Categories
мэдээ нийгэм

Уул уурхайн яам баялаг бүтээгчдийг дэмжиж ажиллана

Уул уурхайн яам Шинэчлэлийн Засгийн газрын үеийн эрдэс баялаг, газрын тосны салбарын бодлого үйл ажиллагааг уламжлан, эрчимжүүлж, баялаг бүтээгчдийг дэмжин ажиллах аж. Тухайлбал, Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын Уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 176-р конвенцид нэгдэх тухай хуулиудын төслийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулна.

Мөн шинээр батлагдсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, салбарын холбогдох хуулиудийн хэрэгжилтийг хангах, тэдгээртэй уялдуулсан дүрэм, журам, стандартыг шинэчилнэ. Зэс, алт, жонш, төмөр, газрын ховор элемент, цайр, холимог металл зэрэг хөтөлбөр боловсруулж Засгийн газраар батлуулна.

Баяжуулах, боловсруулах үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг тодорхой болгож бүртгэлжүүлэн, тэдгээрт тавигдах шаардлагад нийцүүлэх ажлыг зохион байгуулна. Уурхай, баяжуулах үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлтийн журам, стандартыг олон улсын туршлагад нийцүүлэн боловсруулан мөрдүүлж хариуцлагыг дээшлүүлнэ. Уул уурхай өндөр хөгжсөн улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Геологийн судалгааны ажлын санхүүжилтийг 10 тэрбум төгрөгт хүргэжээ

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт геологийн судалгааны ажилд зарцуулах хөрөнгийг жил бүр нэмэгдүүлэнэ гэж заасны дагуу 2014 онд 10 тэрбум төгрөгийг УИХ-аар батлуулсан байна. Геологийн судалгааны ажилд зарцуулах санхүүжилт нэмэгдсэнээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Улсын геологийн 1:200000-ны масштабтай иж бүрдэл зураг зохиох ажлыг нутаг дэвсгэрийн 81,94 хувь, 1:50000-ны масштабын геологийн зураглал ерөнхий эрлийн ажлаар 31 хувийг тус тус хамруулсан. Мөн сэдэвчилсэн судалгааны 8 төсөл, гадаад хамтын ажиллагааны 3 төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

152 хайгуулын ажлын тайлан, 149 уурхай, Уулын үйлдвэрийн ТЭЗҮ хүлээн авчээ

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл энэ онд нийт 44 удаа хуралдаж, дараах асуудлыг шийдвэрлэжээ. Үүнд:

-Стратегийн орд, уурхайн нөөц, ТЭЗҮ-ийг хэлэлцэж 3 удаагийн өргөтгөсөн хуралдаанаар 5 уурхай, уулын үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) хэлэлцэж дүгнэлт гаргажээ.

-Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн геологийн судалгааны ажлын үр дүн, төсвийн тодотголыг 8 удаагийн хурлаар хэлэлцэж 20 төслийн үр дүн, 2014 онд үргэлжлэн хэрэгжих 38 төслийн тодотголыг хэлэлцэж Уул уурхайн сайдын тушаал гарсан байна.

-Хувийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ашигт малтмалын ордын хайгуулын ажлын үр дүн, нөөцийг улсын бүртгэлд бүртгэх 14 удаагийн хурлыг зохион байгуулж 152 тайланг хэлэлцэж шийдвэрлэжээ.

-Ашигт малтмалын ордыг ашиглах ТЭЗҮ-ийг хэлэлцэх 19 удаагийн хуралдаанаар 149 уурхай, уулын үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гарган ажиллав.

ЭБМЗ-ийн өргөтгөсөн болон салбар хуралдаанаарулсын нөөцийн нэгдсэн бүртгэлд 17 төрлийн ашигт малтмалын нөөц нэмж бүртгэсэн байна.

Голлох ашигт малтмалын нөөцийг авч үзвэл, алт 98.1 тн, төмөр 35.6 мянган тн, нүүрс 6.5 сая.тн, зэс 978 846 тн, жонш 4.168,28 мян.тонныг тус тус бүртгэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Сонгон шалгаруулалт явуулсны дүнд 316 сая төгрөг төсөвт оруулжээ

Уул уурхайн яамны “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу талбайд зарцуулсан зардлыг тооцон босго үнээ баталгаажуулсан 23 талбайд сонгон шалгаруулалт зарласнаас 15 талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг дахин олгожээ. Ингэхдээ дээрх 15 талбайн 12 талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд шалгарсан бол 3 талбайд шинэ компаниуд шалгарсан байна. Өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүдэд босго үнийг журмын дагуу тавьжээ.

