Categories
мэдээ улс-төр

С.Дэмбэрэлийг дэд хорооны даргаар сонгохыг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас энэ оны 5 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм.

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

Дараа нь тус байнгын хороонд харьяалагддаг Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Тус дэд хорооны даргад УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг нэр дэвшүүлэх саналыг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Өвлийн өглөө сайхан


Монголын нэрт сэтгүүлч Жамбалын Гангаа агсны санаачилгаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, ард иргэд чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх зорилго агуулсан шинэ оны анхны өглөөний нар харах ёслолыг эхлүүлж байсан билээ. Манай улсад анх удаа “Өдрийн сонин”, Зам тээвэр, аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулсан эл сайн үйл хэрэг жил ирэх тусам өргөжин тэлж, гадаад дотоодынхны сонирхдог нэг сайхан баяр болсон гэдэгтэй хэн хүнгүй санал нийлэх байх. Сэтгүүлч Ж.Гангаа агсны бичсэн нийтлэлийгхүргэж байна.

Уламжлал болоод байгаа шинэ оны эхний өдрийн нар харах ёслол ноднин бүтэл муутайхан болсон юм. Төмөр замын “Хангай” хэмээх зөрлөг дээр очсон гадаад дотоодын жуулчид тэр өглөө нар мандахыг харж чадаагүй. Шөнө нь цасаар шуураад үүрээр тэнгэр онгойлгүй байсаар бага үд хүргэсэн тул бүрхэг өдөр гонсгор сэтгэгдэлтэй буцацгаасан. Тэгвэл уржнангийн өглөө хачин сайхан тунгалаг байлаа. Гэвч ёслолын ажиллагаа шоу нь хэрээс хэтэрч арай л нар мандахыг түр хүлээлгэх нь холгүй юм болсон санагдана. Шашныхан, бөө удгад хуран цугларч их хэмжээний түүдэг суунаглууллаа. Дараа нь урлаг соёлынхны эцэс төгсгөлгүй бүжиг наадам, улстөрчдийн хэлсэн үг гэхчилэн бужигнаж байх хоорондуур нар гардгаараа гарч манддагаараа мандчихсан байж билээ. Яг уулын шил дээгүүр гийх тэр агшинд наагуур нь үүрээр шатаасан их галын бөөн хар утаа үүл болон тунараад таглачихсан юм. Хамгийн гол нь өглөөний нар үзэх зорилготой ирснээ хүмүүс сая санаж, утаанаас холдох гэсээр байтал нар аль хэдийнэ нисээд тэнгэрт гарчихсан юмдаг. Өглөөний нар харах гэсэн хүмүүс улам олширч тэр хэрээр их л тохь тухгүй болоод байгаа. Очсон хүн болгоны өргөх тэр их сүү цагааны цацалд өртөн хувцас хунараа завааруулах бол наад захын асуудал. Хамгийн сонирхолтой нь хэдий олуулаа нэг дор цугларсан ч уудам талд багталцахгүй нар өөд чихэлдэн дайрцгаадаг нь инээдтэй. Өглөөний нар хүний биеийн харалдаа эхлээд гийх тул хамгийн түрүүнд зурагтын зураглаач нар гүйлдэн хүмүүсийг халхлан байраа эзэлнэ. Хэн ч гэсэн нар биш хүний нуруу харах гэж очсон биш. Энэ мэтчилэн хэрүүл маргаан хөөрхөн үүснэ. Зарим маань тэгж яваад нөгөө түүдэг гал дээр нь бууж дээлээ шатааж ч байсан удаатай. Улаанбаатараас зүүн тийш гарсан хөдөлгөөн энэ үеэр эрс ихэсдэг. Шөнөжин ууж наргисан, нойргүй хоносон гэх мэт есөн шидийн нөхдүүд машин унаа хөлөглөн жолоогүй мэт давхилдах нь түгшүүртэй. Замын цагдаа зэрэг амрыг сахиулах үүрэгтэй байгууллагууд ч энэ үеэр энэ зүгт гол анхаарлаа хандуулсан байдаг. “Дөрөв хоног нар гарахгүй” байх тухай хүртэл цуурсан 2012 он дууслаа. Өнгөрөгч он хойшид удтал яригдах домгийн жил болох байх. Харин шинээр мэндэлж буй энэ хүү 2013 он нь “Маяа”-чуудын тоолж амжаагүй цоо шинэ жил юм уу даа. Бүр эрин ч юм уу. Эрин зууны эхний өглөөг арай өөр газар очиж үзмээр санагдав. Тэгээд хотоос зүүн биш баруун тийш шөнө өнгөрөөгөөд зорилоо. Нэгдүгээр сарын нэгний үүрээр баруун зүг рүү хэдэн зуун мянгаар тоологдох машинтай болсон нийслэлийнхэн явдаггүй юм байна. “Таван шар”-аас цааш цагдаа ч алга. Ёстой дэлхий сөнөөд ганцаархнаа үлдчихсэн юм шиг эв эзгүй гудамжаар, дараа нь эль хуль хээр талаар унаа машинтай үл тааралдан явах нь эвгүй юм билээ. Уг нь утаанаас жаахан холдоод “22-ын товчоо” хавьцаа зогсож нар мандахыг харах гэснээ цаг арай ч болоогүй тул цаашиллаа. Хар зам дээр эхний тааралдах машин хүртэл явсугай хэмээн шалтаглан явсаар байтал Хустайн нурууны харалдаа хүрээд болилоо. Бидний бүх л үйл ажиллагаа хэт туйлшрал дунд өрнөдгийн нэгэн жишээ л энэ юм уу даа. Өдийд хотын зүүн зүг Налайх хавьцаа бол бараг түгжрэл үүсчихсэн байгаа даа. Өглөөний нар Монгол орны хувьд хаана ч адилхан мандах бөгөөд гэрэл гэгээ илчээ хэнд ч алагчилгүй түгээх нь мэдээж. Дэлхий бөөрөнхий учир нарыг эхэлж буюу сүүлдэж харах цэг гэж байдаггүй. Түүнээс гадна өвлийн хамгийн богинохон өдрүүд үргэлжилдэг энэ үеэр үүрийн гэгээтэй уралдан нойр хоолоо хугаслан биеэ бэлдэх ч шаардлага төдийлөн байхгүй юм шүү дээ. Өдийд нар бараг ес хүргэж байж гийдэг. Бид аль хэдийнэ босоод цайгаа уугаад ажил дээрээ ирчихсэн хойно нар мандаж байна. Утаа, барилга хоёр таглачихгүй бол цонхон дээрээ зогсоод оны өглөөг угтаж болно. Харин зуны өглөөний нарыг үзэх бол өөр хэрэг. 2013 оны эхний өдрийн өглөө маш тунгалаг байлаа.

