Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатараас 100 км-ийн зайд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн албан татварыг 50 хувь хөнгөлье

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон нь шинэ оноос хэрэгжиж эхлээд байгаа. Тодруулбал, тус хуулийн 19.12-т “Нийслэлээс 550 км хол байршилд байгаа аймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, улсын бүртгэлтэй, орон нутгийн төсөвтэй харьцдаг, гурваас доошгүй ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 50 хувиар бууруулах, мөн 1000 км-ээс цааш алслагдсан бол 90 хувиар хөнгөлнө” гэж заасан байна.

Энэ нь амьдралд хэрэгжих боломжгүй, наалдах наалдацгүй, аж ахуйн нэгжүүдээ харж хандсан биш харин ч басамжилсан, доог тохуу хийсэн мэт дэндүү хуумгай болжээ. Уул нь уг хуулийн заалт ямар нэгэн аргаар юм хийх эрмэлзэлтэй хүн бүхэнд, хөдөөд ажлын байр бий болгоё, бүтээн байгуулалт цогцлооё гэж зүтгэж байгаа компани, байгууллагад хамааралтай. Тэднийг татварын дарамтаас чөлөөлөх, бизнесийг нь төр бодлогоор дэмжих, товчхон хэлбэл иргэд рүүгээ хандсан хамгийн амин чухал заалт юм. Гэвч өнөө л төрийн харгис дарамт, ард түмнээ татвараар боомилсон ээлжит дарангуйлал болсон нь харамсалтай. Улаанбаатараас 600 шахам км-ийн алсад аж ахуй эрхлээд татвараа 50 хувь хөнгөлүүлнэ гэдэг дэндүү инээдтэй биз дээ.

Харин 100 км-ийн зайд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн албан татварыг 50 хувиар, 200 км-т 90 хувиар хөнгөлнө гээд заачихвал хэрэгжих бүрэн боломжтой. Төв аймгийн Баянхангай сум буюу Атар шиг нийслэлээс 100 км-т байх бүхий л газарт хууль ингэж үйлчлээд эхэлбэл утаагаа, замын түгжрэлээ дийлэхээ больсон Улаанбаатар нүд ирмэхийн зуурт тэлнэ. Хөдөөд бичил хот суурингууд бий болно. Тухайн байгууллагын ажилчдын хүүхдүүдийн цэцэрлэг, удахгүй сургууль сүндэрлээд, үйлчилгээний байгууллагууд өрсөлдөн баригдаж эхэлнэ. Дэлхийн хотууд яг л ийм замаар хөгжиж тэлж ирсэн байдаг.


Categories
мэдээ нийгэм

Сурагчдын амралтыг сунгах эсэхийг БСШУСЯ-тай зөвшилцөнө

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сурагчдын амралтыг сунгах, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод хандан албан тоот ирүүлсэн билээ. Уг албан тоотын хариуг хотын дарга өнөөдөр хүргүүлжээ.

Нийслэлийн Засаг даргын хүргүүлсэн хариуд нийслэлийн төр захиргааны байгууллага нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг ЭМЯ-тай хамтран зохион байгуулж байгаагаа дурьдсан байна.

Түүнчлэн энэ хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа товч танилцуулжээ. Мөн БСШУС-ын яамнаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт 1 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл үргэлжлэх тул амралтыг сунгах асуудлыг түр хойшлуулах тухай мэдэгдсэн бөгөөд халдварын тархалт цаг үеийн байдалтай уялдуулан амралт дуусахын өмнө дахин зөвшилцөн шийдвэрлэхээр болжээ.

Түүнчлэн нийслэлээс харьяа дүүргийн нэгдсэн эмнэлгийн ачаалал, эмнэлгийн тоног төхөөрөмж, бага хэрэгслийн эрэлт хэрэгцээ их байгаа бид өөрсдийн нөөц боломжоор шийдвэрлэн ажиллаж байна” гэжээ. Ингээд Нийслэлийн Засаг даргын хариуг бүрэн эхээр нь хүргэе.

Сурагчдын амралтыг сунгах эсэхийг БСШУСЯ-тай зөвшилцөнө

Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг аль нэг дарга, намд таалагдах гэж гаргаж болохгүй

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.


-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг чуулганаар хэлэлцэхээр боллоо. Ноднин нэг хуулиар бүх сонгуулийг явуулахаар болчихоод ийм хурдан өөрчлөх шалтгаан юу байсан юм бол?

-2015 онд өмнөх парламентын үед УИХ-ын сонгуулийн тухай хууль, Орон нутгийн сонгуулийн тухай хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг нэгтгэн нэг болгоё гээд Монголын Сонгуулийн тухай хууль гэж баталсан. Энэ хуулиар бүх сонгуулийн хуулийг зохицуулах концепци гарч, нэгтгэн нэг хууль болгосон. Уг хуулийн хүрээнд УИХ, орон нутгийн сонгуулийг зохион байгуулсан.

Уг хууль практик дээр хэрэгжээд эхлэх үед хуулийг хэрэгжүүлж буй болон хуульд хамрагдаж буй хувь хүн, албан байгууллагын зүгээс маш их гомдол ирсэн. Ялангуяа хуулийг голлон хэрэгжүүлэгч Сонгуулийн ерөнхий хороо, сонгуулийн байгууллагуудын зүгээс хууль хэрэгжихэд УИХ, орон нутгийн сонгуулийн ялгааг сайн гаргаж өгөөгүй, зарим зүйлийг орхигдуулсан, сонгуулийн онцлогийг бага тусгаснаас шалтгаалан сонгууль явуулахад хүндрэл гарсан гэдэг дүгнэлт гарсан. Тиймээс эдгээр хуулиуд тус тусдаа байвал илүү үр дүнтэй юм байна гэсэн юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталъя гээд нэр бүхий гишүүд энэ сонгуулийн хуулийг өргөн бариад байгаа. 1993 онд анх Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль гэж гарч анхны Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж байлаа. Түүнээс хойш найман удаа өөрчилсөн. Энэ удаа шинээр бие даасан хэлбэртэй орж ирж байгаа юм. Нийтдээ 14 бүлэг 104 зүйлтэй шинэ хууль орж ирсэн.

-Энэ хуулийн онцлог нь юу юм бэ?

-Өмнөх хуулиудад гарсан алдаа, оноог тунгаасан. Ялангуяа нэгдсэн хууль байх хүрээнд бий болсон хүндрэлийг засч сайжруулах тал дээр нь түлхүү анхаарсан.

-Танай намынхан чинь зөвхөн өөрийнхөө намаас нэр дэвшиж байгаа хүнд тааруулсан хууль батлах гээд байгаа юм биш үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотойгоор Үндсэн хууль болон бусад хуулиудад тодорхой заалтууд байдаг. 45-аас дээш насны, сүүлийн таван жил Монгол Улсад оршин суусан, Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй гээд заачихсан. Ерөнхийлөгчид хэн нэр дэвшүүлэх вэ гэдгийг ч тодорхой заагаад өгчихсөн юм. Энэ нь парламентад суудалтай намын хүрээнд л хамаарна. Дээд шүүхийн холбогдох тайлбар нь хүртэл гарчихсан байгаа. Тиймээс ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын парламентад суудалтай гурван улс төрийн хүчнээс нэр дэвшинэ.

-Бие даагчийн хувьд аль нэг намд элсвэл тухайн намаас нэр дэвшүүлэх боломж бий юү?

-Бие даан УИХ-ын гишүүн болсон С.Жавхлан аль нэг намд орвол парламентад суудалтай гэж үзэхгүй гэж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, тэр намаас нэр дэвшүүлэх эрхгүй гэсэн үг. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль өмнө нь бидний 20 гаруй жилийн турш хэрэгжүүлсэн хуулиудтай үзэл баримтлалын хувьд ойролцоо. Гэхдээ илүү боловсронгуй болсон заалтуудыг суулгаж өгсөн.

