Categories
мэдээ нийгэм

Шүүхийн үйл ажиллагааг нээлттэй танилцууллаа

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс
өчигдөр “Нээлттэй өдөрдөг” зохион байгуулав.

Энэ үеэр иргэдэд Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн, шүүхийн иргэдийн
төлөөлөгчөөр сонгогдсон тохиолдолд эдлэх эрх, үүрэг, хариуцлагын талаар, мөн
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ мэдээлэл өгч, иргэдээс
шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн нээлттэй ил тод байдлыг тандах судалгаа
авчээ.

Мөн тус шүүхийн Тамгын газрын дарга болон шүүгчийн туслах, захиргааны албан
хаагчдаас “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Шүүхийн шинэтгэлийн 10
үр дүн”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгч”, “Хууль бидний амдралд”
сэдвүүдээр илтгэл, лекц тавьж, гарын авлага, боршур тараасан бөгөөд оюутнуудын
сонирхсон асуултад хариулж, харилцан ярилцлага зохион байгуулжээ. Өдөрлөгт
иргэдээс гадна нийт 130 гаруй сурагч, 248 оюутан хамрагдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Замын цагдаа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Өнөөдөр сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалт явагдаж байна. Үүнтэй холбогдуулан замын цагдаагийн алба хаагчид замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг идэвхтэй саналаа өгөх нөхцлийг бүрдүүлэх, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.

Замын цагдаагийн алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Miss World-2016” тэмцээнд А.Баярцэцэг оролцоно

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World” буюу “Дэлхийн мисс”-ийн тэмцээн ирэх сард АНУ-ын Мэрилэнд мужид эхэлнэ.

Тодруулбал, энэ жилийн “Miss World” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 18-ны хооронд болох юм.

Харин тус тэмцээнд оролцох Монгол улсын миссийг өчигдөр тодруулсан бөгөөд улсаа төлөөлж А.Баярцэцэг оролцохоор болжээ.

А.Баярцэцэг өнгөрсөн жилийн “Miss World Mongolia” тэмцээнд “Зорилго бүхий гоо сайхан” тодотголтойгоор тэргүүн дэд миссээр шалгарсан. Мөн Австри улсад болсон Эх дэлхийн мисс буюу “Miss Earth” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож, 90 гаруй орны гоо бүсгүйчүүдээс шилдэг 16-д багтсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Маргаашаас цас орж хүйтэрнэ

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, аравдугаар сарын 24-нд ихэнх нутгаар, 25-нд зарим газраар, 26-нд баруун болон төвийн аймгуудын , 27-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 24,25-нд ихэнх нутгаар, 26,27-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.

24-нд баруун болон төвийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна хэмээн цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Дэлгэрмаа: Хүүхдийн өдөр тутам хэрэглэдэг сурах бичиг алдаатай байх ёсгүй

Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн “Иргэний боловсрол” сурах бичгийг хэрэглээнээс хасаж, шинэчлэх шүүхийн шийдвэр гарсан талаар “Боловсролын давалгаа” ТББ-ын мэргэжилтэн Б.Дэлгэрмаатай ярилцлаа.

-“Боловсролын давалгаа” ТББ бага боловсролын “Иргэний боловсрол” сурах бичгийг чухам яагаад алдаатай гэж үзээд байгаа юм бэ?

-Манай байгууллага иргэний боловсролын талаарх судалгааг гурван жил хийж байна. Харин бага боловсролын 1-5 дугаар ангийн “Иргэний боловсрол” сурах бичгийн судалгааг сүүлийн хоёр жил хийсэн. Бид иргэний боловсролыг бага сургуульд цөм сургалтын хөтөлбөрөөр хэрхэн хэрэгжүүлэх талаар гадны орны сургалттай харьцуулж судалсан юм. 1-5 дугаар ангийн иргэний боловсролын сурах бичиг ёс суртахууны унших эх зориулалттайгаар 2014 оноос хэвлэлтэд гарч эхэлсэн байдаг. Манай байгууллагаас энэ иргэний боловсролын номонд анализ хийхэд агуулга, аргазүй, найруулга зүй, зөв бичих зүйн алдаатай байгааг олсон. Энэ нь сурагчдад боловсрол олгоход сөргөөр нөлөөлж байгаа талаар БСШУЯ-д олон удаа хандаж албан тоот хүргүүлсэн ч тоймтой зүйл хийгээгүй. Хүүхдэд зориулсан нэг ном гаргахад цөм хөтөлбөр, сурах бичигтэй уялдуулах хэрэгтэй байдаг учраас бид энэ алдаатай номын асуудлыг хөндөж байгаа. Яг энэ хэвэндээ дараагийн хөтөлбөр хэрэгжих хүртэл явна гэдэг учир дутагдалтай л даа.

-Яамны зүгээс танай албан тоотод хариу өгөхгүй байсан юм уу?

