Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авах боломжтой боллоо

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл өчигдөр АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн хууль сахиулах албаны мэдэлд ирсэн өмч хөрөнгийг хүлээлгэн өгөх тухай Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хоорондын Гэрээнд гарын үсэг зурав.

Энэхүү гэрээг байгуулснаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг АНУ-ын Засгийн газар манай талд буцаан олгох боломж бүрдэж байгаа юм. Талууд олдворуудыг хүлээн авах ёслолын арга хэмжээг ирэх сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж байна.

Уг гэрээнд Америкийн талыг төлөөлж Дотоод аюулгүй байдлын департментын Олон улсын ажиллагааны газрын тусгай төлөөлөгч Люси Эскамилла гарын зуржээ. Гарын үсэг зурах ёслолд ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Б.Мөнхжаргал, Консул З.Эрдэнэбаяр, АНУ-ын Цагаачлал, Гаалийн хууль сахиулах албаны эртний эдлэл, урлаг, соёлын өвийн асуудал хариуцсан ажилтан Дебора Хардос нар оролцов.  

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Аудит төсвийн гүйцэтгэлд дүгнэлт гаргажээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны гүйцэтгэлийн тайланг танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий Аудитор А.Зангад тайланг танилцуулж “2013 оны төсвийн гүйцэтгэлд аудит хийж хуульд заасан хугацаанд нь хүргүүлсэн. 2013 оны төсвийн жилийн онцлог нь урд онуудаас онцлогтой байсан. Тухайлбал тайлан нь Төсвийн шинэ хууль хэрэгжиж эхэлсэн эхний он. Мөн Төсвийн тогтвортой байдлын хуулийн шинэ орчин үйлчилж эхэлсэн жил байв. 2013 онд анх удаа нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон тайланг төсөвт нэмэлт бүрэлдэхүүн болгон оруулж ирсэн. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого нь зарлагаа гүйцсэнгүй. Төсвийн тасалдал нь НӨАТ-ын дутуу биелэгдсэнтэй холбоотой байна. Тайлангаа ирүүлсэн байгууллагуудын тэн хагас нь үйл ажиллагаа явуулаагүй байна. Батлагдсан төсвийг хэтрүүлэн зарцуулсан зөрчил Байгаль орчны сайд, Батлан хамгаалах сайдын төсвийн багцад хамаарах төсөв захиран зарцуулагчидтай холбоотой. Төсвийн ерөнхийлөн захирагчид гадаад томилолтын зарлыг хэтрүүлж байна. Орон сууцны хөнгөлөлт хавтгайрах шинжтэй боллоо..” гэх зэргээр танилцуулсан байна.

Аудитын тайланд дүгнэлтийг дараах байдлаар гаргасан байна. Үүнд, “Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр УИХ -аас баталсан Төсвийн хүрээний мэдэгдлийн шалгуур үзүүлэлтийн нэгээс бусдыг хангасан байна. 2013 оны нэгдсэн төсвийн урсгал тэнцэл 1,384.1 тэрбум төгрөгийн ашигтай, нийт тэнцэл 224.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5,940.1 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарсан нь анх батлагдсан төлөвлөгөөнөөс 1,148.2 тэрбум төгрөгөөр, тодотгосон төлөвлөгөөнөөс 459.5 тэрбум төгрөгөөр буурсан байна. Нэгдсэн төсвийн зарлага 6,164.7 тэрбум төгрөгт хүрч батлагдсанаас 722.0 тэрбум төгрөгөөр бага гүйцэтгэлтэй гарсан нь төсвийн орлогыг тодотгосон түвшинд бүрдүүлж чадаагүйтэй холбоотой байна. Нийт зардалд урсгал зардал 73.8 хувийг, хөрөнгийн зардал 24.2 хувийг, эргэн төлөгдөх цэвэр зээл 2.0 хувийг тус тус эзэлж байна. 2013 оны Төсвийн тухай хуулиар ТЕЗ-дын үндсэн чиг үүрэгт хамаарах 101 хөтөлбөрийн 304 арга хэмжээг хүрэх үр дүн, зорилтот түвши нөөр нь баталсан боловч арга хэмжээний төлөвлөлт нь санхүүжилттэй уялдаагүй, хэрэгжилтийг санхүүжилт болон хүрэх түвшинтэй харьцуулан үнэлэх боломжгүй байна.  Орон нутгийн төсөвт 1,901.7 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж 1,769.9 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт хийснээр нэгдсэн төсвийн зардалд орон нутгийн төсвийн эзлэх хувь хэмжээ 28.7 хувь болж өмнөх оныхоос 3.4 дахин нэмэгдсэн байна” хэмээжээ.

Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг бүрэн эхээр нь ЭНД-ээс үзнэ үү.

Categories
мэдээ улс-төр

Газрын тухай хуулийг эргүүлэн татлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягаас УИХ-ын дарга З.Энхболдод хандан Газрын тухай хуулийн төслийг татан авч буй албан тоот илгээжээ. Уг бичигт “Үндсэн хуулийн үзэл баримтлал, зүйл заалтад чанд нийцүүлэн боловсруулсан Газрын тухай багц хуулийн төсөлд газрыг гадаадын иргэн, аж ахуй нэгжид өмчлүүлэх, эзэмшүүлэхийг зөвшөөрсөн заалт тусгасан мэтээр зарим этгээд улс төрийн зорилгоор мушгин гуйвуулж, олон нийтийн мэдээллийг хэрэгслийг ашиглан иргэдийн төөрөгдүүлж, гүтгэлгийн шинж чанартай үйл ажиллагаа өргөжүүлж байгаа тул Засгийн газар 2013 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Газрын тухай багц хуулийн төслийг татан авч байгааг үүгээр уламжил байна” хэмээсэн байна. Удахгүй эхлэх чуулганы хуралдаанаар уг албан бичгийг танилцуулж, хуулийн төслийг татан авч буйг ёсчлох аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Далайд гарцгүй ч далай аваргатай улс байлаа гэж

-фельетон-

Саяхан УИХ хуралдаж монгол бөхийн “далай аварга” цолыг хүчингүйд тооцлоо. Далайд гарцгүй ч гэсэн  далай аваргатай байсан юмсан. Үнэн хэрэгтээ, Далайд гарцтай орнуудын холбоо(ДГОХ)-ноос манай гадаад яаманд эсэргүүцлийн ноот ирүүлж “далайд гарцгүй хэвтэж “Далай” гэсэн нэр хэрэглэн, бидний хэрэгт өнгөлзөхөө болихыг хатуу сануулъя” гэснээс хамаг хэрэг үүдэж.

Парламентын шийдвэрийн дагуу Иргэний бүртгэлийнхэн ч  шуурхай ажиллаж  иргэн “Далайхүү”-гийн нэрээс Монголд байхгүй их усны нэрийг хассанаар уг ажил цааш өрнөж. Иргэн гомдол гарган шүүхдсэн  боловч 

-Чиний нэрээс “Далай”-г нь хасаад “хүү”-г нь үлдээсэн нь багадаа  юу? Олон таван юм ярьдаг ийм чалчигнасан этгээдэд “хүү” гэдэг тодотгол ч зохихгүй байна. Иймд нэрийг нь “охин” болго гэсэн шийд гаргасан гэх.  Өглөө Далайхүү нэртэй гэрээсээ гарсан хархүү оройдоо “оргүйд орвол охинтой”  төдий амьтан харьсан түүх энэ болой.

Түүнчлэн  бөхийн цолноо нэр дурдагдаж буй “заан, арслан” манай оронд бий билүү? Хаанахын ямар орны амьтны нэрийг, ямар зорилгоор манай улсад  хэрэглэж байгаа билээ гэсэн  хардлага ч гарчээ. Түүгээр ч барахгүй “Муусайн Азийн эрлийзүүд монгол бөхөөс савраа тат” сэдэвтэй эсэргүүцэл хийгээд амжиж. Учир нь заан, арслан хоёр нь Монголынх биш боловч Азийн унаган амьтан юм байна.

