Categories
мэдээ спорт

Монгол бахархалын өдрийн барилдаанд Ө. Бат-Орших түрүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдааныг өчигдөр боллоо. Уг барилдаанд Увс аймгийн Улаангом сумын харъяат, БХИС, “Гарьд зам” компанийн бөх Монгол Улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж, Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат, “Хилчин” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Монгол Улсын аварга С.Мөнхбат үзүүрлэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүчит 128 бөхийн барилдаанд түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдэд болон их шөвөгт шалгарч барилдсан Монгол Улсын гарьд Б.Гончигдамба, Монгол Улсын харцага Ц.Содномдорж нарт “Монгол бахархал” өргөмжлөл, шагнал гардуулав.

Categories
мэдээ нийгэм

Иргэний андгай өргөх ёслол боллоо

Монголын залуучуудын зохион байгуулдаг Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол өчигдөр Төрийн ордонд болж, 16 нас хүрч байгаа залуучуудын төлөөлөл иргэний үнэмлэхээ гардан авлаа. Уг арга хэмжээ Ерөнхий сайдын ивээл дор 12 дахь жилээ болж байгаа юм. Энэ ч үүднээс Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол Бахархлын өдөр зохион байгуулсан уг арга хэмжээнд Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, иргэний үнэмлэхээ гардаж буй залуучуудад үг хэлсэн билээ.

Иргэний андгай өргөх ёслолыг Улаанбаатар хот болон 21 аймагт зэрэг зохион байгуулсан бөгөөд энэ жил улсын хэмжээнд 33 297 залуу 16 нас хүрч иргэний үнэмлэх гардан авчээ.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар хүйтэрч цас орно

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна. Тухайлбал, энэ сарын 25-нд баруун болон төвийн нутгаар, 26-нд зарим газраар цас, 27-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 28-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно.

Салхи 25-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, Алтайн салбар уулс, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 24 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 25-нд нутгийн зүүн хагаст, 27-нд ихэнх нутгаар өдөртөө дулаан байх боловч, бусад хугацаанд хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байх аж.

Categories
мэдээ нийгэм

Хээрийн түймэр гарч, нэг хүний амь эрсэджээ

Энэ жил өвс их ургасан, түүнчлэн цас бага орж газрын хөрс хуурай байгаа тал хээрийн түймэр гарах нь их байгаа аж. Сүхбаатар аймагт л гэхэд өнгөрсөн баасан гаригаас хойш гурван ч удаа хээрийн түймэр гарсан байна. Энэ сарын 19-20-нд шилжих шөна тус аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт хээрийн түймэр гарч 12 айл өртөн, нэг хүн амиа алджээ. Хэргийн талаар Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн байцаагч, хошууч Ж.Бадараас тодруулахад “Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт 12 айл өртсөнөөс дөрвөн гэр нь “Эрдэнэ овоо” уурхайн компанийн гэр байсан. Мөн 72 настай өвгөн түймэрт өртөж амиа алдлаа. Түймрийн гарсан шалтгаан болоод хор, хохирлын хэмжээг тодруулахаар ажиллаж байгаа тул дэлэгрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй байна. Нэгэн уурхайн ажилтны болгоомжгүйн улмаас паяалнакаас гал алдсан гэх мэдээлэл ирсэн ч одоогоор нарийн тогтоогоогүй. Мөн өнгөрсөн баасан гаригт Хэнтий аймгийн Баян-Овоо болон Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын зааг дээр хээрийн түймэр гарсан бол өчигдөрхөн /уржигдар/ мөн хээрийн түймэр гарсныг унтраахаар ажиллаж байна. Баян-Овоо, Түмэнцогт сумын зааг дээр гарсан хээрийн түймэрт урьдчилсан байдлаар нэг айлын хоёр гэр шатсан мэдээлэл байна” хэмээн мэдээллээ. Тэрбээр цас ороогүй газрын хөрс хуурай байгаа тул ард иргэдийг сонор сэрэмжтэй байж ил задгай үнс нурам асгалгүй битүү саванд хийж, галын анхан шатны хор, унтраагүй машиндаа авч яван, аливаа техник төхөөрөмжтэй болгоомжтой харьцаж, тамхины иш, шүдэнзээ бүрээн унтрааж хаяхыг анхааруулсан юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд намуудад хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ

УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Засгийн газрын бүрэлдэхүүнийг 14 хоногийн дотор УИХ-д оруулж шийдвэрүүлэхийг үүрэг болгосон. Энэ дагуу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д суудалтай намуудад хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлжээ. Ерөнхий сайдын илгээсэн бичгийг дор хавсаргалаа.

