Categories
мэдээ улс-төр

Монгол, Аргентины Гадаад хэргийн яамдын анхны зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Аргентин Улсын Гадаад хэрэг, шашны асуудал эрхэлсэн яам хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт 2017 оны 3 дугаар сарын 9-нд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө.

Уулзалтаар хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааны ойрын зорилтууд, боломжит салбарын талаар дэлгэрэнгүй ярилцав. Тухайлбал, талууд хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах нөөц бололцоо байгааг санал нэгтэй тэмдэглэв. Аргентин Улс нь малын гоц халдварт өвчнийг бүрэн устгасан туршлагаасаа хуваалцаж, энэ чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв. Тус улс Индонез Улсад сүүн бүтээгдэхүүний технологийг сайжруулах, Камбож Улсад малын эрүүл ахуйг хангах, дархлаажуулах, олон улсын стандартад нийцсэн үхрийн махны үйлдвэрийн технологи нэвтрүүлэх, Армени Улсад дэвшилтэд технологид суурилсан газар тариалан хөгжүүлэх чиглэлээрх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ.

Хамтын ажиллагааны хүрээнд манай ХХААХҮ-ийн сайдыг тус улсад айлчлуулах, Аргентины ХАА-н технологийн Холбооны мэргэжилтнүүдийг Монголд ажиллуулахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг дэмжиж ажиллахын чухлыг талууд чухалчлан тэмдэглэв.

Улмаар айлын тал Буэнос Айросын Үндэсний Их сургууульд хөдөө аж ахуйн чиглэлээр монгол оюутан сургах, Аргентины Дипломатын Академид монголын дипломатуудыг суралцуулах боломжийг хайж ажиллахаа илэрхийлэв.

Мөн НҮБ, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаа, Зүүн Ази болон Латин Америкийн орнуудын хамтын ажиллагаа (ФЕАЛАК) зэрэг бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов.

Түүнчлэн хоёр тал бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх хэлэлцээрийн төслийг тохирч, үзэглэв.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар манай иргэд Латин Америкийн орнуудаас Чили, Перу, Мексик, Колумби, Куба, Бразил, Аргентинд хөнгөлөлттэй зорчих зохицуулалттай болж байгаа юм.

Зөвлөлдөх уулзалтад оролцсон Монголын төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Аргентины төлөөлөгчдийг Аргентины Гадаад хэрэг, шашны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Элчин сайд Густаво Злаувинен нар тус тус тэргүүлж, хоёр талын албаны хүмүүс байлцав.

Монгол, Аргентины хооронд 1971 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс 2016 онд Аргентинаас 1.5 сая орчим ам.долларын бүтээгдэхүүн худалдан авснаас бяслаг, шар буурцагны тос, шоколад, какао агуулсан бүтээгдэхүүн, хатаасан жимсний импорт зонхилсон байна.

Манай улс Латин Америкийн орнуудаас Мексик, Бразил, Колумб, Куба, Парагвай, Аргентин зэрэг улстай ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмтай ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Замын цагдаа нар эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамрагдлаа

Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Пүрэв гаригт “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Анх 2006 онд Олон улсын бөөр судлаачдын нийгэмлэг бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор уг өдрийг тэмдэглэж эхэлжээ.

“Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр “Grandmed” эмнэлэгийн хамт олон өвлийн хахир хүйтэн, зуны халуун нар, хаврын хавсарга салхи, шороон шуурга, аадар бороонд ч замын голд зогсон ажил үүргээ гүйцэтгэж байдаг Замын цагдаагийн алба хаагчдыг төлөөлүүлэн Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 56 алба хаагчийг үнэ төлбөргүй үзлэг, оношлогоонд хамрууллаа.

Алба хаагчид бөөр болон эхо, дотор, зүрхний бичлэг зэрэг бусад холбогдох үзлэг, оношлогоонд хамрагдаж байгаа юм гэж ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Канад улсын Хатан хааны морьт цагдаагийн газрын төлөөлөгчид ЦЕГ-т айлчиллаа

Канад улсын Хатан хааны морьт цагдаагийн газрын төлөөлөгчид 2017-03-р сарын 06-07 ны өдрүүдэд Монгол улсын Цагдаагийн Ерөнхий газарт айлчиллаа. Айлчлалын хүрээнд Монгол улсын цагдаагийн алба хаагчдад “Гэмт хэрэг мөрдөн шалгах ур чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт сургалтыг хамтран зохион байгуулсан юм.