Харин өөдрөг үзэлтнүүд “Богд хаан заан тэжээж, Улсын цирк арслантай байсан үе бий” гэсэн санааг хэлж байна. Гэвч олж ирээд тэжээе гэхнээ ч олдохгүй “гарьд” л хэцүү байна гэлцэв.

УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг ч бас өөрийн гэсэн байр суурьтай аж. Монгол бөхийн цолонд хүйсийн тэгш байдал алдагдаж ирснийг засах цаг болсон гэж тэд үзжээ. Иймд наадмын үндэсний бөгөөд жендерлэг шинжийг хангахын тулд “Эрслэн”, “эмзаан”, “өндөглөгчгарьд” цолыг зэрэгцүүлэн хэрэглэх хуулийн төслийг өргөн бариад байгаа аж.

Хүн нь эх оронсог байхын хэрээр нэр цол нь эх оронлог болдог. Сүүлийн үед газар шороогоо гэсэн сэтгэлтэй айлууд хүүхдэдээ Газархүү, Шороомаа гэхчлэнгийн нэр өгч эхэлсэн сайхан эхлэл ч байна. Тийм болохоор эх орны хүчирхэг, том амьтан болох баавгай, хандгай, бугын нэрийг наадмын талбайд дуудуулахад нутаг орны лус, савдаг баярлана уу гэхээс гомдохгүй. Монголын нууц товчоо “Бөртө Чоно, Гоо марал…” хэмээн эхэлдэг байтал “аймгийн марал, улсын чоно”  гэхчлэнгийн цол наадмын дэвжээнд байхгүй байгааг юу гэж ойлгох вэ?

Дашрамд дурдахад аугаа их өвөг дээдсийнхээ онгон шүтээний нэрийг хэрэглэсэн практик “Чонон” Борис(хүний нэр), “Азийн чоно” (архины брэнд)гэсхийгээд дуусч байгаа нь бодууштай асуудал юм.

Түүнчлэн монгол хүнд ач буянаа хайрласаар ирсэн таван хошуу малаа дээдлэх нь наадмын нэг хэсэг байгууштай. Үхэр, тэмээ, адуу бол бяртай, том ч амьтан учраас бөхийн цол байхад болохгүй юмгүй. Үхрийг дотор нь монгол, сарлагаар ялган бөхийнхээ мөн чанарыг тодотгох боломжтой. 

Харин хонь, ямаа жижиг биетэй учраас “чимэг” болгон хэрэглэхэд таарна. Олон жил нэгнийгээ өшиглөж барилгүй номхон томоотой барилдсан бөх “хонь” чимэгтэй байхад гэмгүй. Тендер мээндрээс эхлээд юм л харагдвал дээр нь гарах сонирхолтой, албан тушаал харагдвал л авирдаг зарим нь ямаа чимэгтэй байхад таарамжтай мэт. Монгол ямаа гэр дээр гарах дуртай бол монгол бөх төр дээр гарах дуртай байдаг нь нэгийг өгүүлэх мэт. Энэ бол Монголын маш сайн малчдын нийгэмлэг (ММСМН)-ийн санаа.

Ардчилсан хүчний зарим гишүүд нам дотроо ротаци хийж ирсэн туршлагаа хуваалцахыг хүссэн байна. Тэд морины цолыг бөхөд, бөхийн цолыг моринд сольж олгон ротаци хийх замаар наадмаа шинэчлэхийг хүсчээ.

