Categories
гадаад мэдээ

Эверестэд гарсан хамгийн анхны эмэгтэй уулчин Табей 77 насандаа өөд болжээ

Дэлхийн хамгийн өндөр уул болох Эверестийн оргилд гарсан хамгийн анхны эмэгтэй Японы уулчин Жанко Табей 77 насандаа өөд боллоо гэж түүний гэр бүлийнхэн нь мэдээлжээ.

Тэрээр 1975 оны таван сард 35 настай байхдаа Эверестэд гарчээ. Түүний дараа дэлхийн хамгийн өндөр долоон оргилд 1992 онд гарч байсан байна. Табей дөрвөн жилийн өмнөөс хэвлийн хорт хавдар өвчинд нэрвэгдэж Сайтама хотын эмнэлэгт хэвтэж байхдаа нас баржээ.

Түүний хамгийн сүүлийн авиралт нь 2011 онд Японд газар хөдөлж цунами болоход дунд сургуулийн хүүхдүүдтэй долоон сард хийсэн Фүжи уулын аялал байлаа. Түүний төрсөн нутаг нь Фукушима гэнэ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн гурван дүүрэгт АН ялжээ

Нийслэлийн сонгуулийн хорооноос сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн нэмэлт санал хураалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Нэмэлт санал хураалтаар сонгогчдын ирц Багануур 53,4, Баянгол 54.8, Баянзүрх 58.1, Сонгинохайрхан 54.1, Сүхбаатар 54.4, Хан-Уул 56.8, Чингэлтэй 56.6 хувьд хүрсэн болохыг онцолсон юм. Өмнө нь Багахангай, Налайх дүүргүүдэд сонгогчдын ирц бүрдсэнээр Нийслэлийн хэмжээнд сонгогчдын ирц 56 хувьд хүрсэн байна. Нийслэлийн хэмжээнд нийт 152 тойрогт сонгуулийн санал хураах үйл ажиллагаа зохион байгуулагджээ. Саналын тоогоор дүүргүүдэд улс төрийн намууд дараах байдлаар ялалт байгуулсан байна. Мандатын тухайд Баянгол, Сонгинохайрхан 41, Баянзүрх 31, Чингэлтэй, Хан-Уул 35, Багахангай 17, Налайх 5, Багануур 25 төлөөлөгч сонгогдохоор хувиарлалт хийгдсэн.

Ерөнхий дүнгээрээ нийслэлд Ардчилсан нам Баянгол, Баян-Зүрх, Сүхбаатар дүүрэгт ялалт байгуулсан бол Монгол ардын нам бусад зургаан дүүрэгт ялалт байгуулсан байна.

Тухайлбал,Баянгол дүүргийн нийт 41 суудлаас АН-31 суудал, МАН-10 суудал авсан бол, Баянзүрх дүүргийн нийт 41 суудлаас АН-22, МАН-19, Сүхбаатар дүүргийн нийт 35 суудлаас АН-19, МАН-16 суудал авчээ.

Харин Сонгинохайрхан дүүргийн нийт 41 суудлаас АН-2, МАН-39. Хан-Уул дүүргийн нийт 35 суудлаас АН-15, МАН-18 суудал, Чингэлтэй дүүргийн нийт 35 суудлаас АН-6, МАН-29 суудал, Багануур дүүргийн нийт 25 суудлаас АН-0, МАН-25 суудал, Багахангай дүүргийн нийт 17 суудлаас АН-0, МАН-17 суудал, Налайх дүүргийн нийт 25 суудлаас АН-4, МАН-21 суудал авсан ажээ.

Categories
гадаад мэдээ

Калифорнид жуулчны автобус осолдож 13 хүн нас баржээ

Өмнөд Калифорнид жуулчид тээвэрлэж явсан автобус том оврын ачааны машины араас орсноос болж 13 хүн нас барж 30 гаран хүн шархадсан гэж ВВС мэдээллээ.

Зорчигчдын ихэнх нь Латин Амеркийн хүмүүс байжээ. Энэхүү осол Палм Спрингс амралтын суурингийн ойролцоо болсон байна. Аврагчид шат ашиглан автобусанд орж хүмүүсийг гаргажээ. Шархадсан хүмүүсийн тавынх нь биеийн байдал хүнд байгаа аж.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Оюу толгой 2,5 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэжээ

Оюу толгой компанийн экспортолсон зэсийн баяжмалын хэмжээ 2.5 сая тоннд хүрчээ. Тус компанийнхан зардлаа бууруулж, бүтээмжээ нэмэгдүүлэхэд анхаарч буй аж. Оюу толгой компанийн үйл ажиллагаандаа анхаарах гол зүйл нь аюулгүй ажиллагаа учраас уурхайн удирдлагууд аюул ослыг багасгахыг зорин ажиллаж байгаа гэнэ. Иймээс ч тус компани аюулгүй ажиллагааны үзүүлэлтээ өндөр хэвээр хадгалж байгаа аж. Тодруулбал, өнгөрсөн 1-9 дүгээр сарын хугацаанд ажилласан 200.000 цагт ногдох гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт нь 0.15 байжээ.

