Categories
мэдээ нийгэм

Наадмаар хуушуур зарах зөвшөөрлийг ирэх сарын 1-ээс олгоно

Жил бүрийн наадмаар Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд иргэд худалдаа үйлчилгээ эрхэлдэг. Тэгвэл энэ жил тус газруудад худалдаа үйлчилгээ эрхэлж, хуушуур, ундаа зарах иргэдийн зөвшөөрлийг ирэх долоодугаар сарын 01-05-ний өдрүүдэд харьяа дүүргийнх нь Үйлдвэр үйлчилгээний газраас олгох юм байна.

Нийслэлийн Захирагчийн албанаас энэ жилийн хувьд 900 зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн ба үүний 70 хувь нь хуушуурын зөвшөөрөл байх аж. Худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэд хүнсний аюулгүй байдлыг нэгдүгээрт тавих хэрэгтэй. Үйлчилгээ эрхэлж буй бүх хүмүүсийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулна гэж Захирагчийн албаны Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга ярилаа.

Мөн энэ жил эдийн засаг хямарсантай холбоотойгоор иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор худалдаа үйлчилгээний зөвшөөрлийг хувь хүмүүст олгох юм байна. Зөвшөөрлийн үнийн хувьд өнгөрсөн жилийнхтэй адил буюу Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ эрхлэх бол 15 мянга, Төв цэнгэлдэх хүрээлэнд бол 20 мянган төгрөг төлөх аж.

Categories
мэдээ нийгэм

Д.Одхүү: Цахилгаан эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа өнөө үед Эгийн голын УЦС-ын төслийг хойш тавилгүй нэн даруй хэрэгжүүлэх цаг нь ирсэн

Эгийн голын усан цахилгаан станц төслийн нэгжийн захирал Д.Одхүүтэй ярилцлаа. 

-Эгийн голын усан цахилгаан станц төслийг эхлүүлэх шийдвэр гаргах үед буюу өнгөрсөн оны сүүлчээр эдийн засаг харьцангуй тогтвортой байсан. Гэтэл он гарсаар нөхцөл байдал дордож эхэлсэн. Цаашид санхүүгийн хямрал удаан хугацаанд үргэлжлэх төлөв ажиглагдаж байна хэмээн зарим эдийн засагчид ч хэлэх боллоо. Ийм үед ЭГУЦС-ын төсөл дахин бүтэлгүйтэх вий гэсэн болгоомжлол байгаад байх шиг?

-Өнгөрсөн оны 11 дүгээр сард Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн горимын тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, импортын эрчим хүчний хамаарлаас гарах зорилгоор Эгийн голын усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах шийдвэрийг гаргасан. Үүний дагуу төслийн нэгж байгуулагдаж, эхний ээлжинд шаардагдах санхүүжилтийн хөрөнгийн эх үүсвэрийг Таван толгойн нүүрсний орд газрыг түшиглэн барих 450 МВт-ын цахилгаан станцын төсөлд зарцуулахаар шийдвэрлэсэн 50 сая ам.долларын эх үүсвэрээс ашиглах эрхийг олгосон. Тухайн үед нь шаардагдах хөрөнгийг төрөл бүрийн зээлийн эх үүсвэр, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар бүрдүүлэхээр болсон.  Энэ төслийг хэрэгжүүлэх нь цаг үеийн шаардлага болоод байгаа учраас Монгол Улсын Их Хурал,Засгийн газар, Эрчим хүчний Яам болон бусад холбогдох газрууд дэмжиж байгаа. Өмнө нь энэ төсөл хоёр ч удаа бүтэлгүйтсэн нь үнэн. Хүн бүр өөрийнхөөрөө ойлгож, тайлбарладаг. Энэ нь тэдний хувьд өөрсдөд нь зөв болоод л яваг. Төслийн нэгжийн захирал гэхээсээ илүү Д.Одхүү гэдэг хувь хүнийхээ байр сууринаас авч үзвэл энэ нь зөвхөн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаагүй гадаад болон дотоод олон нөхцлүүдээс хамааралтай. Магадгүй 1990-ээд оны эхээр цаг нь болоогүй ч байсан байж болох талтай. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил ирэх тусам тогтвортой өсөн нэмэгдэж байгаа өнөө үед энэ төслийг хойш тавилгүй нэн даруй хэрэгжүүлэх цаг нь ирсэн. Одоо бол санхүүжилт зогсч, төсөл хэрэгжихгүй байх вий гэдэг дээр бус ажлаа өмнөх алдааг давталгүй, хэрхэн чанартай, шуурхай гүйцэтгэх дээр л төвлөрч, шалтгаан тоочих бус зорилгоо биелүүлэхийн төлөө мэргэжлийн инженер, мэргэжилтнүүд манай төсөлд ажиллаж байна. Хөрөнгө оруулалтыг нь тасалдуулалгүй, хугацаанд нь олгож байвал бидний ажил ямар нэгэн саадгүй бүтнэ.

-Төслийн төсөвт өртөг батлагдсан уу?

– ТЭЗҮ-ийн шинэчлэл, эдийн засгийн тооцооллын үнэлгээ зэрэг нь ирэх сард батлагдах учраас тухайн үед хэдий хэмжээний өртгөөр станц босох нь тодорхой болно. Өмнө нь 1992-1995 онд ТЭЗҮ хийгдсэн гэх утгаараа зарим талаар дөхөмтэй байгаа. Тэндээс шууд авч ашиглах эсвэл засч сайжруулаад тооцоолол судалгаандаа ашиглах олон зүйлс бий. Одоогоос 20-оод жилийн өмнө батлагдсан хэдий ч саяхныг хүртэл сайн төсөл хэмээн сайшаагдаж байсан юм шүү. 

