Categories
мэдээ нийгэм

Машинаа ачуулсан иргэд 55 мянган төгрөгний торгууль төлнө

Зогсох зогсоолын журам зөрчиж, зогсохыг хориглосон газар тээврийн хэрэгслээ байрлуулсан иргэдийн тээврийн хэрэгслийг ачиж түр саатуулах байранд тээвэрлэн хүргэдэг. Чирэгч автомашинаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх зардлыг маргаашнаас эхлэн 55000 төгрөг болгож журамд өөрчлөлт оруулсан шийдвэр гарсан байна. 30 км-ээс дээш зайд зориулалтын чирэгч ачигч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн бол км 1700 төгрөгөөр нэмэгдүүлэн тооцох аж.

Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: МАН засагт орохгүй гэсэн байр суурь илэрхийлээгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдсаныхаа дараа сэтгүүлчдэд ээлжит мэдээллээ хийлээ. АН -ын бүлэг гурван асуудал хэлэлцжээ. Шинээр томилогдсон Ерөнхий сайдын парламентад суудал бүхий нам, эвслийн бүлгүүдэд хүргүүлсэн хамтран засаг байгуулах саналд анхаарал хандуулан хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Улс төрийн нам, эвслийн бүлгүүдтэй зөвшилцөх ажил өнөөдрөөс эхэлж байна. Намын эрх ашгийг хойноо гаргаад улс орны эрх ашгийг бодож ийм шийдэлд хүрсэн. Хуримтлагдсан олон асуудлыг шийдвэрлэх шаардлага, засаглалыг бэхжүүлэх, улс орны хэмжээний томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, гацаанаас гаргахын тулд улс төрийн ойлголцол, тогтвортой байдал хэрэгтэй. Иймдээ ч эдгээр асуудлыг амжилттай шийдвэрлэх хамгийн чухал угтвар нөхцлийг улс төрийн тогтвортой байдал, УИХ-ын дийлэнх олонхийн дэмжлэг хэмээн албан бичигт дурдсан. МАН засагт орохгүй гэх албан ёсны байр сууриа одоогоор илэрхийлээгүй. Улс орны эрх ашгийг нам хүчний эрх ашгийн эхэнд тавьсан энэ саналыг эрүүлээр авч үзнэ байх” хэмээн онцолсон юм.

Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү АТГ-т хүсэлт гаргалаа

УИХ-ын гишүүн О.Баасанхүүд иргэдийн зүгээс АТГ-аар шалгагдаж байгаа хэрэг заавал нийгмээс тусгаарлагдах шаардлага байна уу гэсэн агуулгатай гомдол санал ихээр ирээд байгаа аж. О.Баасанхүү гишүүн ийм шалтгаанаар АТГ-т хүсэлт гаргаж, албан бичиг явуулжээ. Албан бичгийг бүрэн эхээр нь хавсаргалаа.

Categories
мэдээ нийгэм

Шөнийн захад Монголд үйлдвэрлэсэн бараа л зарна

“Сандэй плаза”-гийн хажууд байдаг Шөнийн зах ирэх сараас эхлэн ҮХААЯ-ны санаачлагаар Үндэсний үйлдвэрлэлийн худалдааны төв нэртэйгээр үйл ажиллагаагаа өөрчлөх гэж байна. Худалдааны төвийг нээх ажлын бэлтгэл 80 гаруй хувьтай байгаа гэнэ. Үйлдвэрлэгчид эхнээсээ талбай, лангуугаа хуваарилан авч эхэлсэн байна. Худалдааны төвийнхөн үйлдвэрлэгчдээ дэмжих үүднээс ам.метр нь 65 мянган төгрөгөөр түрээслүүлдэг талбайгаа 45 мянга болгож бууруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Физик, математикийн цахим лаборатори нээгдлээ

БШУЯ хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилтын хүрээнд ЕБС-ийн 8-12 ангийн сурагчдад зориулсан байгалийн ухааны хичээлийг бие даан суралцах цахим сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэн түгээж эхэллээ.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдсэн энэхүү цахим хичээлээр хүүхдүүд танхимаас олж авсан мэдлэгээ сэргээн баяжуулж, сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн болгон ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл цахим лаборатори бий болж байгаа гэсэн үг юм.

