Categories
мэдээ нийгэм

Даяаршсан дэлхийн цахим иргэншил

2014 оноос Эстон улсад “e-residency” хэмээх цахим иргэншил олгох төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хүрээнд Их Британид амьдардаг, “The Econo­mist” сэтгүүлийн редактор Эдвард Лукас Эстонийн цахим иргэншлийг хүртсэн анхны хүн болжээ. 2014 оны арванхоёрдугаар сарын нэгний өдөр Эдвард Лукаст цахим иргэншлийн картыг албан ёсоор гардуулах ёслол ажиллагаа болсон. Эстон улс нь зүүн Европт Балтийн тэнгисийн эрэгт оршдог 1,3 сая гаруй хүн амтай жижигхэн улс. Уг төслийг хэрэгжүүлэх болсон нэг зорилго нь дэлхий нийтийн анхаарлыг татаж, хөрөнгө оруулалт хийхэд ашигтай улс болохоо олон нийтэд таниулах явдал. Нөгөө талаас “e-residency”-ийг хэрэгжүүлснээр шинэ технологийг нэвтрүүлсэн байна. Хамгийн гол нь дэлхийн аль ч улсад амьдардаг хүнд Эстонийн цахим иргэншил авах боломжийг олгосон юм. Дэлхий глобалчлагдаж, техник технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед энэ нь цаг хугацаа, зардал зэргийг хэмнэх гээд маш хэрэгтэй алхам болсон. Эстонид бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүст бүр ч хэрэгтэй.

Эстонийн цахим иргэншилтэй хүн тус улсын газар нутагт амьдардаггүй ч төрөөс нь үзүүлж буй үйлчилгээнд хамрагдахаас гадна банкинд данстай болно. Ингэхдээ банкинд данс нээлгэх заавал Эстонид очих шаардлагагүй. Цахим иргэншлээ үндэслэн цахим гарын үсгээ илгээх зэргээр бүрэн эрхтэй үйлчлүүлэгч болно. Цахим иргэншлээр дамжуулан албан ёсны баримт бичигт гарын үсэг зурах зэрэг ажлыг хөнгөвчилсөн. Өөрөөр хэлбэл, хилийн чанадад амьдардаг хүн цахим гарын үсгээ илгээхэд хангалттай. Засгийн газраас ажиллуулж буй тусгай сайтаар дамжуулан 20-30 минутын дотор шинэ компаниа нээх боломжтой. Эстони улс нь хоёр иргэншилтэй байхыг зөвшөөрдөг тул энэ төслийг хэрэгжүүлэхэд давуу тал нь болжээ.

Цахим иргэншил авах хүсэлтэй хүмүүс мэдээжийн хэрэг өөрийнхөө талаарх бүх мэдээллийг явуулж зохих бүх бичиг баримтуудыг бөглөж өгнө. Эдгээр мэдээлэл нь үнэн эсэхийг Эстонийн зүгээс шалгана. Хүсэлт гаргагчид нь төрийн үйлчилгээнд хамрагдсаны хөлсөнд 50 евро төлнө. Ингээд ямар нэгэн харшлах зүйлгүй бол цахим иргэншлийг батлах ID картыг олгоно.

Тус улсын эдийн засаг, мэдээлэл холбооны яамнаас уг төслийг хэрэгжүүлсэн бөгөөд үүгээр дамжуулан гадаадаас 10 сая хүнд цахим иргэншил олгоно хэмээн төлөвлөсөн байна. Ингэхдээ 2025 он гэхэд зөвхөн төрийн үйлчилгээний хөлсөнд төлсөн мөнгөнөөс улсдаа 500 сая еврогийн орлого оруулна гэсэн тооцоо гаргачихаад байгаа. Түүнээс гадна гадны бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалт хийж шинэ компани байгуулж энэ нь шинээр ажлын байр бий болгоно гэсэн үг.

Төслийн бас нэгэн давуу тал нь дээр дурдсанчлан шинэ технологийг нэвтрүүлснээр Эстонийн техник технологийн салбарын хөгжилд чухал ач холбогдолтой. Ер нь тус улсын эрх баригчид цахим үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлж, үлгэр жишээ болохоо харуулах гэнэ. Тиймээс Засгийн газар нь энэ чиглэлээр дэлхийд тэргүүлэх бодлого баримталж байгаа.