-БСШУЯ-нд 2015-2016 оны хичээлийн жилд энэ номын алдааг засах боломж бий юу гэсэн хүсэлт гаргахад ном хэвлэгдээд тараагдчихсан учраас засвар хийх боломжгүй. Ирэх жил засвар хийе гэсэн хариу өгсөн. Мөн энэ номонд ойлгомжгүй зүйл их байгаа учаас бид зохиогчдын багтай мэтгэлцэх хэрэгтэй байна гэсэн санал гаргахад албан тоотод огт хариу өгч байгаагүй. Энэ мэтчилэн хоёр жил өнгөрсөн учраас алдаатай сурах бичгээр цаашид суралцах боломжгүй гэж үзээд УИХ-д хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилийн номонд засвар орсон ч хангалтгүй байсан. Манайд ирсэн БСШУЯ-ны бичигт “Номонд зөв бичгийн дүрэм, найруулга зүйн алдаа байгааг үгүйсгэхгүй. Энэ алдааг бид зассан. Харин агуулгын хувьд алдаатай гэж үзэхгүй байна” гэсэн хариу өгсөн.

-Засвар нь яагаад шаардлага хангахгүй байгаа юм бэ?

-2014-2015 оны хэвлэлт дээрх алдаанууд 2015-2016 оны сурах бичигт засваргүй хэвээр байсан. Харин 2016 онд хэвлэхдээ зөв бичгийн алдаатай зарим хэсгийг зассан ч гүйцэд засагдаагүй байсан юм. Үүнийг бид шүүх хурал дээр хэлсэн. Зассан гээд байгаа боловч эхний хуудсанд “туслана” гээд л биччихсэн байх жишээтэй. Зөв бичих дүрмээ үзэх эхлэлээ тавьж байгаа хүүхдүүдийн номон дээр алдаа байгаа нь эмзэглэмээр зүйл болж байна.

-Номонд хэдэн алдаа байгаа бол, тооцож гаргасан уу?

-Кирил бичгийн зөв бичих зүй 222, монгол бичгийн зөв бичих зүй 204, зураг эхтэйгээ зөрсөн болоод зургийн зохимжгүй 39 алдаа гарсан байгаа. Бид хуудас бүрээр гаргасан. Мөн ёс суртахууны, логик, найруулгын алдааг өгүүлбэр өгүүлбэрээр тайлбарласан байгаа.

-Агуулгын хувьд ямар алдаа байна гэж үзэж байна вэ?

-Сурах бичгийн стандартад агуулга нь хүүхдийн нас сэтгэхүйд хамааран тухайн цаг үе, нийгэмд нийцсэн байх ёстой гэдэг шаардлага тавигддаг. Гэтэл өнөөдрийн сурах бичиг дээр хүүхдийн сэтгэхүйд зохицохгүй сэдвүүд байгаа. Нэгдүгээр ангийн сурах бичигт бооцоотой тоглох тухай байх жишээтэй. Гэтэл энэ нь ёс зүйд нийцэх үү гэдэг асуудал гарч байна. Энд “За өнөөдөр хэдүүлээ сонирхолтой байдлаар бооцоотой тоглоё. Хэн түрүүлж барианд орсон нь оройн хоол хийе” гэж байна. Энэ бидний хүсээд байгаа иргэний боловсрол мөн үү. Мөн “Хөөрхөн гөлөгнүүд” зохиол дээр гөлөгнүүдээ нэг нэгээр нь зөөх эх нохойн бодлыг ярилцъя гэж байгаа юм. Нохойн бодол гэж төлөөлж байна гэж бодлоо гэхэд бас л хэцүү. Нохойны бодлыг төлөөлж хүүхэд бодно гэдэг боломжгүй зүйл. Үүнд мөн логикийн алдаа харагдана.

Хоёрдугаар ангийн сурах бичигт “Морин хуурын домог” гэх эх бий. Түүнд “Хуурынхаа царыг мориныхоо цавины нимгэн арьснаас авч ширлэв. Арилжаа хатирааг дүрслэн эгшиглүүлж” гээд их хүнд үг ашиглаж байгаа. Гэтэл хуурын цар, цавины нимгэн арьс, арилжаа хатираа гэх хүнд үгсийг тайлбарласан тайлбар номонд огт байхгүй. Хүүхэд номоо багшгүйгээр уншвал яах вэ. Сурах бичгийг хүүхэд багшгүй уншсан ойлгох ёстой.

Гуравдугаар ангид “Ээжийн яриа” гэх эх бий. Ном ёс суртахууны үндэс учраас ёс суртахуунтай байх ёстой. Гэтэл “Та яах гэж сургууль дээр очоод байгаа юм бэ. Хүүхдүүдээс хол байгаарай гээд байхад чинь. Таны наад муухай царайг хүүхдүүд хараад шоолоод байна гэж ууртай хэлэв” гэж байгаа юм. Өнөөдөр найман настай хүүхэд ээждээ хайртай. Миний ээж бүхнээс илүү сайхан гэж боддог үе шүү дээ. Ийм сэдэв амьдралд байж л байдаг гэж зохиогчид хэлэх байх. Гэхдээ сурах бичиг дээр байх шаардлагагүй. Үүнийг маш олон хүүхэд уншиж байгаа. Хүүхдүүд өөрсдийнхөө ойлгосноор тусгаж авна шүү дээ. Магадгүй ээжийгээ ингэж хэлж болох юм байна гэж тусгаж авахыг ч үгүйсгэхгүй.

