Categories
мэдээ нийгэм

Хотын татвараас тэрбум гаруй төгрөгийг төвлөрүүлжээ

Улаанбаатар хотын албан татварыг өнгөрсөн оны аравдугаар сарын 1-ний өдрөөс авч эхэлсэн. Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр хотын татвараас нэг тэрбум 90 сая 804 мянган төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ. Татвар төвлөрүүлэлт төлөвлөсөн хэмжээндээ хараахан хүрээгүй байгаа аж. Учир нь нэг жилд л гэхэд нийслэлийн төсөвт хотын татвараас 13.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх тооцоотой байсан юм.

Гэхдээ ирэх сарын дунд үе гэхэд хотын татвар төвлөрүүлэлт жигдэрнэ хэмээн албаныхан тооцоолж байна. Учир нь одоогоор нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн /НӨАТУС/ үйл ажиллагаа хангалтай жигдрээгүйтэй холбон тайлбарлаж байна. Гэхдээ НӨАТУС зургадугаар сарын дунд гэхэд жигдрээд эхэлнэ хэмээн тооцоолжээ. Ингэснээр хотын татвар төлөх аж ахуйн нэгж, иргэний тоо ч нэмэгдэнэ хэмээн тооцоолсон байна.

Хотын албан татварын тухай хуульд нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлж буй баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн дөрвөн төрлийн тусгай үйлчилгээ, бүх төрлийн архи тамхины жижиглэн худалдаанд нийслэл хотын албан татварыг ногдуулахаар заасан билээ. Мөн хотын албан татварын хувь, хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан 0-1.0 хувийн хязгаарт багтаан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална гэж заасан байдаг.

Олон улсад татварыг хэрхэн зохицуулсан бэ?

Итали улсад – 10 хүртэлх хоногийн хугацаатай ирсэн гадны иргэдэд ногдуулдаг. Татварын хэмжээ хоногийн 4-9 евро байдаг.

Япон улсад – Оршин сууж буй нийт иргэд иргэний харьяаллаас үл хамааран “Оршин суугчдын татвар”-ыг төлөх үүрэг хүлээдэг.

БНХАУ – Нийт аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн салбар болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн эзэмшиж буй газрын хэмжээнээс хамааран ногдуулдаг. Том хотуудад 1мкв тутамд 0.5-10 юань, дундаж хотуудад 0.4-8 юань жижиг хотуудад 0.3-6 юань, уул уурхайн дүүргүүдэд 0.2-4 юанийг төлдөг аж.

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр буюу тавдугаар сарын 27-ны Баасан гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.

Сүхбаатар дүүрэг

10:30-17:30 цагт: 1, 15, 16, 17, 20-р хороо Бэлхийн 5, 7, 9, 11, 30, 31, 34, 35, 37, 39, 53, 54, ДД 80, 30, 23В, 23-р гудамж, Бэлх цуурайтын ам, Сэлбэ зуслан, Хадатын ам, Гүнж зуслан орчмоор, Цолмонгийн ам, Албан бус гэгээрэл хөгжлийн төв, 71, 58-р дунд сургууль, 36, 130, 166, 109-р цэцэрлэгүүд, Гал унтраах анги, Доод салхит, Дамбадаржаагийн 23, 30, 80-р гудамж, УСУГ, Хүүхэд элгэмсэг ирээдүй төв, Гэрэлтүүлэг, Дорнын илч ХХК, Бурхан шашинтны шинэ төв, Нуурын 1-2, 6, 7, 15-18, 22, 23-р гудамж орчмоор
11:00-13:00 цагт: УБДС ТӨХК-ийн 1, 4-р насос
13:00-15:00 цагт: 3-р хороо Зип трейд ХХК,

Багахангай дүүрэг

10.00-18.00 цагт: Үнэгтэй гэр хороолол,

Налайх дүүрэг

10.00-18.00 цагт: 2-р хороо Шинэ үе цэцэрлэг, 10-15, 35-39-р байр, ЗДТГ, Мэри ресторан, Шүүх, Шинэ 5 давхар байр, Шижир зул дэлгүүр, Хаан банк, Прокурор, Цогтүвшин дэлгүүр, Худалдан авах ажиллагааны газар, Хангамж үйлчилгээний хэлтэс.


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Цахим үйлчилгээ: my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 7004700

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ах намууд эвдрэлцэхдээ эвлэрэх боломж үлдээгээсэй

АН, МАН хоёр сүүлийн үед ширүүхэн байна. Сонгууль дөхөж дээ. Хэдэн суудал илүү авчих санаатай элдвээр аяглаж байгаа нь нүдэн дээр илт. Биесээ хамаг муу муухайгаар хэлж, хатуу ширүүн үгийг хайр найргүй шидэж байна. Ялангуяа МАН сөрөг хүчин болоод ч тэр үү, АН руу айхтар цовхчиж байна. Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр, Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нарын гишүүд ууртай байна. “Та нар сонгуулийн тойргийг ингэж зурж байгаа бол хувь тавилангийн зургийг чинь зураад өгнө” гэж ундууцав. “Намайг унагах гэж нэг хязгаараас нөгөөг хүртэл тойрог эмх замбараагүй зурж. Чаддаг аавын хүү нь ирээд Увсад надтай өрсөлд” гэлээ. Арга ч үгүй биз, энэ хүмүүсийн өрсөлдөх тойргийг эрх баригч намынхан нь үнэхээр эвгүй, эмх замбараагүй хуваарилж, тохуурхаж байгаа юм шиг дээрэлхсэн байна лээ. Хэний ч хараажийн уурлавал уурлахаар юм. Гэхдээ нэг нь тэгж хэлүүлтэл тойргийг нь тойруулж сараачих хэрэг байсан ч юм уу даа. Нөгөөдүүл нь хувь заяаг нь зурна гэж өсөрхөх хэрэг байна уу. Хуучны далд утгаар ярьдагчлан хувь заяаг чинь зурна гэхээр “алаад өгнө” гэж байгаа юм шиг сонсогдож байна. Ц.Гарамгайбаатар гишүүн Чингис хаанаар түрий бариад л илүү мандаттай байх ёстой гэж аархаж ирээд л загнана лээ. Ө.Энхтүвшин гишүүн “Өрсөлдөгчөө өрөвдсөний горыг амсч байна” гэж ирээд л өс өвөрлөсөн аятай хэлнэ лээ. Ер нь л уур уцаараа барьж дийлэхгүй, төрийн хойморт суугаад хашгирах нь байтугай гэрийн хаяанд ч хэлэмгүй муухай үгсээр биесээ дайрч хэрэлдэх юм. Ингэж хамаагүй эвдрэлцэж болохгүй ээ. Эвтэй байж Монгол Улс хөгжинө. Яаж ч муудсан эргээд уулзах улаан нүүр гэж бий. Эр хүний замын хүзүү урт гэлцдэг. Нэг өдөр сонгууль дуусна. Аль нь чиг л гарч ирээд мөр зэрэгцээд улс орны хувь заяаг ярьж суух улс. Буцаж буух бууриа бодож байх хэрэгтэй юм. Угаас Монголын төрийг энэ хоёр нам л барина. Өөр сонголт байхгүй. Ээлжилж эрх барина уу, хамтарч эрх барина уу, аль нэг нь байх нь эргэлзээгүй. Цаашид ч ийм л байх биз. Өөр нам гарч ирээд төр барьтлаа өдий. Манай сонин ч “Гэр шилбэл шинийг, гишүүн сонговол хуучныг нь” гэж бичиж байлаа. Монгол Улсын төр гэдэг тоглоом биш. Элдэв шоу биш. Монгол Улсын хувь заяа одоогийн гурван сая хүний ч хувь заяа төдий биш. Ирээдүйн гурван зуун сая монгол иргэний, монгол үндэстний дэлхийн тавцанд орших, эс оршихуйн хувь заяаны асуудал юм. Монгол Улс үүрд орших хувь заяаны үй түмэн гишгүүрийн нэг шат нь төр засгаа эмхлэх, ээлжит сонгууль. Та нарыг муудалцаад байна гээд улстөрч болох гэж хөөрцөглөсөн хүүхдүүдийг төрд гаргачихалтай нь биш. Нэг шат буруу тавибал энэ улс орны цаашдын ирээдүй хазайна. Иймээс хүүхдүүдээр төр бариулж тоглуулж болохгүй гэж “Өдрийн сонин” байнга бичдэг. Эрхбиш хариуцлага хүлээдэг нам, хат суусан эрчүүлээр төрөө бариулах хэрэгтэй. Дээр дурдсан, өдгөө төрд байгаа хүмүүс ч хат суусан тэр эрчүүлийн зарим нь. Монголчууд 1911 оны хувьсгалыг эс тооцвол бүх хувьсгалыг, нийгмийн томоохон өөрчлөлтийг залуучуудын гарт өгсөн. Онохоосоо алдсан нь их байв. Магадгүй ингээгүй бол өнөөдөр Монгол ийм байхгүй ч байж болох байв. Хөгжлийн өөр түвшинд байх байсан ч юм бил үү. Тиймээс хариуцлага үүрэх чадалтай энэ хоёр намын хат суусан төрийн түшээд нь энэ Монголын төрийг авч явах хэрэгтэй. Монголын хувь заяа та нарын гарт байгаа. Магад эвсэж, хамтрахаар байдалд хүрч болох юм. Эсвэл аль нэг нь ялах биз. Айхтар зөрүүтэй ч гарахгүй болов уу. Өнгөрсөн хорь гаруй жилийн турш ингэж л, ийм замаар явж ирсэн. Ийм сонголтыг ард түмэн хийж байсан. Тиймээс эвтэй байцгаая. Та нар биесээ элдвээр хэлж, гоочлоод байхаар иргэд та нарыг бүгдийг нь элдвээр хэлж байна. Тэр, энэ, АН, МАН гэлтгүй л шүүмжлэх юм. Бид бүгд монголчууд, хэн хэнийхээ дайсан биш. Бие биеэ үзэн ядахгүй байж, цөсийг нь хөөргөж элдэв үг хэлээд яах ч юм билээ. Эргээд эвлэрэх нүүртэй байх хэрэгтэй. Монголын хамгийн том ууган намууд гэвэл яалт ч үгүй АН, МАН-ыг л хэлнэ. Ах намууд сонгууль гэж ингэж хэрэлдэн тэмцэхдээ эвлэрэх зай, эвлэрэх боломж үлдээгээсэй. Та бүхэн эвдрэлцвэл улс орон яах билээ. Тэртэй тэргүй энэ хоёр намгүй Монголын төрийг төсөөлшгүй. Аль нь ч ялж төр барилаа гэсэн Засгийн газраа унагахгүй байх хэрэгтэй. Тиймээс УИХ бүрэлдмэгц Засгийн газраа огцруулахгүй байх хууль хамгийн түрүүнд баталж, хэрэв огцруулбал УИХ тардаг болох хэрэгтэй юм. Учир нь төрөөрөө тоглож, засгаа унагаад сайжирсан түүх үгүй. Хэн нэгнийг нөгөө нэгнээр солиод өөрчлөгддөг бол сайжирдаг бол сайжрахаар л боллоо. Нөгөө нам нь битгий хэл өөрийнх нь нам засгаа унагаад сайжирсангүй. Хичнээн ч удаа засаг төрөө унагаж тоглов. Хамгийн эмгэнэлтэй энэ бүхний үр дүнд нь Монгол Улс л хохирдог. “Монгол төр түвшин байг” гэж ээжүүд сүүгээ өргөдөг чинь та бүхнийг эе эвтэй байхыг, тэр эв эе чинь улс орон амгалан байхын л учир шүү дээ. Төр засаг унаж, биесээ элдвээр хэлчихээд тэрүүхэндээ бие биенээ чадаад дийлчихлээ гэж боддог л байх. Хохирогч нь ердөө л улс орон маань.