Хоёр удаа сонгон шалгаруулалт зарлаад санал ирээгүй 3 талбайг АМТХ-ийн 18, 19 дүгээр зүйлд заасны дагуу өргөдлийн журмаар олгох талбайд шилжүүлсэн байна.

Сонгон шалгаруулалт явуулсны дүнд улсын төсөвт 316 сая орчим төгрөгийн орлого оруулжээ.

Геологи хайгуулын ажлын зардал, бусад зардлыг баримтад үндэслэн баталгаажуулж, босго үнийг нь тогтоосон нийт 18 талбайд сонгон шалгаруулалт зарлаж хуулийн хүрээнд шалгаруулалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа аж. Босго үнээ баталгаажуулаагүй аж ахуйн нэгжүүд АМГ-ын ажлын хэсэг дээр тухайн талбайд зарцуулсан зардлаа тооцон баталгаажуулж босго үнээ тогтоох шаардлагатай юм байна.

Categories
мэдээ нийгэм

С.Хорлоо эмээд тусласан залуучуудыг жуухаар шагнав

Бөмбөгөр” худалдааны төвийн худалдаачдад халуун цай зарж, амьдардаг 90 настай С.Хорлоо эмээд туслах аян өнгөрөгч 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхэлсэн билээ. Энэхүү сайн үйлсийн аянг “Монгол тусгал залуучуудын нэгдэл ТББ” -ын залуус өрнүүлсэн юм. Тэд С.Хорлоо эмээг шинэ байшинтай болох үйлсийг амжилттай биелүүлж энэ сарын 6-нд шинэ байшингийн түлхүүрийг гардуулан өгсөн юм. Өнөөдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Монгол тусгал залуучуудын нэгдэл ТББ” -ын залуусын төлөөллийг хүлээн авч уулзсан байна. Энэ үеэр тус төрийн бус байгууллагын тэргүүн Б.Ням-Эрдэнэ, гишүүн Ц.Сувд-Эрдэнэ нарт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Жуух бичиг гардуулан өгч, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсчээ.

Categories
мэдээ нийгэм

Уул уурхайн яамны найман хүн цомхотголд оржээ

Уул уурхайн яамнаас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уул уурхайн сайд Р.Жигжид тэргүүтэй тус яамны харьяа агентлагийн удирдлагууд оролцож, энэ жилд хийсэн ажлаа тайлагнаж, мөн ирэх жил ямар бодлого барьж ажиллахаа тодорхойлсон юм.

Засгийн газар шинээр байгуулагдсанаар Уул уурхайн яам бие дааж, мөн зарим агентлагийг дотроо нэгтгэж байгаа аж. Энэ хүрээнд яамны бүтэц орон тоог шинэчилэн баталж, Хуулийн хэлтсийг татан буулгаснаар 5 газар, 4 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулах болж буй юм байна. Мөн яамны албан хаагчдын орон тоо 74 байсныг 15 хувиар цомхотгожээ. Ингэснээр 8 хүн цомхотголд хамрагдаж, 66 нь яамандаа үлджээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлийн мэдээлэл буурчээ

НҮБ-ын хүүхдийн эрхийг хамгаалах сан, Хэвлэлийн хүрээлэн, Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд хамтран хүүхдийн эрх, хамгааллын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн мэдээлж, нийтэлж буйд хийсэн мониторингийн үр дүнг танилцууллаа. Дээрх байгууллагууд 2006 оноос эхлэн уг судалгааг явуулж эхэлсэн байна. Энэ жил таван телевиз, гурван өдөр тутмын сонин, нэг веб сайтын нийтлэлж буй мэдээ мэдээлэлд хүүхийн эрх, хамгааллын талаарх асуудал хэрхэн тусч буйг судалжээ. Тодруулбал, МҮОНТ, Монгол HD, Боловсрол, TV9, Eagle, өдөр тутмын сониноос “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Үндэсний шуудан” багтсан бол вэб сайтаас News.mn судалгаанд хамрагдсан байна.

