Categories
мэдээ нийгэм

НДШ-ийг гурав хуваан төлдөг болно

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 91 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Хуулийн төслийн үндсэн агуулга нь малчдыг Нийгмийн даатгалд хамруулж, тэтгэвэрт гарах нөхцөл бололцоог хангахад чиглэжээ. Өнөөдрийн байдлаар НДШ-д хамрагдаж байгаа нийт иргэдийн ердөө зургаан хувь нь малчид аж. Нөгөө талдаа одоогийн үйлчилж байгаа хуулиар НДШ-ийг сар бүр тогтмол төлөхөөр заасан байдаг. Гэвч сум, орон нутгаасаа хол мал мал аж ахуй эрхэлдэг малчдад НДШ-ээ сар бүр тогтмол төлөх бололцоо бага аж. Энэ нь орлоготой нь ч мөн холбоотой юм байна. Тиймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, малчин нь НДШ-ээ жилдээ 2-3 удаа бөөнд нь төлж байх эрх зүйн орчинг бүрдүүлэхэд энэхүү төслийн гол зорилго чиглэжээ.

Мөн тэтгэвэрт гарах насыг нь таван насаар урагшлуулахаар төсөлд заасан байна. Хуулийн төсөл санаачилсан УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын тайлбарласнаар малчдын насжилт төв суурин газар амьдардаг иргэдийнхээс 5-7 насаар богино байгаа нь судалгаагаар батлагджээ. Энэ нь хүнд нөхцөлд ажил эрхэлдэгтэй нь холбоотой гэнэ. Тиймээс Монголын төр малчидаа суурин аж ахуй эрхлэх хүртэл нь тэтгэврийн насыг нь харж үзэх шаардлага байна гэдгийг энэ үеэр онцолж байлаа. Үүнтэй байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгдэж, хуулийн төсөл дэмжигдсэн юм.

Онцлоход, хувиараа хөдөлмөр эрхлэгчид буюу тогтмол орлогогүй иргэд НДШ-ээ малчдын нэгэн адил төлөх боломжийг энэхүү хуулийн хүрээнд тусгаж өглөө.

Categories
мэдээ нийгэм

Монгол залуу “Мистер Ази” тэмцээний II байрт шалгарчээ

Монгол бахархалын өдөр буюу энэ сарын 23-нд Сингапур улсад зохион байгуулагдсан “Мистер Ази” тэмцээнд сэтгүүлч, зохиолч, найруулагч Д.Төрмөнхийн хүү Т.Энхтүвшин II байрт шалгарсан амжилт гаргажээ. Тус тэмцээнд 36 орны оролцогчид өрсөлдсөн бөгөөд 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Олон улсын чанартай тус тэмцээнд ийнхүү анх удаагаа монгол залуу шалгарч, шилдгүүдийн эгнээнд дуудагдсан юм. Тэрбээр тэмцээний II байрт шалгарахаас гадна “Asian best model”, “Best photogenic” модель гэсэн гурван шагналыг давхар хүртсэн байна. Түүнтэй дэлхийд долоон салбартай Сингапурын томоохон загварын агентлаг найман сар хамтран ажиллах гэрээ байгуулсан аж.

Тэмцээний нэгдүгээр байрт Филипини, гуравдугаар байрт Малайз улсын оролцогчид шалгарчээ.

Categories
мэдээ спорт

Сүмогийн дэвжээнээс Хакухо аваргын Монгол хэлээрээ хэлсэн үг

Мэргэжлийн сүмогийн энэ оны сүүлийн башё өндөрлөж МУГТ, сүмогийн 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргал Японы сүмогийн ноён оргил гэгддэг Тайхосан аваргын 32 түрүүтэй эн зэрэгцэж ирлээ. Башёгийн сүүлийн өдөр шагнал гардуулах мөчид тэрээр элэг нэгт монголчууддаа хандаж төрөлх хэлээрээ үг хэлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Хороодын эрүүл аюулгүй байдлын индексийг цахим хуудсанд байршуулжээ

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Ухаалаг Улаанбаатар төслийн хүрээнд Нийслэлийн ЗДТГ-аас нийслэлийн хороо, дүүрэгт эрүүл аюулгүй байдлын индекс тогтоож, индексийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Нийслэлийн хороо, дүүрэг бүр, нутгийн захиргааны байгууллагуудад тогтоож буй Эрүүл аюулгүй байдлын индекс нь нийслэлийн иргэдийн амьдрах эрүүл, аюулгүй, ээлтэй орчинг бүрдүүлэхэд шаардлагатай багц үзүүлэлтүүдийг боловсруулдаг нотолгоонд суурилсан үзүүлэлт юм.

Энэхүү “Эрүүл аюулгүй байдлын индексийн шалгуур үзүүлэлтийг тооцоолох систем”-ийг Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас боловсруулж нэвтрүүлжээ. Ингэснээр хороо, дүүрэг, агентлагийн холбогдох албан хаагчдын ажлыг автоматжуулж, мэдээллийн системээр удирдах, Майкрософт Эксел дээрх гар ажиллагааг хөнгөвчлөн ажилтны цаг завыг хэмнэх, үр бүтээмжийг нэмэгдүүлэх, бодит үнэн мэдээлэл гаргах, нийслэл болон дүүргүүдийн Эрүүл аюулгүй байдлын индексийн дундаж үзүүлэлтийг нэгдсэн хэлбэрээр тооцож графикаар дүрслэн гаргахад хялбар болох аж.
Мөн иргэд өөрийн амьдарч байгаа орчны индексийн мэдээллийг авах, тэдгээр индексүүдийг дээшлүүлэхэд саналаа тусгах, мөн тухайн дүүрэг хороодын ЭАБИ-ийг сайжруулахад холбогдох албан тушаалтан болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг давуу талтай. Нийслэлийн иргэд өөрийн амьдарч буй хорооныхоо эрүүл аюулгүй байдлын индексийн үзүүлэлтийг www.eabi.ub.gov.mn цахим хаягаар нэвтрэн тоон, графикан, газрын зургаар харж, эрүүл аюулгүй байдлын индексийг нэмэгдүүлэхэд өөрийн саналаа оруулах боломжтой ажээ.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн сард 1953 иргэн ипотекийн зээл авчээ

