Categories
мэдээ нийгэм

Германд Монголын иргэн онц ноцтой цуврал аллага үйлдэв

Хохирогч Аня Б-гийн цогцсыг энэ байшингаас олсон

ХБНГУ-ын Лайпциг хотноо нэгэн монгол залуу хүн амины цуврал аллага үйлдсэн аймшигт хэрэг гарсан байна. Өнгөрсөн оны сүүлчээр Лайпциг хотод амьдардаг 40 настай Аня Б хэмээх бүсгүй сураггүй алга болжээ. Түүнийг хамгийн сүүлд 2016 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Линденауэр Маркт гудамжин байрлах “Bar 55” бааранд байхыг харсан хэмээн гэрчүүд мэдүүлсэн юм.

Довчин Д

Охин нь сураггүй болоод хэд хоносон тул ээж нь хувийн мөрдлөгийн агентлагт ханджээ. Хувийн мөрдөгч Патрик Куртц энэ хэргийг мөрдөж хохирогч хамгийн сүүлд хаана очсон, хэнтэй уулзсан зэргийг нарийвчлан мөрдсөөр гэмт этгээдийн мөрөөр орсон байна. Германы “Leipziger Volkszeitung” сонинд бичсэнээр хохирогч Аня Б арваннэгдүгээр сарын 29-ний өдөр баарнаас гараад Гемайндеамт гудамжны явган хүний замаар өгсч Деммеринг гудамж хүрчээ. Энэ нь Апостел гудамжтай маш ойрхон бөгөөд эндээс цагдаа нар хохирогчийн цогсцыг олсон юм. Хувийн мөрдөгч хэргийг мөрдсөний эцэст цагдаагийн байгууллагад хандаж шалгалт хийх хүсэлт гаргасан байна. Хууль сахиулах байгууллагынхан хохирогчийн хамгийн сүүлд очсон “Bar 55”-аас нохойгоор үнэрлүүлсээр гэмт этгээдийн мөрөөр орж Лайпциг хотод амьдардаг 38 настай Довчин Д гэгч хэргийг үйлдсэн болохыг тогтоосон байна. Хэрэг гараад олон хоног өнгөрсөн байсан тул мөрдлөг хийхэд амаргүй байжээ. Өнгөрсөн даваа гаригт гэмт этгээдийн гэрт нэгжлэг хийгээд Аня Б-гийн амийг хороосон болох нь батлагдсан хэмээн Германы хэвлэлд бичсэн юм. Түүгээр ч зогсохгүй 43 настай Мариа С. хэмээх португаль бүсгүйн амийг бүрэлгэсэн болох нь илэрчээ. Гэрчүүдийн мэдүүлснээр португаль бүсгүйг хамгийн сүүлд 2016 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр бааранд байхыг нь харсан гэнэ. Түүнээс хойш сураггүй алга болжээ. Хоёр долоо хоногийн дараа Лайпциг хотын Элстербекен хэмээх газраас цогцос олдсон бөгөөд мөчлөн голын усанд хаясан байжээ. Ландауэр гүүрэн дор голын усанд хүний цогцос байна гэсэн дуудлага ирсний дагуу цагдаа нар ирж гаргаж авсан. Португаль бүсгүй найз залуугийнхаа хамт 2011 оноос Германд амьдарч байжээ. Түүний найз Тонни М цогцсыг нь таньсан гэнэ. Байцаалт авахад Довчин Д нь дээр дурдсан хоёр эмэгтэйн амийг бүрэлгэсэн гэдгээ ч хүлээсэн байна.

Германы “Bild” сонинд бичсэнээр гэмт этгээд нь Улаанбаатар хотод төрсөн бөгөөд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй. Тэрээр хохирогч хоёр бүсгүйтэй Лайпциг хотын Лиденау хэмээх газар байрлах бааранд танилцсан аж. Хохирогч Мариа С нь биеэ үнэлдэг байж магадгүй бөгөөд мөнгөнөөс болон маргалдсан байна. Гэмт этгээд бүсгүйн амийг бүрэлгэчихээд мөнгийг нь авсан гэдэг нь тогтоогдсон. Харин Аня Б-гийн амийг яагаад бүрэлгэсэн нь хараахан тодорхойгүй байна.