Инженерүүдийн санал ч бас сонин. Тэд бөхийн цол сэлт нь даяаршил хийгээд технологийн дэвшлийн нэгэн хэсэг байгууштай. Иймд хүчирхэг техникийн нэрээр алдарт бөхчүүдээ цолломоор байна гэв. Ухаандаа аварга  бөх нар маань яагаад “локомотив” цолтой байж болохгүй гэж. Олон зуун тонн мод нүүрсийг  урагш, хойш чирээд зөөдөг локомотивын сүр хүч, бяр чадал хязгааргүй гэдгийг  хэн хүнгүй мэднэ.

Түүнчлэн монгол хүний толгойд бүлтүүзэр (бульдозер) гэхээр техникийн хүч чадлын тухай төсөөлөл буудаг. Бас Камаз байна. Ер нь иймэрхүү цол нь Монгол орон маань бүтээн байгуулалт, уул уурхай дээрээ суурилан босч хөгжихийн бэлгэдэл болно. Бөхийнхөө цолыг “Зүүн талын магнайд байгаа улсын Катарпиллар миний бие…баруун талын жигүүрт байгаа аймгийн Камаз чиний биеийг  тэврэн… (тэврэн гэнээ хэ хэ)…амлан авч..” гэх маягаар дуудахыг харсан гадныхан манай хөгжлийн түвшин, технологийг бишрэн гайхах буйзаа.

Төгсгөл: Бөхийн талаархи төрийн бодлого нэг талыг барьсан, өрөөсгөл шинжтэй байгаа нь нууц биш.Олон ч жил тэвчлээ. Өнөөдөр ярих цаг нь болсоон гэж үзэж байна… Яг хэлчих гэхээр юм санаанд орж өгөхгүй байгаа боловч нэг талыг барьж байгаа нь тодорхой л доо, тодорхой.(Ер нь ингээд хэлчихээр зөвдөөд байдаг юм. Угаасаа нэг зэрэг хоёр талыг баримталж болохгүй юм чинь)

Categories
мэдээ цаг-үе

Төрийн өмчит 22 компанийг хувьчилна

Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоног хөтөлбөрийн хүрээнд төсвийг арвижуулж, улс оронд хөрөнгө татах хэд хэдэн даацтай хууль, тогтоолуудыг батлахаар болсон. Үүний нэг нь төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл юм. ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж  уг төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн барилаа. 

Төрийн өмчийг хувьчлах хийгээд хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг УИХ-аар батална. Тогтоолын төсөлд дурдсанаар нийт 22 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийг хувьчилж, өөрчлөн байгуулах юм байна. Эдгээр аж ахуй нэгжүүдийг “төрийн эзэмшлийн хувийг бүрэн хувьчлах”, “төрийн эзэмшлийн хувийг бууруулах” гэсэн хоёр ангилалд хуваажээ. Хувьчлалыг хийхдээ зах зээлийн тааламжит нөхцөл бий болсон, хөрөнгийн зах зээл дээр хүлээн авах чадамж бүрдсэн, хувьчлалын бэлтгэл ажил бүрэн хийж дууссан үед гүйцэтгэхээр тогтоолын төслийг боловсруулсан байна. Юутай ч УИХ-аар хувьчлах 22 аж ахуй нэгжүүдийн нэрсийг сонирхуулъя.

Бүрэн хувьчлагдах хуулийн этгээдүүд

Дараахь 13 төрийн өмчит компанийг бүрэн хувьчлах юм. Ингэхдээ нээлттэй дуудлага худалдаа болон уралдаант шалгаруулалтаар хувьчлах ажээ. 

