Categories
мэдээ нийгэм

4*5=18, 4*7=26, 8*7=58 болчихсон юм уу

Манай боловсролын салбарын шинэчлэлийн дүн арай ч дэлхий нийтээр хэрэглэдэг тооны хүрдийг өөрчилсөн юм биш биз. Сургуулийн босго алхаж эрдмийн далайд сэлүүрдэн яваа бяцхан дүү нар хүрдийг энэ чигээр нь цээжилчихнэ. Түүнээсээ болж багшдаа загнуулах нь тодорхой. Хүүхдийн буруу биш энэ дэвтэр үйлдвэрлэж байгаа нөхдүүдэд ч гэсэн буруу байх юм. 4*5=18, 4*7=26, 8*7=58 гэсэн хүрд бүхий дэвтрийг Номингийнхон хийлгэсэн байна. Шинэ цагийн хүрднээс бид хоцрогдоод байна уу. 

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Садар самуунд уруу татагч этгээдийг баривчилав

Хуурамч фэйсбүүк хаяг ашиглаж насанд хүрээгүй охидтой танилцаж садар самуун үйлдэлд уруу татаж байсан “Ч” гэгчийг баривчилсан байна. Тэрбээр ганцаардсан болон эцэг эхийн хяналт сул байж болзошгүй охидыг урьдчилан судалж тэдэнтэй харилцаж сэтгэл зүйн эмзэг байдлыг ашиглан өөртөө татдаг байжээ. Түүний хувьд энэ үйлдлээ эцэг эхдээ хэлэхгүй байхыг сануулж, садар самуун агууламжтай үйлдэлд уруу татан, охидыг зургаа авч үзүүлэхийг шаардах зэргээр сэтгэл зүйн хүнд дарамт шахалтанд оруулдаг ба сүүлийн тохиолдлуудад 16 насанд хүрээгүй хоёр охиныг ийнхүү дарамт шахалтанд оруулж байжээ. Хэргийг Баянгол дүүрэг дэхь Цагдаагийн хоёрдугаарт хэлтэст шалгаж байна.

Үүнээс үүдэн энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход эцэг эхчүүдийн хүүхэддээ тавих хяналт хамгийн чухал бөгөөд хүүхдийн онлайн ертөнц дахь найз нөхөд, харилцаж байгаа хүмүүсийн талаар эцэг эхчүүд маань тодорхой мэдээлэлтай байх шаардлагатай байгаа юм.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Хөшигийн хөндийн нисэх буудлын зурвасын хучилт хийгдэж эхэллээ

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд барьж буй Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын аэродромын хөөрч, буух зурвасын бетон хучилтын ажлыг өчигдрөөс эхэлжээ.

Герман улсад үйлдвэрлэсэн, олон улсад бетон зам тавихад ашигладаг “Вертген” технологийн автомат машиныг ашиглан зурвасын хучилтыг хийж байгаа аж. Тус машин нь бетон замыг 15 метр хүртэл өргөнтэй, 50 см өндөр хүртэл хучиж, зогсолтгүйгээр 24 цагийн турш бетон зам үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.

Олон улсын нисэх буудал барих төсөл хэрэгжүүлэх нэгжийн Аэродром хариуцсан менежер Д.Цогням ярихдаа, “Дээрх технологийг манай улсад анх удаа аэродром барихад ашиглаж байгаа. Монгол орны цаг агаарын онцлогийг харгалзан төмөр хүчитгэсэн торыг дэвсэж байгаа. Ингэснээр 40 жил ашиглаад дахин шинэчлэн засварладаг бетон замын эдэлгээний хугацааг 10 жилээр уртасгах юм” гэлээ.

Хөшигийн хөндийн Олон улсын нисэх буудлын аэродромын хөөрч буух зурвас нь 3600 метрийн урттай, 45 метрийн өргөнтэй байх бөгөөд 7.5 метрийн асфальт бетон хөвөөг хоёр талаар нь дэвсэх гэнэ. Зурвасын хучилтын ажлыг Япон, БНСУ-ын инженер-техникийн багийнхан гүйцэтгэж байгаа бөгөөд гурван сарын хугацаанд хийж дуусгах гэнэ. 

Л.Гүндээ

Categories
гадаад мэдээ

Гар утас эзнийхээ нянг тээдэг

Вашингтон /ВВС/. Ухаалаг гар утаснууд эзнийхээ нянгаар дүүрэн байдгийг АНУ-ын эрдэмтэд тогтоожээ.

Судалгаагаар, бидний “хурууны хээ”-нд байдаг нянгуудын 80-аас илүү хувь нь гар утасны дэлгэцэн дээр үлддэг байна.

Хувийн эд зүйлс, ялангуяа, гар утсаар дамжин нян тархдаг байж магадгүй гэж “Peer J” цахим хуудаст нийтэлжээ.

Гар утас хэрэглэгчид өдөрт дунджаар 150 гаруй удаа утсандаа хүрдэг гэсэн судалгаа байдаг.  Бидний биед байдаг бүх төрлийн бичил организмууд гар утасны дэлгэцэн дээр мөн байдгийг эрдэмтэд тогтоожээ. Эдгээр нь цаашдаа хүний бие дэх  нууцлагдмал нянгуудыг олж илрүүлэхэд тус дөхөм болно гэж судлаачид үзэж байна.

Эрчүүд, эмэгтэйчүүдийн аль аль нь гар утаснаасаа нян авч, мөн утсандаа нян халдаадаг ч энэ нь эмэгтэйчүүдэд илүү ажиглагддаг ажээ.

Л.Самбуу

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Тэмүүжин: Би тэр эмэгтэйг танина. Өнгөрсөн хавар нэг хүний төрсөн өдөр дээр тааралдаж байсан

-Энэ бол тэдний л бичсэн
зохиол. Би хэн нэгний бичсэн зохиолын гол дүрд тоглохгүй шүү-

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин
өчигдөр орой 25-р суваг телевизээр шууд ярилцлаганд орж, олон нийтийн дунд
шуугиан дэгдээгээд байгаа зарим асуултад хариулт өглөө.

-Энэ хавар таны хувьд маш дуулиан
шуугиантай өнгөрлөө. Олон удаа таныг ярилцлаганд орооч гэж урьсан ч үргэлж
хойшлуулж байсан. Их завгүй байсан байх. Эсвэл дуугарах цаг нь болоогүй гэж
үзсэн юм уу?

-Дуугүй байна гэдэг мэдэхгүйдээ дуугүй байхаас
гадна зарим тохиолдолд магадгүй, ярих зүйл хэтэрхий их байсан учраас дуугүй
байсан ч байж болно шүү дээ. Тэр тусмаа Хууль зүйн сайд хүн асуудлыг тодорхой,
оновчтой, үр дагавартай нь хэлдэг байх ёстой. Тиймээс сүүлийн хэдэн сарын
хугацаанд бодлого, хийж байгаа ажлаа ярихаас өөр илүү дутуу зүйл ярихгүй байх
нь зохимжтой гэж үзсэн.