Уг сургалтанд Хууль сахиулахын их сургуулийн багш нарын төлөөллийг урилгаар хамруулж, Канад улсаас Тайланд Улсад суугаа Элчин сайдын яамны Хатан хааны морьт цагдаагийн газрын ажилтан Рэймонд Порте Канадын цагдаагийн байгууллагын тэргүүн туршлагаас хуваалцаж, сургалтад оролцсон алба хаагчдад сертификат гардуулах ёслолд Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчид оролцжээ.

Мөн айлчлалын хүрээнд Канад Улсын Хатан хааны Морьт цагдаагийн газрын төлөөлөгчид шинээр үүсгэн байгуулагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулан газрын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хэлтсийн удирдлага, алба хаагчидтай уулзан үйл ажиллагаатай нь танилцаж, гэр бүлийн болон хүйсийн тэгш бус байдалд суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр Канадын цагдаагийн байгууллагын туршлагаас хуваалцаж санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

500 хүүхдэд цацруулагчтай ханцуйвч бэлэглэжээ

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсээс “Замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлын төлөө – Иргэн таны оролцоо” сэдэвт уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулжээ.

Уг үйл ажиллагааны үеэр зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажилд боловсролын байгууллагуудыг татан оролцуулах, хүүхдийг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор сумын ГХУСАЗСЗ-тэй хамтран 2-4 дүгээр ангийн нийт 500 хүүхдэд цацруулагчтай ханцуйвчийг бэлэглэсэн байна.

“Замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлын төлөө–Иргэн таны оролцоо” сэдэвт уулзалт зөвлөгөөнд арга хэмжээг нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын тамгын газартай хамтран Замын хөдөлгөөний аюулгүй байдал, зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд сумын нутаг дэвсгэрт зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллага, иргэд хөдөлмөрчид, жолооч нар оролцжээ.

Мөн Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарч, Тамгын газрын дарга Б.Ганболд, Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Баярбат, багийн Засаг дарга нар оролцсон байна. Мөн “Дэгжих говь” авто сургуулийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер М.Долгорсүрэн “Хөдөлгөөний аюулгүй байдлын үндэс”, аймгийн Насан туршийн боловсролын төвийн Зөвлөх багш Ц.Амарсайхан “Аз жаргал амжилт”, М.Ууганцэцэг “Гэр бүл” сэдвээр сургалт явууллаа гэж Цогтцэций сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эрчүүд төмөрт идүүлж, зэвэрч байна

Улсын клиникийн төв эмнэлгийн Зүрх судасны эмгэг судлалын тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Б.Батболдтой ярилцлаа.


-Танай тасагт нэг сонирхолтой судалгаа хийсэн гэж сонслоо. Төмрийн дутагдал гэж сонсч байснаас хүнд төмөр илүүддэг гэж сонсоогүй юм байна?

-Би саяхан нэг судалгаа хийлгэлээ. УКТЭ-ийн зүрх судасны мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлэгсдийг үзүүлсэн чинь ферритин /ferritin/-ий хэмжээ маш өндөр гарч байна. Энэ уураг ихэснэ гэдэг нь бүх эд эрхтнийг гэмтээдэг. Төмөр илүүдлийн өвчин гэсэн үг. Энэ асуудал эрчүүдэд илүү хамаатай. Төмөр бол бодисын солилцооны маш чухал үүрэгтэй. Ялангуяа цусны улаан эс, цусны гем гэдэгт оролцдог. Төмөр багадаад ирвэл цус багаддаг. Төмөр ихдээд ирвэл бас аюултай. Цус өтгөрөөд, эд эрхтнүүдэд төмөр суугаад ирдэг. Ингээд ирэхээр энгийн хэллэгээр ярьвал эд эрхтнийг зэврүүлж эхэлдэг. Төмөр өөрөө маш исэлдэмтгий бодис гэдгийг бүгд мэднэ. Төмөр бол ямар ч нөхцөлд байсан аливаа исэлдэлтэд орж, амархан зэвэрдэг. Тэрэнтэй адилхан организм, эд эсэд суугаад ирвэл эрхтнээ гэмтээгээд сүйтгээд эхэлдэг.