Ойрын өдрүүдэд үе үе цасан хялмаа тавьж, хүйтэн жавар хургасан өдрүүд үргэлжилсэн. Энэ өглөө тув тунгалаг, эргэн тойрон цав цагаан. Тэртээх малчны хот айл аль хэдийнэ боссон бололтой. Гэрээс яндангийн утаа эгц дээш суунаглан, тооноор уур савсах нь цайгаа уудалж буй бололтой. Хажуугийн модон дээрх ам нь цантсан ганц хэрээ хааяа дон дон гэхээс өөр ямар ч чимээ аниргүй. Аниргүйн тэртээгээс алтан нар мэлтэсхийн гарч ирмэгц бяцхан бор шувууд тэнгэрт нисэн шулганалдаж, үхэр малд ч хөдөлгөөн ороод эхлэв. Зам дээр эхний машин үзэгдлээ. Тэрээр гэрлээ унтраахаа мартсаныг бодоход шөнөжин явсан бололтой. Ийнхүү Монгол орны нэгэн өглөөний амьдрал ургах нартай хамт эхэллээ.

“Өдрийн сонин”-ы архиваас. 2013 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн №001 (4328) дугаар

Categories
мэдээ спорт

“Алдар” спорт хорооны шинэ цогцолборын нээлт нөгөөдөр болно

Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны шинэ цогцолбор баригдаж дуусчээ. Энэ сарын 28-ны өдөр шинэхэн байрны нээлтийн ёслолын ажиллагаа болох юм байна. Ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын сайдЦ.Цолмон, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав болон УИХ-ын гишүүд, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, Зэвсэгт хүчний ангиудын төлөөлөл, “Алдар” спорт хорооны тамирчид оролцоно. Тодруулбал “Алдар” спорт хорооны дарга, дархан аварга, хурандаа Г.Өсөхбаяр, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин хошууч О.Гүндэгмаа нар оролцоно.