-Өнөөдөр /өчигдөр/ төрийн ордонд
Ерөнхийлөгч Х.Баттулга гишүүнийг дуудаж уулзах үеэр та Төрийн ордны өргөтгөл
рүү орж явж харагдсан. Ерөнхийлөгчтэй уулзсан юм уу?

-Тийм ээ. Уулзсан.

-Таныг сайдаас огцруулах асуудал яригдаж,
танай намын бүлэг дотор асуудал нэлээд маргаантай байх үед Ерөнхийлөгч таныг
цээжээрээ хамгаалсан. Тэгэхээр та Ерөнхийлөгчийн франкцийн хүн үү?

-Улстөрд, ялангуяа Ардчилсан нам дотор “Хэний
фракци, хэний хүн бэ” гэж их хардаг, харддаг. Яах аргагүй намайг улс төрд
хөтөлж оруулсан хүн бол Ерөнхийлөгч мөн. Гэхдээ бид хэний фракци, эсвэл хэнийг
дагаж орж ирсэн хүн бэ гэдгээсээ илүү барьж байгаа зарчим, үнэт зүйл, асуудлыг
харж байгаа цонхоороо илүү ойрхон. Би хувьдаа тэгж боддог. Хүн бүр юмыг өөр
өөрийнхөөрөө харна. Асуудлыг голоор нь зөв харж байвал олон хүний харж байгаа
цонх давхцана. Харж байгаа цонх маань нэг байгаа бол түүнийхээ төлөө тууштай
явах ёстой шүү дээ.

-Нууц биш бол та Ерөнхийлөгчтэй ямар
сэдвээр ярилцсан бэ? Яг тэр үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга гишүүнийг хатуухан
зэмлэсэн. Эсвэл өөр асуудлаар ярилцсан юм уу?

-Хууль зүйн салбарын шинэтгэл, бодлого яаж явж
байна гэдгээс гадна гадуур гарч байгаа хэл ам, шинэтгэлийн үйл явцыг амжилттай
явуулахын тулд улс төрийн нөхцөл байдлаа яаж харах ёстой гээд олон асуудлаар
ярилцсан.

-Энэ далимд асуухад Х.Баттулга сайдын
бэлтгэсэн “100 чухал сэдэв” нэвтрүүлгийг монголчууд янз бүрээр хүлээж авсан.
Нэг хэсэг нь эх оронч сэтгэлээс хийсэн гэж итгэж үнэмшиж байхад нэг хэсэг нь
“хоёр хөршийнхөө дунд үл итгэлцэл, зөрчил үүсгэчихлээ” гэж дургүйцэж байна. Та
хувьдаа юу гэж бодож байна?

-Бид ардчилсан нийгэмд амьдарч байна. Үзэл бодол,
бодлогоор өрсөлдөж байна. Хэнийх нь зөв гэдгийг хэр судалгаатай, асуудлыг
шийдэх чадавхитай, үндэслэл бүхий тайлбартай байна гээд янз бүрийн өнцгөөс
харах боломжтой тийм нийгэмд бид амьдарч байна шүү дээ. “100 чухал сэдэв”
нэвтрүүлгийг нэг талаас харахад хүн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлж
байна. Нөгөө талаар бас нийлэхгүй байгаа бодлогоо салгаж ярьж байх шиг байна.
Гэхдээ энэ тал руугаа хэт хэлбийгээд ирэхээр бас асуудал үүсч байна. Улс төрийн,
бодлогын өрсөлдөөн гэж харахаасаа илүүтэйгээр хуулийн асуудал үүсэх магадлал
бас гарч ирж байна.

Үндсэн хуульд “Монгол Улсын иргэнийг яс үндэс,
эрхэлж байгаа ажил, эд хөрөнгөөр нь ялгаварлахгүй. Хүн болгон хуулийн өмнө эрх
тэгш. Монгол Улсын иргэнийг харьяаллаас нь хасах, хөөх, гадаад улсад
шилжүүлэхийг хориглоно” гээд заачихсан. Тэр байтугай төр өөрөө үүнийг
хийдэггүй. Гэтэл хэн нэг сэтгүүлч, хэн нэг хувь хүн, хэн нэг улстөрч Монгол
Улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэнд ямар нэг нэр хоч, хаяг зүүж, үндэс
угсаагаар ялгаварлаж, “энэдайсны тал, энэ манай тал” гэж хагална гэдэг өөрөө
Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болох вий гэдэг өнцгөөс би харж байна.
Гуравдугаарт,  энэ нь өөрөө Монгол Улсын үндэсний эрх ашиг, суурь үнэт
зүйл, тусгаар тогтнолтой холбоотой асуудал. Тэр тусмаа гадаад бодлогоороо улс
төр хийж болохгүй л дээ. Ерөнхийлөгч гэсэн хэлнэ лээ. Хүн эцэг эхээ
сонгодогүйтэй адил Монгол Улс хоёр хөршөө сонгохгүй гэж. Бидний газар зүйн
нөхцөл байдал, түүхэн нөхцөл байдлаар хүссэн хүсээгүй энэ хоёр хөрш маань
байна. Нэг хөршөө муулж, нөгөө хөршдөө тал засах юм уу, эсвэл хөрштэйгээ
дайсагнах, дотроо хагаралдах байдлаар бид асуудлаа шийдэхгүй. Нэг талаас үзэл
бодлоо илэрхийлж байгаа мэт боловч нөгөө талаас хуулийн болон үндэсний аюулгүй
байдалтай холбоотой асуудал хөндөгдвөл бид үүнийгээ жинлэж үзэх л ёстой.

-Гэвч танай Засгийн газар дотор сайд нар
нь танхимын зарчмаар, нэг зорилготой ажиллаж чадахгүй байна уу даа гэж
харагдаад байгаа. УИХ-д өргөн баригдаад байгаа төмөр замын бодлого дээр
салбарынх нь сайд А.Гансүх гарын үсэг зураагүй байдаг…?

