Categories
мэдээ нийгэм

300 орчим иргэн номоо солилцлоо

Нийслэлийн Соёл, урлагийн газар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийг нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нээж үг хэлэхдээ “Иргэд уншсан номоо бусадтай хуваалцах, номоор дамжуулан танилцан нөхөрлөх, номын тухай ярилцах сайхан боломжийг бүрдүүлэхийн тулд энэхүү өдөрлөгийг санаачиллаа. Цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

Номоо солилцохоор төв талбайд хүүхэд, багачууд, залуучууд болон зохиолчид ирсний дотор ахмадууд багагүй байсан бөгөөд өөрийн уншсан номоо бусадтайгаа хуваалцаж, бусдын уншсан номоор солилцох нь энэхүү өдөрлөгийн гол онцлог юм.

Өдөрлөгт 300 орчим хүн ирсний олонх нь түүх, уран зохиолын ном сонирхож байсан бол хамгийн залуу 5 настай уншигч үлгэрийн ном хайж ээж, эгчийн хамт ирсэн байлаа. Мөн өдөрлөгийн үеэр номоо солилцсон хүмүүст Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн уншигчийн үнэмлэх нээлгэх эрхийн бичгээр урамшуулав.

Энэхүү өдөрлөгийг цаашид сар бүрийн эхний 7 хоногийн бямба гаригт жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байх зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас олголоо гэж нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Нийгмийн түншлэлийг бэхжүүлэхэд хамтран ажиллана

Хотын дарга С.Батболд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар нийгмийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

НИТХ-ын тэргүүлэгчид нийслэлд нийгмийн түншлэл хөгжүүлэх баримт бичгийг боловсруулан баталсан байдаг. Уг баримт бичигт нийслэлд нийгмийн түншлэлийн тогтлолцоог бэхжүүлэх, иргэд хөдөлмөрчдийн хөдөлмөр, нийгмийн хамгаалал, түүнтэй холбогдсон эдийн засгийн харилцааг зохицуулахаар тусгажээ. Түншлэл нь иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгаалал, түүнтэй холбогдсон хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамтран хамгаалахад чиглэсэн нийслэлийн хэмжээн дэх ажил олгогч, ажилтны төлөөлөгчид төрийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага хоорондын зөвшилцлийн тогтлолцоог бий болгоход чиглэжээ.

Хотын дарга С.Батболд хэлэхдээ, “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Монгол Улсад бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 60 гаруй хувь нь үйл ажиллагаа эрхэлдэг. Эдгээрийн хөдөлмөр хамгааллыг сайжруулах, нийгмийн түншлэлийг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай. Хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтийг хангах, энэ чиглэлээр гарсан шинэ хууль, тогтоомжийг сурталчлах, иргэдэд таниулахад МҮЭХ, НЗДТГ хамтран ажиллах юм” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хальтирч унасны улмаас нас баржээ

Хүйтний эрч чангарч, хальтиргаа гулгаа ихсэх тусам аваар, осол улам их гардаг билээ. Үүний сацуу олон хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байгаа нь харамсалтай.

Бөмбөгөр худалдааны төвийн орчимд машинаасаа бууж явсан, 50 орчим настай иргэн хальтирч унасны улмаас, нас барсан харамсалтай хэрэг өчигдөр гарлаа.

Явган хүний болон автомын зорчих хэсэг мөстөж, хальтиргаа гулгаа ихтэй байгаа тул анхаарал болгоомжтой явахыг сэрэмжлүүлж байна.

Categories
гадаад мэдээ

Берлиний халдлагад үйлдсэн ачааны машиныг музейн үзмэр болгоно

Зул сарын баярт зориулж нээгдсэн зах дээр байсан хүмүүсийг ачааны машинаар дайрч халдлага үйлдсэн. Тэгвэл уг ачааны машиныг музейн үзмэр болгохоор болжээ. Бонны түүхийн музейд энэ баримт нь аллага, алан хядагчийн зэвсэг гэдгээр мөнхрөх бололтой.

Уг музейн захирал Хэнс Уолтер Хаттерын хэлснээр бол ийм шийдвэр гаргасан нь эртдэх мэт боловч германчууд түүхээс зугтаж чадахгүй хэмээн тайлбарлажээ.