Categories
мэдээ нийгэм

ЕБС-ын сурагчид англиар хуралдаж байна

Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагад гишүүнээр элссэний 55 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам “Улаанбаатар Загвар Үндэстний Байгууллага” Төрийн бус байгууллагтай хамтран нийслэлийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Model UN” жишиг бага хурлыг аравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Гурван өдөр үргэлжилж буй тус бага хурал болон салбар хуралдаанууд англи хэл дээр болж байгаа аж. Уг арга хэмжээнд нийслэлийн Ерөнхий боловсролын 30 сургуулийн 180 орчим сурагч оролцож байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний зөвлөл”-ийг шинэчлэн байгууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдтэй хийдэг ээлжит уулзалтынхаа дагуу энэ сарын эхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авч уулзсан. Уулзалтаар нийслэлийн Засаг даргын дэргэд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл” байгуулж, тэдний боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэхийг хотын даргаас хүссэн юм. Энэ хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Нийслэлийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний зөвлөл”-ийг шинэчлэн байгуулах тухай захирамж гаргалаа. Нийслэлийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний зөвлөл”-ийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч даргалах бол дэд даргаар Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр ажиллах юм. Зөвлөлийн бүрэлдэхүүнд нийслэлийн зарим агентлаг, харьяа газрын дарга нар багтаж байгаагаас гадна Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга, “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо” “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”, “Монгол улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбоо”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо” “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо” “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо”, “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр” зэрэг төрийн бус байгууллагын тэргүүн, захирлууд ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурчээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболдын танилцуулснаар 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 сарын 17-ны өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 12 575 мэдээ, мэдээлэл хүлээн авчээ. Энэ нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 906 нэгж буюу -6.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Мөн 2009 гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь 231 нэгж буюу -10.3 хувиар буурсан байна. Гарсан гэмт хэргийг дүүргээр нь авч үзвэл:
Баянгол дүүрэг – 479 Баянзүрх дүүрэг – 487
Сонгинохайрхан дүүрэг – 320 Сүхбаатар дүүрэг – 267
Хан-Уул дүүрэг – 138 Чингэлтэй дүүрэг -255
Налайх дүүрэг – 34, Багануур дүүрэгт – 19,
Багахангай дүүрэгт – 10
Хулгай, танхай зэрэг дийлэнх гэмт хэргийн гаралт буурсан эерэг үзүүлэлттэй байна. Мөн дүүргийн ИТХ-ын сонгуулийн үед иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын болон Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын тушаалын хүрээнд 2016 оны 10 дугаар сарын 18-ны 09:00 цагаас 2016 оны 10 дугаар сарын 20-ны 18:00 цагийн хооронд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн албаны бэлэн байдлыг ханган ажиллажээ.

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас өнгөрсөн 14 хоногийн мэдээллийг танилцууллаа. 2016 оны 10 дугаар сарын 06-оос 2016 оны 10 дүгээр сарын 19-ны өдрүүдэд Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 4154 дуудлага, мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 126 осол, зөрчлийн шинжтэй 1726 дуудлага хүлээн авч, хойшлуулшгүй ажиллагаа явуулан 126 хэрэг, 56 ослыг шалгаж байна. Зам тээврийн хэргийн улмаас 2 хүний амь нас хохирчээ.

Харин НОБГ-аас өгсөн мэдээллээр нийслэлийн хэмжээнд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 80 удаагийн дуудлага ирсэнээс обьектын гал түймрийн 72 дуудлага, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 8 удаагийн дуудлагатай байлаа. Дээрх дуудлагыг өнгөрсөн 14 хоногтой харьцуулахад нийт аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын тоо -50,3 хувиар, объектын гал түймрийн тоо -50 хувиар тус тус буурчээ. Онцгой байдлын алба хаагчид обьектын гал түймэр, ахуйн болон техникийн холбогдолтой ослоос 14 хүний амь насыг аварч, 2 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.

НМХГ-аас өнгөрсөн хугацаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг 578 аж ахуйн нэгжид хийхэд 508 зөрчил илэрсэн байна. Үүнээс 239 зөрчлийг арилгуулж, 139 албан шаардлага, акт, дүгнэлт хүргүүлжээ. Сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2016 оны 10-р сарын 19, 20-ны өдрүүдэд нийслэлийн 9 дүүрэг, 152 хороонд архи согтууруулах ундаа худалдаалдаг түүгээр үйлчилдэг 2684 аж ахуйн нэгж, иргэний хүнсний худалдааны 2130, хоол үйлдвэрлэлийн 496 объектод НМХГ-ын 475 улсын байцаагч хяналт тавин ажилласан байна. Шалгалтаар нийт 7 зөрчил илрүүлж 1 аж ахуйн нэгж, 2 иргэнд нийт 240 000 төгрөгийн торгууль ногдуулж, 102 мянган төгрөгийн үнэлгээтэй 51 шил архийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн анхны суурийг тавьсан газарт хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 377 жилийн ой энэ сарын 29-нд тохионо. Ойг угтаж нийслэлийн анхны суурь тавьсан газар Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3-р багийн нутаг Их Монгол уулын бэл, Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд нийслэлийн үе үеийн удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу УИХ-ын дарга М.Энхболд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаны хүмүүс хүндэтгэл үзүүллээ.