-Төмөр замын бодлогыг УИХ-д өргөн барих үед
А.Гансүх сайд гадаадад томилолтоор ажиллаж байгаад гарын үсэг зурж чадаагүй.
Өчигдрийн Засгийн газрын хуралдаан дээр /Лхагва гаригийн/ А.Гансүх сайд өөрөө
“Би нөхөж гарын үсэг зурна” гэдэг амлалтаа авсан. Тэгэхээр энэ асуудал дээр
Засгийн газар нэгдсэн ойлголцолтой байгаа. Зөвхөн кабинетийн гишүүд төдийгүй
ҮАБЗ болон улс төрийн хүрээнд нэгдсэн ойлголцолтой байгаа. Яагаад гэвэл Монгол
Улсад нэг л эрх ашиг байгаа. Би Х.Баттулга гишүүний нэг зүйлийг дэмждэг. Монгол
Улс үйлдвэрлэгч орон болох ёстой. Үйлдвэрлэл хөгжих ёстой. Гэхдээ мөнгөтэй байж
үйлдвэрлэлээ хөгжүүлнэ, түүнд тодорхой хэмжээгээр цаг хугацаа зарна. Тэр
мөнгийг бид яаж олох вэ. Эхний ээлжинд худалдаагаа дэмжсэн төмөр замаа тавьж,
нүүрсээ борлуулах байдлаар эхний хуримтлалаа бий болгох уу, эсвэл зээл авах уу
гэдэг хоёр л зам байна шүү дээ. Зээл авахаар дахиад асуудал үүсч байна. Гэтэл
манайд зараад мөнгө олох боломжтой бэлээхэн баялаг байна. Үүнийгээ машинаар
зөөгөөд, үүргийн худалдаа шиг явна гэвэл бид үйлдвэр байгуулах хэмжээний мөнгө
олж чадахгүй. Түүний оронд яаж өрсөлдөх чадвартай, өртөг багатайгаар нүүрсээ
зах зээл рүү гаргах вэ, дээр нь таатай транзит орчинтойгоор урд хөршийн зах
зээл рүү гарах вэ гэдэг бидний бол бодлого. Энэ бол сэтгэлийн хөөрлөөр, эсвэл
хүмүүсийн уур бухимдал, айдас дээр тоглож  байгаад шийдчихдэг асуудал биш.
Судалгаатай, тооцоотой, мэргэжилтнүүдийнхээ үгээр явах ёстой. Түүнээс биш
нийгмээ хоёр хувааж байгаад хэн илүү хашгирсан, хэн илүү олон хүн цуглуулсан нь
шийдэх гэвэл ул суурьтай шийдэл болж чадахгүй.

-Сүүлийн үед та УИХ-ын чуулганыг
таслахгүй сууж байгаа. Хууль зүйн салбарын шинэчлэлтэй холбоотой маш олон
хуулиуд орж ирж байна. Гэвч үүний цаана нөгөө хуулийн чанарын асуудал яригдах
юм биш биз дээ гэсэн болгоомжлол байна. Гаднын улсуудаас шууд хуулж оруулж
ирээд байгаа юм биш биз дээ гэдэг шүүмжлэл ч бас явдаг?

-Хүмүүс янз бүрээр л шүүмжилж байна. Гэхдээ
хуулийг хэн боловсруулдаг вэ гэдгийг судлаад үзэх хэрэгтэй. Хэн нэг нь тэнгэр
харж байгаад биччихдэг зүйл биш. Энэ хуулийг боловсруулахын тулд урьдчилаад маш
олон судалгаанууд хийгдэх ёстой. Дээр нь энэ хуулийг цаасан дээр буулгаж
бичихийн тулд салбарын мэргэжилтнүүд нь ажиллах ёстой. Хууль зүйн яамны хэдэн
хүн сууж байгаа биччихдэг юм биш шүү дээ. Шүүх, прокурор, цагдаа гээд салбар
бүрийн мэргэжилтнүүд орж ажиллаж байгаа. Хуулиуд маш хурдан орж ирээд байхаар
зарим хүний хувьд “яаж ингэж орж ирээд байна” гэж гайхаад, бидний нөөц
бололцоог бас дутуу үнэлээд байх шиг харагдсан. Энэ хуулиудын үзэл санаа бол
ерөөсөө шинэ юм биш.

1992 оны Үндсэн хууль батлагдсаны дараа 1996-2000
оны хооронд  Эрүү, Иргэний хуулиа яаж Үндсэн хуулийнхаа үзэл санаанд
нийцүүлэх вэ гэдэг анхны санал санаачилгууд гараад, судалгаанууд яваад, гараад
2002 он гэхэд тодорхой шинэчлэлүүд хийгдсэн. 2002 оноос хойш бас дахиад маш
олон судалгаанууд хийгдсэн. Тэгэхээр энэ бол ганц  Х.Тэмүүжингийн санаа
ерөөсөө биш. Тулгарч байгаа бэрхшээлээ олж хараад, үүнийгээ яаж шийдэх вэ гэдэг
дээр олон газраас маш олон санаа цуглуулж дунд нь өрсөлдүүлж байгаад аль нь
манайд таарч байна, дэвшилттэй байна, дээр нь бидний үндсэн тогтолцоонд хэр
нийцэж байна гэдгийг хараад санал зөвлөмж болгосон, эрдэмтэд ерөнхийдөө нэгдсэн
ойлголцолд хүрсэн маш олон санаа байсан. Тэр санааг улс төрийн хүсэл эрмэлзэл гаргаад,
хууль тогтоох систем рүү оруулж ирэх үүрэг л бидний үед ирж байгаа байхгүй юу.
Түүнээс биш бид зохиол бичээгүй. Энэ бол олон жилийн судалгааны үр дүн.

Хууль зүйн салбарын шинэтгэлтэй холбоотой
судалгаанууд 2006 оноос өмнө бол зохион байгуулалттай бусаар, янз бүрийн
байдлаар хийгдэж байсан. 2006 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаасаа буугаад Азийн
сан, Нээлттэй академи, МУИС-ийн залуу багш нар гээд гурван талаас нэгтгэж
ажилласан. Ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, хуулийн засаглалыг
тогтоох, авлигатай тэмцэх ажил улс төрчийн хоосон амлалтаар явахгүй юм байна,
хоосон хүсэл зоригоор ч бас явахгүй юм байна. Бичмэл хууль нь өөрөө маш
тодорхой, ойлгомжтой, системтэй, цогц байдлаар хийгдэж, түүнийгээ дагасан
хуулийн байгууллагын томоохон шинэтгэл явж байж энэ бүхэн хэргжих юм байна гэж
хараад, үүнийгээ хийхийн тулд 2006 оноос анхны санаачилга гараад судалгаануудыг
нэгтгэх ажил хийгдсэн.          

-2002 оны Ц.Нямдорж сайдын батлуулсан
Эрүүгийн хуулийг Монгол орныг шоронжуулсан, ялын маш хатуу бодлоготой гэж
шүүмжилдэг…?

