Categories
мэдээ нийгэм

Цахилгаан халаагуур 800.000-4.5 сая төгрөгөөр худалдаалагдаж байна

Нийслэлийн ЗДТГ, БОАЖЯ хамтран зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технологийн үзэсгэлэн хоёр дахь өдрөө МҮХАҮТ-д үргэлжилж байна. Энэхүү үзэсгэлэнд 50 гаруй аж ахуй нэгж оролцож байна. Цахилгаан халаагуурууд 1.7-4.5 сая төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа аж.

Олон төрлийн халаагуур, төхөөрөмжийг дэлгэн үзүүлснээс ХБНГУ-ын “Ultra sonic” компанийн халаагуурыг энэ удаад та бүхэндээ танилцуулж байна. Энэ компанийн халаагуурыг худалдан авснаар инженерүүд нь гэрт тань ирж суурилуулж өгөхөөс гадна 30 жилийн баталгаа өгч байгаа юм байна. Мөн энэ халаагуур нь 600 цельс дулааныг хадгалах чадвартай гэнэ. Нэг ийм халаагуур нь 25 м.кв талбайг өлхөн халаах боломжтой. Нэг халаагч нь 2.5 кватт тог ашиглах учир гэртээ 3-г суурилуулбал 7.5 кватт тог ашиглах цахилгааны утас, кабель цаанаас нь өгөх аж.

“Ultra sonic” халаагуур нь вольт, хүчин чадлаасаа шалтгаалаад 800 мянгаас нэг сая 600 мянган төгрөгийн ханштай байна. Иргэдийн амжиргаа муу байгаатай холбогдуулан Ерөнхий сайд өчигдөр энэхүү технологийн үзэсгэлэнг үзэх үеэрээ банктай холбоотой ажиллаж, зардлыг хөнгөлөх боломж, шийдлийг хайна гэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн төлөөлөгчид Монголд иржээ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ийн Европ, Ази, Номхон далай, Латин Америкийн орнуудыг хариуцсан захирал Жонатан Брүүкс тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав.

МСК-ийн Удирдах зөвлөл 2016 оны 12 дугаар сард Монгол Улсыг МСК-ийн хоёр дахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор дахин шалгаруулсан юм.

Энэ хүрээнд тус байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж, Засгийн газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, цаашдын хийх ажил, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож байгаа аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом”-ын бүртгэл энэ сарын 20-нд хаагдана

Оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадам энэ жил Дорнод аймагт болно. 34 дэх удаагаа зохион байгуулагдах тус наадмыг энэ жил “Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч” хэмээн алдаршсан Данзангийн Нямсүрэн агсны 70 жилийн ойн хүрээнд болно.

Наадам энэ сарын 28-нд болох бөгөөд наадмын бүртгэл өнгөрсөн сарын 20-нд эхэлж, энэ сарын 20-нд хаах юм байна. Жил бүр 100 гаруй яруу найрагч бүртгүүлдэг ч зөвхөн 30-ийг нь шалгаруулж, хоёрын даваанаас тайзнаас унших эрх олгодог. Харин “Болор цом”-ын эзэд урилгаар оролцдог билээ.

Өнгөрсөн жилийнхт Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар түрүүлсэн бол энэ жил хэн байх нь оньсго мэт байна.

Categories
мэдээ нийгэм

ҮАБЗ хаалттай горимоор хуралдаж байна

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ Төрийн ордоны “А” танхимд хаалттай горимоор хуралдаж байна.

Тус хуралдаанаар нийслэлийн агаарын болон орчны бохирдол, утаатай хэрхэн тэмцэх тухай асуудлыг хэлцэж байгаа гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж байгаатай холбогдуулж Төрийн ордны зүүн жигүүрийн хөл хөдөлгөөнд хязгаарлалт тавьж, хамгаалалтыг чангатгаад байна.