Банкууд өнгөрсөн сард нийт 1953 зээлдэгчид 111.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 2703.8 тэрбум төгрөг болжээ. Мөн орон сууцны 8 хувийн хүүтэй зээлдэгчдийн нийт тоо 63652 хүрчээ. Энэ сарын эцэст банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурдыг өмнөх сартай харьцуулахад, 8.1 хувиар, оны эхнээс 75.0 хувиар, өмнөх оны мөн үеэс 63.1 нэгж хувиар тус тус буурсан байна.

Categories
мэдээ спорт

Туялзуур сэлэмний Ерөнхий Ассемблейг Улаанбаатар хотноо зохион байгуулна

Итали улсын Ром хотод болсон Олон улсын туялзуур сэлэмний холбооны конгрессын хуралд манай улсаас Туялзуур сэлэмний холбооны дэд ерөнхийлөгч Л.Ганпүрэв, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хосбаяр нар оролцсон юм. Эл уулзалтаар 2015 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг есдүгээр сарын 7-12-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Үүнээс гадна Азийн туялзуур сэлэмний холбооны Ерөнхий Ассемблейг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.
Ирэх онд манай улсад болох хуралд Азийн 35 улсын туялзуур сэлэмний холбооны төлөөлөгч болон FIE-ийн ерөнхийлөгч Алишер Усманов оролцох юм. Мөн Монгол, Японы туялзуур сэлэмний холбоо хамтран тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон бөгөөд элч төлөөлөгчөөр олимпийн хошой мөнгөн медальт Юки Отаг сонгожээ.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх Шадар сайд болох сонирхолтой байгаа аж

Зүүний хүчний холбооны Ерөнхийлөгч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх Шадар сайдад зүтгэх сураг байна. Тэрбээр МАН-ын нөлөө бүхий улстөрчдийн нэгт зүй ёсоор тооцогддог нэгэн. Уугуул МАХН нэрийг МАН болгон өөрчлөхөд У.Хүрэлсүх гар бие оролцсон. Ингээд 2012 оны сонгуулийн үр дүнгээр МАН олонхын суудпал авч чадаагүй учраас У.Хүрэлсүх УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр татгалзаж, эхнэрээ эмчлүүлэхээр гадаад орныг зорьж байв. Тэрбээр эх орондоо ирээд “Андууд” хамтлагийн амьд хөгжмийн тоглолт хийснийг эс тооцвол нам гүмхэн байгаа ч цаагуураа улстөр дэх өөрийн байр сууриа эргүүлэн олж авахаар зэхэж байгаа бололтой. Өнөөдрийн байдлаар МАН Засгийн газарт орж ажиллах эсэхээ эцэслэн шийдээгүй ч сайд, дэд сайдын төлөөх марафон нам дотор хэзээний эхэлжээ. 2012 оны хоёрдугаар сард буюу сонгуулийн жил дуусахаас зургаахан сарын өмнө МАН-аас “Мөнгөний” гэх тодотголтой эрхмүүд дэд сайдын суудалд тухалж байсан. Тодруулбал, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар “Монполимет” гэх алтны компаний эзэн Ц.Гарамжав, БСШУ-ны дэд сайдаар “Бишрэлт” группийн захирал Б.Ундармаа, Сангийн дэд сайдаар “Хас банк”-ны захирал Ч.Ганхуяг, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар “МАК”-ийн өв залгамжлагч Н.Номтойбаярыг томилж байв. Зарим эх сурвалжийн мэдээллээр 2012 оны сонгуульд ялагдал хүлээхэд нөлөө үзүүлсэн, ард иргэдийн дунд намын нэр хүндийг унагасан гэгддэг дээрх эрхмүүд одоо шинээр бүрэлдэх Засгийн газарт сайдын суудал эзэгнэхээр санаархаж байгаа аж. Түүнчлэн МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол Боловсрол, шинжлэх ухааны сайдад зүтгэхээр гүйж яваа сурагтай. Тэгвэл давхар дээлтэй, бас “Отгонтэнгэр” хувийн сургуультай Д.Оюунхоролыг Боловсролын сайдад дэмжих нь эргэлзээтэй. Учир нь МАН-аас Засгийн газарт хамтарч ажиллавал сайдуудаа дан дээлтэй байх зарчмыг баримтлах гэнэ.

Харин өнөөдөр МАН-ын даргын дэргэдэх Зөвлөхүүдийн танхимын 16 эрхэм хуралдаж, Засгийн газарт хамтарч ажиллах эсэх асуудлыг хэлэлцэх юм байна. Тэд Засгийн газарт хамтарч ажиллавал сайдуудын томилгоо, албан тушаалын хуваарилалт ямар байхыг хэлэлцээд Бага хуралд танилцуулах аж. МАН-ын 27-р Их хурлаас байгуулагдсан Зөвлөхүүдийн танхимд МАН-аас Ерөнхий сайд, УИХ-ын дарга байсан эрхмүүд болон намын дарга нар, генсекүүд багтдаг юм байна.

