Categories
мэдээ нийгэм

Оюуны өмч хулгайлсан этгээдэд таван сар баривчлах ял оноожээ

Оюуны өмчид халдсан гэмт хэргийг Монгол Улс анх удаа шүүхээр шийдвэрлэжээ. Манай улсын иргэн У гэгч 2011-2014 оны хооронд ОХУ-ын “Касперский Лаб ЗАО” компанийн “Касперский” вирусны программыг “Монголиан Бревери анбендинг”, “Вокомтехнологи” гэх хоёр компанийн нэрээр зевшөөрөлгүй хуулбарлаж бусдад зарж борлуулжээ. Түүнийг гадаадын компанийн бүтээлийг ашиглан 54.2 сая төгрөгийн ашиг олсныг мөрдөн байцаалтаар тогтоосон байна. “Касперский” барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн шүүгчид шүүсэн байна. Түүнийг Эрүүгийн хуулийн гурван зүйл ангиар буруутгаж, таван сарын хугацаагаар баривчлах ял оноожээ.

Categories
мэдээ нийгэм

“Бичиг соёл-2015″ уран бичлэгийн үзэсгэлэн маргааш нээгдэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Бичиг соёл-2015” монгол бичгийн уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдах талаар өнөөдөр Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрөгч 2010 онд гаргасан“Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас жил бүр уламжлал болгон уг арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн байна. Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Бичиг соёл-2015” монгол бичгийн уран бичлэгийн Олон улсын үзэсгэлэнд Монгол Улсын 28, Өвөр Монголын найм, Буриад Улсын зургаа, Халимаг Улсын нэг, Франц Улсын нэг, нийт таван орны 44 шилдэг уран бүтээлч, төлөөлөгчид оролцож байгаа аж.

Уг үзэсгэлэн маргааш буюу тавдугаар сарын 22-ны өдрийн 14:00 цагт Монголын Урчуудын Эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд нээгдэнэ. Мөн тавдугаар сарын 24-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотод үргэлжлэн нээгдэх бөгөөд үзэсгэлэнд оролцож буй Монгол угсаатны уран бүтээлчид Их Монгол Улс байгуулагдаж байсан түүхт Хэрлэнгийн хөдөө аралд зочилж түүх соёлын дурсгалт газруудтай танилцах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд хүн ам, орон сууцны тооллого явуулна

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын бэлтгэл ажлыг хангах, тооллогын комисс байгуулах тухай” А/435 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогыг зохион байгуулж явуулах Тооллогын комиссын бүрэлдэхүүн, “Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын үйл ажиллагааны төлөвлөгөө”, Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогыг зохион байгуулж явуулах дүүргийн Тооллогын комиссын бүрэлдэхүүнийг тус тус баталлаа.
Categories
мэдээ улс-төр

Мьянмарын төлөөлөгчидтэй туршлага солилцлоо

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс /МХБНУ/-аас Монгол Улсын зарим яам, газрын албан хаагчдад зориулж өчигдөр ГХЯ-д сургалт зохион байгуулсан билээ.

Уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Мьянмарын парламентын бүлгийн дарга хатагтай Ц.Оюунгэрэл оролцож, Мьянмарын төлөөлөгчидтэй “Иргэний нийгмийн тогтолцоо, хөгжил” сэдвээр санал солилцжээ. МХБНУ-ын ГХЯ, хотын зөвлөл, ЗГХЭГ, Дотоод хэргийн яам, БХЯ, ХЭҮК, Холбооны ерөнхий прокурор болон бүс нутгийн засаг захиргааны албанаас төлөөлөгчид оролцсон энэхүү уулзалтын үеэр Монголын тал Шилэн дансны хууль болон Төрийн бус байгууллагын тухай, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн талаар мэдээлэл өгч, туршлага солилцсон байна.
Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш буурч, төгрөг чангарав

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр болсон нь эдийн засагт эерэг мессэж бий болгосон. Ямартай ч валютын ханш буурч, төгрөгийн ам.доллартай харьцах ханш чангарч эхэлжээ.