Өнгөрөгч УИХ-ын сонгуулийн үеэр сонгогч гэж хэнийг хэлэх вэ, сонгогчийн шилжих хөдөлгөөн ямар байх вэ, иргэний шилжих хөдөлгөөн ямар байх вэ гэдгийг хооронд нь хольж хутгах, ойлголтын зөрүү гарсан. Ялангуяа сонгуулийн нэгдсэн хуультай болсны дараа илүү тод ажиглагдсан л даа. Ер нь Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг чинь УИХ, орон нутгийн сонгуулиас ялгаатай юм. Учир нь хоёр шатлалтай явдаг. Ард түмнээс санал авч сонгогдсон хүн, УИХ-аар орж баталгааждаг. Ерөнхийлөгчийн сонгуулиар нэг хүнийг сонгодог тул гадаадад байгаа иргэд саналаа өгөх эрх нь энэ хуулиар нээгдэж байгаа. УИХ, орон нутгийн сонгууль чинь мажоритар системээр явагдаж байгаа тул гадаадад амьдарч буй иргэд тухайн тойрогт нэр дэвшигчдэд санал өгөх асуудал нь хаалттай байлаа. Харин Ерөнхийлөгчийн сонгуулиар бид нээж өгч байх жишээтэй.

-Цэргүүдийн асуудал бас хөндөгдөөд байсан уу?

-Хилийн цэрэгт алба хааж байгаа иргэдийн сонгуулийг хэрхэн өгүүлж, сонгогчоор яаж бүртгэх вэ гэдэг асуудал шийдлээ ололгүй үлдсэн байсан. Гэх мэтчилэн олон асуудлууд байсан тул Сонгуулийн Ерөнхий хороо, сонгууль зохион байгуулж буй байгууллагууд холбогдох судалгааны байгууллагаас гаргасан дүгнэлтийг харгалзсан. Тухайлбал, өмнө нь сонгуулийн нэгдсэн хууль гаргахдаа сонгуулийн хуульд хэдийд нэмэлт, өөрчлөлт оруулах вэ гэдэг хаалтыг хийж өгөөгүй байсан. Өмнө нь сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд ямар нэгэн өөрчлөлт хийхийг хуулиар хориглож байсан. Хүний эрхийн тухай үндэсний хөтөлбөрт ч гэсэн сонгогчдын эрх ашгийг дээдлэх үүднээс сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд ямар нэгэн байдлаар нэмэлт, өөрчөлт оруулахыг хориглож байсан ч өмнөх Их хурал сонгуулийн санал өгөх өдөр хүртэл бараг өөрчлөлт хийсээр байгаад орж ирсэн. Тиймээс энэ удаагийн хуулиар 150 хоногоор хязгаарлаж байна. Нэг үгээр хэлбэл, сонгууль болохоос таван сарын дотор ямар нэгэн байдлаар нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглож байгаа. Энэ нь эрх барьж буй юм уу, аль нэг улс төрийн хүчинд давуу талыг бий болгохгүй байх, сонгох, сонгогдох эрхэд сөргөөр нөлөөлж байна гээд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хязгаарлаж байх жишээтэй. Гэх мэтчилэн нэлээд олон асуудлыг энэ хуулиар тодорхой болгосон.

Сонгуулийн тов зарлах, сонгуулийн санал авах өдрийг зарлах асуудлыг хоёр удаа Их хурлаар оруулж тусдаа тогтоол гаргаж байсныг болиулж байгаа. Энэ мэтчилэн процедурын болон үйл ажиллагааны зохицуулалтуудыг хийж өгсөн. Сонгуулийн ерөнхий хороогоор дамжигдан хийгдэж байсан эрх мэдлүүдийг задалж, ойлгомжтой болгож өглөө. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг бүхэлд нь аваад үзэхээр өмнө нь манайд мөрдөгдөж байсан Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн суурин дээр өнөөдөр үүсээд буй алдаа оноог тусгасан юм. Аливаа сонгуулийн хууль сонгогчийн эрх ашгийг дээдэлсэн, сонгогчдод нэн ойлгомжтой, сонгогчийн сонгох, сонгогдох эрхээ хангахад чиглэгдсэн байх ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг аль нэг дарга, намд таалагдах гэж гаргаж болохгүй. Эсвэл тэдний эрх ашигт нийцүүлсэн хууль гаргаж болохгүй л гэж байгаа юм.

Сонгуулийн хууль чинь ардчиллын амин сүнс болсон эрх зүйн баримт бичиг. Тэр утгаараа иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангасан, нийтийн эрх ашгийг дээдэлсэн хууль гараасай гэж хүсч байна.

-Гэхдээ оны өмнөхөн хуулийн төслийг өргөн барьчихаад нэгдүгээр сарын 15-ны дотор багтааж батална гэдэг чинь бушуу туулай борвиндоо баастай гэгч болох гээд байгаа юм биш үү?

-Хуулийн төслийг боловсруулах явцад парламентад суудал бүлэгтэй намууд болох АН, МАН-ынхан ярилцаж, намуудын төлөөллийг багтаан хуулийн төслийг өргөн барьсан. Тиймээс хуулийн төсөл аль аль бүлэг дээрээ дэмжлэг авсан болохоор хуулийн төслийг хэлэлцэхээр болсон. Парламентын шатандаа сайтар ярилцсан болохоор хууль хугацаандаа батлагдах боломжтой.

-Гэхдээ Ардчилсан намын бүлгийн дарга хэвлэлийн хурлын үеэр хуулийн төсөл ирээгүй гэдэг зүйлийг мэдэгдсэн. Тэр утгаараа чуулганаар хэлэлцэх боломжгүй гэж байсан л даа…

-Энэ хуулийн төсөл арванхоёрдугаар сарын 26-ны өдөр өргөн баригдсан. Бүх гишүүдэд и-мэйлээр болон цаасаар тараагдсан. Тиймээс АН, МАХН, бие даагч гээд ялгаад байсан зүйл байхгүй байлгүй дээ. Хуулийн хүрээнд л явах байх.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тов хэдийд зарлагдах вэ?

-Хууль батлагдсаны дараа товыг зарладаг. Эхлээд хуулиа баталчихъя. Монголчууд нэг үеэ бодоход шат шатны сонгуулийг явуулаад сурчихлаа. Тэр утгаараа сонгуулийн ардчилал манайд хэлбэржин тогтож байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн санал асуулгын давхар явуулчих хэрэгтэй байгаа юм. Ард түмэн нэмэлт, өөрчлөлт хийх ёстой гэвэл хийх хэрэгтэй. Монголчууд маань үгүй гэх юм бол тэгээд цэг тавиад хаах цаг нь болсон.


Categories
мэдээ цаг-үе

Жүжигчин Н.Онон: Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай “Чи жүжигчин болж чадна. Үзээд алд” гэж билээ

“Х-ТҮЦ” продакшны жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Н.Ононтой ярилцлаа.


-Шинэ жилийн баяр болоход “Өвлийн инээмсэглэл” нэвтрүүлгээр юу гарах бол гэсэн хүлээлттэй хүмүүс цөөнгүй байдаг. Энэ жилийн дугаар үзэгчдийг мөн л хөгжөөж чадсан. Тэр дундаа үзэгчид “Монгол тулгатны нэг эрхэм” үзүүлбэрийг онцлох байх?

-“Х-ТҮЦ” продакшн “Өвлийн инээмсэглэл” гэх шинэ жилийн баярт зориулсан нэвтрүүлгээ 12 дахь жилдээ хүргэлээ. Бид үзүүлбэрүүдээрээ үзэгчдэдээ инээд бэлэглэхээс гадна үзэл бодлоо илэрхийлж, аливаа болж бүтэхгүй байгаа зүйлсийг хөндөхийг зорьдог. Энэ удаа авлига гэсэн сэдвийг хөндсөн. Та бид адилхан л сайхан амьдрахыг хүсдэг. Гэтэл ганц нэг хүн буруу зүйл хийж гоё амьдраад байж болохгүй. Тиймдээ ч энэ талаар дуугарах нь зүйтэй гэж бодсон. Дуугарахын тулд энгийн хөгжөөнт нэвтрүүлэг байж арай таарахгүй байсан л даа. Хүмүүст хүрсэн, томоохон нэвтрүүлгээр төлөөлүүлэх хэрэгтэй юм байна гэж манай хамт олон ярилцаж “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг сонгосон. Гэхдээ маш болгоомжтойгоор ажилласан.

Ер нь бол “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт орсон бүх хүн авлига авдаггүй гэвэл бас өрөөсгөл ойлголт болох байх. Тиймдээ ч манайхан энэхүү нэвтрүүлэгт орсон хэн нэгэн авлигачийг төлөөлүүлж “Монгол тулгатны нэгэн эрхэм” гэж нэрлэсэн. Хэн гэдэг нь тодорхойгүй гэсэн үг шүү дээ. Ингээд л нэвтрүүлгээ бэлдсэн дээ. Бас үзэгчдээ хөгжөөхөө ч мартаж болохгүй. Шинэ жилийн үдэш үзэгчдэдээ инээд бэлэглэхээр сар гаруй хугацаанд 40-өөд уран бүтээлч ажилласан.

