Categories
мэдээ нийгэм

Монгол эрдэмтэд нүүрснээс түлш гаргаж авна

Нүүрс нь газрын гүнд, хүчилтөрөгчгүй орчинд хуримтлагдсан эрт галавын модлог ургамлын үлдэгдлээс үүссэн бөгөөд хүн төрөлхтөн дээр үеэс ашигласан түлш юм. Нүүрсний хэрэглээ нь үйлдвэржилтийн хөгжилд хувьсгал авчирсан ба нүүрсний аж үйлдвэрийн салбарын хөгжил, орчин үеийн технологиор хангах боломжид түлхэц үзүүлсэн. Нүүрсийг гүнзгий боловсруулж шингэн түлш болон бусад төрлийн бүтээгдэхүүн гарган авах нь эдийн засгийн чухал ач холбогдолтой.

Нүүрсийг гүнзгий боловсруулах шаардлага Монгол Улсын өнөөдрийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа боловч, хамгийн том орд Таван толгойгоо ашиглалтад оруулж чадахгүй хоорондоо маргалдсаар, төмөр замаа ч тавьж чадахгүй олон жилийн нүүр үзэж байна.

Тухайлбал, байгаль орчинд халгүй, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан Тори хэмээх цөмийн эрчим хүчний үүсвэрээр ажилладаг 400-500 МВТ цахилгаан станцуудыг Энэтхэг, Бельги улсууд удахгүй ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд энэхүү Тори элементийг ашиглан зохион бүтээж байгаа суудлын автомашины хөдөлгүүр нь найман грамм Торигоор нэг сая километр явах юм. Мөн устөрөгч, магни зэрэг шинэ төрлийн эх үүсвэрүүдийг боловсруулан зохион бүтээгээд хэрэглэгчдэд хүрч байна.

Тухайлбал, нефть, нүүрсэнд тулгуурласан нүүрстөрөгчийн гэгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн шаардлага удахгүй байхгүй болно гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, чулууны нөөц нь дуусчихаад чулуун зэвсгийн үе дуусгавар болсон юм биш гэдэг үгийг санахад хангалттай. Нүүрс, нефтийн нөөц бүрэн дуусаагүй ч байхад нүүрс болоод нефть хэнд ч хэрэггүй болох магадлалтай. Эрдэмтэд энэ хугацааг 20 орчим жилээр тооцоолж байгаа юм.

Нүүрсний гүнзгий боловсруулалтын үр дүнд нүүрсний үнэ хэдэн зуу, мянга дахин өсөх боломжтойг өндөр технологи нано түвшний боловсруулалтаар гарган авсан 6000 градуст ажиллах боломжтой, өндөр чанарын гангаас ч илүү ачаалал даах чадвартай олон нийлмэл материалууд бэлхнээ харуулж байна.

Нүүрсний хийжүүлэлт нь эртнээс тогтоогдсон цахилгаан энерги ба нэрэлтийн дулаан ялгаруулалтаар явагдах процесс юм. Анхны процесс 1789 онд хийгдсэн. Олон жилийн туршилтын үр дүнд хийжүүлэлтийн технологи, тоног төхөөрөмжүүдийг боловсруулжээ.

ХХ зууны дунд үед “Эрчим хүчний бус” гэж нэрлэгдэх нүүрсний хэрэглээний шинэ чиглэл бий болсон. Энэ нь нүүрсний боловсруулалтаар дулааны энергийн эх үүсвэрээр ашиглагдах бусад төлөвийн түлш гарган авах явдал юм. Нүүрсний шингэрүүлэх технологи нь Фишер-Тропшийн байгалийн хийг шингэрүүлэх технологид үндэслэгддэг. Энэхүү процесс нь 1920-иод онд нефтийн нөөц багатай, нүүрсний баялаг нөөцтэй Герман улсад шингэн түлшний үйлдвэрлэлд зориулагдан боловсрогдсон аж. Энэ технологийг Япон, Герман улсууд дэлхийн хоёрдугаар дайны үед шингэн түлшний үйлдвэрлэлд ашиглаж байсан. 1944 онд Герман улсын синтетик түлшний үйлдвэрлэл жилд 124 000 гаруй баррель буюу хоногт 6.5 сая тоннд хүрч байжээ. Фишер-Тропшийн синтез нь нүүрсний чанар муу, орд газрын алслагдмал байдал зэрэг асуудлыг шийдвэрлэх боломжийг олгодгоороо практикийн болон эдийн засгийн өндөр үр нөлөөтэй. Учир нь үйлдвэрийн зураг төсөл, төслийн цар хүрээ, хэрэглээг сонгох боломж олгодог юм. Энэ технологийн өрсөлдөх чадварын гол хүчин зүйл нь хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа, түүхий эдийн зардал багатай байдал ба үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний түргэн хэрэглэх боломж зэрэг юм.

Орчин үеийн Emerg­ing Fuels+LeMar зэрэг шинэ технологи, тоног төхөөрөмж нь овор багатай, өндөр идэвхтэй үйлдвэрлэл явуулах боломжийг бий болгосон.

Нүүрс шингэрүүлэлтийнCTL технологи

CTL технологи нь нүүрснээс шингэн түлш, хийн генераторын аргаар цахилгаан энерги гарган авах боломжийг олгодог. Гарган авсан энергийн ялгаруулалт өндөртэй дизель түлш, бензин нь энгийн нефтийн дизель түлш, бензинтэй харьцуулахад цетаны тоо өндөр байдаг учраас хөдөлгүүрийн үйл ажиллагаа, химийн процессыг дээшлүүлдэг. Энэ төрлийн дизель түлш нь хүхэр, металл болон бусад хорт хавдар үүсгэгч шаталтын хорт бүтээгдэхүүнүүд ялгаруулдаггүй, агаар мандлыг бохирдуулдаггүй.

Нүүрсний шингэрүүлэлтийн технологи, химийн бүтээгдэхүүний бүрдлийг үндсэн гурван хэсэгт хувааж болно.

1. Тексако хийн генератор дахь нүүрний пиролизын синтетик хий

2. Дулааны, уурын ялгаруулалттай Фишер-Тропшийн реакторын тусламжтай синтетик хийн шингэрүүлэлт ба парафинжуулалт.

