Categories
мэдээ нийгэм

МҮОНРТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Л.Нинжжамцыг томилов

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлжээ. Түүний оронд МҮОНРТ-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр МҮОНРТ-ийн дэд захирал Л.Нинжжамцыг томилсон байна.

Л.Нинжжамц нь “Толь” сонины Ерөнхий редактор, Монголын сонины холбооны Гүйцэтгэх захирал, МҮОНРТ-д Тамгын газрын дарга, ЗГХЭГ-т Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, Хэвлэл мэдээллийн албаны дарга, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны даргын зөвлөх, Өглөөний сонины Ерөнхий эрхлэгч болон МҮОНРТ-ийн дэд захирлын ажлыг тус тус хийж байв. Тэрээр философич, эрх зүйч мэргэжилтэй бөгөөд эрх зүйн магистрийн зэрэгтэй.

Categories
мэдээ улс-төр

С.Оюун: Манай улсад өмнө нь хүн амины хэргийн шүүх хурлыг хаалттай хэлэлцэж байсан тохиолдол байдаггүй юм билээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, дэд бүтцийн сайд асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал таван өдрийн турш хаалттай үргэлжилж, энэ сарын 27нд шийдвэрээ гаргасан. Шүүхээс уг хэрэгт холбогдуулан Орхон аймгийн харьяат малчин Б.Содномдаржаа, тогооч Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг хүн амины онц ноцтой гэмт хэрэгтэн мөн гэж үзэн 24-25 жилийн хорих ял оноосон юм. Т.Чимгээд 24 жилийн ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бол шүүгдэгч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25 жилийн хорих ял оноосон. Ингэхдээ тэд 23 жилийг нь гянданд, үлдсэн хоёр жилийг нь онцгой дэглэмтэй хорих ангид эдлэхээр болсон.


Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү “С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн шүүх хурал хаалттай, их сонин болж өнгөрлөө. Энийг нягтлах шаардлага байна. УИХ-аар прокурорын томилгоо болон бусад асуудлыг хэлэлцэхийн өмнө шүүх засаглал бие даасан хараат бус байж чадаж байна уу гэдгийг ярих хэрэгтэй байна. УИХ дээр ажлын хэсэг байгуулаад нарийвчлан шалгах, шүүх хурлын процесс хуулийн дагуу явагдсан уу гэдгийг нягтлах хэрэгтэй байна. УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцэж ч болно” гэсэн. Харин Шүүхийн шийдвэртэй холбогдуулан хохирогчдыг төлөөлж С.Оюун энэ сарын 27-ны орой мэдэгдэл гаргасан. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурлын шийдвэртэй холбогдуулж хохирогчдыг төлөөлж мэдэгдэл гаргасан. Тус мэдэгдлийг яагаад гаргах болов?

-Би хохирогчдыг төлөөлж шүүхийн шийдвэрт эргэлзэж байгаа талаар мэдэгдэл гаргасан. Би яагаад эргэлзэж байгаа вэ гэдгийг хэлэх эрхгүй. Учир нь, уг хэрэг төрийн нууц гэдэг үндэслэлтэй байсан. Мөн хууль хяналтынхан шүүгдэгчдийг хэрхэн нотолсноо мэдээлэх боломжгүй. Энэ нь төрийн нууц. Ингээд л маш утгагүй шийдвэрлэгдсэн байна.

-Та уг нь шүүх хурлыг нээлттэй хэлэлцэх хүсэлтийг тавьж байсан. Таны хүсэлтийг хүлээж аваагүй?

-Би анхнаасаа л хэргийг нээлттэй болгоё гэж Нийслэлийн прокурор, шүүхт хүсэлт гаргасан. Энэ хэрэг чинь хүн амины хэрэг. Хүн амины хэргийг нууцаар шүүнэ гэж юу байдаг юм бэ.Зарим хэсгийг нь хаалттай хэлэлцээд зарим хэсгийг нь хуралдаж болох юм. Бид ийм л шаардлага тавьсан. Харамсалтай нь, Нийслэлийн прокурор энэ бидний хүсэлтийг хүлээж аваагүй.Мөн бид шүүх дээр хэргийн нууцлалыг нууц байлгана гэдэг дүгнэлт нь өөрөө төрийн нууцын дагуу болсон уу үгүй юу гэдэг дээр шинжээчдийн бүрэлдэхүүн томилох хүсэлт тавьсан. Тэрийг бас хүлээж аваагүй.

-Таныг төлөөлж танай өмгөөлөгч шүүх хуралд оролцсон. Та яагаад шүүх хуралд оролцоогүй юм бэ?

-Шүүх хурлыг нээлттэй явуулахгүй гэсэн. Тиймээс би эсэргүүцээд оролцоогүй. Би нэгэнт хаалттай шүүх хуралд ороод хэрэггүй. Эргэлзээтэй эсвэл итгэлтэй гэдэг дээр өөрийн байр сууриа илэрхийлж чадахгүй. Тиймээс тэр процессын нэг хэсэг болохыг хүссэнгүй.

Бид өчигдөр УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хаалттай байдалд байгаа шинжээчийн дүгнэлтийг хянаж өгөөч ээ гэдэг албан тоот хүргүүлсэн. Ард түмэн минь энэ олон жил хэргийг илэрнэ гэж итгэж ирсэн. Олон нийт, бид найдаж, итгэж, хүлээцтэй, тэвчээртэй хандсаар ирсэн.Уг нь хэрэг шүүхэд шилжихэд нээлттэй болно гэсэн ойлголттой явж байсан ч болоогүй.

-Та хавтас хэрэгтэй танилцсан уу?

– Анх удаа 18 жилийн дараа хавтаст хэрэгтэй танилцах боломжийг хохирогчдод олгосон.Өмнө нь мөрдөн байцаалтын нууц гээд энэ хавтас хэрэгтэй танилцуулдаггүй байсан. Гэхдээ төрийн нууц учраас гарын үсэг зураад танилцсан байгаа.

-Шүүх хурал дээр юу яригдсан нь бүгдэд нууц байгаа. Гэхдээ ямар нотлох баримтуудад үндэслэн тэр гурван хүнийг яллачихсан юм бол?

-Тэрийг прокуророос асуух ёстой. Гэхдээ прокурор хариулт өгөх болов уу даа. Өмнө нь хүн амины хэргийг хаалттай хэлэлцэж байсан тохиолдол байдаггүй юм билээ. Зарим хэргүүдийн тодорхой хэсгийг хаалттай, зарим хэсэг нь нээлттэй хэлэлцэж байсан.

Би энэ хэргийг бүрэн шийдэгдсэн гэж ерөөсөө бодохгүй байна.Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлын талаар гэрчүүдийн өгсөн мэдээллүүд байдаг. Тэр хүмүүсийн дийлэнх нь улс төрийн зохион байгуулалттай аллага байсан болов уу гэдэг таамаглалыг хэлсэн байдаг. Гэтэл одоо ахуйн шинжтэй, шуналын сэдлээр үйлдсэн хэрэг ч болчихов уу. Тэгсэн хэрнээ захиалгатай ч юм шиг. Захиалагч нь хэн бэ гэдэг нь мэдэгдэхгүй. Бид дараагийн давж заалдах шатны шүүх хурлыг зайлшгүй нээлттэй байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байгаа.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс сурагчдын амралт эхэллээ

Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын амралт өнөөдрөөс эхэллээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын баталсан журмаар Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний улиралд гурван долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал амрах юм.

Харин хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал амрана.


Categories
мэдээ нийгэм

Баяраар худалдаа, үйлчилгээний төвүүд дараах цагийн хуваариар ажиллана

Баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний төвүүд дараах цагийн хуваарийн дагуу ажиллахаар болжээ.

