Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайдын амжуулсан ажлууд

-Марксист лениннист үзэл сурталгүй түүхэн тэмдэглэл-

Улсын төрийн түүхэнд дөрөвхөн сар ажиллаад асар ихийг бүтээж түүхэн хүн болсон зүтгэлтэн байхад дөрвөн жил ажиллаад, дөчин жил улираад юу ч хийж, юугаар ч гийгүүлж чадаагүй нэгэн бас байдаг. Намын тогтолцоотой болсон Монгол Улсын хоёр дахь Ерөнхий сайд Бодоо үүрэгт ажлаа өгөхдөө “Мөхөс би таван сар ажиллах хугацаандаа энэ төрд хар буруу санасангүй, анх Ардын нам, ардын засгийг байгуулах гэж санал сэдлийг олсон тэр үеэс эхлээд эдүгээ хүртэл чөмгөө дундартал зүтгэж явлаа” гэж мэдүүлсэн байдаг. Бодоо Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайдаар дөрвөн сар гаран ажиллах хугацаандаа ямар ажил хийж бүтээсэн талаар архивын баримтаар тоймлон хүргэе.

-Үндсэн хууль боловсруулж, Улсын хурлаар батлуулах ажлын хэсгийн ахлагч

Ерөнхий сайд Бодоо уг ажлын хэсгийг ахалж, комиссын бүрэлдэхүүнд эрдэмт түшмэл Жамсрангийн Цэвээн, Жамъян, Бат-Очир, Чагдаржав, Данзан, Жалханз хутагт, яамдын сайд нар оржээ.

-Бодоогийн Засгийн газар хүн амын тооллогыг 1922 онд багтаан явуулах шийдвэр гаргав.

Хүн амын тооллогод овог, отго, хошуу, яс, үндэс, гарал үүсэл, лам, хар аль нь болох, угсаа залгамжилсан тайж мөн эсэх, хөрөнгө чинээ, эр эм, нас хүйсийг тодорхой бичихийг шаарджээ. Монгол Улсын хэмжээнд хамгийн нарийвчлалтай хийгдсэн, хүн амын анхны тооллого гэж үздэг. Уг тооллогын дүн, архивын баримт одоо ч ач холбогдлоо алдаагүй төдийгүй улам үнэд орж монголчуудын овог удмаа тогтооход ач тусаа өгсөөр байгаа юм.

-Бодоогийн Засгийн газар гадаад орнуудтай худалдааны болон дипломат гэрээ байгуулсан

Бодоо Зөвлөлт Орос улстай төлөөлөгч солилцож, улс төр болон эдийн засаг худалдааны гэрээ байгуулсан. Мөн Хятад улстай худалдааны гэрээ байгуулахад Америк, Зөвлөлт Орос улсыг зуучлах талаар нот илгээж хүсэлт тавьсан байдаг. Түүнчлэн Америкийн нэгдсэн улстай худалдааны болон түншлэлийн гэрээ байгуулах тухайгаа албан нот илгээж, Хятадад суугаа консултай олонтаа уулзсан. Америкт айлчлах бэлтгэл хийж байсан. Алс Дорнодын Бүгд найрамдах улстай дипломат харилцаа тогтоосон. Япон улстай дипломат харилцаа тогтоох нот явуулж, төлөөлөгч илгээсэн. Төвд улстай найрамдалт харилцааны уламжлалаа үргэлжлүүлэх нот явуулснаас үзэхэд олон улстай харилцаа холбоотой байхыг илүүд үзсэн нь илт харагддаг.

-Бодоогийн Засгийн газар Монгол орноос цагаантны цэргийг хөөн гаргах томоохон операци зохион байгуулав

Энэ ажлыг амжуулахын тулд ЗХУ-аас хоёрдугаар ээлжийн орос цэргийг Монголд оруулсан байдаг. Ерөнхий сайд Бодоо ЗХУ-ын ардын комиссарт “Цэргийн тусламж үзүүлнэ үү” гэсэн бичиг явуулжээ. Монголын Засгийн газрын бичгийн хариуд ЗХУ цэрэг, зэвсгийн тусламж ирүүлжээ. Бодоо сайд баруун Монголыг цагаан цэргээс цэвэрлэх операцийг Хатанбаатар Магсаржаваар удирдуулжээ.  

-Бодоогийн Засгийн газар гадаадын өрийг дур мэдэн төлөхийг хориглосон

Засгийн газрын хурлаар эдийн засгийн бодлогын тухай авч хэлэлцэн, аймаг хошуудын ноёдын тавьсан гадаадын өрийг дур мэдэн төлөхийг хориглов. Орос, Хятадын пүүст тавьсан өрийн судалгааг хошууд тус бүрээр гаргаж, Сангийн яаманд ирүүлэхийг тушаасан байдаг.

-Тариалангийн газрыг гадаадын иргэдэд түрээслүүлэв

Мөн гадаад иргэдэд тариалангийн газар түрээслэн тариа тарихад авах татварын хэмжээг шинэчлэн тогтоохыг Сангийн сайд Данзанд Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгожээ.

-Хуучин засаг ба засаг бус ноёдод Сангийн яамнаас олгодог цол, зэрэг дэвний мөнгийг хасав

Бодоогийн Засгийн газрын зоригтой хийсэн том арга хэмжээ бол хуучин засаг ба засаг бус ноёдын цол зэрэг дэвний мөнгийг Засгаас олгодгийг зогсоожээ. Үүгээр их мөнгө хэмнэж чадсан боловч удам дамжсан ноёд, түшмэдийн томоохон эсэргүүцэлтэй тулсан байна. Сэцэн хаан, Түшээт хан аймгийн урд талын хошуудын нэр бүхий ноёд харьяат ардаа аваад дундад улс руу нүүх хөдөлгөөн хүртэл өрнөж байжээ.

-Бодоогийн Засгийн газар Сангийн яамнаа 100 дугаартай телефон аппарат ашиглалтад оруулах үүрэг өгөв

Засгийн газар Оросын утасны хорооноос 100 хэрэглэгч холбогддог станц худалдан авах. Уг утасны зардлыг төлөгч иргэд гадаадын пүүсүүдэд тавиулах ба нэн тэргүүнд Засгийн газар Богд хааныг утастай болгох арга хэмжээ авчээ. Дэлхийн боловсон улсын нэгэн адил телефон утастай болж утасны хороо байгуулах үүргийг Сангийн яаманд өгчээ.

-Төрийн ямар ч өндөр албан тушаалтан лам, ноёд нар энгийн ардыг “чи” гэж хэлэхийг зогсоох шийдвэр гаргав

Бодоогийн Засгийн газар тэр үед ёс зүйн хэм хэмжээ, соёлын талаар олон асуудал хэлэлцэж байсны дотор нэг сонин шийдвэр бол төрийн ямар ч өндөр албан тушаалтан энгийн ардыг эс хүндлэн доорд үзэж “чи” гэж чичихийг зогсоосон явдал байлаа. Ямар ч албан тушаалтан эгэл ардыг чи гэлгүй “та” гэж хүндлэн харьцахыг үүрэг болгосон байна. Монгол төрд ёс суртахууны томоохон өөрчлөлт авчирсан энэ арга хэмжээг ард түмэн сайнаар хүлээн авч хэв хэмжээ болсон байна.