3. Уурын турбинд уурын ашиглалтаар цахилгаан энерги гарган авах.

Фишер-Тропшийнреакторт шингэнтүлш

гарганавах

Фишер-Тропшийн технологид үндсэн хоёр төрлийн реактор байдаг.

1. Гаднаасаа даралтат уурын хөргөлттэй хоолойд байрласан катализаторын оролцоотой босоо шулуун хэлбэрийн реактор. Томоохон үйлдвэрийн нөхцөлд гинжин цуваа байдлаар байрлуулсан реакторуудыг ашигладаг.

2. Шингэний реактор. Энд урьдчилан халаасан синтетик хий реакторын дороос өгөгдөж, шингэн давирхай ба нунтаг катализаторын шингэн суспензийн дундуур тархдаг. Хийн бөмбөлгүүд шингэний дундуур нэвтрэн гарахдаа Фишер-Тропшийн урвалын нөлөөгөөр өөрчлөгдөж сарнидаг. Уур конденсацилах хөргүүрийн цагаригт дулаан дамжуулагч саармагждаг.

EmergingFuels компани Фишер Тропшийн процессыг ашиглан сонгомол технологи боловсруулан патентжуулсан.Тэд реакторын бүтэц, хөргөлтийн системийг дахин загварчилсан. Ингэснээр хөрөнгө оруулалтын хэмжээ буурч, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлөх болсон.

Нүүрсний шингэрүүлэлтээр гарган авах боломжит химийн бүтээгдэхүүнүүд:

•Олефинууд

•Полиолефинууд комономерууд (хуванцрын түүхий эд);

• Пластификатор, спиртүүд (хуванцрын уян хатан чанар сайжруулагч);

•Цэвэрлэгээний спирт (цэвэрлэгээний хэрэгцээнд хэргэцээнд зориулагдсан);

•Шугаман алкилбензол (угаалгын материалын түүхий эд);

•Алкинил сукценит (цаасны хэмжигч агент);

•Өндөр цэвэршилттэй уусгагч;

•Изопарафинууд;

•Энгийн парафинууд;

• Давирхай (лаа, давирхайт цаас);

•Синтетик тосолгооны материал;

•Синтетик вазелин.

Фишер-Тропшийн процессын дөрөвдөгч эрин гэж нэрлэгдэх шинэ технологийн талаар авч үзье.

INFRA.xtl– Фишер-Тропшийнпроцессындөрөвдөгч эрин

Энэхүү боловсруулагдсан Фишер-Тропшийн процессын дөрөвдөгч эрин нь синтетик түлшний үйлдвэрлэлийг эдийн засгийн үр ашгийн хувьд урьдчилан тааварлаагүй өндөр үр дүнд хүргэсэн. IN­FRA.xtl технологиор ажиллаж байгаа реакторын нэг метр.куб эзэлхүүнд ноогдох хүчин чадал нь цагт 300 кг хүртэл шингэн бүтээгдэхүүн байгаа нь салбарынхаа шилдэг реакторын үзүүлэлтээс бараг гурав дахин өндөр юм. Ийм хүчин чадал нь реакторын размер, хөрөнгө оруулалт ба ашиглалтын зардлыг бууруулах боломжийг олгож байгаа аж. Хамгийн чухал нь Фишер-Тропшийн процессыг энэхүү технологиор оношилсноор зөвхөн нэг төрлийн шингэн түлш үйлдвэрлэх боломж бүрдсэн. Ингэснээр цаашдын нэмэлт боловсруулалтын (гидрокрекинг, чанар сайжруулалт) зардлаас зайлсхийх боломжтой юм. Үүнээс гадна өөр нэг тэмдэглэхүйц давуу тал нь эцсийн бүтээгдэхүүн дэх изопарафинын өндөр агуулга (50 хувь хүртэл) ба энэ нь дээд чанарын моторын түлшний үйлдвэрлэлд чухал үзүүлэлт юм.

Одоогийн байдлаар манай ШУА-ийн технологийн багийн мэргэжилтнүүд аж үйлдвэрийн түвшинд тоног төхөөрөмжийг шилжүүлэх туршилтын үйлдвэрийн төслийг боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд богино хугацаанд өндөр үр дүнд хүрэх зорилгоор хамтран ажиллах сонирхолтой талуудад нээлттэй ажиллаж байна.

Х.Баттөгс

Categories
мэдээ соёл-урлаг

Нобелийн утга зохиолын шагналтан Боб Дилан

Энэ жилийн Нобелийн утга зохиолын шагналыг Америкийн дуучин, яруу найрагч Боб Диланд олгохоор болсон. Түүний жинхэнэ нэрийг Роберт Алан Циммерман гэдэг. Тэрээр зөвхөн дуучин, яруу найрагч төдийгүй зураач, жүжигчин. Түүний зохиосон “Browin’ ih the Wind” , “The Times They Are A-Changin’n” дуунууд нь Америкт иргэний эрх, дайны эсрэг хөдөлгөөний сүлд дуулал болсон юм. 2010 онд “Rolling Stone” сэтгүүлээс явуулсан санал асуулгаар орчин үеийн дуучдаас хөгжмийн салбарт оруулсан хувь нэмрээрээ тэрээр “Битлз” хамтлагийн дараа хоёрдугаарт бичигдсэн. Нобелийн хорооноос түүнд энэ шагналыг олгохоор болсноо “Америкийн агуу хөгжмийн уламжлалд яруу найргийн шинэ хэлбэрийг бий болгосон явдалд” хэмээн тодорхойлжээ. Боб Дилан долоон удаа “Грэмми” шагнал хүртэж, таван дуу нь Рок-н-роллын алдрын танхимд тавигдсан. “Вундеркинд” киноны “Things Have Changed” дууг зохиож “Оскар”, “Алтан бөмбөрцөг” шагналуудыг хүртсэн юм. “Тайм” сэтгүүлээс гаргасан XX зууны хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад түүнийг оруулсан билээ.