Энэ төсөл Эстонийн эдийн засагт ач тустайгаас гадна хүн амын өсөлтөд ч эерэг нөлөөтэй юм. Тус улс нь хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд ордог байсан тул хамаатан садан нь хилийн чанадад амьдардаг хүмүүс нэлээд бий. Тиймээс эдгээр хүмүүст Эстонид хүссэн цагтаа ирдэг болох бас нэгэн боломж нээгдэнэ. Мөн гадаадын иргэн болсон эстоничуудыг эргүүлэн нутагт нь татах бодлого болох юм байна.

Иймэрхүү төслийг хэрэгжүүлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлж өгөх нь маш чухал. Манай улс иймэрхүү төсөл хэрэгжүүлбэл гадаадын иргэншил авсан монголчуудаа эргүүлэн татах бас нэгэн боломж нээгдэнэ. Гадаадын хөрөнгө оруулалт хамгийн ихээр яригдаж байгаа нөхцөлд тун ч муугүй санаа. Гэхдээ хамгийн түрүүн давхар иргэншлийн асуудлыг шийдэж байж цахим иргэншил олгох нөхцөлийг бүрдүүлж өгөх юм. Мөн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлж энэ салбарыг хөгжүүлнэ. Тиймээс 1,3 гаруй хүн амтай Эстониос үлгэр жишээ авъя.


Categories
арын-нүүр булангууд мэдээ

Унаагаа хуваалцъя

Улаанбаатарын түгжрэлд уртын урт цуваа болон эгнэн зогссон машинуудыг харж байхад таксинаас бусад нь ихэнхдээ л ганц жолооч яваа харагддаг. Нэг машинд нэг хүн. Ажил нь хоёр өөр зүгт байдаг эхнэр, нөхөр хоёр өглөө нэг нэг машин унаад гарах нь ч бий. Тиймээс ч нийслэлд 390 шахам мянган автомашин замын хөдөлгөөнд оролцож байна.

Нэг нэгээрээ машинтай явснаас нэг машинд гурав, дөрвөн хүн суугаад явдаг бол замын ачаалал буурах төдийгүй агаарын бохирдол ч буурна. Үүнийг аль хэдийнэ улс орнууд шийдчихжээ. Америкт л гэхэд “rideshar­ing” буюу унаа хуваалцах гэх нэршлээр хэрэглээнд нэвтэрсэн байна. Uber компани энэ технологио анх “Машинтай хүн бүр ажилдаа явах замдаа такси барихыг хүсч байгаа хүмүүсийг очих газарт нь хүргэн өгч яагаад болохгүй гэж” гэсэн уриагаар гаргаж ирсэн байдаг. Энгийнээр хэлэх юм бол тухайн апплэкейшныг татаж авсан хүн хаанаас хаана хүрэх мэдээллээ оруулахад таксины жолооч эсвэл машинтай хэн нэгэн зам дагуу бол холбогдоод зорьсон газарт хүргээд өгдөг. Энэ үйлчилгээ нь хөлс мөнгөө тохиролцож болдог давуу талтай болохоор үйлчлүүлж байгаа хүн нь хэмнэлт хийгээд сэтгэл хангалуун бууна.

Иймэрхүү үйлчилгээг “Буят-Ухаа” хорооллынхон их хэрэглэдэг. Тэдний фэйсбүүк групп дээр “Өглөө эрт хотын төв явах унаа байна уу”, “Өглөө тэдэн цагт хотын төв руу явна шүү” гэх мэтийн зар их харагддаг. Хөлс мөнгөө таксиныхаас багаар тохиролцоод хүмүүсийг аваад явахад хэн хэндээ л нэмэртэй.

Uber компанийн “унаагаа хуваалцах” үйлчилгээг Монголын хэсэг залуус дуурайж “Easyride” апплэкэйшн гаргасан талаар мэдээлж байсан ч хэрэглээ нь хязгаарлагдмал бололтой.