Магадгүй цаашид МАН, АН гэж хэлэхээсээ илүүтэй Нүүрсчдийн нам, Шороочдын нам нь ялах уу гэж яригдах нь. Аль алинд нь МАН, АН-аас холилдоод орчихдог. Нүүрсчдийн нам гэж Таван толгойг хөдөлгөх MCS толгойтой үндэсний компаниуд тэргүүтнүүд. Эднийг өрсөлдөгчид нь “Эх орноо гадныханд худалдах гээд байна” гэлцдэг. Нөгөөх нь Шороочдын нам, 270 сая доллараар шороон далан овоолсон гэх хүмүүсийг хэлээд байх шиг. Шороочдын нам нь Нүүрсчдийн намтай л биш бол хэнтэй ч, тэр байтугай муу хэлээд байдаг Орос, Хятадтай ч хамаагүй хамтарсан яахав гэлцэх. Энэ хоёр намд нь АН-ынхан нь ч бий, МАН-ынхан нь ч бий. Иймд аль нэг нам ялах ялагдахад онцын ялгаа байхгүй. Хоорондоо эвтэй л байх хэрэгтэй. Алдаа, оноо аль алинд нь бий. Найраа, тохироо хийхээ хүрвэл хүний, өөрийн нам, МАН, АН гээд ч байх юмгүй, нүүрсчин, шороочноороо л ялгарчихна биз. Улаан мах олдоно, улайх нүүр олдохгүй гэж нэг үг бий. Эргээд уулзах нүүртэй байгаарай. Хэн ч ялдаг, хэн ч ялагддаг л хорвоо. Ялагч байхад ялагдагч , ялагдагч байхад ялагч байдаг. Аль нэг нь ялна. Эсвэл адилхан тэнцүү байна. Өөр сонголт, өөр боломж үгүй. Ах намууд минь энэ байдлаараа сонгууль болтол эвдрэлцэж, элдвээ л дуудах нь шиг байна. Эвлэрэх боломж үлдээгээрэй. Сонгууль нэг л өдөр дуусна. Дүн гарна. Эргээд уулзахад эвлэрэх боломжтой л байцгаана шүү.

Categories
мэдээ цаг-үе

Биеийн тамирын факультетийн “Социалист нөхөрлөл”-ийн дөрвийн “А” ангийнхан

“Нэг ангийнхан” буланд энэ удаад Улсын Багшийн дээд сургуулийн Биеийн тамирын факультетэд Биеийн тамирын багш, дасгалжуулагчаар 1965-1969 онд суралцаж төгссөн нэг ангийнхныг урилаа.

Тухайн үедээ улсын шигшээ багт хичээллэдэг, аймаг, орон нутгаасаа шалгарсан, цаашид олимп, тив дэлхийд улс орныхоо нэрийг гаргах ирээдүйтэй гэсэн тамирчид, спортын салбарыг авч явах боловсон хүчнүүд энэ ангид элсэн оржээ. Шинэхэн оюутнууд дундаас Д.Намжилмаа, Г.Батбаяр, Ч.Дамдиншарав, Д.Хишгээ гэсэн дөрвөн оюутан Улсын шигшээгийн тамирчид. Тэд 1968 оны олимпод өрсөлдөх боломжтой тамирчдын тоонд зүй ёсоор тооцогдож байсан хүмүүс учир сургуулийн захиргаа болоод спортын газруудаас онцгой анхаарал хандуулна. Ер нь л тэмцээн уралдаан гээд явчихдаг учир эдний ангийнхны хувьд хичээлдээ бүрэн сууна гэдэг ярвигтай. Гэвч тэмцээнд явсан нэгнийхээ хичээлийг бусад нь нөхөж өгч, ирэхээр нь хоцорсон хичээлийг нь ойлгуулж өгдөг бие биедээ анхаарал халамж тавьдаг, их эв нэгдэлтэй, багш нарынхаа итгэлийг даасан мундаг анги байжээ. Социалист хөдөлгөөн идэвхжиж бүгд социалист хөдөлмөрийн даалгавар авч, нийгмийн бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан үе. Эдний ангийнхан ч тэр хөдөлгөөнөөс хоцрохыг хүссэнгүй. Хөдөлмөрийн төлөвлөгөө авч түүнийгээ ч биелүүлж “Социалист нөхөрлөл” гэсэн батламж авсан нь ангийнх нь дурсгалын цомогт үлджээ. Намар, хаврын ажилд Хөвсгөл, Хэнтий, Төв аймаг гээд ийш тийш явцгаана. Тамирын анги болохоор ер нь хүч чадал шаардсан ажилд дайчлагддаг байж. Станкин, Осипов, Аюшеева гэсэн Зөвлөлтийн мэргэжилтнүүд хичээл заана. Мэргэжлийн хичээлүүдээ орос хэлээр үзэцгээнэ. Ингээд 1968 оны олимп хаяанд ирэв. Д.Хишгээ шөрмөсөө гэмтээснээр олимп руу явах боломжгүй болжээ. Ингээд эдний ангиас Ч.Дамдиншарав чөлөөт бөхөөр, Д.Намжилмаа хөнгөн атлетикийн төрлөөр Мехиког зорьжээ. Ангийнх нь анд Ч.Дамдиншарав Мехикогийн олимпод одтой барилдаж Монгол Улсад анхны олимпийн медаль, хүрэл медаль хүртсэн нь үгээр илэрхийлэхийн аргагүй том баяр болжээ.