Зөвлөхүүдийн танхимын гишүүд

Н.Багабанди /Ерөнхийлөгч асан/

С.Баяр /Ерөнхий сайд асан/

Ц.Нямдорж /УИХ-ын дарга асан, Хууль зүйн сайд асан/

Сү.Батболд /Ерөнхий сайд асан/

Д.Лүндээжанцан /УИХ-ын дэд дарга асан/

Ш.Гунгаадорж /Ерөнхий сайд асан/

Д.Содном /Ерөнхий сайд асан/

Г.Очирбат /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан/

Г.Занданшатар /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан/

У.Хүрэлсүх / МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан/

Ё.Отгонбаяр /БСШУ-ны сайд асан/

Д.Идэвхтэн /МАН-ын бага хурлын гишүүн/

Ө.Энхтүвшин /МАН-ын дарга асан/

Categories
мэдээ улс-төр

МАН-ын удирдлагууд Засгийн газарт хамтрах эсэх талаар ярилцлаж эхэллээ

МАН-ынхан энэ баасан гаригт бага хурлаа хийхээр товлоод байгаа. Шинэ Ерөнхий сайд томилогдсон даруйд МАН хэвлэлийн хурал хийж, мөнхийн сөрөг хүчин байна, АН-ынхан өөрсдөө асуудлаа шийд хэмээн мэдэгдсэн. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн илгээсэн хамтрах хүсэлт МАН-ынхны шийдвэрийг эргэж харахад нөлөөлжээ. Тиймээс ч Ерөнхий сайдын хүсэлтэд хамтрахгүй хэмээн эрс хариулт өгсөнгүй. Намын бага хурлаараа шийднэ хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийнхэн “бодолцоно” гэсэн утгатай хандлагыг илэрхийлэв. Тэгэхээр МАН, АН-тай хамтрах эсэх нь энэ баасан гаригт тодорхой болох юм. Мөн өнөөдөр 11.00 цагаас МАН-ыхан экс Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нарт хүндэтгэл үзүүлэх уулзалтыг эхлүүлээд байна. Уулзалтыг нээлттэй зохион байгуулна гэж байсан ч гэнэт хаалттай хуралдахаар боллоо. Энэ үеэр экс удирдлагуудтай Засгийн газартай хамтрах эсэх асуудлаар санал солилцож байгаа юм. Уг уулзалтад МАН-ын удирдлагууд болон Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, Сү.Батболд, МАН-ын дарга асан Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар уулзалт хүрэлцэн ирээд байна.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх сэдвээр сургалт явуулжээ

Хууль зүйн яамнаас ОХУ-ын Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих холбооны албаны мэргэжлийн сургагч багш нарыг урьж Монгол Улсын Хууль зүйн салбарын албан хаагчдад зориулсан мэргэшил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулжээ.

Сургалтыг Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх сэдвээр явуулсан бөгөөд ЦЕГ, ХХЕГ, ШШҮХ, ХСИС гэсэн байгууллагуудаас нийт 88 албан хаагч хамрагджээ. 10 хоногийн турш үргэлжилсэн сургалт өчигдөр өндөрлөж суралцагсдад сургалтын гэрчилгээг гардууллаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын түүхийг бичилцсэн арван жил

Энэ өдрүүдэд 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа “NEWS” агентлагийн Ерөнхий захирал Б.ТЭМҮҮЛЭНТЭЙ ярилцлаа.

-Олон хүн ажилдаа ирээд аяга кофе уунгаа компьютерээ асааж, news.mn руу орохыг харж байлаа. Нэг ёсны ажлаа эхлэхийн өмнөх дадал гэх юм уу даа. Энэ сайтыг эрхэлдэг “News” агентлагийн захиралтай уулзаад хамгийн түрүүнд “Таны өглөө хэрхэн эхэлдэг вэ” гэж асуумаар санагдлаа?

-Хэвлэлийн салбарынхны хувьд өглөө гэдэг өдрийн хамгийн чухал үе. Жижүүр оператор өглөө 7.30 аас оройтолгүй ирж эхний мэдээллүүдээ оруулна. Цаг агаар, зурхай, валютын ханш гээд хүмүүст чухал мэдээллийг 8 цагаас өмнө оруулсан байх шаардлагатай. Бас редакциас төлөвлөгөөний дагуу бэлтгэсэн материалуудаа байрлуулна. Үүнийг тухайн өдрийн дугаар эрхэлж байгаа редактор хариуцна. Сэтгүүлчид 9 цагаас өглөөний шуурхайд цуглана. Өглөөний хурлаараа өчигдөр хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнана, алдаа оноогоо ярина бас өдрийн ажлаа төлөвлөнө. Хэвлэлийн салбарт ажилласнаас хойш ийм л хэмнэлээр өглөөг угтаад олон жил болж байна. Мэдээж захиралд зарим нэг давуу тал бий л дээ. Гадуур ажилтай гээд оройтож ирээд редакторуудаа өрөөндөө дуудаад хуралдаж болно. Өдөрт нэг удаа заавал хуралдана. Өөрийн чинь асуултаас үүдээд бодож үзэхэд миний өдрийн хамгийн идэвхтэй хэсэг өглөө байдаг юм байна. Заримдаа хурал дээр хийморио сэргэтэл хүн загнана. Энэ мэдээ яагаад манайд оройтож оров, тэрнээс яагаад хоцров, энэ хүн манайд биш өөр хэвлэлд ярилцлага өгсөн нь та нарын буруу гээд л. Бас төлөвлөгөө сүлжээний дагуу материал бэлтгэгдсэн эсэхийг шүүж ярилцана. Сэтгүүлчиддээ өдрийн ажлын чиглэл, даалгавар өгнө. Гэхдээ сүүлийн үед Ерөнхий редактор гэхээсээ компанийн захирлын ажлыг түлхүү хийдэг болсон. Манай сайтын тасралтгүй үйл ажиллагааг эхний өдрөөс нь хангаж байгаа хэдэн сайн редактор байна. Дэд захирал Д.Нарантуяа, ахлах редактор Б.Бадамгарав, Л.Нарантөгс, Ж.Нямсүрэн. Нийтлэлийн бодлого, чиглэлээ редакторууд авч яваад хөрөнгө санхүүгийн хувьд би илүү хариуцлага үүрдэг юм.