Нобелийн зохиолын шагналыг 1901 оноос эхлэн олгож байгаа. Харин дууны шүлэг зохиогчид анх удаагаа хүртээхээр болсон нь энэ. Нобелийн хорооноос гаргасан шийдвэр олон түмний гайхлыг төрүүлэн “ёстой л нүдээ олсон шагнал” хэмээн бичжээ. Уг шагналыг олгох дүрэмд “Уран зохиол төдийгүй хэв маяг, хэлбэрийн хувьд уран зохиолтой дүйцэхүйц үнэ цэнэтэй бүтээлд олгоно” хэмээн бичсэн байдаг. Шүүгчдийн шийдвэр журмын энэ заалтад яг тохирч байгаа юм. Уламжлалт ёсоор шагналын эзэн тодорсны дараа Нобелийн хорооноос утасдаж энэ тухай мэдэгддэг. Шведийн академийн нарийн бичгийн дарга бүхэл оройжингоо Боб Дилан руу залгасан боловч холбогдож чадаагүй гэнэ. Аргаа бараад бие төлөөлөгчтэй нь ярихад түүнийг Лас-Вегас хотноо тоглолт хийхийнхээ өмнө унтаж байгаа гэжээ. Нэрт дуучин маань өнгөрсөн пүрэв гаригт тоглолтоо хийхдээ үзэгч олонд нэр хүндтэй шагнал хүртсэн гэдгээ хэлээгүй.

Боб 1941 онд АНУ-ын Миннесот мужийн Дулуте хотод төрсөн. Эцэг нь бизнес эрхэлдэг байсан гэдэг. Дуучны аав, ээж хоёр нь орон нутгийн еврейчүүдийн байгууллагын идэвхтэй гишүүн байжээ. Эцгийн тал нь Оросоос гаралтай, Одесс хотод амьдарч байгаад 1905 оны үймээний үеэр Америк руу гарсан.

Боб Дилан, Жон Ленон нар

Боб багаасаа хөгжимд дуртай, Хэнк Уильямс, Вуди Гартер нарын дуу маш их таалагддаг мөн блюз хөгжим сонсдог байсан гэнэ. Ялангуяа Вуди Гартер түүнд нэлээд нөлөөлсөн бөгөөд гитар тоглохыг нь хүртэл дуурайдаг байв. Боб өөрийн шүтээн болсон хөгжимчинтэй нэг л удаа уулзсан. Вуди Гартерийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлж байхад нь Боб эргэн очжээ. Гитар хөгжмөөр чадамгай тоглодог тэрээр дунд сургуульд байхдаа ардын дуу дуулдаг хамтлагуудад хөгжимчнөөр ажиллаж орой үдэш баар цэнгээний газруудад тоглолт хийдэг болсон. Тэрээр аман хуур хөгжмөөр ч чадварлаг тоглодог. Миннесотын их сургуульд оюутан болохдоо ч хөгжмөө орхиогүй. Денвер хотод очоод мэргэжлийн хөгжимчин болохоор шийдсэн гэдэг. Ингээд 1961 онд Нью-Йоркт нүүж ирээд удалгүй Гринвич-Виллижид алдаршсан байна. “Bob Dy­lan” хэмээх анхны пянзандаа өөрийн зохиосон хоёр дуугаа оруулсан. Бусад нь сонгодог болон ардын дуунуудыг блюз болгон дуулсан байдаг. Үүний дараахан албан ёсоор нэрээ өөрчилж Боб Дилан болсон.

Анхныхаа цомгийг гаргасны дараа нэг хэсэг улс төрийн сэдэвтэй дуунууд зохиож байжээ. Энэ үеэд “Browin’ ih the Wind” буюу “Агаарт дүүлэгсэд” дуугаа бичиж тэр нь иргэний хөдөлгөөн болон дайныг эсэргүүцэгчдийн сүлд дуу болж алдаршсан. Түүнд

Хүн гэж хэлүүлэхийн тулд

Хичнээн их замыг туулах ёстой вэ?

Эрэг дээр очиж нойрсох гэсэн тагтаа

Хэдэн далайг гатлан нисэх ёстой вэ?

Хичнээн сумаар буудаж байж

Буун дуу гаргахыг мөнхөд хориглох вэ? гэсэн мөрүүд бий. Дашрамд дурдахад энэ дуу хар арьстнуудын эрхийн төлөө тэмцэгчдэд төдийгүй дэлхийн хэмжээний рок одуудад нөлөөлсөн гэдэг. Түүний бүтээл нь “Битлз” хамтлагийн дуунууд шиг уянгалаг биш. Гэхдээ поп хөгжмөөр дамжуулан нийгмийн тулгамдсан асуудлыг хөндөж, олон түмэнд хүргэж болдог гэдгийг харуулсан билээ. “The Freewheelin’ Bob Dylan” нэртэй хоёр дахь пянзанд нь ч улс төрийн байдлыг эсэргүүцсэн дуунууд орсон.

1960-аад оны дундуур Боб Дилан рок хөгжим руу оржээ. Тэр үед мотоцикльтой явж байгаад осолд орсон нь түүний уран бүтээлд нэлээд нөлөөлсөн. Энэ үед шинээр хэд хэдэн цомог гаргаад зогсохгүй кантри-рок хэмээн шинэ урсгалыг бий болгожээ. 1970-аад оны эхэн үед уран бүтээлчийн хувьд хамгийн хүнд үе байсан гэдэг. Энэ нь удаан үргэлжлээгүй, харин ч шинэ санаа төрөхөд чухал үүрэг гүйцэтгэжээ. Үүний дараахан түүний зохиосон “Blood on the Tracks” цомог гарч энэ нь нэг хэсэгтээ хит болоод зогсохгүй хамгийн олон хувиар борлогдсон байна. Үүнд урамшсан уран бүтээлч маань цомогтоо орсон дуунуудаас бүрдсэн аялан тоглолт хийжээ.

