Хуучин цагт мал мах
тушаана гэж найр
наадам шиг зүйл болдог байж билээ. Сумын төвд уул шиг дүнэгэр өвгөд энд тэндгүй сүр бараатай харагдаж, гуч дөчин километрийн цаанаас мориор элдүүлсэн тарган шар, сувай үнээнүүд эврээ хаа нэгтээ сэжлэн аахилан зогсоцгооно. Өнөө ханагар өвгөдийн чинь морьд үс хөөврөө хэдийнэ хаячихсан, ногооны адуу ямар байдаг билээ дээ, тийм нэг омголон эрэмгий. Ер нь аль л хурдан хурц, унаа сайтай, бас ч үгүй гоёотой, задгай суман хатиртай морьдоо мал мах тушаахад нутгийн хөгшид болоод аавууд минь унаж ирдэг сэн. Сум орон нутгийнхан хөгшин залуу, хүүхэд багачуудгүй мал махны газар цуглана даа. Зарим нэг нь сониучирхаж очдог л байсан байх.
Гэхдээ төв газрын ихэнх хүмүүс хөдөө гадааны өвгөд хөгшдийнхөө мэндийг мэдэх гэж, ах дүү амраг садантайгаа уулзах л гэж очдог байв шүү. Өвгөдийн дунд, аавуудын хооронд хаврын ногоон борооны чийглэг амьсгал мэдрэгдэж, усан зэрэглээ татсан хөндийн зөөлөн элгэмсүү салхи савир үнэртсэн яриа хөөрөө өрнөх нь гоё. Одоо санах нь ээ, тэдний хуучийг сонсож ээ суусан минь хамгаас жаргалтай, утга төгөлдөр хийгээд ухаан тэнийлгэж урам зориг, хүч тэнхээ өгсөн цаг мөч байжээ. Хаврын тэргүүн сарын шинэдээр золгож чадаагүй, мэнд усаа мэдэлцээгүй, уулзаж учраагүй хүмүүс тэнд л уулздаг байсан санагдах юм. Ганайсан сайхан эрс халтар манан хөөрөг зөрүүлж, төө цагаан соруултай гаансаараа тамхилж суугаад хол ойрыг хүүрнэнэ.
Өвлийг хэрхэн өнтэй давснаа, төл малын бойжилт ямархан зуны эхэн сартай золгож буйгаа хуучилна. Тэгээд тухайн жилийнхээ зун хаана хаана зусаж, хичнээн насны морьд сойн хаагуур наадамлахаа хүртэл яриад авдаг байсан даа. Айрагны хөрөнгө хаана сайхан гарсан тухай, гүүгээ хэзээ уях гэж буй тухай, за тэгээд морьдоо аль дэнжид үсэргэн тарлаж, тэр жилийн наадамд хэний хүлгүүд өнгөтэй байхыг хэлэлцэж, хошуу сум дамнаж багагүй өндөр үнээр арилжаалагдсан ажнай, сургуй мөнгөн хазаарын солионд хэн нэгнийх нь адуунд ирээд байгаа арилжаа сайвар үрээ морьд гээд ер юу эсийг хуучлах билээ.
Өөр хоорондоо гаансны наймаа гүйлгэхээ ч сийхгүй, үгүй ээ мөн сумын төвийн бяцхан сууринд багтаж ядан даналзах нь бий. Өвгөд хөгшид болоод эрчүүдийн дунд иймэрхүү яриа өрнөж, нэг хэсэг нь сонсч сонжиж суух ахуйд мал махны хашаанд хөөгдөж ирсэн гаанагар гуна, данагар шарнуудыг ээлж дарааллаар нь л пүүлнэ шүү дээ. “Тэдний шар төдөн зуун килограмм татаж гэнэ. Аа яа мундаг байна. Аргагүй ээ, тэр гуай ч намраас хойш бордсон доо” гэх цуу сум нэгдлийн хашаагаар тарж, хэсэгтээ л хуурай өвсөнд ассан түймэр шиг дэгдэхийг нь яана. “Дамдин тайжийн хүү Ишгомбо гэж хүний хар эрээн шар тэр жил долоон зуун наян килограмм татаж билээ” гэж ирээд л хүмүүс ёс юм шиг хэлнэ. Цаанаа л бахархалтайгаар өгүүлнэ.