-ЭГУЦС Монголын эрчим хүчний системд горим тохируулагч хэлбэрээр оролцоно гэдгийг та тайлбарлаач?

-Эгийн голын 315 МВт хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэсэн эрчим хүчийг 220 кВ-ийн хоёр хэлхээ бүхий цахилгаан дамжуулах агаарын шугамаар Эрдэнэт дэд станцаар дамжуулан Монгол Улсын төвийн эрчим хүчний системд нийлүүлнэ. Ингэснээр өдрийн болон оройн оргил ачааллын үед Оросоос эрчим хүч импортлох бус дотоодоосоо буюу ЭГУЦС-аасаа нийлүүлнэ.Цахилгаан эрчим хүчний хэрэглээнд тохируулж эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэх утгаараа усан цахилгаан станц эрчим хүчний системд горим тохируулагч болж өгдөг. Нүүрснээс эрчим хүч гаргадаг дулааны цахилгаан станцуудын хувьд эрчим хүчний хэрэглээ бага үед үйлдвэрлэлээ түүнд нь тохируулах боломж нь хүндрэлтэй байдаг. Үүнээс үүдэн хэрэглэгчид үргүй цахилгаан үйлдвэрлэсэн өртгийг, хэрэглэсэн эрчим хүчнийхээ үнэтэй хамт төлдөг. Оросын холбооны улсаас жил бүр импортолдог 25-26 сая ам.долларын өртөг бүхий эрчим хүчийг усан цахилгаан станц маань үйлдвэрлээд зогсохгүй цаашилбал ДЦС-ууддаа дэм өгөх боломжтой. Төсөл дээр дэлхийд тэргүүлэгч Францын “Tractebel Engineering” компани зөвлөхөөр ажиллаж байна. Бид өөрсдийн хүчээр буюу Барилгын инженерийн их сургуулийн эрдэмтдийн тооцооллыг зөвлөх компанийнхтай тулгахад зөрүү ажиглагдаагүй. Ганц нэгхэн зарчмын зөрүүтэй зүйлс байсныг үгүйсгэхгүй. Суурилах хүчин чадлыг 315 мВт-аар тогтоосон. 

-ЭГУЦС барих төслийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд гэвэл?

-113 метр өндөр, 744 метр урт булдаж нягтруулсан бетон далан барихаар төлөвлөж байна. Тус далангаар хашигдах нуурын толион талбай нь 151 ам.дөрвөлжин км. Тус бүр нь 69 МВт хүчин чадал бүхий дөрвөн мөн тус бүр 20 МВт хүчин чадал бүхий хоёр турбин генератор суурилуулах юм. Үйлдвэрлэсэн эрчим хүчээ 220 кВ-н хоёр хэлхээ бүхий цахилгаан дамжуулах агаарын шугамаар Эрдэнэт дэд станцаар дамжуулан Монгол Улсын төвийн эрчим хүчний системд нийлүүлэх учраас ЭГУЦС Эрдэнэт хотыг холбосон 72.3 км урт цахилгаан дамжуулах шугамыг барих юм. Мөн 78 км авто зам, Сэлэнгэ мөрөн дээгүүр 324 м урт гүүр баригдана.

-Усан сангийн нутаг дэвсгэрт хамаарагдах Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хангай багийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр болсон тухайгаа дэлгэрэнгүй яриач?

– Сарын өмнө Хантай багийн иргэдийн хурал дээр төслөө танилцуулсан. Энэ үеэр иргэдийн сонирхсон асуултанд ч хариулсан. Орон нутгийн иргэд маань манай төслийг дэмжиж байгаа. Бид бүтээн байгуулалт явагдах тухайн орчны байгалийн унаган төрх, эко систем, амьтны төрөл зүйл гээд бүгдийг нь тэр хэвээр нь хадгалж үлдэхийн тулд олон талт судалгаа шинжилгээний ажлыг хийж байгаа. Нүүлгэн шилжүүлэлтийг хэрхэн хийх, үүнд зарцуулагдах хөрөнгийн санхүүжилт, иргэдэд олгох нөхөн олговор өгөх эсэх асуудлууд нь удахгүй тодорхой болно. Энэ бүх асуудлыг манай төслийн нэгж дангаар шийдэхгүй нь мэдээж. Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан Булган, Орхон аймгийн ЗДТГ, төслийн нэгжийн дэд захирал тэргүүтэй мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг дээр талбай чөлөөлөлтийн ажлын зохион байгуулалтыг хэлэлцэнэ. Багийн иргэдийн өөрсдийн сонголтоор одоогийн суурьшлын бүсээс 4-5 км зайд буюу усан цахилгаан станцын нуурын эрэг хавьцаа нүүлгэн суурьшуулахаар газраа товлоод байна. 

-Байгалиа унаган төрхөөр нь авч үлдэхийн тулд олон талт судалгаа шинжилгээний ажлууд хийгдэж байгаа учраас нутгийн иргэд төслийг хэрэгжүүлэхийн эсрэг зогсохгүй байна гэж ойлгож болох нь ээ?

