Categories
мэдээ цаг-үе

“Сэрэлт”-ийн Бумаа буюу жүжигчин Т.Цэвээнжавын хүү Б.Батцэвээн: Ээжийнхээ тоглосон киног үзэхэд дэргэд байгаа юм шиг л сайхан санагддаг


“Сэрэлт” киноны Бумаа нэрээр нь орчин үеийн театрын урлагийн нэрт зүтгэлтэн, Монголын XX зууны манлай эмэгтэй жүжигчин, Улсын гавьяат жүжигчин Т.Цэвээнжавыг танихгүй хүн ховорхон. Тэрээр нэгэнтээ “Жүжигчин хүн олон дүр бүтээснээрээ бус харин аль нэг дүрийг төгс төгөлдөр бүтээж байж амжилтад хүрнэ. Жүжигчин хүн нэг дүрийг давтагдашгүйгээр бүтээх ёстой. Энэ их чухал шүү. Бумаагийн дүрд тоглосны дараа дахин өөр ээжийн дүрд тоглоход Бумаа харагдахгүй байх ёстой” хэмээн 1963 онд кино драмын ангийн оюутнуудад зөвлөжээ. Түүний төрөлх авьяас, эл зарчим хосолж тайз, дэлгэцнээ давтагдашгүй дүрүүдээ мөнхөлсөн нь дамжиггүй. Ийнхүү Монголын тайз, дэлгэцийн урлагт 1950-1960-аад оны үед од болон гялалзаж байсан тэрээр эдүгээгээс 100 жилийн тэртээ мэндэлжээ. Ингээд түүний хүү Батзундуйн Батцэвээнтэй ярилцсанаа хүргэж байна.


-Энэ жил Т.Цэвээнжав гуайн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд ямар арга хэмжээ зохиосон бэ?

-УДЭТ-аас тэгш ой нь тохиож буй тайз, дэлгэцийн алдартнуудаа хүндэтгэн, уран бүтээлийн дээжээс нь үзэгч олондоо хүргэх “Алтан тайзны эзэд-Бид мартахгүй” хүндэтгэл ёслолын үйл ажиллагаа зохиодог. Үүнтэй холбоотойгоор ээжийн минь мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Монгол талаасаа нэгдүгээр хүн” хүндэтгэлийн тоглолт болсон. Мөн “Алтан тайзны эзэд-Бид мартахгүй” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан. Энэ жил олон ч сайхан уран бүтээлчийн тэгш ой давхцаж байгаа юм билээ.

-Ээж тань аль нутгийн хүн бэ. Эхээс хэдүүлээ вэ?

-Миний ээж 1916 онд Дорнод аймгийн Матад сумын нутаг Цагаан дэрс гэдэг газар энгийн малчин айлд төрсөн. Ээж минь эхээс долуулаа. Айлын ууган охин. Дүү нарынх нь үр удам нутагтаа аж төрөн амьдарч байгаа. Харин хамгийн бага дүү нь хотод ажиллаж, амьдарч байсан.

-Таны ээж урлагт анх хэрхэн хөл тавьж байсан юм бол?

-Ээж минь 20 нас хүртлээ эцэг, эхтэйгээ хамт амьдарч байгаад аавтай гэр бүл болсон юм билээ. Миний аавыг Батсундуй гэдэг. Унаган хотын хүн. Матад суманд цэргийн алба хааж байхдаа ээжтэй танилцаж л дээ. Аав Матадын наймдугаар Хуягт дивизийн Улс төрийн удирдагч албан тушаалтай офицер явсан хүн. Харин 1936 онд хот руу явахдаа ээжийг аваад хамт ирсэн юм билээ. Хотод ирээд шаазан ваарны үйлдвэр, гар оёдлын артельд ажил хийж байсан. Ээж дуу, хуур бүжиг наадамд дуртай хүн байсан учраас сайн дурын уран сайханчдын дугуйланд явдаг байж. Харин дараа нь Хөгжим бүжгийн сургуульд орж суралцсанаар жүжигчин болох эхлэл нь тавигдсан. Сургуулиа төгсөөд л 1944 онд театрт жүжигчнээр орсон юм билээ.

