Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Мах экспортод гаргах эхний шалгалтад хоёр компани тэнцжээ

Өнгөрөгч наймдугаар сарын 31-ээс есдүгээр сарын 31-ний хооронд Гаалийн холбооны гишүүн орнууд болох ОХУ, Беларусь, Казахстан зэрэг улсын мал, эмнэлэг хорио цээрийн албаны арав гаруй хүн манай улсад ажиллаж, дээрх улсууд руу мах экспортлохоор зэхэж буй манай 12 үйлдвэрт шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнд “Преком”, “Эрдмит” гэх хоёр компани л тэнцсэн байна. Уг шалгалт нь жил бүр хийгддэг бөгөөд өнгөрсөн жил 14 үйлдвэр хамрагдаж, мөн хоёр нь л тэнцэж байсан юм.

Тиймээс өнөө жилийн шалгалтын талаар болон цаашид дээрх үйлдвэрүүд ямар бэлтгэл хангасан байх талаар өчигдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон Мал эмнэлэг үржлийн газар, МХЕГ хамтран мах экспортлогчдод сургалт зохион байгуулсан билээ.

Гаалийн холбооны орон буюу дээрх орны төлөөлөгчид манай оронд ажилласан шалтгаан нь тус холбооны улсуудын байгуулсан Евро Азийн эдийн засгийн комиссын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой ажээ. Тодруулбал, дээрх орнуудад мал эмнэлэг ариун цэврийн нэгдсэн арга хэмжээ хэрэгжүүлэхийн тулд бүтээгдэхүүн экспортолж байгаа улсуудын үйлдвэрт ч тодорхой хяналт, шалгалт хийх ёстой байдаг байна. Энэ нь дээрх комиссын 2010 оны зургадугаар сарын 18-ны өдрийн 317-р тоот тогтоолын дагуу хийгддэг бөгөөд таван баримт бичиг, гурван техникийн горимыг дагаж мөрдөхөөр тогтоосон байдаг байна. Өөрөөр хэлбэл, эдгээр журмуудыг манай махны үйлдвэрүүд хэрхэн мөрдөж байгааг шалгасан гэсэн үг юм.

Дээрх горимуудын эхэнд мах экспортлогч компаниуд нь юуны түрүүнд тухайн улсынхаа “Махны хяналтын дүрэм”-ийн дагуу холбогдох төрийн байгууллага, хяналтын байгууллагаар хянуулан магадлагаанд орсон байх шаардлагатай байдаг байна. Уг шалгалтын дүнд шалгалтад хамрагдсан аж ахуй нэгжүүдэд “ААА”, “АА” зэрэглэл тогтоож, албан ёсны хувийн дугаар бүхий итгэмжлэл олгодог байна.

“ААА” зэрэглэлийн үйлдвэр гэдэг нь дотоодын болон олон улсын зах зээлийн стандартын шаардлагад бүрэн нийцсэн барилга, байгууламж, тоног, үйл ажиллагааны горимтой үйлдвэрийг хэлдэг бол “АА” зэрэглэлийн үйлдвэрийн дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхээс гадна хоёрдогч орны эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр зөвхөн тухайн оронд экспортын үйл ажиллагаа явуулах эрхтэй үйлдвэрийг хэлдэг байна.

Манай үйлдвэрүүдийн хувьд хоёр нь л “АА” зэрэглэлийг авах эрхтэй болсон бөгөөд ингэснээр шууд мах экспортлох эрхтэй болсон гэсэн үг биш гэнэ. Дээр хэлсэнчлэн одоо тэд дахин ОХУ-ын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн хяналтын газарт хандах юм. Тодруулбал, эдгээр хоёр үйлдвэрийг аттестатчлалд хамруулах тухай хүсэлтийг манай Мал эмнэлэг, үржлийн газраас албан ёсоор хүргүүлнэ. Уг хүсэлтийг хүлээн авч мах, махан бүтээгдэхүүн экспортлоход тавигдах шаардлага хангаж байгаа эсэх талаар эхний ээлжинд асуумж, судалгаа, лавлагаа авах бөгөөд улмаар тухайн орнуудаас хөндлөнгийн экспертүүдийг томилон манайд нарийвчилсан хяналт шалгалтыг хийнэ. Зөвхөн энэ хяналт шалгалтад тэнцсэн тохиолдолд манай “Преком”, “Эрпмит” компаниуд нь дээрх гурван оронд бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болох ажээ. Өөрөөр хэлбэл, хоёр, гурван “даваа” давж байж мах экспортлох эрхтэй болох юм байна.

