Categories
мэдээ спорт

Боксын насанд хүрэгчдийн УАШТ маргааш эхэлнэ

ХХ зууны манлай дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын
нэрэмжит сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 13 дахь
удаагийн УАШТ энэ сарын 10-15-нд Спортын төв ордны “А” зааланд болно.
“Токио-2020” олимпийн наадмын гарааны өмнөх анхдугаар улсын аварга
шалгаруулах тэмцээнд 39 багийн нийт 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй
найман жинд өрсөлдөх юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд гавьяат
тамирчин Д.Отгондалай, ОУХМ Э.Цэндбаатар, О.Батхүү, 52 кг-д Х.Энх-Амар,
М.Гандулам, 64 кг-д Б.Чинзориг, Г.Баярхүү, О.Норовбал, 69 кг-д
Б.Түвшинбат, Б.Батзориг, эмэгтэйчүүдийн 51 кг-д М.Нандинцэцэг,
Л.Алтанцэцэг, О.Эрдэнэцэцэг, 54 кг-д М.Гүндэгмаа, Д.Шинэцэцэг,
Б.Сувд-Эрдэнэ нарын шилдгүүд тулалдана. Харин ДАШТ-ий хошой хүрэл,
олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, Азийн
аварга З.Энхзориг, Б.Жавхлан, Т.Болортуул нарын шилдгүүд энэ удаагийн
тэмцээнд өнжиж байна. Тус тэмцээн өдөр бүрийн 14:00 цагт эхлэх бөгөөд
эмэгтэйчүүдийн финалын тулаан бямба, эрэгтэйчүүдийнх ням гаригт болно.

Categories
мэдээ нийгэм

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хот руу шилжих хөдөлгөөнийг нэг жил хязгаарлалаа

Агаарын
бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар
хотын Захирагч С.Батболд өнөөдөр захирамж гаргалаа.

Уг захирамжийнхаа талаар тэрбээр
“Өнөөдөр агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын
зүгээс 3 захирамж гаргасан. Өнгөрсөн оны 6 дугаар сараас Агаарын
бохирдол бууруулах ажлын хэсэг байгуулж, ажиллууллаа. Ингээд урин дулаан
төдийгүй хүйтний улиралд ч бүх нөхцөл байдлыг судалсны үндсэнд захирамж
гаргаж байгаа юм. Захирамжийн талаар маргааш болох Үндэсний аюулгүй
байдлын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд танилцуулна” гэлээ.

Улаанбаатарт суурьшлын бүс тогтоох буюу
улаан шугам татах тухай захирамжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагч гаргасан байна. Захирамжаар улаан шугам
татсан буюу суурьшлын бүсийн тогтоосон хэсгээс гаднах хэсэгт шинээр гэр
хороолол төлөвлөж, шинэ суурьшлын бүсийг бий болгохгүй бөгөөд уг газар
нь эко газар байна.

Дараагийн захирамж нь “Агаарын чанарын
өнөөгийн байдлыг харгалзан нийслэлд агаарын бохирдолын 4 бүсчлэлийг
тогтоолоо. 1 дүгээр бүст орон сууц, байшин хороолол багтаж байна. Уг
бүст ямар ч тохиолдолд яндангаас утаа гаргах ёсгүй. 2-4 дүгээр бүст
тодорхой заагтайгаар аль хэсэгт нь цахилгаан халаагуур, аль хэсэгт нь
сайжруулсан түлш хэрэглэх вэ гэдэг асуудлыг захирамжилж өгсөн. Мөн
агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх,
бүсчлэлээс хамааран төрийн бодлого зохицуулалт, утааг багасгах арга
хэмжээ төслүүдийг хэрэгжүүлэх юм.

Гурав дахь захирамж нь “Хязгаарлалтын
арга хэмжээ авах тухай” юм. Энэхүү захирамжаар шилжилт хөдөлгөөнийг
хязгаарлаж байна. Тухайлбал Улаанбаатар хотод зөвхөн зайлшгүй
шаардлагаар удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийг л шилжиж
ирүүлнэ. Мөн Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдаж авсан
иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Бусад тохиолдолд 2018 оны 1
дүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг хориглож байгаа юм.

Дээрх захирамжийн хяналтад Улаанбаатар
хотын мэргэжлийн хяналт, агаарын чанарын байцаагч нар хяналт тавина.
Хэдийгээр шилжин суурьших нь Үндсэн хуулиар заагдсан хүний эрх боловч
Үндсэний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний асуудал тулгараад
байгаагаас гадна иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх ч мөн зөрчигдөж
байгаа тул нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, олон жилийн судалгаанд
тулгуурлан, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг тусган иргэдийнхээ санал
хүсэлтийг үндэслэн ийнхүү захирамж гаргаж байгаа билээ.