Ардын багш Ч.Дамдиншарав анхны медаль авсан тухайгаа “Тэгэхэд дөрвөн хүн финалд үлдсэн шүү дээ. Мөнхбат аварга, Сэрээтэр, Артаг бид дөрөв. Зарим нь медаль авах нь тодорхой биш байсан. Мөнхбат аварга Америкийн бөхийг ялбал авна. Ялагдвал ямар ч медальгүй хоцрох тийм л эгзэгтэй мөч байлаа. Тэр үед би хамгийн эхэлж салхийг нь хагалах хүн. Хөнгөн жингийн бөх. 52 кг-ын жинд барилддаг байлаа. Нөгөө гурав маань намайг хүлээж байсан юм, бэлтгэлийн заалнаас гараад. “Чи эхлээд медаль авна шүү. Чамайг медаль авбал бид гурав авна” гэсэн хүлээлттэй байсан. Би ч хүрэл медаль дээр буулаа. Намайг нөгөө гурав маань тэвэрч авлаа. Мөөеө аваргыг санадаг юм. Хана шаагаад л “Би америкийг дэлгэж өгнө өө” гээд л гарсан. Цөмөөрөө медалийн болзол хангасан. Миний хувьд тийм л юм. Азтай байсан байх. Одооны хүүхдийн ярьдгаар ёндоотой байсан болохоороо л анхны медалийг авсан болов уу гэж боддог шүү” гэж ярилаа.

Ангийнх нь анд ийнхүү олимпийн медалийн салхийг хагалж монгол түмнээ баярлуулсан бол Д.Намжилмаа хөнгөн атлетикаар шигшээ наймд шалгарсан нь баяр дээр баяр нэмсэн үйл явдал болжээ.

Ч.Дамдиншарав олимпоос ирэхэд ангийнхан нь баяр хөөр болцгоож, бүгд л уран зохиолын элдэв төрлийн ном дурсгаж баяр хүргэжээ. Түүнээс биш медалийг нь угаана энэ тэр гэж одооныхон шиг наргиж цэнгэнэ гэж байдаггүй байж. Тэмцээн уралдааны бэлтгэлд гарсан, гадагшаа дотогшоо тэмцээнээр явсан нэгнийхээ хичээлийг нөхөж бичиж өгцгөөнө. Эдний ангиас ганц хос төрсөн нь Г.Ирина, Ч.Дамдиншарав хоёр. Г.Ирина тэмцээнээр явсан хүүхдийн хичээлийг нөхөж бичиж өгөхөд сэтгэлээрээ ханддаг охин байж. Ч.Дамдиншаравын хичээлийг уйгагүй бичиж өгч, хоцорсон хичээлийг нь хичээнгүйлэн заадаг байсан нь тэднийг дотно болгосон байж магадгүй. Тэгээд энэ хоёр маань удахгүй нэг гэрт орсон доо гэж ангийнхан нь ярилаа. Ардын багш Ч.Дамдиншарав “Ангийн охин Ирина буюу миний хань чинь намайг дээд сургуулиа амжилттай төгсөхөд хамгийн их дэмжиж, тусалсан хүн. Бид хоёр оюутан ахуй цагт дотносч хүү, охинтой болж байлаа. Ширээнийхээ охиноор хичээл хийлгэсээр байгаад л аваад суучихсан юм шүү дээ” гэж ярилаа. Эдний анги Д.Намжилмаа, Г.Батбаяр, Ч.Дамдиншарав, Д.Хишгээ гэсэн дөрвөн гавьяаттай бол спортын мастер цолтой нь арав гаруй бий. Б.Наран, Б.Баасан ширээний теннисний, Д.Баадай цанын, Б.Гунгаадаш хөнгөн атлетикийн, Ц.Базаргүр, О.Цогтоо нар хөлбөмбөгийн, Д.Түмэндамба боксын спортын мастерууд.

Д.Хишгээ дунд сургуулийн долдугаар ангиасаа л шигшээд орж, хүүхэд байхаасаа л тамирчны цалинд хүрсэн болохоор урилгаар уг ангид элсчээ. Түүнтэй хамт гуч гарсан ах эгч нар ч хамт сурч байжээ. Энд тэнд спортын чиглэлийн ажил хийж байгаад ирсэн Б.Гунгаадаш, Ц.Лувсандаш, О.Цогтоо нар бол ангийнхныхаа өмөг түшиг нь. Эдний ангийнхан энэ гурав дээрээ хуваагдаж хичээлээ давтацгаана. Б.Гунгаадаш Дундговь аймгийн дасгалжуулагч, Ц.Лувсандаш Хотын биеийн тамир спортын хорооны даргаар ажиллаж байсан тухайн үедээ оюутны байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, сурлага, зохион байгуулалтаараа үеийнхнээ манлайлдаг оюутнууд. Тиймээс ангийнхаа бүх хүүхдэд аав нь юм шиг хандаж анхаарал тавьдаг байж.

О.Цогтоогийн группийнхныг “Баригдашгүй өшөө авагчид” киноны атаман Бурнашийн группийнхэн гэж өнөө хоёр группийнхэн нь шоолдог байж. Эдний ангийнхан спортоор шилдэг байгаад зогсохгүй, урлагаараа ч шилдэг нь байж. Урлагийн үзлэгт Ц.Отгон, Ц.Базаргүр, Ц.Гүндэгмаа, Я.Туяа, Д.Хишгээ нар “Усан цэргийн бүжиг”-ээр нэгдүгээр байрт шалгарч байжээ. Уг бүжигт Ц.Отгон, Ц.Базаргүр нар тогоочийн дүрийг бүтээсэн бол өнөө гурав нь сахал зурж, усан цэргийн малгай сэлт өмсөөд эрэгтэй дүрийг харуулжээ. Бүжгийн эргэлттэй хүнд үзүүлбэрийг харуулж чадсан учир тэр үедээ л багахан хэмжээний шуугиан тарьж түрүүлсэн нь тэдний хувьд хэзээ ч мартагдашгүй мөчүүдийнх нь нэг болж.

Анатоми физиологийн хичээл орно. Хүний биеийн бүтцийн талаар маш нарийвчлан заадаг байсан учир тэр үед биеийн тамирын ангийнхан бараг шахуу бага эмчийн хэмжээний мэдлэгтэй төгсдөг байжээ. Нэг удаа анатоми физиологийн хичээлийн шалгалт болж ангиар нь дүүрэн инээдэм болж байсан нь санаанаас гардаггүй гэнэ. Билет сугалтал Д.Хишгээд хүний гарын сарвууг тайлбарлах даалгавар иржээ. Багшийн заасныг бүгдийг нь хэлээд сайн авчээ. Түүний дараа Б.Гунгаадаш ороод эм бэлэг эрхтний тухай ярих болж. Ангийнхан дундаа ахмад оюутан байсан болохоор их л сайн ярьсан учир тав буюу онц аваад гараад иржээ. Харин түүний дараа Н.Бурмаа орвол эр бэлэг эрхтний тухай ярих сэдэв таарч. Н.Бурмаагийн нүүр улайж юу ч тайлбарлаж чадахгүй, сүүлдээ инээдээ барьж чадахгүй эргэн тойрныхноо хүртэл инээлгэчихэж. Багш нь энэ байдлыг анзаараад гурав тавьж шалгалтад тэнцүүлж байсныг ярьцгааж “Бөөн инээдэм болж билээ. Элэг хөштөл инээлдэж, Бурмаагаа үгүй ээ мөн их цаашлуулдаг байж шүү. Бас хүнд хэдэн хавирга байдаг вэ гэж багшийг асуутал хавиргаа тоолоод 12 гэж байсан хүн ч бидний дунд бий шүү” гэцгээв.

Багш, дасгалжуулагчийн ангийн оюутнууд бусад мэргэжлээр сурдаг оюутнуудаас 40 төгрөгөөр илүү стипендтэй. Дөрвөн жил сурахад нь улсаас хоёр удаа бэлтгэлийн хувцас өгдөг байж. Бас тодорхой тооны спортоор болзол хангасан байх шаардлага тавьдаг ачаалал ихтэй учир ийн өндөр цалин олгодог байсан гэнэ, улсаас.

Дөрвийн “А”-гийнхан 1969 онд сургуулиа төгсөөд эх орныхоо өнцөг булан бүрт очиж мэргэжлээрээ ажиллахын сацуу тамирчны замналаа ч үргэлжлүүлжээ. Монголын спортын хөгжилд шилдэг шавь нар бэлдэж хувь нэмэр оруулж, түүхийн шаргал хуудаснаа нэрээ мөнхөлцгөөсөн бол зарим нь хөдөө орон нутагт очиж Биеийн тамир, спортын газар удирдаж, спортын бодлогыг зангидалцаж явжээ. Одоо эдний ангийнхнаас Улаанбаатар хотод арав гаруй хүн амьдардаг юм байна. Ангийнхантайгаа байнгын холбоотой. Жилд нэгээс хоёр удаа уулзана. Зургадугаар сард тохиодог тамирчны өдрөөр заавал цуглацгаана. Зуны дэлгэр цагт амарч зугаалж, нэгнийдээ очдог бол намар ч уулзах дуртай гэсэн. Саяхан ангийнхан нь ангийн дөрвөн гавьяатдаа хүндэтгэл үзүүлж хүлээн авсан гэнэ. Хөнгөн атлетикийн гавьяат дасгалжуулагч Д.Хишгээ “Удахгүй дөрвөн гавьяат нь ангийнхнаа хүлээж авна даа. Хонины ээлж бидэн дээр ирж байна” хэмээлээ. Тавиад жилийн тэртээ Улсын багшийн сургуулийн босгыг алхан орж байсан залуус Монголын спортын алтан үеийг бичилцэж, тив, дэлхийд эх орныхоо алтан соёмбот тугийг мандуулж мандаж явжээ. Харин одоо тэд хийсэн бүтээсэнтэй, хэлэх үгтэй, захих захиастай энх тунх сууж, ирээдүйн тамирчдадаа үнэтэй зөвлөгөөгөө өгсөөр явна.