-Бодоогийн Засгийн газар намын байгууллага захиргааны ажилд оролцохгүй нь дээр гэсэн шийдвэр гаргав

Цорж лам Санжаажамц Ардын намын төв хорооны тушаалаар нэр бүхий хэдэн хошуунд ардын намын үүр байгуулан дэлгэрүүлэхээр урьд томилогдон гараад хараахан түшээт вангийн хошуу өөртөө намын үүр байгуулсан явдлыг мэдээгүй бөгөөд анги тусгаар үүр байгуулсан буй заа. Ер нь аливаа хошууны ардууд өөрсдөө эрхлэн байгуулсан хошуу тамгын газраас зөвшөөрсөн намын үүрүүд хүчинтэй бөгөөд энэ ажилд намын байгууллагыг давхар оролцохыг зогсоох хэрэгтэй гэжээ. Намын төв хорооны шийдвэрээр болон Цорж лам Санжаажамцын байгуулсан намын үүрийг хүчингүй хэмээн тооцов. Энэ мэтчилэн олон ажилд хошууны тамгын газар нэгэнт шийдсэн бол намын байгууллагыг хажуунаас давхар ажил явуулахыг зогсоож, Цорж лам Санжаажамц нарын байгуулсан үүрийг татан буулгаж үүнийг мэдтүгэй гэж олон хошуу чуулган дарга нарт Ерөнхий сайд бичиг явуулжээ.

Бодоогийн Засгийн газар үндсэндээ дөрвөн сар гаран болсон боловч иймэрхүү олон ажил амжуулжээ.  

Categories
мэдээ цаг-үе

Монголын төр хөрөнгө оруулагчдад бизнесийн таатай орчин амлав

Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт өчигдөр “Их тэнгэр” цогцолборт эхэллээ. Шийдвэр гаргагчид  Таван толгойн станц, Эгийн голын усан цахилгаан станц зэрэг  мега төслүүдээ танилцуулахаар Австрали, БНХАУ, ХБНГУ, Энэтхэг, Япон, ОХУ, АНУ гэх мэт  ная гаруй орны  хөрөнгө оруулагчдыг урьжээ. Дотоодоос 300 ор­чим бизнес эрхлэгч уул­залтад оролцож байна. “Эм Си Эс”, “МАК”, “Занаду майнс”, “Номадс”, “Гацуурт” зэрэг үндэсний томоохон ком­па­ниудын төлөөлөл ирсэн юм.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч “Бизнесийнхэн маань өнгөрсөн хугацаанд өнчин хүүхэд шиг явж ирлээ. Бид хүүхдээ хүмүүжүүлэхдээ эхлээд биеийг нь даалгаад дараа нь тусыг нь хүртдэг уламжлалтай ард түмэн. Гэтэл Монголын төр өнгөрсөн 20 жилд хувийн хэвшлийнхнээ бойжуулж чадсангүй. Улстөрчид сонгуулиар гараад л амлалтаа мартаад, алга болдог. Улстөрчдийн эрх мэдэлд шунадаг увайгүй үйлдлийг таслан зогсооно” гэж ярилаа. Төрийн тэргүүний  ”Хувийн хэвшлийнхнээ цээжээрээ хамгаална”, “Бид бизнес эрхлэгчдийн бүтээлч сэтгэлгээ, боломжийг ашиглах гэж л ардчилсан замнал сонгосон”, “Ухаалаг төр гэдэг бол байрандаа байдаг л төр”, “Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын ажлыг хэдий хэмжээний хөрөнгө оруулалт татсан, хэдэн хүнийг ажлын байраар хангаснаар нь буюу хувийн хэвшлийг хэр дэмжсэнээр нь дүгнэнэ” гэсэн баялаг бүтээгчдийг дэмжсэн мэссэж дүүрэн үг танхимд цугларсан хүмүүсийн сэтгэлд нийцсэн нь алга ташилтаас илэрхий байв.

Том төслүүд дээр төр оръё гэвэл эхлээд мөнгөө төлөх зарчим үйлчлэх учиртай гэсэн байр суурийг ч төрийн тэргүүн хэлж байсан юм. Мөн тэрээр  “Монгол бизнесийн асар их боломжтой улс. Сайн бизнес, санаа болгоныг манай улсад хэрэгжүүлж болно. Гол нь бизнесийн салбарыг өргөн харах хэрэгтэй. Эдийн засгийн ийн нөхцөлд Монгол Улс юу хийх вэ гэдгээ Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын түвшинд ярилцаад  шийдлээ гаргаад явж байгаа” хэмээн ярилаа. Төрийн тэргүүнийг үгээ хэлээд дууссаны дараа хуралдаанд оролцогч зарим төлөөлөгч сонирхсон асуултдаа хариу авсан. Ерөнхийлөгч  концессын талаар сонирхсон эдийн засагчийн асуултад  “Концессын араас хөөцөлдөх нь сайн зүйл биш. Эргээд Засгийн газарт өр болж  үлдэх гэдэг утгаараа аюултай” хэмээн хариулж байв.

Уржигдар орой Ерөнхий сайд Н.Алтанхуяг хөрөнгө оруулагчидтай уулзаж бүх талаар дэмжиж ажиллахаа амлажээ. Харин энэ өдөр ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг гүйцэтгэх засаглалыг төлөөлөн иржээ. Эдийн зас­гийн хөгжлийн сайдын ирээгүй шалтгааныг тэрээр “Чуулганы хуралдаанд сууж байгаа” гэж тайлбарлана лээ. Бизнес эрхлэгчдийн сонирхол татсан төслийн нэг нь  эдийн засгийн ил тод байдал, өршөөлийн хуулийн төсөл. ЗГХЭГ-ын дарга энэ хуулиудыг наадмаас өмнө хэлэлцэнэ гэсэн ам өглөө. “Бид эдийн засгаа ил тод болгоно. Энэ хуулиар олгогдох нартай өдрүүд бизнес эрх­лэгчдэд нэг л удаа тохионо. Үүнээс хойш далд эдийн засаг байхгүй болно гэж тооцоолж байна. Бизнес эрхлэгчид өөрт байгаа бүх хөрөнгө, мөнгөө ил болгоосой гэж бид энэ хуулийг санаачилсан” гэж ярив. Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хүрээнд долоо хоногт хоёроос гурван удаа хуралдаж байгаа гэдгийг хөрөнгө оруулагчдад дуулгасан. Тэрээр “Бид эдийн засгийн маш олон асуудлыг шийдэж байна. Их хуралд  23 хуулийн төсөл өргөн барьсны 11 нь татвартай холбоотой.  Бизнест илүү таатай боломж бий болгосон татварын өөрчлөлтүүд байгаа” хэмээн ярьж байлаа. 

 Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх  П.Цагаан энэ үеэр  нэг таатай мэдээ дуулгав. Судлаач Даниэл Алтманы  “Хаана хөрөнгө оруулж болох вэ” гэсэн судалгааны  жагсаалтад Монгол Улс эхний аравт орсон аж. Тэрээр хөрөнгө оруулагчдад хандан “Та нар зөв газраа ирсэн шүү. Сүүлийн хэдхэн жилд манай ДНБ арав дахин өссөн. Эдийн засгийн өсөлт хоёр орон тооноос буухгүй бол бид  20 жилд бүр зуун тэрбумын эдийн засагтай орон болно. Хурдтай хөгжих оронд хөрөнгө оруулах нь том боломж” хэмээн ярьж байлаа.  

 “Монголд хөрөнгө оруу­лах нь” сэдэвт хуралдаанд оролцож үг хэлсэн эрхмүүдээс “Эрдэнэс Оюу толгой” компанийн захи­рал Да.Ганболдын Оюу толгой төслийн талаар өгсөн мэдээлэл шинэ содон дуулдав. Монголын засаг, “Рио” хоёрын хэлэлцээ өнөөдрийг хүртэл дуусаагүй байгаа билээ. Да.Ганболд энэ талаар “Анх 2010 онд төлөвлөж байсан ТЭЗҮ-ийн дагуу  гүний уурхай 2016 онд бүтээгдэхүүнээ гаргаж нийлүүлэх учиртай. Магадгүй сүүлийн хэдэн сарын турш гарч байгаа төслийн санхүүжилттэй холбоотой маргаанаас болж цөөхөн сар, магадгүй хагас жил, жилийн саатал гарсаныг бид үгүйсгэхгүй. Гэхдээ хуваарьт ёсоор 2016 онд гүний уурхайн бүтээгдэхүүн гарч ирнэ.  2021 онд хоногт 150 мянган тонн хүдэр боловсруулах тооцоо, график өнөөдөр ч хүчин төгөлдөр байгаа. Ийм графикийн дагуу ажиллана гэсэн итгэл үнэмшил хөрөнгө оруулагч, Монголын Засгийн газар бий. Бид цаашид хамт­ран ажиллахад бэлэн байгаагаа олон улсын банкны нийгэмлэг, бусад томоохон хөрөнгө оруулагч, олон улсын байгууллагуудад мэдэгдээд тэр дагуугаа ажиллаж байгаа. Зарим нэг тех­никийн, процедурын, гэрээ хэлэлцээрийн нөхцөлийн тухай маргаан явж байгаа болохоос гүний уурхайг зогсоох, хөрөнгө оруулагчийг хөөж гаргах  асуудал огтхон ч байхгүй гэдгийг энэ индрээс хэлмээр байна” гэж ярив. Харин ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг энэ асуудлаар  “Хямрал гэх нь хэтэрхий  эртэдсэн хэрэг. Хүндрэлүүд бол байгаа. Шийдэх гэж бид өнөөдөр уулзаж байна.  Одоо “Оюутолгой”-той холбоотой хоёрхон асуудал л үлдсэн. ТЭЗҮ- гээ зургадугаар сард өгөөд, есдүгээр сард Засгийн газар шийдвэр гаргана. Гадны хөрөнгө оруулагчид “Оюутолгой”-г их асуудаг. Дахин хэлье. Анх бид 33 хэлэлцэх асуудалтай байсан бол одоо хоёр л үлдсэн” гэсэн нэмэлт тайлбар өгөв. Засгийн зүгээс ирэх долдугаар сард Японд ийм уулзалт зохион байгуулах гэнэ. Өөр хэд хэдэн оронд ч хөрөнгө оруулагчдыг цуглуулан ярилцахаар тохиролцжээ. 

Уулзалтад оролцсон томоохон бизнес эрхлэгчид хямралыг амжилттай даван туулахын тулд том төслүүдээ даруйхан эхлүүлэх их хэмжээний хөрөнгийг татах хэрэгтэй гэсэн байр суурьтай байв. Тэд төр, засгаас хөрөнгө оруулалтад анхаарлаа хандуулсанд олзуурхаж байлаа. “Эм Си Эс” компанийн хувьд гэхэд л хэрэгжүүлж буй төслүүдээ тасалдуулахгүй ажиллаж байгаа гэнэ. 

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөн­хийлөгч Н.Алгаагаас уулзалтын үеэр сэтгэгдлийг нь сонирхоход  “Ерөнхийлөгчийн яриад байгаагаар бизнесийн орчныг таатай болговол ямар ч салбар хөгжөөд явчихна. Төрийн оролцоо, хүнд суртал бага,  татвар аль аль талдаа ашигтай байх хөрс суурийн тухай ярьж байгаа нь сайн хэрэг. Сул талаа засъя гэж байгаад олзуурхаж байна. Мөнгийг Монголоос бид гаднаас л босгоно. Тэндээс босгосон хөрөнгө Монголд орж ирээд үр ашигтай, найдвартай, халдлагад өртөхгүй байхыг л бизнесийн таатай орчин гээд байгаа юм. Засгийн газар хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр сүүлийн үед олон ажил хийж байна. Гэхдээ уул уурхайн салбарт гэхэд дутуу хэдэн асуудал байна. Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, урт нэртэй хуулийн хэрэгжилтийн гарцыг олох,  нэг албан тушаалтны хэргээс болж хоморголон цуцалсан хэдэн зуун лицензийн асуудал бий. Уул уурхайн салбарын хувьд шийдлийг нь хаврын чуулганаар хурдан гаргаж өгөөсэй гэсэн хүлээлттэй байна. Ингэвэл манай улс руу хөрөнгө оруулалт орж ирнэ. Монгол дахь үйл ажил­лагаагаа зогсоосон хөрөнгө оруулагчид ажлаа үргэлжлүүлнэ” гэж ярив. Эдийн засагч Б.Лхагважав “Монгол Улс 1990 онд ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш дөрөв дэх хямралтайгаа нүүр тулж байна. Энэ хямралуудыг бид амжилттай даван туулж чадсан. Энэ удаад ч бас асуудалгүй даван туулах болно. Хамгийн гол нь энэ үед Засгийн газраас эдийн засгийн ил, тод байдлын тухай хуулийг хэлэлцэж, батлахаар болсонд их талархаж байгаа” хэмээн ярьсан юм.  Уулзалтад 50 гаруй банк, хөрөнгө оруулалтын компаниуд оролцохоор иржээ. 

Уулзалтын үдээс хойшхи хуралдаанаар уул уурхай, эрчим хүч, аялал, хөдөө аж ахуй, дэд бүтэц зэрэг чиглэлээр томоохон төслүүдийн танилцуулга болсон юм. Хуралдааны төгсгөлд Засгийн газрын гишүүд болон Төв банкны удирдлага хөрөнгө оруу­лагчдын сонирхсон асуултад хариуллаа. 