-Г.Цэвээнжав гуай тайз, дэлгэцийн олон сайхан дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногштол бүтээсэн. Тиймээс ч найруулагч, театр судлаачид их үнэлдэг…

-Театрт жүжигчнээр орсноос хойш ээж минь тайз, дэлгэцнээ олон сайхан дүр бүтээсэн байдаг. 1947 онд А.Корнeйчүкийн “Платон Крeчeт” жүжгийн Кeрeстина Пахиповнад тоглохдоо нас ахисан боловч угийн хөдөлмөрч зангаараа улаан цэргийн эмнэлэгт сувилагч хийдэг, бүхний хайр хүндэтгэлийг хүлээсэн сайхан сэтгэлт ганц биe, наргианч авгайн дүрийг бүтээсэн бол, 1948 онд Д.Намдаг, Ш.Нацагдорж нарын “Залуу үe” жүжгийн багш Оюуны дүрд тоглож, сурган хүмүүжүүлэгч хүний ажигламтгай, шийдэмгий чанарыг сайн үзүүлж чадсан байдаг юм. Харин 1951 онд Ойдовын “Далан худалч” жүжгийн Пагма авгайн дүрд тоглохдоо залуу үeдээ завхай явдлаар амьдралаа хийж явсан, тэжээж өсгөсөн Алимаа охиноо баян пүүсийн өвгөн Луухаанд худалдаж өөртөө ашиг олох гэсэн эрээ цээрээ алдсан, шунахай авгайн дүрийг чадварлаг бүтээж үзэгчдээс өндөр үнэлэлт авсан байдаг. Мөн 1954 онд А.Островскийн “Аянга” жүжгийн гол баатар харгис Кабаниха авгай, мөн Дэн И Хэгийн “Буурал бүсгүй” жүжгийн Хуан Муд тоглохдоо харгис, дотуур тамиртай эмэгтэйн дүрийг бүтээсэн бол 1960 онд Ж.Цэрэнгийн “Будамшуу” инээдмийн жүжигт мөн л чадварлаг тоглосон байдаг. Театрын жүжигчин байсан учраас төдийлөн олон кинонд тоглож чадаагүй болов уу. Хэдий цөөн кинонд тоглосон ч ээж минь Монголын кино урлагт цайлган цагаан сэтгэлтэй шударга, наргианч зантай эмэгтэйн дүрийг мөнхөлж чадсан юм. Түүний нэг нь 1957 онд хийгдсэн “Сэрэлт” киноны цайлган цагаан сэтгэлтэй Бумаагийн дүр яах аргагүй мөн. Энэхүү кинонд орос эмчийг угтаж, дэлгүүрээс юм худалдан авч, шал угааж, бичиг заалгаж байгаа болон лавлаа Дашийг зэмлэн загнаж байгаа зэрэг нарийн тоглолт нь үзэгчдийн сэтгэлийг эрхгүй татдаг. Энэ бүхэн нь кино урлагт цоо шинэ дүр болсон хэмээн судлаачид үнэлдэг юм билээ. Мөн 1970 онд “Хүргэн хүү” киноны Дэмбэрэлийн ээж Санжид зэрэг олон сайхан ээжүүдийн дүрийг бүтээсэн. Найруулагч, зохиолч хоёрын дутууг гүйцээж сэтгэдэг гэж урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт кино найруулагч Р.Доржпалам хэлсэн байдаг юм. Р.Доржпалам гуайн 1959 онд хийсэн “Морьтой ч болоосой” киноны Дондогийн ээж Ханд, 1963 онд “Энэ хүүхнүүд үү” киноны нэгдлийн дарга Жамцын гэргий Долгор, “Хөхөө гэрлэх дөхлөө” зэрэг кинонуудад тоглосныг ард түмэн мэдэх байх. Мөн театр судлаач С.Дашдондог “Театрын урлагийн зарим зүтгэлтэн” номдоо “Т.Цэвээнжав өөрийн тоглох дүрийн мөн чанарыг ухаанаараа зөв олж чаддаг, хэтрүүлэг чимэглэлийг эгзгийг нь олж, жүжиглэлтээрээ авцалдуулж чаддаг, уран сэтгэмж, дүрийн баяжуулалт сайтай, инээдмийн дүрийг бүтээх ур, чадварын хувьд гадаадын нэрт жүжигчидтэй мөр зэрэгцэх авьяастан” хэмээсэн байдаг. Ээжийн минь авьяас билгийг үнэлж 1956 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнаж байсан. Ямар ч дүрийг чадварлаг бүтээдэг, байгалиас заяасан авьяас билигтэй хүн байж дээ, ээж минь. Ээжийнхээ тоглосон киног үзэхэд дэргэд байгаа юм шиг л сайхан санагддаг даа.

-Таны бага нас театртай салшгүй холбоотой байх. Тэр үеийнхээ дурсамжаас хуваалцаач?

-Ээжийгээ дагаад театрт их ирдэг байлаа. Ээжийг тайзан дээр гарсан үед хөшигний ард л сууж байдаг байв. Нэг удаа ээж тайзан дээр жүжиглэж байгаад буцаж орохдоо миний байгаагийн эсрэг тал руу яваад хөшигний ар руу орчихож л дээ. Тэгсэн би араас нь дагаад алхаж байсан гэдэг. Тухайн үед Б.Жигмиддорж, Е.Гомбодорж, Д.Ичинхорлоо, Д.Цэрэндулам, Г.Гомбосүрэн гээд алтан үеийн сайхан жүжигчид их байсан даа. Хүүхэд цөөн байсан болоод ч тэр үү, томчууд намайг их цаашлуулдаг байж билээ.