Монголын анхны олимпийн медальтан, ардын багш Ч.Дамдиншарав “Бид нэг анги гэх халуун бүлийн гишүүд болоод тавин жил болжээ. Сургуулиа төгсөөд тус тусын ажил амьдралын мөрөө хөөгөөд тамирчин, дасгалжуулагчаар ажиллаж, олон мундаг шавь төрүүлж спортод нэрээ үлдээцгээлээ, манай ангийнхан. Хийж бүтээх насаа өнгөрөөж гавьяаныхаа амралтад суугаад ирэхээр хүн чинь оюутан ахуй цагийн найзуудаа өөрийн эрхгүй их санадаг юм байна. Тэгээд нэг нэгээрээ хорвоогоос буцаад эхлэхээр үлдсэн хэд нь бие бие рүүгээ тэмүүлдэг болчихдог юм байна” гээд “Бид чинь ер нь байнгын холбоо харилцаатай байдаг хүмүүс. Тавин жил нөхөрлөсөн андууд. Ийм олон жил нөхөрлөж холбоо харилцаатай байна гэдэг ховор үйл явдал шүү. Биднийг тийм болохоор салшгүй андууд, жинхэнэ нэг ангийнхан гэж хэлж болно” гэсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Фэйсбүүк, твиттерээр хүнийг гүтгэж доромжлох хэргүүд их гарч байна

Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Очирбаттай ярилцлаа.

-Цахим орчинд ямар төрлийн гэмт хэргүүд гардаг вэ. Хамгийн их гарч байгаа хэргүүдээс дурдахгүй юу?

-Цахим гэмт хэрэг бол харьцангуй шинэ төрөлд орно. Цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцээд гурав, дөрвөн жилийн нүүр үзэж байна. Мэдээллийн аюулгүй байдал, оюуны өмчийн эсрэг гэмт хэрэг, садар самуун сурталчлах, захидал харилцааны нууцад халдсан ийм гэмт хэргүүдийг манайх илрүүлэн шалгаж байна. Үүнээс гадна цахим орчинд үйлдэгдэж байгаа маш олон хэрэг бий. Цахим орчинд хамгийн их гарч байгаа хэргүүд гэвэл, гадаадаас Монгол Улс руу чиглэсэн цахим гэмт хэргүүд байна. Цахим шуудангийн луйвар, нигерийн залилангийн хэрэг байна. Монгол Улс дотооддоо гарч байгаа хэргүүд гэвэл, сүүлийн үед фэйсбүүк, твиттер, сошиал ертөнцөд хүний нэр хүндийг гүтгэх буюу Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйл ангийн хэргүүд их гарч байна. Дээр нь залилангийн хэрэг, компьютер мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг сүүлийн хоёр жилд нэлээд их гарч байна. Ялангуяа, өнгөрсөн онд аж ахуйн нэгжүүдийн мэдээллийн аюулгүй байдал алдагдсан ийм хэрэг олон гарлаа. Хувийн байгууллага, аж ахуйн нэгжүүдээс гадна төрийн байгууллагын мэдээлэл алдагдсан хэргүүд гарч байна. Манай аж ахуйн нэгж, байгууллагууд техник технологи, боловсон хүчин дээр анхаарахгүй, арга хэмжээ авахгүй бол болохгүй болж байгааг гарч буй олон хэргээс харагдаж байна.

-Саяхан нэгэн УИХ-ын гишүүнийг нэрээ нууцалсан хаягнаас гүтгэж, доромжилсон. Нууц хаягийн ард хэн гэж хүн байсныг танайхаас илрүүлсэн байна лээ. Гүтгүүлж доромжлууллаа, шалгаад өгөөч гэсэн өргөдөл хэр их ирдэг вэ?

-Цахим орчин, фэйсбүүк, твиттерт нууцалсан хаягнаас бусдыг гүтгэх доромжлох, нэр төрд нь халдах ийм байдал их гардаг юм байна. Энэ хэрээр цагдаагийн байгууллагад энэ төрлийн хэргийг шалгуулах өргөдөл их ирж байна. Одоо УИХ-ын сонгууль дөхсөн учраас хүнийг гүтгэх, доромжлох ийм байдал бүр ч их нэмэгдэж байгаа бололтой. Цагдаагийн байгууллагад ирж байгаа өргөдөл гомдол ихэсч байгаагаас харахад энэ нь тодорхой байна. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатараас гадна Ч.Улаан гишүүн манайд өргөдөл өгсний дагуу шалгасан байгаа. Цагдаагийн байгууллагад ирсэн гүтгүүлж доромжлууллаа гэсэн өргөдлийн ихэнх нь хуурамч хаягтай байна. Цөөн тохиолдолд нэр хаяг нь тодорхой байдаг.

-Цахим орчинд болдог хэрэг илрэхгүй байна гэж байдаггүй гэж хүмүүс ярьдаг. Энэ үнэн үү. Энэ төрлийн хэргийг хэрхэн илрүүлдэг вэ?

-Цахим орчинд гарч байгаа хэргүүд огт илрэх боломжгүй хэрэг гэж ховор гэдэг нь үнэн. Одоогийн манай хууль болон бусад шалтгаан нөхцөлөөс болоод илрэхгүй байх тохиолдлууд байна. Гэхдээ тэр тухай хэлбэл, олон хүн энэ талаар уншиж байгаа учраас магадгүй зарим хүмүүст тэр нь сэдэл болж, ашиглах тохиолдол гарч болзошгүй учраас дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагагүй байх гэж бодож байна. Ер нь фэйсбүүк, твиттерт хүнийг гүтгэсэн, доромжилсон нэр, зураг нь байхгүй ийм хуурамч хаягуудыг илрүүлэхэд хүндрэлүүд байна. Гэхдээ илрүүлэх олон төрлийн арга бий. Ямар хугацаанд яаж ажилладаг талаар мөрдөн байцаалтын нууц учраас дэлгэрэнгүй ярих боломжгүй. Ч.Хүрэлбаатарыг гүтгэсэн гэх энэ хэргийн цаана нэрээ нууцалсан гурав, дөрвөн акаунт хаяг байсан. Тэд нарын цаад эздийнх нь ашиглаж байсан IPI буюу интернэт протокол хаягийг шүүгээд энэ бол юнивишний хэрэглэгч байна гэдэг нь гараад ирлээ. Тэднийхээс лавлагаа авахаар бүх зүйл тодорхой болоод ирж байна. Манайд энэ төрлийн хэргийг илрүүлэхэд хүндрэлтэй зүйл бол фэйсбүүкийн ямар ч нэр, утас, зураг байхгүй, тухайн хүний нэг ч мэдээлэл байхгүй хаягийг илрүүлэхэд хугацаа шаардлагатай байна. Фэйсбүүкийн толгой компани, сервер нь АНУ-д байгаа учраас тус улс руу манайхаас хүсэлт явуулах маягаар ажиллана. Үүнд нэлээд хугацаа шаардагдаж байна. Бас тус улсын хууль эрхзүйн орчин, манай улсын хууль эрхзүйн орчин зөрүүтэй байдлуудаас ганц нэг хүндрэл гарч байгаа. АНУ -ын хуулиар шүүхийн шийдвэр гарсан бол хүсэлтийг биелүүлдэг юм байна. Манай хуулиар прокурорын дүгнэлтээр шалгах эрхтэй болдог. Энэ мэт улс хоорондын хууль эрхзүйн орчин өөр байгаагаас асуудлууд байна. Гэхдээ одоо батлагдах гэж байгаа шинэ хуульд шүүхийн шийдвэр гардаг болж байгаа. Тиймээс энэ төрлийн хэрэг нааштай, хурдан шийдэгдэнэ гэдэгт найдаж байна.

Ер нь манай алба харьцангуй шинэ алба учраас дутагдалтай зүйлүүд байгааг нуугаад яахав. Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд шаардлагатай бүртгэлүүдийг хийхгүй байна. Интернэт хэрэглэж байгаа хүн IPI дугаар авах ёстой. Гар утастай хүн утасны дугаартай байдаг шиг интернэт хэрэглэж байгаа хүн IPI дугаартай байна. Тэр бүртгэлийг нь бүртгэхгүй байна гэсэн үг.