Хохирогч Аня Б хамгийн сүүлд энэ бааранд үйлчлүүлжээ

Гэмт этгээд нь хохирогч Аня Б-гийн цогцсыг Апостел гудамжны 20 тоотод нуусан байсныг хууль сахиулах байгууллагынхан олсон. Шүүх эмнэлэг үхлийн шалтгааныг тогтоохоор цогцост шинжилгээ хийж байгаа бөгөөд эцсийн дүгнэлт хараахан гараагүй байгаа. Зарим хэвлэлд цогцсыг мөчилсөн байсан хэмээн бичиж байгаа боловч энэ нь одоогоор батлагдаагүй байна. Хохирогч герман бүсгүй хоёр настай охинтой бөгөөд нас барахынхаа өмнөхөн сүй тавьсан аж. Түүний цогцсыг Апостелийн гудамжин дахь нурж, ашиглалтнаас гарсан байшинд нуусан байна. Байшингийн эзэн гэмт этгээд яаж дотогшоо орсныг мэдэхгүй гээд хашааны хаалга түгжээтэй байсан хэмээн ярьжээ.

Уг хэргийг үйлдэгч Довчин Д хэзээнээс Германы Лайпциг хотноо амьдарч байгаа, тэнд чухам юу хийдэг байсан талаар одоогоор тодорхой мэдээлэл алга. “Bar 55” баарны үйлчлүүлэгч Али Мансоури хэмээх залуу гэмт этгээдийг таньдаг байсан бөгөөд Довчин Д даруухан залуу хэмээн хууль сахиулах байгууллагынханд ярьсан байна.

М.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

“Хэрвээ би шидтэн байсан бол” сонирхогчдын богино хэмжээний кино наадам болно

“Найрамдал Ротаракт клуб” ТББ-аас хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх “Милки Вэй” төслийн хүрээнд “Хэрвээ би шидтэн байсан бол” сонирхогчдын богино хэмжээний кино наадмыг ирэх сарын 15-нд зохион байгуулна.

Гурав дахь жилдээ зохион байгуулж буй тус кино наадамд зориулан уралдаан зарласан бөгөөд энэ сарын 26-ныг хүртэл бүтээл хүлээж авах юм. Уралдаанд кино сонирхогч бүхэн оролцох боломжтой. Уралдаанд ирүүлэх богино хэмжээний киног хүүхдийн хүчирхийлэл болон түүнээс гарах үр нөлөөний талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал гэдгийг уриалсан, ухаарал өгсөн байдлаар бүтээх учиртай гэнэ.

Кино наадмын нийт шагналын сан таван сая төгрөг бөгөөд шалгарсан бүтээлүүдийг ирэх сарын 15-нд “IСinema” кино театрт олны хүртээл болгон, шагнал гардуулах аж.

Categories
мэдээ улс-төр

Б.Чойжилсүрэн: ОУВС-ын 440 сая ам.долларыг бүгдийг нь валютын нөөцөө нэмэгдүүлэхэд зарцуулна

ОУВС-ын захирлуудын зөвлөл энэ сарын 6-нд хуралдсан. Энэхүү хурлаар манайд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн талаар яриагүй аж. Учир нь УИХ-аар төсвийн тодотголыг хэлэлцээгүй байгаа. Ийнхүү монголын талаас цаг алдан төсвийн тодотголоо хэлэлцэн батлахгүй байгаа ч энэ сардаа багтаагаад баталчихвал болох гэнэ. Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн ийнхүү ярьжээ. Төсвийн тодотголд долоон төрлийн татварыг нэмнэ гэдгийг өмнө нь хэлж байсан. Энэ татваруудыг нэмэхгүйгээр ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихгүй. Тэдний зүгээс тавьж буй шаардлагууд нь энэ. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хадгаламжийн хүүгээс татвар авч эхлэх байсныг 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болсон. Ямар нэг хязгаар тавихгүй бүгдээс нь татвар авна.