Тодруулбал, ам.долларын албан ханш өчигдрийн байдлаар 1940 төгрөгтэй тэнцэв. Энэ нь сүүлийн гурван сарын хамгийн доод төвшин юм. Өнгөрсөн долоо хоногт Монголбанкнаас хоёр удаагийн валютын дуудлага худалдааг зохион байгуулсан ч ам.доллар болон юанийн нийлүүлэлт хийгээгүй аж.

Түүнчлэн хамгийн сүүлийн валютын дуудлага худалдаагаар банкууд 5.5 сая ам.доллар худалдах санал ирүүлж, Монголбанк тухайн арилжаанд оролцоогүй байна. Харин юанийн дуудлага худалдаагаар санал ирээгүй гэнэ.

ХААН банк ам.доллрыг 1937 төгрөгөөр авч 1948-өөр худалдаж байгаа бол “Хас” банк мөн 1937 төгрөгөөр авч, 1946-аар зарж буй аж.

Categories
мэдээ улс-төр

Австрийн Засгийн газар 40 сая еврогийн зээл олгоно

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонх дэмжсэнээр баталлаа. Уг хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гарсан юм.

Хууль батлагдсанаар Австри улсын хөнгөлөлттэй зээлээр орж ирэх барааг Гаалийн албан татвараас чөлөөлөх юм байна. Тодруулбал, тус улсын Засгийн газраас олгох 40.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг орон нутгийн усан хангамж, эрүүл мэнд, нийгмийг аюулаас хамгаалах зэрэг салбарт ашиглах аж.

Ингэхдээ ХСҮТ, ЭХЭМҮТ, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, Төрийн тусгай албаны эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, чадавхийг бэхжүүлэх, Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлэх, Онцгой байдлын албаны гал унтраах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах зэрэг төсөл хэрэгжих юм.

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дээрх төслийн хүрээнд төмөр зам, эрчим хүчний салбарт авсан зээлийг Засгийн газрын өрд хамаарахгүй байхаар заасан юм. Үүнтэй УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Дэмбэрэл нар санал нийлэхгүй байгаагаа илэрхийллээ. Ч.Улаан гишүүн “Төмөр зам, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах зорилготой гэж тайлбарлаж байгааг ойлгоно, бүгд дэмжинэ. Энэ үр ашигтай ажиллах ирээдүйтэй салбар. Гэтэл Засгийн газрын зээлийн багцаас зориуд гаргаж, анхаарлын гадна үлдээх нь буруу. Өр зээл авсан бол түүнийгээ бүртгээд явах ёстой. Олон улсын байгууллагыг хуурахын тулд иймэрхүү зүйл өмнө нь хийдэг байсан” хэмээв. Улмаар хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Залуучуудын нэгдсэн намын гишүүд ИЗНН-ыг сонгов

Залуучуудын нэгдсэн нам байгуулахаар өнгөрсөн жилээс зохион байгуулалтад орсон залуус хуралдан шинэ нам байгуулах бус шударга, зөв намыг дэмжин ажиллах шийдвэрийг гаргажээ.

Монгол Улсад нийт 20 гаруй улс төрийн нам бүртгэлтэй байгаагаас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 5-6 нам л байдаг нь өнөөдөр ил. Харин цэвэр, зөв шударга нам хэд байгаа нь олны анхаарлыг татдаг.

Залуучуудын нэгдсэн намыг байгуулахаар зорин ажиллаж байсан залуусын хувьд Иргэний Зориг Ногоон Намыг дээрх шаардлагыг хангахуйц эрүүл намаар сонгон хүч сэлбэн дэмжиж ажиллах шийдвэрийг гаргажээ. Тэд Иргэний Зориг Ногоон Намын зөв, шударга үзлийг дэмжихийн зэрэгцээ тус намын өнөөдөр хэрэгжүүлж байгаа бодлого зохион байгуулалтад үндэслэн улсаа хөгжүүлэх зорилгын дор уг шийдвэрээ гаргасан нь энэ гэнэ. Энэ тухайгаа Иргэний Зориг Ногоон Намд элсч буй залуус өнөөдөр буюу тавдугаар сарын 21-нд хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдлээ.