Болсон үйл явдлыг дахин сануулахад, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нд алан хядагч этгээд зах дээр цугларсан олон руу дайрч гэмтээсэн билээ. Үүний улмаас 12 хүн нас барж, 56 хүн гэмтэж, бэртсэн юм. Энэ хэргийг Тунисын иргэн, Исламын улс бүлэглэлийн гишүүн Анис Амри хийсэн юм. Түүнийг Италийн Милан хотод цагдаа нар устгасан билээ.

Харин музейн хувьд 1945 оноос хойш 900 мянган эд зүйлсийг хадгалж, хүмүүст хүргэсэн. Жил бүр энэ музейг нэг сая хүн сонирхдог тооцоо бий. Энд байдаг зарим сонирхолтой үзвэрүүдээс дурдвал 2001 онд АНУ-д ихэр цамхагийг нураахад Германы иргэн ажилтны үнэмлэхийг энд авч тавьсан аж.

Categories
мэдээ спорт

С.Батцэцэг, П.Орхон хоёр 63 кг-д өрсөлдөнө

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ “Буянт Ухаа” спорт цогцолборт өнөөдөр эхэллээ.

Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тус тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож байна.

Өнгөрсөн жилийн УАШТ-д 58 кг-д аваргалж, И.Ярыгины нэрэмжит Алтан гран при тэмцээнд алдарт Каори Ичог ялсан ОУХМ Пүрэвдоржийн Орхон жин өгсөн, 63 кг-д хүч үзэж байна.

Энэ жингийн босоо аварга, олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, П.Орхон хоёрын өрсөлдөөн спорт сонирхогчдын анхаарлыг гойд их татаж байна.

Эрэгтэйчүүдийн 97 кг-д Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 75 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Бурмаа, олон улсын хэмжээний мастер Гэлэгжамцын Наранчимэг, 69 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа нар энэ жилийн УАШТ-ийг өнжлөө.

Харин ДАШТ-ий мөнгөн медальт П.Өнөрбат жин өгсөж, 86 кг-д барилдаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хог хаягдлын тухай хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан боллоо. Уг хуралдаанаар Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 28-нд өргөн мэдүүлсэн Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж, дэмжлээ. Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, дэд сайд Ц.Батбаяр, тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Л.Жаргалсайхан, МХЕГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр нар оролцсон.

Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-ын 2016 оны тавдугаар сарын 19-ний хуралдаанаар батлагдсан боловч УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу уг хуулийн эцсийн найруулгыг УИХ-д танилцуулж, ёсчлох, “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хэвлэн нийтлэх ажиллагаанууд хийгдээгүй аж. Иймд УИХ-ын арваннэгдүгээр сарын 16-ны хуралдаанаар буцаасан тул дахин өргөн мэдүүлж, хэлэлцүүлж байгаа юм байна. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Ногоон хөгжлийн бодлого”-ын баримт бичгүүдэд 2030 он гэхэд хог хаягдлыг дахин боловсруулах хэмжээг 40 хувьд хүргэж, байгальд булж устгах хаягдлын хэмжээг 40 хувь бууруулах зорилтыг тавьсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдрийн байдлаар 18 цэг дээр тээврийн хэрэгслийн татвар хураамж авч байна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдолын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг хураах ажлыг энэ сарын 9-нөөс эхлэн явуулахаар болсон. Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Авто тээврийн үндэсний төв, нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн алба, Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамтарсан ажлын хэсгээс татвар, төлбөрийн ажлыг хэрхэн ямар хэлбэрээр явуулах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн Засаг даргаас дүүргүүдийн Засаг дарга нарт тодорхой чиг үүрэг өгсөн байгаа. Чиг үүргийн дагуу өнөөдрөөс эхлэн дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр авто тээврийн хэрэгслийн албан татварыг хураан авах ажлыг зохион байгуулахаар болоод байна. Өмнөх жилүүдэд албан татвар, төлбөрөөс хоцорсон улсын бүртгэлтэй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжийг бүрэн хамруулах зорилготой ажиллана” хэмээв.

Нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал “Өнөөдрийн байдлаар бид 18 цэг дээр татвар хураамж авч эхлээд байна. Есөн дүүргийн Татварын хэлтэс ажлын цагийн хуваарийн дагуу иргэд, аж ахуй нэгжүүдэд үйлчилж байгаа. Мөн нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд /Дүнжингарав, Мишээл, Драгон/, АТҮТ-ийн оношлогооны гурван салбар дээр татвар хураах ажлыг зохион байгуулж байна. Иргэд дүүрэг, харьяалал харгалзахгүй татвар, төлбөрөө өөрт ойрхон салбаруудад төлөх боломжтой” гэлээ.

УБХ-ын ЗХУТ-ийн дарга Д.Одбаяр “Нийслэлийн хэмжээнд улсын бүртгэлтэй 480 мянга гаруй тээврийн хэрэгсэл байдаг. Үүнээс замын хөдөлгөөнд огт оролцдоггүй 50 мянга гаруй тээврийн хэрэгсэл бий. Зөрчлийн болон хяналтын камерт бүртгэгдэж байгаагаар татварын газрын болон бусад холбогдох байгууллагуудаас мэдээллийг татаж үзээд татвар төлсөн үгүйг мэдэх боломжтой. Мөн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүрч байгаа торгууль, шийтгэврийн хуудсан дээр хэзээ татвар төлбөрөө төлөх ёстой болон бусад мэдээллийг багтааж хүргүүлэхээр ажиллаж байна” гэв.

Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Я.Соронзонболд “Замын цагдаагийн албанаас иргэд, аж ахуйн нэгжүүд зохих хугацаанд авто тээврийн хэрэгслийн татвар, төлбөрийн төлсөн үгүйд хяналт тавин ажиллах болно. Мөн татвар төлбөрийг улсын дугаараас шалтгаалж тодорхой хугацаанд төлөхөөр хуваарилсан байгаа ч урьдчилан төлөх боломжтой юм” хэмээв.

Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлийн албан татвар, төлбөр хураах ажил 2017 оны нэгдүгээр сарын 9-нөөс тавдугаар сарын 31-ныг хүртэл явагдана.

1, 6-аар төгссөн бол нэгдүгээр сард
2, 7-оор төгссөн бол хоёрдугаар сард
3, 8-аар төгссөн бол гуравдугаар сард
4, 9-өөр төгссөн бол дөрөвдүгээр сард
5, 0-ээр төгссөн бол тавдугаар сард багтааж албан татвараа төлнө.

Манай улсад нийт 863 мянган авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүнээс өнгөрсөн онд 150 мянга орчим тээврийн хэрэгсэл ямар нэгэн байдлаар хөдөлгөөнд оролцоогүй байна. Мөн 21, 400 гаруй тээврийн хэрэгсэл огт татвараа төлөөгүй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Утаатай тэмцэгчид шүүхэд хандана

Утааны эсрэг ээж аавуудын холбооноос Засгийн газар, Хотын захиргааг шүүхэд өгөхөөр болсон байна. Тэд дээрх газруудаас нийслэлийн иргэдэд нөхөн олговрыг шаардах юм.

Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд Засгийн газар буруутай үйлдэл болон эс үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэнэ.

Утааны эсрэг ээж аавуудын холбооны дарга Ц.Пүрэвхүү “Эдийн засаг хүндэрсэн энэ үед хэдэн ээж нар нийлж улсын төсвөөс мөнгө авах гэж байна гэж битгий бодоорой. Хамгийн гол нь өнгөрсөн хугацаанд утаанд зарцуулсан мөнгө үр дүнтэй байсан эсэхэд дүгнэлт гарна. Хариуцлагагүй улстөрчид хариуцлага хүлээх жишиг тогтоно. Иргэдийнхээ төлөө ажилладаг хууль эрхзүйн орчинтой болох тал дээр ахиц авчирна гэж бодож байна.

Боломжгүй амьдралтай хэр нь хүүхэд нь өвдөөд ажлаасаа гараад орлогынхоо талыг эм тарианд зарцуулж байгаа айлуудад нөхөн олговор олгох ёстой. Хүүхдээ, ах дүүгээ утаанаас болоод алдсан гэр бүлүүд амь насыг нь нэхэмжлэх ёстой. Хүний амийг мөнгөөр хэмжих гэж байгаа юм биш.