-Ганц хүүгээ их эрхлүүлдэг байсан биз?

-Ээж, аав хоёр минь намайг их эрхлүүлнэ. Гэхдээ буруу эрхлээгүй гэж боддог юм. Миний ээж шулуун шударга зантай, ухаалаг мөртлөө хүүхэд шиг гэнэн цайлган хүн байсан. Хамт ажилладаг байсан хүмүүс нь ч тэр тэгж дурссан байдаг юм. Хэдий урлагийн төлөө зүрх сэтгэлээ зориулж зав, зай муутай байдаг байсан ч хань ижил, үр хүүхдэдээ их халамжтай, сайхан хүн байсан даа. Амралтын өдрүүдээр янз бүрийн сайхан хоол хийнэ. Бас их цэвэрлэгээ ч гэсэн хийдэг байв. Маш цэвэрч, нямбай хүн байлаа шүү дээ.

-Ээжтэйгээ хамт тайз, дэлгэцнээ гарч байсан үе байдаг уу?

-Ганц нэг бий шүү. Театрт 1957 онд “Страконицын хөөрөгт цоорч” гэж жүжиг тавигдаж байсан. Тэр жүжигт ээж минь олон хүүхэдтэй, цагаан цайлган сэтгэлтэй эхийн дүрд тоглодог байв. Тэр олон хүүхдүүдийнх нь нэгэнд нь би тоглодог байсан юм. Гэхдээ юм ярихгүй л дээ. Тайзан дээр гарч ээждээ тэврүүлдэг хэсэгт ордог байсан. Намайг байхгүй үед театрын комендантын хүү тоглодог байсан юм билээ. Мөн “Сэрэлт” киноны зураг авалтад явж байсан. Гэхдээ бас л жаахан байсан болохоор тэр бүр сайн мэддэггүй юм. Ямартай ч майханд унтаад үлддэг байлаа. Харин кинонд хэдэн лам хүүхэд бөмбөг хөөгөөд гүйж явдаг хэсэг гардаг даа. Тэр хэдэн хүүхэд дунд би орж байсан юм.

-Танайхаар урлагийнхан их зочилно биз?

-Манайхаар урлагийнхан их ирдэг байсан. Ээж минь найрсаг, зочломтгой хүн байсан болоод ч тэр үү, хөл тасардаггүй байлаа. Ичинхорлоо, Хандсүрэн гуайтай их үерхдэг байсансан. Манайд ирж их хуучилцгаадаг байж билээ. Мөн Лха.Долгор эгчийнхтэй зусланд хамт гардаг байлаа.

-“Арын албаныхан” киног ээжид тань зориулж хийсэн гэдэг?

– Тийм шүү. 1971 онд Чимид гуайн “Арын албаныхан” гэж жүжгийг тавих боллоо. “Хүүгээ дайнд алдсан эхийн дүрийг надад зориулж бичсэн гэнэ” гэж байсныг санадаг юм.

-Ээж тань их сайхан дуулдаг хүн байсан гэл үү?

-Ээж их сайхан дуулдаг хүн байсан. Шүлэг ч сайхан уншдаг байсан даа. “Цуурай” өгүүллэг, “Платон Кречет” жүжгийн К.Рахиповнагийн монолог зэргийг их уран уншдаг байсан. Бас их уран хүн байлаа. Монгол дээлийг их гоё оёно. Би ээжийнхээ хийж өгсөн хувцаснуудаар их гангардаг байсан даа. Пальто, өмд цамц, малгай гээд урлахгүй юм үгүй.

-Т.Цэвээнжав гуайн хөшөө төрсөн нутагт нь бий. 2014 онд босгосон байх аа?

-Тийм шүү. Матад сумын 90 жилийн ойгоор ээжийн минь хөшөөг босгох санаачилга гаргасан юм. Бид ч дэмжиж, сайхан хөшөөг нь босгосон. Ээжийнхээ нутгаар жил бүр очно гэсэн бодолтой л байдаг юм.

-Таныг урлагийн хүн болгоно гэдэг байв уу?

-Би арван жилээ төгсчихөөд ээждээ шалгуулж үзсэн юм. Харин шалгалтад нь тэнцээгүй шүү. Аав минь урлагийн авьяасгүй хүн байсан. Би аавыгаа дуурайсан юм шиг байгаа юм. Тиймдээ ч би хуульч мэргэжил эзэмшсэн. Энэ чиглэлээрээ ажиллаж байгаад одоо тэтгэвэрт гарсан. Ер нь ээжийн минь авьяасыг өвлөсөн хүн ач, зээ нарт нь байхгүй дээ. Бүгд л өөр, өөр чиглэлээр мэргэжил эзэмшсэн байна.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлхийн их задрал ба тэр “сумт”-ын нэр хэн бэ?