Энэ оныг дуустал бид бүсээ чангалахаас өөр арга байхгүй. Бид хоёр төрлийн бонд гаргасан. Нэг бондыг нь Хөгжлийн банкны бонд эзэмшиж байсан хүмүүст өгөөд Засгийн өмчийн бондоор сольж авъя гэсэн юм. Үлдсэн 18 хувийн 124 сая ам.долларт 3.4 тэрбум ам.долларын санал ирсэн. Монголыг гэх итгэл хөрөнгө оруулагчдын дунд сэргэсэн гэж хэлж болно. 440 сая ам.долларыг шууд Монголбанкин дээр авч ирж валютын нөөц нэмэгдүүлэхэд зарцуулна. Үлдэж буй гурав орчим ам.долларыг 2017, 2018, 2019 оны төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд авч байгаа гэв. Дэлгэрэнгүйг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншина уу.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

ХЗДХЯ, МҮХАҮТ бизнесийн хууль эрх зүйн орчныг сайжруулахаар хамтарч ажиллана

Хууль зүй, дотоод хэргийн яам /ХЗДХЯ/, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ эдийн засаг, бизнесийн хууль, эрх зүйн орчныг сайжруулах, бизнес эрхлэх таатай орчин бий болгоход төр хувийн хэвшлийн түншлэлийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар боллоо. Энэхүү санамж бичигт ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга Г.БаясгаланСанамж бичигт гарын үсэг зурснаар бизнесийн хууль эрх зүйн орчин сайжирна гэдэгт итгэлтэй байна. Бид хэд хэдэн үндсэн чиглэлд хамтран ажиллахаар болж байна. Тодруулбал, тодорхой хуулийн төслүүдийг боловсруулах, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр судалгаа хийх, бизнестэй холбоотой бодлогын баримт бичгийн үр нөлөөг судлах, сурталчлах чиглэлээр хамтран ажиллана. Энэ санамж бичиг хэлбэрийн төдий бус бодитой ажил хэрэг болох санаачилга гэж бодож байна” гэв.

Харин МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа “Бидний хамтын ажиллагаа судалгаанд суурилсан байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаанд юу саад болж байна вэ гэдгийг үндэслэл, судалгаатайгаар гарган ирж, засч сайжруулах чиглэлд хамтран ажиллана. Санамж бичиг байгуулснаар бизнесийн орчинд ногоон гэрэл асаах чухал үйл явдал боллоо гэж би хувьдаа дүгнэж байна” гэлээ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд анхаарч ажиллахаар тусгасан. Энэ хүрээнд ХЗДХЯ гадаад, дотоодын бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар тодорхой санал, санаачилга гарган ажиллаж байгаагийн нэг нь МҮХАҮТ-тай байгуулсан санамж бичиг юм байна.

Categories
мэдээ улс-төр

Б.Чойжилсүрэн: Гацууртын ордыг ашиглахаар тооцоолсон

Б.Чойжилсүрэн зурган илэрцүүд

2017 оны төсвийг батлахдаа гурван хувийн өсөлт гаргахын тулд Таван толгой төсөл төмөр зам, цахилгаан станц, ТЭЦ-3 өргөтгөлийг багтаасан гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдлээ. Мөн тэрбээр “Гацуурт”-ын ордыг ашиглахаар тооцоолж оруулж ирсэн гэлээ. Хамгийн түрүүнд Ноён ууланд хамаарагддаг энэхүү ордыг ашиглахаа мэдэгдээд бусдыг нь 2018 оноос хөдөлгөнө гэж ярьжээ. Энэхүү ярилцлагын дэлгэрэнгүйг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

“Ай Ти Би Берлин 2017” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болж байна

ХБНГУ-ын Берлин хотноо 51 дэх удаагаа болж буй “Ай Ти Би Берлин 2017” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, тус яамны сайдын зөвлөх Д.Гансүх, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Болор нараар ахлуулсан албаны төлөөлөлүүд оролцлоо.

ХБНГУ-ын Берлин хотын дарга ноён Михайл Мюллер, ХБНГУ-ын Эдийн засаг, эрчим хүчний яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ирис Глайке, ‘Мессэ Берлин’ компаний дарга Кристиан Гёке, ХБНГУ-ын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Михайл Френцэл, ХБНГУ-ын Аялалын холбооны ерөнхийлөгч Норберт Фийбиг болон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талиб Рифай нар дэлхийн 186 орнуудын 10,000 гаруй аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүд оролцож буй тус үзэсгэлэнгээс Монгол Улсын үзэсгэлэнгийн талбайн нээлтэнд онцолж оролцлоо.

