Categories
мэдээ нийгэм

1000 хүүхдийн парад болно

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн арга хэмжээ зургаадугаар сарын 1-нд Чингисийн талбайд 11:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн хүүхдийн баярыг “Ном”, “Авьяас”, “Багшийн хөтөлбөр”-ийн үр дүнг олон нийтэд танилцуулах, хүүхдийн авьяас, ур чадвар, амжилтыг сурталчлах, алдаршуулах зорилгоор Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулж байна. Тиймээс хүүхдийн баярт энэхүү хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа сургууль, цэцэрлэгийн авьяаслаг хүүхэд багачууд оролцох юм.

Тухайлбал, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын хөгжим “Халуун элгэн нутаг” аялгууг 500 хүүхэд бишгүүрээр хөгжимдөж, Төрийн соёрхолт ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Монгол аялгуу”-г 500 морин хуурч хүүхэд тоглож сонирхуулах юм байна.

Мөн 1000 хүүхэд хүүхдийн баярт зориулан найрал дуу дуулж, Уран хөдөлгөөнт гимнастикийн улсын аварга шалгаруулах тэмцээний 3 удаагийн аварга Баянгол дүүргийн 185 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд, Баянгол дүүргийн 85, 94, 157, Баянзүрх дүүргийн 61, Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд, Чингэлтэй дүүргийн 50-р сургуулийн 2000 гаруй хүүхэд уран хөдөлгөөнт гимнастик хийнэ.

Энэ үеэр 1000 хүүхдийн парад алхаж баяр хүргэхээс гадна хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэн, сургуулийн үдийн цай, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны амталгаат худалдааг зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Хуваариа машин угаалга хийдэг иргэдийг сургалтанд хамруулна

Зам Тээврийн яам, нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Ус сувгийн удирдах газар, Цэнгэг усны нөөц, Байгаль хамгаалах төвөөс хамтран Авто машин угаалгын үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан сургалт зохион байгуулахаар болжээ. Суртаглт энэ сарын 31-нд Цэнгэг усны нөөц, Байгаль хамгаалах газар УҮГ-ын хурлын зааланд болох юм байна. Хүмүүсийн сайн мэддэгээр Зайсан толгой, Бурхантай хөшөөний урд талбайд ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүрэгт зөвшөөрлгүй 12 шашны байгууллага байна

Хууль зүйн яамны шийдвэрээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн байдалд үзлэг шалгалт хийж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар зарим дүүрэгт хийсэн үзлэг шалгалтын мэдээ гарч эхэлж байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга захирамж гарган дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагад шалгалт хийж дуусчээ. Шалгалтад 36 байгууллага орсноос үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй 17, төвийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй тав, зөвшөөрөл авах хүсэлтээ нийслэлийн ИТХ-д илгээсэн нэг, зөвшөөрлийн хугацаа дууссан нэг сүм хийд тус тус гарсан байна. Огт зөвшөөрөлгүй 12 байгууллага илэрчээ.

Categories
мэдээ нийгэм

Астана-Улаанбаатар-Астана нислэгийн чиглэл тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

Ирэх зургадугаар сараас эхлэн Казактаны нийслэл Астанагаас Улаанбаатарын чиглэлд шууд нислэгтэй болох талаар мэдээлж байсан билээ. Тэгтэл энэхүү нислэг тодорхорйгүй хугацаагаар хойшлогдох болжээ. Энэ нь Казакстаны “Эйр Астана” авиакомпаниас хамааралтай гэдгийг салбарын сайд онцолж байна

Казакстаны “Эйр Астана” авиа компани хоёр улсын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Астана-Улаанбаатар-Астана чиглэлд нислэг үйлдэхээр томилгоогоо авсан боловч манай улсын ИНЕГ-аас тавьж буй шаардлага, нислэгийн аюулгүй ажиллагааны хяналтад бүдрээд байгаа ажээ. Гадаадын агаарын тээвэрлэгч компанид гэрчилгээ олгох үйл явц энэ оны нэгдүгээр сараас эхэлсэн гэнэ. Өнгөрсөн хугацаанд ИНЕГ-аас хяналтын байцаагч Казакстанд нэг удаа очиж хяналт шалгалт хийсэн. Байцаагч гэрчилгээ олгож болох юм байна гэсэн дүгнэлт гаргасан байна. Гэрчилгээ олгохын өмнө олон нөхцөл байдлаар шалгах шаардлага тулгарчээ.

Казакстан улс нийт 20-иод авиа компанитай. Тэдгээрийн 19 нь Европын холбооны улсуудад нислэг үйлдэхийг хориглосон авиа компаниудын хар жагсаалтад орсон байдаг. Зөвхөн “Эйр Астана” компани зөвшөөрөгдсөн байдаг ч Европын холбоонд зөвшөөрөгдсөн гэдгээр манай улс шууд нислэг үйлдэх гэрчилгээ олгож болохгүй гэж мэргэжлийн байгууллагууд үзэж буй юм байна. Тиймээс дахин шалгалт, үзлэг хийе гэж ИНЕГ-аас Казакстаны талд мэдэгджээ. Шалгалтыг 7, 8 дугаар сард хийхээр төлөвлөсөн учир Астана Улаанбаатарын нислэг ирэх есдүгээр сараас нааш боломжгүй болж буй ажээ.

Астана-Улаанбаатар-Астана чиглэлийн нислэгийг нийтэд зарлаж, тийз борлуулж эхэлсэн бөгөөд нислэг хойшилсноос үүдэх хариуцлагыг “Эйр Астана” компани хариуцна гэж албаны хүмүүс мэдэгджээ.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Хүрэлбаатар: Зөвхөн өөрсдийнхөө намд ашигтай байдлаар сумдыг түүж тойрог гаргасанд нь дургүй хүрээд байна

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.

-Сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтыг Их хурал баталсан. Таны хувьд Увс аймгийн мандатыг хуваарилахдаа түүвэрчилсэн хэмээн буруутгаж байсан. Үнэндээ халх, дөрвөд, баяд сумдыг тэнцүү байлгах үүднээс хуваасан гээд байгаа. Таны хэлснээр хуваачихвал тухайн ястан бүр нэг тойрог болчих гээд байсан юм биш үү?

-Увсын ард түмэн сонгууль өгөөд сурчихсан. Урьд өмнө нь тойрог яаж хуваагддаг байсан бөгөөд тухайн тойрогт газарзүйн байршлаараа ойрхон сумд багтдаг байлаа. Сонгууль болдгоороо болж, гишүүд сонгогдож таараа. Гэтэл тухайн тойргоос сонгогдсон гишүүд тойрогтоо очиж ажиллана. Харамсалтай нь зөвхөн өөрсдийнхөө намд ашигтай байдлаар сумдыг түүж тойрог гаргаж авсанд нь дургүй хүрээд байгаа юм. Тойрог хувааж байна гээд Увсын ард түмнээр үнэхээр тоглочихлоо. Тоглох тоглохдоо Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэдэг хүн Увсын тойрог хуваах санал гаргаж, өөрөө тайлбарлаж, шахсаар байгаад АН түрэмгийлж байгаад баталчихлаа. Өөрсдийнхөө ялж магадгүй гэсэн сумдыг түүж тойрог болгодог нь сонгуулийн бохир технологийн нэг. Аливаа гишүүн сонгогдсоны дараа тойрогтоо ажиллахаас эхлээд хүндрэл гарах тул яав ч шударга хуваарилалт биш байсан. Тойрогт сумдыг өм цөм хуваарилсан нь шударга зүйл биш. Увсын ястнуудыг өм цөм хуваагаад хаячихлаа. Дөрвөд сумдыг гурав, халх, баяд сумдыг хоёр хуваасан. Мөн аймгийн төвөө гурав хуваагаад хаячихсан. Та нар боддоо гурав хуваачихсан аймгийн төв дээр хөгжлийн нэгдсэн бодлого явах уу? Нэгдсэн бодлого хэзээ ч явж чадахгүй. Учир нь энэ сонгуулиар зөвхөн нэг нам ташраар нь ялна гэсэн баталгаа байхгүй.