Харин шалгалтад тэнцээгүй арван үйлдвэрийн тухайд тийм ч “том” зүйл дээр унаагүй тухай Мал эмнэлэг үржлийн газрын мэргэжилтэн Ш.Мөнхтөр хэлж байна лээ. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа автомашинаа бүрэн ариутгаагүй эсвэл зөөвөрлөх үйл ажиллагаа жигд бус гэх мэтчилэн аар саар зөрчлийн улмаас дахин шалгалтад орохоор болсон байна.

Гаалийн холбооны орны тухайд манайхаас мах авахдаа эрүүл ахуй талаас нь нэлээд анхаарч буйгаа хэлсэн байна. Ингэхдээ хорио цээрийн бүсээс ирсэн эсэхийг онцгой шалгасан байна. Манай улсын Засгийн газраас 834 дүгээр журам баталсан бөгөөд уг журамд хорио цээрийн бүсийг нарийвчлан заасан юм. Уг журамд зааснаар баруун бүсийн долоон аймаг, хяналтын бүс буюу Орхон, Дархан аймгуудаас үхэр, адууны мах бэлтгэж болно. Харин зүүн аймгаас зөвхөн адууны мах бэлтгэх боломжтой ажээ.

Түүнчлэн экспортолж буй мах нь бүх шалгалтын байгууллагын зэрэглэлийн тамга тэмдэгтэй байх, сав баглаа боодол нь дахин ашиглах болон сэргээн засварлах боломжгүй байх зэрэг шаардлагыг тавих юм байна.

Нөгөө талаас үхэр гэхэд эрсдэлт бүсэд хамаарахгүй газраас бэлтгэсэн байхаас гадна тус бүс нутагт мялзан, цээж, бруцеллёз өвчин сүүлийн 24 сар, шүлхий өвчин нэг жил гараагүй байх, адууны хувьд дугаар, тэмдэг, мал, эмнэлгийн албаны тэмдэгтэй байхаас гадна адууны сахуу өвчин сүүлийн 36 сар, боом өвчин 20 хоног гараагүй байх шаардлагыг тавьж байгаа ажээ.

Нөгөө талаас тухайн нядалгаанд орж буй мал нь нядалгаанд орохын өмнө болон орсны дараахь мал эмнэлэг, ариун цэврийн үзлэгт заавал хамрагдсан байх ёстойг ч хэлсэн байна.

Харин манай үйлд­вэрүүдийн хувьд эд­гээ­рийг биелүүлэх бү­рэн боломжтой бөгөөд энэ удаагийн шалгалтад тэнцээгүй аж ахуйн нэгжүүд дахин хүсэлт гаргаж, хоёр дахь удаагийн шалгаруулалтад хамрагдах боломжтой ажээ.

Т.ГЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм

Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ

Бүгд Найрамдах Улс тунхагласны 90 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ түүхт ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр 11 цаг 40 минутад Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Хурандаа нарын анхдугаар чуулган болно

“Монгол хурандаа нийгэмлэг” ТББ-аас санаачлан анх удаа хурандаа нарын анхдугаар нэгдсэн чуулганыг өнөөдөр зохион байгуулах гэж байна. Энэхүү чуулганыг “Монгол хурандаа” төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа бөгөөд ЦЕГ-т болох аж. Чуулганд зэвсэгт хүчнийхэн бол тагнуул, цагдаа хууль хяналтад одоо ажиллаж байгаа болон өмнө нь ажиллаж байсан үе үеийн хурандаа нар оролцох аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайханбилэгийн засаг сайхан харагдах уу

Засгийн газар огцрох, эс огцрох тухай яриа хэдийнэ мартагдаж, хэн Ерөнхий сайд болох тухай марафон ч дуусч, эдүгээ Засгийн газраа хэрхэн бүрэлдүүлэхэв гэдэг сэдэв өнөөдрийн дэлгэцэнд байна.