-Ферритин гэж чухам юу юм бэ. Бодис уу, элемент үү. Энэ талаар тодорхой тайлбарлаад өгөөч?

-Ферритин гэж цусан дахь төмөр агуулдаг уураг л даа. Төмөр бол цусанд тодорхой концентрацитай байж байдаг. Харин илүүдвэл ферритин хэмээх агуулах руугаа чихээд байдаг. Өөрөөр хэлбэл, ферритин илүүдэл төмрийг өөртөө шингээгээд агуулаад байж байдаг. Тиймээс ферритинийг төмрийн агуулах гэж ч ярьдаг. Ферритин төмөр ихсэлтийг илэрхийлдэг. Энгийн аргаар цусан дахь төмрийг үзэхээр төмөр гайгүй юм шиг харагдаад байдаг. Гэтэл цаана нь ферритин буюу төмөр агуулдаг бодис нь маш өндөр болсон байдгийг тэр бүр мэддэггүй.

Өмнө нь онолын хувьд энэ уургийн талаар мэддэг байснаас өдөр тутмын шаардлага, хэрэгцээ гэж үздэггүй байв. Ер нь бол төмөр ихдэлтийг өмнө нь манайх ярьдаггүй, оношилдоггүй байсан. Тэгээд саяхнаас боломж гараад, сүүлийн хоёр жилд манай лабораторид үзээд эхэлсэн чинь монгол эрчүүдэд ферритин маш өндөр гарч байна. Уг нь хэвийн үед 50-200 ng/ml байх ёстой. Тэгтэл манайханд хамаагүй өндөр, хоёр, гурав дахин их байгаад байна. Ферритиний асуудал Монголд судлагдаагүй, их бичигдээгүй. Ер нь бол бусад оронд төмөр илүүдэл, ферритиний асуудлыг одоо маш их бичдэг болсон.

-Тэгээд үүний үр дагавар нь чухам яг юу юм бэ?

-Төмрийн илүүдэл хамгийн түрүүнд элэг, зүрх, уушгинд нөлөөлдөг. Улмаар бүх эрхтэнд төмөр суугаад, эд эсийг гэмтээн, энгийнээр хэлэхэд, зэврүүлээд эхэлж байгаа юм. Элэгний тухайд бол элэгний хавдруудыг үүсгэдэг. Зүрхэнд бол зүрхний кардиопати буюу зүрхний булчингийн сулрал, хатуурал, ажиллагаагүй байдлыг үүсгэдэг. Мөн сахарын өвчин үүсгэж болно.

-Шинж тэмдэг нь чухам яаж илрэх вэ?

-Арьс хар хүрэн болж харлаж ирдэг. Энгийн клиникийн ажиглалтаар түнтгэр хүрэн бор, хар, улаан хүмүүс байдаг шүү дээ, тэдэнд ферритин гарцаа байхгүй өндөр, бүр дөрөв дахин өндөр байна. Нэг үгээр тэд төмөртөө зэвэрч байна. Ер нь төмөр ихдээд ирэхээр ердийн зовиурууд, тухайлбал үений өвдөлтүүд, бие сулрах, ядрах, сульдах, юм хиймээргүй санагдах, хэвлийгээр өвдөх, бэлгийн сонирхолгүй болох, зүрхний эмгэг илэрнэ.

Судалгааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулж болох уу?

-Судалгаанд оролцогч нийт эрчүүдийн 70 гаруй хувьд, энэ дотроо 40-60 насныханд ферритин илүүтэй өндөр гарч байна. Яг ид хөдөлмөрийн насны эрчүүд байгаа биз. Энэ үед эр хүний идэж уух нь бүгд өндөр хэмжээнд байдаг юм байна. Ерөөс монголчуудын улаан мах иддэг, мөн дээрээс нь архи их хэрэглэдэгтэй холбоотойгоор төмөр ихдэлт, илүүдэл үүсдэг юм байна. Энэ нь манай үндэстний хооллолтын онцлогтой холбоотой байх. Ингээд ирэхээр манай түнтгэр улаан нөхөд цусандаа чихэлдсэн маягтай байдаг нь шинжлэх ухааны хэллэгээр бол ферритин хэт илүүдэлтэй яваад байна гэсэн үг. Бид энэ болгоныг тэр бүр анзаарч мэддэггүй, оношилдоггүй байж. Их сайндаа, цус чинь ямар их өтгөн байх юм гэж хэлдэг. Гэхдээ цус өтгөрөлтийн ерөнхий шинжүүд, шинжилгээн дээрээс гемоглобин, эритроцитийн хэмжээ ихсэх зэргийг бол хүмүүс мэддэг. Гэтэл үүний цаана үндсэн суурь дотор ферритиний илүүдэл явагдаад байгааг мэдэхгүй байна.