Оршил. СУМ АГССАН ӨРСӨЛДӨГЧИД

АН-ын даргын уралдаан ид явж байна. Намын удирдлага нь тэдэнд Чингисийн дайчдын гол зэвсэг байсан нумны сум нэжгээдийг бэлгэдэл байдлаар гардуулснаас үүдэн “Таван сумт”, “Сумтай тав”, “Сумтай гар” гэхчилэнгийн наргиантай нэр цол хүртэл гарчээ. Хуучин цагт уртаашаа ганц “Сум” Даашкатай байсан бол одоо тавын таван “сумт”-тай болж хэмээн егөөдөх нь ч байна. Алунгоо эхийн домогт таван хүүгээ багцалсан сум мэт нэг баг болж явахыг ерөөсөн гэдэг. Гэтэл дөрөв нь ялагдаж зөвхөн нэг нь үлдэх дүрэмтэй “дажин”-гийн таван оролцогчид нэжгээд сум өгсөн нь харин ч өөр утга илэрхийлэх тул “Үлдсэн сумаар нь хэнийг?” гэсэн наргиантай асуулт хүртэл гарч. Ер нь бол хэнийг сонгох нь намын гишүүдийн саналаас хамаарна гэдгийг бэлээхэн мэднэ. Харин намын гишүүдийн санал хэнээс хамаарах вэ…?

I. ДЭЛХИЙН ШИНЭ ДЭГ ЖУРАМГҮЙ БАЙДАЛ

Энэ нэр томьёог ВВС иш татан хэрэглэсэн байна. “Дэлхийн шинэ дэг ёс”, “ардчиллын шинэ дэг журам” гэхчлэнгийн, дэлхийн хоёрдугаар дайн болон хүйтэн дайн дууссаны дараагаар гарсан улс төрийн хэллэгүүдийг сөргүүлсэн томьёолол. Ардчилал өөртөө олон сул талтай, түүний нэг нь маш олон чухал зүйлийг хуульчлахын оронд иргэдийнхээ ёс суртахуун, хүн чанарт даатган орхидог явдал юм. Хатуу хил хязгаар, тусгаарлагдсан бүсүүд дотор өөр өөрийн ёс суртахуун, нийгмийн хөгжлийн түвшин нь энэхүү үнэт зүйлээ тэндээ хадгалаад тус тусын диваажиндаа орших боломж олгож ирсэн бололтой байна. Харин XXI зууны технологийн дэвшил, дэлхий хавтгай болох үзэгдэл нь хүн төрөлхтнийг хонь хурга нийлсэн мэт нэг тогоонд хутгаж, хил хязгаар, улс улсын өөрийн хууль ба ёс суртахууныг нэмэр багатай зүйл болгосон бололтой.

Чухамдаа, ардчиллын “Ахиллын өсгий” болсон “нийгмийн гишүүдийн ёс суртахуунаар зохицуулагддаг” хэсэг үүнээс болж шархадсан байна. Тухайн нийгмийн үнэт зүйлсийг цогцлоодог нийтлэг ёс суртахуунд “дүрвэгчдийн” янз бүрийн түвшинтэй ёс суртахуун нөлөөлж, энэ нь улс төрийн шийдлүүдэд тусгалаа олж эхлэв. Энд яг дүрвэгч хүмүүсийг биш, тэдэнтэй тэдэнгүй тал тал руу нэвчиж яваа янз янзын ёс суртахууны дүрвэлтийг хэлж байна. Бас сайн ба муу ёс суртахуун, шашин суртлын ялгаа гэсэн утгаар бус, харин иргэншлийн янз янз түвшинд яваа ёс суртахууны үнэт зүйлсийн нийтлэгүүд гэдэг утгаар хэлж байна. Мөн ийм ёс суртахууны дүрвэлтээс айсандаа, өөр өөрийн ёс суртлыг хамгаалан гаргаж байгаа Бриксит мэтийн шийдлүүдийг ч бас хамааруулж болно. Үүний улмаас “дүрвэж яваа ёс суртахуун” ба түүнээс үүдсэн айдас дээр тоглож болох нэгэн шинэ зам дэлхийн улс төрийн тоглоомд нээгдсэн бололтой байна.

