Categories
мэдээ улс-төр

БОНХАЖЯ Герман улстай уул уурхайн нөхөн сэргээлт, ойн аж ахуйн салбарт хамтран ажиллана

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг болон яамны Цэвэр технологийн хэлтсийн дарга Г.Нямдаваа зэрэг албаны хүмүүс “Expo Mongolia 2016”-д оролцож байгаа ХБНГУ-ын Заарланд мужийн бизнесийн салбарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Н.Батцэрэг сайд “Expo Mongolia 2016” арга хэмжээ дөрөв дэх жилдээ амжилттай зохиогдож, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид манай оронтой танилцаж, ирээдүйд хамтарч ажиллах боломжийг бий болгож байгааг онцлон дурдаад цаашдын хамтын ажиллагааны талаар яриа өрнүүллээ.

Уулзалтын үеэр төлөөлөгчид Н.Батцэрэг сайдад ХБНГУ-ын Заарланд мужийн Хууль зүй, байгаль орчин, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал эрхэлсэн сайд ноён Р.Ёостын мэндийг уламжиллаа. Сайд Н.Батцэрэг 2016 оны гуравдугаар сард Заарланд мужид айлчлан Байгаль орчин, хууль зүй, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал эрхэлсэн Сайд ноён Р.Ёосттой уулзаж “Эрлэбнисбэргбэй Вэлсэн” нөхөн сэргээлтийн загвар газартай танилцаж байсан юм. Талууд уулзалтын үеэр уул уурхайн олборлолтын дараах нөхөн сэргээлт, биологийн олон янз байдлыг хадгалах, ойн аж ахуйн тогтвортой хөгжил, гүний дулаан ашиглалтын чиглэлээр хамтын ажиллагааг хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

БОНХАЖЯ ХБНГУ-ын Байгаль орчны яамтай хамтран энэ оны есдүгээр сард уул уурхайн салбар дахь нөхөн сэргээлт, дахин ойжуулалтын чиглэлээр хамтарсан семинар хийх төлөвлөгөөтэй байгаа гэдгээ сайд танилцуулсан бөгөөд 2017 онд Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтарсан симпозиум зохион байгуулахаар санал нэгдлээ.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид Италийг зорив

Монголын чөлөөт бөхийн эмэгтэй баг тамирчид Итали улсын Сасари хотод маргааш эхлэх олон улсын “Memorial Matteo Pellicone” тэмцээнд оролцохоор тус улсыг зорилоо. Тус тэмцээний 58 кг-д” Алдар” спорт хорооны харьяа, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, “Хилчин” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Э.Гантуяа, “Алдар” сдорт хорооны тамирчин П.Орхон, ҮБТДС-иас Б.Шоовдор нар барилдана. Мөн 63 кг-д “Хилчин” спорт хорооны харьяа, гавьяат тамирчин С.Батцэцэг, 69 кг-д “Хүч” спорт хорооны харьяа, гавьяат тамирчин О.Насанбурмаа, мөн тус хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг нар зодоглох аж.

Эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, шүүгчээр олон улсын шүүгч Х.Чойжилжав, эмчээр Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны албаны эмч М.Саранцацралт нар томилогджээ.

Categories
мэдээ улс-төр

ХУД-ийн АН-аас нэр дэвшигчид тодорчээ

Тус тойрог сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр дөрвөн мандаттай болсон бөгөөд дүүргийн АН–ынхан өчигдөр нэр дэвшигчдээ тодорхой болголоо. Тухайлбал, АН-ын фракцын хуваарилалтаар МОАХ-оос Г.Байгалмаа, МОАН-аас Лу.Болд, Г.Батхүү, Алтангадасаас Ж.Ганхуяг нар тодорлоо. Ийнхүү ХУД-ийн Ардчилсан намынхан Лу.Болд, Г.Батхүү, Ж.Ганхуяг, Г.Байгалмаа нарыг дэвшүүлж буйгаа багадаа намын дотоод эв нэгдэл, ихдээ сонгуульд ялах боломж гэж үзжээ. Одоо ҮЗХ батлах л үлдээд байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

ҮЗХ-ны хуралдаанаар Хяналтын хорооны саналыг хэлэлцэнэ

АН-ын Хяналтын хороо өчигдөр шуурхай хуралдаж, Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулах чуулганы хуралдаанд ирээгүй болон эсрэг санал өгсөн нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох санал гаргасан байна. Уг асуудлыг өнөөдөр ҮЗХ-ны хуралдаанаар авч хэлэлцэж, хариуцлага тооцох эсэхийг шийдвэрлэх аж. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулах санал өгсөн гишүүдэд Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нар багтаж байгаа юм. Мөн уг асуудлыг хэлэлцэх үеэр хуралдаанд Д.Арвин, Г.Баярсайхан, М.Батчимэг, Д.Ганбат, Д.Ганхуяг, С.Одонтуяа, С.Эрдэнэ нар ирээгүй байна.