-Тэгэхээр төмөр ихдэхээр ямар эмчилгээ хийнэ гэсэн үг вэ?

-Эмнэлгийн хэллэгээр ярьвал судаснаас цусыг авч асгах эмчилгээ хийдэг. Манай клиникийн практикт 400-600, бүр шаардлагатай бол 800 мл хүртэл цус авч байна. Энэ тал дээр их сурцтай байгаа. Судалгаа хийхдээ би өөр дээрээ туршсан. Миний ферритиний хэмжээ жишээ нь 1000 байсан. Жилийн дотор би дөрвөн литр цус хануулж байна. Тэгж байж минийх хэвийн болсон. Ер нь бол төмөр хэт ихдэлттэй, 1000 гараад байгаа хүмүүст цусыг нь их хэмжээгээр, сар, хоёр сарын хугацаатайгаар хануулахад цус, уургийн дутагдалд орно гэж байхгүй. Ингэсний дараа харин ч царай зүс нь шингэрээд, даралт нь багасаад, эрүүл царайтай болж ирдэг. Тиймээс ферритинээ ер нь үзүүлж, шалгуулах ёстой юм байна гэдгийг л дахин дахин хэлье.

Дээр үед манай хөгшчүүл хавар, намартаа хануур самнуур, цус хануулах эмчилгээ их хийлгэж байсан. Энэ олон зуун жилийн түүхтэй тэр эмчилгээ маш хэрэгтэй байж. Хануулсны дараа хүмүүс бие сайхан хөнгөрчихлөө, аятайхан болчихлоо гэдэг байсан нь цаанаа далд учиртай байсан байгаа биз. Үүнийг бид сүүлийн жилүүдэд мэдэж эхэлж байна.

-Тэгвэл эмэгтэйчүүдэд төмөр дутагдах нь гайгүй гэсэн үг үү?

-Эмэгтэйчүүдэд харьцангуй гайгүй байдаг. Энэ нь байгалийн физиологийн хуулийн дагуу тэд сарын тэмдгээрээ цусаа багасгаад байдагтай холбоотой. Харин 50-иас дээш насанд, цэвэршилтийн дараа эмэгтэйчүүдэд мөн төмөр ихдэлт илэрдэг. Гэхдээ эрэгтэйчүүдийг бодоход харьцангуй гайгүй.

-Тэгэхээр энэ бүхэн ердөө хооллолттой холбоотой юу?

-Хоол, тэжээлтэй маш их холбоотой. Монголчууд бид махаа иддэг л гээд байдаг. Гэтэл улаан мах бол төмрийн асар их нөөц, эх үүсвэр болдог. Дээрээс нь бидний идэж ууж байгаа энергилэг бүтээгдэхүүнүүд ерөөсөө л төмрийн илүүдэлд хүргэдэг. Ядаж улаан дарс их ууж байна. Ялангуяа эмэгтэйчүүд. Улаан дарсанд төмрийн агууламж маш их байдаг. Цус багадсан, төмрийн дутагдалтай, цус алдсан хүмүүст бид улаан дарс багаар өгөхийг зөвлөдөг л дөө. Энэ нь цус төлжилт, төмрийн бууралтыг ихэсгэх гэж байгаа юм. Гэтэл хэвийн байгаа хүмүүс улаан дарс уугаад байхаар төмрийг нь улам л ихэсгээд байна гэсэн үг. Тэгэхээр дарс сайн гээд уух гэж байгаа л бол цагаан дарс нь илүү сайн байх шүү. Иймэрхүү юмыг манайхан мэдвэл их сайн байна. Ердөө л төмөр орсон мах, архи зэрэг бүтээгдэхүүнийг багасгах л хэрэгтэй.

