Categories
мэдээ улс-төр

Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн барилгын шав тавилаа

Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн барилгын шав тавих ёслол Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хашаанд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайд У Сун болон эмнэлгийн ажилтан, албан хаагчид оролцлоо.

Шинэчлэлийн болон шийдлийн Засгийн газрын 2012-2016 оны “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” хөтөлбөрийн гол цөм нь Эрүүл мэндийн салбарт техник технологийн шинэчлэл хийх зорилт юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд өнөөдрийг хүртэлх хугацаанд эмчилгээ оношилгоонд орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэхэд анхаарч ажиллалаа. Үүний үр дүнд 11 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төвд 23 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж бүхий оношилгооны төв байгуулсан гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэмдэглэсэн юм.

Мөн Япон улсын 130 гаруй тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар барих Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нэгдсэн эмнэлгийн бүтээн байгуулалтын ажлыг саяхан эхлүүлсэн. Австрийн Засгийн газрын 28 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Цэргийн нэгдсэн эмнэлгүүдэд хамгийн сүүлийн үеийн оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн 70 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж Японы менежмэнтээр ажиллах “МЕДИПАС” оношилгооны төв сарын өмнө ашиглалтад орж нээлтээ хийсэн. Долоо хоногийн өмнө Белгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 6.5 сая еврогийн тоног төхөөрөмж нийлүүлэх төслийн баг ажилдаа орлоо. Хувийн хэвшлийн байгууллагуудын санаачилга, хөрөнгө оруулалтаар “Грандмед”, “Интермед” зэрэг томоохон эмнэлгүүд сүндэрлэн бослоо гэдгийг Ерөнхий сайд дурдаад Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн барилгын шав тавих ёслолд оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Оношилгоо эмчилгээнд орчин үеийн өндөр хүчин чадалтай техник, технологийг нэвтрүүлэх гэсэн бидний эцсийн зорилго бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлж улмаар асар өндөр зардлаар гадаадад оношилгоо, эмчилгээ хийлгэхээр явж буй иргэдийнхээ тоог бууруулж, тэднийг эдийн засгийн бэрхшээлээс гаргахад оршиж байгаа юм гэдгийг тэрээр онцолж байв.

БНСУ-ын 110 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттөй зээлээр баригдах олон улсын стандартад нийцсэн барилга байгууламж бүхий өндөр хүчин чадалтай 233 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон энэхүү оношилгоо, эмчилгээний төв хэд хэдэн давуу талтай юм. Нэгдүгээрт,Монгол Улсад анх удаа эмнэлгийн зориулалттай цөмийн шугаман хурдасгуур буюу изотопын бэсрэг үйлдвэрийг энэ төвд байгуулж, оношилгооны FIT ситиг суурилуулна. Ингэснээр иргэд оношилгоогоо баталгаажуулахаар гадаад улсыг зорих шаардлагагүй болно. Хоёрдугаарт, “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-д эмнэлгийн мэдээллийн систем суурилуулж, зайн оношилгооны нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, төрөлжсөн мэргэжлийн болон нэгдсэн эмнэлгүүдтэй холбоно. Гуравдугаарт, зайн оношилгооны тусгай зориулалт бүхий төхөөрөмжөөр тоноглогдсон авто машинуудаар алслагдсан сум суурины иргэдэд хурдан шуурхай эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ. Дөрөвдүгээрт, тус төвд ажиллах эмч сувилагч, инженер техникийн ажилтнуудыг Бүгд Найрамдах Солонгос Улс болон Монгол Улсад сургалтад хамруулж мэргэшүүлнэ гэлээ.

Энэхүү бүтээн байгуулалтад олон байгууллага, хамт олны хүч хөдөлмөр шингэх бөгөөд богино хугацааны дотор чанартай гүйцэтгэж ашиглалтад оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Наадмын тасалбарын захиалгыг онлайнаар авч байна

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага болон иргэдийн бизнес уулзалт “Улаанбаатар” чуулгын байранд өнөөдөр болж байна. Тус уулзалтаар аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбоотой Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шинээр хэрэгжих төслүүдийн талаар мэдээлэл өгч, аялал жуулчлал, соёл урлагийн арга хэмжээнүүдийг танилцуулсан юм.