Худалдааны төв Ажиллах, амрах хуваарь
1 “Хар хорин” худалдааны төв

Арванхоёрдугаар сарын 29,30-нд 10.00 – 19.00 цаг хүртэл ажиллана

Арванхоёрдугаар сарын 31-нд 10.00 – 17.00 цаг хүртэл ажиллана

Нэгдүгээр сарын 1,2-нд амарч,

Нэгдүгээр сарын 3-наас энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

2 “Нарантуул” худалдааны төв

Арванхоёрдугаар сарын 29,30,31-ний өдрүүдэд 10.00-18.00 хүртэл ажиллана

Нэгдүгээр сарын 1-4 хүртэл амарна.

Нэгдүгээр сарын 4-нөөс цагийн хуваарийн дагуу ажиллана

3

“Бөмбөгөр” худалдааны төв

Арванхоёрдугаар сарын 29,30,31-ний өдрүүдэд 09.00-20.30 хүртэл ажиллана

Нэгдүгээр сарын 1,2-нд амарна

4 “Алтжин Бөмбөгөр” худалдааны төв

Арванхоёрдугаар сарын 29,30,31-ний өдрүүдэд 10.00-20.00 хүртэл ажиллана

Нэгдүгээр сарын 1-нд амарна

5 “Барс” худалдааны төв

Арванхоёрдугаар сарын 29,30,31-ний өдрүүдээр 09.00-19.00 цаг хүртэл ажиллана

Нэгдүгээр сарын 1-нд амарна

6 “Сандэй Плаза” худалдааны төв

Арванхоёрдугаар сарын 29,30,31-ний өдрүүдэд 10.00-21.00

Нэгдүгээр сарын 1,2-нд амарна

7 “Сансар” сүлжээ дэлгүүрүүд

Арванхоёрдугаар сарын 29,30-ний өдрүүдэд 08.00-24.00 хүртэл ажиллана

Арванхоёрдугаар сарын 31-нд 13.00-22.00 хүртэл ажиллана

8 Меркури худалдааны зах

Арванхоёрдугаар сарын 29,30,31-ний өдрүүдэд 10.00-19.00 хүртэл ажиллана

Нэгдүгээр сарын 1-нд амарна

9 “E Mart” худалдааны төв

Арванхоёрдугаар сарын 29,30-ны өдрүүдэд 10.00-22.00 хүртэл ажиллана

Арванхоёрдугаар сарын 31-ний өдрүүдэд 10.00-22.00 хүртэл ажиллана

Нэгдүгээр сарын 1-нд 12:00-22:00 ажиллана.

10 “Боса” сүлжээ дэлгүүрүүд

Арванхоёрдугаар сарын 29,30,31-ний өдрүүдэд 07.00-22.00 цаг хүртэл ажиллана

Нэгдүгээр сарын 1-нд 12.00-22.00 хүртэл ажиллана

11 “Номин Холдинг” ХХК-ийн салбар дэлгүүрүүд Бүх өдрүүдэд 09:00-22:00 цагийн хооронд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана
Categories
мэдээ нийгэм

Мандарины үнэртэй шинэ жил

Онц гарчихсан, өвлийн өвөөгөөс бэлэг авна гэсэн бөөн догдлолтой сүрхий амьтан бригадынхаа улаан булан руу дэгдсэн 1987 оны шинэ жил санаанаас гардаггүй юм. Сумаасаа 20 гаруй км алслагдсан бригадын төвийн 1-ийн ”а”-гийн охинд улаан буланд ёолкдох боломж ингэж нэг гарав аа. Бригад маань Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд данстай. Одоо бол Жаргалант сумын Загдал баг гэж явдаг. Манай ангийнхан дотроо галлагаатай жижигхээн өрөөнд хичээллэдэг байсан юм. Гэр, сургуулиасаа өөр газар орж үзээгүй нөхөр цэлгэр уужим гэж жигтэйхэн үлгэрийн ордонд ороод явчихав. Уг нь улаан булан маань өндөр таазтайгаас биш сургуулийн хоёр ангийг нийлүүлсэн дайны жижигхэн талбайтай л даа, манай багийнхан одоо ч тэндээ вальс эргэдэг. Улаан булангийн хойморт зассан өнгө өнгийн шилэн чимэглэлтэй том ногоон гацуурын гоё гэж. Нэг л их гэрэл цацруулсан сүрлэг мод. Цэцэрлэгээсээ л найзалсан Бадмаа маань “Хөөх ийм том ёолк байдгийм байна ш дээ” гээд өнөө гацуур руу чавхадчихав.

Клубын таазан дээгүүр хэцэлж татсан утсанд гурвалжин дөрвөлжин, сар нар, туулай, манжин гээд янз бүрийн дүрстэй өнгийн цааснууд өлгөчихөж. Ангидаа цугаараа үлдэж байгаад 12 мөнгөний дэвтрийн хуудсыг элдэв дүрсээр хайчилж, өнгийн харандаагаар гараа цуцтал будаж урласан бүтээлээ дор нь танилгүй хаачихав. Бадамаа “Тэр миний хийсэн чимэглэл байна” гээд час улаанаар будсан гурвалжин цаасыг зааж байна. Би яаж дутахав “Хөөх тэр нь минийх” гээд тод цэнхэр өнгийн дарцагийг зааж тэрүүхэндээ хөл хөөр болов. Цээгий, Хуланаа, Баажиг гээд манай ангийн охид урласан чимэглэлээ өмчлөөд бөөн дуу шуу. Хөвгүүд харин тэгтлээ сүйд болсонгүй. Чоно, үнэг, хулгана, туулайны баг өмссөн нөхөд л гацуур тойрч пижигнээд, багш байсхийгээд укаскаа шүүрч элдээд улаан булангаар дүүрэн шуугиан. Гацуур тойрох амьтдын дүр хөвгүүдэд оногдсон юм. Дүрээ бэлдэж байгаа нь тэр.

Гоёлоо хэлэхээ мартах нь. Би гэдэг хүн ээжийнхээ нямбай гэгч нь индүүдэж өгсөн складтай юбка, цасан цагаан цамцаар гоёчихсон. Бас болоогүй ээ толгойдоо саагаар хийсэн титэмтэй. Салаа гэзгэндээ саанаасаа дутахгүй том цагаан тууз цэцэглэчихсэн, цамцныхаа баруун энгэрт ээжээрээ хээ гаргуулан байж саа оёулсан гэхээр дээгүүрээ нэг л их гялтганасан гялалзсан нөхөр л сургуулийнхаа шинэ жилд дэгдэж явж. Цасан охид болох өрсөлдөөн тун ширүүн болж билээ. Ариун цэврийн дарга Хуланаа, Хуланаагийн салдаггүй ганц найз Баажиг хоёр л ямар ч өрсөлдөөнгүйгээр цасан охин болсон санагддаг юм. Охид хүртэл “Хөөрхөн учраас аргагүй л дээ” гэцгээгээд тэрүүхэндээ л яриа хөөрөө болсон юмдаг. Хоёрдугаар ангид орсон жил доод ангийн Анжаа цасан охин болгосонгүй гэж уйлж гүйгээд жигтэйхэн шуугиан болж билээ.

Бөөн хөөр хөгжөөн дунд шинэ жил эхэллээ дээ. Хоёрдугаар ангийн багш “Өвлийн өвгөн цас мөсний орноос цан хүүрэг татуулсаар морилон ирлээ” гэж тод дуугаар уянгалуулж байна. Нээрээ л улаан булангийн үүд нээгдэж цагаан нөмрөг, цэнхэр дээл, уртаас урт буурал сахал, сахал шигээ өтгөн гэж жигтэйхэн хөмсөгтэй өвлийн өвгөн ороод ирлээ. Туулайны багаа барьчихсан хажууд зогсоо Батка “Цан хүүрэг нь хааччихав аа” гэж нүдээ эргэлдүүлээд сүйд. Би “Ийм халуун болохоор цан хүүрэг нь татахгүй байх шиг байна” гэж оношлов.