-Олон улсын жишигт цахим орчинд хүнийг гүтгэж доромжлох энэ төрлийн хэрэгтэй хэрхэн тэмцдэг вэ?

-Олон улсын жишигт сошиал ертөнцөд хэн нэгнийг гүтгэсэн, доромжилсон бол тэр бүр авч хэлцдэггүй юм билээ. Өөрөөр хэлбэл, Цахим гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн хэлтэс нь шалгадаггүй. АНУ-д бол сошиалаар хэн нэгнийг гүтгэж доромжилсон энэ мэт зүйлийг тоодоггүй. Тухайн хүн өөрийгөө тийм биш гэдгээ амьдралаараа үлгэр дуурайлаараа үзүүлж батлах ёстой гэсэн зарчим үйлчилдэг. Саяхан Өмнөд Солонгос улсад сошиалаар хүнийг гүтгэвэл шалгадаг болсон байна. Энэ нь юунаас болсон гэхээр, Өмнөд Солонгосын нэг алдартай дуучинг фэйсбүүкээр гүтгэж доромжилсон маш олон сэтгэгдэл очсон байна. Үүнээс болоод тэр дуучин сэтгэлээр унаж, амиа хорлож нас барсан хэрэг гарсан. Энэ үйл явдлаас болоод хуульдаа тусгасан байдаг.

-Цахим сайтад гарсан мэдээллүүдийн доорх сэтгэгдлүүдэд хүнийг гүтгэх, доромжлох ийм байдал их байдаг шүү дээ. Энэ бол асуудалгүй илрэх юм байна тийм үү?

-Цахим сайтууд чинь буух эзэнтэй учраас ямар хүн хаанаас бичсэн гэдгийг олоход асуудалгүй. Ард талдаа IPI ил байгаа шүү дээ. Гэхдээ мэргэжлийн хүмүүс IPI нууцлаад орох тохиолдол бий. Энэ тохиолдолд илрүүлэхэд бас хүндрэлтэй. Гэхдээ илэрнэ.

-Фэйсбүүк хаягийн нууц үгийг хакердаж олоод хүний хувийн мэдээллийг олон нийтэд дэлгэх ийм хэргүүд гарч байгаа гэсэн?

-Хакер бол мөн л мэдээллийн аюулгүй байдлын эсрэг хэрэг юм. Энэ төрлийн хэрэгт ихэнхдээ залуучууд холбогдож байна. Мэдээллийн технологийн чиглэлээр сурч байгаа, сурч байгаад дундаас нь сургуулиасаа гарсан ийм залуучууд энэ төрлийн хэрэгт холбогдох нь их байна. Интернэтэд хакерын төрлийн бүх мэдээлэл байна. Үүнийг үзээд маш их зүйл сурч байна. Наад зах нь хамгаалалт муутай сайтууд руу орж мэдээллийг нь хуулж авах хэрэг гарч байна л даа. Ер нь хүний нэр төрд халдах, хүний нууцыг хууль бусаар олж аваад дэлгэх хэргүүд гарч байгаа. Фэйсбүүкийн акаунтуудын нууц үгийг олж авах олон хакерын аргууд байдаг. Ингэж нууц үгийг нь аваад залуу охидын найз залуутайгаа зургаа солилцсон нүцгэн зургуудыг нь олон нийтийн сүлжээгээр тараах ийм хэргүүд гарч байна. Мөн хүний нэр төрд халдсан ийм нэг хэрэг гарсан. Нэг эмэгтэй өөрийнхөө нүцгэн зургуудыг аваад хадгалсан байсан гар утсаа гээсэн. Тэр утсыг нь олж авсан хүн жилийн дараа эмэгтэй рүү ярьж 500 мянган төгрөг өг, эсвэл надтай бэлгийн харьцаанд ор гэж тулгасан байгаа юм. Үгүй гэвэл, энэ зургуудыг чинь фэйсбүүкт оруулна гэж сүрдүүлсэн. Эмэгтэйн хувьд зөвшөөрөөгүй, гэтэл тэр нөхөр нүцгэн авахуулсан зургуудыг нь интернетэд тавьсан байна. Энэ байдлаас болоод эмэгтэйн хувьд маш хүнд байдалд орж амиа хорлохыг хүртэл завдсан. Гэх мэт хэргүүдийг илрүүлэн шалгаж байна. Тэгэхээр хэрэглэгч өөрийнхөө нүцгэн зургуудаа гар утас, цахим хуудсандаа хадгалахгүй байж, аюулгүй байдлаа хамгаалах хэрэгтэй.

-Төрийн байгууллагуудын мэдээллийн нууц алдагдсан ямар хэрэг сүүлд гарсан бэ. Жишээ болгоод хэлж болох уу?

-Нэг төрийн байгууллага дээр гарсан хэргийг жишээ болгоод хэлье. Өмнө нь төрийн байгууллагад мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг ажилтан нь нэг асуудлаас болоод ажлаасаа халагдсан. Халагдсаныхаа дараа тухайн байгууллагад цуг ажиллаж байсан найз нөхөдтэйгөө уулзах нэрээр хуучин ажил дээрээ очиж мэдээллийн санд нь орж мэдээллийг нь өөртэй ашигтайгаар өөрчилсөн байсан. Төрийн байгууллага ихэнхдээ лавлагаа гаргаж өгдөг. Лавлагааг авахын тулд үндсэн мэдээллийг өөрийн хүссэнээр өөрчилсөн байсан. Бас хувийн байгууллагад сүүлд гарсан нэг хэрэг байна. Мөн мэдээллийн технологийн ажилтан буюу компьютерийн мэргэжилтэн нь маргаанаас болж ажлаасаа халагдсан. Тэр хүн өс санаад эргээд тухайн байгууллагыг хорлож өндөр үнээр бичүүлсэн программ болон санхүүгийн бүх баазыг нь устгасан байх жишээтэй. Гэх мэтчилэн мэдээллийн аюулгүй байдал нь сул байгаа аж ахуйн нэгжүүд хохирч байна.

-Та энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд хамгийн их санаа зовоосон ямар хэрэг байна вэ. Иргэдэд онцгойлон анхааруулах зүйл байна уу?

-Гадны улс орнуудад туршлага судлахаар очсон л доо. Ер нь дэлхий дахинд цахим гэмт хэрэг газар авч тулгамдсан асуудал болж байна. Тэр дундаа цахим орчин дахь залилангийн хэрэг их байна. Садар самуун, оюуны өмчийн хэрэг бүх л улс оронд их гарч байна. Оюуны өмчийн хэрэг олон улсад толгойны өвчин болж байгаа юм билээ.

Манайд цахим луйврын хэрэг их гарч байна. Одоогоор энэ төрлийн хэргийн хохирлын хэмжээ хоёр тэрбум төгрөг болжээ. Нэг байгууллагад учирч байгаа хохирлын хэмжээ маш өндөр, доод тал нь 20-30 мянган ам.доллар байна. Гадаадаас худалдан авалт хийдэг, бараа үйлчилгээ авдаг байгууллагуудын цахим хаяг руу бараа нийлүүлэгч компаниас мэйл ирж хоорондоо харилцдаг. Энэ мэдээллийг хакердаж, мэдээллийн нууцыг олж аваад манай данс өөрчлөгдсөн, та энэ данс руу мөнгөө хийгээрэй гээд өөрсдийнхөө дансыг өгдөг. Манай компаниуд асууж лавлаж тодруулахгүйгээр мөнгөө данс руу нь хийчихдэг. Энэ мэтээр мөнгөө алддаг. Эргээд мөнгөө олж авахад маш хүндрэлтэй. Манайхаас интерполоор мэдээлэл явуулж эрэн сурвалжилдаг ч эргээд мөнгөө олж авсан компани ховор байна. Он гарсаар энэ төрлийн хэрэг нэмэгдэж байна. Энэ төрлийн хэрэгтэй тэмцэхэд урьдчилан сэргийлэх ажлыг маш эрчимтэй авах ёстой. Манайхаас Худалдаа, аж үйлдвэрийн газартай хамтраад аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл анхааруулга хүргэсэн ч хангалтгүй байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Дэлгэрсайхан: Эх үрсийн баярт зориулж “Үзэсгэлэнт охин жонон хоёр” бүрэн хэмжээний хүүхдийн жүжиг тоглоно

“Маск” продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Эх үрсийн баяраар “Маск” продакшн хүүхдийн жүжиг тавихаар бэлтгэж байгаа гэж сонссон. Бэлтгэл ажил ямар шатандаа явна вэ?

