Categories
мэдээ нийгэм

Монгол террорист халдлага болоогүй 39 улсын нэгээр нэрлэгджээ

“Дэлхийн терроризмын индекс-2014”-т өнгөрсөн онд өмнөх жилийнхээс 44 хувиар өссөн буюу 10 мянга орчим террорист халдлага болсон гэж бичжээ. Терроризмд хамгийн ихээр нэрвэгдсэн улс нь Иран юм байна. Харин Монгол Улс террорист халдлага болоогүй 39 улсын тоонд багтжээ.

Олон улсын терроризмын талаарх судалгаанаас үзвэл, 2012-2013 онд дэлхий дахинд терроризмын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 61 хувиар нэмэгджээ. “Лалын улс”, “Аль-Каида”, “Боко Харам”, “Талибан” гэсэн босогчдын цэрэгжсэн дөрвөн бүлэглэлийн халдлагад олон хүний амь үрэгдсэн байна. “Эдийн засаг, энх тайвны төлөө хүрээлэн” олон улсын ашгийн бус байгууллагын мэдэгдсэнээр, 2013 онд террорист халдлагуудад 18 мянга орчим хүн амиа алджээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ-аас гурван хүнийг орон даяар хайж эхэллээ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хоёр хэрэгт гурван хүнийг эрэн сурвалжилж эхэлжээ. Нэг нь төрийн бус байгууллагын албан тушаалтан эрх мэддээ урвуулан ашигласан, татвараас зайлсхийсэн, эд хөрөнгө завшсан хэрэгт холбогдсон Л.Эрдэнэбулган гэх залуу аж.
Нөгөө хоёр сэжигтэн нь албан тушаалаа урвуулан ашигласан, эд хөрөнгө завшсан хэрэгт сэрдэгдсэн Ц.Хонгорзул, Э.Буяндэлгэр нар аж. Эдгээр хүмүүсийн талаарх мэдээллийг АТГ-ынхан 1800-1969, 311919 дугаарын утсаар авч байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Гоёл” наадам баасан гаригт эхэлнэ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг хувцас загварын “Гоёл” наадам энэ сарын 28-нд эхлэх гэж байна. Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг тус наадам энэ жил шилдэг загвар өмсөгч, шилдэг гоо засалч, шилдэг үсчин, топ моделийг шалгаруулна. Наадмын үйл ажиллагаа загварын долоо хоногоор эхлэх бөгөөд тус арга хэмжээний үеэр Монголын шилдэг дизайнерууд өөрсдийн урласан бүтээлүүдээ нийтийн хүртээл болгох юм байна. Харин шилдэгүүдийг тодруулах гала тоглолт нь арванхоёрдугаар сарын 3-нд Соёлын төв өргөөнд болно.

Categories
мэдээ соёл-урлаг

А.Хишигдалай олон улсын уралдаанаас гранпри хүртжээ

“Universe best songs” наадмын шилдгийн шилдэг оролцогч, дуучин А.Хишигдалай Монгол туургатны дунд зохион байгуулдаг “Мелодия Саянских гор” олон улсын эстрадын дуулаачдын наадамд оролцож тэргүүн байр эзэлсэн байна. Тувагийн Кызыл хотод болсон уг наадамд гавъяат жүжигчин Ж.Алтанцэцэг шүүгчээр ажиллажээ. Тэрээр 2001 онд тус наадмаас “Мандах нар” дуугаараа гранпри шагнал хүртэж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

МЗХ-ны дэргэд орос хэл, соёлыг сонирхогч залууст зориулсан “Фиордализа” клуб байгуулагдлаа

Монгол, орос ард түмэн уламжлалт олон жилийн найрамдалт харьцаатай бөгөөд 1990-ээд оноос хойш энэ харьцаа тасарсан ч сүүлийн жилүүдэд эргэн сэргэж байна. ОХУ-д тэтгэлэгтэйгээр сурах боломж ихтэй /жилдээ 380 гаруй квот/, 2014 оны 11-р сарын 14-ээс Монгол Улс, ОХУ-ын иргэд 30 хоногийн дотор харилцан визгүй зорчих болсноор худалдаа бизнес, аялал жуулчлал болон бусад салбарын хувьд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сайхан боломж нээгдэж байна. Тийм учраас залуучуудын хувьд орос хэл сурах хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байна: Тэгвэл залуусынхаа энэхүү хэрэгцээ шаардлагад тулгуурлан МЗХ-ны дэргэд орос хэл, соёл түгээх “Фиордализа” клуб байгуулагдаж нээлтээ хийлээ. Клубын нээлтэнд “Русский мир” сангийн захирал О.П.Максимова болон Плехановын нэрэмжит сургуулийн багш нар хүрэлцэн ирсэн юм.