Өвлийн өвөөгийн уутан дахь бэлэг тэгсгээд цан хүүргийг ч мартуулав. Тэр үед онц гарсан хүүхдүүд өвлийн өвөөгөөс бэлэг авдаг байлаа. Миний нэрийг дуудаж байна шүү. Дэгдээд очлоо, бүгд над руу хараад, бүгдээрээ л надад баяр хүргээд байгаа юм шиг. Би гэдэг хүн бэлгээ авч суудалдаа ирж суутлаа ниссэн дээ. Өвлийн өвгөн, цасан охины зураг, “С Новым годом” гэсэн бичигтэй цаасан ууттай хачин гоё бэлгээ Бадмаатайгаа хамт задаллаа. Шажигнасан мөнгөлөг цаастай шоколад, банкяа, ээжийн хааяахан өгдөг “Сарлаг” гэж дотроо ч, гаднаа ч шоколадтай 24-ийн чихэр нэг ширхэг, “Оргил” гэж хатуу чихэр арваад, гурван алим, хоёр мандарин байна. “Сарлаг чихрийг нь Оргил шиг олныг хийсэн бол гоёо” гэж Бадмаатайгаа ярилцаад бэлгээ идлээ дээ. Дүүдээ, ээждээ хадгалахаа бас мартсангүй. Тэр шинэ жилийн бас нэг гайхамшиг нь улаан булангаар нэг сэнгэнэсэн мандарины үнэр. Хааяахан ирдэг агентаас үнэртдэг алимны таатай гоё үнэрээс давсан хачин сайхан үнэртэй мандарин гэдэг жимсийг анх удаа амталсан нь тэр. Тэр үеийн мэдрэмж тод үлдсэн байх, одоо ч шинэ жил гэхээр хамгийн түрүүнд мандарины үнэр санаанд буудаг. Мандарин шинэ жил хоёрыг салгаж төсөөлж чаддаггүй минь ийм түүхтэй. Өвлийн өвөө ирсэн шигээ гэнэтхэн цас мөсний орон руугаа явж одов. Гэнэт явж одсон гэснээс хөрш айлынхаа Оюутан гэдэг ахыг өвлийн өвөө болдгийг сумынхаа төвийн арван жилийн сургуульд очсон хойноо ах, эгч нарынхаа ярианаас мэдэж билээ. “Сувд эрдэнийн чимэгтэй Сүлд ногоон модоо Дун цагаан сахалтай Дүн өвлийн аав аа” гэж дуулцгаан гацуур тойрох амьтдаас хамгийн сүртэй нь ойн хүрэн баавгай санагдав. Туулай, хулгана мэтхэн нь ангийн хөвгүүд учраас нэг их гайхсангүй. Гайхал баавгайг харин хэн гэдгийг нь бодоод олсонгүй. Бас л тээр хойно дунд ангид орсон хойноо ээжийн найз Цээмээ эгчийн нөхөр Мижээ ахыг баавгай болдгийг мэдсэн санагддаг. Оюутан ах, Мижээ ах хоёр лав өвлийн өвөө, хүрэн баавгайн дүрээрээ олон олон шинэ жилд баяр хөөр бэлэглэсэн. Бид мэтийн балчруудын өвлийн өвөөд итгэх итгэлийг алдуулахгүй гэсэндээ тэр үү, дүрээ их л нууцалдаг байж дээ гэж одоо боддог юм.

Тэр жилийн ёолкноор биднийг жигтэйхэн инээлгэсэн хүн бол Ганаа ах. Ганаа ах жил бүр алиалагч болдог албатай. Бас шүлэг бичдэг Батсүрэн ах алиалагч хийнэ. Амьдрал дээрээ ч алиа хошин хүмүүс л дээ. Томоо гэгчийн цагаан өмд улаан цамц, малгайтай, хамар, хацраа бас улаанаар будчихсан ах нар уртаас урт цаасан дуран барьчихаад “Муу сурсан хүүхэд та нарын дунд байна уу. Нустай хүүхдүүдийг алдахгүй барьж авна даа” гэж хойш урагш гүйх тоолонд л манай сургуулийн жаалууд элгээ дарж ирээд л инээцгээнэ. Ганаа ахынх манай урдхан. Тэр шинэ жилийн дараагаас Ганаа ахыг харахаар л инээд хүрдэг болчихож билээ. Алиалагчийн дүрээрээ санаанд тод үлдсэн нутгийн ах маань одоо ч Загдалынхнаа хөгжөөж алиалсаар яваа.

Дараа жил нь ангийнхаа хүүд хуулуулсан хэргээр цээж бичгэн дээрээ сайн гарч өвлийн өвөөгөөс бэлэг авалгүй харьж билээ. Баахан уйлж сууснаа мартдаггүй юм. Нэг л их гомдол тээсэн нөхөр шинэ жилдээ очсон доо. Бэлэг гэснээс бас нэг бэлэг санаанаас гардаггүй юм. Зах зээлд шилжсэн ерэн онд сумандаа дотуур байранд амьдрахаар ирлээ. Дөрөвдүгээр ангийн том сурагч болчихсон тэр жил Дууяа багшийг “Онц гарсанд баяр хүргэе. Сургуулийн шинэ жилээр бэлэг авахаар болсон” гэж хэлэхэд нь жигтэйхэн баярлаж билээ. Бага ангидаа Оюутан ахаас авдаг байсан мандаринтай гоё бэлгээ төсөөлсөн нөхөр байдгаараа гоёод очлоо. Шинэ нийгэмд дөнгөж шилжсэн, дэлгүүрийн лангуу хоосорсон тэр оны шинэ жилийн бэлэг “Сарнай” саван, тосон бал байсан юм.


Categories
мэдээ цаг-үе

Х.Нямбаатар: Гишүүдийн хэлээд байгаагаар оффшорын хуулийг баталбал Үндсэн хууль зөрчинө

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа. Тэрбээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай буюу бидний яриад байгаагаар Оффшорын хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа юм.


-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэзээ батлах юм бол. Байнгын хороон дээр хойшилчихлоо. Уг нь олон хүний анхаарлын төвд байгаа хууль биз дээ?

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар нийтийн албанд ажиллаж байгаа тодорхой албан тушаалтнуудыг гадаадад өөрийн нэр дээр хувийн харилцах данс, хадгаламж, хувьцаа эзэмшихийг хориглосон хуулийн төсөл оруулж ирсэн юм. Энэ хууль нэлээд маргаан дагуулж байгаа нь үнэн. Ард түмний хувьд шударга ёсны хүсэмжлэлийг шаардан нэр бүхий улстөрчдийг төрөөс идэж уусан мөнгөө гадаадад нууж, байршуулсан хүмүүсийн нэр дурдагдаж, хардлага төрүүлээд байна. Би ажлын хэсгийг ахалж байгаа. Яагаад энэ ажил удаашраад байна вэ гэхээр Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төсөл байнгын хорооны анхны хурал дээр уначихсан л даа. Тухайн долоо хоногийнхоо чуулганы хуралдаанаар ороод байнгын хорооны дэмжээгүй саналыг чуулганы гишүүд дэмжээгүй тул боссон юм. Боссон гэдэг нь хэлэлцэхээр болсон гэсэн үг. Ажлын хэсэг маш олон удаа хуралдсан. Оффшор бүс, оффшор бүст компани байгуулах, хөрөнгө эзэмшихтэй холбоотой харилцааг гадаад улсад хэрхэн зохицуулдаг талаар судалгаа хийлгэсэн. Оффшортой холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас эрх зүйн зохицуулалт, оффшорын өөрийнх нь үндсэн шинж чанарын талаар танилцуулга хийсэн.

-Яг гол асуудал нь юу юм бэ?

-Эсрэг байр суурьтай гишүүд нэгдүгээрт, гэр бүлийнхээ гишүүдийн нэр дээр оффшор данс эзэмшихийг бүр мөсөн хориглооч ээ гэж байгаа. Хоёрдугаарт, гадаад гэж хэт өргөн хүрээг хамруулж байна. Тиймээс зөвхөн оффшор бүсээ тоочин, нэр дурдах ёстой гэсэн. Гуравдугаарт, бие даасан хууль гаргаач гэж байгаа л даа. Дөрөвдүгээрт, оффшортой холбоотой Өршөөл үзүүлэх тухай хууль гаргах ёстой гэсэн шаардлага тавиад байгаа юм.