“Уг арга хэмжээг хэрэгжүүлээд эхэлбэл
агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурсан үр дүнтэй ажил болно гэж
бид үзэж байна. Улаанбаатар хотод утаа гаргадаг яндангийн тоог нэмэхгүй,
орон сууц, барилгажилт, эко үйлдвэрлэлийг дэмжинэ. Мөн автомашины
оношилгоог чанаржуулж, шаардлагатай гэвэл Улаанбаатар хотын агаарыг
бохирдуулж байгаа тээврийн хэрэгслүүдэд ч шаардлага тавьж, хөдөлгөөнд
оролцуулахыг хориглоно” хэмээн хотын дарга ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ноён-Уултай холбогдох шүүх хурал дахин хойшиллоо

Өнөөдөр Ноён ууланд олборлолт хийх гэж байгаа “Сентерра гоулд” компанийн олборлолтын лизензийг цуцлуулах талаар шүүх хурал 10:00 цагт болох байв. Гэвч шүүх хурлыг энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдөр хүртэл дахин хойшлуулсан байна.

Учир нь “Сентерра Гоулд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Хатанбаатар өвчтэй гэх шалтгаанаар ийнхүү гуравдахь удаагаа хойшилжээ.

Шүүх хурал өмнө нь Засгийн газрын бүтээгдэхүүн хуваах гэрээг 2016 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр хийсэн учраас төлөөлөгч оролцох ёстой гэж үзэж шүүх хурал хойшилж байсан. Харин өнөөдөр Засгийн газрыг төлөөлөн Солонго, Ашигт малтмалын газрыг төлөөлөн Батмагнай, УИХ гишүүн Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн асан Г.Уянга, түүх архилогийн эрдэмтэн судлаачид, өмгөөлөгчөөр Г.Батбаяр, “Ноён-Уулаа аваръя” төрийн бус байгууллага зэрэг бүрэлдэхүүн оролцох байв.

Эх сурвалжийн мэдээллэснээр шүүх хурлын шийдвэр гараагүй байхад “Сентерра гоулд” компани орон нутгийн сонинд бид гуравдугаар сараас ухаж эхэлнэ хэмээн зар өгч хүнд даацын авто машинуудыг аваачиж байрлуулсан байгаа гэнэ.

“Сентерра гоулд” компанид олгосон лицензийг цуцлуулах хүсэлтийг “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнөөс Нийслэлийн захиргааны анхан шатны шүүхэд гарган шүүх нэхэмжлэлийг зөвшөөрөн, лизенцийг түдгэлзүүлэх шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сарын 19-нд гаргасан байдаг. Мөн хариуцагч тал нэхэмжлэл гаргаснаар зургадугаар сарын 6-нд давж заалдах шатны шүүх иргэний нийгмийн байгууллагуудын гаргасан 12 хүсэлт хангагдаагүй байна гэж үзэн хэргийг анхан шатны шүүхэд буцааж байсан юм.

Categories
мэдээ улс-төр

ҮАБЗ агаарын бохирдлыг хэлэлцэнэ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл маргааш
хуралдана. Хуралдаанаар “Нийслэлийн агаарын болон орчны бохирдол,
утаатай тэмцэх нь” сэдвийг хөндөх аж.

Улаанбаатар хотын хөрс, агаарын
бохирдол, утааны бохирдлын хүрсэн түвшин болон асуудлыг хэрхэн оновчтой
шийдвэрлэх талаар ярилцах гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн Ардчилсан намаас утааны асуудлаар шаардлага хүргүүллээ

Нийслэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Зүүнсалаа,
Баруунсалаа, Толгойт, Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга орчимд РМ2.5
буюу нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ өглөөний 05.00-10.30, орой
19.00-02.00 цагийн хооронд 3000 буюу гамшгийн хэмжээнд аль хэдийн хүрч
Улаанбаатар хотын иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байгааг
Монголын эрүүл мэндийн байгууллага тогтоосон. ДЭМБ-ын судалгаагаар РМ2.5
тоосонцрын хэмжээ 501 хүртэл хэмжээнд байх нь хүний эрүүл мэнд, амь
насанд ноцтой аюул учруулдаг гэж үздэг.