Магадгүй үүнээс үүдэлтэй байх, өнгөрөгч 2016 оныг “Путины бадралын жил” болов хэмээн дэлхийн мэдээллийн томоохон агентлагууд онцолж байна. Тэрээр, Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд англичуудын сонголт, Европын холбооны хэтийн заяа тавиланд хүртэл нөлөөлж чадлаа хэмээн үзсэн байх юм. Хэдийгээр, америкчууд ардчилал нь эргээд хэдхэн ураг овог ноёлдог хаант засаг шиг болоод, төрийн эрхэнд байгаа нам солигдохын оронд, клинтоныхон, бушийнхан гэхчлэнгийн эрх баригч овог солигддог болсонд шаралхсан нь үнэнтэй ч гэсэн. Хэдийгээр, Их Британийн иргэд Европын холбоо хэмээх дүрвэмэл-суумал ёс суртахууны холион бантангаас өөрийн үндэстнээ салгаж үлдээхийг хүссэн гэдэг нь магадтай ч гэсэн. Эцсийн дүндээ, Путин өөрийнхөө эсрэг бүлэглэлийг хэн толгойлохыг шийдэж, өөрийнхөө эсрэг бүлэглэлийн бүтэц ямар байхыг зохицуулж харагдаж байгаа нь яах аргагүй бодитой.

Одоо ч Франц болон Германд болох гэж байгаа сонгуулийн дүнг Путинтэй холбон харж байгаа бөгөөд нээрээ ч тийм ээ, гэх шиг Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн хүчтэй өрсөлдөгч Марин Ле Пен “Крым бол Оросын салшгүй хэсэг мөн” гэж өчигдөрхөн мэдэгдсэн байна.

Өнөөгийн дэлхий ертөнцийг нэг хүн, нэг бүлэг, нэг ёс суртахуун удирдах аргагүй болж байна. Тийм атлаа гаднаас нь нөлөөлөхөд маш амархан. Өөрөөр хэлбэл, зохицуулахад хэцүү, хутгахад амар гэсэн үг. Өөрийгөө удирдахад хэцүү атлаа хүнийг удирдахад амархан ч гэмээр юм уу? Үүнийг л “Дэлхийн шинэ дэг журамгүй байдал” хэмээн нэрлэж байгаа бололтой.

II. ХОЁРДУГААР “КОЛОНИЙН ЗАДРАЛ”

Манай дэлхий нэг талаасаа глобальчлагдан нийлж байгаа ч нөгөө талаасаа задран салж байна. Европын холбоо ч бараг л хоногоо хүлээх байдалтай. Бүрмөсөн задрахгүй юмаа гэхэд, одоо байгаа дундын үнэт зүйлс дээрээ л лав нэг их удахгүй бололтой. Америк ч гэсэн “Америкийн дэлхий” гэдэг зарчмаасаа илүү “Америкчуудын улс” гэдэг хандлага руугаа чиглэсэн сонголтыг Трампаараа дамжуулан хийж байгаа юм шиг байна.

Ерөнхийдөө том гүрнүүд нөлөөллийн бүсээ задалж, эцсийн дүндээ өөрийгөө авч үлдэх эрмэлзэлтэй болж эхэлж байгаа юм уу. Ийм үзэл олон нийтийн санаа бодолд голлох байртай болж эхэлж байгаа нь ардчилсан ертөнцийн төр засагт эцсийн дүндээ нөлөөлж таарна. ХХ зууны далаад онд томоохон гүрнүүд колонио орхиж, илүү ачаанаасаа салах хөдөлгөөн өрнөсөн. Үнэн хэрэгтээ “тэжээгчээ алдах” энэ үзэгдлийг манай социалист ертөнцийнхөн колонийн гинжийг тасдан хаяж эрх чөлөөгөө олж байгаа байдлаар сурталчлан ойлгуулж “Колонийн задрал” хэмээн нэрийдэж ирсэн байдаг.

Харин өдгөө “дэлхийн хоёрдугаар Колонийн задрал” эхэлж, хэтэрхий өндөр өртөгтэй нөлөөллийн бүсүүдээс аятайгаар татгалзах үзэгдэл эхэлж байх шиг байна. Дэлхийн шинэ дэг журамгүй байдал юу сургаж байна вэ гэхээр, эзэлсэн орноо захирдаг цаг өнгөрч, харин эзэлсэн орондоо захирагддаг цаг ирсэн гэж. Тэгэхээр үүнийг “Колонийхоо нөлөөнөөс чөлөөлөгдөх эрмэлзэл” гэж тодорхойлмоор ч юм уу?

Гачлантай нь, иймэрхүү бүсийг зөнд нь орхих нь ямар их гай зовлон дагуулдгийг Колонийн задралын дараахь Африкийн замнал харуулсан. Ингээд өнөөдөр авъя гэхнээ авч болохгүй, хаяя гэхнээ хаяж болохгүй нөлөөллийн бүсүүд Ирак, Афганистан, Сири, Ливи…гээд дэлхий дүүрэн. Улс гүрэн биш гүүр, байшин юмсан бол дэлбэлж устгаад ухарч болохсон.