-Хошин урлагийн “Маск” продакшн Эх үрсийн баярт зориулж “Үзэсгэлэнт охин жонон хоёр” бүрэн хэмжээний хүүхдийн жүжгийг МҮЭСТО-ы тайзнаа тавдугаар сарын 31, зургадугаар сарын 1-нд тоглохоор бэлтгэл ажил жигдэрчихээд байж байна. “Үзэсгэлэнт охин жонон хоёр” гэдэг хүүхэлдэйн кино байдгийг бүгд мэдэх байх. Манай хамтлагийнхан мартагдсан, мартагдах гэж байгаа хүүхдийн жүжгүүдийг бүрэн хэмжээгээр хүүхдүүддээ тоглож үзүүлэхийг зорьдог. Гэхдээ бага насны хүүхдүүдэд аль болохоор өгөөжтэй үлгэрүүдийг сонгож авдаг. Энэ жүжигт хошин урлагийн “Маск” продакшны нийт залуу жүжигчид оролцон тоглох болно.

-Та сургуулиа хэзээ төгсч байв. Анхны ажлын гараа хаанаас эхэлж байсан бэ?

-Би Кино урлагийн дээд сургуульд 1999 онд ороод 2003 онд төгсч байлаа. Кино урлагийн дээд сургуулийг Ардын жүжигчин П.Цэрэндагвын гарын шавь болж төгссөн. Төгссөн жилээ TV5 телевизэд орчуулгын киноны дуу оруулагч жүжигчнээр ажиллаж ажлын гараагаа эхэлж байлаа. 2005 оноос эхлээд TV1 студид “360 градус” хошин мэдээллийн хөтөлбөрт тоглож эхэлсэн. Хошин урлагийн “Маск” продакшнд эхний тоглолтоос нь өдийг хүртэл амьдрал, уран бүтээлийн салшгүй холбоотой ажиллаж байна.

-Таныг хүмүүс “360 градус” хошин мэдээллийн хөтөлбөрөөр таньдаг болсон байх?

-Тэгсэн шүү. “360 градус” хошин мэдээллийн хөтөлбөр нийгэмд болж байгаа үйл явдлыг хошин хэлбэрээр үзэгчдэд хүргэдэг байсан. Цагийн хүрд болоод бусад телевизийн мэдээ мэдээллийн хөтөлбөрүүдийг залуучууд мэдээ гарч байна гээд сувгаа сольчихдог шүү дээ. Харин хошин өнгө аястай инээдмийн төрөлд оруулаад хийхээр бүх насны хүн үзэж эхэлдэг юм билээ. “360 градус” хошин мэдээллийн хөтөлбөрийг манай ангийнхан хийдэг байсан. Бид одоо эргэж нэгдээд TV5 телевизээр “100 метр секунд” гээд улс төр, нийгмийн хошин хөтөлбөрийг хийж үзэгчдэдээ хүргэж байна. Сонгууль ойртсон байна. Улс эх орон маань хямарч байна. Бид уран бүтээлээрээ үүнийг нийгэмдээ хэлэх ёстой гэдэг утгаараа эргэн нэгдээд “360 градус” хошин мэдээллийн хөтөлбөр шиг нэвтрүүлэг хийгээд хагассайн өдөр бүр гаргаж байгаа. Эхний хоёр дугаар үзэгчдэдээ хүрчихээд байна.

-Аль нутгийнх билээ. Таныг жүжигчин болохгүй бол малчин болох байсан гэсэн яриа яваад байдаг юм билээ?

-Тэгдэг юм байна лээ. Сонсч байсан. Миний төрсөн нутаг Говь-Алтай л даа. Манай аав, ээж Говь-Алтай аймгийн Тонхил сумын хүмүүс. Би Говь-Алтай аймагт төрөөд долоон нас хүртлээ тэнд байсан. Нэгдүгээр ангид орохдоо Жаргалант сумын Партизаны сангийн аж ахуйд ирсэн. 1982-1999 он хүртэл Партизаны сангийн аж ахуйд өсөж торнисон. Хүмүүс намайг Партизаных гэдэг. Би ч гэсэн тэгж хэлэх дуртай. Яагаад гэвэл тэнд мэдээ орсон цагаас хойших бүх дурсамж бий. Арван жилийн шохоорхол, үерхэл, хайр дурлал гээд хамаг л сайхан дурсамж бүхэн Партизанд үлдсэн. Партизанд очихоор таньдаг хүн ихтэй. Арван жил хамт сурсан хүүхдүүд маань тэнд байгаа. Тэдний аав, ээж нар нь бий. Төрсөн нутагтаа очсон юм шиг л санагддаг юм.

-Яагаад жүжигчин мэргэжлийг сонгосон юм бэ?

-Ер нь сонирхолтой байсан. Тавдугаар ангид байхдаа шүлэг уншаад тэргүүний уран уншигч болсон. Тэрнээс л жүжигчин болох сэтгэл сэдэрсэн байх. Ер нь бага байхад хүүхэд болгон сэтгэл хөдлөлтэй байдаг. Шагнал аваад баяр хүргэж гар барихад гоё санагдаад жүжигчин болъё гэж бодож байлаа. Тэгээд л жүжигчин болсон доо.

-Хошин мэдээллийн хөтөлбөр хөтөлж байгаад тайзан дээр гарах ямар байсан бэ?

-Телевизээр хийж байсан нэвтрүүлгээ их зоригтой хийж байсан. Яагаад гэвэл нэг ангийнхан хамт хийсэн бүтээл шүү дээ. Харин анх тайзан дээр гараад Заанаа ах, Баярмагнай, Мөнхсайхан гээд том жүжигчидтэй цуг тоглоход сүрддэг юм билээ. Сүүлд ах нар дурсч ярихдаа “Дээгийг нэг харахаар костюм өмсчихсөн тайзны хажууд зогсож байна. Дахиад нэг харсан нөгөө талд монгол дээл өмсчихсөн зогсож байсан” гээд л ярьж байсан. Би тухайн үед тайзан дээр юу тоглоод яагаад байгаагаа сайн санадаггүй юм. Сандраад л энэ тэнд нь гараад ганц нэг үг хэлсэн. Тэрнээс хойш жүжигчин хүн тайзан дээр ингэж гарах ёстой юм байна гэж мэдсэн. “Маск” продакшны ах нараасаа их юм сурсан. Хөгжим, шуум бүх юмыг хариуцдаг тоон мастер Энхсайхан гэж залуу бий. Тэр надад их дэм болдог. Тоглолт үзэж байгаад ингээд хийчихээч гээд зөвлөгөө өгнө. СТА Ж.Мөнхсайхан бол миний тайзан дээр яаж биеэ авч явах ёстойг зааж өгсөн багш маань байгаа юм. Хошин урлаг тайзан дээр яаж тоглохыг надад заагаач гэж хадаг барьж очиж байлаа. За тэгье гээд хадгийг минь авсан хүн дээ. Бид хоёр багш шавь хоёр байгаа юм. Тайзнаас буугаад ирэхээр Заанаа ах саяны үзүүлбэрийг ингэчих гэж хэлж өгнө. Дахиад тоглоод гараад ирэхээр Магнай ах дуудаж зөвлөгөө өгнө. Манай хамтлаг бүгд нэг баг бүрэлдэхүүн болж тоглодог. Хамт тоглож байгаа Гэрэлцэцэг, Жавхлан, Алдар манай дүү нар хүртэл нэгэндээ зөвлөгөө өгдөг учраас сайхан уур амьсгалтай байдаг. Тиймдээ ч хүмүүст манай хамтлагийн тоглолт сайхан хүрдэг байх.

-Тоглолт дээр хөгтэй явдал болох уу. Өөрт тохиолдсон зарим нэг хөгжилтэй явдлыг ярихгүй юу?

-Олон байгаа. Бид хөдөө тоглолтоор явж байсан юм. “Нинжа” гэдэг үзүүлбэр дээр Магнай, Заанаа ах хоёр юм яриад байж байхад нь би ороод данхтай цай уугаад текст хэлэх ёстой байдаг юм. Тэгсэн миний барьдаг түмпэн аян замд яваад хагарчихаж. Ээлжээ хүлээнгээ Жавхаа, Ганзо хоёртой юм яриад түмпэнгээ скочдож байсан юм. Нэг мэдсэн чинь гарах ээлжээ мартчихаж. Нөгөө хоёртой бараг арван минут юм яриад нөгөө скочоо дуустал ороочихсон байдаг юм. Магнай ах, Заанаа ах хоёр өөртөө тохиолдсон хамаг инээдтэй юмаа хийчихээд хажуу тийшээ харахаар л би байдаггүй гэнэ. Би ч сандраад хоцорч хоцорч гүйгээд л гарсан урдаас харцаараа зодож байгаа юм чинь. Аргагүй л дээ. Тэр чинь жүжигчин хүний хариуцлага шүү дээ. Хариуцлага алдаж пакталж байлаа. Үзэгчид бол мэдээгүй л дээ. Тэр хоёр үзэгчдээ инээлгэж байгаад л намайг гарах ёстой үедээ гарч байна гэж бодсон байх. Туршлагагүй жүжигчид байсан бол ярих юмнууд нь дуусчихаад өөрсдөө сандраад хачин болох байх. Туршлагатай хүмүүс чинь намайг гарч иртэл тайзан дээр үзэгчдээ инээлгэсээр л байсан.

