмчтэй танилцаад, сумдад ажилгүй байгаа эмэгтэйчүүдэд халамжийн сургалт хийж эхэлсэн юм. Зүү ороох оёдлын сургалт хийж явахдаа эхэндээ чухал гэдгийг ойлгоогүй. Дараа нь зүү ороох оёдол маш нарийн шинжлэх ухааны үндэстэй юм байна гэдгийг ойлгосон. Тухайн үедээ хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд сэтгэл заслын зөвлөгөө өгөх хүний эрхийн байгууллагатай хамтарсан төсөлд сэтгэл зүйчээр оролцсон юм. Улаан загалмай нийгэмлэгтэй хамтарсан, хүний эрхийн төсөл байсан. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд заслын зөвлөгөө өгөх ажил хийв. Даалинг зүү ороож оёвол зарах боломжтой. Тэр хүмүүсийг тодорхой хэмжээгээр орлогын эх үүсвэртэй болгох үүднээс зүү ороох оёдлоор даалин оёулж эхэлсэн. Гэтэл хүчирхийллийн дарамтын түвшин асар их буурсан дүн гарсан. Зүү ороох оёдол хийсний дараа түгшүүрийн түвшин маш богино хугацаанд үр дүнтэйгээр бууж байгаа нь ажиглагдсан. Үүнийг мэдрээд, зүү ороох оёдол маш үнэ цэнтэй заслын техник юм байна гэдгийг ойлгосон. Монгол сэтгэл судлаачдаас гаргасан сэтгэл заслын техник байдаггүй. Уламжлалт зүү ороох оёдол нь сэтгэл заслын том техник юм байна. Нэг мм урагшаа яваад, нэг мм хойшоо явдаг. Ардын дууны Алигэрмаа яаж арван хэдэн жил хугацаагүй цэргийн албанд явсан нөхрөө хүлээсэн юм бол гэж би гайхдаг байлаа. Зүү ороох оёдол хүний сэтгэлийн хөдөлгөөнийг барьдаг. Зоригийн чанарыг дээшлүүлдэг шинжлэх ухааны үндэстэй зүйл гэдгийг анзаарлаа.

-Өвчтөнүүд, хоригдлуудаар зураг зуруулах, хөгжим сонсгох гээд урлагийг анагаах ухаанд ашигладаг юм билээ. Монголын нөхцөлд зүү ороох оёдлыг санал болгож байгаа юм байна?

-Монголын уламжлалт зүү ороох оёдол нь цор ганц, давтагдашгүй. Энэ бол дэлхийн хэмжээнд гарах боломжтой заслын техник. Төв Хятадын Багшийн их сургуульд сурах хугацаандаа эмчилгээний урлагийн чиглэлээр зүү ороох оёдлоо улам илүү судлах зорилготой байгаа.

-Зүү ороох засал гэхээр эмэгтэйчүүдэд илүү хамаатай болоод явчихав уу даа. Харин та хулгай хийдэг хүүхдүүдтэй ажиллаж, муу зуршлыг нь бас зассан гэсэн үү?

-Хулгай хийдэг хүүхдүүдээр зураг зуруулж оношлоод, дараа нь ярилцлага хийнэ. Хулгай хийдэг хүүхдийг хөдөлмөрөөр дамжуулж засдаг. Зургаан сарын хугацаанд тэр хүүхдэд даалгавар өгнө. Хулгайч хүүхэд гэдэг үүднээс хандаж болохгүй. Хүүхдэд ганцхан буруу зуршил байна. Түүнийг нь засах юм. Сайн талыг нь илрүүлээд, хүүхдэд итгүүлж үнэмшүүлэх, сэтгэл зүйн маш олон техникүүд байдаг л даа. Нэг муу зан чанараа өгөөд, нэг сайн зан чанар авдаг тоглоомын аргууд, бусад аргуудаар дамжуулаад засна. Сайн зан чанар худалдаж авсан бол ангидаа сайн үйл хийх учиртай. Сайн үйл хийснийх нь дараа багш ангийнхных нь өмнө магтах, нийгэмшүүлэх, хамт олноор засах аргууд бий. Хүүхдэд итгэл хүлээлгэх, эцэг эх, багш нь хүүхдийг хайрлах ёстой. Хичнээн муу хүүхэд байсан ч багш хайрлаж, халамжлаад, итгэл хүлээлгэхэд муу зан чанарууд нь засагдах боломжтой гэдгийг л олж харсан.