Уг клуб нь цаашдаа Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, дэлхийн 100 гаруй улсад өөрийн төлөөлөгчийн газартай “Русский мир” сантай хамтран ажиллаж, “Фиордализа” клубт мэргэжлийн багш, боловсон хүчний хувьд дэмжлэг үзүүлэхээс гадна өөрийн төвийн номын сан болон оросын соёлыг түгээх бусад арга хэмжээ, өдөрлөгүүдэд клубын гишүүдийг хамруулах аж. “Русский мир” сан нь анх 2007 онд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины санаачилгаар байгуулагдсан юм. Энэхүү “Русский мир”сан нь Улаанбаатар хотын Плехановын нэрэмжит Эдийн засгийн Их Сургууль дээр орос хэлний төвтэй бөгөөд Дархан-Уул аймаг, Орхон аймгуудад тус бүр орос хэлний танхимуудтай юм. “Фиордализа” клубын үйл ажиллагаа нь бусад орос хэлний клубүүдээс агуулга, арга хэмжээнүүдийн хувьд ихээхэн онцлогтой бөгөөд орос хэлний хичээлүүдийг онлайн хэлбэрээр явуулж, клубын цугларалтын үеэр орос багш нартайгаа бүтээлч хөдөлмөр, дуу бүжгийн, сонирхолтой газарзүй, оросын үндэсний хоолны чиглэлээр амьд харьцаатай байж орос хэлнийхээ мэдлэгийг бататгах юм. Түүнчлэн идэвхтэй гишүүдээ ОХУ-д зохиогдох төрөл бүрийн арга хэмжээ, наадам, зусланд хамруулж, Монголд орос соёл түгээх төрөл бүрийн арга хэмжээнүүдийг тодорхой төлөвлөгөөний дагуу зохион байгуулах гэнэ. Манай орос хэл, соёл түгээх “Фиордализа” клуб нь “Богино хугацаанд орос хэлийг сонирхолтойгоор сурцгаая” гэсэн уриатайгаар орос хэл, соёлыг сонирхож байгаа бүх залуучуудыг клубтээ урьж байна.

Categories
мэдээ улс-төр

А.Бакей, С.Дэмбэрэл нар хуулийн төсөл өргөн барив

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар “Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэгт Хүний эрх, Эрх чөлөөг хуульчилан заасан нь Олон Улсын хүний эрхийн гэрээ, конвенци дэлхий нийтийн жишигт хүрсэн алхам болсон бөгөөд манай улс 1961онд НҮБ-ын гишүүнээр элсэн орж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын /ХЭТТ/ үзэл санааг дэмжиж улмаар Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактад 1974 онд нэгдэн орсноос хойш хүний эрхийн талаарх 30 гаруй гэрээ, конвенци, протоколд нэгдэн орсон буюу соёрхон баталжээ. 2000 онд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталснаар олон улсын гэрээ, конвенци, Монгол Улсын хууль, тогтоомжийн биелэлтэд хүний эрхийн чиглэлээр хяналт тавьж, судлан дүгнэх үүрэгтэй үндэсний байгууллага болох Хүний эрхийн Үндэсний Комиссыг 2001 онд байгуулав. Сүүлийн 14 жилийн турш нэмэлт, өөрчлөлт, ямар нэгэн засваргүйгээр хэрэгжүүлж ирсэн энэхүү хуулийг “НҮБ-ын Парисын зарчмуудаар баталгаажуулсан наад захын зарим хэм хэмжээг хуульчлаагүй” хэмээн олон улсын зүгээс одоог хүртэл шүүмжлэлтэй хандаж ирсэн. Монгол Улсад хүний үндсэн эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиар олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээний түвшинд өргөмжилсөн хэдий ч түүнийг хангах нийгэм эдийн засгийн нөхцөл, эрх зүйн таатай орчин хараахан бүрдэж амжаагүй байгаа билээ. Ялангуяа хүний эрхийн талаарх хууль тогтоомжийн хэм хэмжээг амьдралд хэрэгжүүлэх шатанд багагүй бэрхшээлүүд учирч цөөнгүй зөрчил гарч байгаа нь нийтэд ил болсон. Иймд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хэрэгжүүлэх явцад гарч байгаа тэдгээр зөрчлийг бууруулахын тулд хууль сахиулагчдад нөлөөлөх, эрх нь зөрчигдсөн иргэдийн эрх ашгийг хамгаалах явцад хүний эрхийг хамгаалах, дэмжих төрийн механизмыг боловсронгуй болгох, ХЭҮК-ийн хараат бус, бие даан ажиллах чадавхыг бэхжүүлэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр уг хуулийн төслийг боловсрууллаа хэмээн хууль санаачлагч мэдэгдсэн юм.