Иргэний боловсролын дөрөвдүгээр ангийн номонд “Цогоо” гэх эхэд “Гоожуураас хүйтэн ус хүд хүд хийтэл залгиад таван давхраас буух замдаа бүх хонхыг дарчихаад доошоо гүйж одов. Тас хийтэл шүгэлдээд орцны хаалгаар гарахдаа юу ч болоогүй юм шиг хоёр гараа халаасандаа хийж зам дээрх чулууг өшиглөн эсгэрэн алхав. ….. модноос бүдүүн гэгч мөчир хугалан аваад ямар ч өө сэвгүй цэвцийн хатаж байсан зам дээр “69 Цогоо” гэж их л хичээнгүйлэн бичив” гэж байгаа юм. Энэ бол одооны хүүхдүүдийн хийдэггүй үйлдэл. Үйлдлийг нь зааж өгч байгаа юм шиг сэдэв болчихож байгаа юм. Ийм сэдэв ганцаар тогтохгүй олон бий. Мөн шашинтай холбоотой “Боломж”, “Монгол ардын үлгэр” (үүнийг 2016 оны хэвлэлтээс хассан), “Алтан мөнгөн сүх” гэх сэдвүүд орчихсон байгаа. Манай орны иргэд дийлэнх нь буддын шашинтай ч сурах бичигт иймэрхүү зүйл орох ёсгүй гэж үзэж байгаа. Өөртөө итгэлгүй явж байгаад бурхантай таараад, бурхны бэлэг гэх мэт ойлголтууд орсон. Үүнийг уншаад хүүхэд бурхан тусалчихна гэдэг ойлголттой болчихвол яах вэ. Ийм алдаа дийлэнх хувийг эзэлж байгаа учраас бид энэ асуудлыг дэлгэсэн. Бид хүний хийсэн зүйлээс өө хайж байгаа юм биш. Дөнгөж суралцаж эхэлж байгаа хүүхдүүдэд өгөх үлгэр дуурайл нь буруу байгаа учраас энэ алдаануудыг засахаас өөр аргагүй шүү дээ.

-Номонд үгийн тайлбар байх ёстой юу?

-Хүнд үгийн тайлбар байх ёстой. Хэрэв хүнд үгийн тайлбар хэрэггүй гэж үзвэл хүүхдэд өдөр тутамд хэрэглэгддэг хөнгөн үг ашиглах шаардлагатай. Хүнд үг байх ёстой, хүүхдүүд хэрэглэж сурна гэж байгаа бол заавал үгийн тайлбар байх ёстой. Гэтэл нэг, хоёр, дөрөв, тавдугаар ангийн номонд үгийн тайлбар байхгүй. Гуравдугаар ангийн сурах бичгийн цөөхөн хэдэн сэдэвт үгийн тайлбар бий.

-Даалгавар хүнд ажилбартай байна гэж үзэж байгаа гэсэн үү?

-1-5 дугаар ангийн сурах бичигт ялгамж байхгүйгээр эргэцүүлэн бодож ярилцъя, эргэцүүлэн бодож хийе гэсэн хоёр даалгавартай байгаа. Таван жил хүүхэд нэг хэлбэрийн даалгавар хийж суралцахад хүүхдийн чадамж өснө гэдэг эргэлзээтэй. Төсөөлөн бодох даалгавар ажил зарим нүүрэнд бүр хоёр, гурван удаа орсон байна. Бид энэ даалгаврууд хүүхдэд ахдаж байна гэж үзэж байгаа. Бага насны хүүхэд тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан байгаа ч насанд хүрсэн хүний сэтгэхүйд хүртэл сэтгэж бодож чадахгүй. Жишээлбэл, өөрийгөө гомдоосон найзынхаа сэтгэлийг зурна уу гэж байгаа юм. Том хүн ч хүний сэтгэлийг гаргаж зурах боломжгүй шүү дээ. Насанд нь тохироогүй даалгавар, дасгал олон бий. Бид даалгавар дээр анализ хийхэд эргэцүүлэн бодож ярилцах хэлбэрийн даалгавар 70-аас дээш хувь эзэлж байгаа. Нэгдүгээр ангид 74.7 хувь, хоёрдугаар ангид 73.7 хувь, гуравдугаар ангид 74 хувь, дөрөвдүгээр ангид 74.3 хувь, тавдугаар ангид 74.3 хувь байгаа. Гэтэл эргэцүүлэн бодож хий гэх бичих хэлбэрийн даалгавар нэгдүгээр ангид 9.7 хувь, бусад ангид 20 гаруй хувийг эзэлж байгаа. Хүүхдийн бүтээлчээр хийх даалгавар буюу холбох хэлбэрийн даалгавар дөрөвдүгээр ангид ганцхан байгаа. Зурах хэлбэрийн даалгавар нэгдүгээр ангид хоёр, хоёрдугаар ангид нэг, бусад ангид байхгүй. Хүний сэтгэлийг зурах даалгавар нэгдүгээр ангид бий. Будах даалгавар нэгдүгээр ангид гурав бусад ангид байхгүй. Наах хэлбэрийн даалгавар нэгдүгээр ангид хоёр, хоёрдугаар ангид хоёр, бусад ангид байхгүй. Бие дааж хийх даалгавар нэгдүгээр ангид гурав, гуравдугаар ангид нэг байгаа. Эцэг, эхтэйгээ хамтарч хийх даалгавар нэгдүгээр ангид хоёр, хоёрдугаар ангид нэг байна. Өөрийгөө үнэлэх, хувь хүний чадвараа гаргах даалгавар бараг байхгүй. Ярилцах даалгавраас илүү хүүхдийн бүтээлч хандлагыг ихэсгэх даалгавар хийвэл хүүхдийн чадвар чадамж, бие хүн болж төлөвшихөд илүү нөлөөлнө шүү дээ.