-Ферритинийг аль ч лабораторид тодорхойлох уу?

-Ферритинийг лабораторийн шинжилгээгээр тодорхойлдог. Одоохондоо манай эмнэлгийн лаборатори, Сонгдо хоёрт тодорхойлж байгаа. Монгол эрчүүд, тэр тусмаа 40-50 насны эрчүүд зайлшгүй үзүүлэх ёстой. Ингэснээр элэгний үрэвсэл, зүрхний булчингийн сулрал, уушигны өвчин, амьсгалын дутагдалд хүргэдэг эмгэгүүдээс өөрийгөө урьдчилан сэргийлж чадна.

Та ихэвчлэн төмөр ихдэлтийн талаар сая ярилаа л даа. Гэтэл эмэгтэйчүүдэд цус багадалт их байдаг гэдэг. Ялангуяа жирэмсэн эхчүүдэд цус багадалттай, төмрийн бэлдмэл уу гэж зөвлөдөг?

-Цэвэршилт болоогүй эмэгтэйчүүдэд физиологийн цус алдалт буюу асгалт байгаад байдаг учир төмрийн илүүдэл харьцангуй гайгүй байна гэж түрүүнд хэллээ. Бүр төмөр дутагдал ч тохиолдож болох юм. Гэхдээ Монголд тийм айхтар төмөр дутагдлын хурц эмгэгтэй эмэгтэй маш цөөхөн байдаг. Ходоод нь шархалчихсан, ходоодны шүүс ялгаралт нь багассан, ходоодны хатангиршилтай тохиолдолд хоёрдогчоор төмөр авдаг механизмууд нь алдагдаж, дээрээс нь сарын тэмдгийн үед цусаа алдахаар төмөр багадалтын эмгэг үүсдэг. Фолийн хүчил алдагдаад ирвэл мөн л төмөр шингээлт байхгүй болчихдог. Мөн нарийн бүдүүн гэдсээ тайруулсан хүн бол төмөр дутагдана.

Учир нь нарийн гэдэсний төгсгөлд төмөр шимэгддэг. Их хэмжээний цус алдсаны дараа цусыг төлжүүлэх нэг үндсэн материал нь төмөр байдаг учраас төмрийн дутагдал нэг хэсэгтээ байдаг. Гэхдээ энэ бүгд тодорхой тооны, цөөн хүнд тохиолддог өвөрмөц хэлбэрүүд. Тэгэхээр төмөр дутагдах дээрх бодит шалтгаануудаас бусад хэвийн хооллолттой монголчуудад төмөр дутагдал гэж ерөөсөө байхгүй.

Хүмүүсийн олонх цусан дахь төмөр багасдаг гэсэн ойлголттой байдаг, төмрийн бэлдмэл, төмөртэй витамин ууна гэдэг. Үнэхээр цус багадалттай байгаа бол эмчилгээ, арга хэмжээ авах ёстой. Гэтэл төмөр ихэдвэл бүр илүү аюултай гэдгийг мэддэггүйгээс эрүүл мэндээрээ хохирч байна. Эцсийн эцэст төмрийн хордлого бидэнд маш их байна.

-Төмөртэй витамин гэж их рекламддаг. Эм, нэмэлт бүтээгдэхүүнийг сүлжээгээр, сайн сурталчилж ухуулж чадсан нь хүмүүст уулгаж байна шүү дээ. Тэгэхээр төмрийн бэлдмэлийг зүгээр нэг сурталчилгаагаар авч болохгүй биз дээ?

-Төмөртэй витамин гэх зэрэг янз янзын юм ярьдаг болсон байна. Бидэнд мэдэгдэхгүй, өвчин хэлбэрээр тодорч ирэхгүй байгаа төмөр илүүдэл буюу гемиседироз монголчуудад байгаад байна. Бидний элэг, зүрх, уушиг муудаад байгаагийн бас нэг шалтгааныг төмөр ихдэлттэй холбон тайлбарлаж байна. Тэгэхээр мөнгөө тийм илүү юманд үрэх хэрэггүй.