-Энэ дөрвөн шаардлагыг биелүүлэх боломж байгаа юм уу?

-Энэ тухай танд дэлгэрэнгүй ярих ёстой байх. Нэгдүгээрт, бие даасан хууль гаргана гэхээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль нь өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой харилцааг зохицуулж байгаа. Үүнтэй зэрэгцүүлэн адил төрлийн харилцааг зохицуулсан бие даасан хууль гаргах нь хууль эрх зүйн системийн хувьд зөв зүйтэй биш л дээ. Тэр утгаараа бие даасан хууль батлан гаргах нь зохимжгүй гэдгийг ажлын хэсгээс бусад хүмүүст хэлээд байгаа юм. Тэр байтугай төрийн албан хаагчийн ах дүү, хамаатан саданг гадаадад данс эзэмшихийг хоригло гээд хууль гаргах нь 1966 оны эдийн засгийн соёлын эрхийн факт, Үндсэн хууль, бусад хүний эрхийн тухай баримт бичгүүдэд заасан жам ёсны эрхийг зөрчинө гэж үзэж байгаа.

-Ер нь бол гишүүдийн хэлээд байгаа саналыг оруулах юм бол Үндсэн хууль зөрчих юм байна, тийм үү?

-Тэгнэ. Манай Үндсэн хуулинд иргэн бүр аж ахуй эрхлэх эрхтэй гэж заасан. Мөн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авч эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах эрх нь үндэсний болон олон улсын эрх зүйн баримт бичгүүдэд заачихаад байхад хүний эрхийг зөрчиж болохгүй. Бид хуулиндаа ямар санаа оруулж байгаа вэ гэхээр гадаадад бусад хүмүүс аж ахуй эрхэлж болно. Гагцхүү хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ данс, дансны үлдэгдлээ тайлагнаад яв гэж байгаа юм.

-Гишүүдийн хэлээд байгаа өөр нэг зүйл нь оффшор бүсүүдийг зарла гээд байгаа. Та ч дээр ярилаа. Хэрэв зарлалаа гэхэд олон улс талаасаа бүдүүлэг алхам болох уу?

-Гишүүд оффшор бүсийн 60 орныг зарлаад энэ улсад данс эзэмшиж болохгүй гээд хуулиндаа зааж өгөх ёстой гэдэг асуудал яриад байна. Гадаад харилцааны яам олон улсын харилцаа, дипломат ёсны хувьд энэ энэ нь сайн улс, эдгээр нь муу улс гэсэн томъёолол оруулах нь зохимжгүй гэдэг байр суурь илэрхийлсэн. Өнгөрөгч арваннэгдүгээр сард гэхэд Германд төрийн өндөр дээд албан тушаалтнууд гадаад улсад хадгаламж эзэмшихийг хориглосон зохицуулалтыг хуулиндаа оруулж ирсэн. Анзаарч байвал оффшор гээгүй гадаад улсад гэж байгаа биз. АНУ-д энэ төрлийн хууль өргөн баригдах асуудал яригдаж байгаа юм билээ.

-Өөр нэг зүйл нь өршөөл үзүүлэх ёстой гэдэг байр суурийг гишүүд гаргасан гэсэн. Ийм боломж байгаа юм уу?

-Гадаадад данс эзэмшиж байгаа хүмүүст уучлал үзүүлэх хугацаа зарлаж хөрөнгө мөнгөө Монголд оруулж ирэх Өршөөлийн хууль гаргаач ээ гээд байна л даа. Өнгөрсөн 2014 онд Их хурал Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулиудыг батлан гаргасан байдаг. Төрөөс хулгай хийсэн, татвараас зайлсхийсэн хүмүүсийг жил бүр өршөөгөөд байна гэсэн чинь юу гэсэн үг вэ. Хэрэв ингээд Өршөөлийн хууль гаргачих юм бол жинхэнэ утгаараа УИХ ашиг сонирхлын зөрчилтэй харагдана гэж ажлын хэсгийн даргын хувьд үзэж байгаа. Харин одоогийн хуулиар гурван сарын дотор гадаадад эзэмшиж буй бүх дансаа хаан харилцаагаа дуусгавар болгоод тодорхойлолтоо аваад ир гэж байгаа юм. Гэр бүлийн гишүүд, эхнэр, нөхөр, ах дүү, хамаатан садан нь гадаадад данс эзэмшдэг бол тэрийг нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тайлагнаад явахаар туссан. Гадаадад данс эзэмшиж, мөнгө байршуулсан хүмүүс энэ хууль батлагдсаны дараа хуулиар халхавчлаад өршөөгдөх гэж байна гэсэн шүүмжлэл байгаа.

-Нээрээ тийм зүйл яригдаж байсан. Үнэн юм уу?

-Тийм зүйл огт байхгүй. Эрүүгийн хуулинд хууль бусаар хөрөнгөжих, татвараас зайлсхийх, нуун дарагдуулах, албан тушаалаа урвуулан ашиглах гээд олон төрлийн гэмт хэргийн зохицуулалтууд бий. Гадаадад үнэхээр их хэмжээний мөнгө төгрөгтэй байсан нь илэрсэн тохиолдолд хууль хяналтын байгууллага шалгаад холбогдох процессын ажиллагаа явуулаад ял шийтгэл ноогдуулах эрх зүйн орчин хэвээрээ байгаа.

-Гэхдээ манайхны хувьд оффшор гэдэг зүйл чинь муу муухай бүхний үүр уурхай мэт ярих юм л даа. Буруу ойлголт нийгэмд давамгайлчихлаа?

-Янз бүрийн ойлголтууд байна. Хууль бусаар олсон мөнгөө татвараас нуун байршуулсан муу муухай газрыг оффшор хэмээн манайхан ойлгоод байгаа юм. Оффшор гэдэг чинь үг зүйн утгаараа эргийн гадна, хилийн чанадад, хилийн гадна гэсэн утгатай. Оффшор нь татварын таатай бүс, нэргүйгээр бизнес эрхлэх, валютын хязгаарлалтгүй, компани бүртгүүлэхэд тавигдах шаардлага хялбар, хувьцаа эзэмшигчдийн хурал, санхүүгийн тайлан нь маш энгийн, банкны мэдээлэл нь маш нууцлаг гэсэн үндсэн шинжүүдийг агуулдаг.

Европ, Хойд америк, Карибын бүс, Номхон далайн бүст хуваадаг бөгөөд 60 гаруй газар оффшор бүсийн статустай байдаг. Манайхан энэ хүмүүс оффшор бүст мөнгө байршуулсан гээд байгаа. Тэдний хувьд тухайн хүмүүсээ хууль хяналтын байгууллагад өгөөд шалгуулах эрх нь нээлттэй.

-Оффшорчдыг дэмжсэн хууль гаргах гэж байна гэсэн шуугиан дэгдээд байгаа шүү дээ?

-Энэ хууль ямар нэгэн оффшор данс эзэмшиж байгаа хүнд боломж олгож байгаа юм биш. Ингэж мушгиж болохгүй.

-Зарим гишүүдийн зүгээс оруулж ирсэн хуулийн төсөл дээр хариуцлага оногдуулсан зүйл алга гээд байгаа. Хувийн хэвшлийнхнийг хүртэл хамруулах ёстой гэдгийг зарим гишүүд хэлээд байх юм. Бусад хуулиудад шингэчихсэн заалтыг заавал оруулах ёстой юу?

-Нэгдүгээрт, хувийн хэвшлийнхнийг оффшор бүст данс эзэмшихийг хориглож, хязгаарлана гэдэг бол хүний эрхийн түгээмэл тунхаглал, дээр дурдсан НҮБ-аас батлан гаргасан Эдийн засаг, соёлын тухай факт, 1992 онд батлагдсан Үндсэн хуулийг бүгдийг нь зөрчинө.