Categories
мэдээ спорт

М.Бөхбат ”РИО-2016” олимпийг шүүнэ

Монголын жүдо бөхийн шүүгч Машбатын Бөхбат Рио де Жанейро хотноо болох 2016 оны зуны олимпийн шүүгчээр оролцох эрхийг өчигдөр Олон улсын жүдо бөхийн холбооноос хүлээн авчээ. Тэрээр бусад 14 орны шүүгчдийн хамт РИО 2016 олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүн явуулна. Эдгээр 14 шүүгч дотор Ази тивээс гурван орны шүүгч эрхээ авчээ. Олимпийн тэмцээнд оролцож байгаа орнууд нь тухайн төрөлдөө өөрийн орны шүүгчтэй байх нь тамирчдынхаа амжилтыг хамгаалахад их чухал нөлөөтэй байдаг аж. Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа олимпийн наадамд жүдо бөхийн төрөлд шүүгчтэй боллоо. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, эмэгтэй жүдо бөхийг үндэслэгч Ч.Машбат агсны хүү Бөхбат өдгөө Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирлаар ажилладаг. Сүүлийн нэг жилийн турш М.Бөхбат шүүгч Астанагийн ДАШТ, Их дуулга, Гранпри тэмцээнүүдийг шүүсэн билээ. Одоо Мексикт эхэлж буй олимпийн эрхийн оноо авах сүүлийн тэмцээнийг шүүх юм.

Categories
мэдээ нийгэм

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга олон улсын чуулганд оролцжээ

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин тэргүүтэй, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын төлөөлөгчид ОХУ-ын Бүгд Найрамдах Чечен Улсын нийслэл Грозный хотноо тавдугаар сарын 23-25-ны өдрүүдэд зохиогдсон Аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагын өндөр, дээд албан тушаалтны олон улсын долдугаар чуулга уулзалтад оролцов.

Чуулга уулзалтын үеэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушев, БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны улс төр, хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Мэн Зяньжу, БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам болон Энэтхэг, Израилийн төлөөлөгчидтэй тус тус уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.

Мөн ОХУ-ын Бүгд Найрамдах Чечен Улсын тэргүүн Р.А.Кадыров Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүнийг хүндэтгэл үзүүлэн хүлээн авч өргөөндөө уулзав.

Энэ удаагийн уулзалтад 70 гаруй орны төлөөлөгчид оролцсон бөгөөд олон улсын аюулгүй байдлын тулгамдсан асуудлууд болох терроризм, хууль бус шилжилт хөдөлгөөн, мэдээллийн аюулгүй байдлыг онцлон анхаарч хэлэлцсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Нэр дэвшигчдийн материалыг маргааш хүлээж авна

УИХ-ын сонгуульд нам эвслээс нэр дэвших хүмүүсийн нэрс тавдугаар сарын 23-наас эхлэн тав хоногийн дотор тодорхой болох хуультай. Хуулийн хугацаа өнөөдөр буюу тавдугаар сарын 27-нд дуусгавар болж байгаа тул МАН-ын Бага хурал, Ардчилсан намын ҮЗХ өнөөдөр зарлагдсан.

Дээрх хоёр намаас хэн хэн УИХ-ын сонгуульд нэр дэвших асуудлыг өнөөдрийн дотор шийдэж, маргааш СЕХ-нд нэр дэвшигчдийн бичиг баримтыг хүлээлгэн өгөх учиртай.

Гэвч СЕХ маргааш буюу тавдугаар сарын 28-ны өдрийн 00:00 цаг хүртэл нам эвслээс нэр дэвшигчдийн бичиг баримтыг хүлээж авна. Ингэснээр маргааш 00:00 цаг хүртэл шийдвэрээ эцэслэх боломж гарч ирж байна гэсэн үг юм. Тэр утгаараа АН болон МАН-ынхан өнөөдөр асуудлаа эцэслэж амжихгүй бол маргааш эцсийн байдлаар хуралдаж шийдвэрээ гаргаад, СЕХ-нд бичиг баримтаа өгөх боломжтой аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Нийслэлийн хэмжээнд Шилэн дансны тухай хуулийг 96,4 хувиар биелүүлжээ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны тавдугаар сарын 26-нд болж, хуралдаанаар нийслэлийн Дотоод аудитын албанаас нийслэл, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний байгууллагуудад хийсэн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн 2015 оны үзлэг шалгалтын тайланг танилцууллаа. Нийслэлийн дотоод аудитын албаны дарга Ш.Нацагдорж энэ асуудлыг хуралдаанд танилцуулж, нийслэлийн хэмжээнд Шилэн дансны тухай хуулийг 96,4 хувиар биелүүлсэн дүнтэй гарсан гэсэн мэдээллийг өглөө. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн үзлэг шалгалтыг Нийслэлийн Дотоод аудитын албанаас нийслэлийн харъяа 75 байгууллага, дүүргийн Дотоод аудитын алба нь нийт 442 байгууллагад үзлэг шалгалт хийсэн байна.

