Categories
мэдээ нийгэм

АТГ-ынхан Г.Дэнзэнг гэрээс нь хүч хэрэглэн баривчилсан тухай “Өдрийн сонин”-д нийтлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн гарлаа. Энэ дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлагаас онцолж, тоймлон хүргэж байна. Мэдээллийн технологийн салбарынхны дунд жил бүр болдог ICT EXPO үзэсгэлэнгийн нээлт өчигдөр болсон юм. Энэ тухай “Мэдээллийн технологийн “ICT expo 2015” үзэсгэлэн хөл ихтэй байна” сурвалжлагыг “Өдрийн сурвалжлага” буланд онцоллоо.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д ажлын айлчлал хийгээд өчигдөр эх орондоо ирсэн юм. Тэрбээр ирсэн даруйдаа сэтгүүлчдэд хэвлэлийн хурал хийж, Оюу толгойн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгснийг өнөөдрийн дугаарын тэргүүн нүүрт онцолж байна. Тэрбээр “Оюу толгойд улс төр хэрэггүй, энэ бол цэвэр бизнесийн харилцаа” гэсэн юм. Дэлгэрэнгүй үгийг нь нэг, дөрөвдүгээр нүүрээс уншаарай. Мөн “Улс төр” нүүрээс АН-ын ҮЗХ-ны гишүүн Б.Мягмардашийн “Өөр айлын эрх хүүхэд гэрт орж ирээд хойморт сууна гээд байна” ярилцлагыг уншаарай. УИХ-ын чуулганы эргэн тойрон болон улс төрийн мэдээлэл ч нийтлэгдсэн байгаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлдог “Баримт, үзэл бодол” нүүрт нийтлэлч Д.Мөнгөндалайн “Арабын нэгдсэн Эмират Улс бас монгол малын махыг авахаар боллоо” нийтлэл хэвлэгдлээ. Манай Монголын мал аж ахуйн салбар бол ямар их ашиг олж болохыг энэ нийтлэлд бичсэн юм. Саяхан Вьетнам улс манайхаас мах авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол одоо Эмират улс мах авъя гэж байна. Энэ тухай гуравдугаар нүүрээс дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Эдийн засгийн нүүрэнд Эндрью Вүдлэйгийн “Төслийн санхүүжилтийн 6 тэрбум ам.доллар энэ онд багтаж орох боломжтой гэж харж байна” хэмээх гарчигтай ярилцлага гарсан.

Харин Баримт, үйл явдал буланд “АТГ-ынхан Г.Дэнзэнг гэрээс нь хүч хэрэглэн баривчиллаа” гэх мэдээлэл хэвлэгдлээ. Түүнийг гэртээ байхад нь гэнэт очиж, гэр орныг нь нэгжин, улмаар баривчилж саатуулсан тухай түүний өмгөөлөгчийн ярилцлагыг долдугаар нүүрээс уншаарай.

Мөн жүжигчин Д.Бямбацогтын “Би Салхи Дамбий шиг өгье гэвэл өгчихдөг цайлган талдаа хүн” ярилцлага, “НБА-ийн шидэт тоглолтууд үргэлжилсээр” гэсэн спортын мэдээлэл, дэлхийн мэдээ, бусад цаг үеийн мэдээллүүдийг өнөөдрийн дугаараас хүлээн авч уншина уу.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

АТГ-аас Г.Дэнзэнг саатуулжээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэх Г.Дэнзэн ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж Шинэчлэлийн Засгийн газрын үед “Эрдэнэс тавантолгой” ХК-иас тендэр авсан тухай мэдээлэл бий. Тэрээр ажлаа өгснөөс хойш гадаадад амьдарч байсан. Түүнийг энэ асуудлаар АТГ-аас шалгах гэсэн боловч оргон зайлсан гэж байсан ч Г.Дэнзэн үүнийг үгүйсгэж Германд сурч байгаа гэж захидал илгээсэн. Тэрээр захиандаа удахгүй Монголд очно гэдгээ бичсэн байсан бөгөөд хэдхэн хоногийн өмнө тэрээр нутагтаа ирсэн аж. Өнөөдөр түүнийг АТГ-аас саатуулан байцааж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы “Уран бүтээлч” буланд жүжигчин Д.Бямбацогт уригдлаа