Уулзалтын үеэр хөрөнгө оруулагчид дэд бүтцийн чигийн мега төслүүдийг сонирхож буйгаа онцолж байв. “Монголын эдийн засгийн чуулган” ТББ-аас зохион байгуулсан Бизнесийн дээд хэмжээний уулзалтанд ирсэн гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүд болон бүтээн байгуулалтын ажилтай танилцах юм билээ. 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ган төмрийн уран оёдолчин

Монголын гагнуурчид мэр­гэжлийн ур чадвараараа дэлхийд хоёрдугаар байрт шалгарсан гайхалтай амжил­тын эзэд болсон билээ. Тод­­руул­бал БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 4–8-ны хооронд олон улсын гагнуурчдын ур чадварын “ARC Cup-2014” тэмцээнд Монголын долоон гагнуурчин оролцож, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэнээр багаараа хоёрдугаар байрт шалгарчээ. Энэ удаагийн тэм­цээнд Англи, Герман, Австри, Украйн, Болгар, Румын, Чех, Өмнөд Солонгос, Хятад Индо­нез, Сингапур, Монгол зэрэг 13 орны багийн 300 гаруй гагнуурчин цахилгаан, хий, хагас автомат, аргон, робот болон загвар  бүтээгдэхүүн өгөгдлийн дагуу гагнах зэрэг төрөлд өрсөлджээ. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагдах бөгөөд жилээс жилд оролцогч орон болоод гагнуурчдын тоо тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа гэх утгаараа “ARC Cup-2014” тэмцээнийг гагнуурчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж хэлж болно. 

Тус тэмцээнд Монголын долоон гагнуурчин оролцсо­ноос ДЦС-4 ХК-ийн гагнуурчин Ч. Агваандэмбэрэл аргон гагнуурын төрөлд мөнгө, “Зэт Эм Стийл” ХХК-ийн гагнуур­чин Э.Одгэрэл хүрэл медаль, Хасумегаватт ХХК -ийн гаг­нуур­чин Л.Анхбаяр загвар бүтээгдэхүүний гагнуурын төрөлд мөнгөн медаль, “МЭЗ” ХХК-ийн гагнуурчин Б.Баттулга цахилгаан гагнуурын төрөлд хүрэл медаль хүртсэн амжил­таар ийн багаараа хоёрдугаар байрт шалгарчээ. Тус тэмцээнд аргон гагнуу­рын төрөлд хүрэл медаль хүртсэн “Зэт Эм Стийл” ХХК-ийн гагнуурчин Э.Одгэрэлийг энэ удаагийнхаа “Өдрийн зочин” буландаа урилаа. Тэрээр 1979 онд Улаан­баатарт төрсөн бөгөөд дунд сургуулиа төгсөөд МСҮТ-д суралцан гагнуурчин болжээ. Тэрээр Эрчим хүчний нэгдсэн засварын төвөөс ажлын­­хаа гарааг эхэлж байсан. Өмнөговийн ДЦС, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн уурын станцын засвар өргөтгөлийн төслөөс авахуулаад Солонгосын “Кам­бот Боле” компанид мэргэж­лээрээ гурван жилийн хугацаанд ажиллаж баялаг туршлага хуримтлуулжээ. Эх орондоо 2009 онд эргэн ирж “Зэт Эм Стийл”-д ажиллах болжээ. 

Бээжин хотноо зохиогдсон “ARC Cup-2014” тэмцээнд оролцсон тухайгаа тэрээр “Ажиллах нь бүү хэл барааг нь ч хараагүй тоног төхөөрөмжөөр гагнуур хийнэ гэдэг амаргүй. Тэмцээн эхлэхийн өмнөхөн тус аппарат дээр ажиллах англи хэл дээрх зааврыг тарааж өгсөн. Англи хэлийг нэвтэрхий мэддэг байлаа ч аливаа ажил, тэр дундаа гагнуурын төрөлд аппараттайгаа ажиллаж сурсан байх шаардлагатай. Наад зах нь аппаратныхаа гүйдлийг зөв тохируулгаа тухайн орчин, нөхцөл, гагнах бэлдцээсээ хамааруулаад өөрчилдөг. Эхний тэмцээн болох хагас автомат гагнуурын төрөлд оролцсон Тэнүүн гэдэг тоног төхөөрөмжтэйгээ танилцаж, ажиллах хугацаа олдоогүй учраас амжилттай оролцож чадаагүй. Бэлдэцээ шууд гаг­наад эхлэх ёстой байтал аппа­ратаа тохируулах гээд нэлээд ноцолдсон. Тиймээс бидэнд зайлшгүй гагнуурын аппараттайгаа танилцах зүй ёсны шаардлага гарсан учраас шүүгчдээс нь гуйсан л даа. Энэ аппарат дээр чинь дадлага ажил хийе гэж. Долоо хоногийн өмнө хүлээн авсан удирдамж дээр гагнуур хийлгэх аппаратын төрөл, маркийг тодорхой бичсэн байсан ч бид түүнийг нь олж ажиллах нь бүү хэл интернэтээс хайгаад зураг нь ч олдоогүй гээд бод доо. Гэхдээ манайхнаас өөр орныхон тэгж гуйж огт харагдаагүй шүү. Шүүгч нар нь азаар зөвшөөрсөн. Гагнуурын электрод нь хүртэл тэс ондоо байсан. Тэгээд л маргаашийн  тэмцээндээ өмнөх өдөр нь бэлтгэж байлаа. Хэдхэн цаг аппарат дээрээ ажиллаад л тэмцээндээ орно. Гэхдээ эхний гурван гагнуурчид амжилт­­гүй оролцсон ч сүү­лийн дөрвөн төрөлд бүгд медаль хүртсэн. Бидэнд аппа­рат­тайгаа ажиллаж, турш­ла­гажих илүү цаг хугацаа, боломж байсан бол бүгд медаль хүртэж, аваргын цом өргөхөд ойрхон байлаа. Энэ тэмцээнд 35 хүртэлх насны залуус оролцдог учраас  миний хувьд энэ удаагийнх эхний бөгөөд сүүлийн боломж байсан. Түүнийгээ бүрэн ашиг­лаж чадсандаа сэтгэл хангалуун байна” гэсэн юм. 

Тэмцээнийг зохион бай­гуулагчдын зүгээс хэрэглэгдэх бүх тоног төхөөрөмжөөр ханга­на гэсэн хэдий ч зарим хэрэглэлүүд нь дутагдалтай байжээ. Тухайлбал аргон, цахилгаан гагнуур хийсний дараа өнгөлдөг зүлгүүрийн машин, гагнуурын оёдлыг хэмжих хэрэгслүүд дутаг­далтай байж. Тэмцээний эхний өдрөөс тэдгээр дутуу хэрэгслүүдээ дэлгүүрээс хайж гарчээ. “Зэт Эм Стийл” ХХК-ийн гагнуурчин Э.Одгэрэл “Энэ мэт олон хүндрэл бэрхшээл тулгарсан ч үүнийг давж амжилт гаргасан нь монгол хүний аливааг амархан сурдаг, уйгагүй хөдөлмөрч, сэргэлэн зан чанартай холбоотой байлаа.Монгол хүн болж төрсөндөө бахархаж байна” гэсэн юм. 