-Танайх ямар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? Мэдээж “Ардын эрх” сониноос эхэлсэн байх. Тухайн үед танай сонины зарчим их таалагддаг байсан. Нийтлэлүүдийг нь уншигчид төдийгүй сэтгүүлчид унших дуртай байсан шиг санагддаг.

-Бид анх 2004 онд “Монгол масс медиа” нэртэй компани байгуулан “Ардын эрх” сониныг эрхлэн гаргасан. “Голомт” банкны хөрөнгө оруулалттайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн юм. 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний хууль батлагдсанаар төр хэвлэлтэй байхыг хорьж, “Ардын эрх” сонины нэрийг 2004 он хүртэл ашиглахгүй шийдвэр гарч байсныг санаж байгаа байх. Энэ хорио тавигдсанаар “Ардын эрх” нэрийг дахин ашиглах боломжтой болсон л доо. Өдөр тутмын зургаа дахь сонин болж анхны дугаараа 2004 оны 12 сарын 1 нд хэвлэж байлаа. Мэргэжлийн цомхон редакцтай, нийгмийн тулгамдсан асуудлуудыг тусгадаг, иргэний байр суурьтай, бусдад хүндэтгэлтэй, олон ургальч нийтлэлийн бодлого барьж ажиллана гэж зорьсон. Тухайн үед уул уурхайн асуудал хэвлэл мэдээлэлд бараг л хөндөгддөггүй байсан гэвэл одоо үнэмшмээргүй. “Ардын эрх” энэ сэдвийг хөндсөн. Лицензийн наймаа ямар хэмжээнд цэцэглэснийг бичсэнээрээ шүүхийн зарлан дуудах авч байснаа санаж байна. Манай тоймч Баясаа 10 сая төгрөгийн нэхэмжлэлтэй зарлан авчихаад бид их сандарч байж билээ. Одоо 2 дугаар суваг Телевизийн захирал Л.Мөнхбаясгалан. Шүүхийн шийдвэр харин бидний талд гарч байсан юм. Манай баг эдийн засаг, гадаад бодлого, олон улсын эдийн засгийн мэдээлэл түлхүү бэлтгэхэд анхааран ямар нэгэн улс төрийн хүчний гар хөл болохгүйг хичээж байсан. Бэлтгэсэн мэдээ нийтлэл бүгд бидний итгэл үнэмшлээс л төрдөг. Хөрөнгө оруулагчид маань бидний ажилд их хүндэтгэлтэй ханддаг байсныг дурдмаар байна. Тухайн үедээ өөрийн гэсэн өнгө төрхтэй шинэ имижтэй сонин болсон гэж боддог.

2007 онд дэлхий нийтийн шинэ хандлагыг даган мэдээллийн сайттай болсон. Санаачилсан хүн нь манай хөрөнгө оруулагчдын нэг П.Цэнгүүн. Би 2006 онд томилолтоор Чех явж, тэндхийн өдөр тутмын хамгийн том сонин “Днес”-ийн цахим хувилбарын редакц дээр очиж танилцсан. Гэхдээ манайх тэднийх шиг тусдаа редакц байгуулаагүй “Ардын эрх”-ийнхээ бүрэлдэхүүнээр л шинэ ажилдаа зүтгэсэн. Маш их ачаалалтай цаг наргүй хэцүү ажил шүү дээ. Үнэхээр сайн багтай байсандаа л хийж чадсан. Өглөө оройгүй ажилладаг энэ хэдэн сэтгүүлчийн нуруун дээр л явдаг бизнес.

-Танай сайт нээгдэхэд мэдээллийн сайтууд хэзээний бий болчихсон байсан. Гэхдээ цаг хугацааны хувьд үйл явдлыг орой телевизээр, маргааш нь сонингоор, сонингийн мэдээллийг сайтаар гээд хамгийн сүүлд мэдээлдэг байсан шиг. news.mn хоёр минут тутамд шинэчлэгдэнэ гэж сурталчилгаагаа хийсэн нь их шинэлэг байсансан?

