Categories
мэдээ нийгэм

12 сарын 31-ны орой 28 автобус иргэдэд үйлчилнэ

Шинэ оны баярын цэнгүүн 31-ний орой Чингисийн талбайд болж дууссаны дараа 28 автобус иргэдэд үйлчилнэ.

Шөнийн 00:00 цагаас 01:00 цагийн хооронд талбай дээр он гаргасан иргэд автобусаар гэртээ харих боломжтой.Тиймээс иргэд Чингисийн талбайн гурван талд байрлах нийтийн тээврийн зогсоол дээрээс явах чиглэлдээ суух боломжтой юм байна. Тодруулбал, талбайн баруун тал буюу Хэлмэгдэгсдийн хөшөөнөөс, мөн хуучнаар Ленин клубын урд талаас болон талбайн зүүн тал буюу Хас банкны зогсоол дээрээс нийт 28 автобус иргэдэд нэг цагийн турш үйлчилнэ.

Categories
мэдээ нийгэм

Г.Алтанхүүд холбогдох хэргийг шүүх хурал хойшиллоо

Найз бүсгүйгээ зодож, амь насыг нь хөнөөсөн гэх Г.Алтанхүүд холбогдоххэргийн шүүх хурал өчигдөр болох байсан ч дахин хойшлогдлоо.

Шүүх хурал хойшилсон учир нь шүүх бүрэлдэхүүн талийгаачид анхны задлан шинжилгээ хийсэн эмчийг шүүх хуралд заавал оролцуулах ёстойгэж үзсэнтэй холбоотой аж. Тиймээс дараагийн шүүх хурлыг ирэх сарын 5-нд хийхээр товложээ.

Прокуророос Г.Алтанхүүг2013 оны арваннэгдүгээр сарын 3-12-ны өдрүүдэд өөрийн хамтран амьдрагч эмэгтэйг зодож, амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт буруутгаад байгаа бол анхан шатны шүүхийн шийдвэрээр Г.Алтанхүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Д.Дорлигжав АТГ-т өөрийгөө шалгуулах хүсэлт гаргажээ

Улсын Ерөнхий Прокурор асан, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр дөрвөн сая ам.доллартай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлтээ гаргажээ.

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн твиттер хуудаснаа “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” гэсэн баримт бүхий мэдээлэл цацсан. Тухайн үед тус гүйлгээг Алтан дорнод Монгол компаниас хийсэн гэдэг мэдээллийг эх сурвалжууд өгсөн. Харин хаашаа, хэнд хийсэн гүйлгээ гэдгийг тодруулалгүй орхисон билээ. Х.Тэмүүжин гишүүн ч оньсого таалгачихаад таг дуугүй болчихсон. Тэгвэл тэнд үзүүлсэн гүйлгээ нь Д.Дорлигжавтай ямар ч холбоогүй тул тэрээр нэр төрөө сэргээлгэхийг хүсч байгаагаа илэрхийллээ.Тиймээс дөрвөн сая ам.долларын асуудлыг шалган, эцэслэж өгөхийг хүссэн өргөдлөө АТГ-т өгчээ.

Categories
мэдээ улс-төр

ОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.12.23/ Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогт Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Зургаанжингийн Энхболд, Баастын Золбаяр нарыг нэр дэвшүүлснийг өргөн мэдүүллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хамарын хийдийн зам дээр төлбөр хураана