-Н.Алтанхуяг гишүүн “Увс аймаг хоёр мандаттай байсныг гурав болгож оруулж ирж байхад Хүрэлбаатар гишүүн яагаад эсэргүүцээд байгаа юм. Увсын төлөөллийг илүү оруулахыг дэмжих ёстой хүний нэг” гэж байсан л даа…

-Миний амнаас “Хоёр мандатыг яагаад гурав болгочихсон юм бэ” гэдэг асуулт ганц ч удаа гараагүй. Н.Алтанхуяг гишүүн намайг гүтгээд л яриад байна лээ. “Энэ тойргуудыг ингэж өм цөм хуваасан зургийг хэн зурсан юм бэ” гэдэг ганцхан асуулт л асуусан. Үүнээс өөр зүйл асуугаагүй. Н.Алтанхуяг ч хариулж чадаагүйг бүгдээрээ үзсэн байх. Тэгж ярих юм бол 2012 онд АН-ын санаачилгаар, АН-ын шахалтаар энэ жагсаалтын гишүүдийг оруулж ирсэн. Тэгэхэд Увсаас нэг тойрог хассан юм. Тэр үед Н.Алтанхуяг АН-ы дарга нь байсан юм. Энэ нь ардчилсан намын шахалт байсан. Хэн хассан гээд асуух юм бол тухайн үед ийм зүйл болсон гэдгийг хэлэх хэрэгтэй.

-Таны хувьд байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг 33 дугаар тойрог дээр халз өрсөлдье гэж урьсан. Н.Алтанхуяг гишүүний хувьд Ерөнхий сайдаар ажиллаж байсан гэдэг утгаараа рейтинг өндөр байгаа шүү дээ?

-Увсын 33 дугаар тойрогт Өндөрхангай, Зүүнхангай, Өмнөговь, Өлгий, Бөхмөрөн, Түргэн сум болон аймгийн төвийн дөрвөн баг хамаарагддаг юм. Увс аймгийн зүүн хязгаар болох Зүүнхангай сумаас баруун хязгаарын Бөхмөрөн сум хоёрыг нэг тойрог болгосон. Нэг сумаас нөгөөд нь хүрэхийн тулд 600 км явна. Увсын тойргийг өм цөм хувааж зургийг нь зурсан хүнийг 33 дугаар тойрогт өрсөлдье гэж урьсан. Н.Алтанхуяг гишүүнийг ирнэ гэж бодож байгаа.

-Сүүлийн үед цахимаар тан руу янз бүрийн зүй бус үгээр дайралт хийж байсан хүнийг илрүүлсэн. Тэр нь “Тесо” компанийн серверийг ашиглаж байсныг цагдаагаас илрүүлсэн гэсэн мэдээллүүд гараад байгаа л даа. Яг юу болсон юм бэ?

-Жил орчмын өмнөөс Gan­bat Boldkhuu, Увс бахархал, Баасандорж хэн ч билээ эдгээр хаягнаас над руу хийж байсан доромжлол, гүтгэлэг бол хэрээс хэтэрсэн. Яагаад тагнуул, цагдаад хандах болсон бэ гэхээр намайг эрүүгийн онц ноцтой гэмт хэргүүдэд гүтгэж, гүжирдэн, доромжилсон. Үүнээс гадна Увс аймгийн ястнуудын хооронд яс хаясан үйл ажиллагааг эдгээр хаягнаас маш идэвхтэй хийж байсан л даа. Ястнуудын эв нэгдэлтэй холбоотой асуудлыг Тагнуулийн ерөнхий газар шалгах ёстой. Хоёр, гурван удаа над руу дайралт хийсэн бол тоохгүй өнгөрөх байсан. Тэр цаашлаад зохион байгуулалтын хэлбэрт орж бүр бүлэглэлийн шинжтэй болсон. Үүнийгээ дагаад над руу дайрах гүтгэлгүүдийн давтамж нэмэгдсэн юм. Тиймээс тагнуул, цагдаа аль алинд нь хандсан. Цагдаагийн байгууллагаас ирсэн хариуг л би дэлгэж тавьсан. Үүнийг Увс аймгийн АН-ын дарга, “Тесо” корпорацийн эзэн, Н.Алтанхуягийн зөвлөх О.Цогтгэрэл гэдэг хүний компанийн Централ товер гэдэг барилгын оффисоос бичсэн. Энэ бол зохион байгуулалттай гэмт хэрэг. Цагдаа очихоос өмнө түрүүлж мэдээлэл аваад компьютеруудаа форматлуулсан байсан. Н.Алтанхуяг гишүүн байнгын хорооны хуралдаан дээр үг хэлэхдээ “Чи яахаараа манай намын байрыг шалгуулдаг юм” гээд хэлж байх жишээтэй. Энэ бол бодит болсон зүйл. О.Цогтгэрэл гэдэг залуугийн “Би мэдэхгүй” гэж хэлж байгаад итгэхгүй байгаа. Шалгадаг байгууллагууд нь шалгаад хариугаа өгнө биз. Хууль хяналтынхан АН-ын эрх мэдэлд орчихгүй байлгүй дээ.

-“Тесо” компанийн сервер дээрээс бичсэн ч гэсэн О.Цогтгэрэл захиалж ийм зүйл хийлгэж байсан гэдгийг яаж нотлох юм. Магадгүй нэг ажилтан нь даргаа өмөөрөөд бичиж байсан ч юм бил үү. Түүнийг дэвэргээд байгаа юм биш үү?

-Хэр баргийн хүн фотошопын программыг эзэмшиж, хэр баргийн хүн эвлүүлэг хийгээд суухгүй. Энгийн хүн захиалгатай, зохион байгуулалттай ийм зүйл хийхгүй. Энэ бол урт хугацаанд үргэлжилсэн. Өөр ч мэдээллүүд бий. Би байдлыг нь хараад байж байна.

-Нэг хүн өргөдөл өгчингүүт их хурдан хугацаанд шалгаад хариу ирүүлсэнд хүмүүс гайхаж байна. Танай эхнэрийн хамаатны хүн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасагт ажилладаг болохоор тэр дор нь хариуг нь өгсөн гэдэг хардлага байна л даа?