Тус үзэсгэлэнд мөн Монголын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр тэргүүтэй ажлын хэсэг болон МИАТ ХХК, Ger to ger, “Great Chinghis Expedition”, “Tsolmon Travel”, “Juulchin”, “New Juulchin”, “Nature Tour”, “Ar Mongol Travel”, “Star Mongolia” зэрэг компаниуд Монгол Улсыг олон улсын аялал жуулчлалын салбарт сурталчлан таниулах үүрэгтэйгээр оролцлоо. Үзэсгэлэнгийн үеэр Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын “Тогтвортой аялал жуулчлал ба Торгоны зам дагуу нутгийн иргэдийн оролцоо” сэдэвт Торгоны замын сайд нарын долдугаар уулзалт амжилттай зохион байгуулагджээ.

Categories
мэдээ спорт

Дэлхийн чансаанд Г.Мандахнаран 6-д эрэмбэлэгджээ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос хоёрдугаар сарын эрэгтэйчүүдийн чансааг шинэчлэн гаргажээ. Жин тус бүрийн шилдэг 20 бөхийг тодруулахад манай улсаас хоёр бөх багтсан байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард Ираны Керманшах хотод болсон Дэлхийн цомын АШТ, Кубын Серра Пеладогийн ОУТ-ийг харгалзаж уг чансааг гаргасан байна. Манай бөхчүүдээс ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран 65 кг-д зургаад эрэмблэгдсэн бол гавьяат тамирчин П.Өнөрбат 17 дугаар байрт оржээ.

Хоёрдугаар сарын чансаа нэг их өөрчлөлт гараагүй, харин гуравдугаар сарын чансаанд нэлээд өөрчлөлт гаргах том тэмцээнүүд бий. Тухайлбал, Киевийн болон Яшар Догугийн нэрэмжит ОУТ, Буриадын Ерөнхийлөгчийн цом, залуучуудын Европ тивийн АШТ болох юм.

Categories
мэдээ нийгэм

10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд ихэнх нутгаар хүйтэрнэ

нутгаар хүйтэрнэ зурган илэрцүүд

10-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 10-нд говь тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна. Хугацааны сүүлээр дулаарна гэж Цаг, уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгос шинэ пуужингийн туршилтад бэлдэж байна гэв

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өчигдөр Солонгосын хойгт үүсээд буй хурцадмал байдлын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийжээ.

Сайд мэдэгдлийнхээ эхэнд “Хойд Солонгос улсыг шинэ пуужингийн туршилтад бэлтгэж байгаа” хэмээн мэдэгдэв.

Тэрбээр “Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрөөс болж олон улс айдастай байна. Мөн хоёр Солонгосын нөхцөл байдал дайны шинж чанартай байгаа. Хоёр улсын дунд үүсээд буй хурцадмал байдал олон улсыг эмзэглүүлж байна” гэж хэлжээ.

Пхеньян хэдхэн хоногийн өмнө дөрвөн ширхэг пуужин туршсан юм. Шалтгаанаа “Вашингтон, Сөүлийн хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэхээс гадна Японд үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын цэргийн баазыг устгах хүчин чадалтай пуужин бий” хэмээн тайлбарласан юм.

Categories
мэдээ цаг-үе

Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.АЛТАНТУУЛ: “Эмч хүн жаргалын ээж” дууг өөрөө өөртөө л “хүлхэж” явъя гэж зохиосон чинь хүмүүст хүрчихсэн

“Хүж дэлхий амгалан байг”, “Эмч хүн жаргалын ээж”, “Санахын жаргал”, “Бүсгүй заяа” зэрэг олон дуугаараа ард түмний сэтгэлд хоногшсон Үндэсний урлагийн их театрын (УАДБЧ) хормейстр, хөгжмийн зохиолч Д.Алтантуултай ярилцлаа. Тэрээр цагаан сарын өмнөхөн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаасан билээ.


-Та гавьяат жүжигчин Д.Хоролсүрэнгийн дуулснаар түмэнд хүрсэн “Хүж дэлхий амгалан байг” дуугаа хэдэн онд зохиосон юм бэ?

-1977 онд хойно төгсч ирээд 1979 онд л хийсэн шиг санаад байдаг юм. Хоролсүрэн маань харин 1981 онд Монгол хүн сансарт нисэхэд зориулж бүтээсэн гээд байдаг юм.