-“Иргэний боловсрол” хичээл ерөнхий боловсролын сургуульд заавал орох ёстой юу?

-Аль ч орны судалгаагаар иргэний боловсролын хичээл заавал орох ёстой гэдэг. Гадаадын орнууд дунд сургуульдаа мэргэжлийн хичээлээс илүү иргэний боловсролын хичээлийг голлож заадаг. Амьдрал дээр гарахад энэ хичээлээр дамжуулж өөрийгөө таньсан байх нь чухал. Хүүхэд дунд сургуулиа төгсөхдөө шийдвэр гаргаж, асуудлыг даваад гарах чадвартай болсон байх ёстой.

-Танай байгууллагаас шүүхэд ямар нэхэмжлэл гаргасан бэ. Шүүхээс ямар шийдвэр гаргав?

-2016 оны гуравдугаар сарын 2-ны өдөр “Боловсролын давалгаа” байгууллагаас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн (ёс суртахууны унших эх) “Иргэний боловсрол” нэртэй сурах бичгүүдийг хэрэглээнээс хасаж, хөтөлбөр, стандартад нийцсэн, орчин үеийн сурахуйн онол практикийн дагуу хүүхдийн нас, сонирхолд тохирсон байдлаар дахин зохиож хэрэглээнд нэвтрүүлэхийг шаардаж нэхэмжлэл гаргасан. Шүүх хурал аравдугаар сарын 4-ний өдөр хуралдаж 1-5 дугаар ангийн “Иргэний боловсрол”-ын сурах бичгийг шинэчлэн зохиох тухай шийдвэрийг гаргаж, хөтөлбөрийг хэвээр нь үлдээхээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн албан бичиг 14 хоногийн дараа манай байгууллага болоод БСШУЯ-нд очих байх. Түүнээс хойших дараагийн арга хэмжээг БСШУЯ гаргах ёстой.

-Нөгөө талаас ямар нэг тайлбар хийсэн үү?

-С.Батсүх багш өмнө нь “Монголд хүүхдийн зохиол хомс байдаг. Бид олон зохиолоос шигшиж сурах бичгийн зохиолуудаа гаргасан. Энэ нь хүүхдийн зохиол дутмаг байгаатай холбоотой” гэж тайлбарлаж байна лээ. Гэтэл зохиолуудыг авсан эх сурвалж байхгүй. Нэгдүгээр ангийн сурах бичигт огт эх сурвалж байхгүй. Хоёрдугаар ангид 10.7 хувь буюу 2-3 сэдэв дээр эх сурвалж бий. Гуравдугаар ангид 30-40 хувь, дөрөвдүгээр ангид 50 хувь, тавдугаар ангид 30 орчим хувьд их сурвалжтай байгаа юм. Ерөнхийдөө заавал зохиолоор хүүхдэд мэдлэг өгөх албагүй. Хөтөлбөрт сургалтыг дэмжих үйл ажиллагаа гээд хичээлээс гадуурх ажил, амьдрах ахуйд суралцах ажил, иргэний боловсрол гэх журмаар явдаг. Сурах бичиг зохиох ажлыг БСШУЯ хариуцаж шинэ гаргасан номоо ямар нэгэн хөндлөнгийн шалгуургүйгээр гаргадгаас болж ийм байдалд хүрч байгаа. Бид сурах бичиг яагаад заавал алдаатай гарах ёстой гэж гэдэг асуудлыг л хөндөөд байгаа юм. Хүүхдийн өдөр тутам хэрэглэдэг сурах бичиг алдаатай байх ёсгүй.

-БСШУЯ-наас сурах бичиг хийхээр танай байгууллагатай хамтарч ажиллая гэвэл зөвшөөрөх үү?