-Таны асууж байгаа зүйл бол ор үндэсгүй гүтгэлэг. Ямар ч УИХ-ын гишүүн төрийн байгууллагад хандахад хуулийн хугацаанд хариуг нь өгдөг. Би тавдугаар сарын 2-ны өдөр өргөдөл өгч тавдугаар сарын 14-ний өдөр хариуг нь авсан. Хуулийнхаа хүрээнд 14 хоногт багтаан хариу өгөх ёстой. Надад 12 хоногийн дараа ирсэн. Үүнийг нэг талд нь гарган мушгиж байгаа нь үнэнд нийцэхгүй байна.

-Өөртэй нь утсаар ярьж үзэв үү. Хэрэв ярьсан бол юу гэж байх юм. Адилхан л Увсаас нэр дэвших гэж яваа хүмүүс шүү дээ?

-Би О.Цогтгэрэл гэдэг тэр хүнтэй утсаар ярьж яасан ийсэн гэж асуусангүй. Бүтэн жилийн турш ийм заваан зүйл явуулсан нөхөртэй нэг өдөр уулзах л байлгүй. Тэр өдөр тэр хүн миний нүүрийг яаж харах юм бол доо. Би гайхаад л сууж байна. Хүнд чинь ичиж зовох зүйл гэж байх ёстой. Би Увсынх. Тэр бодвол Увсынх байх. Нэг нутгийн хоёр хүн хувь заяа нь ирэхээр тааралдах байлгүй. Яаж Увсын ард түмний нүүрийг харах юм бол. Би чинь найз нөхөд, ах дүү, хамаатан садантай хүн. Тэр хүмүүсийн нүүрийг яаж харах гэж байгаа юм бол. Эр хүн юм бол уучлалт гуйх байлгүй дээ. Би энэ хэргийг дуустал явуулна гэж бодож байгаа. Уучлал гуйтал нь шалгуулна.

Categories
мэдээ цаг-үе

Далхаагийн Норов: Итгэлт баяны ганц үг, Цахиур Төмөрийн дүр амьд юм шиг санагдаж байгаа чинь л жинхэнэ уран чадвар

Түрүүч нь №119 (5384) дугаарт

Монгол Улсын төрийн шагналт зохиолч Далхаагийн Норовтой уулзаж хөөрөлдлөө.

-“Эцсийн тушаал” жүжигт та шударга, дайчин хүн амьдрал дээр хохирдог тухай хорсолтой биш ч цаанаа л нэг элэг эмтрэм гунигтайгаар гаргасан байдаг. “Зүрхэнд шивнэсэн үг” кинонд дайны барим тавим цуст эмгэнэлийг биш ар талынхны сэтгэлзүй, аж төрлийг нүдэнд харагдам дүрсэлсэн. Дайны тухай бүтээлүүдийн чинь өнцөг гурвалжин нүдээр харсан мэт өөр байдаг нь Чөлөөлөх дайнд орсон аавтай чинь холбоотой биш байгаа?

-Тэр бүхэн аавтай минь шууд холбоогүй ээ. Миний сэтгэл зүрх ертөнцийг, хүнийг, амьдралыг хэрхэн үздэгтэй л холбоотой байдаг байх. Эх оронч баатарлаг байх, шударга амьдрах чанарыг манай нутгийнхан надад шингээж өгсөн юм болов уу даа л гэж боддог юм. Манай Засагт ханы хөх харчуудын нэг чанар байдаг. Хайрлаж, хүндэлж байгаа хүндээ их хүйтэн ханддаг. Ил бол нүүрэн дээр нь саймширч, долоочих гээд байдаггүй их хатуу ханддаг. Тэгсэн мөртлөө цаагуураа хийж байгаа үйл нь хүнийг дандаа л хайрлаж байдаг. Хүнийг хайрлах, ариун шударга санаа гэдэг гүнд л байвал, далд л байвал чин үнэнч байдаг. За даа, аман дээр байвал ч дээ, гарын үзүүрт байвал ч дээ, алж мэднэ шүү. Засагт ханы хөх харчууд хэцүү гэдэг үг гарсан гол зүйл бол энэ шүү. Тийм учраас би тэрийг л барьж, дайны үед ч бай, эгэл амьдралын үед ч бай баатруудаа тийм л чанартайгаар сэтгэлдээ амилуулдаг.

-Зөвхөн Засагт ханы хөх харчууд ч биш нийт монгол эрчүүд эртнээс “хайр нь дотроо, хал нь гаднаа” гэсэн философиор хүмүүжиж ирсэн байх аа?

-Харин тийм шүү. Монгол хүний мөн чанар тийм байж. Манай аав, ээж хоёр арванхоёр хүүхэд төрүүлж өсгөхдөө бие биедээ “Хайртай” гэж хэлж үзсэн үү. Ээ, үгүй байх. Хайр гэдэг сэтгэлийн хэчнээн гүнд хадгалагдах тусам үнэ цэнтэй, ариун үнэн байдаг. Би залуудаа нэг зүйлийг харж л байсан. Цэрэгт явж байгаа залуугаа тэврээд л, уйлаад л хавар нь хоцорч байсан хүүхэн намар нь хүнтэй суугаад найр хийгээд байж л байсан. Харин үдэж чадаагүй, холхноос хараад нулимсаа тэрүүхэн тэндээ нуугаад явуулсан хүүхэн хайртай хүнээ гурван жил хүлээж, гурван жил байж л байсан. Хүний сэтгэлзүй гэж сонин юм байдаг юм шүү дээ.

-Тэрийг та мундаг анзаарч, зохиол бүтээлээ амилуулсан байдаг шүү…

-Зохиолч хүний чинь хамгийн гол ажил уншаад юм уу, бичээд суухдаа ч биш. Ерөөсөө л зохиолч хүний ажил чинь хүн судлах. Тэрийг номоос, амьдралаас, бүх талаас нь судалж болно. Тэнд сууж байгаа гурван хүүхнийг гэхэд гурвуулангийнх нь нүдийг харчихад л, эсвэл тэр ууланд явж байхдаа байгалийн сайхныг мэдэрч, тэр сайхан агшныг сэтгэлдээ амилуулан авч үлдээж чаддаг хүн л яруу найрагч юм.

-Та хөдөөнөөс анх орж ирэхдээ хоёр хавтас дүүрэн шүлэг, өгүүллэг сугавчлаад Л.Түдэв гуайтай уулзаж байсан гэдэг. Тэр шүлгүүдээ хэвлүүлж байв уу?