Бүртгэлийн хэсэгт наадмын тасалбарын онлайн захиалга авч байсан бөгөөд “Даншиг наадам-Хүрээ цам”, “Бест оф классикс”, “Учиртай гурван толгой” гэсэн үзэгчид арга хэмжээнүүдийн тасалбарын захиалга авч байв. Тасалбарын үнэ 5-10 мянган төгрөг. Үзэгчид их үзнэ гэж тооцон энэ гурван тоглолтын суудлын тоог энэ жил нэмжээ. Мөн энэ үеэр Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид “Five tones” уран бүтээлээ сонирхуулав.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих соёл, урлагийн арга хэмжээнүүд

2016.06.04 “Улаанбаатар” олон улсын марафон (Бүх нийтийн гүйлт)

2016.06.04-05 “Улаанбаатар” аялал жуулчлалын үзэсгэлэн

2016.06.10 “Улаанбаатар Венийн үдэш” тоглолт

2016.07.02 “Best of classics” Сонгодог урлагийн үдэш

2016.07.10 “Дээлтэй монгол наадам”

2016.07.10 “Учиртай гурван толгой” дуурь

2016.07.12 “Талын бүжиг фестиваль” Монгол туургатны бүжгийн их наадам

2016.07.14 “Ulaanbaatar swing night” Их талын жазз олон улсын фестиваль

2016.08.06-07 “Даншиг наадам-Хүрээ цам” Шашин соёлын наадам

Categories
мэдээ спорт

Н.Түвшинбаяр “World Masters”-ийг өнжинө

Жүдо бөхийн олимпийн
эрхийн оноо олгох хамгийн сүүлчийн тэмцээн болох “World Masters-2016” Мексик
улсад энэ сарын 27-29-нд болно. Дэлхийд чансаагаараа эхний 16-д эрэмбэлэгдэж
буй шилдэг жүдочид урилгаар өрсөлддөг уг тэмцээнд манай улсаас 18 бөх
зодоглохоор Мексикийг зорилоо. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн
авварга Г.Болдбаатр, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин, ОУХМ Г.Хэрлэн,
залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар, 66 кг-д Д.Төмөрхүлэг,
Д.Алтансүх, 73 кг-д гавьяат тамирчин С.Ням-Очир, ОУХМ Г.Одбаяр, 81 кг-д
О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, +100 кг-д Б.Тэмүүлэн болон эмэгтэйчүүдийн 48 кг-д
дэлхийн аварга М.Уранцэцэг, 52 кг-д гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ А.Цолмон,
57 кг-д гавьяат тамирчин Д.Сумъяа, 63 кг-д Ц.Мөнхзаяа, ОУХМ Ц.Цэрэннадмид, 70
кг-д Ц.Наранжаргал нар зодоглоно.

Харин манай тамирчдаас 90 кг-д Л.Отгонбаатар,
-100 кг-д Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, -78 кг-д П.Лхамдэгд нар “World
Masters”-ийг өнжлөө. Н.Түвшинбаяр, Л.Отгонбаатар нарын хувьд олимпийн эрхийн
оноо хангалттай цуглуулсан учраас эл тэмцээнийг өнжиж байгаа гэнэ.
Сонирхуулахад, энэхүү тэмцээний хэсгийн барилдаан Монголын цагаар 01:00,
медалийн төлөөх барилдаан 07:00 цагаас эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Шүүхийн ерөнхий зөвлөл анхны хуралдаанаа хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн анхны хуралдаанаа хийж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх, шүүгч, ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх, Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнээс чөлөөлөх тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэсний дотор Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Нанзаддоржийн Лүндэндоржийг гишүүдийн 100 хувийн саналаар томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Categories
мэдээ нийгэм

Сансарын тунель орчимд зам хаана

Хөх тэнгэрийн гудамжны авто замын зорчих хэсгийг засварлах ажил эхлээд байна. “Наранбулаг Хан” ХХК уг ажлыг гүйцэтгэж буй бөгөөд Токиогийн гудамж, Сансарын ШТС-аас урагш, Залуучуудын гудамж хүртэл 623 метр авто замыг энэ сарын 27-ны өдрийн 22:00 цагаас 30-ны өдрийн 06:00 цаг хүртэл бүрэн хааж суурь болон өнгө асфальт бетон хучилт хийх аж.