1.“Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийг өргөтгөх, техник, технологийг шинэчлэх, зардал бууруулах, үйлчилгээний шуурхай, найдвартай байдлыг хангах зорилгоор нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар үндэсний компанид хувьчлах;

2.“Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийг өргөтгөх, техник, технологийг шинэчлэх, зардал бууруулах, үйлчилгээний шуурхай, найдвартай байдлыг хангах зорилгоор нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар үндэсний компанид хувьчлах;

3. “Цагаан шонхор” төрийн өмчит үйлдвэрийн газрыг нээлт­тэй дуудлага худал­даагаар худалдах;

4. “Оргил рашаан сувилал” төрийн өмчит хувьцаат компанийг үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүй нөхцөлтэйгөөр нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;

5. “Кино урлагийн дээд сургууль” хязгаарлагдмал ха­риуц­лагатай компанийн төрийн эзэмшлийн нийт хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгож, татгалзсан тохиолдолд нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;

6. “Авто импекс” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгож, татгалзсан тохиолдолд төрийн эзэмшил хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан арилжих;

7. “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан арилжих;

8.  “Монсам” төрийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувьцааг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах;

9. “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах;

10. Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпорацийг үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүй нөхцөлтэйгөөр оюуны өмчийн үнэлгээг харгалзан зөвхөн салбарын эрдэмтэн, судлаачдын багт хаалттай уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах; 

11. “Эрчим” корпорацийг үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүй нөхцөлтэйгөөр оюуны өмчийн үнэлгээг харгалзан зөвхөн салбарын эрдэмтэн, судлаачдын багт хаалттай уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;

12. “Армоно” корпорацийг үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүй нөхцөлтэйгөөр оюуны өмчийн үнэлгээг харгалзан зөвхөн салбарын эрдэмтэн, судлаачдын багт хаалттай уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах; 

13. Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийг үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүй нөхцөлтэйгөөр оюуны өмчийн үнэлгээг харгалзан зөвхөн салбарын эрдэмтэн, судлаачдын багт хаалттай уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах.

Төрийн эзэмшлийн хувь хэмжээг ингэж бууруулна

1. “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн бүтцийг өөрчлөн зохион байгуулж, нийт хувьцааны 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хувийг үе шаттайгаар стратегийн болон санхүүгийн хөрөнгө оруулагч нарт санал болгох, хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр нээлттэй арилжих;

2. “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” /төрийн өмчит үйлдвэрийн газар/-г компанийн хэлбэрт шилжүүлж, компанийн 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг үе шаттайгаар хувьчлах;

3. “Хөдөө аж ахуйн бирж” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлж, нийт хувьцааны 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг Монголын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжих;

4. “Монгол шуудан” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцааны 34 хувьтай тэнцэх хэмжээнд нэмэлт хувьцаа гаргаж, Монголын хөрөнгийн биржээр арилжих;

5. “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 49 хүртэлх хувийг нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;

6. “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг 34 хувь байлгах хэмжээнд нэмэлт хувьцаа гарган хөрөнгө оруулагчдыг татах;

7. “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд үе шаттайгаар хувьчлах;

8. “Шивээ-Овоо” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн 20 хүртэл хувьд ногдох хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр арилжих;

9. “Багануур” хувьцаат компанийн нийт хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгах хэмжээнд нэмэлт хувьцаа гаргаж, Монголын хөрөнгийн биржээр арилжих;

Төрийн өмчит нийт 32 аж ахуй нэгжийг хувьчилна. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд хуулинд зааснаар дээрх  22 аж ахуй нэгжийн 13-ыг нь бүрэн хувьчилж, есийнх нь төрийн эзэмшлийн хувь хэмжээг бууруулах юм. Харин одоогоор нэрс нь эцэслэн албажаагүй байгаа төрийн өмчит арван компанийн бүтцийг өөрчлөх ажээ. Үүнийг Засгийн газар шийднэ.  

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

МУИС-ийн төгсөгчид хэмнэсэн мөнгөөрөө эмчилгээний аппарат авч өглөө

-ХСҮТ-ийн туяа эмчилгээний тасагт 9.3 сая төгрөгийн тоног төхөөрөмж бэлэглэжээ-

Монгол Улсын их сур­гууль 69 дэх төгсөлтөө хий­­лээ. Тус сургуулийн Хэрэг­лээ­ний шинжлэх ухаан, инже­нерчлэлийн сургууль, Хууль зүйн сургууль, Шинжлэх ухаа­ны сургууль, Олон ул­сын харилцаа, нийтийн удирд­лагын сургууль, Бизнесийн сургуулийг бакалавр зэрэгтэй 3418, магистр 415, хоёр доктор төгсөж байгаа ажээ.

