Categories
мэдээ нийгэм

Телевизийн мэдээ хүүхдийн амьдрах хэв маягт хор учруулахуйц байна

Хүүхдийн эрх, хамгааллын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн мэдээлж, нийтэлж буйд хийсэн мониторингийн дүнг Хэвлэлийн Хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүүхдийн төлөө үндэсний газар танилцууллаа. Таван телевиз, гурван сонин, нэг сайтыг судалгаандаа хамруулжээ.
Судалгаа үндсэн гурван хэсгээс бүрдэж байгаа аж. Үүнд:
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хүүхдийн асуудал ямар хэмжээгээр, хэрхэн тусгаж байна вэ?
-Хэвлэл мэдээлэлд хүүхдийн оролцоо ямар байна
-Эрсдэлтэй мэдээлэлээс хэрхэн хамгаалж байна вэ?
гэсэн хэсгүүд багтаж байна. Судалгаанд телевизийн 481, сонины 934, вебийн 76 нэгж мэдээллийг ашиглажээ. Ингэхдээ хүүхдийн хамгийн их телевиз үздэг цаг болох 15.00-22.00 цагийн мэдээллүүдийг хянажээ.
Телевизээр цацагдаж буй хүүхэдтэй холбоотой зарим мэдээлэл хүүхдийн ёс суртахуун, амьдрах хэв маягт хор хөнөөлтэй байж болохуйц байна
Өмнөх жилүүдийн судалгаатай харьцуулахад телевизэд хүүхдийн асуудлыг тусгасан байдал 23.7 хувь буюу өссөн, сонинд 4 хувь буюу буурсан үзүүлэлттэй байгааг Хэвлэлийн хүрээлэнгийн судалгааны ахлах ажилтан Н.Ганчимэг хэлсэн юм.
Телевизүүдээс “Боловсрол суваг” телевиз, сониноос “Зууны мэдээ” хүүхдийн асуудлаар илүүтэй дуугарч, асуудал хөндөж байна.
Харин сонин хүүхдийн эрүүл мэндийг асуудлыг, хүүхдийн хөгжилтэй холбоотой мэдээлэл телевиз, урлаг, спорт, сурлагын амжилтыг веб сайт түлхүү мэдээлдэг аж.
Сонинд хүүхдэд чиглэсэн мэдээллийн 52 хувь нь эерэг, 26 хувь нь сөрөг, телевизэд 70 хувь нь эерэг, есөн хувь нь сөрөг хандлагатай байна. Эрсдэлд орсон хүүхдийн тухай мэдээлэхдээ сэтгүүлч мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргасан тохиолдол бүртгэгдээгүй нь сайшаалтай байгааг тэрээр онцолсон. Гэвч телевизээр цацагдаж буй хүүхэдтэй холбоотой зарим мэдээлэл хүүхдийн ёс суртахуун, амьдрах хэв маягт хор хөнөөлтэй байж болохуйц байгаа аж.
Мониторингийн дүнгээс үзэхэд, бүх насны хүүхдүүдийн оролцох бололцоог хангасан эрүүл ахуй, ахуй амьдралын тухай, хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн талаар сургалт танин мэдэхүйн чиглэлийн нийтлэл нэвтрүүлгийн тоог нэмэгдүүлэх, нийтлэлийн бодлогоо баяжуулах хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд онцоллоо. Мөн энэ чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх шаардлагатай байна гэж үзлээ.

Categories
мэдээ нийгэм

МУБИС тусгай хэрэгцээт боловсролын асуудлаар солонгосчуудтай хамтарна

БНСУ-ын Боловсролын Яамны Чонваны Их Сургууль хариуцсан Төлөвлөлт Үнэлгээний захирал доктор профессор Yoon-Seon Sohn, Чонваны Их Сургуулийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхмийн эрхлэгч, доктор Jung Dae Young нар Боловсролын их сургуульд зочилжээ. МУБИС-ийн захирал доктор Д.Мөнхжаргал зочдыг хүлээн авч уулзан, МУБИС ба Чонваны Их Сургуулийн хамтран ажиллах гэрээ байгуулсан гэнэ. Цаашидтэд Тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр ярилцсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Гүнж” төвийнхэн өсвөр насны охидын жирэмслэлтээс сэргийлэхэд анхаарна

Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ГҮНЖ төвийнхөн “БИ НИСДЭГ ОХИН” өсвөр насны охидыг жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх кампанит ажлыг 2014.12.01-ээс эхлэн гурван сарын хугацаанд өрнүүлэхээ мэдэгдлээ. Тэд энэ удаа Канад сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр ажиллах гэнэ.