Categories
мэдээ нийгэм

Төгсөгчдөд ажлын 700 байрыг санал болгож байна

Монголын залуучуудын холбоо, нийслэлийн Хөдөлмөрийн газар хамтран “Төгсөгч-2016” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Монголын залуучуудын холбоонд өнөөдрөөс залуусыг 700 ажлын байранд бүртгэж эхэллээ.

Нийтдээ 30 гаруй байгууллага хөдөлмөрийн яармагт ажлын байраа санал болгож, төгсөгчдийг бүртгэж байна. Бүх салбарыг хамарсан ажлын байранд бүртгэж эхэлжээ.

Төгсөгчдийн 20-30 хувь нь л ажилтай болдог гэх албан бус судалгаа бий. Тэгвэл Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн хүрээлэнгээс өнгөрсөн онд гаргасан судалгаагаар нийт төгсөгчдийн 66.7 хувь нь ажилтай болжээ. Гэхдээ үүний хажуугаар ажилтай боловч, мэргэжлээрээ бус зөөгч, үйлчлэгч гэх мэтчилэн туслах ажил хийдэг нь ч багагүй бий юм байна. Мэргэжлээрээ ажилдаггүй нь хэд хэдэн шалтгаантай гэж тайлбарлалаа. Их, дээд сургуулиа төгсөөд эхний жилдээ ажилд ороход цалин бага, ажиллах нөхцөл тааруу зэргээс үүдэн төгсөгчид мэргэжлээрээ бус өөр ажил хийдэг гэв. Мэргэжлээсээ өөр чиглэлээр ажиллаж буй залуусын дийлэнх нь ар гэрийн асуудал, цалин хөлс, ажлын орчин нөхцөл тааруу гэх шалтгаан хэлдэг байна. Үүнээс гадна ажилд орохоор ирж буй залуусын хандлага нь “Өндөр цалинтай л бол мэргэжлээрээ биш ч байсан хамаагүй” гэх тохиолдол элбэг байдаг хэмээн ажлын байрны мэргэжилтэн Т.Энхмөрөн хэлж байлаа. Үүнээс гадна эхний жилд ажиллахад туршлага дутуу хэмээн гологдох нь ч элбэг байдаг талаар хөдөлмөрийн яармагт оролцогч залуус хэлж байлаа.

Санхүүгийн тогтвортой нөхцөл, нийгмийн байдалтай уялдан компаниуд ажилтнуудаа цомхотгож, ажлын байр олоход хүнд болсон хэмээн оюутнууд хэлж байна. Харин нөгөө талаас ажил олгогчдын зүгээс төгсөгч, залуусын мэргэшлээс гадна хувь хүний төлөвшил, хариуцлагын асуудал сул байгаа учраас ажлын байр хомс болсон хэмээн тайлбарлаж байна.

Мөн өнөөдөр тус хөдөлмөрийн яармагтай зэрэгцэн Хөдөлмөрийн яам, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн нээлт хийлээ. 2016-2018 онд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Дархан Уул аймаг, нийслэлийн хоёр дүүрэгт 2.2 сая швейцарь франкийн төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

Төслийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежийн оюутнуудад хүргэх юм байна. Сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, төгсөгчдийг ажилд зуучлах, гарааны бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх гэсэн ажлыг төслийн хүрээнд зохион байгуулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд гэр хороолол болон орон сууцанд шинээр гэрэлтүүлэг тавина

Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн гэр хороолол болон орон сууцанд 2016 онд 6.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий 3752 гэрэлтүүлэг шинээр хийхээр төлөвлөн ажиллаж байна. Үнээс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн гэр хороололд нийт 2 тэрбум төсөвт өртөг бүхий 1130 гэрэлтүүлгийг шинээр тавина. Мөн нийслэлийн төвийн 6 дүүргийн болон орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 4.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 2622 гэрэлтүүлгийг шинээр хийх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан завсарлав

УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хуулийг шинэчлэн баталсан билээ. Энэ хууль ирэх есдүгээр сарын 1-нээс Эрүүгийн шинэтгэлийн хуулийн хамтаар хэрэгжиж эхэлнэ. Шинэчлэгдэн батлагдсан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно”, гурав дахь хэсэгт “Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна” гэсэн заалтыг нэмэлтээр оруулсан нь иргэд хоорондоо хүүтэй мөнгө зээлэхийг хориглосон юм. Энэхүү хуулийн заалт нь зээл олгох эрх бүхий хуулийн этгээдэд давуу эрх олгож, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөөнд харшлан Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэн иргэн Р.Очирбал, н.Монгол нар Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан юм.

Үндсэн хуулийн Цэц /ҮХЦ/ дээрх хоёр иргэний гомдлыг хүлээн аван өнөөдөр ҮХЦ-ийн гишүүн Д.Ганзоригоор ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй дунд суудлын хуралдаанаар маргааныг хянан хэлэлцэж байна. Өглөөний 09.30 цагт эхэлсэн Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан 12.00 цагт түр завсарлаж, 14.00 цагт шийдвэрээ танилцуулахаар болжээ. Хуулийн дагуу УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгч ирж, баталсан хуулиа хамгаалах ёстой атал өнөөдрийн хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч суусангүй.

Categories
мэдээ улс-төр

ИЗНН-ын гурван гишүүн АН-д элсэв

УИХ-ын сонгуульд өрсөлдөх ИЗНН-ын гурван гишүүн АН-д элсэн, гишүүний батлахаа өнөөдөр гардан авлаа. Тэд АН-ын дарга З.Энхболдоос тус намын батлахыг авчээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл болон Ч.Базар, Р.Булгамаа нар юм. ИЗНН сонгуульд өрсөлдөхгүй учраас дээрх гурван гишүүн намын гишүүнчлэлээсээ татгалзан АН-д элсэж, тус намаас нэр дэвших гэнэ.


Categories
мэдээ нийгэм

Хуульчдаас ирэх Баасан гаригт үнэгүй зөвлөгөө аваарай

Монголын хуульчдын холбооны гишүүд ирэх Баасан гаригт “Иргэдэд тусалъя” нэртэй хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохиох гэж байна. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэхүү өдөрлөгийг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 27-нд Чингисийн талбайд болох юм. Жилдээ ганц удаа зохион байгуулдаг энэ арга хэмжээний үеэр 21 аймаг, нийслэлийн зургаан дүүрэгт байрлах өмгөөлөгчид үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх гэнэ. Тус өдөрлөгт нийт 23 байгууллага оролцож, иргэдэд үйлчлэх ажээ.

Иргэд ихэвчлэн газрын тухай, хөдөлмөрийн тухай хуулийн маргаантай асуудлаар хандаж, хууль зүйн зөвлөгөө авдаг гэдгийг албаныхан онцолсон юм.

Монголын хуульдын холбооны өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Д.Түвшинтамир “Иргэд хуулийн зөвлөгөө авахаар ирэхдээ маргаантай асуудлынхаа материалуудыг авч ирэхгүйгээр амаараа яриад байдаг. Тийм учраас иргэдийг хууль зүйн зөвлөгөө авахдаа өөрт тулгарсан асуудалтай холбоотой холбогдох нотлох баримтаа авч ирэх хэрэгтэй” гэдгийг сануулав.

Хуульчдын нэг удаагийн хууль зүйн зөвлөгөөний ханш 20 мянган төгрөгөөс 10 мянган ам.доллар хүртэл хэлбэлздэг байна.