 М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

Соёлын довтолгооны үеийн нэгдүгээр ангийнхан тавин жилийн дараа цуглав

1а ангийнхан

Ангийн дарга Г.Чулуун “1а”-гийнхны дараа “1б”-гийнхэн жагсаад зогсч байгаарай. Дараагийн анги томоотой байна шүү” гэж захиргаадна. Жараад настай “хүүхдүүд” ангийн даргынхаа үгээр нэг эгнээгээр зогсох зуураа нэгийгээ нудран нуг нуг инээх нь өхөөрдмөөр ч юм шиг. Гурав, дөрвөөрөө бөөгнөрч зогсоод, хөгтэй явдлаа ярьж байгаа бололтой тасхийтэл инээлдэнэ, хэсэг дүрсгүй нөхдүүд гэрэл зургийг албаны байдал­тай даруулах ажил үймүүлэх янзтай. “Хүүе, энэ багын л тосны өт шиг нөхөр байсан юм. Яг хэвээрээ”, “Захиа өг­дөг байсан охиныхоо дэргэд зогсоноо, яадаг юм” “Алив тэр ангиас төрсөн хосууд зэргэцээд зогсоодох” гэх мэтээр инээд цалгисан шуугиан эцэс, төгсгөлгүй мэт үргэлжилнэ. 

Увс аймгийн Малчин сумын сургуульд 1946 онд нэгдүгээр ангид орсон ангийнхан 50 жилийн дараа уулзаж байгаа нь энэ. Тэд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн өглөө эртлэн цуглаж, Төрийн ордонд зочилжээ. Тэнд охидууд инээлдэж, үймүүлээд ёс ал­дсаныг хөвгүүд нь ховлох янзтай. Хариуд нь охидууд “Та нар тэгж л бай. Амралтад очоод яаж хөглөхийг чинь харна аа” гэж даажигнана.  Төрийн хүндэтгэлийн есөн хөлт цагаан тугны өм­нө нутгийнхаа гишүүн Ц.Нямдор­жийг дундаа зогсоож бай­гаад дурсгалын зургаа татуул­чихаад, Чингэсийн талбайд очиж мөн л бөөнөөрөө инээж байгаад гэрэл зургаа авахуулжээ. Тэндээсээ зоо­гийн газарт зочлоод байхад нь “Нэг ангийнхан” буландаа урихаар очлоо. Биднийг очи­ход танхим дүүрэн инээд цалгиж байлаа. Тавин жилийн тэртээх ангид ийм л дуу шуу байсан байх гэмээр. Аргагүй, нэг ангийнхан цуглахаараа хүүхэд насандаа очдог юм байна гэж төсөөлөхөөр юм. Тэд маань ч “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргэндээ аялж байгаа мэт санагдаж байна. Ангийнхныгаа үнэхээр их санажээ. Өглөө уул­за­хад заримд нь нэр өгч ча­дахгүй будилж байсан. Одоо бол жинхэнэ дундаа ороод байна шүү дээ. Багш нар маань чимээнд жаахан ядарч байгаа байх. Гэхдээ бидний шуугиан залуу насыг нь дуурсгаж байгаа гэдэгт итгэлтэй байна” гэцгээлээ. Бид ч тэдний хүүхэд насны галт тэргэнд сууснаа хүргэж байна.

Соёлын довтолгоогоор цугласан ангийнхан жилийн дараа хүргэнтэй болчихов

1960-аад онд соёлын довтолгоон улс орон даяар өрнөсөн үе. Үүнээс 20 жилийн өмнө кирилл үсэгт суурилсан шинэ үсэгт шилжиж, үүний дараа хүн бүрийг бичиг үсэгтэй болгох аян эхэлсэн юм. 1970 он хүртэл 8-12 насны бүх хүүхдийг анхан шатны боловсролтой бол­гох, хот аймгийн төвийн хүүх­дүүдийг долоон жилээс илүү хугацаагаар сургах зорилт дэвшүүлээд байсан үе. Яг тэр үед буюу 1964 оны намар Малчин сумын бага сургуулийн нэгдүгээр ангийг дөрвөн бүлэг болгож, найман настангуудаас гадна сургууль завсардсан 15 хүртэлх нас­ны хүүхдүүдийг сургуульд хамруулахаар болжээ.

Захир­гаа, эмнэлэг, сургуулийн ажилт­нууд хөдөөгийн айл бүрээр орж сургууль зав­сардсан нөхдүүдийг бүртгэж цуглуулахад 160 сурагч нэг­дүгээр ангид орсон нь өдгөө “Нэг ангийнхан” булангийн маань баатрууд. Тухайн үед багшийн сургууль дөнгөж төгссөн Ч.Батцэнгэл багш  30 сурагчтай “1а” ангийг авч байж. Шинэхэн багш сурагчдаа жагсааж ангидаа ороод “За, хүүхдүүд ээ ширээн дээрээ сууцгаа” гэхэд олонхи нь ширээн дээрээ үсэрч гараад суучихсан гэдэг. Сургууль завсардсан нөхдүүд гэхэд хурдан уншиж сурсан, дөрөвдүгээр анги төгстөлөө тэргүүний ангиар шалгарсан гэдгийг Ч.Батцэнгэл багш дурсана билээ. Түүнээс гадна Д.Бадамгарав, Г.Буянтогтох багш сурагчдынхаа тавин жилийн дараахь уулзалтад иржээ. Тэд хүүхдүүдээсээ сайхан энерги авч байгаагаа хэлж, бүгдэд нь “Хайртай шүү” гэж дамжуулсан юм. 

1б ангийнхан

Малчдын голдуу хүүхдүүдэд анх сургуулийн сурагч болоод ирэхэд сумын төв сүрдмээр том хот мэт санагдаж байсан гэнэ. Дурсамжийг нь сонсоход хичээлийн эхний долоо хоногт сургуулиа өөрөө олж очсон нь цөөн бололтой. Сургуулиа оллоо гэхэд ангиасаа төөрч уйлаад зогсч байсан нь олон гэсэн. Эхний хэдэн өдөр хамаатныхаараа байж байгаад бүгд шахам дотуур байранд оржээ, нэгийнхэн. Нэгдүгээр анги төгстөлөө нэгэнтэйгээ сайн танилцаж амжаагүй гэдэг. Бичиг үсэг сурах их ажлын хажуугаар хөдөө байгаа гэр, ээжийн боорцог, мал хуй нь нүдэнд харагдаад найзалж, нөхөрлөх завгүй явсан юмдаг уу даа. Ингээд хоёрдугаар ангидаа ирэхэд нэг охин нь айлын бэр болоод явчихсан байсан гэдэг. “Хоёрдугаар ангидаа айлын бэр болчихсон гэхээр сонин юм, “яриач” гэхээр “Хүүхдийн нэр хэлж ичээгээд яахав дээ. 15 настай охин байсан юм. Тэгээд л хадамд гарчихгүй юу. Айлын бэр болсон ч соёлын довтолгооны үед сургууль завсардаж болохгүй учраас ангидаа ирсэн хэрэг” гэцгээлээ. 