Хальтиргаатай замд машин барихаас залхмаар энэ өдрүүдэд унаагаа хуваалцах үйлчилгээг улам боловсронгуй, хүртээмжтэй болгомоор санагддаг юм. Таксинд өгдөг мөнгөнийхөө талаар нь өглөө гэрийнхээ орчмоос ажлын зүг явах унаанд дайгдаад, орой ажлынхаа гаднаас гэрийн зүг явах унаанд суугаад харьчихмаар л байна шүү дээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалын хуваарь

Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы 1 дүгээр сарын 9-өөс 13-ны өдрүүдэд намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарь.


НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 09-ний Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 09-ний Даваа гарагт:

  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн хэрэгжилт, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал дүгнэлт боловсруулах Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас Шинжлэх ухааны нэгдсэн I дүгээр байр, Хөдөө аж ахуйн их сургуулийн байранд;
  • Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.30 Шинжлэх ухааны нэгдсэн I дүгээр байранд;
  • Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн хувь тогтоосон тэтгэврийн хэмжээг бууруулсан, хассан асуудлаарх холбогдох албан тушаалтнаас тайлбар авах Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

01 дүгээр сарын 11-ний Лхагва гарагт:

  • Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий Нийгмийн, бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны байранд;
  • Шинжлэх ухааны академи түүний салбар академийн гишүүд, Академийн их чуулган, Бага чуулганы гишүүд болон МУИС, ХААИС, ШУТИС, АШУҮИС-ийн ректоруудтай хийх Нийгмийн, бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан 11.00 цагаас Шинжлэх ухааны академийн байранд.

01 дүгээр сарын 12-ны Пүрэв гарагт:

  • Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн багш, сонсогчид Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны үйл ажиллагаатай танилцах 10.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;
  • Ахмад настны тухай болон Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.30 цагаас 334 тоот өрөөнд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 10-ны Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын 9 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 16 гишүүд 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Аялал, жуучлалын салбарын өнөөгийн байдал болон эдийн засгийг сэргээх хөтөлбөрт аялал, жуулчлалын талаар тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц, тулгамдсан асуудлуудын талаархи Байгаль, орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл;
  • Ажлын хэсэг байгуулах тухай;
  • Бусад.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Цөмийн энергийн салбарын өнөөгийн байдлын талаар” Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын мэдээлэл;
  • Ажлын хэсгүүд байгуулах тухай.

4.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 5 гишүүн 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 12, 13-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

  • “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 5 гишүүн 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын 9 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 16 гишүүд 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газраас 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Донорын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газраас 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Бусад;
  • Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс “1995-2015 оны Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө, түүний зарцуулалт, Нийгмийн даатгалын сангийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох;
  • Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас “Инновацийн тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиудын хэрэгжилт, хуулийг хэрэгжүүлэх хүрээнд батлагдан гарсан болон гарах журмууд, тэдгээрийн хэрэгжилт, Засгийн газрын 2014 оны 374 дүгээр тогтоолын хэрэгжилт, үндэсний инновацийн тогтолцоо, инновацийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.
Categories
мэдээ спорт

Эмэгтэйчүүдийн 55 кг-н жинд Э.Даваачимэг алтан медаль хүртлээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ “Буянт Ухаа” спорт цогцолборт үргэлжилж байна.

Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тус тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож байна.

Эмэгтэйчүүдийн 55 кг-д өрсөлдөж буй Э.Даваачимэг А.Батцэцэгийг ялж, аваргаллаа.

Тэд хоёулаа залуучуудын ДАШТ-д түрүүлж, монгол түмнээ баярлуулж байсан шилдэг бөхчүүд.

Э.Даваачимэг “Энэ жил бэлтгэл сайтай байсан болохоор түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Намайг дэмжиж, тусласан бүх хүнд баярлалаа. Дэлхийн аваргад оролцож, түрүүлэх зорилготой” хэмээн баярын сэтгэгдлээсээ хуваалцлаа.

Categories
мэдээ спорт

Эмэгтэйчүүдийн 48 кг-н жинд Э.Нарангэрэл гурав дахь түрүүгээ хүртлээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ “Буянт Ухаа” спорт цогцолборт үргэлжилж байна.

Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тус тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож байна.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглож буй ОУХМ Э.Нарангэрэл аваргын төлөөх барилдаанд Б.Чимгээг цэвэр ялж, түрүүллээ. Тэрбээр ийнхүү УАШТ-ээс гурав дахь түрүүгээ хүртэж байгаа нь энэ. Э.Нарангэрэл хэсгийн аваргын төлөөх барилдаанд гавьяат тамирчин Ц.Энхжаргалыг ялсан юм.
Э.Нарангэрэл “УАШТ-д аваргална гэдэгтээ итгэлтэй байсан. Одоо бэлтгэлээ сайтар базааж байгаад И.Ярыгины нэрэмжит Алтан гран прид түрүүлэх зорилготой. Тус тэмцээнээс өнгөрсөн жил хүрэл медаль авсан. Энэ жил амжилтаа ахиулж, аваргалах нь миний хамгийн ойрын зорилт” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцлаа.

Categories
мэдээ спорт

Улсын 12 удаагийн аварга Ц.Энхжаргал хүрэл медаль хүртлээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ “Буянт Ухаа” спорт цогцолборт үргэлжилж байна.

Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тус тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож байна.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглож буй улсын 12 удаагийн аварга, гавьяат тамирчин Ц.Энхжаргал хүрэл медалийн төлөөх барилдаанд “Арслан” клубийн тамирчин С.Энхтунгалагийг оноогоор цэвэр яллаа. Тэрбээр УАШТ-д 15 дахь удаагаа оролцож байгаа нь энэ. УАШТ-ий 12 алт, хоёр мөнгөн медальтан боллоо.

Ц.Энхжаргал гавьяат үрийн зулай үнэрлэн, их спортоос түр хөндийрснийг манай уншигчид андахгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Болдогсон бол хаалгыг нь онгойлгоод охиноо гаргаж авмаар байна

Дэд бүтцийн сайд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан 25 жилийн хорих ял авсан Б.Содномдаржаагийн ар гэрийнхэн өнөөдөр /2017.01.07/ Орхон аймгийн “Уурхайчин” соёлын төвийн урд талбайд 12.00 цагаас тайван жагсаал зохион байгуулжээ. Мөн тэд энэ жагсаалын үеэр хэргийн тухай шинэ баримт дэлгэнэ гэсэн юм.

Гэвч иргэдийн жагсаал 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 40 минут орчим үргэжилсний дараагаар жагсаалыг хууль хяналтын байгууллагынхан тараасан байна.

Дээрх жагсаалыг зохион байгуулахын тулд Б.Содномдаржаагийн ар гэрийнхэн зөвшөөрөл хүссэн ч олгоогүй аж. Зөвшөөрөл олгох боломжгүй гэдэг хариуг Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт өгсөн байна. Тэрбээр “Хөрш зэргэлдээ аймаг, орон нутагт малын гоц халдварт цэцэг өвчин гарсан учраас нийтийг хамарсан жагсаал, цуглаан хийхийг хориглосон сумын Засаг даргын захирамж гарсан” гэжээ.

Жагсаалын үеэр Т.Чимгээгийн ээж Маруш “Миний охин 1969 онд төрсөн. Гэртээ гурван хүүхдээ хараад л амьдардаг. Миний охин ял авсанд Ц.Амгаланбаатар холбоотой. Хууль, шүүхийн байгууллага үнэнийг шийднэ гэж найдаж байсан. Гэтэл шүүхийн шийдвэрээр миний охинд 24 жилийн ял оноолоо. Миний охин энэ ялыг сонсоод маш их балмагдсан. Саяхан төрсөн ах нь очиж уулзсан. “Намайг эндээс гаргаад өгөөч” гэж гуйсан гэсэн. Би болдогсон бол хаалгыг нь онгойлгоод охиноо гаргаж авмаар байна” гэжээ.

Харин С.Зориг агсны хэрэгт буруутгагдан 25 жилийн хорих ял авсан Б.Содномдаржаагийн ээж Жавзмаа “Манай хүүг 461 дүгээр хорих ангид долоо хоногийн турш хэрэг хүлээлгэх гэж дарамталсан. Ц.Амгаланбаатар гэх энэ хүн яахаараа хоёр хүнийг чирч байгаа юм бэ. Миний хүү хэрэг гарах үед аавтайгаа хөдөө байсан. Би Улсын дээд шүүхэд өргөх бичиг барина” хэмээн ярьсан талаар Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтан хэллээ.