-Мэдээж бид дуртай хүлээж авна. “Иргэний боловсрол” хичээл бусад оронд ямар байх талаар судалчихсан байгаа учраас хамтарч ажиллахад татгалзах юм байхгүй.

-“Иргэний боловсрол” хичээлийн дунд, ахлах ангийн сурах бичигт судалгаа хийсэн үү?

-Дунд, ахлах ангийн судалгааг хийж амжаагүй байна. Хальтхан сөхөж харахад зарим нэг засах зүйл харагдаж байсан.

С.Ариунжаргал

Categories
мэдээ цаг-үе

Дөчин таван жилийн дараа уулзсан нэг ангийнхан

НЭГ
АНГИЙНХАН

Ховд аймгийн төвийн нэгдүгээр арван жилийн сургуулийг 1971 онд төгссөн 10б ангийнхныг энэ удаагийн “Нэг анги” буландаа урилаа. 10б ангийнхан соёлч нөхөрлөлийн хамт олон, спорт биеийн тамирын тэргүүний бүлэг болж байжээ. Ангийн багш Л.Бямбацэрэн өдгөө 75 настай. Тэрээр 10б ангийнхныг тавдугаар ангиас нь дааж авч байжээ. Харин аравдугаар ангийг 33 сурагч дүүргэсэн байна. Тус ангийн сурагч П.Бөхчулуун Ховд аймгийн Булган сумын харьяат. Аравдугаар ангиа төгсөөд ОХУ-д Москвагийн цэргийн хилийн дээд сургууль төгссөн бөгөөд Хил хамгаалах байгууллагад ажилладаг байна. Тэрээр спортод сонирхолтой, анги хамт олноо төдийгүй сургуулийнхаа нэрийг гаргадаг авьяаслаг нэгэн байж. Тухайлбал, сурагч байхдаа аймаг болон сургуулийн тэшүүрийн спортын аварга, аймгийн аварга болж байсан удаатай. Басхүү урлагийн мэдрэмжтэй. Бүх ард түмний урлагийн үзлэгээр баян хөгжмийн чуулгад тоглож, Кармень дуурьд хүртэл тоглож алтан медаль энгэртээ зүүгээд авч. Харин гэр бүлийн тухайд гэвэл гурван хүүтэй, гэргий нь эмч. Гурван хүү нь өдгөө бүгд гэр бүл зохиож тусдаа гарчээ.

П.Бөхчулуун “Би Дорноговь аймагт ажилладаг. Хилийн ажиллагаанд явчихдаг учраас ангийнхантайгаа уулзах нь ховор. Гэхдээ манай ангийнхан холбоотой байдаг.

Харин энэ удаад урилга ирсэн учраас гурван хоногийн өмнө ажлаа амжуулсан. Хилчин хүн их сонор, мэдрэмжтэй байх ёстой. Эх орноо гэсэн чин сэтгэлтэй байх учиртай. Би энэ ажилдаа дуртай. Манай ангийн нөхөд ч гэсэн яг л над шиг эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, улс эх орондоо хийж бүтээхээ хийчихсэн, өдгөө тэтгэвэрт гарч, үр ач зээ нараа тойруулаад жаргаж суугаа даа” хэмээн хуучлав. Ангийнхныхаа тухай ярихдаа нүд нь сэргэж, догдлох янзтай.