Судалгаанд хамрагдсан 10 мэдээллийн хэрэгслийн нийтлэл, нэвтрүүлэгт анализ хийхдээ Хүүхдийн тухай мэдээллээр хангах, Хүүхдийг мэдээллийн харилцаанд оролцуулах, Аюултай, эрсдэлтэй мэдээллээс хүүхдийг хамгаалах гэсэн үндсэн гурван зарчимд төвлөрч, дүгнэлтээ гаргажээ.

Судалгаанаас үзэхэд, сонинд нийтлэгдэж буй хүүхэд хамгааллын талаарх мэдээ нийтлэл 2010 онд 3 хувь байсан бол 2011 он 8.3 хувь болж өсч, 2014 онд 4 хувь болж буурсан байна. Харин телевизийн хувьд 2010 онд 13 хувь байсан бол 2011 онд 13.4 хувь, 2014 онд 24.7 хувь болж огцом өсчээ.

Телевизээр гарч буй хүүхдийн нэвтрүүлэг 0-13 насныханд хандаж байгаа бол, сонины нийтлэл 0-18 насныхныг хамардаг аж. 2014 онд “Боловсрол” суваг телевиз хүүхэд рүү чиглэсэн нийтлэл нэвтрүүлгийг хамгийн ихээр үзүүлсэн байна. Харин үүний дараа Монгол HD телевиз орсон бол удаах байранд TV9, MҮОНТ, Eagle оржээ.

Мөн дараах судалгаагаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зөвхөн сенсаци, гэмт хэрэгтэй холбоотойгоор хүүхдийн асуудлыг хөндөж тавьж буй сул тал ч ажиглагджээ. Хүүхдэд чиглэсэн мэдээллийн 52 хувь эерэг бол 26 хувь нь сөрөг хандлагатай мэдээлэл байжээ.

Categories
мэдээ улс-төр

Ажил эхлэх, дуусах цагийн Нийслэлийн Засаг дарга зохицуулна

Яам агентлагууд, Улаанбаатарт байршин ажилладаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх цагийг 08.00, ажил дуусах цагийг 17.00, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх цагийг 08.00, их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 09.00 байхаар Засгийн газар 2012 онд тогтоосон. Төрийн бүх байгууллагын ажил ижил цагт цуглах, тарахaд замын хөдөлгөөний түгжрэл удаан хугацаагаар үүсч байгаа тул нийслэл дэх төр захиргааны болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх, тарах цагт уян хатан зохицуулалт хийх эрх олгох хүсэлтийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Ерөнхий сайдад ирүүлсэн юм. Энэ талаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд, нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх, дуусах цагийг зохицуулж байх эрхийг нийслэлийн Засаг даргад шилжүүллээ. Ингэхдээ замын хөдөлгөөний урсгал, тээврийн хэрэгслийн тоо, байгууллагуудын байршил, ажиллагсад болон суралцагчдын тоо зэргийг судлан үзэж байхыг даалгалаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Амарсайхан агсны өмгөөлөгч Р.Пүрэвлхам: Амьд байсан бол өөрийгөө буруугүй гэдгийг хангалттай нотлох байсан

Түрүүч нь ¹307(4947) дугаарт

Д.АМАРСАЙХАН АГСАН ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ ДАРГААР АЖИЛЛААГҮЙ

-Д.Амарсайхан агсанд холбогдох хэргийг Дээд шүүх шийдвэрлэсэн. Ингэхдээ хэргийн оролцогч Х.Анхбаярыг талийгаачид авлига өгсөн гэж үзсэн. Харин Д.Амарсайхан агсныг нас барсан учраас хэргийг хэлэлцэх ёсгүй байж гэж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг юу гэж үзэж байна вэ?

-Хоёр шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, нас барсан хүнийг гэм буруутайд тооцсон асуудлыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэрэгсэхгүй болгосон. Хяналтын шатны шүүх хууль хэрэглээний асуудлыг нь шийдвэрлэдэг. Миний үйлчлүүлэгчийн хувьд хууль хэрэглээний асуудлаар зөв дүгнэлт хийсэн. Тэр хүн нэгэнт нас барсан учраас анхан шатны шүүх ямар ч тохиолдолд тэр хүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх ёсгүй байсан. Шууд хэрэгсэхгүй болгоод үлдэх хүмүүсийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх байсан. Гэтэл анхан шатны шүүх яг амьд хүнийг шүүж байгаа юм шиг нэр ус, нас хаягаар нь дуудаад амьд мэтээр яллаж, гэм буруутайд тооцсон. Бүр тэдэн жилийн ял өгье гэдэг асуудал хүртэл яригдсан. Дээд шүүх талийгаачийн гэм бурууг хэлэлцэх ёсгүй гэдэг үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосонд талархаж байгаа.