Дотуур байрны хөгтэй явдал буюу Зооёо ирсэн өдөр

Тэдний ангийнхан ангиараа шахам дотуур байранд өсчээ. Тиймээс ч дурсамжууд нь дотуур байртай холбогдоод байх янзтай. Байрныхны гол ажил нь хичээл хийх гэхээсээ илүү ноцолдож, тоглох. Хөвгүүд нь барилдана. “Улсын заан Ө.Тулгаа агсанаас эхлээд олон бөх бидэн дундаас төрсөн дөө” гэж дурсана. Бас өвлийн хүйтэнд адууны хөлдүү хомоолоор гахай тоглоно. Энэ тоглоомыг “Одоогийнхоор бол бэйсбол юм шүү дээ. Гахай тоглоход Ш.Бат-Очир, Н.Ширэндэв нар сургуульдаа “од” явлаа. Тэр хоёрыг авах гэж багууд үнэ хаялцана. Манай ангийнхан ер нь их спортлог хамт олон байж.  Хөлбөмбөгийн оронд хөлдүү хомоол өшиглөн гүйлдэнэ. Одон бөмбөг тоглохын тулд сумын клубийн галлагааны модыг өдөржин хөрөөдөж, хагална. Өвлийн улиралд бол алхана гэж байхгүй. Бүгд цаначин болчихно. Хөвгүүд зогсоогоороо, араас нь охид нь бариад л олон чиргүүл болоод гулгачихна. Тийм учраас Малчныхан цанын спортод амжилттай явдаг” гэж дурссан. 

1в ангийнхан

Дотуур байрны сурагчдад хааяа гэрээс нь ууттай боорцог, ааруул, чанасан мах ирнэ. Ийм илгээмжийг тэд “зооёо” гэж нэрлэдэг байж. Гэрээс нь “зооёо” ирсэн хүүхэд тэр өдөртөө л байрны хаан шиг байж, бусдадаа тааллаараа хишиг хүртээнэ. Уг нь бага ангийнхан шал шүүрдэж угаах, том ангийнхны гутал тослож, хувцсыг нь угаах үүрэгтэй. “Зооёо” ирсэн өдөр бол энэ бүх ажлаас чөлөөлөгдөнө гэсэн үг. Дотуур байрны тогоочийг Иш гэдэг аж. Хүүхдүүд малгайгаа сольж өмсөөд хоол нэмүүлэх гэж байгаад Иш гуайд баригдана. Олонхи нь айлаас бууз хулгайлдаг байснаа нуулгүй ярив. Арай олон бууз хулгайлдаг байсан болохоор Бааяа гэдэг хөвгүүнийг “Бууз Бааяа” гээд хочилчихсон одоо ч хэвээрээ. Тэдний ангид бас “Оргодол Тогтох” гэдэг хочтой хүү байжээ. Сав л хийвэл гэр рүүгээ оргочихно. Багш нь олж ирэх үүрэг хүлээнэ. Оргодол Тогтохоос гадна тэдний ангийнхан оргохдоо гаргуун. Д.Буян, Т.Бат-Очир хоёр мөс хайлж байх үед гэр рүүгээ оргож. Голын хөндий шар усны үерт автаад морьтой хүн ч гарч чадахгүй байсан цаг. Мань хоёр гутлаа шидэж, голын нөгөө талд гаргачихаад араас нь ус руу харайгаад орчихож. Сэлсээр байгаад гарсан тухайгаа “Одоо бодоход юун сэлэх, шидэгдээд гарсан шиг байгаа юм” гээд инээлдэнэ. Үхэхээс наагуур гэртээ очихдоо “Багш чөлөө өгөөд” гэж худлаа хэлээд ангийнхаа багшийг “Үер устай үеэр хүүхдэд чөлөө өглөө” гэж донгодуулаад авсан гэдэг. Дараа нь худлаа хэлсэн нь баригдаж ааваасаа алганы амт амсч байжээ. 

1г ангийнхан

Нэр хочны тухай яриулаад байвал бүгд хочтой болж таарав. Ц.Оюун ангийнхаа хөвгүүнээс хайрын захиаг “Шифр” үнэртэй устай хамт авсан тухайгаа “Хүнд битгий хэлээрэй” гээд найздаа ярьчихсан нь тарж “Шифр Оюун” болсон гэдэг. 

Хайрын захиа буюу ангиас төрсөн хосууд

Тэдний ангийнхан бичиг үсэг сурсан даруйдаа хайрын захиа шидэлцсэн нь өнөөх л 13, 14 настайдаа сургуульд орсон нөхдүүдийн явдал. Ш.Бат-Очир урлагийн үзлэгээр 

“Борхын голын ус нь хө

Боргио хаялан урсах шиг

Борхон зүрхний цохилтоор

Болзоот чамайгаа мөрөөднө” гэж дуулаад Бадамгарав багшаараа “Хайр дурлалын дуу дууллаа” гэж загнуулж байсан гэдэг. Тэдний ангийнхнаас хайрын захиаг гайгүй сайн биччихдэг нь Д.Буян. Үеийнхэн нь “Чиний бичсэн захиа өвөрмөц, бас зөвшөөрсөн хариу авдаг” гэж онгирооно. “Бусад нь “Уулын цэцэг олон боловч улаан цэцэг ховор шүү…” гээд захиагаа эхэлдэг бол минийх “Аав, ээж тань чамайг охиноо гэж хайрлана. Ах эгч чинь чамайг дүүгээ гэж бодно. Анд найз нар чинь чамайг нөхрөө гэж хүндэлнэ. Амрагаа гэж боддог нь би ганцаараа шүү…” гэх маягаар эхэлдэг болохоор өвөрмөц байсан байгаа биз” гэж хошигнох юм. Иймэрхүү захиа бичээд мань хүн гурав, таван төгрөгийн цалин авчихдаг байжээ. Багш нар нь өөрсдөөс нь ердөө тав, зургаа эгч учраас хөвгүүд нь дурлачих гээд байдаг байж. Ямар сайндаа ангийн дарга Г.Чулууны хувийн хэрэгт багш нь “Сурлагадаа сайн. Даанч хүн ширтээд байдаг муу талтай” гэж бичиж үлдээсэн гэдэг. Ангийн дарга энэ талаар “Тэр үед багш хөөрхөн харагдаад харц салгаж чаддаггүй байлаа” гэж ярина. 