Categories
гадаад мэдээ

Автобус гол руу унаж 50 хүн амиа алджээ

Непалд зорчих тээврийн автобус осолдсоноос болж 50 орчим хүний амь үрэгджээ. Осол Непалын уулархаг Жаяркоте бүс нутагт бүр өнгөрсөн пүрэв гарагт болсон аж. Жолооч хяналтаа алдсанаас болж автобус Бери голд унажээ. 10 зорчигч амьд гарч чадсан байна. Тухайн үед 24 хүн амиа алдсан талаар мэдээлж байсан ч ням гарагт автобусыг эрэг дээр гаргасны дараа нэмж олон хүн амиа алдсан нь тодорхой болсон юм. Непалийн газар нутгийн ихэнх хэсгийг Гималайн уул нурууд эзэлдэг бөгөөд Азийн хамгийн аюултай авто замын сүлжээтэй улсын нэг. Үүнээс болж олон тооны автын осол гардаг. Тухайлбал, энэ сарын 1-нд тус улсын Макванпур тойрогт хоёр автобус осолдож, 14 хүн амиа алдаж, 20 хүн шархадсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Зориулалтын гүүр, гарцаар зорчихыг анхаарууллаа

Гол гатлахдаа зориулалтын гарцаар зорчихыг онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Энэ жил гол, нуур цөөрөмд живж амь насаа алдсан 99 тохиолдол бүртгэгдээд байна. Хамгийн сүүлд л гэхэд Дорнод аймагт хоёр иргэн нуурын усанд живсэн гэсэн мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн. Усны осол зөвхөн зуны улиралд гардаггүй. Голын ус зайрмагтсан байхад иргэд дээгүүр нь явсанаас цөмөрч амь насаараа хохирдог. Тиймээс гол гатлахдаа зориулалтын гүүр, гарцаар зорчихыг Онцгой байдлын ерөнхий газрын Цаг уур хариуцсан мэргэжилтэн Ч.Туяа анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

МАН засагт орох асуудлаар санал солилцлоо

Монгол Ардын Намын дэргэдэх Зөвлөхүүдийн танхим Тусгаар Тогтнолын ордноо хуралдаж байна. Хурлаар Монгол Ардын Нам шинэ байгуулагдах Засгийн газарт хамтрах эсэх асуудлаар хэлэлцэнэ.

УИХ-ын дэд дарга, Монгол Ардын Намын дарга Миеэгомбын Энхболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар МАН-ын дэргэдэх зөвлөхүүдийн танхимын гишүүд болох МАН-аас нэр дэвшин Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаар сонгогдож ажиллаж байсан, түүнчлэн Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хажиж, намын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байсан хүмүүстэй уулзаж, Засгийн газарт хамтрах эсэх асуудлаар санал солилцож байна.