“БИ НИСДЭГ ОХИН” кампанит ажлын зорилго нь хүсээгүй жирэмслэлт, түүнээс үүдэлтэй үр дагаврын талаарх охидын ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, улмаар охидын төрөлтийн тоог бууруулахад хувь нэмэр оруулах, цаашлаад охидын үр хөндөлт, жирэмслэлтийн асуудалд олон нийт, бодлого боловсруулагчдын анхаарлыг хандуулах юм байна.

Энэхүү кампанит ажлын хүрээнд “ДҮҮЛЭН НИС ОХИН МИНЬ” ном, “БИ НИСДЭГ ОХИН” жүжиг тавихаар төлөвлөжээ. Мөн “БИ НИСДЭГ ОХИН” өдөрлөг хийх бөгөөд нийслэлийн 20 ерөнхий боловсролын сургуулийн 2000 гаруй охидыг хамарсан ДАЛАВЧ БҮТЭЭХ өдөрлөгийг зохион байгуулах аж.

Манай улсад 2011 оны байдлаар 15-19 хүртэлх насны охидын төрөлт 2712 байсан бол 2013 онд 3589 болсон байна. Сүүлийн хоёр жилд өсвөр насны охидын төрөлт эрс нэмэгджээ. Охидын эрт жирэмслэлт, төрөлтөд нийгмийн олон талт хүчин зүйлүүд нөлөөлж байна. Ялангуа нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн боловсрол олгох тогтолцоо сул байна. Мөн эцгийн эрхт ёс, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, ядуурал, ажилгүйдэл, архидалт болон эдийн засгийн чадавхиас шалтгаалж байгаа аж.
“ГҮНЖ” төвийн хийсэн чанарын судалгаанаас харахад хүүхэд төрүүлсэн өсвөр насны охидын 64% нь бүрэн дунд боловсролтой бөгөөд 68% нь үргэлжлүүлэн суралцаагүй байна. Суралцахгүй байгаа шалтгааны 52,4% нь жирэмсэлж, хүүхэд төрүүлсэнтэй холбоотой байна. Энэ байдал нь хөдөлмөр эрхлэх боломжгүй болгож, өрхийн орлогогүй амьдрахад хүрч байна.
Судалгаанд хамрагдсан охидын 74% нь бие даан хүүхдээ өсгөж байна. 71,3% нь жирэмсэн болсон гэдгээ мэдээд айх, гайхах, ичсэн, амиа хорлох мэдрэмж төрж байсан бөгөөд гэр бүлийхэн нь жирэмсэн болсонд загнах, зодох, үр хөндүүлэхийг шаардах, харилцаагаа таслах, гэрээсээ хөөх зэрэг байдлаар эсэргүүцлээ илэрхийлж байжээ. Охидын 73,4% нь жирэмсэн болсоноо хойш гэр бүлийхэн, найз нөхөд, таньдаг хүмүүсээ айж, нийгмээс өөрийгөө тусгаарлаж эхэлсэн байна.
Эрт төрөлтөөс үүдэн охидын нийгэмшилтэд сөрөг нөлөө үзүүлж, ядуурлыг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчих зэрэг үр дагавартай. Энэхүү төслийн үйл ажиллагаагаар дамжуулан өсвөр үеийнхний жирэмслэлт, төрөлтийг бууруулах, эрт төрөлт нь ямар үр дагавартай болох талаар үнэн зөв мэдээлэл өгөх, хүүхэд төрүүлсэн өсвөр насны охидын эсрэг ялгаварлан гадуурхалтыг бууруулах, олон нийтийг зөв ойлголт, мэдээлэлтэй болгохоор зорьж байна. Мөн уг кампанит ажлын хүрээнд нийт 9300 орчим хүн амд мэдээлэл хүргэх ба үүний 2500 гаруй нь өсвөр насны охид байх юм.

Categories
мэдээ улс-төр

“Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэн Орост” үзэсгэлэн нээгдэв

1911 оны 12 дугаар сарын 29-нд Богд хаант Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр болгосноос хойш жил бүр эх түүхээ эргэн санах, түүхэн хүмүүсээ алдаршуулах ажлууд зохион байгуулж байгаа юм.

Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ой, Монголын төр засгийн анхны гадаад айлчлалын 100 жилийн ойд зориулан “Монгол Улсын анхны Ерөнхий сайд Намнансүрэн Оросын эзэнт улсад” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд нээгдлээ.

Ард олноо “Ягаан ноён” хэмээн хүндлэгдэж ирсэн Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн умард хөршид 1913-1914 онд хийсэн төрийн айлчлал манай орны гадаад харилцааны түүхэнд тод мөр үлдээжээ.

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уг үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр бид Монголын түүхийн нэгэн чухал үйл явдлын баримтуудтай танилцаж байна. XX зууны эхэнд Монголчууд Их Орос улстай улс төр-эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх, тэднээр дамжуулан өрнө, дорнын улс орнуудтай харилцахыг чухалчилж байв. Энэ зорилгын улмаас Монгол Улсын анхны Ерөнхий сайдын умард хөршид хийсэн айлчлал хүнд бэрх нөхцөлд үргэлжилсэн ч улс Монголоо дэлхийн их гүрнүүд Франц, АНУ, Япон, Германд таниулахыг хичээж, Богд хааны албан захидлыг гардуулж, Оросын хаант улсын төрийн 10 яамны 7 яамны сайд, дэд сайд, худалдаа, эдийн засаг, цэргийн 10 гаруй дарга, эрхтнүүдтэй ажил хэргийн уулзалт хийж чадсан юм. Мөн Оросын сүүлчийн Николай II хаантай хоёронтоо уулзаж, Төрийн Думын хуралд хүндэт зочноор оролцож, Ерөнхий сайд, Гадаад, Дотоод, Сан, Шүүх, Цэргийн яаманд биечлэн айлчилж Монголын тусгаар тогтнолоо баталгаажуулах, цэрэг зэр зэвсгийн тусламж хүртэх, эдийн засгийн дэмжлэг, зээл авах ажпуудыг хөөцөлдсөн юм” гэж тодотголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Айлчлалын үеэр их гүрнүүдийн харилцааны асуудлаас яриа хэлэлцээр саатаж байсан ч тухайн үед 35 настай байсан Ерөнхий сайд Т.Намнансүрэн огтхон ч халширч шантралгүй, бодлогоосоо ухралгүй ажилласан байдгийг түүхчид олон судалгаандаа тэмдэглэжээ.

Энэ үзэсгэлэнд Монгол төрийн анхны Ерөнхий сайдын айлчлалтай холбоотой ховор гэрэл зураг, дүрс бичлэг, баримт эх хэрэглэгдэхүүнийг Оросын Түүхийн архив, Эрхүүгийн Улсын архив, Санкт-Петербургийн Гэрэл зураг, дуу дүрсний архив зэргээс шинээр илрүүлж, судалгааны эргэлтэд оруулан дэлгэсэн байна. Үзэсгэлэнг Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн Түүхийн хүрээлэн хамтран олон нийтэд хүргэж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Туркийн бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Евро Азийн орон нутгийн удирдлагын нийгэмлэгийн ерөнхийлөгч Хасан Жэнгис тэргүүтэй Бүгд найрамдах Турк улсын бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд төлөөлөгчдийг Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлсэн юм.

Евро Азийн орон нутгийн удирдлагын нийгэмлэгийн ерөнхийлөгч Хасан Жэнгис, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархаж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол болон Турк улс олон жилийн харилцаа, хамтын ажиллагаатай. БНТУ-ын зүгээс хоёр орны харилцааг олон талаар хөгжүүлж, бэхжүүлэх тал дээр чухалчлан ханддаг. Энэ хүрээнд цаашдаа хоёр орны харилцааг хөгжүүлэх олон гэрээ, протокол байгуулагдах бөгөөд Улсын Их Хурлын зүгээс дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байна гэв.

Уулзалтанд оролцогчид эдийн засаг, нийгэм, соёлын салбарт хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан ярилцаж, санал солилцлоо. Энэхүү уулзалтанд Истанбул дахь Ерөнхий Консул Э.Мөнх-Очир болон албаны бусад хүмүүс байлцжээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Батцогт улирч, Су. Батболд байнгын хорооны дарга болов

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар тус Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Су.Батболдын нэрийг дэвшүүлснийг УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцууллаа. Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Ингээд Су.Батболдыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг мөнтус байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм. Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг Ардчилсан намын бүлгийн хурлаар хэлэлцэж Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогтыг улируулан сонгохыг дэмжсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулсан. Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүд гараагүй тул Д.Батцогтыг Байнгын хорооны даргаар улируулан сонгохыг дэмжсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувиар дэмжлээ.