-Тус нэвтрүүлгийг “Univision” болон “IPTV” сувгуудад төлбөртэй байршуулсан. Жил бүр үнэгүй үздэг үзэгчид багагүй бухимдалтай байгаа нь ажиглагдсан. Энэ тухай санал бодлоо хуваалцаач?

-Бид иймэрхүү хэл ам гарна гэдгийг мэдэж байсан л даа. Гэхдээ үзэгчид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Үнэндээ бид ашиг хонжоо харж төлбөртэй сувгуудад тавиагүй. Дээр хэлсэнчлэн 40 минутын нэвтрүүлгийг бэлдэхэд маш олон хүний хөдөлмөр шингэсэн. Тиймдээ ч маш их хөрөнгө, мөнгө зарцуулдаг. Энэ бүхнийг л олохын тулд төлбөртэй сувагт байршуулсан. Мэдээж өмнө нь төлбөргүй гаргадаг байсан гэх байх л даа. Бид хамгийн анх “Өвлийн инээмсэглэл” нэвтрүүлгээ “ТВ9” телевизтэй хамтран хийж эхэлсэн. Дараа нь “UBS” телевизтэй хамтран хийдэг болсон юм. Тиймээс өмнө нь бидэнд хүндрэл бага байсан юм шиг санагдаж байна. Харин өөрсдөө бие дааж хийхийн тулд ивээн тэтгэгч байгууллагуудтай байх шаардлага гарна. Яг үнэндээ ивээн тэтгэгч байгууллагууд олшроод ирэхээр уран бүтээл маань уран бүтээл биш болчих гээд байдаг талтай. Хэтэрхий их сурталчилгаа орчих юм бол үзэх юмгүй болчихно шүү дээ.

Миний бодлоор үзэгчид яагаад 5000 төгрөг төлөөд баярынхаа үдэш инээд, хөөртэй зүйл үзэж болохгүй гэж. Тэр гэрийнхэн бүгд 5000 төгрөгөөр үзчихнэ. Нэг удаа кино үзэхээс хямд байна шүү дээ. Манайхан уран бүтээлчдийг үнэлж сурах цаг болсон гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ үзэгчдийнхээ бухимдлыг бол ойлгож байна. Ямартай ч “Өвлийн инээмсэглэл” нэвтрүүлгийг үзэх сонирхолтой байгаа нь мэдрэгдэж байна. Өнгөрсөн арав гаруй жил алдаа, оноотой байсан ч үзэгчид маань бидний энэ нэвтрүүлгийг үзэхийг хүсдэг юм байна гэдгийг маш сайн ойлголоо.

-Өнгөрсөн намар хоёр ч шоу тоглолт хийсэн. Одоогоор ямар ажлууд төлөвлөөд байна вэ?

-Бид орон нутгаар тоглолтоо хүргээгүй байсан. Тиймээс яг одоо орон нутгаар явахаар манай залуус бэлдэж байгаа. Мөн хавар тоглолтоо хийх болно. Харин зун кино хийх бодолтой байгаа.

-“X-Түц” продакшн байгуулагдаад 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд хичнээн тоглолт хийсэн байдаг бол. Тооцож үзэв үү?

-Манай продакшн байгуулагдаад 20 жил болж байна. Саяхан хичнээн тоглолт хийсэн юм бол гээд Одноо тооцож байсан шүү. Ер нь жилд гурван удаа тоглолт хийдэг гэхээр 20 жилд 60 гаруй шоу, тоглолт хийсэн байж таарах нь. Мөн телевизийн 10 гаруй нэвтрүүлэг хийсэн байна. “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц”, “Хориотой жүжиг”, Сосорбарам ахтай хамтарч Айн Рэндийн либертари үзлийг харуулсан хоёр жүжиг тавилаа. Мөн “Сэргээш-I, II, III”-ыг үзэгчид сайн санаж байгаа байх. “Болсон явдал, “Миний хөрш чөтгөр” гээд бүрэн хэмжээний хоёр кино хийсэн байна. Ингээд бодохоор цаг хугацаа их хурдан юм.

-“Х-ТҮЦ” продакшныхан УДЭТ-ын жүжигчид байсан. Анх театраас гарахдаа юу хүсэж мөрөөдөж байв. Тэр зорилгодоо хүрсэн үү?

– Театрт байх үедээ Одноо, Аглуу бид хэд хамтарч тоглолт хийж үзье гэж ярилцсан юм. Тэр тоглолтыг Найдандорж найруулагч найруулаад “Х-ТҮЦ” гэж нэрлэж байлаа. Харин дараа нь нэг тоглолт хийх гээд реклам сурталчилгаа цацчихсан байтал театрын найруулагч Баатар хурал хийгээд биднийг тоглолт хийж болохгүй гэсэн юм. Нэгэнт тоглолт хийнэ гээд реклам сурталчилгаагаа цацчихсан болохоор театраасаа нүүр будгаа аваад шууд гарсан даа. Ер нь ч бид театраас гарахдаа дураараа уран бүтээлээ хийе гэж бодож шийдсэн юм. Өөрийнхөө үзэл бодлоор хүссэн зүйлээ хийе гэж гарсан гэж ойлгож болно. Театрын жүжигчинг уран сайхны удирдлага ямар жүжигт тоглуулахыг хүснэ, түүнд л тоглоно. Тиймдээ ч бид дураараа уран бүтээлээ хийж алдаа, оноогоо өөрсдөө дүгнэхийг хүссэн юм. Үндсэндээ өөрсдийнхөө төлөө явж үзье л гэж бодсон.

-Та яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ?

-Зүгээр л хор, шар юм даа. Аав, ээж хоёр маань эмч болохоор намайг эмч болгоно гэдэг байсан юм. Би дунд сургуулиа төгсчихөөд яахаа мэдэхгүй л байлаа. Харин нөгөө ангийн хоёр хүүхэд ОХУ-ын жүжигчний сургуульд тэнцчихсэн байна гэж дуулддаг юм байна. Хүүхэд юм болохоор сонирхоод очлоо. Н.Нямгаваа найруулагч шалгаж авч байна. Даанч шалгалт нь дуусчихаж. Гуйж байгаад шалгууллаа. Шалгасан хүмүүс нь намайг “Чи хэзээ ч урлагийн хүн болж чадахгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь л шар хөдлөхгүй юү.

Мөн намайг урлагийн хүн болгоход миний нагац эгч хамгийн их түлхэц болсон. Маш их тусалсан. Тэр үед намайг жүжигчин болж чадах үгүйг минь шалгуулахаар Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай дээр авч очсон юм. Харин Гомбосүрэн гуай “Миний олон жилийн туршлага байна. Чи жүжигчин болж чадна, чадах хүүхэд байна. Үзээд алд. Хэрэв чадахгүй хүн байсан бол би үнэнийг л хэлнэ” гэж билээ. Тэр том хүн тэгж хэлэхэд л маш их урам орж билээ. Тэгээд л СУИС-ийн оюутан болж, жүжигчин болох гараа минь эхэлсэн түүхтэй юм.

-Таныг “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны зураг авалтын үеэр эмэгтэй хүн байна гэж андуурсан гэдэг…

-“Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны олны хэсэгт оюутнуудыг тоглуулахаар болсон юм. Би ч Чингис хааны тухай кинонд тоглох юм чинь баатарт тоглочих санаатай үсээ айхтар ургуулчихсан. Урт ургачихсан болохоор нь боочихдог байлаа. Бас одооных шиг тарган ч байсангүй. Цав цагаан царайтай, сахал самбаа ч байхгүй, бүлтгэр нүдтэй өө сэвгүй л амьтан байж л дээ. Киноны найруулагчаар Балжинням гуай ажиллаж байлаа. Бид баатрын хувцас өмсчихсөн олны хэсэгт тоглодог байсан юм. Балжинням найруулагчийн нүдэнд өртчих юмсан гэсэн бодолтой морь унаад л давхиад байв. Намайг тоосон ч юмгүй. Бүр олны хэсэгт ч оруулахгүй, гарах гэхээр л дуудаад байдаг байгаа. Гэтэл Балжинням найруулагч “Тэнд яагаад эмэгтэй хүүхэд морь унаад давхиад байгаа юм. Морь малнаас унаад бэртчихвэл яана. Болиул” гэсэн нь тэр юм билээ л дээ. Бас тэр үеэр нэг оюутан эмэгтэй хүүхэд гэж андуураад их шохоорхсон байдаг юм. Сүүлдээ танилцаад бөөн инээдэм болж байсан даа. Ер нь тэгээд урт үстэй байхад хүмүүс эмэгтэй хүн гэж их андуурдаг байлаа. “Эгч ээ, ард чинь оочер захья” ч гэсэн удаа бий шүү.