-Асуудалтай хүүхэд гэцгээдэг. Гэтэл эцэг эх нь багшаас илүү хүүхдэдээ нөлөөлнө шүү дээ?

-Хүүхдэд ирж байгаа нөлөөллийн ихэнх хувь нь гэр бүлийн орчноос хамаарна. Хүүхдийг бага насанд нь зодож шийтгэхээс маш олон зүйл хамаарч байгаа. Тамхи татдаг, хулгай хийгээд байгаа хүүхдүүдийн дотоодод үүссэн сэтгэцийн гэмтэл гэж байдаг. Тэр зүйл нь зайлшгүй засагдах ёстой. Хүүхдийг ямар нэг байдлаар уйлуулах, яриулах, гадагшлуулах техникүүд ашигладаг. Эцэг эхийн зүгээс аль болох анхаарах зүйлсийг бас хэлж өгдөг. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдардаг. Гэтэл эцэг, эхийг нь засах боломжгүй учраас хүүхэд эцэг эхээсээ яаж өөрийгөө хамгаалах вэ гэдэг талаар ч зөвлөдөг.

-Тэр нь юу байх вэ?

-Хүүхдийн дотоодод дархлаа суулгахыг хүсдэг. Жишээлбэл хөзрийн аргаар тоглоом тоглоно. Маш олон дайснууд чамайг бүслэнэ, янз бүрээр хэлнэ. Чамайг хүн муу хэлэхэд чи яах вэ гэх мэтээр эхлээд тоглоомын аргаар сургана. Дараа нь “Сая баахан дайснуудтай тулалдаад ялж гарсан шигээ эцэг эхээс ирдэг муу үгнүүдийг (муу сурдаг, чи юу ч чаддаггүй гэх мэт) яаж гадагшлуулж гаргах вэ гэдгийг хүүхдэд хэлж өгдөг.

-Эцэг эхчүүд тэвчээр алдарч, хүүхдэдээ гар хүрэх үе байдаг. Хүсээгүй мөртлөө хүүхдээ дарамтанд оруулчихдаг. Амьдралд учирч байгаа дарамтуудыг тэсч гарахыг хэрхэн сургах вэ?

-Амьдралд сайн, муу зүйл тохиолдоно. Гэхдээ тэр сайн мууг тэсэх чадварыг хүүхдийн дотоод дархлаа болгож үлдээх ёстой. Одоо аав, ээж нь 20 мянган төгрөг өгөөгүйгээс болоод ч юм уу, нийллэгт оруулсангүй гээд амиа хорлох тохиолдол байна. Ийм байж болохгүй. Амьдралд маш олон саад бэрхшээл тохиолдоно. Чи бол ийм хүн. Тийм учраас чи давж гарах ёстой гэсэн дотоод итгэл үнэмшил суулгах ёстой. Монгол хүүхдийг хэт эрхлүүлж болмооргүй санагддаг. Хэт эрхлүүлэх, энхрийлэх, эсвэл үл хайхрах нь хүүхдийг сайн зүйлд хүргэхгүй. Заримдаа томчууд “Энэ бол хүүхэд, юу ч ойлгохгүй” гэж бодоод “Чи энийг хий” гэж тушаадаг. Энэ байр сууринаасаа томчууд буух учиртай. Хүүхэд өөрөө бие даасан статустай болж яваа. Тэр хүнд ээж, аавын зүгээс адил тэгш байр сууринаас хандах учиртай. Хүүхэд өөрөө тодорхой хэмжээгээр сонголт хийх эрхтэй, өөрөө шийдвэр гаргах боломжуудыг бий болгох ёстой. Мэргэжил сонгоход “Ээж аав ингэж хэлсэн учраас” гээд хүүхдүүд их дагадаг. Ийм хүүхэд амьдралд шийдвэр гаргахдаа бусдын үгээр явдаг, өөрийнхөөрөө байж чаддаггүй хүн болж өсдөг. “Боловсрол муу байна” гэж сургууль, багш нарыг шүүмжилдэг. Боловсрол гэрт явж байх ёстой. Тодорхой хэмжээний мөнгө хүүхдэдээ өгч байх хэрэгтэй. Хүүхэд худалдан авалт хийж байж суралцана. Хүүхэд алдаж болно. Хүүхдийг алдаа болгон дээр нь загнадаг чичилдэг. Болохгүй гэж хориглодог байж таарахгүй. Хүүхэд алдаа гаргах боломжийг ээж, аав олгох ёстой. Насанд хүрч ээж ааваасаа холдсоны дараа алдаа гаргаж үзээгүй хүүхэд илүү том алдах эрсдэлтэй байдаг.