-Биднийг ажлаа эхлэхэд зах зээл дээр сайн байршчихсан сайтууд байсан. Манай “news” төслийг А.Амундра удирдсан. Редакц дээр ирж бидэнд IT- гийн анхны мэдэгдэхүүн суулгах гэж хичээл заах нь холгүй юм болж байлаа. Тэр үедээ Либертари эдийн засагчдын клубын идэвхтэн. Одоо “Монгол масс медиа” группын захирал, Боловсрол, Ийгл телевизүүдийг хөл дээр нь босгосон шилдэг менежэр. Бид хоёр хоорондоо ” olloo.mn 10 мянган хандалттай гэнэ яаж дөхөж очих вэ, сард бараг 5 саяын орлоготой гэнэ талыг нь ч гэсэн олох юмсан” гээд л ярьдаг байж билээ. Сайтын анхны гэрээнүүдийг А.Амундра өдөр шөнөгүй явж байгуулж байсныг мартдаггүй юм. Одоогийнх шиг мэдээллийн сайтуудын үер буучихаагүй байсан болохоор news.mn анхдагчдын нэг гэж хэлж болно. Хамгийн гол нь бид өдөр тутмын сонин гаргадаг мэргэжлийн редакцтай байсан нь хоёр минут тутамд шинэчлэгдэх бололцоо олгосноор амжилтад хүрсэн. Эхний үед маш ачаалалтай, хоёр бүтээгдэхүүн гаргана гэдэг үнэхээр хүнд байсан. Сүүлд нь дассан л даа. Би Тайванд томилолтоор явж байгаад компанийнхаа бүтцийг танилцуулсан чинь бараг л үнэмшихгүй байсан. Сайт, сонин хоёрыг нэгэн зэрэг гаргаад явна гэхээр ёстой ойлгохгүй юм байна лээ. Одоо news.mn өдөртөө 200 -гаад контент ордог 15 салбар сайттай портал болсон. 2012 оноос долоо хоног тутмын Newsweek сонин гаргаж байна. Бас манай бүтэцэд видео сурвалжлага, нэвтрүүлэг хийдэг newsпродакшн хамаардаг. Ер нь контент үйлдвэрлэлийн бүх л салбарт ажиллаж байна гэж хэлж болно. Энтертаймент чиглэлээр ажиллаад үзье гээд уран сайхны кинонд хөрөнгө оруулалт хийсэн бүтэмжтэй болсон. Цаашид үйл ажиллагаагаа улам өргөжнө.

-Ер нь сонин, сайтын онцлог, ялгаа нь юу юм бэ?

-Аль аль нь мэдээллийн бизнес. Өөр өөрийн давуу, сул талтай. Би өөрөө өдөр тутмын сониноос угшилтай болохоор ч юм уу сонинд илүү дуртай. Магадгүй генерацийн ялгаа байх. Илүү нухацтай, олон талын эх сурвалжтай нийтлэл бэлтгэх хугацаатай, сэтгүүлчтэйгээ ажиллах боломжтой. Гэхдээ цаг хугацааны хувьд хоцордог. Сайт бол тасралтгүй үргэлжилнэ. Олон хүнтэй багаар хийх шаардлага гардаг. Тийм ачааллыг даахад амаргүй. Гэхдээ мэдээллийг тэр дор нь түгээнэ, бас араас нь засвар оруулах, дэлгэрүүлэх гээд олон боломж байдаг. Хамгийн гол давуу талын нэг нь зай талбайд баригдахгүй.

Саяхан өдөр тутмын сонин удирдаж байсан нэг найз дүү маань ирж уулзлаа. Сайт гаргаж байгаа юм байна. Тэгсэн чин сэтгэлээсээ ” Өдөр тутмын сонины ажлыг хамгийн хүнд гэж боддог байсан энэ сайт гэдэг чинь ёстой аймаар юм байна. 24 цаг 365 хоног амар заяа үзэхгүй” гэж байна лээ. Мэдээллийн сайт бол үнэхээр л 24 цаг 365 хоногийн ажил.

-Танай сайтын хэрэглэгчид ямар хүмүүс байдаг вэ?

-Арван жилээ тэмдэглэж байгаатай холбогдуулж, би хэдэн тоо цуглуулаад байгаа. Өдөрт ордог контент, хандалтын тоо, гадаадаас дотоодоос, насны ангилал гээд нэлээд нарийвчлалтай гаргасан. Сонин дүр зураг харагддаг юм байна. Энэ хугацааны татварын болон ажилчдынхаа нийгмийн даатгалын төлбөрийг ч гаргасан. Үүгээрээ контент бэлдээд сайтдаа оруулах бодолтой байгаа.

-“News” гэхээр Монголд төдийгүй дэлхийд болсон халуун үйл явдлууд санагддаг. Японд Цунами болоход монголдоо хамгийн түрүүнд мэдээлсэн санагдаж байна?

-Мэдээлийн бизнесийн онцлог юм даа. Хаана юу болно хамгийн түрүүнд мэдээлэхийг хичээдэг нь. Японд байгалийн гамшиг болоход бид хамгийн түрүүнд мэдээлсэн эсэхийг санахгүй байна. Гэхдээ ямарч байсан өдрийн турш live байж, үйл явдлыг тэр дор нь мэдээлж байсан. Телевизийн зураглаач нартай Япон руу баг явуулах гээд хөөцөлдсөн. Тэр үед Ийгл телевизтэй нэг бүтэцэд хамаарч байсан болохоор тэдэнтэйгээ барьцаад л үзэж тарж байсан.

Бидний хувьд зөвхөн Монголынхоо төдийгүй дэлхийн түүхийг бичилцсэн арван жил өнгөрсөн байна. Архиваа эргүүлээд харахад ямар сонин сонин зургууд олддог гэж бодноо. Хүн ер нь их мартамхай юм байна. Аравхан жилд ямар их зүйл өөрчлөгдөө вэ, ямар олон үйл явдал урсаад өнгөрсөн юм бэ гэж гайхахаас аргагүй. Бид тэрний гэрч нь байж, гар бие оролцсон гэж бахархмаар юм билээ.

-2008 оны 7сарын 1-ний үймээнээс үүдэн онц байдал зарлаж, МҮОНТ-ээс бусад телевиз, хэвлэлийг хаасан. Энэ үед танайх шуурхай мэдээлэл хүргэж байснаараа олон хүний талархлыг хүлээсэн байдаг. Тэр өдрүүдийг дурсвал?