-Нэг зүйлийг ойлго. Ц.Нямдорж гэдэг хүн нэг
тийшээ хараад, Х.Тэмүүжин өөр тийшээ хараад байгаа юм биш шүү. 2002 оны
Эрүүгийн хууль бол яг үнэндээ ганц Ц.Нямдоржийн ч хийсэн хууль биш. 1992 оны
Үндсэн хууль гарсантай холбоотойгоор GTZ, Ханс Зайделийн сан, USAID гэх
мэтчилэн гаднын техникийн туслалцаа үзүүлдэг байгууллагууд хувь хүний эрх
чөлөө, иргэний нийгмийг хүлээн зөвшөөрсөн Ардчилсан Үндсэн хуулийг дагаад
хуулийн систем нь өөрөө өөрчлөгдөх ёстой гэж үзээд өөрчлөхийн тулд ямар алхам хийх
вэ гэдэг судалгаануудыг хийсэн. Тэр судалгааны үр дүнгүүд 2002 онд хууль болж
гарсан, гэхдээ зарим өөрчлөлтүүд орсон. Тэр судалгаануудын үр дүнд бид арван
алхмын шинэчлэл хийх ёстой байсан бол тухайн үед хуульчид нь хүлээн
зөвшөөоөхгүй байна, нийгэм хүлээж авахад бэлэн биш байна, ийм хэмжээний
өөрчлөлт хийх эр зориг алга, эдийн засгийн нөхцөл байдал бүрдээгүй байна гэх
шалтгаанаар зарим алхмуудыг нь татаж аваад, арав алхах байсан бол 2-3 алхсан.
Үүнийг бол Ц.Нямдорж сайд хийсэн. Дараагийн долоон алхмыг хэзээ хийх вэ гэдэг
дээр хүрээд ирэхээр манай хүн “Одоо хууль зүйн шинэтгэл болчихсон” гэж үзсэн л
байхгүй юу. Хүнд төрүүлсэн үр нь харам гэдэг шиг өөрийнхөө хийсэн хуулийг
богино хугацаанд дахиад өөрчилнө гэдэг өөрт нь харам байсан байх л даа. 2002
оны энэ шинэчлэлтээс хойш 12 жил өнгөрчихлөө. Одоо бид дутуу хийсэн зүйлээ
гүйцээж хийхгүй бол нөгөө систем маань ажиллахгүй байна. Зарим зүйлээс болоод
бас хэт монголчилоод байна.

-Яаж?

-Жишээ нь шүүгч нарт итгээгүй. Шүүгч нар ёс
зүйгүй байна, хаа хамаагүй ял өгч байна, хуйвалдаж байна, авлига авч байна.
Тийм учраас хуулиар нь бүгдийг тодорхой заагаад өгчихье гэж хэтэрхий
хайрцагласнаас болоод шүүгчид тухайн хэргийн нөхцөл ямар байгааг харахаасаа
илүүтэйгээр “Хуулиндаа ийм байгаа юм чинь” гээд хавтгайруулаад ялладаг байсан.
Үүнээс болоод “шоронжуулсан” гэдэг үр дагавар бий болоод байна шүү дээ. Шүүгч
нарт боломж олгохгүй шүү гэсэн бодлого нь нөгөө талдаа иргэдээ шоронжуулдаг
систем руу л явуулчихсан байхгүй юу.

-Таны оруулж ирсэн Гэмт хэргийн тухай
хууль батлагдсанаар шоронд хоригдогсдын тоо хэдэн хувиар буурах вэ?

-Ойролцоогоор 40 хувиар буурна гэсэн тооцоо
хийсэн. Жишээлбэл, Гэмт хэргийн шинэ хуулиар “танхайрах” гэдэг гэмт хэрэг
байхгүй болсон. Яагаад гэвэл танхайрах гэдэг гэмт хэрэгтэй давхацсан гурван
төрлийн гэмт хэрэг байгаа юм. Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах,
бусдын өмч хөрөнгийг эвдэж сүйтгэх, бусдын эрүүл мэндэд халдах гэсэн гурван
төрлийн гэмт хэрэг байхад энэ гурван хэргээр нотолж чадаагүй хэргээ хуульчид
“танхайн гэмт хэрэг” гэдэг нэг уутанд хийгээд явуулчихдаг байсан.
 Эрүүгийн эрх зүйн ойлголтоор, тэр дундаа хүний эрх чөлөөг хязгаарлахтай
холбоотой ял өгөх гэж байгаа бол хөдөлшгүй баримтаар нотлох ёстой, хууль зүйн
нарийн үндэстэй байх ёстой, ямар нэг алдаагүй байх ёстой. Ийм хүнд процессоор
энэ гурван хэргийг нотолж чадахгүй болохоороо хөнгөвчлөөд “танхайрсан” гэдэг
зүйл анги руу чихээд л явуулчихаж байгаа юм. Одоо бол хүний өмч хөрөнгө
сүйтгэсэн бол түүгээрээ явья, гудамжинд хэн нэгнийг цохиод авсан бол хүний амь
нас, эрүүл мэндэд халдсан гэдэг тэр зүйл ангиараа явья, олон нийтийн амгалан
тайван байдал алдагдуулаад орц, гудамжинд хашгичаад, бөөлөөд байгаа бол түүгээр
нь яллая. Түүнээс биш дуртай хүнээ чихэж болдог тусгай уут эрүүгийн эрх зүй,
Гэмт хэргийн тухай хуульд байж болохгүй. Энэ зөвхөн нэг жишээ. Дээр нь хуучин
гэмт хэрэг гэж үзээд шорон луу явуулдаг байсан зарим үйлдлийг зөрчил гэж үзээд
Зөрчлийн хуулиар шийтгэхээр байгаа. Энэ мэтчилэн ялын бодлогыг хөнгөвчлөх маш
олон механизмууд шинэ хуульд суусан.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү таныг
огцруулах санал оруулахдаа “хүүхдээ үрчлүүлсэн, хар тамхины хэрэгтэн хүүхэнтэй
холбоотой” гэх мэт маш сонин үндэслэлүүд гаргаж тавьсан. Энэ үндэслэлүүдээ
хаанаас цуглуулсан юм бол оо?

-Би Хууль зүйн сайдын ажлыг аваад л анх хэлж
байсан. Манай гэр бүлийнхэн ч гэсэн бэлтгэлтэй байсан. Хуулийн байгууллагын
олон нийтэд хаалттай, тусгай арга хэрэгсэлтэй, үүгээрээ дамжуулаад хүний хувийн
амьдрал руу дуртай цагтаа орж болдог ийм эрх мэдэлтэй , гэхдээ тэр нь буруу
арга барилтай, хуулийн нэр барих мөртлөө хуулиасаа гадуур хувь хүнийхээ ашиг
сонирхлыг гүйцэлдүүлдэг тийм соёлтой байгаа бүтцийг өөрчилнө гэдэг эрсдэлтэй л
дээ. Манай энэ төрлийн байгууллагууд гэмт хэрэгтэй тэмцэхээсээ илүүтэй өөрийг
нь томилдог, хянадаг хүмүүс рүүгээ бүх хэрэгслээ хандуулаад “Энэ хүнтэй
холбоотой асуудлыг бариад авчихвал би албан тушаал дээрээ найдвартай үлдэнэ”
гэдэг байдлаар надтай холбоотой мэдээлэл, янз бүрийн юм цуглуулсан юм шиг байна
лээ.

-Таныг тагнасан, чагнасан гэдгийг бол та
өөрөө нэгэнт зарлачихсан шүү дээ. Хэн үүнийг хийсэн бэ гэдгийг та тодруулсан
уу?

