Categories
мэдээ нийгэм

“Иргэддээ тусалъя” өдөрлөг болж байна

Монголын өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбооны өмгөөлөгчдийн хороо, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан “Иргэддээ тусалъя” Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг өнөөдөр 10:00-16:00 цагийн хооронд Чингисийн талбайд зохион байгуулах юм. Мөн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Эрх зүйн туслалцаа үзүүлэх 303 тоот өрөөнд бүх чиглэлээр үнэ төлбөргүй хууль эрх зүйн зөвлөгөө өгч байгаа юм. Тус өдөрлөгт Өмгөөллийн “Монгол элч”, “Монгол өмгөөлөгч”, “Адвокат консалтинг”, “Анта консалтинг”, “Илч”, “N and B advocates law firm”, “Ланд мэн консалтинг”, “Үнэмлэхүй эрх”, “Үлэмж партнерс”, “Веритас Партнерс”, “Цэц билэг”, “Хамаг монгол хууль”, “Монгол зарга”, “Эрх зүйн ирээдүй”, “LB партнерс”, “Монголиан легал коунселлор”, “Номин товч консалтинг”, “B and C lawyers”, Эм Ди Эс энд Хаанлекс”, “Финаншэллоо”, “Хэм консалтинг” , “Эн энд Би эдвокэйтс” зэрэг нөхөрлөл болон хуульч өмгөөлөгчид оролцох аж.

Categories
мэдээ нийгэм

Хотын ерөнхий төлөвлөгөөг бүхэлд нь харуулсан макет хийнэ

Дэлхийн томоохон хотуудад хот байгуулалтын музей байдаг бөгөөд энэхүү музейд хотыг бүхэлд нь харуулсан макетыг байршуулсан байдаг байна. Яг энэ жишгийн дагуу нийслэлээс анх удаа Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг танилцуулсан иж бүрэн макетыг бодит хэмжээгээр нь, масштабыг нь багасган хийхээр төлөвлөж байгаа тухай өчигдөр болсон нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга О.Одбаяр танилцууллаа.

Энэхүү макетыг хийснээр УИХ-аас баталсан Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын хэрэгжилтэд иргэд хяналт тавих бүрэн боломжтой болно гэж нийслэлийн удирдлагууд үзэж байгаа юм.

Хотын хөгжлийг бүхэлд нь харуулах макетад хотын хаана, ямар байшин байдаг, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд шинээр ямар байршилд орон сууц барих, инженерийн дэд бүцтийг хаагуур хэрхэн явуулах, хотын аль хэсэгт зам, ногоон байгууламж байх, цэцэрлэг, сургууль барих шинэ байршлууд, шинээр өмчлүүлэх газрууд гэх мэт Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасан бүх мэдээллийг багтааж, маш ойлгомтжой энгийнээр, тусгай тэмдэгээр ялган харуулах юм байна. Макет хийх эхний хэлэлцээрийг БНХАУ-ын “Бест модел” компанитай хийсэн бөгөөд нийслэлээс шаардлагатай санхүүжилтийг шийдчихвэл 2016 оны долдугаар сард хоёр метр орчим өндөртэй макет бэлэн болох юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэйн замыг хаана

Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3,3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Долоон буудлын уулзвараас Хайлаастын салдаг уулзвар хүртэл 700 м замыг 2016.05.28-ны 06:00 цагаас 2016.06.01-ний 06:00 цаг хүртэл хааж хучилтын ажил хийх болсныг мэдэгдье. Зам хаах хугацаанд иргэд Хайлаастын замыг сонгон зорчино уу.

Дээрх 700 м замд хучилт хийгдсэнээр Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3,3 км авто замын хучилтын ажил бүрэн дуусах бөгөөд зургадугаар сарын дундуур ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын ҮЗХ хуралдана