-Цонхийсон царайтай, гар хөл нь дандаа хүйтэн явдаг хүмүүсийг цус багадалттай, төмрийн бэлдмэл уу гэж зөвлөдөг. Энэ зөв үү?

-Энэ нь маш олон шалтгаантай. Мэдрэлийн өвчнүүдийн үед, зах хязгаарын мэдрэлийн судсууд агшаад, төв мэдрэлийн системийн зохицуулга алдагдсан, манайхны хэлдгээр, ядаргаа гэсэн хэлбэрийн үед ийм шинж, гар хөл нь хүйтэн байх, ядрах зэрэг шинж илэрдэг. Бидний мэргэжлийн хэллэгээр зах хязгаарын судасны нарийсал буюу Рейно синдром гэж ярьдаг. Үнэхээр цагаан цайвар цонхийсон байх нь бас уураг дутагдалтай холбоотой байдаг. Элэг муу байвал, уургийн нийлэгжүүлэлт багасаад ирвэл, уураг нь төмрөө зөөж явдаг болохоор цаана нь төмөр байлаа ч зөөгч нь байхгүй бол мөн төмрийн дутагдалд ордог.

-Цус багадалттай хүмүүсийг улаан дарс уу, улаан лооль ид гэдэг. Гэтэл та улаан дарсыг хамаагүй ууж болохгүй гэлээ?

-Бүх хүнсний бүтээгдэхүүнд элементүүд тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг. Ялангуяа улаан өнгийн хүнсний тэжээлийн бодисуудад төмрийн агууламж их байдаг юм байна. Ер нь бол хамаагүй ууж идээд байж болохгүй. Манайханд нэг буруу ойлголт яваад байна. Ердийн юм идэж ууж байгаа хүмүүст төмөр, кальци дутагдах ёсгүй. Кальцийг сайн сурталчилсных нь дагуу хэн дуртай нь хэрэглэж болохгүй. Судас, нуруу, ясны шохойжилт гээд буруу эмчилгээний сурталчилгаа яваад байгаа юм. Остеопороз гэдэг бол нас дагаад гарч ирдэг, цаанаа атомын нарийн урвал шиг нарийн үр дүнд үүсч байгаа ясны сийрэгжилт шүү дээ. Энэ бол байгалийн, физиологийн, биохимийн маш нарийн процессууд. Өдөрт нэг аяга сүү уухад хангалттай кальци авдаг. Наранд биеийн ил хэсгийг 15-хан минут үзүүлэхэд Д витаминаа хангалттай авчихна. Энэ хоёрыг дагасан байхад сийрэгжилт энэ тэр ярихгүй байж болно. Тэгтэл үүнийг уухгүй бол та хэцүүднэ гээд л толгойг нь эргүүлэх юм.

Би хүмүүст хэрэгтэй гэсэн үүднээс өөртөө тохиолдсон нэг жишээ хэлье л дээ. Нэг эмийн компанийнхан кальцийн хэмжээг үздэг денситометр гэх багажаар манай эмч нарыг бүгдийг үзсэн. Гэтэл ганцхан хүнээс бусдад бүгдэд нь ясны сийрэгжилт байна гэж гарсан. Надад ч ясны сийрэгжилттэй байна гэж хэлсэн. Тэгтэл би түүнээс хоёр сарын дараа тохойгоо гэмтээгээд гарынхаа ясны зургийг авахууллаа л даа. Манай гэмтлийн эмч тэр зургийг үзээд, танд ямар ч ясны сийрэгжилт байхгүй, бололцоотой бол хадчихаж болох юм байна, таны яс 50 настай хүнийх гэхэд үнэхээр сайхан байна гэж байгаа юм. Тэгэхээр бодит байдал, денситометрийн заалт хоёр хоорондоо ийм зөрүүтэй байна. Би бол эмч хүн учраас надад кальци дутагдах ёсгүй, остеопороз харин тодорхой хэмжээгээр байж л байгаа гэж бодож байгаа юм. Тэгэхээр худалдааны сурталчилгаанд маш болгоомжтой хандахгүй бол болохгүй.