-Яг тийм. Нутгийн иргэд бүтээн байгуулалттэр дундаа байгаль орчинд ээлтэй гэдгээр нь ихээхэн дэмжиж байгаа. Хамгийн чухал нь олон жил идээшиж дассан газар нутгийг нь ганц усан цахилгаан станц бариад орвонгоор нь эргүүлчихэж магадгүй нь гэсэн Хантай багийнхны эргэлзээ бүр мөсөн арилсан. Тухайлбал энэ сарын эхээр ШУА-ийн Археологийн хүрээлэн, Түүхийн хүрээлэн, ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн археологийн баг, МУИС-ийн Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхим, Монголын үндэсний музей-Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн хамтарсан таван багийн багийн 170 гаруй археологийн эрдэм шинжилгээний ажилтанархеологийн авран хамгаалах, малтлага судалгааны ажилдаа гарсан. Одоогоор Эрдэнэтээс төслийн талбар хүртлэх замд 22 археологийн олдворыг тогтоож, цэвэрлэн, баримтжуулж байна. Ер нь төсөл хэрэгжих бүс нутагт 300-аад эртний ховор олдвор байгаа нь археологийн удаа дараагийн судалгаагаар тогтоогдсон. Эгийн голд Монгол орны тул загасны багагүй хэсэг нь амьдардаг учраас Байгаль хамгаалах Монголын тул сантай хамтран ажиллаж байна. Орхон Сэлэнгийн бэлчирээс эхлээд усан сан байгуулагдах газар хүртэлх Сэлэнгэ мөрөн, Эгийн голын загас болон  усны амьтдын судалгааг хийж байна. Гэхдээ усан цахилгаан станц байгуулагдсанаар загасны тоо толгой буурах нь бүү хэл, томоохон хэмжээний нуур үүсэх учраас харин биологийн таатай нөхцөл бүрдэхийн эрдэмтэд онцолж байсан. Давхар мод хөрс, бусад төрлийн ан амьтан зэрэг экологийн бүх төрөл зүйлийн судалгааг иж бүрнээр нь хийж байна. Өмнө нь палеонтологийн талаар ямар нэгэн судалгаа байгаагүй учраас саяхан энэ чиглэлийн судалгааг хийлгэсэн. Өөрөөр хэлбэл ШУА-ийн Палеонтологийн төвийн судалгаагаар палеонтологийн ямар нэгэн олдворгүй гэдгийг албан ёсоор тогтоох судалгаа хийсэн гэсэн үг шүү дээ. 

-Малталтаас илэрсэн түүхийн олдворуудаар орон нутагт музейбайгуулна гэдэг үнэн үү?

-Нэн ховор үзмэрүүдийгмэдээж үндэсний архелогийн музейд хүргүүлнэ. Бусдыг нь Эгийн голын усан цахилгаан станцынхаа хажууд байгуулах музейдээ байршуулна. Мэдээж тодорхой тооны олдворуудыг аймаг, орон нутгийн музейн үзмэр болгоно. ЭГУЦС байгуулагдана гэдэг нь аялал жуулчлалын шинэ чиглэлийг бий болгож байгаа хэрэг. Газарзүйн содон тогтоц, бүтээн байгуулалтыг үзэхээр олон хүн тийш зорих нь тодорхой учраас станцынхаа хажууд музей байгуулахаар болсон. Өмнө нь хүрэл зэвсгийн үеийн дуулга, тогоо, Хүннү гүрний үеийн алтаар чимэглэсэн тэрэг бүхий булш хүртэл олдож байсан юм шүү дээ. 

-Усан цахилгаан станц хэдэн жилд өртгөө нөхөх вэ?

-Нүүрснээс эрчим хүч дулаан гаргаж авдаг Дулааны цахилгаан станц алдагдалтай ажилладаг бол сэргээгдэх эрчим хүчний станцууд өөрийн өртгөө бүрэн нөхөөд зогсохгүй, ашигтай ажилладаг. 2020 он гэхэд ЭГУЦС импортын эрчим хүчний дийлэнхийг үйлдвэрлэх боломжтой. Усан цахилгаан станцыг 50-100 жил ажиллана гэж үздэг. Эгийн голын усан цахилгаан станцын хувьд өртгөө хэдийд нөхөх талаарх судалгаа гараагүй байгаа ч ерөнхийдөө усан цахилгаан станц 15-20 жилийн дотор өөрийн өртгөө нөхдөг. Тэгвэл үлдсэн 80 жилд нь цэвэр ашигтай ажиллана гэсэн үг. 

-ЭГУЦС Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад голлох үүрэг гүйцэтгэнэ гэж хэлж байхыг чинь сонссон. Яагаад?

-Энд огт гайхаад байх зүйлгүй. Эгийн голын усан цахилгаан станцтай ижил хүчин чадал бүхий ДЦС-ыг Улаанбаатар хотод барьсан бол доод тал нь 500 мянган тонн хүлэмжийн хийг Улаанбаатар хотын агаарт ялгаруулах байсан. Харин УЦС огт хүлэмжийн хий ялгаруулдаггүй. Хүчин чадлын хувьд манайхаас дутахааргүй хоёр гуравхан усан цахилгаан станц нэмээд барьчих юм бол Монгол Улсын эрчим хүчний системийн эх үүсвэрийн бүтцэд ихээхэн өөрчлөлт орж, улмаар эрчим хүчний салбарт шинэ эрин эхлэх юм. Багануур, Шивээ Овоо, Шарын гол зэрэг томоохон нүүрсний ордуудынхаа дэргэд цахилгаан станцуудаа байгуулаад эрчим хүчээнийлүүлж байхад утааны асуудлаасаа салж болно. Харин нийслэлчүүдийн цахилгааны асуудлыг ингээд шийдчихлээ гэхэд дулаанаа утаагүй, хийгээр ажилладаг дулааны станцуудыг дүүрэг бүрт, хороодын дунд байгуулах хэрэгтэй. 

Categories
мэдээ нийгэм

Ё.Отгонбаяр гишүүн “ТАЛД АССАН ТҮЙМЭР” номын нээлтээ хийв

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын Монгол эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг товчоолон өгүүлсэн цуврал бүтээлийн эхнийх нь болох “ТАЛД АССАН ТҮЙМЭР” номын нээлтийн ажиллагаа “Интерном” номын дэлгүүрт боллоо.  Энэхүү бүтээлийг Эрдэнэ дайчин хошой Чин ван Ханддоржийн мэндэлсний 145 жилийн ойд зориулан Булган аймгийн нутгийн зөвлөлөөс ивээн тэтгэж гаргаж байгаа юм. Бараг хоёр жилийн өмнөөс тэрээр twitter сүлжээгээр Монголын эрт эдүгээ түүхийн баримтуудыг маш сонирхолтой жиргэж хэвшсэн. Түүх өгүүлсэн эл жиргээг нь унших дуртай мянга мянган дагагч-уншигчдын хувьд олон ЯАГААД гэсэн асуултын хариуг энэхүү цуврал бүтээлүүдээс харж болох нь ээ.