Categories
мэдээ спорт

Төв талбайн 2 дахь мөсөн гулгуурын талбай энэ сарын 28-нд ашиглалтад орно

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хүүхэд багачуудад зориулан энэ сарын 18-нд төв талбайд мөсөн гулгуурын талбайг ашиглалтад оруулсан. Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Мобиком корпараци болон Соунд оф Монголиатай хамтран стандартын шаардлагад нийцсэн, биеийн спортоор хичээллэх, уралдаан тэмцээн зохион байгуулах боломжтой зориулалт бүхий мөсөн гулгуурын талбайг Чингисийн талбайн баруун урд хэсэгт засч эхэллээ. Энэхүү мөсөн гулгуурын талбай нь 30х60 хэмжээтэй, эрэгтэй, эмэгтэй гэж тусдаа 2 хувцас солих байртай, кофе шоп ажиллах бөгөөд энэ сарын 28-наас ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Талбайн ашиглалтыг Монголын хоккейн холбооны мэргэжлийн залуус хариуцаж ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн болно

Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг 12-р сарын 31-ний үдэш “Их эзэн Чингис хааны талбай”-д зохион байгуулдаг. Энэ жилийн цэнгүүний найруулагчаар ДБЭТ-ийн найруулагч E.Сарантуяа ажиллаж байгаа бөгөөд шинэ оны үдшийн цэнгүүнд “Шар айраг”, “Ньюанс”, 3 охин, Чинбат, Наран, Болд зэрэг хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөх юм. Мөн он солигдох мөчид нийслэлийн 4 цэгт буюу Чингисийн талбай, Маахуур толгой, Баянхошуу, Дамбын гүүрнээс ёслолын буудлага хийнэ. Цэнгүүний үеэр нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Замын цагдаагийн газар өндөржүүлсэн байдалд ажиллах бөгөөд худалдаа үйлчилгээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хяналт тавин ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболд МҮОНРТ-ээр мэдэгдсэн шаардлагын хариуг өгөв

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.12.26/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталсны дараа УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдэл хийлээ.

Тэрбээр, “Хурал эхлэхийн өмнө би залруулга хэлье. Өчигдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр дөнгөж томилогдсон гишүүдэд хандаж хэлсэн үг зарим хүмүүст буруу ойлгогджээ. Миний үгийг сайн харвал 100 хүнтэй телевизийн хийдэг ажлыг 700 хүнтэй МҮОНТ хийдэг гэж харьцуулсан. Түүнээс 700 хүнийг архи уудаг тухай яриагүй юм. Тэр архидалт, аймшигтай байдал, замбараагүй байдал гэдэг бол МҮОНРТ-ийн М.Наранбаатар тэргүүтэй дарга нар, түүнийг тойрон хүрээлэгчийн тухай ярьсан хэрэг. Олон жилийн түүхтэй, хүчирхэг уран бүтээлчидтэй энэ байгууллагад сүүлийн хэдэн жил ахиц гарах нь бүү хэл уруудсан. Тэр нь өчигдөр долоогийн долоон хүн нь солигдож байгаа Үндэсний зөвлөл, энэ байгууллагыг удирдаж байгаа М.Наранбаатар болон түүнийг тойрон хүрээлж байгаа дарга нарт холбоотой юм. Тийм учраас энэ байдалдаа анхаарч ажиллахыг сануулж, Үндэсний зөвлөлийн шинээр сонгогдсон гишүүдэд хандаж ийм үг хэлсэн. Энэ үг уран бүтээлч та бүхэнд буруу ойлгогдсон бол та бүхнээс уучлал гуйж байна. Харин миний хэлсэн үгийг ашиглаж өөрсдийнхөө эрх ашгийн төлөө та бүхнийг бослого тэмцэлд уриалж байгаа удирдлагуудынхаа санаархалд бүү автаарай гэдгийг сануулж байна. Би хэлсэн үгийнхээ төлөө МҮОНРТ-ийн удирдлага, түүнийг тойрон хүрээлсэн хэсэг бүлэг хүмүүсээс уучлал гуйхгүй. Үүгээр өчигдөр орой МҮОНТ-ээр мэдэгдсэн шаардлагын хариуг өгч байна” гэж хэллээ.