Categories
мэдээ улс-төр

Батлан хамгаалахын сайд 21 аймгийн засаг даргатай гэрээ байгууллаа

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ 21 аймгийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээг 2017.01.06-ны өдөр төрийн ордонд үзэглэлээ.Өнгөрсөн онд “Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны эрх зүйн орчинг төгөлдөржүүлэх” гэсэн зорилго, түүний хүрээнд тодорхойлсон зорилтуудаа амжилттай хэрэгжүүлсэн бол энэ онд хууль тогтоомжид заасан уламжлалт ажил, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээс гадна Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд орон нутагт хэрэгжүүлэх батлан хамгаалах үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах юм. Тухайлбал “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, батлан хамгаалахын багц хуулийн шинэчлэл, батлан хамгаалах бодлого, зорилтыг сурталчлах, нээлттэй болгох ажлыг шинэлэг агуулга, хэлбэрээр улс орны хэмжээнд зохион байгуулах, цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх ажлыг аймаг, орон нутагтаа бодлогын түвшинд авч үзэж хэрэгжүүлэх гэх мэт чиглэлүүдийг хамарч байгаа юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Г.Ариунбаатар: Мөрдэстэй уран бүтээлч байхын жаргалыг мэдэрч явна

“Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, цагдаагийн ахмад Г.Ариунбаатарыг “Цагдаа” эмхтгэлийн 2016 оны IV улирлын дугаарын зочин хоймортоо урьж уран бүтээлийн талаар, мөрдэстэй уран бүтээлчийн тухай хөөрөлдлөө.


-Танд шинэ оны мэнд хүргэе. Шинэ оноо сайхан угтав уу?

-Баярлалаа. 2017 он монголчуудад минь, цагдаагийн албаны мөрдэс нэгт хийморьлог бүлд маань ээлтэй, сайхан жил байх болтугай.

-Улиран өнгөрсөн 2016 он амжилт бүтээл дүүрэн гялалзсан жил байлаа, таны хувьд.

-Одоогоос найман жилийн өмнө цагдаагийн “Сүлд” чуулгын алба хаагч болохоор шалгуулж тэнцээд орж байлаа. Цагдаагийн байгууллагадаа ажиллахын хажуугаар дуурийн дуулаачийнхаа мэргэжлээр хичээнгүйлэн бэлтгэл хийсний дүнд амжилт гаргаж, Монгол Улсын гавьяат жүжигчин цол, Их хааныхаа нэрээр нэрлэгдсэн “Чингис хаан” одон хүртлээ, цагдаагийн ахмад цолоор шагнагдлаа.

-Энэ хүндтэй шагналууд цаашид ихийг хийж бүтээх урам, дэм хайрласан байх. Мөрдэстэй уран бүтээлч байна гэдэг бусад уран бүтээлчээс арай онцгой байх.

Мөрдэстэй уран бүтээлч, тэгээд офицер байна гэдэг энгийн дуучдаас ялгаатай л даа. Анх цагдаагийн байгууллагад дэд ахлагч цолтой томилогдож, цагдаагийн албаны дүрэм, журмаас эхлээд бүх зүйлийг нь судалж, суралцаад явсан болохоор цаг барих, аливаад зарчимтай, ёс зүйтэй хандах зэрэг төлөвшлийг олж авсан. Миний гаргасан амжилт бүхэн цагдаагийн байгууллагатай салшгүй холбоотой. Глинкийн уралдаанд түрүүлсэн цагаас эхлэн байнга дэмжиж, ажлаас чөлөөлөн “Ариунбаатар аа чи бэлтгэлээ хий, амжилт гаргана шүү” хэмээн сэтгэл зүйгээр болон бусад зүйлээр дэмжиж байсан, одоо ч дэмжсээр байгаа Цагдаагийн ерөнхий газрын зөвлөл, үе үеийн дарга нар, “Сүлд” чуулгын удирдлагууддаа ямагт талархаж явдаг. Монголын цагдаагийн хийморьлог эрчүүдийн нэг нь гэж бодоход сайхан шүү. Хааяа жагсаал хувцсаа өмсөх боломж олдоход дахин дахин толинд хармаар санагдаад байдаг юм. Илүү их эрч хүчийг авч, мөрдэстэй уран бүтээлч байхын жаргалыг мэдэрч явна.