Уг бүтээлийг туурвих болсон учир шалтгааны тухай зохиогч хэлэхдээ  “….Монгол Улсын маань тусгаар тогтнолын төлөө эцэг өвгөд, ихэс дээдсийн маань тэмцэл, ялалт, ялагдлын үнэн түүхийг өгүүлэхийг эрмэлзэхээс гадна олон улсын харилцаагаар мэргэжсэн хүний хувьд улсынхаа түүхийг тухайн үеийн  дэлхийн улс орнуудын улс төрийн нөхцөл байдалтай холбон өгүүлэх хэрэгцээ байна гэж үзсэн.  Түүх эргэн давтагддаг хэмээдэг. Энэ цагт бид Оюу Толгой, Таван толгой гэх мэтийн ордууд, төмөр замын тухай маргалдан мэтгэлцэж буй үед ХХ зууны эхэнд мөн л яригдаж ирсэн “Монголор”-ын алтны уурхай, Дорнод Хятадын төмөр зам Монгол орны хувь заяанд ямархуу үүрэг гүйцэтгэснийг уншин эргэцүүлж, нэгийг бодох нь бас чухал гэж бодсон юм…” гэв. 

ХХ зууны эхэнд дэлхий даяараа их гүрнүүдийн дарлалд улс орнууд нухлагдан байсан үед өөрийнхөө тусгаар тогтнолыг зарлан гарч ирсэн цөөхөн улсын нэг нь монголчууд юм. Дөнгөж зарласан тусгаар тогтнолоо хамгаалах, гадаад улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө бүтэн жарны турш ээдрээтэй бэрхшээлтэй замаар замнан, алдаа онооны нугачаанд бүдэрч боссон түүхийг эл номд өгүүлсэн байна. Бичиж найруулахдаа эсээ буюу нийтлэлийн хэлбэрийг өргөн ашиглаж, ямар ч нас, мэргэжлийн хүн уншихад ойлгоход хялбар дөхөм, уншууртай туурвиж чадсан тус бүтээл уншигч Таны Монголын түүхийн мэдлэгийн санд чухал хандив болж, улс үндсээ хэмээсэн үзэл бодлыг тань улам ирлэж өгөх нь дамжиггүй.  

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭЗХЯ-наас чагнах төхөөрөмж илэрчээ

Эдийн засгийн хөгжлийн яамнаас чагнах төхөөрөмж илэрсэн байна. Энэ тухай Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ хэллээ.

Тус яамнаас чагнах төхөөрөмж илэрсэнтэй холбоотойгоор Ерөнхий сайд яг одоо бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг өрөөндөө цуглахыг хүслээ.

Эдийн засгийн хөгжлийн яамнаас чагнах төхөөрөмж илэрсэн тул Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр тэргүүтэй, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Шинэбаатар нар эл асуудлын учрыг олохоор гадуур ажиллаж буй юм байна.

Categories
гадаад мэдээ

Ж.Керри Иракт айлчилна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ойрын өдрүүдэд Ирак болон Ойрхи Дорнодын орнуудад айлчлах гэнэ. Энэ тухай Ерөнхийлөгч Б.Обама мэдэгдэж байсан билээ. Сүүлийн үед Иракийн байдал нэлээд ээдрээтэй болсон “Левант болон Иракийн лалын улс” бүлгийн цэргүүд Мосул, Тикрит зэрэг хотууд эзэлж авсан бөгөөд Багдадыг хяналтдаа авна гэж байгаа. Ийнхүү байдал ээдрээтэй болсонтой холбогдуулан Иракийн эрх баригчид АНУ-д хандан алан хядагчдад цохилт өгөх хүсэлт тавиад байгаа. Америкийн эрх баригчид уг асуудлаар Конгресс, Ирак болон Ойрхn Дорнодын орнуудын удирдлагатай зөвлөлдсөний эцэст  шийдвэр гаргасан гэсэн хариу өгсөн. Ж.Керри айлчлалынхаа үеэр мөн уг асуудлаар яриа хэлэлцээ хийх юм.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан гишүүн намын удирдлагуудаа дарамтлахгүй байхыг хүслээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Хуульзүйн байнгын хорооны даргыг томилох тухай мэдээлэл хийсэн юм. УИХ-ын аливаа бүтцийн асуудлыг томилохдоо фракцын зарчмаар явж ирсэн нь буруу. Нэг фракцад нэг байнгын хороо өгч ирсэн гажуудлыг цаашид халах ёстой гэлээ. Төрийн албыг фракцын зарчмаар хуваарилдаг бус шударга өрсөлдөөнөөр томилдог болох ёстой гэсэн юм. Тэрбээр “Хуульзүйн байнгын хорооны даргын асуудал байнгын хороогоор гурван удаа хэлэлцэгдэх байсан ч тэр бүрдээ хойшлогдлоо. Үүнээс хойш шударга зарчмаар бүх хүнийг нээлттэй нэр дэвшүүлдэг болох шаардлагаа намын удирдлагууддаа хүргүүлээд байгаа. Манай нам, миний нам ҮЗХ гэх мэт бүтцийн байгууллагуудаа хуралдуулахгүй байна. Ардчилсан намын шударга гишүүдийг надтай нэгдэхийг уриалъя” гэсэн юм. 