Боб Дилан нэг хэсэг дууныхаа сэдвийг өөрчилж шашинтай холбоотой бүтээл туурвисан. 1990-ээд онд 20 дахь цомгоо алдарт Элтон Жон, Жорж Харрисон нартай хамтран гаргасан юм. Үүний дараахан уран бүтээл нь дахин зогсолтын байдалд оржээ. Гэвч тэрээр бууж өгөөгүй. Бобийг Италийн Болонью хотод очиход католик шашны тэргүүн 200 мянган хүнд “Browin’ ih the Wind” дуугаар нь сэдэвлэсэн сургаал айлдсан юм. Тэр жилдээ нэрт дуучныг АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон хүлээн авч “Кеннедигийн төв” шагналыг олгосон. Олон түмэнд нөлөөлсөн бүтээл туурвисныг нь ийнхүү өндрөөр үнэлсэн юм. Үүний дараахан “Time out of Mind” цомгоо гаргасан байна. Түүнийг нь сонссон хүмүүст нэрт уран бүтээлч маань өнгөрсөн бүхэнтэйгээ хагацаж байна хэмээн бодогдуулжээ.

Боб Дилан залуудаа зураач Сьюз Ротоло хэмээх бүсгүйд дурласан байна. Харамсалтай нь бүсгүй түүнтэй амьдрахыг хүсээгүй гэдэг. Үүнд сэтгэлээр маш их унаж энэ талаараа нэлээд хэдэн дуу зохиосон. Боб Дилан нэрт дуучин Жоан Баэзтэй нэг хэсэг холбогдсон. Дараа нь “Playboy” сэтгүүлийн загвар өмсөгч Сара Лоундстэй танилцаж гэр бүл болж дөрвөн хүүхэдтэй болжээ. Гэвч удалгүй салсан. Түүний хоёр дахь эхнэр нь Кэрол Дэннис.

Дуучин маань 1992 оноос хойш ганц бие гэгдэх болсон бөгөөд байнга аялан тоглолтоо хийдэг. Дээр дурдсанчлан Нобелийн шагнал олгосон тухай мэдэгдэхээр утасдахад Лас-Вегаст тоглолтоо хийх гэж байжээ.

Нобелийн шагналтан маань өөрийн гэсэн амьдралын зарчимтай хүн. Тэрээр “Би мэдээ үзэх бүрт хөгжим сонсдоггүй хүмүүс энэ дэлхийг удирддаг юм байна гэдгийг ойлгодог” хэмээн хэлсэн байдаг. Тэрээр өөрийгөө яруу найрагч гэж хэлүүлэх дургүй. Ер нь яруу найрагч гэдэг үг түүнд таалагддаггүй гэнэ.

Ийнхүү анх удаагаа хөгжмийн урлагт өөрийн хувь нэмрээ оруулсан хүн Нобелийн утга зохиолын шагналыг хүртэхээр боллоо. Үүнийг Боб Дилан өөрөө хэрхэн хүлээн авсан талаараа одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа.

Түүний зохиосон “Browin’ ih the Wind” , “The Times They Are A-Changin’n” дуунууд нь Америкт иргэний эрх, дайны эсрэг хөдөлгөөний сүлд дуулал болсон юм.





Categories
мэдээ нийгэм

Б.Лакшми: Тусгай зөвшөөрлийн хуулиа 50 гаруй удаа өөрчилчихсөн ийм үед эдийн засаг томрох тухай ярихад хэцүү

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа.

-Хуулийн сул засаглал эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг гэж та ярьж байсан. Манай хуулийн засаглал хэр вэ?

-Хуулийн засаглал ер нь сул. Хуулийн засаглал сайн бол эдийн засгийн урт хугацааны хөгжилд асар эерэг нөлөөтэй. Аливаа асуудлыг авлигаар биш шударга ёсоор шүүж шийдвэр гаргаж чаддаг тогтолцоо бүрдсэн тохиолдолд л урт хугацаанд эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгоно. Хуулийн засаглал сайжирвал ДНБ-ийг урт хугацаандаа дөрөв дахин өсгөдөг гэсэн тооцоо бий. Хуулийн засаглал, эдийн засаг хоёр хамааралтайг баталсан иймэрхүү судалгаа олон байдаг. Хуулийн засаглал сайжирснаар компаниудын өрсөлдөх чадвар сайжирдаг, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн бий болдог, бизнесийн зээлийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлдэг. Сүүлийн хэдэн жилд манай ажиглагдаж байгаа нэг зүйл бий. Хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалж өгөхгүй байна. Ийм шалтгаанаар гадаадын хөрөнгө оруулагчид дайжаад байгаа юм. Олон улсын болон бизнесийн гэрээнүүдэд маргаан гарсан тохиолдолд Монголд шийдвэрлэнэ гэсэн заалт байдаггүй. Олон улсын шүүхэд очно, Сингапур, Лондонгийн шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тусгайлан зааж өгдөг. Бидэнд итгэхгүй байна л даа. Асуудлаа шударгаар шийдүүлнэ гэдэгтээ эргэлзэж байна гэсэн үг.

-Бизнесийн бүх л гэрээнд ингэж зааж байна уу, эсвэл зарим нь эндээ шийднэ гэж байгаа юу?

-Ямар ч гэрээнд маргаан гарсан тохиолдолд олон улсын шүүхээр шийдүүлнэ гэсэн заалт бий. Уг нь бүр том биш юмаа гэхэд зарим нэг гэрээнд нь “Маргаан гарвал Монгол Улсад шийддэг болно” гээд заачихвал эдийн засгийн нэг салбарт өгөөжөө өгсөн өөрчлөлт болно. Монголын аж ахуйн нэгж гадаад руу явж бүх асуудлаа шийдүүлнэ гээд бодохоор хэр зардал гарах билээ. Зөвхөн унаа тээвэр, хоол унд зэрэг ойр зуурын хэрэглээний зайлшгүй зардлаас гадна хуулийн үйлчилгээний гэх мэт бүх зардал гадагшаа гарчихаж байна гэсэн үг. Гадагшаа гардаг тэр их мөнгөний тодорхой хувийг Монголдоо шингээдэг болох нь эдийн засагт нэмэр тустай. Манай улсын тухайд олон улсын хууль дүрмийг судалж, Монголдоо нэвтрүүлж дагаж мөрдөх шаардлага бий. Гэрээний эрх зүй дээр гээд харахад л ихэнх гэрээгээ дагаж мөрддөггүй. Жишээ нь засаг солигдох бүрт тендер зарладаг. Тендерт орж шалгараад үйл ажиллагаагаа эхлэхэд наад зах нь таван жил болдог. Хэрэгжүүлээд эхлэх гэтэл шинэ гарсан Засгийн газар өмнөх засгийнхаа ажлыг үгүйсгэж шинээр тендер зарлачихдаг. Тэр нь нам дамжсан ч биш, бүр нам дотроо байгаад байна л даа. Ийм шалтгаанаар маш их хэмжээний зардал төсвөөс гарч байгаа.