Дорноговь аймгийн төвийг Хамарын хийдтэй холбосон хатуу хучилттай авто замыг хүнд даацын машинаас хамгаалах, зорчигчдоос зам ашигласны төлбөр хураах зорилгоор Зүүнбаянгийн төмөр замын гарамын хойно төлбөр хураах цэг байгуулжээ. Хамарын хийд, Хан Баянзүрх хайрхан, Зүүнбаян чиглэлд зорчих жолооч нараас ирэх гуравдугаар сараас хураамж авч эхлэх аж. Хураамжны мөнгө Замын санд төвлөрөх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Дарханд Нойтон сорозон баяжуулах үйлдвэр нээлээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэр дэргэдээ төмрийн хүдэр боловсруулах Нойтон соронзон баяржуулах үйлдвэрээ нээлээ. Шинээр ашиглалтад оруулж байгаа энэ үйлдвэр нь төмрийн хүдэр баяжуулах гурван шугамтай бөгөөд жилд нэг сая тонн, 0-10 мм ширхэгтэй, 45-50 хувийн төмрийн агуулгатай хуурай хүдэр боловсруулна. Мөн 700000 тонн 0-70 мм ширхэгтэй 64 хувиас дээш төмрийн агуулгатай баяжмал үйлдвэрлэх юм байна. Энэ нь Монгол Улсын хэмжээнд төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрүүдээс хамгийн өндөр чадалтайд тооцогдож буй аж.

Categories
мэдээ нийгэм

Хуулийн оюутнууд нээлттэй өнжинө

Хууль сахиулахын их сургуулийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулиас үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэн 2014 онд хийсэн ажлын үр дүнг тайлагнан, цаашдын бодлого чиглэлийг тогтоох зорилгоор “НЭЭЛТТЭЙ ХААЛГА” ӨДӨРЛӨГ-ийг өөрийн сургуулийн байранд өнөөдөр зохион байгуулахаар болжээ.

Categories
мэдээ улс-төр

Б.Гарамгайбаатарыг бүлгийн даргад нэр дэвшүүлэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар Төрийн ордны “А” танхимд хуралдаж байна. Тус хурлаар бүлгийн даргын асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарыг нэр дэвшүүлэхээр болжээ.

Одоо нэрийг нь Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанд оруулж эцэслэн батлуулах юм байна.

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгост интернэт тасарчээ

Хойд Солонгост өчигдөр интернэт тасарсан тухай Америкийн “Dyn Research” компани мэдээлжээ. Хойд Солонгост 24 цагийн турш интернэт тасарч, Пхеньян цахим ертөнцтэй бүрэн холбоогүй байгааг “Dyn Research” компанийн захирал Дуг Мадори мэдээлэв. Хойд Солонгост интернэт тасарсан шалтгаан тодорхойгүй байна.

Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Засгийн газраас Хойд Солонгосын эсрэг ямар нэгэн кибер үйл ажиллагаа явуулаагүй гэж мэдэгджээ. Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Sony Pictures” компанийг хакердсаны хариуд Хойд Солонгост хариуг барихаа амласан юм. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Вашингтон Хятадаар дамжсан Хойд Солонгосын интернэтийн сервер, хүлээн авагчийг хааж өгөхийг Бээжингээс хүсчээ. АНУ-ын албаныхан “Sony Pictures” компанийг хакердсан хэрэгт Хойд Солонгосыг буруутгаж буй юм. Тиймээс Хятад дахь Хойд Солонгосын хакеруудыг илрүүлж, эх орон руу нь буцаахыг ч Бээжингээс шаарджээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“Тавантолгой”-н хөрөнгө оруулагч тодорчээ

“Тавантолгой”-н нүүрсний ордод хөрөнгө оруулагч тодруулах шалгаруулалт эхлээд сар гаруйн хугацаа өнгөрсөн. Өчигдөр хуралдсан ажлын хэсгийн хуралдаанаар Техникийн саналдаа авбал зохих босго оноог авсан Хятад, Япон, Монголын “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо”, “Энержи Ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэл болон “Пибоди Энержи” компанийн Санхүүгийн саналын үнэлгээг Ажлын хэсгийн гишүүдэд танилцуулсан юм.

Үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци, “Энержи Ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэлийг “Тавантолгой”-н нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар шалгаруулав. Шалгарсан хөрөнгө оруулагч тал нь “Тавантолгой”-н нүүрсний ордод хөрөнгө оруулан, хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд ордыг өмчлөх эрх төрийн мэдэлд хэвээр хадгалагдан үлдэх аж.