Багш, сурагч, эцэг эхчүүд болон суралцахыг хүссэн хүн бүхэнд нээлттэй энэхүү цахим хичээлийг БШУЯ-ны http://www.meds.gov.mn/post1411242 сайт руу орж үзэх боломжтой бөгөөд долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригийн 14,00 цагт хичээл тогтмол шинэчлэгдэж байх юм.

Categories
мэдээ улс-төр

Су.Батболд АН-тай зөвшилцөх ажлын хэсгийг ахална

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-д хамтран ажиллах, Засгийн газар хамтран байгуулах санал хүргүүлсэн. Ерөнхий сайдын тавьсан асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэж, АН-тай зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан байна. Уг ажлын хэсэгт Су.Батболд, Н.Номтойбаяр, Я.Содбаатар, Ө.Энхтүвшин Ж.Энхбаяр, Ё.Отгонбаяр нар багтжээ. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Су.Батболд ажиллах аж. Энэ ажлыг хэсэг, засгат хамтран орох эцсийн шийд гаргахгүй, гишүүдээ мэдээллээр хангаж ажиллах зорилготой байгуулагдсан гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Г.Сарангэрэлийн гомдлыг нөгөөдөр хэлэлцэнэ

Хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутгагдан хоригдож буй Г.Сарангэрэлийн гомдлыг нөгөөдөр буюу энэ сарын 26-нд Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэнэ. Түүнд хоёр шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял оноосон хэдий ч тэрбээр Улсын дээд шүүхэд гомдол гаргасан юм.

Categories
мэдээ улс-төр

Хотын ирэх оны төсвийн төслийг хэлэлцэнэ

Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хууль, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу иргэдийн оролцоотойгоор боловсруулсан нийслэлийн 2015 оны төсвийн төслийг хуулийн дагуу Нийслэлийн ИТХ-д өргөн барьж, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хуралдах нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан хэлэлцүүлэхээр боллоо. Үүний дараа нийслэлийн ирэх оны төсвийн төслийг НИТХ-ын 11 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит чуулганы хуралдаанаар нэгдүгээр хэлэлцүүлэг, 12 дугаар сарын 04-ний хуралдаанаар хоёрдугаар хэлэлцүүлэгт оруулахаар төлөвлөж байна. Мөн дээрх хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсвийн төсөлтэй хамтатган нийслэлийн 2014 оны зорилтын хэрэгжилт, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилт, нийслэлийн өмчөөс 2015 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах, Өмчийн концессын зүйлийн жагаалт, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дүүргүүдэд хугацаа алдалгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлыг хэлэлцлээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа удирдан явуулж, дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.