НИТХ дахь АН-ын бүлгээс санаачлан 2016 оны 12 дугаар сарын 23-ны
өдөр “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах” сэдвээр нээлттэй
хэлэлцүүлэг зохион байгуулсан. Бид Нийслэлийн агаарын бохирдлыг
бууруулах чиглэлээр 2017 оны төсөвт агаарын бохирдлыг бууруулах төсөл
арга хэмжээг хэрэгжүүлэх 3 тэрбум 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын
хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг
яаралтай ирүүлэх, олон нийтэд мэдээлэх талаар НЗД-ын орлогч, Нийслэлийн
харьяа агентлагт албан бичиг хүргүүлсэн боловч хариу өгөөгүй байгаагаас
нь төсвийн мөнгө хэзээ, хаана ямар зориулалтаар зарцуулагдах нь
тодорхойгүй, хотын удирдлагууд агаарын бохирдлын асуудалд ач холбогдол
өгөхгүй байгаагийн тод жишээ юм.

НИТХ дахь АН-ын бүлгээс энэхүү асуудалд нухацтай хандаж үүсэн
гарч буй нөхцөл байдалд тохирсон шийдэл олох, гамшигт нөхцөл байдлыг
даван гарах оновчтой шийдвэрийг цаг алдалгүй НИТХ-ын ээлжит бус
чуулганаар хэлэлцэх шаардлагатай гэж бид үзэж байна.

Иймд “Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай,
“Нийслэлийн эрүүл мэндийн салбарын нөхцөл байдлыг сайжруулах” асуудлаар
НИТХ-ын ээлжит бус чуулганыг нэн яаралтай зарлан хуралдуулахыг НИТХ дахь
Ардчилсан намын бүлэг шаардаж байна. Шаардлагыг хүлээн авахаас
татгалзсан тохиолдолд НИТХ-ын дарга, НЗД болон холбогдох албан
тушаалтнуудад улс төрийн хариуцлага тооцох асуудлыг тавина гэдгээ үүгээр
мэдэгдэе.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ

2017.01.09

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурч, 10-наас нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

Маргааш төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төвийн аймгуудын
нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн зүүн
хагаст, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан
шуурга шуурна. Салхи 10-12-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч
ширүүснэ. Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон
Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын
хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл,
Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын
хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус,
говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10
градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн
байна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Налайхад 14 хоногийн хязгаарлалтын дэглэм тогтоов

Налайх дүүргийн Засаг даргын “Мал амьтны галзуу өвчинтэй тэмцэх,
урьдчилан сэргийлэх тухай” захирамжаар 14 хоногийн хугацаанд
хязгаарлалтын дэглэм тогтоолоо.

Нэгдүгээр сарын 4-ний өдрийн 10.12 цагт Налайх дүүргийн нэгдүгээр
хорооны нутаг дэвсгэрт бэлчээрлэж явсан хонь руу золбин ноход дайрсантай
холбоотой Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, ТҮК-ийн ажилтан
албан хаагчид шуурхай ажиллаж, дээж аван нийслэлийн Мал эмнэлгийн ариун
цэврийн лабораторид хүргүүлжээ. Лабораторийн шинжилгээгээр нохдоос
авсан дээж мал, амьтны галзуу өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон байна.

Налайх дүүргийн нэгдүгээр хороонд тавьсан хязгаарлалтын дэглэм энэ сарын 19-ныг хүртэл үргэлжлэх аж.

Галзуу өвчний тохиолдол гарсан тухай мэдээллийг энэ сарын 6-ны өдөр
нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Налайх дүүрэгт ажиллаж,
шуурхай арга хэмжээ авч буйг албаныхан хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Галаас сэргийлэх нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12
дугаар сарын 28-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн
гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”,
Эрчим хүчний яамны сайд болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар
хотын захирагч нарын байгуулсан санамж бичгийг хүрээнд нийслэлийн гэр
хорооллын айл өрхүүдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэх
болсонтой холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас Улаанбаатар
Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай хамтран иргэд, олон нийтэд Гамшгаас
хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Эрчим хүчний тухай хууль
тогтоомжийг сурталчилж, гэр хорооллын айл өрх, иргэд, олон нийтийн
хэрэглээний цахилгаан хангамж болон цахилгаан халаалтын төхөөрөмж,
цахилгаан дамжуулах утсыг норм дүрэм, стандартын шаардлагын дагуу галын
аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх нэгдсэн арга
хэмжээг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 02 дугаар сарын 09-ний
өдрийг хүртэл нийт 30 хоногийн хугацаанд явуулахаар боллоо.

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын
2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/01 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх
хүрээнд нийслэлийн гэр хороололд галын аюулаас урьдчилан сэргийлэх
чиглэлээр дараах ажлуудыг зохион байгуулна.