-Урлагийн хүний хамгийн жаргалтай мөч ямар үед тохиодог юм бол?

-Бүтээл амжилттай болоод нүүр бардам ёслох тэр мөч л хамгийн жаргалтай үе байдаг юм даа.

-“Сайн уу, амьдрал минь-2” киноны ерөнхий продюсероор ажилласан. Залуу уран бүтээлчидтэй ажиллах ямар байсан бэ?

-“Сайн уу, амьдрал минь-2” киноны найруулагчаар З.Батболд ажилласан. “Сайн уу, амьдрал минь”, “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз” зэрэг киноны найруулагч хийж байснаар нь үзэгчид сайн мэдэх байх. Болдоо бид хоёрын бодсон зүйл нь залуу уран бүтээлчдийг гаргах байсан юм. Одоо “X-ТҮЦ” продакшн ч юм уу, ер нь миний үеийн уран бүтээлчид залуу үеэ бэлдэж, тэдэнд зүг чигийг нь олоход туслах хэрэгтэй. Залуучуудыг хоолтой нь залгуулах ёстой юм. Энэ олон авьяаслаг залуус хаачихаа мэдэхгүй, учраа олохгүй байсаар нас нь явчихна. Тиймээс энэ киногоороо залуусыг олны танил болоосой, амьдралдаа нэг том алхам хийгээсэй гэж хүссэн.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ цаг-үе

Ч.Лодойдамбыг шинээр нээхийн учир

-ИХ ЗОХИОЛЧ Ч.ЛОДОЙДАМБЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД-

Баруун гар талаас зохиолч Ч.Чимэд, Б.Ринчен, Ч.Лодойдамба, Э.Оюун, Ч.Лхамсүрэн. 1956 он

XX зууны Монголын томоохон сэхээтэн Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохионо. Тэрээр 1917 онд Засагт хан аймгийн Засагт ханы хошуунд Цогтын Чадраабалын хоёр дахь хүү болон мэндэлсэн Олхонуд овгийн хүмүүн байв.

Эцэг Чадраабал нь монгол бичиг сайтай, үлгэр тууль хайлдаг, уран барилдаанч, мэргэн харваач, сайн уяач байсан нь Ч.Лодойдамба хожим нь зохиол бүтээлдээ монгол ахуйн нарийн ширийнийг тодорхой тусгахад хүчтэй нөлөөлжээ. Баруун хилийн түүхэнд сайн саар үйлийн аль алинаар тод нэртэй үлдсэн Дамбийжаа лам шалж гуйсаар нэгэн сайн морийг нь авчихаад үнийг нь өгөлгүй хулгайгаар явчихсанд зэвүүрхэн нутгийнхаа Дуламсүрэн тайжтай хамт хөөж очоод явгалж орхисон нь Чадраабалд хожим нь нутгаа орхих нэгэн шалтгаан болсон гэдэг. Ц.Чадраабалын охин Ч.Цэндсүрэн “Хожим нь Дамбийжаа хүч чадалтай болсон үедээ Засагт ханы хүрээнд ирмэгц манай аавыг сураглаж олж авчрахыг тушаасан байж. Аав түүний ирснийг мэдмэгц хөтөлгөө морьтой зугтаан зайлдаг байсан юм гэнэ лээ. Тэгэхээр нь Жа лам гэгч тэрбээр аавын адуу малаас хөөж аваад явчихдаг байжээ. Энэ явдал аавыг минь нутаг орноо орхин гарах нэг шалтгаан болсон юм билээ” гэж дурссан нь (Б.Ганбат “Монголын сонгодог зохиолч Чадраабалын Лодойдамба, амьдрал уран бүтээл” Сөүл., 1998) ном сударт буй.

Хувь тавилангийн энэхүү эргэлт монголчуудад нэгэн сайн сэхээтнийг бэлэглэсэн гэж хэлж болно. Чадраабалынхан ийнхүү 1921 оны үесээр Хүрээний орчимд нүүн ирж суурьшсан нь Ч.Лодойдамба Улаанбаатарын үлгэр жишээ дунд сургууль (Одоо нийслэлийн нэгдүгээр дунд сургууль)-ийг амжилттай дүүргэж, цаашдаа эрдмийн мөр хөөхөд нь чухал үүрэг гүйцэтгэжээ. Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн “Манай сургуульд гурвын нэг гэж сурлага сайтай хүүхдүүдтэй тэргүүний анги байсан билээ. Тэр ангид Лодойдамба сурдаг байв” гэж “Миний хань Чадраабалын Лодойдамба” (УБ., 2011) номд бичжээ. Ч.Лодойдамба дунд сургуулиа амжилттай дүүргээд Улаан-Үдийн “Монгол рабфак”-д онц сурч, ЗХУ-ын том хотуудаар шагналаар аялж байжээ. Ийнхүү амьдралын их замд хөл тавьсан Ч.Лодойдамба тухайн цаг үеийнхээ Монголын нийгмийн амьдралд тод мөр үлдээсэн том сэхээтэн болсон бөгөөд “Тунгалаг Тамир” романы зохиолч гэдгээрээ алдаршсан хүн юм.

Их зохиолчийн мэндэлсний 100 жилийн ойг хэрхэн тэмдэглэх талаар саналаа өгүүлэх ялдамд Ч.Лодойдамбын туулсан амьдралаас юу юуг нь тодлон дурсах ёстойг сөхөн сануулах, шинээр хөндөхийг хичээе.

Эн тэргүүнд Ч.Лодойдамбын Монголын урлаг соёлын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нарийвчлан судлах шаардлагатай байна. Тэрээр 1944-1955 онд МАХН-ын Төв хороонд лектор, Лекторын товчооны эрхлэгч, Шинжлэх ухаан, урлаг утга зохиолын тасгийн эрхлэгчийн алба хашиж байв. Энэ үе бол Монголын төр урлаг соёлын бодлогодоо онцгой анхаарч, алсыг харсан өргөн цараатай ажил эхлүүлж байсан онцгой цаг үе юм. Ч.Лодойдамбын эрхэлж байсан албан тушаал нь түүнийг төрөөс явуулж буй урлаг соёлын бодлого тодорхойлогч гол хүмүүсийн нэг болгосон бөгөөд тухайн үед болон түүнээс хойших он жилүүдэд энэ чиглэлээр гарсан томоохон шийдвэрүүдэд тэрээр ямар үүрэг оролцоотой байсан, ямар байр суурь баримталсан, ямар санаачилга гаргаж ажил хэрэг болгосныг тусгайлан судалж, Монголын урлаг соёлын хөгжилд гүйцэтгэсэн үүргийг нь илүү тодлох асуудал өнөөдөр эзнээ хүлээж байна. Энэ он жилүүдэд Ч.Лодойдамба Монголын урлаг соёлын бодлогыг зангидах хэмжээний боловсон хүчин болж чадсаны нотолгоо нь 1959 онд Соёлын яамыг татан буулгаж, оронд нь Урлагийн хэрэг эрхлэх хороо байгуулахад нэгдүгээр орлогч дарга болж, 1961 онд Соёлын яамыг дахин байгуулахад нэгдүгээр орлогч сайдаар нь томилогдоод насан элтлээ уг албыг хашсан түүх нотолно.