Засгийн газрын бүтэц ямар байх, сайдын алба хэн хэнд ноогдох, бас сүүлийн жилүүдийн ужиг маргаан болсон дан хийгээд давхар дээлтэйн асуудал гээд агуулга, хэлбэр, чанарын олон асуулт нэхэгдэж эхлэв. Ямартай ч 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд УИХ-д байгаа бүх намууддаа хамтрах саналыг хүргүүлсэн нь түүний эхний шийдэл байлаа. Нэгэнт 2012 оны сонгуулийн үр дүнд Монголын аль ч улс төрийн хүчин өөрсдөө дангаар Засгийн газраа байгуулах боломжгүйгээр УИХ бүрэлдсэн. Олон суудал авсан АН-ын хувьд МАН-аас бусад бүх намуудад хамтрах санал тавьж, өмнөх Засгийн газрыг байгуулж байсан бол энэ удаа аль нэгийг нь орхисонгүй. Одоо УИХ-д суудалтай МАН, ИЗН болоод МАХН, МҮАН-ын Шударга Ёс бүлгийнхэн асуудалд хэрхэн хандахаас бүх зүйл шалтгаалах болоод байна.

Шударга Ёс бүлгийн даргын мэдэгдсэнээр бол шинэ Засгийн газарт МАН орох бол одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа гэрээ дуусгавар болж дахин гэрээг ямар зарчмаар байгуулахаа ярилцана гэх. Тэдний хувьд МАН-тай эвсвэл бид эвсэхгүй гэж хатуу байр суурь одоогоор илэрхийлээгүй. Цөөхөн суудалтай ч АН-тай хамтран Засаг барьж ирсэн тэд эцсийн шийдвэрээ өнөөдөр болох МАХН, МҮАН-ын Удирдах Зөвлөлийн хамтарсан хуралдаанаар хэлэлцэхээр тогтож. Засгийн газарт багагүй эрх мэдэлтэй байсан тэд эрх мэдэл хуваалцах хүчин олшрох, бас томрох тусам таатай байхгүй нь мэдээж. ИЗНН-ын хувьд ямар ч үед АН-ын хамтрах хүчин байсаар ирсэн. Ер нь ганц АН биш, өөр намынхан Засгийн газрыг хамтран байгуулах үед уригдаж багтаж ирсэн хувьтай нам. Үүнийгээ ч дагах биз, тэгэхээ ч илэрхийлчихээд байгаа. Өмнөх Засгийн газарт уригдаагүйдээ гомдолтой явдаг МАН-ын хувьд хоёр хуваагдчихаад байна. Нэг хэсэг нь Засгийн газарт орно, нөгөө хэсэг нь орохгүй гэж. Хэсэг бүлгээрээ хуваагдчихаад энэ тухай л ярилцаж байгаа аж. Гэхдээ МАН-ын хувьд шийдвэрээ Бага хурлаараа эцэслэн нэгтгэхээр төлөвтэй. Бүлгийн дарга С.Бямбацогт ингэж мэдэгдэв. Зөвших ажлын хэсэг байгуулснаа ч зарлаж. Намууд Засгийн газарт багтах эсэх нь цаашдын төлөвд шууд нөлөөлөх үнэн ч, зэрэгцээд бас аль нэг намаас хамаарахгүйгээр шинэ Засгийн газрыг урт удаан настай байлгахад анхаарах зүйлс гэж бий. Үүнийг Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын хувьд сайхан харагдах гэхээсээ илүүтэй засаглалын хямралыг дагуулахгүй байх талаасаа бодолцох нь тун чухал юм. Юуны өмнө бүтцээ тун цомхон бас чадварлаг байлгах тал дээр анхаарах нь чухал. Элгээрээ хэвтсэн эдийн засагт илүү зардал, илүү орон тоо гарз хийгээд гамшиг. Хэдийгээр саяхан батлагдсан Засгийн газарт хөдөлгөөн оруулбал 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө төсөвт тодотгол хийх шаардлага гарах учраас Ч.Сайханбилэг Ерөнхий сайдад хуучин бүтцээрээ явахаас өөр аргагүй нөхцөл тулгарч буй. Гэхдээ цомхон, чадварлаг баг энэ цаг үед түүнийг зөв харагдуулах нэг нөхцөл болно.

