Categories
мэдээ нийгэм

“Ус-тогтвортой хөгжлийн түлхүүр” чуулга уулзалт боллоо

БОНХАЖЯ-ны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар, Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газраас энэ сарын 25-28-ны өдрүүдэд “Ус- тогтвортой хөгжлийн түлхүүр” сэдэвт чуулга уулзалтыг яамны харъяа 21 сав газрын захиргаадын ажилтан, албан хаагчид, хэрэгжүүлэгч төсөл хөтөлбөрийн удирдлага, мэргэжилтнүүдийн дунд байгууллаа.

Сургалтаар УИХ-аас 2012 оны тавдугаар сарын 17-ны өдөр шинэчлэн баталсан Байгаль орчны багц хууль, УННМ-ийн төлөвлөгөө боловсруулах аргачлал, судалгааг хэрхэн хийх, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, усны болон бусад хууль тогтомж, түүнийг хэрэгжүүлэх нэгдсэн ойлголтыг бий болгох. Усны нөөцийн нэгдсэн менежментийн хэрэгжилт, талуудын оролцоог нэмэгдүүлэх, цаашдын усны нөөц, хэрэглээ, ашиглалт, хэтийн төлөв болон тулгамдаж буй асуудлыг тодорхойлж хэрэгжүүлэх. Мөн сав газруудын хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, цаашид улс орны тогтвортой хөгжлийг хангахын тулд усны талаар төрөөс авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тодорхойлоход оршиж байна.

  • Дэлхийн улс орнуудын усны менежментийн шилдэг туршлага дээр үндэслэн боловсруулагдсан Монгол орны Усны нөөцийн нэгдсэн менежментийн үзэл баримтлалыг усны сав газруудад хэрэгжүүлэхэд Усны тухай болон бусад хуулиуд, Ус үндэсний хөтөлбөрт хэрхэн тодорхойлсон талаар нэгдсэн ойлголт,
  • Тогтвортой хөгжлийн зорилт, Монгол улсын ногоон хөгжлийн бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөө, ногоон эдийн засгийн үзүүлэлт, ногоон эдийн засгийн хөшүүрэг, арга хэрэгсэл, эдийн засгийн гол салбаруудыг байгаль орчинд ээлтэй “ногоон” болгох арга зам, тогтвортой хэрэглээ, амьдралын хэв маяг болон тогтвортой хөгжлийн боловсролын талаарх асуудал,
  • Улсын усны мэдээллийн сангийн танилцуулга хийх, мэдээллийн санг түшиглэж орон нутгийн төвшинд ногоон хөгжлийн загвар боловсруулахад усны үнэ цэнэ, тоо баримтыг түлхүүр болгож ашиглах,
  • Усны аюулгүй байдлын үнэлгээний талаарх асуудал гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдсэн юм.

Мөн энэ үеэр “Азийн аманзонка-Амар мөрөн” баримтат шинэ киноны нээлтийг хийсэн. Энэхүү баримтат кино, уран бүтээл нь Монгол орны байгалийн үзэсгэлэнт газар нутаг, уул ус, гол мөрөн, биологийн төрөл зүйл, байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, хүн байгальтай шүтлэлцэн амьдрах талаар олон нийтэд танин мэдэхүйн чиглэлээр мэдээлэл өгөх, тогтвортой хөгжлийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулах, усны үнэ цэнийг ойлгуулах сургалт, сурталчилгаанд ашиглах, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой кино болсон юм.

Сургалтад нийт 250 гаруй хүн хамрагдаж сав газрын мэргэжилтнүүдийн чадавх, мэдлэг дээшилж гэрчилгээгээ гардан авлаа.

Categories
мэдээ нийгэм

“Хүүхэд бүрийг баярлуулцгаая” сайн үйлсийн аян

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Богд хааны ордон музейн зүгээс “Хүүхдэд ээлтэй музей” хөтөлбөрийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Уг хөтөлбөрийн хүрээнд хүүхдэд зориулсан музейн боловсролын ажил болон сайн үйлсийн аянг зохион байгуулах аж.