Хоёрдугаарт, хариуцлагын тал дээр энэ хуулинд хориглосон зохицуулалт бий. Хориглосон бол энэ хүн нийтийн албанд ажиллах боломжгүй гэсэн үг. Тухайн мөнгөнийхөө эх үүсвэрийн нотолж чадахгүй бол хууль бусаар хөрөнгөжсөн, татвараас зайлсхийсэн гэдэг зүйл заалтаараа эрүүгийн хариуцлага хүлээнэ. Хамгийн том хариуцлага чинь эрүүгийн хариуцлага биз дээ.

-Гэхдээ яг ямар хүмүүс энэ хуульд хамаарах вэ гэдэг дээр шийдлээ олсон уу. Нэлээд маргаантай байгаа сураг байсан?

-Маргаантай байгаа нь үнэн. Хуулийн төслийн эхний оруулж ирснээр хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөж байгаа 38 мянган хүнийг хамруулъя гэсэн байсан. Жагсаалтыг Хууль зүйн байнгын хороо баталдаг. Энэ тоо нүсэр байсан тул ажлын хэсэг дээр би тусгай санал хураалгасан. Франц улс гэхэд долоон мянган хүнийг л энэ хуулийн хүрээнд хамруулж байхад Монгол Улс 38 мянган хүнийг хамруулна гэж байгаа юм.

-Тэгээд хэд байх нь зөв гэж?

-Миний хувьд 17 мянга 300 орчим хүнийг хамруулъя гэдэг саналаа хүргүүлчихээд байна. Энэ хууль гарах нь юу юунаас илүү чухал. Бид ямар ч хориглосон зохицуулалтгүй Монгол Улс дахь мөнгөний урсгал гадагшаа гардгийг тодорхой хэмжээнд хязгаарлая гэдэг хуулийн үзэл баримтлал бий.

-Хууль яг хэзээ гарах юм. Ингээд хойшлуулаад байх юм уу?

-Ирэх долоо хоногт иргэний нийгмийн ажилтан, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулна. Бид аль болох оффшорын асуудлаа хурдан шийдэх ёстой.


Categories
мэдээ цаг-үе

Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл: Атомын цахилгаан станц барих шаардлагатай

-УТААГ БАГАСГАХЫН ТУЛД ЭХНИЙ ЭЭЛЖИНД ЦАХИЛГААНААР ХАЛААДАГ АРГА ЗАМЫГ СУДАЛНА-


Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэлтэй ярилцлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улаанбаатар хотын утааг бууруулах даалгаврыг тус академид үүрэг болгон өгчээ.


-Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд хүрээд удчихлаа. Өнгөрсөн жилүүдэд утааг бууруулах талаар нэлээд ажил хийж, мөнгө зарж байсан ч үр дүнд хүрсэнгүй. Тиймээс хотын утааны асуудлыг шийдвэрлэх том үүрэг хариуцлагыг Шинжлэх ухааны академид үүрэг болгосон юм байна. Энэхүү үүрэг чиглэлийн дагуу юунаас ажлаа эхлэх гэж байна вэ?

-Энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ж.Батсуурь бид хоёрт хотын утааг бууруулах арга замыг олох даалгавар өглөө. Улаанбаатар хотын утааг эрс багасгах санааг олох ёстой гэсэн үг. Сайд бид хоёр энэ даалгаврыг баяртай хүлээж авсан боловч үүнийг хэрэгжүүлэх нь амаргүй ажил гэдгийг ухамсарлаж байгаа.

Ийм том даалгавар өгч байгаа нь бидэнд нэр төрийн хэрэг бөгөөд маш том хариуцлага боллоо. Мөн маш их итгэл хүлээлгэж байгаа юм байна гэж ойлголоо. Утаа бууруулах ажил 2009 оноос эхэлсэн байдаг. Гэвч энэ асуудалд олон арван тэрбум төгрөг зарцуулсан боловч ихэнх нь цаасан дээр бичигдсээр иржээ. Ер нь хэвлэл мэдээллээс утаанд зарцуулсан мөнгөн дүнг харахад улсын төсвөөс 100 гаруй тэрбум төгрөг гаргасан байна. Хувийн хэвшлээс болохоор 200-гаад тэрбум төгрөг гарчээ. Гэтэл утаа улам бүр ихсэж байна. Утааны хэмжээ, азотын давхар ислүүд тэдэн хувь байна гэж яриад ч хэрэггүй болсон.

Угаасаа хотын утаа зөвшөөрөгдөх хэмжээнээс хамгийн багадаа 10-20 дахин их буюу гамшгийн хэмжээнд хүрчихсэн байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд утааг бууруулах арга нь шал буруу байжээ. Олон зуух, шахмал түлш хийж үзсэн ч үр дүн гарсангүй. Тиймээс энэ удаа Ерөнхий сайд бидэнд энэ асуудлыг даалгаж байгаа нь утааг бууруулах ажлыг бизнесийн нүдээр биш, шинжлэх ухааны аргаар харж, шийдвэрлэх байх гэж итгэсэн юм болов уу. Бид хамгийн эхлээд утааг эрс бууруулах санал гаргаж, техникийн шийдлийн хамт боловсруулж танилцуулна. Тэгэхээр энэ нь нэлээд олон хүний хүч хөдөлмөр шаардах, багагүй хугацаа орох ажил. Бид сүүлийн хоёр өдөр хуралдаж, утааны асуудлыг яаж хурдан шийдэх вэ гэдэг асуудлаар санал солилцож байна. Энэ чиглэлийн томоохон эрдэмтдийг урьж ярилцлаа. Ямартай ч энэ ондоо багтаагаад зохион байгуулалтын ажлаа хийчихье гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Улаанбаатарын утааг бууруулах ямар арга байна. Шинжлэх ухааны академи ямар аргыг хэрэглэх гэж байна?

-Манайхтай төстэй, хөгжлийн түвшин харьцангуй буурай орнуудад үндсэндээ утааг бууруулах хоёр л арга байдаг. Нэгдүгээрт, орон сууцжуулах, хоёрдугаарт цахилгаан халаагуур ашиглах. Нэгдүгээр аргыг хэрэглэнэ гэхээр дааж давшгүй их хөрөнгө хэрэгтэй болно. Цахилгаан, усны нөөц нь хүрэх үү гэдэг асуудал гарна. Мөн хийн түлш хэрэглэх арга байдаг ч хугацаа шаардлагатай. Тиймээс бид цахилгаанаар халаадаг, арга зам руу судалгаагаа чиглүүлье гэж бодож байгаа юм. Бидний ерөнхий чиг энэ. Ерөнхий сайд ч мөн энэ чиглэлийн ажил байж болно гэсэн. Нэг шийдчихвэл энэ нь төгс шийдэл. Эхлээд суурь судалгааны ажлуудыг хийх хэрэгтэй байгаа. Ямар ч байсан манай шинжлэх ухааны академийн эрдэмтэд гэдэг нь ашиг сонирхлын зөрчилгүй санал боловсруулах хүмүүс. Монгол орныхоо хөгжлийн төлөө, улаанбаатарчуудын эрүүл мэндийн төлөө сэтгэл зүрхээ гаргаад харьцангуй хямд төсвөөр утааны асуудлыг шийдэх хүмүүс бол академийн эрдэмтэд байна.

-Академийн эрдэмтэд утааг бууруулах чиглэлээр хийсэн бэлэн судалгаа, технологи бий юу?

-Олон бий. Хамгийн наад зах нь таван ханатай гэр халаахад хэр хэмжээний цахилгаан зарцуулах вэ, гэр хаагуураа хэдэн хувийн дулаан алддаг юм гэх зэрэг судалгаанууд бий. Ядаж л гэрийн үүдэнд амбаар барих хэрэгтэй юм байна. Гэрийн бүрээсийг ямар материалаар яаж хийвэл дулаан алдалтыг багасгах вэ гэдэг судалгаа ч бий. Мөн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр тодорхой хэсгийг хангах боломжтой. Ер нь бид төсөл боловсруулах техникийн танилцуулгаа гэгээлгээр харж байна. Утаа бууруулах шийдлийг Шинжлэх ухааны академи харьцангуй богино хугацаанд гаргаж чадахгүй юм бол өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй.