-Тагнуулын байгууллага тодорхой үйл ажиллагаа
явуулаад, урьдчилсан байдлаар ийм нөхцөл байдал тогтоогдлоо гээд эрүүгийн хэрэг
үүсгэчихээд байхад Ерөнхий прокурор өөрөө утасдаад хэргийн шалгалтыг зогсоосон.
Их сонирхолтой юм болсон. Цаг нь ирэхээр бүр сонирхолтой түүх яригдана.

-О.Баасанхүү гишүүн тэр мэдээллийг
хаанаас авсан юм бэ?

-Мэдээж хэрэг О.Баасанхүү зүгээр дээшээ хараад
хэвтэж байхад нь унаад ирээгүй нь тодорхой. Над дээр явуулсан гүйцэтгэх
ажлынхаа бүх мэдээллийг манай хүнд аваачиж өгсөн юм шиг байгаа юм. Би бол
О.Баасанхүүг буруутгахгүй. Тэр хүн улс төрөө л хийсэн шүү дээ.

-Хэн аваачиж өгсөн юм бэ?

-Цагдаагийнхан л аваачиж өгнө шүү дээ, өөр хэн
өгөх юм. Заавал надаар дахин дахин хэлүүлэх ямар шаардлага байна. Хүн болгоны
нүдэн дээр ил болсон зүйл шүү дээ. Огцруулах асуудал чуулганаар ороход
цагдаагийн хэдэн дарга орж үг хэлсэн, хуулийн байгууллагууд яаж ажилласан, бүх
зүйл ил байгаа шүү дээ.

-Агентлагуудын дарга нар тэр үеэр тантай
хамтарч ажиллахгүй гэж хэлсэн гэсэн?

-Уучлаарай. Нэг л агентлагийн дарга тэгж хэлсэн,
тэр бол цагдаа. Миний харьяанд ганцхан агентлаг байдаггүй. Ний нуугүй хэлэхэд
манайд хувьчлалтай холбоотой дөрвөн процесс явсан, өмнө нь ч би ярьж л байсан.
Саяхан болтол монголчууд бүгдээрээ мөнгөнд дургүй, мөнгөтэй хүнийг үзэн яддаг
тийм нийгэмд амьдарч байлаа. Зах зээлийн нийгэмд шилжсэнтэй холбоотойгоор улсын
өмчийг хувьчиллаа. Тэр нь шударга, шударга бус янз бүр л байсан байх. Яагаад
гэвэл шилжилтийн үеийн нийгэмд анхны хуримтлал хууль ёсны дагуу бий болдоггүй,
тэр бол зүй тогтоол. Ямар ч байсан нэг хэсэг нь өмчтэй болсон. Тэр өмчтэй
хүмүүст бас нэг бэрхшээл гарч ирсэн. Гааль, татварын байгууллагаас авахуулаад
төрийн байгууллагын дарамттай тулж эхэлсэн. Тэгэхээр “Аа за, би энэ хүмүүсийг
хувьчлаад авчих юм бол юу ч хийж болох юм байна” гэсэн сэтгэлгээгээр төрийн
байгууллагуудыг худалдаж авч эхэлсэн.

Гэтэл дөрвөн жилийн дараа улс төрийн эрх мэдэл
солигдохоор нөгөө хүмүүс нь бас солигдоод эхлэнгүүт “Аан, тэгвэл би
улстөрчидтэй нь найз байх ёстой юм байна” гээд нам, фракци, бүлэг дотор орон
зайгаа эзлэх гээд түүн дотор бас худалдан авалт хийж эхэлсэн. Ний нуугүй
хэлэхэд  улс төрд 50 хувь нь бодлого, өөрчлөлт ярьж байхад үлдсэн 50 хувь
нь хэн хэний эрх ашгийг хамгаалах вэ, хэн нь илүү байр суурьтай байж өөрийнхөө
бизнесийг авч үлдэх вэ, улс төрд байгаа төлөөллөө яаж хамгаалах вэ гэдэг л
өрсөлдөөн явж байна шүү дээ.

Гэтэл дараа нь юу болсон бэ? Улс төрийн
хамгаалалттай байна гэдэг асуудал биш юм байна, шүүгч, прокурор, цагдаа гээд
хуулийн байгууллагад өөрийн төлөөлөлтэй байхгүй бол улстөрчид нь улстөрчидөө
аваад хаячихдаг юм байна, төрийн албан хаагчдыг будаа болгодог юм байна, миний
бизнес рүү дураараа орж ирдэг юм байна гээд хуулийн байгууллагууд дотор
худалдан авалт хийж эхэлсэн. Одоо бол улс төр, мөнгө, хуулийн эрх мэдэл, төрийн
тодорхой чиг үүргүүдийг бүлэглэлүүд нь хуваагаад авчихсан, хоорондоо байлдаж
байна шүү дээ.

-Огцруулах асуудал яригдаж байх үед та
өөрийнхөө твиттер хуудсаар жиргэсэн байсан. Сум нь О.Баасанхүү юм бол нум нь
хэн юм бэ? гэж. Магадгүй “Женко” Баттулгыг хэлсэн юм биш биз дээ?

-Хүн болгоны нүдэн дээр ил байгаа зүйл шүү дээ.
Би бол маш тодорхой хэлсэн.

-Та хоёрт тэгж зөрчилдөх ямар шалтгаан
байсан юм?

-Би бол зөрчилдөх шалтгаан олж харахгүй байна.
Тэр хүний хувьд яаж харж байгааг би мэдэхгүй. Гэхдээ надад хэн нэг хувь хүнтэй,
жижиг юман дээр хэрүүл хийж өөрийнхөө зорилгыг нураах хүсэл алга. Нэг үг байдаг
шүү дээ. Хуцсан нохой бүрийн өөдөөс чулуу шидэх гэвэл чи хэзээ ч зорьсон газраа
хүрэхгүй ээ гэж. Хувь хүмүүстэй тулж хэрэлдэхээсээ илүү асуудал юу вэ гэдгийг л
олж харах ёстой. Сүүлдээ үзэл бодол, байр сууриа хамгаалахын тулд хэн нэгэн
дээр эрүүгийн хэрэг үүсгэж, сүрдүүлж байж, хуулийн байгууллагын оролцоотойгоор
асуудлыг шийдэх гэж оролддог тийм арга барил руу явж байна шүү дээ. Уучлаарай, тийм
юм байхгүй. Яах гэж хуулийн шинэтгэлийг хийж байгаа юм. Хэн нэг улстөрчийн гар
хөл болгох гэж хуулийн байгууллагыг татвар төлөгчдийн мөнгөөр тэжээдэггүй юм.
Хуулийн байгууллага дотор ажиллаад хувийнхаа шиг сонирхлын төлөө бүгдийг нулимж
байгаа хэн нэгний төлөө бас хуулийн байгууллага дуугардаггүй юм. Тэр дундаа
мөнгө тоолоод түүгээрээ бүгдийг худалдаж авна гэж бодож байгаа бол энэ
эндүүрэл.