“Өдрийн сонин”-ы “Уран бүтээлч” буланд Монголын театр, тайз дэлгэц, урлаг соёл, утга зохиолын алдар цолтой, уран бүтээлээрээ цойлж байгаа эрхмүүд бүгд уригдан ордог билээ. Энэ удаад бид жүжигчин Д.Бямбацогтыг урилаа. Түүнийг “Салхи Дамбий”, “Ноён солиот” зэрэг дүрээр нь ард түмэн сайн мэдэх билээ. Д.Бямбацогттой амьдрал, уран бүтээлийнх нь талаар манай сонины сэтгүүлч Л.Батцэнгэл хөөрөлдсөн юм. Түүний уран бүтээл болон энгийн сайхан ярианы дэлгэрэнгүйг та маргаашийн “Өдрийн сонин”-оос уншаарай.

Categories
мэдээ улс-төр

Ч.Сайханбилэг: Нууц, далд гэрээ хаана ч байхгүй

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмират улсад албан ёсны айлчлал хийгээд өнөөдөр 18.00 цагт эх орондоо ирлээ. Тэрбээр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд буусан даруйдаа Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан талаараа хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Ерөнхий сайд Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэсэн тус гэрээг ажил урагшлуулсан гэрээ болсон гэж дүгнэв. Мөн Дубай хотод ямар нэгэн нууц гэрээ үйлдээгүй гэдгээ мэдэгдэв.

Тэрбээр Эмират улсад хийсэн айчлалаа үр дүнтэй болсон гэдгийг онцлоод 8 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг олж ирсэн гэсэн юм.

Харин Оюутолгойн нууц гэрээ гэсэн мэдээлэлтэй холбоотой асуудлаар тэрбээр доорх тайлбарыг өглөө.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Оюутолгойн далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөг байгуулаад ирлээ. Гэхдээ би Ерөнхий сайдын зүгээс ямар нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй. Бизнес эрхлэгч компаниудын төлөөлөл гарын үсэг зурж, төлөвлөгөөгөө баталгаажуулсан. Энэ төлөвлөгөө байгуулагдсанаар Оюутолгой улс төр, Засгийн газрын асуудал байхаа больсон. Өөрөөр хэлбэл Оюутолгой компани эдийн засгийн харилцаанд орж байна гэсэн үг. Тиймээс Оюутолгойг улстөржүүлэхээ зогсоовол таарна. Далд уурхайг эхлүүлэхэд эхний ээлжинд зургаан тэрбум төгрөг шаардлагатай. Нууц далд гэрээ хаана ч байхгүй. Өнөөдрөөс Оюутолгой улс төрийн асуудал биш, компани хоорондын асуудал болсон. Тиймээс цаашид Эрдэнэт үйлдвэр шиг орхих хэрэгтэй. 2009 оны гэрээг хөндөх асуудлыг аль, аль талд нь тавигдаагүй. 2009 оны гэрээг сайжруулах тухай яригдсан. Удирдлагын менежментийн зардал 6 хувь байсныг 3 хувь болгож чадсан. Хоёр талаас ажлын хэсэг гарч онолын ажлын хэсэг гаргаж ажиллахаар болсон. Өмнө нь Монголын тал өгөөжийн 53 хувийг авна. Рио Тинто 47 хувийг авна гэж байсан. Манай зүгээс гадны хоёр ч том компанийн зөвөлгөөг авсан. Ингээд ярилцаж тохиролцсоны үндсэнд 54.9 хувийг манай тал авахаар болсон нь манайд бол маш ашигтай хувилбар юм. Татварын асуудлыг шийдсэн учраас дахин татвартай холбоотой элдэв асуудал гарахгүй. Гэрээг албан ёсоор ил болгоно. Энэ удаагийн явдал бол Монголын талаархи олон улсын ойлголтыг эерэг болгосон. Мөн бондын болон хувьцааны үнэ сүүлийн 20 сар царцаад байсан бол одооноос өсч эхэллээ. Тиймээс улс төрчдийн тоглолтыг болиулж ажлаа хийх цаг болсон. Мөн айлчлалын хүрээнд АНЭУ-аас 1 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээл өгөх боломжтойгоо мэдэгдсэн. Ингээд үндсэндээ 7 хоногийн дотор бид 8 тэрбум ам.долларын Монголд оруулж ирэх боломжтой боллоо. Харин ч Монголын тал нөгөө талтай хэлэлцэлгүй нэмэлт орлого төлөвлөсөн, татварынхан дансыг нь хаасан тохиолдол гарч байсан. Түүнээс болж итгэл алдсан тал бий. Харин одоо бол нэг завин дээр сууснаа хэн хэн нь ойлгож, итгэлцэл сэргэлээ. Засгийн газар Оюутолгойн далд уурхайг урагшлуулж, ажлаа хийж эхэлсэн нь зарим нэг хүмүүст таалагдахгүй байж болно. Гэвч үүнийг дэвэргэх хэрэггүй” гэв.