Сайн үйлсийн аянд нэгдэх хүмүүс музей үзэхдээ хүүхдийн тоглоом болон ном, CD зэрэг зүйлсийг хандивласнаар Богд хааны ордон музейг үнэ төлбөргүй үзэх боломжтой юм. Тавдугаар сарын 31, зургадугаар сарын 1-ний өдрүүдэд хандиваар цугларсан зүйлсийг хүүхдийн төв, асрамжийн газруудад бэлэг болгон тараах юм байна. Түүнчлэн сонирхолтой тэмцээн, олон төрлийн бүтээлч үйл ажиллагаа явагдах юм байна.

Categories
мэдээ спорт

Т.Амаржаргал: Байт харвааны оюутны дэлхийн аваргад Монголоос 12 тамирчин оролцоно

МБХХ, МОСХолбоо хамтран “Байт харвааны оюутны дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тус тэмцээн болон тамирчдын бэлтгэл сургуулилтын талаар МБХХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Амаржаргалаас дараах тодруулгыг авлаа.

-Байт харвааны оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Энэ тэмцээнд хэдэн орны тамирчид оролцох вэ?

-Дэлхийн оюутны спортын холбооноос зохион байгуулдаг “Байт харвааны оюутны дэлхийн аварга” шалгаруулах тэмцээн 11 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Тодруулбал, зургадугаар сарын 2-5-ны хооронд болох аж. Тус тэмцээн нь оюутны дэлхийн аваргын тэмцээнээс хамгийн сүүлийнх нь болж байгаагаараа онцлогтой юм. Учир нь байт харваа нь 2017 оноос оюутны “Универсиад” их наадмын үндсэн төрөлд багтахаар болсон. Энэ тэмцээн чансааны хувьд өндөр зэрэглэлтэй, 18-28 насны тамирчид оролцох эрхтэй, мөн энэ цаг үед дэлхийд амжилт гаргаж байгаа шилдэг тамирчид оролцдог. Удахгүй болох тэмцээнд 24 орны 250 гаруй тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс оролцож байгаа. Дэлхийн байт харвааны шилдгүүд болох БНСУ, АНУ, ОХУ-ын тамирчид гэх мэтчилэн олон өрсөлдөгч ирнэ.

-Монголын багт хичнээн тамирчин орж байна?

-Манай тамирчид рекурв болон компаунд төрлөөр оролцож байгаа. Эдгээр нь дотроо ганцаарчилсан, холимог, эмэгтэй, эрэгтэй гэсэн дөрвөн төрөлтэй. Компаунд төрлөөр шигшээ багийн тамирчид маань 2015 онд Азийн наадамд анх орсон. Одоо хоёр дахь удаагаа орох гэж байна. Рекурв, компаунд төрөлд нийт 12 тамирчин оролцох гэж байна. Монголынхоо хамгийн шилдэг гэсэн тамирчдыг насных нь ангиллаар оролцуулахаар бэлтгэлээ хангаад байж байна.

-Тамирчид бэлтгэл сургуулилтаа хаана хийж байгаа вэ?

-Рекурвийн тамирчид ирэх зургаадугаар сарын 11-20-нд Турк Улсад болох олимпийн эрхийн сүүлчийн тэмцээнд оролцох, үндэсний шигшээ багийнхантай хамт Булган аймгийн Хутаг-Өндөрт байрлах “Баатар ван”-д бэлтгэлээ хийж байгаа. Компаунд тамирчдын хувьд Төв цэнгэлдэх хүрээлэнд бэлтгэл сургуулилтаа хийж байна. МОСХолбоо, Байт харвааны холбооноос тамирчдын бэлтгэл дээр нэлээд анхаарал тавьж ажилласан. Үүний үр дүнд тамирчид маань бэлтгэлээ тасралтгүй хийгээд явж байна.

-Тэмцээний бэлтгэл хэр явцтай байгаа вэ?

-ЭМСЯ, БСШУЯ, НЗДТГ, МОСХолбоо болон Байт харвааны холбоо тэмцээнийг зохион байгуулах хороо байгуулаад ажиллаж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд эхний урьдчилсан шатны харвалтуудыг хийлгэх бөгөөд шигшээ харваа буюу медалийн төлөөх өрсөлдөөнийг Чингисийн талбайд хийхээр ярилцаж байгаа. Чингисийн талбайд шагнал гардуулах ёслолын ажлыг явуулахаар төлөвлөсөн.