-Хэвлүүлээгүй. Одоо санаанд ч бараг байхгүй дээ. Надтай адил уран зохиолоор өвчилсөн нөхдөдөө уншиж өгдөг л байсан. Би бүр найраглал хүртэл бичиж үзсэн хүн. “Хөшөө хөлгүй ч гэсэн явдаг. Хөшөө хэлгүй ч гэсэн ярьдаг” гээд урсгаж өгч байсан санагдаад байна (инээв). Би анх ирэхдээ төрийн шагналт яруу найрагч Ц.Гайтав гуайтай уулзах гэж том, бага хоёр шил “Бигэр” дарстай ажлынх нь жижүүр дээр хоёр, гурав хоног хүлээгээд ирэхгүй болохоор гэрийнх нь утсаар ярьж очлоо. Булцайтал угаачихсан төмс шиг Сэнгийн Эрдэнэ баавайтай нэг шог зураг шиг сууж байна. Гайтав гуайн “Дайн энх” номын шагнал буугаад тэд хоёр гурав хонож байгаа юм байж. Би Дамдины Жамьянтайгаа очсон юм. Шүлгээ уншлаа. Эрдэнэ гуай ч нэг их тоосон юм алга. Харин “Ухаанд чинь ухна ишиг үхчихсэн юм уу” гээд байх юм. Гайтав гуай “Залуучууд та нар архи битгий уу. Архичин Гайтав хэллээ гэж бодно уу, өөрсдөө мэдэцгээ” гэж байна. Эрдэнэ гуай болохоор “Уух ёстой. Зохиолч хүн гэдэг сэтгэлийн зовлон эдэлж байдаг улс. Бид уухгүй бол хэн уух юм. Сэтгэлийн зовлонг энэ идээ чинь нимгэлдэг юм” гэж байна. Тэгүүт л “Ухаанд ухна ишиг үхэх”-ийг сэхээрч “Бигэр” дарсаа цүнхнээсээ гаргалаа даа. Тэгээд яахав, нутгархаж МЗЭ-ийн дарга Л.Түдэвтэй уулзлаа даа. “Таныг зохиолчдоос хэн хэнийг танихав” гэж байна. Т.Юмсүрэн ахыг, Пүрэв ахыг, Цэдэндорж гуай нарыг нэрлэлээ дээ. “Зохиолч хүнийг зохиолчид эхлээд таних ёстой. Дараа нь таныг уншигчид таних учиртай. Наад зохиолуудаа бүгдийг сонин хэвлэлд тарааж өгөөд буц даа. Тэгээд зохиолчдын ч, уншигчдын ч танил болохоороо ирээрэй” гэсэн дээ.

-Зохиолч, бичгийн хүмүүн болоход тань нөлөөлсөн зүйл юу байв?

-Явж явж намайг зохиолч болгосон зүйл бол хүнтэйгээ, малтайгаа, уул устайгаан манай нутгийнхан л гэж боддог юм. Арван настайдаа сургуулиас гарсан надад манай нутгийнхны дуулдаг дуу, хонины бэлчээрт уулзаж учрахдаа ярьдаг үг бүгд л нөлөөлсөн. Говь-Алтайн анхны багш нагац Хамуутын маань үдэш орой ярьж өгдөг үлгэр, аав, ах нарын ярьсан газар усны түүх домог байна. “Тэр газарт байхад хасаг идээд, хүүхдийг нь толгойгоор нь хад саваад” гэсэн тэр хачин яриа хөөрөө бяцхан оюунд минь амилж бүрэлдээд үлддэг байж.

-Хасаг идээд гэж юу гэсэн үг вэ?

-Юу гэх юу байхав. Хасгийн дээрэмчид орж ирснийг л хэлж байхгүй юу. Би “Босго тотго” кино романдаа энэ тухай нэлээд оруулсан. Тэр дуунуудын нөлөө бол даан ч их л дээ.

-Ямар дуунууд байна?

“Шар талын цэцэг

Сайхан нарандаа гандана” гээд дуулахад л өөрийн эрхгүй ертөнцийн аж төрөл бодогдох жишээтэй. “Сайхан нарандаа гандана” гэхэд л мөн ч их юм бодогдуулна даа. Хатна гээгүй гандана гэсэн байгаа биз. За тэгээд л

“Энэхэн тэнгэрийн янз нь

Ингэсхийгээд хурших нь

Хуршъя гээд чиг яахав дээ

Нэгэн цагийн л хур шүү дээ

Энэ улсын янз нь

Ингэсхийгээд шоодох нь

Шоодно гээд чиг яахав дээ

Хэтийн заяа нь мэднэ” гээд дуулахад орчлонгийн ааш аяг, хувь тавилангийн бүдэг оньсого тодроод ирэх шиг болно. Манай монгол ардын үлгэр домгууд чинь бүгд баатарлагийн дүртэй шүү дээ. Энэ л дууны гунигт бадгууд, баатарлагийн өнгө аяс миний сэтгэлийн ертөнцийг бий болгож дээ. Дээр нь багаасаа уншиж өссөн номууд.

-Та ямар номууд уншдаг байв?

-Зөвлөлтийн зохиолч Афанасовын “Алтан одны эзэд” гэдэг том номыг жигтэйхэн уншина. Гол дүрийн хоёр баатар нь Ирина, Ира гэдэг хоёр бүсгүйд дурлаад л. Манай Халхын голын байлдаанд биечлэн оролцож явсан зохиолч Константин Симоновын “Зэвсэг нэгт ахан дүүс”-ийг цуврал гурван романтай нь, И.В.Сталины арван хэдэн ботийг уншиж л хүн боллоо ш дээ. Одоотой адилхан өөр унших ч юм байсан биш. Манай нутгийнхан чинь ярихдаа дандаа үлгэрлэж, адилтгаж ярьдаг учраас хийсвэр сэтгэлгээ сайн хөгждөг байж. “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гээд удам муутай хүнийг хэлж байхад, “Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ” гээд л заяа нь жаахан хэлтийсэн нэгнийг хэлж байх жишээтэй. Энэ бүхэн чинь л надад сургууль болж байж дээ. Дунд сургуульд сурч байхад сумын төвд манайд хөдөөнөөс аав, ээжийн хоёр талын эгч ах нар нам, эвлэлийн хуралд их ирнэ. Үдэшлэгт орж ирээд, дууны дэвтрээ гаргаж ирээд шөнөжин дуулцгаана. Тэр их нөлөөлсөн.

-Цэргийн амьдрал хүнд их нөлөөлдөг байсан цаг даа?

-Эмчийн ажлаас салах гэж цэрэгт мордож, Улаанхуарангийн авто засварын батальонд найман сар алба хаагаад халагдсан даа.

-Тэр үед цэргийн алба гурван жилийн хугацаатай байсан биз дээ?

-Яахав, эмнэлгийнхэнтэйгээ хуйвалдаж тушаал гаргуулаад халагдахгүй юу. Штабын дарга, Цэнд хурандаа намайг эмийн сангийн нярваар авна гэж бага дэслэгч орон тоотой тушаал БХЯ-наас гаргуулаад байж байтал цэргийн ангийн эмнэлэгт нь намайг халах тушаал зэрэг очиж байлаа. Тэгж цэргийн албыг хаав аа (инээв).

-Ханиа танилцуулаач, та?

-Манай Бавуугийн Лхагвасүрэнгийн “Найрагчийн гэргий болж наждаа эдлээгүйд чинь баяр хүргэе” гэсэн сайхан шүлэг байдаг даа. Тэгээд яахав, надтай л “наждаа эдэлж” яваа сайхан хань Гүндэгмаа минь уг нь орос хэлний багш. Насаараа эрдэм шинжилгээний ажил хийж, сурганы докторын зэрэг хамгаалсан хүн. Албан бус боловсрол гэдгийг чинь Монголд анхнаас нь л онолын хувьд ч, амьдрал дээр ч хэрэгжүүлэх гэж зүтгэсэн. Ууган хүү Эрдэнэ болохоор нано технологийн инженер. Сөүлд докторын зэрэг хамгаалаад ирсэн. Удаах хүү Дэлгэр орос хэлний багш. Одоогоор дөрвөн ч ачтай болчихлоо.