Мөн Монгол оронд цаашид намууд шинээр байгуулагдах нь нийгмийн задралыг улам хөөрөгдсөн үйлдэл болох тул шударга нийгмийн төлөө эв нэгдлээ бэхжүүлэх нь Монгол төрийг хүчирхэгжүүлэх чухал алхам гэж үздэгээ ч тэд хэвлэлийн бага хурлын үеэр илэрхийлэв. Залуусын нэгдсэн намыг байгуулахаар зорин ажиллаж байсан 900 гаруй залуусийг төлөөлж эхний удаад 350 залуу энэ үзлийнхээ дагуу намаа Дээд шүүхэд бүртгүүлэх шийдвэрээсээ татгалзан ийнхүү ИЗНН-ыг сонгосон байна.

Залуучуудын нэгдсэн намд Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Дорноговь зэрэг аймгийн 900 гаруй залуу гишүүнчлэгддэг юм байна гэж Залуучуудын нэгдсэн намын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Б.Лхагважав: Японоос Монголд орж ирэх хөрөнгө оруулалтын урсгал чөлөөтэй боллоо

Монголын худалдаа аж үйлдвэрийн тан­химын тэргүүн Б.Лхагважавтай Япон-Монголын эдийн засгийн түншлэлийн гэрээний талаар ярилцлаа.

-Монгол Японы хоорондох эдийн засгийн түншлэлийн гэрээг Японы тал саяхан баталж, хүчин төгөлдөр боллоо. Энэ гэрээ манай улсад ямар бодит боломжийг авч ирэх вэ?

-Ямартай ч гурван жилийн өмнөөс эхэлсэн уг гэрээ долоон үе шаттай явсаар хоёр тал баталлаа. Гэрээ үндсэндээ 17 бүлэгтэй. Манай улсад тусах гол ач холбогдол нь Японоос Монголд орж ирэх хөрөнгө оруулалт чөлөөтэй болж байгаа юм. Дээрээс нь технологи орж ирнэ. Хамгийн гол зүйл бол инноваци, боловсон хүчин. Японоос эдгээр нэр дурдсан зүйлүүд орж ирснээр Монголын хөдөө аж ахуй, уул уурхай, газар тариалангийн салбарт япон технологи, япон менежмент боловсруулалт хийнэ. Тэгээд бий болсон, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг буцаагаад Японы зах зээл рүү гаргах зам нээгдэж байна. Энэ бүх бололцоог бий болгохын тулд эцсийн дүндээ хүн л ажиллана. Япон, Монголын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаанд улс төрийн том шийдэл гаргаж өгч байгаа юм.

-Гэрээ батлагдахыг бизнесмэнүүд чих тавин хүлээж байсан. Манайхаас Японы зах зээлдхичнээн нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах юм бэ?

-Наад зах нь манайхаас 5700 бараа бүтээгдэхүүнийг Японы зах зээл рүү гаргана. Нэр төрлөөр нь гэрээнд оруулсан байгаа. Улс төр, хууль эрх зүй, боловсролын талаас гэрээ бүх боломжийг нээгээд өгчихсөн. Одоо ашиг орлого олох, тэр Японы том зах зээл рүү гаргах, үр шимийг нь хүртэх гарц нээлттэй болсон. Мөн Японы том зах зээлийг хоёрдогч түүхий эдээр юм уу, тэнд бүтээгдэхүүн нийлүүлэх, хангах бололцоо нь нээгдэж байгаа юм.