Categories
гадаад мэдээ

Францын ерөнхийлөгч эхнэрийнхээ номонд хориг тавина

Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын экс эхнэр Валери Триервейлер өнгөрсөн зун “Thank You For This Moment” хэмээх номоо худалдаанд гаргасан юм. Бестселлерт багтсан энэ ном ойролцоогоор 100 мянган хувь борлогдоод байгаа аж. Харин Францын Ерөнхийлөгч өнгөрсөн амралтын өдөр сэтгүүлчидтэй уулзах үедээ эхнэрийнхээ бичсэн номонд хориг тавихаа мэдэгджээ. Энэ тухай “www.telegraph.co.uk” мэдээлсэн байна. Тэрбээр “Валери ямар зорилгоор гэрийнхээ нууцыг олон нийтэд илчилснийг мэдэхгүй. Надад энэ бүхэн таалагдахгүй байна” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Хаадын хөргийг зална

МАХН энэ жил Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 90 жилийн ойн хүрээнд хэд хэдэн ажлыг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөсөн байна. МАХН-ын төв байранд Алтан ургийн 36, Алтан ургийн бус нэг, нийт 37 хааны хөрөг залах ёслолын арга хэмжээ болох нь. Харин маргааш 10.00 цагт Бишрэлт зочид буудлын хурлын танхимд онол практикын бага хурал хийхээр төлөвлөжээ. Уг хурлаар “Социал демократ үзэл баримтлал ба МАХН”, “Үндсэн хуулиар баталгаажсан Бүгд найрамдах засаглал ба МАХН”, “Нийгэм эдийн засгийн байдал төвлөрсөн төлөвлөгөөт эзийн засгийн таван жилийн төлөвлөгөө ба МАХН”, “Дүр эсгэсэн ардчиллаас жинхэнэ ардчилал руу ба МАХН” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Баруун аймгуудаар дугуйгаар аялсан залуу өнөөдөр ирнэ

Хөгжлийн бэрхшээлтэй ч зориг, тэвчээр гарган баруун аймгуудаар дугуйгаар аялсан Ч.Мөнгөндалай өнөөдөр Улаанбаатарт ирэх гэж байна. Түүнийг хүлээн үйл ажиллагаа 13:00 цагт Монголын Залуучуудын Холбооны байранд болох юм. Тэрээр хагас жилийн аялалдаа нийт 5900 гаруй км замыг туулсан байна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын бүтцэд дахин өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд шинээр томилогдсонтой холбогдуулан Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахаар болжээ. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан тохиолдолд тухай бүрт нь хэлэлцэхээр төлөвлөх юм байна. Уг төслийг өнөөдөр өргөн барих аж. Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж 13 яам, 28 агентлагтай байхаар болсон. Шинээр томилогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газраа 14 хоногийн дотор бүрдүүлэх үүрэг хүлээгээд байгаа. Ийм шалтгаанаар бүтэц болон сайд нараа дахин оруулахаар төлөвлөжээ. Тэрээр парламентад суудалтай улс төрийн нам, эвслийн бүлгүүдэд өнөөдрөөс зөвшилцөх санал тавьж хамтарч ажиллахыг урих аж.

Categories
мэдээ нийгэм

“Их хотын гудамж” зураг төслийн уралдаан зарлалаа

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас хотын шинэ дүр төрх, шинэ бүтээн байгуулатын ажилд оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэдний санаа, үзэл бодлыг бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжих зорилгоор Архетиктур, дизайны чиглэлээр суралцдаг оюутан залуусын дунд “Их хотын гудамж” зураг төслийн уралдааныг зарлалаа.

Уралдаанд оролцогчид өгөгдсөн гудамжны автозам, явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, хашаа хайс, сандал, сүүдрэвч, хогийн сав зэрэг архитектурын жижиг хэлбэрүүд, байгууллагуудын хаяг реклам, усан оргилуур, усан толио, барилга байгууламжийн фасадыг тухайн орон зай, орчны байдалтай уялдуулан төлөвлөж хотын дизайны төгс шийдлийг бий болгох юм.

Уралдааныг арваннэгдүгээр сарын 19-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 19-ны өдрийн хооронд нэг үе шаттайгаар зохион байгуулж, шилдэг гурван төслийг сонгон шалгаруулах бөгөөд I байр Өргөмжлөл нэг сая төгрөг, II байр Өргөмжлөл 700 мянган төгрөг, III байр Өргөмжлөл 500 мянган төгрөгийн урамшуулалтай.