-Сүүлийн үед дэлгэцийн уран бүтээлд их тоглож байгаа харагдаад байгаа. Хэдэн кинонд тоглосон бэ?

-Сүүлийн үед найруулагчид намайг жаахан тоож байх шиг байна. Овоо хэдэн кинонд тоглочихсон байна шүү. Анх TV5 телевизийн “Гялбаа” олон ангит кинонд тоглож байсан. Дараа нь “Чонын алтан шагай” ОАК, “Омарын эрэлд”, “Хар сувдны нууц”, “Single ladies” гээд олон кинонд тоглосон байна. Тун удахгүй “Туршилтын хосууд” кино маань нээлтээ хийх гэж байна. Кинонд жүжигчин Адъяа, Хулан, Баатархүү ах, Мааз хамтлагийн Жанчив нар тоглосон. Инээдмийн уран зөгнөлт кино болсон. Ингээд тооцвол бараг арав гаруй кинонд тоглочихжээ.

-Найруулагчид таныг ямар дүрд голдуу сонгодог вэ?

-Анх үзэгчдэд танигдаж эхэлсэн цагаасаа эхлээд инээдмийн төрлөөр уран бүтээлээ хийсэн учраас голдуу инээдмийн дүрд сонгогддог. Үзэгчид маань ч бас энэ төрлөөр хүлээж авахад амар байдаг байх. Гэхдээ “Чонын алтан шагай” кинонд инээдмийн биш эсрэг дүрд ажилласан. Сүүлд “Үлгэрийн баатар” нэртэй кинонд тоглосон. Киноны зохиолыг өөрөө бичээд гол дүрд нь тоглосон байгаа.

-Киноны зохиол бичих ямар вэ. “Үлгэрийн баатар” ямар төрлийн кино вэ?

-Кино маань инээдэм, драмын төрлийнх. Би 2003 онд Кино урлагийн дээд сургууль төгссөнөөс хойш 13 жил болж байна. Энэ хугацаанд нэлээд хэдэн кинонд тоглож үзлээ. Кинонд тоглож байх явцдаа нэг кино зохиол бичиж үзвэл яах бол гэж зориглож хийсэн. Энэ урмыг надад “Морьтон энтертайнмент”-ийн захирал Мөнхтулга гэдэг залуу өгсөн. “Дээгий, чи аавын тухай зохиол биччих тэгээд гол дүрд нь тоглоорой. Би тэр киног чинь продюсерлоод гаргая” гэсэн санал тавьсан. Анхны бичсэн зохиолыг маань “Кино байж болох юм байна. Би найруулагчаар нь ажиллая” гэж Төмөрхуяаг ах надад их сэтгэлийн дэм өгсөн. Ерөнхий оператор Энхбаатар ч надад урам өгсөн. Тэгэхээр нь уран бүтээлийн шунал хөдлөөд дараагийн кино зохиолыг бичиж байгаа.

-Хоёр дахь зохиол тань ямар төрлийн кино байх бол?

-Би ил инээдмээс гадна хүнд өгөөж үлдээсэн юм хийхийг хүсдэг. Хайр сэтгэлийн тухай кино болох байх.

-Танд тоглохыг хүсдэг дүр бий юу?

-Би хүмүүс ийм дүрд тоглочих юмсан гэдэг шиг санаа зовдоггүй. Ер нь тэгж бодож байгаагүй юм байна.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу. Бага охиндоо амь гэж дуулсан?

-Би хоёр охинтой. Томыг нь Дөлгөөн, багыг нь Намуун гэдэг. Би охиддоо хайртай. Багыгаа аавын амины хүүхэд гэж онцолж хайрладаг болов уу. Миний гэр бүлийн хүнийг Түмэнсарнай гэдэг. Телевизийн найруулагч мэргэжилтэй бүсгүй бий. Одоо жирэмсний амралттай гэртээ байгаа. Эхнэр маань одоо хэдхэн хоногийн дараа амаржих гэж байна. Эхогоор харуулсан чинь хүүтэй болох шинжтэй. Баярлаад л гүйж байна даа.

-Танд чөлөөт цаг гардаг уу. Зав гарвал юу хийдэг вэ?

-Сүүлийн хоёр жил завгүй ажиллаж байна. Шагай харвах дуртай. Зав зай гарвал шагай харвадаг. Жаахан зав гарвал хашлага, сумаа аваад л давхичихдаг юм.

-Улсын цолтой юу. Хэр удаан хичээллэж байгаа юм бэ?

-Улсын цол байхгүй. Би 1992 онд анх хашлага, сум барьж шагай харваж сумаа зурхай дээрээ хүргэж сурсан. Тэр үед хамт шагай тоглодог байсан хүмүүс маань ийш тийшээ явцгаагаад тоглохоо больчихсон байсан юм. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас дахиж харваад түүнээс хойш эрчимтэй хичээллээд жил гаран болж байна.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Зуныхаа төлөвлөгөөг гаргачихсан байх?

-Олон юм бодож байна. Хоёр дахь кино зохиолынхоо зургийг зун авна. Зургадугаар сарын дундаас зургандаа гараад киногоо хийх санаа байна. Намар “Маск” продакшн шинэ уран бүтээл хийнэ. Хувь уран бүтээлч болгон жүжигт өөрсдийнхөө саналыг оруулж байх ёстой учраас шинэ уран бүтээлийн санааг эрж хайх ажлуудыг хийнэ дээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Монголд инженер, физикч, математикч болох замыг хааж байна уу?​” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Хүүхдийн баярыг угтан тоглоомын газрууд урамшуулал зарлажээ. Хүүхдийн баярт зориулсан нэгдсэн арга хэмжээ зургадугаар сарын 1-нд Чингисийн талбайд 11:00 цагаас эхэлнэ. Мөн тавдугаар сарын 30, 31-нд Хүй долоон худагт хүүхэд багачуудад зориулсан хөтөлбөрүүдтэй аж. Энэ талаар сурвалжлан өнөөдрийн дугаартаа онцолж байна. Сурвалжлагыг нэг, 11 дүгээр нүүрээс уншаарай.

Өнөөдөр болох АН-ын ҮЗХ, МАН-ын Бага хурлаар тус тус нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулах учиртай. Гэхдээ АН, МАН-аас нэр дэвших хүмүүсийн нэрс эхний байдлаар тодроод байгаа юм. Ингээд аль тойрогт хэн хэн нэр дэвшиж өрсөлдөхөөр болсныг дөрөвдүгээр нүүрт хэвлээд байна.

“Р.Амаржаргал:Эмэгтэйчүүдийн квотыг бүрдүүлэхгүй бол бүгдээрээ нэр дэвших эрхгүй болноярилцлагыг өнөөдрийн дугаарт мөн онцоллоо. Өнөөдөр АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж нэр дэвшигчдээ эцэслэн шийднэ. Зарим нэр нөлөө бүхий хүмүүс харьяа намын хорооноосоо сонгогдож гарч ирж чадаагүй тохиолдол байгаа аж. Энэ тохиолдолд заалнаас сонгогдох магадлал хэр байх талаар болон бусад цаг үеийн асуудлын талаар Р.Амаржаргал гишүүний энэхүү ярилцлагаас унших боломжтой.

“Хүн хөрөнгөтэй байх, түүнийгээ захиран зарцуулах эрхтэй гэдгийг Цэц санууллаа” нийтлэлийг Улс төрийн хоёрдугаар нүүрт нийтэллээ. “…Хүн хөрөнгөөрөө шударгаар ашиг олох эрхтэй. Энэ эрхээ эдлэх ёстой гэдгийг Үндсэн хуулийн Цэц харж, зүйтэй шийдвэр гаргалаа. Цэцийн энэ шийдвэр бол манай нийгэмд тогтчихоод байсан “Хөрөнгө бол муухай. Хөрөнгөтэй байх нь муу” гэсэн буруу хандлагыг тас цохисон үйл явдал боллоо гэж үзэж хүн хөрөнгөтэй байж, түүнийгээ захиран зарцуулах эрхтэй гэдгийг баталгаажууллаа гэж ойлгож болно” хэмээн нийтлэлд дурдсан байна. Мөн түүнчлэн “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, алдарт гуравдугаар нүүрт “Монголд инженер, физикч, математикч болох замыг хааж байна уу?” нийтлэл хэвлэгдэн гарлаа. Уг нийтлэлд “…Хамгийн гол нь улс үндэстний хөгжил дэвшлийн амин чухал мэргэжил, гол боловсон хүчин, үнэт баялаг нь болсон тоо физик, инженерийн сэтгэлгээтэй хүүхдүүдийг монгол хэл бичгийн шалгалтаар дарамталж, ажил амьдралынхаа зам мөрийг сонгох хамгийн хариуцлагатай эмзэг үед нь төр засгаас нухчин дарж байгаа нь аймшигтай. Тоо, физик техникийн талын хүмүүс бичихдээ тааруу байдаг. Үндсэндээ, орчин цагийн хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжил болох цахим баримталж, түүний үр дүнд салбар салбарын өндөр боловсролтой сэхээтнүүд төрж гарсан юм. Тэгтэл өнөөдөр энэ байдал бүр урвуугаар эргэж, Монголын хөгжлийг авч явах хүүхдүүдийн хувь заяа эмгэнэлт байдалд ороод байна...” хэмээн бичсэн байна. Нийтлэлийг бүрэн эхээр нь гуравдугаар нүүрээс уншаарай.