-Дууны шүлэгт,

Сансарт хүүгээ илгээж байг

Санан ээж нь хүлээж сууг

Эргээд хүү нь ирж байг

Ээж нь тэврээд үнсэж байг ээ гэдэг. Үүнээс нь монгол хүн сансарт ниссэн үйл явдалтай холбож ойлгож болох нь?

-Тэгэхээр энэ яруу найрагчид чинь юмыг урьдчилаад мэддэг юм шиг тэгж бичдэг байна шүү. Энэ чинь Лувсангийн Дагвадоржийн шүлэг. Монгол хүн сансарт нисээгүй байхад л тэгээд шүлэглэчихсэн хэрэг. Тэгж л боддог юм. Би анхны ноорог дээрээ уг нь 1979 он гээд биччихсэн байна лээ л дээ. Үүнээс үзвэл яруу найрагчид чинь бүхний өмнө байна шүү. Тийм л мундаг авьяас байдаг бололтой.

-Хөгжмийн зохиолчид түмэнд түгсэн дуунуудаа их сонирхолтой байдлаар бүтээсэн байдаг шүү дээ. Таны хувьд?

-Ер нь дуу болгон түүхтэй. Дуу болгон үгнээсээ шалтгаална. Үгийг нь бодоод л явна. Автобусанд явж байхад ая нь орж ирнэ. Эсвэл галт тэргэнд. Манайхан нэг удаа Баянбууралд тоглолт хийчихээд байж байлаа. Далантайгийн маань нутгийн хайрхан Отгонтэнгэрт зориулсан “Тэнгэр шүтээн уул” гэдэг гоё шүлэг байсан юм. Тоглолтоо дуусгачихаад галт тэргэнд суухаар гүйцгээлээ дээ. Галт тэрэг хоёрхон минут зогсоно. Амжиж суух гэж гүйж явтал “Тэнгэр шүтээн уул” дууны ая ороод ирж билээ. Бас “Бүсгүй заяа” гэж дуу бий дээ.

-Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалангийн дуулдаг.

-Тийм, тийм. Алтанбулаг руу нэг баярт оролцох гээд л фаз автобусаар явж байлаа. Зам нь гэж айхавтар, энхэл донхолтой. Хөдөөний зам. Жигтэйхэн л донслоод явж байсан чинь “Бүсгүй заяа” дууны хөгжим ороод ирлээ. Тэгэнгүүт нь Түвшинжаргалаас “Алив, цаас цаас” гэж сандраад нэхтэл сонины өөдөс өгдөг юм байна. Тэр цаасан дээр нотыг нь тэмдэглэж авч байлаа. Гэхдээ таван шугам зурж байгаад биш. Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Хаянхярваа багш маань надад тоон нотыг зааж өгсөн. Бүр нэгд нэгэнгүй зааж өгсөн. Шугам хэрэглэхгүй, тоогоор бичээд явчихдаг арга. Тэгж нэг бичиж авч билээ. Ингэж л автобусанд, донсолгоон дунд энэ дуу төрж байлаа. Боломжтой үед орж ирэхгүй байж, тиймэрхүү үед орж ирдэг юм. Хяслантай ч юм шиг (инээв).

Байхуу цай аягалчихаад яг суугаад бичих гэхээр орж ирэхгүй. Эсвэл яг шөнө унтах гээд хэвтэж байхад хөгжим орж ирнэ. Залхуурахгүй тэр дор нь тэмдэглэж авахгүй бол өглөө нь юу ч байхгүй. Хөгжмийн зохиолчид бүгд л иймэрхүү байдалд хөгжмөө хийдэг байх гэж боддог. Гэхдээ манай чуулгын төлөвлөгөөт уран бүтээл гэж бий. “Та заавал тийм юм хийнэ”, “Морины тухай шинэ дуу шүү”, “Тийм тоглолт болох учир тийм сэдэвтэй дуу” гэж даалгавар өгнө. Даалгавар ч юу байх вэ дээ, “Та маргааш хийгээд ирээрэй” гэж ч байж магадгүй. Дууныхаа ангид сууж үлдээд өнөө хөгжмөө зохионо. Ер нь төлөвлөгөөт бүтээлийг шахуу хугацаанд, албаар хийх нь бий. Дандаа тэгж гэнэт орж ирнэ гэж байхгүй.