Үүний дараа “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийн хэлэлцэх асуудлаар санал хураалт явууллаа. Энэ асуудлыг өчигдөр /2014.12.25/ болсон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд, Зүүнхараа дахь алтны үндсэн ордыг ашиглах тухай тогтоол юм. Энэ ордыг ашигласнаар 3 их наяд төгрөгийн алтыг Монголбанкинд тушаахаар гэрээ хийгдсэн байгаа. Мөн 1000 хүн ажилтай болно гэж тодруулсан. Тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинэ жилээр хүйтний эрч чангарна

Энэ сарын 27-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон Халх голын сав нутгаар, 28-29-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 30-нд нутгийн зүүн хагаст цас орно. Салхи 27-нд баруун зүгийн нутгаар, 28-30-нд зарим газраар 16-18 м/сек хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газруудаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Categories
мэдээ улс-төр

Үдээс хойших хуралдаанд гар утасгүй ирэхийг гишүүдэд анхааруулав

УИХ-ын дарга үдээс өмнөх чуулган завсарлах үеэр “14 цагийн хуралдаа ирэхдээ гишүүд гар утас, электрон төхөөрөмжөө орхиж ирэхийг хүсье. Тэмдэглэл хийх бол тийм дэвтрийг нууцын эрхлэгчээсээ аваад хуралдааны дараа буцааж өгнө шүү” гэж гишүүдэд анхааруулсан байна. Учир нь УИХ-ын үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч улсын нууцын зэрэглэлд хамаарах асуудлаар мэдээлэл хийх юм.

Categories
мэдээ улс-төр

Эрүүл мэнд, спортын сайд гавъяатууддаа баяр хүргэлээ

Эрүүл мэнд, спортын салбарын шинэхэн гавъяатууддаа салбарын сайд баяр хүргэлээ.

Монгол улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, Нийслэл хотын 375 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгч эрүүл мэнд, спортын салбарын зарим хүмүүсийг 2014 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 152 дугаар зарлигаар Гавъяат цолоор шагнасан билээ.

“Хүний гавьяат эмч” цолоор

1. Дансүрэнгийн Ичинхорлоо – Хатагтай эмнэлгийн ерөнхий захирал,

2. Бундангийн Болдсайхан – Сонгдо эмнэлгийн эмч,

3. Өлзий-Очирын Мангалбазар – Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн рентген оношилгооны их эмч,

4. Даваадоржын Адилбиш – “Сүйжин” эмнэлгийн эмч,

5. Ядамжавын Минжүүр – Говь-Сүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт Эрчимт эмчилгээний эмч,

6. Дамбын Лхагва – Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн дотрын их эмч,

“Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цолоор

1. Шаравжамцын Батбаяр – Эрүүл мэндийн сайд асан, Таны зүтгэлийн төлөө ТББ-ын тэргүүн

2. Банзрагчийн Оюунгэрэл – Улсын клиникийн Нэгдүгээр төрөх эмнэлгийн эх баригч эмч

“Гавъяат багш” цолоор

1. Хамарын Дамдинжав – АШУҮИС-ийн тэнхмийн эрхлэгч, зөвлөх багш

“Гавъяат дасгалжуулагч” цол хүртсэн

1. Цэрэнбаатарын Хосбаяр – Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дасгалжуулагч,

2. Шархүүгийн Цэвэлмаа – Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Жудо бөхийн олон улсын хэмжээний мастер,

3. Бямбаренчингийн Баяраа – Үндэсний Шигшээ багийн чөлөөт бөхийн дасгалжуулагч

4. Цэвэгсүрэн Нандигжав – Боксын холбооны олон улсын шүүгч,

“Гавъяат тамирчин” цол хүртсэн

1. Ганбатын Болдбаатар – Үндэсний шигшээ багийн тамирчин Жудо бөхийн олон улсын хэмжээний мастер,