-Та олон шавьтай юу?

-Шавьсаад байх юм нэг их байхгүй дээ. Архи, хадаг хоёртой ирж байсан улс бий бий.

-Монголын орчин үеийн утга зохиолд залуусаас хэнийг боломжийн туурвиж яваа гэж бодож байна?

-Г.Аюурзана, Л.Өлзийтөгс хоёрын зохиолууд сайн. Халтарын Болор-Эрдэнийн богино өгүүллэгүүд сайн байсан. Одоо юу бичиж байгааг мэдэхгүй. Сайхан шүлгүүдтэй залуус олон л байх юм. Гэхдээ шатсан авьяасаараа цоролзоод гараад ирж байгаа хүн харагдахгүй юм. Хэнтийн Балдансодномын Энхжаргал гэж тун авьяастай яруу найрагч хүү бий дээ. Зарим нэг нь ч учраа олохгүй номоо яарч хэвлүүлээд байна уу даа. Яруу найрагт хөлөө олох гэж нэг юм байдаг. Нэгэн үе улс, иргэний уянга гэж хэсэг шуурцгаасан. Одоо харин тэр нь намдаж мэдрэмжийн шүлэг бичих болж. Энэ их сайн. Мэдрэмжийг чинээнд нь тултал хөгжүүлбэл сайн уран бүтээл төрнө. Агуу их Норовбанзад гуай “Уртын дуучны хувьд гучин таван насанд тэнхээ гүйцдэг” гэдэг байсан. Одоо танай ерээд оныхон бяр сууж, бяралхах цаг ирлээ дээ. Уран чадварыг ойшоож үзмээр байна. Бүгдийг хавтгайруулж бичих өөр хэрэг. Лодойдамба гуай шиг л бичдэг болчихвол ч. Итгэлт баяны ганц үг, Цахиур Төмөрийн дүр гэхэд хүний сэтгэлд яв цав бууж байдаг даа. Дүрийг амилуулдаг ийм эд эс нь дутаад байх юм. Т.Бум-Эрдэнэ “Өнөөх” гэж номоо өгсөн. Хэд хэдэн чамбай өгүүллэг байна лээ. П.Батхуяг, Ц.Буянзаяа хоёр зохиол талдаа уг нь их сайн гарч ирсэн. Гэвч, энэ хоёртоо харамсаад байх юм.

-Юунд харамсана гэж?

-Зохиолч хүн утга зохиол судлал руу орохоор л дэмий санагдаад байдаг юм. Судлал гэдэг чинь зүгээр л баримт байдаг. Баримтан дээр ажилладаг хүн болчихдог юм. Намайг хүртэл их сургуульд эрдмийн хүн болгох гэж их үзсэн юм шүү дээ. Зохиолч гэдэг чинь жинхэнэ цэцэглэж, хөөрч бадарч байж уран бүтээл туурвидаг. Нэгэн үе ч уншдаг нь ч, бичдэг нь ч оюун санааны сүйрэлд өртлөө ш дээ. Гэхдээ танай үеийнхнээс Б.Лхагвасүрэн шиг, Ж.Лхагва шиг, Д.Батбаяр, Б.Догмид нар шиг үгийн урлагийн мастерууд оргилон гарч ирэх л байх гэж бодож байна. Уртын дуучин хүнийг богино дуу дуулахыг хориглодог байсан. Хоолой, сэтгэхүй, амьсгаа гурав эвдэрдэг. Тиймээс ч богино дууг завхай дуу гэдэг байж. Тэрэнтэй адил зохиол оролддог хүн утга зохиол судлалаар оролдоод дэмий санагддаг. П.Батхуягийн эхний өгүүллэгүүд сайн ш дээ. Ургаж гарч ирэх байгалийн явц эвдэгдэж, үйлдвэрлэлд орчихож байна. Санамсаргүй хэлсэн үг, үйл цаанаа асар их утга санааг агуулж байдаг. Зохиолч хүн үүнээс л уран саналга авч, дүрээ амилуулж бичих учиртай юм. Зохиолч Баастын Золбаярын хэл бол тун яруу. Бодон бодсоор бичихгүй байхын аргагүй болоод ирдэг нэг үе байдаг даа. Тэр л жинхэнэ зохиолын санаа даа.

-Та бичихгүй байхын аргагүй ямар бүтээл бодож явна?

-“Тоодгор” гэж нэг жүжиг бичих гээд дотроо бодоод л явна. Жижиг чулуугаар том чулуу доргиох санаатай. Дүрүүдээ бодоод байна.

-Юун тухай өгүүлэх жүжиг билээ?

-Нэг хошууны хийд дээр л жүжгийн үйл явдал өрнөнө дөө. Жаа Лам Дамбийжаа Хатанбаатар Магсаржавын цэрэгт цэрэг дайчлах гэж нэг хийд дээр байж байгаа байдал гарна. Дамбийжаа чинь Магсаржав, Манлай ван Дамдинсүрэн, Дилав хутагт гурвын нэрийг бариад Баруун Монголын ноёдыг ташуурдаад эхэлсэн хүн шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

“Яг түүн шиг” шоуны оролцогч П.Баярцэнгэл: Хип хоп, рок урсгалаар дуулах маш хүнд байсан

“Боловсрол” телевизийн уран
бүтээлчид дэлхийн 39 оронд бүтээгдсэн “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг албан ёсны
эрхийн дагуу эх орондоо хийж гаргаж эхэлсэн. Нэвтрүүлэгт найман уран бүтээлч
оролцож Монголын болоод дэлхийн алдартнуудын дүрд хувирч байгаа юм.
Нэвтрүүлгийн найман оролцогчоор “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ,
жүжигчин Н.Мөнхсоёл, загвар өмсөгч Э.Энхболд, дуучин Б. Маралжингоо, загвар
өмсөгч С.Сарнай, дуучин П.Баярцэнгэл, дуучин Э.Энхзол, дуучин Б.Амархүү нар
сонгогдсон билээ. Тэд алдартнуудын дуу хоолой, бүжгийн хөдөлгөөн, хувцас хэрэглэл,
дүр төрхийг дуурайн яг түүн шиг хувирч дэлхийн одуудыг нэгэн тайзнаа авч ирэх
зорилготой. Одоогоор “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн хоёр дугаар үзэгчдэд
хүрчихээд байгаа юм. Гарсан цагаасаа үзэгчдийн анхаарлыг татаад буй “Яг түүн
шиг” шоу нэвтрүүлгийн долоо дугаартай оролцогч дуучин П.Баярцэнгэлтэй ярилцлаа.

-Танд “Яг түүн шиг” шоу
нэвтрүүлэгт орох саналыг хэзээ тавьсан бэ?

-Боловсрол суваг телевизээс надад
“Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт оролцооч ээ гэдэг саналыг гуравдугаар сард
тавьсан. Санал тавьсны дараа шоуг нь үзэж судалж байгаад таалагдаад оръё гэж
шийдсэн. Шоунд орохоор шийдээд хувийн бэлтгэлээ базааж эхэлсэн дээ.

-Эхний дүрийг яаж сонгосон юм бэ.
Хүмүүст хүлээлттэй байж байгаад л гэнэт гараад ирсэн?

