Categories
мэдээ нийгэм

Хөдөөгөөс хот руу шилжих иргэдийн тоо цөөрсөн дүнтэй гарчээ

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар /ОӨУБЕГ/-аас 2016 оны бүртгэлийн статистик мэдээллийг өнөөдөр танилцууллаа.

Монгол Улсын нийт хүн амыг хүйсээр нь ангилж харвал, эмэгтэйчүүд нь эрчүүдээсээ 30 орчим мянгаар илүү байна. Насны хувьд нийт хүн амын нэг сая нь 18-аас доош насны залуус. Үлдсэн хоёр сая 100 орчим мянга нь 18-аас дээш насны хүмүүс гэнэ.

2016 оны шилжилт хөдөлгөөнийг улсын хэмжээнд авч үзвэл нийт 104 мянга орчим иргэн шилжилт хийсэн гэсэн дүн гарчээ. Үүнээс 25 мянга нь нийслэлд, 26 мянга 500 иргэн нь аймгуудад шилжин ирсэн байна. Өөрөөр хэлбэл, 2012-2015 онд бүртгэгдсэн шилжилт хөдөлгөөнтэй харьцуулахад өнгөрсөн жил Улаанбаатар хот руу орон нутгаас шилжин ирэх иргэдийн тоо буурч, нийслэлээс хөдөө рүү шилжих иргэдийн тоо өссөн дүнтэй гарсан гэв.

Харин гадаад паспорт захиалж, гадагшаа явах иргэдийн тоо өнгөрсөн жил нэмэгджээ. Монгол Улсын нийт иргэдийн хоёр сая орчим гадаад паспорт захиалан авсан дүн гарчээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Таван настай А.Өсөх-Ирээдүй тоглолтонд оролцохоор нутгаасаа иржээ

Олон нийтийн сүлжээгээр дуучин Э.Төрмандахын жаал хүүтэй авахуулсан зураг, түүнтэй хамт дуулсан дуу олны хайрыг татаад байгаа билээ. Увс аймгийн Тэс сумын таван настай хүү А.Өсөх-Ирээдүйн “Аархал” дууг дуулсан бичлэг өмнө нь цахимаар тархаж хүмүүсийг хөгжөөгөөд авсан юм. Харин энэ удаа тэрээр жинхэнэ дуучинтай нь хамтран дуулахаар нутгаасаа уригдан ирээд байгаа гэнэ. СТА, дуучин Э.Төрмандах хоёрдугаар сарын 15-нд “Монгол бөхийн өргөө”-нд тоглолтоо хийхээр товложээ. Энэ үеэрээ тэд хамтран дуулахаар бэлтгэж байгаа гэнэ.

Сонирхуулахад А.Өсөх-Ирээдүй хүү, өөрийн эгч, ах хоёртой хамтран “Удам залгасан аялгуу” тоглолтоо өнгөрсөн сарын 9-нд Увс аймгийн “Ойрад” театрт хийсэн. Түүний тоглолтыг нутгийн иргэд олноор үзэж, дахин нэг өдөр тоглосон гэнэ. Мөн Увс аймгийн Тэс сумандаа хоёр өдөр тоглолтоо хийсэн амжилттай дуучин гэнэ.


Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ-аас авто газын үнийг бууруулахыг шаардлаа

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Авто газын жижиглэнгийн үнэ нэмэгдсэн асуудлаар” хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар “Юнигаз” ХХК, “Дашваанжил” ХХК, “Синчи газ” ХХК, “Шунхлай трейдинг” ХХК, “Гор газ” ХХК-иуд Улаанбаатар хотод автогазын жижиглэнгийн үнийг нэмсэн үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон.

Иймд дээрх аж ахуйн нэгжүүдийг 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор зөрчлийг арилган дараах арга хэмжээг авч ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шаардлаа. Үүнд:

1. Авто газын жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтоохдоо бусад аж ахуйн

нэгжийн үнийг аялдан дагахгүй өөрийн компанийн өртөг зардалд үндэслэн

тогтоож байх,

2. Валютын ханшийн өндөр өсөлттэй байх үед тогтоосон авто газын жижиглэнгийн /1150 төгрөг/ үнийг тодорхой хэмжээгээр бууруулах,

Дээрх шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, зөрчлийг давтан гаргасан тохиолдолд Өрсөлдөөний тухай хуульд заасан захиргааны шийтгэл ногдуулахыг мэдэгдлээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Газар хөдлөлтөд тэсвэртэй хамгийн өндөр барилга ашиглалтад орлоо