-Эдийн засгийн түншлэлийн гэрээ нь хоёр улсын бизнес эрхлэгчдэд татварын таатай орчинг бүрдүүлнэ гэсэн байх аа. Манайхаас хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүн Японы импортын гаалийн тарифаас чөлөөлөгдөх вэ?

-Япон бол өөрөө өндөр татвартай. Гэхдээ татварын хэсэгт нэлээд олон зэрэглэлд хуваачихсан. Тэр зэрэглэлийн дагуу татварууд нь үе шаттайгаар багасна. Яваандаа нэг татварын хэмжээнд очино. Гэрээнд энэ нь албан ёсоор суусан байгаа.Мөн гэрээний нэг онцлог бол эрх зүйн орчны бүх тохироонууд тусгагдсан. Дээр нь чөлөөтэй капитал эргэлдэх, бараа бүтээгдэхүүн, хөдөлмөрийн зах зээл чөлөөтэй байх зэргийг суулгасан байгаа юм. Японы зах зээлд экспортлоход импортын тарифаас чөлөөлөх бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гэрээнд тусгасан. Тухайлбал, өнгөт болон хар төмөрлөгийн үйлдвэр, газрын тос, нүүрс-химийн үйлдвэрийн үндсэн хийгээд дайвар бүтээгдэхүүн. Бүх төрлийн ган, төмөр, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, тунгаагаагүй зэс, катодын зэс, нэхмэл сүлжмэлийн 1200 орчим бүтээгдэхүүн, арьс шир, үслэг эдлэл, түүгээр хийсэн гутал, эд анги, цүнх, түрийвч, бээлий зэрэг бүтээгдэхүүнүүдийг Японы тал татвараас бүрэн чөлөөлсөн байгаа юм.

-Японоос импортлох бараа бүтээгдэхүүн бас хямд өртөгтэй байна гэсэн хүлээлт бий. Ялангуяа автомашин дээр их яригдаж байгаа?

-Японоос импортолж байгаа бараа бүтээгдэхүүний 60 гаруй хувь нь автомашин байгаа. Үүнийг дагаад сэлбэг орж ирдэг байгаа. Өнөөдөр манай валютын гол эх үүсвэр бол автомашины худалдаа, сэлбэгт явж байдаг. Өнөөдөр уул уурхай, барилгын салбар зогсонги байдалд орсон тохиолдолд автомашин, сэлбэг дийлж байна.

-Өнөөдөр Монголын хичнээн компани Японтой бизнесийн харилцаатай байдаг вэ?

-МХАҮТанхим дээр бүртгэлтэй 60-аад компани бий. Танхимд Япон Монголын хамтын ажиллагааны зөвлөл гэж байгаа. Манайхаас гадна ОХУ, Солонгос, БНХАУ-д ийм зөвлөл ажилладаг. Япон Монголын зөвлөлийг Токиод Монгол Улсаа төлөөлөн сууж байгаа Даваадорж авч явж байсан. Одоо Т.Хасбаатар гэдэг залуу хариуцан ажиллаж байна. Ерөнхийдөө зөвлөлийн гол онцлог бол түншлэлийн гэрээг аль болох хоёр талын бизнес эрхлэгчдэд сурталчлах, давуу талыг нь ойлгуулах, зөвхөн өөрсдөө биш, өрөөлийг үүн рүү хандуулах үүрэгтэй.

-Хоёр улсын хооронд эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулагдсанаар нэг талаар бизнес эрхлэгчдэд том боломж олдож байгаа ч давхар хариуцлага нэмэгдэнэ. Тэгэхээр манай бизнесмэнүүд юун дээрээ анхаарвал зохих вэ?