-Эхний дуурайх дүрийг оролцогчид
цуглаад баззер дарж сонгосон. Тэр нь нэвтрүүлгээр гараагүй юм.

-Та Tupac болсон байх аа?

-Эхний үзүүлбэр дээрээ Tupac
таарсан. Хип хоп үглэж байгаагүй болохоор жаахан хүнд байсан. Англиар үглэх их
хэцүү юм билээ. Хоёр хуудас дүүрэн үгийг цээжлэх хэцүү байсан шүү. Тэр тал дээр
жаахан асуудалтай байсан. Дуулахдаа дууг нь сонсож байгаад аялгаар нь өөрийнх
нь дуулалт тембрийг дуурайж дуулж байгаа болохоор асуудал байгаагүй. Манай
эхний дугаар нүүр хувиргалтын тал дээр жаахан дутагдалтай байсан. Гэхдээ дугаар
гардгаараа гараад дууссан л даа. Хоёр дахь үзүүлбэрээс нүүр хувиргагчид маань
маш сайн ажилласан. Дараа дараагийн дугааруудын тестийг хийгээд бэлдэж байхад
бүр л гоё болоод байна.

-Нүүр хувиргалт хангалтгүй болсон
гэсэн үг үү?

-Эхний дугаар нүүр хувиргалтаас
болоод жаахан шүүмжтэй болсон. Үзсэн үзэлтийн тоо, хүмүүсийн хандалт маш их
байсан. Дуртай үзэгчид дийлэнх нь ч гэсэн түүнтэйгээ адилхан шүүмжлэгчдийн тоо
их байсан юм. Хоёр дахь дугаар гараад огт шүүмжгүй болсон. Ийм байна гэж
санасангүй гэсэн сэтгэгдэл их байсан.

-Хоёр дахь адилхан болж хувирах
хүнээр Аэросмит хамтлагийн дуучин Стийвен Тайлор таарсан. Рок дуу дуулж,
дуучнаа дуурайх ямар байсан бэ?

-Баззердаад рок од Стийвен Тайлор
таарсан. Ер нь эхний хоёр хүн маань надад их хүнд туссан. Яагаад гэвэл хоёулаа
надаас тэс өөр дүр байсан. Эхнийх нь хип хоп, дараагийнх нь рок урсгалаар
дуулах маш хүнд байлаа. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд амжилттай хийсэн гэж үзэж
байгаа. Ялангуяа дуулалт тал дээр амжилт гаргасан. Би өөрөөсөө Стийвен Тайлор
шиг тийм рок тембр гардаг гэж мэдээгүй байсан. Дуулалтын явцад өөрийгөө өөрчилж
рок тембр хангалттай гарахаар юм байна гэдгээ мэдсэн.

-Өрсөлдөгчдөө мэдэж байсан уу?

-Өрсөлдөгчдөө шоунд орохоор
ирэхдээ л мэдсэн. Шоу эхлэхэд анхны бүрэлдэхүүнээс ганц нэг хүн солигдсон.

-Өөрийн чинь хувьд хэр хүчтэй
өрсөлдөгчид вэ?

-Шоунд салбар, салбарын шилдгүүд
оролцож байгаа. Тухайн салбартаа тэргүүлж яваа залуус оролцож байгаа учраас
бүгд хүчтэй өрсөлдөгч. Хэнээс нь ч юу ч гарч магадгүй. Бэлтгэлд гараад байж
байхад л бүгд нэг нэгэндээ гэнэтийн бэлэг барьж чадаж байгаа шүү.

-Бэлтгэл ажил гээд оролцогчид
байнга хамт байгаа юу. Нэг нэгэндээ зөвлөгөө өгөх үү?

-Наймуулаа байнга л хамт байдаг.
Бэлтгэл сургуулилалт дээр хамт, хоол идсэн ч л хамт байна ш дээ. Тодорхой
хэмжээний өрсөлдөөн явж байгаа. Гэхдээ шоугаа гоё болгохын тулд бүгд л хичээж
ажиллаж байна. Тэрнээс тэмцээн гэдэг утгаар нь улайраад байгаа юм байхгүй.
Хоорондоо сайхан ярилцаад бие биедээ тусалж дэмжээд явж байгаа.

-Өнгөрсөн дугаараар жүжигчин
Н.Мөнхсоёл өөрийг тань дуурайсан. Өөрийгөө харах ямар санагдав. Адилхан болсон
уу?

-Миний хамар л адилхан болсон.
Бусад нь адилхан болсон гэж хэлэхгүй. Би өөрийгөө үзэж байгаа болохоор би ч
ингэж хөдөлдөггүй шүү дээ гэдэг талаас нь хүлээж авдаг юм билээ. Хүмүүс намайг
мэддэггүй учраас төстэй харагдсан байж магадгүй. Түүнээс миний хувьд надтай огт
төстэй байгаагүй.

-Танаас зөвлөгөө авсан уу.
Хувцсыг чинь авсан гэсэн үү?

-Мөнхсоёлд ёодол яаж хийх вэ
гэдгийг өөрөө ёодол хийж үзүүлээд заасан. Бүх хувцсыг аваагүй л дээ. Үзүүлбэр
дээрээ миний гутал, хүрмийг л авсан.

-Одоо гарах дугаараар ямар хүнийг
дуурайхаар оноолт таарсан бэ. Бэлтгэл ажил өрнөж байх шиг байна?

-Би эмэгтэй болсон ш дээ.
Баззердаад Наташа Королёва таарсан. Одоо чадлаараа бэлдээд л байна. Хувцас
бэлэн болчихсон. Хамгийн гол нь дотоод хүнийг гаргах нь чухал. Тэр хүнийг
хоолойгоороо яаж дуурайх вэ гэдгийг сайн судална. Онцгой ямар хөдөлгөөн байна
гэдгийг бичлэг үзэж ажиглаж байна. Харцыг нь ч тэр дуурайна. Аль болохоор
адилхан харагдахыг л хичээнэ шүү дээ.

-Шүүгчдийн үг сэтгэл зүйд
нөлөөлдөг үү. Гурав дахь шүүгч нь солигдоод байна уу?

-Үндсэн хоёр шүүгч нь Ганхүү,
Онон ах хоёр. Гурав дахь шүүгчийг зочин шүүгч маягаар явуулж байгаа. Сонгогдсон
шүүгч хоёр дугаар дээр шүүлт хийгээд солигдох маягаар явж байгаа. Мэдээж
шүүгчид жаахан миалбал сэтгэлээр унаад тэр үзүүлбэр дээрээ тэгдэг байж гэж
боддог юм байна. Магтаал бол урамтай сайхан л байдаг. Шүүгчтэй байгаа нь
биднийг хурцалж, өшөө илүү дайчин ажиллахад нөлөөлж байгаа. Яагээд гэвэл долоо
хоног болгон ялагчид гурван сая төгрөг өгч байгаа шүү дээ.

-Шилдэг оролцогчдыг шүүгчдийн
оноо болон үзэгчдийн мессэжээр шалгаруулж байгаа юу?