-Сая манай уншигчдаас арван жилийн ойд баяр хүргэсэн мэндчилгээ ирүүлэхэд энэ тухай дурдсан байна лээ. Үнэхээр манайх ямар ч цензургүйгээр болж байсан бүх үйл явдлыг мэдээлсэн. Эхний буун дуу гарахаас эхлээд дараагийн өглөө, онц байдал зарласан өдрүүдэд хүртэл тасралтгүй ажилласан. Сониндоо Дэнжийн мянгад түр саатуулах газар баригдсан хүмүүсийг жирийтэл суулгачихсан зургийг нийтэлж байснаа санаж байна. Үлдсэн мэдрэмж гэвэл бидний эрх, эрх чөлөө маш хэврэгхэн юм шиг санагдсан. Манай редакцид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс бичиг ирж байсан. Бүгд рүү нь явуулсан байх. Таван иргэн тэр үймээнээс болж амь үрэгдчихээд байхад Үндэсний телевизээр дан архичин согтуучууд үймэлдээд нэг нэгнийгээ буудсан маягийн суртал ухуулга явуулж байсан шүү дээ. Бас нэг үнэхээр гайхашруулсан зүйл бол хувийн телевизүүдийн эфирийг хаахад захирлууд нь мэдээлэл хийнэ гээд зар тарсан. Бид эсэргүүцэж байна гэж ойлготол “Бид бүрэн дэмжиж байна. Ингэх ёстой” гэсэн нь шоконд оруулсан. Хэвлэлүүд мэдээлэх эрхгүй болох гэдэг хамгийн том аюул шүү дээ. Цөөхөн сонин “амаа бариулаагүй”. Бас 1 дүгээр эмнэлгийн сэхээний тасгийн сувилагчдын бичлэгийг санаж байна уу. “Араас нь хөөж ирээд буудлаа. Иргэдээ ингэж болдог юм уу” гээд ярьдаг. Тэр бичлэг Үндэсний телевизээр нэг яваад л хаагдсан. Түүнийг бид сайтдаа тавьсан. Сайтын хандалт огцом ихэсч, сервэр унах аюултай болсон. Гадаадаас хүмүүс маш их орсон байх. Манай хүүхдүүд ч гадаадад байсан. Сайт руу орж мэдээ үзчихээд санаа зовоод утасдаж байв.

-Өнгөрсөн зун танайхыг хакердуулсан гэж шуугисан. Энэ юу болсон бэ. Хууль хяналтын байгууллагад хандсан уу?

-Шалгадаг газарт нь хандсан. Журмын дагуу албан бичгээр хүсэлт гаргаад гомдлоо өгсөн. Хурдан хугацаанд шалгаад хариу ирүүлсэн. Манай сайт хөгжүүлэлтийг хариуцдаг компаниас мэдээлэл алдагдаад түүнийг нь ашиглаж манай админийг удирдсан юм билээ. Кибер аюулгүй байдлын талаар хууль хяналтынхан гайгүй боловсон хүчинтэй юм байна гэж ойлгосон. Харин техник технологийн боломж тийм сайнгүй байх шиг. Илрүүлсэн IP- гаа цааш лавшруулж шалгах гэхээр оператор компаниуд нэг хаяг дээр маш олон хэрэглэгч суурилуулсан байдгаас хүндрэл гардаг. Ер нь бол хийсэн үйлдлээс нь хэн хаанаас ямар зорилгоор хакердсан бэ гэдгийг тогтоосон. Дахин ийм явдал гаргуулахгүй байх арга хэмжээ авсан. Хэрэглэгчдээсээ уучлалт гуйсан. Тэр үед би гадаадад явж байсан учир дор нь мэдээгүй. Гадаад сервэр рүү ч бас халдлага хийж хэд хоног ажиллагаагүй болгосон. Уг нь манайх гадаадад давхар сервертэй Монголдоо ганц сайт. Цааш ийм асуудал үүсч болзошгүй гэдгийг ухаарч сайн сургамж авсан.

-Уулчин Г.Өсөхбаяр хаа байсан дэлхийн зулай, хойд туйлаас өөрийнхөө эзлэлтийн тухай мэдээллийг News.mn-ээс анх уншсан тухайгаа саяхан сонинд ярьсан байсан. Олимпийн аварга Э.Бадар-Ууган ч бас алтан медалиа аваад хамгийн их баярлаж, сэтгэл хөдөлсөн үе нь NEWS-д гарсан өөрийнхөө тухай мэдээлэл, тэнд бичсэн уншигчдын сэтгэгдлийг унших мөч байсан гэж дурссан байна лээ. Энэ бүх түүхэн, олны анхаарлыг татсан мэдээллийг дамжуулахад танайхан яаж ажилладаг вэ?

-Үнэнийг хэлэхэд наана чинь миний оролцоо гэж үнэхээр байхгүй. Манай салбар салбараар дагнасан сэтгүүлч сурвалжлагчид хийдэг. Спортын чиглэлийнхэн нь бүх уралдаан тэмцээн, болж байгаа үйл явдлуудаа сайн мэддэг. Урлагийнхан нь урлагаа мэддэг. Хэдэн сайхан, хийж бүтээхийг эрмэлздэг залуучуудтай байхад л болно. Сэтгүүлч уран бүтээлчдэд нэг тийм оргилсон хүсэл, эрч хүч, ажлын төлөөх өрсөлдөөн байвал амжилт ирдэг. Би өөрөө тийм хамт олон дунд өсч өндийсөн болохоор энэ ямар чухал вэ гэдгийг мэднэ. Өнөөдрийн нэр цуутай, хамгийн авьяастай, хамгийн хөдөлмөрч, хамгийн мэдрэмжтэй сэтгүүлчидтэй нэгэн үе хамт ажиллаж байснаараа бахархдаг. Тэдний эрч хүчийг бахаддаг.