-Хамгийн гол нь манайхан судалгааны ажлаа сайн хийх ёстой. Нөгөө талаар манайхан 25 жилийн өмнөхөө бодвол харьцангуй бизнесийн гэрээ хэлцлээ тодорхой түвшинд хийж сурч байна. Том төслүүдийн гэрээ хэлэлцээрийг ч хийж байна. Өчигдөр Оюу толгойн II шатны төсөл гарын үсэг зурагдлаа. Бас Таван толгойн гэрээг удахгүй хийхээр ажлууд нь явж байна. Хамгийн чухал нь монгол баялаг бүтээгчид 10 сая ам.доллараас нэг тэрбум хүртэлххэмжээний төслүүд дээр ажиллаад сурсан байна. Энэ бол өөрөө давуу тал. 15-20 жилийн өмнө 10 сая ам.долларын төсөл гэдэг бол ахадсан тоо байлаа. Гэтэл өнөөдөр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай хэд хэдэн үйлдвэрүүдийг бариад эхэлчихсэн байна. Том хөрөнгийг хөдөлгөх эрдмийг сурч байгаа. Мэдээж капиталист нийгэмд хөрөнгө оруулалт, баялаг, технологи, хүний нөөц хэрэгтэй. Үүнд зах зээлд тохирсон хууль эрх зүй ч хэрэгтэй. Мэдээж бидэнд байгалийн нөөц, цөөхөн хүн ам байна. Тэгэхээр сайн технологи, сайн инноваци, хөрөнгө оруулалтаар бид бусад давуу талаа нөхөх бололцоо байгаа. Үүнийг нээх бололцоо Японы түншлэлийн гэрээгээр орж ирэх хөрөнгө оруулалт юм. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хамгийн гол үндсэн эерэг үр дүн бол энэ хөрөнгө оруулалтуудыг хийхэд Монголын талын компаниуд зөв санхүүтэй байх. Ямар ч хөрөнгө оруулагчийн гол тавьдаг зүйл нь шалгуур бол тэр компанийн албан ёсны санхүүг үздэг. Албан ёсны санхүүгээ үзүүлэхэд хэрвээ Монголын татварын байгууллагын тамгатай нэг балансаа үзүүлбэл гадаадынхан тун таатайгаар хөрөнгө оруулдаг. Яагаад гэвэл тэнд төрийн тамга байгаа болохоор. Гэтэл манайд ямар үйлдэл одоо ч гарч ирдэг вэ гэвэл татварын газар 100 сая төгрөгийн борлуулалтын татвар өгчихсөн байдаг. Наанаа хоёр тэрбум төгрөгийн борлуулалттай бичиг гаргаад ирдэг. Хуурамч ийм зүйлээс хөрөнгө оруулагчид зугтдаг. Яагаад гэвэл энэ хүн албан ёсны санхүүгээ уншуулж чадахгүй бол яаж хөрөнгө оруулагчаа олж, хувьцаагаа гаргах юм бэ. Гэхдээ Эдийн засгийн ил тод байдлынтухай хууль энэ бололцоог олгодог юм.

-Хоёр улсын хооронд байгуулагдаж буй гэрээ хэлэлцээрийн гол хамгаалах зүйл нь шүүх засаглал байх нь зайлшгүй. Японтой байгуулсан Эдийн засгийн түншлэлийн энэ гэрээнд үүнийг хэрхэн тусгасан бэ?

-Гэрээний хамгийн сүүлийн бүлэгт арбитрын шүүхийн асуудлыг нэлээд томоор хийж өгсөн. Гэхдээ бид аль болох арбитрт хүрэхгүйгээр хоорондоо гарсан маргаанаа эвийн шугамаар шийднэ гэсэн үндсэн зарчимтай. Тэр маань шийдэгдэхгүй бол арбитрт очно шүү дээ. Арбитрын шүүхийн хэсэг бол тусдаа бүлэг болж орсон байгаа. Яагаад гэвэл энэ маань сүүлийн 20 жилд явсан сөрөг талын үр дүнгээс бүхэл бүтэн бүлэг болж орсон байх л даа. Яагаад гэвэл манайхны зарим нь шударга байж чаддаггүй. Гадны хөрөнгө оруулагчдыг хулхиддаг, гэрээ хэлцэлдээ хүрдэггүй. Бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэггүй. Хүний нөөцөө хангадаггүй зэрэг энэ бүгдээс сэргийлж шүүхийн хэсэг нэлээд томорсон байх. Энэ бол бидний сөрөг замын л үр дүн.