-Таван толгой дээр гэхэд л хэд хэдэн тендер зарлаж баахан цаг, мөнгө зарсан гэж ирээд яривал ч жишээ олон байх юм?

-Тийм шүү, таны жишээ авсан Таван толгой дээр гэхэд л тав, зургаан удаа тендер зарласан. Гадаадын компаниудыг тендерт шалгаруулж гэрээ байгуулж за зүй гэчихээд тохирч шийдсэнээсээ буцвал зарим нь олон улсын шүүхэд хандах эрсдэл бий. Олон улсын шүүхээр явсан гэрээнүүдийн хувьд ялсан нь ч бий, ялагдсан нь ч байгаа. Гэхдээ гол асуудал нь ялах, ялагдахдаа биш. Нэгдүгээрт, Монголын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. Хүчин төгөлдөр гэрээнүүдээ дагаж мөрддөггүй гэсэн мессэж гадаад ертөнцөд түгэхээр хөрөнгө оруулалтад муу нөлөөтэй. Хоёрдугаарт, төсөв маш их хэмжээний алдагдал хүлээдэг. Олон улсын шүүхээр явахаар олон улсын шүүхийн зардал гэж том юм бий. Хуулийн үйлчилгээний өртөг байна. Олон улсын хуулийн том компаниудыг гэрээлж ажиллуулдаг. Үйлчилгээний үнэ ханш нь маш өндөр шүү дээ. Зөвхөн Таван толгой дээр гэхэд л маш том зардал гарсан нь ойлгомжтой. Энэ нь эдийн засагтаа эргээд сөрөг нөлөө үзүүлдэг. Ямар ч үр өгөөжгүй мөнгө урсгаж алдаж байна гэсэн үг.

-Хууль байсхийгээд өөрчлөгддөг, тогтворгүй байдгаас болж л хөрөнгө оруулагчдад эргэлзээ үүсдэг, түүнээс биш татварын хувь хэмжээ тэдний сонирхлыг татдаггүй гэсэн дүгнэлт дуулддаг. Бизнест хамгийн их нөлөөтэй хуулиудад хичнээн удаа өөрчлөлт орсон талаар судалгаа, тоо бий юу?

-2001 онд батлагдсанаасаа хойш хамгийн их өөрчлөлт орсон хууль гэхэд л бизнест маш хамаатай хууль байгаа. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд 50 гаруй удаа өөрчлөлт орсон байх жишээний. Ийм үед эдийн засаг томрох тухай ярихад хэцүү. Төр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хэт их оролцоод байгаагийн л тод жишээ. Сүүлийн үед арай сайжирсан. Гэхдээ нэг асуудал бий. Батлагдсан хуульд хэзээ хэрэгжихийг нь зааж өгөөгүй тохиолдолд “Төрийн мэдээлэл”-ийн эмхэтгэлд хэвлэгдсэнээс хойш арав хоногийн дотор хүчин төгөлдөр болдог. Хууль хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэдэг л дээ. Зарим хуулийг хэрэгжих он сар өдөртэй нь заачихаар хэрэгжилтэд нь бэлдэх тал дээр асуудал бага гардаг. Компаниудын хувьд ядаж л шинэ хуультайгаа танилцаад авах боломж гарч ирдэг. Гэтэл “Төрийн мэдээлэл”-ийн эмхэтгэлд хэвлэгдсэн хуулиудын тухайд маш хэцүү байдал үүсчихэж байгаа юм. Шинэ хууль аравхан хоногийн дотор хүчин төгөлдөр үйлчилчихээр компаниуд хуультайгаа танилцах ч цаггүй болчихож байгаа юм.

-Урт нэртэй хууль батлагдахад яг таны хэлсэн шиг асуудал үүссэн санагдаж байна…?

-Урт нэртэй хуулийн эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөө их. Голын эх, ойн сав газраас тодорхой зайд алтны олборлолт, хайгуулыг хориглоно гэсэн агуулгатай энэ хуулийг ямар ч тооцоо судалгаагүйгээр батлаад эдийн засагт маш том эрсдэл үүсгэсэн. Яг хичнээн компани хуульд хамрагдсан газруудад ажиллаж байгаа, хичнээн ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн зэргийг нь судлахгүйгээр хуулиа баталсан. Өчнөөн хөрөнгө оруулалт хийгдэж маш их ажил хийгдсэн байхад гэнэтхэн хууль гаргаж, аравхан хоногийн дотор “Лиценз чинь хүчингүй боллоо” гэхээр компаниудад ямар санагдах вэ. Ийм тохиолдолд тухайн хөрөнгө оруулагч яаж тэр зах зээлээс гарах, оруулсан мөнгөө яаж нөхөж авахаа ч төлөвлөж амжихгүй. Наад зах нь л ажилтнуудаа арав хоногийн дотор халах эрх компаниудад байхгүй. Хуулиараа бол нэг сарын хугацаа өгдөг. Ингээд бодохоор баталсан хуулиуд нь хүртэл хоорондоо зөрчилдчихөж байгаа юм. Уг нь сэтгэлийн хөөрөл хөдөлгөөнөөр хууль батлахаас өмнө салбарт нь ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг урьдчилаад сайн судлах ёстой.

-Урт нэртэй хуулиас болоод бүхэл бүтэн алтны салбар унасан, төв банкинд тушаадаг алт огцом буурсан, алтны салбарт мөнгөө хийсэн, хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын том компаниуд Монголоос татгалзсан гэж ирээд яривал өчнөөн сөрөг нөлөө бий л дээ. Ингэхэд манайд хичнээн хууль, тогтоол үйлчилж байгаа вэ?