-Авлига өгсөн, авсан гэгдээд байгаа Х.Анхбаяр, талийгаач хоёр ямар холбоотой байсан юм бэ?

-Гэр бүлийн найзууд гэж сонссон.

-Шарга-3, Нэмэгт-6 талбайнуудад газрын тосны бүтээгдэхүүн хуваах чиглэлээр зарласан олон улсын нээлттэй тендэрт Х.Анхбаярын “Тэнгри холдинг” компанийг шалгаруулсынхаа хариуд талийгаачийг авлига авсан гэм буруутайд тооцсон. Тэр нь ямар учиртай юм бэ?

-Миний үйлчлүүлэгч ийм хэрэг үйлдээгүй, энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар баталгааждаг гэж гурван шатны шүүх хуралдааны туршид ярьсан. ТалийгаачийгШарга-3, Нэмэгт-6 талбайнуудын сонгон шалгаруулалтын хорооны даргаар ажилласан. Ингэж ажиллахдаа үнэлгээний хороонд бас даргаар ажиллаж Х.Анхбаяр гэдэг хүний компанийг шалгаруулсан гэж буруутгасан. Гэтэл Д.Амарсайхан агсан ерөөсөө үнэлгээний хороонд ажиллаагүй. Үнэлгээний хороонд ажилласан гэдэг нэг ч нотлох баримт байдаггүй. Хороонд ажилласан хүмүүсийн нэг нь ч Д.Амарсайхан агсныг Үнэлгээний хорооны даргаар ажилласан гэж хэлээгүй, батлаагүй.

-Сонгон шалгаруулалтын хороо, Үнэлгээний хорооны даргаар давхар ажиллаж давуу эрх олгосон гэж үзсэн юм уу?

-Тэгж ажиллах ямар ч боломж байхгүй. Сонгон шалгаруулах журмын дагуу бол Үнэлгээний хорооны даргаар ажилласан хүн Сонгон шалгаруулалтын хорооны даргаар ажиллах хориотой. Хэрвээ Үнэлгээний хорооны даргаар ажилласан хүн Сонгон шалгаруулах хорооны даргаар ажилласан бол гишүүд нь уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх бүрэн эрхтэй. Ямар ч тэнэг хүн Үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан хүнийг Сонгон шалгаруулалтын хорооны даргаар ажиллуулахгүй. Үнэлгээний хороо, Сонгон шалгаруулах хорооны ажлын хэсэгт ажилласан хүмүүсээс “Үнэлгээний хорооны даргаар Д.Амарсайхан агсан ажилласан уу. Ажилласан бол Сонгон шалгаруулах хорооны даргаар ажиллахад та нар яагаад эсэргүүцээгүй вэ” гэж асуугаагүй байдаг. “Д.Амарсайхан та нарт энэ компанийг захьсан уу” л гэж асуудаг. Хариуд нь “Үгүй. Энэ ямар компани вэ гэж асуусан л гэдэг” гэж хариулдаг.

-Хэдхэн жилийн өмнөх сонгон шалгаруулалт шүү дээ. Архивт баримт нь байдаггүй юм уу?

-2008 оны явдал. Гэтэл Ашигт малтмалын газрын болон бусад архивт ерөөсөө байдаггүй. Сонгон шалгаруулалтын хороо, Үнэлгээний хорооны баримтуудыг тухайн үед даргаар ажиллаж байсан болон өөр хэн нэгэн үзэх эрхгүй юм билээ. Зөвхөн нарийн бичгийн даргын гараас архивт орно. Архиваас зөвхөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажилладаг хүмүүс үзэх эрхтэй.

-Тэгээд нарийн бичгийн дарга нь архивтаа хийгээгүй болж таарч байгаа юм уу. Тэр хүн гэрчийн мэдүүлэг өгсөн биз дээ?

-Нарийн бичгийн дарга “Задгай бичиг баримт байдаг юм. Түүнийгээ барьж очоод л архивласан юм” гэдэг. Төрийн ажил ийм л байдаг юм байна. Үүний улмаас л талийгаач буруутсан. Муу л бол хойт талын хар овоохой гэдэг шиг л талийгаачид нааж, буруутгасан юм шүү дээ. Нөгөө талаас Үнэлгээний хорооны гишүүдийн хамтын шийдвэрээр “Тэнгри холдинг” шалгарсан. Тиймээс хамтын шийдвэр гаргасан бүх хүмүүсийг яагаад шалгаагүй вэ гэдэг асуудал бас гарна.

-Гэрчийн мэдүүлэг авсан биз дээ?

-Авсан. Тэр хүмүүс “Хамгийн өндөр оноо авсан компанид л өгсөн” гэж хариулдаг.

-Хавтаст хэрэгт Д.Амарсайхан агсан өөрөө юу гэж мэдүүлсэн байдагюм бэ?

-Байшин сав аваагүй гэдгээ баталж мэдүүлдэг. Чандмань 50 мянган ам.доллараа бэлнээр өгч байж байраа өөрийнхөө нэр дээр авсан, дараа нь үлдэгдэл 50 мянган долларыг цувуулж төлсөн гэж мэдүүлсэн. Тэр мөнгийг өгснийг “Тэнгри холдинг” компанийн менежер Отгонболд гэрчилдэг. Шилжүүлсэн баримт нь ч хавтаст хэрэгт байдаг. “Тэнгри холдинг” компанид Чандманийг ажиллуулахын тулд Х.Анхбаяр орон сууцаа хөнгөлөлттэй үнээр зарахаар тохирсон нь энэ. Чандмань тэр үед Хас банкинд ажиллаж байсан шүү дээ.Үлдсэн 100 мянган ам.доллараа цувуулж өгөх, дээр нь машин авах тохиролцооны үндсэн дээр Хас банкнаас гарч “Тэнгри холдинг”-д ажилд орсон байдаг.

-Д.Амарсайхан агсных хэдийд нь тэр байранд орсон юм бэ?

-2009 онд байх. Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчээ ийм хэрэг үйлдээгүй гэдгийг нотлохын тулд дээрх баримтуудыг шүүх дээр гаргаж тавьсан. Хэрвээ Д.Амарсайхан агсан амьд байгаад болсон явдлыг хангалттай тайлбарлаж өгсөн бол шүүх гэм буруугүй гэж үзэх байсан гэж боддог. Талийгаач өөрийгөө буруугүй гэдгийг хангалттай нотлох байсан. Тийм учраас асуудал огт өөрөөр шийдэгдэх боломж байсан юм шүү.

-Та анхан шатны шүүх бүрэлдэхүүн, Эрүүгийн хэргийн II шүүхээс татгалзаж байсан. Ингэхдээ талийгаачийг цагдан хорих шийдвэр гаргасан шүүх өөрөө гэм буруугийн асуудлыг хэлэлцэх нь ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг үндэслэл гаргасан.

-Ийм үндэслэл гаргасан ч шүүх хүлээж аваагүй.

АТГ-ЫНХАН ТАЛИЙГААЧИЙН ТАЛААР БААХАН МЭДЭЭЛЭЛ ЦАЦЧИХААД ТҮҮНДЭЭ ХҮРЭХ ГЭЖ УЛАЙРСАН

-Талийгаачийг бас “Петрочайна Дачин тамсаг”-ийн гэх хэргээр шалгаж байсан. 50 орчим тэрбум төгрөгийг Хонконг дахь дансаараа дамжуулан хувьдаа завшсан, энэ хэргээр интерполоор эрэн сурвалжилж байгаа гэдэг мэдээлэл гарсан. Тэр хэрэг нь юу болсон юм бэ?