Categories
мэдээ нийгэм

“Централ таур”-аас тэсрэх дэлбэрэх бодис олдоогүй гэв

Хотын төв хэсэгт Дуурийн театрын зэргэлдээ байрлах “Централ таур”-т гадаадын иргэн тэсрэх бөмбөг тавьсан гэж сүрдүүлсэн хэрэг өчигдөр орой гарсан билээ. Улмаар ойр орчмын 200 м газрыг тусгаарлан цагдаа, түргэн, үнэрч нохой гээд иргэдээ аврах бүхий л арга хэмжээг авч ажилласан. Харин сэжигтэн этгээд нь Дани хүн биш Америк хүн болох нь тогтоогджээ. Тэрээр 51 настай М хэмээх хүн байсныг цагдаагийнхан тогтоожээ. Тус хэргийг Цагдаагийн байгууллага Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн байна. Тус байрнаас ямар ч тэсрэх дэлбэрэх бодис олдоогүй гэнэ.

Categories
мэдээ спорт

Боксын УАШТ эхэллээ

ХХ зууны манлай, гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр эхэллээ.

Эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн тус тэмцээнд 39 багийн нийт 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй найман жинд өрсөлдөж байна.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ Э.Цэндбаатар, О.Батхүү, 52 кг-д А.Нурлан, 56 кг-д Х.Энх-Амар, 64 кг-д Б.Чинзориг, Г.Баярхүү, О.Норовбал, 69 кг-д Б.Түвшинбат, Б.Батзориг, эмэгтэйчүүдийн 51 кг-д М.Нандинцэцэг, Л.Алтанцэцэг, О.Эрдэнэцэцэг, 54 кг-д М.Гүндэгмаа, Д.Шинэцэцэг, Б.Сувд-Эрдэнэ нарын шилдгүүд өсрсөлдөж буй.

Харин олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, Азийн аварга З.Энхзориг, Б.Жавхлан, Т.Болортуул нар өнжлөө.

Сүүлийн хоёр жил дараалан 56 кг-д түрүүлсэн, олимпийн V байрын шагналт Э.Цэндбаатар жин өгсөн 60 кг-д тоглож байна. Эл жингийн босоо аварга, олимпийн хүрэл медальт Д.Отгондалай, Э.Цэндбаатар нарын өрсөлдөөн спорт сонирхогчдын анхаарлыг гойд их татаж байгаа нь лавтай.

Categories
гадаад мэдээ

Трамп, Жак Матай уулзжээ

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп өчигдөр цахим худалдааны сайт “Alibaba” компанийн захирал Жак Матай уулзсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Тэд Нью Йорк хотноо байрлах “Трамп” цамхагт уулзсан байна. Уг уулзалтыг хоёр тал “Их хурал” хэмээн тодорхойлжээ.

Уулзалтын дараа ноён Ма хэвлэлийнхэнд “Энэхүү уулзалт харилцан давуу талтай уулзалт байлаа. Харилцаагаа илүү сайн бэхжүүлэх ёстой” гэж мэдэгдсэн байна.

Жак Ма худалдааныхаа сайтын тусламжтай нэг сая ажлын байр бий болгохоо Трампад илэрхийлсэн аж.

Categories
гадаад мэдээ

Москва хүйтнээс болж нислэгүүдээ цуцлав

ОХУ-ын нийслэл Москва хотноо сүүлийн жилүүдэд болоогүй хүйтэн өвөл болж буй талаар тус улсын Цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна.

Нийслэл хотноо өдөртөө хасах 20-30 хэмийг зааж буй гэнэ. Гурав дахь өдрөө үргэлжиж буй хүйтний улмаас тус улсын нисэхийн компаниуд хуваарьт нислэгүүдээ цуцалж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Ганцхан өдрийн дотор нисэхийн компаниуд 45 нислэгээ цуцалж, 20 нислэгээ хойшлуулсан талаар албаны төлөөлөгч “TASS” агентлаг уламжлав. Шереметьево нисэх буудалд өчигдөр 33 нислэг цуцлагдсан гэнэ.