Нөгөө талаас Крымыг нэгтгээд Сирид нөлөөлж буй Орос орон энэ бүхнийг сөрж байгаа ч юм шиг. Нөлөөллөө тэлэхийн хэрээр нөлөөллийнхөө эрхшээлд орж, эрх мэдлийн байр солигддог болоод байгааг тэд ч харж байгаа. Ийм учраас урьдчилан таахын аргагүй, орос маягийн улс төрийн алхмуудын нэг л байх даа. ХХI зуун бол дэлхий ертөнц хавтгай болж нэгдсэн глобальчлалын эрин төдийгүй дэлхийн голлох гүрнүүд нөлөөллийн бүсээсээ аятайхан салахын мөн болсон ИХ ЗАДРАЛ-ын үе бололтой.

Угаасаа өнөөдөр хэн далайд ноёлсон нь тэргүүлдэг асан XIX зуун биш, хэн хуурай газарт ноёлсон нь үгээ хэлдэг ХХ зуун ч бус, харин хэн сансарт буюу технологид ноёлсон нь найраа ахалдаг XXI зуун эхлээд явж байгаа билээ.

III. “ДАЙСАН”-АА ЗАХИАЛДАГ СОНГУУЛЬ БУЮУ МОНГОЛЫГ АВРАХ “ШУНАЛ”

Дэлхий дахины ийм байдал Монгол Улс дахь АН-ын даргын сонгуульд нөлөөлөх үү, үгүй биз ээ. Гэхдээ, “хил хязгааргүй эмч нар” гэдэг шиг хил хязгааргүй технологийн эрин үе шүү дээ.

Ардчилсан намын даргын сонгуульд гишүүдийн санал нөлөөтэй, гэхдээ гишүүдийн саналд нөлөөтэй хүчин зүйлс бий. Яг л Путины эсрэг эвслийн толгойлогч буюу АНУ-ын Ерөнхийлөгч хэн байхыг Путин өөрөө сонгож байна гэдэг шиг. Путины эсрэг эвсэл буюу Европын холбооны зохион байгуулалтыг Путин өөрөө шийдэж байна гэдэг шиг.

Үнэхээр л тэгж болсон юм бол, МАН-ын эсрэг эвслийг хэн толгойлохыг МАН өөрөө голлон шийдэж яагаад болохгүй гэж. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. АН-аас хэн нэр дэвшиж МАН-ын бөхтэй барилдахыг голлон шийдэх хүн энэ сунгаагаар тодорно. Тэгэхээр АН-ын даргын сонгууль бол үнэн хэрэгтээ Ерөнхийлөгчийн сонгуулийн оршил сонгууль. Чухам энэ сонгуулиар “ам угтуулд гарах захиалгат бөхийг нь гаргаж өгөх хүн АН-ын толгойд гараасай” хэмээн МАН хүсч яагаад болохгүй гэж. Хүсэх төдийгүй, хүслээ биелүүлэхээр ажиллаж яагаад болохгүй гэж. МАН-ын үгнээс гарахгүй байх шалтгаантай хүний эрэлд гараад, олоод АН-ын даргад дэвшүүлсэн байж яагаад болохгүй гэж. Бөмбөрцгийн нөгөө бөөрөнд болж байгаа сонгуулийг энэ бөөрнөөс зохицуулж болоод байгаа шиг юм болж яагаад болохгүй гэж. Нөлөөлөл мэдээж, янз бүрийн наймааны дүрмээр л хийгдэх байх. Гэхдээ монгол хүнд юу ч нөлөөлөх аргагүй болгодог нэг зүйл бас бий.

…Би нэг юманд бас найдаж байгаа. Бурхан болооч С.Зориг “Монгол хүний саруул ухаанд итгэдэг” байсан. Харин би “Монгол хүний хязгааргүй шуналд итгэдэг”. Энх-Амгалан хаан гомдоллосон байдаг юм: “Халхууд юу ч өгсөн баярладаггүй, ханана цадна гэж байхгүй” хэмээн. Чухам энэ хязгааргүй шунал л биднийг бүрмөсөн худалдагдахаас, Манж байтугайд нь үүрд үнэнч үлдэхээс авардаг. Хэдийг ч өгсөн голдог, дутуу санагддаг, авснаасаа болж ёс суртахууны өрөнд өөрийгөө унагадаггүй энэ чанар л биднийг худалдагдашгүй болгодог юм, сонин шүү.

Мөнгө тарааж байгаа гэсэн яриа хөөрөө явж л байна. Мөнгө тараалтын эх үүсвэрийг дотоодын болон гадаадын эх үүсвэртэй ч гэж хардаж л байна. Яг тарааж байна гэхээр авсан нь аваагүй, өгсөн нь өгөөгүй гэлцээд нүдээ цавчихгүй бүлтэрнэ. Тэгэхээр өөр өнцгөөс ярьцгаая.