Ерөнхийлөгч дахин дахин хэлж байгаа шүү дээ.
Монголын ардчиллын баталгаа бол хуулийн засаглал гэж. Хуулийн засаглал гэж хэн
нэгний, хэсэг бүлгийн ааш аягаар бусад хүмүүс амьдрахыг хэлэхгүй ээ. Бүгдээрээ
ойлголцож, хүлээн зөвшөөрсөн дүрмийнхээ хүрээнд тамьдардаг, улс төр нь ч гэсэн
тэр хүрээндээ байхыг хуулийн засаглал гэдэг. Улс төр хийж болно, бодлогын
зөрүүтэй байж болно, хэн нэгнийг хийсэн үйлдлээр нь шүүмжилж болно. Гэхдээ
үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогоороо тоглож болохгүй. Энэ чинь дүрэм,
энэ бол хууль. Тэгэхээр бид нэгэнт л тоглоомын дүрэм, хууль ярьж байгаа бол
үүнийхээ дор бүгдээрээ орох тухай ярихаас биш, үүнийхээ дээр нэг хэсэг нь
гарчихаад урж тасдах, ашиг сонирхлоо хангах тухай ярьж болохгүй. Гэхдээ би
ганцхан хүний тухай яриагүй. Энэ бол нэг хүнээр төлөөлүүлдэг систем биш. Эрх
ашгаараа хэлхээ холбоотой болчихсон хүмүүсийн заримдаа огт ухамсаргүйгээр
түлхэгддэг тогтолцоо шүү дээ. Тийм учраас үүнийг өөрчлөхийн тулд нэг хоёр
хүнтэй хэрэлдээд суугаад байхаас илүү энэ цаг хугацаанд юу хийж амжих вэ гэдгээ
л бодох ёстой. Би бол тэгж боддог.

-Уучлаарай, асуухгүй өнгөрч болохгүй нэг
асуулт байна. Хоёр хоногийн өмнө 2-р суваг телевизээр Г.Сарангэрэл гэж эмэгтэй
ярилцлага өгсөн. Тантай дотно холбоотой байсан гэдгээ Монгол орон даяар
зарлачихлаа. Танд хэлэх үг байна уу?

-Би бол тэр хүнийг буруутгахгүй байна, бараг
өмөөрөх ч ёстой юм болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл тэр хүний хувь заяа
хүний гарт байна шүү дээ. Уг нь бол хуулийн гарт байх ёстой байхгүй юу. Ямар
нэг гэмт хэрэгт сэрдэгдэж шалгагдаж байгаа хүн хуулийн гарт байх ёстойгоос биш
хүний гарт байх ёсгүй. Гэтэл харамсалтай нь яг одоо бидний амьдарч байгаа цаг
үе, шинэтгэлийн үйл явц дунд өөрчлөгдөж амжаагүй, өөрчлөх ёстой зүйл бол гэмт
хэрэг илрүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх нэрийн дор өөрсдөө гэмт хэрэг хийдэг,
хууль ийм байна гэж хэлж байгаа боловч хувийнхаа ааш аягийг гаргааг хэсэг
байна. Үнэхээр тэр хүн хар тамхины хэрэгт шалгагдаж байгаа бол түүнийгээ яаж
шийдүүлэх вэ гэдэг нь тэр хүний хувь заяа байна шүү дээ. Тэрийг нь шалгаж
байгаа хэсэг нөхдүүд байна. Түүгээр дөрөөлж зохиол бичээд над руу цацаж байгаа
нэг хэсэг байна.

-Тэр эмэгтэй үнэхээр хар тамхины хэрэгт
холбоотой юм уу?

-Би яаж мэдэх юм, шалгаж байгаа цагдаа нараас нь
асуухгүй юу. Ямар ч байсан эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгаж байгаа юм байна,
тэрнийх нь үнэн мөн шүүхээр л эцэслэн тогтоогдоно. Магадгүй, зохион
байгуулалттай ч юм явсан байж магадгүй. Энэ хүн ийм юм байна, Тэмүүжинг таньдаг
гэж байна, түүгээр нь далимдуулаад Тэмүүжинтэй тооцоо хийе гэдэг бодлого явж
байгаа юм шиг байна. Тэгэхээр та наад гоё асуултаа энэ зохиолыг бичсэн
хүмүүсээс очоод асуувал илүү сонирхолтой бөгөөд үнэмшилтэй ярьж магадгүй.
Магадгүй шүү. Би бол нэг л зүйлийг хэлнэ. Хэрвээ энэ арга барилаараа бүгдийг
худалдаж авна, худалдаж авч чадахгүй бол айлгаж байгаад, бөөн хар юм аваачиж
нааж байгаад өөрийнхөө өмнө авчирч зогсоогоод ашиг сонирхлоо гүйцэлдүүлнэ гэж
бодож байгаа бол үгүй. Уучлаарай. Тэгж бодож байгаа хүн байвал би дахиад хэлье.
Уучлаарай. Тэр бол та нарын л зохиол. Би тэр зохиолын чинь гол дүрд тоглохгүй.

-Тэр эмэгтэй өөрөө “Би Тэмүүжинг сайн ах
гэж боддог байсан, холбоотой байсан” гэж ярьсан шүү дээ?

-Би маш тодорхой хэлсэн. Би тэр эмэгтэйг танина.
Өнгөрсөн хавар нэг хүний төрсөн өдөр дээр тааралдаж байсан.

-Хоёр жилийн өмнө биш юм уу?

-Үгүй, жилийн өмнө. Дараа нь хулгайн хэрэгт
холбогдчихлоо, өмгөөлөгч олж өгөөч гэхээр нь О.Алтангэрэл гэж яамныхаа зөвлөхөд
хэлээд өмгөөлөгч олж өгсөн. Өөрөө бол тийм юм болоогүй юм шиг л ярьсан байна
лээ. Баттулга гэж өмгөөлөгч байсан санагдаж байна. Тэр өмгөөлөгч туслалцаа
үзүүлж чадсан эсэхийг мэдэхгүй. Надаас маш олон хүн тусламж гуйдаг. Гэхдээ би
нэг л зарчим барьдаг. Би тэр хүнийг шалгаж байгаа мөрдөн байцаагч, прокурор,
шүүгч рүү хэзээ ч ярихгүй. Тэр бол хууль бус үйлдэл. Тэдэнд тусалж чадах миний
боломж юу вэ гэвэл өмгөөлөгчтэй л холбож өгч болно. Хууль зүйн туслалцаа аваад,
хуулийнхаа замаар л асуудлаа шийдүүлнэ үү гэхээс би ямар нэг байдлаар шүүгч,
прокурор луу ярьсан бол албан тушаалаа ашигласан, шүүгчид нөлөөлсөн болно.
Магадгүй ийм юм хийх байх гэж зорьж сүүлд нь над дээр ажиллагаа явуулсан юм шиг
байна лээ. Гэхдээ би тийм юм хийдэг хүн биш.

-Таныг мөнгө төгрөг өгдөг, сургуульд
оруулна гэж амласан гэж хүртэл ярьсан шүү дээ?