Энгийн ухаанаар бод доо. Манай ард түмэн, танай аав ээж, хөгшчүүл өмнө нь нэмэгдэлгүйгээр, кальцийн бэлдмэлгүйгээр зүгээр л амьдраад байсан. Одоо харин ч монголчуудын дундаж наслалт сайжирсан, 67 хүрчихсэн. Уг нь 58, 59 байсан, социализмын үед 63 байлаа. Тэгэхээр манай үндэстэн бол генийн хувьд, хоол хүнсний хувьд ерөнхийдөө эрүүл. Үүнийхээ хүчинд наслалт уртсаад байгаа. Харин бизнесийн буруу эмийн сурталчилгаа өвчнийг, өвдөлтийг ихэсгэх гээд байна. Тиймээс ганцхан зөвлөгөө өгье. Өөрөөрөө битгий тогло. Мөнгө чинь ихдээд байвал өөр юм авч тогло.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Жи тайм” сүлжээний үйл ажиллагаа бүрэн зогссон гэв

“Жи тайм” компанийн ерөнхий захиарал М.Маратыг баривчлан Мөрдөн байцаах газрын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн уг компанийн үйл ажиллагааг зогсоож, тус компанийн сүлжээнд нэгдэж хохирсон иргэдийн өргөдөл гомдлыг Улсын мөрдөн байцаах газарт хүлээж авч байгаа. Энэ талаар Мөрдөн байцаах газрын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга дэд хурандаа Ө.Эрдэнэхүү мэдээлэл хийлээ.

Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Маженов Марат нь Монгол Улсад 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Жи Тайм” компанийг үүсгэн байгуулсан. Уг компаниар дамжуулан Монгол Улсад олон улсын пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар залилан хийсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон. Улмаар М.Маратыг хоёрдугаар сарын 17-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хил гарах гэж байхад нь баривчлан саатуулсан юм.

Түүнийг Монгол Улсын аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8.1.4-т заасан олон шатлалт маркетинг буюу санхүүгийн пирамид тогтолцооны замаар бусдыг хууран мэхэлсэн үйл ажиллагаа явуулж, залилангийн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, Мөрдөх байцаах газрын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байна.

Энэ хэрэгт холбогдуулан компанийн ерөнхий захирал М.Маратаас гадна уг компанийн гүйцэтгэх захирал зэрэг олон хүнийг шалгаж байгаа ажээ.

“Жи тайм” сүлжээнд нэгдэн хохирсон иргэдийн дунд компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Компанид гомдлоо гаргасан даруйд цалин мөнгийг нь олгоно. Харин цагдаагийн байгууллагад гомдол гаргавал мөнгөө олж авч чадахгүй гэдэг буруу ташаа мэдээлэл тархжээ. Энэ нь худал болохыг, иргэдийг зохион байгуулалттайгаар төөрөгдүүлж байгааг Цагдаагийн байгууллагаас анхааруулж, хохирсон ард иргэдийг цагдаагийн байгууллагад хандан өргөдөл гаргахыг дэд хурандаа Ө.Эрдэнэхүү санууллаа.

Мөн иргэдийн дунд “Жи тайм” компанийн удирдлагууд баримтаа устгасан тул хохирол барагдуулах боломжгүй гэх ташаа мэдэлэл тархжээ. Тэгвэл цагдаагийн байгууллагаас баримт устаагүй, банкны хуулга зэргийг битүүмжилсэн тул иргэдийн хохирлыг барагдуулах боломжтойг хэлж байна.

“Жи тайм” компанийн үйл ажиллагааг зогсоосон. Цаашид энэхүү компанийн төсөл, хөтөлбөрүүд үргэлжлэх боломжгүй гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Иргэд мэдээллийг цахимаар тараах биш Цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй гэв

Олон нийтийн цахим хуудсанд бага насны хүүхдийг хулгайлахыг завдсан гэх тайлбар бүхий видео бичлэг цацагдаж, олон нийтийн анхаарлыг татаж хүмүүсийг балмагдуулсан билээ.

Уг хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ. Гэмт хэргийн хохирогч болох хүүхэд нь тус дүүргийн 8-р хороонд оршин суух 11 настай Т гэгч аж. Түүний биеийн байдал одоогоор сайн байгаа. Харин сэжигтнийг баривчлаагүй байгаа бөгөөд эрэн сурвалжлах үйл ажиллагааг эхлүүлсэн байна.