Нийгмийн захиалга-дан дээлтэй Засгийн газрыг байгуулах явдал. Угаасаа Засгийн газраа хянаж чадахгүй УИХ-тай болсон гэдэг шүүмжлэл хэдэн парламент дамжин яригдсаар ирсэн. Харин сүүлийн үед давхар дээлгүй, мэргэжлийн Засгийн газрыг байгуулах хэрэгтэй тухай хүчтэй яригдаж, нийгэмд ч энэ чигийн хүлээлт үүссэнийг харгалзахаас аргагүй. Дээрээс нь Ерөнхийлөгчийн зүгээс үүн дээр хатуу байр суурьтай байгаа нь Д.Зоригт, Н.Батцэрэг нарт үзүүлсэн хандлагаас харагддаг. Тэгээд ч УИХ дотроосоо сайдууд болчихвол нэгнээ хянаж чадахаа байж, тэр хэрээр төрийг сульдаадаг гэдгийг нэгэнт мэддэг болсон тул энэ удаад өөрөөр хандах биз ээ. Бас олон удаа сайдын албыг хашиж ирсэн хүнд эрх мэдэл өгөхөөсөө илүү шинэ чадварлаг хүмүүст ачааг нь үүрүүлбэл зөв болов уу. Тэгээд шахаж ажиллуулж, хяналтаа чангатгаж бас итгэлийг нь өгөөд ажиллуулах хэрэгтэй. Харин ажлаа хийж чадахгүй бол өгүүлдэг жишиг тогтоох хэрэгтэй. Үүн дээр дан дээлийг тайлахад амар талтай. Манайханд ажлаа хийж чадахгүй байгаа хүнд хариуцлага тооцож чадахгүй муу зуршил байдаг. Энэ нь нэг талаасаа фракцын зөвшилцлийн зарчмаар Засгийн газрыг байгуулдагтай холбогддог. Фракцын эрх ашгийг дээдэлдэг АН-ын хувьд шинэ Засгийн газраа байгуулахдаа тун бодолтой байгаасай билээ. Мэдээж энэ намын уламжлалт зарчим хадгалагдах ч аль болох фракцыг түшихээс зайлсхиймээр байгаа юм. Том зорилгын төлөө ажил хийнэ гэсэн ганцхан зарчимд тулгуурлаж танхимаа бүрдүүлэх нь улс оронд, АН-ын нэр хүнд, цаашдын хувь заяанд ч хэрэгтэй юм даа. Гэхдээ фракцид тулгуурладаг байдал тийм амархан засагдана гэвэл худлаа. Тиймээс Засгийн газрыг бүрдүүлэхдээ эхний дэвшилт гаргаж фракц, фракцын дан дээлтнүүдийг оруулах хувилбар байж болно. Тухайлбал, МҮДН-аас Сангийн яамны дэд сайд С.Пүрэв, “Алтангадас”-аас Эрчим хүчний яамны дэд сайд Д.Доржпүрэв, “Нэг Ардчилал”-аас нийслэлийн хөрөнгө оруулалт хариуцсан орлогч дарга С.Очирбат гээд фракц, фракцын төлөөлөл, бас төрийн алба шат дараатай хашиж туршлагажсан, мэргэшсэн, ажлаа мэддэг, нэр цэвэр, сайн гүйцэтгэгчдийг оруулах хувилбар байж болох шүү дээ. Түүнчлэн, салбар салбарын эрдэмтэн судлаачдын дэвшүүлсэн санал санаачилгыг төрийн бодлого болгоход нөлөөлөх хэмжээнд ажиллаж чадах улс төр болон менежментийн туршлага бүхий хүмүүсийг голлох нь зүйтэй. Үгүйдээ л УИХ-д нэг удаа суучихсан хүн. Бүр цаашлаад 2016 онд нэр дэвшихгүй байлгах явдлыг ч тодорхой болгоод томилж болох юм. Энд нэгэнт дэвшил гаргах боломжгүй ахмадууд хамаарахгүй. Хэрэв АН өөрөө дан дээлтэй байлгах ажилд үлгэр үзүүлж чадвал бусад намууд ч дагана. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч дэмжих нь ойлгомжтой. Түүний зөвлөхүүдээс А.Ганбаатар, Л.Пүрэвсүрэн, Ц.Дашдорж, ерөнхий прокурор Д.Дорлигжав нарын нэр сайдад дуулдаж байгаа нь үүнийг батална.

