Categories
мэдээ соёл-урлаг

“On’n Off” 20 жилийн ойн тоглолт болно

Монголын хамгийн анхны клип, рекламыг анх гаргаж байсан гэдгээр нь “On’n Off” продакшныг рок попын төдийгүй урлаг сонирхогчид андахгүй сайн мэднэ. Тэгвэл тус продакшн өөрсдийн 20 жилийн ойгоо удахгүй хийх нь ээ.

Тэдний 20 жилийн ой арванэгдүгээр сарын 29-нд 17.00 цагт Соёлын төв өргөөнд 20 жилийн ойн баяраа нижгэр тэмдэглэхээр зэхжээ. Тэдний ойн баярын тоглолтонд Юнескогийн биет бус соёлын өвд бүртгэлтэй монголын язгуур урлагийн дээжис, орчин үеийн болон сонгодог урлагийн шилдэг төлөөлөл оролцон тоглох аж.

Ойн тоглолтонд Төрийн хошой соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Хөгжмийн зохиолч, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармони, Дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид, Монгол Улсын Морин хуурын чуулга, Бүх цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын найрал дуучид, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, “Харанга”, “Инээмсэглэл”, “Камертон” хамтлагууд, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун, Гавьяат жүжигчин, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Амартүвшин, Ө.Уянга, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хийлч Ч.Чинбат, Ардын жүжигчин, морин хуурч Ч.Батсайхан, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, Гавьяат жүжигчин, поп дива Б.Сарантуяа, Т.Ариунаа, хийлч Ч.Дэлгэрцэцэг, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат, дуучин С.Наран зэрэг уран бүтээлчид оролцон тоглоно.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний үйлдвэрлэлийн худалдааны төвтэй болно

Эдийн засгийн хямралыг давахын тулд үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, тэднийг дэмжих бодлогыг төр засгаас хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд Үндэсний үйлдвэрлэлийн худалдааны төв ирэх арванхоёрдугаар сард үүдээ нээхээр болжээ. Өөрөөр хэлбэл, “Нарантуул” захын ойролцоо байдаг “Шөнийн зах”-ыг үндэсний үйлдвэрлэлийн худалдааны төв болгон өөрчлөх юм байна. Одоогоор 50 гаруй аж ахуйн нэгж, үйлдвэрүүд гэрээгээ хийгээд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Машинаасаа эд зүйлээ алдах хэрэг буурахгүй байна

Машинаа хараа хяналтгүй газар удаан орхисноос үүдэн эд зүйлсээ алдах тохиолдол буурахгүй байгаа юм. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 30-р байрны гадна тавьсан автомашинд хулгайч орсон байна гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч шалгахад, тус байрны иргэн М-ийн эзэмшлийн Bighorn маркийн автомашины зөв талын хаалганы жижиг шилийг хагалж, эд зүйлсийг нь хулгайлж байсныг газар дээр нь илрүүлсэн байна.

Мөн “Өгөөмөр” захын зогсоолд тавьсан автомашинаас эд зүйлээ алдлаа гэсэн мэдээллийг шалгахад ISTANA маркийн автомашины цонхыг хагалж, компьютер, процессор, автомашины халаагч найман ширхэг алдагдсан хэргийг шуурхай эрэн сурвалжилж, эзэн холбогдогчийг нь тогтоожээ.

Энэ мэтчилэн дурьдаад байвал өдөр бүр шахам ийм хэрэг гарч байгаа тул иргэд та бүхэн өөрийн автомашиндаа эд зүйлсээ орхилгүй, сонор сэрэмжтэй байж, харуул хамгаалалттай газар автомашинаа байрлуулахыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

ХСҮТ-д 300 саяын үнэтэй тоног төхөөрөмж бэлэглэв

Япон улсын “Nihon Kohden” корпораци, Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч Си-Ай-Ти ХХК хамтран энэ сарын 21-ний өдөр Хавдар судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт нийт 300 сая төгрөгийн үнэтэй, өндөр хүчин чадал бүхий хяналтын мониторууд бэлэглэжээ. Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Япон улсын ЭСЯ-ын эрүүл мэндийн зөвлөх Ш.Токүмото нар баяр хүргэж үг хэлсэн байна.

ХСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх “ХСҮТ-д энэхүү чухал төхөөрөмжийг бэлэглэж байгаад баяртай байна. Монитор нь 24 цагийн турш тасралтгүй ажилладаг төхөөрөмж учраас ачаалалтай бөгөөд эвдрэл нэлээд гардаг. Гэхдээ “Nihon Kohden” корпорацийн бүтээгдэхүүн нь чанартай, бөгөөд эвдрэл бараг гардаггүй гэдгээрээ алдартай. Мөн япон төхөөрөмжийн тоон үзүүлэлт, хэмжээ, дүрс хамгийн зөв байдаг учир зөв оношилгоо хийхэд тустай. Энэ төхөөрөмж нь манай төвийн ачааллыг бууруулах, үйлчилгээг сайжруулахад ач холбогдолтой” гэжээ.

“Nihon Kohden” корпораци 1951 оноос эхлэн хяналтын монитор, тархины бичлэгийн аппарат, зүрхний бичлэгийн аппарат зэрэг олон төхөөрөмж үйлдвэрлэж иржээ. Одоо дэлхийн 120 оронд бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа Япон улсын бахархал болсон дэлхийд алдартай компаниудын нэг юм байна. Бүтээгдэхүүнүүд нь чанартай учир эвдрэл маш бага гардаг. 25 жилийн өмнө Монгол Улсын 3-р эмнэлэгт Японы Засгийн газрын тусламжаар орж ирсэн зүрхний бичлэгийн аппарат өнөөдрийг хүртэл асуудалгүй ажиллаж байгаа аж.