Номхон далайн эргийн хамгийн өндөр
барилга баригдаж дууслаа. АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотноо
сүндэрлэсэн “Вилшейр Гранд Центр” хэмээх энэхүү барилга нь ойролцоогоор
73 давхар, 338 метрийн өндөртэй баригджээ. Түүнчлэн барилгын
инженерүүдийн хэлж байгаагаар уг барилга нь газар хөдлөлтийн хамгийн
идэвхтэй бүсэд байрлаж байгаа ч, хамгийн хүчтэй газар хөдлөлтөд
тэсвэртэй баригдсан гэдгийг хэлж байгаа юм.

Нийт 1.2 тэрбум долларын өртгөөр боссон
“Вилшейр Гранд Центр”-т тансаг зэрэглэлийн зочид буудал, оффисууд болон
ресторан, дэлгүүрүүд байрлах юм. Зочид буудал л гэхэд тус төвийн 70
дугаар давхраас эхлэн нийт 900 өрөө бүхий байх юм байна. Харин оффисын
зориулалттай 365 мянган хавтгай дөрвөлжин талбайг эзлэн орших бол 45
мянган хавтгай дөрвөлжин талбайд бусад үйлчилгээний зориулалттай
байгууллагууд байрлана.

Түүнчлэн 16 цахилгаан лифт ажиллаж,
зорчигчдыг тээвэрлэн ажиллах аж. Харин АНУ-ын хамгийн өндөр барилга нь
Нью-Йорк хотод байрладаг “Эмпайр Эстейт Бюлдинг” юм. Зиккурат буюу
дээшлэх тусмаа нарийсч шаталсан цамхаг шиг хэлбэртэй арт деко хэв
маягийн барилга нь 1931 онд баригджээ.

Уг барилга нь нийт 102 давхар, 381
метрийн өндөртэй бөгөөд телевизийн антенны урттай нийлүүлбэл 443 метрт
хүрдэг. “Эмпайр Стейт Билдинг” нь Нью-Йоркийн уран барилгын голлох
барилгуудын нэгд зүй ёсоор багтдаг юм.

Categories
мэдээ нийгэм

Агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлүүдийг танилцууллаа

БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ хамтран “Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” Технологийн үзэсгэлэнг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын үзэсгэлэнгийн зааланд нээлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч С.Батболд нар оролцов.

Уг үзэсгэлэнг агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй юм. Мөн дулаан алдагдал болон агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлүүдийг танилцуулах зорилготой аж. Үзэсгэлэнд нийт 50 гаруй аж ахуйн нэгж оролцож байна.

Үзэсгэлэнд цахилгаан халаагуур, шалны халаалт, гэрийн дулаалга, сайжруулсан түлш болон шингэрүүлсэн хий, сэргээгдэх эрчим хүч, агаар цэвэршүүлэгч, бохирдол бууруулах төхөөрөмжүүдийг дэлгэн олон нийтэд танилцуулж байгаа юм. Зохион байгуулагчдийн зүгээс иргэдийг үзэсгэлэнд оролцож, байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмж худалдан авч, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг уриалав.

Үзэсгэлэн энэ сарын 9, 10-ны өдрүүдэд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын үзэсгэлэнгийн танхимд нээлттэй байршина.

Categories
мэдээ нийгэм

Галт тэргэнд хоёр оюутан дайруулж амь насаа алдсан хэрэг гарчээ

Өнгөрсөн амралтын өдөр Толгойт өртөө орчимд хоёр оюутан галт тэргэнд дайруулж нас барсан хэрэг гарчээ.

Төмөр замын цагдаагийн албаныхан уг ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж
эхэлсэн мэдээлэл өглөө. УБТЗ-ын Тээврийн хяналтын алба ослын талаар
ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзаж буйгаас гадна цагдаагийнхан ч
хэргийг тодруулж байж дэлгэрэнгүй мэдээлэл өгнө
гэв. Ойрын өдрүүдэд нийт таван хүн төмөр замын ослын улмаас амь насаа
алдсан гэх албан бус мэдээ ч байна. Дээрх хэргийг тодруулж цаашид
мэдээлэл өгөх болно.

Categories
мэдээ нийгэм

Мөс цөмрөх аюултайг ОБЕГ-аас анхааруулав

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн нутаг /сумаас 30 км-т/
Сэлэнгэ мөрний цүнхээлд “Приус” загварын автомашин цөмөрч унасан
тохиолдол өчигдөр гарчээ.