Энэ өдрийн хуралдаанаар Мах экспортлох асуудлаар, Цагаан зээрийг хамгаалах асуудлаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар салбарын сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байсан ч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, дэд сайд М.Хүрэлсүх нарын хүсэлтээр хойшлууллаа.

Categories
мэдээ улс-төр

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийв

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн / Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж байгуулах/ анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дэмжив.

Мөн тус Байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын хэсгээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн А.Бакей асуултдаа, хуулийн төсөлд даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хувь, хэмжээг хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 5 хувиас хэтрүүлэхгүйгээр гэж заасныг 4-өөс доошгүй хувиар гэж яагаад өөрчлөх болсныг тодруулсан. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, дээд хязгаарыг хуулинд хатуу зааж өгөхийг больё гэж үзсэн. Бусад орны хуулийн жишгийг авч үзэхэд эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээ нэлээд хэлбэлзэж байдаг. Тиймээс 4, 5, 6 гээд нэмэгдэх тохиолдолд дээд хязгаарыг зааж өгөхөө больё. Харин доод хэмжээгий нь зааж өгөе гэсэн санал Ажлын хэсэг дээр дэмжигдсэн гэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, тухайн үед эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаад уян хатан шийдвэр гаргах гэхээр болдоггүй. Хуулинд заавал өөрчлөлт оруулдаг. Өнөөдөр даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хувь хэмжээг тогтооход Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөс оруулсан саналыг үндэслээд Засгийн газар хэлэлцэн шийдвэрлээд явах боломжтой байгаа. Иймээс хуульд уян хатан байдлаар оруулж өгөх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр энэ заалтыг оруулсан. Мэдээж хяналтгүйгээр оруулж ирнэ гэж байхгүй гэсэн хариулт өглөө.

Ингээд Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.

Мөн хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дэмжив.

Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, хүүхэд харах, асрах үйлчилгээний ялгаа болон хүүхэд харах үйлчилгээ эрхлэхэд төрөөс хувьсах зардал олгохоос гадна өөр ямар дэмжлэг үзүүлэх талаар асуусан.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Ганбаатар хариултдаа, хүүхэд харах, асрах гэсэн нэр, томьёон дээр нэлээдгүй ярьсан, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авсан. Асрах гэдэг нь асаргаа сувилгаа шаардсан, өвчин зовлон, бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг ярих болдог. Монгол хэл зүй, монгол ахуйгаас авч үзэхэд хүүхэд харах гэдэг нь асаргаа хамгаалалт, хоол, хүнс тэжээлээр хангах, хөгжүүлэх тухай асуудлуудыг оруулсан байна. Иймд хуулийн төсөлд нэр томьёог тайлбарласан зүйл заалтууд дээр нэлээд тодорхой тусгасан. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэхэд төрөөс олгож байгаа зардлаас өөр дэмжлэг байхгүй. Хүүхдүүдийн хоолны зардал, хувьсах зардал, багш нарын цалинг өгөхөөр байгаа гэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, хуулийн төсөлд хүүхэд асрах үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсийн хариуцлагын асуудал бүрхэг байгааг хэлж, хэрвээ хүүхэд харж байгаа асрагч зөрчил гаргасан тохиолдолд ямар хариуцлага тооцох асуудлыг хөндсөн. С.Ганбаатар гишүүн , хуулийн төслийн 8 дугаар зүйлд хүүхэд харахад хориглох заалтуудыг тусгасан байгаа. Тухайлбал, хүүхэд харах төвийн ажилтнууд хүүхдэд бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл, дарамт, шахалт үзүүлэх, хүүхдэд шийтгэлийн арга хэрэглэх, хүүхэд болон эцэг эх, асран хамгаалагчтай бүдүүлэг үг хэллэгээр харилцах болон хүүхдийн дэргэд зүй бус авир, үйлдэл гаргах, бусадтай хэрэлдэх, бүдүүлэг үг хэллэг хэрэглэн харилцахыг хориглосон. Харин хүүхэд асрагч хариуцлага алдсан тохиолдолд хууль, шүүхийн байгууллагаар асуудлыг шийдүүлж хариуцлагын асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бундангийн Болдсайхан хүний гавъяат эмч болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, Нийслэл хотын 375 жил, Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг тус тус тохиолдуулан төр захиргаа, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, спорт, харилцаа холбоо, зам тээвэр, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын гавьяат цол, төрийн одон, медаль хүртээв.