Бидний бяцхан үрсийн эрүүл мэндийг үл хайхарч, шаардлагатай арга хэмжээг авалгүй цаг алдсан Засгийн газрын өндөр албан тушаалтнууд хариуцлагаа хүлээх ёстой. Өдий 15 жил өнгөрчихөөд байхад утааг арилгаагүйгээс болж хэдэн мянган үрс амиа алдаж, өвчинд шаналсаар ирсэн. Үүний хариуцлагыг хэн ч хүлээдэггүй байдлыг таслан зогсоох ёстой. Тийм учраас Засгийн газрыг шүүхэд өгч байна. Утаанаас үүдэлтэй өвчлөлд өртөж эмнэлэг, эмэнд зарцуулсан мөнгөө ээж нар Засгийн газраас нэхэмжилж авах болно” гэсэн юм.

Categories
гадаад мэдээ

Хятадын Үйлдвэр Худалдааны банк Монголд төлөөлөгчийн газраа нээнэ

Монголбанкны Захирлуудын Зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар БНХАУ-ын Үйлдвэр Худалдааны банкинд Монгол Улсад Төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ.

Хятадын Үйлдвэр Худалдааны банк нь Банкерс-Алманак байгууллагаас гаргадаг дэлхийн шилдэг банкуудын жагсаалтыг сүүлийн 3 жил дараалан тэргүүлсэн, зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагуудаас “А1” буюу тогтвортой зэрэглэл авсан, 42 улсад 400 гаруй салбар нэгжтэй oлон улсад нэр хүнд бүхий банк юм.

Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу Төлөөлөгчийн газар нь банкны үйл ажиллагаа эрхлэхгүй, зөвхөн өөрийн банкны нэрийн өмнөөс эрх зүйн төлөөлөл явуулах үндсэн үүрэгтэй байна.

Монгол Улсад 2008 оноос хойш Голланд Улсын Ай Эн Жи банк, БНХАУ-ын Банк оф Чайна, Япон Улсын Сумитомо Мицуи Банкны Корпораци болон Токио-Мицүбиши Банк Юу Эф Жэй банкны Төлөөлөгчийн газрууд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дээрх зөвшөөрлийг олгосноор гадаадын банкны нийт таван Төлөөлөгчийн газартай боллоо.

Categories
гадаад мэдээ

Япон улс Өмнөд Солонгост суугаа Элчин сайдаа хөшөөнөөс болж эргүүлэн татлаа

Япон улс өчигдөр Өмнөд Солонгос улсад суугаа Элчин сайдаа эргүүлэн татлаа. Энэ талаар Америкийн “CNNагентлаг болон Британийн “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Японы Засгийн газар өчигдөр Өмнөд Солонгос дахь Элчин сайд Ясүмасү Нагаминэ болон Бусан хот Японы Ерөнхий консулыг эргүүлэн татсан билээ. Токио ийнхүү Элчин сайдаа эргүүлэн татсан шалтгаанаа “Бусан хот дахь Японы Консулын газрын эсрэг талд байрлуулсан сууж буй охины дүрстэй хөшөөнөөс болсон” хэмээн албаныхан уламжлав.

Уг хөшөөг Солонгосын Иргэний хөдөлгөөний хэсэг гишүүн өнгөрсөн оны аравдугаар сарын 28-ны өдөр Японы Консулын газрын өмнө байршуулсан байна. Гэхдээ охины хөшөөг байршуулсан өдөр нь хот тохижилтын ажилчид буулгажээ. Харин Иргэний хөдөлгөөний гишүүд хотын удирдлагуудад дахин дахин хүсэлт гаргаж, өнгөрсөн сарын 30-ны өдөр хөшөөг Японы Консулын газрын өмнө байршуулах зөвшөөрөл авч, энэ сарын эхээр хөшөөг өмнөх байранд нь буцаан байршуулсан аж. Энэхүү үйл явдлаас болж Японы Элчин сайд Ясүмасү Нагаминэ Өмнөдийн удирдлагуудад хандан “Үнэхээр харамсалтай үйл явдал боллоо. Ганцхан хөшөө хоёр улсын дунд таагүй харилцаа үүсгэж, дипломат харилцаанд хүртэл сэв суулгах хэмжээнд хүрлээ. Эхний ээлжинд та бүхэн энэхүү хөшөөг буулгаж, албан ёсоор биднээс уучлалт гуйх хэрэгтэй” гэж мэдэгджээ. Гэхдээ уг хүсэлтийг Сөүлийн удирдлагууд хүлээн авахаас татгалзсан байна. “Хөшөө байрнаасаа хөдлөхгүй” хэмээн албаныхан мэдээлжээ.