  1. Гэр хорооллын хороодын Засаг дарга болон холбогдох албан тушаалтан,
    иргэдэд нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар Цахилгаан түгээх
    сүлжээ ТӨХК-аас хамтран сургалт зохион байгуулах
  2. Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны галын аюулгүй байдлыг
    хангуулах чиглэлээр мэргэжлийн байгууллагатай хамтран дэс дараатай арга
    хэмжээг авах
  3. Иргэд, олон нийтэд хэрэглээний цахилгаан тоног төхөөрөмж, бусад
    цахилгаан хэрэгслийг норм дүрэм, стандартын шаардлагын дагуу ашиглах,
    хэрэглэх болон гэр, байшингийн цахилгааны монтажны угсралтыг мэргэжлийн
    хүнээр хийлгэх, стандартын шаардлага хангасан цахилгааны утсыг ашиглах
    талаар мэргэжлийн заавар зөвөлгөөг өгч, илэрсэн зөрчлийг арилгуулах
  4. Цахилгаан ашиглалт, угсралтын дүрэм зөрчигдсөнөөс үүдэн гарах гал
    түймрийн шалтгаан, нөхцлийн талаар болон цахилгааны ачаалал, шилжилтийн
    эсэргүүцэл, богино холболт, иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас гарч
    буй гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтэд
    сэрэмжлүүлэг хүргэж, цахилгааны аюулгүй байдлыг хангуулах
  5. Гэр хороололд байршилтай худалдааны төв, зах болон хороод, гудамж,
    талбайд шуурхай албаны автомашины чанга яригч хэрэгслээр гарсан гал
    түймрийн тоо, хохирол, шалтгаан нөхцөл байдлын талаарх мэдээ мэдээллийг
    өгч, иргэд, олон нийтэд сэрэмжлүүлгийн материалыг тарааж, урьдчилан
    сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    гэж НОБГ-аас мэдээллээ.
Categories
мэдээ эдийн-засаг

Хөгжлийн банкны бүх зээлдэгчдийн мэдээллийг нийтэд цацахгүй гэв

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр, Б.Жавхлан нар мэдээлэл хийлээ.

Бүлгийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг танилцуулжээ.

Бүлгийн дарга Д.Хаянхярваа, “Хөгжлийн банктай холбоотой асуудлыг хэн нэгэн хүн рүү хандаж эзэн биегүй ярихгүй. Болсон юмыг болоогүй мэт, болоогүй зүйлийг болсон мэт яриад яваад байдаг. Өнөөдрөөс эхлээд ийм зүйлд цэг тавина. Яагаад гэвэл Хөгжлийн банкны шалгалтын материалыг нууцын зэрэглэлээс гаргасан. Гэхдээ бүх зээлдэгч нарын мэдээллийг нийтэд цацахгүй. Хамгийн анхаарал татсан асуудлыг дэлгэнэ. Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ “Хөгжлийн банк 580 сая ам.долларын бонд босгосон. Тэр хөрөнгөөр хүний хөгжлийн 21 мянган төгрөг олгоход зарцуулаад дууссан” гэж хэлсэн. Тухайн үед би Сангийн сайд байсан. Хөгжлийн банкны босгосон 580 сая ам.доллараас нэг цент зарцуулалгүй эд нарт хүлээлгэж өгсөн. Хамгийн эхний гүйлгээ нь наймдугаар сарын 27-нд эхэлсэн байдаг. Цаашид эзэн биегүй ярихгүй гэдэг шийдэлд хүрсэн” гэлээ.

Ийнхүү МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл өгсний дараа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаар танилцуулсан юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Яруу найргийн шилдэг бүтээлийн төрөлд “Таслал” ном “Алтан өд” хүртлээ

Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан өд” наадам өнөөдөр болж байна. Энэхүү наадам МЗЭ үүсгэн байгуулагдсаны 88 жилийн ойтой давхцаж байгаа бөгөөд 2001 оноос хойш утга зохиолын хамгийн өндөр дээд шагнал гардуулах ёслол болж ирсэн билээ. Нийт есөн номинациар “Алтан өд”-ийн эздээ шалгаруулдаг.Энэ жил яруу найргийн төрөлд 30-аад бүтээл, үргэлжилсэн үгийн богино хэмжээний 10 гаруй бүтээл иржээ.

Наадмын яруу найргийн төрөлд 50 гаруй уран бүтээлч өнгөрсөн онд хэвлэгдсэн номоороо өрсөлдсөн бөгөөд яруу найрагч Я.Баяр “Таслал” номоороо уг шагналын эзэн болсон байна. Тэрээр шинэхэн номоо өлгийдөж аваад удаагүй байхдаа ийнхүү хүндтэй шагналын эзэн боллоо. Шагналыг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг гардуулан өгөв.