Тийм л яриа хөөрөөн завсар шинэхэн махны үнэр ханхалж, уулын зэрлэг сонгиноор хачирласан хуушуурын үнэр төдөх юмгүй тархан, мал махны хашааны дэргэдэх нэгдэл дундын үйлдвэрийн хүрэн дүнзэн байшингийн гадаа олон түмэн шинэ махны хуушуурын амтыг үзэхээр дараалал үүсгэж, дотуур байрны хэдэн муусайн хүүхэд аавыгаа, өвөөгөө, ус голынхоо олныг бараадчихсан, хормой хотоос нь зуурчихсан цовоо цолгиун алхдаг сан. Борцтой шөлнөөс уйдах тал руугаа хандчихсан зуны эхэн сараар тарган үхрийн махтай хуушуурын амт ямархан байх нь тодорхой. Сэлмэн эврээ сэрийлгэсэн хэдэн шар, өвөлжин хаваржин бордсон сувай үнээнүүдээ мал маханд тушаасан хүмүүс нормоо хэдийнэ биелүүлж илүү гарсан махныхаа мөнгийг баадагнаж ороогоод бүсэндээ бөхийн зодог шиг зангидчихсан явна. Хүний өөрийн гэлтгүй бүхий л хүүхэд багачуулд шинэхэн махны хуушуурыг гулгитал нь идүүлж, дэлгүүр хоршоогоор дагуулж орон “Алтан шагай”, “Сарлаг” тэргүүт хорин дөрвийн чихрийг атга атгаар нь авч өгнө дөө. Хоёр нүднийх нь харц ер бусаар гэрэлтсэн багачуул нэг их гоё эрээн алаг цаастай том том зөөлөн чихрийг өвөртлөх нь өвөртөлж, хормойлох нь хормойлоод ангир шиг ганганалдан дотуур байр руугаа гүйлддэг байж билээ. Тэргүүн юу нь цавцайж харагддаг ханагар уулс шиг санчиг мөнгөн өвгөд оройхон хэрд үйсэн бөглөөтэй архины ар руу даалимбан нударгатай дээлийнхээ ханцуйгаар жийрэглэсэн байртай ганц хүчтэй нуличихаад халмагхан суух нь сайхан. Зарим нэг нь цэрэгт мордсон хүүгээ ирэхэд өгөх юм аа гээд хоршоонд урьдчилан захисан “улаан ийж”-ээс бор халзан зуутын дэвсгэрт газар дээр нь тоолж өгөөд л авч байсан цаг даа.
Хөшөөтийн голоо уруудан Батсүх ажаа, Бавуу ажаа, Гүр өвөө нараа дагаж, ухаа халзан шарнуудын тоосон дунд хэдэн хязаалан гуна, ганц нэг бүдүүн шар нийлүүлээд аав минь сумын төв ороод ирдэг сэн. Тийн ирэхдээ ихэвчлэн уургын хар морио унадаг байсан болов уу. Хишиг-Өндөр сумын дан цагаан байшинтай бага сургуулийн босгыг алхсан жилийнхээ хавар гэр орон ижий ааваа санан нус нулимстайгаа холилдож явсан би мал мах авч буй сургаар нэгдлийн хашааны ойролцоо цугласан олны дунд очихуйд хоёр ажаагийн дуу холоос цуурайтан, хүрэн тэрмэн дээл, улаан дурдан бүстэй, ганган бүрх духдуулсан идэр залуухан аав минь уургын хар морьтойгоо зогсож байсан дүр зураг одоо чиг нүдэнд илхэн байна. Аавдаа очиж золгох бүрийд тэрхүү залуугийнх нь төрх бодол оюунд өөрийн эрхгүй гэрэлтэн буудаг нь учиртай. Мал махаа тушааж, хаврын хариг цагт харшсан зүс царай нь тараг сүүндээ гэгээ татан шингэрч, ёстой л нэг нуруу нь тэнийн улирлын сайхантай золгосон үл мартах өдрүүд нь байж шүү.