2. Батхуягийн Мөнгөнтуул – Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын шатрын их мастер,

3. Энхсайханы Ням-Очир – Үндэсний шигшээ багийн тамирчин, Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер,

4. Сүхээгийн Цэрэнчимэд – Үндэсний шигшээ багийн тамирчин, Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер

Ийнхүү Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өнөөдөр/2014.12.26/ хөдөлмөр, зүтгэлээ төрдөө үнэлүүлж, салбартаа манлайлан ажиллаж буй гавъяатуудыг Эрүүл мэнд, спортын яамнаа хүлээн авч уулзлаа. Салбарынхаа хөгжил дэвшил, улс эх орныхоо төлөө хийсэн гавьяа зүтгэл, хувь нэмрийг нь өндрөөр үнэлж салбарын түүхэнд тэмдэглэн Эрүүл мэнд, спортын яамны “Хүндэт дэвтэр“-т бичиж, гэрчилгээ олгон хүндэтгэл үзүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээгээр томууны дэгдэлт ихэсчээ

2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10.00 цагийн байдлаар:

МОНГОЛ УЛСАД:

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өмнөх долоо хоногоос 1,2 хувиар ихэссэн байна

Улсын хэмжээнд нийт 144.938 хүн амбулаториор үйлчлүүлсний 14.245 (9.8%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Энэ нь өмнөх 7 хоногоос 1.2 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 3.6 хувиар ихэссэн үзүүлэлттэй байна.

Мөн 10,000 хүн амд 51.6 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 0.8 тохиолдлоор бага, өмнөх оны мөн үеэс 157 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Лабораторийн шинжилгээгээр дэлхий дахинд тархаад байгаа томуугийн А (H3N2) вирусын ген тодорхойлдсон байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Томуу, томуу төст өвчин, Улсын хэмжээнд

Нийслэлд хүүхдийн орны ачаалал буурчээ

Нийслэлийн эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал буурсан байна. Тодруулбал, 669 орон дээр 818 хүүхэд хэвтэж байгаа нь дунджаар 22.3 хувиар хэтэрсэн ч өмнөх долоо хоногоос буурсан үзүүлэлттэй байна.

Дүүргээр авч үзвэл Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв 92.3%, Налайх дүүргийн эрүүл мэндийн төв 66,6%, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг 60%, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг 20%, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 14.5%-иар тус тус хэтэрсэн үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: НЭМГ

Өвөрхангай аймгийн хоёр суманд малын галзуу өвчин гарлаа

Өвөрхангай аймгийн Тарагт, Зүүнбаян-Улаан суманд үхэр, ямаа галзуу өвчнөөр өвчилсөн нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, 14 хоногийн хугацаанд хорио цээр тогтоожээ.

Эх сурвалж: ОБЕГ

ДЭЛХИЙ ДАХИНД:

Эбола вируст халдварын 891 шинэ тохиолдол бүртгэгджээ

2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар 19560 хүн өвчилж, 7637 (39%) хүн нас барсан байна.

12 дугаар сарын 17-ноос хойш өвчний 891 шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт 673 хүнээр нэмэгджээ. Нийт 666 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 56% (366) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 17 хүнээр нэмэгджээ.

Эх сурвалж: ДЭМБ

Шувууны томуугийн А(H7N9) вируст халдвараар 5 хүн нас баржээ

12 дугаар сарын 16-ны өдөр БНХАУ- д шувууны томуугийн А(H7N9) вируст халдварын 11 шинэ тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас барсан байна. Өвчлөгсөдийн дундаж нас 52.3 бөгөөд өвчлөл Шанхай, Жинхуа, Өрөмч, Донгуан, Янчинг зэрэг хотуудад бүртгэгдсэн байна.

Иймд иргэд та бүхэн БНХАУ-ын дээрх хотуудад зорчихоор бол шувууны аж ахуйд очихгүй байх, шувууны мах, өндөр зэрэг бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхгүй байх, импортлохгүй байхыг анхаарахыг зөвлөж байна.

Эх сурвалж: ДЭМБ

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төв