-Хөдөө стрессгүй орчин гэцгээдэг. Гэтэл гэмт хэргийн мэдээлэл харахад хөдөө хүүхэд маш олон хэргийн хохирогч болсон байх юм?

-Цагдаагийн газартай хамтраад хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд, хулгайн хэрэгт холбогдсон хүүхдүүдтэй ажилласан. Норвегийн хүүхэд хөгжлийн төслөөр сумдаар яваад, дотуур байрны хүүхдүүдээр зураг зуруулж авахад гэр бүлд нь хүчирхийлэл байна уу гэдэг зурагт гарч ирдэг. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн нөхцөлд ч хүүхэд гадагшлуулж хэлж чаддаггүй. Хүүхдэд өөрт нь өөрийгөө яаж хамгаалах, хүн хүрч болдоггүй хил хязгаар гэж байдгийг ээж, аавууд сайн зааж өгөх хэрэгтэй. Хөдөө хүүхдэдээ анхаараад байдаггүй, ойр тойрны хүмүүстээ итгэл хүлээлгэдэг. Гэтэл бэлгийн хүчирхийлэл ойр дотнын хүмүүсээс ирэх нь бий.

-Бага ангийн багш нар маш их ачаалалтай ажиллаж байна. Олон хүүхдэд хүртэхгүй гээд асуудал их бий. Гэсэн ч бодит байдлыг яаж хүлээж авсан нь дээр вэ?

-Хүүхдийн сайн тал нь юу байна түүгээр нь дамжуулж засах хөгжүүлэх учиртай. Уураа бусдад гаргахгүй, хаалганы цаана үлдээж чаддаг байх ёстой. Олон хүүхэд хэцүү, дарамттай байна гэдэг сэтгэл зүйгээсээ гарах хэрэгтэй. Завгүй, заримдаа мөнгөгүй үе байна. Гэсэн ч би жаран ерөнхийлөгч бэлтгэж байна гэж бодох учиртай. Ерөнхийлөгчийг бэлтгэж байгаа хүн ямар байх ёстой вэ, өөрийгөө ч хөгжүүлэх учиртай. Би тэгж л боддог.

-Сэтгэлээс чинь гардаггүй хүүхэд байдаг уу?

-Бага ангийн нэг хүү ангийнхаа хүүхдүүдийн балыг хугалж, хувин руу хийгээд байжээ. Ангийн багш нь загнаад, бусад багш нарт хэлж, хорлон сүйтгэгч гэж чичилсэн. Тэр хүүхэдтэй намайг уулзаач гэсэн юм. Хүүгээр зураг зуруулаад зургаар оношлосон. Хүүгийн ээж, аав салсан байсан. Тэгээд хүүхдүүд ээж, аав гээд ярихаар ээж, ааваа ярьж байгаа хүүхдүүдийн балыг л хугалж хаяад байж. Ээж аавтайгаа хамт байгаа хүүхдүүдэд нэг талаар атаархаж, нөгөө талаар өөрийнхөө дутуу дулимаг байдлыг маш ихээр мэдэрч байгаа учраас тэрийгээ гадагшлуулах арга нь буруу байсан. Багш хүүхдүүдийн өмнө сурагчаа шийтгэнэ гэдэг буруу. Хэзээ ч багш хүн хүүхдийн алдааг олон хүүхдийн өмнө зарлаж байгаад шийтгэж болохгүй. Үнэхээр шийтгэх гэж байгаа бол өөрт нь хэлээд “Ингэж болохгүй шүү, чамд ийм сайн тал байна, энэ чинь болохгүй байна” гэж ойлгуулах ёстой.

-Бал хугалж байгаа үйлдэлтэй нь тэмцэх биш энэ хүүхдийн ямар нэг юм болохгүй байна гэсэн дохио гэж хүлээж авсан нь дээр юм байна?

-Тийм. Илэрхийлж гаргаж байгаа хэлбэр нь л тэр. Хүүхдийн алдааг дөвийлгөх, шийтгэх, чичлэхээс татгалзах хэрэгтэй. Ээж аавууд хүүхдээ алдаа гаргахаар зоддог, цохиод авдаг. Үүнийгээ болих ёстой. Хүүхдийн сэтгэцэд гэмтэл учруулдаг. Дотоодод бий болсон би чадна, бүтээнэ гэсэн итгэлийг нураадаг.


Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн аваргын хүрэл медальт Г.ОДБАЯР: “Тамирчин хүнд амжилтын шунал хэрэгтэй” гэсэн Н.Түвшинбаяр аваргын үг үргэлж бодогддог

Дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсгаж, алтан соёмбот төрийнхөө далбааг мандуулсан алдарт тамирчид, дасгалжуулагчдыг өчигдөр БСШУСЯ-ны удирдлагууд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний үеэр нийт тамирчин, дасгалжуулагчдад талархлын өргөмжлөл болоод Монголын түүхийн номыг дурсгал болгон гардуулан өгөв. Энэ үеэр “Будапешт-2017” жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, олон улсын хэмжээний мастер Г.Одбаяртай ярилцлаа.


-Юуны өмнө дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Энэ жилийн ДАШТ-нд манай улсын баг, тамирчид ганзага дүүрэн буцаж ирлээ шүү дээ?

-Энэ жилийн дэлхийн аваргад оролцсон манай улсын жүдо, чөлөөт, боксын тамирчид үнэхээр амжилттай оролцлоо. Тамирчдын бэлтгэл сургуулилт маш сайн хангагдсан нь харагдаж байсан. Дэлхийн аваргаас медаль хүртсэн баг, тамирчид, дасгалжуулагчдыг өнөөдөр (өчигдөр) Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын сайд хүлээн авч уулзлаа. Тамирчдын хамтын амжилтыг төр засаг маань өндрөөр үнэлж, үргэлж тусалж дэмждэгт талархаж байна.

-Таны хувьд өмнө нь Ази тивийн аварга шалгаруулах болоод бүсийн томоохон тэмцээн уралдаанд оролцож, чамгүй амжилт гаргаж байсан…

-Тивийн аварга шалгаруулах тэмцээнд хэд хэдэн удаа оролцож, медаль хүртэж байсан. 2014 онд Солонгост болсон жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байлаа. Манай улсын иргэд хамгийн их байдаг Солонгосын татамид барилдахад сэтгэл зүйн хувьд илүү байсан. Ер нь тамирчин хүнд хөгжөөн дэмжигчдийн уухай хамгийн их хүч оруулдаг гэж боддог.

-Жүдо бөхийн спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

-Хүүхэд байхын л үеийнхэнтэйгээ ноцолдож, хувцас хунараа урж явлаа. Би чинь хотын унаган хүүхэд шүү дээ. Багаасаа л бөхийн спортод хорхойсож, сонирхож эхэлсэн л дээ. Сурагч байхдаа ч анги дотроо хөвгүүдтэйгээ ноцолдож, бооцоотой хоорондоо барилддаг байв. Ингэж явсаар 2003 оноос жүдо бөхөөр түлхүү суралцаж, хичээллэж эхэлсэн юм. Улмаар “Женко” клубт анх очиж Энхбаяр, Цэвэлмаа багшийн удирдлага дор хичээллэж эхэлсэн дээ. Энэ дашрамд багш нартаа Монголын жүдо бөхийн холбоо, шигшээ багийн хамт олон, гэр бүлийнхэндээ баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг алдахгүйг хичээнэ гэдгээ хэлмээр байна.

-Мэдээж хэрэг монгол эр хүн бүр багаасаа барилдаж, ноцолдож өсдөг байх. Мөн бөхийн олон төрөл бий. Яагаад заавал жүдо бөхийг сонгон хичээллэж эхэлсэн юм бэ?

-Бөхийн спорт гэдэг өөрөө хүний бие болоод сэтгэлийг төлөвшүүлж, асар их тэвчээр хатуужлыг суулгаж өгдөг болов уу гэж боддог. Би анх чөлөөт бөхөөр бэлтгэл сургуулилт хийдэг байсан. Жүдо, чөлөөт, үндэс гээд бөхийн спорт л юм чинь ялгаа юу байхав гэж бодоод жүдо бөхөөр тууштай хичээллэж эхэлсэн. Татами дээр цагаан, цэнхэр өмсгөлтэй бөхчүүд сүр сар хийтэл нэгнийгээ үүрч байхыг хараад л жүдо бөхөөр хичээллэх хүсэл төрсөн дөө. Жүдо бөхийн барилдаан, уран мэх хийж учраа бөхөө цэвэр ялах гээд энэ спортод дурлах шалтгаан их ээ. Манай багш нар “Чи жүдогоор явбал их ирээдүйтэй бөх болно” гэж хэлж билээ. Багш нарынхаа зөвлөснөөр энэ спортоор хичээллэж эхэлсэн гэж хэлж болно. Миний хувийн сонирхол ч байсан. Хүн сонирхсон зүйлдээ илүү их амжилт гаргадаг шүү дээ.