10б ангийнхан дунд сургуулиа төгсөөд өөр өөрсдийн амьдралыг хөөж, олон салаа замаар одоцгоожээ. Нэг хэсэгтээ бие биетэйгээ утсаар ярьдаг байсан бол яваандаа хаана хэн юу хийж байгаа талаар сураг тавина. Арга ч үгүй биз дээ, хүн болгон амьдралаа босгох гэж явсан хойно хэмээн ангийнхан хөөрөлдөнө. Төгсөөд 45 жилийг ардаа үджээ. Хэдэн жил холбоо тасарсан ангийн нөхдөө Х.Рагчаа цуглуулахаар шийдэж ангийн багштайгаа ч утсаар ярьжээ. Тэгээд ангийн охин Н.Лхагва руу гэнэт залгаад “Би ангийн багш Л.Бямбацэрэнтэй холбогдлоо. Ангиараа сайхан уулзалдацгаая” гэсэн юм байна. Ингэж л 45 жилийн дараа Х.Рагчаагийн буянаар ангийн нөхөд цуглажээ. Х.Рагчаа химийн багш мэргэжилтэй, шатар сайн тоглодог аж. Мөн цэргийн алба хаасан нэгэн. Н.Лхагва, Х.Рагчааг ярингуут ангийнхаа нөхдийг дурсаж, аравдугаар ангийн альбомоо гаргаж үзсэн гэнэ. Тэгээд нөхөд рүүгээ ярьж, уулзахаар болж. Битүү нарстай “Төгөл” хэмээх амралтын газар цугласан нь энэ юм. Н.Лхагва “Амьдралынхаа олон жилийн намтрыг хуучлахаар цуглах маш сайхан байсан. Бид тавдугаар ангид орж байхад Улсын багшийн дээд сургуулийн тоо, физикийн ангийг төгссөн Л.Бямбацэрэн хэмээх залуухан багш манай ангийг дааж авч байсан. Эрдэм мэдлэгтэй залуу багш биднийг аравдугаар анги төгсгөсөн” хэмээн багшийнхаа тухай хуучлав. Энэ удаагийн уулзалтад ангийн багш нь ирж шавь нарыгаа баярлуулсан нь том бэлэг байв. Ангийн дарга Р.Уяа орос хэлний багш мэргэжилтэй. Эдийн засагч Б.Норовсамбуу, жолооч Ц.Батчулуун, сувилагч Л.Бямбаа, офицер Н.Даваа, гээд олуулаа цугласан аж. Олон ястан, үндэстний нутаг Ховд аймгийнхан бие биедээ дотно, найрсаг, сайхан сэтгэлтэй, хүнлэг хүмүүс гэгддэг. Тэд хонон өнжин хуучилж, шөнө дунд хүртэл бүжиглэжээ. Ангийн багш Л.Бямбацэрэн “Хар нуур” хэмээх дууг Зангад гуай шиг цээлхэн хоолойгоор дуулж, шавь нарынхаа гайхшралыг төрүүлжээ. Энэ үеэр “Бид яагаад ийм олон жил уулзсангүй вэ” хэмээж бие биеэсээ асууцгааж, харин… гэж зарим нь гайхна. Хажуугаас нэг нь “Ховд аймаг Улаанбаатараас хол шүү дээ” гэж хошигноод авав. Эрдэнэтээс тус ангид багшилж байсан Д.Цэцэгмаа мөн ирсэн байв. Тэрээр таван сайхан хүү төрүүлжээ. 10б-гийн Г.Цэнд-Аюуш Эрдэнэбүрэн суманд амьдардаг бөгөөд мянгат малчин болжээ. Л.Бямбацэрэн багш ангийн хөвгүүдээс Т.Норовжав, Х.Рагчаа хоёрыг ихэд онцолно. Т.Норовжав Эрхүү хотод сургуульд сурч гидро инженер мэргэжил эзэмшсэн хүн. Тэрээр олон жил Хөдөө аж ахуйн яаманд газрын даргын алба хашиж байсан ангидаа төдийгүй улс орондоо нэр хүндтэй нэгэн юм байна. Харин Х.Рагчаа багш Ховд аймгийн Мөст сумын сургуулийн захирлын албыг хашиж байжээ. Тэрээр сумын сургуулийг улсын тэргүүний сургууль болгож чадсан чадварлаг нэгэн гэж ангийнхан нь бахархана. 10б ангийнхан нэгэн том баярт оролцов. Учир нь ангийн охин клиникийн профессор Н.Лхагвын “Их зайсан” шүдний эмнэлгийн 20 жилийн ой тохиосон юм. Мөн Н.Лхагвын дөчин жилийн хөдөлмөрийг төр засаг үнэлж, 2011 онд “Алтан гадас” , 2015 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнаж байжээ.

Шагналын хур буусан, инээд хөөр цалгисан баярт мөчүүдэд ангиараа тойрч сууцгаан, хөгжилтэй яриа дэлгэж байв. Ангийнхаа Н.Лхагвадаа ээлж дараалан баяр хүргэж, урмын үг хэлж, мэндчилгээ дэвшүүлж байв. Ангийн багш шавь нартайгаа гарч, Н.Лхагвадаа сургаал хайрлаж, урмын үг хэлсэн юм. Ингээд хилчин П.Бөхчулуун хөгжимдөж, харин “Миний Улаанбаатар” дууг ангийн багш гоцолж