Нийслэлийн түүхт ойн өдрүүдийг тохиолдуулан 17 дахь жилдээ болж буй ёслолын үеэр Өндөр гэгээн Занабазарын дүрийг залж, Зүүн хүрээ Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав тэргүүтэй лам, хуврагууд ном айлдаж, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид ая дууны цэнхэр хадаг өргөв.

1639 онд анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарыг 5 настайд нь Ширээт цагаан нуурын хөвөөнд даахийг нь үргээж, Шар бүсийн ордон байгуулсан нь эдүгээгийн нийслэлийн эхлэл байсан гэж үздэг. Занабазар гэгээнтний даахийг Их Монгол уулын бэлд цацсан бөгөөд тэр нь арц болон ургасан түүхтэй хэмээн ярьсаар ирсэн гэдгийг УИХ-ын дарга М.Энхболд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний үеэр онцлов. Тэрбээр, “Соёлт хүмүүний эрхэмлэх ёстой хамгийн чухал зүйл бол дээд үеийнхээ түүх, дурсгалыг мөнхжүүлж, хүндэтгэл үзүүлэх юм.

Миний бие хотын даргаар ажиллаж байх үед нийслэлийн 360 жилийн ой тохиож, нийслэлийн анх үүссэн газар энэхүү дурсгалын хөшөөг босгосон. Улаанбаатар хот түүхэндээ 28 удаа нүүж, 16 газарт бууриа засч байсан. Бид нүүсэн, буусан газар бүрт Хангарди бүхий гэрэлт хөшөө босгохыг зорьж байгаа” хэмээв.
НИТХ-ын дарга Ц.Сандуй, “1639 онд байгуулагдсан Шар бүсийн ордон Монгол гэрийн хэв шинжийг шингээсэн өргөө, дугана тэргүүтнээс бүрдэж байсныг түүхчид судлан тогтоосон. Энэхүү газарт сууриа тавьсан нийслэл маань бууриа сэлгэн нүүсээр эдүгээ дөрвөн хайрханы дунд хөгжин дэвжиж, дэлхийн “Саятан хот”-ын эгнээнд багтсан нь бахдам амжилт юм. Тиймээс эх хотын өлгий нутагт хүндэтгэл үзүүлэх нь зүй ёсны үйлдэл юм” гэлээ.

Нийслэлийн бууриа сэлгэсэн нутаг бүрт гэрэлт хөшөө босгох ажил дуусах шатандаа орсон бөгөөд одоо хоёр газар үлдсэн гэдгийг нийслэлийн Засаг дарга С.Баболд танилцуулав. Тэрбээр, “Нийслэлийн Хангарди бүхий гэрэлт хөшөө босгоогүй үлдсэн хоёр газрын нэг буурь нь ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт байдаг.

Тиймээс бид Гэрэлт хөшөө босгох талаар БНХАУ-ын Засгийн газар, ӨМӨЗО-ы удирдлагуудтай уулзаж, ярилцах болно. Харин хоёр дахь газар нь Хэнтий аймгийн Сарьдагийн хийд. Тэнд удахгүй Гэрэлт хөшөө босгоно. НИТХ-ын сонгуулиар томилогдсон нийслэлийн шинэ удирдлагууд өмнөх Засаг дарга нарын эхлүүлсэн сайн ажлыг үргэлжлүүлэхээс гадна Улаанбаатарын түүхийг судалж, олон түмэнд хүргэх нь туйлын чухал юм” гэв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөнд оролцож явсан автобус шатжээ

Өнөөдөр өглөө 09:00 цагийн үед автобус шатсан хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн авто үйлчилгээний “Драгон” төвийн урд зам дээр “Тэнүүн-Огоо” ХХК-ийн автобус замын хөдөлгөөнд оролцож байхдаа шатсан банйа.Автобусны ар, моторын хэсэг шатсан ба зорчигчид галд өртөөгүй гэнэ.

Галын дуудлага 09:08 цагт Онцгой байдлын ерөнхий газрын гал унтраах шуурхай албанд ирсэн бөгөөд 26 дугаар анги шуурхай ажиллаж галыг унтраасан байна.

Гэрчийн мэдүүлснээр тус автобус “Тэнүүн-Огоо” ХХК-ийн Орбит чиглэлийн 47 номерын автобус байсан ба галын утаа зорчигчдын хэсэг рүү орж цонхонд тортог тогтсон байжээ. Одоогоор галын шалтгааныг тодруулаагүй байна.

Categories
мэдээ спорт

Б.Буяндэлгэр Их дуулгаас хүрэл медаль хүртлээ

Жиү-жицүгийн Их дуулга тэмцээн Токио хотод болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон “Гаруда” клубийн тамирчин Б.Буяндэлгэр хүрэл медаль хүртсэн байна.

Тэрээр хэдхэн хоногийн өмнө болсон Азийн элсний наадамд түрүүлж, хошой аварга болсон юм.