Categories
мэдээ улс-төр

“Туул усан цогцолбор” төслийн талаар Австри улсын Элчин сайдад танилцууллаа

Нийслэлийн Засаг даргын Агаарын бохирдол, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Австри Улсын Элчин сайд хатагтай Ирене Гине-Райхлтай уулзлаа. Уулзалтын эхэнд хотын даргын орлогч Ж.Батбаясгалан Австри улсын Элчин сайд болон албаны хүмүүсийг Улаанбаатар хотод тавтай морилохыг уриад 2016 оны 12 дугаар сард Австри Улсын Вена хотод айлчлах үеэрээ яригдсан гол ажлуудын талаар дурдлаа.

Тэрбээр хэлэхдээ “Аливаа улс, хотын харилцаа, хамтын ажиллагаа нь жирийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн харилцаанаас эхэлдэг. Тиймээс Вена хотын удирдлагуудтай уулзах үеэрээ аялал жуулчлалын талаар голлон ярилцсан. Мөн ногоон хөгжил, хог хаягдлыг дахин боловсруулах талаар ярилцаж, санал солилцсон. Улаанбаатар хотын хойд хэсэгт байрлах Далан давхарын оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох талаар бид тодорхой санал тавьсан юм. Удаан хугацааны туршид байсан, томоохон газар нутгийн эзэлдэг уг оршуулгын газрыг шинэчилж, сайжруулах шаардлага бий.” гэлээ. Үүнээс гадна “1,4 сая хүн амтай Улаанбаатар хотод тулгамдаад байгаа бас нэг гол асуудал нь шарил хадгалах газар. Тиймээс хотын зүүн, баруун 2 захад олон улсын стандартын дагуу шарил хадгалах газар байгуулах төслийн талаар мөн ярилцсан. Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл инновацийн талаар ч санал солилцож, туршлага судаллаа.” хэмээсэн юм.

Түүнчлэн Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлж, орчныг сайжруулах төсөл болон нийслэлийн ундны усны нөөцийг нэмэгдүүлэх зорилготой “Туул усан цогцолбор” төслийн талаар Австри улсын Элчин сайдад танилцууллаа.

Австри Улсын Элчин сайд хатагтай Ирене Гине-Райхл хэлэхдээ “Усны чиглэлийн тухайд бохир усны хэсэгчилсэн цэвэрлэх байгууламжийн эхний шатны судалгаа явагдаж байгаа. Үерийн далан барих асуудлыг мөн судалж үзнэ. Хог хаягдлыг дахин боловсруулах, ангилан ялгах талаар бид туршлага солилцож болно. Оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох төслийг бид судалж үзье. Удахгүй ямар чиглэлээр хамтран ажиллах талаар эргэн уулзах болно.” хэмээн ярилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохив

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих” ёслол Монголын Хөрөнгийн биржид боллоо.

Уг арга хэмжээг Олон улсын Санхүүгийн корпораци, Монголын Хөрөнгийн Бирж, Компанийн засаглалын хөгжлийн төв, “Women Corporate Directors” Монголын салбар, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран зохион байгуулсан юм.

Энэхүү арга хэмжээг бизнес болон тогтвортой хөгжилд жендерийн тэгш байдлын чухлыг олон нийтэд таниулах зорилгоор дэлхийн 40 гаруй орон нэгдэж гурав дахь удаагаа зохион байгуулж байна. Гадны улс орнуудын Хөрөнгийн биржүүд, НҮБ-ын Глобал компакт, Тогтвортой хөрөнгийн биржийн санаачлага, НҮБ-ын Эмэгтэйчүүд санаачлага, ОУСК, Дэлхийн биржүүдийн холбоо, Women in ETF зэрэг байгууллагууд нэгдэн “Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих” ёслолын арга хэмжээг өнөөдөр нэгэн зэрэг зохион байгуулжээ.

Нийгмийн амьдралд эрэгтэй, эмэгтэйчүүд тэгш оролцох, хяналт тавих, шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах бодлогыг салбар, орон нутгийн онцлог, эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлагатай нягт уялдуулах шаардлагатай байгааг албаныхан хэлж байна. Түүнчлэн жендерийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бүхий л санаачилгыг урамшуулан дэмжих, энэ чиглэлийн мэдээлэл хүртээмжтэй байх, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах нь чухал гэдэгт дээрх байгууллагуудын төлөөлөл саналаа нэгтгэлээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар өнөөдөр есөн асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 11:00 цагт Төрийн ордон дахь Засгийн газрын хуралдааны танхимд болно. Хуралдаанаар сайд нар есөн асуудал хэлэлцэж, хоёр танилцуулгыг сонсохоор товложээ.

Categories
мэдээ нийгэм

2000 малыг устгалд оруулжээ

Малын гоц халдварт шүлхий өвчин Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт шүлхий өвчин гарсны улмаас аймгуудын Мал эмнэлэг, үржлийн газраас 2000 малыг устгалд оруулжээ.