Мөн Туркийн Истанбул хотноо эрс хүйтэрч, олон хоног цас орсны улмаас тус улсын “Turkish Airlines” нисэх компани аюулгүй байдлын улмаас 378 нислэгээ цуцалжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” жүжгийн зохиол “Алтан өд” хүртлээ

Монголын утга зохиолын оны шилдэгүүдийг тодруулдаг “Алтан өд” наадам өчигдөр болж өндөрлөлөө. Энэхүү наадам төгсөшгүй үргэлжлэхийн бэлгэдэл болсон МЗЭ-ийн 88 жилийн ойн босгон дээр болж буйгаараа онцлог юм. Зохиолчдын хүсэн хүлээж жилийн хөдөлмөрөө үнэлүүлдэг энэ наадам бусад салбарын наадмуудын шалгаруулалтыг бодвол шударга болдог. Яагаад гэвэл уран бүтээлчдийн сэтгэлийн охиор тэжээгдсэн тэр жилийн бүтээлүүдэд нь гадны хир буртаг орох ёсгүй юм. Үе үеийн шилдэг зохиолчдын ариун шүншиг оршсон МЗЭ хэмээх энэ байгууллага ч үүргээ ухамсарлан наадмыг нэр төртэй ёстой зохион байгууллаа.

Ингээд яруу найраг, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл томоохон хэмжээний бүтээл, жүжиг киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат уран зохиолын бүтээл зэрэг есөн номинацид шалгарсан бүтээлүүдийг танилцуулъя.

“АЛТАН ӨД-2016” наадмын утга зохиолын шилдэг бүтээлүүд:

  1. Хүүхдийн уран зохиолын шилдэг бүтээлээр – Зохиолч Ш.Энхбаярын “Болжмор, “Шоовдор”

  1. Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний шилдэг бүтээлээр – Зохиолч Д.Жамъянгийн “Сарны шувуу”

  1. Хүүрнэл зохиолын богино хэмжээний шилдэг бүтээлээр – Зохиолч Т.Бум-Эрдэнийн “Дотроосоо”

  1. Баримтат уран зохиолын шилдэг бүтээл – Зохиолч Л.Дашнямын “Байх, байх үгүйн дунд”

  1. Уран зохиолын судлалын шилдэг бүтээлээр – Судлаач, шүүмжлэгч Д.Галбаатарын “Гэгээг хүсэх, Мананд бэдрэх”

  1. Уран зохиолын шүүмжийн шилдэг бүтээлээр – Зохиолч П.Батхуягийн “Эсрэг цаг-3”

  1. Утга зохиолын орчуулгын шилдэг бүтээлээр – Зохиолч Д.Дашмөнхийн “Цэвэрхэн саруулхан газар”

  1. Жүжиг, киноны шилдэг зохиолоор – Ш.Гүрбазарын ” Жаргаагүй нар”

  1. Яруу найргийн шилдэг бүтээлээр – Яруу найрагч Я.Баяраагийн “Таслал” тус тус шилдгээр шалгарлаа.

Categories
мэдээ нийгэм

Төмөр замын ажилтан вагонд хавчуулагдан нас баржээ

Төмөр замын вагон холбогч ажлаа хийж байгаад нас барсан хэрэг гарлаа. Энэхүү хэрэг өчигдөр “Амгалан өртөө”-ний хоёрдугаар зам дээр болжээ. Талийгаач нь Л нь 52 настай байсан бөгөөд туршлагатай холбогч байсан гэнэ. Тэрээр хүнд гэмтэл аваад эмнэлэгт хүргэгдсэн ч гэмтлээ даалгүй нас барсан байна. Мөн тус өртөөний ойролцоо 15 настай охин вагонд шүргүүлсэн мэдээллийг эх сурвалж хэллээ. Түүний биеийн байдал маш хүнд байгаа гэнэ.