Мөн тэрбээр “Намын болон бүлгийн дарга нар өдөр бүр байнгын хорооны даргаас нэрээ тат гэдэг шаардлагыг тулгаж байгаа. Би нэрээ татах боломжгүй гэдгээ хэлсэн. Намын, бүлгийн дарга нартаа байнгын хорооны даргын суудалд мэргэжлийн хүмүүсийг нь өрсөлдүүлэх боломжийг олгооч гэдгээ хэлсэн. Ардчилсан намын асуудал бол Монголын асуудал. Тийм болохоор намаа өөрчилж шинэчлэх ёстой. Бүлгийн болон намын шийдвэрийг дагахгүй бол намаас хөөнө гэдэг дарамтыг гишүүддээ тулгадаг болсон. Ардчилсан намын дарангуйлал, ардчилсан намд дарангуйлал тогтохоос хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн аврахад туслаарай” гэдэг байр суурийг илэрхийллээ. 

Э.ЭНХ

Categories
гадаад мэдээ

Женнифер Лопес гэрлэлтээ албан ёсоор цуцлууллаа

Бразилд болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн ажиллагаанд  дуучин, жүжигчин Женнифер Лопес оролцсон билээ. Нэрт дуучин одоогоос гурван жилийн өмнөөс нөхөр Марк Энтонигаас салж тусдаа амьдрах болсон. Харин Лос-Анжелес хотын шүүх саяхан тэдний гэрлэлтийг албан ёсоор цуцлах шийдвэр гаргажээ. Тэд 2004 онд гэр бүл болсон бөгөөд хоёр ихэр хүүхэдтэй. Салсан хэдий ч тэд сайн харилцаатай байдаг гэнэ. 2012 онд Марк Энтони гэр бүлээ албан ёсоор цуцлуулах хүсэлт гаргасан байна.  

Categories
мэдээ улс-төр

Н.Номтойбаяр: Эдийн засгийг эрчимжүүлэх нэрээр газраа харийнханд эзэмшүүлж, өр зээлээ нэмж, төрийн өмчийг хувьчлах гэж байна

Эдийн засгийг эрчимжүүлэх “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хэрэгжилтэд өгсөн УИХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр уншиж танилцууллаа. 

УИХ-ын дарга, гишүүд ээ,

Ерөнхий сайд аа,

Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногийн хугацаанд эдийн засгийг эрчимжүүлэх “ЭЗЭН-100” хөтөлбөрөө зарласнаас хойш 42 дахь хоног дээрээ УИХ-д хийсэн гэх ажлаа тайлагналаа. УИХ-д цөөнхийн үүрэг гүйцэтгэж буй Монгол Ардын Нам анх “ЭЗЭН-100” хөтөлбөрийг дэмжиж урмын үг хайрлаж байсан бол одоо бодит байдалд тулгуурлан дүгнэлтээ хэлье! 

Эрх баригчид, Ардын нам ардын засгаас тамгаа гардаж аваад хоёр жил болохын босгон дээр ЭЗЭН-100 төлөвлөгөөг боловсруулснаар тал хугацаа нь өнгөрлөө. Тиймээс “ЭЗЭН-100” хөтөлбөрт тусгагдаж эдийн засгийг эрчимжүүлэх ажлын тал нь ч гэсэн биелж, улс орны минь эдийн засаг дэвжин дээшлээсэй гэх хүлээлт, хүсэл их байлаа. 

Харамсалтай нь өнгөрсөн 42 хоногт эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр бодитой ажил хийсэнгүй. Та бүхний хийсэн ажлын тайлан “уулзалт хийв, зөвшилцөв, хэвлэлийн бага хурал хийв, илтгэл тавив, хуралдав, хэлэлцүүлэг зохион байгуулав, хуулийн төсөл өргөн барив” гэсэн хэдэн үгээр л хэмжигдэж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг эрчимжүүлэхээр тусгагдсан төлөвлөгөөт ажлуудаа үр дүнтэй хийж чадсангүй. Эдийн засаг эрчимжих биш улам эрэмдэг болж ажилгүй, орлогогүй иргэдийн тоо өсч, нийгмийн бухимдал ихээр нэмэгдэх боллоо. 

Эдийн засгийг эрчимжүүлэх нэрээр УИХ-аар хэлэлцүүлж байгаа хуулийн төсөл, бодлого, шийдвэрүүд нь олон түмний ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч, эргэлзээ гайхлыг төрүүлж эхэллээ. Та бүхний эдийн засгийг эрчимжүүлэх, хямралыг даван туулах гэсэн халхавчин дор олон булхайтай үйлдэл хийх гэж санаархах болсныг ард түмэн харж байна. Тиймээс “ЭЗЭН-100” хэмээх төлөвлөгөөнд хяналт тавих “АРД-100” аяныг эхлүүлсний дагуу төлөвлөгөөнд туссан ажлуудаас таван асуудлыг онцгойлон сонгож тантай мэтгэлцэж, асуудалд хариулт нэхэж байна. Үүнд:  