Дэлхийн II дайны үед Японы армийханы эзлэн түрэмгийллийн үед бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан солонгос охид, бүсгүйчүүдийн гэгээн дурсгалд зориулан Солонгосын иргэний хөдөлгөөний гишүүд дээрх хөшөөг урлажээ. Дайны үеэр Японы армийнхан ойролцоогоор 200 мянга гаруй солонгос, тайвань, хятад, индонез охид, бүсгүйг хүчирхийлэн, тамлан зовоож байсан юм. Энэ бүсгүйчүүдийн ихэнх нь солонгос бүсгүйчүүд байсан гэнэ. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн солонгос бүсгүйчүүдээс өдгөө 46 нь амьд сэрүүн байна. Тэд хөшөөний нээлтэд ирж, Японы удирдлагуудыг албан ёсоор уучлалт гуйхыг шаардсан билээ.

Японы армийнхан солонгос бүсгүйчүүдийг дайны үеэр хүчирхийлдэг байсан гэх асуудлаас болж хоёр улсын удирдлагууд олон жилийн өмнөөс таагүй харилцаатай байсан юм. Япон улс өнгөрсөн 2015 он хүртэл “дайны он жилүүдэд армийнхан зүй бус авир гаргаж байгаагүй” хэмээн мэдэгдэж, хохирогч гэгдээд буй эмэгтэйчүүдээс уучлалт гуйхгүй хэмээн мэдэгдсээр байсан билээ. Гэхдээ өнгөрсөн 2015 оны тавдугаар сард уг асуудлаар хоёр улсын удирдлагууд анх удаагаа дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан юм.

Уулзалтын төгсгөлд Японы Ерөнхий сайд Шинзо Абе дайны үеэр бэлгийн мөлжлөгт өртөж байсан солонгос эмэгтэйчүүдээс уулчлалт хүсч, нөхөн төлбөр өгөхөө амласан юм. Амласан ёсоороо Японы Засгийн газар хохирогчдод нэг тэрбум иен буюу 8.6 сая ам.долларын нөхөн төлбөр олгосон билээ. Нөхөн төлбөрөөр уг асуудлыг эцэслэхээр хоёр тал тохиролцсон аж. “Цаашид энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэгдсэн гэж ойлгох болно” хэмээн Сөүлийн талаас ийнхүү мэдэгдэж байжээ.

Японы Консулын газрын өмнө сууж буй охины хөшөөг байрлуулсан өдөр Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ерөнхий нарийн бичгийн дарга Иошида Суга “Энэ хөшөөг Японы Консулын газрын өмнө байрлуулсан нь хоёр улсын харилцаанд таагүй нөлөө үзүүллээ. Япон болон Өмнөд Солонгос нь мөнхийн хөршүүд. Бид энэ асуудлыг шийдвэрлэх талаар Сөүлийн талд удаа дараа хатуу шаардлага тавьсан. Харамсалтай нь дорвитой хийгдсэн зүйл байхгүй учир Токио ийм арга хэмжээ авахад хүрлээ” гэж мэдэгдэж, Элчин сайдаа татаж буйгаа илэрхийлсэн байна.

Уг мэдэгдлийг Сөүлийн тал “хөөрхийлөлттэй” хэмээн тодорхойлжээ. Хоёр улсын харилцаа хэрхэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Сүүлийн үеийн мэдээгээр Япон, Өмнөд Солонгостой хийхээр ярилцаж байсан валют солилцох асуудлыг тодорхойгүй хугацаагаар зогсоож, эдийн засгийн талаарх дээд хэмжээний уулзалтуудыг цуцалсан байна.