-Тэгэлгүй яахав. Хүн сонгосон мэргэжил, спортдоо сонирхолтой, сэтгэл зүрхтэй байж гэмээнэ амжилтын үзүүрээс атгана. Нөгөө талаараа амжилтын оргилд хүрэх зам тийм ч дардан биш шүү дээ. Тэр ч утгаараа шантрах, урам хугарах тохиолдол цөөнгүй байсан болов уу. Тэр үед та юунаас зориг, сэтгэлийн хүчийг авч татами дээр итгэл дүүрэн гардаг вэ?

-Хүний амьдралд алдаа, оноо, сэтгэлийн тэвчээр шалгасан тохиолдол их л дээ. Спорт тэр дундаа бөхийн спорт гэдэг бэлтгэл сургуулилтаасаа эхлээд л шантрах зүйл их шүү. Хатуу, ширүүн бэлтгэлийн үеэр шантарч буцах хүмүүс ч байна. Би үүнийг тэвчээд, амжилт гаргахын төлөө, эх орныхоо нэрийг дуурсгахын төлөө, ард түмэн, гэр бүл, найз нөхөд, ачит багш нарынхаа итгэлийг алдахгүйн төлөө шүд зуугаад ард нь гарах болно гэсэн сэтгэлийн асар их тэвчээртэй бөхчүүд ч бий. Тамирчин хүний амжилтын ард бүхэл бүтэн улсын нэр хүнд гэж бий. Анх жүдо бөхөөр хичээллэж, бэлтгэл сургуулилт хийж байх даа ер нь бөх болох хэрэг ч байна уу даа гэж бодох үе байсан. Гэхдээ өөрийн хүсэл, зорилго, тэмүүллээ хүн хэзээ ч орхиж болохгүй юм шиг санагддаг. Надад урам зориг, сэтгэлийн дэм өгдөг хүмүүс их ээ. Багш нар, гэр бүл, найзууд гээд бүгд л надад итгэж, миний захыг мушгиж суудаг. Энэ их итгэл надад юунаас ч илүү урам зориг өгдөг.

-Азийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальтан боллоо. Таны дараагийн зорилго юу вэ?

-Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр ах “Тамирчин хүнд амжилтын шунал байх хэрэгтэй” хэмээн хэлсэн удаатай. Би энэ үгийг үргэлж боддог. Тийм болохоор өдгөө гаргасан амжилтынхаа буухиаг таслахгүй дараа, дараагийн тэмцээн уралдаанд амжилт гаргахын төлөө хичээх болно. Миний хамгийн том зорилго бол дэлхийн медалиа олимпийн медальтай хослуулах. Үүнийхээ төлөө тууштай бэлтгэл сургуулилт хийж, ард түмэн, ачит багш нарынхаа итгэлийг алдахгүйн тулд хичээх болно.

С.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Солонгосын хойгийг хямралаас гаргахад Хятадын оролцоо чухал

Пхеньян сүүлийн саруудад хэд хэдэн удаа баллистик пуужин хөөргөснөөс Солонгосын хойгийн байдал хурцадсан билээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл сүүлийн нэг сарын хугацаанд гурван ч удаа яаралтай хуралдаж БНАСАУ-ын эсрэг тавьсан хоригийг улам чангатгах шийдвэр гаргалаа. Харин ОХУ зэрэг орнууд энэ шийдвэр тус болохгүй хэмээн үзсээр байна. Ингэж үзэх үндэслэлтэй. Урьд нь нэг бус удаа хориг тавьсан боловч нааштай үр дүн гараагүй. Аюулгүй байдлыг нь хангана гэсэн баталгаа гаргаж өгсөн нөхцөлд цөмийн хөтөлбөрөө зогсоох болзлыг Пхеньян тавьсан. Гэтэл баталгааг аль улс гаргаж өгөх вэ? БНАСАУ-ын эрх баригчид Вашингтонд бол яасан ч итгэхгүй. Ийнхүү Солонгосын хойгийн асуудал дэлхий дахины толгойны өвчин болсоор удлаа.