-Танайх сайтаас гадна 20 мянган хувь үнэгүй тараадаг сонинтой, бас нэвтрүүлэг, дүрст мэдээ, шторк хийдэг гэж та ярилаа. Орлого ямар вэ? Нуулгүй хэлэхэд, өнөөдөр ашигтай ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллага гэж байхгүй. Бүгд улстөрчдийн мөнгөөр гол зогоодог гэлцдэг шүү дээ?

-Эхний жилүүддээ хөрөнгө оруулагчдын дэмжлэг авч байсан. Үүнийгээ хэнээс ч нууж байгаагүй. Монгол Улсад мөрдөгддөг санхүү нягтлан бодох бүртгэлийн хууль дүрмийн дагуу тайлан тооцоогоо гаргаад явдаг компани. Манай хөрөнгө оруулагчид санхүүгийн сахилга сайн байх ёстойг сургасан. Ер нь тэднээс компанийн соёл, удирдах арга барил гээд олон зүйлийг сурсандаа үргэлж талархдаг. Хэвлэл мэдээллийнхнийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж бус, тайлан тооцоо ч гаргадаггүй, хүссэн зүйлээ бичээд ашиг олоод явдаг гэсэн ташаа ойлголт нийгэмд байдаг бололтой. Бид яг л бусад бизнестэй ижил хууль дүрэмд захирагдаж ажиллана шүү дээ. Өдөр тутмын сонин гаргаад захиалгаар ашиг байтугай зардлаа олно гэдэг тийм амар биш. Компаниудын сурталчилгаа л гол дэм болдог. Гэтэл өнөөдөр хэдэн хэвлэл байгаа билээ, хэдэн хэрэглэгчтэй зах зээл билээ гээд харахаар оршин тогтноход хэцүү л дээ. Бид цагаа олж цахим мэдээлэл рүү орсноороо хөрөнгө оруулагчдын татааснаас салж чадсан. Ойролцоогоор 2008 оноос санхүүгийн хувьд бүрэн бие даасан. Эдийн засгийн хөөсрөлтийн үе ч таарсан биз 2012 хүртэл гайгүй ашигтай ажилласан. Харин одоо хямралд бусдын адил нэрвэгдээд л явж байна. Ажилтнуудаа цомхотгох гэхээр гар хөдлөхгүй юм. Аль болох олон хүнтэй, нүсэр байж л мэдээллийн бизнесийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж болно. Нүсэр гэдэг нь салбар болгоныг хариуцсан сэтгүүлч сурвалжлагч байж чанартай мэдээлэл гарна гэсэн үг. Бид сонин гаргахын хажуугаар 15-16 салбар сайтыг өдөр бүр амьтай байлгах, гол мэдээлэл дээрээ бусдаас ямагт урд нь явах гээд том том зорилготой байдаг. Гэтэл хийж байгаа болгон маань ашигтай байж чаддаггүй. Нэг нь нөгөөгөө нөхсөн байдлаар л аж төрж байна одоохондоо. Юмны үнэ хоёр гурав нугараад өсчихсөн байхад би айгаад баннерынхаа үнийг өсгөж чаддаггүй. Компаниуд хямралын үед хамгийн түрүүнд маркетингийн зардлаа танадаг учир тэр. Гэхдээ ирээдүйгээ өөдрөгөөр харж байгаа. Арван жилийнхээ ойгоор уйгаржин монгол хувилбараа нээнэ. Дэлхий дээр тарж бутарсан таван сая монголчууддаа бэлэг болгож байгаа юм. Манай англи хэл дээрх сайтын хандлага улам бүр өсч байна. Цэгцтэй, мэргэжлийн төвшинд бэлтгэгдсэн мэдээ мэдээлэл бол ямагт үнэ цэнтэй л байх болно. 20 жилийн ойгоо хийхдээ хоёр дахин өргөжсөн байна гэдэгт итгэлтэй байна.

-Дандаа ажил ярилаа хоёулаа. Та энэ салбарын хамгийн амжилттай эмэгтэй менежэрүүдийн нэг. Уншигчдад сонирхуулах үүднээс өөрийнхөө тухай жаахан дэлгэрүүлбэл? Аав тань бас сэтгүүлч.

-Миний аав А.Баярмагнай Монголын анхны мэргэжлийн сэтгүүлчдийн нэг.Улаан-Од сонины Ерөнхий эрхлэгч байсан, мундаг сэтгүүлчдийн олон үеийг төрүүлсэн хүн гэж ааваараа бахархдаг. Ээж аав минь тухайн үеийн жирийн л нэг гэр бүл, гэхдээ жинхэнэ утгаараа сэхээтнүүд юмаа гэж боддог. Утга зохиол, урлаг соёлд ойр өсгөсөн нь миний энэ ажил хийхэд дөхөм болсон байх. Хойно сурч төгссөний дараа ирээд Ардын эрхийн “Шавь” сургалтыг төгсөөд тухайн үеийн төрийн төв хэвлэлд ажилд орсон. Одоо домог болсон бүх эрхлэгч нарын редакцид ажилласан. 1996 онд Ц.Балдорж эрхлэгчийг ажлаас нь чөлөөлсөн УИХ-ын хуралдааны сурвалжлагыг хянах, тулгах ажилд шөнөжин дайчлагдаж дараа нь эрхлэгч биднийг өрөөндөө оруулаад шампанск задалж байсныг санаж байна. Бал эрхлэгч ” Энд ажиллах сүүлийн минь өдөр хамт байсанд талархлаа” гэсэн утгатай үг хэлсэн шиг санагддаг юм. Ж. Мягмарсүрэн эрхлэгч намайг жирийн сурвалжлагчаас парламентын сэтгүүлч, тоймч, албаны дарга хүртэл дэвшүүлж, хийж бүтээх урам хайрласан. Б.Ганболд эрхлэгч намайг ямарч цаг үед ойлгож дэмжиж ирсэн. Сурвалжлагч байхаас одоог хүртэл хамгийн ойр дарга минь юм даа. 2004 онд “Ардын эрх” сонин гаргах санал тавьсан хөрөнгө оруулагчиддаа бас талархаж явдаг. Намайг сонгож итгэл хүлээлгэсэн нь миний хувь заяанд том эргэлт болсон. Тэд хэзээ ч редакцийн дотоод ажилд оролцож бидний мэргэжил, итгэл үнэмшилд бүдүүлгээр халдаж байгаагүй. Том компанийн соёлоос зөндөө их зүйл сурч мэдсэн. Ер нь товчхоноор хэлэхэд би маш азтай хүн. Намайг насан турш минь дандаа сайн сайхан хүмүүс хүрээлж байсан. Бас хэрэгтээ үедээ хэрэгтээ газарт байсан ч байж магадгүй. 2012 оноос бие даагаад салбартаа оршин тогтнох гээд л үзэж байна даа.