-Хамгийн багадаа хэдий хугацаанд хотын утаа эрс буурах боломжтой бол. Ерөнхий сайд үүрэг даалгавар өгөхдөө хугацаа заасан уу?

-Ямар хугацаанд бууруулахыг ажлын хэсэг нэлээд судалж байж хэлнэ. Ерөнхий сайд ерөнхий чиглэл өгсөн, хугацаа нарийн заагаагүй. Хөх хот зэрэг хамгийн богино хугацаанд утаанаас салсан хотуудын туршлагыг судлах хэрэгтэй байна. Мөн хамгийн бага эрчим хүчээр хамгийн их дулаан ялгаруулдаг халаалтын төхөөрөмжийн загварууд дэлхийн хаана байна. Төхөөрөмжүүдийг авч, харьцуулж, задалж шинжилж үзнэ. Түүнээс биш хаана ч байдаг цахилгааны хэрэглээ асар өндөр үнэтэй тень хэрэггүй. Тэр дундаас хамгийн хямд загварыг бид сонгож авах ёстой гэх зэрэг олон ажил бий. Ер нь бид гурваас, дөрвөн жилд багтах асуудлыг л зохион байгуулна. Энэ бол байж болох маш богино хугацаа.

-Өнгөрсөн жилүүдэд манайхан төслийн зуух, утаа гаргадаггүй зуух гэж нэлээд хошуурлаа. Ер нь утаагүй зуух гэж байдаг, байх боломжтой юм уу?

-Нүүрс түлж байгаа л бол заавал утаа гарна. Ямар ч шаталт байсан шаталтаас утаа гарна шүү дээ. Нүүрс түлэхэд жижиг ширхэгтэй тоосонцор нь агаарт дэгдэж, том хэсэг нь хөрсөн дээр унадаг. Ингээд хүний амьсгалын хэмнэлээр уушги руу орно. Нүүрсний утаа хортой юу гэвэл үнэхээр хортой. Нүүрсний утаанд угаартсан хүн эргэж бараг сэргэдэггүй. Энэ утаанд азотын хийн хүхэрт бодис бий. Энэ нь нярай болон бага насны хүүхэд, өндөр настанд илүү сөргөөр нөлөөлдөг.

-Шинжлэх ухааны академийн эрдэмтэд өмнө нь утаа бууруулах ажилд оролцох боломж, нөхцөл байгаагүй юм уу?

-Утаа буруулах талаар манай дулаан, цахилгаан, эрчим хүчний чиглэлээр ажилладаг эрдэмтэд төр засагт маш олон санал, төсөл хүргүүлж байсан. Гэтэл шалгаруулдаг комисс нь авч үзэж байгаагүй. Хэн нэг хүний ширээн дотор л тэр материалууд байж байгаа. Угаасаа төр засаг шинжлэх ухаан руу харъя гэж боддоггүй. Одоо харж байгаад нь баяртай байна. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэж үг бий.

-Агаарын бохирдлын 10-20 хувийг машины угаар эзэлж байна. Машины утааг бууруулах сайн технологи юу байна?

-Нэгдүгээрт ашиглах бензинийхээ чанарыг сайжруулах хэрэгтэй. Нэг нь катализатор тавих арга. Катализаторын хүчээр бензиний бүрэн шаталт явагддаг. Утааг бууруулах ажилд автомашины угаарын асуудал тусгагдсан байгаа.

-Утаанаас салахын тулд дулааны станц барихдаа байгальд ээлтэй технологи ашиглах ёстой байх. Тэр нь ямар арга байх вэ?

-Манай эрдэмтэд янз янзын санаачлага хэлдэг. Минийхээр атомын цахилгаан станц барих хэрэгтэй. Гэхдээ атомын цахилгаан станц цэвэр эрчим хүч үйлдвэрлэдэг. Үүнийг дэлбэрч сүйд болно гэж ойлгож болохгүй. Ашиглалт буруу болохгүй юм бол цөмийн цахилгаан станц дэлбэрэх магадлал маш бага. Манайх шиг нүүрсний асар их нөөцтэй улс нүүрс түлдэг дулааны станцаас бүрмөсөн сална гэхэд амаргүй. Тиймээс нүүрсээр ажилладаг станцуудыг хотоос зайдуу, хөдөө газар бариад, эрчим хүчээ гадны орнууд болон бусад хотууд руу борлуулдаг байх хэрэгтэй.

-Аливаа улс орон шинжлэх ухаанаа түшиглээд хөгжвөл илүү бодит үр дүнтэй байх болов уу. Академийн эрдэмтэд утаа бууруулахаас гадна эх орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах ямар, ямар ажил хийхэд бэлэн байна?

-Төр засаг төрийн захиргааны төв байгууллагууд орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд Шинжлэх ухааны академид захиалга өгвөл тэр захиалгыг шийдвэрлээд өгөх хүний нөөц, боломж бололцоо байна. Аливаа улс орон дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ нэг хувиас дээш төгрөгийг шинжлэх ухаанд зарцуулаад байвал улс орныхоо эдийн засгийг өсгөх, хөгжүүлэх бодит хүчин зүйл болдог. Академийн эрдэмтдийн бүтээл дэлхийд харьцангуй өндөр үнэлэгдэж байгаа. Монгол эрдэмтдийн гадаадад хэрэгжүүлж байгаа төсөл, инноваци Азид 19 дүгээр байрт орж байгаа юм. Гуравхан сая хүнтэй, 1500 орчим орон тооны эрдэм шинжилгээний ажилтантай улс гэхэд энэ өндөр амжилт. Манай мэргэжилтнүүдийн боловсруулчихсан технологи 200 орчим байна. Бүтээгдэхүүн болгоод аваад явах нь 100 орчим бий. Технологийг үйлдвэржилтэд нэвтрүүлдэг холбох гүүр, байгууллага манайд алга. Тиймээс шинжлэх ухааны парк байгуулах хэрэгтэй байна. Дэлхийн ихэнх улс шинжлэх ухааны парктай байдаг.

-Жишээлбэл үйлдвэрлэлд нэвтрүүлэх хэрэгтэй ямар, ямар технологи байна?

-Жишээлбэл, тосыг нь авчихсан шингэн сүү гэж байдаг. Тэр шингэн сүүнээс уургийг нь ялгаж аваад бүтцийг нь жаахан өөрчлөөд кофе шиг уусдаг болгочихдог. Энэ технологи манайд байгаа. Үүнийг социализмын үед Хятад, Финланд зэрэг улсад экспортолдог байсан юм. Одоо дэлхийд гаргаж болно. Энэ нь хамгийн өндөр чанартай, оригнал уураг байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

“Snow melody” шинэ жилийг мэдрүүлнэ

Ардын жүжигчин, төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын филармони гурав дахь жилдээ шинэ жилийн баярыг тохиолдуулан хамгийн олон уран бүтээлчид оролцсон “Snow melo­dy” хөгжмийн концертыг тоглох гэж байна. Тоглолтод Улсын филармонийн Симфони найрал хөгжим, “Баянмонгол” жааз найрал хөгжим, Морин хуурын чуулга, Филармонийн гоцлол дуучид зэрэг 200 гаруй уран бүтээлч оролцож, шинэ жилийн сэдэвт дэлхийн болоод Монголын шилдэг бүтээлүүдээс толилуулах ажээ. Маргааш болох энэхүү тоглолтын талаар Улсын филармонийн маркетингийн менежер Б.Билгүүн, тус тоглолтын ерөнхий найруулагч төрийн шагналт бүжиг дэглээч С.Сүхбаатар нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. “Snow melody” шинэ жилийн баярын концертын тоглолтын тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 20-30 мянган төгрөгийн ханштай байгаа ажээ.