-2015 оны эхний статистикаас харахад Монголд ойролцоогоор 500 гаруй хүчин төгөлдөр хууль, УИХ-ын тогтоол гэвэл 2472 бий. Нэгдчихсэн олон улсын гэрээ конвенцын тоо 300 гаруй. Монгол Улсын хуулиудад маш их хэмжээний өөрчлөлт орж байна. Одоо хэрэгжиж байгаа хуулиудад анализ хийхээр хангалттай хуулиуд батлагдсан. Хэрэгжүүлэхэд л анхаарах хэрэгтэй. Хууль хэрэгжүүлэх журам гэж яамдаас гаргадаг. Зарим тохиолдолд гаргасан журмууд нь хуулиасаа давчихсан тохиолдол анзаарагддаг. Хуулийг анх гаргахдаа сайн сайхнаар төсөөлөөд баталчихдаг, гэтэл хэрэгжих шатандаа журам энэ тэрээс болж агуулга нь эсрэгээрээ эргэсэн жишээ олон байдаг. Анхаарах л асуудал. Хүчин төгөлдөр хуулиудын уялдаа холбоог нарийн анзаарах хэрэгтэй.

-Та түрүүн хууль хэрэгжүүлэх шатанд социалист нийгмийн үеийн хандлага арилаагүй гэж байсан. Тодорхой жишээ хэлээч?

-Эдийн засгийн тогтолцоогоороо хөгжиж байна, чөлөөт зах зээлийн эдийн засаг гэж ярьдаг хэр нь хууль хэрэгжүүлэх шатанд төвлөрсөн төлөвлөгөөт нийгмийн эдийн засаг хэвээр байгаа нь ажиглагддаг. Маш хүнд сурталтай. Торгууль ногдуулах, бизнесийн үйл ажиллагааг хязгаарлах, тусгай зөвшөөрөл, эд хөрөнгийг нь хураах гээд хэт олон эрхийг хууль хэрэгжүүлэх байгууллагуудад өгчихсөн байдаг.

-Эдийн засаг, бизнесээр мэргэшээгүй гэсэн шүүмжлэл хуульч, шүүгч, өмгөөлөгчдөд хаяглагддаг нь хуулийн засаглалын сул талд орж таарах уу?

-Оролгүй яахав. Ялангуяа шүүх дээр. Эдийн засгаар мэргэшсэн шүүгч шаардлагатай байгаа. Шүүхийн үйл ажиллагааг аваад үзэхээр иргэний, захиргааны, эрүүгийн гэж хуваагддаг. Иргэний шүүх дотор компаниудын асуудал ороод явчихдаг. Иргэний шүүх гэр бүл ч салгаад, бизнесийн компаниудын гэрээг ч шүүгээд явж байна. Ер нь хуулийн бүх л шатанд эдийн засгаар мэргэшсэн улсыг бэлдэх шаардлага бий.

-Эдийн засгийн, бизнесийн гэрээний нарийн мэдлэггүй нөхөр улс төрийн ч юм уу ямар нэг нөлөө, лоббигоор шийдвэр гаргачихдаг, тэр нь олон улсын шүүхэд очоод унадаг, эргээд засаг их хэмжээний төлбөрт унадаг жишээ “Хан ресурс”-ээс эхлээд бий шүү…?

-“Хан ресурс”-ээс гадна Эрдэнэтийн асуудал байна. Маш олон гэрээ олон улсын шүүхээр явж байгаа. Гадаад дотоод гэлтгүй нэгэнт байгуулсан л бол гэрээгээ нарийн чанд мөрддөг болмоор байна. Шүүх улс төртэй холилдчихсон нь үнэн. Ер нь улс төр бүх л юмтай холилдоод байна л даа. Уг нь төр бизнесийн үйл ажиллагаа явуулах орчинг нь бүрдүүлээд жижиг сажиг зүйл рүү хутгалдмааргүй байгаа юм. Төр өөрийн өмчийн аж ахуйн нэгжийнхээ цэвэрлэгчийг хүртэл томилохоор ямар хэрэг байхав. Дөрвөн жил тутам бизнесийн орчинг савлуулаад байвал эдийн засгийн өсөлт ярихад хэцүү. Яамдын нэр өөрчлөх гэх мэт жижиг өөрчлөлтүүд хийнэ, яам нь өөрчлөгдөхөөр бүх хүнийг хална, дахиад гэрээ байгуулж авна гэхээр хичнээн хэмжээний зардал орох билээ. Авахгүй гээд тэтгэмж өгөөд халахад өчнөөн мөнгө орно. Хямралын энэ үед бол асар их зардал. Гэрээ хэлэлцээр хийгээд нэг том бизнес хийх гэсээр байтал бүхэл бүтэн нэг яам алга болно гэдэг хөрөнгө оруулагчдын хувьд ойлгоход хэцүү асуудал.

Ц.БаасансҮрэн

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Ажилгүйдлийг багасгах, ажлын байр нэмэгдүүлэх гэдэг тэнгэр газар шиг ялгаатай

Image result for хүн нийгэмАжилгүй хүмүүс их олон байна аа. Нэг айлд багадаа хоёр, ихдээ гэр бүлээрээ ажилгүй хүмүүс гиюүрч сууна. Тэд ажилтай ганц нэг хүнийхээ цалингаар чадан ядан амьдарч байна. Хүүхдийн 20 мянган төгрөг амьдралд нь дэм болдог байсан ч зурагт, хөргөгчтэй гэдэг шалтгаанаар хасагдсан айл олон. Эдийн засаг хумигдан, компаниуд хаалгаа барихын хэрээр ажилгүйчүүдийн эгнээ тэлсээр.

Гадны сонгуулийг харж байхад ажлын байр нэмэгдүүлнэ гэдэг гол амлалт нь байдаг. Ажлын байрыг төдөн хувиар нэмнэ гээд тов тодорхой бичдэг. Дараа нь сонгогчид үүний биелэлтийг нь харж байж сонголтоо хийнэ. Үнэхээр ажлын байр нэмсэн бол дэмждэг, нэмэгдээгүй бол хариуцлага тооцдог эрүүл тогтолцоотой. Ингэж өрсөлддөг.