-Шүүгчид 4-12 оноо өгч байгаа.
Тэр дунд нь 11 гэж байхгүй. Найман оролцогч өөрсдөө бие биедээ гурван оноо өгөх
эрхтэй. Тухайн өдөр таалагдсан үзүүлбэртээ оноо өгч болно гэсэн үг. Тэр онооны
нийлбэрээр ялагч шалгарч байгаа. Мессэжээр үзэгчдийн таашаалд нийцсэн
үзүүлбэрийг шалгаруулж байгаа.

-Шоу нэвтрүүлэг хэр удаан
үргэлжлэх вэ?

-Долоо хоногийн бүтэнсайн өдөр
болгон гарч байгаа. Долдугаар сарын арван хүртэл гарна. Хагас финал, финал
гэсэн зарчмаар явна.

-Хасагдах журмаар явах юм уу?

-Хагсагдах маягаар биш. Хагас
финал дээр финалын төлөө өрсөлдөх дөрвөн хүн л гарч ирэх юм шиг байна лээ.
Гэхдээ бүх оролцогч үзүүлбэрээ үзүүлнэ.

-Өмнөх үзүүлбэр дээр жүжигчин
Н.Мөнхсоёлд эрэгтэй хүн таарахад хүмүүс их гайхсан. Харин гурав дахь үзүүлбэр
дээр хоёр ч хүн эмэгтэй болохоор сонгогдчихов уу?

-Биднийг анх шоунд ороход нэг юм
уу, хоёр удаа заавал эмэгтэй хүн болно шүү гэж хэлсэн. Эмэгтэйчүүдэд нь бас нэг
юм уу, хоёр удаа эрэгтэй дүр таарна шүү гэж хэлсэн юм.

-Шилдгийн шилдэг оролцогч ямар
шагналтай юм бэ?

-Шилдгийн шилдэг шагнал багагүй л
байх болов уу. Тэрийг нь яг мэдэхгүй байна. Тогтоогүй байгаа байх.

-Шоуны тайз засалт дээр хүмүүс ам
сайтай байгаа. Хувцас, бүжигчдээ өөрсдөө бэлдэж байгаа юу?

-Асар их хөрөнгө мөнгө, цаг
хугацаа зарсан, маш олон хүний хөдөлмөр орсон шоу шүү дээ. Тайзны хувьд өнгө
үзэмж харагдах байдлаасаа хүмүүст ойлгомжтой байх гэж бодож байгаа. Дэлхийн
хэмжээний шоу гэдэг утгаараа бүх юман дээр хариуцлагатай хандаж байгаа. Бүх
юмыг шоу зохион байгуулагчид гаргаж хийж байгаа. Нүүр хувиргалтыг Хосоо гэдэг
залуу багаараа хийж байна. Бүжигчид “Аймар” продакшн, “Nature dance” гээд хоёр
бүжгийн клубийнхэн. Ч.Насантогтох эгч бидэнд дуулах урлаг буюу хоолойгоороо
дуулах талаас нь зөвлөгөө өгч байгаа. Харин Ган-Очир ах жүжиглэлт хөдөлгөөн
талаас нь зөвлөгөө өгдөг.

-Үзэгчдийн мэдэхгүй тайзны ард
сонирхолтой зүйл болох уу?

-Шоуны үйл явц бүгд хүний нүдэн
дээр ил байгаа. Ойлгомжгүй зүйл байхгүй ш дээ.

-Долоо хоногийн хугацаанд хүндээ
хувирч чадаж байна уу?

-Долоо хоногийн хугацаа гэдэг бас
урт хугацаа. Хамаг юмаа гаргахад боломжийн гэж үзэж байгаа.

-Сүүлийн үед хувийн уран бүтээл
туурвиж байгаа юу?

-Нэлээд хэдэн дуу хийчихээд
клипэндээ орох гэж байсан шоунд орох болчихсон. Давхар давхар юм хийгээд яахав
гээд эхлээд шоуныхаа зураг авалтыг дуусгасны дараа уран бүтээлдээ оръё гэсэн
төлөвлөгөөтэй байна. Одоогоор шоундаа гол анхаарлаа хандуулж байна. Нэвтрүүлэг
эхлэхээс өмнө би өөрийнхөө бүх л цаг зав боломжоо гаргаж ажиллана гэдгээ хэлсэн.
Миний үзүүлбэр таалагдвал намайг дэмжээрэй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр хэн нь хэнээсээ урвах бол…?

Энэ сонгуулиар өмнөх шиг элдэв бие даагч, эсэн бусын нам эвслийн эрээвэр хураавар төлөөлөл гарч ирэхгүй. 2016 оны УИХ-ын сонгууль хоёр намд ээлтэй өрнөх нь тодорхой болчихсон. Сонгуулийн хуулийн саяхны өөрчлөлтийн онцолж хэлэхээр гол агуулга нь энэ. Манай сонин ч Монголд хоёр нам л хэрэгтэй гэж байнга бичсээр ирсэн. Цэнхэр гаригт, манайх шиг ардчилал хөгжсөн улсуудад олон намын өрсөлдөөн хэрэгтэй энэ тэр гээд шүүмжилдэг л дээ. Гэхдээ дэлхийд болж бүтээд байдаг олон зүйл Монголд таардаггүй. Хүн ам цөөн, чадалтай боловсон хүчин бага гэх мэт дурдвал цөөнгүй шалтгаан бий.

Хоёр намыг дэмжсэн агуулгатай хуулийн өөрчлөлт АН, МАН-аас бусад намын үнэн царайг илчлээд эхэлчихлээ. Зүгээр л нам болж тоглож байсныг нь, хоёроос бусад нь ганц хүний нам гэдгийг нь баталсан үйл явдал та бидний нүдэн дээр өрнөж байна. Товчхондоо намын дарга нар нь урваад байх юм. “Эрэл”-ийн нам АН-д орлоо л гэнэ. Либериал ардчилсан нам АН-ыг сонголоо л гэнэ. МАХН-аас МАН руу явлаа л гэнэ. Намын дарга нар нь л намаасаа урваж гүйлдээд жигтэйхэн. Тэднийг явлаа, урвалаа гээд араас нь хэл ам, нэхэл дагал болж байгаа нь ч алга. Ганц хүний нам байсныг нь нотлох тодоос тод жишээ үүнээс өөр юу байхав.

Жижиг намуудад өчнөөн “но” бий. Нэг бол саналыг чинь хуваана гэж гол хоёр намыг шантаажилна. Мэдээж амин зорилго нь мөнгө. Эх орноо хөгжүүлнэ, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлнэ гэх мэт чин хүсэл бол хорь, гуч, дөчдүгээр асуудал нь. За тэгээд аз нь гийж, ганц нэг суудал авчихвал сайд болно гээд зүтгэчихнэ. Жижигчүүдийн мөн чанар нэг иймэрхүү үнэ цэнээр хязгаарлагддагийг төдийгөөс өдий хүртэлх бүх л сонгуулиас харж болно. Тэдэнд үндсэн хөрөнгө гэж байхгүй. Боловсон хүчин бол бүр таг. Ганц нэг олонд танигдсан хүнээс хэтрэхгүй. Хөдөө орон нутагт салбартай энэ тэрийн тухайд яриад ч хэрэггүй. Монголын зүг бүрт амьдарч буй иргэдийн зовлон жаргалыг сонсох “чих” аль ч жижиг намд байхгүй. Жижиг нам тойрсон сүүлийн үеийн сонин гэвэл тэр урвалаа, энэ урвалаа гэсэн шальдир бульдир мэдээ л байна. Ядаж урвахдаа жудагтай харагдмаар юм. Хүний мөс чанарыг эрхэмлэсээр ирсэн уламжлалтай монголчуудын хувьд урвалт гэдэг тэгтлээ гайхуулаад байхаар эд биш. Орчин үед урвалтыг үзэл бодлоо илэрхийлэх орон зай, сонголтоо хийх эрх чөлөө гэх мэт гоё үгээр тайлбарлаж болох л юм. Гэхдээ эцсийн цэг, хязгаарыг нь харахаар, утга учир, мөн чанараар нь тунгаагаад үзэхээр ёс суртахууны доройтол гэж хэлэхээс өөр аргагүй.