Мал мах нормоосоо
давахын зэрэгцээ
дутна гэж аюул бий. Сум нэгдлийн нягтлан Манал гэж нэрэндээ таарсан бурхан шиг сайхан хүнд манай нутгийнхан ер хир халдаадаггүй байсаан. Тэр нь мал махны ажилтай л холбоотой. Дутахын зовлонг амссан хүмүүс Манал гуайг л бараадна. Мань хүн төвөггүйхэн зохицуулчихна. “Бүдүүн зоо” гэж нэршсэн сум нэгдлийн зоо техникч Дамдинсүрэн гэж бас л олны хайлан болсон, нургисан зөөлөн дуутай бүдүүн бор хүн байлаа. Түүнийг өвлийн тооны үеэр ч байна уу, ер хэзээ ч хамаагүй айл хунараар орж мал хуй, өвчин эмгэг гээд ажлаа барахгүй явахад хөгшид “Өнөө жилийн хавар чанга болж магадгүй нь. Мал махны үеэр янз бүрийн асуудал гарвал “бүдүүн зоо” минь л аминд орно шүү дээ” гэхүйд “тэр болох байлгүй” гэхээс өөрийг хэлэхгүй. Нээрээ чиг болдог л байсан даа.
Мал мах дутна гэснээс нутгийн хөгшний яриа санаанаас гардаггүй юм. Балдан гэдэг шиг санагдана, Орхон түшээ мөрний урд руу Тээгийн голоор нутагладаг ганц бие хүн байж билээ. Мань хүн хичнээн ч тооны мал махны нормтой байсан юм бэ дээ, хангайн бүсийн нэгдэл гээд бодохоор хувьдаа дөчин таваас илүүгүй малтай байж таарна. Үндсэндээ 150 орчим килограмм мах тушаадаг байсан хэрэг. Говийн нэгдлийн бүсийнхэн далан тав, сангийн аж ахуйнхан хувьдаа арван зургаан толгой малтай л байсан үе шүү дээ. Тийм байхдаа л монголчууд махныхаа хэрэгцээг хэрхэн хангадаг байлаа. Одоо бол дэлхий нийтийн хэрэгцээг малынхаа тоо толгойгоор хангах хэмжээний болсон шүү дээ. За тэр албаны тоо баримт яахав, өнөө өвгөний ярианаасаа хазайчихлаа. Мань хүн нормоо биелүүлээд байж байтал ус голынх нь нэгэн эмэгтэйнх дутаж Балдангийн шарны махнаас гүйлгэхээр болсон байна. Түүнд нь Балдан хөгшин дуртай зөвшөөрч “Хүүхээд, ахынхаа илүү гарсан махыг Дулмаагийн дутуу мах руу гүйлгэчихээрэй. Миний бөгсний ажил хэцүүдлээ” хэмээн гэрээдээ яарч олон түмний инээдийг барсан гэдэг.
Сумын төвд мал мах аваад дуусахад бага сургууль тарна. Аавууд хүүхдүүдээ мориндоо сундлах нь сундлаад, хөтөлгөө морьтой нэг нь дэргэдээ шувуу шиг дэргүүлээд гэртээ харина шүү дээ. Тийм ахуй цагт хөндий талаар хөх ногооны униар цэнхэрлэж, борооны үнэр нэг л дотноор ханхийн, санаа бодлыг яруусан цэлмэгшүүлээд зэлэнд хараахан уягдаагүй байгаа унаганууд адууны захаар цахилж, сэргэлэн дэнжид буусан гэрээс ижий минь тосч гүйдэг сэн. Аргалын цэнхэр утаа эгц дээшээ олгойдохыг харахуйд гэр орон минь хичнээн дотно санагдаж ижий минь алчуураа явдал дундаа зангидан ирээд энхрийлэн үнсэхүйд хоёр нүдний нулимс яалт ч үгүй л сувдарна. “Ийм том сурагч чинь хэзээ уйлж байлаа” гэж ээж хэлэн баруун хацрыг минь үнэрлэн удаан гэгч үнсэнэ.
Тэгээд сая л нэг аав руу хандаж мал махаа хэрхэн өгсөн талаар асуун төв газрын сонин сайхнаас дуулна даа. Айл саахалтынхан ч манайд цуглаж аав минь хот хүрээ ороод ирсэн хүн шиг богцоо задлан торго даалимба, дүнсэн тамхи, дугуй булант, чихэр боов гээд авсан бүхнээ задлан хүн бүр л хөл хөөр болдог байж билээ. Мал махны цаг гэж жил бүрийн тавдугаар сарын дундуур ийм л нандин сайхан дурсамжийг хүмүүний амьдралд үлдээдэг байсан даа.
Н.ГАНТУЛГА