-Уучлаарай, тийм зүйл байхгүй. Хэрвээ тийм зүйл
байдаг бол тогтоодог газраараа тогтоолгоод, ярьдаг газраа ярь. Би түрүүн хэллээ
шүү дээ. Би хэн нэгний зохиосон зохиолын гол дүрд тоглодог хүн биш. Тэр дундаа
цагдаагийнхны бэлтгэж өгөөд, бас нэг улстөрч нь санхүүжүүлээд хийж байгаа
тоглоом дотор орно гэвэл уучлаарай. Үгүй. Би тэрийг хариуцлагатайгаар хэлье.

Үнэндээ бол шоронгоос гарч ирснийхээ дараа над
дээр ирээд “баярлалаа” гэж нэг удаа хэлсэн. Дараа нь “СУИС-д оруулж өгөөч” гэж
нэг ирсэн. Тэгэхэд нь би “Уучлаарай, би тийм зүйл мэдэхгүй. Би бол хуулийн
салбарын хүн. Хуулийн сургуульд орохын тулд тийм оноотой байх ёстой” гэдгийг
хэлсэн. Бидний хооронд тийм л яриа болсон. Өөр ямар ч харьцаа холбоо байхгүй.
Гэхдээ би дахиад хэлье. Хувь заяа нь хүний гарт байгаа хүнийг би буруутгахгүй.
Энэ хэрэг нь магадгүй зохион байгуулалттай байж болно, үүгээр дөрөөлж намайг
унагаана гэж байгаа бол. Би зүгээр магадгүй л гэж хэлж байна шүү. Өмгөөлөгчид
нь, хуульчид бүгдээрээ ажиллаад шүүх хурал дээр юу болох нь вэ харья. Шүүхээрээ
асуудлаа шийдүүлээд яваг. Гэхдээ ийм ажиллагаа зохион байгуулсан хүмүүстэй би
тооцоо бодно оо. Зүгээр суухгүй.

-Хэн зохион байгуулсан гэдгийг нь та
таамаглаж байна уу?

-Өнөөдөр манайд захиалгатай нэвтрүүлгээр хүний
тархи угаадаг нэг хүн тодроод л байгаа биз дээ.

-“Женко” Баттулга уу?

-Өөр хэн байх юм.  

-Өмнө нь та эрх мэдлээ алдсан хурандаа
нарын хийсэн хэрэг гэж хэлж байсан…?

-Нэг сумыг таван нумаар харвадаг юм байна гэж хэлсэн биз дээ. Материалыг нь бэлтгэж
өгдөг нэг хурандаа байгаа. Түүнийг нь ашиглаад Тэмүүжинг дараад авья даа гэсэн
бас нэг хүн байна. Нүдэн дээр ил тод байгаа зүйл шүү дээ. Байгаа, тогтсон юмыг
өөрчилнө гэдэг мэдээж хэрэг эсэргүүцэлтэй тулгарна аа. Гэхдээ энэ эсэргүүцэл
арай эрт бөгөөд олон талтайгаар гарч ирж байгаа нь надад сонирхолтой байна.
Өчигдөр миний нэг хүндэтгэж явдаг ах над руу мессеж бичсэн байсан. “Шантарч
болохгүй. битгий шантраарай. Хожим намтраа бичихэд их олон хурц тод өнгөтэй,
хүн уншихад сонирхолтой түүх үлдэнэ” гэж. Тийм ч биз.

Эх сурвалж: 25-р суваг телевиз

 

Categories
мэдээ нийгэм

ӨНӨӨДӨР: “Өргүй Монгол” сэдэвт хэлэлцүүлэг болно

09:00 цагаас МУИС-ийн VI байр /Эдийн засгийн сургууль/ дээр сонирхогчдын Волейболын УАШТ-ий хагас шигшээ тоглолтууд болно.

10:00 цагаас  шинэ мэргэшсэн нягтлан бодогчдын тангараг өргөх ёслол Тусгаар тогтнолын ордонд болно.

10:00 цагаас “Хот
чимэглэл уран баримал” уулзалт хэлэлцүүлэг Хангарьд ордоны 14 давхарт 
болно. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүтээлээ урлах барималчид оролцоно.
Утас:96586689, 981000040

10:00 цагаас “Сөүл
төсөл”-ийн хүрээнд зохион байгуулагдах эрдэм шинжилгээний бага хурал
Blue sky зочид буудлын Даймонд хурлын танхимд болно. Хуралд Эрүүл
мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгаалалын
дэд сайд Янг Хьюн Чой нар оролцоно. Утас: 328773

11:00 цагаас Нийслэлийн
“Авто Худалдааны Цогцолбор” ОНӨААТҮГ, Зээлийн Батлан Даалтын сан,
арилжааны банкуудын зүгээс тус цогцолборт зогсоол худалдаж авах
сонирхолтой иргэд болон авто худалдаа эрхлэгчдэд зээлийн таатай нөхцлийг
бүрдүүлэх, санхүүгийн төрөл бүрийн туслалцааг түргэн шуурхай үзүүлэх
тал дээр хамтран ажиллах санамж бичиг байгуулна. Энэхүү арга хэмжээ
Хангарьд Ордны 14 давхарт болно. Утас: 99052793

11:00 цагаас Төрийн Ордны В танхимд “Өргүй Монгол” сэдэвт хэлэлцүүлэг болно.

11:00 цагаас Нийслэлийн
Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГазар нь тус худалдааны төвд үйл
ажиллагаа эрхлэх иргэдэд зориулж банкны хөнгөлттэй зээл олгох ажлыг
зохион байгуулахаар Худалдаа хөгжил, Голомт, Хаан, Хас, Капитрон,
Төрийн банктай хамтран ажиллах санамж бичиг батламжлах үйл ажиллагаа 
Хангарьд ордны 14 давхарт болно. Утас: 99052793

11:10 цагаас “Зууны
мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Дэлхийн монгол ногоон
нэгдэл, Босоо хөх монгол ТББ хамтран Сүхбаатар аймгийн Онгон суманд
Кожеговь компанийн үйл ажиллагааг зогсоосон талаар хэвлэлийн бага хурал
зарлалаа.

11.40 цагаас “Цэцэг” төвийн уулзварыг Сөүлийн гудамжтай холбосон шинэ гудамж, замыг албан ёсоор нээнэ.

12:00 цагаас  “Бид 4”
хамтлагийн шинэ цомгийн өдөрлөг “HI-FI” рекордсын төв салбарт болно.
Энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирсэн эхний азтай 40 зочинд шинэхэн цомгоо
бэлэг болгон гардуулах юм.

12:30 цагаас “Зууны
мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын Үндэсний сагсан
бөмбөгийн холбооноос АНУ-ын Континататкаб тэмцээнд явах Монгол Улсын
өсвөрийн шигшээ баг тамирчид мэдээлэл хийнэ.