Дөнгөж өчигдөр уржигдархны жишээ. Тэрбишдагвын тэлээний хэд яаж толгой нь эргэхээрээ МАХН-аас урваж буйгаа намаа муулан байж зарладаг байна аа. Намаа зүхэн зүхэн гарахаар тэднийг “Зоригтой, сайн байна” гэж магтах уу. Яг нарийндаа хэн ч ингэж магтахгүй. Урвалт л гэж харна. Ер нь тэгээд урваж байгаагаа хэвлэлийн хурал хийж, олонд гайхуулан байж мэдэгдэх хэрэг байсан ч юм уу. Урвалт бахархал биш гэдгийг монголчууд бултаараа хэлнэ. Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал ертөнцийнхөн хэн нь хэнээсээ урваж байгааг бичиж, мэдээлж гүйцэхээ болилоо. Өнөөдөр гэхэд л хэн нь хэнээсээ урвах бол…?

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Баярцогт ба бөөс” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Нүүрсний худалдан авалт сэргэж эхэлжээ. Энэ талаар Уул уурхайн яамны Түлшний бодлого зохицуулалтын дарга Л.Раднаасүрэнгээс тодруулсан мэдээллийг нэг, XI нүүрнээс унших боломжтой.

Математик алгоритмаар сонгогддог гурван үгийн нийлбэр ямар нэг байршилд дахин давтагдахгүй байх боломжтой гэнэ. Их Британийн “What3Words” компани үүнийг ашиглан дэлхий нийтийг хаягжуулах программ зохион бүтээжээ. Тэгвэл Монгол Улс энэ программыг ашиглах анхдагч орон болж байгаа бөгөөд “Монгол шуудан” ХК тус компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Энэ тухай дэлгэрэнгүйг нэг, 11 дүгээр нүүрнээс уншина уу.

Улс төрийн нүүрнээс УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн “Ирц багатай чуулганаар чанаргүй хууль баталчихвал иргэдэд сөрөг нөлөөтэй” ярилцлага, УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаярын оффшор дансгүй гэдгээ баталгаажуулсан тухай ярилцлага, зарим аймаг, дүүргийн АН-ын хороод УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийнхээ нэрсийг гаргасан талаар болон цаг үеийн мэдээ мэдээллийг уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт манай сонины Орлогч эрхлэгч, Төрийн шагналт зохиолч, нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Баярцогт ба бөөс” нийтлэл хэвлэгдэн гараад байна.

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг олон улсын холбооноос хүлээн зөвшөөрөөгүй гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Н.Энхбатаас тодруулсныг долдугаар нүүрнээс уншаарай. Мөн энэ нүүрнээс “Самсунг Си энд Ти” компанийн захирлыг цагдан хорьсон тухай унших боломжтой.

“Боловсрол” телевизээс зохион байгуулж буй “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн оролцогч дуучин Б.Амархүүтэй хийсэн ярилцлага, “Монгол цэргийн жавхаа-2016” цэргийн парадад “Хурд” хамтлаг оролцож ая дуугаа өргөх гэж байгаа талаар болон Урлагийн салбарынхны шилдгүүдийг тодруулдаг “Мөнгөн мод” наадмын цомын эздээр хэн хэн тодорсон тухай мөн унших боломжтой.

Замын хөдөлгөөний ачааллыг багасгахад маш чухал үүрэг гүйцэтгэх шинэ загварын тээврийн хэрэгслийг хятадууд зохион бүтээжээ. Тусгайлан тавьсан төмөр замаар явах уг тээврийн хэрэгсэл нь ирээдүйн нийтийн тээврийн хамгийн гол хэрэгсэл болох боломжтой аж. Энэ тухай 18 дугаар нүүрнээс уншаарай.

Олон улсын махны салбар гурван жил тутамд “Iffa” нэртэй хамгийн том үзэсгэлэнг зохион байгуулдаг. Энэ удаагийн үзэсгэлэн Герман улсын Франкфурт хотод энэ тавдугаар сарын дундуур зохиогдсон байна. Тус үзэсгэлэнд “Мах импекс” компани амжилттай оролцож алт, мөнгөн медалиуд хүртжээ. Энэ талаар 19 дүгээр нүүрнээс унших боломжтой.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Тариалалт өмнөх оноос 8,3 хувиар ахиу явж байна

Хаврын тариалалт ид явагдаж буй энэ үед газар тариалангийн бүс нутгуудад хур тунадас орж, газарт чийг өгч байгаа нь тариалалт хийхэд таатай нөхцөл болж байна. Энэ онд улсын хэмжээгээр 323 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай, 13.4 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 16.3 мянган га-д тэжээлийн, 25.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 385.2 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 212.1 мянган га-д үр тариа үүнээс 203.2 мянган га-д улаанбуудай, 6.9 мянган га-д төмс, 2.5 мянган га-д хүнсний ногоо, 11.3 мянган га-д малын тэжээл, 8.7 мянган га-д тосны ургамал, нийтдээ 231.6 мянган га-д тариалалт хийж, тариалалтын явц 60.1 хувьтай байна.

Үр тарианы тариалалт 65.7 хувьтай яваа бол төмс 51.6 хувь, хүнсний ногоо 35.0 хувь, тэжээлийн ургамал 7.9 хувь, тосны ургамлын тариалалт 34.7 хувьтай тус тус явагдаж байна. Харин өмнөх оны мөн үеийн түвшнээс нийт тариалалт 8.3 хувь, үр тарианы тариалалт 8.6 хувь, улаанбуудайн тариалалт 6.4 хувиар тус тус ахиу явагдаж байгаа юм. Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаар дамжуулан 250 аж ахуйн нэгж, иргэнд 8.5 мянган тонн улаанбуудайн үр, 377 аж ахуйн нэгж, иргэнд 1.7 мянган тонн шатахуун, 191 аж ахуйн нэгж, иргэнд 147.7 тонн ургамал хамгааллын бодис, 365 аж ахуйн нэгж иргэнд 7.9 мянган тонн эрдэс бордоог тус тус 10-50 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр зээлээр олгоод байна. Үр тарианы тариалалтыг энэ сарын 27-ны дотор, төмсийг тавдугаар сарын 20-ны дотор, бусад таримлын тариалалтыг зургадугаар сарын 05-ны дотор тариалж дуусгахаар төлөвлөж байгаа аж.