Жишээлэхэд, саналаа өгөх эрхтэй жирийн гишүүнд 50,000 төгрөг амлалаа гэж бодъё, гадуур цуураад байгаа шиг. Гэтэл, ямар ч монгол хүн өөрийгөө 20-хон доллараар үнэлэхийг доромжлол гэж үзнэ. Дээр нь өөрөөс нь дээгүүр байгаа зарим этгээд ав адилхан ганцхан саналынхаа төлөө 100.000, магадгүй саяыг авч байгааг ч анзаарна. Энэ үйлдэл “чам шиг юмны санал үсрээд л 50 цаас” гэсэн доромжлол байгааг ч харна. Гэхдээ энэ бүхнээ хэлчихвэл тавин цаас ч үгүй хоцорно гэдгийг бас мэднэ. Тийм болохоор, шүдээ зууж байгаад 50 цаасыг нь авчихаад, харин саналаа өгөхдөө хонзонгоо тайлж чадна.

Воо.. энийг л хэлээд байгаа юм. Адам Смит хэлсэн юм, хүн болгоны амиа хичээсэн хувийн сонирхол эцсийн дүндээ хүн төрөлхтний сайн сайхныг бүтээдэг “үл үзэгдэх гар” болдог тухай. Харин өөрийгөө “30 мөнгөн зоос”-оор үнэлүүлсэн хүн маань Адам Смитийн өмнө байтугай Бурханы өмнө “Би өгснийг авснаас биш эс өгснийг аваагүй” гэж мэлзэх эрхтэй үлдэнэ. Тийм болохоор л “Монгол хүний хязгааргүй шуналд найдах”-аас өөр аргагүй.

Хүнд заяасан болгон эцсийн дүндээ сайн сайхны зорилготой. Хэрвээ монголчуудыг энэхүү цэвэр шуналаа, эх орон ард түмний нэр барьсан балиар халхавчнаас нь гаргаад хаячихад л хувь хүний сонирхол тэргүүлэх зэрэгтэй америк маягийн нийгэм шууд л цогцолно, харж байгаарай. Шунал гэгч зүйл болбоос юманд боохоор л бузар болчихдогоос биш цэврээрээ бол Бурханаас заяасан л зүйл шүү дээ… “Хүнд заяасан болгоноос би цэрвэдэггүй. Учир нь би хүн” (Homo sum, humani nihil a me alienum puto) гэж мэргэд хүртэл сургажээ.

…Юунд ч боож хиртүүлээгүй ариун шуналаараа андгайлъя: Би монгол хүний хязгааргүй шуналд итгэдэг.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн байна

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол
үүлтэй. Хангайн уулсаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.
Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын
хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 34-39
градус, өдөртөө 20-25 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 9-14
градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө
8-13 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр
бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган
шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27
градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг,
Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө
18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус
хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи
баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр
хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29
градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус,
өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Үүлэрхэг. Шөнөдөө цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос
секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн
байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10
метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн
нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө
16-21 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас
орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины
орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 18-20 градус
хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Хууль хэмээх “гууль” санаачлагчид дампуурах өнгөндөө оржээ” хэмээх нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.


Манай сонины сурвалжлах баг уламжлалт “Танайд өнжье” булангаараа энэ удаад ямар нэгэн айлд өнжсөнгүй. Харн нийслэлчүүдийн амь насанд аюулын харанга дэлдээд буй аймшигт хар утааны голомт болсон газруудаар явж байдалтай танилцан, иргэдийнхээ үгийг сонслоо. “Танайд өнжье” булангаа нэгдүгээр нүүрнээс даваад 12,13 дугаар нүүрнээс унших боломжтой.

Улс төрийн хоёрдугаар нүүрэнд УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар ямар ямар асуудлыг хэлэлцсэн тухай тоймлон хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болсон алдарт гуравдугаар нүүрэнд нийтлэлч Д.Оюунтуяагийн “Хууль хэмээх “гууль” санаачлагчид дампуурах өнгөндөө оржээ”нийтлэл хэвлэгдэн уншигчдадаа хүрч байна.

Улс төрийн дөрөв болон тавдугаар нүүрнээс та бүхэн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай хийсэн ярилцлагыг уншиж сонирхоорой. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчид хаалттай хуралдаан хийх санал өргөн барьсан билээ.

Түүнчлэн Баримт, үйл явдлын долдугаар нүүрнээс “Монголчууд бие биенээ өрөвдөх сэтгэлгүйгээр шулах юм” нэртэй нийтлэл болон С.Зоригийн хэргийн шүүх хурлын шийдвэрийг эсэргүүцэн жагсаал хийсэн тухай унших боломжтой.