13:00 цагаас Хэвлэлийн
Хүрээлэнд Хувиараа худалдаа эрхлэгч иргэдийн ҮЭХ БЗД-ийн ЗДТГ-аас
гишүүддээ ажлын байр шаардаж хэвлэлийн бага хурал зарллаа.

18:00 цагаас авьяаслаг
залуухан уран бүтээлчдийн хамтарсан “Скарлет” уран бүтээлийн
үзэсгэлэнгийн нээлт ХААН банкинд байрлах Монголын Урлагийн Зөвлөлийн
“Улаан Гэр” галерейд болно.

19:00 цагаас загвар өмсдөгч, сайн үйлсийн элч бүсгүй А.Пүрэвмаад тусалж, дэмжиж, амьдрал баяр баясгалан бэлэглэх Монголын ковер дуучдын хандивын тоглолт Тусгаар тогтнолын ордоны Их танхимд болно.

Categories
мэдээ нийгэм

“Монгол адууны соёл” үзэсгэлэнг толилуулж байна

Монголд орчин цагийн музей үүсч хөгжсөний 90, Ардын хувьсгалын 93 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргийн музей, Дундговь аймгийн музейтэй хамтран “Монгол адууны соёл” үзэсгэлэнг энэ сарын 18-ны өдрөөс ирэх долдугаар сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.

Дуу хуурын өлгий Дундговь нутгийг адуу, айраггүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэхүү үзэсгэлэнд аймгийн ард түмний зан заншил, өв уламжлал, нутгийн брэнд болсон адуу, айрагны сэдэвт үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдэж байгаа юм.

“Монгол адууны соёл” үзэсгэлэнд Монгол цэргийн музейн сан хөмрөгөөс эртний Монгол цэргийн иж бүрэн өмсгөл бүхий морьтон баатар, 1930-аад оны дарга болон цэрэг эмээл зэрэг эд өлгийн зүйлс, Дундговь аймгийн музейн сан хөмрөгөөс Төв Халхын дархчуудын урласан 12 цагаантай эмээл, мөнгөн хазаар хударга, морины эрт эдүгээгийн тамганууд, дархан н.Галсангийн урласан амгай, тэнхлэг мөн айрагны үндсэн хул, янгирын эврээр хийсэн айрагны халбага, агар зандан саалийн хувин, айрагны ширэн хөхүүр, сийлбэрч Ө.Анхбаярын морины сийлбэрүүд, зураач Х.Цэрэндоржийн “Морин жилийн цагаан морьтонгууд”, П.Цээсүрэнгийн хурдан хүлэг, ажнай шаргын уран зураг, ширэн цартай боржигин морин хуур, морины хусуур, цацал зэрэг адуутай холбоотой 100-аад үзмэр, эд өлгийн зүйлсийг үзэгч олонд дэлгэжээ. 

Монгол цэргийн музей, Дундговь аймгийн музей хамтран гаргаж буй уг үзэсгэлэн нь Монгол адууны эдлэл хэрэглэл тэр дундаа Монгол адууны тамганы үүсэл хөгжил, хэлбэр дүрслэл, төрөл зүйлийн талаар илүүтэй тодотгож, Дундговь аймагт голчлон хэрэглэгддэг тамганууд дэлгэгдэж байгаагаараа онцлогтой болж байгаа төдийгүй Дундговь аймгийн музейгээс адууны тамганы талаар ном бэлтгэн гаргаж олны хүртээл болгож байна.

Categories
мэдээ нийгэм

Гачууртын наадам ирэх сарын 5-нд болно

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачуурт тосгоны уламжлалт наадам ирэх сарын 5-нд Гүнжийн хоолойд болох юм байна.

Жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг уг наадамд энэ жил зургаан насны морьд уралдаж, харваачинд үндэсний сурын харваагаар цэц мэргэний сорьж, 64 хүчит бөх барилдах ажээ.

Улсын баярын өмнөх нь зохион байгуулагддаг уг наадмыг нийслэлийнхэн бөх морины чансаа шалгасан их сорилго хэмээх нь бий. Тиймээс нийслэлээс 20 гаруй километрт орших Гачуурт тосгоныг чиглэсэн наадамчдын цуваа өргөн дэлгэр байдаг. Энэ жилийн наадам ч сонирхсон хэн бүхэнд нээлттэй байх юм байна.  

Л.Самбуу

Categories
мэдээ улс-төр

Чуулганы хуралдаан үдээс хойш эхэлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 14:00 цагт эхэлнэ.

Хуралдааны эхэнд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ. Мөн Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай хоёр дахь хэлэлцүүлгийг хийх аж.

Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд зэрэг 14 төсөл хэлэлцэх юм байна.

Categories
гадаад мэдээ

Мураками Харукигийн “1Q84” ном монголчуудад хүрэв

Японы төдийгүй дэлхийн пост модерн уран зохиолын гол төлөөлөгч Мүраками Харүкигийн алдарт “1Q84” цуврал роман орчуулагджээ. Тус номыг япон судлаач, орчуулагч О.Жаргалсайхан орчуулж уншигчдад хүргэж буй юм. Тэрбээр, “Амар хялбар үгээр төвөгтэй зохиол бичих нь Мураками Харуки зохиолчийн гол онцлог бөгөөд  хэллэг болоод зохиомж дүрслэл нь өвөрмөц, уншигчаас оюуны чадал ихээр шаардсан бүтээл юм. Зохиолд орчин үеийн залуусын амьдралын хэв маяг, дотоод ертөнцийн хүсэл, хайр сэтгэлийг тусган харуулсан. Монголын хүүхэд залууст маань өөрсдийн оюун санаа болоод дотоод сэтгэлээ чагнаж, ойлгоход энэ зохиол туслана” хэмээв.

Зохиолч уг бүтээлийнхээ санааг 1995 онд Токио хотын метронд хорт хий тавьж олон хүний амь насыг сүйтгэсэн “Ум шинри кёо” шашны байгууллагын өдүүлсэн гэмт хэргийн бодит түүхээс сэдэвлэжээ. Тус романы Q буюу японоор күй гэдэг нь 9-ийн тоог хэлдэг бөгөөд Мүракамигийн нэгэн үгэн тоглоом аж. Мөн Жорж Оруэллийн 1984 бүтээлтэй ч холбоотой. Жорж Оруэлл “1984” зохиолоо 1949 онд бичихдээ алс ирээдүй цагийг тоталитор үзэлд дарлагдсан харанхуй нийгэм болгож дүрсэлсэн бол Мүраками 2009 онд  туурвисан “1Q84” бүтээлээрээ өнгөрсөн цагийн тухай одоо цагаас харж бичжээ.

Уг ном 2009 оноос хойш 30 гаруй оронд орчуулагдаж, олон сая уншигчдын хүртээл болсон юм. Энэ удаа Монсудар компани албан ёсны эрхтэйгээр номын I, II ботийг орчуулж худалдаанд гаргаж байна.  Тун удахгүй III ботийг орчуулж хэвлэх аж.

Л.Самбуу