АН-ын аймаг, дүүргийн намын хороод хуралдаж, тойргоосоо нэр дэвших хүмүүсээ тодруулаад байгаа билээ. Тэгвэл өнөөдөр АН-ын ҮЗХ өнөөдөр хуралдахаар болжээ. Өмнө нь намын даргын зүгээс тухайн тойрогт нэр дэвших хүмүүсийг сонгоод саналаа намын хороод руу илгээдэг байсан бол энэ жил намын хороод саналаа ҮЗХ-нд оруулж байгаа. Өөрөөр хэлбэл эцсийн шийдвэр намын даргын санал болоод ҮЗХ-ны хуралдааны нууц санал хураалтаар гарна гэсэн үг. Энэ удаагийн ҮЗХ-ны хуралдаан дээр эрх баригч намын анхаарах чухал асуудлын нэг нь эмэгтэйчүүдийн квотыг хуульд нийцүүлэн 20 хувьд хүргэх явдал юм. Учир нь, намын хороод дээр эмэгтэйчүүд гишүүд нэрээ татах юм уу, олонхын санал авч чадахгүйд хүрсэн тохиолдлууд гарсан. Тухайлбал, Орхон аймгийн АН-аас М.Батчимэг гишүүн нэрээ татсан бол өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт Л.Эрдэнэчимэг гишүүн саналын зөрүүгээр унахад хүрсэн байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-аас СЕХ-нд шаардлага хүргүүллээ

Нийслэл, орон нутгийн сонгуулийн хороод МАН-ын нэр дэвшигчийг бүртгээгүй гэх гомдол гарч байгаа билээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн сонгуулийн хороо хуульд заасны дагуу тавдугаар сарын 17-ны өдөрт багтаан нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг шийдсэн тогтоол гаргах ёстой. Гэтэл сонгуулийн хорооноос тогтоол гаргасан эсэхээ нууцалж, хуулийн хугацааг хэтрүүлэн тавдугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн байна. Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийг мушгин гуйвуулж, асуудалд улс төрийн өнгө аясаар хандаж, Дархан-Уул аймгийн ИТХ-д МАН-ын долоон нэр дэвшигч, Увс аймгийн МАН-ын гурван нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзжээ. Ингэхдээ Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2012-2016 оны хооронд ажилласан С.Насанбатыг тайлан сэтгүүлээ тараасных нь төлөө хууль зөрчсөн хэмээн үзсэн байна. Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлд “….орон нутгийн хурлын төлөөлөгч нэр дэвшиж байгаа тохиолдолд тэдгээрийн хийсэн ажлын тайлан, сонгуулийн сурталчилгааны материалын хэмжээнд тооцохгүй” гэсэн байдаг.

Үүнээс гадна Дархан-Уул аймагт нэр дэвшигч Ч.Чүлтэмбат, З.Бадрал, Б.Азжаргал, Т.Тулга, С.Насанбат, Д.Амарсанаа болон Говь-Алтай аймагт нэр дэвшигч В.Рэнцэндорж, В.Сүррагчаа, Увс аймагт нэр дэвшигч Б.Гомбо, Б.Хүлэнбаатар, Ю.Сайнжаргал нарын асуудалд тухайн аймгийн хороод нь эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, улс төрийн өнгө аясаар хандаж байгааг МАН эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшигчид тодорчээ

УИХ-ын сонгуулийн Сонгинохайрхан дүүрэг дэх тойрогт АН-аас нэр
дэвшигчид тодорчээ. Зургаан мандаттай уг дүүрэгт УИХ-ын гишүүн
Ш.Түвдэндорж, гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр, Ерөнхий сайдын зөвлөх
Б.Ургамалцэцэг, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, Эрүүл мэндийн дэд сайд
асан Т.Болдбаатар нарын зургаан улстөрч нэр дэвших эрхээ авчээ.

Харин
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг уг тойрогт нэр дэвшихээр өрсөлдсөн ч намын
хороон дээрээ унажээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг мөн тус тойргоос
дэвшинэ гэсэн таамаг хүчтэй яригдаж байсан ч нэр дэвшигчдийн дунд тэрээр
байсангүй.

Categories
мэдээ нийгэм

Түргэн үйлчилгээний цэгүүдэд шалгалт хийлээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Үйл ажиллагааны мониторингийн хэлтэс, дүүргүүдийн Худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн газар хамтран түргэн үйлчилгээний цэгүүдийн ажил эрхлэх зөвшөөрөл, батлагдсан тоо, байршилд хяналт шинжилгээ үнэлгээ хийлээ.

Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэр, төв зам дагуу байршиж буй түргэн үйлчилгээний цэгүүдийг хамруулав. Түргэн үйлчилгээний цэгүүд батлагдсан байршилд, загварын дагуу хийсэн ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай дээр байршиж байгаа эсэхийг газар дээр нь очиж шалган АСЕМ-ийн уулзалттай холбогдуулан ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлсэнтэй танилцлаа.

Хяналтын арга хэмжээнд нийт 284 түргэн үйлчилгээний цэг хамрагдсан бөгөөд үүнээс 200 түргэн үйлчилгээний цэгийг зөвшөөрөлгүй нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн байршуулсан байсан.

Бусдад түрээсэлсэн, загварын дагуу бариагүй, батлагдаагүй байршилд зөвшөөрөл олгосон, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй дэглэмийг зөрчсөн, орчноо цэвэрлэгдэггүй, хаяг шошгогүй хүнсний бүтээгдэхүүн, тамхи ширхэглэн зардаг зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн юм. Тиймээс дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөлд нэг дор олон түргэн үйлчилгээний цэг ажиллуулахгүй байх, явган хүний зам үзэгдэх орчинг хааж, ногоон байгууламж, шугам сүлжээ дээр байршуулсан бол шилжүүлэх, барилга хот байгуулалт, тохижилтын төлөвлөгөөтэй уялдуулах зэрэг зөвлөмжийг өгсөн. Зөвлөмжийн хэрэгжилтэнд холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллах хэрэгтэйг үнэлгээний дүгнэлтэнд онцолжээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Чингисийн талбайн баруун талын замыг маргааш хэсэгчлэн хаана

Энэ сарын 28 буюу Бямба гарагт Чингисийн талбайд “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиудын үзүүлэлх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, үдшийн цэнгүүнийг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан 11:00-14:00, 21:00-23:00 цагийн хооронд Чингисийн талбайн баруун талын замыг хаах юм. Мөн Чингисийн талбайн урд талын авто машины зогсоолыг 08:00-23:00 цаг хүртэл хааж, Амарын гудамж, Хангарди ордны баруун тал, Улсын Драмын Эрдмийн театр, Тагнуулын ерөнхий газрар, Спортын ордны урд зогсоолуудыг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр УИХ-д нэр дэвшигчид тодорно

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо өнөөдөр 18.00 цагаас хуралдах ажээ. ҮЗХ-ны хурал Төрийн ордны их танхимд болох аж. Уг хуралдаанаар УИХ-ын сонгуульд тус нам ямар тактик барьж оролцох талаар хэлэлцэхийн зэрэгцээ анхан шатны нэгжээс УИХ-д нэр дэвшүүлсэн хүмүүсээ батламжлах, эс батламжлах юм.

Мөн МАН-ын Удирдах Зөвлөл өчигдөр хуралдаж, намын Бага хурлаа өнөөдөр 14 цагт хуралдуулах шийдвэр гаргасан байна. ҮЗХ-аар УИХ-д нэр дэвшигчдийг эцсийн байдлаар шууд Бага хурлаараа тодруулах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг 06 сарын 20 хүртэл зохион байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил зохион байгуулах тухай” А/399 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Нийслэлийн хэмжээнд үхсэн мал, амьтны сэг зэмийг цуглуулан устгах, мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг газрууд сүү, сүүн бүтээгдэхүүн худалдан авдаг цэгүүд боловсруулах үйлдвэр, цех, өлөн гэдэс, яс боловсруулах үйлдвэр, мах, хүнсний ногоо хадгалах зоорь, мал нядалгааны газар, ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэр, мал, амьтны хашаа, хороо, өтөг бууц, гахай шувууны байр, сангасны талбайн мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулна.

Мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг бүх нийтийг хамарсан ажил болгон зохион байгуулж, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд шаардагдах зардлыг санхүүжүүлэхийг Дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн ажлыг нэгдсэн удирдлагаар ханган зохион байгуулж, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг мал эмнэлэг, үржлийн аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис хуваарилан олгож, ажлын явц үр дүнг нэгтгэн нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын Мал эмнэлэг үржлийн газарт 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүргүүлэхийг нийслэлийн Мал эмнэлгийн газар даалгалаа.

Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.