Яаралтай дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр
унтраах, аврах 50 дугаар ангийн 6 албан хаагч аврах ажиллагаа
хийв. Газар дээр нь очиход иргэн О /45 настай, эрэгтэй/, Ц /61 настай,
эрэгтэй/ нар эсэн мэнд өөрсдөө автомашинаасаа гарчээ. Албаныхан живсэн
автомашиныг татан гаргаж эзэнд нь хүлээлгэн өгсөн байна. Томоохон гол
мөрөн бүрэн хөлдөөгүй байгаа учир ард иргэдийг гол мөсөн дээгүүр тээвэр
хийхгүй байх, баталгаат зам гүүрээр явахыг ОБЕГ-аас анхааруулж байна.
Мөн мөсөн дээгүүр явснаас цөмөрч амь насаа алдах явдал гарсар байгаа тул
ийнхүү анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Уулчин Б.Гангаамаа долоон тивийн ноён оргилыг эзэлж дуусчээ

Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Бадамгаравын Гангаамаа Антарктид тивийн Винсон Массиф /4897 м/ ууланд амжилттай авиралт хийн эх орондоо ирээд байна. Тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр 2010 оноос хойш дэлхийн долоон тивийн ноён оргилыг эзлэх төсөл хэрэгжүүлж, энэ жил ийнхүү зорилгоо биелүүлэн Монголын анхны Seven Summiter хэмээх түүхэн амжилтын эзэн боллоо.

Энэхүү оргилуудад дэлхийн 61 улсын эрэгтэй 345, эмэгтэй 71 уулчин гарсан статистик мэдээ бий. МУГТ Б.Гангаамаа нь 7 оргилыг гүйцээсэн 149 дэх шилдэг уулчин болж буй бөгөөд дэлхийн 20 эмэгтэй уулчдын тоонд орох юм байна. МУГТ, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа нь Антарктид тивд очсон манай улсын 9 дэх иргэн болж буй юм.

Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 25-ны 12.00 цагийн орчимд уул өөд авиралт хийж эхэлсэн. Тэгээд 19.15 цагт оргил дээр гарсан юм. Уулын орой дээр маш хүйтэн байсан учраас багийн ахлагч маань маш хурдан буухыг зөвлөсөн. Тийм учраас оргил дээр гарсан даруйдаа үүрч гарсан төрийн далбаагаа мандуулахыг л хүссэн дээ. Мөн оргилд гарсан гэдгээ баримтлуулж зураг авхуулахыг чухалчилсан. Ямартай ч Монголын уулчдын түүхэнд нэгэн шинэ хуудас нээж чадсан гэдэгтээ итгэлтэй байна” хэмээв.

Уулчин Б.Гангаамаа:

2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/

2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/

2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/

2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/

2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/

2016 онд Австрали ба Далайн ноён оргил Карстенз пирамид /4 884 м/

2016 онд Антарктид Винсон массив ноён оргил / 4897 м/ долоо дахь оргилд хөл тавьж, эх орныхоо далбааг мандуулаад байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын сайхан бичигтнүүд МУИС-д тэтгэлгээр сурна

“Монцамэ”
агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониноос “Монголын сайхан
бичигтэн” улсын уралдааны шилдгүүдийг тодруулж, шагнал гардууллаа.

Энэхүү уралдааныг 1997 онд анхлан
явуулснаас хойш өнөө жил 20 жилийн ойтой золгож байна. Энэ жилийн
уралдааныг долоон ангилалаар явуулсан. Уралдаанд Говь-Сүмбэр, Хэнтий,
Говь-Алтай зэрэг аймгаас болон Нийслэлийн дүүргүүдээс нийт 700 орчим
оролцогч ур чадвараараа өрсөлджээ. Мөн өнөө жил уралдаанд Япон Улсын
иргэн Шимамура Шо гэх гадаад хүн оролцсон нь онцлог байв. Тэрбээр
Улаанбаатар хотын Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн монгол
хэл, уран зохиолын багшийн гуравдугаар дамжаанд суралцдаг аж.