1. Төлөвлөгөөт ажил №27. “Газрыг эдийн засгийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлэх” гэсэн зорилтынхоо хүрээнд газрыг гадаадынханд эзэмшүүлэх хуулийн төсөл боловсруулж, ард түмний ширүүн эсэргүүцэлтэй тулгарлаа. Нэгэн иргэний 9903…. утаснаас ирсэн мессэжийг уламжилъя. “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний итгэж найдан сонгосон эрх баригчид та нар энэ албанд төрөхдөө л сууж байсан гэж эндүүрэх шиг. Би бол энгийн нэгэн төрийн албан хаагч. Цалингаас цалингийн хооронд амьдарч, хоёр идэхгүй, хоосон хонохгүй, ажилдаа явган алхсан ч үүнээс өөр зүйл хийж чадахгүй байгаа нь миний буруу гэж өөрийгөө л зэмлэж хэн нэгнийг буруутгалгүй явсаар л байна. Гэтэл бидний татвараар та бүхэн дураараа дургиж, хүссэн бүхнээ хийж, зовох зовлонгүй жаргаж байж юу дутлаа гэж үр хүүхдэд минь үлдэх алга дарам газрыг ийнхүү бусдад наймаалах гэнэ вэ? Бидний, ард түмний, хойч үеийн минь үеийн үед үнэлэшгүй хөрөнгө болсон газар нутгаас наад бохир сарвуугаа тат” гэв. Энэ мэтээр ард түмний  эсэргүүцлээс эмээж өнөө өглөө энэ хуулиа татаж авлаа. Та бүхний газар нутгаа харийнханд эзэмшүүлж эдийн засгийг эрчимжүүлэх ажил иймэрхүү маягаар л өрнөж байна. 

2. Төлөвлөгөөт ажил №57. “Өрийн удирдлагын шинэ тогтолцоог нэвтрүүлэх” гэсэн зорилтынхоо хүрээнд өрийн хэмжээг 70 хувьд хүргэх гэсэн шинэчлэлийн Засгийн газрын шийдвэрийг ард түмэн ихээхэн шүүмжилж, залуучууд энэ санаачилгын эсрэг эвлэлдэн нэгдэх болсон тухай мэдээлэл тасрахгүй байна. МАН-ын бүлэг ч гэсэн улс төрийн бусад хүчин, иргэний нийгэмтэй зөвшилцөхгүй, ард түмнээсээ асуухгүйгээр өр зээлийг огцом нэмэгдүүлж ирээдүй хойч үеэ өрийн колоничлолд оруулахыг хатуу эсэргүүцэх болно. “Өртэй хүн өлмий дор” гэх өвгөдийн сануулга санаа зовоож эхэллээ. Монголын залуучууд бид өрөнд орж харийнхны ул шагайж амьдармааргүй байна. Ард түмэн улс орноо хөгжүүлж, ирээдүй хойч үеийнхэндээ зориулж зам тавьж, дэд бүтцээ өргөжүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьж байгуул гэж татвар төлдөг. Түүнээс биш эрх баригчдын дур мэдэж хуулиас гадуур эдийн засгийн ямар ч цогц бодлогогүй зарцуулж байгаа өр зээлийг эргүүлэн төл гэж татвар төлдөггүйг хатуу хэлье! Тиймээс эдийн засгийг эрчимжүүлэх нэрээр ард түмнээсээ асуулгүй өр зээлээ нэмэхийг эсэргүүцэж байна. Цаашдаа ч өрийн хэмжээг нэмэгдүүлэхийг сөрж тэмцэнэ. 

3. Төлөвлөгөөт ажил №22. “Далд эдийн засгийг ил тод болгох нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх” гэсэн зорилтынхоо хүрээнд бизнес эрхлэгчид, хувь хүмүүсийг гэхээсээ илүү Улаанбаатарыг утаагүй болгох нэрээр ард түмний мөнгийг хувьдаа завшиж, хулгай хийсэн “Цэвэр агаар сан”-гийнхан, Дэнзэн мэтийн албан тушаалтнууд, цагаан захтануудыг өршөөх бодлого баримталж байгааг юу гэж ойлгох вэ? Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу бөглөсөн, гадаадад нуун дарагдуулсан хөрөнгөө ил болгосон, оффшор дансаа мэдүүлсэн, бусдын нэр дээрх хөрөнгөө илчилсэн хүмүүст зориулж эдийн засгийг эрчимжүүлэх малгайн дор хууль гаргах гэж байгаа нь шударга ёс мөн үү? Хамгийн хачирхалтай нь өршөөгдсөн албан тушаалтнуудын тайлан баланс, хөрөнгө орлогын мэдүүлгийг устгахаар заасан нь ард иргэдийнхээ өмнө ил тод байх ардчиллын үнэт зүйл хаана байна вэ? Өршөөгдөж байгаа албан тушаалтнуудын авлига, луйвар, нууц хөрөнгийн талаар мэдээлэхгүй байхыг шаардаж, мэдээлсэн тохиолдолд олон сая төгрөгөөр торгоно гэж заналхийлж байгаа нь хэвлэлийн эрх чөлөөг хориглож, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн явдал болов. Ард түмнээ яллаж, албан тушаалтнуудыг өршөөж, үнэний дуу хоолойг боомилж, шударга ёс, ил тод байдлыг уландаа гишгэж ард түмэн, ардчилал руу нулимж байгааг юу гэж ойлгох вэ? 

4. Төлөвлөгөөт ажил №40. “Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хайгуулын лизенз олгохыг зөвшөөрөх” гэсэн зорилтын хүрээнд төрийн тусгай хамгаалалттай болон дархан цаазтай газар, хилийн зурвас нутгийн ашигт малтмалыг олборлох гэж байгааг буруутгаж байна. Асуудлыг ард түмнээсээ асууж шийдвэрлэх ёстой.