Говь-Алтай, Ховд аймгийн нутаг болох Шарга, Хүйсийн говиор монгол бөхөн мялзан өвчин тусч олноороо үрэгдэх болжээ. Энэ тухай 11 дүгээр нүүрнээс уншиж сонирхоорой.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

О.Үйтүмэн Д.Өнөрбатыг ялснаар түрүүлэв

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ “Буянт Ухаа” спорт цогцолборт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тус тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож буй.

Эрэгтэйчүүдийн 86 кг-д зодоглосон ОУХМ О.Үйтүмэн ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбатыг 7:4-өөр ялж түрүүллээ.

П.Өнөрбат энэ жилийн УАШТ-д жин өгсөн, 86 кг-д барилдсан юм.

Categories
мэдээ спорт

Гавьяат тамирчин Г.Мандахнаран УАШТ-д зургаа дахь удаагаа аваргаллаа

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ “Буянт Ухаа” спорт цогцолборт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тус тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож буй.

Эрэгтэйчүүдийн 70 кг-д зодоглож буй ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран шигшээд Д.Хатанбаатарыг ялж, түрүүллээ.

Тэрбээр УАШТ-ээс зургаа дахь түрүүгээ, 70 кг-д хоёр дахь удаагаа аваргалж байгаа нь энэ.

Г.Мандахнаран гавьяат энэ жилийн УАШТ-д жин өгсөн, 70 кг-д барилдсан юм.

Categories
мэдээ спорт

Гавьяат тамирчин Э.Ням-Очир УАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ “Буянт Ухаа” спорт цогцолборт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тус тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож буй.

Эрэгтэйчүүдийн 61 кг-д зодоглож буй ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Ням-Очир шигшээд өсвөрийн Азийн аварга, УАШТ-ий мөнгөн медальт Т.Тулгатай 4:4-өөр тэнцсэн ч сүүлчийн оноогоор ялж, түрүүллээ. Тэрбээр ийнхүү УАШТ-ээс гурав дахь түрүүгээ хүртэв.

Харин 19 настай Т.Тулга өмнөх жилийн амжилтаа ахиуллаа.

Categories
мэдээ спорт

П.Орхон С.Батцэцэгийг цэвэр ялж, 63 кг-д түрүүллээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ “Буянт Ухаа” спорт цогцолборт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тус тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож буй.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын аваргын төлөөх барилдаанд ОУХМ П.Орхон олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэгийг оноогоор цэвэр ялж, түрүүллээ.

Өнгөрсөн жилийн УАШТ-ий 58 кг-д аваргалж, анхны түрүүгээ хүртсэн П.Орхон жин өгсөн, 63 кг-д зодоглож байна.

Тэрбээр ийнхүү УАШТ-д хоёр дахь удаагаа түрүүлэв.

Categories
мэдээ спорт

П.Өнөрбат, О.Үйтүмэн нар аваргын төлөө барилдана

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ “Буянт Ухаа” спорт цогцолборт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тус тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож буй.

Эрэгтэйчүүдийн 86 кг-ын аваргын төлөө ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, ОУХМ О.Үйтүмэн нар барилдахаар шалгарч үлдлээ.

Тэд өмнө нь 2016 онд Туркий Ясар Догугийн нэрэмжит тэмцээнд учраа таарахад П.Өнөрбат 10:0-ээр ялсан юм. П.Өнөрбат жин өгсөж, 86 кг-д барилдаж буй юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АТГ аймаг, сумдын албан тушаалтнуудад онлайн сургалт явуулав

Image result for АТГ аймаг, сумдын албан тушаалтнуудад онлайн сургалт явуулавАвлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс хамтран 2016 оны 1 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд 21 аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон зарим сумдын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтан болох нийт 588 албан тушаалтанд онлайн сургалт зохион байгуулсан байна.

Сургалтын явцад хөдөө орон нутагт гарч буй нийтлэг зөрчил, цаашид анхаарах асуудал болон Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 01 тоот тогтоолоор батлагдсан “Баталгааны маягт” түүнийг хэрхэн бүртгэж, хяналт тавьж ажиллах талаар арга зүйн зөвлөгөө өгч, мэдээлэл солилцсон байна.

Мэдүүлэг гаргагчид нь хуульд заасан үндэслэлийн дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор цахим систем буюу www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй бөгөөд улсын хэмжээнд хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан тус газраас мэдүүлэг гаргагч болон төрийн байгууллагын удирдлага, мэдүүлгийг бүртгэж, хянаж, хадгалах үүрэгтэй эрх бүхий албан тушаалтан нарт зориулсан олон талт сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулан ажиллаж байна.