Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг Увсад нэр дэвшинэ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 2016 оны УИХ-ын сонгуульд Увс аймагт нэр дэвшихээр болжээ. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа “Ардчиллынхан бид 4 жил ихийг хийж, бүтээж чадсан. Илүү ихийг бүтээхээр багаараа хамтдаа зүтгэнэ ээ” гэсэн байна. Мөн Увсад ТЭСО компанийн захирал О.Цогтгэрэл нэр дэвшихээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Хонины ястай махны үнэ буурав

Махны дундаж үнэ

2016 оны 5 дугаар сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6745 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8490 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул махны үнэ 0.3 хувиар буюу 25 төгрөгөөр өсчээ.

Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8300 төгрөг, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.6 хувиар буюу 325 төгрөг, хонины цул мах 1.3 хувиар буюу 100 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөгөөр, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2016 оны 5 дугаар сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногооны үнэ

2016 оны 5 дугаар сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад хүнсний ногооны үнэ тогтвортой байлаа.

Categories
мэдээ улс-төр

Н.Түвшинбаяр Баянхонгорын АН-аас нэр дэвшихээр болжээ

Баянхонгор аймгийн Ардчилсан намаас нэр дэвших хүмүүс тодорчээ. Баянхонгор аймгийн хувьд гурван мандаттай. Аймгийн Ардчилсан намын хорооны гишүүд УИХ-ын сонгуульд УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын гишүүн Д.Ганбат, олимпийн хошой медальт, хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр нарыг 100 хувийн саналаар нэр дэвшүүлэхээр болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Тариалалт 60 хувьтай үргэлжилж байна

Энэ онд улсын хэмжээгээр 323 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай, 13.4 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 16.3 мянган га-д тэжээлийн, 25.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 385.2 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 212.1 мянган га-д үр тариа үүнээс 203.2 мянган га-д улаанбуудай, 6.9 мянган га-д төмс, 2.5 мянган га-д хүнсний ногоо, 11.3 мянган га-д малын тэжээл, 8.7 мянган га-д тосны ургамал, нийтдээ 231.6 мянган га-д тариалалт хийж, тариалалтын явц 60.1 хувьтай явааг Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлж байна.

Үр тарианы тариалалт 65.7 хувьтай яваа бол төмс 51.6 хувь, хүнсний ногоо 35.0 хувь, тэжээлийн ургамал 7.9 хувь, тосны ургамлын тариалалт 34.7 хувьтай тус тус явагдаж байна. Харин өмнөх оны мөн үеийн төвшингөөс нийт тариалалт 8.3 хувь, үр тарианы тариалалт 8.6 хувь, улаан буудайн тариалалт 6.4 хувиар тус тус ахиу явагдаж байгаа юм. Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаар дамжуулан 250 аж ахуйн нэгж, иргэнд 8.5 мянган тонн улаан буудайн үр, 377 аж ахуйн нэгж, иргэнд 1.7 мянган тонн шатахуун, 191 аж ахуйн нэгж, иргэнд 147.7 тонн ургамал хамгааллын бодис, 365 аж ахуйн нэгж иргэнд 7.9 мянган тонн эрдэс бордоог тус тус 10-50 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр зээлээр олгожээ. Үр тарианы тариалалтыг энэ сарын 27-ны дотор, төмсийг 5 дугаар сарын 20-ны дотор, бусад таримлын тариалалтыг 6 дугаар сарын 05-ны дотор тариалж дуусгахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ улс-төр

Орхон аймгийн АН-аас Д.Одхүү, Б.Мягмарсүрэн, Д.Алтанхуяг нар нэр дэвшихээр болжээ

Орхон аймгийн АН өчигдөр хуралдаж 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн нэгжийн захирал Д.Одхүү, Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, Зэс Эрдэнийн Хувь ХК-ийн ТУЗ-ын дарга Д.Алтанхуяг нар аймгийн намын хорооны хурлаар дэмжигдэн нэр дэвшихээр болжээ. Тэднийг маргааш болох АН-ын ҮЗХ-ны хурлаар эцэслэн баталгаажуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг албадан нүүлгэж байна

tuts

“АСЕМ-11” уулзалтын бэлтгэл, 2016 оны хот тохижилтын ажлын хүрээнд Чингисийн өргөн чөлөө буюу Төв номын сангийн хажууд байрлах түргэн үйлчилгээний цэгийн эзэмшигчдэд урьдчилан мэдэгдэж, шаардах хуудас хүргүүлсэн ч нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөөгүй байгаа аж. Тиймээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын албадан нүүлгэх захирамжийн дагуу СБД-ийн Өмч газрын харилцааны албанаас журмын хашаанд түргэн үйлчилгээний цэгийг зөөвөрлөн байршуулж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлсөн. Цаашид төв зам дагуу нийтийн эзэмшлийн зам талбайд байрласан зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг зөөвөрлөн шилжүүлэх ажлыг холбогдох дүүргүүд хариуцан зохион байгуулж, эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжид урьдчилан мэдэгдэхээр болсон байна.