Харин манай намууд сонгуулиар ажлын байр огт амласангүй. Ажилгүйдлийг багасгана гэдэг ерөнхий том лоозон тавьчихаад сонгуульд ордог тэр хэвээрээ. Дөрвөн жилийн дараа сонгууль болоход “Бид амласнаараа ажилгүйдлийг багасгасан” гэж яриад сууж байдаг. Ажилгүйдэл огт буураагүй байхад ч бууруулсан гэдэг. Бид олон хүнийг ажилтай болгосон гэдэг. Энэ нь яах аргагүй үнэн. Харамсалтай нь ажилтай болсон хүний тоогоор ажилгүйчүүд нэмэгдэж байна. Нэг хүнийг ажилд авахын тулд хуучин ажиллаж байсан нэгнийг хөөгөөд явуулчихаар чанарын өөрчлөлт яаж гарах вэ. Угтаа бол одоо байгаа ажлын байрыг бууруулахгүй, бүр дээр нь нэмж байж л хүмүүсийг ажилтай, орлоготой болгох ёстой. Сүүлийн үед хэвлэлээр гарч байгаа мэдээллийг харахад сонгуулийн дараа төрийн албан хаагчдыг хэдэн мянгаар нь хоморголон халж эхэлжээ. Хоёр, гуравхан хоногийн өмнө Сангийн яамны харьяа “Тогтвортой амьжиргаа-3” төслийн 105 ажилтан ажлаасаа халагдсан тухай хэвлэлийн хурал хийлээ. Яам, тамгын газрууд ч бүтцийн өөрчлөлт нэрээр нийт ажиллагсдынхаа 50 хувийг халж байгаа сураг байна. Ажлаас халагдсан хүний тоо одоогоор 2000 хүрсэн гэх аман мэдээлэл бий. Зарим нь өдийд халагдаад гэртээ нулимстай сууж байгаа бол заримыг нь орон нутгийн сонгуулийн дараа халах тухай сураг дуулдаж байгаа юм. Нэгийг ажилд авахын тулд нөгөөг халдаг энэ үзэгдэл хойд хормойгоо аваад урд хормойгоо нөхөж байгаатай утга нэг юм.

Статистик мэдээллийг харахад бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо Монголд 50 орчим мянга байдаг бөгөөд бүртгүүлээгүй ийм тооны ажилгүйчүүд байдаг аж. Гурван сая хүн амтай улсад 100 мянган ажилгүй иргэн байна гэдэг том тоо. Ийм том хүчийг хөдөлмөрийн зах зээлд гаргавал тэд л баялгийг бий болгоно.

Төрийн хийх үүрэг бол хувийн хэвшлийг дэмжиж, бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд л анхаарах ёстой. Элдэв татвар хураамж, авлига, хүнд суртал, авлигад баяртай гэж хэлж чадвал хувийн хэвшлийнхэн төрийн хичнээн жил амласан ажилгүйдлийг дор нь багасгана. Тэд л ажлын байр бий болгож, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж, эдийн засгийг эргэлтэд оруулж, тэлж байдаг.

Ажлын байр нэмэгдүүлж байж л амьдрал сайжирна. Ажилтай хүмүүст архи уух зав гарахгүй. Ажил хийж байж л айл гэрт орлого орно. Тогтсон ажил, тогтвортой боломжийн сайн цалинтай хүмүүсийн хандлага нь зөв байдаг бөгөөд нийгмийн хариуцлагаа ухамсарласан байдаг. Ядаж л тэд сигнал чарлуулж, замын хөдөлгөөний дүрэм зөрчдөггүй. Яагаад гэхээр ажилтай хүмүүст стресс бухимдал харьцангуй бага байдаг юм. Хүн болгон ажилтай, орлоготой болчихвол хэн нь дарга сайд болно, хэн нь сонгуульд ялна амьдралд нь онцын өөрчлөлт гардаггүй, янзаараа л хөвөрч байдаг. Харин манайд нам дагасан нь ажилтай орлоготой байдаг буруу жишиг тогтсоноос сонгууль, түүний дараахь томилгоо зэрэг нь дараагийн сонгууль хүртэлх дуулиан шуугиан болсоор байна.

Орчин цагт улс төрийн намыг сонгохдоо үзэл бодлоороо санал өгдөг нь хэт өрөөсгөл болчихжээ. Танай, манай нам гэдэг талцсан үзлээсээ ч татгалзмаар санагддаг юм. Нэг нам нь Монголыг мандуулах гээд, нөгөө нам нь хорлох гээд байдаг юм биш. Аль ч нам нь адилхан улс орноо хөгжүүлэх нэг зорилготой гэдэгт би итгэдэг. Харин яаж хөгжүүлэх вэ гэдгийг нь харж байж л сонголтоо хийдэг болъё. Тухайлбал, аль нам нь ажлын байрыг яаж нэмэх юм, дөрвөн жилийн дотор хичнээн ажлын байр шинээр бий болгох юм гэдгээр нь л сонгож байя. Ажлын байр нэмж чадсан бол дахиж сонгоно. Нэмж чадаагүй бол хариуцлагаа үүрээд зайгаа тавьж өгдөг тийм л сонголт хийж байя. Ажилтай бол айл гэр орлоготой, бүрэн бүтэн, сэтгэл хангалуун амьдарна. Улс орны хувьд эдийн засаг сайжирч, хөгжлийн үүд нээгдэнэ.

Түүнээс биш ажилгүйдлийг багасгана гэдэг хэт ерөнхий амлалтад хичнээн жил хууртах билээ.

Д.ОЮУНТУЯА

Categories
мэдээ нийгэм

Туул голын ойр орчмын хайрга, дайргыг их олборлосноос бохирдож байна

Image result for Туул голын ойр орчмын хайрга,Улаанбаатар хот болон Заамар орчимд Туул голын бохирдол хамгийн их гэж гарсан байна. Голын бохирдолд нөлөөлж буй голлох хүчин зүйлийн нэг нь түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлох явдал аж. Өөрөөр хэлбэл, хайрга дайргыг голын дунд болон эргээр олборлож байгааг нь ихээхэн нөлөөлж байгааг тогтоожээ.

Одоогийн байдлаар нийслэлийн нутаг дэвсгэрт 206 тусгай зөвшөөрөл эзэмшигч бий.Тухайлбал, Хан-Уул дүүрэгт гэхэд 50 лиценз байдгаас 11 нь хайгуулын, 39 нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, үүний 26 олборлолт эхлээгүй, 23 нь олборлолт явуулдаг. Эдгээрийн аж ахуй нэгжүүдийн нийт үйл ажиллагаа явуулж буй талбай 3414.9 га, 2014-2015 оны хооронд эвдрэлд оруулсан талбайн хэмжээ 184.3 га. Үүнээс 67.4 га-д техникийн нөхөн сэргээлтийг хийжээ.