Судлаач Б.Мөнхбаяр “Энэ хугацаанд тэрээр… төрөөс соёл, урлагийн талаар явуулж буй бодлогыг нэгтгэн зангидаж, удирдан хэрэгжүүлж байв” гэж дүгнэсэн (Б.Мөнхбаяр “Чадраабалын Лодойдамба” УБ., 2014) нь Ч.Лодойдамбын амьдралын сүүлийн 30 жилийн үйл ажиллагааг ганцхан өгүүлбэрт базсан оновчтой үнэлэлт юм. Мөн янз бүрийн эх сурвалжуудад дурдагдаж буй салангид баримтуудыг анхааран нягталбал өгүүлэн буй сэдвээр Ч.Лодойдамбын хийж бүтээсний ул мөр нэлээд тодорхой болж байна. Тухайлбал, тэрээр Монголд дуурийн урлагийг хөгжүүлэх талаар эртнээс шат дараатай бодлогыг чамбай хэрэгжүүлсэн нь анзаарагдаж байна. Түүнийг МАХН-ын Төв хороонд урлагийн асуудал хариуцаж байх үед буюу 1947 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн Улс төрийн товчоо 2 тоот тогтоол гаргаж “Театрын цаашдын хөгжил ба опер, балетын хэсгийг байгуулах бэлтгэл ажлыг хангах”-ыг үүрэг болгосон бол 1952 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн хурлаараа “үндэсний дуурийн урлагийг хөгжүүлэх ба дуурийн мэргэжлийн дуучдыг бэлтгэх зорилгоор… авьяас чадвартай шинэ дуучдыг сонгож олох тусгай комисс байгуулсугай” гэсэн тогтоол гаргаж, “Улсын хөгжимт драматик театрын дэргэд оперын студи байгуулж хичээллүүлэх”-ийг үүрэг болгож байжээ. Монголын театрын нэрт зүтгэлтэн, театр судлаач С.Дашдондог МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1947 оны 2 тоот тогтоолыг “Манай орчин үеийн Дуурь бүжгийн театрын эхлэлийг тавих нөхцөлийг бүрдүүлснээрээ онгой ач холбогдолтой” (С.Дашдондог “Хөгжим дуурь балет судлал” УБ., 2013) гэж үнэлсэн байдаг.

Дуучин Г.Хайдав 1954 онд ЗХУ-д дуурийн дуучны мэргэжлээр төгсөж Монголын анхны мэргэжлийн гоцлол дуучин болсон, үндэсний боловсон хүчнүүдээ хөгжмийн зохиолч, бүжиг дэглэгч, бүжгийн багш, концертмейстер, балетчин, хөгжмийн удирдаач зэрэг мэргэжлээр гадаадын орнуудад сургаж эхэлсэн зэрэг хожмын үйл явдлуудад Ч.Лодойдамбын удирдсан МАХН-ын Төв хорооны Шинжлэх ухаан, урлаг утга зохиолын тасгийн үүрэг оролцоо ихээхэн байсан нь судалгаагаар тодрох нь дамжиггүй юм.

Судлаач Б.Мөнхбаяр “Ч.Лодойдамба сайд… Улсын хөгжимт драмын театрыг Улсын драмын театр, Улсын дуурь бүжгийн театр болгож өргөжүүлэн байгуулах асуудал боловсруулан хөөцөлдсөөр 1963 оны тавдугаар сарын 10-ны өдөр МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлөөр тогтоол гаргуулж, хоёр театрыг тусад нь бие даалган байгуулж чаджээ” гэж ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлөөс хэвлэн нийтлэхийг зөвшөөрсөн “Чадраабалын Лодойдамба” номдоо бичсэн нь үндэсний хоёр том театрын маань түүхэнд тодоор бичигдэн үлдэх ёстой баримт юм.

Ч.Лодойдамба сонгодог урлагаас гадна орчин үеийн урлагийн чиглэл урсгалуудыг Монголд бий болгох талаар анхаарч, бодлогоор дэмжиж байсан шинэлэг сэтгэлгээтэн байжээ. Монголын анхны рок поп хамтлаг “Соёл Эрдэнэ” үүссэн түүх үүний нэг том жишээ юм. Энэ тухай нийтлэлч Д.Батбаяр “1969 оны шинэ жилээр Монголд ирсэн СЭВ-ийн төлөөлөгчдийн цайллага дээр Соёлын яамны дэд сайд Ч.Лодойдамба Ардын дуу бүжгийн чуулгын дэргэдэх Б.Наранбаатар, Ж.Батсайхан, Б.Эрдэнэхуяг, Д.Цэрэнбат нарын ятгын дөрвөлийг дуучин Г.Түмэндэмбэрэл, Н.Гэрэлт-Од хоёртой нь авч очжээ. Тоглолтын дараа Ч.Лодойдамба залуусыг дуудаад “Английн “Цох хорхой” гэдэг дөрвөн залууг мэдэх үү, та нарт боломж өгвөл тийм хамтлаг болж чадах уу?” гэж асуусан гэдэг. Бүх зүйл эндээс л эхэлжээ (Д.Батбаяр “Соёлын үрийг таригсад” нийтлэл. 2012.08.09) хэмээн бичсэн байна. Үүнийг нь тус хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг Б.Наранбаатар нотолж “Соёлын яамны орлогч сайд Лодойдамба гуай гадаад, дотоод их явдаг. Тэгэхдээ сонсдог, мэддэг хүрээ нь өөр байдаг байсан байгаа юм. Тэгээд нэг өдөр “Цох хорхой” гэж хамтлаг байдаг, та нар мэдэх үү. Тийм хамтлаг болж чадах уу гэж байна. Загатнасан газар маажчихаж байгаа юм. Ингэж л хамтлаг байгуулагдах эхлэл тавигдсан” (Ж.Баярсайхан “Монгол туургатны хөгжмийн зохиолч Б.Наранбаатарынх”. “Өдрийн сонин”. 2015 он) хэмээн дурсчээ. Монголын рок поп урлагийн хөгжлийн түүх ийнхүү Ч.Лодойдамбаас эхэлж буйд урлаг судлаачид энэ эрхэм хүний мэндэлсний 100 жилийн ойгоор анхаарал хандуулах буй за.

Ч.Лодойдамба Монголын урлаг соёлын залуу авьяастнуудыг тодруулж дэмжих талаар цаг ямагт анхаарч, уран бүтээлчийн хувьд өсч дэвжих, шинийг хийж бүтээхэд нь түлхэц үзүүлдэг шилдэг удирдагч байжээ. Тэрээр залуу дуучин Л.Эрдэнэбулганыг Европын орнуудаар тоглох урлагийн багийн бүрэлдэхүүнд явж байхад нь Болгарын хөгжмийн дээд сургуульд шалгуул гэсэн цахилгааныг тэнд суугаа Элчин сайд Цэдэндамбад илгээснээр Монгол Улс нэгэн сайн найруулагчтай болсон. “Хүүе хаая гэх хүнгүй өнчин өрөөсөн намайг их урлагийн зам руу хөтлөн оруулсан Чадраабалын Лодойдамба гэх агуу хүнийг би энгэртээ нөөлөгтэй элгэндээ нөмөртэй хан уул гэж хүндэтгэдэг” (Норовын Гантулга. “Их хувь заяаны эзэн Лхагвын Эрдэнэбулган” ярилцлага. “Өдрийн сонин”. 2016.) хэмээн Л.Эрдэнэбулган энэ тухай хэлжээ. Ардын жүжигчин, дуурийн алдарт дуучин Х.Уртнасан “1960-аад оны үед Ардын жүжигчин Г.Хайдав, А.Загдсүрэн, Ц.Пүрэвдорж нар дэлхийд дээгүүрт ордог Москвагийн хөгжмийн сургуулийг онц дүнтэй төгсөөд ирсэн шижигнэсэн залуус байлаа. Тухайн үед зохиолч Ч.Лодойдамба Соёлын яамны сайд байсан юм. Тэд л ярилцаад намайг Болгарт мэргэжил дээшлүүл гэсэн. Ардын жүжигчин А.Загдсүрэнгийн дараа дуулах хүн хэрэгтэй. Энэ хүүхэд л ирээдүйтэй” гээд сонгосон юм.” гэж дурсан өгүүлснээс харахад Ч.Лодойдамба сайдын үед Монгол төрийн урлагийн бодлого ямар алсын хараатай байсан нь харагдана.

“Нийслэл хүү” киноны гол дүрийн жүжигчин Ж.Бүрэнбэхийн “Гол дүрээ хайж жил гаруй болсон. Тэр хугацаанд олон хүн шалгуулсан гэсэн. Тэр үеийн уран бүтээл хариуцсан орлогч сайд нь Ч.Лодойдамба гуай байлаа… “Би энэ зохиолыг чинь уншчихсан шүү дээ. Та нар Драмын театр руу яв. Тэнд нэг хүү бий. Тэр л нийслэл хүү чинь мөн” гэж хэлсэн юм билээ” гэсэн ярианаас Ч.Лодойдамбын уран бүтээлчдээ сайн мэддэг, хаана ямар бүтээлд тоглуулахыг хүртэл олоод харчихсан байдаг жинхэнэ удирдагч, манлайлагч хүний дүр төрх тодорно.