-“Эмч хүн жаргалын ээж” дууг Монголын эмч нарын сүлд дуу гэчихэд буруудахгүй болов уу?

-Тэгдэг л юм билээ. Хөдөө явж байхад хүмүүс их мэддэг шүү. “Эмч хүн жаргалын ээж” дууг би Л.Дагвадорждоо захиалсан юм. “Эмчийн дуу захиалъя. Хүнд хүрдэггүй юм гэхэд ядахдаа өөрөө өөртөө дуулж явъя даа” гэж захиалж билээ. Зарим нь дуу болно. Зарим нь болохгүй. Өдий төдий янз бүрийн шүлэгт дуу хийгээд байна. Миний бичсэн дуу 200 гарсан. Тэгэхэд тэрнээс хүнд хүргээгүй, хүргэе ч гэж бодоогүй дуу ч бий. Шүлгийг нь тэгж өнгөрүүлсэндээ сэтгэлдээ хүлцэл өчиж явдаг. Бүх дуу дандаа хит болно гэж байхгүй. Ер нь эмчийг хүндэлдэггүй хүн байдаггүй шүү дээ. Хүндлэх байтугай шүтдэг. Хүн болгон л зовж зүдрэхээрээ эмчид очдог. Тэгээд эмчдээ, эмч нартаа баярласандаа энэ дууг хийгээд амандаа өөрөө “хүлхэж” явъя даа гэж бодсон чинь хүмүүст хүрчихсэн. Хүмүүс дуулаад л байдаг юм.

-Хормейстр Алтантуул гэвэл хүмүүс төдийлөн анзаарахгүй. Харин “Хүж дэлхий амгалан байг”, “Санахын жаргал”-ын хөгжмийн зохиолч гэвэл мэдэхгүй хүн байхгүй байх аа?

-Тэгдэг юм. Хошин урлагийн жүжигчин Ундармаа тэгж билээ. “Таны ямар дуу байдаг билээ” гэж асуусан юм. Тэгэхээр нь “Яахав дээ, “Хүж дэлхий амгалан байг” гээд хэдхэн дуу бий” гээд хэлчихсэн чинь “Хөөх та тэрийг зохиосон юм уу” гэж дуу алдаж билээ. Жүжигчин хүн болохоор сэтгэл хөдлөл ихтэй. Их гайхаж, баярлаж хүлээж авч байсан. “Өөр ямар дуу байдаг юм бэ” гэхээр нь “Нөгөө нэг яагаав, бөгж мултраад байна гэдэг дуу” гэлээ (инээв). Тэгсэн чинь “Хөөх тэр чинь ёстой гоё дуу ш дээ” гээд л сэтгэл нь их хөдөлсөн. Их гоёор хүлээж авсан. Хүмүүс “Тэр дуу таных юм уу” гээд мэддэггүй шүү дээ, авторыг нь.

-Та Ховд аймгийн аль сумынх юм бэ?

-Ховдын Булганд төрсөн. Дөрвөн сартайдаа хотод орж ирсэн л дээ. Хотод өссөн. Нийслэлийн хоёрдугаар сургуульд нэгдүгээр ангид ороод дөрөвдүгээр ангиасаа Хөгжим бүжгийн коллежид орсон. Хөгжим бүжгийн ятгын ангид орсон юм. Ятгын анхны 16-гийн нэг шүү дээ. Нөгөө яагаав, элсний 13 гэдэг шиг (инээв).

-Анхны мэргэжлийн ятгачид шүү дээ?

-Бид солонгос багштай байсан. Солонгос багш маань бидэнд долоон жил ятгын хичээл заасан. Тэгээд бид бүгд төгсөөд ҮДБЧ-д орсон. Би тэнд дөрөвхөн жил ятгачнаар ажиллаад хойшоо яваад зургаан жил сураад хормейстр болж ирсэн.

-Аль хотод нь вэ?

-Свердловскийн консерватурт.

-Хормейстр гэхийг хоор дуучдыг удирддаг хүн гэх маягийн талаас нь монголчилж ойлгоод байдаг?