– Энэ тэмцээнийг зохион байгуулах эрхийг манай улс яаж авсан бэ?

-Олон улсын оюутны спортын холбооны гүйцэтгэх хороо Бельгийн Брюссель хотноо 2011 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр болсон энэ тэмцээний эрхийг Монгол Улс авсан. МОСХолбоонд талархаж байгаагаа хэлмээр байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг бид зохион байгуулъя гээд авчихдаг юм биш. Үүний тулд нэлээд хүнд шалгуур давдаг. Энэ нь нэг талдаа Монголд байт харвааг хөгжихөд нэлээд түлхэц үзүүлж байгаа юм. Дээрээс нь манай тамирчид дэлхийн том тамирчдыг дэргэдээс нь үзэж, харвалтаас нь туршлага судлах боломж нээгдэж байгаагаараа давуу талтай. Тамирчид маань дэлхийн шилдэг тамирчдыг ирэхийг сэтгэл догдлон хүлээж байгаа.

-Монголд байт харвааг хөгжүүлэхэд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Дэлхийн байт харвааны холбооноос анхаарч байгаа зүйл бол илүү их үзэгчтэй болгох. Үзэж байгаа хүмүүст сонирхолтой болгох үүднээс шигшээ харваа гэж дүрэм оруулж ирсэн. Энэ нь урьдчилсан харвааны дүнгээрээ чансаа тогтоогоод байр эзлүүлдэг. Эзэлсэн байраараа халз харваад ялагдсан нь шууд хасагдаад явдаг систем нэвтрүүлсэн. Энэ дүрэм үзэгчдийн сонирхлыг татахаас гадна тамирчдын ур чадварт нөлөөлөх хүчин зүйл болж байна. Бэлтгэл сургуулилтаа маш сайн өндөр чанартай хийхэд хүргэж байгаа юм.

Ч.БАДАМЦЭРЭН

Categories
мэдээ нийгэм

Импортоор орж ирж буй автомашинуудаас цацрагийн бохирдол илэрчээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсээс Япон улсаас импортлон борлуулж буй автомашинуудад цацрагийн хэмжилт хийж эхэлжээ. Учир нь манай иргэд ОХУ-ын хилээр өөрийн эзэмшлийн авто машинаар нэвтэрч байгаа бөгөөд заримаас нь цацрагийн бохирдол илэрч байгаа аж.

Үүнтэй холбогдуулан дээрх хяналтыг тавьж эхэлсэн бөгөөд Япон улсаас автомашин импортлохдоо цацрагийн бохирдлын хэмжилт, цацрагийн гэрчилгээтэй авто машиныг сонгон худалдан авахыг анхаарууллаа. Цацрагийн бохирдолтой авто машин оруулж ирэх нь хэрэглэгчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж болзошгүй бөгөөд төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүндрэл учруулж, бизнес эрхлэгчдэд үр ашиггүй зардал гарч буйг албаныхан мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Мунзуй хочит Г.Нямдорж хүн барьцаалаад баривчлагджээ

Өчигдөр буюу энэ сарын 26-ны орой “Мунзуй” хочит Г.Нямдоржийг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс баривчилжээ. Түүнийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гуравдугаар хороололд байрладаг “Rich Hill” зочид буудалд бусдыг барьцаалан мөнгө дээрэмдэж байхад нь үйлдэл дээр нь баривчилсан аж.

Цагдаагийн байгууллагын эх сурвалжийн мэдээлж байгаагаар Г.Нямдорж нь Т гэх иргэнийг “Rich Hill” зочид буудалд 10 хоногийн турш хорьж, нохойгоор уруулахыг завдаж, хоёр сая орчим юань шилжүүлэн авсан байжээ.

Барьцаалагдсан иргэн Т-ийн эхнэр А “Нийтийн эрхийг хамгаалах холбоо”-ны хуульч, өмгөөлөгч Г.Батбаярт хандаж тусламж хүссэнээр Г.Нямдоржийн үйлдлийг хуулийн байгууллага ийнхүү үйлдэл дээр нь таслан зогсоожээ.