Нэрт балетмейстер Б.Жамъяндагвын “Учиртай гурван толгой” гэдэг энэ сайхан эмгэнэлт зохиолыг бараг хошин шог болгоод шахам найрлаад дуусгачихлаа. Чи бод доо. Шекспирийн “Отелло” эмгэнэлтэйгээр төгсдөг. Гэтэл Отелло нас барчихаад байхад найр хийснээр дуусгаж болохгүй биз дээ. Зохиолчийн санааг тэгж өөрчилж болохгүй. Манай “Учиртай гурван толгой”-г тэгсэн байгаа юм. Үүнийг чи л өөрчлөн яг утга санааных нь дагуу найруулж чадна. Хэзээ нэгэн цагт бүжгэн жүжиг болгоорой” гэж Ч.Лодойдамба гуай хэлсэн” (С.Тулга “Б.Жамъяндагва: Бүжгэн жүжиг гэдэг ухааны урлаг юм” ярилцлага. 2015.07.02 гэх дурсамж, “Зуны нэг орой салхинд гарч явахдаа бид хоёр уран бүтээлийн тухай ярилцаж суугаад би “Манай театрын урлагт бүжгэн жүжиг их үгүйлэгдэж байна шүү дээ” гээд өөрийн санаагаа хэлсэн юм. Тэгсэн чинь Лодойдамба маань “Чи ийм тодорхой санаа хэлж, дотроо бодолтой яваа хүн өөрөө бичээч дээ гэхлээр нь энэ үгэнд зоригжиж, хэд хэдэн цомнол бичсэн” гэсэн академич Б.Ширэндэвийн дурсамж (Ч.Дагвадорж “Академич Б.Ширэндэв” УБ., 1997) зэргээс харахад Ч.Лодойдамба Монголын театруудын хөгжил, ялангуяа сонгодог урлагийн хөгжилд онцгой анхаарч, бүтээлийн санг нь арвижуулах талаар хүртэл санаа тавьж, тодорхой хүмүүст захиалга хүртэл өгч байсан нь тодорхой байна. Өөрөө ч бас дуурийн цомнол бичилцсэн. Урлаг судлаач Ж.Болормаа “1957 оны долдугаар сарын 7-нд С.Гончигсумлаа “Үнэн” дууриа Д.Сэнгээ, Ч.Лодойдамба нарын цомнолоор зохиожээ. Тэрээр энэ дууриараа монгол дуурьт байгаагүй үглэл дуу (ари), бодрол дуу, хоршил, гурвал зэрэг өрнийн дуурийн гол төрлүүдийг Монголын дуурийн урлагт анх хэрэглэжээ” (Ж.Болормаа “Дэлхийн дуурийн урлаг ба Монголын дуурийн урлагийн үүсэл, хөгжил” илтгэл. 2012 он гэж энэ талаар дурдсан нь буй. “Үнэн” бол Монголын үндэсний дуурийн эхлэл, гараа нь юм. Ч.Лодойдамбын энэ мэт хичээл зүтгэл, үйл хэргийг нягтлан судалж, Монголын урлаг соёлын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж байгаагүйгээс зөвхөн зохиолч гэдгээр нь л мэддэг хүмүүс олширчээ.

Ч.Лодойдамба 52-хон насалсан ч нэгэн биеэс хэтийдсэн ихийг амжуулж бүтээсэн хүн юм. Улсын бодлого захиалгаар ЗХУ-д төмөр замын курс дүүргэж Улаанбаатар нарийн төмөр замын депогийн машинчаас ажил амьдралын гараагаа эхэлсэн түүний багшийн хөдөлмөр, эрдэм судлалын ажил, төр нийгмийн зүтгэлтний хувьд юу хийж бүтээсэн, Улсын радио хорооны орлогч дарга байхаасаа эхлэн сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарт оруулсан хувь нэмэр, Монголын кино урлагийн хөгжлийг хэрхэн дэмжсэн гээд түүний амьдралын мөчлөг, үйл ажиллагаа болгон нь судлаачаа хүлээж байна.

Тэрбээр хорин хэдхэн наснаасаа эхлэн багшилж, Төмөр зам холбооны сургуульд физик, МУИС, Намын дээд сургуульд түүх, гүн ухааны хичээл зааж байжээ. 1959-1970 онд Ази, Африкийн эв санааны нэгдлийн Монголын хорооны даргаар ажиллан Монголын бодлогыг гадаадад таниулж, АИХ-ын депутатаар хоёронтоо сонгогдсон төр нийгмийн зүтгэлтэн байв.

Ч.Лодойдамба МУИС-ийг түүхч мэргэжлээр төгссөн бөгөөд ЗХУКН-ын дэргэдэх Нийгмийн ухааны академид “Монголын орчин үеийн драматургийн үзэл санаа, дүрүүд” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалжээ. Түүний бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмжүүд, уншсан лекц илтгэлүүд, мөн албан ажлын шугамаар боловсруулсан баримт бичгүүд, түүний оролцсон хурлын тэмдэглэлүүдийг тулхтайхан судлах нь үндсэндээ Монголын төрөөс 1940-1970-аад оны хооронд урлаг соёл, шинжлэх ухаан, утга зохиолын салбарт хэрэгжүүлсэн бодлого, алхмууд, эдгээр салбарын хөгжлийн түүхийг нарийвчлан тодотгоход тустай юм.

Тухайлбал, “1954 онд МАХН-ын Төв хорооноос Шинжлэх ухааны хүрээлэнгийн ажлын тухай авч хэлэлцээд Хөдөө аж ахуйн, Нийгмийн ухааны, Байгалийн ухааны гурван сектор нэмж байгуулах… эрдэм шинжилгээний мэдээ сэтгүүл гаргаж байхыг зөвшөөрч, МАХН-ын XII их хурлаас ШУ-ы талаар МАА, Газар тариалан, Аж үйлдвэр, Барилгын хөгжлийн практикийн чухал асуудлуудыг боловсруулах, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийг нягт холбон ажиллах зорилт дэвшүүлснээс гадна эрдэм шинжилгээний ажилтнуудыг аспирантур, докторантурт бэлтгэх ажлыг нэмж ойрын жилүүдэд БНМАУ-ын Шинжлэх ухааны хүрээлэнг ШУА болгох нөхцөлийг бэлтгэхээр заажээ” (Г.Ганзул “ҮТА-ын сан хөмрөгт хадгалагдаж буй Шинжлэх ухааны академийн хөмрөгийн баримтын тухай”, 2011 гэсэн нь Ч.Лодойдамба МАХН-ын Төв хороонд Шинжлэх ухаан, урлаг утга зохиолын тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан үетэй давхцаж байгаа нь Шинжлэх ухааны хүрээлэнг ШУА болгох асуудалд түүний оролцоо зайлшгүй байсныг нотлох баримт юм. Ямар түвшинд оролцсон гэдгийг тодлох нь судлаачдын үүрэг билээ.

Харин Төрийн хошой шагналт Ч.Лодойдамбыг Монголын анхны роман “Алтайд”, XX зууны манлай роман “Тунгалаг Тамир”, “Манай сургуулийнхан” тууж, “Гарын таван хуруу”, “Итгэж болно” зэрэг жүжиг, “Энэ хүүхнүүд үү” кино зохиол зэрэг олон сайн бүтээл туурвисан зохиолчийнх нь хувьд боломжийн түвшинд судалж Б.Ганбат “Монголын сонгодог зохиолч Чадраабалын Лодойдамба: амьдрал, уран бүтээл”, Б.Мөнхбаяр “Чадраабалын Лодойдамба (Намтар уран бүтээлийн товчоон) гэсэн бие даасан хоёр ч ном гарсан билээ. Зохиолчийн хань, Ардын жүжигчин Ч.Долгорсүрэнгийн “Миний хань Чадраабалын Лодойдамба” дурсамжийн ном бас судалгааны үнэтэй эх сурвалж болсон гэдгийг хэлмээр байна.