-Ямартай ч гэрээ байгуулагдчихлаа. Тэгэхээр үүнийг хэрэгжүүлэхэд таатай орчин бүрдүүлэх хууль эрх зүй ямар байх ёстой вэ?

-Япон бол арав гаруй улстай 100 хувь түншлэлийн гэрээ хийдэг юм билээ. Монгол Улс 16 дахь нь. Тэгэхээр гэрээ хэлцэл хийж хоёр талаас улс төрийн хувьд шийдвэр гаргачихлаа. Хоёр талдаа хууль эрх зүй, татвар, шүүх, санхүү, мөнгөн урсгал, хүний эрх, эрх чөлөө, өмч хамгаалах асуудал байна уу гэдгийг яг тэнцүү шаардаж байгаа юм. Эдгээр тэнцүү болсон тохиолдолд албан ёсны гэрээ хэлэлцээр хэн хэндээ ялагч-ялагч буюу win-winзарчмаар үйлчилнэ. Энэ шаардлагуудыг бүгдийг нь тавьж байгаа юм.

-Манай талаас юун дээр анхаарах ёстой вэ?

-Татвар, хууль эрх зүйн орчноо тэнцүү болгох хэрэгтэй байх.Татварын хэмжээний хувьд манайх Японд давуу тал олгож байгаа. Татвар авч байгаа процесс, хүндрэлтэй асуудлуудыг гадныхан байтугай дотоодынхон ч ойлгохгүй байдаг. Үүнийг нөгөө талын гэрээ хэлэлцээрт орж байгаа хүмүүс бүгдийг нь ил тод ойлгомжтой болгохыг шаарддаг.

-Японоос ямар хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх бол?

-Хамгийн гол нь гэрээний талаар сайн танилцуулах ёстой. Энэ хоёр танхимын үүрэг, бизнесмэнүүдийг холбож байгаа байгууллагуудын үүрэг аль болох сайн сурталчилж, сайн мэдүүлэх тусам энэ хөрөнгө оруулалтуудыг татна. Технологитой хүмүүсийн хөрөнгө оруулалтыг татахын тулд хүч хөдөлмөр шаардана.

-Манайх Японы зах зээлд хонь, ямааны мах гаргана гэж байсан. Энэ ажил хэр нааштай явж байна?

-Түншлэлийн гэрээ хийх үеэр манай нэг бизнесмэн залуу Японтой махны асуудлыг нэлээд нарийн ярьсан. Хонины мах, ямааны мах гэж нэрийг нь зааж оруулсан. Япончууд монгол малын махыг их сонирхож байгаа. Хонины мах авахын тулд малынх нь бүх вакцин, халдваргүй байдлын технологийг хангана. Аль аймгаас хэдий хэмжээний мах авах зэрэг бүх төсөл нь хийгдчихсэн байгаа. Одоо вакцин нь орж ирээд малд хийгдэхээс өгсүүлээд олон ажил явагдаж байгаа юм билээ. Ингээд стандарт хангагдвал Япон руу мах гаргахад ойрхон байна лээ. Гэхдээ үүнийг бүр томоор хараад явж байгаа монгол залуус бий. Бүр Японы төсөвт мөнгө суулгуулчихсан байгаа юм. Саяхан авсан мэдээгээр Японоос ирсэн хүмүүс манай төмс, хүнсний нөгөөг онгоцоор зорчихдоо хүртэл аваад явдаг сурагтай. Яагаад гэвэл тэнд атомын бөмбөг дэлбэрч байсан.Мөн дөрвөн жилийн өмнө станц дэлбэрсэн. Тиймээс агаар, хөрснийх нь асуудал хүнд байгаа болохоор Монголын эрүүл хөрсөнд ургасан ногоо, малын махыг идэх сонирхол их байна.