Categories
мэдээ улс-төр

Сэлэнгийн АН-аас С.Баярцогт, Д.Эрдэнэбат, Л.Цандэлэг нар нэр дэвшинэ

Ардчилсан намын аймаг, дүүргийн намын хороод энэ өдрүүдэд хуралдаж, тухайн тойрогт хэнийг нэр дэвшүүлэхээ хэлэлцэн, ҮЗХ-ндоо саналаа хүргүүлж буй. Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын хорооны 33 дугаар хуралдаанаар УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарыг 100 хувийн саналаар УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх мандат олгосон байна. Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны тэргүүн Л.Цандэлэгийг 83 хувийн саналаар нэр дэвшүүлэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Хар тамхины хэргээр зургаан хүн баригджээ

2016 он гарсаар БНХАУ-д Монголын зургаан иргэн хар тамхины хэрэгт холбогджээ. Тэдний нэгд нь 15 жилийн ял өгсөн бөгөөд бусдынх нь хэрэг мөрдөн байцаалтын шатанд үргэлжилж байна. БНХАУ хар тамхитай хатуу тэмцэнэ гэдгээ зарлаад байгаа билээ.

Ялангуяа хар тамхины хэрэгт БНХАУ-д цаазын ял оноодог юм. Сүүлийн үед Монголын иргэд хар тамхи тээвэрлэх, борлуулах үйл ажиллагаанд ашиглах, татан оролцуулах нь нэмэгджээ. Ялангуяа 18-29 насны монгол залуус Эрээн хотод хар тамхины хэрэгт ихээр холбогдож байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тиймээс залуус хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлсээр байна.

Categories
мэдээ нийгэм

Гадаадад амьдарч байгаа иргэд сонгуульд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Гадаадад ажиллаж, амьдарч буй 150 мянган Монгол иргэн Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж чадахгүйд хүрснийг эсэргүүцэж, тэдний төлөөл мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр “Манай улсад сонгуулийн насны хоёр сая орчим иргэн бий. Энэ тооцооллоор нэг гишүүнийг сонгоход 26 мянган хүний санал хэрэгтэй. Тэгэхээр 150 мянган хүн гэдэг нь зургаан гишүүнийг сонгох хүний тоо юм” гэж гадаадад амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөл онцлов.

Түүнчлэн “Гадаадад сурч, ажиллаж, амьдарч буй иргэд нэг талаараа хөрөнгө оруулагчид, нөгөө талаар эх орноо хөгжүүлэхээр зүтгэж яваа боловсон хүчин юм. Гэтэл Гадаад хэргийн хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “2012 оны сонгуулиар бид нэг алхам урагшилж байсан бол энэ удаа буцаад нэг ухарлаа” хэмээн баяр бахдалтайгаар зарлаж байна. Зүй нь Л.Пүрэвсүрэн сайд үндсэн чиг үүргийнхээ дагуу бидний дуу хоолой болж, санал өгөх боломжоор хангахын төлөө дууграх ёстой. Ийм эсрэг тэсрэг зүйл ярьж байгаа, ажлаа мэддэггүй Л.Пүрэвсүрэн сайдыг огцрохыг шаардаж байна” гэсэн юм. Тэд үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж байгаагийн зэрэгцээ СЕХ, Гадаад хэргийн яаманд санал авах шаардлагыг хүргүүлж буйгаа мэдэгдэв.

Categories
мэдээ нийгэм

Японд зорчих визны журамд өөрчлөлт оржээ

Япон улсын визний журамд өөрчлөлт оржээ. Тодруулбал, Японы талаас урилга, батлан даалтыг заавал шаардахгүй болсон байна. Гэхдээ тухайн иргэн санхүүгийн хувьд Япон улсад зорчих боломжгүй бол дээрх материалыг шаардах юм байна. Бусад тохиолдолд шаардахгүй. Мөн гэр бүлийн аль нэг гишүүний зардлаар зорчих бол тухайн зардал гаргах хүний санхүүгийн баримтыг өгөх юм. Түүнчлэн зорчих зорилгын дагуу бүрдүүлэх бичиг баримтуудын зарим хэсэгт өөрчлөлт оруулжээ. Виз мэдүүлгийн хуудаснаас гадна шинээр асуулгын хуудсыг бөглөх аж. Визний материалыг шалган шийдвэрлэх хугацааг богиносгож, мэдүүлэг хүлээн авсан өдрийн дараагийн өдрөөс эхлэн ажлын гурав хоногт шийдвэрлэхээр болжээ.