Өнөө жил МУИС бүтцийн өөрчлөлтөд орж анхныхаа төгсөлтийг хийж буй гэдгээрээ онцлогтой. Олон улсын сэтгүүлч, эдийн засагч, эрхзүйч зэрэг 160 гаруй мэргэжлээр төгсөж буй оюутнууд ажил, амьдралын их замд хүч нэмэн орж ирж байгаа юм. 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрхзүйн ангийг өнөө жил 120 оюутан төгсөж байна. Тэд хонхны баярын илүү зардлаа хэмнэн Хавдар судлалын үндэсний төвд зүрхний дефибирилляторын аппарат авч өгчээ. Тэд өнгөрсөн өвлөөс хонхны баяраа хэрхэн тэмдэглэх талаар ярилцжээ. Ганцхан өдөр зугаацахын тулд зарлагадах мөнгөнийхөө тодорхой хэсгийг сайн үйлсэд зориулъя гэж шийдсэн байна. Ингээд Хавдар судлалын үндэсний төвд хандан хэрэгтэй тоног төхөөрөмжийн талаар судалгаа авчээ. Тус эмнэлэгт өвчтөний зүрхний хэм алдагдахад яаралтай оруулдаг дефибирилляторын аппарат нэн тэргүүнд шаардлагатай гэжээ. Эмнэлгийн хэмжээнд ганцхан байдаг, хүчин чадал багатай дээрх аппарат харьцангуй боломжийн үнэтэй байдаг болохоор эмнэлгийнхэн төгсөгчдөд саналаа өгсөн гэнэ. Ингээд 9.3 сая төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж худалдан авч өгчээ. Энэхүү сайн үйлсийг санаачилсан Хууль зүйн сургуулийн төгсөгч Т.Энхжаргалтай уулзлаа.

-Оюутнууд их, дээд сургуулиа төгсөж байна гээд хэдэн зуун мянгаар нь мөнгө үрдэг. Ганцхан өдөр идэж уух мөнгөөрөө олон нийтэд, тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд хэрэгтэй зүйл хийе гэсэн юм. Ингээд ХСҮТ-д санал тавиад Туяа эмчилгээний тасагт нь аппарат авч өгөхөөр болсон юм. Уг аппаратаар үхлийн ирмэг дээр байгаа өвчтөнийг босгож ирдэг гэсэн. Одоо байгаа ганцынх нь хүчин чадал муу. Тиймээс шинийг авч өгөөч гэх санал ирсэн. Хүүхдийн тасагт нь авч өгсөн ч гэлээ томчууд бас хэрэглэж болно. 

-Зардлаа багасгаж байгаад аппарат авсан гэсэн. Ямар зардлаа хассан бэ?

-Хонхны баяр зохион байгуулдаг тусгай компани байдаг. Сүүлийн үед төгсөж байгаа оюутнууд дандаа аль нэгэн байгууллагаар баярын арга хэмжээгээ зохиолгодог болсон. Бид үүнээс татгалзсан юм. Бас автобус хөлслөн талбай, Зайсан, Гандантэгчинлэн хийд зэрэг газраар явдаг. Үүнийгээ больсон. Тэртэй тэргүй бүгд очоод үзчихсэн. Бас охидууддаа олон төрлийн хувцас сольж өмсөхгүй байхыг уриалсан. Хонхны баярын өдрөөрөө хувцсанд өндөр ач холбогдол өгөхгүй байхыг манайхан бүгдээрээ дэмжсэн. Нэг бол дээлээ, нэг бол даашинзаа л өмсөөрэй гэж уриалсан. Бидний саналыг манай төгсөлтийнхөн маш сайхан хүлээж авсан шүү. Угаасаа олон хувцас сольж өмсөх өөрсдөд нь ч дарамт болдог. Хувцсанд л гэхэд сая гаруй төгрөг зарцуулсан байдаг. Гэтэл иймэрхүү өндөр зардлаа багасгаад олон нийтэд хэрэгтэй зүйлд зориулж болно гэдгийг бид харуулж чадлаа.