Аливаа онц хүнд гэмт хэргийн талаарх мэдээллийг сошиал хуудсанд байршуулах биш цагдаагийн байгууллагад анхлан мэдээллэх шаардлагатайг цагдаагийн байгууллагаас олон нийтэд анхаарууллаа. Учир нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд анхлан байршуулснаар тухайн гэмт хэрэгтэн гэмт хэргийн зам мөрөө баллах, зугтах зэрэг сөрөг үр дагавартай тул иргэд аливаа гэмт хэргийн талаар мэдээллийг нэн яаралтай цагдаагийн байгууллагын 102 утсанд хандан мэдээлж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд Япон улсад айлчилна

УИХ-ын дарга зурган илэрцүүд

УИХ-ын дарга М.Энхболд гуравдугаар сарын сүүлээр Япон улсад айлчлал хийхээр төлөвлөөд байна. Одоогоор айлчлал болох товыг албан ёсоор зарлаагүй байгаа юм.

Айлчлалын хүрээнд Монгол, Японы стратегийн түншлэлийн дараагийн дунд хугацааны хөтөлбөрийг эцэслэн тохирох талаар санал солилцох аж. Мөн Монгол Улсын Засгийн газраас Японы Засгийн газарт хандаж тавьсан санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг хөндөж ярилцахаар төлөвлөжээ.

М.Энхболд 11 жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайдаар байхдаа Японд албан ёсны айлчлал хийж байсан юм.

Энэ үеэр Хөшигийн хөндийд шинэ нисэх онгоцны буудал барих асуудлыг эхлүүлж байжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ээлжит бус чуулган зарлаагүйг бодоход МАН-д өөр сонголт харагдсан бололтой

Холбоотой Зураг

Эрх баригчид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр сонголт байхгүй хэмээн мэдэгдэж байсан. Эдийн засгийн хямралд орсон улс орноо дампууралд хүргэчихгүйн тулд ОУВС-гийн заасан замаар төсвийн сахилга батыг сахихын чухлыг ч сануулцгааж байлаа. Харин одоо эрх баригчдад хонгилын үзүүрт гэрэл харагдсан бололтой. МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн мягмар гаригт хуралдах үеэрээ УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлахгүй байх шийдвэрт хүрчээ. Ингэснээр ирэх дөрөвдүгээр сарын 5-наас нааш УИХ хуралдахгүй юм.

Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хэлэлцээр хийснээр Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт хамрагдах тохиролцоонд хүрсэн. Уг хөтөлбөрт хамрагдахын тулд Засгийн газар долоон төрлийн татвар нэмэгдүүлэх шаардлагатай болж буй. УИХ эцсийн шийдвэр гаргах ёстой. Тодруулж хэлбэл, УИХ-аар Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, мөн татвартай холбогдох төслүүдийг хэлэлцэн баталсны дараа Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл хуралдаж, өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах эсэхийг шийдэх юм.

УИХ 2017 оны төсвийн төслийг хэлэлцээгүй цагт Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах асуудал ч хойшлох болж буй.

УИХ энэ гурван сардаа багтаагаад 2017 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулаад баталчихвал Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл хуралдаж, Монголын асуудлыг шийдэх боломжтой талаар мэдээлж байсан.

Харин МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулахгүй байхаар шийдсэн нь Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаас зайлсхийж байна гэх ойлголтыг олон нийтэд төрүүлж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн ЕБС-ийн ээлжит амралт энэ сарын 30-нд эхэлнэ

Нийслэлийн ЕБС-ийн ээлжит амралт зурган илэрцүүд

БСШУСЯ-наас нийслэлийн ЕБС-ийн сурагчдыг энэ сарын 30-наас ирэх сарын 05-ны хооронд долоо хоног амрахаар шийдвэрлэлээ.

Харин орон нутгийн ЕБС-ийн сурагчид энэ сарын 23-аас ирэх сарын 05-ыг хүртэл хоёр долоо хоног амарна. Ингэхдээ тухайн орон нутгийн цаг үеийн нөхцөл байдлаас /хөл хорио тогтоосон, халдварт өвчин дэгдсэн, цаг агаарын хүндрэл, хаваржилт/ хамааран Засаг дарга сурагчдын амралтад зохицуулалт хийх эрхтэй аж.