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор УИХ-ын гишүүн Алмаликийн Тлейханыг,

Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Улаанбаатар хотын захирагчийн албаны ахмад ажилтан, дендрологич Бадрахын Чимэдийг,

Монгол Улсын Гавьяат багш цолоор Монголын багш нарын холбооны дэд ерөнхийлөгч Натаагийн Болд, Налайх дүүргийн 23-р цэцэрлэгийн эрхлэгч Цэрэнжавын Тунгалаг нарыг,

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр, Жудо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Шархүүгийн Цэвэлмаа нарыг,

Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор Жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Ганбатын Болдбаатар, Шатрын холбооны тамирчин, Олон улсын шатрын их мастер Батхуягийн Мөнгөнтуул, Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Энхсайханы Ням-Очир, Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд нарыг,

Монгол Улсын Гавьяат тээвэрчин цолоор “Автобус-1” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ахмад тээвэрчин Ишдоржийн Рэнцэндоржийг,

Монгол Улсын Гавьяат хуульч цолоор Прокурорын ерөнхий газрын ахмад ажилтан, хуульч Аюушийн Ядмааг,

Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор БЗД-ийн 25-р хорооны иргэн, төр нийгмийн зүтгэлтэн Цогт-Очирын Лоохууз, Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн, төр захиргааны байгууллагын ахмад ажилтан Чойжавын Тэрбиш нарыг,

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Чингэлтэй дүүргийн 3-р хорооны иргэн, ахмад орчуулагч Доёдын Алмаас, “Open door” сонины эрхлэгч Бадамдоржийн Ганчимэг, Монгол Эмэгтэйчүүдийн холбооны Ахмадын хорооны дарга Цэрэнпилийн Сийлэгмаа, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн, чөлөөт уран бүтээлч Айлтгүйн Төмөр-Очир, Монголын зураачдын эвлэлийн тэргүүн Пунцагийн Цэгмид, “Хонх” хамтлагийн гишүүн Намсрайн Энхбаяр, “Гамма” агентлагийн зурагчин Сэрээтэрийн Цацралт, МОНЦАМЭ агентлагийн редактор Цэрэнгийн Сүрэнжав нарыг,

Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор Цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин Чадраабалын Баярмааг,

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдаач, концертмейстер Цэцгээгийн Мөнхболд, СУИС-ын хөгжмийн урлагийн сургуулийн хөөмэйн багш Баатарын Одсүрэн, СХД-ийн 4-р хорооны иргэн, зураач Шаравын Чойжил нарыг,

Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор “Сонгдо” эмнэлгийн эмч Бундангийн Болдсайхан,

Монгол Улсын Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан цолоор Улсын клиникийн Нэгдүгээр төрөх эмнэлгийн эх баригч эмч Банзрагчийн Оюунгэрэлийг,

Сүхбаатарын одонгоор Улаанбаатар аудит корпорацийн ерөнхий захирал Бөөхүүгийн Осоржавыг,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор МИАТ ХХК-ийн суудал захиалгын ахлах мэргэжилтэн Дүгэржавын Дашням, Монголын Цахилгаан Хоолбоо ХК-ийн ахмад ажилтан Сангажавын Баянжаргал нарыг,

Цэргийн гавьяаны одонгоор Хил хамгаалах ерөнхий газрын хилийн түүх судлалын секторын судлаач Эрхэмбаярын Цогтгэрэлийг,

Алтан гадас одонгоор 33-р сургуулийн багш Хабдалын Гулзигаг,

Шударга журам медалиар СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн гал сөнөөгч Телеганы Сайранбекийг тус тус шагналаа.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж гардуулж, баяр хүргэж хэлсэн үгэндээ:

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ой тохиож буй өдрүүдэд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг, есөн хөлт Их цагаан сүлдний цэнгэн орших энэ хүндэт өргөөнд хичээл зүтгэл, бүтээл туурвил, ажил амжилтаараа хамт олноо манлайлж, хөдөлмөр зүтгэлээрээ шалгарсан хүндэт иргэдийнхээ төлөөлөлд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Мөн эдгээр өдрүүдэд Монголын ард түмэн орчин цагт эрх чөлөөтэй сэтгэн бодох, эрх чөлөөтэй бүтээн туурвих, үйлдвэрлэн босгох, хувь заяандаа эзэн болох, эрх чөлөөтэй амьдрах, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрхээ олж, жинхэнэ эрх чөлөөний үнэ цэнийг мэдэрсэн түүхэн боломжийн 25 жилийн ой тохиож байгаа нь онцлууштай.

Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээн мандуулсны болон иргэдийнхээ эрх чөлөөг язгуур утгаар нь олж авсны ойг таацуулж, эх орныхоо хөгжил дэвшил, эрх чөлөөний эрхэм үйл хэрэгт зүтгэж яваа Монголын мянга мянган бүтээлч, хөдөлмөрч иргэдийнхээ төлөөлөлд хүндэтгэл үзүүлсэндээ баяртай байна.

Энэ танхимд манай орны бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын тэргүүлэх зүтгэлтнүүдийн төлөөлөл болон мянга мянган шавь төрүүлсэн эрдмийн уурхайн эзэн багш, эрүүл энхийн манаанд олон жил зогссон эмчээс эхлээд сэтгүүлч, дасгалжуулагч, шатарчин, зохион бүтээгч, жолооч, яруу найрагч, хөгжимчин, инженер, зурагчин, малчин, эх баригч, спортын алдартнууд, цэрэг тусгай байгууллага, соёл гэгээрлийн зүтгэлтнүүд гээд салбар салбартаа манлайлал үзүүлж яваа иргэдийнхээ зүтгэл сэтгэлийг Монголын төр үнэллээ.

Би бас шагнал хүртэгсдээс зарим хүнийг онцлохыг хүсэж байна.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн Сангийн аж ахуйг Удирдах ерөнхий газрын даргын албыг хашиж байгаад Өвөрхангай аймгийн Сант сумын Хөгжил нэгдлийн туслах хоньчиноор ажиллах болж, амьдралын бартаа нугачаа, бэрхшээл сорилтыг туулан, хүний эрх, эрх чөлөөний үнэ цэнийг бие, сэтгэлээрээ гүнзгий мэдэрч явсан, XX зууны Монголын төрийн алдаа, онооны бодит гэрч, Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Цогт-Очирын Лоохууз гуай “Монгол Улсын гавьяат эдийн засагч” цол хүртлээ.

Алаг дэлхийд мэндэлсэн олон шинэ хүнийг өлгийдөн авсан, алтан гартай ачтан, Улсын клиникийн Нэгдүгээр төрөх газрын эх баригч эмч Банзрагчийн Оюунгэрэл гуай “Монгол Улсын Хүний гавьяат эмч” цол хүртлээ.

Ардчилсан хөдөлгөөний сүлд дуу-“Хонхны дуу”-г хөгжимдөж дуулсан, хөгжмийн урлагийн олон шилдэг бүтээл туурвисан, “Хонх” хамтлагийн хөгжимчин Намсрайжавын Энхбаяр “Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн” цол хүртлээ.

Хятад хэлний орчуулагч МОНЦАМЭ агентлагт олон жил ажилласан ахмад сэтгүүлч, редактор Цэрэнгийн Сүрэнжав гуай “Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн” цол хүртлээ.

Эх орныхоо нэрийг даян дэлхийд цуурайтуулж яваа Жудо бөхийн дэлхийн аварга, жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Ганбатын Болдбаатар, Чөлөөт бөхийн дэлхийн аварга, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Сүхээгийн Цэрэнчимэд, Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Энхсайханы Ням-Очир, Шатрын оюутны дэлхийн аварга, олон улсын шатрын их мастер Батхуягийн Мөнгөнтуул нар “Монгол Улсын гавьяат тамирчин” хэмээх эрхэм цолыг хүртлээ.

Шударга хөдөлмөрийн үнэ цэнэ ямагт сайн сайхан амжилт авчирдаг. Олон мянган иргэдийн сайн сайхан амжилтаас улс орны өнгөлөн дэвжих сурвалж эхээ авдаг. Түүхэн тэмдэглэлт өдрөөр өөрийн амжилтаа үнэлүүлсэн Та бүхнийхээ гэр бүл, хамт олон, эрхэм хүмүүст тань чин сэтгэлийн баяр хүргэе. Та бүхэн олон жилийн амжилт бүтээлээ бусадтай хуваалцаж Монголынхоо сайн сайхныг улам дүүргэж явахыг эрхэмлэн хүсье. Их баярлалаа” хэмээв.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол Төрийн ордны “А” танхимд боллоо.

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, Нийслэл хотын 375 жил, Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг тус тус тохиолдуулан төр захиргаа, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, спорт, харилцаа холбоо, зам тээвэр, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах хүнд Монгол Улсын гавьяат цол, төрийн одон, медаль хүртээв.

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Номин холдинг ХХК-ийн Үйлдвэрлэл бизнес хариуцсан захирал Даньдайн Жаргалсайханыг,

Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант группийн ойжуулалтын инженер Отгоны Алтанцэцэгийг,

Монгол Улсын Гавьяат багш цолоор ЭМШУИС-ийн тэнхмийн эрхлэгч, зөвлөх багш Хамарын Дамдинжав, Нийслэлийн 6-р сургуулийн зөвлөх багш Хүүхээгийн Лхамцэрэн, Ховд аймаг Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн зөвлөх багш Дүгэрийн Мөнхнасан, Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн ахмад багш Тогмидын Наранцэцэг, ШУТИСийн Геологи Уул уурхайн сургуулийн профессор багш Данзангийн Чулуун, “Зохиомж” дээд сургуулийн дэд захирал Дуламжавын Энхжин, ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн дээд сургуулийн зөвлөх профессор Намсрайн Долгорхүү нарыг,

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор Чөлөөт бөхийн эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Бямбаренчингийн Баяраа, Монголын боксын холбооны шүүгч Цэвэгсүрэнгийн Нандигжав нарыг,

Монгол Улсын Гавьяат холбоочин цолоор Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨХК-ийн ашиглалт үйлчилгээний чанар хяналтын тасгийн менежер Цогтгэрэлийн Эрдэнэцэцэгийг,

Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор Туушин ХХК-ийн тээвэр, үйлчилгээний цогцолборын захирал Намсрайжавын Дүгэрсүрэнг,

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор МҮОНР-ийн ахмад найруулагч, Радио телевизийн дээд сургуулийн радио найруулагч урлагийн профессор багш Лувсанжамцын Банзрагч, Улаанбаатар эрдэм их сургуулийн гадаад хэл соёлын тэнхимийн эрхлэгч Норовын Уртнасан нарыг,

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор “On’n off Production”-ийн найруулагч Сэдбазарын Ононбат, Чингэлтэй дүүргийн 13-р хорооны өндөр настан, ахмад найруулагч Батмөнхийн Мушка нарыг,

Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор “Нью жуулчин турс” ХХК-ийн ерөнхий захирал Шагдарсүрэнгийн Нэргүй, “Нүхт тур” ХХК-ийн ерөнхий захирал Дамдинсүрэнгийн Хоржав нарыг,

Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор Хатагтай эмнэлгийн ерөнхий эмч Дансүрэнгийн Ичинхорлоо, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн рентген оношилгооны их эмч Өлзий-Очирын Мангалбазар, “Сүйжин” эмнэлгийн эмч Даваадоржийн Адилбиш, Говь-Сүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэг эрчимт эмчилгээний эмч Ядамжавын Минжүүр, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын их эмч Дамбын Лхагваа нарыг,

Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Таны зүтгэлийн төлөө ТББ-ын тэргүүн Шаравжамцын Батбаярыг,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Монголын банкуудын холбооны банкир Осордэлэгийн Хүрэлбаатарыг,

Алтан гадас одонгоор ТВ-5 телевизийн дэд захирал Эрдэнэчимэгийн Дагиймаа, БЗД-ийн 26-р хорооны өндөр настан Чулуунбатын Эрдэнэцэцэг, Ачит Ихт ХХК-ийн катодын зэсийн үйлдвэрийн Орхон аймаг дахь салбарын ерөнхий инженер Норсонгийн Нэргүй нарыг тус тус шагналаа.

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

О.Магнай “Монголын төрд цэвэрлэгээ хэрэгтэй”

“Өдрийн сонин”-ы редакцийн уулзалтанд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга асан О.Магнай оролцожбайна. “Бид ажлаа өгөхөөс нь өмнө О.Магнай даргадсанал тавьж, олон нийтэд зарласан учир гэнэт ажлаа өгсөн ч редакцийн уулзалтаа товлосны дагуу хийж байгаа юм” гэж “Өдрийн сонин”-ы албаны дарга Д.Мөнгөндалай тайлбарлав. Хэдийгээр “Өдрийн сонин”-ы редакцийн уулзалт ч хүрэлцэн ирсэн хэвлэлийнхэн асуултаа тавьж, оролцогч байх боломжтой байлаа. Хэвлэлийнхний эхний асуулт О.Магнай яагаад гэнэт ажлаа өгөх болсон, улс төрийн шахалт дарамт байсан эсэх байлаа. О. Магнай ярианыхаа эхэнд бяцхан оршил хийв. “Уулзалт өмнө нь товлогдсон байсан учраас хэвлэлээр мэдээлэл хийх сонирхолгүй байсан ч “Өдрийн сонин”-г хүндэтгэж ирлээ. Би “Өдрийн сонин”-д маш хүндэтгэлтэй ханддаг.Өөрийн ажлын зөв, буруу явж байгаа эсэхийг “Өдрийн сонин”-оос харж байдаг” гэж О.Магнай хэлсэн юм. Тэрбээр бас сайн мэдээ дуулгав. “Банкны нэг хувийн шимтгэлийг байхгүй болгохоор ШӨХТГ-ынхан шүүхдэлцсэн бөгөөд шүүх дээр ялалт байгуулсан гэнэ. Хэрэв арилжааны банкууд давжзаалдахгүй бол банкуудын үйлчилгээний хөлс гэж авдаг нэг хувийн шимтгэл түүх болох нь. Тус газрынхан 14 арилжааны банкинд Өрсөлдөөний болон Хэрэглэгчийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн шалгалт хийж, цөөнгүй зөрчил илрүүлсэн юм. Арилжааны банкууд аж ахуйн нэгж, иргэдэд зээл олгох явцдаа тэдгээрээс зээл олгосны шимтгэл авч байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн, зээл авахад бүрдүүлэх шаардлагатай материалууд хэт их, зарим төрлийн мэдээлэл нь давхардсан, заавал баталгаажуулах шаардлагагүй бичиг, баримтыг цөөлөх шаардлагатай гэж тус газрынхан үзсэн билээ.

Ажлаа өгсөн тухайд тамгаа авч зугтдаг албан тушаалтануудыг тэр таашаадаггүй гэнэ. Түүнчлэн шийдлийн Засгийн газар бүрдэхдээ үнэт зүйлийнх нь эсрэг өөрөөр хэлбэл сөрөг хүчингүй эрх баригч бүрдэж байгааг эсэргүүцжээ. МАН-д шүүмжлэлтэй хандаж байсан мөртлөө хамтарч засаг барьсан нь буруу гэв. Шадар сайд У.Хүрэлсүхтэй зарчим өөр, ажлын арга барил өөр гэдгээ мэдэгдлээ. О.Магнай цаашид юу хийх вэ гэдэг асуулт хэвлэлийнхний анхааралд байлаа.

-Шинэ нам байгуулна гэж хэвлэлээр жиг жуг хийж байгаа шиг юм болохгүй гэлээ. Нэгдүгээр сарын дунд үе хүртэл амрах гэнэ. Үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзалт хийсэн юм ч бий гэсэн. “Монголын төрд цэвэрлэгээ хэрэгтэй байна. Нэгнийхээ амыг албан тушаалаар хаагаад, бусад нь ч хүлээн зөвшөөрөөд сууж таарахгүй. Өнөөдөртөө тэгнэ ингэнэ гэсэн тодорхой юм алга” хэмээн О.Магнай ярилаа.

Редакцийн уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас хүлээн авна уу.

Categories
гадаад мэдээ

Том Бушийн бие мууджээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан том буюу Жорж Герберт Уоркер Бушийн бие муудсан байна. Түүнийг Хьюстон хотын нэгэн эмнэлэг яаралтай хүргэгдэн ухай гэр бүлийнхэн ярьжээ. Экс Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч мэдэгдэл хийхдээ түргэн тусламж дуудсан гэв. Өдгөө 90 настай том Буш паркинсоны өвчний нэг хэлбэр гэгдэх респиратороор өвдөөд нэлээд удаж байгаа юм.

Ю.Дэлгэр