Үзлэг шалгалтын явцад нийслэлийн харьяа зарим байгууллагууд өмнөх оны төсвийн зарлагын хэмнэлт, туслах үйл ажиллагааны орлогоос давсан хэсгийн урамшуулалд зарцуулсан байгууллагын тайлан, цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын гүйлгээ, тендер, дараа жилийн төсвийн төслийг оруулаагүй гэх мэт нийтлэг алдаа зөрчлүүд илэрсэн гэдгийг хэллээ. Гэхдээ энэ нь Сангийн яамнаас шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинэчилсэн, шинэ тутам хэрэгжиж байгаа хууль, журам учраас ойлголтын зөрүү үүссэн, эрх зүйн актыг буруу ташаа ойлгох гэх мэт санаатай бус алдаа дутагдалаас үүдэлтэй гэж дүгнэж байгаагаа хэллээ. Нийслэлийн удирдлагууд энэхүү тайланг сонсоод, тайлангаас харахад нийслэл Шилэн дансны тухай хуулийг манлайлан хэрэгжүүлдэг нь харагдаж байна. Татвар төлөгчид, иргэдийн мөнгийг хэн, хэрхэн, юунд зарцуулсныг нь тодорхой харуулж мэдээллэдэг байх зорилгоор Шилэн дансны тухай хууль батлагдан гарсан. Гэвч шилэн дансны мэдээллийг иргэд тэр бүр сонирхож хараад байдаггүй нь анзаарагддаг. Тиймээс шилэн дансны мэдээллийг иргэдэд энгийн ойлгожтойгоор байршуулах, харах өөр боломжуудыг судлаж хэрэгжүүлэх нь чухал гэдгийг онцолж байлаа.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, нийслэлийн хэмжээнд шилэн данс хөтөлдөггүй нэг ч байгууллага байхгүй байгаа нь маш том дэвшил юм. Цаашид энэ хуулийн хэрэгжилтийг бүрэн хангахын тулд хуулийг зөрчсөн албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцдог байх ёстой гэлээ. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас нийслэлийн харъяа газрын удирдах албан тушаалтнуудад Шилэн дансны цахим хуудсанд мэдээллийг бүрэн байршуулж ажиллах, 2015 оны шилэн дансны мэдээллийг дутуу оруулсан байгууллагуудад Нийслэлийн Дотоод Аудитын албанаас албан тоот хүргүүлж, ойрын хугацаанд мэдээллийг нөхөн оруулахыг үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн аминд хүрсэн нохойны эзэнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлнэ

Дөрвөн настай хүү нохойд уруулсны улмаас шархаа даалгүй амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн гуравдугаар сард гарсан билээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Цээлийн задгай гэх газар амьдардаг хүү хашаандаа ганцаараа тоглож байхад нь хажуугийнх нь айлын дундад ази үүлдрийн нохой хашаа даван орж ирж дайран хүзүү, мөр, гэдэснийх нь зүүн хэсэг, гуяыг нь хазаж, ноцтой гэмтэл учруулж, улмаар эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даалгүй нас барсан юм.

Хүүг урсан нохой нь тус хороонд оршин суух 44 настай Э-гийнх байсан бөгөөд тухайн өдөр тэрбээр гэртээ байгаагүй, нохой нь уяагүй, байсан. Тиймээс тухайн нохойны эзэн Э нь эрүүгийн хариуцлага хүлээхээр болсон билээ. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201.1 дүгээр зүйлд “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. Мөн 201.2-д “Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Улмаар дөрвөн настай хүүгийн аминд хүрсэн нохойн эзэнд яллах дүгнэлт үйлдсэн. Ирэх долоо хоногт шүүхэд шилжүүлэхээр болсон гэдгийг эх сурвалж мэдээлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Торгоны замын аялал жуулчлал” төслөөс сургалт явагдав

БОНХАЖЯ-ы харьяа “Торгоны замын аялал жуулчлал” төслийн нэгжээс аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад судалгаа, мэдээллийн дэмжлэг үзүүлэх зорилгоор судалгааны үр дүнг танилцуулах цуврал сургалт, семинаруудыг зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн сургадт семинарын зочноор тус төслийн удирдагч, доктор Д.Гансүх /Ph.D/ оролцон “Торгоны замын аялал жуулчлал ба Монгол Улс” сэдвээр илтгэл тавилаа.

Илтгэлийн хүрээнд Торгоны замын аялал жуулчлалын тухай ойлголт, сүүлийн үеийн статистик мэдээлэл бүхий Торгоны замын зах зээлийн судалгаа, шинээр гэж хэлж болохуйц нүүдлийн аялал жуулчлалын концепцийн эхний шатны боловсруулалтын үйл явц, түүнчлэн Торгоны замын аялал жуулчлалд аялал жуулчлалын салбарын төр, хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох талаарх мэдээллүүдийг өгснөөс гадна оролцогчидтой харилцан яриа өрнүүлэн санал, зөвлөмжүүдийг солилцсон юм.

Сургалтад аялал жуулчлалын тур оператор байгууллагуудаас гадна салбарын эрдэмтэн багш, судлаач, оюутнуудын нийт 50 орчим хүн оролцлоо. Энэ удаагийн сургалтаар төслийн нэгжийн цуврал сургалтууд дуусч байгаа бөгөөд сургалтуудын илтгэлүүдийг эмхэтгэн хэвлүүлж аялал жуулчлалын салбарынханд удахгүй хүргэх юм байна.