Багахангай дүүргийн Цагдаагийн тасагт өнгөрсөн 21 хоногийн хугацаанд иргэд, албан тушаалтнаас гэмт хэргийн шинжтэй 4, захиргааны зөрчлийн шинжтэй 9 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногоос гэмт хэргийн шинжтэй 1, захиргааны шинжтэй гомдол мэдээлэл 1 нэгжээр өссөн байна. Архидан согтуурч бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 13 хүнийг эрүүлжүүлж, гудамж талбай олон нийтийн газар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 11 хүнийг 111,000 төгрөгөөр торгож, 2 хүнийг дүүргийн шүүхээр 14-20 хоног баривчлуулж захиргааны арга хэмжээ авчээ. Тус дүүрэгт боловсрол хариуцсан албаны хүн байхгүй байгааг яаралтай шийдвэрлэх, Хангай цогцолбор сургуулийн халаалтын асуудлыг шаардлагатай байгааг дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр хэллээ. Харин Багануур дүүрэг гэмт хэрэг захиргааны зөрчлийн шинжтэй нийт 232 дуудлага хүлээн авснаас нэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 64 байсныг өнгөрсөн 14 хоногтой харьцуулахад 23 нэгж буюу 35,9 хувиар өссөн.Захиргааны зөрчлийн шинжтэй мэдээлэл 168 бүртгэгдсэн нь 16 нэгжээр буюу 9,5 хувиар өсчээ. Баянгол дүүрэг өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 2672 дуудлага мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 499 дуудлага бүртгэгдсэн байна. Дүүргийн Засаг даргын орлогч П.Цэцэгмаа тус дүүргийн нутаг дэвсгэрт удаа дараа хууль зөрчин цаг хэтрүүлж ажиллаж байгаа баар, цэнгээний 27 газрын асуудлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн. Хуулийн хүрээнд хуулиас дээгүүр ажиллаж байгаа газруудыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2014 оны 10 сарын сүүлийн 14 хоногт иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 3665 гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээллийг бүртгэн ажилласан нь өмнөх 14 хоногоос 1051 нэгжээр буюу 28,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Амиа хорлосон болон золгүй явдлын улмаас 10 хүний амь нас хохирсон бөгөөд шалтгаан, нөхцөлийг авч үзвэл: 10 хэргийн 7 нь буюу 70 хувь нь өвчний улмаас, 1 буюу 10 хувь нь боомилж, 2 буюу 20 хувь нь биед ил харагдах шарх сорвигүй /насны доройтол/нас барчээ.
Харин Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан сүүлийн үед тус дүүргийн нутаг дэвсгэр дээр үйлдэгдэх гэмт хэргийн гаралт эрс нэмэгдэх хандлагатай байгаа гэдгийг хэллээ. Гэмт хэрэг үйлдэгдэж буй зам талбай нь гэрэлтүүлэг, хяналтын камергүй байх тохиолдол их байгаа тул ирэх оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд энэ асуудлыг оруулах шаардлагатай гэлээ.
Хан-Уул дүүрэгт нийт гомдол, мэдээллийн 723 дуудлагаар ирснээс 107 нь гэмт хэргийн шинжтэй, 616 нь захиргааны зөрчлийн шинжтэй байна. Захиргааны шинжтэй 616 зөрчлийг шалгаж нийт 5.929.000 төгрөгийн торгууль ногдуулжээ. Харин гал түймрийн нийт 14 дуудлага ирснээс объектын түймэр 5, гал түймрийн зөрчил 9 гарч хугацаа алдалгүй унтраах ажиллагааг явуулсан байна. Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Ганхуяг Өлзийт, Биогийн чиглэлд зорчиж буй ахмад настнууд тээврийн хэрэгслийн хөнгөлөлтөд 100 хувь хамрагдаж чадахгүй байгаагаа нийслэлийн Засаг даргад уламжилсан. Энэ талаар албан ёсны хариу ирээгүй байгаа гэлээ. Мөн Хан-Уул дүүргийн 10-р хороо 63-р байрны тоглоомын талбайн газар дээр барилга барих тусгай зөвшөөрөл олгосон байна. Энэ тухай тодорхой мэдээлэл өгөхийг хүслээ.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр зарим дүүргийн Засаг дарга нараас шийдвэрлүүлэх шаардлагатай гэж танилцуулсан асуудлыг хугацаа алдалгүй шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа холбогдох албаныханд үүрэг өглөө. Тухайлбал Багахангай дүүргийн боловсрол хариуцсан ажилтныг 2015 оны 1 дүгээр сарын 01 гэхэд шийдвэрлэхийг Нийслэлийн Боловсролын газарт, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын талбайд газар олгосон асуудлыг судлан хариу мэдээлэл өгөхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт, Хот орчмын чиглэлд зорчиж буй өндөр настнуудын нийтийн хэрэгслээр 100 хувь хөнгөлөлттэй зорчих боломжтой эсэх талаар албан бичгийг хариу тайлбартайгаар хүргүүлэхийг Нийслэлийн Тээврийн газарт, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хууль зөрчин ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн асуудлыг шийдвэрлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Албан хаагчдыг хар тамхиар мэргэшүүлэв

Хууль зүйн яамнаас ОХУ-ын Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих холбооны албаны мэргэжлийн гурван сургагч багшийг урьж Монгол Улсын Хууль зүйн салбарын албан хаагчидад зориулсан мэргэшил дээшлүүлэх 10 хоногийн сургалтыг зохион байгуулж, өнөөдөр суралцагсдад сургалтын гэрчилгээг гардуулжээ.

Сургалтыг Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх сэдвээр явуулсан. Сургалтад ЦЕГ, ХХЕГ, ШШҮХ, ХСИС гэсэн байгууллагуудаас нийт 88 албан хаагч хамрагдсан байна. Сургалтыг ОХУ-ын Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих холбооны албаны гуравдугаар хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Галкин Алексей Алексеевич, Алс дорнодын институтын Гүйцэтгэх ажиллагааны тэнхимийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Воробей Денис Александрович, Алс дорнодын институтын Гүйцэтгэх ажиллагааны тэнхимийн ахлах багш, цагдаагийн хурандаа Зарубин Антон Анатольевич нар хөтлөн явуулжээ.