Газрын маргааны улмаас эмч, сувилагч нар бөхчүүдтэй тэмцэлджээ. Энэ талаар сурвалжлан “Баримт, үйл явдал” буланд нийтэллээ. Маргаан яг хаанаас эхтэй, юу болов гэдгийг манай өнөөдрийн дугаараас дэлгэрэнгүй уншина уу.

Дэлхийн цаг уурын байгууллага Эль ниногоос үүдэлтэй ган гачиг энэ оны сүүлч, ирэх оны эхээр оргилдоо хүрэх төлөвтэй хэмээн мэдэгдэж байгаа юм байна. Тэгэхээр сэрүүн өдрүүд мөдхөн дуусах бололтой. Цаг уурчид энэ жил халуун зун болно гэж онцолж байгаа талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 13 дугаар нүүрт нийтэллээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ


Categories
мэдээ соёл-урлаг

ФОТО: “Мөнгөн мод”-ын эзэд

Урлагийн салбарынхны шилдгүүдээ тодруулдаг “Мөнгөн мод” ёслолын арга хэмжээ УДЭТ-д өнөөдөр бол¬лоо. Тус арга хэмжээг найм дахь жилдээ зохион байгуулж тайз, дэлгэцийн зураач, найруулагч, тайз, дэлгэцийн жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, биет бус соёлын өвийг өвлөн уламжлуулагч гэсэн долоон төрлөөр шилдгүүдээ тодрууллаа. Монгол үндэстний уртын дууг 2500 гаруй хүнд зааж сурган, уртын дууг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Оны шилдэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулагч”-аар “Улаанбаатар” чуулгын уртын дуучин Б.Батболд тодрууллаа. Тэрээр “Миний хувьд СУИС-ийг 1996 онд төгссөнөөс хойш уртын дууны чиглэлээр бусдад зааж сургах, өөрөө уран бүтээлээ туурвих үйлсэд зүтгэж явна. 2013, 2014 онуудад үндэсний баяр наадмыг нээх 999 уртын дуучинд багшилсан, өнгөрсөн онд Баянхонгор аймагт 2224 хүүхдэд гурван уртын дууг зааж тус аймгийн баяр наадмыг нээсэн. Одоогоор СУИС-д уртын дууны багшаар ажиллаж байна. Мөн тусгай сургалт явуулж уртын дууг суръя гэсэн хүмүүст зааж сургаж явна. Залуу үеийнхэн уртын дууг сурах эрмэлзэл ихтэй болсон байна. Ер нь монгол хүн бүр уртын дуугаа сурах хэрэгтэй, бидний генд авьяас байдаг. Үүнийг л сэргээгээд өгвөл уртын дуу сурахгүй монгол хүн гэж байхгүй. Өвөг дээдсээс уламжлал болон ирсэн энэ биет бус өвийг цаашид олон хүүхдэд зааж сурган, түгээн дэлгэрүүлэх болно” гэв.

Түүнчлэн Францын нэрт найруулагч Жан Жак Анногийн “Чонон сүлд” уран сайхны киноны Галсмаагийн дүрийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн хэмээн жүжигчин Р.Анхнямыг шилдэг жүжигчнээр тодруулав. Тэрээр өдий зэрэгтэй уран бүтээлч болоход түшиж тулж ирсэн эрдэмт багш нартаа, гэр бүлийнхэндээ маш их баярлаж байгаагаа илэрхийллээ. “Энэ сайхан нэр хүндтэй шагналыг хүртэж шилдэг жүжигчин болсондоо баяртай байна. Зах зээлийн үед кино урлаг уналтад орсон хэдий ч манай уран бүтээлчид өөрийн хүч чадал, бор зүрхээрээ давж туулж чадаж байгаа” гээд кино урлагт сэтгэл зүрхээ зориулдаг бүх хүмүүст амжилт хүссэн юм. “Босуул”, “Lovers” уран сайхны киног мэргэжлийн өндөр түвшинд найруулсан Ж.Сэнгэдоржийг “Оны шилдэг тайз, дэлгэцийн найруулагч”-аар, 2015 онд ҮДБЭЧ-ын тайзнаа тавьсан “Оройн дээд” үндэсний дуулалт жүжиг, “Мөнх тэнгэрийн Монгол” концертын тайз, зураг, чимэглэлийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн ҮДБЭЧ-ын ерөнхий найруулагч, зураач Г.Ганболдыг “Оны шилдэг тайз, дэлгэцийн зураач”-аар шалгарууллаа. “Оны шилдэг дуучин”-аар дуучин Г.Ариунбаатарыг тодрууллаа. Тэрээр ОХУ-д зохиогдсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XV уралдаанд амжилттай оролцож, онцгой амжилт үзүүлж, Гран-при шагнал хүртэж, “Маринский театр”, “Birmingham stage”, “Buckingham Palace”, “Carn­egie Hall”, “Mеtropolitan op­era” зэрэг нэртэй томоохон театруудад уригдан тоглож эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн билээ. Харин шилдэг хөгжимчнөөр АНУ-ын олон улсын залуучуудын оркестрт сонгогдон Карнеги Холлд болсон тоглолт, НҮБ-ын Ерөнхий ассамблейн олон улсын залуучуудын оркестрын “Энх тайвны төлөө” тоглолтод амжилттай оролцсон Улсын филармонийн хөгжимчин Х.Санчирыг шал¬га¬рууллаа. Шилдэг бүжигчнээр “Шелкунчик” “Франческо да Римини”, “Хунт нуур”, “Бахчисарайн оргилолт булаг”, И.Штраусын “Оргилуун дарс” балетын дүрийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн ДБЭТ-ын балетчин Д.Саруулыг тодруулав. Шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд тус бүр гурван сая төгрөг, “Мөнгөн мод” цом гардуулсан юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


Categories
мэдээ улс-төр

ХБНГУ-ын Бундестагийн гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.05.26/ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн, Бундестаг дахь Христосын Ардчилсан Холбоо намын бүлгийн дарга Герда Хассельфелдт, Бундестагийн гишүүн, Бундестаг дахь Христосын Ардчилсан Холбоо намын бүлгийн дэд дарга Макс Штраубингер нарыг хүлээн авч уулзав.

Хатагтай Герда Хассельфелдт, Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. Тэрээр, анх удаа Монгол Улсад ажиллаж байгаагаа танилцууллаа. Монгол Улсын ардчилсан хувьсгалын үйл явцыг өндрөөр үнэлдэг болохоо тэмдэглээд, амжилттай болсон нийгмийн шилжилтийн хөгжлийг дэмжиж байдгаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд улс төр, эдийн засаг болон цаг үеийн асуудлаар харилцан ярилцаж, санал солилцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамъян тэргүүтэй МАХН-ынхан өлсгөлөн зарлахаар болжээ

МАХН-ын нэр дэвшигчдийг зарим аймгуудад бүртгэхгүй байгаа асуудлаар тус намын дэд дарга Э.Эрдэнэжамъян, С.Удвал нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мөн намын дарга Н.Энхбаяр болон Э.Эрдэнэжамъян нарыг ялтайд тооцон Цагдаагийн газраас тодорхойлолт гаргаж өгөхгүй байгаа аж. Тиймээс МАХН-ынхан үүнийг эсэргүүцэж Чингисийн талбайд нойтон өлсгөлөн зарлах болсон талаар мэдэгдлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамьян тэргүүтэй 76 хүн маргааш өглөөний 09.00 цагаас Чингисийн талбайд өлсгөлөн зарлаад, зургаадугаар сарын 5-нд дуусгахаар төлөвлөж байгаа аж. МАХН-ын өлсгөлөн зарлах хүмүүс өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд биеэ үзүүлж, өлсгөлөн зарлах бэлтгэлээ базаасан байна. Асуудал тэдний талд шийдэгдэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдлээ.