Categories
мэдээ нийгэм

О.Ариунзул Дэлхийн шилдэг 10 моделийн нэг болжээ

Буриад улсын ардын жүжигчин, дуучин Б.Амархүүгийн сүйт бүсгүй, загвар өмсөгч, мисс О.Ариунзул дэлхийн шилдэг 10 моделийн нэг болжээ. Тэрээр урд хөршид зохиогдсон “Miss Model of the World-2014” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон байна. Улмаар 72 орны гоо бүсгүйчүүдээс ур чадвар, авьяас билгээрээ онцгойрч, шилдэг 10-т шалгарчээ. Мисс О.Ариунзул мөн “Шилдэг үндэсний хувцас”, “Шилдэг авьяас” төрөлд тус бүр нэгдүгээр байрт шалгарсан байна. “Miss Model of the World-2014” тэмцээнд сар гаруй хугацаанд үргэлжилжээ. Загвар өмсөгч, мисс О.Ариунзул цахим хуудастаа “Амжилтаар дүүрэн эх орноороо бахархсан. Бидний өв уламжлал, ёс заншил үнэхээр агуу. Туслаж дэмжсэн гэр бүлийнхэн, найз нөхөд, хайртдаа, эгчдээ болон гайхалтай даашинз урлаж өгсөн авьяаслаг хамт олондоо, бусад хүмүүстээ бүгдэд нь баярлалаа. 2015 онд маш их амжилтыг та бүхэндээ хүсэн ерөөе” хэмээн бичжээ.

Categories
гадаад мэдээ

Зул сарын бэлэг буюу зам дээр хөглөрсөн мөнгө

Зул сарын баярыг тэмдэглэж байгаа энэ өдрүүдэд Хонконгт хэдэн сая хонконг доллар алдагджээ. Мөнгөн дэвсгэрт тээвэрлэж явсан машин тус хотын төвд орших Ванчай дүүрэгт осолдсон байна. Мөнгө зам дээр унахад түүгээр явж байсан хүмүүс бөөн баяр болон авчээ. Гэрчүүдийн ярьснаар жолооч нар машинаа замын голд зогсоон газарт унасан мөнгөнүүдийг авч байсан гэнэ. Сум нэвтэрдэггүй тусгай машин 525 сая хонконг доллар мөн ойролцоогоор 68 сая ам.доллар бэлнээр авч явжээ. Нийтдээ 35 сая хонконг доллар зам дээр унаснаас 20 саяыг нь цагдаа нар цуглуулан авч амжсан бол 15 саяыг алджээ. Хонконгийн Цагдаагийн газраас оршин суугчдад хандан зам дээрээс авсан мөнгөө эргүүлэн өгөхийг анхаарууулав. Хэрвээ авсан мөнгөө эргүүлэн өгөхгүй бол ноцтой гэмт хэрэгт тооцогдох бөгөөд хуулийн хариуцлага хүлээлгэх гэнэ. “South China Morning Post” сонинд бичсэнээр үл таних эмэгтэй гэхэд арваад боодол 500 хонконг доллар авсан ажээ.

Categories
мэдээ улс-төр

Төрийн нарийн бичгийн дарга нарыг энэ сарын 30-нд томилно

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дэд сайд нарыг томилох үеэрээ зарим төрийн нарийн бичгийн дарга нарыг /Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад Б.Болдбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргад Ш.Булга-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад Д.Дэлгэрцогт/ улираан томилсон юм.

Энэхүү томилгоог МАН-ынхан эсэргүүцэж, ТНБД-ыг томилсон тогтоолд гарын үсгээ зурахгүй гэдгээ мэдэгдээд байсан. Тэгвэл дээрх томилгоог баталсан чигээр нь үлдээж, үлдсэн яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг энэ сарын 30-нд томилох болно гэсэн мэдээллийг бидэнд албаны эх сурвалж өгсөн юм.

Зарим яамдын ТНБД-д дараахь хүмүүс томилогдох бололтой. Үүнд:

-Хууль зүйн яамны ТНБД-д Д.Мөрөн /МАН/

-Д.Мөрөн, Зам тээврийн яамны ТНБД-д Ж.Бат-Эрдэнэ /АН, УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах/

-Сангийн яамны ТНБД-д С.Магнайсүрэн /МАН/ нарыг томилно гэсэн мэдээлэл байна.

Шадар сайдаар У.Хүрэлсүхийг томилсонтой холбогдуулан ШӨХТГ-ын дарга О.Магнай өөрийн хүсэлтээр энэ долоо хоногт ажлаа өгсөн. Учир нь Шадар сайдын харъяанд ШӨХТГ байдаг. Иймд тус газрын даргаар МАН-аас Б.Цогтгэрэлийг томилохоор болсон байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганаар тамхины цэг байгуулахыг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах эсэх асуудлаар УИХ-ын гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, санал солилцлоо.

С.Баярцогт: -Аж ахуй нэгж, албан байгууллагад тамхины цэг байгуулах талаар ойлгомжгүй зүйл байна. Хуулиндаа аж ахуй нэгж, албан байгууллага дотор тамхины цэг байгуулна гэсэн байх юм. Баар, цэнгээний газар бол болно. Гэтэл албан байгууллага дотор тамхины цэг байгуулж боломгүй санагдаад байна. Мөн төрийн байгууллага тамхины цэг байгуулахдаа төсвөө төрөөс гаргах юм уу?

О.Баасанхүү: -Үйлчилгээний байгууллага гэдгээ тодруулж, нарийвчлах хэрэгтэй байна. Гадаад болон, дотоод орчин гэдгээ ялгаж гаргах хэрэгтэй. Тиймээс найруулгын засвар оруул. Гадаад гэдэг нь гадаадад юм уу? Чингисийн монголчууд гадаадад тамхины цэг байгуулж болох л юм.

Л.Цог: -Тамхины хяналт гэж юу гэсэн үг вэ? Төрийн хяналт, шүүхийн хяналт гэж байхаас биш Тамхины хяналт гэдэг үгээ нэг тайлбарлаач.

З.Энхболд: -Тамхины тухай хуулийн нэрийг өөрчлөх эсэх тал дээр байнгын хороо анхаарах хэрэгтэй шүү.

Г.Уянга: –Энэ хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ? Төсвөөс хичнээн төгрөг гаргахаар тооцоолж байгааг хэлж өгнө үү. Эрүүл мэнд, спортын яам олон улсын конвенц урдаа бариад байх юм. Гадаа хогийн сав тойрч зогсож байгаагаа тамхины цэг гээд байдаг. Ийм байж болохгүй ээ.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба: -Тамхины цэгийн байршлын төсвийг сум, дүүргийн засаг дарга шийдвэрлэнэ.

Д.Батцогт: -Дотоод орчны цэгийг тухайн байгууллага өөрсдөө хариуцна. Олон нийтийн зам талбай буюу гадаад орчинд тамхины цэг байгуулахад төсвөөс тодорхой мөнгө гаргана. Албан байгууллага, аж ахуй нэгж дотор тамхины цэг байгуулах боломжтой л гэсэн болохоос биш “байгуулах ёстой” гэж заагаагүй.

УИХ-ын гишүүдийн олонхи утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах тухай асуудлыг дэмжиж, хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын байнгын хороонд шилжүүллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хар тамхичдыг ингэж сурталчлаад байх зөв үү?

Эх орны төлөө хэний зүрх цохилдог вэ. Мэдээж эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй хүний зүрх мөнхөд цохилдог. “Зүрх зогсохгүй” уран сайхны кино саяхан нээлтээ хийж, кино театрт гарч байна. Үзэгчид ч нэлээд үзэж байна.

Танхай, зодоонч, хулгайч гээд үнэндээ эвдэрч гүйцсэн дөрвөн залууг хүмүүжүүлэхээр цэрэгт татан ачааны машинаар авч яваагаар кино эхэлнэ. Энэ залуус бол багаасаа хар бор амьдралд нухлуулж, зовж зүдэрсээр өдийг хүргэсэн хүмүүс. Тэднийг нийгэм нь, амьдрал нь ийн буруу замаар явахад хүргэжээ. Хойд эцгийн хүйтэн харьцаа, багаасаа өнчин өссөн нь гэмт хэрэгтнүүд болгох нөхцөл нь болсон байна. Үнэндээ тэднийг сайн залуус болно гэдэгт хэн ч итгэхгүй. Хүнтэй харьцаж мэдэхгүй, биеэ авч явах соёлын талаар ямар ч мэдлэггүй, хэлдэг үгс нь хараал, хийдэг хөдөлгөөн нь гар далайх болсон тийм л “хүнд гарууд”. Тэд цэргийн албанд ирэнгүүтээ л дэглэм, сахилга баттай эвлэрч чадах­гүй, дарга нарынхаа өөдөөс эсэргүүцнэ. Ингээд 45 хоногийн дараа тэднийг хойд хил дээр аваачна. Анх ирж байсан байдлаасаа тэс өөр болжээ. Цэргийн сахилга бат гэж юу байдаг, эх орныхоо эр цэрэг ямар байх ёстой вэ тэр бүгдийг биедээ цогцлоосон жинхэнэ цэргүүд болсон нь илт. Балмад этгээдүүд байсан залуусыг эх орон нь, хилийн манаа нь ийн хүмүүжүүлнэ. Тэднийг урьд нь гэмт этгээдүүд байсан гэвэл бүгд гайхахаар өөрчлөгджээ.

Хилийн заставын амьдрал ажин түжин ч байнгын соргог байхыг хилчдэд сануулна. Хулгайн ан хийдэг, хууль бус, гэмт хэргийн бүлэглэл үүсгэсэн нөхөд тайгад бүгнэ. Тэд хулгайн ангаар амьдралаа залгуулдаг. Гэтэл нэгэн этгээд тэдэнд хилээр бурхдын алтан цутгамал гаргаад хүн тус бүрт 50 сая, нийт 200 сая төгрөг өгөхөөр тохиролцоно. Хулгайн анчид шинэ цэргүүд ирснийг дуулсан учир тэднийг манаатай үед хил давна хэмээн төлөвлөгөө зохионо. Санал тавьсан этгээдүүд тохиролцсон ёсоор алтан бурхад, урьдчилгаа мөнгөө авч ирэх ч хулгайн анчдын гарт амиа алдана. Гэмт этгээдүүдийн буун дуунаар манай хилчид буюу нөгөө засарсан залуус чимээ авч бэлэн байдалд ажиллана. Киноны энэ хэсэг бол оргил нь. Энэ хэсгийг үзсэн ямар ч хүнд “Бид ийм чадварлаг, зоригтой эр цэргүүдээр хилээ мануулж байгаа юм чинь мянга, мянган жил тайван амьдарч болох юм байна шүү” гэсэн бодол төрүүлнэ. Эх орноо хамгаална гэдэг ямар хэцүү бас ямар бахар­халтай байдгийг өгүүлнэ. Гэмт этгээдүүдийн гарт ахмад Болд амиа алдах нь үнэхээр харам­сал төрүүлнэ. Эх орныхоо амар амгалангийн төлөө ямар сайхан эрс энх цагт амиа алддаг юм бэ. Энэ бүх үйл явдал өнөө дөрвөн залууст хүндээр тусах ч тэдэнд эх орноо хайрлах сэтгэлийг улам хүчтэй төрүүлнэ. Эх орон нь хөвгүүдээ өөрөө сургаж, өөртөө хэрэгтэй иргэн болгон авч байгаа нь энэ киноны хэлэх гэсэн гол үг. “Зүрх зогсохгүй” киноноос төрсөн нутаг гэж ямар эрхэм, ямар аугаа зүйл байдгийг мэдэрнэ. Киноны зохиолын хувьд хэлэх гэсэн санаа нь ерөнхийдөө зөв. Харин дүр сонголт дээр алдаа харагдаад байна.

Энэ киноны гол дүрүүдийн нэгэнд “Ice top” хамтлагийн нэгэн залуу тогложээ. Дүрийг нь хараад хүүхэд залуус таних болов уу. “Ice top” гэх хамтлаг удаа дараа мансууруулах бодис хэрэглэсэн гэх хэрэгт холбогдож, шүүх, цагдаагийн хаалга татаад байгааг хүмүүс мэдэх байх. Нэгэн үе хүүхэд, залуусын сонсч, даган дуурайх дуртай байсан залуус мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон нь магадгүй тэднийг урлагаас хөндийрөхөд хүргэсэн байж болох юм. Саяхан тус хамтлагийнхныг мансуурчихсан байхад нь бараг л тайзан дээрээс нь баривчилсан гэж дуулдсан. Энэ хамтлагийнхныг залуус дууг нь дуулж, сонсч хүндэлсэн. Тэднийг шүтээн хамтлагаа болгож, гаргасан цомог, дуу бүрийг нь шимтэн сонсдог бүхэл бүтэн залуусын арми бий болсон. Уг хамтлагийн тоглолтыг үзэх гэж “Улаанбаатар палас”-ыг залуус дүүргэдэг. Үзэгчид, сонсогчид нь ийм их хайр хүндлэл үзүүлж байхад тэд хариуд нь юу харуулав. Хүүхэд залууст үлгэр дуурайлал болох хүмүүс шүү дээ, уг нь. Хар тамхи хэрэглэх, худалдах, хадгалах нь өөрөө хүнд гэмт хэрэг. Дэлхий нийтээрээ энэ гэмт хэргийг дэвэргэхгүй гэж маш хатуу хуулиар хориглодог.

Яагаад гэвэл хар тамхи хэрэглэхийг эх орноосоо урвасан дайтай үздэг. Гэтэл эх орноосоо урвасан хип хоп хамтлагийн дуучин ийн эх нутгаа хайрлаж хамгаалахын төлөө жүжиглэж байгаа нь харш үйлдэл болж байна. Үнэхээр энэ хамтлагийнхан эх орноо хайрладаг байсан бол яагаад ийм төрлийн гэмт хэрэгт холбогдов. Тэд кинонд эх орондоо хайртай гэж жүжиглэхийнхээ оронд хар тамхитай холбоотой асуудалд толгой холбогдохгүй өнгөрчихөж чадсан бол Монгол сайхан орныхоо жинхэнэ хүү нь байх байсан биш билүү. Урлагийн хүн гэдэг бол олон нийтийн өмнө дэлгээтэй ном шиг л байдаг. Тэдний алхам бүр бүхний нүдэнд ил байж, охид, хөвгүүд минь дуурайдаг бус уу. Ингэхээр хүүхдүүд маань одоо энэ хамтлагийн юуг нь дуурайх болж байна вэ. Хүүхэд гэдэг юмыг шууд л тусгаж авдаг улс. Ер нь тэгээд хар тамхитай холбогдогсдыгингэж кино, жүжиг тоглуулж сурталчлаад байх зөв үү.

Эх орны төлөө хэний зүрх цохилдог вэ. Эх орондоо хайр­тай хүний зүрх хүчтэй цохилдог. Одоо цагт өөртөө хайртай, амьдралд хайртай, ухаалаг байдаг залуусыг эх орондоо хайртай гэж үздэг болсон. Эх орноосоо урваагүй хүний зүрх зогсдоггүй, мөнхөд цохилдог.

Д.ТӨМӨРӨӨ

МӨС ЦӨМРӨХ АЮУЛТАЙ БАЙГАА УЧИР ГҮҮР, ГАРМААР ГАРАХЫГ АНХААРУУЛЖЭЭ

Монгол орны ихэнх гол, мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтож жижиг гол мөрөн ёроолдоо хүртэл хөлдөөд байна. Гэсэн ч зарим томоохон гол мөрөнд мөсөн зах өргөсөн зузаарч, шингэн болон өтгөн зайр, нимгэн мөсөн бүрхүүл үүсэх зэрэг үзэгдэл зонхилон ажиглагдаж байгаа аж. Мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байгаа болохоор мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа юм байна. Иймээс ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс онцгойлон анхааруулж, зориулалтын гүүр гармаар гарахыг сануулсан байна.

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

П.Алтан-Од: Казиногийн тусгай зөвшөөрөл ямар үнэтэй байх, дүрмийн сан нь хэд байхыг УИХ шийднэ

Хуучнаар ССАЖ-ын яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Алтан-Одтой ярилцлаа. Тэрээр Бооцоот морин уралдааны тухай, Казиногийн тухай хуулийг боловсруулсан хүмүүсийн нэг.

Казиногийн тухай хуулийг боловсруулах ажлыг хуучин ССАЖ яамныхан хийсэн. Хуулийн төслийн боловсруулалт ямар шатанд байгаа бол?

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн аяны хүрээнд хоёр хуулийн төслийг боловсруулах үүргийг манай яаманд өгсөн. Нэг нь Бооцоот морин уралдааны тухай хууль, нөгөө нь Казиногийн тухай хууль. Ингээд ажлын хэсэг гарч ажилласан. Одоогийн байдлаар Казиногийн тухай хуулийн үзэл баримтлал бэлэн болсон гэж ойлгож болно. Улс татварыг ямар механизмаар тооцож авдаг болох вэ гэдэг асуудлаар эргэж ярилцаад УИХ-д саналаа нэгтгэж өргөн барихаар ярилцаж байна. Бооцоот морин уралдааны хуулийн үзэл баримтлал нь батлагдсан. Засгийн газраас дэмжиж төрийн бус байгууллагуудын саналыг тусгаадУИХ-д өргөн барихаар болоод байгаа. Хоёр хуулийн төслийн боловсруулалт ийм хэмжээнд байгаа.

Казиногийн хууль мөрийтэй тоглоомыг хэрхэн зохицуулах бол. Жишээ нь казиног хэн, хаана байгуулах вэ?

-Энэ хуулийг яагаад боловсруулах болсон бэ гэсэн шалтгааныг нь хэлэх хэрэгтэй байх. Улс оронд валют оруулж ирдэг тодорхой суваг бий болно. Эдийн засгаа солонгоруулах ёстой гээд олон хүчин зүйлүүдийг ярьж байгаа ч гэсэн яг үйлдэл дээрээ хэн валют авчирдаг вэ. Хөрөнгө оруулагчид уу, аялагчид уу гээд ярихаар дэлхий дээр валютын хэдхэн урсгал байгаа. Казиног Монголд хөгжүүлэхэд тохиромжтой бүс нутаг гэж үздэг юм билээ. Яагаад гэвэл уламжлалт харилцаа, соёл, зан заншил, аялал жуулчлал дагаж хөгжих боломжтой. Ер нь цаашид Ази руу аялал жуулчлал өсөх хандлагатай байна. Хууль эрх зүйгээ сайн хийчихсэн тохиолдолд хөрөнгө оруулагчид өөрсдөө бэлтгэл ажлаа базаагаад ороод ирнэ. Казиног хаана байгуулах вэ гэдгээ УИХ шийдэж байхаар оруулж байгаа. Бас тоглогч гэж хэн байх юм монгол хүн үү, гадаад иргэд үү гэдгийг ч УИХ, Засгийн газрын бүрэн эрх хэмжээнд шийдэж байх заалттай байна.

Тэгээд Засгийн газар тоглогч дээр ямар байр суурьтай байгаа юм бол. Монголчууд гадагшаа гарч тоглоод байгаа учраас дотооддоо тоглох эрхийг нь олгочихвол зүгээр биш үү?

-Ер нь бол Засгийн газраас эхний ээлжинд Монгол хүн тоглодоггүй байх ёстой гэж үзэж байгаа. Бид 90-ээд оны дундуур мөрийтэй тоглоом ажиллуулж үзсэн. Алдаа оноо сургамж байгаа учраас монгол хүн тоглуулдаггүй байхаар эхний ээлжинд хуулиа боловсруулъя гэж байгаа. Гэхдээ бүрэн эрх нь УИХ-д байгаа учраас УИХ-ын гишүүд асуудлыг мэднэ. Хууль батлагдахдаа бидний боловсруулснаас яаж ч өөрчлөгдөж мэднэ.Казиног монголчууд гадагшаа явж тоглох урсгал байна. Гэхдээ Үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах хэмжээнд асуудалгүй яригдахгүй нь ойлгомжтой. Ер нь бид Солонгосын туршлагыг сайн туршлага гэж үзэж байгаа. Жишээ нь Солонгос Сөүл орчимдоо өөрсдийнхөө иргэнийг тоглуулдаггүй. Бас тодорхой хэмжээний төрийн оролцоотой төрийн бус байгууллагуудын оролцоотой гэсэн казино байна. Бидний хувьд төрийн оролцоо байхгүй, хяналтын үүрэгтэй байхаар хуулийн төслөө боловсруулсан.

Казино байгуулчихлаа гэж үзье. Тоглогчоо яаж татах юм?

-Хөрөнгө оруулагчид хүнээ дагуулаад ирдэг. Тэгээд ч Монгол Улс 2016 он гэхэд нэг сая жуулчин хүлээн авна гэсэн зорилттой. Энэ үндэслэл, тооцоо судалгааг 2000 оны эхээр боловсруулж байхдаа бид дутуу тооцоолж байж. Аялал жуулчлалын дэд бүтцийг л гэхэд хөгжүүлж амжаагүй байна. Он гаргаад “It Be Berlin”-нд түнш орноор оролцох гэж байгаа. Үүний бэлтгэл ажил гээд маш их ажил хийгдэж байгаа. Тэгэхээр энэ бүгд Монгол Улсыг гадагшаа сурталчлах хэлбэр болно. Харин жуулчид Монголд ирээд юу үзэх вэ, юу тоглох вэ, юу харах вэ, юу авч буцах вэ гэдэг нь хангалттай түвшинд биш байна. Нэг жуулчин ирчихээд дахиж ирэхгүй байгаа асуудал бидний шийдэх ажил. Тэгэхээр цаашид тусгай сонирхлоор аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой болж таарч байгаа. Амьтан, ургамал судалдаг ч юмуу. Үлэг гүрвэл, эртний олдвор, казино гээд тусгай аялал жуулчлалыг хөгжүүлэх нь зүйтэй. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаа боловсруулаад Засгийн газарт өргөн барьсан байгаа.

Казино байгуулах болом­жит газрыг тодорхойлж, судлав уу?

-Казиног хаана байгуулах вэ гэдгийг УИХ-аар шийдүүлнэ. Ер нь чөлөөт бүсүүдэд байгуулах ёстой гэсэн олон улсын зөвлөмжүүд байна. Олон улсын туршлага ч тийм. Монголчууд зах зээл багатай, гурван сая хүн амтай. Тэгэхээр бид өөрсдөө тоглоно гэхээсээ илүүтэй Замын-Үүд юм уу, Дорнод аймгийн Халх гол сум руу гэдэг ч юмуу хил орчмыг эхэлж хөгжүүлэх нь зүйтэй гэж харж байгаа. Саналыг ажлын хэсэг гаргана. Онгоц буудаг байх уу, шууд хил гардаг байх уу гэдэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдвэрээ гаргадаг болно. Бас ОХУ-тай визгүй зорчдог болчихлоо. Тэгэхээр Сэлэнгийн Алтанбулаг дээр хөгжүүлэхэд ч болохгүй юм байхгүй юм билээ.

Яагаад Улаанбаатарт казино байгуулна гэхгүй байгаа юм бэ?

-Ер нь бол чөлөөт бүсэд казино байгуулах нь зүйтэй юм билээ. Улаанбаатарт түгжрэл ихтэй. Яг хүмүүсийн тоглохоор явдаг цагт буюу 16 цагаас оройн 20 цагийн хооронд Улаанбаатар түгжрэлтэй байдаг. Тэгэхэд Солонгост хурдны, энгийн гээд хэд хэдэн замыг казино руугаа тавьчихсан. Метро хүртэл шууд очдог. Тийм замаар явж, түгжрэлгүй хүрсэн хүмүүс ямар ч стрессгүй тоглоно биз дээ. Гэтэл манайд яах вэ гэвэл замын түгжрэлд орж бухимдсаар очвол тоглолт ямар байх нь ойлгомжтой. Тийм хүн казино тоглоно, мөнгөө алдана улам л уур нь хүрнэ.

Казинод хөрөнгө оруулах, эзэмших тухайд?

-Монголын талаас 51-ээс доошгүй хувийг нь эзэмшинэ гээд заачихсан байгаа. Гэхдээ бас ийм заалт оруулчихаар хөрөнгө оруулалтын шаардлагыг давах, хөрөнгө оруулалт хийх нь эргэлзээтэй болчихно. Тиймээс энэ заалтыг авах нь зүйтэй юм байна, эсвэл хувь хэмжээг нь багасгах хэрэгтэй юм уу гээд ярьж байгаа.

Дэлхийн жишигт төрийн өмчийн казино байдаг гэсэн. Монголын тухайд төр казино байгуулах эрхтэй байх болов уу. Татварын хувь хэмжээ ямар байх вэ?

-Монголын төр хөрөнгө оруулалтад ерөөсөө оролцохгүй. Төр энэ бүхнээс хол байх ёстой. Харин эсрэгээрээ хяналт нь ойрхон байхаар хуульчлах ёстой юм билээ. Казино дээр 40-өөс доошгүй хувийн татвар авахаар тооцоолж байгаа. Макаогийн туршлагаас харахад 39 хувийн татвар авдаг юм билээ. Шууд хэлбэл казиногоос нэг удаагийн тэмдэгтийн хураамж гэж авна. Улсын тэмдэгтийн хураамжнь арван жилийн хугацаатай байж болно. Хоёрдугаарт казиногийн үйл ажиллагаа эрхэлснээрээ аль нэг салбарын асуудлыг шийдэх юмуу, хандив өгөх сан төвлөрүүлдэг юм байна, ихэнх улсад. Тийм нэг удаагийн тусламж нь 10 сая ам.даллор байх ч юм уу дүнг УИХ-аас зааж өгнө. Энэ хоёр татварыг тодорхой хугацаанд нэг удаа авах юм. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа хөрөнгө оруулагч компани төлөх ёстой. Энэ нь гурван тэрбум төгрөгөөс дээш 25 хувийн татвар авдаг байхаар орох болов уу. Мэдээж НӨАТ төлнө. Онцгой албан татвар гэж төлнө. Ийм тооцооллыг хийсэн байгаа.

Казиногийн стандарт ямар байдаг юм бол?

-Казино гэж рулетны машинуудын иж бүрдэл бүхий зориулалтын өрөө тасалгааг хэлнэ гээд тодорхойлолтоор заагаад өгчихнө.

Түүнчлэн ширээгээ тоо ширхгээр зааж өгнө. Тэгэхгүй бол 50 ширээтэй үйл ажиллагаа явуулдаг байж 10 ширээтэй гэдэг ч юмуу татвараас бултах магадлалтай. Бас ганц ширээ, рулет тавьчихсан үйл ажиллагаа явуулж байвал казино гэж үзэхгүй. Жуулчин ирчихээд нэг ширээн дээр дугаарлаж тоглоно гэж байхгүй ш дээ. Тэрчлэн олон улсын туршлагаас харахад нэг дор олон казино байгуулах нь сайн зүйл биш гэж үздэг юм билээ. Жишээ нь Макао бол эдийн засгаа казино руу чиглүүлсэн ихэнх хувь хэмжээг казиногийн орлогоосоо бүрдүүлдэг учраас арай өөр бодлоготой. Солонгос болон бусад орнуудыг харж байхад нэг дор олон казино байх нь өрсөлдөөнийг хязгаарласан ашиг орлого бууруулсан дампууруулдаг тогтолцоо бий болох юм билээ. Тиймээс нэг дор олон тусгай зөвшөөрлийг өгөхгүй байх гэж бодож байгаа.

Тусгай зөвшөөрлийг авахын тулд хэдэн төгрөг төлөх вэ?

-Энэ бол судалгааны тоо шүү. Улсын тэмдэгтийн хураамж гэж бий. Үүнийг арван жилийн хугацаатай өгөх боломжтой. Ер нь батлагдаагүй тоо баримт урчаас яг тэд гэж хэлэхэд эрт байна. Ер нь бол 10 сая ам.даллор байх болов уу. Энэ бол ажлын хэсгээс хамаарахгүйгээр яригдах асуудал. Мэдээж сунгах болгондоо 10 сая ам.доллараа төлж байя гэдэг ч юмуу энэ дүнг мөн л УИХ тогтооно.

Казиног дагаж ямар бизнес үйлчилгээ түлхүү хийгдэх бол?

-Казино нэг бүсэд дангаараа үйлчилгээ явуулахад хүндрэлтэй. Тэгэхээр аялал жуулчлал, зочид буудал, ресторан үйлчилгээний газар энд ажиллах шаардлагатай болно. Тийм учраас казино бүхий энэ цогцолбор газрын 70 орчим хувь нь аялал жуулчлалын бүс байдаг. Давхар болгондоо казинотой байна гэж байхгүй ш дээ. Амралтын өрөө байна спа центер буюу массажны газар гэх мэт жуулчдын хүсдэг, таалдаг бүх үйлчилгээг казиногийн цогцолборт төвлөрүүлэх ёстой. Тухайн барилгыг 100 хувь гэж үзвэл 10 орчим хувь нь казино байж бусад нь дагасан үйлчилгээ байх ёстой.

Тэгэхээр нэг ийм цогцолборт нийт хичнээн хүн ажиллах боломжтой гэж харж байгаа вэ. Монголчуудын хувьд ажиллах боломж хэр байх бол?

-Ер нь ажилчдын дийлэнх хувийг Монгол талаас бүрдүүлнэ гэж хуулиндаа оруулж байгаа. Эхлээд гадны баг ирж монгол ажилчдаа бэлдэх ёстой. Зуун хувь хөрөнгө оруулалт хийчихээд олсон хөрөнгөө буцаагаад авч гараад байж болохгүй. Тэгэхээр бодлогоор тийм заалт хийж өгөх ёстой юм билээ. Хамтарсан компани ч юмуу энэ асуудлаар бид сангийн яамтай зөвшилцөнө.

Казино дагасан эрсдэл гэж гарах байх. Энэ бүхнээсээ яаж урьдчилан сэргийлдэг болох юм?

-Олон улсын гэмт хэрэгтэн, мөнгө угаах гэмт хэрэг, донтож тоглодог тоглогчдоос сэргийлэх тэдний эрхийг хэрхэн хязгаарлах талаар бүх зүйлийг тусгаж өгөхучиртай. Мөнгө угаах гэмт хэргийг яаж илрүүлэх, их хэмжээний мөнгөтэй болж байгаа тоглогчийг хэрхэн бүртгэх, насанд хүрээгүй хүүхдийг нэвтрүүлэхгүй байх гэх мэтээр асуудал дээр олон улсын туршлагыг судалж байгаад заалтуудыг оруулсан.

Дүрмийн сан гэж байх уу. Мэдээж их мөнгөтэй хүмүүс л энэ салбарт хөрөнгө оруулна?

-Банкны дүрмийн сан шигээр төсөөлж байгаа. Банкны дүрмийн сан 16 тэрбум байгаа ш дээ. Урьдчилсан ТЭЗҮ гээд олон ажил хийгдээгүй учраас банкныхнаас өөр дүн тавьж болохгүй байгаа. Товчхондоо бүх судалгаа хийгдээгүй байгаа учраас тэр дүнг харанхуйгаар тавьж хөрөнгө оруулагчдыг үргээх үү, инээлгэх үү гэдгээ хэлж мэдэхгүй байна. Одоогоор манайд хамгийн том дүрмийнх сантай байгууллага нь банк. Ер нь энэ салбар, энэ хуулийг нэг удаа яриад ойлгуулчихна байхгүй юм билээ. Хуулийн төсөл өргөн бариад олон хэлэлцээд эхлэхээр илүү тодорхой болох байх.

Л.МӨНХТӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Бат-Оргил: Cистемийг даган баясдаггүй аавын омголон зан надад үлдсэн

Төрболдын Бат-Оргилтой ярилцлаа. “Аж богдын харуул” хэмээн гитартай дуулдаг дэгжин залуу нэгэн үе охидын шүтээн байлаа. ЖүжигчинН.Сувдынхүү гэдгээр ньбүх л хүн мэдэх түүнтэй “Rosewood” хэмээх зоогийн газар ярилцав. Энэхүү зоогийн газар Т.Бат-Оргилын гэр бүлийн бизнес аж.

Шинэ жил дөхөж байгаа болохоор шинэ жилийн тухай дурсамжаас яриагаа эхэлье. Шинэ жил гэхээр таны сэтгэлд хамгийн түрүүн юу буудаг вэ?

-Цас. Даанч энэ жил цас алга байх шиг байна. Надад яагаад ч юм шинэ жил гэхээрхунгарласан цас санагддаг юм. Бага байхад Хандгайт руу явж гулгадаг. Тэнд өдөржингөө ноцолдож,хөлөрч, толгойноосоо уур савсуулаад л, аав, ээж чсайхан залуу байж, хамт чаргааргулгаад их л гоё санагддаг байсан. Орой нь нэг их ядарсан амьтад ирдэг.ДСНК-гийнёолконд хүүхдүүд орж, улаан саван дотор баахан орос чихэр ирдэг байсан, сургуулийн урлагийн үзлэг гээд олон юм санагддаг. Зөвхөн шинэ жил ч биш, ер нь тэр үеийг бодохоорамар амгалан амьдрал санагддаг. Амар амгалан амьдрал гэдэг ер нь юу юм бэ гэж сүүлд их бодсон л доо. Тэр нь тогтмол давтагддаг, хэвшсэн үйл явдлууд юм байна. Бид өнөөдөр хийсэн юмаа маргааш нь дахиад хийдэг нь тогтуун, түгшүүргүй амьдралын суурь нь байж. Хүн ойлгомжтой, нэгэн хэмнэл болсон амьдралд аз жаргалтай байдаг юм байна. Хүүхдийн хувьд хичээлдээ явна, гэрээ цэвэрлэнэ, хоолоо хийнэ, аав ээжийгээ хүлээнэ, дүүгээ цэцэрлэгээс авна гээд л.

Дүүтэйгээ хэр насны зөрүүтэй вэ?

-Арван нас. Ер нь эцэг эхийн хуралд нь ихэвчлэн би л явдаг байсан. Бидний амьдралд тийм юм их дутдаг болжээ.Маргааш юу болох нь ойлгомжгүй бужигнах нь хүмүүсийн сэтгэлд их нөлөөлдөг. Яагаад ороо бусгаа ерэн он гэж ярьдаг юм. Бидний хэмнэлийг эвдсэн учраас хүмүүс их түгшүүртэй болсон. Одоо ч хүмүүс тайвширч чадахгүй байна. Сайн, муугийн үнэлэмж их өөрчлөгдсөн.Чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг муухай зарчим улам л газар авч байна. Хүмүүсхуучин үеэ санагалздаг нь барааны дутагдлыг үгүйлээд байгаа юм биш. Төгрөг 20-ийн ундаа, 10.60-ын хиам гээд ярьдаг. Тэр бүхэн тухайн үеийн бэлгэдэл нь байхгүй юу. Тогтвортой байдлыг хүмүүс хүсээд байгаа юм. Шинэ жил ч бай хуучны баярыг санахдаа бид тогтуун амьдралаа үгүйлдэг.

Одоо Т.Бат-Оргилхаана, юу хийж яваа бол гээд хүмүүс үгүйлж л байгаадаа. Та ч басхуучны дурсамж сэдрээдэг хүмүүсийн нэг. “Аж богдын харуул” гээд гитартай дуулдаг байсан сайхан залуу бидний дунд сургуулийн төгсөх жилүүдийг санагдуулж байдаг?

-Нэг хэсэг төрийн албанд байлаа. Төрийн албанд орохдоо Ашигт малтмалын газар ажилласан. Түүнээсхойш төмөр зам, уул уурхайгаар нэлээд явсан. 2012 оноос тэр бүхнийг орхиод “Реформ” клуб байгууллаа. Ер нь болохоо болилоо. Бидэнэ бүхнийг засч залруулахгүй бол гараа хумхиад сууж болохгүй нь гээд эхэлсэн л дээ.

-“Реформ” клубийнхэн юу хийж байгаа вэ?

– Монгол Улсадардчилсан реформууд 1990 оноос эхлэн хийгдэж байлаа. Харин2003 он гэхэд тэр бүх ажил үндсэндээ зогссон юм. Бид 2000 он хүртэл эдийн засаг, нийгмийн шинэчлэл хийснийхээ үр дүнг саяхныг хүртэл хүртэж байсан, харин реформзогссоны горыг одоо улсаараа амсч байгаа. Эдийн засгийн реформыг гүйцэд хийж дуусгаагүйн үр дагавар нь өнөөгийн эдийн засгийн уналт юм. Ардчилал, шинэчлэл гээд ярьдаг ч ажил нь зогсоод, зүгээр нэг лоозогнож, баялгаа булаацалдах болсон. Ийм болохоор нийгмийг шинэчлэх, сайжруулах ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Харин хэн үргэлжлүүлэх юм бэ гэдэг чухал. Ардчилсан хувьсгалын эхний давалгааг дандаа эсэргүүцэгчид хийсэн. Хуучин байшинг нураах амархан. Оронд ньшинээр барих хэцүү. Наад зах нь барилгын суурийгтавих, даацыг тооцоход нарийн мэргэжил шаардагдана. Шинэ нийгмийг байгуулах ажлыг салбарын мэргэжлийн хүмүүс авч явах юм. Энэ цаг хугацаань болчихжээ. Хуучин манлайлал маань үүргээ гүйцэтгэчихжээ. Шинэ манлайлал төрөөгүй байна.

Төрүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?

-Монгол Улсын эв нэгдэлчухал. Бид маш их хагаралтай байна. Намаараа, нутаг усаараа, насаараа, хүйсээрээ гэх мэтчилэнхуваагдаж байна. Хулгай гараадбайгаа нь хүмүүс бүгд болохоо больсондоо биш системийн гажуудалд учирбий. Бид системийн гажуудлыг засчихвал хүмүүст хулгай хийх сэдэл нь төрөхгүй, боломж нь гарахгүй. Тиймсистемийг л бий болгох хэрэгтэй байгаа юм. Одоо салбар салбарын хүмүүс өөрийнхөө салбарыг яаж сайжруулах вэ гэдэгтбодлогын дүн шинжилгээ хийж байгаа. Манай эдийн засаг яагаад хөгжихгүй байна, эрүүл мэндийн салбар юу нь болохгүй гацчихав гэдэг дээр мэргэжлийн хүмүүс ажиллаж байна. Тухайн салбарын гайгүй мэргэжлийн хүмүүсийг татаж оролцуулаад хийгдэж ирсэн өмнөх ажил ч их байгаа. Маш олон төслүүд хэрэгжиж байсан. Гэм нь түүнийг авч, ажил хэрэг болгоогүй нь олон. Тэр бүхнийг зангидаж байна. Нэг хэсэг хүн гарч ирээд өмнөх бүх засгийн ажлыг үгүйсгэдэг байж таарахгүй.

Одоо нэг намын сайд нар мөртлөө дараагийн сайд нь гарч ирээд өмнөх сайдаасаа огт өөр юм яриад үгүйсгээд байх болж?

-Энэ систем буруу байгаагийншинж. Хэрэв системийг нь зөв тогтоовол ямар ч шинэ удирдлага гарч ирсэн бодлого 180 хэм эргэнэ гэж байдаггүй. Тухайлбал, тогтсон системтэй газар гэвэл Япон Улс. Ямар ч Ерөнхий сайд гарч ирсэн өмнөх Ерөнхий сайдын ажлыг огт хамаагүй. Системийг амар хөдөлгөж чадахгүй. Энэ бол зөв системийн давуу тал. Хэрэв систем буруу бол түүнийг өөрчлөхөд бас хэцүү юм. Бид “Реформ” клубийн хүрээндээ системийг яаж засах вэ гэдэг яриа өрнүүлж байгаа.

Эдийн засгаа оношлох хэрэгтэй гэж ярьцгаадаг. Реформ клубийг ямар хүмүүс бүрдүүлж байна вэ?

-Олон салбарын мэргэжлийн хүмүүс бий. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг эмч нар хийхгүй. Тэрийг эрүүл мэндийн эдийн засагчид, хуульчид, болон эрүүл мэндийн системийн мэдлэгтэй хүмүүс хийдэг. Манайд эмч нарыг бэлтгэдэг ч системийн удирдлагын хүмүүсийг бэлтгэдэг хөтөлбөр одоо болтол байхгүй. Өнгөрсөн жилээс эхний анги нээгдэж байх шиг байна. Жишээ нь, мэс заслын сайн эмч эмнэлгийг яаж удирдахыг тэр хүн мэдэхгүй. Эмнэлгийг удирдана гэдэг цэвэр аж ахуйн ажил. Тоног төхөөрөмжийн элэгдэл ямар түвшинд байгааг, шинэчлэгдэх хуваарь ямар байх, техникийн сургалтыг хэзээ хийх, эмч сувилагчийн тооны зохистой харьцаа гэх мэтийг системийн удирдлагын хүмүүс авч явдаг. Иймд, реформыг цааш үргэлжлүүлэхийн тулд салбар салбарын системийн мэдлэгтэй мэргэжлийн хүмүүснэгдэж байгаа юм.

Улстөрчдөд мэдэхгүй юм гэж алга. Өнөөдөр огт өөр чиглэлээр ажиллаж байснаа маргааш өөр салбар толгойлоод л. Сайд болохоороо бүхнийг чадагч болчихдог юм биш үү?

-Тэр бол мөн л нөгөө системийн алдаа. Ирээдүйд энэ засагдана. Төрийн захиргааны онол өөрчлөгдөж байна. “Реформ клуб”тэр онолын туршилтын загвар гэх юм уу даа. Эдийн засгийн онол бас орвонгоороо өөрчлөгдөж байна. Бид их сонирхолтой үед амьдарч байна л даа. Үндсэндээ дэлхийн хөгжсөн орон, хөгжиж буй орнуудын ялгаа маш богино хугацаанд арилах мөчлөг тохиож байна. Хөгжсөн гээд байгаа улс орны тулгуур эдийн засгийн онол нь хоцрогдосныг тэд хүлээн зөвшөөрч эхэлж байна. Ерэн онд бид яаж баларлаа. Манай аав, ээж нарын ид бүтээдэг үед нь хуримтлуулсан туршлага, мэдлэг нь нэг л өдөр хэрэггүй болсон. Мань мэтийн сургуулиа дөнгөж төгссөн оюутнаас ялгаагүй болж, яахаа мэдэхээ байсан юм. Одоо барууны ертөнц яг тийм нөхцөлд орж байна. Эдийн засаг, төрийн захиргааны онолууд нь хаа байсан 200 жилийн түүхийг элээсэн. Орчин нь өөрчлөгдсөн байхад онол нь өөрчлөгдөхгүй байгаа учраас систем нь бас хямраад эхэллээ. Бидний хямрал тэдний хямрал үндсэндээ ойролцоо. Системийн хямралаас яаж гарах вэ гэхээр энэ онолуудыг түрүүлж туршсан нь, хэн хамгийн оновчтой онол гаргаж ирсэн нь дахиад манлайлах нөхцөл бүрдлээ. Одоогоор тэд биднээс илүү мэдэж байгаа юмгүй, ижил түвшинд орж байна. Энэ бол бидний хувьд асар том боломж юм.

Ирэх өдрүүд яаж өөрчлөгдөх гээд байгаа юм бэ, хэрхэн төсөөлж байна вэ?

-Эв нэгдэл чухал байна. Ардчилал гэдэг бид өөрийгөө яаж засах вэ. Төр засгаа яаж байгуулах вэ, тэр нь ямар дүрэм журамтай байх юм гэдгийг хүмүүс өөрсдөө шийдэж байгаа үйл явцыг л хэлж байгаа юм. Эцсийн бүлэгт ардчилал болард түмэн аз жаргалтай амьдрах ёстой гэсэн ганцхан зорилготой. Хаант засаглал юугаараа ялгаатай вэ? Сайн ноён гарахаар жаргадаг, муу ноён гарахаар зовдог.Хаанытаалалд нийцэхгүй бол хэний ч толгойг авдаг. Түүнээс л татгалзаж ард түмэн хотлоороо сайхан амьдаръя гэж ардчиллыг бүтээсэн. Орчин цагийн ардчилсан засаглалын хямрал яагаад бий болсон гэхээр нийгэм задраад эхэлсэн. Яагаад гэвэл хуучин цагт нэг хүн тосгонд төрсөн бол тосгондоо насыг элээдэг байсан. Одоо бол чи Монголдтөрсөн чмаргааш дэлхийн хаана ч амьдарч байж магадгүй. Дэлхий даяараа маш хөдөлгөөнтэй болсон учраас хуучин нийгэм эрхгүй задарсан. Нийгэм задрахаар түүнд суурилсан ардчилсан засаглал ард түмнээсээ тасарч, зүгээр л улс төрийн машин болж хувирсан. Хэний ч өмнөхариуцлага хүлээдэггүй. Зүгээр л хоосон амлалт дээр суурилсан төрийн тогтолцоо бий болсон. Тэрхүү задарсан суурийн оронд өөр нэг суурь бүрдүүлэх учиртай. Эв нэгдэл хэрэгтэй ч, хүмүүс одоо юугаараа нэгдэх вэ? Нутаг усаараа биш бол хамаатнуудаараа нийлэх нь мэдээж утгагүй. Энэ орон зайг мэргэжлийн нэгдлүүд нөхнө. Та өөрийнхөө мэргэжлээр салбартаа танигдсан бол Монголд, гадаадад, Дарханд байна уу онцын ач холбогдолгүй. Яагаад гэвэл хуучин хөдөлгөөнгүй хэв маягтай орчин өөрчлөгдсөн. Уламжлалт нийгэм нь төр, олон нийт, хувийн хэвшил гэж хуваагдаж ирсэн. Тэгвэл одоо тэрхүүхэвтээ хуваарилалтаас гадна салбараараа босоо хуваарь гарч ирж байна. Салбарын хүмүүс нэг нэгнээ сайн мэднэ. Энэ зөв юм ярьж байна, энэ гоомой юм хийж байна гэж хүмүүс ялгаад эхэлнэ. Одоо бол хэн ч юу ч ярьж байсан “Мэдэхгүй нэг юм яриад л байна лээ” гээдхэн уран донгоддогийг ньэрхгүй сонгоод байгаа юм. Салбараараа нэгдэхээр орж ирж байгаа мэдээллийг шүүн тунгааж, мэргэжлийн хүмүүс хоорондоо магадалсан мэдээллийг солилцох боломжтой шүү дээ.

Та яг ямар мэргэжлийн хүн бэ?

-Би эрх зүйч хүн.

Сүүлд бизнесийн удирдлагаар сурсан билүү?

-Америкт бизнесийн удирдлагаар мастер хамгаалсан. Төрийн захиргаанымастерийн зэрэг бас горилж байгаа.

Өөрөө нэг хэсэг Кадастрын газрын дарга байсан. Гитар бариад дуулаад явж байснаатөрийн алба руу огцом шилжилт хийсэн?

-Дуулах нь миний ердөө л хобби шүү дээ. Би анх 1995 онд Хууль зүйн яаманд хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. 1996-2002 он хүртэл Дэлхийн банкнытөсөлд мэргэжилтэн, удирдагчаар ажиллаж, эдийн засгийн шинэчлэлийг хийхэд шаардлагатай эрх зүйн шинэчлэлийн төслүүдийг зохион байгуулж байсан юм.

Энэ бүхэн таны ирээдүйн хандлага, үзэл санаа бүрдэхэд нөлөөлсөн байж таарна?

-Би яагаад АНУ явсан гэхээр бидний мэдлэг хүрэхгүй байгаа юм байна.Гадаадын зөвлөхүүдийн хэлсэн, ярьсныг ч сайн шингээж авч чадахгүй байна. Энэ товчлуур дээр дардаг юм гэж зааж өгөхөөс биш тэр нь яагаад ингэж ажиллаад байгаа юм гэдгийг ер нь цаад зарчим нь юу юм гэдгийг ойлгохгүйгээр цааш явахгүй юм байна гэж бодсон. 2002 онд АНУ яваад таван жил сурч байгаад ирсэн.

Асуултандаахариу авсан уу?

-Авсан. Ер нь манай зүйр цэцэн үгнүүд ямар үнэн юм бэ гэдгийг л бишрэн шүтсэн. Сайн явах санааных гэдэг үгний цаад утга учрыг бүтэн тав зургаан жил сурч байж ойлголоо. Бидний муу муухай амьдарч байгаа чинь бидний санаа муу болчихоод байгаатай холбоотой юм байна. Санаа гэдэг хоёр утгатай. Юмыг сайнаар бодож явахыг санаа гэж нэг хэлнэ. Нөгөө дэх нь агуу тэмүүлэлтэй санаа.Жишээ нь, бүгд л эзэн Чингэс хаан мундаг гэдэг. Гэтэл яагаад мундаг гэдгийг нь тайлбарлаж чадахгүй байна шүү дээ.

Яагаад мундаг гэж?

-Тэр хүнд агуу санаа байсан. Тэр санаа хэзээ хэрхэнтавигдсан гэхээр том гүрэн байгуулахаасаа аль өмнө адуугаа алдсан арван хэдтэй хүүхэд байхад нь бий болжээ. Бид ингэж хагарч бутарч болохгүй. Хагарсан бүхнийг нэгтгээд нэгэн улс болох юм бол сайхан амьдрах юм байна гэдэг санааг тээгч байсан тул бусад нь тэр санааных нь төлөө түүнийг дагасан. Хаа очсон газраа хууль журам гэж ийм юм байдаг гэдгийг таниулсан. Хэлсэн, хийсэн хоёр нь зөрдөггүй учраас хүмүүс итгэсэн.

Ингэхэд та МАН-ын гишүүн байх аа?

– Анх 1996 онд МАХН-д элссэн. Төрийн албандороод тангараг өргөөд намаас түдгэлзсэн. Одоо болтолсэргээгээгүй яваа.

Өөрөө яагаад нам гүм суугаад байдаг юм бэ?

-Би яагаад төрийн албанаас гарсан юм? Хэчнээн зөв бодолтой зөв яваад үр дүнд хүрэхгүй юм байна. Систем нь буруу байна. Чи зөв санаатайбайгаад УИХ-д орсон ч юу ч хийж чадахгүй. Тийм учраас олуулаа болох ёстой юм байна. Нөгөөтэйгүүрхүмүүжил доголдож байна. Хүүхдүүддээ би хэлдэг. Харын эсрэг тал юу вэ гэхээр мэдээж цагаан. Харин буруугийн эсрэг тал нь юу вэ гэхээр хүүхэд болсон хойно зөв гэдэг. Тийм биш. Буруугийн эсрэг тал нь амархан байдаг юм.Хүн хэзээ ч буруу юм хийчихье гэдэггүй. Амархан баяжих арга замыг лсонгодог учраас бурууддаг. Би биш бид эрх мэдэл авах ёстой. Бид гэдэгт мэдлэг туршлагатай, сэтгэлтэй хүмүүс олуулаа багтана.

Эрх мэдэлд хүрлээ гэхэд хийх юм нь тодорхойбайх нь ээ?

-Саалиа бэлтгэхээр саваа бэлд гэдэг. Би маш олон тийм тохиолдлыг харж байсан. Миний харж байсан ах нар төрийн эрхийг авчихаад дараа нь яахаа мэдэхгүй гүйх нь олон байсан. Түүн шигутгагүй юмыг дахиж хиймээргүй байна. Төрийн хэргийг залгуулахад заавал УИХ, Засгийн газрын гишүүн байх шаардлагагүй. Тэнд ойлгодогдэмждэг хүн байхад л ажил явна. Энэ засаг юу хийх вэ гээд ард түмэндээ хандаад байна шүү дээ. Гэтэл ингэдэг юм аа гээд хариу өгчих институт алга. Бид тэр орон зайг нөхнө. Эдийн засгаа сайжруулахын тулдяах вэ гэж энэ засгийнхан ажиллаж байна. Ийм сонголтууд байна гэдгийг бэлтгэж өгөх учиртай.Сонголтгүй ганцхан шийдэл тулгаад явах нь бас зөв биш.

Ингэхэд таны нэг өдөр яаж өнгөрдөг вэ?

-Өглөө 6 хагасаас эхэлнэдээ. Босоод хүүхдүүдийнхээ өглөөний цай ундыг бэлтгээд цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөөд, шөнө болтол ажиллана. Эхнэртэйгээ ээлжилж хүүхдүүдээ авна.

Таны өглөөнөөс орой болтол хийгээд байгаа ажлууд дунд дуу хөгжим багтдаг уу?

-Үнэндээ амжихгүй байна. Ямар нэг юмыг хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй. Тайзан дээр дуулах гэж байгаа бол бөөн дурын уран сайханч байж таарахгүй. Дуулаагүй удсан. Өөрөө зохиож дуулна, хөгжимдөнө гэхээр бэлтгэл өндөр байх учиртай.

Үзэсгэлэнт чамтайгаа учраагүй бол үүрд би амьд яваад ч яахсан билээ гээд таны дууны шүлэг байдаг. Олсон гэсэн үг үү?

-Олчихоод амьдраад байна даа.

Та таван хүүхэдтэйөнөр бүлийн тэргүүн. Их л залуугаараа өвөө болох гээд байна уу. Охин чинь нөхөрт гарсан гэсэн?

-Удахгүй болох байх аа.

– “Би эмээ болохгүй” гэдэг шиг юм болохуу?

-Яг өвөө болж байгаа даа ч биш. Өвөө болоогүй мөртлөө өвөө болсон хүнийг зөндөө таних юм байна. Хөгшрөлт хөдөлгөөнөөс хамаарна. Бие хөшвөл биеэр хөгширнө, сэтгэл хөдлөл байхгүйхөшүүн болоод ирэхээр хүн сэтгэлээрээ хөгширдөг юм байна. Аль алийг нь хөгшрүүлэхгүй гээд үзээд л байна.

Залуу харагдах жор байна уу. Үнэхээр оворгүй харагдаж байна?

-Дасгал хөдөлгөөн хийгээд заримдаа бэртчих гээд байдаг юм. Би эрсдэлтэй амьдралд дуртай. Уулын дугуй, фитнессээр хичээллэдэг. Бодибилдингээр хичээллэдэг байсан. Одоо арай хөнгөрүүлээд фитнесс болгосон. Нададтогтчихсон хэвшмэл амьдрал зохихгүй юм билээ. АНУ-д амьдарч байхдаагалзуурахаа шахаад буцаж ирсэн. Тийм тогтсон амьдралыг нутагтаа байгуулахыг хүсч байгаа ч өөрөө тийм амьдралд зохицож бас чадахгүй юм билээ. Хүний төлөө хүний нутагт амьдарна гэдэг утгагүй санагдсан. Тэндэх байр, машинаа зарчихаад ирсэн л дээ.

Хүмүүжил гэж та нэг бус хэллээ. Таны гэр бүлийн хүмүүжил өөр байсан байх?

-Би өөрийгөө бусдаас өөр гэж хэлэхгүй. Монгол хүүхдүүд яаж хүмүүждэг байсан тэр маягаар л хүмүүжсэн.

Төрболд гэж ямар хүн байсан юм бол. Н.Сувд шиг цуутай сайхан хүүхнийг аваад суусныг бодоход овоо л эр хүн байж?

– Аав маань гоё залуу байсан. Биеийн тамираар хичээллэдэг. Тэр талыг нь би авсан шиг байгаа юм. Гитар дарна. Кантри бол миний аавын надад уламжлуулсан хобби. Эрсдэлд дуртай гэдэг ааваас өвлөгдсөн чанар. Аав маань ямар ч дарга байсан “Битгий хуц” гээд хэлчихдэг. Тийм учраас өөрөө дарга болоогүй.Гэхдээ маштолгойтой мэргэжилтэн, энэ улсын хэмжээнд үнийн бодлогыг тооцож байсан хүмүүсийн нэг нь байсан. Олон юм яриад байдаг ч халчихаж болдоггүй нэг тийм зовлонтой хүн байсан л даа. Аавын тэр цус нь надад байдаг. Системийг дагадаггүй. Хүнд долигнодоггүй. Аав маань удтал өвдөж байгаад энэ жил өөд болсон доо.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

“Өдрийн сонин”-ы шилдэг бичлэгийн эзэд тодорлоо

Баабар (Бат-Эрдэнийн Батбаяр). Монгол Улсын өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”-ы энэ жилийн шилдэг бичлэгийн шагналын эзнээр нийтлэлч, Монгол Улсын төрийн соёрхолт Баабар тодорлоо. Баабар бол нийтлэл гэдэг ийм жишигт байдаг, нийтлэлч гэдэг энэ хэмжээнд бичих ёстой гэсэн хэм хэмжээг Монголын сэтгүүл зүй, нийгмийн амьдралд батлан харуулж байгаа хүн юм. Түүний бичсэнийг уншаад хэн үнэн, худал хэлж байгааг, үйл явдал аль чигт байгааг баримжаалж хардаг уншигчид олон. Гэхдээ хүссэн хүн ийм итгэл, найдварыг уншигчдаасаа аваад байдаг юм биш. Харин бичиж туурвисан нь олон жилийн турш хүмүүст чигийг зааж, итгэл үнэмшлийг өгсөн байх учиртай. Нийтлэлч Баабарын бүтээлүүд улс төр, нийгмийн хандлагыг, Монгол Улс дэлхийн хаахна явааг өөрсдөд маань хэлж өгдөг. Бас болдоггүй улстөрчдөд Баабар л хэлхсэн хатуухан үгээрээ ухамсрын “шанаа” өгч чаддаг юм. Түүнд хусуулчихгүйн тулд хичээдэг нөхөд ч олон болсон. Баабарын нийтлэлийн дараагаас Мэргэжлийн Засгийн газар байгуулах талаар хүмүүс ярьж, төр сульдахаараа хуулиа биелүүлэх тэнхэлгүй болж сулдайдгийг энгийн жишээгээр ойлгож, бас худал эх оронч царайлж цаагуураа эх орондоо халтай үйлдэл хийгчдийг ч таньж эхэлдэг билээ. Өнгөрч буй онд түүний бичсэн “Зааныг нь анзаарсангүй”, “Төрөө нураахын “жаргал””, “Мэргэжлийн Засгийн газар байгуулъя”, “Шударга эвсэл”, “Монголын тусгаар тогтнол хууль бус болж байна уу” зэрэг нийтлэлүүд нь уншигчдын зүгээс өндөр үнэлгээ авч, шилдэг бичлэгийн шагналыг хүртэв.

Бямбажавын Цэнддоо. “Өдрийн сонин”-ы орлогч эрхлэгч, Монгол Улсын төрийн соёрхолт, нэрт нийтлэлч Б.Цэнддоо шилдэг бичлэгийн шагналтнаар шалгарлаа.Түүний улаан фэнүүд ёстой л Монголоор дүүрэн гэхэд буруутахгүй. Тэдгээр фэнүүд нь аль ч салбарт бий. Доо эрхлэгчийн бичсэн фельетоныг уншсан хүний элэг хөших дөхнө. Харин сургамжийн шинж чанартай нийтлэлүүдийг нь уншвал юун инээх манатай амтархан, шимтэн уншаад бүүр хайчилбар болгоод хадгалчихдаг хүмүүс ч олон. Түүний бичсэн нийтлэлүүд нь шүүмжилсэн байлаа ч муулсан үг олдохгүй. Гэхдээ аль хэдийнээ яг л голыг нь олоод хэлчихсэн байдаг. Нэгэнтээ түүний фельетонд нэр нь дурдагдаад шүүмжлүүлчихсэн хүнтэй таарч явлаа. Тэрээр “Цэнддоо намайг тэгээд хэлчихсэн байгаа юм даа” гээд инээдээ барьж ядаад л ярьж билээ. Угтаа Доо эрхлэгч түүнийг болгож тавьсан байсан л даа. Харин нөгөө хүн яагаад ч юм уурлаагүй хүлээн зөвшөөрөөд инээж байсан нь санаанаас гардаггүй юм. Доо эрхлэгч ингэж л заргалдах аргагүй,үнэнийг өөрөө хүлээн зөвшөөртөл нь бичиж чаддаг юм.

Цэнддоо эрхлэгч маань сони­ныхоо оны шилдэг бичлэ­гийн шагналд шалгарсан нь нэр төрийн хэрэг бөгөөд манай сонины мянга мянган уншигчид энэ явдлыг талархан хүлээн авах билээ. Энэ жил тэрээр “Түгжил барилдлагат өдөр”, “Үндэсний хуурамч долоо хоног”, “Батинжнээрийн үлгэр”, “Социализмын үлдэгдэл, коммунист ёс суртахууны илрэлтэй тэмцье” зэрэг нийтлэлүүд туурвисан нь уншигч олны зүгээс ихээхэн өндөр үнэлгээ авч улмаар “Өдрийн сонин”-ы шилдгээр шалгарлаа.

Энхбаатарын Хүрэлбаа­тар. “Сэтгүүлч хүн хөлөөрөө явж мэдээлэл олдог” гэдгийг энэ цагийн сэтгүүл зүйд бахархалтай баталж чадаж байгаа сэтгүүлч бол Энхбаатарын Хүрэлбаатар билээ. Тэрбээр өнгөрч буй 2014 оны хувьд тоотой өдрүүдийг гэртээ өнгөрөөсөн байж ч магад юм. Э.Хүрэлбаатар Монгол орныг баруунаас зүүн, өмнөөс хойш хэрж, шинэ сонин мэдээ мэдээллийг уншигчдадаа өгөхөөр зав чөлөөгүй гүйсэн. Түүнийхээ ч үр шимийг хүртэж “Өдрийн сонин”-ы шилдэг бичлэгийн эзэн гэсэн нэр хүндтэй шагналыг анх удаа хүртэж байна.

Тэрбээр баруун урд Шивээ хүрэнгийн боомтоос зүүн хойд гурван хилийн уулзвар Эрээнцав хүртэл, хойд хил Алтанбулагаас Замын-Үүд хүртэл тээврийн бүхий л хэрэгслээр явж гайхалтай сурвалжлагуудаа уншигч олондоо хүргэсэн юм. “Өдрийн сонин”-ы редакци улс орны хамгийн халуун цэг, хамгийн дуулиан шуугиантай газруудаас амьд сурвалжлага, ярилцлагыг бэлтгэж түгээхийг байнга хичээж ирсэн. Редакцийн томилолтоос шантрахгүй эр зориг гарган явдаг байсан Э.Хүрэлбаатарын шургуу зан түүнд нэр хүндтэй шагналыг авчирч байгаа юм. Голын мөс цөмрөхөд урсч одсон эх үрийг онцгойгийн ажилтнуудтай зэрэгцэн хайж, хүн амины хэргийн халуун мөрөөр гэрчийг дагуулан хохирогчийг булсан уурхайн нүхийг эрж, охиноо алдсан аавд заамдуулан гэрээс нь хөөгдөж байсан амаргүй үеүд түүнд бий. Гэхдээ энэ бүхэн уншигч олондоо бодит мэдээллийг өгөх гэсэн чин хүслийнх нь дэргэд бага саад байлаа. Тэрбээр хил дамнаж “Өдөрт мянган машин нүүрс гаргадаг байсан Шивээ хүрэнгийн боомтоор өдгөө зуун машин гарч байна”, “Гурван улсын хил дээрх Эрээн цавын эвдэрхий вокзал” сурвалжлага бэлдэж, Арлын Японыг шуугиулж буйИчиножо Ичинноровын эгэл даруухан хөдөөгийн гэрээс “Лу гүний Вандан аваргын зургаа дахь үеийн бөх Ичиножо Ичинноровын төрсөн гэрээс сурвалжиллаа” бичлэгүүдээ бэлтгэн, мөн хамгийн сүүлд Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусч байна” цуврал сурвалжлагуудаа хүргэсэн билээ. Гурван мянган малтай айл зээрийн мах идэх гэж шуналтаж байгааг дуулгаж, цагаан зээрийг хоморголж агнаж буй хэрэгтэй улаан нүүрээрээ тулж байж хийсэн сурвалжлагууд нь олон нийтийн анхаарлыг эрхгүй татаж байгаа юм. Энэ бүгдээс нь гадна Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүхийг шоронгоос гарч ирэхэд нь авсан ярилцлага, цагдаагийн хурандаа Н.Гаравсүрэн, З.Төрмандах, Д.Базаргүр нарын ярилцлагууд нь уншигчдаас өндөр үнэлгээ авсан билээ.

Норовын Гантулга. Монголын сэтгүүл зүйн салбарт бяр, зангараг зааж яваа сэтгүүлч бол Н.Гантулга. Түүний хувьдөнөө жил уран бүтээлийн арвин ургац хураасан жил байлаа. Уншигч та бүхэн Н.Гантулга сэтгүүлчийн байгалиас заяасан авьяас нэвт ханхалсан олон тансаг яруу үг хэллэгтэй аян замын тэмдэглэлийг шимтэн уншдаг биз ээ. Мөн халгиж цалгисан, цог хийморь бадраасан, бас ухаарал хайрлах уянгатөгөлдөр олон сайхан хүмүүсийн талаарх хөрөг нийтлэл, ярилцлагуудаараа уншигч таны оюуны мэлмийг мялаасан. Мөн улс төрийн адармаатай үйл явдал болон түүний цаана болж байгаа нууц зүйлсийн үнэн төрхийгилчилсэн нийтлэл олныг бичсэн билээ. Н.Гантулга”Өдрийн сонин”-ы шилдэг бичлэгийн шагналыг “Ганцаараа идвэл ганц худгийн парламентад, олуулаа идвэл ордны парламентад”, “Увс хүн монгол хүн мөн үү” , “Сумынхаа нэрийг дуудуулсан бөхчүүдийг байр машинаар буллаа. Монголоо дэлхийд цуурайтуулсан Сэр-Одод юу өгсөн бэ”, “Ц.Нямдорж өөрийнхөө эхнэрийг доромжлоод зогсохгүй өрөөлийн эхнэрийг доромжлох нь хэтийдлээ” , “Долоо ч хонолгүй хүүхдээ тэврээд гүйдэг Ардын намыг нэг мөр богтлооч ээ” зэрэг нийтлэлүүдээрээхүртэж байна.

Энхцагийн Энэрэл. “Өдрийн сонин”-ы шилдэг бичлэгийн шагналын эзнээр Улс төр, гадаад мэдээллийн албаны дарга, сэтгүүлч Э.Энэрэл тодорч байна. Э.Энэрэл маань хариуцсан ажил, бичсэн нийтлэлдээ “эзэн нь” байхыг бусдадаа үргэлж үлгэрлэж ирсэн. Бичсэн нийтлэлээ хэд, хэдэн удаа уншиж, нягтлаад жижүүр, дугаар удирдагчид хариуцлагатайгаар хүлээлгэж өгнө. Тэгж уншсан материалд утга найруулгын алдаа бүү хэл үг үсгийн зөрүү ч байдаггүй учраас бид “Энэрэл дарга уншчихсан бол асуудалгүй” гэж ярьцгаадаг. Албаныхаа сэтгүүлчдийн хариуцсан ажил, бичсэн нийтлэлд ч яг ингэж ханддаг юм. Сурагчийн ширээнд байхаасаа л сонины гал тогоонд ирж, бараг хорин жил энэ газарт “чанагдаж” байгаа болохоор сэтгүүлчийн ажлын жаргал, зовлонг хамгийн сайн мэднэ. Тийм ч учраас албаныхаа сэтгүүлчдийн хамгийн ойрын хамгаалагч, туслагч байж чаддаг. Энэ бүхнээс гадна сэтгүүлч Э.Энэрэл улс төрийн өндөр мэдрэмж, туршлагатай. “Үйл явдал ингэж өрнөнө” гээд улс төрийн тойм, гаргалгааг гаргахад яг л таарч байх жишээтэй. Тиймдээ ч түүний бичсэн гол нүүрний нийтлэлүүд нь үнэ цэнэтэй байдаг юм. Эрх баригчдыг халуухан шүүмжлэлээрээ шүршдэг түүний “Увайгүйчүүдийн бах тавыг хангах нь нийгэмд асар хөнөөлтэй, “Цагаан халатын эрэлд” нийтлэлүүд нь уншигчдаас өндөр үнэлгээ авсан. Мөн “Төрөх эмнэлэг, түлэнхийн төвгүй сандарч байхад Төрийн ордон шиг байшиндаа дүүргийн дарга нар тарвалзаж сууна”, “Түшмэдийн ордныг түмний эмнэлэг болгоё” цуврал нийтлэлүүд нь эмнэлгээр хомсхон өнөөгийн нийгэмд санал сэхээрэл авчирч албан байруудыг эмнэлэг болгох үйл ажиллагаанууд ар араасаа өрнөхөд хүргэсэнд талархахаас аргагүй. “Өдрийн сонин”-ы эхний дугаараас нь эхлэн ажиллаж буй түүний даацтай нийтлэлүүдээс гадна “П.Анужин: Аз жаргалтай амьдрахад тийм их зүйл хэрэггүй”, “Б.Амарсайхан: Их хаанаа Жингис, Гингис биш Чингэс гэж дуудуулсан нь тэр багт монгол хүн байсных” гэсэн ярилцлагууд нь түүнд энэ оны шилдэг бичлэгийн шагналыг авчрав.

Буянжаргалын Цэцэгдэлгэр. Б.Цэцэгдэлгэр маань сонины шилдэг бичлэгийн тусгай шагналтан боллоо. Мэдээж анхныхбиш. “Долоон настайохин дүүгээ аврахын тулд голоо тасартал тэмцжээ”, “Тувад монгол бүсгүй шатаасан хэргийн мөрөөр”, Мянгат малчны хүүхдүүд хулгай хийхдээ араатнаас дор авирлажээ”,”Парист зарагдсан ногоон дарь эх нь Чойроос зарагдсан бурхан мөн үү” зэрэг эрэн сурвалжилсан сурвалжлага, нийтлэлүүдээрээ энэ удаа шилдэг бүтээлийн шагнал хүртэж байгаа юм.Сонин содон, баримттай, дуулиантай мэдээ мэдээлэл сурвалжлагуудыг уншигч та бүхэнд хүргэж байсан Б.Цэцэгдэлгэр сониндоо мэдээ мэдээлэл, сурвалжлага, ярилцлага нийтлээгүй өдөр гэж бараг л үгүй. Залуу хүний үлгэр дуурайлал болохоор энэ бүсгүй маш хөдөлмөрч, дайчин. Ямар нэгэн мэдээ материал баримтын араас явсан бол хоосон ирнэ гэж байхгүй. Мөн сэтгүүлч хүний баримтлах ёстой зарчмыгягштал биелүүлнэ. Ямар нэгэн нэмэлт сэтгэлийн хөөрөл, үзэл бодлоо бичнэ гэж үгүй. Хувь зан чанарын хувьд ч маш хүлээцтэй, хэр баргийн зүйлд уурлаж бухимдахгүй тайван хүн шиг хэрнээ, ажлаа бол гялалзуулна шүү дээ. Тийм амгалан тайван хүнээс яаж ийм их хурд, ийм дайчин чанар гардаг юм гэж гайхмаар. Б.Цэцэгдэлгэрийг ямар нэг мэдээллийн мөрөөс атгаад авсан бол хоосон ирэхгүй гэдгийг бид анддаггүй. Тиймдээ ч түүний тэр дайчин хөдөлмөрийн үр дүнг та бүхэн өдөр бүр амтархан уншдаг гэдэгт эргэлзэхгүй байна.

Дашбалбарын Мөнгөндалай. Өглөөний хурал дээр Эрэн сурвалжлах, тоймчдын албаныхныг магтвал Д.Мөнгөндалай дарга өдөржин баярладаг. “Өдрийн сонин” дээрх олныг шуугиулсан эрэн сурвалжлах нийтлэлүүд түүний оролцоогүйгээр гарна гэж байхгүй. Шинэ мэдээлэл, нийтлэлийн санаа олчихвол түүн шиг баярлаж, түүндээ жаргадаг хүн цөөн. Товч агаад тодорхой бичихийн үлгэрийг Д.Мөнгөндалайүзүүлдэг. Улстөрчөөс эхлээд цэцэрлэгийн хүүтэй хийсэн ярилцлага ньолныг шуугиулж чаддаг. Энэ нь аливаа нийтлэлийг бичихдээ зөв өнцөгдонжийг нь олдгийнх. Бас нарийн нандин мэдээллээ түүнд итгэж хэлдэг хүмүүс олон бий. Авьяаслаг уран бүтээлч, яруу найрагч бас эх оронч хөвгүүн О.Дашбалбарын охин түүнээс аавынх ньавьяас, зан чанар нэвт үнэртдэг билээ. Д.Мөнгөндалай “Өдрийн сонин”-ы шилдэг бичлэгийн шагналыг олонтаа хүртэж байсан. Энэ жил “АН Сүхбаатарын талбайг устгасан, одоо Улаанбаатарыг устгаж адууны жүчээ болгох нь”, “Сөхөрсөн хүчнийг дүрэлзсэн хүн болгох боломж АН-д ирэв”, “МАН захлаад гэдийчихлээ, одоо хөрөнгө оруулалтыг мөрөөдөөд ч хэрэггүй”, “Орой бүр хорон хэл нь гозолзсон хэрүүлийн чуулган хойморт залрах болов” зэрэг нийтлэлүүд нь яах аргагүй олныг шуугиулж, олон ч улстөрчийн зүрхэнд шар ус хуруулсан.Мөн Ш.Сүрэнжав: Р.Чойномыг авьяасгүй гэж хэн хэлэх юм, адарч, алдаж яваад л дууссан ярилцлагаараа “Өдрийн сонин”-ы шилдэг бичлэгийн тусгай шагнал хүртэж байна.

Лхагвасүрэнгийн Мөнхтөр. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж үг бий. “Өдрийн сонин”-ыдараа үеийн шилдэг сэтгүүлчид аль хэдийнээ тодорч гарч ирж байгаагийн жишээ нь Л.Мөнхтөр юм. Улс төрийн сонирхолтой ярилцлага нийтлэл хүргэж, ордны хуйвалдааныг илчлэн, үйл явдлын халуун цэгээс сурвалжлага, нийтлэл хүргэж ирсэн энэ сэтгүүлчийг уншигчид хэдийнээ мэдэх болсон. Хэнтэй л бол нийцтэй, манай Төрөө энэ жил шилдгүүдийн эгнээнд гараад ирэхэд хэн ч гайхаагүй бөгөөд харин ч бүгд талархан баярласан билээ.

Л.Мөнхтөр энэ жил “Ардын нам сайд нарын суудлыг бөхийн боорцог шиг булаацалдав”, “Твийтэрчдээс айх шаардлага байхгүй” нийтлэл, “Зуны зуд буюу Хашаатад болсон хар салхины мөрөөр” цуврал сурвалжлага, “З.Энхболд: Аль нам гарсан өөрийн гэсэн стратегитай болох ёстой”, “З.Энхболд: Ч.Сайханбилэгийг УИХ-аар дэмжсэн тохиолдолд кабинетаа байгуулах эрхийг өөрт нь өгнө” ярилцлагаараа шилдэг бичлэгийн тусгай шагнал хүртэж байгаа юм. Тэрээр ирэх жилд ч уншигч та бүхний анхаарал сонирхлыг татсан амттай сайхан нийтэл, сурвалжлага, ярилцлагуудыг хүргэсээр байх болно.

Пүрэвийн Хашчулуун. Нийгэм, эдийн засгийн албаны дарга, сэтгүүлч П.Хашчулуун шилдэг бичлэгийн тусгай шагналыг хүртлээ. Түүний даацтай, егөө бас хоржоонтой нийтлэлүүдийг нь сонины дугаараас эрж хайж уншдаг хүмүүс хэдийнэ бий болсон билээ. Тэрбээр нийгэм, эдийн засгийн салбарын шинэ мэдээ, мэдээллийг бэлтгэх албаныхаа ажлыг чиглүүлэн залахаас гадна мэргэжлийн чадварлаг сэтгүүлчийн хувьд өөрийнхөө чанартай бүтээлүүдийг ч туурвисаар ирсэн. Тэрбээр ховор сонин хүмүүстэй уулзаж, тэдний яриа хөөрөөг энгийн үгээр ойлгомжтой хүргэдэг онцлогтой. Түүний Монгол Улсын баатар цолыг одоогоор хамгийн сүүлд хүртсэн П.Шагдарсүрэнгийн тухай “Монгол Улсын баатар П.Шагдарсүрэнгийн өнөөдрийн үнэ цэнэ” хөрөг нийтлэл нь сэтгүүл зүйн судалгааны ажиллагаанд олдвор болохуйц сайн бүтээл болсон юм. Тэрбээр нийгэмд шинэ сэрэл, санаа өгдөг “Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрний цөөхөн хэдэн бичигчийн нэг билээ. Түүний “Хувьсгал хийдгээрээ бол Украин диваажин болох байлаа”, “Үнэндээ Бадарч маань амь гуйгаагүй юмаа”, “Монголын ард түмэнд шоронгоос салах заяа байна уу” нийтлэлүүд энэ онд уншигчдаас өндөр үнэлгээ авч, талархлыг хүлээлээ.

Сүхбаатарын Алтанцэцэг. Сэтгүүлч С.Алтанцэцэгийн хувьд 2014он уран бүтээлийн олз омогтой, өсөн дэвжсэн, өөрийгөө нээж чадсан жил байлаа. Энэ жил тэрбээр өдөр бүр завгүй байсан гэж хэлж болно. Өдөр алгасахгүй шахам манай сонины гол материалуудын нэг болох өдрийн сурвалжлагыг хийсэн сэтгүүлч. Мөн Өмнөд монголчуудын талаарх цувралнийтлэл,Япон улсаас олон цуврал ярилцлага, сурвалжлага бэлтгэн хүргэж байгаа. “Хакухо М.Даваажаргал: Аварга хүн унах эрхгүй байдаг юм”,”Ичиножо А.Ичинноров: Нэгхэн жилийн башёд барилдаад цолонд хүрсэн удаа сумогийн түүхэндбайгаагүй” зэрэг уншигч олны таалалд нийцсэн ярилцлагууд хийсэн билээ. С.Алтанцэцэг “Өдрийн сонин”-ы шилдэг бичлэгийн тусгай шагналыг Хөх хотын өмнөд монгол залуучуудын тухай цуврал нийтлэл, Т.Санчир “Баянгол шонхрууд” багт 70 сая төгрөгөөр зарагджээ, Токио хотоос мэргэжлийн сумо бөхчүүдтэй хийсэн цуврал ярилцлага, нийтлэл, “Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав: Миний уран бүтээлээс хамгийн олон удаа тоглогдсон нь “Сэрсэн тал” (ярилцлага), “Монголын жудочид Токиогийн их дуулгын шалыг арчиж байгаад ирлээ” зэрэг бүтээлүүдээрээ хүртэж байна.

Categories
мэдээ цаг-үе

О.Магнай: Циркийн асуудал дээр гэхэд л бүр том хүн утасдаж “Боль” гэх жишээний

ШӨХТГ-ын дарга асанО.Магнайтай манай сониныхон өчигдөр редакцийн уулзалт хийлээ. Шадар сайдтай цахим ертөнцөд маргалдсан энэ эрхэм сүүлийн үед шатахууны үнэ буурахгүй бол ажлаа өгнө, төрөө цэвэрлэнэ гэх мэт анхаарал татахаар мэдэгдлүүдийг хийгээд байгаа юм. “Өдрийн сонин”-оос зохион байгуулсан редакцийн уулзалтад MN 25 дугаар суваг телевиз, 2 дугаар суваг телевиз, NTV, Olloo, SBN, TV9, Eagle, MNC, TV10, Star tv, Эх орон, IKON, Зууны мэдээ зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн ирж, сонирхсон асуултдаа хариу авсан. Манай сониноос Эрэн сурвалжлах тоймчдын албаны дарга Д.Мөнгөндалай, Улс төр гадаад мэдээллийн албаны дарга Э.Энэрэл, Реклам зар сурталчилгааны албаны дарга Б.Энхболд болон Эрэн сурвалжлах тоймчдын алба, Нийгэм эдийн засаг танин мэдэхүйн мэдээллийн албаны сэтгүүлчид оролцлоо. Эрэн сурвалжлах тоймчдын албаны дарга Д.Мөнгөндалайгийн”ШӨХТГ иргэд рүү чиглэсэн нэлээд бодитой, хэрэгтэй ажлуудыг санаачилж хийсэн.

Тэр утгаар нь О.Магнайг ажлаа өгөөгүй байхад нь манай сонин редакцийн зочноороо урьж цаг товлоод байсан юм” гэсэн үгээр уулзалт эхлэв.Ингээд редакцийн уулзалтын үеэр өрнөсөн асуулт, хариултыг тоймлон хүргэе.

Яагаад, ямар шалтгаанаар албан тушаалаасаа татгалзчихав аа?

-Би “Өдрийн сонин”-д хүндэтгэлтэй ханддаг. Зөв, буруу ажиллаж байгаагаа “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогоос харах үе олон байдаг. Уг нь энэ уулзалтанд орох шийдвэрээ өнгөрсөн долоо хоногт, албан тушаалаасаа татгалзаагүй байхдаа гаргасан байсан юм. Гэтэл албан тушаалаасаа татгалзах шийдвэрээ гэнэт гаргачихлаа. Одоохондоо хэвлэлийнхэнд нэг их юм ярих сонирхол байхгүй ч нэгэнт товлосон уулзалтыг цуцлаад хэрэггүй гэсэн бодлоор ирлээ. Миний хувьдямар ч ажил, албан тушаалыг өгөх,авах нь хөнгөхөн байх ёстой гэж үздэг. Зарим хүмүүс шүүхдэж, тамгаа авч зугтаж юм юм лболдог. Би үүний эсрэг зарчимтай хүн. Ажлаа өгөх хоёр шалтгаан байсан. Шинэ Засгийн газар бидний хүсч зүтгэж яваа нийгмийн үнэт зүйлийн эсрэг байгуулагдлаа. Сөрөг хүчний дуу хоолойг дарахын тулдюм ярьж магадгүй гэсэн бүгдэд нь сандал суудал өгөх шиг боллоо. Одоо ч гэсэн хэрүүл маргаан нь дуусаагүй байна. Албан тушаалын төлөөх хуйвалдаан дээд цэгтээ хүрсний шинж л дээ. 2012 онд олон хүн АН-ын төлөө саналаа өгсөн. АН ганцаараа засаглана гэж байсан ч хоёр жил хүрэхгүй хугацааны дараа МАН-тай хамтарч засаг байгуулж байна. Би үүний эсрэг байр суурьтай байгаа. Монгол Улсад өнөөдөр болохгүй байгаа бүхний ихэнх нь МАН-ын буруу үйл ажиллагаатай холбоотой гэж би үздэг. Тийм учраас хамтарч ажиллах нь миний хувьдбайж болшгүй зүйл. Хоёр дахь шалтгаан ньШадар сайд У.Хүрэлсүх. Бид хоёрын үнэт зүйл, зарчим, асуудалд хандах хандлагаөөр. Дүр эсгээд яах вэ гээд ажлаа өгсөн. Хувь хүний хувьд гайгүй залуу. Хааяа утсаар ярьдаг. Ажил хийнэ гэдэг бол өөр. Маш том зарчмын асуудал.

Та ажлаа өгөхөөсөө өмнө Шадар сайдтай уулзсан уу?

– Уулзаагүй.

Хүрэлсүх гэдэг хүнтэй уулзаагүй гэхээр сөрөг хүчнээс нь, хүнээс нь сүрдчихэв үү гэсэн хардлага байна л даа?

-Би нэг зүйлд их гайхдаг. Бүгд л хүн зоддог хүнээс айх юм. Яагаад айгаад байдгийг нь ойлгодоггүй. Надад тийм айдас байхгүй. Миний асуудалд хандах хандлагыг хүмүүсбараг мэдэх байх. Бүгд л надаас айж байна уу гэж асуудаг. Ер нь тийм хүмүүстэй тулаад байдаг учраас тэгдэг байх. Дахин хэлье. Надад айх юм байхгүй.

Шадар сайд тан руу “нохойн баасаа цэвэрлэ” гэж жиргэсэн байсан. Хамт жагсч байсан хүнээ ажилд авсан энэ тэр гээд мэдээлж эхэллээ. Та үүн дээр тайлбар хэлээч?

-Тангараг өргөсөн бичиг нь зөрсөн хүнээс учрыг нь асуусан. “Нэгэнт шалгалтаа өгсөн юм чинь гурав хоногоор урагшлуулсан” гэдгээ хүлээсэн. Ажлаа өгөхөөсөө өмнө тэр хүнийг халсан. Манай газрын хэлтсийн даргаар ажилладагБатбаатарын хувьд хамт жагсч байсан нь үнэн. Ажлаа сайн хийдэг хүнийг жагссан гэсэн үндэслэлээр ажлаас халж болохгүй гэсэн байр суурьтай байгаа.

МАН-ын гишүүнийг даргаар нь тавина гэсэн яриа хөөрөө гарсан юм биш үү?

-Өрсөлдөөний тухай хуулиар зохицуулагддаг учраас тийм яриа гарах боломжгүй. Учир нь ШӨХТГ болЕрөнхий сайдын мэдлийн агентлаг. Хэнийг тавихаа Ч.Сайханбилэг өөрөө мэдэх ёстой. Засгийн газрын бүтцээр Шадар сайдын дор байгаа мэт боловч яг хуулиараа бол өөр л дөө.

Ажлаа өгчихлөө, одоо юу хийх вэ. Нам, хөдөлгөөн байгуулна гэсэн мэдээлэл байх юм, үнэн үү?

-Нам байгуулах бодол алга. Ямар ч байсан нэгдүгээр сарын дунд хүртэл амарна. Үйлдвэрчний эвлэлийнхэнтэй саяхануулзлаа. Манай улс нэг л буруу болчихлоо гэдгийг олж харсан хүмүүс бий. Тэдэнтэй ч уулзсан.Би ч ажлаа өгөхдөө “Манай төрд цэвэрлэгээ хэрэгтэй болсон” гэж зүгээр ч нэг хэлээгүй.Дээгүүрээ хуйвалдаж нэгнийхээ амыг албан тушаалаар хамхилаа гээд лав л ард түмэн хожихгүй. Ёс зүйгүй, зарчимгүй байдалд дасчихаад байгаа нь энэ нийгмийн хамгийн том эмгэнэл. Нөгөө хэд нь ч гэсэн ард түмнийг ямар нэг хүчин зүйл гэж үзэхээ больчихлоо. Тэгэхээрхэн нэг нь эрүүлээр сэтгэж удирдаад явахаас аргагүй. Тэгж байж зөв зам руугаа орно.

Та яг ямар хүмүүстэй хамтрах вэ?

-Хүмүүс нь байгаа үед хөдөлгөөн байна гэсэн үг. Өнөөдөр тодорхой юм яримааргүй байна.

АН-аас гараад жагсаал цуглаан зохион байгуулаад явна гэсэн шум байна. Төрөө цэвэрлэх тэмцлээ яг ямар хэлбэрээр явуулах чинь зарим хүмүүст сонирхолтой байх шиг байна?

-АН-аас гарна гэсэн ойлголт байхгүй. Улстөрийн тэмцлийн 200 гаруй хэлбэр байдаг. Аль ч хэлбэрийг нь сонгож болно. Заавал жагсаал цуглаан байх албагүй л дээ. Мэдээж хүмүүс энэ засгийг шүүмжлээд жагсвал оролцоно. Яг одоо нарийн ширийн зүйл яримааргүй байна.

-2016 оны сонгуульд нэр дэвших үү?

-Тэр болтол өдий байна. Тухайн үед нь л ярья.

О.Магнай гэдэг хүн даргаар нь очсоноос хойш хүмүүс ШӨХТГ гэж өөрсдийнх нь эрхийн төлөө дуугардаг газар байдгийг мэдэрсэн.Та ажлаа авсныхаа дараахан “Савласан сүүний шошгон дээр үнээний цэвэр сүү гэж бичиж болохгүй, хуурай сүүгээр хийдгээ бичих хэрэгтэй” гэж мэдэгдэж байсан. Сүүлийн үед шийдэгдсэн ямар асуудал байна?

-Нэг сайн мэдээ бий. Арилжааны банкууд зээл өгөхдөө нэг хувийг шимтгэл гэж авдаг. Үүнтэй холбоотой шүүх хурал өчигдөр (уржигдар) болсон. Анхан шатны шүүх дээр ялчихлаа. Арилжааны банкууд шүүхийн тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах эрхтэй. Давж заалдахгүй бол банкны шимтгэл авдаг зүйл байхгүй болно гэсэн үг. Сая таны асуусан сүүтэй холбоотой асуудал бүрэн шийдэгдсэн. Одоо ямар ч сүүний орцыг харвалхатаамал сүү гэсэн үгийг заавал бичсэн байгаа.

ШӨХТГ-ын дараагийн дарга О.Магнайгийн хэмжээнд хүрч ажиллахгүй байх гэсэн эргэлзээ олон хүнд байх шиг. Хэрэглэгчид таны ажилд сайн дүн тавьж байгаа энэ үед үргэлжлүүлээд ажиллаж болоогүй юм уу?

-Ингэж үнэлүүлж байгаадаа баярлаж байна. Ажиллаад үзье гэж бодсон л доо. Гэхдээамралтын өдрүүдээр бодож үзээд больё гэсэн шийдвэр гаргасан. Том компаниудын ард дандаа том улс байдаг. Энэ олон хүнтэй сайдаж муудаж ажиллана гэдэг амаргүй. Монгол жижигхэн. Бүгд л бие биеэ танина. Таньдаг хүн гэдэг өнцгөөс асуудалд хандвалажил хийх боломж байхгүй. Үүн дээр л эр зориг гаргах хэрэгтэй. Миний бодлоор хүнд байх ёстой чанаруудаас хамгийн нэгдүгээрт тавих чанар нь эр зориг. Эр зориг байж л үнэ цэнээ баталгаажуулна.

Та банкууд, архины үйлдвэрүүд, “Номин”, “Миний дэлгүүр”, үүрэн телефоныхонтой тулсан. Ер нь том компаниудын цаана, хувьцаа эзэмшигч нь гээд ярихаар голдуу улстөрчид байдаг. Дарамт шахалт их ирдэг байсан уу?

-Бүх юмны араас дарамт ирнэ. Бүгдийнх нь ард том улс байдаг гэдэг үнэн. Тодруулж хэлбэл их том хүмүүс. Заримдаа төсөөлөөгүй хүмүүс ч гарч ирнэ. Байнга утасдаж”Чи боль” гэнэ. Хэцүү л дээ. Эхлээд чимээгүй сонсоно. Дараа нь дахиж залгана. Гурав дахь удаагаа залгахад нь “Та наадахаа телевизээр ярьчих” л гэдэг юм. Циркийн асуудал дээр гэхэд л бүр том хүн утасдаж “Боль” гэх жишээний. Над руу хоёр ч удаа ярьсан.

Нэрсийг нь зарлачихаж болохгүй юу?

-Дэмий биз дээ.

Та саяхан нэгдүгээр сар гараад шатахууны үнэ унахгүй бол ажлаа өгнө гэж жиргэсэн харагдсан.Гэтэл нөгөө талд албаныхан ам.доллар өссөн учраас дүндээ дүн, шатахууны үнэ буурах боломжгүй гэцгээж байна. Шатахууны үнэбуурах ёстой гэдэг дээр хийсэн судалгаа бий юу?

-Судалгаа бий. Сүүлд шатахууны компаниуд Сингапурын биржээр үнээ тохирох болсон. Зах зээлийн горимдоо шилжсэн гэсэн үг. Тэгэхээр өнгөрсөн зургаан сарын хугацаанд навс унасан түүхий нефтийн үнэ Монголын шатахууны зах зээлд нөлөөлөх ёстой. Энэ өвөл гэхэд л дэлхийн аялал жуулчлал өнгөрсөн жилүүдийнхээс өсөлттэй гарна гэж байна. Шатахууны үнэ хямдарсан учраас тэр. Онгоцны нийт зардлын гуравны нэг нь шатахуундаа байдаг гэсэн статистик бий. Дэлхий даяар ингэж хөдөлгөөнд орж байхад Монголд шатахууны хөдлөхгүй байна гэдэг том асуудал. Шатахууны үнэ 50 хувиарунана гэдэг бол маш том тоо. Дахин хэлье. Шатахууны үнийг буулгах бүрэн боломжтой. Газрын тосны газрын даргатай ярьсан. Нэгдүгээр сарын 1-нээс үнээ буулга гэж хэлсэн. Ер нь буулгах боломжтой гэж байна лээ. Буцаад өсөхөөр нь яах вэ гэсэн юм яригдаж байна л даа. Тэгвэл буцаагаад өсгөчихөд л болох асуудал. Би өчигдөр ОПЕК-ийн мэдэгдлийг сонслоо. Газрын тосны үнэ нэг баррель нь 20 ам.доллар болсон ч олборлолтоо багасгахгүй гэсэн мэдэгдэл хийсэн байна лээ. Энэ гоё боломжийг ашиглах хэрэгтэй.

Сайханбилэгийн Засгийн газар одонгийн мөнгийг зарим ээжид олгохгүй, хүүхдийн мөнгийг танана гээд иргэдийнхээ халаасыг тэмтэрсэн олон ажил хэрэгжүүлэхээ зарлалаа. Нөгөө талд Ерөнхий сайд таналтыг өөрөөсөө эхэлсэнгүй, төрийн өндөр албаныхны урамшууллыг танасангүй гэх шүүмжлэл өрнөж байна. Үүн дээр та ямар бодолтой байна?

-Би хавтгайрсан халамжийн эсрэг байдаг хүн. Гэхдээ өнөөдөр бол иргэдийнхээ халаасыг тэмтэрч болохгүй цаг. “Хүмүүс хулгай хийгээд байна яах вэ” гэсэн хааныг “Та өөрөө хулгай хийчихээ больчих” гэсэн үг байдаг даа. Засгаа байгуулахдаа хүртэл дэд сайдынхаа тоог нэмчихсэн. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд “Эх орончоороо уралдаад яах вэ” гэж хэлсэн байна лээ. Яг өнөөдөр бол хэн нь илүү эх орончоо үзэх цаг. 1997 оны Азийн хямралын үеэр Солонгосын парламентын гишүүд цалингүй ажиллаж байсан. Украйнд гэхэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нь цалингүй ажиллаж байна. Парламентын гишүүдийнх нь 50 хувь цалингаасаа татгалзаж эхэллээ. Украйны Ерөнхий сайд албанд унадаг машиныхаа өвлийн дугуйг хувиасаа мөнгө гаргаад сольчихож байна. Энэ чинь эх оронч үзэл. Хэмнэнэ гэсэн хэрнээ дарга нарынхаа тоог нэмж, жирийн иргэдийн халаасыг тэмтрэх буруу. Иргэд өнөөдөр хэцүүхэн амьдарч байгаа. Ихэнх нь банкны зээлтэй. Амьдрал ийм байхад жирийн нэг төрийн албан хаагчийг ажлаас нь хална гэсэн шийдвэрийг ойлгохгүй байгаа. Ингэлээ гээд улам л хямарна. Сүүлийн үед ард түмний талд үг хэлсэн болгоныг популизм хийж байна гэдэг болсон.Үнэн хэрэгтээ эд нар л2008 онд популизм гэдэг юмыг жинхэнэ сонгодог утгаар нь хийсэн. Сүүлдээ бүр ботгонд хүртэл мөнгө өгсөн шүү дээ. Гэрлэвэл 500 мянган төгрөг өгнө гэх мэтээр явж өгсөн. Өөрсдөө ингэж популизм хийчихээд сүүлдээ хамаг лайг нь ард түмэнд үүрүүлэх гэж байна л даа. Эх оронч байя гэвэл цалингаасаа татгалз гэж Ерөнхий сайдад хэлмээр байна. Майкл БлумбергНью-Иоркийн мэрээр найман жил болохдоо сард нэг ам.долларын цалин авч ажилласан. Америкийн Үндсэн хуулиар цалингүй ажиллахаар боолчлол болчих гээд байдаг учраас нэг ам.долларыг бэлгэдэл маягаар авсан хэрэг. Энэ хүмүүсээс үлгэр жишээ авч ажиллах ёстой. Өөрсдөө дарга нарынхаа тоог нэмчихээд та нар алт мөнгөө хандивла гэжиргэд рүүгээ дайрч болохгүй.

Та таксины мөнгийг мянган төгрөг болгоно гэж мэдэгдээд шүүмжлэлд өртөж байсан. Таксины компаниудын лобби гэж хэсэг шуугисан. Тэр үед яагаад тийм мэдэгдэл хийх болсон юм бэ?

-Таксины хувьд бодит байдал хэцүү байгаа. Ямар ч тоолуур байхгүй гэдэг том асуудал бий. Оройн цагаар таксигаар үйлчлүүлсэнэмэгтэй хүнхэлсэн үнийг нь өгөөд буухаас аргагүй байдаг. Аюулгүй байдал талаасаа хэцүүл дээ. Тухайн үед Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга над руу залгаадтаксины үнийг нэмэх гэж ярьж байна гээд миний байр суурийг сонирхсон юм. Тэгэхээр нь би үнэхээр нэмэх гэж байгаа бол стандартуудаа мөрдүүлчихээд нэмье гэсэн. Мянган төгрөгболговол та нар тоолууржих уу, стандарт хангасан үйлчилгээ үзүүлэх үү гэх мэтээр иргэдэд хэрэгтэй талаас нь хандсан.

ШӨХТГ-ын даргаар ажиллаад гаргуулсан ямар шийдвэртээ сэтгэл хангалуун байдаг вэ?

-Архины хууль бус сурталчилгааг бүрэн зогсоосондоо баяртай байгаа. Эрүүл мэндийн чигийн сурталчилгаанууд хүртэл доороо “Заавал эмчийн заавраар хэрэглээрэй” гэсэн бичигтэй явж байгааг хүмүүс анзаарсан байх. Энэ бидний хийсэн ажил.

Танай газраас нэг хэсэг Чингис, Соёмбо гэсэн нэрийг архинд ашиглахгүй гэсэн мэдэгдэл хийсэн. Ийм нэртэй маш олон архи байгаа. Тэр санаачилга үр дүнгээ өгөөгүй гэж ойлгож болох уу?

-Хуулийн төслийг нь бэлэн болгоод УИХ-ын гишүүдэд өгсөн. Ганбат, Г.Баярсайхан хоёр УИХ-д өргөн барьсан байгаа.Соёмбо,Чингистэй холбоотой хууль батлагдах ёстой. Зарим нэг том компани энэ брэндийг дэлхий даяарэзэмших эрхээ өчнөөн сая ам.долларын зардал гаргаад авсан байдаг юм билээ. Чингис гэдэг нэрийг Европ, Америкийн зах зээл дээр гаргах патент авсан компани бий. Патентын байгууллагын кодоор ороод Америк, Европын зах зээл дээр энэ нэрийг ямар компани эзэмшдэгийг харах боломжтой. Энэ хууль батлагдвал тэр компаниуд олон сая ам.доллараар хохирно.

Орон сууцны метр квадратын зөрүүг компаниудаар гаргуулжиргэдийг хохиролгүй болгосон газар бол ШӨХТГ. Одоо гурван компанийн асуудал шүүх дээр явж байх учиртай. Шийдэгдсэн үү?

-Шүүх дээр бий. Ёс зүйгүй юм болсон л доо. Метр квадрат нь улаан цагаан зөрчихөөд байхад шүүхдэж байгаа.Ямар ч байсан ШӨХТГ-ын даргын албыг муу нэргүйгээр хашсан гэж бодож байгаа. Хүмүүс шүүмжлэхээсээ илүү баярласан мэссэж их явуулдаг. Үүнээс нь урам авдаг. Мэдээж алдсан зүйлч бий байх. Гэхдээ алдсанаасаа илүү оносон болов уу гэж боддог.

Тэмдэглэсэн Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Х.Мөнгөнцэцэг: Зөвийг бодож явахад бүх зүйл аяндаа бүтдэг гэж боддог

Залуу дуучин Х.Мөнгөн­цэцэгтэй ярилцлаа.

Юуны өмнө саяхан болж өнгөрсөн “Дуэт vs Дуэль” телевизийн шоунд түрүүлсэнд баяр хүргэе. Ямар хугацаанд үргэлжилж, хэр их хүч хөдөлмөр гаргав даа?

-Баярлалаа. Анхны чөлөөт, ардчилсан телевиз хэмээгддэг “25 суваг” телевизээр долоо дахь жилдээ нэвтэрч буй “Дуэт vs Дуэль” нэвтрүүлгийн энэ жилийнхэд “Эмоци” продакшны жүжигчин Г.Эзэнмөнх ахтайгаа хамт оролцоод тэргүүн байрын эзэд боллоо. Урлагийн нэгэн үеийнхэн болж өсч байгаа, авьяаслаг шижигнэсэн залуучуудтай өрсөлдсөн. Бараг хорь хоногийн хугацаанд өгөгдсөн сэдвийн хүрээнд нийт зургаан дууны төрөлд дуугаа бичүүлж, дүрсжүүлж бас нэвтрүүлгээ бичиж чухам чөлөө завгүй бас бүтээлч өдөр хоногийг өнгөрүүллээ. Их ч зүйлийг сурч, өөрийгөө сорьж, эвдэж бас хөгжүүлсэн цаг хугацаа байсан гэж бодож байна.

Өнөө жил сошиал медиагаар өрсөлдөөн хүчтэй явах шиг санагдлаа. Бас “Holly Dolly” баг уу танай “Эзэмдэгч” баг уу гэсэн халуухан тэмцэл явсан байх…

-Ер нь бүх багууд жигд, бүгд л түрүүлэхийн төлөө дууныхаа төрөл болгонд хүчээ дайчилж өрсөлдсөн. Энэ тэмцээний маань шалгаруулалтын нэг үзүүлэлт нь фэйсбүүкийн хуудсаар олон лайк цуглуулах явдал байсан. Интернэтээр манайх болон “Holly Dolly” баг олон лайк цуглуулж, өрсөлдөгч баг маань биднээс лайкийн тоогоор илүү байсан. Гэхдээ олон лайк цуглуулахаас гадна сэтгэмж, дууны сонголт, найруулга зохиомж, нэвтрүүлгийн дүрэм журмыг баримталж буй байдал эмоци өнгө төрх гээд өөр олон үзүүлэлтийг харгалзан үзсэн учраас бид хоёр түрүүлсэн байх аа. Ер нь Г.Эзэнмөнх ах бид хоёр дуу бүрийнхээ цаана давхар санаа агуулж, залуучууд, үе тэнгийнхэндээ уриалахыг оролдож байсан. Тухайлбал, хип поп дууныхаа төрөлд “Гандан буурахгүй” дууг сонгохдоо, гэр хороололд амьдардаг олон хүүхэдтэй хос хэрхэн аз жаргалтай амьдарч байгааг үзүүлэхийг оролдсон. Хэрэв нэг нэгэндээ итгэж, хайрлаж чадаж байвал хаана ямар нөхцөлд амьдрах нь асуудал биш, Монголын үрсийг олон болгохын төлөө гандан буурахгүй ээ гэсэн санааг агуулж хийсэн. Бас “Сэтгэлийн драм” дуугаа ч гэсэн ийм санаатай хийж байлаа.