-Одоогоос найман жилийн өмнө гэхээр 2009 онд “Сүлд” чуулгын бие бүрэлдэхүүнд багтжээ. Ямар хувь тохиолоор цагдаагийн уран бүтээлч болов?

-Би 2005 онд СУИС-д элссэн. Гэхдээ амьдралын бололцооноос шалтгаалан хоёр жил сурсны эцэст сургуулиа орхих болж, өөр ажил хийж явахдаа тухайн үеийн “Сүлд” чуулгын дарга Л.Гаваасүрэн хурандаатай таарсан. Тэрбээр “Манайх шинэчилсэн зохион байгуулалтад орж, үйл ажиллагаагаа сэргээх гэж байгаа. Өндөр нуруутай, сайхан авьяастай хүү байна, очоод шалгуулаад үзвэл яасан юм бэ” гэсэн. Би очиж шалгуулаад тэнцэн, цагдаагийн байгууллагын босгыг алхсан даа. Тэр цагаас эхлээд л намайг маш их дэмждэг байсан. Манай чуулга хоёр жилийн дотор театр, чуулгуудын дунд болдог болон олон улсын чанартай уралдаанд тэргүүн байр эзлэх зэргээр амжилт гаргаж эхэлсэн дээ.

-Цагдаагийн албанд тэнцээд анх цол авч, мөрдэс зүүх мөчид юу бодогдож байсан бол?

-Ер нь Монгол эр хүн цэргийн алба хаах, мөрдэс зүүж, тангараг өргөнө гэдэг хамгийн сайхан зүйл гэж би боддог. Анх цагдаагийн дэд ахлагч цол авахдаа “Төрийн хайр, хүндэтгэлийг хүртэж төрийн жинхэнэ алба хаагч цагдаагийн бие бүрэлдэхүүнд орлоо. Цаашдаа ямагт хичээж ажиллах ёстой, энэ албаны нэр хүндийг өргөж явах хэрэгтэй” гэж бодож байсан. 2011 онд цагдаагийн дэслэгч цол авч, офицерийн бүрэлдэхүүнд орохдоо бүр их урам авч байлаа, их сайхан байсан. Цол нэмчихээд жагсаал хувцастайгаа гадуур явахад хүн бүр хүндлээд байгаа ч юм шиг дотно дулаахан сэтгэгдэл төрдөг.

-“Монгол төрийн цагдаа” дууг МУГЖ Т.Баясгалантай хамтран дуулсан нь олон хүний таашаалд нийцсэн. Энэ тухай…?

-Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Найданжав хэмээх мундаг хүн хөгжмийг нь зохиосон “Монгол төрийн цагдаа” дууг МУГЖ Т.Баясгалан эгчтэй хамтран дуулж, дүрсжүүлэн олонд хүргэсэн. Цагдаагийн алба хаагчид болон сонсогчид маань бидний уран бүтээлийг сайхан хүлээж авсанд их урамшдаг.

-Дуурийн дуучин Г.Ариунбаатар 2016 онд уран бүтээлийн арвин ургац хураасан болов уу гэж бодож байна.

Өнгөрч буй 2016 онд миний амьдрал, уран бүтээлд олон сайхан өөрчлөлт, дэвшил гарлаа. Дэлхийн томоохон театруудад Монгол Улсынхаа болоод цагдаагийн алба хаагч гэдэг нэрээ гаргалаа. Ингэж хэлсний учир гэвэл, Дэлхийд намайг сонсдог хүн бүр намайг цагдаагийн алба хаагч гэдгийг мэддэг. Миний танилцуулга бүх зүйл дээр цагдаагийн алба хаагч гээд бичсэн байдаг юм. Дэлхийн гайхалтай театруудад дуулах хувь тохиол надад оногдсон. ОХУ-ын “Марийнский” театрт гоцолж байна, Москвад “Большой” театрт дууллаа, БНСУ-ын дуурийн театрт бие даасан концертоо хийсэн, Кармен дуурьт очиж дуулсан. Энэ бүх замыг туулж явахдаа анх “Сүлд” чуулгын босгоор алхахад минь дэмжиж туслаагүй бол өдий зэрэгт хүрэхгүй байсан гэж бодож явдаг. Олон хүний итгэлийг даана гэдэг их сайхан ч бас хэцүү. Цаашид Монгол Улсынхаа, Монголын цагдаагийнхаа алдрыг дуурсгасан олон бүтээл хийнэ гэж бодож явна.