5. Төлөвлөгөөт ажил №30. “Төрийн өмчийн томоохон аж ахуйн нэгжүүдийг эзэнжүүлэх хөтөлбөр боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх” зорилтын хүрээнд улс орны хөгжлийн хөшүүрэг болсон томоохон аж ахуйн нэгжүүдийг хувьчлах гэж байгаа нь анхаарал татаж эхэллээ. Тухайлбал, “Хөтөлийн цемент шохой”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ”, “Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ”, “Оргил рашаан сувилал” гэх мэт аж ахуйн нэгжийг шууд хувьчлах гэж байгаа бол  “МИАТ”, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл холбооны сүлжээ”, “Шивээ-Овоо”, “Багануур” гэх мэт компаниудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг бууруулж, эдийн засгийг эрчимжүүлэх нэрээр ЦӨӨНХ НЬ ХӨЛЖИХ гэсэндээ хувьчлан авах санаархлыг олон нийт харж, нөгөө ОЛУУЛАА ХӨГЖЬЕ  гээд байсан яасан бэ? гэж асууж байна. Энэ үүднээс авч үзвэл “ЭЗЭН-100” хөтөлбөр нь ард түмний өмчийг хувьчлан авч эзэн нь болно гэсэн зорилгоор хийгдсэн гэх хардлагыг төрүүлж эхэллээ. Ард түмнийхээ өмчийг хувьчлан авч ЭЗЭН нь болох гэсэн далд санаархал ил боллоо. “ЭЗЭН-100” хөтөлбөр хэрэгжиж дууссаны дараа 1996-2000 оны хоорондох шударга бус хувьчлалын хоёрдугаар ангиар төрийн олон өмч Ардчилсан нам болон нэг хөнжилд толгой хоргодож байгаа эвслийнхэнд очиж ЭЗЭНтэй болно гэсэн мэдээлэл эрчимжлээ.

Энэ мэтээр хийж хэрэгжүүлж байгаа ажлуудыг нь дүгнэж үзвэл эдийн засгийг эрчимжүүлэх, ард түмнээ хямралаас гаргах нэрээр газраа харийнханд эзэмшүүлж, дархан цаазат болон тусгай хамгаалалттай газар, хилийн зурвасын ашигт малтмалыг олборлож, ард түмний нэрээр өрийн хэмжээг нэмэгдүүлэн их зээл авч, төрийн гайгүй гэсэн өмчийг хувьчлан авч, авлига, хээл хахуульд холбогдсон албан тушаалтнуудаа өршөөх ажил хийж байгааг МАН-ын бүлэг буруутган шүүмжилж байна. Тиймээс манай намын байр суурийг олон түмэн хүрээлэн дэмжиж, эдийн засгийг эрчимжүүлэх нэрээр хэрэгжүүлэх гэж байгаа булхайтай бодлогуудыг ил тод болгохыг хүсч эхэллээ. Бид ард түмнийхээ талд зогсож, асуудал болгонд нотлох баримтад тулгуурлан нухацтай хандахаа мэдэгдэж байна. 

Шинэчлэлийн Засгийн газар ард түмэн, аж ахуй, бизнес эрхлэгчдийн асуудлуудад ач холбогдол бүхий бодит гарц шийдэл гаргаж чадсангүй. УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг цөөнх ч гэлээ Та бүхний хариуцлагагүй үйлдлийн үр дагаврын улмаас хямарч хохироод байгаа ахмадууд, ажилгүйчүүд, аж ахуй эрхлэгчидээ хамгаалах зорилгоор санаачлагатай ажиллаж хэд хэдэн хууль өргөн барьсан. Харин эрх баригч, эздүүд Та бүхэн өөрсдөдөө хэрэгтэй ажлуудаа эдийн засгийг эрчимжүүлэх нэрээр амжуулж, өргөн түмэнд хэрэгтэйг нь хойшлуулж боомилохгүй байхыг хичээнгүйлэн хүсч байгаагаа дашрамд хүсье.   

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Эдийн засгийг эрчимжүүлэх хоног бараг талдаа орчихоод байхад хийж хэрэгжүүлнэ гэсэн ажлууд үр өгөөжөө өгсөнгүй. Эдийн засгийг эрчимжиж сэргэхээс өмнө олон аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоож дампуурлаа зарлав. Бас олон аж ахуйн нэгж ажилчдаа “хоморголон” халах болсон тухай мэдээлэл тасрахгүй байна. Тухайлбал, “Оюу толгой” 300, “Макс” групп 220, “Вагнер Ази” 220 ажилтнаа халж, “Аэромонголиа” ажилчдынхаа 50 хувийг цомхотгосон тухай хэвлэлийн мэдээлэл хөвөрч байна. 

Хэдхэн хоногийн өмнө талхны үнэ 150-250 төгрөгөөр нэмэгдлээ. Бас усны суурь хураамжийг нэмлээ. “ЭЗЭН-100” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш ам.доллар 40 төгрөгөөр өслөө. Удахгүй “Шатахууны үнэ валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан нэмэгдэнэ” гэж Газрын тосны газрын дарга мэдэгдлээ. Эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөө хэрэгжүүлж байхад үндэсний аж ахуйн нэгжүүд ийм байдалд хүрч, бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа нь нэгийг хэлж, хоёрыг бодогдуулах боллоо.  

Эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөө амжилтгүй болох тусам асуудлын мөн чанараас, 42 хоногийн өмнөх гоё сайхан яриа, амлалтаасаа эрх баригчид татгалзаж эхэллээ. Эдийн засгийг эрчимжүүлэх “ЭЗЭН-100” хөтөлбөрийг санаачлагч Ерөнхий сайд Н.Алтанхуяг “100 хоногийн хугацаанд ид шидийн юм бүтээгдэхгүй” гэж олон нийтэд зарлав. Эдийн засгийг 100 хоногт сэргээнэ гэж ард түмсэнд өгсөн амлалтаасаа яагаад ингэж бултах болов гэж асуумаар байна. Эдийн засгийг эрчимжүүлэх талаар бизнес эрхлэгч, улстөрч, олон улсын шинжээчид, жирийн ард иргэд байр сууриа илэрхийлсээр ирлээ. Тухайлбал, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай “Хоёр жил хийж чадаагүй ажлаа 100 хоногт хийнэ гэж юу байхав. Наадах чинь тогтворгүй болсон Засгийн газраа энэ үед түр торгоох гэсэн амиа аргацаасан заль” гэсэн бол УИХ-ын гишүүн Х.Баттулга “100 хоногт улсын эдийн засаг битгий хэл, хувийн компанийн эдийн засаг ч босдоггүй л байхгүй юу. Энийг юм хийж, юм бүтээж үзсэн хүмүүс л ойлгоно” хэмээн халаглалаа. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хэрэв 100 хоногийн дараа эдийн засагт эерэг үр дүн гарахгүй бол олонх өөрсдөө Засгийн газраа яахыг шийдэж хариуцлага тооцно” гэж мэдэгдсэн. Энэ байр суурь, хэлсэндээ хүрнэ гэж олон түмэн харж байгааг уламжилъя! Эцэст нь гадаадынхан юу гэж бичиж байгааг иш татъя. “ФОРБЕС” сэтгүүлийн сүүлийн дугаарт санхүүгийн эксперт Chris Macdougall “ЖИВЭХ ҮҮ? ЭСВЭЛ СЭЛЭХ ҮҮ?” хэмээх нийтлэлдээ “Монголын ард түмэн болон гадны хөрөнгө оруулагчдад Засгийн газрын зүгээс бодит гарц шийдэл яаралтай хэрэгтэй байна” гээд, Засгийн газрын эдийн засгаа түлхэх 100 хоног нь зөвхөн өмнөх хоёр жилийн хямралаа ирэх жилүүдэд давтахгүй байх оролдлого бөгөөд горьдлого” гэсэн агуулгатай шүүмжлэл бичжээ. 100 хоногийн төлөвлөгөөг дэлхийн санхүү, эдийн засгийн төв хэвлэл ингэж үнэлж, дүгнэж байгааг эргэцүүлж бодох ёстой 

УИХ-ын гишүүд ээ,

Эдийн засгийг эрчимжүүлэх “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хэрэгжилт, бодлого, үйл ажиллагаанд хяналт тавих “АРД-100” аяныг хэрэгжүүлж ирлээ. Бид асуудлыг шүүмжилж буруутгахаасаа илүү үйл ажиллагааг дүгнэж, үр дүн хүлээж байгаа билээ. Эдийн засгийг эрчимжүүлэх эхний 42 хоногийн хэрэгжилт, бодлогод товч дүгнэлт хийхэд ийм байна. Үлдэж буй 58 хоногт эдийн засгаа хямралаас гаргаж, “ГАЛЗУУ ХӨГЖҮҮЛНЭ” гэсэн өөрсдийн амлалтдаа хүрнэ гэдэгт ард түмэн, Ардын нам итгэсээр л байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцууллаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “ЭЗЭН-100” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийсэн.

Ерөнхий сайдын мэдээлэлд дурьдсанаар Ерөнхий сайдын захирамжаар Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөл байгуулагдан 100 хоногийн хугацаанд эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Тус зөвлөл нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллийг багтаасан 30 гаруй гишүүнтэй бөгөөд долоо хоногт хоёр удаа хуралдаж, шаардлагатай асуудлын талаар Засгийн газарт зөвлөмж хүргүүлэн, гадаадын хөрөнгө оруулагчдад мэдээлэл, зөвлөгөө өгөх “Хөрөнгө оруулагчийн менежер” үйлчилгээг нэвтрүүлж, 250 гаруй хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн санал, хүсэлтийг сонсож,хөрөнгө оруулалтын хэсэгчилсэн уулзалт зохион байгуулж  хөрөнгө оруулалт хийх боломжтой төслүүдийг танилцуулжээ.

Мөн Засгийн газраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай, Ашигт  малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай, Өрийн удирдлаганы тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухайхуулийн төслүүд зэрэг нийт 29 хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан УИХ-д  өргөн мэдүүлжээ.

Үүнээс гадна төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулж, хэмнэлтийн горимд шилжихажлын хүрээнд төсвийн тодотголоор хэмнэх боломжтой зарим урсгал зардлыг 10-30 хувиар буюу 38.4 тэрбум төгрөгөөр бууруулаад байна. Мөн төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах замаар зардлыг бууруулах, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийн давхардал хийдлийг арилгах, зарим төсөвт байгууллага, улсын үйлдвэрийн газрыг нэгтгэн зохион байгуулах, аж ахуйн тооцоонд үе шаттай шилжүүлж  төсвөөс гаргах чиглэлээр нэгдсэн цогц арга хэмжээг авах чиглэлээр “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталж, хэрэгжүүлж эхэллээ гэж Ерөнхий сайд мэдээллээ.

Мөн аймаг бүрт баригдах 1000 айлын орон сууцны гадна инженерийн шугам сүлжээний угсралтын, сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд 16 сумын төвийг шинэчлэх ажлууд үргэлжилж байна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Наадмаар тав хоног амрах хуулийн төслийг өргөн барив

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг  Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.06.20 /өргөн барив.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг жил бүрийн долдугаар сарын 11, 12, 13-ны өдөр нийтээр амарч, баяр болгон тэмдэглэхээр хуульчилсан. Гэвч манайд эдгээр баярын өдөр нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан амралтын өдрүүдтэй /Бямба, Ням/ давхцсан тохиолдолд нөхөж амрах эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Тухайлбал, энэ жилийн хувьд  долдугаар сарын 12, 13-ны өдөр нь бямба, ням гарагтай давхцаж байгаа юм. Иймд үндэсний уламжлал, эв нэгдэл, тусгаар тогтнолын баталгаа, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн Үндэсний их баяр наадмаар бүх нийтээр амарч,тэмдэглэн өнгөрүүлэх гурван өдрийг тав болгож, улс орны хэмжээнд нийтээр амрахаар хуулийн төсөл боловсруулжээ.