Ч.Лодойдамба 1917 оны хавар төрсөн боловч албан ёсны бичиг баримтад нь наймдугаар сарын 20 хэмээн бичигджээ. Хорьдугаар зууны Монголын шилдэг сэхээтнүүдийн нэг Ч.Лодойдамбын мэндэлсний тэгш ойг Монголын төр засаг өмнө нь дандаа есдүгээр сард тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ онд ч бас тэр уламжлалыг давтаасай хэмээн хүснэ.

Төр нийгмийн зүтгэлтэн, зохиолч Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг, Урлагийн хэрэг эрхлэх хороо, Соёлын яамны нэгдүгээр орлогч сайдын албыг насан элтлээ нэр төртэй хашсаных нь хувьд Монгол Улсын Засгийн газрын ХЭГ, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам зохион байгуулж, нэгдмэл удирдлагаар хангана гэдэгт итгэж байна. АИХ-ын хоёр удаагийн депутат байсных нь хувьд УИХ зүгээр хараад суухгүй нь лавтай. ШУА, МЗЭ, МСНЭ, СУИС, төв орон нутгийн соёл урлагийн байгууллагууд энэ ажлыг талархан дэмжиж, өөр өөрийнхөөрөө хувь оролцоо нэмэх нь дамжиггүй. Үр хүүхдүүдийнх нь үүсгэн байгуулсан “Чадраабалын Лодойдамба” сан ч бас тодорхой ажлууд төлөвлөж байна.

1940-өөд оноос хойш Монголын төрөөс шинжлэх ухаан, соёл урлаг, утга зохиолын талаар явуулах бодлогыг зангидалцаж, амьдралынхаа сүүлийн 11 жилд гол ачааг нь үүрч, зохион байгуулж, удирдаж байсан төрийн зүтгэлтнийх нь хувьд Ч.Лодойдамбыг түүхт ойнх нь жилд шинээр нээн таниулах нь тэр их хүмүүний өмнө ач санасан сайн үйлс мөнөөс мөн бүлгээ.

Б.Галаарид

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийтлэлч П.Хашчулууны “Монголын төр шинжлэх ухаанжсан нийгмийн төлөө санаа тавихгүй бол оройтох нь” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Энэ дугаарт Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнтэй хийсэн ярилцлага нийтлэгдлээ. Тэрбээр малчдын амьдрал, тэдний амжиргааг дээшлүүлэхийн тулд яамнаас ямар бодлого явуулж буй талаар ярилцлагадаа дурджээ.

Үндсэн хуулийн 25 жилийн ойд зориулсан МУ-ын Ерөнхий сайд асан Д.Содном гуайтай хийсэн “Үндсэн хуулийг ёсчлон биелүүлдэггүй болохоор өөрчлөх санал гараад байгаа юм” ярилцлага мөн өнөөдрийн дугаарт нийтлэгдлээ.

Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Б.Зангад: Жараад оны эхэн үеэс наяад оны хүртэлх хугацаа бол Монголын дууны урлагийн “Их ургац”-ын он жилүүд байсан” ярилцлагыг өнөөдрийн дугаараас сонирхон уншаарай.

Мөн энэ долоо хоногийн гол сэдэв болж буй Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаарх дэлгэрэнгүй дүгнэлт материалыг манай сониноос унших боломжтой юм. Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Централ таурын ойролцоох замыг хаахгүй гэв

Хотын төвд байрладаг Централ таурт гадаадын иргэн тэсрэх бөмбөг дэлбэлнэ гэсэн мэдээлэл өнөөдөр 16:00 цагт гарсан билээ. Одоогийн байдлаар хэргийн газарт Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид, нийслэлийн Онцгой байдлын газрын аврагчид хамгаалалтад гарч, барилгыг тусгаарлаад байна. Мөн барилгын гаднах 200 метр талбайг цагдаа, онцгойгийнхон бүсэлсэн ч, Централ таурын ойролцоох авто замуудын хөдөлгөөнийг хязгаарлахгүй гэж Замын цагдаагийн албаны хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Амаржаргал мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Хөгжлийн банкны шалгалтын материалыг дэлгэв

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн хуралд бүлгийн дарга Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр, Б.Жавхлан нар оролцлоо.

Хөгжлийн банкны хэргийг шалгаж байх явцад улсын төсөвт суугаагүй хууль бус зарцуулалтын тухай мэдээлэл гарч иржээ. Үүнд:Архангай аймгийн төв дэхь 3,63 км авто замын барилгын ажил, Архангай аймгийн төв дэхь 1,51 км авто замын барилгын ажил, Архангай аймгийн төв дэхь 6,25 км авто замын барилгын ажил, Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 7-р зам дагуух ландшафт гадна тохижуулалтын ажилд нийтдээ 17 сая төгрөгийн зардал багтжээ.

Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн төслийн орлогоос эргэн төлөгдөх төслүүдэд дараах багтаж байна.

ХӨГЖЛИЙН БАНКНААС ШУУД САНХҮҮЖҮҮЛСЭН ТӨСЛИЙН ОРЛОГООС ЭРГЭН ТӨЛӨГДӨХ ТӨСЛҮҮД
2016 оны 11 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар
Гүйцэтгэгч компани Бүртгэсэн огноо Регистр Үүсгэн байгуулагч
Эцэх/эх/-ийн нэр Өөрийн нэр Регистр Хаяг Утасны дугаар Эзэмших хувь
Б Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлж буй
1 Монголын төмөр зам ТӨХК 2008.05.07 5214203 МУЗГ 100
2 ДЦС-4 ТӨХК 2016.08.29 2688352 Төрийн өмчийн хороо 39
Эрчим хүчний яам 41
Сангийн яам 20
3 Эрчим хүчний яам/Амгалан дулааны станц/ Эрчим хүчний яам
4 Эрдэнэс Тавантолгой ХК 2010.12.23 5435528 Эрдэнэс монгол 5124913 ЧД 1-р хороо 201 тоот 70110735 100
5 Багануур ХК 2005.12.06 2008572 МАК корпораци 2095025 БЗД 18-р хороо 452161 12.25
Өмч Төр аа01062001 75
Улаанбаатар менежмент 2662736 БГД 20-р хороо 325344 6.25
6 Геологийн төв лаборатори ТӨҮГазар 2008.01.14 2120755 Бомбор Батжаргал чп52101573 БЗД 26-р хороо 403 тоот 331662 100
7 МИАТ ТӨХК 2005.11.03 2613247 Балтав Цогоо чт56022514 ХУД 11-р хороо 2 тоот 99111655 100
8 Төрийн орон сууц санхүүжилтийн корпораци 2013.09.06 5745535 Аюуш Гантулга ше68100474 СБД 2-р хороо 5-р хороолол усны гудамж 30 тоот 318846 0
9 Кью Эс Си ХХК 2014.02.13 5268079 Куалитистийл корпорэйшн 5796423 ЧД, 1-р хороо 321839 100
10 Монлаа ХХК 2016.06.20 2045931 Мөнхжаргал Ганбагана уш89010991 УБ, ХУД, 15-р хороо, махатама ганди гудамж 99992106 50
Нанзад Болдхүү цб73012977 УБ, ЧД, 19-р хороо, 425 тоот 99111276 20
Хишигжаргал Энхсайхан чг70092374 99114881 30
11 Пи Ай Эм Эм ХХК 2015.07.27 5163161 Кэй Си Эйч Өмнөд солонгос 20.3
2016.03.31 Эл Ви Ди Монгол СБД, 3-р хороо Браухаус төвийн 310 тоот 99071100 65.7
12 МАК Цемент ХХК 2015.04.14 5830974 МАК БЗД 18-р хороо 70107482 100
13 Монполимет ХХК, Монцемент билдинг материалс ХХК 2016.02.22 2029278 Цэдэн Гарамжав ук58061503 ЧД 3-р хороо 25 тоот 313137 25
Нармандах Мөнхнасан ук81032602 ЧД 3-р хороо 01 тоот 70112525 51
Нармандах Уртнасан ук86062301 ЧД 3-р хороо 6 тоот 313137 24
14 Эрэл ХХК 2016.04.21 2027194 Даваахүү Сэргэлэн хп64062467 БЗД 1-р хороо 901 тоот 463395 100
15 Бэрэн групп ХХК 2007.02.14 2063182 Бэрэнбарал Мөнхдалай уг62102316 БГД 12-р хороо 133 тоот 99117563 15.9
2014.11.12 2063183 Бэрэнбарал Мөнхтөр хе66021377 СБД 5-р хороо 2 тоот 99113939 31.75
16 Хөтөл ХХК 2015.10.28 5268052 Мижид Бөх-очир хи67042775 СБД 7-р хороо 100

Хөгжлийн банканд хийсэн шалгалттай холбоотой бүлгийн ажлын хэсгийн санал дүгнэлтийг дараах материалаас үзнэ үү.

https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fcdn.f…

Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат: Цахилгаан халаалтын төхөөрөмж авахад зээлд хамрагдах нөхцөлийг бүрдүүлнэ

“Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технологийн үзэсгэлэн МҮХАҮТ-д өнөөдөр нээлтээ хийлээ.
Дулаан
алдагдлыг багасгах, агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг
танилцуулах зорилготой уг үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож
байна. Засгийн газраас шийдвэр гаргаж, гэр хорооллын айл өрхүүдийн
шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй
уг үзэсгэлэнд төрөл бүрийн цахилгаан халаагуур, шалны халаалт, гэрийн
дулаалга, сайжруулсан түлш зэргийг танилцуулж байна.