“Эрх чөлөөгөө тунхаглаад

Эх орноо мандуулсан

Эгэл Монгол түмний минь

Энгэрийн алтан од

Мишээсэн дагина шиг

Миний Улаанбаатар

Зүг зүгийн хүний

Зүрхэнд нь гэрэлтэнэ…” хэмээн ангиараа дууллаа. Н.Лхагва АУДС-д суралцаж, хүний их эмч болсон. 40 жил хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд тасралтгүй ажиллажээ. Сүүлийн 20 жилд “Их зайсан” гэх хувийн эмнэлэг байгуулж, олон хүний шүдийг эрүүл болгосон аж. Тэрээр “Би Ховд аймгийнхаа улиасыг одоо хэр санадаг. Тэр саглагар улиас миний амьдрал, хайр дурлал, залуу настай холбогдож байдаг. “Их зайсан” гэдэг нь миний нутгийн “Цэцэг” сумын уул. Энэхүү хөх ууланд миний эцэг Ням төрсөн. Би ааваараа бахархдаг учраас энэ нэрийг өгсөн. Намайг эмч болох замыг аав маань зааж өгсөн юм” гэж ярилаа. Ангийн багш “Математикийн багш хатуу хүн шүү дээ. Би шавь нартаа математикийн хичээлийг хүн болгон сурч эзэмшдэг юм биш. Хүн бүр төгс сурч, сэтгэнэ гэж байхгүй. Хамгийн гол нь энгийн сайхан амьдралд суралцах л чухал гэдэг байсан. Хүн хорвоо дээр амьдарч л байгаа бол сэтгэл ариун байх ёстой. Сэтгэлдээ ямар нэг сөрөг зүйл бодохгүй бол насан туршдаа өвчин зовлонгүй байж, саад бэрхшээлийг даван туулж чадна. Би энэхүү эрхэм чанарыг эрхэмлэж, дээдэлж явдаг” гэв. Тэрээр Ховд аймгийн Чандмань сумын уугуул аж. Л.Бямбацэрэн багш яруу найраг сонирхдог бөгөөд арав гаруй ном бичжээ. Хамгийн сүүлд “Сэтгэл итгэл” гэдэг ном гаргасан байна. Энэхүү номыг нь шавь Н.Лхагва нь ивээн тэтгэжээ.

10б ангийнхан нэгэн хөгжилтэй түүх дэлгэв. Ангид нь Нохойжав гэдэг нэртэй хоёр хүүхэд байжээ. Харин одоо өнөөх хүмүүс нэрээ Б.Норовсамбуу, Т.Норовжав болгосон байна. Учир нь Т.Норовжав аравдугаар ангиа төгсөөд гадаад руу сургуульд суралцахаар болж л дээ. Гэтэл нь ихэд эв хавгүй төдийгүй хүмүүс гайхдаг байсан гэнэ. Хүүхдүүд ч их ёжилдог байж. Тэгэхээр нь л нэрээ Норовжав болгосон юм байна. Тус ангийнхан дунд сургуульд байхдаа л урлаг соёл, спортод авьяастй, сургуулийнхныгаа цэнгээж, баясгадаг байжээ.

Б.Уранчимэг

Categories
мэдээ цаг-үе

Викториагийн их сургуулийн оны шилдэг диссертацийн шагналыг авсан анхны монгол сэхээтэн

Монголын ирээдүй болсон оюутан залууст мэдлэгийн сангаасаа түгээж буй МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Вандангомбын Данаасүрэнг энэ удаагийнхаа “Өдрийн зочин” буланд онцолж байна.

Тэрээр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт 1978 оны аравдугаар сарын 20-нд төржээ. Баянгол дүүргийн 38 дугаар дунд сургуулийн хятад хэлний ангийг онц дүнтэй дүүргэсэн байна. Багадаа багш болох мөрөөдөлтэй байсан тэрээр 2000 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Санхүүч-эдийн засагч мэргэжлээр амжилттай төгсжээ.

Түүний мөрөөдөл биелж 2003 онд МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимд санхүүгийн чиглэлийн найман хичээл зааж эхэлжээ. “Бичил санхүү” хичээлийг ч 2005 онд боловсруулж, их дээд сургуулийн хэмжээнд анх удаа магистрийн оюутнуудад зааж эхэлсэн байна. Мөн 2012 оноос Японы Акитагийн Олон улсын харилцааны их сургуулийн багш проффессор Макото Сунагаватай хамтран магистр, докторын түвшинд “Хөгжлийн санхүү” хичээлийг дөрөв дэх жилдээ зааж жишиг сургалт болгож чадсан байна. Дангаасүрэн нь 2500 гаруй бакалавр, магистр, докторын зэрэгтэй оюутнууд төгсгөсөн гэнэ. Тэрээр эрдэм мэдлэг, ухаарал хайрлаж байдаг энэ мэргэжлээрээ үргэлж бахархдаг гэдгээ ярьсан юм.

В.Данаасүрэн нь багшлах хугацаандаа Шинэ Зеланд улсын Веллингтон хотын Викториагийн Их сургуульд докторын зэрэг хамгаалсан байна. Тус сургуульд “Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд байгаль орчны шийдвэр гаргалт дахь иргэдийн оролцоог сайжруулах нь” сэдвээр докторын зэрэг хамгаалж, сургуулийнхаа оны шилдэг диссертацийн шагналыг авсан анхны монгол сэхээтэн болжээ. Тэрээр эх орны хөгжил цэцэглэлт залуучууд бидний нуруун дээр байдаг хэмээн үздэг учраас ямар ч зүйлд хариуцлагатай, бүтээлч байхыг хүсдэг гэнэ.

Англи, хятад хэлтэй түүний хувьд 2010 оноос хойш докторын удирдагчтайгаа хамтран олон улсын сурах бичгийн нэг бүлгийг бичиж Их Британи улсад хэвлүүлжээ. Эдийн засгийн хөгжлийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Жайка зэрэг байгууллагууд болон МУИС-ийн 10 гаруй судалгаа, төслийн ажилд дотоодын зөвлөх, судлаач, санхүүгийн шинжээчээр ажиллаж иржээ. Мөн Япон болон Зүүн Азийн менежмэнтийн олон улсын холбооны “Selected Paper Series” онлайн сэтгүүл, олон улсын монголч эрдэмтдийн XI их хурлын эмхэтгэлд “Монгол Улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн хөгжил, тогтвортой хөгжил, сэргээгдэх эрчим хүчний санхүүжилт” зэрэг сэдвээр англи хэл дээр дөрвөн өгүүлэл нийтлүүлсэн байна.