Нийгэм, эдийн засаг хямарсан, ялангуяа засаг бүрэлдээгүйгээс болж төрийн ажил цалгардаж буй энэ үед Монгол Ардын Нам олон жил төр барьсан туршлагатай, тулхтай улс төрийн хүчний хувьд үүнд ихээхэн анхаарал тавьж буй юм. Тодруулбал, энэ хүнд нөхцөл байдлаас гарахын тулд МАН Засагт хамтах уу үгүй юу гэдэг асуудлаар шат шатандаа хэлэлцэж, ойрын өдрүүдэд санал бодлоо солилцож байна. Өнгөрсөн хугацаанд энэ асуудлаар УИХ дахь намын бүлэг болон Удирдах зөвлөлөөр хэлэлцэн гишүүдийнхээ санал бодлыг сонссон бол өнөөдөр Монгол Улсад төрийн өндөр албан тушаал хашиж байсан, олон жил төрд ажилласан туршлагатай хүмүүсээ хүлээн авч уулзан саналыг нь сонсож байна.

Монгол Ардын Намын дэргэдэх Зөвлөхүүдийн танхим нь 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Н.Багабанди, Д.Содном, Ш.Гунгаадорж, С.Баяр, Сү.Батболд, Г.Очирбат, Б.Даш-Ёндон, С.Төмөр-Очир, Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Д.Идэвхтэн, Ё.Отгонбаяр, У.Хүрэлсүх, Г.Занданшатар гэсэн хүмүүс багтаж буй юм.

Зөвлөхүүдийн танхим нь улс төрийн үйл ажиллагааны уламжлалыг хангах зорилго, улс төрийн бодлогын талаар зөвлөлдөх чиг үүрэгтэйгээр байгуулагдсан Монгол Ардын Намын даргын харьяа бүтцийн байгууллага юм.

Categories
мэдээ улс-төр

Согтууруулах ундааны борлуулалтыг хязгаарлана

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг УИХ-ын дарга З.Энхболдод Согтууруулах ундааны хуулийн төслийг өргөн барилаа. Уг хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг хэдэн удаа зохион байгуулсан бөгөөд стандартын шаардлага хангасан согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, үйлчлэх, импортлох, экспортлох үйл ажиллагааг согтууруулах ундааны эрэлт, нийлүүлэлт, хэрэглээг хязгаарлах агуулгаар төслийг санаачилсан аж.

Уг төсөлд буй онцлох заалтууд гэвэл, “Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундааг ням гарагт 10-18 цагт, бусад өдрүүдэд 10-21 цагийн хооронд худалдана. Спиртийн сул агууламжтай согтууруулах ундааг 10-24 цагийн хооронд худалдана” “..согтууруулах ундаа үйлдвэрлэгч, импортлогчийн үйл ажиллагаанд урамшуулал, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхгүй, татварын өршөөлд хамруулахгүй, бусад давуу тал олгохгүй, татварын хэмжээг бууруулахгүй байх”

“Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүнсний зориулалтын бус түүхий эдээр согтууруулах ундаа үйлдвэрлэх, согтууруулах ундаанаас өөр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хориглох”

“Тусгай зөвшөөрлийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах, түрээслэх, шилжүүлэх болон Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэл явуулж буй байршлаа өөрчлөхийг хориглох”

“Сум, дүүргийн Засаг дарга согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг тухайн сум дүүргийн татвар, цагдаа, аймаг нийслэлийн онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагын санал, тэдгээрийн эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн олгоно.Эдгээр байгууллагын аль нэг нь татгалзсан санал өгсөн бол тусгай зөвшөөрлийг олгохгүй, сунгахгүй. Тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаагаар тухайн сум дүүргийн Засаг дарга олгоно”

“Согтууруулах ундаа худалдах дагнасан цэгийн тоо, байршлыг тухайн орон нутгийн хүн амын тоо, үйлчилгээний хүрээ, эрүүл мэнд, соёлын байгууллага, орон сууцны хороолол, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байрны байршлыг харгалзан 2000 мянган хүн ам тутамд нэгээс ихгүй, 2000-аас доош хүн амтай суманд 2-оос дээшгүй байхаар тооцож сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал тогтооно” зэрэг заалтууд байгаа бөгөөд агуулгын хувьд нэлээд чангарсан заалтууд орж буй юм байна.