Монгол Улсын төрийн шагналт С.Сүхбаатар: -Шинэ жилийн баяр нь Европоос гаралтай баяр. Тийм ч учраас бид дэлхийн томоохон улс гүрнүүдийн адил энэхүү баярыг тэмдэглэдэг билээ. Тэр дундаа Монгол Улсын Филармони жил бүрийн шинэ жилийн баярыг угтан энэхүү тоглолтыг хийдэг болсон. Энэ жилийн тоглолт нь дэлхийн сонгодог хөгжмийг, орчин үеийн жааз оркестртэй, үндэсний бахархал болсон Морин хуурын чуулгатай хамт гайхамшигтай аялгууг тоглохоороо онцлог юм. Мөн үндэсний дуу болон дэлхийн сонгодог дуунуудаас хүргэхээр бэлдэж байна. Монголын хөгжмийн зохиолчдын бичсэн зарим мартагдсан дуунууд болоод бид бүхний багадаа сонсож өссөн шинэ жилийн тухай дуунууд дуулагдана. Миний хувьд энэ тоглолтын ерөнхий найруулагчаар ажиллаж байна.

Улсын филармонийн маркетингийн менежер Б.Билгүүн: -Монголдоо хамгийн том гэж хэлж болохуйц шинэ жилийн концертыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Өмнө манай оркеструуд маань тус тусдаа шинэ жилийн тоглолт зохион байгуулдаг байсан. Харин өнгөрсөн жилээс энэ гурван оркестроо бүх гоцлол дуучид маань нийлээд нэг том тоглолт хийх ёстой юм байна гэж үзээд “Snow melody” гэх энэ тоглолтыг зохион байгуулж үзэгчдэд нэлээд сайн хүрсэн. Одоогоор уран бүтээлчид сургуулилтадаа ороод явж байна.

Тоглолтод филармонийн гоцлол дуучид бүгд ая дуугаа өргөх аж. Мөн Морин хуурын чуулга “Хачатурян Вальс маскарад”, “Дурлалын вальс” зэрэг уран бүтээлүүдийг тоглох юм байна. Харин Филармонийн симфони найрал хөгжим шинэ жилийн холбогдолтой дууны цоморлигийг сьют хэлбэрт оруулсан бүтээлүүд тоглох бол “Баянмонгол” жазынхан шинэ жил, цас, өвлийн холбогдолтой бүтээлүүдийг өөрсдийнхөө жанраар тоглохоор бэлдэж буй аж. Мөн энэхүү тоглолтод урилгаар ардын жүжигчин Б.Зангад, Монгол Улсын гавьяат жүжигчин, поп хатагтай Б.Сарантуяа нар оролцох юм байна.

Л.НАСАНБУЯН: “ALL WANT FOR CHRISTMAS” ДУУГ ҮНДЭСНИЙ ХӨГЖИМТЭЙ ХОСОЛЖ ДУУЛНА

Ингээд тус тоглолтод Америкийн алдарт дуучин Мариан Керигийн “All want for Christmas” хэмээх уран бүтээлийг толилуулах гэж буй Филармонийн гоцлол дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Л.Насанбуянтай ярилцлаа.Зууны манлай страдын дуучин поп дива Б.Сарантуяагийн гарын шавь гэдгээр нь түүнийг олон хүн мэдэх болов уу.


Та хэзээнээс Улсын филармонд гоцлол дуучнаар дуулж эхэлсэн бэ?

– Монгол Улсын филармонид анх 2010 онд дагалдан гэрээт дуучнаар дуулж эхэлсэн. Улмаар 2011 оноос эхлэн албан ёсны гоцлол дуучнаар эхлэн ажиллаж байна. Одоо зургаа дахь жилдээ ажиллаж байна даа. Мэргэжлийн сургуулиа төгссөн залуу дуучны хувьд энэ том байгууллагын гоцлол дуучнаар ажиллана гэдэг бол гайхалтай нэр хүнд. Тэгээд энэ хугацаанд өөрийн бие даасан хоёр ч тоглолтоо хийсэн. Цаашдаа ч өөр өнгө аястай сонирхолтой тоглолтууд хийхээр төлөвлөж байна.

-Анхны цомгоо хэдэн онд гаргаж байв. Мөн одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-2012 онд поп урсгалаар дуулсан есөн дуунаас бүрдсэн “Хэзээ ч мартагдашгүй” хэмээх нэртэй анхны цомгоо гаргаж байлаа. Одоогоор хоёр дахь цомог дээрээ ажиллаж байна. Эхнээсээ ганц хоёр дууны дүрс бичлэг хийгдээд явж байна. Цомог гэж ярихаасаа илүүтэйгээр өөрийн уран бүтээлдээ нухацтай хандаж, олон түмэндээ жинхэнэ хит болох сайхан дуунуудаа өргөн барих зорилготой ажиллаж байгаа. Мөн Насаа гэдэг дуучныг илэрхийлсэн гайхалтай уран бүтээл гарахын тулд өдөр шөнөгүй бэлдэх болно. Хоёр дахь цомгоо ирэх онд багтаагаад гаргахаар төлөвлөж байгаа. Гурав дахь бие даасан тоглолтоо мөн энэ ондоо амжаад хийх санаатай байна. Их л ажилтай завгүй хүн л явна даа.

-Та 2004-2005 оны үед болж байсан “Оддын эрэлд”-д тэмцээнд оролцож байсан. Тэр үеэ дурсахгүй юу. Хүмүүст хуучны сайхан цаг үеийг сануулсан сонин, содон дурсамж байх болов уу?

-Тухайн үед би Соёл урлагийн их сургуулийн нэгдүгээр курсnaн оюутан байсан юм. Тэр үед “Оддын эрэлд” гэдэг тэмцээн болж байна чи ороод үзээч” гэж ойр дотны хүмүүс маань хэлсэн. Тэгээд дуртай нь аргагүй явж очоод л бүртгүүлж байсан. Эхлээд өөрийгөө ч нэг их хүчлээгүй л дээ. Харин шат шатны шалгаруулалт бүрт ороод яваад л байсан. Тэр уралдаан ч маш олон сар үргэлжилсэн шүү дээ. Тэмцээнд ороод түрүүлнэ гэж ер бодоогүй ээ. Зүгээр л өөрийгөө сорих зорилготой орсон чинь шилдэг дөрөвт үлдсэн. Тэр уралдаанд орсон маань надад их урам зориг өгсөн дөө.

-Таныг уран бүтээлчид болоод олон түмэн Зууны манлай дуучин поп хатагтай Б.Сарантуяагийн шавь хэмээн үнэлдэг. Маргааш болох тоглолтод таны багш хүрэлцэн ирж, ая дуугаа өргөх юм байна. Та багштайгаа хамт тайзан дээр гарах уу?

-Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа багшийнхаа шавь нь болсон би үнэхээр азтай, хувьтай хүн. Тийм мундаг дуучны шавь болсондоо өөрөөрөө бахархдаг. Анх 1996 онд “Хайрын бурхан” тоглолтыг нь үзэж байлаа. Тэр цагаас хойш Сараа эгчийн бүх дууг сонсдог, үнэнч фэн нь болсон юм. Тэгж явсаар 2007 онд анх нүүр тулан уулзаж байв. Тухайн үед багшийнхаа утасны дугаарыг нь олж аваад, олон ч удаа залгасан. Тэгээд л нэг сайхан өдөр хадаг, сүү барьж очоод шавь орж байсан юм. Монголын рок попын амьд бурхан болсон багшийнхаа 60 гаруй тоглолтод оролцож, олон газар хамт явж, их ч юм сурсан даа. Өнөөдөр ч энэ хүнээс сурч мэдэх, үлгэр дууриал авах зүйл их бий. Багштайгаа хамт дуулах үгүйг маргааш болох тоглолтод хүрэлцэн ирж үзээрэй.