-Их хааны өлзий оршсон “Чингис хаан” одон хүртсэн хамгийн залуу эрхэм болсон. Тэр хүндэт индэр дээрээс аав, ээж, олон алдар цуутан болоод ард түмнийхээ өөдөөс хараад үг хэлж байх мөчийн сэтгэгдэл одоо ч танд хадгалаастай байгаа болов уу?

Энэ эрхэм шагналыг зөвхөн Г.Ариунбаатарын хийсэн бүтээсэнд биш дуурийн урлагт, миний ажиллаж байгаа цагдаагийн албанд хүртээсэн гэж бодож байгаа. Ийм залуудаа төрийнхөө дээд шагналыг хүртэж байгаадаа баярламаар, нөгөөтэйгүүр их айдастай байдаг юм билээ. Хүн шагнал хүртэж болно. Харин түүнээ дааж явах нь чухал гэж боддог. Уран бүтээл болоод бусад бүх зүйлээрээ энэ эрхэм цолыг дааж явах ёстой. Мөрдэстэй, аливаа зүйлийн эрэмбэ дарааг мэдэрдэг хүний хувьд гайгүй болов уу гэж бодож байна. Ингэж сэтгэж, дагаж яваагийн учир олон сайхан шагнал, уралдаан, тэмцээнд магнайлах хувь тавилан надад ирсэн болов уу хэмээн бодож явдаг юм.

-Айлчлан ирсэн ондоо ч мөн амжилтаас амжилтад өртөөлөн ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэж байна. 2017 оны төлөвлөгөөг сонирхвол?

-За баярлалаа. Илүү ихийг хийж бүтээхийн бодож, төлөвлөж байна. Тэр бүгдийгээ биелүүлээд бас олон сайн театр, сайхан жүжигт дуулсан амжилттайгаар дараа жилийн өдийд сонин сайхнаа хуучлан сууна гэж найдаж байна.

-Амжилттай явахад агуу их авьяасаас гадна хөдөлмөр маш чухал гэж боддог. Ярилцлагын төгсгөлд залуустаа хандаж хэлэх үгийг тань сонсъё.

Авьяас байгалиас заяаж болно. 99 хувийн хөдөлмөр, нэг хувийн авьяас гэдэг. Тиймээс маш сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Сайн хөдөлмөрлөөд, зөв газраа олж очин, бэлтгэлээ зөв хангаарай гэж хэлье.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн 40 алба хаагч Хөх хотод сургалтад хамрагдлаа

Цагдаагийн байгууллагын 40 алба хаагч Хөх хот дахь Цагдаагийн ажил мэргэжлийн дээд сургуульд “Мансууруулах бодис болон Терроризмын гэмт хэрэгтэй тэмцэх” сэдэвт сургалтад хамрагдлаа.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Гадаад улсад сургалтад оролцуулах тухай” Б/705 дугаар тушаалаар БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам, ӨМӨЗО-ны Дотоодыг хамгаалах тэнхим хамтран зохион байгуулсан тус сургалт өнгөрөгч 12 дугаар сарын 21-ний өдрөөс энэ сарын 4-нийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн юм. Сургалтад хамрагдсан алба хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар ахалж яваад иржээ.

Мансууруулах бодис болон терроризмтой холбоотой гэмт хэргүүд нь аль нэг улсаар хязгаарлагдахгүй үндэстэн дамнасан шинжтэй байдаг учир Монгол Улс төдийгүй дэлхий нийтийн тулгамдсан, анхаарах ёстой асуудал. Манай улс ч энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр анхаарал хандуулж ажилласаар ирсэн. Энэ сургалт цаг үеэ олсон, өргөн хэмжээний ач холбогдолтой болсон гэж хоёр орны төлөөлөгчид дүгнэсэн байна.