Categories
мэдээ нийгэм

Г.Сарангэрэл нэхэмжлэлээ буцаав

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй амрагийн холбоотой байсан гэгддэг Г.Сарангэрэл шүүхэд гаргаад байсан нэхэмжлэлээ буцаажээ.

Тодруулбал, тэрбээр УИХ-ын гишүүн О.Баасанхүүд нэг тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргаад байсан.

Сануулахад, УИХ-ын гишүүн О.Баасанхүү Г.Сарангэрэлийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд байхад нь “хар тамхичин, биеэ үнэлэгч” гэж олон нийтэд зарлан, Г.Сарангэрэлийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхад очиж уулзан дарамталсан гэж өмгөөлөгч нь мэдээлэл хийж байсан удаатай. Улмаар Г.Сарангэрэл О.Баасанхүүг хариуцагчаар татаж нэг тэрбум төгрөг нэхэмжилж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Хурд хэтрүүлсэн 223 зөрчил бүртгэгджээ

Хурд хэтрүүлсэн 223 зөрчил бүртгэгджээ

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна.

2015 оны 05-р сарын 20-ны өдөр 288 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 65 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 223 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс хойш гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний зөрчил буурч байна гэж Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ОХУ-ын Элчин Сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ОХУ-ын Элчин Сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд И.К.Азизов ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийнгадаад хэргийн хорооны дарга Константин Иосифович Косачевын урилгыг гардуулахдаа, “Ноён К.И.Косачев хоёр орны парламентын хамтын ажиллагааг тогтворжуулахүүднээсмэдээлэл болон туршлага солилцох ихээхэн сонирхолтой байгаагаа уламжлаад эрхэм гишүүн Ж.Энхбаяр таныг тааламжтай үедээ Москвад айлчлахыг урьсан юм”. Элчин сайд И.К.Азизов мөнОросын Холбооны Улс нь Монгол Улстай улс төрийн төдийгүй эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой буйг дурьдав. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлэхдээ саяхан өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлсэн Аугаа их ялалтын 70-н жилийн ойн баярт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцсон нь Монгол-Оросын найрсаг харилцааг бататгахад түлхэц болсон гэж онцлов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Туул гол дээгүүр 2 км урттай орчин үеийн татлагат гүүр барина

Туул гол дээгүүр 2 км урттай орчин үеийн татлагат гүүр барина

Манай улс Ази-Европыг холбосон хурдны авто замыг концессийн гэрээгээр төсөвт хүндрэл учруулахгүйгээр барина. Тэгвэл эл хурдны авто зам дагуу Туул гол дээр 2 км урттай гүүр барих юм.

Тодруулбал Шувуун фабрик, Био комбинатын дундуур буюу Туул гол болон төмөр замын дээгүүр гарахаар зураг төсөл нь гарчээ. Монголын зам гүүрийн инженерүүд болон гадаадын архитекторуудын хамтарсан баг дээрх гүүрийн хийц, дизайныг гаргахаар ажиллаж байгаа аж.

Хурдны авто зам нь БНХАУ-ын Тяньжин боомтоос манай нутгаар дайрч ОХУ-ын Транс-сибирийн зам, Улаан-Үүд хоттой холбогдох юм. Уг замын дийлэнх хэсэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх бөгөөд Алтанбулагаас Замын-Үүд хүртэл 1000 орчим км юм байна. Засгийн газраас өнгөрсөн жил Чингис Лэнд Девелопмент групптэй концессын гэрээ байгуулснаар тус авто замын ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар хурдны замын ТЭЗҮ-г боловсруулж дууссан бөгөөд замын трассыг эцэслэн тогтоон, геологи, геодези, хөрсний судалгааг гаргаж, замын зургийн ажлыг гүйцэтгэж буйг Чингис Лэнд Девелопмент группээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Барилгын томоохон компанийн захирлууд мэдээлэл хийлээ

Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг Гандирс ХХК-ийн захирал Ц.Эрдэнэчулуун, Орчлон Констракшн ХХК-ийн захирал Д.Ганзориг, Заг Констракшн ХХК-ийн захирал Г.Ононтуул, Цаст Констракшн ХХК-ийн захирал Н.Баярцэцэг, Грийн ресурс ХХК-ийн захирал Ц.Цэцэнзориг нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэд Баянгол дүүргийн Төмөр замын 1-4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших дахин төлөвлөлтийг хийж, бүтээн байгуулах байгуулах Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зарласан уралдаан шалгаруулалтанд оролцох зорилгоор “Монголын бүтээн байгуулалтын түншлэл” консерциумыг байгуулан нэгдсэн ажээ.

Монголын бүтээн байгуулалтын түншлэл” консерциумаас Төмөр зам орчмын барилгуудыг ахин төлөвлөж, цогц байдлаар бүтээн босгох төлөвлөгөөг гаргажээ.

Ингэхдээ 1,000 хүүхдийн сургууль, ногоон байгууламж, зам талбайн тохижилт, явган хүний гүүрэн гарц, гэрэлтүүлэг, ИШС-г шинэчлэх өргөтгөх зарим ажлыг төслийн хүрээнд хийхээр төлөвлөсөн юм байна.

Categories
мэдээ нийгэм

Элэгний С вирүсийн эсрэг эмийг улсын бүртгэлд бүртгэлээ

АНУ-ын Gilead Sciences компани нь элэгний С вирүсийг эмчлэх ХАРВОНИ (Ледипасвир 90мг/Софосбувир 400мг) шахмал эмийг Канад улсын Patheon үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол Улсад “Аccess” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд импортлох, улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх асуудлыг ЭМСЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын хурлаар хэлэлцүүлэв.

“Gilead Sciences”–н бүтээсэн Совалди-Собосфовир болон Харвони эмүүд зөвхөн элэгний С вирүсийн эсрэг үйлчилгээтэй гэдгээрээ ДЭМБ болон АНУ-ын Хүнс Эмийн Агентлагаар хүлээн зөвшөөрөгдсөн, бүртгэгдсэн бүтээгдэхүүнүүд юм. Элэгний С вирүсийг эмчлэх нэг дэх эм болох Софосбувир нь бусад вирүсийн эсрэг интерферон болон рибавирин эмүүдтэй хавсран хэрэглэгдэх юм.

Харин ХАРВОНИ эм нь эмчийн хяналтад хепатит С вирүсийн генотип 1-ийн архаг халдвартай нь шинжилгээгээр нотлогдсон насанд хүрэгчдийн /18-аас дээш насны / эмчилгээнд дангаар нь хэрэглэх заалттай. Зөвхөн эмчлэгч эмчийн бичсэн жор дээрх зааврын дагуу ууж хэрэглэнэ, бусад вирүсийн эсрэг эмүүдтэй хавсарч хэрэглэх шаардлагагүй. Эмчилгээний хугацаа нь өвчний байдлаас шалтгаалан 3-6 сар байна.

Харвони эмийн эмчилгээний үр дүн болон хэрэглэх заалтыг олон судалгааны үндсэн дээр гаргасан бөгөөд үндсэн судалгаа нь 3 шатлалт эмнэлзүйн судалгааны үр дүн 96-99% байсан. Энэхүү эмийг АНУ, Европын холбооны 30 улс, Канад, Щвейцарь, Шинэ Зеланд, Турк улсуудад эмчилгээнд хэрэглэж байна.

Хүний эмийн зөвлөлийн хурлын шийдвэрээр ХАРВОНИ (Ледипасвир 90мг/Софосбувир 400мг) шахмал эмийн бүртгэлийн материал нь “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн 22 дугаар зүйлд “Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах, эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна” гэсэн заалтыг хэрэгжүүлэх Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 13 дугаар тушаал “Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журам”-ын шаардлага хангасан тул ийнхүү улсын эмийн бүртгэлд бүртгэлээ.

Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар батлагдсан хепатитийн С вируст халдварын илрүүлэг, оношлогоо, эмчилгээний зааврын дагуу дээрх эмүүдийг эмчилгээнд хэрэглэгдэх болно.