-Таныг нийгмийн идэвхтэй хүн юм уу гэж бодсон. Эмэгтэйчүүдийг дэмжих клуб байгуулсан гэж сонсоод?

-Цаг нь ирэхээр нийгмийнхээ төлөө юм хийе гэж боддог юм байна. Хэвлэлийнхэн бол ер нь бөөн шүүмжлэгчид шүү дээ. Энэ ч болохгүй тэр ч буруу гээд. Дандаа ийм мэдээлэл дунд байхаар өөрөө ч мэдэлгүй эвдэрдэг. Миний хувьд бусдын л адил Улаанбаатарын утаа, хог, түгжрээнд багтарчих гээд улстөрчдийг харааж зүхсэн л хүн болсон. Бидний асуудлын нэлээд хэсэг нь улс төрөөс хамаарч байгааг хэн ч хэлнэ. Шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байгаа нь манай нийгмийг улам өвчлүүлж байна гэж боддог болохоороо улс төрд олон олон эмэгтэй ороосой гэж хүсдэг. Эмэгтэй хүний ажил хэрэгч, үнэнч зан чанар улстөрд үнэхээр дутаад байгаа юмаа. Би арван жил эмэгтэйчүүд давамгайлсан баг удирдахдаа энэ зан чанарын баталгааг олж харсан. Тэгээд улстөрд орох эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор хэдэн найз нартайгаа ” Даймонд пресс” клуб байгуулсан. Би санаачлагч болохоос удирдлага биш. Ерөнхиийлөгч нь Монголын мэдээ сонины Ерөнхий эрхлэгч С.Гантогоо. 2012 оны сонгуулиар эмэгтэй нэр дэвшигчдийг үнэгүй сурталчлах уриалга гаргаж, өөрсдөө мэдээ материал бичиж, сонингуудад байнгын булан ажиллуулан чадлаараа л хөдөлсөн. Хэвлэл мэдээллийн ихэнх удирдлага эмэгтэйчүүд учир маш сайн дэмжиж, 100 мянган ширхэг сэтгүүл хэвлүүлж тойргуудад нь хүргүүлсэн. Бидний чадах зүйл энэ л байсан. Дараа нь Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүүхэд бүрийг хамгаалъя” форум хийж Дамбадаржаагийн нэг сургуулийг автобустай болгосон. Хийсэн ажил бүхнийг дэмжиж байсан эмэгтэйчүүд, үндэсний бизнесийнхэндээ талархдаг. Хүүхэд хамгаалал, эмэгтэйчүүдийн оролцоо чиглэлээр цаашид олон ажил хийнээ.

-Танайхан гоё урилга ирүүлсэн байна. Ойгоо нүсэр тэмдэглэх нь ээ дээ?

-Арван жил гэдэг богинохон хэрнээ хүний амьдралд бол их цаг хугацаа. Энэ арван жилийг нэг баг болж үдсэн хамт олноороо баярлана. Бидний хамгийн гол дэмжигч байсан уншигчид хэрэглэгчдэдээ юу хийснээ тайлагнана. Шинэ уйгаржин сайтаа эхлүүлнэ. Жил бүр өргөмжилж байсан Оны хүмүүсээ урина. Монголын нийгмийн сор болсон эрхэмүүд бий. Мөн “Hit news” шагнал олгох ёслолын ажиллагаа болно. Өнгөрсөн арван жилийн хугацаанд хамгийн их эрэлт хэрэгцээтэй байсан улс төрчид, дуулиан шуугиан тарьсан одууд, эсвэл ард түмнээ баярлуулсан алдар цуутай хүмүүсийг статистикаар гаргах юм. Техникийн хувьд боломж байгаа болохоор ямар нэгэн санал асуулгаар биш автоматаар тоолоод л өнгөрсөн арван жилд хамгийн их уншигдсан нийтлэлч хэн байв, хамгийн эрэлт хэрэгцээтэй байсан улс төрч хэн бэ, хамгийн олон эерэг сэтгэгдэл авсан эрхэм хэн бэ, эдийн засагчдаас хэний үгийг хүмүүс хамгийн их уншив гэдгийг тодруулна. Маш сонирхолтой байх болно. Мөн хөтөлбөрийн гол хэсэг бол салбарынхаа ирээдүйг ярилцах “News форум” байх юм. Сонирхолтой илтгэлүүд тавигдана. “Дижитал медиа”, Интернэт эрх чөлөөний талаар сонирхолтой илтгэл бий. Гаднаас зочин итгэлч урьсан байгаа. Гэх мэтээр л ойгоо тэмдэглэхээр төлөвлөж байна. Хэвлэл мэдээллийнхнээ урьж байна.

-Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Д.МӨНГӨНДАЛАЙ