-Мөнгөө хэрхэн цуглуулсан бэ?

-Манай төгсөлтийн 120 оюутан байна. Нэг оюутан 50 мянган төгрөг хандивласан. Үүнийхээ зэрэгцээ сургууль дээрээ хандивын хайрцаг аялуулсан юм. Багш, ажилтнуудаас гадна бусад курсийн оюутнууд маань боломжийнхоо хэрээр хандив өргөж байлаа. Мөн манай сургуулийг төгссөн хуульч, өмгөөлөгч нарыг уг арга хэмжээндээ татан оруулсан. Харин аппаратаа “Монос”-оос худалдаж авсан. Бид ийм зорилгоор аппарат худалдаж авч байна гэхэд “Монос”-ынхон бидэнд 20 хувийн хөнгөлөлт үзүүллээ. Энэ мэтчилэн олон хүний тус дэмээр аппарат авч бэлэглэлээ.

Төгсөгчид өчигдөр Чингэсийн талбайд эрдмийн баяраа хийсэн. Энэ үеэр сургуулиа онц төгсөж байгаа зарим оюутанд МУИС-ийн захирал А.Галтбаяр ромбо, дипломыг нь гардуулан өгсөн юм. Сургуулиа төгсөөд хөөрч догдолсон оюутнууд Чингэсийн талбай дээр оргилуун дарс буудуулан энд тэндгүй цаасан аягаа хаясан байлаа. Талбай дээр эрдмийн баяраа хийсний дараа ресторан руу явна гэцгээж байв. Харин ихэнх ангийнхан ирэх амралтын өдрөөр амралтанд явахаар төлөвлөжээ. Хууль зүйн сургуулийнхан ч бас ирэх хагас, бүтэн сайнд салхинд гарах гэж байгаа гэсэн. “Бид зохих хэмжээгээр хандив цуглуулан олон хүн баярлуулсан. Өөрсдийгөө юу гэж мартах билээ. Зарим ангийнхан өнгөрсөн амралтын өдөр, зарим нь ирэх хагас бүтэн сайнд амралтанд явж оюутан цагийн сүүлийн өдрүүдээ үдэх гэж байна” гэж тэд ярьж байв.

С.АЛТАН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга манай улсад айлчилна

УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга хатагтай Валентина Ивановна Матвиенко тэргүүьэй төлөөлөгчид энэ сарын 22-23-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсоор айлчилхаар болжээ.

ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга айлчлалынхаа хүрээнд УИХ-ын дарга З.Энхболдтой хэлэлцээ хийж, Санамж бичигт гарын үсэг зурахын зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах аж. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд нар хатагтай В.И.Матвиенкод бараалхах юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Г.Батхүү айлчлалын бүрэлдэхүүнд багтсан ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөл дэх Монгол Улсын Их Хуралтай харилцах бүлгийн гишүүдийг хүлээн авч уулзах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Монголд анх удаа Тогорууны баяр боллоо

Дэлхийн олон улс орнуудад жил бүр Тогорууны баяр зохион байгуулагддаг бөгөөд энэ баярын үеэр хүмүүс энэхүү үзэсгэлэнт шувуудыг харан баясахаас гадна, тогоруу болон тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах үйлсэд дуу хоолойгоо нэгтгэх боломж бүрддэг байна.

Монголд анх удаа Тогорууны баярыг амжилттай зохион байгууллаа. Энэ сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд зохион байгуулсан тус баярыг Олон улсын тогорууны сан болон Зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс санаачлан Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Биндэр сумын ЗДТГ, ИТХ болон бусад байгууллагууд дэмжсэн аж. 