Түүний хичээл зүтгэл, хөдөлмөр нь талаар бололгүй үргэлж үр дүнгээ өгч байдагт баяртай байдаг тухайгаа ярьсан. Түүний амжилтынх нь үндэс нь зорилготой байж, түүндээ хэрхэн хүрэхээ төлөвлөн тууштай хичээсэнд байдаг аж.

Тэрээр МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн “Оны идэвхтэн залуу багш”, “Шилдэг залуу багш”, Хүндэт жуух, Шинэ Зеландын Викториагийн их сургуулийн захирлын нэрэмжит “Оны шилдэг диссертаци”, Монголын залуучуудын холбооны “Шилдэг залуу алтан медаль”-иар тус тус шагнагдаж байжээ. В.Дангаасүрэнг үргэлж эрч хүчтэй, ихийг хийх урам зоригтой байхад нь аав, ээж хоёр нь хамгийн чухал нөлөө үзүүлдэг гэнэ. “Эзэн хичээвэл, заяа хичээдэг юм. Миний охин чадна” гэж ээж, аав нь үргэлж урам өгдөг байна.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ нийгэм

Бүх аймаг хатуу хучилттай авто замаар холбогдоно

Авто замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг Өндөрдовын жуулчны баазтай холбох 3.8 км, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замыг Өндөрдовын жуулчны баазтай холбох 5.1 км, Налайх-Тэрэлж чиглэлийн 30.2 км нийт 39.1 км хатуу хучилттай авто замыг тус тус ашиглалтад хүлээн аваад байна.

Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын үлдэгдэл 58 км, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км авто замаас 120 км, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замаас 77.8 км-ыг тус тус хэсэгчлэн, мөн Элсэн тасархай-Хархорины Орхоны гүүр чиглэлийн 77 км, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9.8 км нийт342.6 км хатуу хучилттай авто зам болон Хэнтий аймгийн Баянмөнх сумын Хэрлэн голын 217.2 урт метр төмөр бетон гүүрийг тус тус ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

БНХАУ-ын Засгийн газрын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Завхан аймгийн төвийг нийслэлтэй холбох замын хэсэг болох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км, Говь-Алтай аймгийн төвийг нийслэлтэй холбох замын хэсэг болох Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто замын барилгын бэлтгэл ажлыг хангаж, зам барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ.

Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны замын барилгын ажлыг эхлүүлж ажлын явц 30.0 орчим хувьтай байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд сонгуулийн ирц 50.4 хувьтай байна

Нийслэлийн Сонгуулийн хорооноос Сум, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчийн нэмэлт санал хураалтын ирцийн талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн хувьд 12.00 цагийн байдлаар 21017 иргэн саналаа өгчээ. Ингэснээр сонгуулийн ирц 50.4 хувьтай байна.

Дүүргүүдийн хувьд

Багануур 52.8 хувь

Баянгол 51.6 хувь

Баянзүрх 49.7 хувь

Сонгинохайрхан 48.5 хувь

Сүхбаатар 51.7 хувь

Хан-Уул 52.4 хувь

Чингэлтэй 47.7 хувь

Багахангай 71.2 хувь

Налайх 61.1 хувьтай байна.

Categories
мэдээ нийгэм

Завхан аймгийн 13 сумын 1608 толгой малыг вакцинд хамрууллаа

Баруун 5 аймгаас бог малын мялзан өвчин гараагүй ганц аймаг бол Завхан аймаг юм. Тэгвэл тус аймгийн баруун чиглэлийн 13 сумын 1608 толгой малыг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулахаар болж одоогоор вакцинжуулалт 87 хувьтай байна.

Энэ сарын 13-наас эхэлсэн бог малыг вакцинжуулах ажилд аймгийн хэмжээнд 270 гаруй хүн шуурхай ажиллаж байна. Зарим сумдад малын эмчийн дутагдалтай байсан хэдий ч аймгийн мал эмнэлгийн лабораторийн эмч нараар нэмэлт хүч гарган ажиллуулж байгаа юм байна. Мялзан өвчин нь бусад өвчинтэй андуурагдахаар олон төрлийн шинж тэмдэг илэрдэг. Тухайлбал мал 40-өөс дээш хэм хүрч халуурах, гүйлгэх, ноомой болох, нус шүлс нулимс нь гоожих зэрэг шинж тэмдэг илэрдэг тул дээрх шинж тэмдгүүдээс илэрвэл яаралтай багийнхаа малын эмчид хандах хэрэгтэйг хэлж байна.