Хосууд нэгэндээ итгэж, хайрлаж байвал амьдрал аяндаа сайхан болно гэж. Үзэгчид анзаарсан бол клип дээрээ ганц модон сандалтай эхэлж байгаа хоёр дараа нь түшлэгтэй зөөлөн сандал дээр хоёулаа зэрэгцээд сууж байдаг даа. Гэх зэргээр үргэлж нэг санаа, уриалгыг дууны төрөл бүр дээрээ гаргахыг хичээсэн. Энэ маань ч хүмүүст таалагдсан юм шиг байна лээ. Шүүгчид ч үүнийг онцолж байсан. Бид хоёрт Монголд үйлдвэрлэсэн “Хүү төрлөө” нэртэй өлгийний рекламд тоглох санал ирсэн нь ч үүнийг анзаарч харсных байсан биз ээ.

Та хоёр рекламд тогло­сон мөнгөөрөө хүүхдүүдэд бэлэг авч өгсөн гэл үү?

-Тэр реклам маань тун хөөрхөн, бэлгэдэл бүхий бүтээгдэхүүний сурталчилгаа л даа. Цэвэр ноолууран өлгийг сураар хийсэн гурван бүс, дөрвөн шагай бас эсгий үнэг дагалддаг. “Хүү төрлөө” гэсэн нэртэй. Ийм бэлгэшээлтэй бүтээгдэхүүний сурталчилгаанд тоглосон мөнгөө бид хоёр хүүхдүүдэд зориулахаар шийдсэн.Тэр дундаа асрамжийн газарт амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг болгож түгээсэн. Бэлэг хараад нүд нь очтож байгаа хүүхдүүдийг харахад үнэхээр сэтгэл хөдлөм байсан. Зарим нь тийм зүйл олон авч үзээгүй болоод ч тэр үү, бүр гайхсан байдалтай. Тэр өдөр талбай дээр зургаа авахуулах гээд шөнийн 00 цагийн үед очсон юм. Ээж, аавтайгаа явж байсан хүүхдүүд өвлийн өвгөн, цасан охины хувцастай бид хоёрыг хараад, “Эзэмдэгч дуэтүүд явж байна” гээд дагаад гүйхийг хараад баярлаж л байлаа. Тэдэнд бас бэлгээ түгээж, нэг өдөр ч гэсэн өвлийн өвгөн, цасан охин шиг байж чадсандаа бид хоёр их баяртай байсан маань энэ нэвтрүүлгийн сайхан дурсамжийн нэг юм даа.

Энэ нэвтрүүлэгт ихэнх нь жүжигчин, өөрөө ганц дуучин бүсгүй нь байх шиг байсан. Хэдэн онд аль сургуулийг төгссөн билээ?

-Би СУИС-ийг 2013 онд дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн. Монгол Улсын гавьяат жүжигчин М.Найдалмаа, концертмейстр, СТА Т.Энхтуул нарынхаа удирдлага дор дуу дуулах арга барилаас суралцсан. Оюутан ахуй цагаасаа уран бүтээлээ хийж, үзэгч олондоо танигдах гээд л явж байна даа.

Нэгэн үе нийтийн дууныхан хосолж дуулж гарч ирээд л од болцгоодог байлаа. Тэр үеийн дуучдыг дуурайж, урлагт хөл тавьсан залуус олон байсан байх шүү?

-Анх намайг СУИС-д орж байхад нээрээ л нийтийн дууны эрин жинхэнэ ноёлж байсан. Багш нар маань ярихдаа СУИС-д дуучин болно гээд ирж байгаа 400-500 хүүхдүүдээс шалгалт аваад, “Ямар ангид орох хүсэлтэй байна вэ” гэхэд “Жавхлан, Баясгалангийн ангид ормоор байна” гэдэг байсан хэмээдэг. Энэ сургуульд орохоосоо өмнө М.Найдалмаа гэж мундаг багш байдаг гэж дуулсан болохоор багш дээрээ яваад очсон. Анх сургууль дээрээ очих гэж хөдөөний хүүхэд хүнээр заалгаад ирж байлаа. Сургуульдаа ормогц эндээс нэг дуулсан хүн, тэндээс ганцаараа дүрээ бэлдээд өөртэйгөө ярьж байгаа хүн гээд тун өвөрмөц ертөнцөд ороод явчихсан мэт мэдрэмж төрж байлаа. Найдалаа багш маань намайг дуурийн дуулаачаар явуулах хүсэлтэй байсан. Гэтэл би нэг мэдэхэд л нийтийн дуу руу ороод, багшийнхаа урмыг хугалсан даа. Мэргэжилдээ гайгүй байсан ч юм уу багш маань надад итгэл хүлээлгэж байсан байх, гэхдээ миний ардын дуу, нийтийн дуунд сонирхолтой байгааг мэддэг болоод ч тэр үү эвлэрсэн. Багш нартаа үргэлж баярлаж явдгаа энэ дашрамд хэлмээр санагдаж байна.

Анхны уран бүтээл чинь ямар дуу байв, бас тайзан дээр хэзээ анх гарч байв даа?

-Намайг хоёрдугаар курст байхад ая зохиогч Пүрэвсүрэн ах “Гэгээн хайр” дуугаа өгсөн. Тэр жил Бөхийн өргөөнд “Цаг эргэх мөч” нэртэй тоглолт болсон юм. Нийт 21 аймгаас гарч ирж буй нэг, нэг дуучныг оролцуулсан том тоглолт байсан. Бас миний хувьд анхны үзэгчтэй том тайзан дээр гарсан нь тэр байв. СУИС-ийн “Оюутан” тайз дээр л гарч байснаас өөр том тайзан дээр гарч үзээгүй би хэрэндээ л сандарч балмагдаж байсан. Тэгтэл хүмүүс алга ташиж, дахиулаад. Тэгэхэд л уран бүтээлч хүний үзэгч олныхоо алга ташилтад урам авах ямар сайхан байдгийг анх мэдэрсэн л дээ.

Ер нь багадаа дуулдаг байв уу, хүүхдүүд урлагийн үзлэгээс эхлээд л өөрийгөө сориод эхэлсэн байдаг шүү дээ?

-Би багаасаа л дуулах сонирхолтой байлаа. Гэрийнхэндээ болохоор дуучин болно гэж ярина, гэхдээ сургууль, олон нийтийн өмнө тэрийгээ ил гаргаж огт үзээгүй, урлагийн үзлэгт ч ордоггүй байв. Энд тэндэхийн уралдаанд орж гийгүүлэхгүй ч гиншээд явдаг нэг тийм хүүхэд байсан юм уу даа. Миний доод талын дүү их сайхан дуулж, бүжиглэдэг. Тэрэнтэйгээ нийлээд оройн саалийн өмнө тоглолт хийж гэрийнхэндээ үзүүлдэг байлаа.

Оройн сааль гэхээр өөрөө бүр хөдөөний хүүхэд юм аа даа?

-Тийм шүү дээ. Бүр хөдөөний хүүхэд. Би Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат. Би энэ сайхан нутагт төрж өссөн дөө дандаа баярлаж, бахархаж явдаг. Би багаасаа л мал хариулж, морь уралдуулж өссөн хүүхэд. Одоо ч морь харахаараа их догдолдог. Ер нь хөдөөний айл бүр л морь уралдуулдаг шүү дээ. Аав, ээж маань гурван охинтой хүмүүс. Би том нь. Аав маань намайг хүү шиг бодож өсгөсөн ч юм уу гэж одоо боддог юм. Бага байхад аавыгаа гарсан ч орсон ч дагаж явдаг байлаа. Аав ирэх бараанаар гараад зогсчихно. Намайг дээлэн дээрээс минь өргөөд л мотоциклийн өмнүүр суулгачихдаг. Заримдаа өвөртөө хийчихнэ. Салхи зөрөөд давхих үедээ толгойд уут углаад л дагуулаад явдаг байв.

Танайх хэзээ хотын айл болсон юм бэ?

-Ижий, аав хоёр маань ерөөсөө бид гурвын төлөө зүтгэж ирсэн хүмүүс. Намайг сургуульд ороход сум руу нүүж, дараа нь аймаг руу тэгээд оюутан болоход дагаад л хотын айл болсон доо. Д.Пүрэвдорж гуайн гэрээсээ гараад сум орлоо, сумаа би саналаа гээд сумаа, аймгаа, эх орноо бүхэлдээ санасан тухай сайханшүлэг санаанд буудаг юм. Хэдийгээр сургууль соёл бараадаж хотод ирсэн ч нутгаа их санадаг. Оюутан болсны дараахан ГАА гэсэн машин харахаараа манайхны хэн нь яваа юм бол гэж бодогдож бараг тэр машинд суугаад нутгаадаа явмаар санагддаг байсан.

Ээж, аав чинь хүүхдүүдээ л гэсээр иржээ. Одоо дүү нар чинь сургуулиа төгссөн үү?

-Тийм ээ. Тэд маань маш хөдөлмөрч хүмүүс. Өглөө эрт ажлаа эхэлдэг. Аав, ээжийн маань амьдрал бол хүүхдүүдээ гэсээр явдаг олон эцэг, эхийн түүх. Одоо том дүү маань ЭМШУИС-ийн нүүр ам судлалын III курс, бага дүү маань БНХАУ-д сургуульд явах гээд бэлтгэл хангаж байгаа. Үр хүүхэд нь сайн явбал ээж, аавын хүүхдүүдийнхээ төлөө гэсэн сэтгэл амарч, баярладаг байх. Тиймээс үр хүүхэд нь болсон бид сайн явах л хэрэгтэй юм даа.

Танай Говь-Алтайгаас төрсөн дуучид их байдаг байх шүү?

-Тийм ээ. Манай нутгаас төрсөн сайхан дуучид олон. Тэд нар маань ч надад их тус дэм болдог. Ялангуяа МУГЖ С.Ганзориг ахдаа их талархаж явдаг. Тэрбээр сайн дуучин төдийгүй хувь хүнийхээ хувьд ховор хүн дээ. Тэрбээр 2010 онд гавьяат болсныхоо дараа нутагтаа тоглолтоо хийх болоод нутгаас төрж байгаа залуу дуучин гэдэг утгаар тоглолтдоо оролцох санал тавихад би хөл газар хүрэхгүй баярлаж байлаа. Үнэндээ аймгийнхаа тайзан дээрч гарч үзээгүй, энд ирж суралцаж байгаа оюутан шүү дээ. Нэг гарахдаа хоёр дуу дуулна гэж очсон чинь хүмүүс дахиулаад сайхан хүлээж авсан. Тэгэхэд нь бэлдсэн хоёрхон дуутай гэж үнэнээ хэлээд “Мандах нар” дуугаа дахин дуулж байлаа. Тэр үеэс урын сангаа нэмэх ёстой юм гэж ойлгосон. Шат шатаар л учраа олж, суралцаж яваа нь тэр шүү дээ.

С.Ганзориг гавьяаттай хамтарч дуулсан байдаг байх аа?

-Дуучин Ц.Өлзий-Орших, А.Нэргүй нарын хамтран дуулсан “Санахын жаргал” дууг зөвшөөрлийг нь аваад дуулж байлаа. Өвөрмонголчуудад их хүрсэн гэж дуулддаг.Мөн интернэтийн хандалт нэлээд өндөртэй дуу. Бас “Тавилан” дууг хамтарч дуулсан. Мөн С.Ганзориг гавьяаттай нийлж кино концерт хийсэн. Үүнийг маань хүмүүс сайхан хүлээж авсанд баяртай байдаг.

Өөрийг тань зохиолын дууны гүнж гэх болж…

-Монголчууд маань дуучин уран бүтээлчдэдээ ханхүү, гүнж гээд сайхан нэр хайрладаг хүмүүс. Ер нь үлгэрийн ертөнц шиг сайхан орчинд, гэгээн сайхнаар амьдрахад юуны буруу байх билээ. Харин миний гүнж гэж юу байхав дээ. Хөдөөд төрж өсч, энгийн, эгэл амьдарч байсан хүн шүү дээ, би.

-“Улаан пальто” киноны дууг дуулсан байх аа?

-Тийм ээ. Энэ миний анхны киноны дуу. Энэ дууг дуулах болсон нь их сонин. Нэг удаа би телевизийн нэвтрүүлэгт орох болоод гоо сайхны газарт нүүрээ будуулахаар очсон юм. Тэгэхэд нэг эгч будалт хийлгэж байсан нь зохиолч Шүүдэрцэцэг эгч байсан. Тэндээсээ гараад телевиз дээр очиход өнөө эгч маань бас очиж таараад, бид цугтаа нэвтрүүлэгт оролцсон. Тэгж л танилцаж байлаа. Эх үрийн сэдэвтэй сайхан дууг нь амьдруулах болж “Бүүвэй аялгуу” дуугаа дуулсан юм.

Залуу бүсгүй, уран бүтээлчдийг тойрч элдэв яриа хөвөрдөг. Тэрийг дааж явах амаргүй биз?

-Нэгэнт олны өмнө ил байдаг мэргэжил, зам мөрөөр явахаар бол тэр бүгдийг дааж явах л ёстой байх. Миний хувьд зах зухаас нь мэдэрч, шантармаар санагдах үе байх ч уран бүтээлээрээ л бүгдийг баталж бас үгүйсгэж байх ёстой юм байна гэж ойлгоод байгаа. Заримдаа хэвлэлээр үнэн гэхээсээ худлаа, буруу ойлголт өгөх нь их юм. Хэн нэгний чин үнэнийг мэдэхгүй байж явган яриагаар бусдыг дүгнэхгүй байгаасай гэж хүсдэг. Гэхдээ цаг хугацаа бүгдийг харуулаад өгдөг шүү дээ.

Гэр бүлтэй болж, амьдрал зохиох тухайд ямар бодолтой явна даа. Шалгуур өндөр үү?

-Ээж, аав шигээ нэг цул болж чадах ханиа олж, өрх гэрээ бариад хүүхдүүдийнхээ төлөө зүтгэх тэр өдрүүд хэзээ нэгэн цагт ирж таарна. Би аливаад яарч, их хүсч шунаад байдаггүй. Цагийн тохироо нь бүрдвэл болох юм болдгоороо болно л гэж санадаг. Хүүхэд байхаасаа л дуучин болно гэж бодож явсаар мэргэжлийг нь эзэмшиж хичээж яваа шигээ сайн ханьтай учирна гэдэгтээ эргэлздэггүй. Шалгуур гээд байх зүйл юу байхав. Би тэр хүний төлөө, тэр хүн миний төлөө байж чадах тийм хүн байж л байгаа. Мөнгөтэй хөрөнгөтэй гэхээсээ зөв бодолтой, зөв хүнийг л олж ханилах нь чухал байх даа. Гэр бүлийн аз жаргал бол хэрэгцээгээ хангадаг, эрүүл энх, олон хүүхэдтэй, тайван амгалан амьдрах л явдал гэж ойлгодог доо.

Э.ЭНЭРЭЛ