-Та түрүүн Японд дутагдаж байгаа эрчим хүчний нөөцийг хангах үүднээс манай улс давуу талаа ашиглах ёстой гэлээ. Японд эрчим хүч худалдана гэсэн үг үү?

-Японы парламентад 15 жил ажилласан, хотын захирагч байсан Тэцундо Ивакуни гэж хүн манай улсад ирсэн. Тэрбээр өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Ээжийн төгөл” нээж мод тарьсан юм. Энэ хүн нэг зүйл хүсч байсан “Бид олон жилийн харилцаатай Монгол Улсад модтарьж байгаа нь чухал юм. Гэхдээ бид та бүхнээс нэг зүйл гуйя. Манайд нарнаасаа өгөөч. Танайд 360 хоногийн 300 гаад хоног нь нартай байдаг юм байна. Харин Японд эсрэгээрээ. Манай газар нутгаас дөрөв дахин их хэрнээ хүн ам нь 40 дахин бага. Тэгэхээр нар та бүхэнд их байна. Нарнаасаа өгөөч” гэсэн. Уг нь 2012 онд Японд С.Батболд сайд байхдаа айлчлах үеэр тус улстай санамж бичигт гарын үсэг зурсан юм. Тэр компани Монголд 10 жилийн хугацаанд 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад Дорнод, Дорноговь хээр талын бүсэд нарны эрчим хүчний станц барих тухай байсан. Энэ тухай Тэцундо Ивакунид би хэлж, сануулсан. “Та улстөрчийнхөө хувьд үүнийг ажил хэрэг болгохыг хичээгээрэй. Манай говийн хэсэгт нарны эх үүсвэртэй цахилгаан станц барих юм бол тэр япон руу буцаад нар очно” гэсэн. Тэр үед төслийг бид танилцуулж байхдаа, хэрвээ 10 жилийн дараа нарнаас авсан эрчим хүч нь 2012 онд Японы үйлдвэрлэж байгаа нийт эрчим хүчнээс тав дахин илүү цахилгаан үйлдвэрлэнэ гэж байсан. Тэрийг Япон руу гаргах өндөр хүчдэлийн шугам гээд ажил ундарна л даа.

-Японд мянган инженер сургахад МУИС, ШУТИС, МҮХАҮТ гурав хамтраад нэг гэрээнд гарын үзсэг зурсан. Танхимын зүгээс ямар оролцоотой юм бэ?

-Япон руу мянган инженер бэлтгэх төслийг хоёр жилийн өмнө Л.Гантөмөр сайдсанаач­лаад энэ нь ажил хэрэг болоод, 1000 инженер явах эхнийхээ болзлыг хангаж байгаа юм байна. Магистр, докторын хэмжээнд, зэргийн бус сургалт байгаа. Залуус Японд суралцаад ирэхэд нь ажиллах зах зээл нь бэлэн байх ёстой. Тийм учраас танхим тэднийг хөдөлмөр эрхлэхэд нь зуучлах юм.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал хойшиллоо

Дөрвөн настай охины амь насыг хохироосон хэргийн сэжигтнээр татагдан цагдах хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа Т.Цогт, Г.Маралмаа нар холбогдох хэргийг шүүх хурал хойшиллоо. Улсын яллагч сургалтад сууж буй шалтгаанаар шүүх хурал хойшилж, ирэх зургаадугаар сарын 3-ны өдрийн 11.00 цагт болохоор товлогдов.

Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг БЗД-ийн цагдаагийн II хэлтэст явуулан, дүүргийн нэгдүгээр прокуророос хяналт тавьж, шүүхэд шилжүүлээд байсан юм.