Баярын үеэр ховор зүйлийн тогоруунууд болон тэдгээрийг хамгаалах асуудлууд, байгаль орчны холбогдох хууль тогтоомжууд, мөн Хурхын хөндийд  хийгдэж буй цэн тогорууны судалгааны тухай мэдээллийг ТББ-ууд болон нутгийн иргэдэд хүргэсэн байна.

Categories
мэдээ спорт

Азийн наадмын ЗБХ-ны ерөнхийлөгч Ким Ён-Сү Монголд иржээ

Инчёон-2014” Азийн XVII наадмын Зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Ким Ён-Сү тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 20-24-ний өдөр Улаанбаатар хотод зочилж, МҮОХ-ны удирдах албаны хүмүүстэй хамтын ажиллагааны асуудал хэлэлцэнэ.

Ноён Ким Ён Сү нь 72 настай, хуульч мэргэжилтэй, тус улсын спортын сайд бөгөөд парламентын гишүүний албыг хашиж байсан олны танил нийгэм, улс төрийн  зүтгэлтэн юм. Азийн зуны спортын XVII наадам ирэх намар есдүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-нд БНСУ-ын гурав дахь том хот Инчёонд болно.                                                                           

Энэ удаагийн наадамд 38 спортын төрлөөр тивийн 45 орны тамирчин өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа базааж байна. Өмнө нь БНСУ-ын Сөүл (1986), Бусан (2002) хотынхон Ази тивийн олимпийн наадмыг амжилттай зохион байгуулсан түүхтэй юм.

Монголын баг тамирчдын хувьд 1974 оноос хойш нийт есөн удаа Азийн наадамд оролцож байсан уламжлал ёсоор энэ удаа спортын 25 төрлөөр 340 тамирчны урьдчилсан мэдүүлгийг БНСУ-ын Азийн наадмын Зохион байгуулах хороонд илгээгээд байна.

Categories
мэдээ нийгэм

Шинээр барьж буй автобусны буудлуудад үнэгүй интернет суурилуулна

Нийслэлийн өнгө төрхийг сайжруулах, иргэдийнхээ ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэх үүднээс Улаанбаатар хотын Захирагчийн   ажлын алба, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Нийслэлийн авто замын газартай Худалдаа хөгжлийн банк хамтын ажиллагааны гэрээ байгуулан  нэгдсэн стандарт бүхий нийтийн тээврийн зогсоол барьж эхэллээ.  Гэрээний хүрээнд гүйцэтгэгч компаниуд Францын “JCDecaux” группээс холбогдох зөвлөгөө тусламжийг аван Улаанбаатар хотын 200 цэгт автобусны буудал, гудамж талбайн байршил заасан чиглүүлэгч, тээврийн хэрэгсэл, такси, метро, дугуйн замын зогсоолын  хүлээлгийн талбайд байгууламж барина.  

Автобусны зогсоол нь нар салхинаас хамгаалах хамгаалалтын саравчтай, зэвд тэсвэртэй төмрөөр хийгдсэн автобусны чиглэл, буудлын нэрийг тодорхой бичсэн, олон улсын стандартын дагуу халуун цайраар шүршсэн төмөр хийцтэй байх юм. Мөн мэдээллийн самбарууд нь давхар Say-ray усны хамгаалалттай, тог бага зарцуулдаг led гэрэлтүүлэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээлэл түгээх аудио төхөөрөмжтэй. Энэхүү төхөөрөмж нь нарны энергиэр ажилладаг  нэмэлт зай хураагууртай 5 м радиуст дуу авиаг дамжуулна. Автобус хүлээж буй иргэдэд зориулан  20 минут үнэгүй интернет хэрэглэх wifi төхөөрөмж суурилуулж байгаа юм.  2014 онд 69 автобусны буудал барих бөгөөд 31 буудлыг наадмын өмнө үлдсэнийг 8 сард багтаан ашиглалтад оруулна.