Ч.Батцэнгэл багшай 1-р анги

Тэдний ангийнхнаас Н.Батдэлгэр Д.Чулуухай, Ц.Бат-Эрдэнэ Б.Долгор, Н.Ширэндэв Ц.Загир нарын хосууд төрж, одоо өнөр гэр бүл болцгоожээ.   

Дурсгалын дэвтэрт үлдсэн мөртүүд

Тэр үеийн хүүхдүүд дурсгалын дэвтэр аялуулдаг байсныг уншигчид маань санаж байгаа буй за. Одоо ч 96 хуудастай бор, ногоон дэвтрээ гэрэл зургийн цомог мэт нандигнадаг хүн олон. Манай зочин болсон нэг ангийнхан ч ийм дэвтэр аялуулдаг байснаа дурссан. “Тэр үед найзуудын минь бичиж үлдээсэн гэгээлэг, инээдтэй гэмээр мөрөөдлүүдийг одоо уншаад суухад сайхан байдаг юм” гэнэ. Дурсамжийн дэвтэрт үлдсэн мөртүүдээс сорчлоход “Сур, сур бас дахин сур”, “Ганц мод гал болдоггүй юм”, “Үнэнч дурлал үхэхээс буцахгүй” гэж эхлээд алдарт эх, гавьяат тамирчин, МАХН-ын дарга болохыг ерөөснөөр үргэлжлэх жишээтэй. Тухайлбал, Н.Цэндхүүгийн дурсамжийн дэвтэрт Ц.Пагам-Орлом найз нь “Энэ дэвтрийнхээ өнцөг буланд нэрийг минь багтаасанд баярлаж, элсэн суралцах есдүгээр ангидаа амжилт гаргахыг ерөөв. Найз минь Улсын драмын театрын тайзан дээр үргэлж өнгийн цэцэг шиг найгаж, нахилзаж байхыг хүсэн ерөөв. 

5а ангийнхан. 1968 он

Н.Цэндхүү найздаа сургаал болгон хэлэхэд “Бүтэлгүй амраг бүх амьдралын дайсан”, “Сурагч хүнд эхнэр, нөхөр аль нь ч хэрэггүй, сурлагын дайсан мөн”, “Эрэгтэй хүүхдийг үс гэзгэндээ хүргэж болохгүй ж… болчихно”, “Дурлал гэдэг бол мөнгө биш, дурлана гэдэг бол өнгө биш”-ийг санаж яваарай” гэж бичиж үлдээжээ. Энэ мэт эргүүлээд байхад дуртай мэргэжлээ сонгоорой, сайн яваарай гэсэн утга бүхий шүлгүүд үргэлжлэх янзтай. 

Илгээлтийн эзэд аварга малчин хүртэл

1971 оны өвөл МАХН-ын бүгд хурлаар Мал аж ахуйг ойрын таван жилд хурдацтай хөгжүүлэх зорилт тавьж дунд сургуулиудаас 70 мянган сурагчийг мал дээр гаргах шийдвэр гаргажээ. Энэ талаар сурталчилгаа орон даяар мандаж долоо, наймдугаар ангиасаа илгээлтээр мал дээр гарвал эчнээгээр аравдугаар ангиа төгсөх, улмаар их, дээд сургуульд конкурсгүйгээр элсүүлэх яриа гарсан гэдэг. Тухайн үед манай зочид долдугаар ангид байж. Ингээд бүгд илгээлтээр гарахаар болж МХЗЭ-ийн илгээлтийн эзний тэмдэг, үнэмлэх, 300 төгрөгийн хамт аваад мордоцгоожээ. Тухайн үед “7а” ангийнхныг төлөөлж Л.Цамба үг хэлэхдээ “Бид БНМАУ-ын аварга малчин болно” гэсэн бол Д.Буян “7б” ангиа төлөөлж үг хэлэхдээ “Хөдөлмөрийн баатар болцгооно” гэж амлаж байсан гэдэг. 

Өдгөө тэдний төгсөлтөөс мянгат малчин 17, Монгол Улсын аварга малчин 14, салбарын аварга ес, Засгийн газрын жуух бичиг найм, сум байгууллагын хөдөлмөрийн аварга 13 бий. Мөн МХЗЭ-ийн шагналтан 15, МҮЭ-ийн таван жилийн гавшгайч 16, онц тээвэрчин, осолгүй манлай жолооч 11 байдаг юм байна. 

Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, салбарынхаа тэргүүлэгчдээр тодорсон олноос жишээ болговол Улсын заан Ө.Тулгаа, Улаанбаатар хотын цанын аварга А.Цэвээнжав, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ахлах шинжээч Ц.Шарав, СЭЗДС-ийн багш Б.Буян, “Рааш булаг” ХХК-ийн захирал, Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан С.Сэржмаа, “Шилдэг эмэгтэй” өргөмжлөлт П.Жанчив, Дархан хотын “Залуучууд” театрын орлогч захирал Ш.Бат-Очир, Увс аймгийн “Цас тогтох” компанийн захирал Ц.Мөнхнасан нарыг ангийнхан нь жишээ болгосон.

6-р ангийн төгсөлт. 1969 он

Ангиараа сумынхаа 30 жилийн ойгоор цугласнаас хойш нэгнийдээ зочлох, нутагтаа аялах зуураа хэд, хэдэн удаа уулзаад авчээ. Харин албан ёсоор бүгд цугласан нь 50 жилийн дараах энэ уулзалт. Гурван хоног “Баянбуурал” амралтад амраад буцахдаа нэг ангийн нөхөд ирэх жил сумынхаа ойгоор баяртай уулзахын ерөөл тавиад салцгаасан билээ. 

Ц.ӨРНӨХ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
гадаад мэдээ

“Sewol” хөлгийн ахмад эхнэрээ суллахыг шаардав

Өмнөд Солонгосын “Sewol” хөлгийн ахмад Ли Жүн Сёк мэдэгдэл хийжээ. Тэрбээр энэ долоо хоногийн эхээр цагдаагийнханд баригдсан эхнэр Шин Мунг Хэг баривчилсаныг буруутгаж, хөлөг осолдоход эхнэр болон гэр бүл, найз нөхөд минь ямар ч хамааралгүй гэжээ.

Ли Жүн Сёк  мэдэгдэлдээ ““Sewol” хөлгийн ахмад бол би. Хөлөг осолдоход эхнэр, хүүхдүүд минь ямар ч хамааралгүй. Яагаад эхнэрийг минь баривчилсаныг сайн ойлгохгүй байна. Үнэндээ тэд ч гэсэн хохирогчид. Эр нөхөр, эцэг нь хийгээгүй хэргийнхээ төлөө яллагдаж байгаа тэдний хувьд ч тэсвэрлэшгүй хүнд асуудал. Ерөнхийлөгч болон бүх эрх мэдэлтэй хүмүүст хандахад эхнэрийг минь суллаач. Гуйж байна” хэмээсэн байна.