Ч.Сайханбилэг Засгийн газартаа өөртэйгөө баг болж ажиллах, үгэндээ орох хүмүүсийг тавих нь зөв юм. Томчуудын бүлэглэлийн шахаагаар тавигдсан хүмүүс баг болж ажиллаж чаддаггүй нь өмнөх Засгийн газрын бас нэг алдаа байсан. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Н.Алтанхуягийн Засгийн газрын тухай ярихдаа түүний түшиж байсан хүмүүс, зөвлөхүүд нь чадваргүй байсан нь түүнд унахад нь нөлөөлсөн гэж хэлнэ лээ. Шинэ Ерөнхий сайд шинэ, цөөхөн, дэм болох зөвлөхүүд авах хэрэгтэй болж таарна. Тэрбээр Ерөнхий сайд болоод хэлсэн хамгийн эхний үгэндээ “Бидний гарах шийдвэрийг хэзээ ч 100 хувь алга ташин хүлээж авахгүй нь ойлгомжтой. Зарим шийдвэр өнөөдөр утгагүй, алдаатай мэт санагдавч маргааш нь үр дүнгээ өгөх шийдвэрүүд ч хүлээж байна” гэв. Өнөөдрийн хувьд төгс бус харагдах ч маргааш ашиг тус, үр дүн дагуулах шийдвэрийг гаргана л гэж хэлэх гэсэн байх. Популистууд, ард иргэд, хамтрагчдынхаа эв эеийг олж эдийн засгийн зүрхээ сэлбэх эрс шийдвэрийн тухай энд хэлсэн биз ээ. Гэхдээ утгагүй шийдвэр ч гэж юу байх билээ. Бас түүний хэлсэн үгэнд Н.Алтанхуяг Ерөнхий сайдын урьд нь хэлсэн үгэнд байсан үг, өгүүлбэр тэр чигээрээ явж байсан эхний шүүмжлэлүүд гараад эхэлсэн байсан. Тэгэхээр үг бэлдэж өгөхөөс эхлээд дэм болох хүмүүс олох хэрэгтэй болж таарна.

Шинэ Ерөнхий сайдын нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг гэж онцолсон үг шинэ Засгийн газрын үндсэн чиг шугамыг харуулж байгаа гэж ойлгогдож байгаа юм. Тэгэхээр хувийн хэвшлээ дэмжиж байж хөгжлийг авчирна гэдгээ мэддэг хүмүүс энэ Засагт багтах нь юунаас ч чухал. Түүнээс хувийн хэвшил, компаниуд, шинэ санаагаар биежсэн төслүүд, түүнээс дамжиж үүсэх үйлдвэрүүд хөгжил авчирдаг гэдгийг мэдэхгүй, эрх мэдэлтнүүдийг дагаж, улс төрд орж, эрх мэдэл, хөрөнгө зоорь цуглуулна гэсэн бодолтой хүмүүсээр дүүргэчихвэл байж боломгүй явдал болно. Өмнөх Засгийн газрыг сул харагдуулж байсан нэг зүйл бол популизм хийдэг нөхдийг эгнээндээ багтаасан явдал байсан юм. Тэдний өмнө нь хашгирч байсан үгс, Засагт ороод ажиллахад нь тун гай болсон доо. Ямар ч тэнэг гадаадын хөрөнгө оруулагч Монголын Засгийн газарт итгэхгүй байх нь мэдээж. Харин гадаадын хөрөнгө оруулалт амин чухал хэрэгцээ, энэ нь зөвхөн Монголд ч бус олон улсад энэ хууль үйлчилдэг гэдгийг ойлгодог гишүүдээр кабинетээ бүрдүүлэх нь чухал. Энэ мэт шинэ Засгийн газрыг зөв зүйтэй, бас урт удаан тогтвортой ажиллуулах олон үндэслэл шалтгаан байна. Харин үүнийг шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэрхэн үлгэрлэн залж ажиллахыг одоогоор мэдэхгүй байна. Ямартай ч үндэсний эрх ашгаа харж, том зургаа дэглэж Засгийн газарт бүх намуудыг урьж чадлаа. Нөгөө хэд нь асуудалд яаж хандахаас олон зүйл шалтгаална. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат МАН-ыг улс эх орны ашгийн үүднээс асуудалд хандана биз ээ хэмээн илэрхийлсэн байна лээ. Өөрөөр хэлбэл, МАН-ынхныг гуйлгаж байгаад орно гэсэн хүслийг нь тэд гүйцэлдүүлж байна. Бие даагч гурван нөхөр МАНАН үүссэн тохиолдолд төрийн хяналтын чиг үүргийг гүйцэтгэж сөрөг хүчин болж ажиллана гэж мэдэгдээд байгаа. Гурван хүний сөрөг хүчин байна ч гэж юу л бол, тэр тусмаа бие даагчдын шүү. Гэхдээ албан тушаалаар наймаалцаж Засгийн газрыг дэмждэг гэсэн муу нэртэй болсон тэдний хувьд ингэж хэлж байгаа нь сайшаалтай юм. Одоо улс орны өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж үзээд намууд цаг алдахгүй шийдвэрээ гаргаж, шинэ Засгийн газрыг байгуулах боломжийг танхимд багтсан ч, эс багтсан ч маш түргэн гаргах нь л чухал байна. Хамгийн гол нь нэн яаралтай эдийн засгаа аврах явдал байна. Ч.Сайханбилэгийн засаг сайхан харагдах эсэх нь Засгийн газраа хэрхэн эмхлэхээс эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр говь, талын нутгаар хүчтэй салхи шуургатай байна