Categories
гадаад мэдээ спорт

Кэти Тейлор дэлхийд тав дахь удаагаа аваргаллаа

БНСУ-ын Чежү хотноо боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах найм дахь удаагийн тэмцээн болж өчигдөр өндөрлөлөө. ДАШТ-д 67 орны 280 гаруй эмэгтэй боксчин өрсөлдөж аваргуудаа тодруулжээ.

Монголоос найман тамирчин оролцсон ч, харамсалтай нь медаль авч чадсангүй. Ирландын нэрт боксчин, Лондоны олимпийн аварга Кэти Тейлор тав дахь удаагаа дэлхийн аварга болов. Багийн дүнгээр гурван алтан медаль хүртсэн хойд хөрш ОХУ-ын боксчид тэргүүлсэн байна.

ДАШТ-ний 48 кг-д Казахстаны Назым Кызайбай, 51 кг-д АНУ-ын Марлен Эспраза, 54 кг-д Болгарын Станимира Петрова, 57 кг-д ОХУ-ын Зинайда Добрынина, 60 кг-д Ирландын Кэти Тейлор, 64 кг-д ОХУ-ын Анастасия Белякова, 69 кг-д Панамын Атейна Билон, 75 кг-д АНУ-ын Клариса Шиельдс, 81 кг-д БНХАУ-ын Шиаоли Ян, +81 кг-д ОХУ-ын Зенфира Магомедалиева нар тэргүүлжээ.

Categories
гадаад мэдээ

Тоглоомон буутай хүүг бууджээ

АНУ-ын Кливленд хотод тоглоомын талбайд тоглоомон буу барин гарч ирсэн 12 настай хүүг цагдаа буудан, аминд нь хүрчээ. Хоёр цагдаа хэргийн газарт очин, гараа өргөх тушаалыг биелүүлээгүй хүүг цагдаагийн нэг албан хаагч хоёр удаа буудсан байна. “Нэг хүү буугаар хүмүүсийг айлгаж байсан. Гэхдээ жинхэнэ буу эсэхийг мэдээгүй” гэж хэргийн газарт байсан эх сурвалж мэдээлжээ. Хүү рүү буудсан хоёр цагдаагийн нэг нь тус хотод анхны жилээ ажиллаж байгаа бол, нөгөө нь 10 гаруй жил ажилласан албан хаагч гэнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 16 сая ам.доллар худалдлаа

Монголбанк өнөөдөр болсон гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас ирүүлсэн саналуудыг үндэслэн 1891.10 төгрөгийн хаалтын ханшаар 16.0 сая ам.доллар, 308.10 төгрөгийн хаалтын ханшаар 49.0 сая юань тус тус худалдлаа.

Мөн өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 80.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 5.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүллээ.

Тодруулга, Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.

Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн ялыг хэвээр үлдээжээ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэсгийн эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Ц.Ууганжаргал энэ оны нэгдүгээр сард согтуугаар машин жолоодож яваад замын хажуугаар явж байсан иргэн М-ыг дайрч, амь насыг нь хохироож хэргийн газраас зугтсан билээ. Хэргийг шалгаад хэрэгтэнд гурван жил, нэг сар хорих ял оноосон. Харин тэрбээр уг ялыг эсэргүүцэн давж заалдсан бөгөөд өчигдөр Давж заалдах шатны IX шүүх хэлэлцэн анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээжээ.

Categories
мэдээ нийгэм

Хурандаа нар чуулна

“Монгол хурандаа” нийгэмлэг ТББ-аас санаачлан анх удаа хурандаа нарын анхдугаар нэгдсэн чуулганыг зохион байгуулахаар болжээ. Чуулганд Зэвсэгт хүчин, Тагнуул, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Авлигатай тэмцэх газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг цэргийн болон тусгай чиг үүрэг хэрэгжүүлэгч байгууллагад одоо ажиллаж буй болон алба хааж чөлөөндөө гарсан хурандаа, дэд хурандаа нар оролцох юм байна.

Хурандаа нарын чуулган ЦЕГ-ын Лицензийн төвийн хурлын танхимд маргаашийн /XI.26/ 12:00 цагт эхлэх аж.

Categories
мэдээ улс-төр

С.Ганбаатар Ерөнхий сайдад хичээл заана гэв

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Лондон хотноо уул уурхайн салбарынхны уулзалтад оролцох үед Ерөнхий сайд томилогдсон учраас санал бодлоо илэрхийлж амжаагүй аж.

Тэрбээр “Ч.Сайханбилэг нео либериал зүйл их ярьсан байна лээ. Тухайлбал төрийн өмчийг хувьчилна, эмнэлгүүдийг хувьчилна гэсэн. Ингэж төрийн өмч рүү ханцуй шамлан орвол 20 жилийн өмнөх алдаагаа давтана. Хэрэв улсын эмнэлгийг хувьчилбал дунд, доод орлоготой иргэдэд очиж үзүүлэх газар олдохгүй.

Өнөөдөр хувийн эмнэлгүүд байгаа ч тэнд баячууд л очдог. Үүнийг салбарынхантай нь, эмнэлгүүдтэй нь, иргэдтэй нь ярьж байж шийдэх ёстой. Зах зээл нэрээр бүх хүмүүсийг хар зах руу гаргах юм яриад байна. Зах зээлд ч төрийн зохицуулалт хэрэгтэй байдаг юм. Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт нийгмийн хичээл заахгүй бол болохгүй санагдлаа” гэсэн юм.