Голын бохирдолтод нөлөөлж буй өөр нэг эх үүсвэр бол цэвэрлэх байгууламжуудын доголдол аж. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүнсний болон боловсруулах үйлдвэр, авто угаалгын газрууд, тэдгээрээс гарч буй технологийн хаягдал шууд бус замаар Туул голын бохирдолд нөлөөлдөг байна. Учир нь цэвэрлэх байгууламжууд тэдгээрээс гарсан хаягдалыг дутуу цэвэрлэдэг. Бохир ус цэвэрлэх байгууламжуудыг судлаад үзэхэд, 1960-1970 онд ашиглалтад орсон, технологийн хувьд хуучирчээ

Туул гол Сонсголын гүүрээс Алтанбулаг хүртэл ихээхэн бохирдолтой байгаа бөгөөд өмнө нь Алтанбулагаас цааш өөрөө цэвэрших үйл явц харагддаг байсан бол одоо цэвэршихээ байжээ.

Categories
мэдээ нийгэм

Гаалийн байгууллагын 11 албан тушаалтныг хууль зөрчин томилжээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газрын албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийжээ.

Энэ хүрээнд мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдээс Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийг гаргуулан авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, дүгнэлт гаргуулсан эсэхийг шалгасан байна. Мөн ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл, тайлбар гаргасан эсэх, мэдүүлгийн цахим системийн ашиглалт зэрэг асуудлыг шалгажээ.

Ингээд хяналт шалгалтын ажлын хэсэг ХАСУМ-ийг хянуулаагүй томилогдсон албан тушаалтны жагсаалтыг нэг бүрчлэн гаргасан байна. Шалгалтын явцад байгууллагын нэгж дотроо ажлын байрны тодорхойлолт, эрхлэх асуудлын чиг үүрэгт нь өөрчлөлт орсны улмаас шилжүүлэн болон сэлгэн томилохдоо 11 албан тушаалтны мэдүүлгийг хянуулалгүй томилсон нь илэрчээ.

Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах, шалгаруулахаар байгуулагдсанҮнэлгээний хорооны 40 гишүүн ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг гаргаагүй байжээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 4 хэм дулаан

Image result for Улаанбаатарт 4 хэм дулаан цастайУЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар , өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 7-12 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр хүйтэрч 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, цасан шуурга шуурна. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

2016 оны 10 дугаар сарын 26-наас 10 дугаар сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

26, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 28-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 26, 27-нд ихэнх нутгаар, 28, 29-нд говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 26-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12 -17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д нийтлэлч Д.Оюунтуяагийн “Хүний, өөрийнгүй сарвалзуул, МАн-ынхаан” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

30 орчим мянган жолооны үнэмлэх хэвлэлтийн шатанд хүлээгдэж байгаа гэнэ. Ямар шалтгаанаас болж ийнхүү хүлээгдээд байгаа талаар манай сонины маргаашийн дугаараас унших боломжтой.

Улс төрийн хоёрдугаар нүүрэнд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн ярилцлага нийтлэгдсэн бол дөрөв болон тавдугаар нүүрнээс УИХ-ын шинэхэн гишүүдийн ХОМ-тэй танилцаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж нийгмийн бүхий л салбарт шуугиан тарьж байдаг алдарт гуравдугаар нүүрэнд нийтлэлч Д.Оюунтуяагийн “Хүний, өөрийнгүй сарвалзуул, МАН-ынхаан” нийтлэл хэвлэгдлээ.

Эдийн засгийн зургадугаар нүүрнээс “Стэнд бай-д Япог толгой дохиж, Хятад дурамжхан байна” гэсэн нэртэй нийтлэлийг уншиж сонирхоорой.

Харин баримт, үйл явдлын долдугаар нүүрнээс ТОСК-ийн захирал асан А.Гантулгатай хийсэн ярилцлагыг унших боломжтой. АТГ-аас түүнд ТОСК-ийн захирал байхдаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм байна.

Мөн манай сонины маргаашийн дугаарт “Эмч”, “Уран бүтээлч” булангууд хэвлэгдэн уншигчдадаа хүрч байна.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ соёл-урлаг

Б.Батжаргал М.Магомаевын нэрэмжит уралдаанд гуравдугаар байр эзэллээ

batjargalОросын алдарт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуулаачдын уралдаан энэ сарын 13-нд Москва хотын Крокус сити холл концертын их танхимд болж өнгөрлөө. Уралдаанд 18 орны 150 гаруй дуучин оролцсон байна. Үүнээс манай улсын ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал гутгаар байр эзэлж, хүрэл медаль хүртжээ. Өмнө нь 2014 онд энэхүү тэмцээнд МУГЖ Г.Ариунбаатар оролцож тэргүүн байр эзэлж, Гранпри шагнал хүртэж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлчдийн эрхийг хамгаалсан хуулийг авч хэлэлцнэ

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд өнөөдөр /2016.10.24/ “Глоб Интернэшнл төв” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал, Нидерланд Улсын Хил хязгааргүй чөлөөт хэвлэл байгууллагын мэргэжилтэн Марсел Ооменс нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд эрэн сурвалжлах сэтгүүлчдийн эх сурвалж буюу шүгэлдэгчийн болон сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн тодорхой зохицуулалтыг тусгах, асуудлаар санал солилцлоо.

Мөн цаашид тэдний эрх ашгийг хамгаалсан цогц хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, сэтгүүлчдийг мэргэшүүлэх, энэ чиглэлд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд УИХ-ын Хууль зүйн байнгын хороотой хамтран ажиллах сонирхолтой байгаагаа “Глоб Интернэшнл төв” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал илэрхийлсэн юм.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд мэдээллийн ил тод байдал, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн асуудлыг төрийн бодлогод үе шаттайгаар тусгах нь зүйтэй гэдэгтээ санал нэг байгаагаа илэрхийлээд бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахаа мэдэгдэв.