Монгол
Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үзэсгэлэнг үзэж, зарим аж ахуйн нэгжийн
төлөөлөлтэй уулзаж ярилцах үеэрээ “Үзэсгэлэнд оролцож буй бүх аж ахуйн
нэгжтэй уулзах боломж бага байна. Тиймээс энэ төрлийн үйлдвэрлэл
эрхлэгчид болон үзэсгэлэнд оролцож буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй
ойрмогхон дахин уулзъя” гэж хэллээ.

Утааг эрс бууруулах бодлогыг
шийдвэртэй хэрэгжүүлэхгүй бол гамшгийн хэмжээнд хүрлээ. Эдийн засгийн
бололцоо, боломж муу байгаа ч Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах
бодлогын шинжтэй арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна. Засгийн
газар эхний ээлжинд гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тарифыг
тэглэлээ гэж Засгийн газрын тэргүүн сэтгүүлчийн асуултад хариулахдаа
хэллээ.

-Өдөрт 2 шуудай нүүрс түлдэг өрх нэг шуудай нүүрс түлдэг болгохын тулд ийм шийдвэр гаргасан.

Утааг
оргүй арилгана гэж хэлэх хэцүү, багасгана. Дэлхийн 100 гаруй улсын 3000
хотод утаа, агаарын бохирдол асуудал үүсгээд байна. Энэ хотуудын нэг нь
манай Улаанбаатар. Ганц Улаанбаатар ч биш зарим аймгийн төв утаатай
болоод байна.

Утаа бууруулахын тулд 130-140 мянган тэрбум төгрөг
зарцуулсан ч буурсангүй. Ийм их мөнгөөр түлш, зуух сольж утаа шийдэх гэж
оролдсон. Энэ мөнгөөр шөнийн тарифаа эрт тэглэсэн бол илүү үр дүн гарах
байсан байж магадгүй. Манай Засгийн газар түлш, зуух бус бусад олон
төрлөөр утааны асуудлыг шийдэх гэж оролдож байна. Шөнийн тарифыг
тэглэхээс гадна хөдөө орон нутагт шилжин суурьшихыг дэмжих, орон нутагт
ажлын байр бий болгох, орон сууцжуулах ажлыг зэрэг хийнэ. Мөн
Улаанбаатар руу түүхий нүүрс оруулдаггүй байх зэрэг арга хэмжээг цаашид
авч хэрэгжүүлнэ гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ярилаа.

Үзэсгэлэнтэй
танилцсаны дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Баянзүрх
дүүргийн II хорооны иргэн Ц.Донжавынд очлоо. Тэднийх 2010 оноос, “Өлзий
зуух” төсөл хэрэгжсэнээс хойш ийм зуух хэрэглэж буй ажээ. Өлзий зуух нь
ердийн зуухтай харьцуулахад түлж бага хэрэглэдэг, утаа бага гаргадаг гэж
өрхийн тэргүүн хэлээд хоол, цайгаа зуухан дээр хийх боломжгүй.
Цахилгаан зуух ашигладаг гэлээ.

Ц.Донжав “Шүдэнз зурсан ч утаа,
тортог гардаг. Засгийн газар гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны
тарифыг тэглэсэн нь зөв” гээд дэмжиж байгаагаа хэллээ.

Ерөнхий
сайд Ж.Эрдэнэбат “Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо”
технологийн үзэсгэлэнд байсан цахилгаан халаагуурыг тэднийх авч өгье,
халаагуурыг сар ашиглаад хэр үр дүнтэй байгаа тухай сэтгэгдлээ
хуваалцаарай гэж хэллээ.

Ерөнхий сайдын дараагийн очсон айл Баянзүрхийн II хорооны иргэнХ.Билгүүнийх. Тэднийх 2011 онд шалны халаалт тавиулжээ.

Х.Билгүүн”
2011 оноос өмнө нам даралтын зуухтай байсан. Өдөрт гурван шуудай нүүрс
түлдэг. Сарын нүүрсний хэрэглээ 300 гаруй мянган төгрөг болдог байсан.
Шалны халаалт тавиулснаас хойш түлээ, нүүрсний мөнгө гэхээ болсон. Өрөө
өрөөндөө халаалтын тохируулгатай, цахилгаанаа хэмнэх боломжтой. Сарын
цахилгааны хэрэглээ дунджаар 60-70 орчим мянган төгрөг гардаг. Өдөртөө
халаалтаа бараг ажиллуудаггүй, шөнөдөө л асаадаг ч орой ажлаас ирэхэд
дулаахан байдаг. Шалны халаалт тавиулснаас хойш мөнгө хэмнэхээс гадна
орон сууцны айлаас дутахааргүй тав тухтай амьдарч байна. Манай хамаатны
айлууд манайхаас туршлага аваад шалны халаалттай болж байгаа гэж ярилаа.

Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал. Ард иргэд маань санаачилгатай, зүтгэлтэй байх хэрэгтэй гэлээ.

Цаашид
цахилгаан дулааны үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг Засгийн
газраас хийнэ. Цахилгаан станц барих төслүүдийн ажлыг аль болох хурдан,
энэ онд багтаан эхлүүлнэ. Мөн орон сууцанд амьдрах иргэд ипотекийн зээлд
хамрагдаж байгаа шиг гэр хорооллын иргэд халаалтын асуудлаа
шийдвэрлэхийн тулд зээлд хамрагдах нөхцөлийг бүрдүүлж өгөх учиртай.
Ингэвэл айл өрхүүд маань цахилгаан халаагуур хэрэглэх сонирхол нь
нэмэгдэнэ. Засгийн газар зуух, нүүрс, түлш тарааж утаатай тэмцэхгүй,
цахилгаан халаалтын төхөөрөмжүүдийг дэмжинэ гэж Монгол Улсын Ерөнхий
сайд Ж.Эрдэнэбат хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй
харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Централ таур”-ын байранд тэсрэх бөмбөг дэлбэлнэ гэж заналхийллээ

Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах Централ таурын байранд тэсрэх бөмбөг байрлуулсан тухай мэдээлэл холбогдох байгууллагад иржээ .Энэхүү мэдээллийн мөрөөр цагдаа тагнуулын байгууллагын мөрдөгчид тус байранд үзлэг шалгалтын ажиллагааг явуулж байна.

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Централ таур”-ын 15 давхарт Канадын консулын газар байрладаг аж. Сэжигтэн этгээд Дани улсын иргэн бөгөөд консултай нь уулзах гэсэн боловч оруулаагүй тул тэсрэх бөмбөг тавьж дэлбэлнэ хэмээн заналхийлсэнбайна.

Тиймээс хамгаалагчид нь цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Одоо хэргийн газрын үзлэг, шалгалтын ажиллагаа явагдаж байна.

Цагдаагийн алба хаагчид тэсэрч дэлбэрэх бодис болон галт зэвсэг байхгүй гэж мэдээлсэн боловч дөнгөж сая Яаралтай түргэн тусламжийн машин болон Онцгой байдлын “Тэсрэх аюултай” гэсэн бичиг бүхий албаны машин ирээд байгаа талаар манай сэтгүүлч мэдээллээ.

Түүнчлэн үнэрч хоёр нохой дагуулсан цагдаагийн зургаан алба хаагч нэмэлтээр иржээ.

Яг одоо “Централ Таур”-ын гадна дотор ажиллаж, үйлчлүүлж байсан иргэд гудамжинд зогсч байгаа ба 200 метрт онц байдал зарлаад байгаа аж.