Ерөнхийлөгч Д.Трамп саяхан Солонгосын хойгийн асуудлыг шийдэхэд БНХАУ -ыг идэвхтэй оролцож хариуцлага хүлээх санал дэвшүүллээ. Хятадад хандан ийм уриалга гаргасан нь учиртай. БНАСАУ нь ердөө хэдхэн оронтой харилцдаг. Хамгийн гол түнш нь БНХАУ. Пхеньяны гадаад дахь хамгийн гол тулгуур нь Бээжин, Хятадын хөгжлийн загварыг ч үлгэр жишээ болгодог. Өөрөөр хэлбэл Пхеньян Бээжинд л итгэнэ. Гэвч сүүлийн үед хоёр улсын харилцаанд ан цав гарснаас Хятад тус улсыг хянаж чадахаа больсон тухай ажиглагчид ярьсаар байгаа. БНХАУ нь БНАСАУ-тай худалдааны бүх харилцаагаа зогсоож, нийлүүлж буй эрчим хүчээ хязгаарлах зэргээр арга хэмжээ авч болно. Энэ нь үр дүнд хүрэх үү гэдэг бас л эргэлзээтэй байна. Аюулгүйн баталгааг гаргаж өгөхгүй бол хойд солонгосчууд өвс идэж байгаад ч хамаагүй цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ хэмээн В.Путин саяхан ярьж байсан. БНХАУ-тай харилцаа нь тийм ч сайнгүй болсон хэдий ч Пхеньян ОХУ-д хандана гэдэг юу л бол.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп БНХАУ-ыг нөлөөгөө сэргээхийг шаардаад, хэрвээ БНАСАУ дахин пуужин хөөргөж дайны галыг өдөөлөө гэхэд БНХАУ-д хамгийн их хохирно гэсэн. Америк, Хойд Солонгос хоёр харилцан бие биерүүгээ пуужин харвалаа гэхэд БНАСАУ-аас юу ч үлдэхгүй. Тиймээс Д.Трампын гаргасан уриалгын цаад санаа нь Хятадыг БНАСАУ-руу цэргээ оруулж өөрсдийнхөө төдийгүй дэлхий нийтийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулахыг хэлсэн хэрэг. БНХАУ нь хүчирхэг армитай, цэргээ орууллаа гэхэд Хойд Солонгос хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй.

Хятад БНАСАУ-д аюулгүйн баталгаа гаргаж өгсний хариуд тодорхой болзол тавьж болох гэнэ. Эрх баригчдаа сольж, зэвсэгт хүчний удирдагчдтай хамтран ажиллах амлалтыг өгөх жишээтэй. Ким Жөн Унд үнэнч зүтгэдэг хүмүүст ийм саналыг хүлээж авахад амаргүй байх нь ойлгомжтой.

Хэрвээ БНХАУ Солонгосын хойгийг хямралаас гаргах асуудал дээр тодорхой, үр өгөөжтэй, шийдвэртэй алхам хийвээс бүс нутагтаа нөлөөгөө бэхжүүлж, цаашилбал дэлхийн тавцан дээр нэр хүндээ дээшлүүлэх боломжтой. Тэгээд ч Пхеньян Хятад руу пуужин харвахгүй гэдэг нь ойлгомжтой. Харвах гэвэл батлан хамгаалахын салбарт АНУ-тай хамтран ажиллаж болох юм.

Ер нь яаж ч бодсон АНУ-ын хувьд БНАСАУ-ын асуудлыг шийдэхэд БНХАУ-аас өөр тохирох улс байхгүй. Уг нь бол ОХУ Пхеньянтай гайгүй харилцаатай байдаг. Гэтэл “Washington Post” сонины өнгөрсөн даваа гаригийн дугаарт нэрээ хэлэхээс татгалзсан Америкийн албаны хүмүүсээс авсан нэгэн мэдээллийг нийтэлжээ. Тодруулбал Оросын дээрэмчид БНАСАУ-д янз бүрийн байдлаар тусламж үзүүлдэг болохыг тогтоосон байна.

Газрын тос, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг гэнэ. Иймэрхүү байдлаар БНАСАУ-д хоригийн амаргүй үеийг давахад нь тусалдаг аж. Өнгөрсөн хавраас БНАСАУ, Владивостокийн хооронд явдаг усан онгоцны тоо ч нэмэгдсэн гэнэ. Оросын бизнес эрхлэгчид иймэрхүү байдлаар ашиг олдог. АНУ-ын Сангийн сайдын терроризм болон эдийн засгийн тагнуулын асуудал хариуцсан туслах уржигдар Конгресст мэдээлэл хийхдээ БНАСАУ нь Хятад болон Оросын усан боомтыг ашиглан нууцаар нүүрс зөөж байгаа талаар ярьсан юм.