Шүлхий өвчин дэгдсэн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт нийт 3.8 сая тун вакцин хүргүүлж, дөрөв гаруй сая малыг вакцинд хамруулжээ. Хэнтий аймагт нэмж 800 мянган малыг вакцинжуулахаар болсон байна.

Одоогийн байдлаар дээрх аймгуудын 10 суманд хорио цээрийн дэглэм тавигдаагүй байна. Мал эмнэлэг, үржлийн газрын мэдээлж байгаагаар ирэх 10-ны өдөр хорио цээрийн дэглэм цуцлагдах төлөвтэй байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Исламын шашинтай зургаан улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглолоо

Ерөнхийлөгч Трамп өчигдөр цагаачлалыг хориглох шинэ шийдвэрт гарын үсэг зуржээ. Шинэ хоригийн хүрээнд исламын шашинтай зургаан орны иргэдэд шинээр виз олгохоос татгалзаж мөн АНУ-ын өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж буй дүрвэгсдийн бодлогыг зогсоох зорилготой байгаа талаар Трамп өгүүлэв. Тэрбээр “Обама дүрвэгсдийг хүлээн авснаар АНУ-ыг аюулд оруулсан” хэмээн мэдэгдэв.

Цагаачлалын эсрэг шинэчилсэн хоригийн хүрээнд исламын шашинтай Иран, Сири, Сомали, Судан, Йемен болон Ливи зэрэг улсын иргэдэд виз олгохгүй аж. Трампийн өмнөх хоригт багтаад байсан Ирак улсыг дээрх жагсаалтаас хассан байна. Тэрбээр ямар шалтгаанаар Иракийг хоригоосоо хассан талаар тайлбар хийхээс татгалзжээ.

Шинэчилсэн хоригийг энэ сарын 16-наас эхлэн орон даяар даган мөрдөх бөгөөд 90 хоногийн хугацаанд хоригт багтсан зургаан орны иргэдэд АНУ виз олгохгүй гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчид дүн тавина

Холбоотой ЗурагМонголын медиа
корпорациас “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх хэлэлцүүлгийг өчигдөр зохион
байгууллаа. Энэхүү аян Стэнфордын их сургуулийн эрдэмтэн Жэймс Фишкины
санаачилсан загвараар хэрэгжиж байгаа аж. Санамсаргүй түүврийн аргаар
сонгогдсон 450 “Ардын эксперт” оролцож Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн
найман жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил дүн тавьжээ. МУ-ын нэр хүнд олон
улсад өссөн хамгийн ойрын жишээ нь АСЕМ-ын өндөр хэмжээний уулзалт гэдэгтэй хэн
бүхэн санал нийлнэ гэж уулзалтад оролцсон Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн
таницлуулсан юм.

Categories
мэдээ улс-төр

“Эмэгтэйчүүд ба улс төр” сэдэвт хэлэлцүүлэг болж байна

“Эмэгтэйчүүд ба улс төр” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. УИХ дахь АН-ын бүлгээс зохион байгуулж байгаа энэ хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн асан М.Батчимэг, С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл, Р.Бурмаа болон АН-ын эмэгтэй гишүүд оролцож байна. Хэлэлцүүлэгт амжилт хүсч УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат эмэгтэйчүүдийн эрхийг хангах, жендэрийн харьцааг тэгшитгэх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд санхүүжилт хүндрэлтэй байдаг талаар хэлэлцүүлэгт оролцогсод санал нэгдэж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа “Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуульд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар квот тусгаж өгсөн. Энэ нь бидний өнгөрсөн хугацаанд гаргасан дэвшил гэж болно. Гэхдээ эмэгтэйчүүд маань өрхийн санхүүгээ атгадаг ч өрхөөс гадуур захиран зарцуулах эрхгүй байдаг” гэдгийг онцолж байв.

Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгост THAAD системийг байрлуулах ажиллагаа эхэлжээ

Умард Солонгосын зүгээс аюул заналхийлэл нэмэгдэж байгааг сөрөн зогсч, хариу арга хэмжээ авах зорилгоор THAAD буюу баллистик пуужинг замд нь устгах дэвшилтэт технологийн системийг Өмнөд Солонгост байрлуулах ажиллагааг АНУ-ын арми эхэллээ гэж АНУ-ын Номхон далайн командлал өнөө өглөө мэдэгдлээ.

Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах уг системийн төхөөрөмжүүдийг Сөүл хотоос өмнө зүгт 70 км-ийн зайд орших Пёнтэк хот дахь Осаны агаарын цэргийн хүчний баазад өчигдөр зөөж авчирсан байна.