Categories
мэдээ нийгэм

“ICT Expo 2015” үзэсгэлэн эхэллээ

Жил бүр зохиогддог Мэдээллийн технологийн салбарынхны хамгийн том үзэсгэлэн болох ICT Expo 2015 үзэсгэлэн өнөөдөр Мишээл экспо төвд нээлтээ хийж байна. Энэхүү үзэсгэлэн “Бидний шийдэл хөгжлийн хурдасгуур” уриатайгаар 9 дэх жилээ зохиогдож байгаа юм.

Саммит Компьютер Технологи компани нь энэ удаагийн үзэсгэлэнд өөрийн хамтран ажилладаг гурван онцлох брэндийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчиддээ танилцуулахаар бэлдсэн байна.

Bose – Better sound through research

Дэлхийд тэргүүлэх Америкийн хөгжмийн төхөөрөмжийн Bose брэндийн бүтээгдэхүүнүүд патентлагдсан Direct/Reflecting технологиор бүтээгдсэн байдаг. Энэ нь энгийн системээс ялгаатай тал нь хөгжмийг ихэнх дууны долгионыг спикерийн араас цацагдаж хананд ойлгож сонсогдсоноор амьд дуугаралтыг гаргаж чаддаг юм. Бид Bose брэндийн чихэвч, зөөврийн спикер, гэрийн театр, зурагт, гадаа болон заалны зориулалттай спикер гэх мэт бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчиддээ хүргэж байна. Эдгээр бү хбүтээгдэхүүнүүд ICT Expo үзэсгэлэнд тавигдах тул та бүхэн бодит дуугаралтыгсонсож мэдрээрэй.

Dell – VirtualDesktop Infrastructure

Бидний танилцуулах VDI шийдэл нь Dell Wyse Thin Client төхөөрөмжийг ашиглан байгууллагын IT дэд бүтцийг илүү бага зардлаар, үр ашигтай зохион байгуулах боломжийг харуулах юм. Энэхүү шийдлийг ашигласнаар анхны хөрөнгө оруулалтын зардлыг хэмнэхээс гадна үйлажиллагааны явцын зардлыг бууруулах олон давуу талууд бий болдог :

Эцсийн хэрэглэгчийн мэдээллийг аюулгүй байдлыг төрөл бүрээр ханган ажиллажчаддаг.

Жишээ нь:

Та өөрийн болоод байгууллагын мэдээллийг гадагш зөөх,алдагдахыг сэргийлэх гэж нэмэлт вирусны эсрэг програм хангамж авах шаардлагагүй. Зөөврийн бүхий л төрлийн төхөөрөмжид хяналт тавих боломжтой

Dell Wyse Thin Client/Zero Client нь энгийн уламжлалт суурин компьютертай харьцуулахад эрчим хүч бага зарцуулж халалт багаү зүүлдэг. Ердийн дундаж үзүүлэлттэй компьютер ачааллаж байх үеийн үзүүлэлт 150-250 Ватт хэрэглэдэг байхад Клинтүүд нь 4-15 Ватт зарцуулдаг.
Citrix® Microsoft® VMware® зэрэг виртуалчилалын платформуудын тусламжтайгаар төвлөрсөн удирдлагын системийг бий болгож чаддаг. Мөн эдгээр хүчирхэг програм хангамжийн бүхий л боломж, чанаруудыг өөрсдийн шийдэлдээ өргөнөөр ашиглах боломжтой.

Энэхүү шийдлийн тухай илүү мэдээлэл авах, бодит төхөөрөмж болон түүний холболтыг туршиж үзэхийг хүсвэл үзэсгэлэнгийн 24-р павильонд хүрэлцэн ирээрэй. Манай мэргэжилтнүүд танай байгууллагын бодит тоонд тулгуурлан зөвлөгөө өгөх болно.

Apple – Think different

Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэнд болох Apple брэндийн бүх төрлийн компьютер, ноутбукийг хэрэглэгчиддээ танилцуулж байна.