Categories
мэдээ нийгэм

“Guys” хамтлагийн гишүүн Х.Бат-Ундралыг саатуулжээ

“Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал Замын-Үүдийн гаалиар их хэмжээний хар тамхи оруулж ирэх гэж байгаад тагнуулынханд баривчлагдсан билээ. Түүнийг энэ сарын 24-ний өдөр саатуулсан бөгөөд ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461-р ангид саатуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Даланзадгад, Цогтцэций чиглэлийн хатуу хучилттай замын барилгын ажил эхэллээ

Өмнөговь аймгийн төвөөс улсын нийслэлтэй холбогдсон замын шар тээгийн уулзвараас Цогтцэций сум хүрэх 59,6 км авто замын ажлыг өчигдрөөс эхлүүллээ. Тус замыг концессын гэрээгээр байгуулж буйгаараа өмнөговьчуудад ашигтай болж байгааг онцолж байлаа. Цогтцэций, Даланзадгадыг холбосон замыг 2017 оны аравдугаар сарын 30 гэхэд дуусгаж хүлээлгэн өгөх юм байна

Categories
мэдээ нийгэм

Шинэ гал унтраах ангитай боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 200 дугаар тогтоолоор Хөвсгөл аймгийн Тариалан суманд Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийг байгуулсан. Шинээр байгуулагдаж байгаа Гал түймэр унтраах, аврах ангид ажиллах бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, сургаж дадлагажуулах ажлыг зохион байгуулан Тариалан сумаас найм, бусад сумдаас 16 иргэн мэргэжлийн анхан шатны сургалтад хамрагдаж ажилдаа томилогдон ажиллаж байна.

Ангийн нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Хөвсгөл аймгийн Засаг А.Эрдэнэбаатар, Тариалан сумын засаг дарга Ц.Хөвсгөлдалай, Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Г.Нэргүй нар оролцлоо. Шинээр Гал түймэр унтраах, аврах анги байгуулагдсанаар Тариалан сумын ард иргэдийг болзошгүй аюул, ослоос авран хамгаалаад зогсохгүй нутгийн зүүн хэсгийн сумдыг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх боломж бүрдэж байгаа юм.

Мөн тус ангид ажиллах 39 албан хаагчийн 90 хүртэлх хувь нь Тариалан сумын иргэд томилогдон ажиллаж байгаа нь орон нутагт ажлын байр нэмэгдэж байгаа давуу талтай. Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн үйл ажиллагааг одоогоор түр байранд эхлүүлсэн бөгөөд зориулалтын галын депо барих төсвийн асуудлыг 2017 оны улсын төсөвт суулгах юм.

Categories
мэдээ эдийн-засаг

“Монголбанк” валютын дуудлага худалдаа зохион байгуулав

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1989.50-1994.00 төгрөгийн ханшаар 1.9 сая ам.доллар худалдан авах, 1997.81-1997.83 төгрөгийн ханшаар найман сая ам.доллар худалдах, 303.00-303.20 төгрөгийн ханшаар 4.5 сая юань худалдан авах, 304.70 төгрөгийн ханшаар 0.65 сая юань худалдах санал тус тус ирүүлжээ.

Харин “Монголбанк” энэ удаагийн дуудлага худалдаагаар ирүүлсэн саналыг биелүүлээгүй болно.

2016 оны тавдугаар сарын 26-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр “Монголбанк” банкуудаас ирүүлсэн 21.7 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 25.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг тус тус биелүүллээ.

Categories
мэдээ улс-төр

МАХН-ын өлсгөлөн зарлах хүсэлтийг хүлээж авсангүй

Өчигдөр МАХН-аас Н.Энхбаяр тэргүүтэй гишүүд “нойтон” өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Харин одоогоор төв талбайд жагсаал цуглаан, өлсгөлөн зарласан иргэд байхгүй байна. Учир нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас МАХН-ыг өлсгөлөн зарлахыг хүлээн зөвшөөрсөнгүй. Тэрээр энэ асуудлаар дэд дарга Э.Эрдэнэжамьянд албан бичиг хүргүүлсэн байна. Албан бичигт “Жагсаал цуглаан хийх хүсэлтийг хүлээн авах боломжгүй төдийгүй эл өдөр “Гэр бүлийн өдөр” өдөрлөгийг зохион байгуулна” гэжээ.