АНУ-ын Номхон далайн командлалын мэдэгдэлд “гуравдугаар сарын 6-нд БНСУ-д THAAD системийн эхний төхөөрөмжүүдийг байрлуулснаар Солонгосын хойгт батлан хамгаалах чадавхийг сайжруулах зорилгоор АНУ-БНСУ-ын хооронд 2016 онд байгуулсан хэлэлцээр хэрэгжиж эхэллээ ” гэжээ.

Сөүл болон Вашингтон хамтарсан цэргийн сургуулилт хийж байгааг эсэргүүцэн Умард Солонгосын тал дөрвөн баллистик пуужин харвасан өдөр буюу өчигдөр THAAD-ыг суурилуулах ажиллагаа эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Санхүүгийн боловсролд шамдан суралцсан уншигч танд баярлалаа

Өдрийн сонин болон Голомт банк хамтарч иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих зорилготой монголын хамгийн анхны “Гурван гийгүүлэгч” реалити цуврал нийтлэлийг 2016.11.22-ны өдрөөс эхлэн нийт 26 дугаарыг уншигчиддаа хүргэлээ.

Юун түрүүнд “Гурван гийгүүлэгч” нийтлэлийн гол дүрүүд болох Б.Номин, Д.Бямбатогоо, О.Сэржмядаг нартаа уншигчдынхаа өмнөөс халуун талархал илэрхийлье.

Тэд элдэв нарийн тоо бодуулж, онолдоогүй юм. Бусадтай л адил эгэл жирийн амьдралтай эдгээр бүсгүйчүүд маань өөрт болон гэр бүлдээ тохиолддог санхүүгийн хэрэгцээ, орлого, зарлага, хуримтлал, өр зээл зэрэг асуудлуудаа хэрхэн шийдвэрлэж буй арга туршлагаа бусадтай хуваалцаж ирсэн билээ.

Чамгүй олон уншигчдын зүгээс эдгээр бүсгүйчүүдийн зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлэн, хуримтлал үүсгэн, тодорхой үр дүнд хүрч буйгаа илэрхийлсэн нь бидний хамтын ажиллагаа зорилгодоо хүрснийг илтгэж байна.

Ингээд дөрвөн сарын хугацаанд санхүүгийн боловсролд суралцсан нийт уншигчиддаа болон “ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ” бүсгүйчүүддээ халуун талархал илэрхийлж, өндөр амжилтыг хүсье.

ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ

Хүн бүрийн амьдрал өөр өөрийн гэсэн өнгө төрх, хэв маяг, дадал зуршилтай байдаг шиг санхүүгийн эрэлт хэрэгцээ, зарцуулалт, зорилго нь ч дахин давтагдашгүй байдаг.

Иймээс бид иргэдэд санхүүгийн боловсрол олгох зорилгоор монголд анх удаа реалити нийтлэл бичихээр шийдсэн юм. Бид гурвын хувьд сэтгүүлч, санхүүч, эдийн засагч сэтгэл судлаач гээд тэс өөр мэргэжилтэй ч гэр бүлийнхээ “ГИЙГҮҮЛЭГЧ” гэдэг нэг адил талтай байсан. Нөгөө талаар бидний нэр ч гийгүүлэгчээр эхэлж байсан тул монголын хамгийн анхны реалити нийтлэлээ “ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ” хэмээн нэрлэсэн билээ.

Цуврал нийтлэлийнхээ эцсийн үр дүнд бид Монгол хүн бүр санхүүгийн боловсролтой, айл өрх бүр хуримтлалтай, улс орон эдийн засгийн дархлаатай болно гэдэгт итгэл төгс байсан бөгөөд тодорхой хэмжээнд зорилгодоо хүрсэн гэдэгт итгэлтэй байна. Ингээд бидний нийтлэлийг сонирхон уншиж, амьдралдаа хэрэгжүүлж буй уншигч танд халуун талархал илэрхийлье.

Тун удахгүй бид “3 giiguulegch” нэртэй facebook хуудсаараа дамжуулан сонирхолтой мэдээллийг та бүхэндээ хүргэж, сонирхсон асуултанд танв хариулж, та бүхэнтэйгээ ямагт хамт байх болно.

“Амьдрал бол тулаан юм. Тэмцэж, зүтгэж чадвал та энэ тулаанд ялалт байгуулна.”

Танд амжилт хүсье.

Categories
мэдээ нийгэм

Жолооч нарын торгуулийг устгаж өгөн хариуд нь мөнгө авдаг хакер баригджээ

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн серверт хууль бусаар нэвтэрч жолооч нарын торгуулийг устгадаг этгээдийг цагдаа нар баривчилжээ. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд оршин суудаг 25 настай Т гэх залуу энэ хэргийг үйлдсэн байна. Тэрээр бусадтай тохиролцон Замын хөдөлгөөний удирдлагын төвийн серверт нэвтэрч жолооч нарын торгуулийг устгаж өгөн хариуд нь мөнгө авдаг байжээ.

Энэ хэргийн улмаас улсад их хэмжээний хохирол учирсан нь тогтоогдсон байна. Хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.

О.ӨНӨР