Ахмад Ли Жүн Сёкт анхан шатны шүүхээс бүх насаар хорих ялаар шийтгэсэн билээ. Харин түүний өмгөөлөгч хөлгийн осолтой ахмад ямар ч хамааралгүй гэдгийг сануулаад осол гарах үед ахмад хөлгийн жолоог туслахдаа шилжүүлсэн гэдгийг батлах нотолгоо байгаа гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Төв цэнгэлдэхэд 13600 сандал шинээр байрлууна

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Баттулга тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажилтай танилцлаа.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ажлын явцтай танилцах үеэр наадмын бэлтгэл ажил хариуцаж буй албаныхан төв цэнгэлдэх хүрээлэнд 13.600 сандал шинээр байрлуулахаар болсон тухай мэдээллээ. Цэнгэлдэх хүрээлэнгийн зориулалтын түшлэгтэй сандлуудыг энэ сарын 24-нөөс суурилуулж эхлэх юм байна. Эдгээр сандлыг худалдан авахад нийт 200 сая төгрөг төсөвлөсөн аж.

Шинэ сандлуудыг байрлууснаар нийтдээ 15 орчим үзэгч төв цэнгэлдэхэд наадам үзэх боломжтой болох гэнэ. Харин наадмын тасалбарыг хэдэн төгрөгөөр худалдах нь тодорхойгүй байгаа аж.

Мөн төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор талын цэвэрлэгээг Улаанбаатар нэгтгэл, гадна талбайн цэвэрлэгээг дүүргүүдийн тохижилт үйлчилгээний газрууд хариуцах юм байна.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Роналдо дэлхийн аваргын төлөө эрүүл мэндээ золиосолж байна

Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Криштиано Роналдог дэлхийн аваргад оролцохын тулд эрүүл мэндээ золиосолж байна гэж мэс заслын эмч Жозе Карлуш Норонья хэвлэлээр өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэжээ. Нороньягийн өгүүлснээр бол Роналдо зүүн өвдөгний гэмтлээ сэдрээж, насан туршдаа хөлбөмбөгч тоглож чадахааргүй болох гээгүй л бол энэ дэлхийн аваргаар дахиж нэг ч тоглолтод гарах хэрэггүй гэнэ.

Хэсгийн эхний  тоглолтод Португалын шигшээ Германд 4:0-ээр бут ниргүүлэхэд Роналдо бэлтгэл бүрэн ханаагүй мэт харагдсан нь өвдөгний гэмтэлтэй нь холбоотой гэж Норонья сануулжээ.

“Тэр дахиад хөлбөмбөгийн талбайд гарахгүй ч болж магадгүй тул ирээдүйгээ бодоод энэ дэлхийн аваргад дахиад тоглох хэрэггүй” гэж Норонья мэдэгдсэн байна. Гэлээ ч Роналдо АНУ, Ганын эсрэг тоглолтод оролцохоор бэлтгэлээ базаасаар байгаа юм. Дэлхийн аваргын өмнө Роналдо өвдөгний гэмтлийн улмаас хоёр нөхөрсөг тоглолтод оролцоогүй бөгөөд өвдгөө одоо ч боож яваа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Татвараас чөлөөлөгдөх тоног төхөөрөмжийн жагсаалтыг баталлаа

Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх  тухай хуулийг энэ оны 06 дугаар сарын 06-нд УИХ баталсан. Үүнтэй холбогдуулан татвараас чөлөөлөгдөх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар шинэчлэн баталлаа. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулиар “тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа, банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах” үйл ажиллагааг эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн нь жижиг, дундын үйлдвэр эрхлэгчид хамаардаггүй бөгөөд эдгээр салбарт хамаарах тоног төхөөрөмж тус жагсаалтад ороогүй байна.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хөнгөлөлт чөлөөлөлтийг дахин сэргээж байгаа тул Засгийн газрын 193 дугаар тогтоолоор баталсан өмнөх жагсаалт болон яамдаас ирүүлсэн саналыг нягталж, жагсаалтад зөвхөн үндсэн үйлдвэрлэлд зориулагдсан тоног төхөөрөмж, түүний сэлбэг хэрэгслийг хамруулахаар боловсруулсан бөгөөд үйлдвэрлэлийн зориулалтын тоног төхөөрөмжид хамрагдахгүй сэлбэг хэрэгсэл, бэлэн бүтээгдэхүүн, гар багаж, угсран борлуулах зориулалттай эд анги зэргийг хамруулаагүй байна. 

Categories
гадаад мэдээ

Бразилийн хөлбөмбөгийн холбооны цахим хуудас хакердуулжээ

Бразилийн Хөлбөмбөгийн холбооны албан ёсны цахим хуудас хакердуулжээ. Энэ талаар тус холбооны хэвлэл мэдээллийн албаны ажилтан Родриго Паива мэдээлэл хийсэн байна. “Манай цахим хуудас хэсэг хугацааны турш ажиллагаагаа түр зогсооход хүрлээ. Маш том хэмжээний олон файл байрлуулсан тул хэвийн ажиллах чадваргүй болсон. Яагаад үйл ажиллагаагаа түр зогсоох болсон гэж үү? Манай цахим хуудсыг хакердчихсан. Ямар учраас хакердсаныг нь сайн мэдэхгүй юм. Бодвол зугаагаа гаргаж буй хэрэг биз” гэж Паива мэдэгдсэн байна.

Харин зарим хэвлэлээр дэлхийн аваргыг эх орондоо зохион явуулахыг эсэргүүцэн жагсагчид хакердсан байж болзошгүй гэх мэдээлэл цацагдах болжээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш “Задгай цагаан” нийтийн цэнгээнт бүжигтэй

МҮОНР-гийн 80 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдаж буйн нэг нь маргааш буюу зургаадугаар сарын 22-нд Чингисийн талбайд болох Радиогийн нээлттэй өдөрлөг юм.

Радиогийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий нийтийг хамарсан “Радио ярьж байна” өдөрлөг хоёр хэсгээс бүрдэх бөгөөд Монголын радиогийн 80 жилийн түүхийг өгүүлэх жүжигчилсэн тоглолтоор эхэлнэ. Чингисийн талбайд зассан зургаан тайзнаас  Монголын радиогийн түүхэн замнал, үе үеийн онцлогийг харуулсан театрчилсан тоглолт, тухайн цаг үетэй холбоотой урлагийн тоглолт болно.

Харин дараа нь 20 цагаас “Задгай цагаан” нийтийн цэнгээнт бүжигтэй.  Монголын ард түмнийг урлаг соёлд суралцахад чухал үүрэг гүйцэтгэсэн “Задгай цагаан” бүжгээр нэрийдсэн эл хэсэгт эрхэм сонсогч, үзэгч та залуу насаа дурсан бүжээрэй. Бүжгийн дундуур урлагийн тоглолт болно. Түүнчлэн шилдэг бүжигчдийг шалгаруулах юм. “Монголын радио” өдөрлөг МҮОНРТ-ээр шууд цацагдаж Монгол орон даяар үзэгч, сонсогчдын хүртээл болно.