Өнөөдөр говь, талын нутгаар хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна. Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь тал хээрийн нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

Categories
мэдээ улс-төр

Хоёр байнгын хороод хуралдана

Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдаж, дараахь асуудлуудыг хэлэлцэнэ.

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулав

Өчигдөр буюу энэ сарын 25-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 43.5 сая ам.доллар, 86.5 сая юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1891.10 төгрөгийн хаалтын ханшаар 16.0 сая ам.доллар, 49.0 сая юанийг 308.10 төгрөгийн хаалтын ханшаар тус тус худалдав.

Түүнчлэн энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 80.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 5.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

АН бусад намуудтай зөвшилцөх ажлын хэсэг байгуулжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Засгийн газрыг байгуулах асуудлаар УИХ-д суудалтай бусад нам, эвсэлтэй зөвшилцөх үүрэг бүхий ажлын хэсгийг зургаан гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн М.Батчимэгийг томилжээ.

Ажлын хэсэг өнөөдрөөс эхлэн нам, эвслүүдтэй зөвшилцөх анхны уулзалтыг хийж эхлэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Маргааш нийслэлийн төсвийг хэлэлцэнэ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсвийн төслийг хэлэлцээр товлоод байсан. Харин тэргүүлэгчид төсвийн төслийг НИТХ-аар хоёр удаагийн хэлэлцүүлгээр хэлэлцэхээр тогтож энэ сарын 27-ны өдөр буюу маргааш эхний хэлэлцүүлгийг хийх шийдвэр гаргажээ. Эдгээр хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн 2015 оны төсвийн төсөлтэй хамтатган нийслэлийн 2014 оны зорилтын хэрэгжилт, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилт, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах асуудлыг хэлэлцэх аж.

Categories
мэдээ нийгэм

Монгол уран бичлэгийн каталоги хэвлэгджээ

“Монгол уран бичлэг” буюу “Mongolian Calligraphy” нэртэй томоохон каталоги хэвлэгдэн гараад байна. Уг ном “Монгол бичиг үгсийн түүхэн дэх уран бичээс”, “Монголын орчин үеийн уран бичлэг” гэсэн хоёр бүлгээс бүрдэж байгаа бөгөөд эртний түүх соёлын дурсгалууд болон бичиг номын дотроос монгол уран бичлэг буюу каллиграфийн үүсэл гарлыг эрэн тодруулах оролдлого хийсэн байна.

Монгол уран бичлэгийн үүсэл хөгжил, ололтыг тольдон үзэж болох “Монгол уран бичлэг” хэмээх энэ номыг Соёл, спорт аялал жуулчлалын яамны Соёл урлаг хөгжүүлэх сангийн тэтгэлэгээр Соёл яруу найргийн академиас эрхлэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо өмнөтгөл үг бичиж, монгол англи тайлбартайгаар хэвлүүлсэн байна. Уг номын нээлт ирэх 12 сарын эхээр болох ажээ.

“Монгол газар нутагт үүсч, Чингис хааны үед төрийн бичиг болсон монгол бичгийн дурсгалуудыг үзэж байхад уран яруу хэтрүүлэг дүрслэл бүхий бичлэг олонтаа тааралдах нь монгол уран бичлэгийн үүсэл гарвалыг эрт үеийн түүхийн алсаас эрж хайхад хүргэж байна” хэмээн уг номын өмнөтгөлд онцлон дурджээ.

Ерээд оноос хойш шинээр сэргэн мандсан үндэсний монгол бичиг нь уран бичлэгийн хөгжлийн шинэ эрин үеийг авчирсан бөгөөд энэ цагийн нэрт каллиграфич Д.Баттөмөр, Д.Батбаяр, Т.Жамьянсүрэн, Л.Түвшинжаргал нарын зэрэг уран бүтээлчдийн бүтээсэн шилдэг каллиграфиуд орсноороо уг ном уран бичлэгийн шилдэг бүтээлийн антологи гэхээр болсон байна.