-Тэгдэг шүү дээ. Хормейстр гэдэг чинь дуучдын багш шүү дээ. Тэр үед манай чуулгад хоор гэхээсээ илүүтэй солистууд их байлаа. Дуучин бүртэй тулж ажиллана. Гадаад, дотоодын тоглолтод оролцоход бүгдийг нь бэлдэж өгнө. Ийм орос, ийм монгол дуу дуул гэж зааж өгнө. Шинэ залуу дуучин орж ирвэл дуучин болгох тал дээр ажиллаж хоолойг нь яах уу, ийх үү гээд л. Дээр үеийн алдартнуудтай ажиллаж байлаа.

-Алдартнууд гэхээр манай алтан үеийн дуучид болж таарах нь?

-Би тэдний багш гэхээсээ санаа зовдог юм.

-Та нэрлэнэ үү?

-Би нэрийг нь хэлдэггүй байхгүй юу. Мундаг улсууд шүү дээ. Түмэндэмбэрэл, Норовбанзад, Банзрагч, Оросоо, Адарсүрэн, Хоролсүрэн, Нансалмаа гээд манай ахмадууд намайг багш аа хэмээн хүндэтгэнэ. Хөвсгөлийн Надмид байна. Бас дуучин Боорой байна. Тэднээс хойш үе үеийн дуучид байна. Чуулгадаа ажиллаад сая л, 2013 онд тэтгэвэртээ суулаа шүү дээ.

Хормейстр чинь дуугаа хийчихээд л “За боллоо” гээд хаячихдаггүй. Хаяж болохгүй л дээ. Хормейструуд чинь оркестрийн найруулга маш их хийнэ. Тэр чинь бараг л зохиож байна гэсэн үг. Энгийн хэлбэл, нэг нүцгэн ая байлаа гэхэд тэрийг чинь л олон хөгжимд тарааж найруулаад яаж дуугарах бол гэдгийг хийнэ. Дуу зохиох нэг өөр. Өөрийн зохиосон дуунаас гадна хүний дуунд оркестр найруулга хийнэ.

-Та нэгэн тоглолт дээр өөрийн зохиосон дуугаа дуулсан байна билээ. Муухан дуучнаас илүү дуулдаг юм байна гэж дүгнэсэн?

-Үгүй, үгүй би дуулж чадахгүй. Яахав дээ, дуучиндаа дуугаа хүргэхийн тулд өөрөө дуулж үзүүлнэ. Энэ нотыг ингэж, тэгж ав гэж заана. Задгай, битүү хоолой гэж байна. Тэр болгоныг өөрчлөх шаардлага тулгарна. Гэхдээ өөрчлөхгүй, тэр байдлаар нь байлгах нь илүү зохимжтой юм шиг байдаг юм.

-“Найман сайхан” гэж ятгатай дуу бий. Хятад дуу юм уу?

-Солонгос дуу шүү дээ. Бид солонгос багштай байсан болохоор. Монголд ятга хөгжиж байна. Сайхан сайхан ятгачид зөндөө байна. Мөнх-Эрдэнээс эхлүүлээд Амарбаясгалан, Отгончимэг, Солонгоо мөн “Морин хуур” чуулгын хэдэн сайн ятгачинд байна.

-Хэдий гавьяаныхаа амралтад сууж байгаа ч чуулгаараа орж гардаг байлгүй?

-Тэгэлгүй яахав. Миний бас нэг гэр болсон тэр ягаан байшин. Би тэтгэвэртээ гарчихсан ч гэсэн тэр хавиар явахдаа нүд салгахгүй чуулгынхаа байр руу ширтсээр өнгөрдөг юм. Ганцаараа алхаж явахдаа эсхүл автобусаар явж байхдаа нүд салгаж чаддаггүй. Чуулгаараа дандаа орж гардаг.

-Таныг танай чуулгынхан, хөгжмийн зохиолчид “Уул аа” гэж дууддаг юм билээ?

-Харин тийм ээ. Туул аа гэж дуудахгүй, Уулаа л гээд байдаг юм, үе үеийн бүх дуучид. Дээр өгүүлсэн мундаг дуучдын үеэс л намайг ингэж дуудсаар ирсэн. Амгалан, Сийлэгмаа хүртэл “Уулаа багш аа” гэдэг юм. Их сонин. Дуучин Амгалан маань телевизийн нэвтрүүлэгт орж байхдаа туж “Уулаа багш, Уулаа багш” гэж л яриад байсан тухайгаа хэлж билээ. Тэгэхээр Алтантуул гэж хүмүүс бараг мэдэхгүй шүү дээ. Тийм сонин.