-Намайг өмгөөлөгчөөр орох үед тийм зүйл огт яригдаж байгаагүй. Өмгөөлөгчөөр ажиллаж эхлэхдээ “Петрочайна Дачин тамсаг”-ийн гэх хэрэг байгааг огт мэдээгүй. АТГ-ын мөрдөн байцаагч Анхбаяр гэдэг хүн тэр хэргийг шалгаж, талийгаачийг сэжигтнээр тогтоосон байсан юм билээ. Гэхдээ тэр хэргээр цагдан хориогүй юм шүү.Талийгаачийг хамгийн сүүлд цагдан хорих үед энэ тухай мэдэж хэргийг нэгтгэн шалгаач гэдэг хүсэлтийг АТГ болон прокурорт өгч байсан. Үнэндээ талийгаачийн биеийн байдлаас шалтгаалаад тэр хэрэгт анхаарах завдал гараагүй. Эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргаж өгөөч гэж хөөцөлдөж байтал нас барсан. Нас барсных нь дараа тэр хэргийг нь прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон тогтоол ирсэн.

Тодруулбал, Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас 2014 оны долдугаар сарын 28-ны өдрийн 2150 тоот тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-ээр “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” талийгаачийн эхнэр Д.Нарантуяад танилцуулаад “Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.Амарсайхан нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Монгол Улсын Засгийн газартай байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу Дорнод аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Тосон уул 19”, “Тамсаг 21” талбайгаас олборлосон газрын тосны борлуулалтаас болон Монгол Улсын Засгийн газарт ноогдох орлогоос хувьдаа завшсаны улмаас Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, эрүүгийн хэргийг “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг танд мэдэгдэж байна” гэсэн мэдэгдэх хуудсыг дүүргийн хоёрдугаар прокурорын газраас 2014 оны наймдугаар сарын 8-нд өгсөн байдаг

-Талийгаачийн аав, ээж өндөр настай хүмүүс байдаг. Сэтгэл санаа нь хүнд байгаа нь ойлгомжтой.

-Үнэхээр хүнд байдаг. Эцэг эхээ харж хандаж явдаг хүү нь байсан юм билээ. Эхнэр нь ч хүнд байдалтай байгаа. Миний хувьд шүүхийг буруутгахаас илүүтэй АТГ-ын мөрдөн байцаагч, хяналтын прокурор ажилдаа хэтэрхий хайнга ханддагийн улмаас ийм байдал үүссэн гэж хэлмээр байна. Талийгаачийг яллагдагчаар татсан тогтоолгүйгээр хэргийг шийдсэн шүү дээ. Улсын яллагч давж заалдах шатны шүүх хуралдаан дээр “Яллагдагчаар татсан тогтоол байсан юм. Тэгж байгаад алга болчихсон” гээд сууж байгаа нь хэтэрхий хайнга, муу ажиллаж байгаагийн илрэл шүү. Эрүүгийн хуулиар шүүхээр гэм бурууг шийдээгүй нөхцөлд хүнийг гэм буруутай гэж тооцохгүй гэж заасан байдаг. АТГ талийгаачийн талаар үнэн, худал нь мэдэгдэхгүй баахан мэдээлэл цацчихаад тэрэндээ хүрэх гэж дараагийн үйл ажиллагаагаа явуулж, ямар нэгэн байдлаар гэм буруутай гэж тооцох гэж улайрсан.

Тийм л байсан бол “Петрочайна Дачин тамсаг”-ийн гэх хэргээ мухарлачихаад нийтэд зарлахгүй яасан юм бэ. Бодлогоор ял өгч байгаа, дээрээс өгсөн заавар гэх мэт зүйл яриад байдгийг би хувьдаа ойлгодоггүй. Хуулийн байгууллага хуулийн дагуу л ажиллах ёстой. Урьдчилан хорих 461 дүгээр ангийн эмч нарт АТГ-ынхан эрүү үүсгэж шалгасан юм гэнэ лээ. Түүнээс болоод 461 дүгээр ангийн эмч нар өндөр албан тушаал хашиж байгаа хэн нэгнийг эмчлэхээс айдаг, өргөсөн тангаргаасаа няцахад хүрдэг болсон гэнэ лээ. Тэд “АТГ-ынхан битгий үз гэсэн” л гэж яриад байдаг шүү дээ. АТГ нь ч ямар аймаар газар байдаг юм, мэдэхгүй.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сарын 2-нд амрана

Хөдөлмөрийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно” гэж заасны дагуу 2015 оны 1 дүгээр сарын 2-ны баасан гарагийн ажлын өдрийг 1 дүгээр сарын 10-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэхээр тогтлоо.