Уралдааны “12 ангийн сурагчид”-ын
ангилалд тэргүүн байр эзэлсэн дөрвөн сурагч МУИС, МУБИС-д төрийн
сангийн тэтгэлгээр дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхтэй болдог. Өнөө
жил энэхүү шагналыг

  • Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ЕБС-ийн 12 Б ангийн сурагч Е.Анужин
  • Сүхбаатар аймгийн Үндэсний лаборатори нэгдүгээр сургуулийн 12 В ангийн сурагч Ө.Ундармаа
  • Нийслэлийн СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн 12 О ангийн сурагч Э.Энхзаяа
  • Дархан-Уул аймгийн 15 дугаар сургуулийн 12 В ангийн сурагч Ц.Бадамцэцэг нар хүртэв.

Мөн уралдааны “Уран бичлэг”, “Мэргэлжийн
багш”, “Сайхан бичигтэн анги”, “Бүтээл” зэрэг ангилалд тэргүүлсэн
оролцогчийг гадаадад аялах эрхээр урамшуулдаг. Эдгээр төрөлд шалгарсан
шилдгүүдийг танилцуулж байна.

Уран бичлэг:

Тэргүүн байр:

  • “Бичиг соёл боловсрол” төвийн уран бичээч Э.Анхбаяр

Дэд байр:

  • Нийслэлийн “Содон чимээ” сургалтын төвийн багш Б.Алтантуяа

Гутгаар байр:

  • Нийслэлийн “Гэгээрэл” сургуулийн багш Б.Ариунтуяа

Тусгай байр:

  • Дорнод аймгийн Улсын тэргүүний тавдугаар дунд сургуулийн 11 Д ангийн сурагч А.Энх-Учрал
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Б.Анхбаяр

Бүтээл:

Тэргүүн байр:

  • СУИС-ийн багш Б.Шаравнямбуу

Хоёрдугаар байр:

  • Булган аймгийн Сэлэнгэ сумын ЕБС-ийн монгол хэл, уран зохиолын багш М.Цэрэндэжид

Тусгай байр:

  • Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгоны ЕБС-ийн МХУЗ-ын багш Ж.Гэрэлмаа
  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн Б.Дашзэвэг

Мэргэжлийн багш:

Нэгдүгээр байр:

  • Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгоны ЕБС-ийн МХУЗ-ын багш А.Баянжаргал

Хоёрдугаар байр:

  • Хөгжим бүжгийн коллежийн багш Т.Цолмон

Гутгаар байр:

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хоёрдугаар сургуулийн багш О.Оюунтунгалаг

Тусгай байр:

  • Нийслэлийн 24-р сургуулийн багш Б.Пүрэвсүрэн
  • Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Б.Отгонсүрэн нар тус тус шалгарчээ.

Оролцогчдын хамгийн ахмад нь Баянгол
дүүргийн иргэн 90 настай С.Жигмэдсүрэн, Төв аймгийн Батсүмбэр сумын
өндөр настан Т.Батбаяр нар аж. Харин хамгийн залуу оролцогч нь
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 60-р сургуулийн 4 Г ангийн сурагч
Э.Тэмүүжин, Нийслэлийн нэгдүгээр сургуулийн 4 Г ангийн сурагч Д.Батмөнх
нар байна.

Өсвөр залуу үеийн монгол бичгээ сурах
сонирхлыг бадраах, үндэсний бичгээ төгөлдөр эзэмшигчдийг алдаршуулж,
урамшуулах зорилгоор 2000 оноос хойш зохиогдсон эл тэмцээнд Ерөнхийлөгч 2
удаа, Ерөнхий сайд 14 удаа хүрэлцэн ирж шагналыг гардуулж байв. Өнөө
жилийн шилдэг оролцогчдын шагналыг БСШУС-ын сайд Ж.Батсуурь гардууллаа.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн эхтэй танилцаарай

Үндсэн хуулийн эхийг Монгол төрийн түүхийн музейд заллаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон зэрэг бусад албаны бусад хүмүүс энэ ёслолд оролцсон юм.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ёслолын үеэр хэлэхдээ “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан шат дараалсан олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь өнөөдрийн Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг түмэн олонд толилуулахаар Төрийн түүхийн музейд залж байгаа хүндэтгэлийн үйл ажиллагаа юм. Долоо хоногийн хугацаанд иргэд Монгол төрийн түүхийн музейд хүрэлцэн ирж Үндсэн хуулийг уг эхийг үзэж сонирхох боломжтой болж байна. Үндсэн хуулийн ач холбогдол, түүхэн үүргийг олон нийтэд таниулахад энэ үйл ажиллагааны зорилго оршиж байгаа юм” гэлээ.