-Тоглолтын тухайд ярихгүй юу. Таны хувьд ямар уран бүтээлээр хүрэлцэн ирсэн үзэгчдээ бэлэг барих гэж байна вэ?

-Улсын филармони жилдээ “Бид нэг гэр бүл”, “Snow melody” “Өвөл цагийн нээлт” хэмээх хэд хэдэн том тоглолт хийдэг. Үүний нэг нь яах аргагүй “Snow melody” юм. Учир нь манай филармонийн бүх уран бүтээлчид болоод Морин хуурын чуулга, “Баянмонгол” жааз орекестр, симфони найрал хөгжим, дуучдын бүрэлдэхүүн бүгдээрээ оролцдогоороо энэхүү тоглолт онцлогтой байгаа. Гурван оркестртэйгоо манай дуучид өөр өөрсдийн төрөл жанраараа дуугаа дуулах байгаа. Мэдээж хэрэг “snow melody” буюу цасан аялгуу тоглогдох учраас хүн болгоны зүрх сэтгэлд хоногшсон шинэ жилийн тухай гайхалтай уран бүтээлүүдийг амьдруулж үзэгчдэд хүртээл болгохоор бэлтгэлдээ ороод явж байна. Миний хувьд энэхүү тоглолтод дуучин Мариан Керигийн “All want for Christ­mas”, “Содура” киноны дуу “Хайр” хэмээх дууг бусдаас өөр өвөрмөц найрууллагаар буюу Морин хуурын чуулгын ятгын дөрвөл тэй хамтраад дуулж байгаагаараа онцлог. Учир нь хүмүүс энэхүү уран бүтээлийг өмнө цахилгаан хөгжмөөр сонсож байсан бол маргааш болох “Snow melody” тоглолтын тайзан дээрээс үндэсний хөгжим, тэр дундаа ятгын дөрвөл хөгжимтэй хамтран дуулах болно.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Кино театруудаар арванхоёрдугаар сарын 29-нд гарах кино үзвэрийн хуваарь

Urgoo cinema 1,2 болон I MAX кино театрууд


“La la land”

Өргөө 1
15:30 20:20
Өргөө 2
15:40 20:00
Өргөө 3
12:00 14:40 17:10 19:50 22:20

“Passengers”

Өргөө 1
11:00 13:20 15:40 18:00 20:20 22:40
Өргөө 2
11:00 13:20 15:40 18:00 20:20 22:40
Өргөө 3
12:40 15:00 16:30 VIP 17:20 19:10 VIP 19:40 22:00

“Алдрын зам”

Өргөө 1
11:00 3D 13:10 3D 15:20 3D 17:30 3D 19:40 3D 21:50 3D
Өргөө 2
11:00 3D 13:10 3D 15:20 3D 17:30 3D 19:40 3D 21:50 3D
Өргөө 3
11:00 3D 13:20 3D 14:00 3D VIP 15:40 3D 18:00 3D 20:20 3D 22:40 3D

“Сөрөгч нэг” оддын дайны түүх

11:40 3D IMAX 14:20 3D IMAX 17:00 3D IMAX 19:40 3D IMAX 22:20 3D IMAX

“Аз жаргал” МУСК

Өргөө 1
11:10 13:00 15:00 17:00 20:50
Өргөө 2
11:40 18:10
Өргөө 3
12:30 16:50 21:00

“Хоёр гүүрний цаана” МУСК

Өргөө 1
13:30 18:50 22:50
Өргөө 3
22:50

“Рэкет” МУСК

Өргөө 1
11:20 18:10 22:40
Өргөө 2
13:30 22:30
Өргөө 3
14:30 18:40

“Тэнгис” кино театрт

“La la land”- 15:40, 18:20 VIP 20:10 22:40

“Passengers”-16:00 VIP, 18:20, 20:50, 23:15

“Алдрын зам” хүүхэлдэйн кино- 17:00, 19:10

“Өвлийн тууж” МУСК- 16:35, 20:25, 23:15 VIP

“Underworld”- 19:05, 23:00

“Аз жаргал” МУСК- 18:30, 22:30

“Хоёр гүүрний цаана” МУСК- 21:00

“Шидэт амьтад ба тэднийг хаанаас олох вэ?”-16:30, 20:50 VIP

“Рэкет” МУСК- 15:40, 17:50, 21:20, 23:15

О.Ариун

Categories
мэдээ нийгэм

Шинэ жилээр ёслолын буудлага буудуулъя гэвэл гурав хоногийн өмнө зөвшөөрөл авах ёстой юм байна

Нийслэлийн Засаг дарга болон Онцгой байдлын газрын тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламжийн галын аюулгүй байдал, үзвэр үйлчилгээ, томоохон худалдааны төвүүдэд пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулж байгаа байдалд хяналт тавих шалгалтын ажлыг арванхоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлүүлсэн билээ.

Тэгвэл Нийслэлийн онцгой байдлын газрын шалгалтын ажлын хэсэг нийт 278 объектыг шалгаж, худалдааны төв, зах, нийтийн эзэмшлийн талбайд шинэ жилийн тоглоом хэрэгсэл худалдан борлуулж буй иргэдээс нийт 16 пиротехникийн хэрэгсэл, бенгалын гал 500 ширхэг, динамик 200 ширхэг, оргилуур салют 55 ширхэгийг тус тус хураан авч, гурван субъектыг 550.000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ тооцож ажилласан байна. Мөн өнгөрсөн жил цөөнгүй иргэн гар дээрээс пиротехникийн хэрэгсэл худалдаж байсныг хураан авч, тэдэнд Захиргааны хариуцлагын хуулийн дагуу арга хэмжээ авч байжээ. Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хяналт, шалгалт хийх аж. Харин Монгол Улсын хэмжээнд пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулах эрхтэй хоёр компани байдаг нь “Очир ундраа”, “Протек” компаниуд юм байна.

Шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас 108126 хүнд Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоол, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 27 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэргэжлийн заавар зөвөлгөөг өгч, баяр, амралтын өдрүүдээр пиротехникийн хэрэгслийг худалдан борлуулахгүй байх, зохих зөвшөөрөлгүй газраас худалдан авч ашиглахгүй байхыг сэрэмжлүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа гэнэ.

Пиротехникийн хэрэгсэл хүний гар дээр дэлбэрч, гэмтээх явдал гарч байсан хэдий ч дээрх арга хэмжээтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд энэ явдал цөөрсөн байна. 2000, 2010 онд зөвшөөрөлгүйгээр гар дээрээс худалдан авч ашиглаж иргэд гар хуруугаа таслах, нүдээ гэмтээх, чихний хэнгэргээ цоолох зэргээр хохирсон явдал гарсан бол 2012 оноос хойш холбогдох байгууллагууд хамтарч ажиллаж байгаагийн үр дүнд ийм төрлийн хэрэг, зөрчил бүртгэгдээгүйг албаныхан онцолж байна.

Албан байгууллагууд ямар нэгэн баяр тэмдэглэхдээ ёслолын буудлага буудуулъя гэх юм бол хүсэлт гаргаж тусгай зөвшөөрөлтэй компаниудтай гэрээ байгуулаад онцгой байдлын байгууллага дээр ирж зөвшөөрөл авдаг юм байна. Мэргэжлийн улсууд нь тухайн байгууллага дээр очиж үзээд мэргэжлийн оператор байгаа эсэхийг хянаад шаардлага хангасан тохиолдолд зөвшөөрөл өгдөг аж. Гурав хоногийн өмнө зөвшөөрөл авсан байх ёстой бөгөөд зөвшөөрөл авсны дараа ёслолын буудлагаа тусгай харуул хамгаалалтад мэргэжлийн оператор гүйцэтгэх ёстой аж.

Пиротехникийн хэрэгслийг үзвэрийн буюу хэрэглээний гэж хуваадаг бөгөөд үзвэрийн гэдэгт 20 метрээс дээш буудлага ордог бол 20 метрээс доошхийг нь хэрэглээний пиротехникийн хэрэгсэл гэж үздэг юм байна.

О.Ариун